Categories
мэдээ нийгэм

Хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүллээ

2016 оны 10-р сарын 12-ноос 13-нд шилжэх шөнө “Хархорин худалдааны төв”-ийн 1-р давхарт байрлах алт мөнгөн эдлэлийн тасагт хулгайч орж эд зүйл алдагдсан гэсэн мэдээллийг цагдаагийн алба хаагчид авч шалгахад: Тус төвд үйл ажиллагаа явуулдаг 4ш лангууны цоожийг эвдэж монетон ээмэг, бөгж, монетон гинж, шүрэн бугуйвч, мөнгөн бугуйвч зэрэг их хэмжээний эд зүйл алдагдсан хэргийг БГД-4 хороонд оршин суух Б / эр.24/ гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэн БГД-ийн цагдаагийн 2-р хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Иргэд гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөршийн хяналтыг сайжруулах, гэмт хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй яаралтай мэдэгдэх, аж ахуйн нэгж байгууллага хяналтын камер, дохиолол хамгаалалт ашиглах шаардлагaтай байна.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн том хаш чулуу олборложээ

Мьянмар улсын уурхайчид манай дэлхийн хамгийн том хаш чулууг олборлон гаргажээ. Уурхайчдын олборлосон уг газрын баялаг нь 175 тонн жинтэй, 4.3 метр өндөр, 5.8 метр урт ажээ.

Хаш чулууны зах зээлийн одоогийн өртөг нь 170 сая ам.доллар хүрнэ гэж эх сурвалж мэдээлсэн байна. Тус чулууг Мьянмар улсын Качин мужаас олж илрүүлжээ. Качин нь үнэт металь, чулуун олдворын баялаг муж гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Хосолмол соёлт өргөмжит цагдаа”- гаар Монгол иргэнийг сонголоо.

Сөүлийн Gwanak дүүргийн цагдаагийн газраас “Хосолмол соёлт өргөмжит цагдаа” – гаар Сүншил их сургуулийн Олонулсын эрх зүйн тэнхимийн багш, Монгол улсын өмгөөлөгч, Ханбёл хуулийн фирмийн ажилтан Ш.Баасанжав-т гардууллаа.

Мөн Сөүлийн их сургуулийн гадаад оютнуудын тэргүүн, Хосолмол соёлт гэр бүлийн гишүүн зэрэг гадаад 5 иргэдийг сонгож сургуулийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, хуурамч бараа бүтээгдэхүүн гэх мэт онц ноцтой гэмт хэргүүдийн тухай гадаадын оршин суугчдын дуу хоолойг сонсож цагдаагаас гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт байнга туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж тухайн орныхоо иргэдийнхууль ёсны эрх ашгийн төлөө ажиллуулахаар сонгон авчээ.

Одоогийн байдлаар Сөүлийн Gwanak дүүрэг болон Сөүлийн үндэсний их сургуулийн орчимд 1793 гадаад иргэд оршин сууж байна. Гадаад иргэдийн тоо өссөнтэй холбогдуулан “Хосолмол соёлт өргөмжит цагдаа”-г сонгон ажиллуулах болсон ажээ.

Categories
гадаад мэдээ

Оросын хилчид эсэргүүцэл үзүүлсэн умард солонгосын хөлгөөс 9 хүнийг шархдуулжээ

Япон тэнгис дэх оросын мэдлийн бүсэд орж ирсэн Умард солонгосын “Дае Янг 10” хөлгийг саатуулан шалгах үеэр багийнхан оросын хилчдэд эсэргүүцэл үзүүлэн халдсанаар нэг хилчин толгойдоо шархадсан байна. Үүний улмаас оросын хилчид аргагүйн эрхэнд галт зэвсэг хэрэглэхэд хүрчээ.

“Хөлгийг шалгах үед умард солонгосын хөлгийн багийнхан оросын Холбооны аюулгүйн албаны ажилтнууд руу халдаж амь насанд нь аюул учруулахад хүрсэн тул урьдчилан анхааруулахаар галт зэвсэг хэрэглэхэд хүрлээ. Энэ үеэр солонгосын хөлгийн багийн есөн хүн шархадсанаас нэг нь нас барлаа. Манай хилчдээс нэг хүн шархадсан” гэж албаны мэдээнд дурджээ. Хөлөгт умард солонгосын 48 хүн явсан байна.

Саатуулах үеэр эсэргүүцэл үзүүлсэн, мөн шархадсан загасчдыг ОХУ-ын Приморт хүргэсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Чоно хүү/Өгүүллэг/

Урсгал намуун уулын горхины дэргэд нэгэн хүү унтаж байна. Түүний дэргэд нэгэн чоно бас цагираглан хэвтэнэ. Аль аль нь их ядарсан бололтой алжаалаа тайлах гэсэн шиг ийнхүү амсхийн байгааг энэхүү эзгүй ууланд хэн ч үл анзаарна. Учир нь энэ бол тэдний байнга ирж амарч хэвтдэг өөрсдийнх нь эзэмшил гэж болохоор газар нь байв. Дөнгөж саяхан хүү чонийн хамт нэгэн амттайхан зоог барьчихаад одоо урсгал усны чимээ чагнан амарч байгаа нь энэ. Нийгэм ороо бусгаа өнөө үед үр хүүхдээ төрүүлээд хаях нь энгийн зүйл мэт болжээ. Түүний нэг жишээ нь энэ хүү. Эх нь төрүүлээд хүйтэн булгийн дэргэд авчирч хаяад явжээ. Харин энэхүү өлөгчин чоно энэ газрыг андахгүй учир залуу бүсгүйг нэг юм орхиод явсны дараа улаан нялзрай хүүхэд өлгийндөө өлсөн чарлаж байхыг олж хараад ихэд цочин ум хумгүй зугтсан боловч хүүхдийн чарлах дуу тэртээд сонсогдсоор байсан учир эргэж очин ойр тойрноо сайн ажиглаад хүүхдийг эх нь ирж авахгүй болохоор нь оройхон үүрэндээ авчиран хөхөө хөхүүлж хүн болгожээ. Түүнийг 3 нас хүрдэг жил нь нэгэн анчин түүний эхийг агнах гэж хөөж яваад үүрэнд нь байхад нь нэгэн өдөр олж ирж түүнийг буудах гэтэл дотороос нь хүүхэд мөлхөн гарч ирхэд нь мэл гайхаж цэл хөхөрч тэрүүхэндээ юу гэхээ мэдэхгүй хэсэг харж суужээ. Тэгээд хүүг өргөн авч морьныхоо богцонд хийгээд урцандаа иржээ. Энэ цагаас хойш л Элбэгээ хүү хоёр ижилсэн дотносож хүүд болсон хоол идүүлж сурган бас хувцас хийж өгөн өмсүүлж хоёр хөл дээрээ явхад нь тусалж эхэлжээ.

-Алив хүү минь ингээд яваарай гэж Элбэгээ хүүг өхөөрдөн гараас нь хөтлөн нэг хоёр алхахад алсаас чоно ээж нь түүнийг харан нэг гунганчихаад л яваад өгдөг байв. Хүү ч гэсэн чонын дууг сонсоод чих нь сортолзон чимээ чагнах нь бас түүнийг санаж байгаа нь илт байгааг нь Элбэгээ мэдээд нэгэн өдөр чоныг ойртуулахаар албаар хүүг ганцааранг нь орхиод урцнаасаа холдож уулын орой дээрээс дурандан суув. Өлөгчин чоно хүү дээр ирж түүнийг долоон эрхлүүлж авч явах гэж байгаа нь яг л эх хүн үрдээ санаа зовон бөөцийлөх мэт өрөвдөлтэй харагдав. Гэнэт хүүг уячихсан байгааг мэдээд уяаг нь хэмлэж хазлав. Тэгээд хүүг суллан авч явах гэхэд нь Элбэгээ морьтойгоо давхин очиход тэрээр хүүг орхиод цааш зугтан хамар даван алга болов.

– Алив хүү минь чи хаачих гэж байна, ээж чинь ирээ юу гэж хүүг өхөөрдөн эрхлүүлээд, тэр чиний жинхэнэ ээж бишээ гээд хүүгээ өвөртлөн урцныхаа зүг алхахад модонд чоно улих нь сонсогдоно. За ер нь энд ингээд байж болохгүй юм байна. Төв газар барааддаг юм билүү, энэ чоно хэзээ ирээд хүүг минь аваад явахыг мэдэхгүй. Ингэж амьдрах ч хэцүү юм даа гэж тэрээр толгойгоо нэгийг бодон хоёрыг тунгаав. Гэвч он цаг улирсаар анчины урцанд өвөл гурвантаа зочлоход хүү 6 нас хүрч сургуульд орох цаг болжээ. Одоо хүү ухаан орсон болохоор чонотой хамт ойр зуур яваад буцаад л хүрээд ирдэг болжээ. Элбэгээг байхгүй анд явсан хойгуур эмэгчин чоно хүүг аюулаас хамгаалан асарч тойлж байдагт нь тэрээр чононд бас дасч гэр бүлийн нэг гишүүн шигээ санан хааяа алга болчихвол хаачихсан юм бол гэж санаа нь зовон харуулдан суух болжээ. Ингээд нэг намар тэр гурав нэгэн гэр бүлийн гишүүн шиг болж чоно тэдний урцны хаяанд нь ирж яг л хоточ нохой шиг цагираглан хэвтэх болов. Хүү сургуульд орох болж нэг өдөр номтой цүнхийг нь үүрүүлээд номхон морийг нь унуулаад сумын төв рүү аваад явахад чоно дахиж ирэхгүй юм шиг хүүг тойрон наагуур цаагуур нь гүйх нь өрөвдмөөр. Хүү ч эргэж харан нулимсаа арчин арчин явж байснаа тэсгэлгүй морьноосоо буун чоно ижийдээ гүйн очиж хүзүүгээр нь тэврэн аваад

– Би тань дээрээ удахгүй ирнээ, битгий уйдаарай гэж хондлойг нь илэхэд нь Элбэгээ

– хүү минь явъя, очих газар хол шүү гэхэд

– ааваа би сургуульд орохгүй байж болохгүй юмуу, би чоно ижийтэйгээ л хамт баймаар байна гэж уйлан хэлхэд нь

Элбэгээгийн дотор бачууран дэмий л дээш харангаа

  • надад ч гэсэн хэцүү байнаа хүү минь, чамайг явуулчихаад энд юу бодож суух юм болдоо гэж тэрээр өөртөө хэлээд, гэхдээ хүү минь эрдэм ном үзвэл алсдаа чамд л хэрэг болох юмсандаа гэж хэлэхэд
  • Ааваа би гэртээ бүгдийг нь сурчихъя, та хоёрт маань ч гэсэн хэцүү байна шүү дээ гэж бяцхан гараараа нүүрээ халтардсан шудрахад нь
  • Болохгүй ээ, явах хэрэгтэй гээд түүнийг моринд нь өргөн суулгаад хөтлөн явлаа.
  • Аан саарал сая иржээ, хаагуур явж байгаад энэ шөнө ирж байгаа юм бол доо гэж тэрээр бодоод гэртээ орлоо. Тэр шөнө эргэж хөрвөөсөөр их л тухгүй өнгөрөв.
  • Ааваа би таныг ямар их хүлээ вэ, ааваа та намайг эндээс аваад явж болохгүй юм уу, би энд дасахгүй байна гэж хүзүүгээр нь тэврэн авахад нь
  • Хүү минь яагаад байгаа юм бэ, энд гоё байгаа биздээ, аавыгаа харин удаан эргэж ирээгүйд уучлаарай гэж хэлэв. Гэвч хүү нь бусад хүүхдээс өөр гэдгийг тэр ухаараагүй явжээ. Түүнийг эхийнхээ хэвлийгээс гараад л чонын өвөрт гурван жилийг өнгөрүүлсэн хүүхэд гэдгийг мартжээ. Төмөрхүү сургуульд сурсан ч сураагүй ч өөрийгөө аваад явчих амь бөхтэй хүүхэд гэж тэр дотороо бодон яг одоо түүнийг сургуулиас нь гаргаад аваад явчихдаг юм билүү гэж бодсон ч бас л хар амиа бодоод хүүхдээ өөр шигээ хүн болгочихвий гэж санаа нь зовон
  • За миний хүү Төмөрөө аав нь багштай нь уулзаадахъя,тэгээд чамайг ямар байгаа талаар асуугаад авч явж болох бол аваад явья даа гэж хэлэхэд нь
  • Ямар гоё вэ би саарал дээрээ очино гэж Төмөрөө дороо дэвхцээд найз нартаа хэлэхээр гүйн одов. Ингээд Элбэгээ ангийн багштай нь уулзахад хүүг бусдаас нэг л зожиг үргэлж л цонхоор алсыг ширтэн ямар нэг юм хүлээгээд байх шиг санагддаг гээд хүүхдийг сургуулиас нь гаргана гэдэг байж боломгүй явдал, чи ерөөсөө хүүгээ сургуулиас нь гаргаж болохгүй , харин удахгүй хичээлийн амралт болно. Тэгэхээр нь аваад яв гэв. Элбэгээ ч үгэнд нь орон
  • За за тэгвэл удахгүй амрах юм бол тэр үед нь гэрт нь аваачъя даа гээд босох гэхэд нь
  • Нээрэн нэг саарал гээд амьтны тухай байнга л яриад байдаг юм. Тэр юун амьтан байна гэхэд нь
  • Аан тэрүү, нэг чоно байдаг юмаа, би гаршуулан тэжээсэн юм. Тэгээд л тэр багаас нь цуг байсан болохоор түүнд их сайн байдаг юм гэж инээмсэглэхэд нь
  • Аан тиймүү, хүүхэд гэдэг амьтанд амархан дасдаг юм шүү дээ, тэр чононоос болоод л тогтож чадахгүй байх шиг байгаа юм гээд хэсэг азнаснаа ер нь тэр чоныг үгүй хийж болохгүй юу, тэр чоно л байхгүй бол Төмөрөө маань сургуулиас гарна энэ тэр гэхгүй л боловуу, гол учир тэр чононд л байна гэж багшийг хэлэхэд Элбэгээ зогтусан гайхаж юу гэхээ мэдэхгүй болов. Ингээд Элбэгээ тэндээс гаран Төмөрөө дээр очин:
  • Удахгүй амрахаар чинь аав нь ирээд аваад явнаа, миний хүү тэр болтол номоо сураад сайн сууж бай, бас саарал чинь надтай хамт ирсэн. Энэ арын ууланд л үлдсэн байх. Би чиний мэндийг дамжуулнаа гэж толгойг нь илэхэд
  • Тиймүү, саарал хойд ууланд ирсэн юмуу, ойрхон л байна даа, уулзах юмсан гэж Төмөрөөг хэлэн уулруу байн байн харахад нь Элбэгээ түүнийг аргадан удахгүй чи сааралтайгаа уулзан а аа жаахан л тэвччих гэж хэлээд тэндээс гарлаа. Замдаа уулын хошуу тойронгуут хэсэг модны захад саарал хэвтэж байхыг олж харав. Элбэгээ багшийн хэлснийг саналаа. Нээрэн энэ чоныг л алчихвал хүү маань сургуульдаа санаа зовохгүй явна даа. Гэхдээ яаж энэ муу чоныг алах билээ дээ, ээжээс нь өөрцгүй амьтан шүү дээ гэж бодон явж байтал цас хаялаж хүйтрэх шинжтэй болж ирэв. Хүйтэрч байна даа, би ер нь энэ уулын мухарт яах гэж ганцаараа амьдарч байгаа юм болдоо, өчнөөн л жил өөрийгөө шийтгэн уулын модонд ганцаар амьдарлаа. Одоо миний үйлийн үр дуусах цаг болсоон. Төв орж ажил олж хийе, хүүдээ ойрхон байвал аштай юу даа, байнга ирж очоод байвал хүү маань ч гэрээ саналаа гэхгүй шүү дээ гэж бодон хүзүүн дэх ороолтоо дээшлүүлэн урдаас үлээх салхинаас нүүр буруулн хурдхан шиг гэрийн бараа харах минь гэж бодон мориндоо ташуур өгөн давирууллаа.
  • Юу гэнээ одоо тэгээд хааччихдаг байнаа, өчигдөр шөнө чинь цас их орж, үүрээр шуураад хүйтэн шөнө байсан шүү дээ, хээр гадаа осгочихсон бол яанаа гэж тэрээр сандран яахаа мэдэхгүй болов. Тэгээд тэрээр саарлын үүрэн дээр очиж үзэхэд. Саарал тэндээ ороогүй удсан нь илт байв. Ингэхэд саарал өнөөдөр ерөөсөө харагдсангүй шүү, ямар нэг юм болсон бол тэр л мэдэж байгаа даа гэж бодон хаачихсан юм болдоо гэж толгойгоо гашилган алсын замыг ширтэн хэсэг суулаа…

Элбэгээ хүүгээ сургуулийн дотуур байранд даатгаж өгчихөөд гэртээ ирэн тэр шөнө ганцаарханаа урцандаа хэвтэж байхдаа элдэвийг л эрэгцүүлэн хөрвөөж хонолоо. Тэр ч бас нэгэн бяцхан хүүтэй байжээ. Гэвч тэр хүүгээ үерийн усанд харсаар байгаад алдчихсанаа бодохоор өөрийгөө өршөөж чадахгүй өдөр бүр тарчлан зовж яваа эр хүн. Тэгээд өөд болсон эхнэртээ хэлэх үггүй болчихоод аав ээжийнх нь нүүрийг ч харж чадахгүй болоод өөрийгөө шийтгэн энэ эзгүй ууланд ирж ганцаар амьдраад олон жилийн нүүрийг үзжээ. Над шиг хар мөртэй хүн байдаг боловуу, эхнэрийнхээ толгойг залгичихаад удаагүй байхдаа хүүгээ бас хамгаалж чадалгүй алдчихсан хүн шүү дээ гэж дахин дахин бодож явахад нь гэнэт л тэнгэрээс унасан юм шиг энэ хүү гараад ирсэн. Чонын үүрнээс өөрөө гараад ирж байгаа хүнийг чинь одоо тэнгэрийн бэлэг гэхгүй юу ч гэх билээ дээ гэж тэр бодно. Гэнэт хаяанд нь нэг юм шаржигнан дуугарах шиг болохоор нь өндийн ханан дахь буугаа аван гарлаа. Юу ч харагдахгүй болохоор нь морь хараад байж байтал өнөө чоно ирчихсэн хаяанд нь хэвтэж байхыг сарны гэрэлд олж харав.

Өдөр хоног өнгөрсөөр хүйт орох болж Элбэгээ нэг өдөр хүүгээ эргэхээр сумын төв орохоор явж байв. Удаан уулзаагүй хүүтэйгээ уулзана гэхээр түүнд сайхан санагдаж амралт нь таарвал аваад ирэх юмсан гэж бодож явав. Түүнийг шогшиж явахад саарал бас алсуур даган шогшино. Элбэгээ сургуулийн дотуур байрны гадаа морио уячихаад богцтой юмаа аваад байрлуу ороход хүү нь өөдөөс нь гүйн гарч ирэв.

Элбэгээгийн зүрх зогсох шиг болж түүнийг тайвшруулан хэсэг тэвэрч суув.

Тэр шөнө цас лавсан орсоор муу урцыг нь дарчих дөхөв. Тэрээр дэнлүүнийхээ гэрлийг унтраан ганцаар чимээ чагнан хэвтэнэ. Зуухан доторх мод шад падхийн шатаж урцан дотор дулаахан өвлийн шөнийн амттай зүүдэндээ умбаж эхлэв. Тэрээр унтаж байгаад нэгэн хачин зүүд зүүдлэн хар дарлаа. Тэгээд чоно улих дуугаар гэнэт нойрноосоо сэрлээ. Энэ яг саарлын улих чимээ мөндөө, яагаад хар шөнөөр улиад байгаа юм бол доо гэж тэрээр бодоод гарах гэснээ болиод галдаа хэдэн бүдүүн яр хийчихээд эргэн хучлагандаа шургалаа.

Ингээд өглөө болж Элбэгээ урцнаасаа гаран үүд дарсан цасаа цэвэрлэн эргэн тойрноо харлаа. Пээ ямар их цас ороо вэ, энэ цас энэ өвөлдөө алга болохгүй дээ гэж бодонгоо : За хө шинэ цас орсон мөр гарсан байгаа даа. Өнөөдөр ч ангын олз арвин байж магадгүй өдөр байна шүү, нэг азаа үзнээ гэж тэрээр өөртөө хэлээд гэртээ орон буугаа шалгалаа.

Тэгээд уулын орой дээр гараад сүлжээ сайн барьдаг болохоор нь хүүтэйгээ нэг яриадахъя байз гэж өчигдөр нэг эвгүй зүүд зүүдлээд байсан шүү гэж бодон залгалаа. Утас нь холбогдох боломжгүй байв. Тэгэхээр нь хичээлтэй байгаа юм байлгүй дээ гэж бодоод багшруу нь залгатал урдаас нь хүү чинь алга болчихлоо, өчигдөр шөнө байрнаасаа оргочихсон байна. Одоо яанаа гэж багш нь их л санаа нь зовсон байртай утасны цаанаас дуугарав.

Ингээд хэдэн долоо хоног хүүг хайв. Сүүлдээ эрэл мухардаж бүгд л түүнийг зэрлэг амьтны идэш хоол болсон байх гэлцэв. Харин тэр өдрөөс хойш саарал ч үзэгдэхээ больсон нь Элбэгээд нэг л сэжигтэй байлаа. Хүү амьд байгаа. Тэр хөлдөж үхсэн бол цогцос нь ч гэсэн олдох л байсан. Ямар ч ул мөр олдохгүй байгаа нь Төмөрөө Сааралтай нийлээд хаа нэг газар нуугдаад байгаа юм шиг түүнд хар бууна. Тэрээр бүх уулыг нэгжээд ч хамаагүй хүүгээ заавал олоод тэр муу саарал өлөгчинг заавал ална даа гэж өөртөө ам өгөн босов.

Үргэлжлэл бий. О.Өнөрцэцэг

Categories
гадаад мэдээ

БРИКС-ийн орны тэргүүн нар Сирийн асуудлаар баримт бичиг гаргана

Энэ сарын 15,16-ны
өдөр Энэтхэг улсад БРИКС –ийн Дээд хэмжээний уулзалт
болж байна. Хуралдаанаар БРИКС-ийн орнуудын тэргүүн нар Сирийн асуудлаар
нэгдсэн байр сууриа илэрхийлсэн баримт бичиг гаргана.

Орос, Энэтхэгийн шинжээчдийн үзэж буйгаар, БРИКС-ийн орнууд нь олон
улсын хэд хэдэн хурцадмал асуудлаар нэгдсэн байр суурьт хүрээд байгаа аж.

БРИКС-ийн VIII чуулган Энэтхэгийн далайн амралтын Гоа хэмээх газар
болж буй юм. Орос, Хятад, Энэтхэг, Бразиль,Өмнөд Африкийн Бүгд Найрамдах
Улсын тэргүүн нар терроризмын эсрэг тэмцэл болон эдийн засгийн хамтын
ажиллагааны асуудлаар хэлэлцэж тохиролцоно. Үүнтэй холбогдуулан талууд хамгийн
хурцаар тавигдаж байгаа. Сирийн асуудлаар
ч байр сууриа нэгтгэж байгаа тухай Оросын ХМХ-үүд уламжилж
байна.

БРИКС-ийн чуулганы үеэр Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин
Энэтхэгийн ерөнхий сайд Наренда Моди болон БНХАУ–ын Дарга Си Зинь Пинтэй
тусгайлан уулзаж ярилцах юм.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчид Гүржийг зорилоо

Гүрж улсын Батуми хотноо аравдугаар сарын 18-31-ний хооронд өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ. Тус тэмцээний 8, 10, 12 насны ангилалд манай 18 шатарчин оролцох бөгөөд өчигдөр Гүржийг зорилоо.

Батумид болох өсвөрийн ДАШТ-д өрсөлдөх Монголын багийг их мастер Б.Хатанбаатар ахлах бол шүүгчээр Э.Номин-Эрдэнэ ажиллах юм. Энэ удаагийн багт өсвөрийн дэлхийн аварга, сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга Д.Мөнхзул, өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, сурагчдын дэлхийн аварга, Ази тивийн аварга Е.Төгстөмөр, сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга Г.Амартүвшин нарын шилдэг 18 тамирчин багтсан.

ФИДЕ буюу Олон улсын шатрын холбоо 1951 оноос эхлэн залуучуудын ДАШТ, 1979 оноос өсвөрийн шатарчдын ДАШТ-ийг анх зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Манай өсвөрийн шатарчид 1984 оноос дэлхийн аваргад оролцож эхэлсэн бөгөөд одоогоор дэлхийн аваргын зургаан медальтан төрөөд байна. Тодруулбал, 2001 онд анхны медалийг Б.Мөнгөнтуул авчирч байсан бол Д.Номин-Эрдэнэ, Д.Мөнхзул нар дэлхийн аварга цолыг хүртээд байгаа. Мөн Б.Мөнгөлзул, Е.Төгстөмөр нар мөнгө, А.Энхтуул хүрэл медаль хүртэж байсан. Анхны медалийн эзэн их мастер Б.Мөнгөнтуул тус тэмцээнээс хос медаль /мөнгө, хүрэл/ хүртсэн цорын ганц шатарчин юм.

ТАМИРЧДЫГ ТАНИЛЦУУЛЬЯ:

ХӨВГҮҮД:

12 нас:

  1. Ганзоригийн АМАРТҮВШИН /СМ, Сурагчдын дэлхийн аварга, Ази тивийн аваргын мөнгөн медаль/
  2. Дамбасүрэнгийн БАТСҮРЭН /FM Сурагчдын Азийн аварга/
  3. Эрдэнэбатын БАТЖАРГАЛ
  4. Цог-Очирын ТЭНГИС

10 нас:

  1. Есөнтөмөрийн ТӨГСТӨМӨР /Өвөрийн шатарчдын дэлхийн аваргын мөнгөн медаль, Сурагчдын дэлхийн аварга, Ази тивийн аварга/
  2. Лхагважамцын ОЧИРБАТ /СМ, Сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медаль, Ази тивийн аварга/
  3. Баяртнарын ЭРХЭС
  4. Хэрлэнгийн ТЭМҮҮЖИН

8 нас:

  1. Эрдэнэбатын АЗЖАРГАЛ /Спортын мастер, Сурагчдын дэлхийн аваргын хvрэл медаль, Ази тивийн аваргын мөнгөн медаль, Сурагчдын Азийн аваргын мөнгөн медаль/
  2. Батсvхийн АНАНД
  3. Ренчиндамбын ЭНХБИЛЭГ
  4. Энхамгалангийн Амгалантэнгис

ОХИД:

12 нас:

  1. Болдбаатарын АЛТАНТУЯА /WCM Зvvн Азийн аварга/
  2. Батэрдэнийн Ганди

10 нас:

  1. Даваахvvгийн МӨНХЗУЛ /WCM, Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, Сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медаль, Ази тивийн аварга/
  2. Батэрдэнийн МӨНГӨНЗУЛ /WCM Өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын мөнгөн медаль, Ази тивийн аварга/
  3. Хишигбаатарын Баясгалан

8 нас:

  1. Даваахvvгийн ӨНӨРЗУЛ /WCM, Сурагчдын дэлхийн аваргын хүрэл, Ази тивийн аваргын мөнгөн медаль/

Сануулахад, 2015 оны 10 дугаар сард Грекийн Халкидики хотноо болсон өсвөрийн шатарчдын ДАШТ-д манай 26 шатарчин өрсөлдсөнөөс охидын 18 насанд Ү.Үүрийнтуяа, 10 насанд Б.Мөнгөнзул нар шагналт IV байрт орж байсан нь хамгийн өндөр амжилт байсан юм. Энэ тэмцээнд нийт 91 орны 1596 өсвөрийн шатарчид өрсөлдсөн.

Categories
гадаад мэдээ

Конгрессийн гишүүд Обамаг цөмийн товчлуурт эхэлж гар хүрэхгүй байхыг хүсчээ

АНУ-ын Конгрессийн гишүүд ерөнхийлөгч Обамагаас цөмийн товчлуурт түрүүлж гар хүрэхгүй байхыг шаарджээ. Тодруулбал, Конгрессийн төлөөлөгчдийн танхимын 22 гишүүн Ерөнхийлөгч Барак Обамад илгээсэн захидалдаа “Цөмийн цохилт түрүүлж хийх нь энгийн олон мянган иргэний амийг хөнөөхөд хүргэх учир ийм хувилбарыг Цагаан ордон хэлэлцэх ёсгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Тус улсын хууль тогтоогчид энх тайван, аюулгүй байдлыг хангахын төлөө ихээхэн гарз хохирол амсах цэргийн ажиллагааг эхлүүлэх ёсгүй хэмээн үзэж байгаа аж. “Нью-Йорк таймс” сонин ерөнхийлөгч Барак Обама зөвлөхүүдтэйгээ хэлэлцсэний эцэст цөмийн зэвсэг ашиглах Вашингтоны бодлогод өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байгаа тухай мэдээллэжээ.

Гэхдээ Цагаан ордны зөвлөхүүд энэ алхмыг нь АНУ-ын холбоотон орнууд, түүний дотор Япон, Өмнөд Солонгос улсууд сөргөөр хүлээж авч болзошгүй гэж анхааруулсан байна. АНУ нь ОХУ-аас гадна “Цөмийн гурвал” гэж нэрлэдэг хуурай газар, далай тэнгис болон агаарын бааз бүхий цөмийн зэвсэгтэй юм.

Categories
мэдээ нийгэм

Микронууд зөрчлөө давтвал 576 мянгаар торгоно

Насжилт дууссан
микронууд хулгайгаар тээвэрлэлт хийх тохиолдол буурахгүй байгааг нийслэлийн
Тээврийн газраас мэдээлж байна. Хулгайгаар тээвэрлэлт хийж эхний
удаад баригдвал Авто тээврийн тухай хуулийн 23.1.4-ийн дагуу 5-30 мянган
төгрөгөөр торгоно.
Харин хоёр дахь удаа тээвэрлэлт хийж,
баригдвал тухайн тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийх, хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /576 мянган төгрөг/
мөнгөөр торгууль оногдуулах аж.

Дамшрамд дуулгахад,
2016 оны наймдугаар сарын 1-нээс 176 микро автобусыг нийтийн тээврийн
үйлчилгээнээс бүрмөсөн чөлөөлсөн. Улмаар шаардлага хангасан 48 микро автобусыг
үйлчилгээнд явуулахаар болсон юм. Микро автобусны орон зайг стандартын
шаардлага хангасан том болон дунд оврын автобус орлоно гэж мэдэгдээд байгаа.

Categories
мэдээ нийгэм

Толгойтын замын засварын ажил энэ сарын 17-д дуусна

Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй нар тус дүүргийн иргэд сонгогчидтой уулзалт хийж, Толгойтын 3,6 км автозамын засварын ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан байна. Замын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй болсон, тоос шороо ихтэй орчинд иргэд амьдарч байна зэрэг тулгамдсан олон асуудлаа төрийн түшээдэд хэллээ.

Тиймээс НИТХ-ын дарга Ц. Сандуй тус авто замын шинэчлэлийн ажлыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны дотор дуусгаж зорчих хэсгийг нээх үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өглөө. Автозамын зорчих хэсэг нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах талаар иргэдийн санал хүсэлтэд нийцүүлэн дараах чиглэлүүдэд өөрчлөлт оруулахаар болжээ.

Үүнд:

  • Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Улаан чулуутаас цааш иргэдийн шинэ суурьшилт нэмэгдсэнийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх зорилгоор Улаан чулуутын одоогийн эцсийн зогсоолоос Алтан овооны 48-р гудамж хүртэл 1,5км сунгаж өдөрт 1 тээврийн хэрэгсэл 3-4 рейс хийх Ч:57б “Улаан чулуут-Алтан овооны 48-р гудамж- Их наран-МУИС” чиглэлийг явуулах
  • Сонгинохайрхан дүүргийн 2,4 дүгээр хороод Нарангийн голын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол” чиглэлийг явуулах
  • Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Далангийн замын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-ХМК” чиглэлийг өөрчилж Чингис СООСЭ дээд сургуулиар дайруулан Далангийн замаар оруулж явуулахаар тус тус шийдвэрлэлээ.

Харин нийтийн тээврийн үйлчилгээний Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник“, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”, Ч:46 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлүүд хуучин замналаараа үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.