Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн өдөр 943 автобус иргэдэд үйлчилнэ

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжилт сонгууль маргааш буюу аравдугаар сарын 19-ний өдөр болно. Үүнтэй холбогдуулан тус өдөр иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг ажлын өдрийн гаралт болон ажлын өдрийн цагийн хуваариар өглөөний 6:45 цагаас оройны 22:30 хүртэл ажиллуулахаар зохицуулжээ. Энэ өдөр их багтаамжийн 921, бага оврын 22 нийт 943 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана хэмээн Нийслэлийн тээврийн газраас мэдээллэж байна. Түүнчлэн сонгууль болж байгаатай холбогдуулан нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүд амарч, архи согтууруулах ундааны худалдааг хоёр хоног зогсоох шийдвэрийг холбогдох байгууллагаас гаргаад байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

ХБНГУ-ын Бергманн групп бага оврын цэвэрлэх байгууламж барих санал тавилаа

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц хариуцсан орлогч П.Баярхүү ХБНГУ-ын Бергманн группын Ерөнхийлөгч Ларс Бергманн болон Фраунхоферийн систем техникийн хэрэглээний төвийн дарга Ш.Бүрэн нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ш.Бүрэн “Бергманн групп нь 2006 оноос хойш ХБНГУ-ын Боловсролын яамны санхүүжилтээр Дархан хот, Хараа голын сав газарт “Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежмент загвар бүс нутаг Монгол” нэртэй “МОМО-1”, “МОМО-2” төслийг амжилттай хэрэгжүүлж, одоо “МОМО-3” төслийг хэрэгжүүлэхээр БОНХЯ, БХБЯ-тай тохиролцоод байгаа. Уг төсөл нь хүн амын усан хангамжийг сайжруулах, ариутгах татуурга суурилуулахад чиглэгдэж байгаа юм” гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүд танилцууллаа. Мөн цаашдаа Улаанбаатар хотын төвлөрсөн бус систем бүхий гэр хороолол, хотхон болон Улаанбаатар хотын дагуул хотуудын хүн амын усан хангамжийг сайжруулах, ариутгах татуурга бүхий, бие даасан цэвэрлэх байгууламж барих боломж, суурилуулалтын дараах цогц үйлчилгээ, хяналтын системийн талаар санал солилцов. Бергманн группын ерөнхийлөгч Ларс Бергманн “Манай групп Монгол Улсад 20-иод бага оврын цэвэрлэх байгууламж барьсан. Одоо ажиллаж байгаа. Цаашдаа Улаанбаатар хотын төвийн шугамд холбогдоогүй цэцэрлэг, сургууль болон гэр хорооллын 10-20 айлыг нэгтгэсэн бага оврын цэвэрлэх байгууламж барих саналтай байна. Нэг цэвэрлэх байгууламж нь 5-5000 хүний бохирыг цэвэрлэх хүчин чадалтай юм. Хоёр жилд нэг удаа соруулж цэвэрлэдэг” гэдгийг хэллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Цэвэрлэх байгууламж бол Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг. Тиймээс бид та бүхний тавьж буй саналд баяртай байна. Нийслэлийн үе үеийн удирдлагууд гэр хорооллын иргэд, оршин суугчдаа ая тухтай, эрүүл орчинд амьдруулахад анхааран ажилласаар ирсэн. Бид танай байгууламжийн талаар судалж үзээд эргээд хариу өгөх болно” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд мөргөсөн жолоочийг эрэн сурвалжилж байна

Өнгөрөгч есдүгээр сарын 24-ний өдөр зургаан настай хүүхдийг мөргөж гэмтээсэн жолоочийг Замын цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна. Хэрэг гарсан өдрийн 18:00 цагийн орчисд Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг “Буян” ХХК-ны зүүн талын замд улсын дугаар тодорхойгүй, хар өнгийн Toyota Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч зургаан настай хүүхэд мөргөж гэмтээгээд осол, хэргийн газрыг орхиж явсан хэргийн талаар харсан, үзсэн хүн байвал Замын цагдаагийн албаны 93021124, 93021122 дугаарын утсаар мэдээлэл өгнө үү. Мэдээллийн нууцлалыг чанд хадгална.

Замын цагдаагийн газар зурган илэрцүүд

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг дарга 100 хоногт хийсэн ажлаа танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан нийслэлийн удирдлагын шинэ багийн 100 хоногт хийсэн ажлаас 25-ыг нь онцлон танилцуулж байна.
Засаг даргын хувьд ажлаа авснаасаа хойшхи 100 хоногт “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрөө батлуулан, ажиллаж байна. Улаанбаатар бол 1 375 000 хүн амтай том хот. Тиймээс эхлээд хүнийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх нь чухал. Миний гаргасан бүх шийдвэр, хийсэн ажлууд иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн” гэдгийг нийслэлийн Засаг дарга онцолж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  1. Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцийн санал оруулж, хэлэлцүүлэн батлуулав.
  1. Нийслэлийн удирдлагууд УИХ-ын нийслэлээс сонгогдсон гишүүд, НИТХ-ын төлөөлөгчидтэй “Нийслэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр зөвлөлдөх уулзалт хийв. Нийслэлийг хөгжүүлэх нэг зорилготой энэхүү зөвлөлдөх уулзалтаар Улаанбаатар хотын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн зорилтыг ярилцаж, ирэх 4 жилд хийх ажлаа танилцуулж, харилцан санал бодлоо солилцсон. Энэ үеэр УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчдөөс гаргасан санал хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусган ажиллах болов.
  1. “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг НИТХ-д өргөн барьж, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ээлжит III хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулав. Хөтөлбөрт Улаанбаатар хот нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий, олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв болох зорилт дэвшүүлсэн.
  1. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллав. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ хангалтгүй байгаа нийслэлийн дүүрэг, хороодын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах зорилгоор төрийн бус өмчийн зарим цэцэрлэгт шинээр 3087 хүүхдийг элсүүлэн суралцуулав. Дөрвөн байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулж, бүртгэлийг “Шилэн” болгов. Мөн Улсын төсвийн тодотголд 1, 4 тэрбум төгрөг суулгаж батлуулсан.
  1. Хавдар судлалын үндэсний төв, “Элэг бүтэн Монгол” сантай хамтран элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийн 50 хувь Улаанбаатар хотын иргэд байгаа юм. Тиймээс энэ асуудлыг шийдсэн бөгөөд ирэх оны эхээр нийслэлийн дүүрэг бүрээс сонгогдсон 20 иргэнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг үнэ төлбөргүй хийнэ.
  1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор баруун, зүүн дөрвөн замын уулзвар, Гэсэр сүм, Саппорогийн уулзваруудаар байнга баруун тийш эргэх хөдөлгөөнийг нээж, тэмдэг заалт тавих ажлуудыг хийлээ.
  1. Залуусыг ажлын байраар хангах, “Нэг өрх-нэг ажлын байр бодлого” хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Ажлын байрны өдөрлөг” зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээж, иргэдээ орлоготой болоход онцгойлон анхаарна.
  2. Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, вакцинжуулах ажлыг зохион байгуулж, байнгын пост болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулан зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллалаа.
  1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд “Хэвлэл мэдээллийн төв” байгуулав. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа байгууллагуудын мэдээллийг нэг дор төвлөрүүлж, нэг шугамаар хүргэх зорилгоор энэхүү төвийг байгуулсан. НИТХ-ын хуралдаан, Засаг даргын зөвлөлийн хуралдаан зэрэг Хангарьд ордонд болж байгаа бүх хурлыг шууд хүлээн авах боломж бүрдүүлж, иргэдэд мэдээллийг шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүллээ.
  1. Нийслэлийн нутаг дэвсгэрт хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хүнд суртал, хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн гомдол, маргааныг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийг нийслэлийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/690 дүгээр Захирамжаар байгуулав.
  1. “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, “Никитон”, “Камертон” хамтлагуудыг урьж, оролцуулав. Энэхүү өдөрлөгт нийслэлийн 7000 гаруй иргэн оролцсон байна. Нийслэлийн хүн амын 40 гаруй хувь нь залуучууд. Тиймээс цаашдаа залуучуудад чиглэсэн урлаг, соёлын үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлнэ.
  1. Нийслэлийн Засаг даргын хувьд иргэдтэйгээ 14 хоног тутамд уулзаж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэж ирлээ. Иргэддээ ойр, нээлттэй Засаг дарга байж, хуримтлагдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх бодлого барин ажиллаж байна.
  1. Гудамж төслийн хүрээнд Дулааны 3-р цахилгаан станцын баруун хойд талын 1,5 км замыг Яармагийн гүүртэй холбож, хөдөлгөөнийг нээгээд байна.
  1. Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн урд талд орчин үеийн стандарт бүхий 140 машины авто зогсоолыг иж бүрнээр нь шийдэж, ашиглалтад орууллаа. Богино хугацаанд хийсэн энэ зогсоол эмнэлгийн байгууллага, иргэдийн талархлыг хүлээсэн юм.
  1. Толгойтын эцсээс Орбит хүртэл барьж буй төмөр бетонон гүүрийг өнгөрсөн долоо хоногт нээж, үлдэгдэл хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар ажиллаж байна.
  2. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 160, Хан-Уул дүүргийн 53, Баянгол дүүргийн 96, 98, Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэг, Налайх дүүргийн 2 дугаар хороо, орон сууцны хорооллын цэвэр усны шугам, нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны гадна халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усны шугамын гэмтэл болон цэцэрлэгийн дээврийн засварыг хийж дуусав.
  1. Дүнжингарав хорооллын инженерийн байгууламжийн доголдлыг арилгаж, иргэдээ халуун, хүйтэн устай, тав тухтай, дулаан амьдрах боломжийг хангалаа.
  1. Европын сэргээн босголт банктай Улаанбаатар хотын дэд бүтцийг барьж байгуулах, хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах болон хаягдал ус цэвэршүүлэх тал дээр хамтарч ажиллахаар боллоо.
  1. Баянхошуу, Долоон буудал орчмыг дахин төлөвлөн хөгжүүлж, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бүрэн шийдсэн 200 мянган хүн амьдрах боломжтой төв болгон хөгжүүлнэ. Цаашид Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд тус бүр 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 300 суралцагч сурах боломжтой МСҮТөв, Бизнес төв барих юм.
  2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээ хохиролгүй болгох, төслийг цаашид “Зөв шийдэл, зөв төлөвлөлтөөр явуулах” бодлого барин ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс үүдэн гэр орон, хашаа байшингүй болсон 400 өрх, иргэний асуудлыг өвлөөс урьтаж шийдэх ажлыг хэрэгжүүлж, эхний ээлжинд 235 айлыг дамжин өнгөрөх, түрээсийн түр орон сууцанд орууллаа. Цаашид дахин төлөвлөлтийг иргэдийнхээ эрх ашгийг нэгт эрэмбэлсэн шийдлээр үргэлжлүүлнэ.
  1. Хот тохижилтын ажлын хүрээнд Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17 километр төмөр замын хамгаалалтын зурвас, төмөр замын 2 талаар Сибирийн 4 метр өндөртэй 8000 нарс мод тарив. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч , Хонхтой цэцэрлэгт хүрээлэн болон Клиникийн 2-р эмнэлгийн урд нарс мод тариад байна. Цаашид нийслэлээ “Ногоон хот“ болгоно
  1. Богд уулын аялагчдын замыг тохижуулж, ашиглалтад хүлээн авлаа. Цаашид байгалиа дээдэлсэн, соёлтой аялал жуулчлалын бүсийг бий болгох, “Спортлог Улаанбаатар” болох ажлыг шат дараалан хийнэ. Багийн спортыг бүх талаар дэмжиж, шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болно.
  1. Мишээл экспо төвд “Намрын ногоон өдрүүд”, бүх дүүрэгт “Алтан намар” үзэсгэлэнг бүх дүүрэгт зохион байгууллаа. Энэ нь нэг талаар иргэдээ чанартай, хямд хүнсээр хангаж, нөгөө талаар тариаланчдаа дэмжсэн сайхан ажил боллоо.
  1. Зөвшөөрөлгүй, зөрчилтэй барилгын асуудалд онцгойлон анхаарч, ажлын хэсэг байгуулан, зөрчлөө арилгах шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүллээ.
  2. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд УИХ-аар хэлэлцүүлэн батлуулна.

Categories
мэдээ спорт

Боксын олон улсын “Чингис хаан-Улаанбаатарын цом” тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлнэ.

Тэмцээнд ОХУ, Казахстан, Узбекистан, БНХАУ, ХБНГУ, Нигерийн боксчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Манай улсаас дэлхийн армийн аварга Б.Чинзориг тэргүүтэй боксчин өрсөлдөнө. Харин “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай болон ОУХМ Б.Түвшинбат нар тэмцээнийг өнжих юм.

“Улаанбаатар цом” тэмцээн нь 2000 оноос өмнө зохион байгуулж хэвшсэн олон улсын тэмцээн бөгөөд нийт 26 удаагийн тэмцээнийг Монголд явуулжээ. Монголын боксын холбоо оролцогчдын тоо, чанар, тэмцээний агуулгад ихээхэн ач холбогдон өгч буй аж.

Тэмцээн энэ сарын 18-22-ны өдрүүдэдэ Спортын төв ордонд болно.

Categories
мэдээ нийгэм

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Сум, дүүргийн иргэдийн
төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар
сарын 19-ний лхагва гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт
үйлчлэхгүй. Их хотын жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө
соёлтой оролцоорой гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

А.МӨнхбат: Энэ дуу надад маш их буян заяа, аз хийморь дагуулсан

Хурдны өлгий гэгддэг Сүхбаатар аймгаас гаралтай, СТА дуучин Андбаатарын Мөнхбат олон сайхан бүтээлээрээ үзэгч олны танил болсон уран бүтээлч. Түүний “Тод магнай”, “Адуучны хийморь”, “Манай адуу” зэрэг дуунуудыг сонсогчид сайн мэднэ. Дуулахын хажуугаар морь уядаг болсон нь өвөг дээдэс нь хурдны олон адуутай байсантай холбоотой гэнэ. Тун удахгүй хөдөө орон нутагт тоглолтоо хийх гэж байгаа түүнтэй уулзаж ярилцсан юм.

-Уг нь бол та бодибилдингийн тамирчин хүн юм байна. Яаж яваад урлагийн хүн болчихов?

-Би 2000 онд Улсын багшийн их сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсөөд 2007 он хүртэл “Аварга” биеийн тамирын сургууль, “Тайхар” клубт дасгалжуулагч багшаар ажилласан. 2006 онд МУГЖ, УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн санаачлан зохион байгуулсан “Нутгийн салхи” нэртэй нийтийн дууны улсын наадамд эрхэм дуучин С.Цэрэнчимэдийн дуулсан дуугаар амжилттай оролцсон юм. Энэ тэмцээнд ятгатай яруу сайхан дуунуудыг дуулсан 1000 оролцогчоос сүүлийн аравт тунаж үлдсэн. Тэр үеэс спорт хэмээх их айлаас урлагийн алтан замд хөл тавьж өнөөдрийг хүртэл арван жил аав, ээж, адуугаа магтсан дуунуудаар уран бүтээлээ баяжуулж түмэн олондоо хүргэж байна даа.

-Дуулах ур чадварт яаж суралцсан талаараа яриач?

-Дээхнэ үед П.Адарсүрэн, Б.Энхбаяр, Г.Мөнхбаяр гээд ятгатай дуулдаг дуучдыг ихэд хүндэтгэдэг, С.Цэрэнчимэд гуайн дуунуудыг хүүхэд байхаасаа л дуулдаг байлаа. Энэ нь миний хүмүүжилд их нөлөөлсөн гэж боддог. Аав, ээж, адуу, нутаг, ус гээд монголчууд бидний сэтгэл зүрхэнд их ойр байдаг сайхан сэдвийг сонсож өссөндөө сэтгэл дүүрэн байдаг. Яагаад гэвэл энэ сайхан уудам Монгол орон маань, нүүдэлчдийн соёл цаашлаад бидний шүтээн болсон морины эрдмийг магтан дуулсан дуунууд нь миний бага насны амьдралтай их холбоотой. Тиймээс сэтгэлд маань ч их ойр байдаг. Дуулахад ч дөхөм.

Аав, ээжээс төрөхдөө авч гарсан жаахан юм ч байсан нь нөлөөлсөн байх. Дуулах ур чадварын тухайд гэвэл тухайн үедээ кассет сонсдог байлаа. Хүүхэд байхдаа урлагийн үзлэгийн “Яргуй” наадамд их оролцож, сум дээр ирсэн тоглолт бүрийг үзэхээс гадна өөрийгөө их дайчилна. Нэг нэртэй дуучны тоглолтыг үзчихээд дуучин болно гэнэ. Цирк үзчихээд циркчин болно гээд л өглөө болгон гүйнэ. Брюс Ли, Шварцнеггерийн тоглосон кино их гардаг байсан үе. Түүнийг үзээд дуурайна. Хүүхэд насны мөрөөдөл гэдэг хязгааргүй. Энэ их хязгааргүй мөрөөдөл маань миний амьдралд их нөлөөлсөн гэж боддог. Би барилдана, дуулна, аль аль талд нь өөрийнхөө хэмжээнд хичээллэж үзсэн. Энэ бүхэн урлагийн хүн болоход нөлөөлсөн байх.

-Өөрөө өөрийгөө боловсруулж, дуулах урлагт суралцсан дуучин гэж ойлголоо.

-Ер нь бол тийм. Би Соёл урлагийн их сургуульд сураагүй, мэргэжлийн уран бүтээлчид намайг жаахан ад үзэх хандлагатай байдаг. Уран сайханч байж дуучин гэлээ гэдэг. Яахав дээ, юу гэж хэлүүлэх нь хамаагүй. Намайг бол ардын авьяастан гэсэн ч болно. Бараг энэ нэр нь надад гоё санагддаг. Хамгийн гол нь дуулж байгаа дуунуудаа мэргэжлийн түвшинд хүргэх ёстой. Сонсогчдын боловсрол ч их өндөр болсон. Олон уран бүтээлч нийтийн дууны салбарт хүч үзэж байгаа энэ үед хамгийн том шалгуур бол сонсогчид. Тийм учраас сонсогчдын таашаалд нийцсэн уран бүтээлийг хийх ёстой гэсэн өндөр шаардлагыг өөртөө тавьж хөдөлмөрлөн ажилладаг. Би цол хэргэм хүртэж, магтуулахын төлөө уран бүтээлч болоогүй. Өөрийн хүсэл сонирхол, энэ сайхан нандин зүйлсээ магтан дуулсан уран бүтээлийг өртөөлөн түмэндээ хүргэж байгаадаа сэтгэл дүүрэн байдаг.

-Та урын сандаа хичнээн дуутай вэ?

-Би арван жил дуулахдаа арван удаа тайлан, зургаан удаа бие даасан тоглолтоо хийсэн байдаг. СТА дуучин Л.Банзрагч, СТА, ардын дууч Д.Бурмаа нартай хамтран гурван тоглолт хийсэн. Гурван удаа Монголын бүх аймгаар тойрч тоглолтоо хийсэн байгаа. 360 суманд, сая гаруй хүнд уран бүтээлээ хүргэсэн гэсэн өөрийн маань тэмдэглэгээ бий. Уран бүтээлээ Монгол Улсынхаа өнцөг булан бүрт хүргэх нь уран бүтээлч бидний үүрэг. Малчны хотонд ч очиж дуулах ёстой гэж боддог. Зөвхөн Улаанбаатарт төдийгүй хөдөө орон нутагт байгаа малчин түмэн, нүүдэлчдийн соёл иргэншлийг авч яваа манай уудам сайхан нутгийн өнцөг булан бүрт суугаа 300 гаруй мянган малчин түмэн, 70 гаруй мянган уяачдад бүтээлээ хүргэх юмсан гэж боддог. Тиймээс ч үргэлж хөдөө орон нутгаар явж түмэн олонтойгоо ая дуугаараа золгодог.

-Намайг ярихад та морины зүчээ бариад зав муутай байна гэж хэлж байсан. Таныг морь их сайн мэдэхээс гадна уядаг гэж сонссон юм байна.

-Монгол түмний шүтээн бол морь. Сүлдэндээ хүртэл дээдэлсэн байдаг. Миний бага нас хурдны эх өлгий Сүхбаатар аймагт өнгөрсөн. Өвөг дээдэс маань хурдны удмын морьтой айл байлаа. Хуучнаар бол Хонгор сумынх. Алаг, зээрд адуу хурдлуулна. Би ч морины дэлэн дээр өсч өндийсөн тул миний шүтээн бол морь.

-Та морины тухай олон сайхан дууг сонсогчдын хүртээл болгосон. Анхны морины тухай дуу тань ямар нэртэй байв?

-2006 онд С.Чимэдцэрэн гуайн дуулсан “Малчин заяа”, “Адуучны хийморь”-ийг дуулж байлаа. 2009 онд найз СТА, ая зохиогч Б.Пүрэвсүрэнгийн аялгуу, яруу найрагч Л.Төмөрбатын шүлэг “Манай адуу” дууг түмэн олондоо хүргэсэн. Энэ бол миний уран бүтээлийн шинэ үеийн эхлэл. Энэ дуу маань надад маш их буян заяа, аз хийморь, ерөөл дагуулсан. Олон сайхан морины дуу араасаа дагуулсан булган сүүлтэй уран бүтээл. Түүнийг дуулснаасаа хойш хөдөө орон нутаг, ялангуяа Сүхбаатар аймгаараа явж байхдаа олон сайхан хурдны хүлгийг ах, дүү, найз нараасаа бэлгэнд авсан. Олон түмний итгэл буян шингэсэн хүлгүүдээ хурдлуулсан.

-Хэзээнээс эхэлж морь уядаг болов?

-2009 оноос морь маань их хурдалж байгаа. Долоо дахь жилдээ хурдан хүлгүүдээ уяж байна. Энэ монгол адуу, уяаны соёл гэдэг бидний нэг бахархал. Яагаад гэхээр дэлхийд биднийг таниулж байгаа эрийн гурван наадмын нэг хэсэг нь монгол морины соёл. Монгол эр хүний мэдэх ёстой зүйлийн нэг гэж боддог. Тиймээс ч үүнд гар бие оролцож, мориныхоо тухай дууг дуулж, уяачидтайгаа ойрхон байж, олон сайхан адуугаа хурдлуулж, олон айрагт түрүү хүртэж их сайхан байна.

-Энэ жил таны морьд аль зэрэг хурдлав?

-Анх 2012 онд алаг соёолонгоороо Төв аймгийн Баянцогт сумын наадамд түрүүлж байсан. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ойд таваар давхиулсан. Энэ жил өнтэй сайхан наадлаа. Сүхбаатар аймагтаа морьдоо уяж байна. Манай аймгийн бүх сумаас хурдны морьд төрж байна. Төрийн наадмын 30 айргийн 14-15 нь Сүхбаатарын адуу. Ийм сайхан хийморьтой үед нутаг орондоо морьдоо уяаж хурдлуулж байгаа. Нийтдээ аймаг, сумын наадмаас 14 айрагт түрүү хүртлээ. Мөнххаан сумандаа гэхэд азарга маань таваар орж, даага маань түрүүлсэн. Хэнтий аймагт болсон таван том наадамд миний шаргал даага айраг түрүү хүртлээ. Хязаалан маань Архангайд, Мөнххаанд гурваллаа, Хэнтий аймгийн Мөрөн сумын наадамд дөрвөөр давхилаа. Монгол адууны буян заяа их сайхан дууг дуулсных юм байлгүй дээ.

-Хөдөө орон нутгаар тоглолт хийх гэж байгаа гэдгээ та түрүүн хэлсэн. Энэ талаараа манай уншигчдад сонирхуулаач?

-Үндсэн ажлаа орхигдуулахгүйн тулд уран бүтээлээ хийж байгаа. Сүүлийн таван жилд Л.Банзрагч, Д.Бурмаа хоёртой хамтран уран бүтээл туурвисан. Бид гурав Цагаан сарын өмнө “Амартүвшин” гэж хуучны сайхан дууг хамтдаа дуулж дүрсжүүлсэн юм. Маш сайхан ерөөлтэй дуу, бүх шүлгийнх нь эхний үсэг А үсгээр эхэлсэн.

Ачтайхан ээжтэйгээ

Алаг үртэйгээ

Амраг ханьтайгаа

Ард зон олноороо гээд. Миний хувьд Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очирын үг, СТА Ш.Батсайханы аялгуу “Адууны нутаг Дарьганга” гэдэг дууг дуулж, дүрсийг нь хийлгэсэн. Удахгүй Дорнод аймгийн сумуудаар аялан тоглолт хийх гэж байна. Хэнтий аймгийн Батноров суманд очиж тоглоно. Яагаад гэхээр өнгөрсөн жил гурван түмэн адууны баярт миний шаргал даага аман хүзүүдэж шагналд нь надад азарга бэлэглэсэн. Энэ нутгийн буян надад, манай адуунд шингэсэн тул би энэ нутгийн зон олонд очиж ая дуугаа өргөх ёстой юм байна гэж бодож байгаа.

Ю.Дэлгэрмаа

Categories
мэдээ нийгэм

Шинээр хоёр хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ

Авлигатай тэмцэх газар 2016 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 27 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 20 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 50 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 2 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Тунгалагтамир: Алтан баззер даруулж байхад бяруу, хурга засах ч цаашаа шүү

“Авьяаслаг монголчууд” шоуны гурав дахь алтан баззерын эзэн Б.Тунгалагтамирын гар утас руу уржигдар өглөө эрт залгав. Түүнтэй мэнд мэдэлцээд гэрт нь очиж сурвалжлага хийх боломжтой эсэхийг асуутал “Хүүе, одоо яана аа” хэмээн уулга алдсанаа “Намаржаан дээрээсээ том гэрээ ачаад явж байна. Хот явахаасаа өмнө том гэрээ өвөлжөөндөө буулгах гээд үүрээр нүүдэл хийсэн юм. Манай гэр орон нүүдэл хийгээд ундуй сундуй байгаа. Бичлэг энэ тэр хийх юм уу. Одоо яана аа” гэв. Тэгснээ залгуулаад “Та нар тав тух алдахгүй гэвэл хүрээд ирж болно. Монгол хүмүүс байна даа. Ярилцаж байтал болох байлгүй” гэв.

Төв аймгийн Өндөрширээт суманд их үдийн алдад очлоо. Өнөө жил Өндөрширээтийн хөндийд өнөтэй сайхан намар болж байна лээ. Сөл нь тасраагүй өвс намрын салхинд хонгортон найгах аж. Замд тааралдах азарга адууны зоо ховилтож, үс нь сорлоод даанч сайхан таргалжээ. Намрын хайлган цагаар мал ингэж таргалахаас өөр яах ч билээ. Туул гол Өндөрширээт сумын зүүн талын шаргал дэрс найгасан хөндийгөөр урсах ажээ. Сумын төвд хэсэг саатаад Б.Эрдэнэбатын намаржиж байгаа Жавхлант толгой руу хөдөллөө. Биднийг гэрийнх нь гадаа яваад очтол хүн алга байв. Удахгүй гэртээ хүрээд ирэх байх гээд хүлээж зогстол баруун талын тод замаар хөх өнгөийн “портер” хөндий талаар тоос татуулан айсуй. Эрдэнэбат, Б.Тунгалагтамир нар хоёр хүүхэдтэйгээ хүрээд ирлээ. Өвөлжөөндөө том гэрээ төвхнүүлчихээд ирж байгаа нь энэ аж. Гэрийн эзэдтэй мэнд мэдэлцээд яриа дэлгэлээ. Гэрийн эзэн Б.Эрдэнэбат “Манай эхнэр гэртээ тогтохоо болиод удаж байна. Хотын хүн болчих гээд л байгаа юм. Би хэдэн хүүхдээ хараад үлдэх юм шиг байна. Нөгөөдөр хот явж бэлтгэл сургуулилалт хийх гэнэ.

Хувцас хунар, дуу дуулах сургуулилт хийлгэхэд мөнгө хэрэг болсон юм гэсэн. Хэдэн мал муулаад хот орох санаатай сууцгааж байна даа. Зурагтаар гарснаас хойш манай утас таван минутын чөлөөгүй л дуугардаг болсон. Таньж мэдэх хүмүүсээс эхлээд танихгүй хүн хүртэл залгаж баяр хүргэж байна” гэв. Харин “Авьяаслаг монголчууд” шоуны гурав дахь алтан баззерын эзэн Б.Тунгалагтамир “Сүүлийн гурав хоног утас байнга дуугарч байна. Энд тэндээс хүмүүс ярьж, баяр хүргээд үнэхээр сайхан байгаа” гээд инээд алдав.

Малчид өдийд намаржаандаа буучихаад малаа услах, өвөлжөө, хот хороогоо засч, янзалж, хөрзөн ховхолж, хамарлаж асгасан аргалаа дэлгэж хатаах гээд ар араасаа цуварсан их ажилтай байдаг. Бүгд өвөлжилтийн бэлэн байдлаа хангаж ажилладаг ид үе нь. Б.Эрдэнэбатынх ч ялгаагүй. Өвөлжөөгөө засах, саравчныхаа дээр салхи оруулахгүйн тулд хөрзөн асгах, портертоо барих гээд завгүй байна лээ. Мөн эхнэр Б.Тунгалагтамир нь “Авьяаслаг монголчууд” шоундаа оролцох гээд бүр ч их завгүй байна лээ. Тэднийх өнгөрсөн зун гүүгээ огт бариагүй байна. Үнээ, тугалаа нийлүүлээд эхлээр нь явуулчихжээ. Шоунд оролцож, алтан баззер даруулж байгаа бичлэг зурагтаар гарснаас хойш гэр бүлээрээ аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн байгаа гэсэн. Ах, дүүс нь зочилж ирээд айл саахалтаараа найр наадам болж, баярт үйл явдлыг тэмдэглэсэн байна. Хотоос сэтгүүлч ирсэн гэдгийг сонсоод айл саахалтын хүмүүс цугларч эхлэв. Б.Тунгалагтамир мах чанаж, шөлөнд нь будаа хаяж, зочдоо дайлах юм. Хоол хийх зуураа гэрийн эзэгтэй “Сая хэд хоног өвөлжөөн дээр юм хийчихсэн чинь хоолой сөөчихсөн байна. Бага байхад манай аав миний хэлийг хатгаад цус гаргасан юм. Тэрнээс хойш огт өвдөхгүй байсан. Тэгсэн энэ жил гэнэт сөөгөөд хөндүүрлэж өвдөөд байх юм. Хотод очоод эмчилгээ хийлгэчихвэл зүгээр болчих байх л гэж бодоод байна” гэв.

“Анх шоунд оролцох гээд явахад нь дургүй байсан. Одоо харин байнгаявуулж байгаа” гэв

Ингээд бид Б.Тунгалагтамирын нөхөр Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Таныг эхнэрээ “Авьяаслаг монголчууд” шоунд явуулах дургүй байсан тухай цухас яриа нэвтрүүлгээр гарсан. Та үзсэн үү. Энэ талаар ярихгүй юу?

-Одоо бол явуулах дуртай байгаа шүү. Би эхлээд “Авьяаслаг монголчууд” шоунд орно гээд байхаар нь дургүйцээд байсан юм. Манай хүн чинь нийгмийн идэвхи сайтай. Хаана урлагийн наадам болно. Тэнд сумаа төлөөлөөд дуулж хуурдаад хэд хоногоор яваад өгнө. Эсвэл эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, сонгуулийн ажил, хурал, зөвлөгөөн гээд алга болно. Тэр ажлуудынх нь нэг биз. Зурагтаар үзэж байхад мундаг авьяастай хүмүүс ороод байдаг юм билээ. Манай хүн тэнцэхгүй биз гэж бодоод огт тоохгүй байсан юм. Анх хавар гурван сард нэг явсан. Яг мал төллөж эхлээд байсан үе. Хэдэн зуугаараа хонь, ямаа ишиглэж, хургалаад, гүү унагалаад эхэлчихсэн байсан. Тэгсэн “Би шоунд оролцоод ирмээр байна” гээд байдаг. Би “Чи юу яриад байгаа юм бэ. Мал төллөж байхад хот орж яах гээд байгаа юм. Би ганцаараа хэцүүддэг юм байгаа биз дээ” гэж хэлчихээд адуундаа мордсон. Цас ороод машин тэрэг явах боломжгүй болчихсон байхад “Надад морь бариад өгчих. Морьтой сумын төв ороод цаашаа хот руу явмаар байна” гэж хүртэл гуйсан. Тэгээд адуундаа явчихаад ирсэн чинь бага охины бие өвдөөд халуураад байна гээд сумын төвөөс эмч дуудчихсан байсан. Би ч дотроо бодож л байсан. Манай хүн зургаан хүүхдээ халуурч бүлээрээд эхлэхээр өөрөө л эм уулгаж, домноод зүгээр болгочихдог. Цаашаа л явах гээд байгаа юм байна даа гэж. Тэгээд сумын эмч ч охиныг “Эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай. Хатгаа авах дээрээ тулсан байна” гээд аваад явсан. Тэгсэн шөнө охиныхоо биеийг асуух гээд утас руу нь залгатал аль хэдийнэ хот орчихсон байгаа юм. Ингээд анхан шатны тэмцээндээ тэнцчихээд ирсэн.

-Алтан баззерын эзэн болох гэж явахдаа ч бас танаас арай гэж зөвшөөрөл авсан гэсэн. Шалгаруулалт нь өнгөрсөн тавдугаар сард болсон юм уу?

-Тийм ээ. Таван сарын дундуур хотоос дүү нар гэр бүлээрээ засаа идэх гээд ирчихсэн байсан. Хэдэн бяруугаа засаж байсан чинь цасаар шуураад эхэлсэн. Ингээд маргааш нь бяруу, хурга, ишгээ засахаар болсон. Тэгсэн утас дуугараад “Маргааш тэмцээндээ орж, шалгуулна шүү” гэж хэлдэг юм байна. Би ч бас л дургүйцсэн. “Хурга, ишгээ хөнгөлж байхад чи явж яах гээд байгаа юм. Явуулахгүй” гэсэн юм. Тэгсэн намайг аргалж байгаад л шөнө яваад маргааш нь тэмцээндээ орчихсон байсан. Алтан баззер даруулчихаад над руу залгахаар нь учрыг нь сайн ойлгохгүй. “Чамайг яахаараа шилдэгт багтаадаг байна” гээд хэлчихсэн. Сая зурагтаар үзээд л бүх учрыг нь бүрэн ойлгож мэдлээ шүү дээ. Одоо тэгээд хамаг юмыг нь бэлдэж өгөх гээд өөрөө түрүүлж гүйгээд л сууж байна.

-Та эхнэрийнхээ зан чанарын тухай яриач. Та хоёр ханилаад бараг 17 жил болж байгаа гэсэн үү?

-Бид гал голомтоо бадраагаад 17 дахь жилтэйгээ золгох гэж байна. Манай хүн хүнд тусархуу, ил цагаан, шулуун, баргийн юмыг өөрөө хийнэ, аргална, бүтээнэ гээд л сууж байдаг хүн. Ямар ч ажлаас хойш суухгүй. Гэрийнхнээ өнгөтэй өөдтэй явуулж, арчилж торддог ганц хүн нь юм шүү дээ. Залууд нь дуу хуур, урлагаар нь явуулсан бол бас ч гэж хоосонгүй байх байсан юм болов уу гэж боддог л юм. Гэхдээ “Авьяаслаг монголчууд” болохоос өмнө би тэгж бодож байсан.

Биднийг ийн ярилцаж байтал хотоос Н.Пунцагдорж, М.Мөнхбаяр хоёр хүрээд ирэв. Тэд өвөлжөөг нь янзалж өгөхөөр хотоос иржээ. Мөн саахалт айлын Н.Занданбат ч ороод ирлээ. Бидэнд зам зааж ирсэн Өндөрширээт сумын Засаг даргын орлогч Б.Оролзод гээд олуулаа болсон учир гэрийн эзэд чанасан мах, намрын чимчигнэсэн айраг, цагаагаа дэлгэж, сайхан яриа дэлгэн сууцгаалаа. Алтан баззерын эзэн маань “Янагийн сайхан харц шиг Яргуй нүдлэн мишээсэн” гээд л “Дөрвөн цагийн тал”-ыг сэвэлзтэл сайхан дуулж байна. МУГЖ С.Батсүхийн дуулдаг, сүүлд Эрдэнэзуу хийдийн хамба лам Баасансүрэн дуулж олноо хүргэсэн “Орчлонг хайрлаарай” дууг ч дуулав.

Өндөрширээт сумын Засаг даргын орлогч Б.Оролзодыг яруу найрагч гэдгээр нь мэдэх хүн олон. Оюутан байхдаа “Тогоруутай нуур” тэргүүтэй олон дууны үг бичиж байсан яруу найрагч даргаар “Ширээтийн суурин” гэх алдарт шүлгийг нь уншууллаа. Б.Тунгалагтамир их найрч юм билээ. Чанга чанга инээгээд л дуулаад байв.

Бүртийх ч үүлгүй тэнгэрт одод ярайтал түгжээ. Сарны саруулд хотондоо хэвтсэн хонь яраглах, саахалт айлын нохой хуцах дуу сонсогдох. Гэрээс “Зөн билгийн цэнхэр тогоруу Зэрэглээ зүсэн жигүүр дэлгээд” гэж саахалт айлын Занданбат гэх залуугийн дуулах дуу тодхон сонсогдож байв. Б.Тунгалагтамир МУГЖ, уртын дууч Хонгорзултай уулзах хүсэлтэй явдаг гэнэ. Төв аймгийн дууны наадмуудад хүүхэд байхаасаа байнга оролцдог байсан тухайгаа хуучлав.

“Намайг 40 минутяриулсан. Тэгээд таван минутын бичлэгийг л гаргасан байналээ”

Нар гарах болоогүй байхад гэрийн эзэгтэй Б.Тунгалагтамир босож цайгаа чанав. Мөн хонио хурааж байхад нь гарч очлоо. Гэрийн эзэгтэй ногоон торгон дээлтэй, бакааль өмсчихсөн зогсож байв. Тэмдэг нь арилчихсан хэдэн хонины тэмдгийг сэргээх гэнэ. Мөн хот руу аваачиж зарахаар болсон хонь, ямаагаа ч барих гэнэ. “Улаан эр ямаа шүдгүй болчихсон байна лээ. Бор халзан хонь ч хөгширчихсөн байна. Ер нь энэ жил цаг хатуу болно гээд байгаа. Эм хонь, ямаагаа хийсэн нь дээр байх. Шороонд хаяж байхаар тарган байгаа дээр нь хямдхан ч гэсэн хэдэн төгрөг болгочихвол болно” гээд л ялгаж гарав.

Ингээд бага үдийн алдад хонь, ямаагаа барьж дууссан Б.Тунгалагтамиртай ярилцлаа.

-Та нөхөртэйгөө анх хэрхэн танилцаж байсан бэ. Танай сумынхан энэ талаар ярьдаг юм байна лээ?

-1999 онд бид хоёр дөнгөж үерхэж эхэлж байтал Б.Эрдэнэбатын талынхан намайг гуйх гээд хүрээд ирсэн. Бүр яах ч учраа олохгүй сонин байдалд орсон. Хэн хэндээ ойртож, зан зангаа авалцаагүй, дөнгөж үерхэж эхэлж байхад шууд гуйгаад ирсэн. Манайхан ч хадаг, сүүг нь аваад намайг бэр болгоод өгчихсөн. Ингээд 2000 онд бид хуримаа хийсэн. Манай хүн анх ирдэг байхдаа олигтой юм ярихгүй. Би ч болсон бүх зүйлээ дуржигнатал яриад дуусгачихдаг байлаа. Хадаг, сүү тавиад эхнэр нь болчихоод байхад хүртэл ичээд олигтой юм ярихгүй шүү дээ. Бид ингэж л анх амьдралаа эхэлж байлаа.

-Та найман хүүхэдтэй болно гэж ярьсан байсан. Олон хүүхэдтэй байх сайхан уу?

-Одоо бид зургаан хүүхэдтэй. Хоёр хүүхэдтэй болчихвол найман хүүхэдтэй болно. Хүнд хүн илүүдэхгүй гэдэг биз дээ. Амьдралд юу ч тохиолдоо билээ. Хэн нэгэндээ түшиг хань болж үлдээх гэж л найман хүүхэдтэй болно гэж боддог юм. Би эхээс тавуулаа. Миний дор нэг охин дүү байсан юм. СУИС-ийн кино драмын ангийг төгсөөд Лүн суманд айлын бэр болоод явсан. Хэдэн жилийн өмнө мал хариулж яваад мориндоо чирэгдээд бурхан болчихсон юм. Миний дүү надаас ч авьяастай сайхан дуулдаг байсан. Дүүтэйгээ хонины бэлчээрт цангинатал дуулаад явдаг байж билээ. Дандаа ардын дуу дуулна. Бүр хоорондоо дуугаар өрсөлдөнө. Хээр гарчихаад биенийгээ нэрээр зарлаад л, концертонд орж байгаа юм шиг дуулдаг байлаа. Манай аав их сайхан дуулдаг хүн байсан. Ээжийн талд ч эвлэгхэн сайхан дуулдаг хүн олон байсан.

-“Авьяаслаг монголчууд” шоунд оролцож алтан баззер даруулахдаа шүүгчидтэй ярилцсан таны чин сэтгэлийн яриа олон хүний сэтгэлд хүрсэн байна лээ. Алтан баззер даруулчихаад юу бодсон бэ?

-Анх шоунд оролцох гээд өглөө эрт очсон. Хүн болгоныг шалгасаар байгаад бүр орой 22:00 цагт орсон. Би тайзан дээр гарч ирээд 40 гаруй минут ярьсан. Миний ярьсан зүйлсийн таван минутын бичлэг л орсон байна лээ. Тайзан дээр гарч ирээд, шүүгч, үзэгчдэд амьдралаа бүгдийг нь ярьсан. Бүгд л миний ярихыг сонсоод инээгээд л байсан. Би өөрийгөө алтан баззер даруулна гэж ерөөсөө бодоогүй. Урьд өдөр нь малаа хөнгөлж байгаад хүрээд ирсэн болохоор студи орж дуугаа бичүүлж амжаагүй. Тэгээд ТВ5 телевизэд ажилладаг нэг найзаасаа шоунд орох гэсэн бичлэг алга. Үлэмжийн чанарыг дуулах гэж байгаа гэж хэлсэн. Тэгсэн өөр хүний дуулж бичүүлсэн “Үлэмжийн чанар” дууны аяыг олж өгсөн. Ингээд л утсан дээрээ аяа сонсож, хэд дуулж бэлдээд шууд гарсан. Манай нутгийн, МУГЖ Болд ах миний дуулахыг сонсоод өөрийнхөө хоолойг гаргаж чадаагүй гэж шүүмжилж байна лээ. Алтан баззер даруулж шилдэг 32-т үлдчихээд маш их баярласан. Тайзнаас буухад нэг сонин инээдэмтэй бодол толгойд орж ирсэн. “Алтан баззер даруулж байхад бяруу, хурга засах ч яамай байна аа” гээд ямар ч хэцүү саад бэрхшээл давж шоунд оролцлоо гээд өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн. Тэгээд шууд нөхөртөө хэлэхээр залгасан.

-Танай нөхөр яаж хүлээж авсан бэ?

-Нээх онгирч, хөөрч догдолсон амьтан нөхөр рүүгээ залгасан. “Миний хань аа би алтан баззер даруулчихлаа. Шилдэг 32-т шууд үлдчихлээ” гээд онгирсон юм. Тэгсэн манай хүн өөдөөс “Хэн чамайг тэнцүүлчихдэг байна аа. Чи ч сайхан далим гаргаад энэ зунжин гэртээ тогтохгүй юм байна” гэдэг байгаа. Уур ч хүрэх шиг, гомдох сэтгэл ч төрөх шиг болж байгаа юм. Ингээд сумандаа яваад очлоо. Хүмүүст хэлсэн ерөөсөө тоохгүй юм. Би бодохдоо баяр хүргээд бөөн юм болох байх гэж төсөөлөөд сумандаа ирснийг яана. Бүр сүүлдээ манай сумынхан “Чиний нөгөө тэмцээн чинь хэзээ гарах юм бэ” гээд асуудаг болсон. Тэгээд сумын төвд нэг найзындаа очоод үзлээ. Тэгсэн нөгөө ерөөсөө тоохгүй байсан хүмүүс чинь бүгд баяр хүргээд л сүйд болж байна. Гудамжинд таарсан хүн болгон баяр хүргэж үнсээд л. Намайг загнаад байсан нөхөр одоо инээд алдаад л яваад байгаа шүү дээ. Надад хайртай гэж ч хэлж байх шиг. Хүүхдүүд маань бөөн баяр хөөр болоод их сайхан байна. Мөн маш өндөр хариуцлага ирж байгааг мэдэрсэн.

-Хаана бэлтгэл сургуулилтаа хийж байгаа вэ. Нутгийн зөвлөлөөс таныг дэмжиж ажиллахаар болсон гэсэн үү?

-Олон хүн энд бэлтгэлээ хий. Тэнд сургуулилтаа давт гээд л утасдаад байна. Төв аймгийн театрт ирж бэлтгэл хий гэсэн. Мөн багштай болж байгаа. Энэ удаад ямар ч байсан өөрийнхөө бүх боломжийг дайчилж дуулна. Гэхдээ уртын дуу дуулах байх гэж бодоод байгаа. Хэдэн хонь, ямаа зарж мөнгөтэй болоод л явна даа. Сүүлийн үед өөрийгөө Монголын олон мянган жирийн малчинг төлөөлж энэ шоунд оролцож байгаа шүү. Чи үзүүлээд өгөх хэрэгтэй гээд зоригжуулж байгаа. Талийгаач дүү минь надад “Би дуучин болох мөрөөдөлтэй” гэж хэлдэг байсан. Дүүгийнхээ тэр мөрөөдлийг биелүүлэх юмсан гэж бодож байна даа. “Авьяасаг монголчууд” бол өөрийнхөө юу чаддагийг харуулах, дүүгийнхээ хүрээгүйд хүрэх маш том урам зориг өгсөн шоу. Бас намайг наанаа дэмжихгүй байгаа юм шиг царай гаргадаг ч цаагуураа үргэлж нэгдүгээрт тавьдаг хань, гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Хэдийгээр би дунд сургуулиа төгсөөд л мал дээр гарсан ч харамсах юмгүй сайхан л амьдарч байна. Би их сургуульд элссэн бол ханьтайгаа учрахгүй, зургаан сайхан үрээ төрүүлэхгүй л байсан шүү дээ. Амьдралд бас золиосолж болох, илүү их сайн сайхан зүйл авч болох юм гэж байдаг. Гэхдээ том золиосыг, ялангуяа өөрийгөө орхиж үр хүүхдэдээ бүхнээ зориулахыг эх хүн, эмэгтэйчүүд л чадна. Өөрийгөө тэдний нэг гэж бодож явдаг шүү.

Тэр үнэхээр л цагаан цайлган, ил яриатай, бүгдэд сайхан энерги түгээж суудаг монгол эмэгтэй юм. Бид ийн ярьж дуусахад гэрийн эзэн машинтайгаа усанд явж, гэрийн эзэгтэй бага охин Э.Урангоо, хүү Э.Мөнхдоржийгоо хараад үлдэв. Б.Эрдэнэбатынх 800 гаруй малтай. Дутагдах, гачигдах зүйлгүй сайхан амьдарч байна лээ. Малынхаа ашиг шимийг хүртэж, зургаан хүүхдээ хэнээс ч дутахааргүй сайхан өсгөж байна. Б.Тунгалагтамир “Өндөрширээтээр ирэх л юм бол манайхыг зориод ирээрэй. Эгч нь хурал хуй, тэмцээн уралдаанд явахгүй л юм бол гэртээ байж байна” гээд гараа далласаар үлдэв.

Э.Хүрэлбаатар

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Күрүсү Макото: Үнэн сэтгэлээсээ хичээж ажиллавал муу сурлагатай хүүхэд ч засардаг

Күрүсү Макото багш “Бүтээх ухаан” хичээл заадаг. Тэрбээр ШУТИС-ийн Коосэн загварын технологийн дээд сургуульд багшилж байгаа.

Түүний шавь нарын бүтээсэн шүдний чигчлүүрээр хийсэн бяцхан гүүр нь долоон гр жинтэй ч 25 кг ачаа даадаг гэнэ. Хичээл дээр хүүхэд болгон нэг гүүр хийдэг. Гүүрийг яаж хийх вэ, хэдэн кг ачаа даах вэ гэдэг тэмцээн зохиодог. Нэгдүгээр курсийнхэнд тэрбээр гурав дахь жилдээ энэ хичээлийг зааж байгаа. Монгол хүүхдүүд энэ хичээлд дуртай. Гүүрийн трас бүтээц нь олон үетэй. Үе бүртээ ачааллыг жигд тараадаг учраас нэг газар хэт их ачаалал ногдохгүй. Энэхүү турьхан гүүр “чадалтай” байдгийн учир ийм. Бас нэг чухал үзүүлэлт нь шүдний чигчлүүрийн материал. Японоос шүдний чигчлүүр авчирдаг гэнэ. Хятад шүдний чигчлүүрээр туршихад 25 кг ачаа дааж арай л хүчрэхгүй байжээ. Өөрөөсөө хэд дахин их жинтэй ачаа даах энэ зарчмаар ажилладаг техник гэвэл кран. Бас бүх барилга байшингийн бүтээц нь ийм онолоор явдаг гэнэ. Онол үзэхээсээ өмнө хүүхдүүд иймэрхүү туршилт хийдэг. Аливааг хийхэд материал чанартай, гүйцэтгэл сайтай байх ёстой гэдгийг л өвгөн багш энэ хичээлээрээ шавь нартаа ойлгуулахыг хичээдэг.

Энэ сургуулийн оюутнууд бас хоёр давхраас өндөг шидээд “хагалахгүй газардуулах” ухаанд суралцдаг. Өндгөө зүгээр нэг чулуудчихгүй. “Урлагтай” шидэх учиртай. Өндгөө хагалахгүй унагах санаагаа хүүхдүүд өөрсдөө гаргана. Хүүхдүүд бүгд адилхан нөхцөлд энэ санаагаа хэрэгжүүлдэг. Учир нь тэдэнд бичгийн цаасны хэмжээтэй хоёр ширхэг цагаан цаас ногдоно. Мөн үдээс, хайч оролцуулна. Энэхүү цаасаар урласан шүхрийнхээ аль хэсэгт өндгөө яаж тээх нь тухайн оюутны асуудал. Зарим нь хоёр давхар шүхэр, өндөг агуулах бяцхан хайрцаг, өөр нэг нь жирийн сав ч урласан байна лээ. Тэмцээнд оролцогчид өндгөө таван метрээс дээш өндрөөс шиднэ. Энэ туршилтыг хийхдээ анхаарах хэдэн асуудал бий. Нэг нь унах хурдыг сааруулах учиртай. Унах хурд нь удаан байх тусмаа доргилт багасна шүү дээ. Шүхрээ ямар дизайнаар хийхээс шалтгаалаад уналтын хурд тодорхойлогдоно. Гуравдугаарт, газар унасныхаа дараа доргилтыг өөртөө хэрхэн шингээх вэ гэдэг чухал. Тэнцвэр бас хэрэгтэй. Энэ хичээл дээр хүүхдүүд алдаа гаргах тусмаа сайн гэж багш үздэг. Алдаагаа засч байж сайн бүтээл мэндэлнэ. Бас хүүхдэд тэвчээр суулгадаг. Энэхүү бүтээлүүдээ хийхдээ хүүхэд анхаарлаа төвлөрүүлж сурдаг сайн талтай гэнэ. Туршилтын тухай тайлбар сонсоод, япон багшийг судлах ажилдаа орлоо.

-Күрүсү гуай багш болсон түүхээсээ яриач?

-Одоо би 70 настай. Их сургуульд сурч байхдаа багш болно гэж бодож байгаагүй. Механикийн инженер мэргэжлээр сургууль төгсөх үе маань 1970 он. Японы эдийн засаг хамгийн дээд цэгтээ хүрсэн үе. Төгсөх үедээ хүнд өвдсөн. Бие сайтар тэнхрээгүй учраас аль нэг компанид ажилд ороход хэцүү байсан л даа. Багш болбол ачаалал багатай гэж үзээд энэ замыг сонгож билээ.

-70 хүртлээ багшилна гэдэг гайхалтай. Энэ хугацаанд та хүүхдүүдэд юу өгөв, хүүхдүүд танд юу өгсөн бол?

-Хүүхдүүдтэй харьцахад залууждаг. Хүүхдүүдийн энерги, бодож, сэтгэж байгааг хараад өөрөө ч уян хатан сэтгэлгээтэй болдог. Коосэнд 15-20 настай хүүхдүүд сурдаг. Багшийн хувьд хүүхдүүдэд инженерийн мэдлэг олгохоосоо өмнө хүн болгоход анхаардаг. Хүмүүжил олгоход санаа тавьдаг юм. Би Монголд ч ингэж ажиллаж байгаа. Хичээл дээр бохь зажлах, утас шагайх, бие биетэйгээ ярихыг хориглодог.

Шүдний чигчлүүрэн гүүр

долоон гр жинтэй ч 25 кг ачаа даадаг

-Коосэнгийн сургалтын онцлог юу вэ?

-Их сургуульд онол үздэг. Коосэнд онолыг практиктай хослуулж үздэг онцлогтой. Коосэн анх яаж үүссэн гэхээр япончууд Англи, Германы их сургуулийн тогтолцооноос санаа авсан. Түүнийгээ Японд нутагшуулаад коосэн гэдэг шинэ систем гаргаж авсан юм. Энэ систем 50 жилийн түүхтэй. Коосэн систем зөвхөн Японд л байдаг. Харин коосэн загварыг нэвтрүүлж байгаа хоёр дахь орон Монгол. Мексик, Вьетнам зэрэг улсууд коосэн системийг нэвтрүүлэх хүсэлт тавиад байгаа. Ирээдүйд улам дэлгэрэх байх аа.

-Монголчууд коосэн загварыг нутагшуулж чадах болов уу?

-Хүмүүс ингэж асуудаг. Би 20-иод жилийн өмнө Японд сурч байсан монгол оюутнуудтай танилцсан. Зөвхөн Монгол төдийгүй олон орны оюутнуудтай харилцдаг байлаа. Япончууд хөх толботой учраас өөрсдийгөө монгол гаралтай гэж үздэг. Ажиглаад байхад монгол оюутнууд аливаад анхаарал хандуулах чадвар сайтай, юмыг сонирхолтой хийдэг. Тийм учраас япончуудад тохирдог систем монгол хүнд ч бас нийцэх байх аа.

-Коосэн загварыг Монголын онцлогтой нутагшуулах хэрэгтэй гэж үздэг үү, аль эсвэл япон стандартыг хатуу баримтлаасай гэж боддог уу?

-Би Японд ажилласан туршлагаа л та бүхэнд хэлнэ. Яаж хүлээж авах нь монголчууд та бүхний асуудал. Заавал тийм байх ёстой гэхгүй.

-Коосэн төгссөн инженерүүд юу хийж чаддаг вэ, та юугаар бахархдаг вэ?

-Коосэн төгсөгчид Японд том компаниудад ажилд ордог. Хүмүүжил сайтай гэдгээрээ бусдаас ялгардаг. Японд Коосэн төгсөгчид ажлыг цаг тухайд нь гүйцэтгэдэг онцлогтой. Монгол төгсөгчид ямар байх бол гэж харж байна. Монголчууд хэлсэндээ хүрч, цагийн юмыг цагт нь амжуулдаг бол гадаадаас ч олон захиалга авч, эдийн засаг нь хөгжинө шүү дээ.

-Япон багш нарын ажлын нөхцөл, тэдэнд тавигддаг шаардлага, үнэлэмжийн тухай манай багш нар сонирхох байх?

-Сургуулиа төгсөөд багшлах эрхийн шалгалт өгдөг. Ахлах, бага, дунд сургууль гээд тус бүртээ ялгаатай шалгалттай. Тэр шалгалтад тэнцэж байж багш болдог. Багш нарыгаа гурав хуваадаг. Анхдагч, дундаж, дээд түвшний гэж ангилдаг. Багш нараа байнга сургаж дадлагажуулдаг. Коосэнгийн багш бүр судалгаа хийдэг. Судалгааны үр дүнгээр үнэлэгдэнэ. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар нэг өрөөнд бүгд суудаг бол Коосэн, их сургуулийн багш бүр тусдаа өрөөтэй байдаг. Монголын их, дээд сургуулиудад том дарга нар л өрөөтэй байдаг шүү дээ. Эхэн үедээ магистр багш нартай байсан бол сүүлийн үед ялангуяа мэргэжлийн хичээл заадаг багш нар докторын зэрэгтэй болсон. Багшийг ажилд авахдаа олон нийтэд нээлттэй зар тавьж, шалгаруулж авдаг.

-Япон багш нарын цалин бусад мэргэжлийнхэнтэй харьцуулахад ямар байдаг вэ?

-Ерөнхийдөө Коосэнгийн багш нарын хувьд төрийн албан хаагчаас таван хувь илүү цалин авдаг. Тийм учраас багш болох сонирхолтой хүмүүс их байдаг.

-Орчин үеийн хүүхдүүдийг хүмүүжилтэй байлгах хэцүү санагддаг. Коосэнд хүүхдийг яаж хүмүүжүүлдэг вэ?

-Гэр бүлийн хүмүүжил сайн байх учиртай. Дунд сургууль төгстөл нь гар утас, компьютер тоглоом тоглуулахгүй байх ёстой. Хүүхдийг зурагт, ухаалаг утаснаас холдуулна гэдэг орчин үед хэцүү болсон. Хүүхдэд утас авч өгөхдөө товчлууртай утас сонгох нь дээр. Ухаалаг утастай бол хүүхдүүд тоглоом тоглож, интернэтэд хамаг цагаа бардаг. Японд ч нийтийн унаанд суухад бүх хүмүүс утсаа шагайж робот шиг суудаг. Дэлгэцнээс хэт хамааралтай байна гэдэг өрөвдөлтэй санагддаг шүү. Манай сургуулийн хувьд хичээлийн цагаар утас шагайж суувал хурааж аваад долоо хоног хязгаарладаг. Энэ бол миний хувийн зарчим.

-Олон жил багшилсны дараа хүүхдээс залхах мэдрэмж төрдөг болов уу?

-Хүүхдээс залхах бодол төрдөггүй. Харин тэвчээр шаарддаг. Үнэн сэтгэлээсээ хичээж ажиллах юм бол хүүхэд багшийгаа ойлгодог. Хичнээн муу сурлагатай хүүхэд байсан ч засардаг. Энэ нь надад кайфтай байдаг. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Тэднийг хэт шахаж шаардаад байж болдоггүй.

Монголд ирсний дараа хүүхдүүдээс илүү монголчуудын ажилдаа хандах хандлага хэцүү санагдах үе байсан. Хүүхдээ хүмүүжүүлэхийн зэрэгцээ багш нараа хүмүүжүүлэх шаардлагатай болдог. Багш нартай уулзалт хийж, “Энэ чинь япон загварын сургууль шүү” гэж заримдаа сануулах хэрэг гарна. Хурал хийж байхад зарим багш бохь зажилж суух юм. Багш нар ажил дээрээ байгаа учраас тиймэрхүү үйлдэл гаргаж болохгүй. Бид хүүхдүүдийн сургалтын төлбөрөөс цалинждаг учраас хүүхдүүдээ хүндлэх ёстой. Эцэг, эхчүүд багш нарт л найдлага тавьж байгаа шүү дээ. Тэдний найдварыг бид хөсөрдүүлж болохгүй.

Б.Янжмаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН