Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлага ирэх пүрэв гаригт эхэлнэ

2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага орон даяар энэ сарын 20-28-ны өдрүүдэд болно. Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага жил бүрийн аравдугаар сарын 15-наас эхэлдэг ч энэ удаад орон нутгийн сонгуультай цаг хугацааны хувьд давхацсан тул цэрэг халах, татах хугацааг хэдэн хоногоор хойшлуулжээ.

Тодруулбал, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, нэгдүгээр ээлжийн хугацаат албаны цэргүүдийг халах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил нийслэлд энэ сарын 21-23, хөдөө орон нутагт 20-28-ны өдрүүдэд болно. Цэрэг татлагын зарлан дуудах хуудас авсан залуус цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрэв оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дурдсан цэрэг татлагын байранд очих ёстой аж.

Categories
гадаад мэдээ

Толгойгоороо нийлсэн ихрийг салгажээ

АНУ-ын Чикаго хотын эмч мэргэжилтнүүд толгойгоороо нийлсэн Аниас, Жэдон нарыг мэс заслын аргаар салгажээ.

Нэг ойтой гарантай ихрийг салгах мэс заслыг хийхийн тулд сар гаруйн хугацаанд нарийн шинжилгээ судалгаа хийсэн байна. 20 цаг үргэлжилсэн мэс засал амжилттай болж хөвгүүдийн биеийн байдал хэвийн байгаа гэж эмч нар ярьжээ.

Categories
гадаад мэдээ

Орост догшин Иваны хөшөөг ёслол төгөлдөр нээжээ

Эсэргүүцэл, шүүхийн маргаан тэмцлийн дараа Оросын Орёл хотод 16 дугаар зууны цуст дарангуйлагч Догшин Иваны хөшөөг өчигдөр нээжээ.

Түүнийг олон мянган Орос хүнийг хоморголон хядсан, бүр өөрийн хүүг ч алсан гэдэг юм.

Москвагаас өмнө зүгт 350 км зайтай орших Орёл хотын удирдагчид Баасан гарагт нэг гартаа загалмай, нөгөө гартаа илд барьсан Иваны хөшөөг ёслол төгөлдөр нээсэн байна.

Нээлтийн үеэр мужийн захирагч үг хэлэхдээ Догшин Иваныг одоогийн ерөнхийлөгч В.Путинтай зүйрлэжээ.

Вадим Потомский “Өнөөдөр бидэнд агуу хүчирхэг ерөнхийлөгч заяаж дэлхий нийт Орос орныг хүндлэх, үгийг нь сонсоход хүргэж байгаа нь яг л Догшин Иваны цаг үе шиг байна” гэж хэлсэн байна.

1547-1584 онд Оросыг захирахдаа Иван олон тооны хүчирхийлэл үйлдсэний дотор хэдэн мянган хүнийг алсан Новгородын хядлага багтдаг юм.

Гэвч түүнийг бас Орос орны суурийг тавьсан, Улаан талбайд орших Гэгээн Василийн Цогчин дуганыг байгуулсан зэргээр нь эерэгээр үнэлдэг.

Ажиглагчид уг хөшөөг босгосон явдлыг Москва ард түмнийхээ дунд Орос орныг хүчирхэг байлгахын тулд дарангуйлал хэрэгтэйг сануулсан үзэл суртлын хэсэг гэж үзэж байна. Хөшөөний нээлтэд 1,000 гаруй хүн оролцсоны дотор Путиныг дэмждэг байкеруудын бүлэг “Шөнийн чононууд”-ын ахлагч Александр Залдостанов байсан гэнэ.

Нөгөө талаас Орёлын зарим иргэд хөшөөг босгохыг эсэргүүцэж, шүүхэд хүртэл хандаж байсан юм. Тэдний нэг Наталья Голенкова нэг удаа гэртээ харих замдаа халдлагад өртөж эсэргүүцлээ зогсоох анхааруулга хүлээж авч байсан тухайгаа хэвлэлд ярьж байжээ.

Тэр ярихдаа “Догшин Иваны фэн хэн байсан билээ? Сталин шүү дээ” гээд “Дарангуйлагч дарангуйлагчдаа хайртай байдаг” хэмээн өгүүлж байсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр алдарт “Кармен” дуурьтай

Монголын сонгодог урлагийн их өргөө болсон Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон тоглолтын 54 дэх улирлаа А.Аданы “Жизель” балетаар өнгөрсөн Бямба гаригт нээсэн. Энэ амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 15-16-ны өдрүүдэд алдарт Ж.Бизегийн “Кармен” дуурийг тоглож байна. Өнөөдөр 17.00 цагаас “Кармен” дуурийг дахин тоглоно.

Дуурийн гол дүрүүд болох Карменд М.Дариймаа /СТА/, Р.Доржхорлоо /СТА/, Хозед Б.Батжаргал, Д.Эрдэнэ-Очир, Эскамильод Ч.Энхтайван /СТА/, Данкайрод А.Сайнбаяр /СТА/, Э.Анхбаяр/СТА/, Ремендадод Г.Шижирболд/СТА/, М.Даваадорж, Цунигад О.Хүрэлбаатар /СТА/, Б.Алтанхуяг /СТА/, Моралест Л.Бүүвэйбаатар, Микаэлад С.Мөнгөнцэцэг /УГЖ/, Б.Энхнаран, Фраскитад Э.Адьяасүрэн, Мерседесд Ш.Наранчимэг /СТА/ нар тоглох ажээ.

Энэхүү дуурийн үйл явдал1820-иод оны үед Севиль хотод өрнөнө. Севиль хотын талбай түүний ойролцоо тамхины үйлдвэр байх бөгөөд хажууханд нь харуулын байр байна. Энэ талбай дээр Севиль хотын дордос, дээдэс, цэргийн дарга нар гуйлгачин хүүхдүүд, тамхичин хүүхнүүд янаг хайртнуудыг харж болох ажээ.

Харуулын байрны өмнө Хозегийн сүйт бүсгүй Микаэла ирнэ.Харуулчид, түүний захирал цунига нар Микаэлаг шохоорхон шалиглаж зугаацан цэнгэхийг хүсэх боловч Микаэла татгалзаж, гагцхүү хайртай хүнтэйгээ уулзахаар ирснээ хэлээд явж одно. Харуулд гаргахаар ирсэн Хозе сүйт бүсгүй Микаэла нь ирснийг мэдээд баясан хөөрч байна.

Тамхины үйлдвэрийн цайны цаг болжээ. Ажилчин хүүхнүүдийн дунд үзэсгэлэнт сайхан Кармен гарч ирнэ. Тэрээр ааль зан нь шазруун, үзэсгэлэн гоодоо эрдүүн, зоримог, эрх зоргоор учраас эрчүүдийн сэтгэлийг ихэд дэврээн дүрэлзүүлдэг ажээ. Түүнийгээ Кармен <<Хабанера>> гэдэг дуугаараа илэрхийлнэ. Энэ бол эрх чөлөөт хайр сэтгэл, тэмүүлэл эрмэлзлийн дуу юм.

Кармен хүүхэн номой түрүүч Хозег олны өмнө тохуурхан дооглож нэгэн цэцэг шидэж өгсөн нь Хозед ид шид, илбийн юм шиг санагджээ. Энэ цэцгээс жүжгийн хамаг өрнөл зөрчил үүснэ.

Энэ цэцгийг авчихаад байх үед Хозегийн сүйт бүсгүй Микаэла буцан ирж түүний ээж, төрөлх сайхан нутгийн тухай хүүрнэхэд Хозегийн сэтгэл догдолж Микаэлатай хуримлах, эхдээ эргэж очих тухай бодолд автагдана. Микаэла гэртээ буцаж Хозе харуулын албаа гүйцэтгэхээр үлдлээ. Гэтэл дахиад л түүний тайван албыг Кармен эвдлээ. Тамхины үйлдвэрийн хүүхнүүдийн дунд танхай явдал гарчээ. Түүнийг мөнөөх Кармен үүсгэжээ. Ахмад Цунига уг явдлын учрыг олуулахаар түрүүч Хозег явуулна. Гэтэл цыган хүүхний шидэт цэцэг, илбэт үгэнд автсан Хозе Карменийг суллаж явуулна. Үүний өр төлөөсөнд өөрөө шоронд суух боллоо…

Categories
мэдээ нийгэм

Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр бүх нийтээрээ амарна

Их эзэн Чингис хааны мэндэлсний 854 жил-Монгол бахархлын өдөр энэ сарын 31-ний өдөр тохионо.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан. Чингис хааны мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, ёслон тэмдэглэж байх болсон. Хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амрах юм.

Энэ өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан аравдугаар сарын 31-ний өдөр 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөх зодоглох юм.

Categories
их-уншсан туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Зарим зүйл хуульгүй байсан нь дээр

Мушгичих вий дээ, хэвлэлийн эрх чөлөөнд зориулж хэлсэн үг юм шүү дээ. Сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-ийн асуудлаар сэтгүүлчидтэй өргөн уулзалт хийх үеэрээ тэдний олон асуултад хариулт өглөө. Энэ уулзалтыг нэлээд бичсэн учраас үргэлжлүүлэх гэсэнгүй. Харин энэхүү уулзалтын үеэр түүний хэлсэн нэгэн үг их таалагдсан нь “Зарим зүйл хуульгүй байсан нь дээр байдаг юм” гэсэн үг. Ер нь тэрээр хэвлэлийн эрх чөлөөний талаар угаасаа ийм л бодолтой явдаг хүн шиг байгаа юм. Одоогоос арав гаруй жилийн өмнө хэвлэлийн эрх чөлөөний талаар өөрийн бодлоо хэлэхдээ “Монгол хүн морио унаад л явж байг. Заавал тэрийг хуульчлах хэрэг юу байна. Түүнтэй адил хэвлэлийн хууль гаргаж сэтгүүлчдийг дөнгөлөх хэрэг байна уу” гэж хэлсэн.

Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт дээр сэтгүүлч түүнээс “Хэвлэлийн эрх чөлөөний хууль юу болсон бэ, та татаад авчихсан юм уу” гэж асуухад тэр дээрх алдартай хариултаа хэлээд “Хууль хэрэв батлагдсан бол хэвлэлийн эрх чөлөөг боомилох байсан юм” гэж хэллээ. Хууль бол аливаа үйлдэлд хэм хэмжээ тогтоож, ёс зүйн хязгаар босгыг тогтоох л үүрэгтэй. Хууль үнэхээр батлагдсан бол ардчилсан чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд устах байсан байх аа. Гэхдээ Монголын хэвлэл мэдээлэл хуульгүй юм биш, бас хуультай. Үндсэн хуульд иргэн хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээр хангагдана гэж заасан. Дээр нь Э.Бат-Үүлийн дөрвөн заалт бүхий Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль бий. Эдгээр хуулийн хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байхад тэгээд болно. Э.Бат-Үүлийн хууль дээр Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг хууль санаачлан батлуулахыг хориглосон заалт бий. Үүн дээр Ц.Нямдоржийн гэж хэлж болох Эрүүгийн хуулийн 111 дүгээр заалт буюу “Гүтгэх” гэдгийг аваад хаячих хэрэгтэй. Тэгээд л өөр хуулийн хэрэггүй гэсэн үг. Энэхүү 111 дүгээр заалт нь хэрэг дээрээ томоохон албан тушаалтнуудад зориулсан заалт юм. Тэдний хууль бус үйлдлийн талаар сэтгүүлч дуугарч болохгүй гэсэн дарамт бол энэхүү хуулийн заалт билээ.

Хууль батлагдаж байх нь бусад салбарын тухайд муу юм биш. Харин хэвлэлийн эрх чөлөөний хуулийн тухайд бол хууль батлагдлаа гээд мундаг ариун болчихно гэж ойлгож болохгүй. Чөлөөт хэвлэлээ боомилох үйл явц хууль эрх зүйгээр баталгаажиж, сэтгүүл зүйгээ дарамтлах хэрэгсэл боллоо гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр харж байхад хувийн чөлөөт хэвлэл мэдээлэл рүү алгуурхнаар дайрч байгаа нь алсыг харсан, муу санаатай, ардчиллын үнэт зүйл болсон чөлөөт хэвлэлийн дархлааг устгахыг зорьсон, нийгмийн сэтгэл зүйг чөлөөт хэвлэлийг үзэн ядах үзэл рүү чиглүүлсэн байдалтай байгаа нь гадны явуулгатай мэт. Зүйрлэвэл, зааныг өдөрт нэг няслахад жилийн дараа үхсэн байдаг гэсэн үзэл санаа философиор явж байх шиг. Монголын сэтгүүл зүй тэнэг биш болохоор ийм л мэдрэмж төрөөд байгаа. Ийм мэдрэмжийг эхнээс нь авч эхэлсэн. Тийм учраас Монголын сэтгүүл зүй яав ч зүгээр суухгүй, дуугүй суухгүй, хөдөлнө.

Бусдын жишээг харъя л даа. Турк бол хөгжилтэй орон. Энэ улс хэвлэлийн эрх чөлөөний хуультай. Тэр хуульд нь “Төрийн эсрэг…” гэсэн заалт хэвлэлийнхэнд зориулагдан тусгагдсан байдаг. Өнөөдөр энэ дэлхий дээр өдөрт хэдэн арваар нь сэтгүүлчдийг баривчлан хорьж, редакцийг нь хааж байгаа улс орон бол эднийх боллоо. Яах аргагүй хэвлэлийн хуультай, тэр хуульдаа сэтгүүл зүйн эрхийг хязгаарлан боомилсон заалттай учраас энэ улсын сэтгүүлчдийн тэн хагас нь шоронд орж, цөөнгүй тооны хэвлэл мэдээллийн байгууллагын хаалгыг лацадлаа. Угтаа тэд ямар ч санаа зорилгогүйгээр сэтгүүл зүйн өдөр тутмын ажил болох болж буй үйл явдлыг мэдээлсэн юм. Ажлаа хийснийхээ төлөө төрийн эсрэг үйл ажиллагааг сурталчилсан хэрэгт хуулийн заалтаар буруудаж ял авч байгаа нь энэ. Ардчилсан Солонгос байна. Эх орон, удирдагчийнхаа эсрэг үзэл санааг дэлгэрүүлэх юм бол… гэсэн заалт тэдний хуульд бий. Хэвлэлийн эрх чөлөөний хуультай улс орнууд гэвэл дэлхий дээр иймэрхүү л улс орнууд байдаг юм шүү дээ. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний хууль гаргаж гэмээнэ эдний нэгэн адил боллоо гэсэн үг.

Харин бидний үлгэр авч ярих дуртай Америк зэрэг улс орнуудад хэвлэлийн эрх чөлөөний талаар ямар байдгийг хэлье л дээ. Америкийн Үндсэн хуульд “…үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний эсрэг хууль батлахыг хориглоно” гэсэн заалттай. Үүнийгээ л баримтлаад явж байдгаас бус Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаар тусгайлсан хууль гаргадаггүй. Хөгжсөн улс орнуудын хувьд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хуулиар шүүх боломжгүй гэж үздэг. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон цагаан ордонд дадлагажигч Моника Ливинский гэж бүсгүйтэй хормой хотны явдал үүсгэсэн нь дэлхийгээр нэг юм болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бөмбөгдөж өгсөн. Клинтон библи дээр гараа тавьж байгаад би тэгээгүй хэмээн хэлсэн. Гэтэл өнөө Ливинский нь бандаашаа нуучихсан байж байгаад гаргаж ирж шинжлүүлснээр бүх зүйл бодитой болсон. Энд юу хэлэх гээд байна гэхээр энэ бүх үйл явдалд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид маш их хутгалдсан. Хэрэвзээ хэвлэл мэдээллийн хуультай байгаад түүгээр зохицуулагдсан бол аль ч улсын хамгийн өндөр дээд албан тушаалтан бээр шүүх засаглалд нөлөөлж юм уу, библи дээр гараа тавьж тангарагласныхаа маргаашаас эхлээд бичсэн, нэвтрүүлсэн бүх хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг хуулиар дарамтлах байсан. Хуульгүй учраас хувийн чөлөөт хэвлэл мэдээлэл рүү хандсан дарамт нэг ч гараагүй. Эцэстээ Америкийн Ерөнхийлөгч ялагдаж дадлага хийж байсан эмэгтэй ялсан. Хэвлэлийн хуульгүйгээр үнэнийг олж болдгийн тод жишээ бол энэ. Урт удаан хугацаанд үргэлжилсэн энэ маргаантай холбоотойгоор нэг ч хэвлэлийн байгууллага, нэг ч сэтгүүлч хохироогүйг, хуулийн хариуцлагад татагдаагүйг дэлхий харсан.

Тэгвэл өөрийн орны практикаас үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хуулиар шүүж болдоггүй жишээг хэлье. Өнөөдрөөс 26 жилийн өмнө монгол хүн бүр, Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллага социализмын бүрэн төгс ялалтыг магтан дуулж, зүйл бүрээр дэмжин бичиж, хэвлэн нийтэлж байлаа. Өнөөдөр тэр бүхэн худлаа болсон. Социализм, коммунизмыг магтан дуулж, сурталчлан бичиж байсан түүнийг хуулийн тэдийн тэддүгээр заалтаар хариуцлагад татсугай гэх юм уу. Хуульд л захирагдаж амьдрах ёстой. Ингэхээрээ ямар ч цаг үед хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хууль шүүхээр зохицуулж болдоггүй юмаа гэдгийн жишээ энэ. Хүний үзэл бодол яаж ч хувьсан өөрчлөгдөж болно. Өнөөдөр үнэн гэж байсан бүхэн маргааш худлаа болдгийг 26 жилийн өмнөх үзэл бодлоосоо бид харлаа.

Ардчилсан чөлөөт хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг бол ардчиллын үнэт зүйл, улс орны тусгаар тогтнолын баталгаа гэдгийг дэлхий өөрөө тунхагласан юм. Чөлөөт хэвлэл мэдээлэл нь өөрөө хуулийн дарамтанд орж, гадныхны гар хөлийн явуургаар сэтгүүлчид нь байгууллагынхаа эсрэг турхиралтад орох аваас нийгмийн эмх замбараагүй байдал хар аяндаа үүснэ гэдгийг тэдгээр турхирагсад нь мэдэж байгаа. Нийгэм эмх замбараагүй байдалд хүрнэ гэдэг, тэр нь бүр даамжирсаар хяналтаас гарах нь Монголд шунасан гадныхны хувьд нэн таатай үйл явц. Ингэж үймж бужигнасан улс оронд яадаг вэ гэхээр энхийг сахиулах ажиллагаа нэрийн дор том гүрнүүд, мэдээж хамгийн ойроор Хятадын арми НҮБ-ын мандаттай ороод ирдэг юм. Үүний оршил нь эхлээд Монголын нийгмийн сэтгэл зүйн хөтөч болсон чөлөөт хэвлэлийг тогтворгүй, бодлогогүй, редакцигүй, эзэнгүй, хүссэн бүхэн дураараа залж удирдаж байх тийм нөхцөл байдал руу оруулах явдал. Ингээд дараагийн алхам нь Монголын нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх. Ийм л аюул занал айсуй. Тийм болохоор цэргийн сэтгүүлч явсан Ц.Элбэгдорж хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг үгүйсгэж, бүр “Зарим зүйл хуульгүйгээр явахгүй бол болохгүй байна аа” гэдгийг чангаар хэлж байна. Хууль гарвал ардчилсан нийгмийн үйл явдал дунд чөлөөтэй хөрвөж, нийгэмд сигнал өгөн сэрээж байдаг ардчилсан чөлөөт хувийн хэвлэл мэдэээллийн хэрэгсэл боомилогдон устах аюулд орж мэдэх нь гэдгийг тэр мэдэрч байгаа бололтой. Чөлөөт хэвлэл уствал Монголын тусгаар тогтнол устана. Үүнээс өөр ямар ч үр дүн гарахгүй.

П.ХАШЧУЛУУН

Categories
мэдээ нийгэм

Уран дархны урлагийг дэмжих тухай зарлиг гардуулах ёслол боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гаргасан Уран дархны урлагийг дэмжих тухай 115 дугаар зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уг зарлигийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь, МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, Монгол дархны “Түмэн эрдэнэс” холбооны тэргүүн С.Батзоригт нарт гардуулан өгөв.

Зарлиг гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт үндэсний хэл, соёл, заншил, түүхээ эрхэмлэн дээдлэх чиглэлийн олон үйл ажиллагаа явуулахаар багтаасан.

Энэ хүрээнд монгол үндэсний сонгодог өв болох уран дархны урлагийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 8 дугаар сард зарлиг гаргасан.

Энэ зарлигийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан” үзэсгэлэнг 3 жилд нэг удаа, 7 дугаар сарын эхний 15 хоногт багтаан зохион байгуулж байхаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох төрийн бус байгууллагад үүрэг болгосон. Энэ чиглэлийн үзэсгэлэнгүүдийг тодорхой хэмжээнд зохион байгуулж ирлээ.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг цаашид хамтран ажиллах тодорхой зорилготойгоор холбогдох байгууллагуудад албан ёсоор гардуулж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гаргасан Уран дархны урлагийг дэмжих тухай 115 дугаар зарлигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 1, Соёлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн зарлиг болгох нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан” үзэсгэлэнг 3 жил тутамд нэг удаа, долдугаар сарын эхний 15 хоногт зохион байгуулж байхыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох төрийн бус байгууллагад даалгасугай.

2. Монгол үндэстний сонгодог өв-уран дархны урлагийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх; уг салбарт идэвхтэй ажиллаж буй иргэдийг хөхиүлэн дэмжиж байхыг холбогдох төрийн байгууллагад даалгасугай.

3. Монгол уран дархны урлагийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах, судлан шинжлэх үйлсэд идэвх, санаачилгатай ажиллахыг шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн байгууллага, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад уриалсугай” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Сири охины шархадсан зураг олныг цочроолоо

Сирийн агаарын бөмбөгдөлтийн улмаас орон гэргүй болсон 8 настай охины шархадсан зураг дэлхий нийтийг дахин цочроолоо. Тэрээр нурангин доороос бүхэлдээ шороо тоос болсон толгойноос нь цус гоожсон байдалтай олджээ. Олдсон даруйд нь түүнд эмнэлгийн тусламж үзүүлж сурвалжлагчийг нэрийг нь асуухад “Намайг Ааяа гэдэг” гэж сулхан дуугарсан байна. Түүний фейсбүүк дэхь өмнөх болоод олдсоны дараах зураг дэлхий нийтийг цочроож дайны хор хөнөөлийг санууллаа.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Олон улсын стандартыг баталгаажуулдаг байгууллага монголд орж ирлээ

Олон улсын стандартчиллын байгууллагаас жил бүрийн энэ өдрийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил “Стандарт ИТГЭЛ төрүүлнэ” уриан дор тэмдэглэж байгаа юм.

Энэ хүрээнд олон улсын стандарт (ISO)-ын сургалт, баталгаажуулалтын “Монсертф” компани нь гадаад харилцаагаа өргөжүүлж Турк, Австри, Энэтхэг, Австрали зэрэг орны олон улсын стандартын баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг дөрвөн байгууллагатай хамтарч ажиллах гэрээнд үзэглэлээ.

Эдгээр байгууллагууд нь олон улсад нэр хүнд бүхий итгэмжлэлийн байгууллагуудаар итгэмжлэгдсэн FQC, TQCSI, UDEM, TUV зэрэг олон улсын стандартын баталгаажуулалтын топ брэнд компаниуд юм.

“Монсертф” компанийн захирал Г.Билгүүнээс эдгээр олон улсын стандартын баталгаажуулалтын байгууллагуудтай хамтарч ажилласнаар ямар боломж, гарцууд нээгдэж буй талаар тодруулахад “ААН, байгууллага олон улсын зах зээлд гарах, гаднын хөрөнгө оруулагчдыг татах, олон улсын тендерт оролцох, хөрөнгийн биржүүдэд хувьцаа гаргахын тулд гаднын аудиторуудыг авчран байгууллага дээрээ стандартаа хийлгэж, баталгаажуулалтаа авдаг байсан.

Ингэхэд маш өндөр үнэтэй буюу 20-40 сая, зарим нь бүр 100 сая төгрөг зарцуулдаг байлаа. Харин одооноос үнийн хувьд уян хатан, хямд төсрөөр баталгаажуулалтаа хийлгэдэг болно.

Мөн монгол хүн зөвлөх үйлчилгээ, аудитын баталгаажуулалт, аудит хийсэн тайлан нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө. Өөрөөр хэлбэл, Монгол хүн дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг” гэлээ.

“АNCA” консерциумын төлөөлөгч Махмуд Албиков:

Олон улсын стандартыг баталгаажуулж батламж олгодог эдгээр байгууллага нь Монголд орж ирснээр Монголын хэрэглэгчдэд маш том давуу тал олгож байгаа. Хэрэглэгчид өөрсдөө сонголтоо хийх боломжтой болж байна. Тухайн хэрэглэгчийн шаардлагаас хамааран итгэмжлэлийн төрлөө сонгох юм.

Өнөөдөр байгуулж буй гэрээний гол зорилго нь Монголын үндэсний аудитор, сургагч багш нарыг бэлтгэх, дэлхийн төвшинд хүргэх , итгэмжлэгдсэн баталгаажуулалтыг процессыг Монголд оруулж ирэх.

Categories
мэдээ нийгэм

Samsung Galaxy Note 7-г онгоцонд авч орохыг АНУ хориглолоо

Өчигдөр АНУ-ын Тээврийн департмент, Холбооны Агаарын Тээврийн Захиргаа (FAA) болон хэд хэдэн нислэгийн компаниуд хамтран Самсунг компанийн Galaxy Note 7 гар утсыг ямар ч онгоцонд, ямар ч хэлбэрээр тээвэрлэхийг хориглолоо. Үүнд анхны хувилбар болон сүүлд шинэчилсэн хувилбар аль аль нь багтаж байна.

Зорчигчид биедээ авч явахаас гадна онгоцны карго, ачаанд өгөхийг хориглож байна. Тэдний мэдэгдэл дурдахдаа зорчигчдын аялалд түвэг учруулж байгаадаа уучлал гуйгаад “нэг удаагийн осол тохиолдсон ч маш олон хүний амь насыг эрсдэлд оруулах тул ийм алхам хийхээс өөр аргагүй боллоо” гэжээ.

Онгоцонд Note 7 утсыг авч орох гэж оролдсон зорчигч торгууль хүлээх ба зарим тохиолдолд гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдах боломжтой болсон гэнэ.

Самсунг компани “дэлбэрдэг гар утас” үйлдвэрлэснийхээ төлөө $2.3 тэрбумын алдагдалд ороод байгаа юм.