Categories
гадаад мэдээ

Боб Диланд Нобель өгсөн нь нүдээ олсонгүй гэж Оросууд шүүмжилжээ

Утга зохиолын салбарын энэ оны Нобелийн шагналыг америкийн яруу найрагч, хөгжимчин Боб Дилан хүртсэн явдал дэлхийн олон улс орнуудад сөрөг хандлагыг төрүүлээд байгаа бололтой.

Дэлхий нийтийн соёлын өвд Диланы оруулсан хувь нэмрийг зөвөөр үнэллээ хэмээн үзэж түүнд баяр хүргэж байгаа хэсэг байхад, зарим нь Нобелийн хорооны шийдвэрт үнэхээр гайхаж байна гэх хэсэг ч байгаа аж. Гадаадын зарим шинжээчид энэ талаар сонсоод ёстой хэлэх үггүй болсон гэлцэнэ.

Утга зохиолын Нобелийн шагналыг Боб Диланд өгсөн нь “нүдээ олоогүй” гэж Оросын хөгжимчин Юрий Лоза шүүмжилсэн байна. “Тэр бол дэлхийн бус, зөвхөн америкийн соёлд л нөлөөлсөн” хэмээн Лоза өөрийн үзэл бодлоо тайлбарлажээ.

Мөн “Дилан Америкт хэрхэн нөлөөлдгөөс илүүтэйгээр манай Высоцкий Орост бүр ч илүү нөлөөтэй. Гэтэл хэн ч Высоцкийг авч хэлэлцэхгүй байна. Нобелийн шагнал бараг л америкийн халаасны шагнал болж дээ” хэмээн өгүүлсэн аж.

Лоза: “Америкийн бус, Дэлхийн соёл урлагт Дилан ямар хувь нэмэр оруулсан бэ?” гэж асуугаад, “Жишээ нь, 1,5 тэрбум хятадуудаас Дилан тэдний соёл урлагт ямар хувь нэмэр оруулсан талаар асууя гэж бодъё. Мэдээж, юу ч оруулаагүй л байхгүй юу” гэсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“New Season 2017” тоглолт маргааш болно

“New season” 2017 тоглолтын хэвлэлийн бага хурал боллоо

Монгол улсын Филармонийн “New Season 2017” 45 дахь үзвэрийн тоглолт энэ сарын 15-ны өдөр 15:00 цагт Соёлын төв өргөөнд тоглогдох гэж байна. Тус тоглолтын удирдлагын баг өчигдөр 13:00 цагт Улсын Филармонид хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн /УГЗ/, Баянмонгол жазз найрал хөгжмийн ерөнхий удирдаач Б.Ганбат /УГЗ/, удирдаач С.Саруул-Од/СТА/, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, гоцлол дуучин П.Өнөржаргал /СТА/, маркетингийн албаны дарга Г.Алтан-Од нар оролцлоо.
2017 онд Монгол Улсын Филармони үүсэн байгуулагдасны 45 жил, Симфони найрал хөгжмийн 60 жил, Морин хуур чуулгын 25 жилийн ой тохиож байгаараа 45 дахь үзвэрийн жилийн нээлтийн тоглолт онцлогтой болж байгааг Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн онцолж байлаа.

Онцлох уран бүтээлээс дурьдвал Аrtura Marquez /Danzon№2/, ТШ, хөгжмийн зохиолч Б.Шарав “Үхэж үл болно киноны хөгжим” -/Дурсамж/, зохиолыг Улсын Филармонийн гурван оркестор хамтарч тоглосоноор цоо шинэ өнгө аяс, хэмнэлээр үзэгч сонсогчидынхоо сонорыг мялаахад бэлэн болжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99925074, 88004849 утаснаас лавлана уу. Дашрамд дуулгахад “ New season 2017” тоглолтын эрэлттэй байгаа бөгөөд тасалбарын үнэ Партер 15’000 мянга,Бельэтаж 10`000 төгрөг аж. Тасалбарыг Улсын Филармонийн касс, www.ticket.mn 1900-1800, 1900-1617 утасны лавлах үнэгүй хүргэлт хийн борлуулж байна

Categories
мэдээ соёл-урлаг

“Оролмаа эх” түүхэн жүжиг өнөөдөр тоглогдоно

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид түүхэн жүжгийн өдрүүдийн хүрээнд “Оролмаа эх” түүхэн жүжгийг тоглох гэж байна.

Д.Намдагийн сонгомол бүтээлүүдийн нэг болох энэхүү жүжгийг анх 1973 онд тайзнаа тоглож байжээ. Харин 30 жилийн дараа уг бүтээлийг Ч.Найдандорж найруулагч шинэчлэн найруулж, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар зохиолыг дахин хянан тохиолдуулж 2011 онд тайзнаа тоглож байсан.

Уг бүтээлийн гол дүр Оролмаа эхэд Ардын жүжигчин С.Сарантуяа, Найданжавд соёлын тэргүүний ажилтан Б.Отгонбат, Сангадоржид соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Дуламсүрэнд Гавьяат жүжигчин Г.Урнаа нар тоглох бөгөөд уг жүжиг 40 гаруй дүртэй учир Драмын эрдмийн театрын бүх жүжигчид оролцон тоглодгоороо онцлогтой юм.

“Оролмаа эх” жүжгийг өнөөдөр 19.00 цагт УДЭТ-т тоглоно.

Categories
гадаад мэдээ

Тайландын эзэн хаан таалал төгч, нутгийн иргэд уй гашууд автжээ

Тайландын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон эзэн хаан Пумипон Адульядет 88 насандаа өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр энэ оны зургадугаар сард зүрхний хагалгаанд орсон бөгөөд түүнээс хойш биеийнх нь байдал дээрдэлгүй, өнгөрсөн долоо хоногоос эхлэн амьсгалын аппарат зүүх хэмжээнд очтлоо бие нь муудаж байгаа тухай орон нутгийн мэдээллийн агентлагууд мэдээллэж байсан билээ.
Тайландчууд хааныхаа эрүүл мэндийн байдалд санаа зовнин, хэвтэн эмчлүүлж байсан “Сирираж” гэх эмнэлгийн гадна цугларч бурхандаа залбирчээ. Гэвч эзэн хааных нь бие сайжралгүй улам дордсоор таалал төгсчээ. Эзэн хаан таалал төгссөн мэдээлэл гарсны дараа ард иргэд нь түүний зургийг барин залбирч, уй гашуу болж байна.
Эзэн хаан Пумипон Адульядет ядууралтай тэмцэх, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн билээ. Мөн тэрбээр улс төрийн хямрал дэгдсэн хүнд үед улс орноо нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байсан юм.


Categories
мэдээ нийгэм

Казкастанаас ялтан шилжүүлж авлаа

БНКазУ-д ял эдэлж байгаад үлдсэн ялаа эх орондоо эдлэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн Ш.Ш-ийг Монгол, Казахстаны холбогдох байгууллагууд хэлэлцэн тохиролцож, 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлэн авлаа.
Монгол Улс ялтан шилжүүлэх гэрээг 9 улстай байгуулсан бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдсэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх зүйн орчин бүрджээ.

Categories
гадаад мэдээ

“Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Жан Себастъян Жак: Бид зэсийн зах зээлийн ирээдүйд эргэлзэхгүй байгаа

Дэлхийн уул уурхайн толгой компаниудын нэг “Рио тинто”-гийн ТУЗ-ийн гишүүд манай улсад айлчлаад буцлаа. Тэднийг айлчлах үеэр “Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Жан Себастъян Жактай ярилцсан юм.

“Рио”-гийн Зэсийн группийг ахалж байсан тэрээр Оюу толгойн хэлэлцээрт өндөр үүрэгтэй оролцсон билээ.

-“Рио тинто”-гийн ТУЗ-ийн гишүүд Монголд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ айлчилж байна. Айлчлалын онцлог болон зорилгоос ярилцлагаа эхэлье?

-Миний хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд 25 дахь удаагаа Монголд ирж байна. Манай ТУЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж байгаа нь энэ айлчлалын нэг том онцлог. ТУЗ-ийн гишүүд маань Оюу толгойн уурхайн дэлхийн хэмжээний бүтээн байгуулалттай танилцаад Оюу толгойн үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд хүрчээ гэсэн сэтгэгдэлтэйгээр Улаанбаатарт ирлээ. Төслийн ажиллах хүчний 93 хувийг бүрдүүлж буй монгол ажиллагсдын ур чадвар, ажилдаа хандаж буй соёлд ТУЗ-ийн гишүүд сэтгэл хангалуун байгаа. “Оюу толгой”-н инженерүүдийн 70 гаруй хувь нь монголчууд гэдгийг мөн онцолмоор байна. Гүний уурхайн хувьд барилга бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байгааг харлаа. Өнөөдрийн байдлаар гүний уурхайн төсөл дээр 1600 гаруй хүн ажиллаж байна. Энэ оны төгсгөлд гэхэд 2400 гаруй хүн ажиллана гэсэн тооцоо бий. Уурхайгаас гарч Улаанбаатарт ирэхээсээ өмнө орон нутгийн малчин айлуудад зочилж, сүү, идээгээр дайлуулж, уулзаж ярилцлаа. Малчидтай Оюу толгой төслийн үр нөлөөний талаар илэн далангүй ярилцсан нь энэ айлчлалын онцлог байлаа.

-Ерөнхий сайд та бүхнийг хүлээн авч уулзсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй ямар асуудлыг онцолж ярилцав?

-ТУЗ-ийн дарга Ян Дү Плесситэй хамт Ерөнхий сайдад бараалхаж ажил хэргийн яриа өрнүүллээ. Намрын чуулган эхлээд удаагүй, цаг завгүй энэ үеэр бүтэн нэг цаг гаргаж ярилцсанд Ерөнхий сайдад талархаж байгаа. Ерөнхий сайдтай нэлээд цаг зарцуулж ярилцсан хоёр зүйл бий. Гүний уурхайд ажиллаж буй, уурхайг цаашид авч явах боловсон хүчинг хэрхэн бэлдэх, Монголын дотоодоос хийх худалдан авалтыг яаж нэмэгдүүлэх талаар багагүй хугацаанд ярилцсан. Оюу толгой бол Монголын компани. Тэр утгаараа энэ төслийн үр шим, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэйгээр яаж мэдээлж байх вэ гэдэг дээр онцолж ярилцлаа. Оюу толгой компаниас улирал тутам тойм мэдээ гэж гаргадаг. Энэ тоймыг хэрхэн сайжруулах, ямар ямар мэдээллийг багтаах тухай асуудлыг ярилаа. Саяхан шинээр томилогдсон Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд болон Ерөнхий сайдын ажлын алба, Ерөнхий сайдын ажлын багтай хамтран энэ тойм мэдээллийн үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана. Дүгнээд, давтаад хэлэхэд энэ бол миний Монголд ирж байгаа 25 дахь удаагийн айлчлал. Бидний өмнө маш урт зам байна. Энэ замыг хамтдаа туулаад гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Гүний уурхайг барьж байгуулахад 5-7 жил хэрэгтэй. Харин энэ уурхайг бүрэн хүчин чадлаар эзэмшихэд дараагийн 7-9 жилийг зарцуулна. Энэ бүгдийг хийж чадсанаараа аль аль тал нь урт хугацааны үр шим хүртэнэ.

-“Рио” зэсийн үнийн хэтийн төлөвийг хэрхэн харж байгаа вэ. Цаашид зэсийн үнэ энэ хавьцаандаа хэлбэлзвэл “Оюу толгой” төслийн менежмэнтийг хариуцдагийн хувьд “Рио”-гоос бодлогын ямар арга хэмжээ авах вэ. Ашигтай ажиллагааг нь дээшлүүлэхийн тулд…?

-“Оюу толгой”-г бид урт хугацааны, 70 цаашаа 100 жилээр үргэлжлэх төсөл гэж хардаг. Өнөөдрийн богино хугацааны үнийн таамаглалд суурилж биш, урт хугацааны төлөвийг харж энэ төсөлд хөрөнгө оруулах шийдвэр гаргасан. Бид зэсийн зах зээлийн ирээдүйд эргэлзэхгүй байгаа. Хувь хүн дээр аваад үзэхэд бид үр хүүхэд, ач, гучийнхаа төлөө зүтгэдэг. Үүнтэй зүйрлэж болно. Гүний уурхайн үйл ажиллагаа тогтворжиж бүрэн хүчин чадлаараа ажиллахад 7-9 жил зарцуулна гэж би түрүүн хэлсэн. Гүний уурхайг бүтээн байгуулахад 200 км урт туннель ухахаас эхлээд маш их хэмжээний ажил хийгдэнэ. Хэрэглээ талаас нь яривал хөнгөн цагаан, зэсийн хэрэглээг орлуулах бүтээгдэхүүн гарч ирнэ гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ нийлүүлэлт талд дутагдал үүсэх нөхцөл байдал ажиглагдаж байна. Дахиад хэлэхэд “Рио тинто” зэсийн зах зээлийн ирээдүйд бүрэн итгэлтэй байна.

-“Рио тинто”-гийн ТУЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ айлчилж байгаа нь Оюу толгой төсөлд ач холбогдол өгч буйн нэг илрэл гэж харж байна. Уурхай дээр очиж бодит байдалтай танилцахаас өөр ямар зорилготой ирсэн бэ?

-Сая таны хэлсэн уурхайтай танилцах гэдгийн хувьд аяллын зорилгын нэлээд томоохон хэсэг нь. Давтаад хэлэхэд Ерөнхий сайдтай уулзсан, ил болон гүний уурхайн үйл ажиллагаатай танилцсан. Айлчлалаа дуусгахаас өмнө Засгийн газрын зарим гишүүн, Монголын бизнесийн төлөөллүүдтэй уулзаж ярилцахаар төлөвлөсөн.

-“Рио тинто”-гийн зүгээс “Оюу толгой”-н удирдах болон өндөр цалинтай нарийн мэргэжлийн түвшинд монголчуудын оролцоог нэмэгдүүлэх талаар хэр анхаарч ажиллаж байгаа вэ?

-Ажиллах хүчний хувьд төслийн үйл ажиллагаа эхэлснээс хойш маш өргөн цар хүрээтэй ажлууд хийж хэрэгжүүлж буйг хэлэхийг хүсч байна. Оюу толгой төсөлдөө бэлдэхээс гадна олон улсад хэрэгжүүлж буй төслүүддээ ажиллах хүмүүсийг бэлдэж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд уурхайд айлчлах үеэр энэ хөтөлбөрт хамрагдан суралцаж ирээд Оюу толгойд ажиллаж байгаа олон хүнтэй уулзлаа. Тэд сурсан мэдсэн зүйлээ Оюу толгойд ашиглаж байгаа нь тод анзаарагдсан. Зөвхөн Монголд төдийгүй олон улсад ажилладаг салбар компаниудаараа дамжуулаад монголчуудыг сургаж бэлдэх ажлыг далайцтайгаар хийж байна.Нэг жишээ хэлэхэд “Рио”-гийн хамгийн том бизнес болох төмрийн хүдрийн бизнесийн борлуулалт маркетингийн үйл ажиллагааг Монголын иргэн Б.Болд удирдан ажиллуулдаг. Би “Рио тинто”-гийн Зэсийн группийн захирлаар ажиллаж байхдаа Оюу толгойд долоо, найман жил ажилласан Амаржаргал гэдэг бүсгүйг ажлын албаныхаа даргын албан тушаалд томилж ажиллуулсан. Зэсийн группийн захирлын хувьд янз бүрийн шийдвэр гаргахад Амаржаргал тусалж оролцдог байсан. Амаржаргалын хувьд айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Монголд ирсэн. Өнөөдрийн хувьд “Оюу толгой”-н гүйцэтгэх удирдлагын гуравны нэгийг монголчууд бүрдүүлж байна.

-Оюу толгой шиг том төслийн хувьд ханган нийлүүлэлтээ Монголоос авах бодлого барих нь манай эдийн засагт маш том эерэг нөлөө үзүүлнэ. Ханган нийлүүлэлтэд монголчуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хэр ахиц гарч байна вэ?

-Ханган нийлүүлэлт дээр хамгийн эхний тод жишээ гэвэл “Оюу толгой” төслийн кэтерингийн үйл ажиллагаа буюу хоолны газрыг хоёр жилийн өмнө Францын компани хариуцан ажиллуулдаг байсан юм. Харин өнөөдөр Францын компани Монголын компанитай хамтарч “Оюу толгой” төсөлд кэтерингийн үйлчилгээ үзүүлж байна. Энэ мэтээр тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг үүсгэхэд онцгойлон анхаарч байгаа. Дараагийн онцлох жишээ бол тээвэрлэлттэй холбоотой. Орон нутгийн компаниудаас бүрдсэн тээврийн компани Оюу толгойн баяжмалыг олон улсын зах зээлд нийлүүлэхэд оролцоно. Энэ үйл ажиллагаа хэдхэн долоо хоногийн дараа эхлэх юм. 18 сарын турш ажиллаж байж ийм үр дүнд хүрлээ. “Оюу толгой “төслийнхөн эдгээр компани, аж ахуйн нэгжүүдийг өөрийн аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн стандартуудад сургаж бэлтгэсэн. Стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй болгоход анхаарлаа. Энэ бүхэнд бэлдэх гэж 18 сарыг зарцуулсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, богино болон урт хугацаанд манай төслийн үйл ажиллагааг дэмжих ханган нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгох ажил бага багаар урагшилж байна гэж ойлгож болно. Гүний уурхайн бүтээн байгуулалтад монгол компаниудыг оролцуулах ажил амжилттай хийгдэж байна. Нэг том жишээ нь “MCS” компани. Өмнө нь гүний уурхайн бүтээн байгуулалтад ямар нэгэн үйл ажиллагаанд оролцсон туршлагагүй ч сургаж бэлтгэсний үр дүнд бүтээн байгуулалтад гар бие оролцохоор болсон.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхийн өмнө Засгийн газартай үл ойлголцлоо тайлах гэж багагүй хугацаанд хэлэлцээрийн ширээний ард суусан. “Рио”-гийн хувьд хэдэн жил үргэлжилсэн энэ хэлэлцээрээс ямар сургамж авав, цаашид учраа ололцоод явах хэмжээнд ойлголцож чадсан уу?

-Оюу толгойн хэлэлцээрийн талаар зарим хүмүүс хэдэн жилийн дараа дурсамжаа бичиж мэдэх юм. Оюу толгойгоос авсан сургамж, шийдвэрлэх хүчин зүйл юу байсан гэхээр талуудын ойлголцол л хамгийн чухал байсан. 25 удаа Монголд ирсэн айлчлалын маань нэлээд нь энэ ойлголцолд зарцуулагдсан. Маш олон удаа уулзсан. Нэг чигт харж, нэг хүн шиг ойлголцдог болтлоо уулзаж ярилцаж үр дүнд хүрсэн юм. Аль ч тал нь өөрсдийнхөө хувьд алдаатай шийдвэр гаргуулахгүйн төлөө ажилласан учраас их цаг орсон. Зарим үед Амаржаргал надтай хамт суугаад монголчуудын хэлсэн үгийг миний ойлгодог хэлээр, миний хэлсэн үгийг монголчуудын ойлгох хэлээр хүргэж байсан.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтад олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас босгосон төслийн санхүүжилтийн мөнгө хангалттай юу. Дутлаа гэхэд үлдсэн мөнгийг нь Оюу толгой үйл ажиллагааныхаа орлогоос нөхөөд явах бололцоотой юу?

– Зэсийн үнэ өндөр бол ил уурхай маань хангалттай хэмжээнд бэлэн мөнгө гаргаж чадна. Одоохондоо бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх хангалттай мөнгө бий. Магадгүй дөрөв, таван жилийн дараа мөнгө хэрэг болбол тухайн үед нь шийдэх байх. Товчхондоо зах зээлийн нөхцөл байдлаас хамаарна.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ нийгэм

Хуурамч фэйсбүүк хаяг ашиглан охид, бүсгүйчүүдийг сүрдүүлдэг бүлэглэл баригдав

эйсбүүкээр бусадтай танилцахгүй байхыгцагдаагийнбайгууллагаас анхааруулж байна-

Хуурамч фэйсбүүк хаяг үүсгэж охид, эмэгтэйчүүдийн хувийн мэдээллийг нь цуглуулж, хэсэг хугацааны дараа олон нийтийн сүлжээгээр тараана хэмээн айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө авдаг бүлэглэл хэд хэдээрээ бий болсон байна. Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст зүй бус сүрдүүлгийн шинжтэй 20 хэргийг шалгаж байгаа аж. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогчид нь шилжилтийн насны охид, залуу бүсгүйчүүд байдаг гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр гэмт этгээдүүд амьдралын боломжтой охидтой хуурамч фэйсбүүк хаягаар дамжуулан танилцаж, олон сарын турш харилцдаг байна. Утсаар ярьж, фэйсбүүкээр байнга харилцдаг гэнэ. Бүр бэлэг хүргэлтийн үйлчилгээгээр цэцэг, бэлэг дурсгал явуулдаг аж. Ингэж итгэлийг нь олсны дараа охидын хувь хүний нууцад хамаарах мэдээлэл болон нүцгэн зургийг нь олж авдаг аж. Үүнийхээ дараа “Чиний тийм нүцгэн зураг байна. Энэ зургийг чинь олон нийтийн сүлжээнд тавилаа. Гурав хоногийн дотор бидний хэлсэн мөнгийг өгөх юм бол зургийг чинь тавихгүй. Нүцгэн зураг чинь цахим ертөнцөд цацагдах юм бол сургуулиар чинь дүүрэн яриа болно. Аав, ээж чинь мэднэ. Хамаатан садангийнхаа нүүрийг яаж харах юм бэ. Цагдаад хэлээд нэмэргүй шүү. Зураг олон нийтэд хүрчихсэн хойно цагдаа нар шалгаад юу ч хожихгүй” хэмээн дарамталдаг байна. Ингээд хохирогчид гэмт хэрэгтнүүдийн хэлсэн мөнгийг олж өгдөг аж. Үүнээс болоод гэрээсээ хулгай хийх, ах, эгч, хамаатан садандаа худлаа хэлж их хэмжээний мөнгө авсан тохиолдол ч цөөнгүй гарчээ. Хамгийн сүүлд гэхэд эрхэлсэн тодорхой ажилгүй М, Б нар нь хуурамч хаяг үүсгэж, иргэдтэй танилцаж, дотносох замаар хувийн мэдээлэл, видео бичлэгийг нь цуглуулсан байна. Зургаан иргэний хувийн мэдээллийг олон нийт болон найз нөхдөд нь тараана хэмээн сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан болохыг цагдаагийн байгууллага илрүүлэн тогтоожээ. Дээрх хэргийг бүлэглэн үйлдэж байсныг таслан зогсоож Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Нөхөртэй эмэгтэйчүүд гэмт хэргийнзолиос болдог гэнэ

Өсвөр насны охидоос гадна бүсгүйчүүдийг урхиндаа оруулж их хэмжээний мөнгө авдаг бүлэглэл бий болоод байгаа гэнэ. Нөхөртэй болон ганц бие бүсгүйчүүд дээрх хэргийн бас нэгэн гол золиос болдог байна. Нөхөртэйгөө суугаад таваас дээш жил хамтран амьдарч байгаа эмэгтэйчүүдийг тэд ихэвчлэн судалдаг аж. Ихэнх эмэгтэй фэйсбүүк хуудсан дээрээ нөхөртэйгөө хэдэн жил амьдарч байгаа талаарх болон бусад мэдээллээ оруулсан байдаг аж. Ихэнх тохиолдолд бүсгүйчүүд хуурамч фэйсбүүк хаяг үүсгэж бусадтай танилцдаг гэнэ. Гэмт этгээдүүд хэсэг хугацаанд ойр дотно яриа өрнүүлж байгаад дарамталж эхэлдэг байна. Тэд “Чиний бичсэн эдгээр зүйлсийг нөхөр рүү чинь явууллаа. Мөн хадам талын хүмүүст илгээнэ. Вэб сайтуудаар байршуулна” хэмээн сүрдүүлж эхэлдэг. Ингээд мөнгө авдаг байна. Ганц бие бүсгүйчүүдийг мөн л нүцгэн болоод хагас нүцгэн зургийг дотно танилцаж байхдаа авч дарамталдаг гэнэ. Охид, эмэгтэйчүүдийг энэ хэлбэрээр айлган сүрдүүлж, дарамталж мөнгө нэхдэг гэмт хэрэгтнүүдийн тоо эрс нэмэгдэх болжээ. Гэмт этгээдүүд хуурамч хаяг дээрээ маш олон хүнтэй зэрэг харилцдаг нь тогтоогдоод байгаа аж. Тухайлбал, Б гэгч нь 50 гаруй эмэгтэйтэй байнгын харилцдаг байсныг мөрдөн байцаалтаар тогтоосон байна.

16 настай Сгэгчид охид, эмэгтэйчүүдийнмянга гаруй зураг хадгалагдаж байжээ

Фэйсбүүк хуудсаар танилцан харилцаж, улмаар тэдний итгэлийг олж аван, хувийн мэдээлэл цуглуулж, бусдыг дарамталдаг нэгэн гэмт этгээдийг цагдаа нар барьжээ. Гэмт этгээд 16 настай Сгэгч байсан гэнэ. Тэр охид, эмэгтэйчүүдийн 1075 ширхэг зургийг хууль бусаар цуглуулж нийтэд дэлгэнэ гэж бэлгийн болон санхүүгийн дарамт үзүүлдэг байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Манай улсын 7000 гаруй фэйсбүүк хэрэглэгчийн олонхи нь өсвөр насны хүүхэд, залуучууд байдаг тухай судалгаа бий. Өсвөр насны охидыг модель болгоно, клипэнд тоглуулна гэж хууран хувийн мэдээллийг авч, бэлгийн дарамтад оруулсан хэрэг ч энэ хугацаанд хэд хэд бүртгэгджээ. Гэмт хэргийн хохирогчдын дунд охид, эмэгтэйчүүдээс гадна хөвгүүд хүртэл байгаа аж. Хөвгүүдийг мөн л нүцгэн зургийг нь дотно танилцаж байгаад олж аван айлган сүрдүүлж, мөнгө авсан тохиолдол байгаа аж.

Өнгөрсөн жил Ө гэгч гэрэл зурагчин охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зургийг авдаг. Үүнийгээ зүй бус сүрдүүлэгтээ ашиглаж байсан нь тогтоогдсон. Тэрбээр охид, бүсгүйчүүд рүү “Сайн байна уу. Дэлхийн гайхамшиг болж байгаа манай компанийн гайхамшигт шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай. Холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Хамтран ажиллах санал тавьж байна. Холбогдох дугаараа үлдээгээрэй”, “Сайн уу. Найзаар бүртгэж байгаад миний facebook-ийн бүх зургуудыг үзээрэй. Өөрт чинь хэрэгтэй маш гоё саналуудыг тавьж байна аа. Тодруулах зүйл байвал холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай” гэж захидал бичдэг. Улмаар утасны дугаараа үлдээдэг байна. Мөн “World Global Network” компанийн борлуулдаг гэх хоёр сим карттай гар утасны талаарх мэдээллийг явуулдаг. Хамтарч ажиллах санал нь юу болохыг сонирхож, захидалд нь хариу бичсэн охид, бүсгүйчүүдэд “Би гэрэл зурагчин. Топ модель Одгэрэл миний шавь. Ах нь чамайг тэд нар шиг од болгоод өгнө. Чиний царай төрх яг од болоход тохирно” гэх мэтээр санал тавьдаг аж. Ингэж захидлаар харилцаж байгаад гар утасных нь дугаарыг авдаг. Дараа нь утсаар ярьж ажил дээрээ урьдаг аж. Гэрэл зургийн студид нь очиход яалт ч үгүй зургийг нь авдаг, гоё гарвал сэтгүүл дээр гаргаж өгнө хэмээн амладаг гэнэ. Фото модель болгохын тулд биеийн галбирыг харуулна хэмээн хувцсыг нь тайлуулж зураг авдаг байна. Улмаар нүцгэн зургийг нь олон нийтийн сүлжээгээр тараана хэмээн эрхшээлдээ оруулдаг талаар хохирогчид цагдаад мэдэгдэж хэрэг илэрсэн байна.

Сүрдүүлэг, дарамтад өртсөнл бол цагдаад яаралтай мэдэгдэх ёстой гэв

Цагдаа нар охид, эмэгтэйчүүдийг фэйсбүүк хуудсаар дамжуулан бусадтай танилцахгүй байх, хувийн мэдээллээ бусдад өгөхгүй байхыг анхааруулж байна. Мөн ямар нэгэн байдлаар бусдад дарамтлуулсан тохиолдолд ичиж зовох зүйлгүйгээр цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэх ёстойг анхааруулж байна. Цагдаа нар хувийн мэдээллийг ашиглан сүрдүүлж байгаа гэмт хэрэгтнүүдийг илрүүлж, шуурхай арга хэмжээ авч, таны нэр хүндэд халдах зүйлсийг таслан зогсоох бүрэн боломжтой гэдгийг онцлон хэлж байв. Мөн цахим етөнцөөр бусдыг айлган сүрдүүлэх замаар мөнгө авдаг, зүй бус сүрдүүлэг хийж байгаа гэмт хэрэгтнүүдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 (садар самууныг сурталчлах), 149 (бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх) дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн хариуцлага ногдуулдаг байна.

Э.Баатар

Categories
мэдээ соёл-урлаг

Т.Жинжмаа би энэ кинонд тоглосондоо өөрийгөө маш азтай хүн гэж боддог

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Цагаан хадаг” уран сайхны кино саяхан нээлтээ хийсэн билээ. Олимпийн мөнгөн медальт тамирчин Д.Сумьяагийн амьдралаар сэдэвлэн хийсэн уг киноны гол дүрд тоглосон СУИС-ийн Театр урлагийн сургуулийн III курсын оюутан Т.Жинжмаатай уулзаж ярилцсан юм. “Хүлэгү пикчерс”ийн хамт олон болон найруулагч Ж.Сэнгэдоржтой хамтран ажилласан нь түүний хувьд маш азтай завшаан байсан гээд манай сониноор дамжуулан жүдо бөхийн улсын шигшээ багийнханд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

-“Цагаан хадаг” киноны гол дүрд тоглох болсон талаараа манай уншигчдад ярьж өгөөч?

-Манай сургууль дээр “Цагаан хадаг” киноны дүрд тоглох хүнийг хайж проб хийж байгаа тухай яригдсан. Оюутнуудаас пробонд орж би ч зургаа авахуулаад явуулсан. Сарын дараа “Хүлэгү пикчерс”-ийн найруулагч утасдаад ирж уулз гэсэн. Ярилцлаганд орсноос хэд хоногийн дараа найруулагч Ж.Сэнгэдорж дуудаж уулзахдаа “Спортоор хичээллэдэг үү, чадах уу?” гэж асуухад нь “Чадна” л гэж хариулсан. Үүнээс хэд хоногийн дараа манай нэгдүгээр найруулагч яриад энэ киноны гол дүрд тэнцсэн талаар хэлж билээ. Ингээд маргааш нь “Хүлэгү пикчерс” дээр очиж дахин уулзахад “Бэлтгэлээ хэр зэрэг хийхээс бүх юм шалтгаална. Бид чамайг авна. Хамгийн гол нь мэргэжлийн ур чадвартайгаас гадна биеийн тамирын бэлтгэлтэй хүн хэрэгтэй” гэсэн. Ингэж хэлэхэд хамгийн гол нь бэлтгэлээ сайн хийх ёстой юм байна гэж бодсон. Маргаашаас нь шууд жүдогийн шигшээ багийн тамирчидтай бэлтгэл хийж эхэлсэн. Хоёр сар бэлтгэл хийж, яаж өнхрөх, уналтууд зэргийг сурсан. Бэлтгэл хийж эхэлснээс хоёр долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 26-наас зураг авалт эхэлсэн дээ.

-Өөрөө урьд нь спортоор хичээллэдэг байсан уу?

-Сагс тоглодог байсан, мэргэжлийн түвшинд спортоор хичээллэж байгаагүй.

-Анх удаа киноны гол дүрд тоглох ямар байв. Энэ бол зүгээр нэг дүр бус, олимпоос медаль хүртэж нэлээд амжилтад хүрсэн тамирчин бүсгүйн дүр…

-Анхандаа Д.Сумьяа эгчийн тухай кино гэж би мэдээгүй. Бодит хүний амьдралаас сэдэвлэсэн жүдогийн эмэгтэй тамирчины тухай бүтээл гэдгийг мэдэж байлаа. Надаас “Яах уу?” гэж асуухад нь “Яана аа би чадах болов уу” гэсэн бодол хамгийн түрүүн төрж билээ. Эмэгтэй хүн барилдана гэдэг маш хэцүү. Ингээд бэлтгэл хийж эхлэхэд зөвхөн бяр чадалтай байгаад зогсохгүй маш их зүйлийг сурах хэрэгтэй болсон. Кино зохиолоо уншихад шал ондоо байсан. Хамгийн гол нь бодит хүний тухай. Өнөөдөр бидний дунд амьдарч яваа хүний дүрийг бүтээнэ гээд бодохоор айдас төрж байсан шүү. Бид бол хэзээ нэгэн цагт амьдарч байсан хүний тухай кино үздэг шүү дээ.

-Бэлтгэл хийгээд эхлэхэд ямар санагдсан?

-Хэцүү байсан. Эмэгтэй тамирчид пад, пад гээд л унаад. Яана аа л гэж бодож байлаа. Тамирчидтай бэлтгэл хийгээд эхлэхэд тэд бүгдийг нь тайлбарлаж өгсөн. Тэдэнтэй маш сайн танилцаж, надад ч их тусалсан даа. Сүүлдээ дунд нь ороод л барилддаг болсон. Тэгж байж л жүдогийн ертөнцөд илүү гүн орж, наад зах нь айдасгүй зөв унадаг болсон. Мөн техник, яавал бэртэл авахгүй байх гээд л олон юм сурах шаардлагатай болсон шүү. Ер нь тамирчин хүний хамгийн анхаарах зүйл бол бэртэл. Яавал бэртгэл авахгүй, техниктэй байх талаар жаахан гадарладаг болоод байгаа. Зураг авалт эхлэхээс өмнө бэртчэх вий гээд ихэд анхааралтай байсан.

-Анх олимпийн мөнгөн медальт, тамирчин Д.Сумьяатай уулзахад ямар байсан?

-Намайг бэлтгэл хийж эхлэхэд Д.Сумьяа эгч маань Парисын их дуулгын тэмцээнд оролцохоор явчихсан байсан. Эхэндээ би түүнийг хаана байгаа юм бол гээд л Спортын төв ордноор хайдаг байлаа. Хөдөөний зураг авалтаа дуусгаад дахиад бэлтгэлдээ ороход тамирчид Парисаас ирчихсэн байсан. Ингээд Спортын төв ордон дээр анх Д.Сумьяа эгчтэйгээ танилцаж билээ. Би ч хараад л сандраад, бүх юм нь мундаг харагдаад. Жүдогийн талаар жаахан гадарладаг болчихсон тул мэхээ хийж байгааг нь хараад биширнэ “Ямар гоё цэвэрхэн хийдэг юм бэ” гэж бодно. Сайн танилцахад би өөрөө Д.Сумьяа эгчтэй их төстэй юм шиг санагдаж билээ.

-Юугаараа төстэй санагдав?

-Тамирчид намайг хараад “Энэ нөгөө Д.Сумьяагийн дүрд тоглох охин гэсэн. Нээрээ энэ хоёр адилхан юм байна” гээд л ярина. Санаа дагаад ч тэр үү, би өөрөө Д.Сумьяа эгчтэй их адилхан юм шиг санагдаад л, сүүлдээ бид хоёр хоорондоо төстэй тухайгаа ярьдаг болсон. Д.Сумьяа эгч маань харьцахад их гоё, амар, энгийн, чөлөөтэй хүн, надад ч их тусалсан. Маш зөв хүн. Намайг маш халуун дотноор хүлээн авсанд нь их баярладаг.

-Зураг авалтын үеэр Д.Сумьяа эгч нь чамд зөвлөгөө өгсөн үү?

-Өгөлгүй яахав. Мэх болгон дээр зөвлөгөө өгч тусалж байлаа. Барилдааны талаар үндсэн зөвлөгөө өгч бэлтгэлийн дараа бид хоёр хоёулхнаа бэлтгэл хийнэ.

-Тэгвэл олимпийн мөнгөн медальт тамирчинтай барилдсан юм байна.

-Барилдсан. Надад маш их юм зааж өгсөн. Бид хоёрын Буянт-Ухаа дээр бэлтгэл хийж байгаа бичлэг ч интернэтэд тавигдсан байна лээ.

-Кино зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-Хоёр сар үргэлжилсэн.

-Хоёр сарын туршид зураг авахуулж нэлээд шаргуу ажилласан юм байна. Киногоо анх хэзээ үзсэн бэ?

-Үзэгчидтэйгээ цуг нээлтэн дээр үзсэн. Бүр сандраад л, сэтгэл догдлоод л. Үзэж

Дэлгэрмаа

байхдаа “Ингэсэн бил үү. Үүн дээр ингэчихсэн бол” гэж бодогдож билээ. Кино дууссаны дараа хүмүүс алга ташиж, над дээр ирээд баяр хүргэхэд их баярласан. Би энэ кинонд тоглосондоо өөрийгөө маш их азтай хүн гэж боддог. Зарим хэсэг дээр ингээд тоглочихдог байж гэж боддог юм билээ.

-Таны мэргэжлийн багш хэн бэ?

-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Отгонбат.

-Багш тань киног нь үзээд юу гэж байна?

-Багш маань киноны нээлтийн өдөр маш чухал ажилтай байсан тул ирж үзэж амжаагүй. Гэхдээ киноны трейлерийг үзчихээд “Чи тэр хэсэг дээрээ ингэж тоглосон уу? Трейлерийг үзэхэд тэгсэн байсан” гэж асууж байсан. Өөрөөр хэлбэл мэргэжлийн талаасаа ярьсан.

-Ингэхэд яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?

-Би багадаа телевизэд хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Дунд сургуульд байхдаа “Сэтгүүлч болох уу, жүжигчин болох уу” гэж боддог байлаа. Багш нар маань жүжигчин болохыг зөвлөсөн. Гэрийнхэн болохоор намайг чадах уу гээд л , өөрөө шийд гэж байлаа.

-Таны анхны бүтээл болох энэ киног яагаад “Цагаан хадаг” гэж нэрлэсэн юм бол?

-Цагаан хадаг бол бүх сайн сайхныг бэлгэдэл. Тиймээс л ингэж нэрлэсэн байх.

Ю.Дэлгэрмаа

Categories
их-уншсан туслах-ангилал

Ерөнхий сайд өөр нам эрх барьж байх үед гаргасан шийдвэрийг өөрийн нам эрх барихад дагахгүй юм гэнэ

Цахилгаан станцыг хувьчлахгүй гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдээд байгаа. Өмнөх засгийн үед буюу 2015 онд УИХ-ын 70 дугаар тогтоол, Засгийн газрын 330 дугаар тогтоол гарч дулааны цахилгаан станцуудыг хувьчлахаар тусгасан байдаг. Гэтэл Ерөнхий сайд “Цахилгаан станцуудыг энэ засгийн үед хувьчлахгүй” гээд хэлчихлээ. УИХ, Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрээс Ерөнхий сайд нь ингэж эсрэг юм хэлээд сууж байна. Цахилгаан станцуудыг хувьчлах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр одоо ч хүчин төгөлдөр байгаа. Үүнийг өөрчиллөө гэхэд УИХ-аар хэлэлцэж байж л өөрчилнө. Түүнээс биш Ерөнхий сайд сайн дураараа эсрэг юм хэлээд суудаг юм биш. Ерөнхий сайдын энэ үг түүнийг огцруулахад ч хангалттай. Түүний энэ үйлдэл нь өөр нам эрх барьж байх үедээ гаргасан шийдвэрийг өөрийн нам эрх барих үед биелүүлэхгүй гэсэн санаа юм шиг байна.

Монгол Улс парламентын засаглалтай. Парламентаас баталсан хууль, тогтоол шийдвэрийг бүгдээрээ дагаж биелүүлэх ёстой. Ерөнхий сайд байна уу, УИХ-ын гишүүн, дарга, хэн гээч сэтэртэн байх нь хамаагүй. Ардын намын гишүүн байна уу, Ардчилсан намынх байна уу, нам бус байна уу гэдэг нь ч хамаарахгүй. Тогтоол, шийдвэр, хуулийг, үг дуугүй дагаж биелүүлэх ёстой. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд нь дагахгүй гэж байна. Өөр намын эрх барьж байх үед гаргасан шийдвэрийг өөрийн нам эрх барих үед дагахгүй байх тийм хуулийн заалт хаана ч байхгүй. Монгол Улсад төрийн залгамж халаа гэж байхгүй болж. Уг нь өөрийн намын парламент, өөр намын парламент гэж байдаггүй. Ардын намын эсвэл Ардчилсан намын төр гэж байхгүй. Монгол Улсын парламент гэж л бий. Монгол Улсын төр гэж бий. Өнөөдрийн Засгийн газрын тэргүүн харин өөр бодолтой юм шиг байна. Ерөнхий сайдын энэ үзлээр бол аль дээр баталсан Үндсэн хуулийг ч дагахаа байх уу. Тэр үед өөр намын гишүүд батлалцсан учраас Үндсэн хуулиа дагахгүй гэх нь байна л даа. Ингэж Засгийн газрын тэргүүн нь монгол төрийн шийдвэрийг үл ойшоогоод байхаар төр засгийн шийдвэр, төрийн залгамж халаа, тасралтгүй үргэлжлэх монгол төрийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг бууруулж байгаа юм. Өөрийнх нь нам ялаад олонхи болчихсон юм чинь юу ч гэж ярьж болдог юм бол бид хууль мөрдөх хэрэг байна уу. Ерөнхий сайд УИХ-аас дээгүүр давж өөрийн дураар ярих эрхгүй. Тиймээс төрийн ажлын практик талаасаа Ерөнхий сайд маш бүдүүлэг алдаа гаргалаа. Түүний хэлсэн үгийг хардах бас нэг шалтгаан байна. Улстөрчид өөрсдийн эрх ашиг орсон юмыг л хөдөлгөдөг. Хэрэв тэр ажил хөдлөхгүй, явахаа байчихвал эрх ашиг нь ороогүй байна гэж хардах үндэслэл бий.

1992-1996 онд Худалдаа хөгжлийн банк, Говь, Хаан банкны үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийг хувьчлах асуудал яригдаж эхэлсэн ч дэмжигдэхгүй байсаар Ардын нам эрх барих үед 72-уулаа болж байгаад хувьчилсан байдаг. Гэтэл өмнөх Засгийн газрын үед хувьчлах шийдвэр гарчихаад байхад энэ засгийн үед хувьчлахгүй гээд байгаа нь үнэгүйдүүлж байгаад өөрсдөө хувьчилж авах гээд байна уу гэж хардаж болохоор. Яагаад гэвэл гуравдугаар цахилгаан станц ашигтай ажилласан. Тиймээс үнэгүйдүүлэх хугацааг хүлээж байж болзошгүй юм.

Цахилгаан станцууд Ерөнхий сайдын мэдэлд буюу Засгийн газрын мэдэлд байдаг. Том цахилгаан станцууд дээр нь ТУЗ гэж бий. Тэр ТУЗ-д нь яамны газрын дарга нар очоод жигтэйхэн өндөр шан харамж аваад сууж байдаг. Өмч нь улсынх. Удирдаж байгаа хүмүүс нь улсаас томилогдсон. Мөнгө төгрөг хэмнэх, эрчим хүчний үнийг хямдруулж хүрээгээ тэлэх гэсэн сонирхол байхгүй. Байнга л үнэ нэмэх, төсөл хэрэгжүүлэх тухай л ярьж байдаг. Манай улс хамгийн их мөнгийг эрчим хүчний салбарт зарцуулсан хэрнээ эрчим хүчний үнэ байнга нэмэгдэж байдаг.

Яг өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ шалдаа буучихсан байж байхад хэрэв зах зээлээ дагадаг, зөв жамаараа явдаг бол эрчим хүчний үнэ ч бас л гурав дахин хямдрах ёстой. Сүүлийн гурав, дөрвөн жил ямар нэгэн хэлбэрээр цахилгааны хэрэглээ нэрийн дор иргэдээс авах мөнгө нь нэмэгдээд л байгаа. Жишээлбэл, сэргээгдэх эрчим хүчний татвар гээд бүх өрхөөс 3500 төгрөг сар бүр авдаг. Ингэлээ гээд үйлчилгээ нь сайжирч нэмэгддэггүй. Өнөөдөр дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сэргээгдэх эрчим хүчний гэгдэх хийсэн юм хаана ч алга. Наян жил болсон эрчим хүчний салбар нийслэлээ ч бүрэн хангаж чадахгүй. Шинээр ашиглалтад орж байгаа барилгуудын том саад нь цахилгааны зөвшөөрөл. Эрчим хүч улсынх учраас аль болох цахилгаанаар боож түрий барьж байдаг. Дөрөвдүгээр цахилгаан станцын 70 хувь нь нийслэлийн хэрэглэгчид. Гэтэл яаманд үйлчилдэг байгууллага болж хувирсан. Хэрэглэгчдийнхээ мэдэлд байсан бол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн шиг үнэ нэмэгдэхгүй. Баруунд цахилгаан станцууд хувьд байдаг. Үнээ нэмбэл хотын дарга ухаан алдах шахна. Сонгуулийн хөзөр цахилгаан станц. Цахилгааны үнэ нэмэгдвэл хотын дарга шууд огцорно. Тэр бүү хэл эрх баригч намынхан томоохон эсэргүүцэлтэй тулдаг. Тиймээс ч хувьд байдаг ч үнэ нэмнэ гэж бараг л байхгүй. Энэ бүхнийг харгалзаад өмнөх засгийн үед цахилгаан станцуудыг хувьчлах шийдвэр гарсан. Хувьчлах гэдэг нь ард түмэнд хэрэглээгээ хүргэх шийдвэр. Хувьчилбал цахилгаан эрчим хүч өнөөдөр хүрэхгүй байгаа хэрэглэгчдэдээ ч хүрнэ. Болиулна гэж ярьж байгаа нь зах зээлийн эдийн засгийн мөн чанарыг ойлгохгүй, социализмаараа байхыг хүссэн эсвэл үнэгүйдүүлж хувьчилж авахын тулд нэг хэсэгтээ хувьчлахгүй гэж гал намжаах арга.

Б.Дорждэрэм

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д нийтлэлч Н.Гантулгын “Хятад гүрнээс айж сэжиглэх биш хөгжил дэвшлийг нь ашиглах хэрэгтэй байна” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Саяхнаас өрхийн мэдээллийн сангийн судалгааг үндэслэн хүүхдийн мөнгийг логож эхэлсэн билээ. Тэгвэл энэ тухай тодорхой мэдээлэл хүргэхээр манай сэтгүүлч сурвалжилсан юм. Энэ тухай нэгдүгээр нүүрэндээ онцоллоо.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт ямар ажлууд амжуулж байсан талаар ярилцсаныг унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж нийгмийн бүхий л салбарт шуугиан тарьж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Н.Гантулгын “Хятад гүрнээс айж сэжиглэх биш хөгжил дэвшлийг нь ашиглах хэрэгтэй байна” нийтлэл хэвлэгдлээ.

Мөн улс төрийн дөрөв, тавдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай хийсэн ярилцлагыг уншиж сонирхоорой.

Саяхан мөрийтэй тоглоом тоглож байсан хүмүүс дээр гаднаас буу, хутгаар зэвсэглэсэн этгээдүүд дайран орж ирж мөнгө, алтыг нь дээрэмдээд хэд хэдэн хүн шархдуулаад зугтсан хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ хэргийн араас сурвалжилсан нийтлэлийг баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс сонирхож хараарай.

Эдийн засгийн 15 дугаар нүүрнээс Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн Багануур, Налайхад ажилласан тухай сурвалжлагыг унших боломжтой юм.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ