Categories
мэдээ нийгэм

Үүлшинэ. Хур тунадас орохгүй

ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

Өнөөдар Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Өнөө маргаашдаа баруун болон төвийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааруулж байна.

2016 оны 10 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зүүн хэсэг, Төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч 5-7 градус дулаан байна .

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад өснө.

Categories
мэдээ нийгэм

“Албан тушаалд очсон залуусын зам АТГ-аар төгсдөг нь гунигтай” нийтлэл хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрээс шавь нартайгаа тэмцээнд оролцоод аварга болсон тулааны спортын аварга Ө.Саруул-Одын тухай уншаарай. Үргэлжлэл нь тавдугаар нүүрт нийтлэгджээ.

Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдтой хийсэн ярилцлагыг хоёрдугаар нүүрээс уншаарай. Түүний ярилцлагаас орон нутгийн сонгуулийн чанар, зохион байгуулалтын талаар сонирхоорой.

Гуравдугаар нүүрт манай сонины залуу сэтгүүлч С.Алтанцэцэгийн “Албан тушаалд очсон залуусын зам АТГ-аар төгсдөг нь гунигтай” нийтлэл хэвлэгджээ. Өнөөгийн улс төрд орох гэж яарч байгаа залуучуудад зориулсан чин сэтгэлийн зөвлөгөөг та эндээс уншаарай.

Монголчуудын хувьд эрчим хүчний дутагдалтай байдаг билээ. Тэгвэл шинээр ашиглалтад орох гэж байгаа Хөшигийн хөндийн нисэх буудлын дэргэд сэргээгдэх эрчим хүчний салбарт хувь нэмэр оруулан 50 мВт-ын нарны цахилгаан станц баригдах гэж байгаа юм байна. Шав тавих үйл ажиллагаа нь өчигдөр болжээ. Энэ тухай “Хөшигийн хөндийн дахин нэг бүтээн байгуулалт” талаар сурвалжлага, ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай.

Дөрөвдүгээр нүүрэнд иргэдийн хэлэх үгийн чөлөөт индэр булан хэвлэгджээ. Та эндээс элдэв цензургүй өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг сонирхоорой.

Хавдрыг даван туулагчдын талархлын баярын талаар сурвалжлага зургаадугаар нүүрэнд оржээ. Эндээс та энэхүү аюулт өвчнийг хэрхэн даван туулсан хүмүүсийн чин сэтгэлийн яриаг уншаарай.

Дэлхийн хүн булангаас Сэргэн мандалтын үеийн төлөөлөл болсон Италийн нэрт зураач Санти Рафаэлийн амьдрал уран бүтээлтэй танилцаарай.

Наймдугаар нүүрт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын найман жилийн дунд сургуулийг 1970 онд төгссөн ангийнханы дурсамж тэмдэглэл оржээ. Хүүхэд насны гэнэн томоогүй адал явдал болоод хүсэл мөрөөдлийнх нь талаар эндээс уншаарай. Эдний ангиас Боловсролын тэргүүний 16 багш төрсөн гэнэ.

Мөн өнөөдрийн дугаараас монголд анх удаа тоглолтоо хийж буй аав, ээж, хүү гурван дельфиний тоглолтын талаар хийсэн сонирхолтой сурвалжлага болон энэ намрын тренд болж буй хувцас загварын талаар сонирхоорой.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийлээ

Япон Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Ерөнхий сайд нар хамтарсан мэдэгдэл хийв.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

“Монгол Улсын Ерөнхий сайдын анхны гадаад айлчлал манай улсын ойрын түнш Япон Улсаас эхэлж, Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээ харилцан ойлголцсон, итгэлцсэн, найрсаг уур амьсгалд боллоо. Нэгдмэл үнэт зүйлтэй, нэг бүс нутаг бүхий бидний дотны түнш Япон Улстай стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэхэд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч байгаа.

Хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж итгэлцлийг бэхжүүлэн, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр тогтлоо. Манай хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний айлчлалын давтамж ойртож, харилцан итгэлцэл бэхэжсээр байна. Энэ харилцаан дээрээ суурилж, харилцааг дараагийн үе рүү оруулж, хоёр орны ард түмнүүдийн хэлхээ холбоог зузаатган, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тэлэх зорилго бидний өмнө тавигдаж байна. Миний айлчлалын зорилго ч үүнд чиглэсэн.

Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улсын гадаад бодлого дахь Монгол Улсын ач холбогдлыг үнэлж, манай улсын дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд сэтгэл харамгүй дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэнд талархаж байна. Бид Монгол, Японы стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх зорилготой дунд хугацааны шинэ хөтөлбөр байгуулахаар тохирч, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх гол ажлаа хөтөлбөрт тусгахаар ярилцлаа. Монгол Улсад ардчиллыг бэхжүүлж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад нэн чухал дэмжлэг үзүүлж ирсэн Япон Улстай монголчууд бид цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа зузаатгаж, хоёр талын хүрээнд болон олон улс, бүс нутгийн хэмжээнд харилцан дэмжиж, хамтран ажиллах болно” гэлээ.

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ:

“Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхны айлчлалаа Япон Улсаас эхэлж байгаа нь манай хоёр улс халуун дотно, нягт сайн харилцаатайн илэрхийлэл гэж үзэж байна. Бид өнгөрсөн долоодугаар сард Улаанбаатарт болсон АСЕМ-ийн уулзалтаас хойш гурван сарын дараа дахин уулзаж байгаадаа баяртай байна.

Монгол Улс ардчилал, эрх чөлөө, хүний эрх чөлөөг үнэт зүйлээ болгон дээдэлдэг учраас Япон Улс стратегийн түншээ гэж чухалчлан үздэг. Миний бие Монгол Улсад гурван удаа айлчилсны үндсэн санаа ч энэ юм. Өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай маш үр дүнтэй, ач холбогдол өндөртэй яриа хэлэлцээ өрнүүлж чадлаа. Өнгөрсөн оны долоодугаар сард уулзахдаа хоёр орны харилцааны шинэ хөтөлбөрийг боловсруулах талаар санал нэгдсэн юм. Энэ нь хоёр орны хамтын ажиллагааны чиглэлийг заасан “Google map” буюу “Замын зураглал”-ын үүрэг гүйцэтгэх юм. Өнөөдрийн уулзалтаар энэ хөтөлбөрийг боловсруулах ажлаа түргэтгэх талаар санал нэгдлээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын харилцаа улам өргөн хүрээнд хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ерөнхий сайд мөн өдөр Япон Улсын Сангийн сайд Асоо Тароотой уулзлаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хоромхон” клубийг таван сая төгрөгөөр торгохоор боллоо

Image result for “Хоромхон” клубийг таван сая төгрөгөөр торгохоор боллоо

Монголын Хөлбөмбөгийн Холбооны цом 2016 тэмцээний 2016.10.11ны өдрийн 15:00 цагийн хагас шигшээ тоглолт болох “Дэрэн” болон “Хоромхон” багуудын тоглолтын үеэр Хоромхон багийн зарим тоглогчид болон албаны хүмүүс шүүгчийн бүрэлдэхүүнийг хэл амаар дормжилж, спортын бус авир гаргасан байна. Тухайлбал Хоромхон багийн эмч Н.Болор-Эрдэнэ нь талбайн 1-р туслах шүүгч Т.Галдансүхийн биед нь ноцтойгоор халдсан нь нотлох баримтаар нотлогдож байгаа тул Монголын Хөлбөмбөгийн Холбооны Онцгой байдлын хороо 2016.10.12ны өдөр хуралдаж дараахи шийдвэрийг гаргалаа..

Үүнд:

-Хоромхон клубыг “Холбооны цом-2016” тэмцээнээс хасаж 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг ноогдууллаа.

-Багийн эмч Н.Болор-Эрдэнэд Хөлбөмбөгтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд оролцох эрхийг 24 сараар хасаж 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулав.

МХБХ-ны Сахилга бат, ёс зүйн дүрэм, Онцгой байдлын хорооны тогтоол болон спортын бус авир гаргасан бичлэгийг холбооны албан ёсны хуудсанд байршуулав.

Баг тамирчид болон албаны хүмүүс Хөлбөмбөгийн холбооны дүрэм журмыг баримталж, fair play зарчмыг дагаж мөрдөхийг уриалж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Мэргэжлийн Засгийн газартай болно гэсэн чинь мэргэжлээр нь ялгаварладаг Засгийн газартай болсон юм биш үү

Монгол Улсын Их хурлын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд хөдөө аж ахуй, газар тариалан, оёдол нэхмэл, барилга, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, жилийн орлого нь 1.5 тэрбумаас ихгүй аж ахуйн нэгжид 90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр заажээ. Энэ хууль 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс 2021 он хүртэл цаг хугацааны хувьд хязгаартай үйлчлэх юм. Үйл ажиллагааны жилийн орлого нь 1.5 тэрбумаас ихгүй аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь хамааруулахгүйгээр яагаад цөөн хэдэн төлөөллийг багтаахаар зүтгэж байна вэ. Үйл ажиллагаа явуулж буй компаниудын ямар нь араас нь, ямар нь өврөөс нь гарсан болоод ингэх болов. Тайлбар нь “Ж.Эрдэнэбат нь газар тариалантай, Н.Оюундарь хоолны сүлжээ ресторантай, Ж.Энхбаяр нь оёдол нэхмэлийн чиглэлийн Дархан нэхийтэй, Чойжоо нь барилгын компанитай” гэхчилэн есөн жорын юм сошиалаар явж байна. Гэхдээ энэ тайлбар юу л бол.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүд жилд 1.5 тэрбумаас ихгүй орлоготой аж ахуйн нэгжүүдээ ялгаварлахгүйгээр бүгдийг нь 90 хувийн хөнгөлөлтөд хамруулж болдоггүй юм уу гэсэн асуудлыг хөндсөн ч МАН-ын бүлгийн ханыг давж чадсангүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын хэлснээр “Бүх аж ахуйн нэгжийг 90 хувийн татварын хөнгөлөлтөд хамруулахад 30-аад тэрбум төгрөгийн орлогын асуудал яригдана. Тийм учраас эхний ээлжинд амин чухал гэсэн салбарын ААНОАТ-ын 90 хувийг хөнгөлөхөөр оруулж ирсэн” гээд сууж байх юм. МАН-ынхан яагаад энэ салбаруудыг онцлон 90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон нь зүгээр л сонгуулийнхаа сэтгэлгээнээс салж чадаагүйтэй нь холбоотой. Учир нь хөдөө аж ахуй, газар тариалан, оёдол нэхмэл, барилга, хүнсний салбарт монголчуудын дийлэнх нь ажилладаг. Эдгээр салбарт хамаарах иргэдийн хувь өндөр байгаа нь МАН-д л ашигтай. Тэд массыг л татахыг хүссэн. Сонгуулийн сэтгэхүйгээрээ ингэж хууль батлах нь бизнесийнхэнд тийм ч таатай зүйл биш. МАН-ынхан минь одоо сонгуулийн “ард түмэнд таалагдах” гэдэг тактикаасаа салаад эдийн засгийн хямралаасаа гарах арга хэмжээгээ авах болоогүй юу. Засгийн газраас оруулж ирсэн дээрх салбаруудаас гадна үүнд багтаж чадаагүй бизнесийнхэнд ч гэсэн эдийн засгийн хямрал хатуухан тусч байгаа. Бизнесийн аль нэг салбарыг ялгаварлахгүйгээр дэмжиж байж эдийн засагт сэргэлт өгнө. Тэгэхийн тулд жилийн 1.5 тэрбумаас ихгүй орлоготой бүх компанид 90 хувийн татварын хөнгөлөлт үйлчлэх ёстой л доо. Ингэж чадвал монголчууд баян чинээлэг болох боломж бүрдэнэ. Бизнесийнхэн нэг өндийгөөд авбал иргэдийн амьдрал сайжирна. Амьдрал сайжирснаас МАН-ын хийгээд Засгийн газрын мөрийн хөтөлбөр үр дүнд хүрнэ. Бид мэргэжлийн Засгийн газартай болно гэсэн энэ мэтчилэн мэргэжлээр нь ялгаварладаг Засгийн газартай болохыг хүсээгүй. Эрх баригчид ч тэгж амлаагүй.

Гурван нүүдлийн цаадахыг харна энэ тэр гэж сүржигнэж байхаар өмнөх нүүдлээ л зөв хийчих. Энэ хөнгөлөлтийн ард ганц ч компани үлдэлгүй хамрагдчихвал бизнесийнхний “нүд” нь сэргээд ирнэ. Итгэл нэмэгдэнэ. Засгийн газар нэг талаасаа татварын хөнгөлөлт эдлүүлэх боломж гаргаж байгаа хэдий ч бүгдийг нь хамруулахгүй гэвэл сошиалаар түгээд байгаа зарим сайд, гишүүдийн ашиг сонирхол үнэн болж ч мэдэх нь. “Төр оршихуй дор татвар буй, татвар оршихуй дор төр буй” хэмээх үг Татварын ерөнхий газрын үүдэнд томоос том бичээтэй буй. Төр гэж байгаа л юм бол өөрсдийн “хүүхдүүдийн” бизнесийг алагчлалгүй дэмжих ёстой. Татвар авахаараа хэнийг ч ялгахгүй бүгдээс нь авдаг атлаа хөнгөлөлт үзүүлэхдээ ганц удаадаа бүгдийг нь хамруулчих хэрэгтэй. Удахгүй бизнесийнхэн чинь энэ татварын хөнгөлөлт авсан манайх аваагүй гээд жагсаал цуглаандаа тулбал яах вэ. Өглөгийн уут ёроолдоо хүрсэн ч бүгдийг нь даагаад явчих ухаан энэ төрд байгаа гэж итгэх хүмүүс олон байна. Тоогдогсод нь томорч гээгдэгсэд нь гутарч болохгүй биз дээ, МАН-ынхаан. Бодлогын хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа мэт харагдах ч татварын хөнгөлөлтийн гадна үлдэх компаниудын ажилчдын цалин, татвараа төлөх, түрээсийн мөнгөний асуудалд үнэндээ төр нэмэр болж чадахгүй хэвээр үлдэх нь. Ингэж дутуу алсан үхэр шиг хууль батлах гэж зүтгэж байхаар тэгш эрхийг бүгдэд нь олгох шаардлагатай. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Д.Ганболд “Аавын хүүг алагчилж болохгүй л дээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр энэ нь чухал, энэ нь жижиг, энэ нь өрхөөр үйлдвэрлэл явуулдаг гэдэг бодлого барих юм бол бусад нь юу болох вэ” гээд гайхшаа бараад асууж байхав дээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Хуулийн төсөлд дөрвөн салбарыг онцолж оруулж ирсэн нь дутуу дулимаг санагдаад байна. Үүний цаана нийгэмд маргаан үүсчихвий. Загас, зөгий аж ахуйг яах вэ. Мал аж ахуйн салбар гэх үү. Бизнесийнхнээ талцуулах юм болох гээд байна. 20 гаруй тэрбумын зөрүү л гарах юм байна ш дээ” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлж байсан юм. Бүлгийнх нь гишүүд хүртэл шүүмжлэлтэй хандаад байхад л үзэмж төдийхнөөр өөрсдийн ашиг сонирхолд таацуулан ингэж зүтгүүлэх хэрэг байна уу. Сонгууль болдгоороо болж, сонгогчид саналаа өгдгөөрөө л өгнө. Үнэхээр ард түмэндээ төгс төгөлдөр таалагдах гээд байгаа юм бол 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүддээ таалагдах юм хий л дээ. Улс нь мөнгө өгч чадахгүй хойно тухайн компани нь цалингаа ядаж цагт нь тавиг л дээ. Наад хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан шиг оруулчих. Эрх баригчид та бүгдийг алга ташиж хүлээж авна уу гэхээс одоо оруулж ирсэн дутуу дулимаг хууль шиг чинь дутуу үнэлэхгүй байх.

Энэ оны эхэнд улсын хэмжээнд 164 мянга орчим аж ахуйн нэгж байсан бол аравдугаар сарын статистик мэдээгээр 63 мянган аж ахуйн нэгж байгаа гэнэ. Тэгвэл эднээс 4678 нь татварын хөнгөлөлтөд хамаарах аж. Дундаж аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлтөд хамрагдахын тулд компаниа хоёр, гурав болгон хувааж татварын хөнгөлөлтөд хамрагдахаар үйл ажиллагаа явуулах эрсдэл бий. Өнөө л далд эдийн засгийг дэмжчих юм биш биз гэсэн хардлага явж байна. Хэрэв ингэж алагчилж татварын хөнгөлөлт үзүүлэх юм бол татвараас бултах түмэн аргыг хэрэглэж мэдэхээр байгаа юм. Гэх мэтчилэн тал талын сөрөг үр дагавруудаа бодож байж хуулийн төслөө хэлэлцэхгүй бол бизнесээ өргөх нэрийн доор улам сөхрүүлж магадгүй. Бушуу туулай борвиндоо баастай гэдэгчлэн хоёрын хооронд гурвын дунд, өөх ч биш булчирхай ч биш хуулиар бизнесийг талцуулж байхаар зоригтой шийдвэр гаргаад явчих.

МАН-ынхан үнэхээр мэргэжлийн Засгийн газартай болсон гэж байгаа бол мэргэжлийн сайд нар нь өөрсдийнхөө салбаруудыг зүтгүүлэх хэрэгтэй. Зүтгэнэ гэж бүтэн салбар хариуцсан сайд болсон шүү дээ. Сайд нь зүтгүүлэхгүй бол таны салбарын ажил унах нь. Хариуцаж байгаа салбарт тань хөгжил дэвшил юу ч ирэхгүй нь байна шүү. Энэ мэтчилэн татварын хөнгөлөлтийг Их хурлаар хэлэлцэж байхад Татварын ерөнхий газрын байранд гал гарч ч байх шиг. Галын дөл өөдөө гэх үү, татварын бодлого чинь буруу байгаа болохоор бурхан цаанаас чинь тэгж байна гэж мунхаглах уу. Бизнесийг ялгаварлан гадуурхах чинь сонгуулийн оноо авах гэсэн увайгүй үйлдэлтэй чинь зөрчилдөөд байна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд Си Зиньпинтэй уулзана

БНХАУ-ын нийслэл Бээжинд улс төрийн намуудын
олон улсын чуулга уулзалт болж байна. Энэ сарын 14-17-ны өдрүүдэд үргэлжлэх уг
чуулганд Манай улсаас УИХ, МАН-ын дарга М.Энхболд оролцохоор тус улсыг өчигдөр
зорьсон билээ. Тэрбээр энэхүү чуулга уулзалтад оролцох далимд БНХАУ-ын
Ерөнхийлөгч Си Зиньпин болон Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын байнгын
хорооны дарга Жан Дөзян нартай уулзалт хийх ажээ. Айлчлалын бүрэлдэхүүнд
Сангийн сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй төлөөлөгчид багтаж буй юм.

Categories
мэдээ нийгэм

116-р сургууль өөрсдийн брайль сурах бичигтэй боллоо

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар
сургуулийнхан брайль сурах бичигээ өөрсдөө хэвлэх болжээ. Тодруулбал, Японы
“Taipei Tian Mo rotary” клуб болон Олон улсын ротари клубийн санхүүжилтээр 116
дугаар сургуульд хамгийн сүүлийн үеийн гурван төрлийн брайль принтер, хоёр
компьютер, сурах бичиг хэвлэх программыг тусламжаар олгосон байна. Өнөөдөр энэ
үйлдвэрийн нээлт боллоо.

Categories
мэдээ нийгэм

Ирэх лхагва гаригт бүх нийтээр сонгууль өгнө

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу ирэх долоо хоногийн Лхагва гараг.

Энэ өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй, соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй.

Мөн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо.

Түүнчлэн энэ өдрүүдэд гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэхээр боллоо.

Өөрөөр хэлбэл, хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүд аравдугаар сарын 19-нд амарна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасны дагуу дээрх зохицуулалтуудыг хийж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Геологийн төв лаборатораас Саппоро хүртэл дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ

Аравдугаар сарын 15-наас /Маргааш/ эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ.

Өвлийн бүсчлэлд шилжсэн өдрөөс эхлэн 08:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй.

Тухайлбал, Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болж байна. Зуны бүсчлэлээр энэ зам хязгаарлалтад ордог байсан.

Мөн 7 буудлын арын цагдаагийн постоос 32-ын тойрог хүртэл, Дамбадаржаагаас Бэлх салдаг уулзвараас Дарь эхийн уулзвар хүртэл хязгаарлалт үйлчлэхгүй.

Дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд өвлийн бүсчлэл үйлчлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд зодсон тогоочид 1,6 жилийн ял оноолоо

Дундговь аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан тус аймгийн Сайнцагаан суманд байрлах “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт хүмүүжиж байсан арван сартай охиныг тус цэцэрлэгийн тогооч “хоолоо идсэнгүй” гэх шалтгаанаар зодож танхайрсан хэргийг шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж энэ оны зургадугаар сарын 27-ны өдөр шүүхэд шилжүүлсэн юм.

Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс 2016 оны долдугаар сарын 25-ны өдөр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасныг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн ба давж заалдах шатны шүүх 2016 оны есдүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс гурав хоногийн өмнө /2016.10.11/ хэргийг хянан хэлэлцээд тогооч О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.