Categories
мэдээ нийгэм

Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль эхэллээ

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль эхэллээ. Санал хураалт 07:00-22:00 цагийн хооронд явагдах юм. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос 7282 төлөөлөгч сонгогдох юм.

Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ. Мөн үүнээс 4530 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа аж.

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монголын Ногоон Нам, Бүгд Найрамдах Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын “ТӨВ НУТАГ” эвсэл, Эх Орон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Хөдөлмөрийн Үндэсний Нам оролцож байна.

Мөн сонгууль зохион байгуулахаар 1765 тойргийн хороо, 2082 хэсгийн хороо ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд зориулж нийт 1765 төрлийн хоёр сая гаруй саналын хуудас хэвлүүлж хэсгүүдэд хүргүүлжээ. Сонгуулийг 13.9 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төсөвлөгдсөн бөгөөд иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сонгогч та нийслэлд амьдардаг бол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн, аймаг, суманд амьдардаг бол сумын Иргэдийн Төлөөлөгчийн хуралд нэр дэвшигчийн нэр бичигдсэн саналын хуудаст тэмдэглэгээ хийх шаардлагатай.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт Сүхбаатар дүүргийн III хороо Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн байранд очиж саналаа өгөх аж.Харин УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн 23 дугаар сургуулийн хичээлийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд 15.00 цагт саналаа өгөх бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12.30 цагт Баянзүрх дүүргийн “Номноо” хотхонд байрлах 1834 дүгээр хэсгийн хороонд очиж, саналаа өгнө. Одоогоор сонгуулийн ирцийн мэдээлэл хараахан гараагүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч гуравдугаар сургуулийн байранд саналаа өгнө

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал өгөх өдөр маргааш болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш 11.30 цагт Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн байранд очиж саналаа өгөх аж.

Харин УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн 23 дугаар сургуулийн хичээлийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд 15.00 цагт саналаа өгөх бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12.30 цагт Баянзүрх дүүргийн “Номноо” хотхонд байрлах 1834 дүгээр хэсгийн хороонд очиж тус, тус саналаа өгөх юм байна.

Сум, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох санал хураалт маргааш 07.00 цагт эхэлж, 22.00 цагт хаагдана.

Categories
гадаад мэдээ

Германы химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ

Германы баруун нутагт нэгэн химийн үйлдвэрт томоохон дэлбэрэлт болсны улмаас хоёр ажилтан амиа алдаж, зургаан хүн ноцтой гэмтэж бэртжээ.

Дэлбэрэлт даваа гарагийн өглөө Людвигсхафен хотод болсон байна. Тус химийн үйлдвэр нь химийн томоохон компани болох “BASF”-ынх аж.

Тус компанийн мэдэгдсэнээр, хоёр ажилтан сураггүй алга болжээ.

Рейн голын дагуу оршдог тус үйлдвэр нь цистернээр тээвэрлэдэг шатамхай шингэнээр химийн бүтээгдэхүүн хийдэг гэнэ.

Боомтыг үйлдвэртэй холбодог дамжуулах хоолойд гал гарсны дараа дэлбэрэлт болсон гэж гал сөнөөгчид хэлэв. Гэхдээ дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй хэвээр байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод “Ногоон барилга” барих санал тавилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацийн Филиппин Улс дахь Ерөнхий хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Жессе Ангийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын эко хөгжлийн бодлого, эрчим хүчний дэд бүтцийн бүтээн байуулалтад дэмжлэг үзүүлэх, тодорхой төслүүд буюу нийслэлийн гэр хорооллыг өртөг багатай, хямд орон сууцаар хангах тал дээр санхүүгийн төлөвлөлт хийх, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын дэд төвүүдэд иргэдийн орлогод нийцсэн орон сууц барих төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Филиппин Улс дахь Ерөнхий хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Жессе Анг “Манайх ногоон барилгын төслөө Ази тивийн болон Латин Америкийн улсуудад хэрэгжүүлж байна. Ногоон барилгын тал дээр Монгол Улстай хамтарч ажиллах сонирхолтой байна. Манай улс өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, энэ чиглэлээр барилгын ажил явуулах тал дээр санал бодлоо солилцоход таатай байх болно. Ногоон барилга нь эрчим хүчний болон усны зарцуулалтад асар их эдийн засгийн хэмнэлтийг мэдрүүлдэг. Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаатай энэ тал дээр хамтран ажиллах саналтай байна. Та бүхнийг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Ногоон барилга нь дэлхий нийтэд их чухал асуудал болоод байгаа. Манай улсын сэрүүний улирал урт учраас барьж байгаа барилгын дулаан алдалтын тал дээр анхааран ажиллах хэрэгтэй байгаа юм. Манай улсад ногоон барилгын ажлыг эхлүүлэхийн тулд Үндэсний хэмжээний стандарт боловсруулахаас эхлээд маш их ажил үүсэх нь тодорхой. Улаанбаатар хот, Засгийн газар, ТББ-ууд хамтран хийх хэрэгтэй гэж үзэж байна. Танай Ногоон барилга төслийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын зүгээс татгалзах зүйл байхгүй” гэдгийг хэлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгав.

Төслийн үзэл баримтлалд тусгаснаар 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгох “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.

Манай улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй юм байна. Иймд нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид эхчүүдийн цалинг сар бүр олгох чиглэл барихыг даалгалаа.

Товч мэдээ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулсан “Гар аргаар ашигт малтмал албан бусаар олборлож буй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд тодорхой саналыг төсөл санаачлагчид уламжлахаар болов.

УИХ-ын гишүүн Л.Болд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай, Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Төслүүдийг хэлэлцэн хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институци үүсгэн байгуулах хэлэлцээрийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.Бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт манай улс 2002 онд гишүүнээр элссэн. Хөтөлбөр нь тээвэр, худалдааг хөнгөвчлөх, эрчим хүч, худалдааны салбаруудын бодлого, үйл ажиллагааг бүс нутгийн хэмжээнд харилцан уялдуулах зорилгоор удирдах ажилтны болон сайд нарын уулзалт зохион тохирсон чиглэл, салбаруудад худалдаа, эдийн засгийн өсөлтийг хангах, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.

– Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдсон бусад хуулийн болон УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Польш Улсаас 50 сая еврогийн зээл авна

Гадаад харилцааны яамны “Мэдээллийн цаг” уулзалт өнөөдөр боллоо. Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Польш Улстай Засгийн газар хооронд 50 сая еврогийн экспортын зээлийн хэлэлцээрийг тохиролцож ойрын хугацаанд байгуулахаар ажиллаж байна.Гадаад харилцаанд хоёр хөршөө тэргүүлэх чиглэлээ болгож ажиллаж байна. Удаад нь өрнө дорно өндөр хөгжилтэй орнуудтай гурав дахь хөршийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байх болно” гэх мэдээллийг өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Шинэ ургацаас ТЭДС-д 45 мянган тонныг авчээ

Энэ онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.

Өнөөдрийн байдлаар 75.5 мянганга-г ангилан хадаж, нийтдээ 324.0 мянган га-гаас 452.8 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 14.2 мянган га-гаас 150.3 мянган тонн төмс, 7.7 мянган га-гаас 86.8 мянган тонн хүнсний ногоо, 18.6 мянган га-гаас 45.2 мянган тонн тэжээлийн ургамал, 35.8 мянган га-гаас 15.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгаа аж.

Шинэ ургацаас нийтдээ 150.0 мянган тонн буудай борлуулагдсанаас ТЭДС-д 45.0 мянган тонныг аваад байна.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн зүүн хагаст хүйтэрч, алтайн салбар уулс болон говьд салхи шуургатай

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхи шуургатай байна.

2016 оны 10 дугаар сарын 18-ны 20 цагаас 10 дугаар сарын 19-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орж шороон болон цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 0-5 градус дулаан, зүүн хэсгээр 0-5 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

2016 оны 10 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд ихэнх нутгаар, 21-нд зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн баруун хагаст цас орно. Салхи 20-нд зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгаар секундэд түр зуур 18-20 метр, 21, 22-нд Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 20, 23-нд нутгийн өмнөд хэсгээр дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын талаар мэдээлэл хийв

Гадаад харилцааны яамны “Мэдээллийн цаг” өнөөдөр зохион байгуулагдав.

Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Засгийн газрын эхний 100 хоногийн хугацаанд Гадаад харилцааны яамнаас хийж хэрэгжүүлсэн голлох ажлууд болон Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалын талаар мэдээлэв. Түүнчлэн айлчлалын хүрээнд болсон “Монгол-Японы худалдаа, эдийн засгийн форум”-ын талаар танилцуулав.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойших 100 хоногийн хугацаанд тус яамны хийсэн ажлуудаас 30 ажлыг онцолж танилцуулав. Тухайлбал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гадаад харилцааны салбарт холбогдох зорилтуудыг хэрэгжүүлэх Гадаад харилцааны яамны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулсан болон Монгол Улсын гадаад бодлого, олон улс, бүс нутгийн аюулгүй байдал, бүс нутгийн интеграц, олон улсын тулгамдсан асуудлаар Монгол Улсын баримтлах байр суурийн талаарх мэдээллийг шинэчилсэн болохыг дурдав. Түүнчлэн гадаад харилцааг эдийн засагжуулах, Монгол Улсаа гадаад улс оронд сурталчилах, хилийн чанадад амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулав.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал энэ онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЕРА)-ийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохирсноос гадна давхар татварын хэлэлцээр байгуулах зэргээр худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг улам боловсронгуй, таатай болгоход анхаарч ажиллахаа харилцан нотолсон талаар Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хэлж, айлчлалын үеэр зохион байгуулагдсан “Монгол-Японы худалдаа, эдийн засгийн форум”-д Монголын талаас 42 компани, Японы талаас 240 гаруй компанийн төлөөлөл оролцсон нь Японы хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын боломжуудыг ихээхэн анхаарал тавьж сонирхож байгаагийн илрэл болсныг тэмдэглэв.

“Мэдээллийн цаг”-ийн төгсгөлд хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдийн талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулав.

Categories
мэдээ нийгэм

МСҮТ-ийн оюутнууд “70 мянган төгрөгөө авъя” хэмээн жагслаа

Мэргэжил сургалт үйлдвэрийн төв /МСҮТ/-ийн оюутнууд 70 мянган төгрөгийн тэтгэлгээ авахыг шаардаж /14.30 цагт/ Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд жагсаж байна. УИХ, Засгийн газраас улсын төсөв алдагдалтай, эдийн засаг хямарсан ийм үед оюутнуудад сар бүр олгодог 70 мянган төгрөгийн тэтгэмжийг ирэх оноос эхлэн зогсоох нь зөв гэсэн шийдвэрт хүрсэн. Гэхдээ МСҮТ-д суралцдаг оюутанд олгох 70 мянган төгрөгийг шууд зогсоосон юм. Энэ нь “айлын хүүхдийг алаг үзсэн” улс төрийнхний шийдвэр гэж тэтгэлгээс хасагдсан оюутнууд үзжээ. Тэд Н.Номтойбаяр сайдыг тэтгэмжийн асуудлыг эргэн харах хэрэгтэйг сануулан хоёр дахь удаагаа жагсаж буй нь энэ. Жагсагчид гартаа “70 мянган төгрөгөө авъя” “Н.Номтойбаяр сайдаа шийдвэрээ эргэн хараач ээ”, “Нимгэн дэвтэр, хямд бал авдаг мөнгийг минь өгч сурах боломжоор ханга” гэсэн уриа лоозонг барьжээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хувийн хэвшлийн МСҮТ-үүдэд төсвөөс өгдөг хувьсах зардлыг хасч, тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг ч олгох боломжгүй гэдгээ албан бичгээр мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, их дээд сургууль, коллежид суралцдаг оюутнууд 70 мянган төгрөгийн тэтгэлгээ үргэлжлүүлэн авах бол МСҮТ-д суралцдаг 40 мянга суралцагч энэ тэтгэлгийг авахгүй гэсэн үг. Чухам яагаад гэсэн асуултад “Төсвийн мөнгө хүрэлцэхгүй байгаа тул тэвчиж болох зардлаа танана” гэсэн хариулт өгсөн байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 70 гаруй МСҮТ-д нийтдээ 42 мянга орчим хүүхэд суралцаж буй. Харин суралцагчдын 60 гаруй хувь нь бүтэн болон хагас өнчин, 90 гаруй хувь нь тэтгэлэг болох 70 мянган төгрөгөөрөө өрхийн орлогоо бүрдүүлэхэд багагүй жин дарах нөлөө үзүүлдэг айлын хүүхдүүд суралцдаг гэсэн тоон судалгаа байна.