Categories
мэдээ нийгэм

Зайн оношилгоо бүхий цахим амбулаторийн нээлт боллоо

Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, М.Билэгт нар өнөөдөр /2016.10.17/ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Олон Улсын зайн оношилгоо бүхий цахим амбулатори”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Хоёр сарын өмнө БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн Ерөнхий захирал Чи Ченг Монгол Улсын эрүүл мэндийн салбартай танилцаж, бид цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж байсан. Өнөөдөр энэхүү уулзалтын эхний үр дүн гарч, Хэн Хэ эмнэлгийн хөрөнгө оруулалтаар зайнаас оношлох төвийг байгуулж, ийнхүү нээлтээ хийж байна. Мөн “Засгийн газрын 100 хоног”-ийн ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарт хийгдсэн чухал ажлуудын нэг болсонд баяртай байна” хэмээгээд эрүүл мэндийн салбартаа манлайлагч болсон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олонд ажлын амжилт хүслээ.

Уг төв байгуулагдсанаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, БНХАУ-ын Хэн Хэ эмнэлэгтэй алсын зайн оношлогоогоор холбогдон нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авахаас гадна ажлын өдрүүдэд өвчтөний мэдээллийг солилцон түргэн шуурхай эмчилгээ, үйлчилгээний асуудлаа шийдвэрлэх юм. Ингэснээр иргэд өндөр зардал гарган гадны орныг зорилгүй, эх орондоо гадаадын чадварлаг эмч мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл авах боломж бүрдэх аж.“Олон Улсын зайн оношилгоо бүхий цахим амбулатори”-ийн нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профессор Б.Бямбадорж, БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ли Жиан, БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Яан Чиндун, УНТЭ-ийн тасаг, нэгжийн дарга, эрхлэгч нар болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Боксын олон улсын тэмцээн маргааш эхэлнэ

Олон улсын сонирхогчдын боксын холбооны /AIBA/ 2016 оны календарчилсан хөтөлбөрт багтсан “Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн маргааш /2016.10.18/ Спортын төв ордонд эхлэх гэж байна.

Энэ удаагийн цомын тэмцээнд ОХУ, БНХАУ, Узбекстан, Сингапур, Унгар болон Монголын боксчид эрэгтэй 8, эмэгтэй 4 жинд өрсөлдөнө.

Урьдчилсан мэдүүлгэд оролцоно гэж байсан Казахстан, Нигерийн баг тамирчид дотоодын тэмцээний хуваарийн дагуу оролцох боломжгүй болжээ.

“Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн аравдугаар сарын 22-ны өдөр өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Тайландад амьдардаг монгол иргэдэд зориулж Бангкок дахь ЭСЯ-наас мэдээлэл гаргалаа

Тайланд улсад ажиллаж, амьдарч, зорчиж байгаа монгол иргэдэд хандаж Бангкок дахь Элчин сайдын яамнаас

зөвлөмж гаргалаа. Энэ сарын 13-нд Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет таалал төгссөнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар нэг жилийн гашуудал зарлаж, 30 хоногийн хугацаанд аливаа баяр ёслол, зугаа цэнгэлийн арга хэмжээ зохион байгуулахаас татгалзаж, хар бараан өнгийн хувцас өмсөхийг ард иргэддээ хандан уриалаад байгаа билээ.

Энэ хугацаанд тус улсад зохион байгуулахаар төлөвлөсөн ихэнх арга хэмжээ цуцлагдах эсвэл хойшлогдох ба үйлчилгээний газруудад согтууруулах ундаа худалдахгүй. Иймд Тайландын ёс заншил, уламжлалыг хүндэтгэж, зарим үйлчилгээний газарт тулгарч болох удаашрал, хүндрэл бэрхшээлд хүлээцтэй хандахыг ЭСЯ-наас анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчдын бэлтгэл сургуулилттай танилцлаа

ХБНГУ-аас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа бригадын генерал Шоепе тэргүүтэй албаныхан өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчиллаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Герман Улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаа бөгөөд үүний нэг нь хоёр улсын цэргийн алба хаагчид хамтран энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа явдал юм.

Тодруулбал, Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагуудын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчин ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улсын цэргийн багийн бүрэлдэхүүн 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүргээ амжилттай биелүүлж байгаа бөгөөд НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-ны үндсэн зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сурган дадлагажуулах, дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа. Энэхүү ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Ирэх арванхоёрдугаар сард ажиллагааны газар орныг зорих тавдугаар ээлжийн цэргийн баг буюу Сургалтын бүлэг Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд бэлтгэлд гараад байна. Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Ганбаатар, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Бригадын генерал Шоепе, ХБНГУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штепан Дуппел тэргүүтэй төлөөлөгчид, ЗХЖШ-ын АУГ-ын Энхийг дэмжих хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболд, БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Самдангэлэг тэргүүтэй албаныхан өнгөрсөн баасан гаригт Сургалтын бүлгийн бэлтгэл сургуулилттай танилцлаа.

ХБНГУ-ын Зэвсэгт хүчний 40 гаруй сургагч багш Сургалтын бүлгийн бэлтгэл сургуулилтыг удирдан явуулж байна. Тэд бэлтгэл төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд ажиллагааны газар оронд очоод хэрхэн ажиллах, зөрчилдөөн мөргөлдөөн гарсан нөхцөлд хэрхэн багаар ажиллах гэхчилэн практик дадлага голлосон сургалтыг манай цэргийн алба хаагчдад явуулж байгаа ажээ. Германы талаас бэлтгэл сургуулилтын талаар ерөнхий танилцуулгыг хүргэсний дараа практик дадлага бүртэй танилцуулав. Үүнд, татан гаргалт буюу гамшгийн үед нэгэндээ эрүүл мэндийн тусламж үзүүлэх тухай сургалт, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ хэрхэн ажиллах тухай бүлэг, бүлгээр нь сургалт явуулж байна. Германы сургагч багш нар Монголын цэргийн алба хаагчдыг сурах арга барил сайтай, аливаа зүйлийг маш хурдан хугацаанд сурч, эзэмшдэг гэж үнэлж байлаа.

Үүний дараа Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай, ХБНГУ-аас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа бригадын генерал Шоепе тэргүүтэй албаныхан Германы Зэвсэгт хүчний сургагч багш нарын байр, ахуй нөхцөлтэй нь танилцав.

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн штабын дарга, дэд хурандаа Р.Энхболд Сургалтын нэгдсэн төв нь бүс нутгийн олон улсын төв болж итгэмжлэгдсэн тухай, ангид нь олон улсын болон хамтарсан сургуулиуд амжилттай болдог тухай, энхийг сахиулагчид ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулилт болон БХЯ, ЗХЖШ-ын төлөвлөгөөт стратегийн сургалтууд энэ ангид нь болдог тухай, хугацаат цэргийн алба хаагчтай болсон гэхчилэн Зэвсэгт хүчиндээ багагүй ачаа үүрч ажилладаг хамт олныхоо тухай мэдээлэл, танилцуулгыг хүргэсэн юм.

Танилцуулгын дараа Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржийн сэтгэгдлийг сонсоход ийн ярив.

“Герман, Монгол хоёр улсын хамтын ажиллагаанд Батлан хамгаалах салбар чухал үүрэгтэй. Манай хоёр улсын Зэвсэгт хүчний хөгжил жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд үүний нэг харилцаа бол энхийг сахиулах ажиллагаанд хамтран оролцож байгаа явдал юм. Энхийг сахиулах ажиллагаанд хамтран оролцохдоо ямар ч эрсдэлгүй байх нь хамгийн том зорилт байх учиртай. Энэ талаасаа Германы сургагч багш нар анхаарч, манай алба хаагчдад ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулилтыг явуулж байгаа гэдгээ илэрхийлж байна. Миний хувьд энэ ажлынхаа далимаар Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай давхар танилцаж амжлаа. Нэгэнт бүс нутгийн сургалтын төв болон итгэмжлэгдсэн учраас бүс нутагтаа өрсөлдөхүйц хүчирхэг төв байх ёстой. Үүнд нь Батлан хамгаалах яам ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг стратеги боловсруулах шаардлагатай гэдгийг нь анзаарч байна. Нөгөө талаас бэлтгэл сургуулилт болдог энэ төвийн үйл ажиллагаа, цар хүрээг улам өргөжүүлэхэд техникийн тусламж үзүүлэх хэрэгтэй байна. Мөн энхийг дэмжих ажиллагааг бригадын системд оруулсан учраас штабынх нь байр болон бусад нөхцлийг яаралтай бүрдүүлж өгөх, сургагч багш нарыг гадаадын орнуудад сургаж мэргэшүүлэх шаардлага байна. Энэ бүхнийг сайдын зөвлөлийн хурлаар танилцуулж шийдвэрлэхийн төлөө ажиллана.

-Та саяхан ХБНГУ-д болсон Монгол-Германы Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалтад оролцоод ирсэн. Энэхүү уулзалтаар манай дайчдын талаар ямар санал хэлж байна вэ?

-Монгол-Герман улсын Батлан хамгаалах яам хоорондын 12 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт амжилттай боллоо. Зөвлөлдөх уулзалтыг миний бие удирдаж ажилласан байгаа. Германы талаас “Монголын цэргийн алба хаагчид мэргэжлийн ур чадвар өндөр, сонор сэрэмжээ алддаггүй, сахилга баттай, бие бялдар нь эрүүл чийрэг. Хамтран ажиллахаад сэтгэл өндөр байдаг” хэмээн онцолж байна лээ. Салбарынх нь дэд сайдын хувьд магтаалыг нь сонсоод баярлаж суулаа.

Categories
гадаад мэдээ

Вьетнамд үерийн улмаас 21 хүн амь эрсэджээ

Вьетнамд үер болсны улмаас 21 хүн амь эрсдэж, 100 мянга орчим айл өрхийн орон гэр усанд автсан байна.

Вьетнамын төвийн бүс нутаг болон бусад газарт өнгөрсөн долоо хоногоос эхлэн бороо зүсэрч орсоор байна.

Үерийн улмаас 21 хүн амь эрсдэж, найман хүн сураггүй болсон нь тогтоогдоод байна гэж албаны хүмүүс хэллээ.

Мөн үерийн улмаас 50 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Вьетнамын Засгийн газар өнгөрсөн амралтын өдөр яаралтай хуралдаан хийж, үерийн улмаас хохирсон хүмүүст тусламж хүргэх, эвдэрч гэмтсэн зам талбай, байшин барилгыг сэргээн засварлах ажлыг түргэвчлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.

Тус улсын төвийн болон хойд зүгийн нутгаар ширүүн бороо үргэлжлэн орох төлөвтэй байна гэж цаг уурчид анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Б.Ханбаатарт есөн жил хорих ял оноов

Image result for Б.Ханбаатарт есөн жил хорих ял оноовӨнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарт холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанаас Б.Ханбаатарт анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 125-р зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт 9 жил хорих ял оногдуулж, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

С.Батболд: Миссийн тэмцээнийг 20 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Засаг даргын орлогч П.Баярхүү болон НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа нар “Нийслэлийн 100 хоног”-ийн ажлын талаар мэдээлэл хийлээ.

Засаг дарга С.Батболд хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өнгөрсөн долоо хоногт НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс “Нийслэлийн 100 хоног”-ийн ажлын талаар мэдээлэл хийсэн. Тэд “Хотын дарга 100 хоногт зогсоох, нэр хаяг өөрчлөх үйл ажиллагаа л явууллаа” гэж дүгнэсэн. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Манай баг өнгөрсөн зуу хоногт хүн рүүгээ чиглэсэн ажлыг түлхүү хийлээ. Аравдугаар сарын тооллогоор нийслэлд нэг сая 375 мянган хүн амьдарч байна. Миний гаргасан бүх шийдвэр хүн рүү чиглэсэн байсан.Хүнээ яаж эрүүл байлгах вэ, хүүхдээ яаж цэцэрлэгтэй байлгах уу гээд энэ бүхэн бодит ажил болж байна.

-Засаг даргын тамгын газрыг шилэн данс хөтлөхгүй байна гэх шүүмжлэл нэлээд байна?

-“Шилэн данс” хөтлөх хуультай юм чинь би хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ шилэн данс хөтлөөгүй байсан бол “Улаанбаатарын намар” арга хэмжээг 106 сая төгрөгөөр зохион байгуулсныг олон нийт мэдэхгүй байсан.“Шилэн данс” хөтлөхгүй байна гэх мэдээлэл бол зориудаар бидний ажлыг харлуулах гэсэн оролдлого.

-Тэгэхээр “Улаанбаатарын намар” арга хэмжээг 106 сая төгрөгөөр зохион байгуулсан нь үнэн гэсэн үг үү?

“Улаанбаатарын намар” арга хэмжээнд 12 мянга гаруй залуус цугласан. Цаашид энэ арга хэмжээг фестиваль болгон өргөжүүлж, хугацааг нь долоо хоног болгон сунгахаар төлөвлөж байна.

-Та “Face of the beauty” олон улсын миссийн тэмцээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс 20 сая төргөг хандивласан гэдэг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Энэ том хотын амьдрал соёл урлаггүйгээр явахгүй. Тиймдээ ч “Face of the beauty” олон улсын миссийн тэмцээнд 20 сая төгрөг хандивласан. Гэхдээ Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаагүй. Энэ тэмцээнийг зохион байгуулагчид бараг жилийн өмнөөс Э.Бат-Үүл даргад хандсан байдаг. Э.Бат-Үүл даргын багийнхан үүнийг шийдээгүй, ажлаа өгчихсөн.

Энэ арга хэмжээ бол Улаанбаатар хотыг дэлхий нийтэд сурталчлах томоохон арга хэмжээ болсон. Тийм болохоор“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт зарцуулах ёстой хөрөнгөөс 20 сая төгрөгийг өгсөн. Монголыг, Улаанбаатар хотыг сурталчлах ажилд мөнгө зарах хэрэгтэй.Гэхдээ тэр нь нээлттэй, ил тод байх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Аравдугаар сарын 19-нд буюу энэ лхагва гарагт Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа болно. Мөн энэ өдөр бүх нийтээр амрах бөгөөд томоохон худалдааны төвүүд ажиллахгүй.

Түүнчлэн бүх нийтийн амралтын өдөр учраас энэ өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж Эрдэнэтийн асуудлаар дахин мэдээлэл хийв

Өнөөдөр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэвлэлийн хурал зарлаж Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хоёр гэрээг олон түмэнд танилцууллаа. Энэхүү гэрээнд дурдагдаж байгаа мөнгөн дүн нь нийтдээ 100 тэрбум болж байгаа аж. Энэ нь түүний татварт төлөх ёстой мөнгө алга болчихлоо гээд яриад байсны учир гэнэ. Ингээд түүний ярьсныг хүргэе.

Ц.Нямдорж: Хоёр гэрээ байгуулагдсан байна. Наймдугаар сарын 25-д Эрдэнэт үйлдвэр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хооронд нэгэн гэрээ байгуулагдсан байна. 2017-2021 он хүртэл таван жил шохой нийлүүлнэ гэсэн гэрээ байна. Энэ гэрээний 4-р зүйлийн 2-т нь нэг сонин заалт орсон. Урьдчилгаа төлбөртэй байна. Тэр нь 15 тэр бум 258 сая төгрөг байна. Энэ төлбөрийг жил бүрийн эхний сард хийнэ гэж байна. Хоёрдугаарт Эрдэнэт үйлдвэр Дарханы төмөрлөгийн үйлдвэр хоёрын хооронд бас наймдугаар сарын 25-д байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ байна. 40 хувийн урьдчилгаа төлбөр төлнө. Тэр нь 87 тэрбум 119 сая төгрөг байна гэжээ. Энэ гэрээ байгуулагдсанаас хойш ажлын таван хоногийн дотор шилжүүлнэ гэсэн байна. Ингээд нийт дүнгээрээ 100 тэрбум төгрөг болж байна. Дарханы төмөрлөгийн гэрээнд Даваацэрэн, Шинэбаатар, санхүүгийн орлогч Ж.Эрдэнэбилэг гэдэг гурван хүн гарын үсэг зурсан байна. Нөгөө талаас Шоовдор, Уранчимэг, Тунгалаг, Алтантогос гэсэн хүмүүс зурсан байна. Нөгөө гэрээнд нь Батжавхлан,Энхчулуун, Тогоо гэсэн гурван хүн гарын үсэг зуржээ.

Миний нөгөө татварт төлөх ёстой мөнгө алга болчихлоо гэж яриад байсан учир чинь энэ гэрээ л дээ. Наймдугаар сарын 25-д энэ гэрээг хийсэн байна.Тэгэхээр гэрээ хийснээс хойш 40-өөд хоног болж байна. Хөтөл, Хар төмөрлөг хоёр Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очсон. Энэ хоёр Эрдэнэтийн мөнгийг хөөж гаргах ажлыг зохион байгуулсан. Нийт 400 тэрбум төгрөг. Ийм мэдээлэл та бүхэнд хэлэх гэсэн юм. Гэрээг нь ширээн дээр тавчихъя. Гарын үсэг нь байж байна. Та нар татаж аваад олон нийтэд хүргэнэ биз дээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

140 айлыг түр оршин суух байранд оруулахаар боллоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хөрөнгө бүртгэж авах тухай, Ази-Европын чуулга уулзалтын дурсгалд зориулсан “Тэнгэрийн өрх” хөшөө байршуулах тухай зэрэг хоёр асуудлыг хэлэлцэж, баталлаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “Хямд өртөгтэй орон сууц”-ны барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Баярс констракшн” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэрээ байгуулан ажилласан. Өнөөдөр “Баярс констракшн” ХХК барилгын ажлыг дуусгаж, хүлээлгэн өглөө.

Иймд нийт 8 тэрбум 667 сая 690 мянган төгрөгийн өртөг бүхий тус барилгын зоорийн давхар болон 1-12 давхарын 132 айлын орон сууцны барилга байгууламж, гадна тохижилтийн эд хөрөнгийг Гэр хорооллын дэд бүтцийн газрын данс бүртгэлд бүртгэн, ашиглалт хамгаалалтыг хариуцуулахаар шийдвэрлэлээ. Мөн 2013 оноос хойш Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн хэдий ч орон сууцандаа орж чадаагүй, түрээсийн мөнгөө цаг тухайд нь авч чадахгүй байгаа болон одоог хүртэл орох оронгүй байгаа 366 айлаас эхний ээлжинд нийслэлийн удирдлагууд 140 гаруй айлыг түр суурьшуулах орон сууцанд оруулахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.