Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн 18-р хороонд шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ

1962 онд 11-р цэцэрлэг нэртэйгээр, 6 бүлэг 180 хүүхдийн хүчин чадалтай байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогджээ. Тиймээс цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж шинээр барих шийдвэр 2015 онд гарсан байна.
Цэцэрлэгийн шинэ барилгыг “Урагшлах” ХХК барьж ашиглалтад оруулсан бөгөөд нийслэлийн төсвөөс 1 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна.
Өмнө нь 6 бүлэгт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан тус цэцэрлэг өнөөдөр 8 бүлэг 240 хүүхдийн хүчин чадалтай болж өргөжсөн байна.
Баянгол дүүргийн 18-р хороонд шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ

1962 онд 11-р цэцэрлэг нэртэйгээр, 6 бүлэг 180 хүүхдийн хүчин чадалтай байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогджээ. Тиймээс цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж шинээр барих шийдвэр 2015 онд гарсан байна.
Цэцэрлэгийн шинэ барилгыг “Урагшлах” ХХК барьж ашиглалтад оруулсан бөгөөд нийслэлийн төсвөөс 1 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна.
Өмнө нь 6 бүлэгт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан тус цэцэрлэг өнөөдөр 8 бүлэг 240 хүүхдийн хүчин чадалтай болж өргөжсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын бүртгэлийн ерөнхий газрын сүлжээ тасраад долоо хонож байна

Улсын бүртгэлийн ерөнхий газрын сүлжээ өнгөрсөн лхагва гаригт тасарчээ. Үүнээс үүдэн тус газрын үүдийг сахих иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд энэ талаар иргэд манайд хандах боллоо. Удахгүй орон нутгийн сонгууль болно. Тиймээс улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа ийн доголдож байгааг иргэд сонгуультай холбон тайлбарлаж байна. Тиймээс 100 айлд байрлах Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний байрыг зорьсон юм. Тус байрны гадаад паспорт олгох хэсэг ачаалал ихтэй ажиллаж байв. Мөн компанийнхаа бичиг баримтад өөрчлөлт оруулах, шинээр гэрчилгээ авах гэж буй хүн их байлаа. Гэвч сүлжээ тасарсан учраас бүртгэлийн системд бүртгэх боломжгүй гэсэн тайлбар хийж, иргэдийг бүрдүүлсэн материалыг зөвхөн хүлээж авах үйлчилгээ үзүүлж байлаа. Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Я.Батцоожоос тодруулга авсан юм.

-Сүлжээ тасраад олон хонож байгаа гэсэн мэдээлэл иргэдээс ирж байна. Сүлжээгүй болоод хэр удаж байна вэ?

-Тийм ээ. Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын сүлжээ өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт тасарсан. Товчхондоо нөхөрлөл, аж ахуйн нэгж, компанийн бүртгэлийн явцад саад учирсан гэсэн үг. Компани, байгууллагын гэрчилгээнд өөрчлөлт оруулах, шинээр бүртгэх зэрэг үйлчилгээ түр саатаад байна.

-Юунаас болж сүлжээгүй ийм олон хонож байгаа юм бэ?

-Манай Мэдээлэл технологийн төвийнхөн энэ тал дээр мэргэжлийн зүгээс тайлбар өгөх байх. Ерөнхийдөө техникийн гэмтэл гарсан гэж бидэнд мэдэгдсэн.

-Сүлжээ тасарснаас болж ачаалал үүсэх магадлал бий юу. Одоогоор хичнээн аж ахуйн нэгжийн гэрчилгээ танайд саатаад байна вэ?

-Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өдөрт дунджаар арваад байгууллагын гэрчилгээ ирдэг. Сүүлийн үед жаахан ачаалал их байна. Өдөрт дунджаар 30 орчим аж ахуйн нэгж гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл шинээр гэрчилгээ хүсэх зэрэг байдлаар хандаж байгаа. Сүлжээ ирсэн тохиолдолд ямар нэг байдлаар цахим бүртгэлд ачаалал нэмэгдэхгүй л дээ.

-Орон нутгийн ИТХ-ын сонгууль болохтой холбоотойгоор зориуд овог, нэр өөрчлөх зорилгоор бүртгэлийн сүлжээг доголдуулсан байж магадгүй гэсэн таамаг олны дунд байна…?

-Энэ бол техникийн эвдрэл гэмтэл. Сонгуультай холбох ямар ч шалтгаан байхгүй. Ямартай ч манай Мэдээлэл технологийн төвөөс сүлжээг энэ долоо хоногт багтаан засч дуусна гэсэн. Хүмүүсийн яриад байгаа шиг ачаалал манайд хараахан үүсээгүй байна гэсэн тайлбар хийлээ.

15:00 цагийн орчимд ихэнх өрөөнүүд нь цоожтой, эзэнгүй байлаа. Энэ талаар ажилчдаас тодруулахад, мэдээлэл технологийг нь хариуцсан төвийн дарга, мэргэжилтнүүд орон нутагт сонгуультай холбоотойгоор ажиллаж байгаа гэв. Харин улсын бүртгэлд хандаж буй аж ахуйн нэгжүүдийн хувьд ихэд бухимдалтай байна. Бичиг баримтаа бүрдүүлээд мэргэжилтэнд үлдээж буй нэгэн иргэн “Би компанийнхаа гэрээнд өөрчлөлт оруулах санаатай бараг долоо хоног хөөцөлдөж байна. Манайх хөдөө, аж ахуйн чиглэлээр гадны компанитай чухал төсөл дээр энэ долоо хоногт гэрээ байгуулах байсан. Гэтэл энд ингээд заваараад зогсч байна. Улсын байгууллага атлаа дотоод сүлжээгээ ч яахаараа янзалчихаж чаддаггүй юм. Үүнээс болж манай байгууллагын чухал хөрөнгө оруулалт салхинд хийсэх нь байна ш дээ” гэв. Өөр нэгэн иргэн “Иргэдийнх нь бүртгэл бол хэвийн явагдаж байсан. Миний гэрчилгээний нэр алдаатай гарчихсан. Ганц нэр засах гэж тав хоног гүйлээ. Сүлжээ байхгүй. Маргааш ирнэ гээд хэд хонолоо. Сүрэн гээд ахлах мэргэжилтэн л хүмүүсийг бичиг баримтаа цонхон дээр мэргэжилтэнд үлдээгээрэй гэхээс өөр хүн ямар ч тайлбар хийхгүй л юм. Манай улсын байгууллагууд чинь сонгууль гэхээр л ажлаа автоматаар зогсоочихдог болж” хэмээн иргэд ярьж байна. Одоогоор албан ёсны мэдээллийг тус байгууллагаас өгөөгүй байна.

Д.Сүрэн

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалтын ажилд 950 цэрэг ажиллаж байна

Ургац хураалтын ажилд 950 цэрэг ажиллаж байна зурган илэрцүүдЭнэ онд улсын хэмжээнд 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн байна.

Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоожээ.
Энэ сарын 11-ний байдлаар 75.1 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 275.8 мянган га-гаас 401.6 мянган тонн үр тариа, үүнээс 393.6 мянган тонн улаанбуудай, 13.7 мянган га-гаас 140.7 мянган тонн төмс, 7.0 мянган га-гаас 81.8 мянган тонн хүнсний ногоо, 16.6 мянган га-гаас 39.5 мянган тонн тэжээлийн ургамал, 22.6 мянган га-гаас 10.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Мөн шинэ ургацаас нийтдээ 135.0 мянган тонн буудай борлуулагдсанаас ТЭДС-д 36.0 мянган тонныг аваад байна.

Ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч, 180 оюутан, нийтдээ 1130 хүн гэрээгээр ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Цаг хугацаа алдахаас нь өмнө туслаач, бяцхан үрсэд нь аз жаргал бэлэглээч Монголчуудаа

Цаг хугацаа алдахаас нь өмнө амжиж эмчлүүлэх шаардлагатай байна, та бүхэн минь туслаач. Жаргалсайханы Шүхэрт 1985 онд төрсөн. 31 настай. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул гэр бүлийн хамт Тосонцэнгэл суманд амьдарч, тус сумын Хаан банкинд теллерээс захирал хүртэл алба хашиж байсан. Түүнд маань хэлж ирдэггүй хийсэж ирдэг нэгэн өвчин 2015 оны 1-р сард илэрсэнээс хойш өдгөө хүртэл зовоох боллоо.

Анхандаа хөл нь өвдөж, өвдөгнөөсөө доош хавддаг болсноор үений үрэвсэл гэсэн оношоор аймагтаа хэд хэдэн удаа эмчлүүлж байтал хэдэн сарын дараа бүх биеийн нь үенүүд шархалж, тэр нь үрэвсэж хүндэрсэн тул 2016 оны хоёрдугаар сараас Улаанбаатар хотод очиж Килиникийн 1-р төв эмнэлэг, Гранд мед эмнэлгүүдэд хандаж эмчлүүлсэн юм. Тухайн үедээ үрэвсэл намдаж засал авч байсан ч дахин аль нэг үе нь үрэвсэж зовоосоор өнгөрсөн гуравдугаар сараас “Сонгодо” эмнэлэгт эмчлүүлсээр өнөөдрийг хүрч байна. Гэтэл уг өвчин нь “Арьс, махны завсрын хавдар” гэдэг Монголд 3-4 удаа тохиолдсон, аймшигт өвчин байж.

“Сонгодо” эмнэлгийн хяналтанд орж өнгөрсөн 6 сарын дотор хими эмчилгээ 5-6 удаа хийлгэсэн ч сүүлдээ булчирхайнууд нь үрэвсэж, хамгийн сүүлд цавины булчирхайн мэс засал хийлгэснээр одоо тамир тэнхээгүй болж, бие дааж явж чадахгүй, эхнэрийнхээ байнгын асаргаанд орсон.
Өнгөрсөн есдүгээр сард “Сонгодо” эмнэлгийн эмч нарын зөвлөгөө, өөрийн хүсэлтээр Бээжин хотын Цэргийн төв эмнэлэгт хандаж үзтэл өөрийн биеэр ирж, шинжилгээ өгсөний дараа эмчлэх боломжтой гэсэн нааштай хариу дуулсан тэрээр 10-р сарын 7-ны өглөө Бээжин хотыг зорьсон. Гэтэл олон сараар эмчлүүлж, 17 сая гаруй төгрөгөө эмчилгээнд зарцуулсан залуу гэр бүлд гадаадад эмчлүүлэх 40 сая төгрөг дахиад олно гэдэг даанч хэцүү тул та бүхэндээ хандаж халуун сэтгэлээр туслаач хэмээн хүсч байна.
Хамгийн хэцүү нь хамгаас түрүүнд өөрийг нь гэх орчлонд ганцхан ээж нь бөөрний хорт хавдрын улмаас өрөөсөн бөөрөө авахуулсан, нөгөөд нь үсэрхийлсэн оноштойгоор нэг дүүгээр нь асруулж хэвтэрт байгаа бол нөгөө дүү нь оюутан, эцэг эхээсээ гуравуулахнаа.
Залуу нас, эрүүл биеийн чадлаар өнөөг хүртэл аймшигт өвчинтэй тэмцэж , хоёр бяцхан үр, энхрий ханьтайгаа хамтдаа элэг бүтэн байж, ихийг хийж бүтээхийн хязгааргүй хүсэлд тэмүүлэн буй залуу хүүд туслана гэдэгт итгэлтэй байна.

Хандивын данс: Д.Ган-Од

ХААН Банк 5890461721

Холбогдох утас эхнэр Д.Ган-Од: 99545494

2015 он. Хөвсгөл Хатгалд, Ж.Шүхэрт гэр бүлээрээ

Бээжингийн цэргийн эмнэлэг 2016.10.08 зүүн гар талд Ж.Шүхэрт

Categories
мэдээ нийгэм

ЭРЛИЙН АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЛОО

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар Тээл”-ийн гарам гэдэг газар иргэн О /14 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлага энэ сарын 3-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу 4 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, ар гэрээс 15 хүн, 3 автомашин, 2 морьтой, нийт 23 хүн, 5 автомашин 2 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Гэвч эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж энэ сарын 11-ний өдөр эрлийг түр зогсоожээ.

Categories
мэдээ цаг-үе

“Бөөн баяр”-тай багш нарын өдөр

“Дөрөв гэсэн дугаартай цэцэрлэг, сургуулиуд энэ жил тэргүүний болж байгаа юм байна” гэж БСШУС-ын сайд Ж.Батсуурь тайзан дээр хошигнов. Үнэхээр ч ДБЭТ-т болсон Монголын багш нарын өдрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр дөрвийн тоо цөөнгүй дурдагдлаа. Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр сургуулийн биологийн багш Г.Цолмон “Оны тэргүүний багш”-аар тодорсон бол “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дөрөвдүгээр цэцэрлэг, Хэнтий аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр цэцэрлэг, Увс аймгийн Улаангом сумын дөрөвдүгээр цэцэрлэг шалгарсан. Ж.Батсуурь сайд багш нартаа баярын мэндчилгээ хүргэсний дараа тайзнаас бууж, сэтгүүлчдэд “байцаагдлаа”.

НҮБ-аас 2016 оныг “Багш нарын үнэлэмж, статусыг дээшлүүлэх жил” болгон зарлажээ. Сэтгүүлчид багш нарын нийгмийн асуудлыг хэрхэн шийдэхийг шалгаасан. Ж.Батсуурь сайд “Багш нараас гадна манай соёл, урлагийн байгууллагынхан ч маш бага цалинтай. Энэ асуудалд манай Засгийн газар ээлж дараалан анхаарал хандуулж байна. Төсвийн орлого муу, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй цаг үед Засгийн газар байгуулагдсан. Удахгүй 100 хоног болно. Энэ хугацаанд бид эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн бариад байна. Ойрын хоёр жилд эдийн засгаа сайжруулах, томоохон төсөл хөтөлбөрүүд эхэлж, орлого нэмэгдэхийн хэрээр тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг ээлж дараалан нэмэх нь ойлгомжтой. Багш нарт таван жилийн тэтгэмж, тэтгэвэрт гарахад нь ажилласан жилтэй нь уялдуулаад 36 сарын цалинг олгож байна. Засгийн газраас үүнийг бууруулах, олгохгүй байх ямар нэгэн төсөл өргөн бариагүй. Тийм учраас цаашдаа олгогдоод явна” гэлээ.

Сайд сонгуулийн амлалтаа ч дурдаад авлаа

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна. Сургуулийн орчинг сайжруулна. Ерөнхий боловсролын сургууль хоёроос ихгүй ээлжээр хичээллэнэ” гэж тусгасан. Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 36 сургууль гурав, дөрвөн ээлжтэй хичээл эхлүүллээ. Мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх дөрвөн жилийн хугацаанд амлалтаа хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотод цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд олон байна. Мөн арав гаруй хороо огт цэцэрлэггүй байна. Бид судалгаа хийж, цэцэрлэг яаралтай барьж байгуулах, газар чөлөөлөх ажлыг Улаанбаатар хотын захиргаатай хамтарч эхлүүлж байна. Энэ онд нийслэлд 30-40 цэцэрлэгийн шинэ барилга баригдана. Эхний 20 цэцэрлэг барьж байгуулахаар жагсаалт гаргаад, газрын асуудлыг шийдвэрлэсэн. Засгийн газар, Сангийн яам үүнд онцгой дэмжлэг үзүүлж байгаа. Донор орнууд Япон, Хятад болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк манай боловсролын салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Сургууль, цэцэрлэгийг барьж байгуулахад тэд ч мөн дэмжлэг үзүүлж байна. Мөн концессын гэрээгээр олон сургууль, цэцэрлэгийн барилгыг барина. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтоо энэ дөрвөн жилд бүрэн хэрэгжүүлж чадна гэж бодож байгаа гэлээ.

Боловсролын салбарт өмнөх засгийн үед эхлүүлсэн шинэчлэл үргэлжлэх эсэхийг багш нар лавладаг. Тэгвэл Ж.Батсуурь сайд “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг ээлж дараатай тэнцвэржүүлэх, сургууль болгон харилцан адилгүй хөтөлбөрөөр хичээллэж байгааг зогсоох, арван хоёрдугаар анги төгссөн хүүхэд дэлхийн аль ч улс оронд суралцах хэмжээний хөтөлбөрөө үзэж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх бодлогыг хэрэгжүүлнэ” гэсэн шүү. Хүүхэд харах үйлчилгээг зогсоосон гэх мэдээлийг хэвлэлийнхэн түүнээс тодруулав.

-Хүүхэд харах үйлчилгээг зогсоосон юм огт байхгүй. Бид стандарт хангасан цэцэрлэгээр л үйлчилгээ үзүүлнэ. Хувь хүн хүүхдээ хэн нэгнээр харуулж байгаа бол гэрээний үндсэн дээрээ төлбөрөө шийдэх байх аа. Хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулж болно, тэр нь мэргэжлийн багштай байх гэх мэт стандартад нийцсэн байх учиртай гэж сайд хэллээ. Д.Баатархүү: Ухаалаг удирдлагатай худаг ажиллуулж байгааОны тэргүүний багшаар шалгарсан ХААИС-ийн Инженер

технологийн сургуулийн Цахилгаан хангамж электроникийн тэнхимийн багш Д.Баатархүүтэй ярилцлаа.

-ХААИС-ийн багш нар малчид, тариаланчдын ажлыг хөнгөвчлөх олон шинэ технологи гаргадаг бүтээлч хүмүүс. Энэ удаа та бүхэн юу санал болгож байгаа вэ?

-Бид Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Хужирт багийн Жирмийн худаг гэдэг газрын худгийг автоматжуулсан. Худгийн ховоонд мал ойртоход малын хөдөлгөөнийг мэдрээд ус автоматаар гоождог юм. Орчин үеийн ухаалаг удирдлага бүхий худгийг тэнхимийн хамт олонтойгоо хамтарч хийсэн.

-Үнэ өртөг нь хэд болох вэ?

– Ховоо, жижиг төхөөрөмж суурилуулах, орон байр барьж өгөхөд сая гаруй төгрөг орсон.

-Амьдралд нэвтрүүлэх боломжтой гэсэн үг үү. Бизнес эрхлэгчид сонирхож байгаа юу?

-Дулааны улиралд ашиглах бүрэн боломжтой нь тогтоогдсон. Хүйтний улиралд ус ховоонд үлдвэл хөлдөх эрсдэл бий. Дор нь дулаан ялгараад ус хөлдөхөөргүй түвшинд байлгах талаар манай багш нар судалж байна. Жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой болно гэж найдаж, хүлээж байгаа даа. Дундговьд суурилуулснаас хойш малчид их сонирхож “Манай худагт суурилуулж өгөөч” гэсэн хүсэлт ирүүлж байгаа. Санхүүгийн дэмжлэгтэй бол амьдралд бүрэн хэрэгжих боломжтой ажил. Манай багш нар мөн химийн бордоо, хор хэрэглэхгүйгээр ургац нэмэгдүүлэх судалгааны ажил хийж байна. Мөн бидөндөр хүчдэлийн технологийг ашиглаад хогийн ургамлыг устгах ажил хийж байгаа. Үүнээс гадна бид айргийг муутгахгүйгээр жилийн турш хадгалах боломжтой гэж үзээд туршилт хийх гэж байна.

-Багш нарын баярыг яаж тэмдэглэдэг вэ?

-Хамт олонтойгоо тэмдэглэнэ дээ гэв.

Б.Ундрал: Сургууль хүүхдийн гэр шиг байгаасайНийслэлийн Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн багш Б.Ундрал 22 жил бага ангийн багшааражиллаж байгаа гэнэ. Оны тэргүүний багш тэрбээр “Шавь нарыгаа мундаг хүн болгохын төлөө ажилладаг. Хүүхэд бүрийг судлах шаардлагатай. Хүүхдүүд маань хоёр дахь гэр болох сургуульдаа ирэх дуртай байгаасай. Сургууль нь хүүхдүүдийн гэр шиг байгаасай гэж хүсдэг” гэлээ.

-Ангиа гэр шиг болгож тохижуулсан гэсэн үү?

-Ангийн арын өрөөгөө хүүхдүүд тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин болгон бүрдүүлсэн. Хүүхдүүд мааньэндээ тоглож, бие биенээсээ суралцдаг.

-Та хэдэн сурагчид ном зааж байна вэ?

-34 сурагчид хичээл зааж байна.

-Та хүүхдүүдээ судалдаг гэсэн үү?

-Миний хувьд хүүхдүүдээ юу сурахыг хүсч байна. Хичээлээс гадуурх ажлаар юу хийхийг хүсч байгааг нь судалдаг. Тэдний хүсч байгаа зүйлийг хийхийг зорьдог. Дуртай юмандаа хүн сэтгэл хангалуун байдаг шүү дээ.


-Шавь нар тань ямар амжилт гаргасан бэ?

-Олон улсын математикийн кенгуру олимпиадад хүүхдүүдээ бэлтгэдэг. Диплом, медалиар 10 гаруй хүүхэд шагнуулсан. Би өөрөө шатар тоглодог. Шатар бол оюуны спорт. Шатраар амжилт гаргасан хүүхдүүд бас бий.

-Бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ хичээлд нь яаж дуртай байлгах вэ гэдэг чухал сэдэв?

-Нэг, хоёр гээд дарааллаар нь тоолж сур гэж хүүхдийг албадах хэцүү. Тийм болохоор эцэг, эхчүүдэд хэлдэг. “Хоёр оймсоо аваад ир”, “Нэг улаан цамц аваад ир” гэх мэтээр математикт багаас нь сургах ёстой гэдэг. Хүүхэд орчноосоо суралцдаг. Багш гэрийн даалгаварт хүүхдийн чаддаг сэдвийг өгвөл гэрийн даалгавраа хийх дуртай байдаг.

-Сурагчидтайгаа хичээлээс өөр сэдвээр яриа өрнүүлдэг үү?

-Нэг удаа ангидаа ороод ирсэн чинь хүүхдүүд маань бөөгнөрөөд зогсчихсон байсан. Бялуу тавьчихаж. Тэгэхэд би 34-тэй байсан. Гэтэл 37 гээд тоо тавьчихсан байлаа. “Багш нь 37-той биш ш дээ” гэсэн чинь “Тэгээд хэлээ биз дээ” гээд хоорондоо муудалцаад байж билээ. Тэр их дурсамжтай өдөр байсан. Хүүхдүүдийнхээ чин сэтгэлийг мэдэрсэн. Төгссөн бүх шавь нар маань холбоотой байдаг гэлээ.

1927 онд байгуулагдсан Өмнөговь аймгийн нэгдүгээр сургууль 90 жилийн ойн босгон дээрээ “Улсын тэргүүний сургууль” болжээ. Орон нутгийн шилдэг сургуулиуд эко орчин, ногоон хүрээлэн бий болгосон онцлогтой юм байна. Улсын тэргүүний сургуулиар шалгарсан Өвөрхангай аймгийн “Орхон” цогцолбор сургуулийнхан ЭЕШ-аар улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй шалгагдаж байжээ. Тэд бага ангийн сурагчдаа хэт их хичээлээр дарахгүйн тулд гэрийн даалгавар өгдөггүй гэнэ. Сурагчид нь сургууль дээрээ хичээлээ давтаж, мэдэхгүй зүйлээ бие биенээсээ суралцдаг гэсэн.

ДБЭТ-ын уран бүтээлчид багш нарт зориулж ая дуугаа өргөсөн. Багш нарын сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн уран бүтээл хүүхдүүдийн дуу байлаа. Олон хүүхэд цангинатал дуулахад танхим тэр аяараа гялбам, хөнгөн өнгөөр сүлэгдэх мэт санагдана. “Бөөн баяр” хэмээн шавь нар нь дуулахад багш нар нь суудлаасаа босч, алга ташиж байв.

Б.Янжмаа

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхбаяр: Арилжааны банкууд ипотекийн зээлд зориулж дотоод эх үүсвэрээ гаргах цаг болсон

-Ипотекийн зээл үргэлжилж байгаа юу. Яамны зүгээс үргэлжилж байна гэж буй хэдий ч арилжааны банкууд зээлээ зогсоосон байна?

-Мөнгө байхгүй байгаагийн шинж шүү дээ. Иргэдэд хамгийн их хүрсэн, хамгийн их хэрэгцээтэй, тодорхой үр дүнд хүрсэн зээл бол ипотекийн зээл. Эргэн төлөлт нь ч өндөр хувьтай байгаа. Тиймээс аль ч Засгийн газрын үед үргэлжлээсэй гэх хүлээлт иргэдийн дунд бий. Шинэ Засгийн газрын хувьд Ерөнхий сайдын 2016 оны наймдугаар сарын 9-ний 33 дугаар захирамжаар ипотекийн зээлийн хэрэгжилт, өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд миний бие ахалж байна. Бүрэлдэхүүнд нь Монголбанк, Сангийн яам, Монголын ипотекийн корпораци багтаж байгаа. Ажлын хэсэг хуралдаад гурван зүйл дээр өөрчлөлт хийхээр тохиролцсон. Нэгдүгээрт, ипотекийн зээлийг 80 м.кв талбайтай орон сууцыг хамруулж байсан хязгаараа томсгоё. Яагаад гэвэл худалдан авах чадамжтай хэсгийн эрэлт нь том талбайтай орон сууцыг сонгож, сонирхож байна. Худалдан авах чадвартай байгаагаасаа болж ипотект хамрагдах боломж нь хаагддаг байж болохгүй шүү дээ. Найман хувийн зээлээр орон сууц авахгүй байгаа. Тиймээс энэ ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарна. Гуравдугаарт, сар бүр төлдөг эргэн төлөлтийн хэмжээг багасгах гарцыг хайж байна. Үүнд өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхой бодлого баримтлахгүй бол болохгүй байна. Бидний бодлого гэвэл ипотекийн зээлтэй иргэд сард дунджаар 460 мянган төгрөг төлж байгаа. Энэ 20 жилийн хугацааг нь 30 болгоод сунгавал сар бүр төлдөг 460 мянган төгрөг багасна. Үүний төлөө ажлын хэсэг судалж ажиллаж байна. Ажлын хэсгийн дээрх саналыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулахад үе шаттайгаар явуулах хэрэгтэй гэсэн. Нэгдүгээрт, 80 мкв гэснийг 100 мкв болгож өөрчиллөө. Одоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголбанкны хамтарсан тушаалаар бусад асуудлыг шийдсэн журамд өөрчлөлт оруулна. -Ямар журамд өөрчлөлт оруулах юм бэ?

-Хөдөө орон нутагт ипотекийн зээлээр орон сууц худалдаж авсан бол жилийн хүү таван хувь байна. Мөн ипотекийн зээлийн хугацааг 20 биш, 30 жил болгох өөрчлөлт оруулахаар болсон. Хамгийн сайшаалтай зүйл нь өнгөрсөн долоо хоногт мөнгөний бодлогыг өргөн барихдаа ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэдгээ Монголбанк мэдэгдсэн.

-Зээлийг үргэлжлүүлэх эх үүсвэр бий юу?

-Эх үүсвэрийн хувьд олон зүйлийг харж байна. Гэхдээ шийдэл дээр хараахан тогтоогүй байгаа. Барилга, хот байгуулалтын сайдын хувьд яаж шийдээсэй гэж харж байгаа вэ гэвэл өнгөрсөн туршлага өөрөө нэг зүйл хэлээд байгаа. Ямар нэгэн хугацаа өнгөрөхөөр үргэлжлэх үү, эх үүсвэр бий юу гэдэг асуудал л давтагдаад байна. Одоо эх үүсвэрийг шийдэхдээ хэдий хэрийн мөнгө гаргаж байж эргэн төлөлтдөө хүрэх вэ гэдгээ тодорхойлох ёстой. Ипотекийн зээл бол хамгийн сайн эргэн төлөлттэй байгаа шүү дээ. Яаж ийж байгаад орон сууцанд орсон иргэн байраа алдахгүйн тулд хариуцлага хүлээгээд эхэлдэг. Тиймээс эхний ээлжинд хэр зэрэг хөрөнгө байвал өөрөө өөрийгөө нөхөх хэмжээнд ажиллах вэ гэдгээ тодорхойлж эх үүсвэрээ шийдүүлэх ёстой. Ингэж чадвал бидэнд олон янзын шийдлийн санал байна. Даанч ингэж шийднэ гээд шуудхан хэлчихэж болохгүй байна.

-Яагаад тэр билээ?

Барилга, хот байгуулалтын яам бол санхүүгийн эх үүсвэрийг олдог, механизмыг зохион байгуулдаг газар биш. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эх үүсвэрийг олох ажлыг Сангийн яам хийх хэрэгтэй. Бидний хувьд журмыг иргэдэд ойрхон байлгах үүднээс өөрчилье гэсэн байр суурьтай байна. Иргэдэд маш ойлгомжгүй журам байгаа шүү дээ. Орон сууц худалдан авах гэж буй иргэн банкин дээр очоод 30 хувийн урьдчилгаагаа төлье гэхээр байцаалт явуулчихдаг. Энэ мөнгийг ямар аргаар, хаанаас олсон бэ гэдэг. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Банкинд тийм эрх байдаг юм уу.

-Банкныхан 30 хувийг бүрдүүлэхдээ зээлсэн байж магадгүй гэж үздэг юм билээ? -Тэгвэл зээлтэй эсэхийг өөр талаас нь судалж болно шүү дээ. Угаасаа энэ журам Монгол Улсын иргэн орон сууцны зориулалтаар анх удаа зээл авахад үйлчилнэ. Гэтэл банкныхан илүү зүйл шаардаад байна. Тухайн иргэн өөр банкнаас зээлтэй эсэхийг банкныхаа журмаар шалга л даа. Түүнээс биш чи энэ мөнгийг хаанаас бүрдүүлсэн бэ гэдэг илүү асуулт. Яах гэж иргэнээс ийм зүйл асуудаг юм бэ. Үүнээс эхлээд журамд өөрчлөлт оруулах зайлшгүй шалтгаан байна. Тиймээс бид Монголбанкаар дамжуулан чиглэл өгөх бололцоотой. Ер нь ипотекийн зээлийг ойлгомжтой байдлаар олон улсын жишгийн дагуу явуулах хэрэгтэй. Арилжааны банкууд өөрсдөө давхар үүрэг хүлээсэн байдаг. Ипотекийн зээлийг өөрсдийн дотоод эх үүсвэрээсээ шийдэх ёстой гэж. Гэтэл өнөөдөр арилжааны банкууд дотоод эх үүсвэрээсээ хэдэн төгрөг гаргасан юм бэ. Өнөөг хүртэл дотоод эх үүсвэрээсээ ипотекийн зээлд зориулж хөрөнгө гаргаагүй байгаа. Тэгсэн мөртлөө орон сууц худалдаж авах гэж буй иргэнээ дарамтлаад байна.

-Арилжааны банкууд ипотекийн зээлийг олгохын тулд дотоод эх үүсвэрээ ашиглана гэдэг журам байгаа юм уу?

-Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдъя гэсэн хүсэлтээ арилжааны банкууд гаргасан. Монголбанкны хуваарилсан эх үүсвэрийг банкин дээрээ байршуулж зээл олгож байгаа банкнаас дотоод эх үүсвэрээсээ хэдэн тэрбум төгрөг гаргасан бэ гэдэг асуудлыг өнөөдөр хэн ч сөхөж ярихгүй байна. Тэгэхээр арилжааны банкууд үүргээ биелүүлж дотоод эх үүсвэрээсээ хөрөнгө гаргахгүйн тулд ипотекийн зээлд аль болохоор бага хүн хамрагдаасай гэсэн хандлагаар явж байгаа нь нууц биш. Арилжааны банкууд ипотекийн зээлд зориулж дотоод эх үүсвэрээ гаргах цаг болсон.

-Одоо тэгвэл яамны зүгээс ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд дотоод эх үүсвэрээсээ гарга гэж шахаж болохгүй юу?

-Би сүүлийн үед дандаа тэгж дуугарч байгаа.

-Шийдэгдэх боломж хэр байгаа вэ?

-Бололцоотой. Арилжааны банкууд одоо зээл олгохгүй байгаа. Ялангуяа барилгын салбартай холбогдолтой зээл бүгд зогссон. Арилжааны банкууд дотоод эх үүсвэр бий гэж үзээд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдсан болохоор одоо үүргээ биелүүлэх хэрэгтэй.

-Таван хувийн бүсчлэлийг тэлэх боломж бий юу?

-Түүнийг Монголбанкнаас асуух хэрэгтэй. Монголбанк таван хувийн зээл хэрэгжих боломжгүй. Жилийн найман хувийн хүүтэй байх нь зөв гэдэг. Харин таван хувийн хүүтэй зээл хөдөө орон нутагт хэрэгжвэл зохимжтой. Бод л доо, Улиастай хотод найман хувийн зээлээр орон сууцтай болох, Улаанбаатар хотод байртай болохын алийг нь сонгох вэ. Ямар ч хүн мэдээж хэрэг нийслэл хотоо л бараадна. Хүү, хугацаа, сард төлөх төлбөр нь адилхан байхад нийслэлд орон сууцтай болохыг хичээнэ. Энэ бүхнийг юугаар журамладаг вэ гэхээр ерөөсөө л эдийн засгийн хөшүүрэг. Аймагт нийслэлээс хямд өртөгтэй орон сууц барьж байж, сард төлөх хугацаа бага байж гэмээнэ хөдөө орон нутаг дахь барилга эрэлттэй болно. Иргэд ч хот руу зүтгээд байх шаардлагагүй болно.

-Сарын төлөлтийг багасгахын тулд зээлийн хугацааг уртасгаж 30 жил болгоно гэж байна. Гэтэл 30 настай залуус орон сууцны зээлээ 30 жилээр авъя гэхээр таны зээл дуусахаас өмнө та тэтгэвэрт гарчих юм байна гэдэг. Үүнийг хэрхэн зохицуулах юм бэ?

-Заавал тэтгэврийн настай холбох хэрэггүй. Тэтгэвэрт гарсан мөртлөө хуримтлал үүсгэсэн хүн олон. Банкны заалтыг журамлаж болох байх. Сангийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хамтарч гаргасан журамд дээрх өөрчлөлтүүдийг тусгах юм.

-Арилжааны банкууд дотоод эх үүсвэрээ гаргалгүйгээр ипотекийн зээлийг зогсонги байдалд оруулж буй ийм үед гадны банк орж ирээд зээл олгоод эхэлбэл яах вэ?

-Буруу зүйл байхгүй. Олон улсын жишиг нь тийм байдаг бололтой байна. Томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд олон улсын зах зээлээс санхүүжилт олдог. Санхүүжилтийг нь нээлттэй болгочихоор биржээр дамжуулаад эх үүсвэр нь ороод ирдэг. Үүний төлөө Засгийн газар эрсдэл хүлээхгүй. Иргэд л зээлд хамрагдана шүү дээ. Хэрэв зээлээ төлж чадахгүй бол тухайн иргэн л хариуцлага хүлээнэ. Түүнээс биш Засгийн газарт ямар нэгэн хүндрэл учрахгүй.

-Өнгөрсөн амралтын өдөр Хятадын улс төрийн товчооны гишүүн манай улсад айлчилсан. УИХ-ын дарга М.Энхболд түүнээс ипотекийн зээлийг үргэлжлүүлэх дэмжлэг хүссэн байна лээ. Хэр үр дүнтэй байх бол?

-Зээлийн эх үүсвэрийн дэмжлэг үзүүлээч гэсэн. Бүтвэл сайн л байна. Одоо бидэнд мөнгө алга. Дахин мөнгө хэвлэх бус санхүүжилтийн эх үүсвэрийг өөр шугамаар, бодитоор олох хэрэгтэй.

-Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрхэн хэрэгжих вэ. Өнгөрсөн жил уг хөтөлбөрийг эхлүүлэхэд маш олон иргэн түрээсийн байранд орохоор хүсэлтээ гаргаж байсан?

-Түрээсийн орон сууцанд таван жил амьдарсан бол суллаж өгөх журамтай байсан. Үүнийг өөрчилнө. Хугацаагүй болгох ёстой. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ тухай асуудлыг хэлэлцэх юм. Ямартай ч хугацаа заадаг байсныг болиулах хэрэгтэй. Үүнд санал нэгдэх байх гэж бодож байна. Ер нь хугацаа заагаад өгчихөөр иргэд тухайн амьдарч буй орон сууцандаа өөриймсөг сэтгэлээр хандахгүй. Нийтийн орон сууцанд ариг гамтай суух ёстой. Гэтэл түрээсээр түр оршин сууж буй иргэн иэнгэхгүй байх талтай. Тиймээс хугацаа заахыг болиулах гээд байгаа юм.

-Түрээсийн байраа тодорхой хугацааны дараа ипотекийн зээлээр ч юм уу өөрийн болгох боломж гарч ирэх үү?

-Тодорхой хэсгийг тийм боломжоор хангая гэж байгаа юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар түрээсийн орон сууцны хүрэлцээ харьцангуй бага байна. Нийслэлийн хэмжээнд гурван мянга орчим, орон нутагт 1400 орчим түрээсийн орон сууц бий.

-Зарагдахгүй байгаа барилгуудыг түрээсийн орон сууцболгож болохгүй юу. Түрээсийн орон сууцны эрэлт их байдаг биз дээ?

-Одоогоор “Буянт-Ухаа” дээр борлогдоогүй түрээсийн орон сууц байна. Нийт 200 орчим байр байгаа юм билээ. Гэхдээ дандаа 69 ба 98 мкв бүхий гурван өрөө орон сууцнууд үлдсэн. Яагаад үлдсэн бэ гэхээр анх түрээсийн орон сууц хөтөлбөрийг эхлүүлэхдээ 30-50 мкв орон сууц түрээслэх боломжтой гээд журамлачихсан. Тиймээс том талбайтай орон сууцнууд нь үлдчихсэн байна. Удахгүй энэ заалтыг хүчингүй болгохоор ажиллаж байгаа. Уг нь том талбайтай гурван өрөө орон сууцыг түрээслээд амьдрах боломжтой айл зөндөө бий. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хотын захиргаатай хамтран ажиллахаар ярилцаж байна. Нэгэнт борлогдохгүй байгаа орон сууцыг хашаа байшингаар солих бололцоог нээж өгье. Одоохондоо Нийслэлийн Засагдаргатай нарийвчлан ярилцаагүй байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд эрт байна. Ер нь бол нэгэнт татвар төлөгчдийн мөнгөөр барьсан орон сууцанд иргэдийг оруулахдаа сугалаа сугалуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ямартай ч “Буянт-Ухаа”-гийн борлогдоогүй гурван өрөө орон сууцыг хашаа байшингаар солихыг иргэдэд санал болгоно.

-Барилгын салбар Монголын эдийн засгийг дампууруулчихлаа гэж байна. Хөгжлийн банк ихэнх зээлээ барилгын үйлдвэрлэл эрхлэгчдэд гаргаж өгсөн гээд байгаа. Тэр үйлдвэрүүд өнөөдөр ямар хэмжээнд ажиллаж байна вэ?

-Барилгын салбарынхантай бид өдөр бүр уулзаж байна. Хөгжлийн банкнаас авсан гээд байгаа 1.1 их наяд төгрөгөөс зээл авсан гэх компаниуд маш ховор байна. Барилгын томоохон үйлдвэрлэгчид дээрх мөнгөнөөс огт зээл аваагүй юм билээ. Ийм их хэмжээний зээл хэнд очсоныг мэдэхгүй. Аргаа бараад судалгааг нь гаргуулж авсан. Ямар үйлдвэр барихаар зээл авсан, үр дүн ямар байна вэ, үр дүн гараагүй бол яамны зүгээс ямар бодлого баримталж үйл ажиллагааг нь явуулах вэ гэхчилэн ажиллах ёстой. Сайн ажиллаж байгаа хэд хэдэн үйлдвэр байна л даа. Жишээ нь Барилгын дулаалгын хөөсөнцрийг халж байгалийн чулууг ашиглан дулаалгын материалыг бүрэн шийдсэн үйлдвэр байна. Тэд үйлдвэртээ технологийн шинэчлэл хийх санал гаргаж байгаа. Үүнийг бид дэмжинэ. Мөн Байшин үйлдвэрлэх комбинатыг шинэчлэхээр ажиллаж байна. Яамны зүгээс бас дэмжих бодлого баримталж байгаа. Тэд авсан зээлээ үр дүнтэйгээр ашиглаж байгаа юм. Тиймээс бодлогын хэмжээнд дэмжээд өгөх хэрэгтэй.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхжавхлан: Философи эргэцүүлж сурахад тусалдаг

Өнөөдрийн бидний нийгэмд философийн мэдлэгийн ач холбогдлыг үнэлэх, философичдын үзэл санаа, бүтээлүүдийг шимтэн унших залуусын тоо улам бүр нэмэгдэх болжээ. Тиймээс философи хэмээх өвөрмөц мэдлэгийн тухай МУИС-ийн ШУС-ийн Философи шашин судлалын тэнхимийн багш, докторант Б.Мөнхжавхлантай ярилцлаа.


-Философийг та манай уншигчдад энгийнээр юу гэж тайлбарлах вэ. Хэдийд үүссэн юм бол?

-Философич Рене Декарт нэгэнтээ “Сайн сэтгэдэг байх чухал, гэхдээ сэтгэснээ хэрэгжүүлэх бүр илүү чухал” гэж хэлсэн байдаг. Түүний адилаар философидох, философидож буйгаа амьдралд хэрэгжүүлэх нь үлэмж чухал. Гэхдээ зарим хүмүүс философийг хоосон цэцэрхэл, хийсвэрлэл эсхүл дэврүүн үзэл санаа гэж боддог. Энд дараахь тайлбарыг хийж болно. Тухайлбал, бид өдөр тутамдаа ертөнцийн олон сонирхолтой үзэгдэл үйл явдалтай учирч хүмүүстэй, нийгэмтэй харилцах явцдаа философийн олон асуудалтай тулгарч байдаг. Тухайлбал, дэлгүүрээс бараа авахдаа татвар төлдөг, дотно найзтайгаа уулзахдаа инээж баясдаг гэх мэт. Энэ болгоныг бид бодол мэдрэмждээ хөтлөгдөн шийдвэрлэдэг боловч яагаад татвар төлж буйгаа, эсвэл яагаад сайн найз гэж сонгосноо, сайн гэдэгт юуг оруулж боддог тухайгаа, ер нь өөрийнхөө бодлын үнэн эсэх тухай бодолгүй орхидог. Арай өөрөөр хэлбэл, философичдын асуудал бол хуулийг дагахад гол биш, хууль өөрөө шударга байна уу гэдэгт анхаарлаа хандуулдаг гэж ойлгож болно. Тэгэхээр бидний тэрхүү үлдээчихээд байгаа зүйлд философи байдаг. Энэ бол толгойгоо өвтгөх хамгийн чухал зүйл нь юм шүү. Иймээс философи хоосон цэцэрхэл, дэврүүн бодол биш юм.

Энгийнээр хэлбэл, философи бол сайтар эргэцүүлэх тухай, ухаалаг үндэслэгээ гаргах тухай, маргах тухай, эцсийн дүндээ цэцэн мэргэнд дурлах тухай юм. Тэр тусмаа асуудлын гүнд нэвтэрч биднийг улам бүр бодуулж, бидний мэдлэг ямар өнгөц болохыг сануулж байдаг. Философи угтаа бодит байдал гэж юу вэ, амьдралын утга учир юунд байна вэ, бид хэрхэн таньж мэддэг вэ гэх зэрэг суурь асуултаас эхэлнэ. Мөн оюун ухааныг хөгжүүлж, шинэ ойлголт, мэдлэг бүтээх нь философийн ажил.

Харин философи мэдлэгийн бие даасан төрөл болж хөгжсөн цаг хугацааны эхлэлийг бид Христийн тооллын өмнөх V-VI зууны үеэс хайх хэрэгтэй.

-Философи болон ертөнцийг үзэх үзэлд ялгаа бий юу. Ер нь хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийг философи гэж ойлгож болох уу?

-Хүмүүс өөрсдийн орчин, өөрийн үйл хөдлөл, аливаа асуудлыг ухамсартайгаар ойлгож эхэлсэн цагаас эхлэн амьдралын талаар өөрийн гэсэн үзэл бодолтой болчихдог. Гэхдээ хувийн үзэл бодол, философи мэдлэг хоёр өөр юм. Мэргэжлийн утгаар тэр болгоныг философи гэж ойлгож болохгүй. Харин философитойгоор асуудалд хандаж байж болно.

-Бидний амьдарч буй эрин үе асар хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Ингэхээр философийн үзэл баримтлалууд ч бас өөрчлөгддөг болов уу?

-Ер нь философийн мэдлэг бол үнэлэмжийн шинжтэй байдаг. Нэг ойлголтыг бүх цаг үед ганцхан байдлаар тайлбарлана гэж байхгүй.

Жишээлбэл, бидний шударга, сайн гэж үзэж байсан зүйл өөр нэг цаг үед сайн зүйл биш болчих тохиолдол байдаг. Хүн төрөлхтний мэдлэг тэлж, оюун санааны хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр нийгэмд шинэ асуудлууд бий болно. Ингэх тусам философийн шинэ асуудал, хандлага бий болж байдаг.

-Орчин цагийн залуус философийг хэр сонирхож, философийн хичээлд хэрхэн хандаж байна?

-Бүх цаг үед залуус философийг сонирхож байдаг. Философийн мэдлэгт суралцах хүсэлтэй, энэ тухай ярилцдаг залуус олон бий. Үүнд би их талархалтай ханддаг. Хүний оюун санаа аливааг танин мэдье гэсэн хүсэл эрмэлзлээр дүүрэн байдаг шүү дээ.

Философийн хичээлийг судлахаар ирж буй, мөн философийн мэргэжлийн ангид элсэн суралцаж байгаа олон залуус философичдын үзэл баримтлалуудтай танилцсан, бүтээлүүдийг нь уншчихсан, олон асуулт тээчихсэн орж ирдэг. Энэ их гайхалтай сайн хэрэг.

-Философийг судлахын тулд хамгийн түрүүнд юуг сонирхож, философийн ямар бүтээлийг уншиж судлах ёстой вэ?

-Философи хүнийг сайтар эргэцүүлж, өөрийн оршихуй, мөн чанарын тухай бодуулж, төлөвшүүлж, эргэлзэхэд сургаж байдаг. Эдгээрт суралцахын тулд мэдлэг хэрхэн бий болдог тухай, ёс суртахууны тухай, гоо зүйн тухай, оршихуйн тухай сонирхох хэрэгтэй. Хүмүүсийн сонирхон, шимтэж уншдаг бүтээлүүд, тэдгээрийн агуулга янз бүр. Тийм болохоор эхлээд дээрх суурь асуудлуудын талаар бичсэн бүтээлтэй танилцах хэрэгтэй.

-Ёс суртахууны хэм хэмжээ, ёс суртахуунтай байна гэдгийг философи үүднээс хэрхэн авч үзэх вэ. Хүмүүсийн ёс суртахуунгүй байдлын шалтгаан?

-Ёс суртахуун бол философийн судалдаг хамгийн чухал асуудлуудын нэг юм. Хүн хэрхэн амьдрах ёстой вэ, үйлдлийг ямар нөхцөлд сайн эсвэл муу гэх вэ гэсэн эхлээд бодоход хялбар мэт атлаа эргэцүүлэх тусам ярвигтай асуудлыг энд ярьдаг. XVII зууны үеийн философич Ж.Ж.Руссо, Т.Гоббс нар ёс суртахууныг хүний сайн муу уг чанартай холбож ярьсан байдаг.Алин боловч хүн хувь хүн болохын хувьд бас нийгмийн нэг гишүүн болохын тулд бултаараа аз жаргалтай, таатай амьдрахын төлөө бүгдээр хэлэлцэн тогтсон тийм хэм хэмжээнүүдийг баримталж байдаг.

-Тийм хэм хэмжээ байхгүй байсан бол яах бол?

-Харин тэрхүү хэм хэмжээний цаана буй ойлголтуудын дундаас хүн сайн эсвэл муу байх эсэхээ шийддэг.

-Тэгэхээр улс төр ч бас энд холбоотой байх нь?

-Төр оршин байхын учир юу вэ. Яагаад бид дагах ёстой гэж. Хэнд эрх мэдлийг өгөх вэ зэргийг бодохоор яах аргагүй улс төрөөс ёс зүйн асуудал руу орно. Би аз жаргалтай амьдрах тухай нэгэнтээ дурдсан. Хүн аз жаргалтай амьдарч болох шударга, сайн нийгмийг байгуулж амьдрахын тулд тодорхой зохион байгуулалтад ордог биз дээ. Харин тэр шударга, сайн гэдэг ойлголтыг мэдэж ухамсарласан хүн л төрийг барих ёстой юм.

-Философийг аливаа шинжлэх ухааны суурь гэж ойлгож болох уу?

-Философи бол бүх шинжлэх ухааны суурь гэж үздэг хандлага, тайлбар бий. Миний хувьд философийн мэдлэгийг бусад шинжлэх ухаануудтай мэдлэгийн хувьд зэрэгцээ байр сууринаас авч үзнэ. Ер нь философийн мэдлэг байгалийн болон бусад шинжлэх ухаануудтай тодорхой сэжмээр хоорондоо уялдаатай байдаг. Философи бусад шинжлэх ухааны нэгэн адилаар өөрийн ойлголт категори бүхий мэдлэгийн нэг төрөл болж байдаг.

-Уран зохиолыг хэн нь сайн бичсэн гэж дүн тавьж болдоггүй гэдгийн нэгэн адилаар философийг дүгнэх боломжгүй гэж хэлж болох уу?

-Уран зохиол бол хүний догдлол, мэдрэмжийн бүтээл байдаг. Урлагийн бүтээл туурвигч, тэрхүү бүтээлийг хүлээн авагчийн мэдрэмжид шалгуур тогтоох нь философийн үүднээс боломжгүй. Философи бол үнэлэмжийн мэдлэг гэж би хэлж байсан.

-Манай улсад философийг судлах, хөгжүүлэх асуудал хэр байна гэж та боддог вэ?

-Манай философийн эрдэмтэн, судлаачид өнөөдөр өөрсдийн судалгааны чиглэлийн дагуу судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлсээр байна. Их дээд сургуулийн хөтөлбөрийн агуулгуудыг шинэчлэх ажлууд хийгдсэн. Өдгөө бидэнд шинээр судалгаа шинжилгээний асуудлуудыг нэвтрүүлэх, судалгаанд цаг гаргах, мэргэжлийн түвшинд философийн бүтээлүүдийг орчуулж, хөрвүүлэх хэрэгцээ шаардлага байна.

-Та өөрөө ямар чиглэлээр хичээл заадаг вэ. Философи дахь хувийн туршлагаасаа хуваалцаач?

-Би орчин үеийн философи, дорно дахины философи, улс төрийн философийн чиглэлээр судалгаа хийдэг. Одоо философийн мэргэжлийн бус ангийнханд философийн үндэс гэх хичээл зааж байна. Норвегийн зохиолч Жостейн Гаардерийн өсвөр насныханд зориулсан Софийн ертөнц гэдэг номыг орчуулсан.

Энэ ном дэлхий даяар түргэн гүйлгээтэй номын тоонд байнга ордог, философийн түүхийг хялбаршуулсан байдлаар бас уран зохиолын аргаар бичсэн ном байгаа юм. Залуус, хүүхдүүд их сонирхдог. Философийн мэдлэгийг залууст таниулахад тун хэрэгтэй ном гэж би боддог.

-Багш хүний хувьд боловсролын чанар муу, залуус дээд боловсролыг чанаргүй эзэмшиж байна гэдэгтэй санал нийлэх үү?

-Багш мэдлэгээ улам бүр тэлж, заах арга, өөрийн чадавхиа зогсолтгүй нэмэгдүүлж байх ёстой. Бас мэдлэгээ мэргэжлийн өндөр түвшинд бусдад хүргэх үүрэгтэй юм. Энэ байдлыг хангахад ажиллах орчин, хувь хүний зүтгэл хоёул чухал. Миний бодлоор өнөөдөр багш нар мэргэжлийн үүргээ сайн биелүүлж байна гэж боддог.

Тэгээд ч залуус чанаргүй боловсрол эзэмшиж байна гэхээс илүүтэй чанартай боловсрол олгох тогтвортой бодлогод анхаарах хэрэгтэй байна. Өнөөдөр залуус мэдлэгт суралцах өргөн боломжтой, хүсэл тэмүүлэлтэй байна. Гэхдээ энэ боломжийг хэрэгжүүлэх нөхцөл байгаа юу гэдэг эргэлзээтэй.

-Та бид хоёр философийн төдийгүй өөр сэдвийг хөндлөө. Философийн мэдлэгийн ач холбогдлыг та юу гэж үнэлэх вэ?

-Юуны түрүүнд бид философид суралцсанаараа юмыг байгаагаар нь хүлээн авдаг, тоомсоргүй байдлаасаа татгалзах хэрэгтэйг ухаардаг. Улс төрийн философи, ёс зүйгээс эхлээд амьдралын философи, экофилософи, эрх зүйн философи гээд олон урсгал чиглэл философид бий.

Философид суралцсанаар хүн өөрийнхөө болон бусдын оршихуйн утга учрыг ойлгож, нээж, аливаад илүү нухацтай ханддаг болгодог.


Categories
мэдээ нийгэм

“Торгоны зам” аялал жуулчлалын анхдугаар хурал манай улсад болно

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/, Манай Улсын БОАЖЯ хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурал маргааш манай улсад эхэлнэ. Гурван өдөр үргэлжлэх уг хуралд торгоны замын гишүүн улс орон, НҮБ –ын ах дүү хотуудын холбоо, НҮБ –ын ДАЖБ-ын гишүүн орнууд болон олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын холбогдох байгууллагуудын төлөөллүүд, нийтдээ 300 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, НҮБ-ын ДАЖБ-ын “Торгоны зам” хөтөлбөрийн 33 гишүүн улсуудын сайд нарын төлөөлөл болон хандивлагч олон улсын байгууллагууд хамрагдахаар түрүүчээсээ иржээ.

Н.Чимэг

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Япон Улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны аравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. Тэрээр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд цаашид баримтлах Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохирох юм байна. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхана. Үүний зэрэгцээ “Монгол, Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцох юм байна.