Categories
мэдээ нийгэм

Мазаалай хамгаалахад миссүүд 50 мянган ам доллар хандивлана

Чанар чансаагаар дэлхийд тавдугаарт эрэмбэлэгддэг “Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнийг манай улс анх удаа эх орондоо амжилттай зохион байгуулсан.

Тав дахь удаагаа зохиогдсон тус тэмцээн энэ жил “Save the Mazaalai” уриатай зохион байгуулагдсан юм. Тус тэмцээнд 60 орны мисс өрсөлдсөн бөгөөд тэргүүн байрт ОХУ-ын мисс шалгарч, Замби, Филиппинийн гоо бүсгүйчүүд удаах байруудад орсон билээ.

Тэгвэл “Face of beauty international” тэмцээний “Мазаалайн элч” болон “I am me” номинацийн шагналтнууд болох Шинэ Зеланд, Самоа улсын миссүүд мазаалай хамгаалах үйлсэд зориулан 50 мянган ам.доллар хандивлахаар болжээ.

Тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан хамт олон удахгүй хилийн чанадыг зорьж хандивын мөнгийг гардан авах аж.

Categories
мэдээ нийгэм

Харааны сулралыг эрт оншилж нүдний шил зүүж хэвшихийг зөвлөлөө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сохролоос урьдчилан сэргийлэх олон улсын агентлагаас жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь пүрэв гарагийг Дэлхийн хараа хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн. Эл өдрийг “ Хамтдаа хүчтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Нүдний мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Д.Уранчимэг, ДЭМБ-ын хөтөлбөрийн зохицуулагч Доктор Воо Жин, ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн зөвлөх эмч М.Алтанхүү нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын мэдээгээр дэлхий даяар 285 сая хүн харааны бэрхшээлтэй байна. Үүнээс 39 сая нь бүрэн хараагүй, 246 сая нь сул хараатай аж. Харин манай улсын хувьд 6900 орчим хүн бүрэн сохор, 6800 гаруй хүн хүнд, 36700 хүн дунд зэргийн хараа сулралтай гэсэн тооцоо гарчээ.

Дэлхий нийтийн харааны сулралтай хүмүүсийн 14 саяыг нь хүүхэд эзэлж байгаа аж. Мөн сохор хүүхэд найм орчим сая орчим байна. Иймд харааны сулралаас урьдчилсан сэргийлж, нүдний шил зүүх нь ач холбогдолтой болохыг ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн зөвлөх эмч М.Алтанхүү зөвлөж байна.

Тэрбээр “Зайлсхийж болох засагдаж болох хугарлын гажиг дэлхийн нийтэд анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл шил зүүдэг хүүхдүүдийн асуудал чухал болоод байгаа. Учир нь хараа сулралыг эрт илрүүлээд чанартай нүдний шилээр хангаж чадвал хүүхдэд сул хараа үүсэхээс сэргийлж, сохрохоос хамгаалж чадна. Тиймээс бид энэхүү өдрийг угтан ЕБС-ийн 3000 орчим хүүхдэд харааны үзлэг хийлээ. Үзлэгийн үед нүдний шил зүүх ёстой 600 гаруй хүүхэд илэрсэн” хэмээв.

Шалтгаанаар нь авч үзвэл сохролт ба сул хараанд хүргэж байгаа гол шалтгаан нь эмчлэгдээгүй катаракт болон засагдаагүй гэрлийн хугарлын өөрчлөлтүүд ордог байна. Мөн нүдний даралт ихсэх өвчин буюу глауком нь сохролын хоёр дахь, эвэрлэгийн өөрчлөлтүүд гурав дахь гол шалтгаан болдог аж. Бүх сохролын 87.8 хувь нь сэргийлж болох 41.1 хувь нь эмчлэгдэх боломжтой ба 26.7 хувь нь нүдний анхан шатны тусламжийн 20 хувь нь нарийн мэргэжлийн түвшинд сэргийлж эмчлэх боломжтой гэж тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

Есөн настай хүүг мөргөж гэмтээжээ

Image result for Есөн настай хүүг мөргөж гэмтээжээ

Өнгөрсөн
өдөр Замын цагдаагийн газрын
ЖШУХ нийт 358 дуудлага хүлээн авч ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 287 дуудлага бүртгэгдэж
12 хүн хүнд
болон хөнгөн
гэмтсэн байна.

Тухайлбал, СБД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө таван буудлын автобусны
буудлын замд Сайхан ирээдүй ХХК-ийн
Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь зорчигч 35 настай эмэгтэй Т-г
унагааж гэмтээсэн байна.

Мөн СХД-ийн нутаг Толгойтын зам, Их нарангийн
дунд буудлын замд М.Приус
маркийн автомашины жолооч А нь явган зорчигч есөн настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээжээ.

Хэнтий аймгийн Чингис хотын Чингис хаалганы урд
асфальтан замд Истана маркийн
автомашины жолооч А нь Истана
маркийн автомашиныг мөргөж автомашиныхаа хажууд зогсож байсан олооч 41
настай эрэгтэй Ч-гийн амь
насыг хохироосон байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс ОУВС-аас 1.5 тэрбум долларын зээл хүлээж байна

Энэ сарын 20-нд манай улсад Олон Улсын Валютын сангийн ажлын хэсэг айлчлахаар болжээ. Тус Ажлын хэсгийн Техникийн багийн дүгнэлтийн дараа ОУВС-гаас Монгол Улсад “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх талаархи албан ёсны хариу гарах юм байна. Манай улсын хувьд тус хөтөлбөрийн хүрээнд 1-1.5 тэрбум ам.долларын зээл авахаар ярьж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Вашингтон хотноо Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад манай улсаас Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч албаны төлөөлөгчдийн хамт оролцсон билээ. Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцжээ.

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар эмнэлгийн урд талын замыг засч автомашины зогсоол болгожээ

П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн урд талын 300 метр урттай 5830 метр квадрат талбай бүхий зам цас борооны улмаас эвдэрч, хонхорхой газарт нь ус ихээр тогтдог байсан юм. Харин хотын ерөнхий менежерийн санаачилгаар тус замыг засаж тохижуулахаар болсон бөгөөд хуучин замыг засаж ус зайлуулах шугам, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, иж бүрэн тохижилттой авто замын зогсоол болгон шинэчлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлийн хүн ам өсөхийн хирээр төвлөрөл бий болж авто замын ачаалал нэмэгдэж байна. Авто замын ачааллыг бууруулахын тулд авто зогсоолуудыг нэмж барих шаардлагатай. Энэ ажлыг санаачлан, богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэсэн Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, болон гүйцэтгэгч компанид талархал илэрхийлье” гэв.

Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “2016-2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх тохижилтын ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн, иргэд олноор зорчдог, эвдрэл ихтэй гудамж зам, талбайг засна. Энэ ажлын эхлүүлж 3 дугаар эмнэлгийн урд талын замыг засварлаж өнөөдөр ашиглалт хүлээлгэж өгч байна” гэдгийг онцолсон.

Эмнэлгийн удирдлага олон жил хүлээсэн ажлыг ажил хэрэг болгосонд нийслэлийн удирдлагуудад баярласнаа илэрхийлж эмч нар болон тус эмнэлгээр үйлчлүүлэгсэд, иргэдийн өмнөөс Хотын Ерөнхий менежерт талархал гардууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлийн Тосонцэнгэлийн гол шүтээн хулгайд алдагджээ

Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 12-13 нд шилжих шөнө 03:00 цагт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ганданд хулгайч нар орж нутаг ус, ард түмний онгон шүтээн болсон хар морьт сахиусыг нь хулгайлсан ноцтой хэрэг гарчээ. Хулгайч нар цагдаа нарын эргүүл буусны дараа хэргийг үйлдсэн гэж таамаглаж байгаа юм. Тиймээс хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл сонссон хүмүүсийг сумын цагдаа болон орон нутгийн удирдлагуудад яаралтай мэдэгдэхийг хүссэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахим мэдээлэл авч чадахгүй байна

Мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, хэрэгжилтийг сайжруулах” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Япон-Монголын төвд боллоо. Үүнд, “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд зэрэг 32 байгууллагын 59 төлөөлөл оролцсон юм. Мэдээллийн хүртээмжийг сайжруулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо сайжрах ба өдөр тутмын амьдралд бие даан оролцох гол нөхцөл болох юм.

2015 оны Үндэсний статистикийн судалгаагаар Монголд нийт 101730 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас харааны бэрхшээлтэй 10925, сонсголын бэрхшээлтэй 8406, хөдөлгөөний бэрхшээлтэй 20110 /үүнээс 2615 нь тэргэнцэртэй/, хэл ярианы бэрхшээлтэй 4491 иргэн байдаг гэсэн баримт гарчээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн амьдралд оролцоход нь барилга байгууламжийн түгээмэл загвар, мэдээлэл, харилцаа холбооны хүртээмжийн асуудал маш чухал байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо бүхий нийгэмд өөрсдийн эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд орчин, нийтийн тээвэр, мэдлэг, мэдээлэл болон харилцааны хүртээмжийг бүрдүүлж өгөх шаарлагатай байна. Иргэд “Монголын үндэсний олон нийтийн телевиз”-ийн мэдээллийн хөтөлбөрт сонсголгүй иргэдэд зориулан дохионы хэлээр орчуулах аргын талаар л сонссон байдаг. Гэтэл мэдээлэл түгээх үйл явц зөвхөн үүгээр хязгаарлагдах ёсгүй. Жишээ нь, хараагүй иргэдэд зориулан ТҮЦ машинаар үйлчлүүлэхэд дуу таних технологи нэвтрэх боломжтой эсэхийг судлаж байгаа тухай ” “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”-ын мэдээлэл технологийн бодлого боловсруулах хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл хэллээ.

2016 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хууль гарсан. Энэ хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар “Цахим хуудас болон телевизийн мэдээ мэдээлэл, танин мэдэхүйн болон өргөн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй, текст унших боломжтой байдлаар нэвтрүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ” гэжээ. Үүний хүрээнд ирэх оноос ярианы синтезийг хөрвүүлэх ажил хийхээр төлөвлөсөн байна. Яриаг текстрүү хөрвүүлэх, текстийг яриа хэлбэррүү хөрвүүлэх гэсэн хоёр янзаар хийгдэх юм. Мөнгө хөрөнгийн асуудлийг шийдэж чадвал энэ ажил бодит биелэлээ олоход тун ойрхон байгаа гэнэ.

“Түгээмэл хөгжил төв”-ийн гишүүн Я.Авирмэд тус хэлэлцүүлэгт ирсэн зорилгоо ийн ярьлаа. “Хөгжлийн бэрхшээлтэй хүн бусадтай адил нийгэмд оролцох, үүрэг гүйцэтгэх, эрхээ эдлэнэ зэрэг зүйлсийг өнөөдөр ярьж байна. Үүнийг амжилттай болгохын тулд мэдээж мэдээлэл хүлээн авах, өгөх бол тун чухал асуудал. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ өмнөөс юу нь болох, болохгүй, юуг сайжруулах вэ гэдэг дээр өөрийн үзэл бодлыг илэрхийлэхээр ирсэн юм. Жишээ нь, цахим хэрэгслээс мэдээлэл хүлээж авахын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай төхөөрөмж байдаг. Үүнийг оруулж ирэх зэрэг техникийн дэвшлийг сайжруулах шаардлагатай байна” гэлээ. Мөн ХНХЯ-ны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн дарга Т.Баттулга “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг илүү хүртээмжтэй байлгахын тулд бид одоогоор маш олон шийдэл гаргаад байна. Үүний тулд бэршээлийг нь ангилж үзээд байгаа. Жишээ нь, харааны бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй, хүнд хэлбэрийн хөдөлгөөний бэрхшээлтэй, хардаг сонсдог мөртлөө гар нь хөдөлдөггүй зэрэг хүмүүс тус бүрт ямар ажлуудыг хийх вэ гэдэг дээр ажиллаж байна. Ялангуяа технологийн шинэ дэвшлүүд хэрэгтэй байгаа учир энэ чиглэлийн холбогдох газруудтай хамтрах шаардлагатай байна. Ийм учраас л бид өнөөдрийн энэ хэлэлцүүлгийг хийж байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Galaxy Note 7 ухаалаг гар утасны үйлдвэрлэлийг түр зогсоожээ

Samsung Electronics” корпораци нь Galaxy Note 7 загварын ухаалаг гар утсыг наймдугаар сарын 19-нөөс борлуулж эхэлсэн боловч энэ гар утсыг цэнэглэж байхад дэлбэрч дуулиан дэгдсэн билээ. Тиймээс дэлхий даяар борлуулагдсан 2.5 сая гар утсыг зах зээлээс эргүүлэн татсан юм.

Эргүүлэн татах ажил ерөнхийдөө дуусч энэ сарын эхнээс засварлагдсан загварыг хэрэглэгчдэд өгч эхэлсэн ч солиулж авсан гар утас нь дэлбэрч шатсан 8 тохиолдол гарчээ.

Энэхүү үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус компани Galaxy Note 7 ухаалаг гар утсыг үйлдвэрлэхээ түр зогсоосон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зөвхөн бакалаврын зэрэгт суралцаж байгаа оюутнууд зээл авах боломжтой

Засгийн газраас “Боловсролын зээлийн сан” байгуулж, “Оюутны хөгжлийн зээл”-ийн журмыг баталсан. Энэ хүрээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан боловсролын салбарын зорилтуудыг хэрэгжүүлэх хэд, хэдэн чухал шийдвэрийг гаргалаа. Нэгдүгээрт, “Оюутны хөгжлийн зээл” олгох харилцааг зохицуулсан журмыг баталсан. Хоёрдугаарт, гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд суралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгохоор болсон. Ойролцоогоор улсын хэмжээнд 1500 орчим оюутанд энэхүү буцалтгүй тусламжийг олгох урдчилсан тооцоо байна. Гуравдугаарт, “Боловсролын зээлийн сан”-г байгуулж түүгээр дамжуулан “Оюутны хөгжлийн зээл” олгох ажлыг арилжааны банк зохион байгуулна. Бага хүүтэй, суралцагч сургуулиа төгсч, ажилтай, орлоготой болсон цагаасаа эргүүлж төлөх бололцоог хангасан, туйлын тааламжтай нөхцөлтэй, хөнгөлөлттэй зээл авах харилцааг зохицуулсан журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. “Оюутны хөгжлийн зээл” нь гурван үндсэн төрөлтэй. Нэгдүгээрт, хүү бууруулах зээл, хоёрдугаарт, богино хугацаатай зээл, гуравдугаарт, урт хугацаатай зээл. Арилжааны банкуудаас сургалтын төлбөрийн зориулалтаар цалин, тэтгэврийн зээл авсан оюутан, суралцагсад хүү бууруулах зээлд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл, өндөр хүүтэй авсан зээлээ “Оюутны хөгжлийн зээл” рүү шилжүүлэх боломж нь хангагдаж байна. Харин богино хугацаатай зээлийн хувьд нэг жил. Урт хугацаатай зээлийн хувьд 10 хүртэлх жил байхаар тооцоолсон” гэлээ. Оюутны сургалтын зээлтэй холбоотой асуудлаар Ж.Батсуурь сайдаас зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутны сургалтын зээлийг олгохдоо ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Суралцагсдын сурлагын голч дүн гурав байх, нэн хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж байгаа бол голч дүн 2.5 байхаар тогтсон. Шинээр элсэгчдийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтад 400-гаас багагүй оноотой буюу их, дээд сургуульд элсэн суралцах босгыг хангасан байх, үргэлжлүүлэн суралцагсдын хувьд голч дүн хоёроос доошгүй байх гэсэн ерөнхий шалгууртай. Өөрөөр хэлбэл, тухайн суралцагч 50 хувийн амжилттай суралцахад л энэхүү зээлд хамрагдах эрх нь үүсэх юм. Мөн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутан байх гэсэн нэг шалгуур бий.

-Журам хэзээнээс хэрэгжиж, оюутнууд зээл авах боломжтой болох вэ?

-Засгийн газарт журам албажих процессын хугацаа байдаг. Үүний дараа энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх Сангийн сайд, БСШУС-ын сайд нарын хамтарсан тушаал гарна. Ер нь энэ сардаа багтааж арилжааны банкуудтай гэрээ байгуулснаар зээл олгох нөхцөл нь бүрдэнэ. Цаг хугацааны хувьд ойрын хугацаанд буюу энэ сардаа багтааж “Оюутны хөгжлийн зээл” олгож эхлэхээр ажиллаж байна. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд “Оюутны хөгжлийн зээл”-ийг зөвхөн бакалаврын сургалтад суралцаж байгаа оюутнуудад олгоно.

-Оюутнууд зээлээ хэдий хугацаанд төлж дуусгах вэ?

-Арилжааны банкуудын хувьд “Оюутны хөгжлийн зээл”-ийг зохион байгуулах хүсэлтээ гаргаж, нөхцөлийг хүлээн зөвшөөрч, “Боловсролын зээлийн сан”-тай гэрээ байгуулан ажилласнаар зээл олгоно. Жилийн таван хувийн хүү гэдэг бол арилжааны банкуудаас олгож буй зээлийн хамгийн бага хүү. Ер нь цалин, тэтгэврийн зээлийн жилийн хүү 20-25 хувь байдаг. Тэгэхээр “Оюутны хөгжлийн зээл” бол хамгийн таатай нөхцөлтэй, дарамтгүй зээлийн хэлбэр гэж бид үзэж байна. Тухайн суралцагч төгссөнөөсөө хойш 3-4 жилийн хугацаанд зээлээ төлж дуусгах боломжтой.

-Ингэхэд бакалаврын түвшинд хичнээн оюутан суралцаж байгаа юм бэ. Тэдний сургалтын зээлд зориулж баталсан төсөв хүрэлцэхгүй гэх мэдээлэл байх юм?

-Энэ оны төсвийн тодотголоор 90 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан. Ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөгийг тусгасан. Эхний гурван жилдээ “Боловсролын сан” улсын төсвөөс эх үүсвэрээ бүрдүүлнэ. Түүнээс хойш буюу дөрөв, тав дахь жилээсээ зээлийн эргэн төлөлтөөр мөнгөн эх үүсвэрээ хуримтлуулах боломжтой гэж харж байгаа.

Монгол Улсын хэмжээнд бакалаврт суралцаж буй 125 мянган оюутан байна. Нийт оюутнуудын 49 хувь буюу 74 мянга орчим нь сургалтын төлбөрөө төлж чадаагүй, сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Тиймээс ч энэ хэрэгцээн дээр үндэслэж оюутнуудад сургалтын төлбөрийн зээл зайлшгүй шаардлагатай гэж үзсэн.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Авлигын эсрэг олон улсын өдрийг 12 дугаар сарын 9-нд тэмдэглэнэ

НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог билээ. Энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид буюу олон нийтийг хамруулан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар ажилдаа ороод байна.

Авлигын эсрэг олон улсын өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенц болон үндэсний хууль тогтоомжоор хүлээсэн үүргүүдийг нийгэмд таниулах учиртай юм. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар энэ жилийн хувьд авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан авлигатай тэмцэх үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэг, хяналтыг бий болгоход анхаарч байна.

Гааль, татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, худалдан авах ажиллагаа, эрүүл мэнд, боловсрол, уул уурхай, нийгмийн халамжийн байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийхийн зэрэгцээ орон нутагт авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн хяналт, оролцоог хангах талаар онлайн сургалтыг идэвхжүүлэн, “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилт” сэдвээр хэлэлцүүлэх, авлигын нөхцөл байдал ба авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах асуудлаар онол практикийн бага хурал болон эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан, оюутан сурагчдын дунд парламентын мэтгэлцээн, гар зураг, эссе бичлэгийн уралдаан зохион байгуулна.