Categories
мэдээ улс-төр

Хотынхон ба урвалтын тухай

“Хотын танхайчууд” гэгдэх бидний үеийнхэн багаасаа, хажуугийн байрныхантайгаа “чулуугаар байлдаж” тоглохоос эхлүүлээд дош довныхоо нэр төрийн төлөө зодолдох зэргээр “тулалдан” өсөхдөө нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө уриатай байсан. “Тулалдаан”-ы үед ийм уриатай байж л ялагдахгүй. Андууддаа итгэсэн байхад зориг орж, хоёулаа ч бай, гурвуулаа ч бай хүний олноос үл айх бөгөөд зодооны үед бие биеэ хайрлан бахдахдаа хөөрч, аймшиггүйгээр нүдэлддэгсэн. Эр зоригийг нь харсан “дайсан”-ууд маань тооход бүр онгирч өвдөхийг үл анзаарна. Хамгийн гол нь найзууд бие биедээ жудаг болоод эр зоригоо харуулах нь улам бүр хүндлэлийг олох нэр төрийн хэрэг байсан юм. Тиймээс “дайсан”-ууддаа дийлэгдэн унаад ч зэрэгцэн хэвтэхдээ сэтгэл ханамжтай байдагсан. Тэмцэл хотын хүүхдүүд биднийг ингэж л нөхөрлүүлсэн юм.

Жинхэнэ анд нөхрийн тангаргаар гагнагдсан хөвгүүд хотын коммунитийг бий болгож дош, довоороо овоглогддог байсан. Тэгээд хотынхон бие биеэ дөчин мянгатынхан, микрийнхэн, зуун хорийнхон, улаанхуарангийнхан, амгалангийнхан, яармагийнхан, бага тойруугийнхан, чехийн гучин зургаагийнхан, хорин хоёрынхон гэх зэргээр дуудна. Жишээ нь намайг 77-гийн эсвэл Дөчин мянгатын Бат-Үүл гэнэ. Баярыг Санжийн гэхгүй хүнсний хорийнх гэнэ. Ард кино театрын хавьд байр нь байх тул ардын гэдэг ч байсан. Баабар бол Үйлдвэр комбинатынх.

Энэ коммунитийн үзэл, ердийн цагт хувийн эрх чөлөөг илүүтэйд үзэх боловч харин тэмцлийн үед бие биедээ найдахаас өөр авралгүйг яс махаараа мэдсэнээс үүдэлтэй. Нэг нь л урвахад зориг мохож зад балбуулдгийг олон зодооноос үзэж хаширсан хэрэг.

Тийм болохоор урвагчийг үзэхгүй. Урвасан этгээд “шившгийн амьтан” болж гэрээсээ ч гарах нүүргүй болно. Хөвгүүд битгий хэл охид ч жигших маягтай харна. Тэгээд зогсохгүй мань урвагчийг урвуулсан тал ч бас “хөгийн амьтан” гэцгээнэ.Урвагч дараагийн “тулаан”-д “эр хүн” гэдгээ харуулбал сая нэг өршөөгдөж олны өмнө муу нэрээ цайруулна.Тэгж зүрхлэхгүй бол “гэртээ ганцаараа” болдог. Урвагч гэдэг хоч зүүх хамгийн адгийн хэрэг байлаа!

Багаасаа л урвагчийг үл тэвчих үзлээр хүмүүжиж асныг сургууль бүр ч өөгшүүлсэн. Хар, шар феодалуудын урвалтаас Манж болоод Хятадад тусгаар тогтнолоо алдсаныг нэгд нэгэнгүй, бараг шөнө зүүдэлж хонохоор зааж өгнө. Харин бидэнд Чойбалсан Сталинд урваж, түүнд нүүр тал олох гэхдээ Монголын түүхийн аль ч цагт байгаагүйгээр монголчуудаа яргалж байсныг огт хэлээгүй. Цэдэнбал улсаа Орост нэтгэхээр хөөцөлдөж байсныг бид мөн мэдээгүй байдаг. Урвалтын талаар хоёр нүүртэй түүх заадаг байсан нь энэ!

Ямар ч атугай хотын хөвгүүд бид өсөхдөө ч тэр, сурахдаа ч тэр урвалт гэдгийг жигшин зэвүүцэх үзлээр хүмүүжиж, андын барилдлагадаа үнэнч сэтгэл нэвт шингэсэн хүмүүс болцгоосон юм. Гэтэл өнөөдөр итгэлцэл хэмээх сайхан зүйл нүдэн дээр нуран унаж, урвалт цэцэглэж байгааг хараад зүрх шимширч байна.

Урвалт өнөөдөр, магадгүй бүр овсгоо ухаалаг байдлыг харуулсан мэтээр үнэлэгдэх болжээ. Нэг од маань нам дамжин урвахад л 500 саяыг олоод зогсохгүй лут ухаанаараа гайхагдан улам бүр од болох юм. Цагаа олж урваад УИХ-ын гишүүн болж чадагсад улам их болоод, одоо танхимын гуравны нэгийг эзэлсэн байна. Намууд урвагчийг албан тушаал, хэргэм, эд мөнгөөр ичгүүргүйгээр уралдан шагнацгаадаг нь алсдаа улсаасаа урвах “хээрийн сургууль” байж мэдэхээр. Ядахдаа эрээ цээрээ алдсан урвалтын эрэлт ихэсч үнэ улам өсөөд байгааг хэлэх үү! Үнэ тохирвол Монголын улстөрчөөс юуг ч худалдаж авч болно гэдэг хэлц үг гадныханд өргөн тархсан ажээ.

Урвалт өөрөө эволюцид орж байдаг үзэгдэл. Эхлээд андаасаа урвана. Тэгээд нөхдөөсөө урвана. Дараа нь намаасаа урваж, улмаар улсаасаа урвана. Нэгэнт урваж эхэлсэн бол зогсоно гэж үгүй. Ийн өсөн өндийж буй урвалт, олигархийн тогтолцоогоор тэжээгдээд ирвэл улс үндэстэнд жинхэнэ аюул нүүрлэнэ.

Олигархи гэдэг бол цөөнхийн засаглал. Орчин цагт бол бохир бизнестэй цөөнхийн засаглал. Улс төрд оролцогчид өөрийн эрхийг мөнгө болон албан тушаалаар арилждаг болсон цагаас манай ардчилал олигархи руу халтирсан юм. Одоогийн ардчилал бол олигархийн нуувч төдий эд болсон!

Өнөөдөр, Монгол Улсыг бохир бизнесээ тойрон хэрэлдэж буй цөөхөн олигархи удирдаж байна. Эдгээр олигархиуд алсын хараагүй мунхаг, шуналтай, түүнээсээ болоод ямар ч муухай бизнес рүү хэрээ мэдэхгүй хутгалдчихна. Дээрээс нь аймхай зэрэг урвагчид байдаг муу чанар бүрээр өвч “зэвсэглэсэн” этгээдүүд юм. Урвуулах ажиллагааны технологид яг таарна. Шуналаар нь хөтөлж буцах газаргүй болтол нь хууль бус бизнес, улс төрд оруулаад нээнтэглэхэд аймхай хүмүүс том гүрэн бүү хэл жижигхэн мафийн боссд уравчихна.

Ийм хүмүүс улсын эрхийг барьж байна. Яг үүнтэй адил нөхцөл байдлаас болоод монголчууд үндэсний эрх чөлөөгөө гурвантаа алдаж байсан туршлагатай!

Бид, хүн мөнийхөө хувьд хүүхдүүдээ хайрлахаар байгалиас программчлагдсан байдаг .Чухамдаа үр хүүхдээ хайрлах сэтгэлээс эх орноо хайрлах үзэл урган гардаг.Яагаад гэхээр эх орон гэдэг бол хойч үеийнхэнд маань үлдэж буй том гэр орон юм. Улс орон гэдэг үг том гэр орон гэсэн утгатай үг юм. Энэ гэр орныг нь бусдад тушаачихвал үр ач нар маань өөрийн гэх эрх чөлөө, эд баялаггүй хоцорно. Шинэ гэрийн эзэн хүүхдүүдийг маань “банага” гуайнд амьдруулна.

Ийм байдлыг бидний үеийнхэн 90 оноос өмнө ханатлаа үзсэн.Тэр үед Монгол орон Зөвлөлтийн колони, хязгаар нутаг байлаа. Манай гадаад, дотоод бүх хэрэг явдлыг Москвад шийддэг байсан. Монголчуудыг хэн удирдахыг тэнд шийдэж байв . Хэлбэрийн хувьд Монголд Ерөнхий сайд зэрэг албан тушаал байсан.Гэхдээ тэдгээр “томчуул” Кремлийн хувьд хязгаар мужийн захирагчийн түвшний этгээд л байсан юм.

Монголын нийгэм эдийн засгаа хөгжүүлэх төлөвлөгөөг Москвад хийж байв. Мал махны маань үнийг тэнд тогтоож байв.

Эрдэнэтийн баяжмалыг хэнд худалдахыг тэнд шийдэж байв. Манай сайд Мардайн хашаагаар шагайх ч эрхгүй байв. Ер нь монголчуудад өөрийн гэр доторхоос илүүг мэдэх эрх гэж байгаагүй. Улс орон маань Зөвлөлт гүрний зарим нэг “эд хогшил” хадгалдаг “банага” гуайнх байлаа.

Харин 90 оноос хойш бүх зүйл орвонгоороо эргэж монголчууд улс орноо өөрөө мэддэг болсон. Дэлхийд тоогдох улс шиг улс болж чадсаны нэг илрэл нь Улаанбаатар хотод болсон Ази, Европын орнуудын дээд хэмжээний уулзалт мөн билээ. 90 оноос өмнө ийм юм ярьж зүрхэлсэн хүнийг галзуу хүн гэх байсан биз.

Элбэгдорж, Энхболд, Эрдэнэбат нарыг гадаадын төрийн томчуул, үндэстэн дамнасан корпарацийн захирлууд, хөрөнгө оруулагчид тоож тойглож гүйгээд байгаа шалтгаан бол одоо манай гурав, Монгол хэмээх жинхнээсээ тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын төрийн гурван “өндөр” нь учраас тэгж байгаа юм. Ерөнхий сайд Амарт байгаагүй бүрэн эрх тэдэнд байна. Хэрэв манай гурван өндөр хөөрхий Амар сайд шиг их гүрний “банага” гуайнд амьдардаг бол хэн ч тэднийг тоохгүй, Москва, эсхүл Бээжинд очиж асуудлыг шийдэх байсан нь дамжиггүй. Монголчууд бид сүүлийн 26 жил үндэсний эрх чөлөөгөөрөө аархаж байгаа!

Гэтэл сүүлийн үед М.Энхболд нарын зүгээс гурван зууны тэртээх шиг “урвалт”-ын үнэр ханхлах боллоо. Энэ хүн Монголыг гурав, дөрвөн тэрбум доллараар үнэлж барьцаанд тавих гэж байгаа бололтой, урд хөршид.

Дэлхийн эдийн засгийн төв болж байгаа Хятад улстай эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь түмэнтээ зөв. Энэ бол Монгол Улс 21 дүгээр зуунд хөгжих нэг нөхцөл аргагүй мөн. Гэхдээ эдийн засгийн гадаад харилцаа, тэр дотроо өр төлбөр, данс тооцоог олон тулгуурт байлгах ёстой. Эдийн засгийн гадаад харилцаа нэг тулгууртай байхын аюулыг монголчууд мэднэ. Нэг тулгуурт эдийн засаг улсын бүрэн эрхт байдлыг шууд алдагдуулдгийг үзэхээрээ нэг болсон шүү дээ!

Энхболд, өөрийн гэх улс оронтой байж өдий хүрчихээд, үр хүүхэд, ач зээ нараа нэгэн их гүрний “банага” гуайнд буцаан чихэж амьдруулах гээд байдаг нь хачин. Хойч үеэ улс шиг улсад амьдруулахад юу нь болохгүй байгаа юм бол. Манай газар доорх баялаг норвегиуд шиг ухаалаг менежмэнт хийвэл үр садыг маань хэдэн үеэр сайн боловсрол, сайхан амьдралаар нь тэтгэнэ шүү дээ! Юунд нь одоо идэхийн тулд ирээдүйг худалдаад байгаа юм бэ.

Бохир бизнесээр гарч ирсэн олигархиуд бидний нэгэн адил хүүхдүүдийнхээ төлөө гэсэн программ хангамжтай боловч ойрын шуналдаа хөтлөгдөөд ирээдүйг сүйтгэхдээ сэтгэл нь нэг их өвдөхгүй хүйтэн байдаг. Урвах нь ухаан болчихсон улстөрчид үүнийг мэдэх ч эс тоож хувийн үнэ цэнээ өсгөх гэж л уралдан далдаганацгаадаг. Олигархиуд, тэдний албат болсон урвагчид нийлэхээрээ өөрсдийгөө мянгантаа зөвтгөн олон түмнийг төөрөгдүүлэхийг хийж чаддаг хүмүүс. Нэгэн өдөр, улс үндсээ тавьж тууж байгаа улстөрчид “Яагаад болохгүй гэж” хэмээх найргийг зулын гэрэл барьсан нэгнээр Амараа шигээр уншуулаад олныг эргүүлж байвал гайхахааргүй! Ингэх одууд манайд зөндөө бий.

Бидэнд эх оронч үзэл дутмаг болсон байж магадгүй, гэхдээ үр хүүхдүүдээ гэх сэтгэл арвин бий. Эх орон бол үр хүүхдүүдэд маань өвлөгдөж үлдэх том гэр гэдгийг ухаарвал тэрийг нь алдчихгүй байх хүсэл асах учиртай. Хүсэл зориг маань байвал тусгаар байдлаа авч үлдэхийн тулд юу хийх ёстой нь тодорхой.

Урвалтыг жигшдэг хотынхны сүнсийг эргэн амилуулж, үр хүүхдүүдийн маань ирээдүйг сүйдлэх олигархитай тэмцэх ёстой! Тэгээд бохир бизнестэй холбогдсон цөөнхөд алдагдсан эрх мэдлийг ард түмэнд хамгийн ойр байж чадах олны эрх мэдэлд шилжүүлэх хэрэгтэй!

Categories
мэдээ нийгэм

Тэмдэгтэй сонгогч

– Фельетон –

Б.ЦЭНДДОО

Манай оронд саналаа өгсөн сонгогчоо будаж тэмдэглэдэг сайхан уламжлал нэгэнт тогтжээ. Африкийн Зимбабвэ мэтийн зарим оронд эдийн засгийн хямралаас болоод нэг ч сонгогчийг будаж чадахгүй байгаа гашуун баримт ч бий юм шүү. Ийм хүнд нөхцөлд сонгогч биднийгээ тэмдэглэх будгаар таслаагүй нам төрдөө талархах нь зүй ёсны хэрэг ээ.

Түүхий эд, алт, зэс нэн ялангуяа шороон будгийг шавхагдашгүй нөөцтэй манай орны хувьд цаашдаа сонгогчийн хумсны өчүүхэн буланг бус бүтэн хумсыг нь, хэтдээ бүхий биеийг нь будсан ч болохгүй гэх газаргүй. Гагцхүү сонгуулийн хорооны хариуцлага, санаачилга л дутаж байна.

“Ам нээвэл уушги нээ, будаг түрхвэл бүгдийг нь нял” хэмээн өвөг дээдэс дэмий нэг сургаагүй бололтой. Монгол Улсын сонгогчийн хумсны будаг дээр хямралын гарц байх шиг санагдаад байна. (Энд хямрал руу гарах гарцыг биш хямралаас гарах гарцыг ярьж байгааг болгооно уу) Монгол Улсын төсвийн мөнгөөр хийж байгаа энэхүү жаахан будган дээр том бизнес байгаа юм биш үү?

Хүний ганц хумсыг будах нь нэг талаасаа нарийлж харамласан шинжтэй, дутуу гуцуу, юмыг хүргэж ядсан байдалтай харагдуулж байна. Харамласан юм хар нохойны идэш болдог гэж үг бий. Иймд жаахан бийлэгжүү хандаж сонгогчийн бүх хумсыг сайн чанарын лакаар будаж өгөх хэрэгтэй байна.

Ингээд гоо сайхны ямар фирмийн лакаар будах вэ? гэдэг дээр тээндэр зарлана. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах ухааны юм яриад байна ш дээ. Харин яг будах тал дээр үндэсний үйлдвэрлэгчээ дэмжээд явчихна. Сонгуулийн дараагаар нэг хүнд ногдох ДНБ өсөөд л гараад ирнэ. Сургалтыг үйлдвэрлэлтэй ойртуулав гэдэг шиг сонгуулийг үйлдвэрлэлтэй хольж байна. Хумсаа будуулахын тулд ялангуяа эмэгтэй сонгогчид бараг л зуун хувь хамрагдсанаар сонгуулийн ирц нэмэгдэнэ.

Эрчүүдийг яах вэ? Тэмдэгтэй архи, пиво гэж байх уу? Ер нь бол архинд сурагч чирнээль холиод уулгахад ч хэд хоногийн дараа зулайгаар нь цэнхэртээд гараад ирэх нь ч ирнэ л дээ. Даанч удаж байж гарах юм, тэр хооронд саналаа хэд хэд өгчихөж болох сул талтай юм байна.

Ер нь бол сонгогчийн хумсны тэмдэг бол цэвэр манай малчин ардын оюун ухааны өв шүү дээ. Малаа үхрийн бааснаас эхлээд шороон будаг, хайлсан замын хар сэлтээр тэмдэглэж ирснээс л сонгуулийн хороо санаа авсан хэрэг. Тэгэхээр малчин ардынхаа ур ухааны сангаас цааш хайя даа.

Нээрээ монголчууд малаа эрт дээр үеэс имнэж иржээ. Сонгогчдынхоо чихийг имнэх арга байна. Аз болоход цуулбар, цоолбор, ухам гээд олон төрлийн им бодож олсон байна, өвөг дээдэс минь.

Ингээд Их хурлын, Орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгууль тус бүр ондоо имтэй байхаар бодож болж байна. Хүн 18 наснаасаа эхлээд дөрвөн жил тутамд гурван сонгуульд орно, нэг хүнд хоёр чих байна гээд бодоход 50 настай хүний чихэнд 36 орчим им байх нь, зөв үү? Чих нь сэг болоод дуусах юм байна л даа. Ээмэг байтугай гал тогооны набоор зүүгээд явсан ч болох нь байна, хэ хэ.

Ингэхэд тамга гэж сайхан юм байна. “Унага тамгалах найр” гэж сайхан найр байдаг. Сонгогч тамгалах найр байж яагаад болохгүй гэж. Төрөө дээдлэх үүднээс Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн хүний ташаан дээр ширээтэй чандмань тамга дарна. Их хурлын сонгуулиар саран тамга байж болох юм.

Оо… сонгуулийн өдөр санал хураах байруудаар ороход бөөн орилсон чарласан хүмүүс, шорлог хийж байгаа аятай хярвас ханхлаад л… апетит нь хөдөлсөн хүмүүс шууд барбакью идэхээр яваа л…. Ер нь ийм тохиолдолд барагтай хүн саналаа давхардуулан өгч зовлогоо зовоохгүй дээ.

За тэгээд энэ бүхнийг түвэгтэй гэж үзвэл үсийг будах арга бас байна. Саналаа өгсөн сонгогчийн үсийг нь сайхан будаад, хими хийгээд явуулж яагаад болохгүй гэж. Бүр залхуурдаг юм бол үсийг нь хусаж болж байна. Их хурал, ба орон нутгийн сонгууль ойрхон болдог юм чинь яах билээ гэж үү? Наад толгойгоо ажиллуулаач… эхнийхээр нь машиндаад дараагийнхаар нь хусдаг юм байгаа биз дээ.

Цаашлаад жаахан харгис л болохоос биш арга бишгүй байна аа, бас. Ямар гэж үү, саналаа өгсөн сонгогчийн хумсыг суга татахаас эхлээд хурууг тайрах, хөнгөн хутгалах… за за цаашлахаар улам аймаар болоод байна. Санал давхардуулахгүйн тулд нэгэнт саналаа өгсөн сонгогчийг устгах хүртэл муухай муухай юм санаанд орж байна. Тэрэнд хүрэхээс наана бие дээр нь шивээсний үзгээр “саналаа өглөө” гэж сийлэхээс эхлээд буман арга байхад.

Нэгэнт л сонгогчоо тэмдэглэж эхэлснээс хойш бүх бие дээр нь товч анкет (СиВи)-ийг нь шивээд хаячихвал ёстой өнөө төрийн ой санамжийг сайжруулсан болчих юм биш үү? Шинээр ажилд орох хүн боловсон хүчний (хуучин нэрээр) өмнө олон таван үггүй шууд тайчна. Боловсон хүчний өрөөнд,

-За зүйтэй. Алив эргэ дээ.. тэр ажлаас халагдсан шалтгаан гэдэг дээр юу байна. Аа. За. Хөөе наад сугаа өргө, юу нуугаад байгаа юм бэ? Яах гэж наанаа үсэг сохлоов чи. Хн, ял шийтгэлээ цагаан махан дээрээ шивүүлээд байхдаа яахав дээ, алив хүчтэйхэн дүл… зүйтэй. Шамбарам аа гэж, нээрээ хэцүү шүү тээ… Буцаад хуучин ажлынхаа даргаар наад арилгасан хэсгээ сэргээж шивүүлээд ир… гэхчилэнгийн яриа өрнөнө байх даа.

2009 оны 11 сарын 17

Categories
мэдээ нийгэм

Дахин төлөвлөлтөд хамрагдсан айлуудад орон сууцны түлхүүр гардуулан өгчээ

“Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ-аас хотын даргатай уулзах үеэрээ дахин төлөвлөлтөд хамрагдаж, газраа чөлөөлсөн иргэдтэй гэрээ хийсэн компаниуд орон сууцаа барьж өгөхгүй байгаагаас иргэд хохирч байгаа талаар дуулгасан.

Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболд дахин төлөвлөлтийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгээс иргэдтэй уулзаж, дахин төлөвлөлтийн орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүйгээс 400 гаруй айл өрх хохирч, дүн өвлийн хүйтэнд орох оронгүй болж үлдсэнийг Засаг даргад танилцуулсан байна. Тиймээс хотын удирдлагууд дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж, компаниудын хариуцлагыг дээшлүүлж, түр суурьшлын орон сууцыг өргөжүүлэх шаардлагатай гэж үзэн, бодлогоор дэмжихээр болсон. Эхнээс нь айл өрхүүдийг дамжин өнгөрөх орон сууцанд оруулж, түлхүүрийг нь гардуулан өглөө. Мөн орон сууцны нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Сэлбэ дэд төв дэх “Үйлчилгээтэй 50 айлын орон сууц”-нд орсон иргэдтэй уулзлаа. Газраа чөлөөлснөөс хойш хэцүүхэн нөхцөл байдалтай амьдарч байсан иргэд өвлийн хүйтнээс өрсөж дулаахан, тохилог сууцтай болсондоо баяртай байгаагаа хотын даргад хэлж байсан юм.

Мөн “Баярс констракшн” компанийн 132 айлын орон сууцанд түр амьдрах айлуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар түлхүүр гардуулан өглөө.

Харин БЗД-ийн 14-р хороонд амьдарч байсан 23 өрхөд дахин төлөвлөлтөөр баригдсан цоо шинэ орон сууцных нь түлхүүрийг гардлуулан өгсөн юм. “Бүрд костракшн” 14-р хорооны 142 айлыг нүүлгэж, 7,5 га газрыг чөлөөлсөн байна. Ингээд 142 айлд 9800 м2 182 айлын орон сууц, 30 гаруй дулаан зогсоол өгөх ёстойгоос эхний ээлжинд 114 өрхөд 148 айлын байр, 20 гаруй дулаан зогсоолыг энэ сард багтаан олгож байгаа юм. Хашааны газраа чөлөөлж, “Амартүвшин” хотхонд тохилог орон сууцандаа орсон иргэд ам сайтай байна. Хотын дарга С.Батболд энэ үеэр “Гэр хорооллыг орчин үеийн орон сууцны хорооллоор солих дахин төлөвлөлтийн ажилд олон компани оролцож байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс дахин төлөвлөлтийн ажлыг шинэ зарчмаар цааш үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Одоо ажлаа үр бүтээлтэй явуулж байгаа компаниудтай гэрээг цааш үргэлжлүүлж, дахин төлөвлөлтөд орсон газруудыг эрчимтэй барилгажуулна гэж үзэж байна. Үүнээс гадна энэ ажлыг иргэдэд хохиролгүй хийх хэрэгтэй. Өнөөдөр дамжин өнгөрөх шинэ орон сууцандаа орж байгаа та бүхэнд аз жаргал хүсье.” гэлээ. Цаашдаа Нийслэлийн удирдлагын зүгээс гэр хороололын дахин төлөвлөлтөөс үүдэн орох оронгүй, газаргүй, өмч хөрөнгөгүй үлдэж, хохирдог байсныг таслан зогсоож, иргэддээ ээлтэй, хотын шинэ төлөвлөлтийн бодлогын хүрээнд орон сууцжуулах ажлыг хийнэ гэдгийг онцолж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар мөн “Гэр хорооллын дахин төлөвлөлт” ийн асуудлыг хэлэлцэж, Нийслэлийн өмчийн мэдэлд “Дамжин өнгөрөх“ орон сууцыг бүртгэх, иргэдээ хохиролгүй болгох, гэр хорооллын дахин төлөвлөлтийг зөв бодлогоор, зөв шийдлээр, Төр – Иргэн – Барилгын компани гэсэн гурвалсан гэрээг хатуу хийнэ гэдгийг ч тодотгож байна.

“Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийнхэн хүйтний улирал эхэлж байгаа энэ үед иргэдээ орон сууцаар хангах, хохироохгүй байх асуудалд Нийслэлийн удирдлагууд үр дүнтэй , шуурхай арга хэмжээ авч өгсөнд талархлаа.

Өнгөрсөн 4 жилийн турш айлын хажууд, өндөр түрээстэй байр, хамаатныхаа хашаанд гэр барьж, мөнгө ч үгүй, орох оронгүй болсон иргэдийн хувьд энэ өвөл өнтэй сайхан өвөлжиж, ирэх жил шинэ байрандаа орох сайхан мэдээ дуулгасанд баяртай байгаагаа хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

“Хувийн эрх ашиг байхгүй гэж ярьж байгаа улстөрчдөд бүү итгэ” нийтлэл хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрт “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа л ярьчихаад ирлээ” Д.Мөнгөндалайн нийтлэл оржээ. Ерөнхий сайдын Япон улсад хийсэн айлчлалын сонин сайхныг та эндээс уншиж болох юм.

Мөн Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай.

Манай сонины өнөөдрийн дугаарт “Их говийн дархан цаазат Алтайн өвөр говиор” аян замын тэмдэглэл нийтлэгдлээ. Манай сонины сэтгүүлч, яруу найрагч Л.Батцэнгэлийн Баянхонгор аймгаас эхлэн хөвөрсөн намрын айраг шиг шимтэй аян замын тэмдэглэлийг эндээс уншаарай. Үргэлжлэл нь 13-р нүүрт гарчээ.

Гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгмийнхээ өнгө төрхийг тодорхойлж, ард түмнийхээ дуу хоолой болж байдаг билээ. Тэгвэл энэ удаад нийтлэлч П.Хашчулууны “Хувийн эрх ашиг байхгүй гэж ярьж байгаа улстөрчдөд бүү итгэ” нийтлэл хэвлэгдлээ.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрт “Хүүхдээ энгэртээ тэвэрч амжилгүй алджээ” тодруулга ярилцлага орсон байна. “Амгалан” амаржих газарт өнгөрсөн сарын 23-д төрсөн ээж хүүхдээ энгэртээ тэвэрч амжилгүй харамсалтайгаар алджээ. Зүгээр зүгээр гэчихээд эцэст нь архаг бүтэлттэй байсан, одоо яахав дээ гээд явсан эмчид гомдолтой байгаа талаар түүний чин сэтгэлийн ярилцлагыг уншаарай.

Наймдугаар нүүрт Нийслэлийн Засаг даргын 100 хоногт хийсэн ажлын танилцуулга оржээ.

Есдүгээр нүүрт НҮБ-ын ес дэх нарийн бичгийн даргын шинэхэн ярилцлага орлоо.

11-р нүүрийн “Томилолт” булангаас манай сонины сэтгүүлч Э.Мөнхтүвшиний ХХААХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан багын Ховд аймагт гарсан бог малын мялзан төст өвчний голомтод ажилласан сурвалжлагыг уншаарай.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“iPhone 7”-ийг нэг сая 996 мянган төгрөгөөр худалдана

“iPhone 7” гар утсыг Монгол Улсад албан ёсоор худалдаалагдах үнэ тодорхой боллоо. Тухайлбал, “MobiCom” корпораци ирэх баасан гарагаас эхлэн “iPhone 7”-ийг нэг сая 996 мянган төгрөгөөр худалдаанд

“MobiCom” корпораци “Apple”-ийн шинээр гаргасан “iPhone 7”-ийн урьдчилсан захиалгыг нь авч эхэллээ. Зургийг: express.co.uk

гаргах гэж байна. Энэ нь өнгөрсөн онд худалдаанд гаргасан “iPhone 6S Plus”-ийн үнэтэй ижил байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт урьдчилсан захиалгыг нь авч эхэлсэн энэхүү гар утасны үнэ валютын ханшаас хамааран доод тал нь хоёр сая төгрөг хүрнэ гэсэн таамаг байсан юм. “Apple”-ийн шинээр гаргасан “iPhone 7” 32, 128, 256 гигабайтын хатуу санах ойн сонголттойгоор өнгөрсөн сард гол зах зээлүүдэд худалдаанд гараад байна. Харин дотоодын үүрэн холбооны компани “iPhone 7”-ийг санах ойн багтаамжаас нь хамаарч, нэг сая 996 мянга, хоёр сая 304 мянга, хоёр сая 611 мянган төгрөгөөр үнэлж байна. Нэгээс хоёр жилийн хугацаатайгаар лизингээр авах тохиолдолд урьдчилгаа нь 508-919 мянган төгрөг байх ажээ. Өмнө нь лизингээр авсан гар утасных нь зээлийн хугацаа дуусаагүй байгаа ч гар утсаа сайжруулах хүсэлтэй бол зээлийн гэрээний хугацаанаас хамааран 2-6 сарын үлдэгдэлтэй тохиолдолд шинийг авч болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нөмрөг тас шувуу өсөх хандлагатай байгааг тогтоожээ

Өнгөрсөн хавраас намар хүртэл Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа шувууны үүрлэлт болон үржлийн судалгаа хийжээ. Энэ нь Их газрын чулууны бүс нутаг дахь шувууны төрөл зүйл, тоо толгойг тогтооход чиглэсэн анхны судалгаа болсон байна. Судалгааг ирэх жил мөн үргэлжлүүлэх ажээ.

Тус судалгааны явцад хон хэрээний 3, начин шонхорын 2, нөмрөг тас шувууны 37, хээрийн бүргэдийн 1 үүрийг тэмдэглэж, ажиглалт хийжээ. Ажиглалтын хугацаанд шувууны үхэл хорогдол гараагүй, үүрлэлтийн амжилт 100 хувьтай буюу ангаахайнууд нь бүгд ниссэн байна. Цаашид нөмрөг тас шувуу өсөх хандлагатай байгааг тогтоожээ.

Шувууны ихэнх тоо толгойг нөмрөг тас эзэлж байгаа бөгөөд цогцолборт газрын бүс нутаг дахь тархалтыг нь ажиглахад Баян зүрх, Баруунсайхан уул, Их газрын чулууны ууланд голлон нутагшсан байна.

Их газрын чулууны хамгаалалтын захиргааны судлаач Ш.Намсрайжав хэлэхдээ “Хэд хэдэн удаагийн судалгаа хийж, харьцуулсаны үндсэн дээр байнга нутагшсан болон нүүдэллэн ирдэг шувууны тоо толгой, төрөл зүйлийн өсөлтийг нарийвчлан гаргах боломжтой болно” гэжээ.

Categories
их-уншсан туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг

“Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалт өчигдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулсан юм.

-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын эргэн тойронд өрнөөд байгаа асуудлуудад байр сууриа илэрхийлнэ үү?

-“Эрдэнэт”-ийн хувьчлал гэлээ. Миний харж байгаагаар энд ямар нэгэн хувьчлал явагдаагүй. Гадны улс орон, аж ахуйн нэгжид байсан 49 хувь Монголын аж ахуйн нэгжид ирсэн. Хэрвээ хувьчлал явагдахаар бол Монгол Улсын Засгийн газар хэлэлцээд УИХ-аар шийдээд хувьчлалын хөтөлбөрт ороод шийдэгддэг. Нэр томьёоны хувьд ингэж ойлговол зүгээр байх аа гэж бодож байна.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр “Эрдэнэт”-ийн асуудлыг ярьсан юм уу?

-Бүх л Засгийн газар 1990 оноос хойш “Эрдэнэт” үйлдвэр, төмөр зам “Монголросцветмет” гэх мэт ОХУ-тай холбоотой асуудлаар үргэлж л ярилцаж ирсэн. Их өрийн асуудлыг 2003 онд тэглэх гэж байхад хоёр талын эдийн засагчид Монголд ногдох “Эрдэнэт”-ийн хувь 70-д хүрч байгаа юм байна гэсэн. Ер нь энэ үйлдвэр 680 сая шилжих рубльд баригдсан үйлдвэр шүү дээ. Монголчууд, Монголын Засгийн газар, төр аль нь ч бай “Эрдэнэт”-ийн гадна байгаа хувийг нэмэгдүүлж авах, болж өгвөл 100 хувь үндэсний аж ахуйн нэгж болгох тал дээр үе үед л ярьж байсан зүйл. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нь энэ асуудлыг ярина, ярихгүй гэсэн хууль дүрэм байхгүй. Тиймээс энэ асуудлыг уг зөвлөлөөр яриагүй.

-МАНАН-гийн хуйвалдааны төр гэж ярих болсон. Энэ бүхний ард таныг байгаа гэдэг?

-МАНАН-гийн төр бол сонин хэвлэл, сэтгүүлчдийн хэллэг. Одоо нэг намын, МАН-ын Засгийн газар, УИХ байгуулагдаад ажиллаж байгаа. МАН-нд сонгогчид хариуцлага үүрээд тулгамдаж байгаа асуудлыг шийдээд явах бүрэн эрх, боломжийг дангаар нь өгсөн. 65 гишүүнтэй болно гэдэг ямар ч асуудлыг шийдэх эрх энэ Засгийн газар, УИХ-д байгаа.

“Эрдэнэт” үйлдвэрийн тос шороонд хутгалдаж явсан, ажилчин байсан хүн бол би. 10 дугаар ангиа төгсөөд л энэ үйлдвэрт орж анхныхаа цалинг авч байсан. 1990 онд Эрдэнэтээс анх удаа улс төрийн албанд сонгогдож Улсын бага хурлын гишүүн, Ардын их хурлын депутат болоод ирж байсан ийм хүн. “Эрдэнэт” үйлдвэрийн ард миний ямар нэг хувийн сонирхол байхгүй. Бүр хатуу хэлье, нэг ч төгрөгийн сонирхол байхгүй. Миний сонирхол бол “Эрдэнэт” үйлдвэр цаашаагаа сайн явах.

-“Эрдэнэт” үйлдвэрийн энэ бүх асуудалд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын оролцоо бий юу?

-УИХ-ын Дэд даргын албан тушаал бол Монгол Улсын дөрөв дэх том албан тушаал. Дэд дарга мэдэгдэл хийнэ гэдэг тушаалын том багаар хэлж байгаа бол дөрвөн томын нэг л дээ. Энд гурван том оролцоо гэдэг ч юм уу, дөрвөн томын оролцоо ч байсан гэдгийг би хувьдаа мэдэхгүй байгаа.

-Танд “Эрдэнэт”-ийн хувьцаа бий юу?

-Ямар нэг хувьчлал явагдаагүй, ямар нэг хувьцааны асуудал байхгүй.

-“Эрдэнэт” үйлдвэрийн“Эрдэнэт” үйлдвэрийн ард миний ямар нэг хувийн сонирхол байхгүй. Бүр хатуу хэлье, нэг ч төгрөгийн сонирхол байхгүй. Миний сонирхол бол “Эрдэнэт” үйлдвэр цаашаагаа сайн явах.

-“Эрдэнэт” үйлдвэрийн энэ бүх асуудалд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын оролцоо бий юу?

-УИХ-ын Дэд даргын албан тушаал бол Монгол Улсын дөрөв дэх том албан тушаал. Дэд дарга мэдэгдэл хийнэ гэдэг тушаалын том багаар хэлж байгаа бол дөрвөн томын нэг л дээ. Энд гурван том оролцоо гэдэг ч юм уу, дөрвөн томын оролцоо ч байсан гэдгийг би хувьдаа мэдэхгүй байгаа.

-Танд “Эрдэнэт”-ийн хувьцаа бий юу?

-Ямар нэг хувьчлал явагдаагүй, ямар нэг хувьцааны асуудал байхгүй.

-“Эрдэнэт” үйлдвэрийнЭлбэгдорж руу дайрах юм бол, Ерөнхийлөгч рүү дайрвал рейтинг өсөөд байна гэсэн. Зарим хүн рейтингийг рентген гэж яриад байгаа юм. Заримдаа миний рентген өсч байна гэж. Ер нь бол ард түмэн рентгенд харж байгаа юм шиг энэ улстөрчдийн ярьж байгаа зүйлийг нэвт хардаг болсон доо. Хэвлэлийнхнийг бүгдийг нь, ард түмнийг айхавтар цочоох, тэндээс рейтингээ өсгөөд дараачийн зорилго руугаа явах ийм хувиа бодсон зүйл цаашаа явахгүй ээ. Тэгэхээр энд цаг алдсан байна. Хамгийн гол зорилго юу байсан бэ гэхээр Засгийн газар байгуулагдаад 100 хоног өнгөрлөө. Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёр юу хийв ээ. Сангийн сайдын хувьд хамгийн гол асуудал оруулж ирж шийдүүлэх байсан. Ярих юм юу ч байхгүй. Ярих гэхээр л зогсоосон, хаасан, боосон, хассан, танасан. Бүтээсэн зүйл нэг ч байхгүй. Ерөөс эндээс л хүмүүсийн анхаарал, сонирхлыг холдуулах гэсэнарга шүү дээ. Хамгийн гол нь Ц.Нямдорж дээр авч үзэх юм бол өнөө таван хууль. 70 жилийн турш Монголын ард түмний, дээрээс нь нэмээд нээлттэй нийгэмд шилжих 26 жилийн дотор Монгол хүмүүсийн хөлс, цус, нулимсаар туршигдсан тэр хар тогтолцоо, хуулийг халах гэж энэ хуулиудыг оруулж ирсэн шүү дээ. Тэгтэл УИХ баталчихсан байхад буцаагаад хаяж байгаа юм. Үнэхээр л ард түмний нурууг тэнийлгэх, албан тушаалтнуудын хувьд нэлээд хатуу хууль байсан. Тэгээд үүнээс хүмүүсийн анхаарлыг сарниулж байгаа юм. Ц.Нямдоржтой “Эрдэнэт”-ийн асуудлыг яриагүй бол сэтгүүлчид түүнтэй уулзаад “Тэр таван хуулийг яагаад буцааж байгаа юм. Та өмнө нь Хууль зүйн сайд байсан хүн” гээд л асуух байсан. Ц.Нямдоржийн тооцоо бол “Одоо сонгогчидтойгоо уулзахад “Эрдэнэт”-ийг аврагчийн дүрээрээ тэдэнд очно” гэж л тооцсон. Хувийн ийм өчүүхэн эрх ашгийн үүднээс мэдэгдэл хийжээ. Үүний цаана улс орноо бодсон ямар нэг үйлдэл алга аа. Ц.Нямдорж үүнийхээ оронд намаасаа шаардах ёстой байсан. “Амласан зүйлээ оруулж ир л дээ, Чойжилсүрээн” гэж. Б.Чойжилсүрэнг би танихгүй, мэдэхгүй гэж хэлэхгүй л байх, Ц.Нямдорж.

-Саяхан Малыш Энхтүвшин гэх хүн С.Зоригийн хэргийн талаар сонинд ярилцлага өгсөн байсан. Тэрээр таныг гар утас руу нь мессэж бичсэний дагуу л ажилладаг гэж ярьсан байсан. Энэ үнэн үү?

-Сая С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж явахад тэр хүнтэй таарсан. Ерөөсөө арван хэдэн жил огт таараагүй. Тийм учраас над руу мессэж бичдэг тийм зүйл огт байхгүй. Тэр бол худлаа. Элбэгдоржтой холбоод шуугиан дэгдээхээр л яана гэж боддог юм бүү мэд.

-С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байна?

-С.Зоригийн хэрэг гарснаас хойш хууль, хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан даа. Энийг шалгаж байгаа, үүн дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй шүү. Хянаж байгаа улс нь ч энийг сайн харж байгаа. Ер нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн энэ хэргийн эзнийг олоход бид туслах ёстой. Хэрэг шүүхийн шат руугаа очиж шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уугэсэн ойлголт байгаа. Монгол Улсын Ерөнхий прокурор бол төрийн хууль цаазын жинхэнэ зөвлөх гэдэг. Би Ерөнхий прокуророос л хяналт тавьж байгаа хүнийх нь хувьд асууж тодруулдаг.

-Орон нутгийн сонгуульд таны хүү нэр дэвшиж байгаа. Тантай зөвлөсөн үү?

-Манай хүү Эрдэнэ энэ сонгуульд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд нэр дэвшиж байгаа. Энэ бол цэвэр өөрийнх нь сонголт байгаа юм. Олон түмний төлөө явъя гэсэн сонголт байгаа бол тэгээд зорилго нь зөв байгаа бол бид залуусыг дэмжих нь зөв байх л даа.

-Төрийн албан хаагчдыг олон тоогоор нь ажлаас халж байгаад та ямар тайлбар өгөх вэ?

-Хүмүүстэй тааралдахад бас фэйсбүүк, твиттерээр над руу хүмүүс маш их захидал бичдэг. Улсууд гасалж байна. Би өглөө бүхэн ажилдаа очихдоо айдастай байна. Өнөөдөр чамайг халлаа гэж хэлэх байх даа гэж. Яагаад ингэж айдастай очиж байна вэ гэхээр машинаа лизингээр авчихсан. Тэрийгээ цалингаасаа төлдөг. Байрны зээлэнд хамрагдчихсан. Бүр коммунист суботник шиг болчихлоо. МАН энэ талаар дээд түвшиндээ хэлж л байгаа байх, үүндээ анхаараарай гэж. Цэвэрлэгч, мэргэжилтэн гээд хэнийг ч голохгүйгээр бүр жагсааж байгаад толгой дараалан хөөж явуулж байна. Халах тусам, шинээр хүн авах тусам төрийн албаны чадвар улам дордоод байна. Энэ үнэн л дээ, гурав, дөрөв, гуч, дөчин жил ажиллачихсан тэр хүмүүс Монголын асар үнэтэй капитал байхгүй юу. Асар үнэтэй. Гэтэл тэр хүмүүсийг хөөж явуулаад зүгээр л нэг шахааны хүмүүсийг оруулж ирж байна. Ц.Нямдорж мэдэгдэл хийснээс ч болдог юм уу яадаг юм, энэ хүний хөл газар хүрээгүй газар алга боллоо. Энэ нөхрийн шахаж тавиулдаг бүлэглэл банк санхүү зэрэг салбаруудыг бүхэлд нь барилаа ч гэдэг юм уу. Уг нь энэ асуултыг ард түмэн асуух ёстой юм. Сонгууль болоод амьдрал чинь дордов уу, сонгуулийн өмнөхөөс сайжрав уу гэхээр бүгд л зуун хувь дордлоо л гэж байна. Чухал асуудлаас анхаарал холдуулахын тулд чанга дуугаар мэдэгдэл хийгээд байх шаардлага ерөөсөө байхгүй. Одоо бол мэдэгдэл хийдэг цаг биш, ажил хийдэг цаг. Манайд ажилладаг дулааны улирал маш бага. Дөрвөн жил гэдэг маш богино хугацаа. Одоо бид бүгдээрээ нэгдээд нийлээд ажилламаар л байгаа юм. Би энэ Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд хэлж байгаа. Бид нэг Монгол. Сонгууль дуусчихлаа. Одоо нэгдээд нийлээд ажиллая. Ер нь бидэнд бие биенээ шүүмжлэх, зөрчилдөх энэ үйл явц хангалттай. Одоо болоо. Тэр ярих хэлэх, бие биенээ гутаах нь хангалттай. Энэ богинохон хугацаанд нийлж нэгдээд эрх авсан энэ улсууддаа итгэл өгч бололцоог нь олгох ёстой.

Бид замбараагүй явж, дуртай юмаа ярьж, дургүй юмаа шүүмжилж татан унагаж, нэгнийгээ гутааж одоо болсон. Одоо бид ажил хийдэг үндэстэн болох хэрэгтэй. Тулгамдаж байгаа асуудлыг шийддэг үндэстэн болох хэрэгтэй. Хүмүүстээ ажлын байрыг нь бий болгож, хийж бүтээж байгааг нь дэмждэг тийм үндэстэн болох ёстой. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийг Монголын ард түмний нэг хэсэг гэж боддог шүү. Хувийн хэвшилд ажиллаж байгаа бол буруу, муу гэж хардаг сэтгэхүйгээ орхих хэрэгтэй. Монголын амьдралын 80 хувь нь хувийн хэвшлийн нуруун дээр явж байгаа. Харин ч нээлттэй нийгэм, ардчиллын ач энэ мөн. Бүх амьдрал, бүх аж ахуйн нэгж, бүх ажил руу ордог байсан төрийн гар, хуруу ингэж багассан.

-Төсвийн тодотголоор Сангийн сайдын оруулж ирсэн зүйлүүд дээр та ямар саналтай байсан бэ?

-Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилогдсоноос нь хойш нэг л удаа уулзсан. Сонгуулийн дараа Засгийн газар, УИХ маш хурдан ажилдаа орох ёстой гэдэг байр суурийг барьсан. Б.Чойжилсүрэн сайд энэ нь буруу, тэр нь буруу гээд зогсоогоод байвал зогсоогоод байж болно л доо. Бүтээн байгуулдаг, барьдаг энэ талдаа сайн шүү дээ. Харин Сангийн сайдын хувьд ямар хүн бэ, энэ хүний илүү Сангийн сайд МАН-д байх байсан уу, үгүй юу гэдэг нь асуудал байж магадгүй. Шууд хэлье. Улстөрчид, энэ Ц.Нямдоржийн шахаа, мөнгөний хүч энэ Сангийн сайдыг бий болгосон байж магадгүй. Иймэрхүү байдлаар албан тушаалыг хувааж авах байдлаар хуйвалдаж, сэдэв хүлээгээд суух маягаар улс төр хийхээ болих хэрэгтэй.

-Сүүлийн үед гадны банк оруулж ирэх тал дээр олон талын байр суурь гарах болсон. Ялангуяа “Bank of China”-гийн эргэн тойронд?

-Манайд банк санхүүгийн чиглэлийн үйл ажиллагааг чөлөөлөх ялангуяа хоёр дахь зах зээлийг бий болгох, манай хувийн гэлтгүй бүх аж ахуйн нэгжүүд бүгдээрээ айл гэрийн, нэг хүний өмч байхаа боль оо. Та нар хөрөнгийн биржээрээ дамжуулаад Монголын ард түмэнд тэр хувьцаагаа зараач ээ. Олон нийтийн компани болооч, компанийн олон улсын хамгийн сайн засаглалыг хэрэгжүүлээч ээ. Үүнд нь Засгийн газар, УИХ-ын зүгээс хийх ажлаа хурдан хийж хуулиа баталъя.

Би Б.Чойжилсүрэнтэй уулзаад хэлж байсан. Чиний оруулж ирсэн саналыг хамт олон хүлээж авахгүй байна. Чи мэргэжилтний санал барьж орж ирээд бөөн хэрүүл болох юм. Чамд улс төрийн алсын хараа алга. Би Ерөнхий сайдтай уулзахдаа хэлж байсан дарга нарын албаны өрөөнөөс эхлээд таналтаа эхлээч ээ гэж. Надаас ч эхэлсэн болно. Тэр тансаглалаасаа танах чиглэлд ажиллаач. Маш олон боломж бий.

Манай өмнөд хөршийн Монголын эдийн засагт оролцож байгаа хөрөнгө оруулалт, худалдаа зэрэг нь аль ч орноос илүү байгаа. Манай хамгийн том худалдан авагч, хамгийн том хөрөнгө оруулагч, банк санхүүгийн салбарт хамгийн том хамтарч байгаа улс. Бид чинь үндэсний аюулгүй байдлын өөрийн гэсэн үзэл баримтлалтай, өөрийн зарчимтай. Нэг орны хөрөнгө оруулалт ямар түвшинд байх уу гэдгийг мэддэг, бидний байршил их өвөрмөц. Бид цаашид энэ чиглэлээр Монголын ард түмэнд хэрэгтэй зүйл дээр хамтарч хийх ёстой. Миний байр суурь бол “Bank of China” гэдэг банк Монголд орж ирээд зээл өгөөд явах шаардлага алга. Аль ч орноос эдний банк санхүүгийн оролцоо Монголд өндөр байна. Харин ч шаардлагатай өөр орны энэ түвшинг хангачихсан, оръё гэж байгаа банкны салбар байгаа болбол манайх руу орж ирээгүй, манайд хөрөнгө оруулалт хийгээгүй орон байгаа бол оруулах хэрэгтэй. Иймэрхүү байдлаар бид тэнцвэрээ барьж явбал яасан юм. Энэ дотроо Монголын банкуудын нэр дээр гардаг арилжааны банкуудын шүүмжлэлийг ч би хуваалцдаг. Сая Ц.Нямдорж мэдэгдэл хийхдээ ярьж байна билээ. Бид тэр банкийг оруулж ирэх гэж байгаа, оруулж ирнэ гэж. Харин тэр банк оруулж ирэх асуудлыг ҮАБЗ дээр ярина шүү. Өмнө нь ч ярьж байсан. Би байр сууриа тодорхой хэллээ.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк худалдаж авсан. Гэтэл таныг тус банкинд хувьцаа эзэмшдэг гэх мэдээлэл байна. Мөнгөний эх үүсвэрийг нь хаанаас гаргасан байдаг юм бол?

-Ер нь бид ийм худал зүйлийн хойноос явах хэрэггүй дээ. Надад Худалдаа хөгжлийн банкинд хувь, хувьцаатай байх ямар ч шаардлага байхгүй. Нэг зүйл хэлье. Хувь хувьцаа эзэмшдэг нь байтугай, Монголд өнөөдөр хийгдэж байгаа 20 сая төгрөгөөс дээших гүйлгээ хяналтад байгаа шүү. Олон улсын янз бүрийн гүйлгээ, хар бор мөнгө гэдэг чинь ёстой өнөө шилэн данс гэдэг шиг хяналтад байгаа. 10 мянган ам.доллараас дээш асуудалтай гүйлгээ хийгдсэн Монголбанк хянаад явчихаж байгаа.

-Хотын дарга асан Э.Бат-Үүл С.Зоригийн хэргээр шалгагдаж байгаа тухайгаа хэлэхдээ таныг МАН-тай хамтарч өөрийгөө гүтгэж байна. Өөрийнх нь эсрэг Их-Эвсэл байгуулагдсан гэсэн?

-Э.Бат-Үүлийг би үргэлж дэмжиж ирсэн. Баатар болтол нь дэмжсэн дээ. Цаашдаа ч дэмжинэ. Дээр би хэлсэн, С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийнхэнд хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй. Байх ёсгүй гэдгийг Ерөнхий прокурорт үргэлж хэлж байгаа. Ер нь улс төрөөс болоод хэн нэгнийг хардаж байна сэрдэж байна гэж харснаас энэ хэрэг удсан байх. Би ингэж хардаг. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг шүү дээ. Хүн бол санал бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Өдөр, шөнөгүй ажилласан хууль хяналтын байгууллагын улсуудад талархаж явах хэрэгтэй, хийж байгаа ажилд нь. Хэцүү, маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Би Ерөнхийлөгч болоод л миний ширээн дээр, миний анхааралд өдөр тутам байдаг нэг зүйл бол С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг, учир холбогдлыг нь, эзнийг, алуурчныг, ямар нөхцөл байдал тэр үед үүссэнийг Монголын ард түмэн мэдэх хэрэгтэй гэж л боддог. Хууль хяналтын байгууллагын ажилд Э.Бат-Үүл талархаж явах хэрэгтэй. Монголчууд талархаж явах хэрэгтэй. Би энэ нэлээд ахицтай явж байгаа гэдгийг хэлье. Энэ хэрэг яагаад ийм нууцлагдмал байгаад байна вэ гэвэл эхнээс нь тагнуулын байгууллагад харьяалуулаад илрүүлэх үйл ажиллагаанд нь тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагааны нууц байдаг зүйлүүд орчихсон учраас энэ хэргийн нууцлал гэж яриад байдаг юм л даа. Гэхдээ энэ хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг ил байна гэдэгт итгэж байна. Ер нь манай хэвлэл мэдээллийн байгууллага янз бүрийн зүйл сонирхдог, эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж байдаг. Энэ хүмүүс ёстой эцсийн хуудсыг нь эргүүлэх байлгүй. Энэ хэрэг илрэхгүй 18 жил боллоо. Энэ хэрэг ямар учиртай байсныг дахиад 18 жил монголчууд эцсийн чулууг нь хүртэл эргүүлж харах байх гэж бодож байна. Гэхдээ үүнийг илрүүлэхийн тулд явж байгаа, ажиллаж байгаа, бүр эхнээс нь явсан цөөхөн хүн байдаг юм даа. Ямар хүндрэл, ямар хэцүү юман дундуур явсан гэж бодно. Ерөнхийлөгч болж гарч ирээд л би Аюулгүйн зөвлөлийг хуралдуулж байгаад тэр зөвлөлөөс тусад нь зөвлөмж энэ хэргээр гаргасан.

-Төмөр замын асуудал?

-Энэ асуудалд ганцхан зүйл хэлье. Ер нь бид өөрсдөдөө итгэмээр байгаа юм. 1990-ээд оны эхээр ЗХУ задраад явж байхад задарсан бүх улсдаа төмөр замыг нь өгсөн байдаг. Монгол Улс Орос улсад ойрхон дагуул орон гэж явдаг байлаа шүү дээ. Тэгэхэд бидэнд та нар энэ төмөр замаа ав гэхэд нь тэнд байсан зарим хүмүүс “Бид чинь орос ах наргүй яаж үүнийг авч явах вэ дээ. Чадахгүй” гэж хэлээд буцаасан байдаг. Одоо бол яаж ч уйлаад төмөр замын асуудал Монголын аж ахуйн нэгжид 100 хувь ирнэ гэж байхгүй л дээ.

Төмөр замын удирдлага яаж тавигдсан, юу болсон талаар үнэхээр мэдээлэл алга. Энэ бол Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх асуудал. Хүн бүхэн нэг нэг нэр халаасалчихсан явж болохгүй л дээ.

-ОУВС-тай хэлэлцээр хийх тухай яригдаж байгаа?

-Хэлэлцээр хийвэл ийм сайн тал, ийм муу тал байна гэж ярьдаг. Энэ бол хоёр талтай асуудал. Ганцхан үндэслэлийг иш үндэслэл болгож бид хэлэлцээр хийх нь зүйтэй гэдэг дээр би өмнөх засгийн үед ч зогсч байсан. Хэлэлцээр хийх хэрэгтэй. Тэр нь ямар үндэслэл байсан бэ гэхээр санхүүгийн сахилга бат гэдгийг бий болгоё. Үүнийг Засгийн газартайгаа юм уу, Сангийн сайдтайгаа эрх барьж байгаа хүмүүс нь хариуцлага тооцож чадахгүй байна шүү дээ. Тийм байгаа биз дээ. Ерөөсөө л Засгийн газар нь төсвөө оруулж ирдэг, УИХ-ын гишүүд нь дураараа тэлж л байдаг. Өөр өөрийнхөө тойрог, өөрийнхөө сонирхож байгаа юм руу хаяулах юм бол төсөв баталсан нэртэй болдог. Баталсны дараагаар дандаа тодотгож байдаг. Тэгээд Монголын ард түмэн тавьсан тэр өр зээлэнд нь унаж байдаг. Тэгэхээр сахилга бат гэдэг юмыг ерөөсөө Монголд ОУВС-тай хэлэлцээр хийж бий болгохгүй бол энэ гарах гээд тэмцээд байгаа хямрал цаашилбал хэцүүднэ. Одоо хэдэн тэрбумаар нь энд тэндээс мөнгө зээлнэ. Ер нь манайд мөнгө зээлж магадгүй хоёр, дөрвөн тэрбум гэж яриад байгаа. Миний байр суурь бол ярьж болно оо, ганцхан өмнөд хөрштэй биш. Мексик маш хүнд байдалд ороод Америктай ярьж байгаад өндөр хүүтэй авсан бондоо бага хүүтэй мөнгөөр солиулж зээл аваад эдийн засгаа босгоод эргүүлээд өгсөн туршлага байна. Ийм туршлага улс орнуудад байна. Европоос Германтай, Азиас Япон, Өмнөд Солонгостой ярьж болно. Хоёр хөрштэйгээ, Америктай ярьж болно. Тэгээд явж явж байгаад нэг орон нь тунаж магадгүй. Хөнгөлөлттэй зээлээр бондыг сольж болно. Тэгэхээс өөр аргагүй болсон байж магадгүй. Тэгэхээр ОУВС-тай л ярь.

-Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай болгох нь зүйтэй гэх санал гарах болсон. Та үүнд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалаа ажил хийдэг болгоё. Хугацаан дээр нь ч бодож болно. Дөрвөн жил биш таван жил болгож болно. Үнэхээр ингэж Монгол юмаа хийдэг, бүтээдэг, зах замбараатай, сахилгатай ийм юм руугаа бид орох болсон. Задарсан, эрх чөлөө ярьдаг тийм зүйл хангалттай. Монголд бол тэр хэвлэлийн эрх чөлөө, хүн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, шүүмжлэх эрх чөлөө хумигдахаараагүй болсон. Энэ нь байж байг. Нөгөө талдаа хийдэг, бүтээдэг эрх чөлөө, чадамжийг заавал дээшлүүлэх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн суудал гэдэг бол Монголын төлөө юм боддог хүнд юм бодогдуулдаг суудал шүү. Улстөрч бол дараачийн сонгуулиа боддог, харин төрийн зүтгэлтэн бол дараачийн үеэ боддог. Би аль аль замаар нь явсан. Улсын эдийн засаг, улс төрд нь юу хийх хэрэгтэй байна вэ. Би энэ бүхний дотор нь орсон юм шиг харж байгаа. Ийм ийм зүйл хийх хэрэгтэй гэж.

Түрүүн та бүхэн АН-ын шинэчлэлийг асууж байна билээ. АН гэхэд эхлээд ямар үзэл энэ намд байх ёстой юм бэ гэдгээ маш тодорхой болгох хэрэгтэй. Юу хийх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Дүрмээ тодорхой болгох хэрэгтэй. Тэнд байгаа хүмүүс, Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хүрсэн энийгээ аваад явах бүтэц бий болох ёстой. Одоо бол ажил хийдэг цаг. Мэдэгдэл, сэдэв хийж, цаг хүйтрэхийг, хүмүүс зурагтынхаа өмнө суухыг хүлээгээд суух шаардлага байхгүй. Лав л надад тийм юм байхгүй. Надад ямар ч тийм шаардлага алга. Өнөөдөр надад Ц.Нямдоржийг шүүмжлэх эсвэл тэнд Худалдаа хөгжлийн банкны 49 хувийг авсан хүнийг магтах тийм шаардлага байхгүй. Би Ерөнхийлөгчийн хувьд Ц.Нямдоржийг ч төлөөлөх хэрэгтэй. Эрдэнэбилэгийг ч төлөөлөх хэрэгтэй. Би ядарч яваа хүнийг ч төлөөлөх хэрэгтэй. Би чадаж яваа хүнийг ч төлөөлөх эрхтэй. Намайг үзэн яддаг хүнийг ч төлөөлөх үүрэгтэй. Намайг дэмжиж талархдаг хүнийг ч төлөөлж байгаа. Энэ утгаараа л хэлж байгаа юм. Хэдүүлээ энэ хэтэрхий улстөржилт хий хоосон, хүмүүсийн даралт ихэсгэсэн энэ юмаа багасгая. Хийх юман дээрээ төвлөрье. Ард түмэн хэцүү асуулт асууж байна. Хариуцлага шаардаж байна. Хийнэ гэсэн бол хийдэг л байя. Чадна л гэж гарсан, энэ хүндрэлтэй байдлыг засна л гэж гарсан. Үүнийг засахад ямар нэгэн нам ямар нэгэн зүйлийг үнэхээр харахгүйгээр хамтарч ажиллаж чадна.

-Ирэх онд таны бүрэн эрх дуусна. Та Ерөнхийлөгчөөс буугаад ямар ажил эрхлэх вэ. АН-ын дарга болох уу. НҮБ-д ч ажиллаж магадгүй гээд байгаа шүү дээ?

-Би яг үнэндээ Монгол Улс маргааш хийх ажилд л санаа зовж байгаа. Түүнээс биш өөрийн ажил юм уу, өнгөрсөн, одоо үйл явцад миний мөр, миний хийсэн ажил яаж үлдэх бол гэдэгт огт санаа зовохгүй байна. Ажил хийх шаардлагатай бол би зүтгэнэ ээ. Хийх юм байгаа бол, Монголын улс төрд юу хийх хэрэгтэй вэ, нийгэм, эдийн засагт юу хэрэгтэй юм, ард түмэнд юу дутагдаж байгаа юм, ард түмний улс төрийн эрхийг буцааж өгөхөд юу хэрэгтэй юм, хүмүүсийг ажилтай болгоход юу хийх хэрэгтэй вэ, ямар арга хэмжээ авах уу, хэдэн жилийн дотор шийдэх вэ. Үнэхээр олон жил зүтгэсний хувьд би энэ бүхнийг харж байна. Олон улсад яах юм, хоёр хөрштэйгөө яаж харилцаад явах юм. Бүс нутагтаа ямар байдалтай байх юм, ямар боломж байгаа юм. Ямар боломжууд Монголыг тойрч алга болоод байгаа юм. Япон гэдэг өндөр хөгжилтэй орны Ерөнхий сайд, БНСУ-ын Ерөнхийлөгч нь Владивостокийн уулзалтад очоод Путин Ерөнхийлөгчтэй гар бариад Монголын зүүн талаар тойрох бүх дэд бүтцийн асуудлыг шийдээд явж байна шүү дээ. Монгол орхигдож байна. Үүнийг Засгийн газар харж ярьж байх ёстой. Манай баруун талд Казахстанаар дамжаад Европ руу гардаг дэд бүтэц явж байна. Үүнийг бид ярьж, үүн дээр хоёр хөрштэйгөө ойлголцож явах ёстой. Түүнээс биш тэнд буруу шийдчихсэн юм шиг байна, энд буруу шийдчихсэн юм шиг байна. Тэр хүн тийм буруу бичиг явуулсан байна гээд бид дотроо нэгнийхээ сэтгэлд ямар нэгэн юм хийж болно л доо. Гадны хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлд үндэслэлгүйгээр муу юм хийх ерөөсөө шаардлага байхгүй.

Над дээр “Би АН-ын шинэчлэлийг хийнэ. Үүнд хүчээ зориулна” гэж олон хүн орж ирсэн. Би бүгдэд нь дэмжинэ гэж хэлсэн. Би Батхүү чамайг дэмжиж байна, Цагаан, Гантөмөр, Тэмүүжин нарыг дэмжиж байна. Тэр залуучуудыг ч дэмжиж байна. Зөв шүү дээ.

-Бонд босгохоос өөр арга зам үлдсэнгүй юу?

-Монгол Улсын үнэлгээ, түвшин, рейтинг нь их доошоо буусан. Тэгэхээр бонд асар өндөр хүүтэй босох магадлалтай байгаа юм. Засгийн газар их олон эх үүсвэр хайж байгаа байх аа. Санхүүгийн эх үүсвэрүүдийг шийдэхдээ ОУВС-тай хамтрах нь зүйтэй. Монгол Улс санхүүгийн хувьд хатуу сахилгатай болох ёстой.

-Өнөөдрийн уулзалтыг Ц.Нямдоржийн эсрэг ярих гэж л зохион байгуулж байна гэж олон нийт шүүмжилж байна?

-Би өнөөдөр нэг хүний талаар ярих гэж энд ирээгүй. Ийм зүйлд Монголын ард түмэн хууртахгүй тийм билгийн нүдтэй болсон. Тийм чадвартай болсон. Сэтгүүлчид үнэлэлт дүгнэлт өгч нэг хүний яриа, мэдэгдлийг хараад гарахдаа бүрэн автаад гардгаа болимоор байгаа юм. Аливаа юмны цаад талыг яаж унших вэ гэхээр өөрөө үнэтэй зүйлтэй, зарчимтай байх ёстой. Үнэхээр энэ Монголын төлөө хийгдэж байна уу гэдэг шугаман дээр тавиад үз. Тэгээд тэрэн дээр тань зөрж байгаа бол та дүгнэлтээ хийж болно.

-АТГ-ын даргаар Д.Энхжаргалыг та дэмжсэн. Түүнийг М.Энхболдтой нэг нутгийн хүн гэдэг. Таныг албан тушаалаасаа буусан ч шалгагдахгүй гэх тохироо хийсэн гэх?

-Ерөнхийлөгчийн ажлыг өгөөд хуулийнхан шалгана гэвэл би зангиагаа зүүгээд гутлаа өмсөөд очно. Би нэг ч хэвлэл дуудахгүй. Нэг телевиз тавьчихаад өөрийгөө өмөөрүүлэх хүн биш. Би сөрөг хүчний удирдагч байхдаа хүртэл шалгуулаад шүүх дээр очоод цагаадаад гарч л байсан. Зөндөө олон асуудлаар хуулийнхны өмнө очдог. Хуулийнхан асуух ёстой.

Би малчны хүүхэд явсан. Цэргийн сэтгүүлч. Үзэгтэй, шинельтэй явсан. Би “Эрдэнэт” үйлдвэрийн гараа тосолсон ажилчин явсан. Энэ бол өндөр хувь заяа. Миний ард түмэн надад энэ боломжийг олгосон. Би үргэлж баярлаж явна. Эцсийн амьсгалаа хураатлаа энэ Монголын ард түмний төлөө хийх юм байвал өөрийнхөө хувь нэмрийг оруулж зүтгэх болно. Та нар бод доо, үнэхээр гараад явчих, үнэхээр тийм Монгол гэсэн сэтгэлгүй байсан бол миний хүү тэгээд нэр дэвшээд явж байх уу. Монголчуудын төлөө, тэр хорооны иргэдийн төлөө зүтгэе гээд. Би үр хүүхэд, нэр төр, Монголоо боддог хүн шүү дээ. Надад гадны нэг улс оронд очоод байшин авчихсан, давхар иргэншил гуйгаад явдаг ёсзүй байхгүй. Монголоос хулгай хийгээд гадаадад хадгалуулдаг тийм ёсзүй байхгүй. Тийм зүйл миний санаанд ч ордоггүй. Ойр дотнынхоо хүнийг хэлмэгдүүлэх гээд явдаг тийм юм санаанд минь ч ордоггүй. Өнөөдөр миний ямар буруу байна вэ гэхээр Ерөнхийлөгчийн суудалд сууж байгаа нь буруу. Энэ л илүү харагдаад байгаа юм. Зарим нь надад эрхэлдэг юм. Туслахаараа яриуллаа гэж. Ажил ихтэй байна л даа.

Тэмдэглэсэн: Д.САРУУЛ

Categories
гадаад мэдээ

Хятад улс хоёр нисгэгчтэй сансрын хөлгөө амжилттай хөөргөлөө

Хятад улс хоёр
нисгэгчтэй сансарын хөлгийг өнөөдөр Хойд Хятадын Жикуан Сателлит сансрын төвөөс
амжилттай хөөргөлөө. Энэ нь сансарын хязгааргүй ертөнцийг судалж хөгжүүлэхэд
томоохон хувь нэмрээ оруулж байгаа үйл явдал юм гэж олон улс дүгнэж байна. Тэд
сансарт 30 хоногийн хугацаатай байх бөгөөд хоёр лабораторитой явж байгаа гэнэ.
Энэхүү нислэг нь цаашид Ангараг гариг болон саран дээр ч хийгдэх бүрэн
боломжтой гэнэ. Жин Хайпен нисгэгч нь 49 настай бөгөөд хоёр ч удаа сансарт нисч
байсан туршлагатай аж. Нөгөө нисгэгч Чен Донг нь 37 настай гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Цусны хавдар болон бөөрний архаг дутагдлын эмчилгээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ боллоо

Удаан хугацааны гемодиализ болон цусны хавдартай өвчтөний эмчилгээний зардлыг төрөөс олгох тухай Засгийн Газрын шийдвэрийг олон нийтэд танилцуулах “Талархалын хурал” өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хурлын танхимд боллоо.

2017 оноос цусны хавдартай болон урт хугацааны гемодиализийн эмчилгээнд орж байгаа иргэдийн эмчилгээний төлбөрийг төрөөс даана гэсэн хууль тогтоомжийг Засгийн Газраас гаргажээ.

Энэ талаар Монголын Эрүүл Мэндийн Хөгжил Шинэчлэл Холбооны тэргүүн Т.Адъяатөмөр“Улсын хэмжээнд жилд 500-700 хүн гемодиализийн эмчилгээнд ордог гэсэн тоон мэдээлэл байна.

Энэ асуудлыг шийдэж өгч байгаа нь тухайн өвчтөн болон өвчтөний гэр бүлд эдийн засгийн хувьд том хөшүүрэг болж байна гэж үзэж байна.

Энэхүү үйл ажиллагааг Засгийн Газраас цусны хавдар болон гемодиализтай өвчтөнүүдийн эмчилгээнд тусламж үзүүлж байгаад талархалаа илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байна.

Хууль тогтоомжийн хувьд 2017 оноос хэрэгжих төлөвтэй байна. Гэхдээ бид хэрэгжилтийн хугацааг хурдасгах тал дээр ажиллах болно” гэлээ.

Бөөрний архаг дутагдалтай хүн долоо хоногт гурван удаа, дөрвөн цагаар гемодиализийн эмчилгээнд ордог байна. Нэг удаагийн эмчилгээнд орох зардал нь 200,000 орчим төгрөг бөгөөд долоо хоногийн эмчилгээнд 600,000 төгрөг байна гэсэн үг юм.

Энэ тухай УНТЭ-ийн Бөөрний Төвийн дарга Б.Бямбадаш “Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл хурдацтай нэмэгдэж байна. Бөөрний эмчилгээ нь өртөг, зардал өндөртэй байдаг.

Улсын хэмжээнд нийт 200 гаруй гемодиализийн аппарат байгаа боловч мөнгөний боломжоос болоод хүмүүс хамрагдаж чадахгүй байгаа.

Үүнтэй холбоотой Засгийн Газраас хувийн болон төрийн эмнэлэг ялгаагүй эрүүл мэндийн даатгалаар энэхүү эмчилгээнд хамрагдах шийдвэр гаргасанд эрүүл мэндийн ажилчид бид баяртай байна” хэмээн тайлбарлалаа.

Эмчилгээний зардлыг төрөөс дааснаар гемодиализ болон цусны хавдартай боловч төлбөрийн боломжоос хамааран эмчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа иргэдийн санхүүгийн хүндрэл шийдэгдэж эмчилгээндээ бүрэн хамрагдах боломж бүрдэх ажээ.

Энэ талаар УНТЭ-ийн гемодиализийн эмчилгээнд хамрагдагч Ц.Үүрцайх “Энэ бол маш чухал, баяртай үйл явдал болж байна. Төр засгаас эмчилгээний төлбөрийг дааснаар бид эмчилгээндээ бүрэн орж, бие сайжрахаас гадна гэр бүлийнхэн ч мөн адил дарамтаас сална.

Тиймээс нийт өвчтөнүүдийн өмнөөс болон тэдний гэр бүлийнхний өмнөөс төр засагтаа маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна” хэмээн ярьж байв.

Categories
мэдээ нийгэм

“Цахим мэдээллийн сан байгуулах нь” сургалт болж байна

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмэнт, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төсөл хамтран “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын цахим мэдээллийн сан байгуулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын цахим мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хадгалах, хамгаалах талаар нэгдсэн ойлголтыг өгөх тус сургалт нь аравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дуудлага хүлээн авагчид болон гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.