Categories
мэдээ нийгэм

Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсаныг шалгаж эхэллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсаныг шалгах Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нэрэмжит үзлэг” эхэллээ.

Үзлэгийн хүрээнд нийслэлийн бүх байгууллагуудыг оролцуулсан 3 ажлын хэсэг гарч, хот нийтийн аж ахуй, инженер хангамж, тохижилт, барилга, орон сууц, дундын өмчлөлийн эд хөрөнгийн арчлалт хамгаалалтын ажлуудтай танилцана.

Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлтэй хамтарч өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй орон сууцнуудын халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн ус, хаалга, цонх, дээвэр, барилгын норм дүрэм, стандартыг газар дээр үзэж, тулгамдсан асуудлыг Нийслэлийн Засаг дарга, НИТХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын Ерөнхий менежер, Агентлагийн дарга нар тодорлоо

Төрийн албаны зөвлөлийн 32 дугаар хуралдаанаар аравдугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулсан удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцжээ.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар 15 ажлын байранд өрсөлдөхөөр 35 иргэн бүртгүүлсэн бөгөөд 23 нь эцсийн шатанд тунаж үлдэн, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэсэн байна.

Хуралдаанаар тухайн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан

  • Д.Мөрөнг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар,
  • Л.Зоригийг Татварын ерөнхий газрын даргаар,
  • Р.Содхүүг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар,
  • Ц.Ням-Осорыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар,
  • Б.Нямдавааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар,
  • О.Алтансүхийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар
  • Б.Чинбатыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар,
  • Ц.Шаравжамцыг Биеийн тамир, спортын газрын даргаар,
  • Л.Бямбасүрэнг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч, тухайн албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлж байгаа иргэнийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр оролцуулдаг бөгөөд Үндэсний хөгжлийн газрын даргад нэр дэвшигч гадаадад албан томилолттой ажиллаж байгаа тул энэ асуудлыг түр хойшлуулж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Мөн шалгалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан

  • Т.Гантөмөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар,
  • М.Отгонбаярыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод,
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэрийг томилуулахаар нэр дэвшүүлж Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйд санал хүргүүлэхээр тогтов.

Мөн Ховд, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Б.Ганболд, Ч.Бат-Эрдэнэ нарыг томилуулахаар нэр дэвшүүлж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж Төрийн Албаны Зөвлөлөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хавдрын эсрэг үндэсний аян 2016” найман аймагт хэрэгжлээ

ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, МҮОНТ-ээс 6 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” Дархан-Уул, Өмнөговь, Дорнод, Архангай, Хөвсгөл, Ховд, Завхан, Сэлэнгэ аймгуудад амжилттай хэрэгжиж 2016 оны орон нутгийн үзлэг оношилгоо өндөрлөлөө.

“Хавдрын эсрэг үндэсний аян” өнгөрсөн 5 жилийн хугацаанд Монгол орныг бүхэлд нь тойрч, алслагдсан аймаг сумдын эрсдэлт бүлгийн хүн амыг хавдрын үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулан олон гэр бүлд аз жаргал, элэг бүтэн амьдрал бэлэглэсэн билээ.

ХААН Банкны хувьд тус аяныг хэрэгжүүлэхэд нийт 820 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг үзүүлэн орон нутгийн 2200 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнээр бэлтгэж хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээгээд байна.

Аяны тайлан шинжилгээнээс харахад элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөр байгаа бөгөөд ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд 2016 оны орон нутгийн үзлэгээр давхардсан тоогоор 16800 гаруй хүнд үзлэг хийж хортой хавдар 100, хортой гэж сэжиглэгдсэн 191, хоргүй хавдар 897, хавдрын урьдал өвчин 1096 тохиолдлыг илрүүлсэн юм.

Categories
мэдээ туслах-ангилал улс-төр

Б.Энх-Амгалан: Мэдээллийн технологийн том сүлжээ Монголоор дамжих нь эдийн засагт чухал нөлөөтэй

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай ярилцлаа.

-Та Ерөнхий сайдад гурван төсөл өргөн барьсан. Эдгээрийг Засгийн газраас дэмжвэл Монгол Улс дата төвтэй болох юм билээ. Энэ төслийнхөө талаар танилцуулахгүй юу?

-Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхмаар байна. Энэ утгаараа Ази, Европыг холбосон өндөр хурдны дата төвийг байгуулах ёстой. Манай улсад мэдээлэл дамжуулах, мэдээлэл тээвэрлэх бүрэн боломж байна. Тиймээс олон улсын дата төвтэй болох төсөл өргөн барьсан. Хөрөнгө оруулагчид болоод хамтран ажиллах хүмүүс нь саналаа ирүүлчихсэн байгаа. “Microsoft” манайхтай хамтран ажиллах саналаа ирүүлээд өнгөрсөн долоо хоногт оффисоо байгуулсан. “Intel” тун удахгүй орж ирэх гэж байна. “Google” ирэх долоо хоногт салбараа нээчих байх. Нэг ёсондоо мэдээлэл технологийн дэлхийн гурван том компани манай улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байна. Тэд дэлхийг бүрхсэн сүлжээгээ Монголоор дамжуулж явуулъя гэж байгаа юм. Ажил нь эхэлчихвэл манай улсын эдийн засаг, ирээдүйн хөгжилд хэрэгтэй. Мөн бид дэлхийн хөгжлөөс хоцрохооргүй болно. Одоогоор ажил нь идэвхтэй сайн явагдаж байгаа.

-Дата төвтэй болоход улсын төсвөөс хөрөнгө мөнгө зарцуулах уу?

-Хувийн байгууллагууд хамтраад ажиллах юм. Хэрэгжүүлэх гэж буй байгууллагууд шаардлага, хэрэгцээг хангасан тусгай обьектоо барьчихсан, ОХУ болон БНХАУ-ын харилцаа холбооны байгууллагуудтай асуудлаа тохирчихсон байгаа. Ерөнхийдөө мэдээлэл дамжуулах сүлжээний холбоо, харилцааг хэрхэх вэ гээд бүх асуудлаа тохирчихсон байна. Тиймээс ажил эхлэхэд бэлэн болчихсон байгаа. Засгийн газрын зүгээс ямар ч баталгаа шаардах хэрэггүй. Зөвхөн дэмжлэг үзүүлээд явахад л болно. Төр, хувийн хэвшлийн компанийн түншлэлээр энэ ажлыг явуулах бүрэн бололцоотой. -Энэ төв байгуулагдсанаар гадаад валютын урсгал нэмэгдэх байх. Үйл ажиллагаа нь хэзээ эхлэх юм бэ?

-Одоогоор төслийн хэмжээнд ажил нь явагдаж байна. Үйл ажиллагааг нь албан ёсоор ирэх хавраас эхлүүлчих санаа бий. Ажил эхэлчихвэл Монгол Улсын мэдээллийн хурд өндөр болно. Мэдээлэл дамжуулалтаасаа төлбөр авна. Татвар нэлээн олон сая ам.доллараар нэмэгдэх бололцоо бий. Улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр эерэгээр нөлөөлнө. Ялангуяа мэдээлэл, харилцаа, холбооны чиглэлээр ажиллаж буй компаниуд хамтран ажиллах боломжоор хангагдана.

-Мэдээлэл технологийн гурван том компани манай улсыг судалж байж орж ирсэн байх. Ялангуяа мэдээлэл дамжуулалтын тал дээр оновчтой газарзүйн байрлалд байгаа болохоор салбараа байгуулж байгаа болов уу?

-Мэдээж хэрэг судалгаа хийсэн байж таараа. Мэдээлэл дамжуулахад хамгийн боломжтой газар нь Монгол Улс гэж үзэж байгаа. Тиймээс Ази, Европыг холбосон мэдээлэл дамжуулах тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч өөрсдийнхөө салбарыг нээж байна. Дээрх гурван компани мэдээллийг агууламж хадгалж, дамжуулдаг тоног төхөөрөмжөө байршуулна. Түүгээр дамжуулан дэлхийн хэрэглэгчдийн мэдээллийг дамжуулах юм.

-Ерөнхий сайдад өргөн барьсан нөгөө хоёр төсөл нь юун тухай юм бэ?

-Монгол хүн эрүүл байх ёстой гэсэн зарчмыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ бодлогыг бид баримтлан ажиллаж байгаа. Үүний нэгдүгээрт, монгол хүн элэг бүтэн байх ёстой. Элэг бүтэн байна гэж хэлэхээр зарим нь бөөр бүтэн, бөгс бүтэн байгаач гэж мушгиад байна. Гэтэл өнөөдөр манай улсад элэгний өвчлөлөөс болж өдөрт долоон хүн эрдэнэт амиа алдаж байна. Яаралтай эмчилгээнд орох шаардлагатай 140 мянган хүн бий. Халдвар авсан хүний тоо 450 мянгад хүрчихлээ. Энэ тоо дахиад жаахан л нэмэгдэх юм бол Монгол Улс иргэдээ эрүүл байлгахын тулд маш их мөнгө төлж эхэлнэ. Тиймээс энэ асуудлыг эртнээс шийдэх ёстой гэх зарчмаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Ерөнхий сайдад өргөн барьсан. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр А, В, С, D вирус, элэгний хатуурал, хавдрын эсрэг арга хэмжээнүүд эхэлнэ. Элэгний өвчлөл өнөөдөр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд оччихсон. Тиймээс шийдэхээс өөр арга байхгүй.

-Элэгний вирус эмчилдэг “Харвони” эм гадаад зах зээлд хямд мөртлөө манайд үнэтэй зарж байна гээд байдаг. Үнийг нь бодлогоор буулгаж болохгүй юу?

-Энэ эмийг үйлдвэрлэдэг Энэтхэгийн үйлдвэрлэгчидтэй уулзалт хийсэн. Үр дүнд нь 750 ам.доллараар худалддаг эмийг манайд 450 ам.доллараар нийлүүлэхээр боллоо. Мөн энэ эмийг анхлан санаачилж бүтээсэн Стэнфордын их сургуулийн доктор, профессор, эмч нартай уулзсан. “Харвони” эмийг Монголд үйлдвэрлэх, цаашлаад хамтран ажиллах тухай ярьж эхний ээлжинд 450 ам.доллар гэсэн үнийг 150 ам.доллараар монголчуудад худалдахаар болсон. Нэгэнт гадаад зах зээлээс ийм үнээр оруулаад ирчихвэл эрүүл мэндийн даатгалд тодорхой хөрөнгө суулгаад өгчих хэрэгтэй. Ингэж чадвал 140 гаруй мянган хүн эмчилгээнд хамрагдах боломжтой болно. Ер нь элэг нь өвдсөн хүн эмчилгээ хийлгэхэд маш хүнд байдаг. Эм үнэтэй учраас ах дүү, хамаатан садан нь эдийн засгийн дарамтад ордог. Байнгын хэзээ үхэх бол гэсэн айдастай байна. Сэтгэл санааны дарамтад ч орно. Тиймээс монголчуудыг ийм байдлаас гаргахын тулд уг хөтөлбөрийг санаачилж өргөн барьсан юм. Хоёрдугаарт, Монгол Улс мал аж ахуй, хөдөө аж ахуйн орон учраас малын гаралтай түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээн ажлын байр бий болгох хэрэгтэй. Дотоодын зах зээлээ хангах төдийгүй экспортод чиглэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготойгоор энэ паркийг байгуулах гээд байгаа юм. Ийм парктай болох ажлыг 2008 оноос хөөцөлдөж эхэлсэн. Анх ажлаа эхлүүлж байсан үеэс хойш холбогдох хуультай боллоо, концессын тухай хууль гарлаа. ХХААХҮЯ болон нийслэл хотын захиргаатай хамтраад газрынх нь асуудлыг шийдсэн.

-Хаана байгуулах юм бэ?

-Хурганы сангийн аж ахуй гэж бий. Хан-Уул дүүргийн XIII хороо, Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байгуулахаар болсон. Г.Мөнхбаяр даргын үед аж үйлдвэр, технологийн парк байгуулах хэрэгтэй гээд 50 га газрын асуудал шийдсэн. Э.Бат-Үүл даргын үед мөн хэд, хэдэн асуудал шийдэгдсэн. Одоогоор ТЭЗҮ болон газрынх нь зураг бий болчихсон байна. Хөрөнгө оруулалт, технологийн асуудал яригдчихсан байгаа. Энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Тиймээс Ерөнхий сайдад өргөн барьсан.

-Аж үйлдвэр, технологийн парк яг ямар төрлийн үйл ажиллагаа явуулах юм бэ?

-Малын гаралтай түүхий эдийн анхан болон гүн боловсруулалтын үйлдвэр байх юм. Үүнийг дагаж суурьшлын бүс бий болно. Арьс шир, ноос ноолуурын анхан шатны боловсруулалтыг гүн боловсруулалтад оруулах ёстой. Ингэж ажиллавал манай улсын хэмжээнд жилд нийлүүлж буй 10 сая арьс, 60 мянган тонн ноолуур, 600 гаруй мянган тонн ноосыг иж бүрэн боловсруулна. Үүгээр бид дотоодын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ экспортод гаргах боломж бүрдэнэ. Аж үйлдвэр, технологийн паркийгдагаж 20 гаруй мянган ажлын байр шинээр бий болно гэж тооцоолж байгаа. Зөвхөн нэг жишээ дурдахад, армийн хэрэгцээний гутал, хувцсыг арьс ширээр хангаад явах боломжтой.

-Та ОХУ болон Монгол Улсын парламентын бүлгийн дэд дарга. Энэ жилманай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой болж байгаа юм билээ. Энэ хүрээнд ямар ажил хийх вэ?

-Манай хоёр улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах юмсан гэж зорьж байгаа. Бид мөнхийн хоёр хөрштэйгөө ижил тэнцүү хэмжээнд харьцах ёстой. Багтаамжтай зах зээлд дотоодын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ гаргах юм бол эдийн засгийн хямралаас гарах бас гарцтай болох юм. Бүтээгдэхүүн борлогдож байвал ажлын байраа хадгалж үлдээд зах зээлээ тэлж болно. Мөн технологио шинэчилж, үйлдвэрлэлээ өргөтгөнө. Тиймээс үндэснийхээ аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг хоёр хөршийнхөө зах зээл рүү гаргахын тулд нэлээн идэвхтэй, санаачилгатай ажиллаж байна. Хөрш орнуудтайгаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа сайжруулахын тухайд ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү, Чит, Новосибиркс, Красноярск хотуудад “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнхудалдаа зохион байгуулсан. Энэ жил дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулж “Монгол-Оросын хамтын ажиллагаа-2016” эдийн засгийн чуулга уулзалтыг энэ сарын 27-30-ны хооронд Новосибирск хотноо зохион байгуулах гэж байна. -Энэ үеэр ямар арга хэмжээ болох вэ?

-Манай талаас БХБЯ, ХХААХҮЯ, ЗТЯ, БСШУСЯ, ГХЯ-ныхан оролцоно. Мөн баруун бүсийн Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын удирдлага, 40 гаруй аж ахуйн нэгж, урлаг, спортынхон оролцоно. Энэ үеэр дөрвөн том арга хэмжээ төлөвлөсөн. Хоёр орны залуусын дунд спортын арга хэмжээ, “Талын Монголын аялгуу” хүндэтгэлийн концерт, фото зургийн үзэсгэлэн, “Миний сайхан эх орон” уран зургийн болон калиграффын үзэсгэлэн тус, тус зохион байгуулах гэж байгаа. Мөн “Монголд үйлдвэрлэв” бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохиохоор төлөвлөж байна. Хамгийн гол арга хэмжээ нь “Монгол Улсын эдийн засгийн харилцаа” сэдвээр форум зохион байгуулахаар ажиллаж байгаа. Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, зам тээвэр, хөдөө аж ахуй, барилга хот байгуулалтын чиглэлээр хамтран ажиллах эхлэлийг тавих юм.

-Өнгөрсөн жил БНХАУ-ын зарим хотод “Монголдүйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж иргэд, аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ амжилттай борлуулсан. Иймэрхүү төрлийн арга хэмжээг ОХУ-ын хотуудад зохион байгуулж жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих боломжтой юу-Өнгөрсөн жил БНХАУ-ын Улаан хотод Монголын өдрүүдийг зохион байгуулсан. Тэр үеэр бараа, бүтээгдэхүүний 90 хувь борлогдсон. Бугат хотод очсон иргэд, аж ахуйн нэгж Монголоос авч очсон бүтээгдэхүүнийхээ 95 хувийг борлуулаад ирсэн. Хятадын тал иймэрхүү арга хэмжээг дэмжиж ажилладаг учраас боломж ихтэй. ОХУ руу гаалийн болон тарифын тухай хэлэлцээр хийхгүй бол хэцүү байдаг. Үзэсгэлэн худалдааны бараа, бүтээгдэхүүн авч явахаар өндөр татвар авдаг учраас Оросын зах зээлд нэвтрэхэд хүндрэл гардаг. Үүнийг хоёр Засгийн газрын хооронд яриа хэлэлцээр явуулж шийдэх ёстой. Бидний гол хэрэглэгчид Сибирьт байгаа. Манай улсын үслэг, савхин, арьс ширэн, ноос ноолууран эдлэлийн хэрэглэгчид нь Сибирьт байдаг. Мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн авах сонирхлоо сибирьчүүд илэрхийлдэг. Яагаад гэвэл тэнд зах зээл нь бий. Уралын нурууны ард талд Монголын бараа, бүтээгдэхүүний зах зээл бий учраас тэнд хүрэх замнээж өгөхийг зорьж байгаа. Хил, гаалийн асуудлыг бид шийдэх ёстой. Анхны алхам нь энэ удаагийн форум. Ямар ч байсан сүүлийн 25 жилийн турш зохион байгуулаагүй арга хэмжээ болно гэж тооцоолж байна.

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал улс төрийн хүрээнд янз бүрээр л яригдаж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудлаар нийгэм тэр чигээрээ шуугьж байна. Би нэг зүйлийг л харж байна. МАН анх гарч ирэхдээ хэрвээ бондын мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байвал буруутай этгээдээр төлүүлнэ, хариуцлага тооцно гэсэн. Тиймээс хамгийн түрүүнд “Эрдэнэт”, Хөгжлийн банктай холбоотой асуудлыг сөхөж байна. Засгийн газраас гарсан ажлын хэсэг “Эрдэнэт”-тэй холбоотой мэдээллээ хийсэн. Төрийн мэдлийн 51 хувь үнэгүйдэж, 49 хувь нь удирдлагаа тавьдаг гаж тогтолцоо руу орсон байсан. Үүнийг өөрчилсөн. Хоёрдугаарт, монголчууд 49 хувиа авсан нь сайн. Гэхдээ 49 хувийг ямар аргаар авсан бэ гэдэг эх үүсвэрийг шалгах хэрэгтэй.

Нийгэмд байгаа олон хардлагыг цэгцэлж үнэн мөнийг нь хэлээд өгчих. Буруутан байдаг бол хариуцлага хүлээлгээд явах хэрэгтэй. Ард түмэн үнэнийг мэдэхийг л хүсэж байна. Цагаан дээр хараар бичсэн хуулиа л дагачих. Тэгвэл ард түмэн ойлгочихно. Үнэхээр луйвардаад авчихсан бол буцаагаад дуудлага худалдаанд оруул л даа. Ямар ч байдлаар зохицуулж болно. Яавал Монгол Улсад ашигтай вэ гэдгийг бодох ёстой юм.

-ОХУ-ын тал ямар нэгэн байр суурь илэрхийлсэн болов уу?

-Нэгэнт ОХУ “Эрдэнэт”-ийн 49 хувийг манайд өгчихлөө. Мөнгөө аваад наймаагаа хийчихсэн. Одоо Монголын л асуудал. Бид Оросыг татан оролцуулаад байх шаардлага байхгүй. Одоо манай дотоод асуудал болсон гэсэн үг. Харин дотоод асуудлаа дэвэргээд, буцаад Орост өгөх гэж байгаа мэт зүйл ярих хэрэггүй. Хүн бүрийн хэрүүлийн алим болголгүйгээр, хуулийн дагуу л шийдэх ёстой.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасайхан: Эдийн засгийн ирээдүй болсон эрчим хүчээ өнөөдрөөс л өөрийн болгож авах хэрэгтэй

“Новотерра” компанийн захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

-“Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ямар асуудалд түлхүү анхаарч ажиллав гэдгээс яриагаа эхэлье?

-Хоёр зүйлд анхаарч ажиллалаа. Төрийн өмчит компани гэдэг хэв маяг, уламжлал, тэнд хэрэглэгддэг байсан стандартуудыг яаж олон улсын стандартад нийцсэн, арилжаанызарчмаар ажилладаг бизнес болгох вэ гэдэгт анхаарч ажилласан. Багануур гэж 40 жил ажилласан уурхайг нэг хоногийн дотор өөрчилж шинэчлэх боломжгүй л дээ. Хамгийн түрүүнд хүмүүс нь ойлгож итгэх учиртай. Компани улам сайжирна гэдгийг ухаарч байж үр дүнд хүрнэ. Энэ процесс явж байгаа. Зарим хүний хэлдгээр темасек болгох суурийг тавих ёстой. Тэр суурийг тавих хамгийн гол зүйл бол хүн. Хүн нь ойлгодог, итгэдэг, туршлагатай, чадавхитай байхюм бол шилжилт хурдасдаг. Тэгэхээр хүнээ чадваржуулах хэрэгтэй. Шаардлагатай гэвэл чадвартай хүнийг ажиллуулах учиртай. Ингэхийн тулд хөрөнгийн эх үүсвэртэй байх ёстой. Өнөөдөр Монголд бизнес босгож, удирдаж чаддаг хүмүүс бий. Гагцхүү тэр хүмүүсийг төрийн өмчтэй компаниуд руугаа яаж татах вэ гэдэг л чухал. -Бизнес босгож чадах хүмүүст ажил санал болгоход хамгийн түрүүнд юуг хардаг вэ?

-Тийм хүмүүс олон зүйл хардаг. Очлоо гэхэд засаглалын орчин ямар байгаа, компани шиг байж чадах эсэхийг харна. Аль нэг нь шийдвэр гаргаж, тэрийг нь үг дуугүй биелүүлдэг орчин байвал, өнөө шийдвэр нь арилжааны бус байвал хэцүү. Ийм орчинд чадвартай хүн хэр барагтай ирдэггүй. Бас өнөөгийн зах зээлд үнэлэгдэж байгаа хэмжээний цалин чухал. Үүнийг хийх гэж зорилоо. Хоёр дахь нь гэвэл Оюу толгой. Оюу толгойд шинээр 2000 ажлын байр бий болсон. Хөрөнгө оруулалт нь, ажил нь эхэлчихсэн яваа. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эдийн засагт хамгийн хэрэгцээтэй өсөлтийг авчрах, ажлын байр бий болгох, гадаадын хөрөнгө оруулалт авчрах сайн талтай. Хэрвээ энэ асуудлыг шийдээгүй бол бүх зүйл гацсан хэвээр өнөөг хүрэх байсан. Яг бизнесийн зарчмаар, тоогоо харж, судалгаагаа хийж байгаад шийдвэрүүд гаргасан. Ингэсний хүчинд гүний уурхайн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. 2000 хүн шинээр ажилд авна гэдэг бол эдийн засагт байгаа бодитой жишээ.

-Ирэх жилүүдэд энэ ажлыг л үргэлжлүүлж хийгээсэй гэсэн бодол байгаа байх. “Эрдэнэс Монгол”-ын дараагийн удирдлагын үргэлжлүүлэх учиртай ажил гэвэл та юуг онцлох вэ?

-“Эрдэнэс Монгол”-ыг төслийг эхнээс нь дуустал нь хийдэг, төсөл эхэлсэн бол дуусгаж чаддаг төв болгох хэрэгтэй байгаа юм. Том төслүүдийг Монголд хэрэгжүүлэх гээд үзэж л байна. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаануудаас олон зүйл ажиглагдаж байгаа. Эхлээд анхаарах зүйл бол түрүүн ярьсан хүний чадавхи. Чадвар дутмаг байдаг сул тал бий. Чадвартай хүмүүсийг авч ажиллуулах нөхцөл нь бүрдээгүй байдаг. Сүүлийн 25 жилд Монголд янз бүрийн төсөл хэрэгжүүлж, санхүүжүүлж, амжилттай, амжилтгүй хийсэн туршлагаас судалсан. Энэ компанийн хувьд өнөөгийн хөрөнгийн нөөцөд нь тулгуурлах ёстой гэж үзсэн. Хөрөнгийн нөөц гэдэг нь Багануур, Шивээ Овоо, Таван толгой, Оюу толгой. Эд бол үнэтэй хөрөнгүүд. Үүнийг стандартын дагуу үнэлэх боломж байдаг. Үүн дээрээ үндэслэж хөрөнгө босгож, босгосон хөрөнгөө дэд бүтцийн салбар руугаа оруулах хэрэгтэй. Уул уурхай дээрээ түшиглэж дараагийн алхмаа хийх ёстой, уул уурхайгаа босгож байж бусад салбараа хөгжүүлэх боломжтой гэж ярьсаар ирсэн нь ийм учиртай. Тэгэхээр ингэж хөгжихөд “Эрдэнэс Монгол” чухал үүрэг гүйцэтгэх газар. Хөрөнгөө зөв үнэлж, ашигтай ажиллуулбал асуудал байхгүй. Том зургаар харвал арав, хорин жилийн дараа энэ компани эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх болно. Мэдээж энэ процесс цааш үргэлжлээд явна гэдэгт итгэж байна. Ингэхийн тулд компанийн засаглал их чухал. Өмнө хийж байсан аргаараа бүгдийг хийх гээд байвал ажил урагшлахгүй. Шийдвэрүүдээ зоригтой гаргаж, стандартуудаа эргэлзэлгүйгээр авч хэрэгжүүлээд шилжилтийн үеэ аль болох хурдан хугацаанд давах хэрэгтэй л дээ. Дүлгэнэж суусаар байгаад шийдвэр гаргадаггүй, амжилтад хүрдэггүй, эдийн засагт өгөөж авчирдаггүй маш олон жишээ бий. Ямартай ч бид зам дээр нь гаргачихлаа. Цааш үргэлжлүүлээд явбал тав, зургаан жилийн дараа нэлээд өөр болно. Тав, зургаа ч биш бүр хоёр жилийн дараа өөрчлөлт мэдрэгдээд эхэлнэ.

-Та бүхний эхлүүлсэн ажлыг цааш үргэлжлүүлэхийн тулд төрийн өмчтэй уул уурхайн компаниудад чадвартай хүмүүсийг ажиллуулж байж үр дүнд хүрэх нь гэж ойлголоо…?

-Хүмүүс мэргэжлийн гэж яриад байдаг. Миний хувьд аливаа бизнесийг удирдах чадвартай, туршлагатай, олон улсын янз бүрийн стандартуудыг ойлгодог, хэрэглэж үзсэн хүмүүс байвал асуудал гарахгүй. Багануур, Шивээ Овоо, Таван толгой дээр өчнөөн асуудал ярьдаг. Яг нарийндаа бүх зүйл л хүнтэй холбоотой байдаг. Хүн нь туршлагагүй, мэдлэггүй, чадваргүй бол алдаа гаргадаг. Хаана ч адилхан. Тэгэхээр зөв хүнээ л ажиллуулах хэрэгтэй. Гэхдээ чадвартай, туршлагатай хүн олон түмний тусын тулд гээд зүгээр ирээд ажиллахгүй. Цалин урамшууллыг нь өрсөлдөхүйц хэмжээнд өгөхгүй бол чадвартай хүнээ хулгай хий гэж байгаатай л ялгаагүй юм болно. Олон нийт ч ойлгох хэрэгтэй санагддаг. Иргэд ойлгохгүй бол энэ шинэчлэлгавьтай явдаггүй тал бий. Энэ компани иргэдийн өмч учраас сайн ойлголттой байх хэрэгтэй. Хэрэггүй хэдэн нөхөр өндөр цалин аваад байна гэдэг сэтгэлгээ арилахгүй бол чадваргүй хүмүүсийг авч ажиллуулна л гэсэн үг. Ганц нэг гэрээ нааш нь цааш нь болгоно гэсэн бодлоор ажиллавал үнэ цэнээ бий болгож байгаа хэрэг биш л дээ. Үнэ цэнийг бий болгоно гэдэг огт өөр ойлголт. Өрсөлдөөнтэй орчинд мэддэг, чаддаг юмаа хийж уралдаж байж бий болгодог. Дараагийн хорин жил тийм байх болов уу. Тэгж байж л бид өнөөдрийн байгаа орчноосоо сална.

-Ажлаа өгчихлөө, одоо ямар чиглэлээр ажиллах бодолтой байна вэ?

-Эрчим хүчний салбар бол Монголын ирээдүй гэдэгт анхнаасаа бат итгэлтэй байсан. Одоо ч итгэсэн хэвээрээ. “Салхит”-ыг амжилттай хэрэгжүүлсэн. Дараагийн төслийн хувьд санхүүжилтийн гэрээ нь саяхан зурагдсан Цэций. Санхүүжилт нь шийдэгдчихээд байгаа. Нарны, салхин станцуудын төсөл хэрэгжүүлнэ гээд төлөвлөчихсөн. Ер нь сэргээгдэх буюу цэвэр эрчим хүч Монголын хувьд өндөр боломжтой. Байгаа юман дээрээбүгдээрээ очиж зодолдох биш шинэ бизнес бий болгох хэрэгтэй. Том зах зээл дээр ажиллахыг зорьж байна. Бүс нутгийн эрчим хүчний зах зээл гэдэг бол асар том. Бас бөөн боломж. Технологи нь сайжирч хямдарч байна. Улсуудын эдийн засаг өссөн хэвээр байна. Энэ бүхнийг нийлүүлээд тооцоод үзвэл маш том боломж харагдаж байгаа. Эрчим хүчнээс гадна эрчим хүчтэй холбоотой дэд бүтэц байна. Энэ бүхэн Монголын эдийн засгийн ирээдүй. Ирээдүйгээ өнөөдрөөс л өөрийн болгож авах хэрэгтэй. Тэгэхгүйгээр гомдоллоод суух эрх бидэнд байхгүй. Сүүлийн таван жилд санхүүжилт их өөрчлөгдсөн. Банкууд цэвэр эрчим хүчийг санхүүжүүлнэ гэдэг болсон. Тэр бүхэнд бид дасч зохицох хэрэгтэй. Бүх шаардлагыг нь биелүүлдэг байх хэрэгтэй. Миний сурсан мэдсэн, талхаа олж иддэг салбар энэ л дээ. Тэнд байгаа мөнгийг яаж энд байгаа төсөл рүү авчрах вэ гэдэг бол миний ажил. Төсөл хэрэгжээд эхлэхээр орлого бий болно, татвар төлнө. Татварт өгсөн мөнгөөр сургууль цэцэрлэг барина. Үнэ цэнэ гэдэг зүйл тэгж л бий болдог.

Ц.БаасансҮрэн

Categories
мэдээ цаг-үе

Н.Учрал: Нийгмийн аль ч салбарт хатуу хяналт, шалгалтууд хэрээс хэтэрлээ

Намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар ямар, ямар
асуудал хэлэлцэх вэ?

-Намрын чуулганаар юун түрүүнд 2017 оны төсвийг хэлэлцэнэ. Бүх л
тойргоос сонгогдсон гишүүд өөрсдийнхөө тойрогт хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна.
Шаардлагатай байгаа цэцэрлэг, сургууль, дэд бүтцийн асуудлаа шийдүүлэхийн төлөө
ажиллаж байгаа. Гэхдээ ирэх жилийн төсөвт бид бодсоноороо хөрөнгө суулгаж чадахгүй.
Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Гэсэн ч шаардлагатай олон ажил урагшилж
байх ёстой. Гол нь төсвийн зарлагыг бууруулж өгөхгүй бол болохгүй байна. Төсвийг
захиран зарцуулж буй хүмүүст эрх нь байдаг учраас орон тоогоо багасгахын оронд бага
цалингаар олон хүн ажиллуулаад байдаг. Ингэж төрийн бүтцийг данхайлгаад байгаа юм.
Тэгэхээр бүх салбарт орон тооны нормыг тогтоож өгөх хэрэгтэй байна. Өнөөгийн нийгэмд
зохицуулалт хийж өгөх хэрэгтэй. Ингэж чадвал төсвөө хэмнэх гарц харагдаж байна.
Төсвийг хэмнэж байж л хөрөнгө гаргаж авахгүй бол заавал хэрэгжүүлэх шаардлагатай
ажил зогсох гээд байгаа. Миний хувьд бүтцийг цомхон болгох тал дээр хэд хэдэн санал
боловсруулсан. Тухайлбал, суманд байгаа төсвийн байгууллагын санхүүгийн аппаратыг
нэгтгэх боломж харагдаж байна. Мөн багийн иргэдийн хурлын даргын нэмэгдлийг зогсоох
шаардлага бий. Татвар нэмэх тухайд хамгийн түрүүнд газрын асуудлыг судалж үзмээр
байгаа юм. 0.07 га газрыг нэг иргэнд биш, нэг өрхөд эзэмшүүлдэг болмоор байна. Тэгэхгүй
бол өнөөдөр уул болгоны амыг хашаад авчихаж. Их хэмжээний газар эзэмшиж буй иргэдээс
өндөр татвар авдаг болох хэрэгтэй.

-Ээлжит бус чуулганы үеэр Засгийн газраас татвар нэмэгдүүлэх хуулийн
төсөл оруулж ирэхэд УИХ-ын гишүүд дэмжээгүй шүү дээ?

-Үнэхээр шаардлагатай тохиолдолд татвар нэмэх ёстой. Хүн амын орлогын
албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг ард иргэдийн халаас руу өнгийсөн
татварын хэлбэрийг оролдмооргүй байна. Харин Зайсан зэрэг уулын аманд том том газар
аваад хашчихсан хүмүүсээс татварыг нь авах хэрэгтэй. Мөн өндөр цалинтай хүмүүсээс
татвар ахиу авахад болохгүй гэх зүйлгүй.

-Хэрэгжүүлж чадах болов уу?

-Саналуудаа тусгаад дуу хоолойгоо хүргээд явъя гэж бодож байна. Миний
сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд цэцэрлэг, сургуульгүй хороо байна. 10
мянган хүнтэй хороо нэг ч сургууль, цэцэрлэггүй байна шүү дээ. Газрын асуудал мөн
хөндөгдөж байгаа. Дээрээс нь дахин төлөвлөлтийн олон асуудал яригдаад байна. Тэгэхээр
сургууль, цэцэрлэгтэй болох асуудлыг ямар нэгэн байдлаар ирэх оны төсөвт суулгаж
өгөхгүй бол болохгүй. Гэхдээ манай дүүргийнхэн улсын төсвийг харж суухаас илүүтэй
гадны хөрөнгө оруулалтууд хайж л байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын
газар тухайн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ хамтраад 50 сая еврогийн урт
хугацааны зээл авахаар хөөцөлдөж байгаа. Унгарын хөгжлийн агентлагтай энэ талаар
ярилцаад одоогоор санамж бичигт гарын үсэг зурчихлаа.

-Ээлжит бус чуулганаар буцаагдсан хуулиудыг намрын чуулганаар хэлэлцэнэ.
Өмнөх парламентын үед ёсчлоогүй байсан хуулиудыг дахин хэлэлцэнэ биз дээ?

-Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокуроын байгууллагын тухай,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүү, зөрчлийн
тухай хуулиуд өмнө нь ёсчлогдоогүй байсан. Буцаагдсан учраас процессынхоо дагуу
дахин орж ирж байна. Өмнөх парламентын хууль хэдий ч шинэ гишүүд батална. Тиймээс
дахин хэлэлцүүлж явах нь зөв. Хамгийн гол нь энэ болгоныг улстөржүүлэх хэрэггүй.
Ёсчлоогүй, Төрийн мэдээллийн эмхэтгэлд хэвлээгүй учраас дахин хэлэлцэхээс өөр аргагүй.
Хэлэлцээд батална.

-Хэлэлцэх асуудал дунд ач санах тухай хууль гэж байна лээ. Энэ ямар
учиртай хууль юм бэ?

-Насны хишиг тэтгэврийн хуультай холбогдуулаад Ач санах тухай хууль
орж ирж байгаа. Би чуулган эхлэхээс өмнө тойргийнхоо сонгогч олонтой уулзаад ирлээ
л дээ. Иргэд Насны хишгийг тэтгэврийн зөрүү арилгахтай холбож өгөөч гэж байна. Хуучин
нийгэмд хүмүүс ажлын зургаан өдөртэй байсан. Улсад олон жил хөдөлмөрлөчихөөд
200 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон байдаг. Тухайн үедээ мөнгөний ханш чанга
байхад болдог байсан бол өнөөдөр амьдралд нь хүрэлцэхгүй байна. Гэтэл сүүлийн хэдэн
жил тэтгэвэрт гарч буй хүмүүс дор хаяж дөрөв, таван зуун мянган төгрөгөөр тогтоолгож
байгаа. Тиймээс энэ зөрүүг тооцож үзэх хэрэгтэй болчихож. Ялангуяа Насны хишгийг
олгохдоо доороос нь шаталж олгоё гэж бодож байна. Одоогийн байдлаар 70 настай хүнд
100 мянга, 80 настайд 200 мянга, ерээс дээш настайд 300 мянган төгрөг олгохоор яригдаж
байгаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх учраас нэлээн анхаарал хандуулна гэж бодож
байна.

-Боловсролын зээлийн сангийн тухай хууль орж ирж байгаа. Та өмнө
нь боловсролын салбарт ажиллаж байсан. Уг хууль хэрэгжсэнээр боловсролын салбарт
ямар сайн үр дүн гарах бол?

-Уг зээлийн санд 101 тэрбум төгрөг байршуулъя гэж ярьж байгаа. Үүнээсээ
20 тэрбумыг оюутны тэтгэлэгт буюу 70 мянгад зориулна. Харин дараа жилээс оюутнууд
дээрх сангаас зээл авдаг болох юм. Их зөв хууль орж ирлээ гэж харж байгаа. Ер нь
манай оюутнууд төрөөс 70 мянган төгрөг авснаар сайжирсангүй. Харин ч бэлэнчлэх сэтгэлгээтэй,
хариуцлагагүй болсон. Зүгээр өгч буй, үнэгүй зүйл ямар ч хүнийг бэлэн зүйлд дуртай
болгодог. Харин зээл хэлбэрээр олгосноор оюутнуудын хандлага өөрчлөгдөнө. Эргэж
төлөх мөнгө учраас ядаж л хичээлдээ мэрийж эхэлнэ. Нөгөө талаасаа төр тэдэнд зээл
олгосон учраас мөнгөө буцааж олж авахын тулд сургуулиа төгсөх үед нь ажлын байраар
хангах юм. Тэгэхээр төгсөж буй оюутнуудыг ажлын байртай болгох үүргийг төр хүлээнэ.
Залуусыг ажилд авч буй компаниудыг төрийн зүгээс дэмжих хэрэгтэй. Энэ зээлийн сан
бий болсноор цаашид оюутны ажлын байрыг давхар бий болгох суурийг тавьж өгнө. Ер
нь их сайн судалгаатай, хөрсөн дээр наалдах хуулиуд орж ирж байна. Манайд хууль
гардаг, хэрэгжих гэхээр амьдралд нийцдэггүй. Хууль амьдралтай байх ёстой. Органик
хууль гэдэг юу юм бэ гэхээр батлагдсан хууль амьдрал дээр хэрэгжих бололцоотой байхыг
хэлж байгаа. Ард иргэдийн дунд ямар асуудал байна вэ гэдгийг сайн судалсан, гадны
жишгийн ололттой саналуудыг тусгасан ийм хуулиуд батлах ёстой. Тиймээс ер нь УИХ-аар
хэлэлцэж буй хуулийн төсөлд анхаарал хандуулж, дуугаръя гэж бодож байгаа. Би өөрөө
эрхзүйч мэргэжилтэй хүний хувьд парламентыг мэргэжлийн байх ёстой гэж боддог.

-Та Монголын залуу багш нарын холбооны тэргүүн. Багш нарын баярын
үеэр салбарынхантайгаа уулзсан байх. Ямар асуудал тулгарч байдаг юм бол?

-Багш нар онцгой нөхцөлд ажилладаг. Байнгын дуу чимээ ихтэй. Орчин
нөхцөлийн хувьд ч онцгой нөхцөл гэж хэлж болно. Гадны жишгийг анзаараад байхад олон
хүүхэдтэй ангид заавал туслах багш байдаг. Манай багш нар бүх зүйлийг ганцаараа
болгож байна. Багшийн нөхцөл онцгой нөхцөл мөн үү гэдгийг тодруулж судлахын тулд
Стандарт, хэмжил зүйн газар руу бичиг явуулах гэж байгаа. Багш нар орчин нөхцөлийнхөө
тухайд гомдолтой байдаг. Чимээ шуугиан ихтэй орчинд хүүхэд бүртэй тулж ажиллана.
Дээрээс нь байнга шохой хэрэглэдэг. Тиймээс багш нарыг онцгой нөхцөлд ажилладаг
гэдгийг нь тодорхойлоод өгчихвөл нэмэгдэл авах юм. Ийм гарц бий. Төсөв мөнгө хүнд
байгаа үед заавал шийдэх албагүй. Яваандаа багш нарт маань хэрэгтэй. Ер нь багш
нартай уулзахаар нийгмийн асуудал л ярьдаг. Орон сууцанд оръё гэхээр цалин нь хангалтгүй.
Хуучин дэвтэр засалтын мөнгө авдаг байсан бол одоо тийм нэмэгдэл байхгүй. Миний
хувьд боловсролын салбарт нэг л зүйлийг бий болоосой гэж хүсдэг. Юу вэ гэхээр хүүхдүүдийг
сургуулиар нь ангилдаггүй болгомоор байна. Лаборатори, энгийн сургууль гэхчилэн
маш олон зиндаатай болчихож. Хүүхдүүдийн дунд шилдгүүдийн сургуульд, тааруухан сургуульд
сурдаг гэсэн зааг гарчихсан байна. Гэтэл өнөөдөр Японд ямар ч хүүхэд гэртэйгээ ойр
сургуульд л ордог. Бүх сургууль нь ижил стандарттай. Анги танхим, спорт заал, багш
нар, сургалтын хөтөлбөр нь ялгаагүй. Харин манайд эсрэгээрээ байгаа. Хүүхдүүд сургуульдаа
явахын тулд өдөрт хэдэн цаг зарцуулж байгаа билээ. Эцэг, эх нь хүүхдээ аль гайгүй
сургуульд оруулах гэж хичээж байна. Ингэж хүүхдүүдийг ангилдаг болсон.

-Ялангуяа хотын төвийн сургуульд сурах, захын сургуулийн сурагч байх
хоёр хоорондоо маш их зөрүүтэй болчихсон юм шиг байна лээ?

-Бодит амьдрал дээр тийм л байгаа. Сургуулийн зиндаа, зэрэглэлийг
нэг түвшинд аваачих ёстой. Монгол Улсын дунд сургуулийн хөтөлбөр нэг л стандарттай
баймаар байна. Сургуулийн спорт, урлагийн заал ижил байхыг улс шийдэж өгөх хэрэгтэй
байна. Наад захын жишээ хэлэхэд л Сонгинохайрхан дүүргийн ихэнх сургууль өдрийн
гурван ээлжтэй хичээллэж байгаа. Ийм байхад сурагчид сургууль дээрээ бие дааж хичээллэх
талаар бодохын ч хэрэггүй болоод байгаа юм. Багшийн ачаалал бас хэт их болно. Энэ
асуудлыг л шийдэж өгмөөр байна. Их, дээд сургуулийн тухайд улсынхыг хувьчлахгүй
гэсэн байр суурьтай байгаа. Мөн боловсролын магадлан итгэмжлэлийг анхааралтай ажиглаж
байна. Уг нь магадлан итгэмжилсэн байгууллага тухайн сургуулийн ажлыг сайжруулдаг
байх ёстой. Үндсэн чиг үүрэг нь сургуулийн хөтөлбөрийг сайжруулахын төлөө ажиллах
шүү дээ. Шалгадаг байгууллага биш. Гэтэл өнөөдөр магадлан итгэмжлэлийн байгууллага
Мэргэжлийн хяналтынхны хянаж, шалгадаг ажлыг хийгээд байдаг. Манай нийгмийн аль
ч салбарт хатуу хяналт, шалгалтууд хэтрээд байна. Бүх түвшиндээ шалгалттай. Бие
биенийхээ ажил руу хошуу дүрсэн нөхцөл байдлыг цэгцлэх ёстой.

-Гуч гаруй мянган багш тэтгэвэртээ сууж байгаа. Гэтэл байшин бүрт
нээгдсэн өдөр өнжүүлэх төвийг мэргэжлийн бус хүн ажиллуулж байх жишээтэй. Тэтгэвэртээ
сууж буй, ажил хийх боломжтой багш нарыг ашиглах ямар боломж байна вэ?

-Тэтгэвэрт суусан багш нараар гэрээр хичээл заалгах, хичээлийн хоцрогдол
арилгуулах тал дээр ашиглаж болно. 55, 60 настай хүмүүс чинь залуу шүү дээ. Тэд
гэртээ суугаад юу хийх юм бэ. Ихэнх нь хувийн сургуульд багшилж байгаа. Монголын
төр хэрэгцээтэй хүмүүсээ хэт эрт хөөж явуулчихаад байна. Уг нь 65 настайдаа тэтгэвэрт
гарах хүсэлтэй хүмүүс бий. Жишээлбэл, багш нар 65 хүртлээ ажиллах боломжтой гэж
бодож байна. Тэтгэврийн насыг 55, 60-аар хавтгайруулах биш салбар бүрийн онцлогт
нь тааруулж харилцан адилгүй болгомоор байгаа юм.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Цээпээ ахын сургууль

Нэг. ХҮНИЙ НӨМӨР

1980 онд миний найз нарын “бүтэц” өөрчлөгдлөө. Өмнө нь би ангийн нөхөд, халиад л дээд, эсвэл доод ангийн ганц нэг хөвүүнтэй нөхөрлөдөг байв. Гэтэл их сургуулийн оюутан болсноор насаар бараг л үе мултарсан ах, эгч нартай нэг ангийн нөхөд болдог юм байна. “Наадаж өссөн багын нөхөд минь Насаараа нэгэндээ ангийн хүүхэд ээ” гэж дуунд гардаг шиг бид дорхноо л үе тэнгийнхэн мэт дотнослоо. Арван наймтай хөвүүн гучин тавтай ахтай анд бололцлоо.

Тэр үед дээд сургуулийн өдрийн ангид элсүүлэх насны дээд хязгаар 35 байсан юм. Тэдний заримын хүүхэд биднийг дипломоо гарддаг жил 10 дугаар ангиа төгсгөж байсан даг. Залуу насаа үдэн алдаж байсан ах эгч нар бидэнтэй нийлээд залуужиж, хүүхэд зантай болж байгаагаа гайхдагсан. Харин бид тэднийхээ нөлөөгөөр хэрсүүжин амьдралын хөлгүй далайд янз бүрийн алхмуудаа хийж байлаа. Хүний нөлөө янз бүр ээ. Зарим нь амьдралын ээдрээт өнгийг эртээс таниулж, “эр хүн” болгохыг чухалчилж байхад нөгөө зарим нь гашуун нясуун юманд хөөрхөн дасгалжуулна.

Бас нэг нь “элээсэн оймс”-ныхоо тоогоор ахархаж, зааж удирдахыг үүргээ гэж итгэнэ. Гэтэл дараагийнх нь бидний орь залуу ертөнц рүү эргэн уусч, хүүхдэрхүү хонгор зан чанарууд нь сэрж, баяр баясгаланд умбана. Ийм ах нарын нэг нь Цээпээ буюу Ш.Цэрэнпил байлаа. Гэр бүл үр хүүхэдтэй, өрх айлыг толгойлж явсан тэрээр дан хар толгойгоо даасан биднийг бодоход олон хариуцлага үүрсэн хүн байв. Ухаандаа төвийн сонинуудад байнга мэдээ сэлт бичнэ. Биднийг ч бас ингэхийг “уриалж” таван цаасны шагнал нь оюутан хүнд хэрэг болно” гэж ятгадагсан. Зарим нь түүнийг эргүүлээд гоочилно. Хэл амаараа гүйцэгддэггүй Ерэнтэй нэг удаа “Та нар Цэрэнпил шиг мэдээ бичиж баяжигтун” гэж хэлснээсээ болоод мань хоёр сүрхий тар тур хийж билээ.

Бас биднийг авьяастай гэж их магтана. Энэ магтаалд нь би их дуртай байсан боловч зарим нэг хэлдэг үг нь дургүй их хүргэнэ ээ.

Нэг удаа би хичээлээ таслаад ангийнхаа нэг ахтай хөдөө яваад ирэв ээ. Сайхан аялал байсан л даа. Тэгсэн чинь мань Цэрэнпил хэлж байна аа.

-Энэ хүүхэд ирэх хавар цэрэгт явжээ, хөөрхий. Хичээл тасалдгаас нь л явуулдаг юм чинь. Харин цаадах чинь бол цэргийн нас хэтэрсэн хүн юунаас айх билээ. Ингээд сэтгүүлч болох хайран сайхан мөрөөдөл талаар болох нь тэр дээ гэх нь тэр.

Миний уур хүрсэн гэж жигтэйхэн, шууд л намайг харааж байна. Бидний сайхан нөхөрлөлийн дундуур хатгаас хийж байна гэж тусгасан. Бодох тусам уур хүрээд, тэгэхдээ үнэн санагдаад. Үнэн санагдах тусам хор хөдлөөд.

Харамсалтай нь намайг гомдоосон Цэрэнпилийн үг үнэн санагдаад гачлантай байлаа. Үнэхээр л дээд сургуулиуд жаахан залхсан нөхдөө цэрэгт явуулдаг, гурван жил албаа хаагаад эргэж ирж суралцах нь сурдаг, үгүй нь үгүй байсан юм. Ялангуяа манай сэтгүүлзүйн салбар шиг заримдаа жил өнжиж элсэлт авдаг, заримдаа бүр хаагдчихдаг ангид эргэж ирж суралцах гэдэг үнэхээр эргэлзээтэй зүйл байсан юм. Ингээд би жаахан олигтой байх талаар юм бодох хэрэгтэйг сүүлдээ ухаарсан.

Гашуун үгт ах бид хоёр үргэлжлэн улам сайхан нөхөрлөх боллоо. Тэр ганцхан гашуун үг ч хэлдэг хүн биш. Магтаалаа ч хайрлахгүй. Манийгаа дагуулаад энд тэндхийн найз нартаа их магтана. Их авьяастай гэхдээ хариуцлагагүй нөхөр гэж шүүмжилнэ.

Цэрэнпил биднийг “идэвхтэй байж төвийн сонинд юм бичиж өөрийгөө таниул. Сургууль төгсөхөд чинь чамайг авах магадлалтай. Сургуулиа төгсгөөд хотод л үлдэх хэрэгтэй. Хөдөө явбал хайран сайхан авьяас чинь зэвэрнэ” хэмээн их ятгадагсан. Мануус түүнийг нь “уг нь үнэн үг” хэмээн дэмжих боловч дагадаг хүн ховор байж дээ. Ингээд Их сургуулийн он жилүүд нэг л мэдэхэд өнгөрч төвийн хэвлэлд мэдээ сурвалжлагаас эхлээд юм юм тасралтгүй бичиж байсан Цэрэнпил ах “Үнэн” сонинд хуваарилагдан хотод үлдлээ. Түүнтэй үргэлж арсалддаг ч сайн найз нь байсан Ерэнтэй “Тоншуул”-д юм бичсээр байгаад тэндээ бас үлдэв. Харин төвийн хэвлэлд шүлгээ гаргаж байсан миний бие хөдөө явахдаа туллаа. Учир нь бүх юмаа шүлэглэдэг, эсвэл шүлэгчийн орон тоотой газар хотод байсангүй.

Гэтэл улсын шалгалтын өмнөхөн амьдралын нэгэн эргэлт таарч миний бие сургуулиа төгсгөж чадсангүй ээ. Жилийн чөлөө авчихлаа. Үнэн сонины сурвалжлагч болсон “хөгшин” анд маань надаас харилцаагаа тасалсангүй. Чехийн “Консул” гэдэг машинаар цохисон жижиг үсэгтэй олон захиа нь надад байдаг. Тэр үед бид хоёр шиг таваас арван хуудас захиа бичилцдэг хүн ховор байсан буй заа. Тэрээр Үнэн сонины эрхлэгчээр томилогдоод удаагүй байгаа Л.Түдэв гуайг авьяас билиг боловсрол тэгш төдийгүй шинэлэг сэтгэлгээтэй, залуусыг зоригтой дэмждэг хүн хэмээн их магтана.

Ингээд зогсохгүй чамайг их авьяаслаг хүү тэнд байгаа хэмээн нэг бус удаа эрхлэгч Түдэвт магтсан гэдгээ мэдээлдэг байлаа. Ингээд хойтон жил нь сургуулиа дүүргэж дипломоо амжилттай хамгаалсны дараа Цэрэнпилийн өгсөн “мэдээлэл”- ийн мөрөөр Л.Түдэв эрхлэгч намайг дуудан уулзаж билээ.

Мэдээж Л.Түдэв өөрийн хэмжүүр үнэлэмжтэй, ланжгар амьтан байлаа даа. Ингээд удалгүй би тэнд Түдэв гуайн цуглуулсан залуус болох С.Цацралт, С.Батмөнх, Ш.Батмөнх, Д.Батмөнх, Д.Цэрэнжав нарын эгнээнд очиж “Үнэн” сонины алтан гэж болох үед ажиллаж байлаа. Захиалга нь тэр үеийн “Үнэн” сонин шиг 200.000 хувьд хүрсэн хэвлэл одоо болтол манай түүхэнд гараагүй л байна.

Диплом хамгаалахынхаа өмнөхөн би Сэлэнгэ аймаг дахь “Үнэн” сонины сурвалжлагч Цэрэнпилийнд очиж хэд хоног амарлаа. Цээпээ ах эрх мэдлээ ашиглан намайг анх удаа хилийн дээс алхуулсан нь Хиагт орж үзсэн явдал байв. Хүүхдүүд нь “Энэ ах манай төрөл биш байж яагаад манайд хоноод байгаа юм бэ” гэж асуусан гэдэг.

Хоёр. ИЧГҮҮР ДУНДААС ТАСАРСАН БАХАРХАЛ

Ш.Цэрэнпил манай үеийн ахмад сэтгүүлч. Нас ахмад хүмүүс “манай үеийн” гэж хэлэгдэж явах нь олонгүй. Үргэлж шинэчлэлийг хайж, шинэ үеийнхэнтэйгээ нөхөрлөж явдаг хүн цаг үеэсээ хоцордоггүй аж.

Манайхан мэднэ дээ нэг тийм, туршлага дурсамж хоёроос өөр юмгүй болчихсон улс байдаг даа. Тэд ямар дарамттай байдаг гээч. Ярьдаг юм нь багадаа амсаж, эдэлж, туулсан бэрх амьдрал. Магтдаг юм нь “өөрийг нь оруулаад өөрийнх нь үеийн гэх мундагчуулын баатарлаг зам, дундрахгүй авьяас” гээч юм. Голдог юм нь “одоогийн авьяасгүй, хатуужилгүй” залуус. Нэг ийм нөмөр нөөлөг гэхээсээ дарамт болсон ахмад үе байдаг даа.

Ийм үеийг л Цэрэнпил надтай танилцсан цагаасаа эхлэн шоолдог, тэднээс зайлсхийдэг нэгэн байсан. “Үнэн” сонинд байхдаа ч тэр хамгийн зоримог, хурц шүүмжлэлтэй юм бичдэг сэтгүүлчдийн нэг байлаа. Сэлэнгэ аймагт байхдаа аймгийн нэг томоохон даргыг хатуухан шүүмжилж бичсэн юмдаг. Тэр үед ер нь бол манаач, цэвэрлэгчээс дээш хүнийг шүүмжлэхдээ болгоомжилдог, дарга нарыг шүүмжлэх гэхээр давхар нам засгийг шүүмжилсэн асуудалд унагаачихдаг хэцүү үе байсан. “Үнэн” сонин гагцхүү Түдэв гуайн эр зоригийн хүчээр нэлээн тийм эрэлхэгдүүхэн байдалтай байсан цаг.

Ер нь одоо ч гэсэн сонины эр зориг гэдэг ерөнхий эрхлэгчийн эр зориг хэвээрээ байгаа. Миний удирдлага, манай дарга нар намайг хамгаалж чадна гэсэн итгэлтэй сэтгүүлч л төр засаг, хүчирхэг бүлэглэлийн булхайг илчлэх зоригтой байдаг билээ. За энэ ч яах вэ.

Гол нь манай Цэрэнпилд шүүмжлүүлсэн тэр дарга төрийн том одон авах бэлтгэлээ хангаад байсан юмсанж. Гэтэл сонин дээр шүүмжлүүлсэн гээд одонгийн оочер нь ухарчихжээ. Ингээд зогссонгүй мөнөөх одонгоос хоцрогч дарга чинь “Үнэн” сонины ажилтнуудын хувь заяаг шийдэлцдэг нэг даргын маань хамаатан байсан юмсанж. Ингээд Цэрэнпилээс хариугаа тэд нэлээн тойруу замаар аваад Дорноговь руу хөөгөөд явуулчихсан юмдаг. Ерэнтэй бид хоёр Цээпээ ахынхыг Сибирийн хөвчийн өмнө үзүүрээс Говийн их цөлийн ар луу төмөр замаар нүүлгэлцэж, ганц нэг юм хуваан, өнөө айхавтар даргыг ханцуй дотроо зүхэцгээн салж билээ.

Бид уулзахаараа л нам засгаа муулна. Тэр үед “нам засгаа муулах” гэж тусгай нэр томьёо байсан. Энэ нь итгэлтэй хүмүүс сэмхэн нийлээд нууцгайгаар засаг төрөө магтахгүй юм ярихыг хэлж байгаа юм. Удалгүй ардчилсан хувьсгал гарлаа. “Үнэн” сонины залуус мөр мөрөө хөөн одоцгоосон. Цэрэнпил ардчилсан хувьсгалыг талархан угтсан ч “Үнэн” сониндоо нэг хэсэгтээ байлаа.

Түүний үеийнхэн ихэнхдээ зах зээл, ардчиллыг халуунаар хүлээн авч чадаагүй ба “Ардчилсан холбооны хулигаанууд, Алт дилерийн луйварчид, Зориг эрлийз, Элбэгээ хулгайч” гэж олдсон цаасныхаа хэрээр сараачсан, шагнал гавьяа ч чамгүй хүртсэн. Харин тэд ардчилал зах зээлийн буяныг хамгийн түрүүн хүртсэн, хамгийн эхэнд тарга хүч гүйцсэн боловч шинэ үеийг улам л харааж, эсвэл хараалгах ажлыг санхүүжүүлж байсан даа.

Уул нь Будда багш “Олсон орлогынхоо арван хувийг буян үйлдэхэд зориул” гэж захисан гэдэг. Харин тэд олсон орлогынхоо арваас дээш хувийг, олдсон эрх чөлөөнийхөө хориос дээш хувийг өөрт нь энэ бүхнийг авчирсан ардчилсан хувьсгал ба түүний хүүхдүүдийг зүхэхэд зориулж байсан юмдаг. Тэд өөрсдөө ч яахав зөв юм хийсэн гэж итгэсээр одоцгоох биз. Харин үр ач нь аавыгаа, өвөөгөө дурсаад, ийм гавьяат тийм одонт хүн байсан, бичсэн юм нь энэ гээд гаргаад ирэх гэхээр л дандаа ирээдүй рүүгээ цацсан шороо, үсэргэсэн шүлс нь нүдний булай болж гарч ирээд бөгс улайна гээч болох байх даа. Ингээд үеийнхнийхээ өмнө түлэгдэхгүйн тулд тийм өвөөтэй гэдгээ нууж явах байх даа. Хувь тавилан ч хүнээр хөөрхөн тохуурхдаг золиг л доо.

Харин Цэрэнпил өөрийн үе насны сэтгүүлчид дотроосоо ардчилсан хувьсгалыг халуунаар тосон авсан олонгүй хүний нэг нь. Тэр ардчилсан холбоонд элсч, Ху намын улаан батлахаа урж шидэж зориглоогүй ч гэсэн айсуй цагийн өөдөөс шороо цацаагүй билээ. Тэр хичнээн дургүй байсан ч салхи сөрж нулимж болохгүй гэдгийг мэддэг хүн юм. Хуучин юм үргэлж гологдож элэгдэж, хүссэн хүсээгүй шинэдээ зайгаа тавьдгийг тэр идэр залуугаасаа мэдэрсэн байсан. Ардчилсан хувьсгалын удирдагчдыг өөрийн үе насныхан дотроос хамгийн анх магтан бичиж байсан хүний нэг нь Цэрэнпил байлаа.Баабарын тухай бичсэн түүний хөрөг нь тухайн үеийнхээ шилдэг сайн нийтлэлд ордог. Цэрэнпил удалгүй төвийн голлох хэвлэл “Ардын эрх” сонинд шилжин ирж тоймчоор ажилласан юм. Өөрийнхөө араас түрэн ирсэн залуустай дахин мөр зэрэгцэж ирсэн нь энэ байлаа. Цэрэнпил ах өнөө үеийн сэтгүүлч, сайн бүтээлүүд нь өнөөдөр ч гарч байгаа учраас нийтэд танил хүн. Түүний сайныг нотлохын тулд “тээр жил нэг гоё юм бичиж билээ” хэмээн архив ухалтгүй, одоо бичиж байгаа юмыг нь харчих хэрэгтэй.

Цээпээ ахтай нөхөрлөсөн он жилүүд намайг хоёр юманд сургажээ. Нэгдүгээрт, араасаа түрэн ирж байгаа шинэ үеийг сонсч, тэднийг хамгийн түрүүнд ойлгож дэмжих явдал. Шинэ үеэ ойлгохгүй байгаа бол чиний хоцрогдол болохоос, тэдний буруу биш. Туршлага хуримтлуулна гэдэг нэг талаасаа шинэчлэл төгсөхийн тэмдэг. Цэрэнпил ингэж ухааран миний үетэй нөхөрлөсөн, биднийг бас ингэхийг зааж үлгэрлэдэг.

Миний амьдралд хувь заяаны ивээл, сайн үйлийн үрээр учирч дэм өгсөн олон сайхан хүн байдаг. Тэдний нөмөр нөөлөг л хээр талын цулгуй хаваржаанд малчны гэрт төрсөн хүнийг өдий зэрэгт өөд татжээ. Тэдний нөмөр надад бас нэг зүйл сургасан юм. Энэ нь шинэ үеийнхнийхээ сайхан чанаруудыг олж харж, дэмжиж тэтгэж байх явдал. Хүн тийм үүрэгтэй төрдөг юм шиг байгаа юм. Цэрэнпил ахын нөмөр над ингэж хэлээд байдаг. Одоо юм юм өөр болж. Гэхдээ л хүнд хүний нөмөр хэрэгтэй байдаг. Ялангуяа авьяаслаг чадварлаг залуусыг дэмжихэд урамтай.

2007 оны арванхоёрдугаар сарын 26.

Зохиогчоос: Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн дүр төрхийг бий болголцсон сэтгүүлчдийн нэг Ш.Цэрэнпил маань бурхны оронд одоод олон жил өнгөрчээ. Дээр толилуулан буй өгүүлэл ч бичигдээд удсан бөлгөө. Тэнгэрт хальсан анд нараа дурсах сайхан ч тэд маань магтаал зэмлэлийн алийг ч сонсон дуулахгүй оронд одсон гэдгийг санахад гашуун. Харин энэ бичлэгийг бурхан болооч амьд сэрүүндээ уншиж, талархал дүүрэн харцаар ширтэж байсныг санахад сайхан байнам.

Б.ЦЭНДДОО

Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба-Очир: ОУВС хатуу шаардлага тавих юм бол түүнээс татгалзах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.

-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудал хүчтэй яригдаж байна. Орхон аймгаас сонгогдсон гишүүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ сонгуулийн өмнө болсон асуудал. Би Эрдэнэтийнхээ иргэдийг маш сайн ойлгож байгаа. Миний хувьд ажил, амьдралын гараагаа энэ л хотоос эхэлж байсан юм. Цаашлаад “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар нь хүртэл ажиллаж байсан хүний хувьд үүнийг маш анхааралтай ажиглаж байна. Уг үйлдвэрийг дагаад өнөөдрийн Эрдэнэт хот бий болсон түүхтэй. Тэр утгаараа бүхэл бүтэн улсыг тэжээгээд явж ирсэн үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банк гээд нэг байгууллага тэр тусмаа нэг хувь хүн авсанд эрдэнэтчүүд эмзэглэж байгааг хамгийн ихээр ойлгож байгаа.

Хоёрдугаарт, тойргийн маань иргэдийг айдаст автуулаад байгаа зүйл нь цаашлаад бид ажилтай байх уу, үгүй юу гэдэг асуудал болоод байна. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэр хувийн хэвшилд оччихвол янз бүрийн дэмжлэг, ажилчдын хангамж алга болох вий гэдэгт санаа зовж байгаагаа хэлсэн.

-Гэхдээ л “Эрдэнэт” үйлдвэр Монголын талд 100 хувь шилжээд ирчихлээ шүү дээ?

-Мэдээж монголчууд 100 хувь эзэмшихээр болсонд талархалтай хандаж байгаа. Үүний сацуу 49 хувийг хэрхэн авсан гэдэг нь тодорхой болох ёстой. Энэ хувийг хуулийн дагуу авсан уу, ямар замаар явсан бэ гэдгийг нь шалгуулахаар УИХ-ын гишүүн О.Содбилэг бид хоёр Ерөнхий сайдад хандаж байгаад дөрвөн сайдаас бүрдсэн ажлын хэсэг гаргуулсан. Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх юм билээ. Ямартай ч эхний ээлжинд дүгнэлт гарчихсан.

-Яг ямар дүгнэлт гарсан юм бэ?

-Засгийн газрын хуралдаанаар орж баталгаажих тул одоохондоо бидэнд мэдээлэл өгөөгүй байна. Пүрэв гаригт Ерөнхий сайд Эрдэнэт хотод томилолтоор ажиллана. Энэ үеэрээ гарсан дүгнэлтийг танилцуулах байх. Засгийн газраас ямар дүгнэлт гарах нь вэ түүнийг нь Эдийн засгийн байнгын хороо УИХ-аар хэлэлцээд явна. Гэхдээ Засгийн газрын дүгнэлтийг шууд хүлээгээд авчих болов уу гэж харж байгаа. Энэ бүхнийг эцэслэн шийдсэний дараа ТУЗ-ийг нь байгуулаад 49 юм уу, 51 хувийнхаа талаар ярилцах нь зөв. Төрд байгаа 51 хувийг эзэнгүйдүүлдэг юм уу энэ бүгдийг цэгцлэх үүднээс сая ТӨХ-г байгуулсан гэж бодож байгаа л даа. Төрийн өмчийн хороон дээрээ 51 хувиа авсан. Хуучин Сангийн яаман дээрээ 30 гаруй хувь, ЗГХЭГ-т 20 орчим хувь гэдэг асуудал байсныг нэгтгээд ТӨХ-н дээр аваачсан. Төр 51 хувийг нь эзэмшдэг гэдэг утгаараа захирал удирдлагуудыг тавина гэж бодож байгаа. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрт 6000 ажилчин ажиллаж байгаа бөгөөд тэднээс нэг ч хүнийг ажлаас халахгүй болохоор Эрдэнэтийн иргэд тайван байж болно.

Одоо бол Засгийн газрын шийдвэрийг л харж байна. Бүх зүйл хуулийн дагуу явах хэрэгтэй. Үүний дараа шийдвэрээ гаргаад явна.

-Монголчууд монгол хүн үйлдвэр аваад үйл ажиллагааг нь явуулах гэхээр луйвардаж авсан гэж зүхдэг. Гадныхан үйл ажиллагааг нь явуулахаар цөлмөөд зөөгөөд дуусгалаа гэдэг. “Эрдэнэт” үйлдвэрийг Оросын талтай тохиролцоод авчихаад байхад танай бүлгийн зарим гишүүн хуучин байранд тавих ёстой гээд хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан гэрээг яг яах ёстой гээд байгаа юм бэ?

-Оросын талд 49 хувийг нь буцааж өгнө гэдэг дээр би санал нэгдэхгүй байгаа юм. Тийм зүйл ч болохгүй. Оросын тал манайд 49 хувиа зарчихсан. Дахин хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын талд ирсэн нь сайн хэрэг. Харин манайд ирсэн 100 хувь чинь төрд нь байх юм уу, хувьд байх уу гэдгээ тодорхой болгох шаардлагатай. Одоо бол Худалдаа хөгжлийн банк хуулийн дагуу авсан уу гэдгээ л тодорхой болгож байгаа. Хууль бус байдлаар шийдэгдэж байгаа бол болохгүй л дээ. Тэр утгаараа хуулийн дагуу шалгах ёстой гээд байгаа юм. Хууль бусаар, хулгайгаар, луйвраар авсан бол хуулийн дагуу шийдвэрлэх ёстой.

-Монгол Улсын эдийн засаг амаргүй байна. Засгийн газраас эдийн засгийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд байгаа. Хямралыг даван туулах боломжийг та хэрхэн харж байгаа вэ?

-Энэ талаар бүлэг дээр ярилцсан. Манай бүлэг 65 гишүүнтэй тул бараг л Их хурал гэсэн үг. Бүлэг дээр гарсан шийдвэр Их хурлын шийдвэр гэж ойлгож болно. 2017 онд бондын эргэн төлөлтийг хийж эхэлнэ. Ингэж, тэгж цалин тэтгэвэр нэмье гэхчилэн нийгмийн асуудлуудыг ярьж байгаа нь зөв. Гэхдээ үүнээс илүү санаа зовоож байгаа зүйл чинь бондын төлөлтийг бид яаж хийх вэ гэдэг асуудал. Бондын эргэн төлөлтийг хойшлуулах уу, яах уу гэдэг дээр ярилцаад гарах шийдвэр маш чухал. Үүний дараа бусад асуудлуудаа ярих нь зүйтэй.

Хоёрдугаарт, орон нутгаар яваад ирэхэд татвар нэмэх, нийгмийн халамжийн асуудлыг хөндөх цаг нь биш байна гэдэг нь тодорхой харагдсан. Иргэдийн амьдралаас гадна аж ахуйн нэгжүүд маш хүнд байдалтай байгаа. Засгийн газар иргэдийнхээ цалин, тэтгэврийг одоохондоо нэмж чаддаггүй юм аа гэхэд хасч болохгүй. Харин бусад зардлуудаа танаад явах ёстой гэж харж байгаа.

Мөн уул уурхайн чиглэлийн томоохон төслүүдээ яаралтай хөдөлгөх цаг нь болжээ. Том төслүүд хөдөллөө ч өнөөдөртөө шууд мөнгөө өгчихдөггүй, тодорхой хугацаа шаарддаг. Бүлгийн хурал дээр Сангийн сайд ирээгүй. Монголбанкны ерөнхийлөгч мөн байхгүй байгаа юм билээ. Бодвол мөнгө төгрөг хөөцөлдөөд гадагшаа явсан юм байлгүй. Энэ маш чухал. Хөрөнгө оруулалт, хөрөнгө босгох тал дээр хөөцөлдлөгөө хэрэгтэй. Ард түмэн өнгөрсөн сонгуулиар бидэнд өгсөн. Иргэдтэй уулзаад явж байхад эдийн засаг маш хүнд байна гэдгийг дээр дооргүй мэдэж байна. Гэхдээ Засгийн газар янз бүрийн юм ярьж гоншгоноод байлгүй хийх зүйлээ хий, та нарт 65 суудал өгсөн гэж байна лээ. Бидэнд эрх мэдэл бүх зүйлийг нь хангалттай өгчихсөн болохоор хийж хэрэгжүүлье гэсэн зүйлсээ зоригтой хийгээд явах нь зөв. Эдийн засаг ийм хүнд байна, ийм эдийн засаг хүлээж авлаа гэж хангалттай ярьсан. Одоо зайлшгүй гаргах ёстой шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй. Магадгүй хямралыг давах төлөвлөгөөний хүрээнд хүндрэлийг хурдан хугацаанд давах шаардлага тулгарна. Түүнд нь ард түмэнд таалагдах зүйл ч байна, таалагдахгүй зүйл ч бий. Бүх хүний хүсэлд нийцсэн зүйл гарна гэж байхгүй. Тэгж байж хоёр, гурван жилийн дараа үр дүнг нь үзнэ. 2017 ондоо хямралыг бүрэн зогсоож 2018 оноос эдийн засгийн өсөлт гарах ёстой.

-Тэр боломжоо ашиглах эрх нь танай намд нээлттэй байгаа биз дээ?

-Тэгэлгүй яахав. Ялангуяа УИХ-д 65 суудал авсан манай намын хувьд цаашлаад Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хуулиа шинэчлээд явах нь зүйтэй. Энэ дөрвөн жилдээ бид шийдэхгүй бол дахин 65 суудалтай болох боломж гарахгүй байх. Нэг зүйлд би санаа зовж байна. Өнөөдөр МАН 65 суудал авч олонхи болчихоод хямралаас нь гаргахгүй бол ард түмний итгэл алдарна. Тэртэй тэргүй Ардчилсан нам болохгүй байна гээд түшиж тулах ганц нам нь Ардын нам гээд сонгочихоод байхад асуудлыг нь шийдэхгүй бол ард түмэн улам хүнд байдалд орох байх. Тэгэхгүйн тулд МАН хариуцлагаа хүлээж, ухамсарлаж явахаас өөр арга зам үгүй. Манай намын давуу тал нь төр улсаа боддог, дотроо талцдаггүй, улсын хэмжээний асуудлыг шийдээд явчихдаг, хувийн эрх ашгаа хойш нь тавьж чаддаг. Бид хамгийн эхэнд 2017 оны төсвөө батлаад томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй.

Чихэнд чимэгтэй ганц мэдээ сонгогдож байгаа нь Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил л байх шив. Энэ хүрээндээ хэдэн хүн ажилд авч байна. Цас нь орчихгүй бол ургац гайгүй авчих төлөвтэй байгаа. Бусдаар бол амаргүйг мэдэж байгаа байлгүй. Амаргүй байсан болохоор л ард түмэн Ардын намд саналаа өгчихсөн юм. Үндсэн хуульдаа бид л өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад 57 гишүүн дэмжих шаардлагатай байдаг. Өнөөдөр бид 65-уулаа байгаа болохоор дордуулсан долоон өөрчлөлт, засаглалын хэлбэрээ цэгцлэх цаг ирсэн.

-Ардын намынхан 65-уулаа байлаа гээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэвэл бусад улс төрийн хүчнүүдтэйгээ зөвшилцөөгүй гээд хүчтэй дайралттай тулгарах байх даа?

-Ардчилсан намын бүлэг Их хуралд бий. Ямартай ч Ардчилсан намынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжих байх. Өнгөрсөн дөрвөн жилийн парламент үүнийг шийдчих хэрэгтэй байсан л даа. Одоо ч гэсэн манайхан санаачилгыг гаргаад явахад бусад улс төрийн хүчнүүд дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол бидний үр хүүхэд ямар нийгэмд амьдрах юм. Түүнээс цааш үр хүүхдүүддээ бид ямар нийгэм үлдээж, тэд ямар нийгэмд амьдрах гээд байна вэ. Хамгийн гол нь бид зөв нийгэм үлдээх шаардлагатай.

-Монгол Улсын Ерөнхий сайд ОУВС-тай хэлэлцээр хийхэд бэлэн гэж мэдэгдсэн. Үүнээс үзэхэд Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна гэж ойлгоод байгаа. “Стэнд бай” хөтөлбөрийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Хэлэлцээр хийх нь зөв. Өөр бусад олон улсын байгууллагуудтай ч хэлэлцээр хийх ёстой. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдлаа гэхэд хатуу нөхцөлийг нь хүлээж авахгүй байх хэрэгтэй. Тэр нь юу гэхээр хөтөлбөр хэрэгжих хугацаанд олон улсын байгууллагаас хөнгөлөлттэй зээл авах боломжтой байх ёстой гэсэн үг. Тэгэхгүйгээр ОУВС хатуу шаардлага тавих юм бол түүнээс татгалзах хэрэгтэй. ОУВС нэг тэрбум ам.долларын зээл олгох юм шиг байна лээ. Нэг тэрбум ам.доллар гэдэг бол тийм их мөнгө биш. Тиймээс үүнийг авахын тулд бүх зүйлээ барьцаалаад хүнд нөхцөлийг хүлээж авна гэдэг амаргүй зүйл. Монголын эдийн засаг тэлэх ёстой. Бүтээн байгуулалтыг хийж эдийн засгаа хөдөлгөх хэрэгтэй. Гурван сая хүн амтай, ийм их баялагтай Монголын эдийн засаг сэргэх нь амархан гэж боддог. Тиймээс заавал Олон улсын валютын сан гэх нь ч хаашаа юм. Гэхдээ ОУВС-тай хэлэлцээ хийх шаардлагатай. Юу юугүй тэднээс зайгаа барьж болохгүй. Бид тохиролцоонд хүрч чадвал цаашаа явах ёстой.

-Сангийн сайдын мэдэгдсэнээр ирэх оны хавраас томоохон төслүүдээ хөдөлгөж эдийн засагт эерэг дохио авч ирнэ гэж байсан…

-Заавал ирэх хавар гэх шаардлага байхгүй. Түүнээс өмнө хэлэлцээрт орж хавраас л бүтээн байгуулалтаа хийдэг юм байгаа биз. Бидэнд хугацаа байхгүй.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ нийгэм

Өдрийн сонины пүрэв гаригийн дугаарт нийтлэлч Б.Цэнддоогийн “Тэмдэгтэй сонгогч” нийтлэл гарлаа

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн гарч, уншигч захиалагчдадаа хүрлээ. Өнөөдрийн дугаарт гарсан онцлох нийтлэл, ярилцлага, сурвалжлага, мэдээ мэдээллээс тоймлон хүргэе.

Манай сонины нэгдүгээр нүүрт “Авьяаслаг Монголчууд” шоуны гурав дахь алтанбаззерын эзэн Б.Тунгалагтамирын гэрээс хийсэн сонирхолтой сурвалжлага нийтлэгдлээ. Улс төрийн мэдээллийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн С.Чинзоригийн олон хүүхэд төрүүүлсэн ээжүүдэд онцгой урамшуулал олгох ёстой гэсэн гарчигтай ярилцлага гарлаа.

Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлого тодорхойлдог гуравдугаар нүүрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Тэмдэгтэй сонгогч” нийтлэл хэвлэгдлээ. Баримт, үйл явдал буланд “Н.Мөнхбат 20 гаруй тэрбум төгрөгийг хувийн банкны данс руу шилжүүлсэн гэх хэрэгт буруутгагджээ” хийтлэл гарав.

Мөн түүнчлэн урлаг соёлын 15-р нүүрт СТА, дуучин А.Мөнхбатын “Энэ дуу надад маш их буян заяа, аз хийморь дагуулсан” гэсэн ярилцлага гарлаа.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг АТГ-аас өчигдөр саатуулжээ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг АТГ-аас өчигдөр баривчлан саатуулжээ.

Түүнд бондын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Хөгжлийн банк болон бондын хөрөнгөтэй холбоотойгоор хэд хэдэн хүний хэргийг нэгтгэнХөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагуудынх гэх нэртэй томоохон хэргийг АТГ-т шалгаж буй. Энд Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Шинэбаатар нарын тус тусдаа байсан хэргийг нэгтгээд байгаа аж.

“Фортуна” хэмээн Н.Батбаярыг сайдын албан тушаал хашиж байх үед нь буюу 2014 онд бондын зарцуулалттай холбоотой асуудлаар АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Гэвч удалгүй хэргийг түдгэлзүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар зөвхөн Н.Мөнхбаттай холбоотой 20 тэрбум орчим төгрөгийн асуудал шалгагдаж байгаааж. Тэрбээр ийм хэмжээний мөнгийг зориулалтын бусаар зарцуулж, арилжааны банкууд уруу шилжүүлсэн хэрэгт холбогдоод байгаа юм байна.