Categories
мэдээ нийгэм

АТГ-ыг иргэдэд нээлттэй болгохыг зөвлөлөө

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал дүгнэлт өгөх, төрийн бүх шатны байгууллагаас нийт ард иргэдийн мэдээлэл авах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөмж гаргаснаа өнөөдөр Авлигатай тэмцэх газарт өглөө.

Уг зөвлөмжид ил тод байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг тусгажээ. Тухайлбал,

  • Авлигатай тэмцэх газрын байранд иргэд чөлөөтэй нэвтэрч, тус байгууллагаас авах шаардлагатай зөвлөгөө, туслалцаа, баримт мэдээлэл авах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагааныхаа талаар тогтмол хугацаанд иргэдэд үнэн зөв, бодитой мэдээлэл өгөх ажлыг хэвшүүлэх,
  • Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, судалгаа сургалт зохион байгуулах зорилгоор “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн төв”-ийг дэргэдээ байгуулж ажиллуулах,
  • Авлигын эсрэг хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт байгаа баримт, мэдээ сэлтийг “Авлигын талаарх мэдээллийн нэгдсэн цахим сан” болгон эмхлэх, хуулиар хориглосноос бусад мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй тайлагнах боломжийг бүрдүүлэх, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд дэлгэрэнгүй задаргаатайгаар нийтэлж хэвших, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай мэдээллийн нээлттэй байдлыг хангах шаардлагатай гэсэн байна.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал зөвлөмжийг хүлээн аваад “Энэ бол цаг үеэ олсон зөвлөмж байна. Бид авлигатай тэмцэх чиглэлээр стратегийн өөрчлөлт хийе гэсэн эрмэлзэлтэй ажиллаж байгаа.

Сая УИХ-ын дарга М.Энхболд намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж батлах тухай онцолсон. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт авлигатай тэмцэх чиглэлээр тодорхой заалтууд орсон.

Төр, засгаас авлигатай тэмцэх чиглэлээр ийм тодорхой хүсэл зоригтой байгаа цаг үед авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг оролцуулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох, иргэдийн хяналт тавих чиглэлээр Олон нийтийн зөвлөлөөс зөвлөмж өгч байгаад сайшаан хүлээн авч байна.

Нийтийн албанд ажиллаж байгаа хүн бүр нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллах ёстой. Үүний тулд иргэд, олон нийтийн хяналтад байх нь зайлшгүй. Тиймээс Авлигатай тэмцэх газар та бүхний өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж иргэд, олон нийтийн оролцоо, хяналтыг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно” гэж хэллээ.

Categories
гадаад мэдээ

Оросын нисэх онгоцууд Алеппод агаарын цохилт өгсөөр байна

Босогчдын хяналтад байгаа Сирийн Алеппо хотын дүүргүүдэд Оросын нисэх онгоцууд сүүлийн өдрүүдэд улам хүчтэй цохилт өгч байна гэж идэвхтнүүд мэдэгдэв.

Наад зах нь 25 хүн амиа алдсан ба тэдний дунд хүүхдүүд байна.

Сирийн Засгийн газар Алеппо хотын зүүн хэсгээс иргэдийг гаргахын тулд түр хугацаагаар гал зогсоохыг уриалсан билээ. Үүний дараахан бөмбөгдөлт эхэлсэн байна.

АНУ болон ОХУ-ын зуучлалаар байгуулсан гал зогсоох тохиролцоо тасалдсаны дараа Алеппо хотод агаарын цохилтын ажиллагаа улам эрчимжсэн билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францад хийх гэж байсан айлчлалаа цуцалсны дараа агаарын цохилт эхэлсэн байна. Тэрбээр энэ сард Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзах байсан боловч тэдний уулзалт Сирийн асуудлаар хязгаарлагдана гэж Франц мэдэгдсэнтэй холбоотойгоор В.Путин айлчлалаа цуцалсан гэж Францын Ерөнхийлөгчийн төлөөлөгч мэдэгдэв.

Харин Францын Ерөнхийлөгч даваа гарагт мэдэгдэл хийхдээ, ОХУ-ын албаны хүмүүс Алеппо хотыг бөмбөгдсөнтэй холбоотойгоор дайны гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогдож магадгүй гэсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Трампын ялагдахад хэвлэл нөлөөлсөн гэв

FOX News телевизийн хөтлөгч Билл О’Райли шууд нэвтрүүлэгээр АНУ-ын сонин, хэвлэл Трампын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэж мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп тэр мэдэгдлийн талаар тайлбар өгсөн байна.

Тэр өөрийн “твиттерт” FOX News сувгийн видео бичлэгийг тавиад энэ нь “аймшгийн явдал” гэж нэрлэжээ. Тэр телевизийн хөтлөгч Билл О’Райли мэдэгдэхдээ “Трампыг будаа болгохоор ажилтнууддаа тушаасан. Наад зах нь гурван медиа байгууллага байгаа” гэсэн юм.

Нэр дэвшигчдийн эхний хоёр мэтгэлцээнд Хиллари Клинтон давуутай гэж гарсан CNN телевизийн санал асуулгыг “өрөвдөлтөй, өчүүхэн юм” хэмээн Трамп нэрлэсэн байв.

Categories
мэдээ спорт

Их мастер А.Энхтуул чансаагаа ахиулж 5-р байрт шалгарчээ

Англи улсад зохион байгуулсан “Isle of Man” Олон Улсын өндөр чансаатай шатарчдын нээлттэй тэмцээнд Их мастер А.Энхтуул оролцоод ирсэн байна.

Тэрээр нийт есөн өргөөс таван оноо авч өөрийн Олон Улсын чансаагаа +30 оноогоор ахиулж, эмэгтэйчүүдийн 5 дугаар байрын шагналыг хүртсэн байна. Их мастер А.Энхтуул энэхүү шагналаа шатрын Дэлхийн аварга, Хятад улсын шатарчин, супер Их мастер Хоу И Фань тэргүүтэй шилдэг шатарчдын хамт хүртжээ. Тус тэмцээнд нийт 39 орны эрэгтэй, эмэгтэй 132 шилдэг шатарчид оролцсон байна.

Уг тэмцээний аваргаар супер Их мастер Павел Ельянов, удаах байруудад дэлхийн чансаанд 2, 3, 4-т бичигдэж байгаа супер их мастерууд шалгарчээ.

Categories
мэдээ спорт

Хятадын алдарт сагсан бөмбөгчин Ангараг гаригт зорчино

Хятадын алдарт сагсан бөмбөгч Яо Мин, бусад 10 хүний хамтаар Ангараг гаригт очих элчээр томилогджээ. Энэ тухай Хятадын Сарны судалгаа, сансрын инженерингийн төвийн мэдээллээс иш татан “Sina” цахим хуудаст мэдээллэсэн байна. Энэ нь Хятадын сансрын хөтөлбөрийг олон улсад сурталчлах зорилготой ажээ.

Өдгөө 36 настай Яо Мин спортоос хөндийрч, бизнес эрхлэн, олон нийтийн ажилд оролцож буй юм байна. Тэрээр Хятадын хамгийн баян, хамгийн алдар хүндтэй хүмүүсийн нэг юм. 2002-2011 онд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) “Хьюстон Рокетс” багт тоглож байсан. 2009 онд Яо Мин “Шанхай Шаркс” багийг худалдан авч, сүүлийн үед сагсан бөмбөгийн тэмцээний тайлбарлагч хийх болжээ.

Дашрамд дурдахад, Хятад улс 2020 онд Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас “Чанчжэн-5” хэмээх зөөгч пуужинг Ангараг гариг руу хөөргөхөөр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Орон зай” үзэсгэлэн нээлтээ хийлээ

ЦЭЦЭГС Р.Сэнгүм Зотон тос 60х120

Соёл урлагийн Их Сургуулийн Дүрслэх, Дизайн Урлагийн сургуулийн 25 жилийн ойд зориулсан “Орон зай” үзэсгэлэн өнөөдөр Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим болон BEST ART галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн 10 дугаар сарын 12-19 ний хооронд үргэлжилнэ. “Орон зай” үзэсгэлэнгээр тавтай морилно уу.

ЭРВЭЭХЭЙ БА ЦЭЭНИЙ ЦЭЦЭГ М.Ганзул Холимог техник 60х90


УЛААН ЖИМ Б.Энхчулуун Зотон тос 80х120



ЭГЧ ДҮҮС А.Дэлгэрмаа Торгон зураг 100х80


ЗАНАБАЗАР ЗЭРЛЭГҮҮДИЙН ДУНД Б.Энхчулуун Зотон тос 80х120


ЭРХЭМСЭГ Д.Мягмарсүрэн Зотон акрилка 90х120


ХАН ГОЛЫН ЭРЭГ Г.Амгаланбаатар Зотон тос 72х116


ГОВИЙН ХУДАГ Ц.Нарангэрэл Зотон тос

ЭРТНИЙ САЙХАН ТЭНГЭРЛИГ МОНГОЛ Д.Эрдэнэбилэг Зотон тос 97х143

О.ӨНӨР


Categories
мэдээ нийгэм

Хоморголон халсан хэмээн мэдээлэл хийлээ

Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-3” төслийн 21 аймаг дахь Сум дэмжих багуудын 105 ажилтныг нэг зэрэг ажлаас халжээ. Энэ талаар өнөөдөр халагдсан хүмүүсийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Тэд өөрсдийгөө ямар нэгэн үндэслэгүйгээр халагдсан хэмээн үзэж байгаа учраас эрх ашгаа хамгаалах зорилгоор түр хороо байгуулсан байна.
Түүнчлэн тэд хурлын үеэр “Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн чиглэлийн дагуу Сангийн яам болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс тодорхой үндэслэлгүйгээр хоморголон ажлаас халсан” гэдгийг онцолж байсан юм.
Сум дэмжих багийг найман cap ажиллуулсан бөгөөд тэднийг ажлаас халах тушаал есдүгээр сарын 28-нд гарч, есдүгээр сарын 30-наас халж байгаагаа мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Татварын албаны эрхэм мөрийтэй тоглож байгаад дээрэмдүүлсэн үү

Татварын алба зурган илэрцүүд

Энэ сарын 9-10-нд шилжих шөнө мөрийтэй тоглож байсан 10 хүн рүү зэвсэглэсэн этгээдүүд дайрч, дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Цагдаагийнхан шуурхай ажиллаж, дээрэм хийсэн хоёр этгээдийг баривчилж, бусдыг нь эрэн сурвалжилж байгаа. Мөн хэргийн үеэр алдагдсан их хэмжээний мөнгө болон зэвсгийг хайж байгаа ажээ.
Тэгвэл мөрийтэй тоглож байгаад дээрэмдүүлсэн хүмүүсийн дунд нийслэлийн Татварын албанд өндөр албан тушаал хашиж байсан нэгэн эрхэм байгааг баттай эх сурвалж хэлэв. Мөн тэрбээр хамгийн их хохирлыг амссан гэнэ.

Хэргийн газраас нэг кг орчим алт болон их хэмжээний мөнгө алдагдсан гэх ба дээрэмдүүлсэн эд зүйлс нь нэг тэрбум орчим төгрөгийн эд зүйлс байсан гэх мэдээлэл байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүү нь бага байх юм бол лүү нь хэн байсан ч яадаг юм

bank of china ubs зурган илэрцүүдСүүлийн үед гадны банкийг оруулж ирэх нь зөв, буруу гэсэн талцал хүчтэй өрнөж байна. Гадны банкууд орж ирэхийг бизнесмэнүүд бол дэмждэг. Аргагүй л дээ, жилийн хориод хувийн хүүд дарлуулах яаж ч бодсон аятай зүйл биш. Салбараа нээх хүсэлтээ ил тодоор илэрхийлээд удаж байгаа Хятадын дөрвөн том банкны нэг, дэлхийн шилдэг аравт багтдаг Bank of Chi­na нь байна уу, гадаадын хувийн хөрөнгө оруулалттай банк нь ч байна уу, аль бага хүүтэй мөнгө сарвайсан нь аятай таатай харагдах нь зүйн хэрэг.

Bank of China-гийн хувьд гадаадын, тэр дундаа Хятадын төрийн өмчтэй банк гэсэн болгоомжлол бодлого гаргах түвшнийхэнд байдаг. Ардчилсан биш засаглалтай улсын төрийн өмчтэй банк гэдгээр нь болгоомжлох шалтаг цөөнгүй байдаг нь тодорхой. Тэгснээс гадны хувийн өмчтэй банкууд салбараа нээчихвэл эрүүл өрсөлдөөн өрнөнө, үр дүнд нь өнөө ч дажгүй хөгжиж яваа банкны салбарын үйлчилгээ дэлхийн хэмжээнд хүрнэ гэсэн гаргалгааг зарим эдийн засагч хэлдэг. Гэхдээ эдийн засаг тартагтаа тулсан, валютын хомсдолд орчихсон өнөөгийн өндөрлөгөөс харахад хүү нь бага байх юм бол лүү нь хэн байсан ч яадаг юм гэж адрахад болохгүй юмгүй л санагдаж байна. Уг нь Сангийн сайд маань улс төрийн элдэв шалтгаангүйгээр аятай өөдрөг, болно бүтнэ гэсэн мэдэгдэл хийчихсэнсэн бол гадаадын хувийн банкны саналыг ч бас хүлээх ёстой, нэг их яарах хэрэггүй гэсэн шигээ суумаар л байна.

Лүү гэдэг нь юмны эзэн, сумны занги гэсэн утгатай хэрэглэгддэг үг л дээ. Яг одоогоор салбараа нээмээр байна гэж албан ёсоор дуугарсан нь хэн бэ гээд ухвал лүү нь Bank of China болж таарна. Зээлийн хүү буурна гэдэг нь хадгаламжийн хүү буурна гэсэн үг. Хадгаламжийн хүү буурахаар банк мөнгөний эх үүсвэргүй болно гэх болгоомжлол дуулддаг. Яг нарийндаа хадгаламж эзэмшдэг хэсгийг анзаарахаар түмнээрээ, бултаараа мөнгөө хадгалуулаад суугаа дүр зураг хэтээсээ байгаагүй, одоо ч тийм биш. Цөөхөн хэдэн гэр бүлийн мөнгө улсын нийт хадгаламжийн багагүй хувийг эзэлдэг. Мөнгөтэй хэсгийн хувьд бас нэг сул тал анзаарагддаг. Золоор, хөлсөөрөө алин ч бай ялгаагүй их мөнгөтэй болсон хэсэгт сүүлийн үед идэвхгүй гэж шүүмжлэхээр нэг хандлага тод анзаарагдах боллоо. Бизнес хийж, баялаг бүтээх гэж үйлээ үзэхээр зүгээр л хадгалуулаад дажгүй хүү аваад аж төрье гэсэн сэтгэлгээ. Ингээд бодохоор хадгаламжийн хүү буурна гэдэгт санаа зовохгүйгээр аж төрмөөр юм шиг. Хадгаламжийн хүү буурвал харин ч залхуу улсын тоо цөөрнө. Бага хүүтэй хадгалуулснаас юу ч хамаагүй хийж, эрсдэл гаргаж, илүү ашгийн төлөө зүтгэе гэнэ биз дээ. Тэгэхээр бага хүүтэй зээл өгдөг гадны банк ороод ирэхэд болохгүй юмгүй санагдаж байна.

Bank of China-гийн хувьд Монголд салбараа нээх өндөр сонирхолтой. Монголд Хятадын хөрөнгө оруулалттай 6000 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, хоёр орны төв банкуудын солилцох валютын хэмжээ арван тэрбум юаньд хүрсэн, уул уурхай, үйлдвэрлэлийн том төслүүд яригдаж эхэлсэн гэж ирээд яривал Bank of China манайд салбараа нээх сонирхол өндөр байж болох олон шалтгаан бий. Улаанбаатарын эдийн засагчдын клубийн сар бүрийн уулзалтын нэг зочноор “Bank of China”-гийн төлөөлөгчийн газрын дарга Дай Син жунийг урьж байсан удаатай. Ноён Дай Син жун бизнесийн төслийн санхүүжилт, дэд бүтэц, барилга, уул уурхай, амьжиргаа дээшлүүлэх гээд бүх л салбарт хамтран ажиллах боломжтой, Засгийн газрын томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн нь тод санагдаж байна. Жижиг дунд бизнесийн санхүүжилтэд туршлагатай ч энэ зах зээл дээр дотоодын арилжааны банкуудтай өрсөлдөхгүй, хадгаламж дээр ч өрсөлдөгч биш гэдгээ хэлж байв.

“Bank of China”-гийн төлөөлөгчийн газрын дарга “Монголын эдийн засаг бол их хэмжээний мөнгө оруулж үр ашиг хүртэхээр том зах зээл биш. Жижигхэн эдийн засагтай. 2012 онд анх удаа 10 тэрбум ам.доллар хүрсэн эдийн засаг. Гадны том банк орж ирээд ашигтай ажиллах зах зээл биш. Төгрөгийн ханш нь гэхэд богино хугацаанд их хэмжээгээр унасан, инфляци өсөлттэй гээд сөрөг үзүүлэлт ихтэй зах зээлд салбараа нээх эрсдэлтэй. Бидэнд ажиллах тодорхой хэмжээний орчин бий учраас ийм шийдвэр гаргасан. Манай банкны хувьд дотоодын арилжааны банкуудтай өрсөлдөхгүй, харин ч хамтран ажиллана.Хөгжихөд нь тусална. Засгийн газар, төв банк хяналт тавих бүрэн боломжтой.Хуулийн хүрээнд хяналтаа тавиад эрсдэлтэй гэж үзвэл зөвшөөрлийг хурааж авах эрх нь Засгийн газар, төв банкинд бий. Банкны хувьд компаниудтай зээлийн харилцаа л тогтоодог.Зээл авсан компанийнхаа менежмэнт, удирдлагын асуудалд оролцохгүй. Барьцаа хөрөнгийн хувьд тухайн улсын хуулиар зохицуулагддаг” хэмээн ярьж байсан нь хоёр жил гаруйн өмнөх явдал. Гадаадын төрийн банк орж ирэх нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэсэн болгоомжлолд Дай Син жун “Дотоодод арав гаруй банк 1500 салбар, арав гаруй мянган ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Манай банкны хувьд Улаанбаатарт нэг салбар ажиллуулна. 40 гаруй хүн л ажиллана. 56 сая ам.долларын капитал бүртгүүлэхээр Монголбанкинд саналаа өгсөн. 460 сая ам.долларын зээл олгох боломжтой. Гэтэл дотоодын арилжааны банкууд 2013 оны байдлаар гэхэд зургаан тэрбум ам.доллар зээлсэн гэх статистик гарсан байна лээ. Тэгэхээр Bank of Chi­na-гийн салбар жижиг, дунд хэмжээний банктай л ойролцоо хэмжээний үйлчилгээ үзүүлнэ гээд ойлгочихож болно” гэсэн тайлбар өгч байсан юм. ОУВС саяхан дэлхийн валютын нөөцөд юанийг багтааснаа зарласан. Улаанбаатарын эдийн засагчдын клубийн уулзалтын үеэр ч “Bank of China”-г төлөөлж ирсэн эрхмүүд юань удахгүй хүчирхэгжинэ, дэлхийн валют болно хэмээн онцолж байсан юм. “Bank of China” Монголд салбараа нээвэл дэлхийн валют болсон юанийн эерэг нөлөө их гэдэг нь гарцаагүй.

Хятадын зах зээлд төрийн өмчийн компаниуд олноороо үйл ажиллагаа явуулдгийг зарим эдийн засагч шүүмжилдэг. Гэхдээ “Хятадын эдийн засаг Зөвлөлтийн үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг биш. Жинхэнэ чөлөөт зах зээлийн зарчмаараа явж байгаа. Шанхай, Бээжин гэхэд л олон улсын зах зээлийн төв болж байна. Худалдаа бол Хятадын хөгжлийн мотор. ДНБ-ий 30 хувийг экспорт эзэлдэг статистик бий. Дэлхийн үйлдвэрлэлийн төв Хятадад төвлөрч байна. Хятадын экспортын 60 хувийг үндэстэн дамнасан компаниудын бүтээгдэхүүн эзэлдэг. Хамгийн их хөрөнгө оруулалт татаж, хамгийн их худалдаа хийсэн нь л Хятадын хөгжлийн үндэс” гэсэн тайлбар бий.

Гадаадын хөрөнгө оруулалт татарсан энэ үед валют орж ирнэ гэдэг утгаараа гадны банк салбараа нээх нь бидэнд ашигтай. Таван толгой, цахилгаан станц, хурдны зам зэрэг том төслүүд шил шилээ даран хэрэгжих гэж байгаа энэ үед гадны банк манайд салбараа нээх нь мэдээж ашигтай. Аль нэг том банкны салбар ажиллаад том төслүүдийг санхүүжүүлээд эхэлбэл тэр мөнгө дотоодын зах зээл дээр эргэлдэнэ, үр дүнд нь монгол компаниуд мөнгөтэй болно, монгол ажилчид ахиухан цалин авна гэсэн давуу тал бий. Гадаадын том банкуудын салбарыг улсдаа нээсэн нь Сингапурыг Азийн санхүүгийн төв болгосон жишээ хүн төрөлхтний түүхэнд бэлхнээ байгаа.

Тэгэхээр эдийн засаг талаас нь харвал гадаадын банк салбараа нээнэ гэсэн асуудалд хөмсгөө зангидаж чухал царайлахаас илүүгээр “хүү нь бага байвал лүү нь хэн байсан ч яадаг юм” гэсэн хандлагаар хандмаар байгаа юм.

Ц.БИЛИГ

Categories
мэдээ нийгэм

Уулын спортынхон дэлхийн аваргын тэмцээнд оролцоно

Монголын уулчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Б.Тулга, Тэмцээнт төрөл хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Золжаргал, Удирдах зөвлөлийн гишүүн А.Батсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Сүхбат болон спорт авиралтын тамирчид БНХАУ-ын Шанхай хотноо 2016 оны 10 сарын 12-16 өдрүүдэд анх удаа зохион байгуулагдаж буй Спорт авиралтын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчидаа хүлээн авч уулзаж амжилт хүслээ.

Тус тэмцээнд Монголын уулчдын үндэсний холбооны Аюулгүй байдал, Сургалтын хорооны гишүүн, БНХАУ-ын Сэчүан муж, Чэндү хотын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төгсөгч Б.Эрдэнэцэцэг багийн ахлагчаар явж байгаа бөгөөд МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуулийн Спорт, Аялал жуулчлалын ангийн 4-р курсын оюутан, Спортын мастер О.Сайханжаргал, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Үйлдвэр, Хотын дулаан хангамжийн ангийн 4-р курсын оюутан Спортын дэд мастер Н.Хэрлэн нар Монгол улсаа төлөөлөн оролцохоор 2016 оны 10 сарын 11-нд эх орноосоо хөдлөх юм.
порт авиралтын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчиддаа амжилт хүсэе.

ТАЛАРХАЛ

Спорт авиралтын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжийг олгосон АОСХ-ны ГХ-ны гишүүн, Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, Мо
нгол улсын гавъяат дасгалжуулагч Б.Жаргалсайхан болон Монголын оюутны спортын холбооны хамт олонд талархал илэрхийлэе.
Спорт авиралтын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдын хувцасыг ивээн тэтгэгч НОМИН ФЕЙШН ХХК-ний удирдлага хамт олонд талархал илэрхийлье.