Categories
мэдээ цаг-үе

Ардын жүжигчин П.Хаянхярваа: Гончигийн Бирваа багшийгаа хутганы ир шиг гялалзаж явахад нь үгийг нь сонссон азтай хүн дээ, би

Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Гончигийн Бирваагийн мэндэлсний 100 жилийн ой энэ сард тохиож байна. Ингээд түүний ууган шавь Ардын жүжигчин хөгжмийн зохиолч П.Хаянхярваа гуайтай ярилцлаа.

-Өнөө жил хөгжмийн зохиолч Г.Бирваа гуайн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар арга хэмжээнүүд зохиогдох вэ?

-Гончигийн Бирваа багшийн мэндэлсний 100 жилийн ойг энэ сард тэмдэглэх гэж байна. Манай соёл урлагийн байгууллагууд, түүнчлэн багшийн төрсөн нутаг Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчид, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, шавь нар нь оролцон зохион байгуулж байна. Мөн багшийн маань бичсэн “90 жилийн дурсамж” нэртэй гурван боть бүтээл хэвлэгдэнэ. Хүндэтгэлийн концерт Дуурь, бүжгийн эрдмийн театрт болно. Мөн гэрэл зургийн үзэсгэлэн театрын музейд дэлгэгдэхээр болсон.

-Та Г.Бирваа гуайн ууган шавь нарын нэг. Хэзээнээс багш шавь бололцсон бэ?

-Би багшийнхаа тухай яривал дуусашгүй юм даа. Хэдэн ном гаргасан ч тэр сайхан хүний талаар яриад, дурсаад баршгүй биз. Г.Бирваа багшийгаа 1942 оноос хойш таньдаг, мэддэг байлаа. Харин 1949 оны арванхоёрдугаар сард албан ёсоор шавь нь болсон. Г.Бирваа багш Цэргийн дуу бүжгийн клубийн дэргэд хөгжмийн зохиолчдын курс байгуулан удирдаж, бидэнд гармоны үндсийг заасан. Би Цэргийн ерөнхий сургуулийн хөгжмийн салаанд байсан юм. Миний дарга Г.Таванцэрэг гэж нарийн бүрээч, их авьяаслаг хүн байлаа. Нэг өдөр намайг дуудаад “Чи гармон сурах уу” гэлээ. Би гармон гэхээр нь гармошик хөгжим юм болов уу гэж санаад зөвшөөрчихлөө. Тэр үед би 14 настай л байсан. Ингээд Г.Бирваа багшийн удирдлаган дор гармон сурч эхэллээ. Г.Бирваа багшийн гэргий нь “Та бүхэн хоёр долоо хоногийн дараа ардын дуу болоод бусад хөгжмийг найруулдаг болно. Цаашдаа хөгжмийн зохиолч болно” гэдэг юм байна. Би хэрсүү хүүхэд байсан л даа. Хэрэндээ ном, товхимол уншчихдаг. Тийм болохоор дотроо юм мэддэг хүмүүс байж ингэж ярьж байдаг. 14 хоногийн дотор хөгжим найруулж, бичиж сурна гэж юу байхав дээ. Би лав чадахгүй байх гэсэн юм бодож билээ.

Ингээд хичээл эхэллээ. Өдрийн найман цаг хичээллэж, маш шахуу хөтөлбөрөөр сурсан. Их ч даалгавар өгдөг байв. Тухайн үед насаар ахимаг Л.Дорж, Г.Лувсан гуай нар хамт хичээллэж байсан юм. Би хамгийн багадаа ордог байсан болохоор юм ч хэлж чадахгүй. Бусад хөгжмийн зохиолчид маань “Багш аа, та арай их даалгавар өгч байна. Бид гэрэл, чийдэнгүй болохоор лааны гэрэлд сууж хийгээд ч барахгүй юм” гэлээ. Гэтэл багш “Тийм их байна гэж үү. Чайковскид Аренский багш нь 1000 даалгавар өгдөг байсан юм гэнэ лээ. Тэгвэл та хэдэд 100 даалгавар өгье л дөө. Би та хэдэд юм сургах гэж байна.Түүнээс бэрхшээл учруулах гэсэн юм биш” гэж билээ. Ингэж л багшийнхаа их эрдмийн сангаас хүртэж, багш шавь болсон минь энэ.

-Хэр хатуу, чанга багш байв?

-Багш минь зарчимч, хүнийг сургаж, хүмүүжүүлж, шаардлагаа тодорхой тавьдаг. Мэдлэг боловсролтой хүн байсан. Аливаад нягт нямбай хүн байсан учраас бид ч богино хугацаанд амжилтад хүрсэн. Багш минь олон зүйл нуршдаггүй, дуу цөөтэй. Ярих юмаа л ярина. Хараал хэлдэггүй. Маш сайхан дөлгөөн хүн байлаа. Харин хөгжим ярих, суртчилахдаа бол баялаг сайхан үгтэй, ойлгомжтойгоор илэрхийлдэг. Ард түмэнд хөгжмийн урлагийн энгийнээс нь эхлээд нарийн ширийнд нь хүртэл нь ойлгуулж чаддаг. Хөгжмийн лекцэнд нь суусан хүмүүс “Би хөгжмийг тоодоггүй байсан. Г.Бирваа гуайн лекцэнд суугаад хөгжмийг сонсдог, ойлгодог, дуртай болсон. Их сайхан ярьдаг хүн шүү” гэхийг олон сонссон. Багш ямар ч хүнд хэцүү үед нугарч, хугардаггүй. Мэргэжлийн ажилдаа чин сэтгэлээ зориулж, их хөдөлмөрлөдөг, үлгэр жишээ хүн байсан.

Бид Г.Бирваа багштайгаа хэр чинээгээрээ холбоотой байлаа. Нэгэн дурсамжийг сөхье. Офицерийн сургуульд байхад 1950 оны есдүгээр сард нарийн бүрээч Намдагийн Дашцэрэн, Балдан бид гурвыг багш дуудлаа. Өрөөнд нь яваад ортол “Та гурвыг тасгийн даргаар томиллоо. Чадах уу” л гэж байна. Бид гурав ч дарга болох нь гэж хөөрөөд “Чадна аа” л гээд нэгэн дуугаар хэлсэн. Сүүлд нь амархан ажил биш байсныг мэдсэн. Тасаг цэргийг хүмүүжүүлэх, үлгэр жишээ байх том хариуцлага ирж байгааг нас бага учир ойлгоогүй. Бид гуравт бүх зүйлийг зааж, анхааралтай хянаж, чиглүүлж байлаа. Бидний хувьд хүнтэй харьцах, удирдан залах, сурган хүмүүжүүлэгч байх анхны алхмаа мөн л Г.Бирваа багшаараа заалгасан түүхтэй. Бид гурав багшийнхаа буянд хөгжмийн чиглэлээрээ, амьдралдаа ч тэр сайн явцгаасан. Энэ бол багшийн л ач буян. Багш минь биднийг хүн болгосон.

-Г.Бирваа гуай Баянхонгор нутгийнх. Аав нь их сайхан дуулдаг хүн байсан гэл үү?

-Багш маань уул нь Баянхонгор аймгийн Баянговь сумын уугуул. Харин Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум руу өргүүлсэн юм билээ. Өргөж авсан хүн нь “Гайхамшигт” хэмээх алдарт дуучин Гончиг гэж хүн байсан гэдэг. Аавынхаа дуулахыг сонсож өссөн болохоор магадгүй дуу хуурт дуртай, мэдрэмжтэй болж өссөн байх л даа. Ингээд мал аж ахуй эрхлэн амьдарч байгаад цэргийн албанд татагдаж Тамсагбулагийн зургадугаар дивизийн хөгжмийн салаанд хуваарилагдсанаар ирээдүйн урлагийн зам нь эхэлсэн юм билээ. Тэрээр цэргийн жагсаалын бүрээчээс ангийн хөгжмийн дарга болтлоо дэвшин ажилласан. Дараа нь 1945-1948 онд Москвад хөгжмийн дарга нарын сургуульд суралцсан юм. Тэгээд багш маань Ардын цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн анхны дарга, удирдаач болсон. Энэ үеэс хойш багшийнхаа удирдлаган дор ажиллаж эхэлсэн юм.

1951 онд Улс хувьсгалын 30 жилийн ойг өндөр хэмжээнд тэмдэглэсэн юм. Анх удаа тэр үеийн социалист орнуудын төрийн удирдлага, томоохон зочид ирсэн. Бирваа багш хүндэт харуулын хөгжмийг даргалж, зочдыг хүлээж авч байлаа. Энэ мэтчилэн маш сайн ажилласан даа. Гэтэл багш минь хилс хэргээр хоёр жил гаруй хугацаанд хоригдсон юм. Дараа нь үндэслэлгүй хорьсон гэдгээ хүлээн зөвшөөрч, хохирлыг нь барагдуулсан л даа. Багшийн хичээл зүтгэл өнөөдрийг хүртэл үр дүнгээ өгсөөр байгааг та бүхэн мэднэ байх.

Ардын цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Элдэв-Очир” кино театр, Хүүхэлдэйн театр, Улсын симфони найрал хөгжимд удирдаач, хөгжмийн багш, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны даргаар 1984 онд тэтгэвэрт гартлаа ажилласан. Хүүхэлдэйн театр, Монголын хөгжмийн зохиолчдын холбоог хөл дээр нь босгосон ачтан. Багш минь төрөлхийн ундармал авьяастай хүн байсан. Хөгжим бол гагцхүү авьяасаар л сурдаг, зохиодог зүйл шүү дээ.

-“Зандан шоо”, “Нийслэл хүү” киноны дуу гээд сонсогчдын сэтгэлд шингэсэн олон сайхан бүтээлүүд нь байдаг?

-Г.Бирваа багш маань 1940 онд “Залуучуудын марш” хэмээх аялгуу бичиж эхэлснээс хойш уран бүтээлийн ажилдаа эрчимтэй орсон. “Эрдэнэ тээлийн унага”, “Арван танхил, гурван хашир”, “Шинэ байшинд” драм, “Их хурим” дуурь, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Нийслэл хүү”, “Баянбулагийнхан”, “Нэг ангийн хоёр” кино, “Маань хөгжөөх дуу”, “Дамдинчойжилын дорам” хэмээх симфони найраглал гэх мэт олон арван бүтээл туурвисан. Мөн “Хөдөө тийш”, “Зандан шоо”, “Хонгор нутаг” дуунуудаараа түүвэр ном хэвлүүлжээ. Нийтийн дуу, бүжгийн хөгжим ч бичсэн. Багш минь “Зандан шоо”, “Гоёхон чимэг юм уу даа”, “Намрын шөнө” нийтийн дуу, “Улаан дарцаг” киноны хөгжим, эрдүү хийлд зориулсан “Уянгын дуу” хэмээх концертын аяз зэрэг бүтээлээрээ төрийн шагнал хүртсэн юм шүү дээ. Шилдэг дуунуудынх нь эмхэтгэл “Хөдөө тийш” 1966 онд хэвлэгдэж байлаа. 1981 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагналаар болон одон, медалиудаар шагнагдсан. Хүүхэлдэйн 18 жүжгийн хөгжим бичсэн юм. Уул шугамандаа цэргийн удирдаач хүн шүү дээ. Гэтэл ийм нарийн мэргэжил рүү түргэн хөрвөж чадсан. Мөн 18 уран сайхны, 13 баримтат киноны хөгжим бичсэн. Улсын симфони найрал хөгжим, Улсын циркийн хөгжмийн удирдаачаар ажилласан гээд хийж бүтээсэн зүйлийг нь дурдаад баршгүй. Монголын ард түмний сэтгэл зүрхэнд шингэсэн үнэхээр сайхан дуунууд туурвисан даа. Аргагүй л авьяас билиг гэж түүнийг л хэлэх байх.

-1939 онд Халхын голын байлдаанд явж байсан гэдэг. Дайнд явж байх үеийнхээ тухай танд ярьдаг байв уу?

-Халх голын байлдаанаас гадна 1944 онд баруун хязгаарт болсон зэвсэгт тулгаралтад мөн 1945 онд чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин юм шүү дээ. Халх голын байлдаанд явж байх үеийнхээ тухай нэг удаа дурссан. Халх голын байлдаан болж байх үед Японы онгоцыг манайхан унагачихаж. Тэр онгоц унасан хэсэгт Г.Бирваа багшийн алба хааж байсан ангийнхан очиж л дээ. Гэтэл тэр онгоцноос нэг залуухан нисгэгч амьд үлджээ. Монголын цэргүүдийг очиход онгоцныхоо далавчин дээр толгойгоо бариад доошоо хараад сууж байжээ. Цэргүүд ч бүсэлсэн байна. Өнөөх цэрэг чинь босож ирээд хувцсаа янзалж ёсолчихоод, уйлаад цэргүүд рүү хэд алхаж гэнэ. Цэргүүд яах гэж байгаа юм бол гэж их гайхаж. Гэтэл гар буу гаргаж ирээд өөрийгөө буудчихсан гэдэг. Тэр үнэхээр л өргөсөн тангарагтаа үнэнч жинхэнэ цэрэг хүн байсан даа гэж багш минь их бахархаж ярьдаг байсан. Багш минь хүний сайн сайхныг магтаж, болж бүтэхгүйг нь засаж чаддаг байлаа. Олон сайхан шавьтай байсан. Ууган шавь нараас нь энх тунх байгаа нь хуруу дарам цөөн үлджээ. Би багшийгаа хутганы ир шиг гялалзаж явахад нь үгийг нь сонсож явсан азтай хүн шүү. Г.Бирваа багшийнхаа 100 жилийн ойгоор амьд, мэнд яваадаа их л бахархаж байна даа.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Т.Гансүх: Сансар огторгуйг өөрсдийн хүссэнээр удирдаж болохыг үгүйсгэх аргагүй юм

Солонгосын их сургуульд магистр, докторын хосолсон программаар таван жил суралцаж, 27 насандаа физикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан Т.Гансүхтэй ярилцлаа.

-Таны докторын зэрэг хамгаалсан сэдэв тань сонирхол татлаа. Их тэлэлт болон таталцлын долгионыг та өргөтгөсөн байдлаар судалсан байна. Судалгааны ажлынхаа талаар яривал?

-XIX зууны сүүлч ХХ зууны эхэн үе хүртэл сансар судлалын шинжлэх ухаанд философи, гүн ухааны өнгө аяс давамгайлж байсныг шинэ түвшинд, тухайлбал орчин үеийн сансар судлалын шинжлэх ухаан болгосон хоёр нээлтийг юун түрүүнд дурдах нь зүйтэй болов уу. Нэг нь Альберт Эйнштений боловсруулсан “Харьцангуй ерөнхий онол”, нөгөө нь Эдвин Хаблын нээсэн “Орчлон ертөнцийн тэлэлт” юм. Бие биенээсээ тодорхой зайд орших хоёр галактик хоорондын зайнаасаа хамааран тодорхой хурдтайгаар бие биеэсээ алслагдаж буйг Эдвин Хабл ажиглаад манай орчлон ертөнц тэлж байгаа болохыг хэлсэн байдаг. Хэрэв галактикууд бие биеэсээ алслагдаж байгаа юм бол тэд өнгөрсөнд, магадгүй цаг хугацааны эхэнд, тодорхой нэг цэгт оршин байх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манай огторгуй асар өчүүхэн цэгээс ч үүдэлтэй байх боломжтой болдог нь бидний сайн мэдэх их тэсрэлтийн онолын анхны санаа гэж хэлж болно. Гэвч их тэсрэлтийн улмаас секундыг хэдэн их наяд, их наяд, их наяд дахин хуваасантэй тэнцэх хугацааны дотор (ойролцоогоор 10’(-36) секунд) манай огторгуй одоогийн байгаа хэмжээтэйгээ харьцуулахуйц хэмжээнд хүртлээ тэлсэн байх ёстой тооцоо байдаг ч энэхүү их тэлэлтийн хууль одоогоор тодорхой болоогүй л байна. Нөгөө талаас Эйнштэйний боловсруулсан онол ёсоор их тэсрэлтийн улмаас таталцлын долгион хэмээх долгион орчлон ертөнцийн тэлэлттэй хамт тархах ёстой болох нь таамаглагддаг. Энгийнээр энэхүү долгионыг усны мандал дээр чулуу хаяхад үүсдэг долгионы жишээгээр ойлгож болно. Гол нь энэхүү долгионыг бүртгэж авах нь орчин үеийн физикийн шинжлэх ухааны нэг чухал зорилт болоод байна. Тэгэхээр миний дипломын ажил энэхүү хоёр нээлт дээр тулгуурлан их тэсрэлтийн дараах, их тэлэлтийг онолын хувьд загварчлах, мөн тухайн загварын хувьд таталцлын долгионы бүртгэгдэх давтамжийг болон энергийн утгыг тооцох онолын суурь судалгаа байсан гэж хэлж болно.

-Их тэсрэлт болон их тэлэлт нь юунаас үүдэлтэй вэ. Энэ нь дэлхий ертөнцөд ямар нөлөө үзүүлсэн бэ?

– Их тэсрэлт болон их тэлэлтийг бөмбөлөг үлээхтэй зүйрлэж болох юм. Шаарыг үлээхийн өмнө шаар өчүүхэн жижигхэн байдаг ч үлээсний дараа өмнөхтэйгөө харьцуулахад харьцангуй том хэмжээтэй болдогтой төстэй. Их тэсрэлтийн дараахь секунд ч хүрэхгүй хугацаанд нэгэн физик процесс явагдсан нь дахин халалт юм. Санаа нь их тэсрэлт, тэгээд их тэлэлтийн дараа манай огторгуй бүхэлдээ асар хүйтэн түүнчлэн хов хоосон орон зай болж хоцрох учиртай. Гэвч өнөөдөр энэхүү хоосон орон зайд бид мөн биднээс гадна тоолж барахгүй гариг эрхэс, од, оддын бөөгнөрөл болон бидний төсөөлж чадахгүй асар том хэмжээний бүтцүүд оршин байгаа нь өөрөө сонирхолтой биш гэж үү. Тэгэхээр эдгээр нь чухамдаа хэрхэн бий болсон байх вэ? гэдэг асуултад хариулах хэрэгтэй болж байна. Хүн төрөлхтөн тэгэхээр Яагаад гэдэг асуултаас ер нь залхдаггүй юм шиг байгаа юм. Товчхондоо энэхүү асар том бүтцүүдийг бий болгохын тулд манай огторгуй тухайлбал, тэрхүү асар хүйтэн орон зай маань дахин халах ёстой. Мэдээж энэхүү дахин халах процессыг бүрэн ойлгохын тулд бидэнд багагүй хэмжээний квант физикийн мэдлэг хэрэгтэй л дээ. Квант физикийн дагуу бидний мэдэх вакум орчинд ч гэсэн бөөм болон анти-бөөмийн харилцан үйлчлэл явагдаж байдаг ба энэ нь үзэгдэх болон үл үзэгдэх бөөм үүсч бас устаж үгүй болж байдаг гэсэн санаа юм. Тэгэхээр энэхүү физик процессын үр дүнд манай огторгуйн температур нэмэгдэж асар өндөр температур бүхий бөөмсийн плазм төлөвийг бий болгоно. Товчхондоо огторгуйн дахин халалтын үр дүнд биднийг төдийгүй орчлон ертөнцийг бүрэлдүүлж байгаа эгэл бөөмс үүсэж бий болох ба энэ нь орчлон ертөнцийг бүрэлдүүлж байгаа бүрэлдэхүүн хэсгийн дөнгөж таван хувь буюу бидний мэдэхгүй 95 хувь байгааг илтгэнэ.

-Орчлон ертөнцийг бүрэлдүүлж байгаа бидний мэдэхгүй 95 хувьд тухайлбал юу орох вэ?

-Дээр дурдсанчлан бид ердөө л зууны таван хувийг буюу манай огторгуйг бүрэлдүүлж буй бүрэлдэхүүн хэсгийн дөнгөж таван хувийг мэдэж байна гэсэн үг. Эдгээр нь бидний мэдэх эгэл бөөмс юм. Тэгэхээр үлдсэн 95 хувь нь буюу хар матери, харанхуй энерги зэргийг бид сайн мэдэхгүй болж таарч байгаа юм. Энэ чиглэлийн судалгааг хараахан хийж эхлээгүй байна л даа.

-Үүнийг судлах нь хүмүүсийн амьдралд ямар ач тустай вэ?

-Энэхүү докторын дипломын ажил маань онолын суурь судалгаа гэдгийг дахин хэлэх нь зүйтэй байх. Учир нь суурь судалгааны нэг онцлог нь хэрэглээний шинжлэх ухааныг бодвол харагдах ач тус нь өнөөдрийн хувьд бага мэт боловч ирээдүйд бий болгох үр өгөөж нь илүү чухал юм.

Гэхдээ хэрвээ хүн төрөлхтөн таталцлын долгионыг тэр тусмаа их тэсрэлтээс үүдэлтэйг нь бүртгэж чадвал энэ бидний хувьд сансар судлалын салбарт томоохон дэвшил авчрах төдийгүй орчлон ертөнцийн үүслийн талаарх бидний ойлголтыг цэгцлэхээс гадна өөр олон асуудалд хариулт өгнө гэж найдаж байна. Гэхдээ ихэнх тохиолдолд тэдгээр нь хоорондоо ялгаатай, бас ч үгүй багагүй зөрчилтэй байдаг нь чухам аль нь илүү бодит хийгээд шинжлэх ухаанд ойр вэ? хэмээх асуултыг эрхгүй дагуулдаг. Тийм ч учраас мэргэжлийн хүний хувьд шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдлэг, мэдээлэл, сүүлийн үеийн шинжлэх ухааны баримт фактаар баримтжуулан нийтийн хүртээл болгох нь хүн төрөлхтөнд тустай юм болов уу гэж харж байна. Энгийн хүмүүсийн хувьд тэр тусмаа энэ салбараас хол хөндий хүмүүсийн хувьд ач тусыг нь хүртэнэ гэдэг цаг хугацааны асуудал болов уу. Хэдий тийм ч гэсэн энэхүү салбарыг судалснаар бид сансар огторгуй хэмээх энэхүү асар том лабораторийг өөрсдийн хүссэнээр удирдаж болохыг үгүйсгэх аргагүй юм.

-Таны хувьд космологи, эртний огторгуй судлалаар мэргэшиж байгаа юм байна. Энэ салбарт ямар ололт дэвшил бий болж байна?

-Миний хувьд сансар судлал гэж хувьдаа орчуулаад байгаа энэхүү физикийн шинжлэх ухааны салбар нь орчлон ертөнцийн үүсэл, хөгжил, одоогийн төлөв байдал болон ирээдүйн хувирал өөрчлөлтийг бүхэлд нь цогцоор нь судалдгаараа онцлогтой. Харин техник технологи асар хурдацтай хөгжиж буй өнөө үед энэхүү асуултад хариулна гэдэг тийм ч амар биш. Мэдээж, огторгуй судлал онолын түвшинд аль хэдийнэ судлагдсан. Харин сүүлийн 20 гаран жилд хийгдсэн тэр дундаа сүүлийн таван жилд хийгдсэн ажиглалтын үр дүн энэ салбарыг бие даасан шинжлэх ухаан болтол нь хурдацтай хөгжихөд хөтөлсөн юм шиг санагддаг. Миний хувьд өндөр хүчин чадал бүхий хиймэл дагуулын болон газрын станцуудын цуглуулсан дататай харьцаж хэрэгтэй мэдээллээ гаргаж түүнийгээ өөрийнхөө хийж байгаа онолын судалгааны ажилтай харьцуулна гэдэг үнэхээр том ололт гэж бодож байна. Товчхондоо ийм л ажил хийж байна. Цаашид ч чиг хандлага нь нэг иймэрхүү байх болов уу. Дан ганц физикийн мэргэжил эзэмших бус харин хавсарсан мэргэжил эзэмших нь тухайлбал компьютерийн шинжлэх ухаантай хавсруулан судлах нь энэ салбарыг сонирхож буй хүүхэд залууст тустай байх болов уу гэж боддог.

-Таны насан дээр физикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах нь хэвийн үзэгдэл үү. Ер нь яагаад физикийн шинжлэх ухааныг сонирхон судлах болов?

-Ер нь бол үүнээс ч эрт докторын зэрэг хамгаалах боломжтой. Гэхдээ манай улсад ингэж хамгаалсан хүн цөөхөн байгаа болов уу, сайн мэдэхгүй байна. Миний хувьд дунд сургуулийн зургаадугаар ангид анх физикийн хичээл орж эхлэхэд маш сонирхолтой санагдаж байсан. Эхний шалгалтын дараа нэлээд таагүй дүн авсан шиг санагдаж байна. Тэр үед багшийн зэмлэж хэлсэн хэдэн үгс одоо ч мартагддаггүй юм. Уг нь их найдлага тавьж байсан чинь таагүй дүн үзүүлсэн нь багшийг үнэгүй лекц уншихад хүргэсэн бололтой. Тэгээд л тэр үеэс хичээж эхэлсэн дээ. Бүрэн дунд сургуулиа төгсөөд 2006-2010 онд МУИС-ийн физик электроникийн сургуульд онолын физикийн чиглэлээр сурч байхдаа энэ салбарын нарийн ширийнд суралцаж, харин сүүлд Солонгост ирээд жинхэнэ утгаар нь шимтэн судлах болсон. Их сургуульд сурч байх хугацаандаа квант физикийн багштайгаа ойр байж, бичиж байсан номынх нь ажилд жил гаруй хугацаанд туслахдаа сансар судлалыг сонирхож эхэлсэн. Тэр үед багшийн бичиж байгаа хэсгийнх нь талаар бодно, асууна, гайхна бас бодно тэгээд дахиад л асууна. Ер нь ч тэгээд бодох, асуух зарчим л энэ салбарыг сонирхох бас судлахад гол сэдэл маань болдог.

-Квант физикийн юу нь таны сонирхлыг татаж, гайхах байдалд оруулж байв?

-Квант физикийн философи нь ч, хэрэглэгддэг математик аппарат нь ч тэр тун сонирхолтой. Тухайлбал, квант механикт физик төлөв байдалд туршилт хийхээс өмнө байж болох бүхий л боломжит хувилбаруудыг авч болох ч харин хэмжилтийн дараа санамсаргүйгээр сонгогдсон нэг утгыг авдаг гэх жишээтэй. Үүнийг өөрөөр тайлбарлах юм бол гаднаасаа доторх нь харагдах боломжгүйгээр тусгаарлагдсан хайрцагт амьд муур хийгээд хайрцгийг гаднаас нь цацраг идэвхт хийгээр хордуулжээ гэж бодъё. Хайрцгийг нээх хүртэл муур үхсэн болон амьд гэсэн хоёр төлөвт орших ба харин хайрцгийг нээсний дараа үхсэн эсвэл амьд гэсэн аль нэг төлөвт л оршино гэсэн үг юм. Эхэндээ ойлгоход төвөгтэй мэт боловч их сонирхолтой.

-Солонгосын ямар сургуульд докторын зэргээ хамгаалсан хийгээд одоо хаана ажиллаж байгаа талаараа товчхон танилцуулбал?

-2010 онд МУИС-д сурч байхад Солонгосын “Sogang” их сургуулийн профессоруудын баг хүрэлцэн ирж МУИС-ийн дугуй танхимд танилцуулга уулзалт хийж билээ. Тэр үед миний докторын дипломыг удирдсан багш болон түүний удирддаг Center for Quantum Space Time(CQUeST) гэдэг онолын физикийн институтийн талаар мэдээлэл аваад холбоо барьж, удаахь намраас нь суралцаж эхэлсэн. Миний хувьд магистр докторын хосолсон программаар таван жил суралцаж төгсөөд одоогоор уг төвдөө үргэлжлүүлэн докторын дараахь программд хамрагдан судлаачаар ажиллаж байна. Судалгааны ажлын тухайд гэвэл их тэлэлтийн дараахь орчлон ертөнцийн дахин халалтад засварласан таталцлын хүч хэрхэн нөлөөлж байгааг ажиглалтын үр дүнтэй харьцуулах гэсэн төсөл дээр ажиллаж байна.Суруулийн тухайд Солонгостоо томоохонд тооцогдох хувийн сургууль төдийгүй одоогийн Пак Ерөнхийлөгч нь сурч төгссөн гэдгээрээ нэлээд нэр хүндтэй.

Б.НаранЧимэг

Categories
мэдээ цаг-үе

Гэйвин О’Коннор: Цус инээдэм хоёрыг кинонд хослуулж болно, Гэхдээ…

Холливүүдийн нэрт найруулагч Гэйвин
О’Коннор жүжигчин Бэн Аффлекийн хамт

Холливүүдийн нэрт найруулагч Гэйвин О’Коннор өнгөрсөн пүрэв гараг буюу аравдугаар сарын 7-ны өдөр Вашингтон Ди Си хотноо ирж, сэтгүүлч голдуу цөөхөн хүний хүрээнд “Нягтлан бодогч” киногоо үзүүлэн, уулзалт ярилцлага хийлээ. Бэн Аффлекийн тоглосон уг кино аравдугаар сарын 14-ний өдөр нээлтээ хийж, дэлхий даяар кино театруудад нэгэн зэрэг эхлэх боловч түүнээс өмнө ийнхүү сэтгүүлчдэд үзүүлсэн нь хүмүүсийн санаа оноог сонсох, мөн хэр кино болсныг нь цааш олон хүнд хүргэж, үзэгч татах давхар бодлоготой ажээ. Дэлхийн кино урлагаас монголчууд бид үл хоцрон, Улаанбаатарт киноны нээлтийг Холливүүдтэй зэрэг хийдэг цаг нэгэнт ирснийх, миний бие бас “Өдрийн сонин”-оо төлөөлөн, нэрт найруулагчтай уулзлаа.

Гэйвин О’Коннор гэж хэн бэ?

Бидний уулзсан хүндэт зочин бол Америкийн кино найруулагч, кино зохиолч, жүжгийн зохиолч, продюсер, жүжигчин хүн юм. Холливүүдэд бүтээсэн хамгийн анхны томоохон кино нь 1980 онд Америкийн оюутнуудын алдарт ЗХУ-ын хоккейчдыг буулган авч, улмаар Олимпийн аварга болсон тухай өгүүлсэн “Mir­acle” буюу “Зүүд зэрэглээн” хэмээх бүтээл ажээ.

2011 онд найруулан гаргасан “Дайчид” буюу “War­riors” кино нь кино судлаачдаас өндөр үнэлгээ авсан байдаг. Мэргэжлийн зодооны рингэнд ах дүү хоёр тулалдах болсон тухай уран нарийн өгүүлэмж бүхий бүтээл. Ер нь О’Коннорын бүтээлд ах дүүгийн харилцаа их гардаг, өөрөө ихэр ахтай, хамтран олон бүтээл дээр ажилласан хүн аж. Бидний доор өгүүлэх “Нягтлан бодогч” киноны нэг гол шугам нь мөн ах дүүгийн харилцааны асуудал билээ.

2013 онд жүжигчин Наталие Портмантай хамтран ажиллаж, “Jane got a gun” буюу “Жэйнд буу бий” хэмээх киног нь найруулжээ. О’Коннорын кинонууд мэргэжлийн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авдаг боловч мөнгө их хийдэггүйгээрээ онцлогтой. Харин энэ удаад “Нягтлан бодогч” кино нь тун их орлого олох төлөвтэй байгаа юм.

Нягтлан бодогч, Уорнер бродерс, 2016

Жич: Эрхэм уншигч танд юуны өмнө нэг зүйлийг анхааруулъя. Би өөрөө сайн киног ямар нэг хүний тайлбаргүйгээр, урьдчилан үйл явдлыг нь мэдэлгүйгээр үзэх дуртай хүн. Та миний адил бол энэхүү тайлбар, ярилцлагыг маань хойш тавиад, киногоо үзсэний дараа уншина биз ээ.

О’Коннорын найруулсан энэхүү кинонд Бэн Аффлек, Анна Кендрик хоёр гол дүрд нь тогложээ. Аутизмд нэрвэгдсэн хүү тооны ухаандаа гарамгай. Аав нь түүнийг ахтай нь хамт багаас нь Индонезийн пенчак силат хэмээх тулааны урлагаар хичээллүүлнэ. Ингэснээр өвчтэй хүү тоо, анализдаа гарамгайгаас гадна тулааны урлагийн төгс мэргэжилтэн болон хүмүүжнэ. Том болоод хэдэн сая, тэрбум доллар орооцолдсон гэмт хэргийн нууц бүлэглэл голдуу улсын тайлан тооцоо зэргийг бодож өгөн, мөнгө хийх болжээ. Нэг том компани түүнийг сох дутсан олон сая долларынхаа учрыг олж өгөхийг хүссэнээр жинхэнэ адал явдал эхэлнэ…

Хоёр цагийн турш сэтгэл түгшин, бас догдлон, заримдаа чанга инээж, заримдаа бүр алга ташин үзсэний эцэст танхимд Гэйвин О’Коннор орж ирлээ.

-Ер нь таны энэ кино ямар төрлийн кино вэ? хэмээн асуусанд О’Коннор “Триллер мөн, адал явдалт кино ч мөн, дүрийн судалгаа, илэрхийлэл буй, бас учир явдлын гогцоог хөөцөлдөн тайлдаг кино ч мөн, дундуур нь хайр сэтгэлийн жигтэй түүх ч орсон” хэмээн хариулж байна.

-Таны кинонд ах дүүгийн сэдэв их гарах юм. “War­riors” кинонд тань ах дүү хоёр тулалдах хэрэгтэй болдог. Та ихэртэйгээ их зодолдож өссөн үү?

-Тийм ээ, гэхдээ киноны зодооноос огт өөр. Байнга тулгарч, байнга зөрөлдөж байсан, тэр маань кинонд өөр хэлбэрээр илэрч байгаа нь тэр.

-Аутизмтай хүн ийм чадвартай байх талаар, ааш авирынх нь талаар судалгаа хийсэн үү?

-Найруулагчийн хувьд би ч тэр, жүжигчний хувьд Бэн Аффлек ч тэр, маш нарийн, урт удаан судалгаа хийсэн. Эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчидтэй уулзлаа. Калифорнид судалгааны хүрээлэнгүүдээр явлаа. Гол нь 18-30 насны аутизмтай маш олон хүнтэй биечлэн уулзаж, туршлагаас нь хуваалцсан юм. Тэд аутизмтай хүн сайн талын баатар болон гарна гэдэгт ихэд баярлан, үнэнээсээ тусалж байлаа.

-“Нягтлан бодогч” аймаар цустай атлаа нирхийтэл инээх зүйл ихтэй кино юм. Цус, инээд хоёрыг ингэж нийцүүлэх сонин юм байна.

-Биднийг судалгаа хийж дөнгөж эхэлж байхад “Asperg­er’s are us”-“Аспергерийн синдром гэдэг чинь бид шүү дээ” гэж баримтат киноныхон монтажилж янзлаагүй гурван цагийн эх бичлэгээ үзүүлсэн юм. Аутизмтай, Аспергерийн хам шинж бүхий дөрвөн жүжигчний тухай баримтат кино л доо. Хошин шогийн жүжигчид. Гэрт нь хамт сууж үзээд, гурван цаг үхтлээ инээлдсэн. Энэ бол үнэхээр зүрх сэтгэл тайвшруулсан, тийм өвчин, өвчтөнд хандах хандлагыг маань суллаж, зүгшрүүлж өгсөн мөч байлаа. Инээж дооглож, хошигнож болно гэсэн нээлт болсон юм. Кинон дахь инээд, хошигнол бүгд тэндээс үүдэлтэй.

Цусны тухайд бол би зүгээр нэг санамсаргүй, кинонд зорилгогүй гардаг хүчирхийлэлд дургүй. Харин шангаа хүртдэг, үр дагавар нь араас нь гардаг тийм хүчирхийлэлд дуртай. Миний кинонд хэн ч, хэзээ ч, ямар ч утгагүйгээр зүгээр нэг цусаа асгаруулаад үхээд өгдөгүй. Кристиан Волф буюу Бэн Аффлекийн тоглосон тэр дүр ч утгагүй хүчирхийлэлд уг нь оролцдоггүй хүн. Энэ удаад хөөрхий гэм зэмгүй охин, Анна Кендрик л хэцүү байдалд орсон учраас л эргэж тулалдах ёстой болж байгаа юм.

-Аутизмтай хүн гэхээр ихэвчлэн бие хөгжлийн бэрхшээлтэй хүн төсөөлөгддөг. Бэн Аффлекийн дүр тэгтэл огт өөр байх юм?

-Ер нь бол аутизмтай хүмүүс бүгдээрээ хүчирхэг, хурдан улс биш гэдэг нь тодорхой. Гэтэл харин бидний уулзаж судалсан хүмүүсийн дотор нэг бахим залуу сууж байв. Огт ярихгүй. Тэгсэн чинь гар барилдааны мужийнаварга хүн байж билээ. Тэр хүн бидэнд энэ санааг өгсөн юм. Зодооны хэв маягийн тухайд бол зарим аутизмтай хүн тоондоо гаргууд, маш хурдан сэтгэж бодож чаддаг. Тэгэхээр яг тэр шинжид нь тохирсон, маш хурдан бодож, сэтгэж зодолддог, математик шиг зодооны хэв маяг юу байхыг судалсан л даа. Тэгээд Индонезийн пенчак силатыг сонгосон юм. Бэн Аффлек өөрөө хэдэн сар тэр тулааны урлагаар хичээллэсэн. Маш өндрөөс унаж байгаа нэг хэсэг байна аа даа, тэрнээс бусад бүх тулаан, зодоонд Бэн Аффлек яг өөрөө тоглосон шүү дээ. Орлон тоглогч аваагүй.

-Алуурчинтай ах дүүгээ мэдэлцдэг хэсэг үнэхээр гэнэтийн юм уу? Угаасаа мэдрэгдээд байсан уу?

-Би таны асуултыг сайн ойлгосонгүй. Гэнэтийн байлгах л гэж бодсон хэсэг. Хэрвээ та киноны эхнээс мэдэж байсан бол миний хувьд дүүрлээ л гэсэн үг. Үзэгчийн хувьд бол гэнэт л байх ёстой юм.

-Үгүй ээ, киноны хувьд. Ах дүү хоёр нэгнээ мэдэрч байсан болов уу гэж?

-Аан ойлголоо. Ах нь дүүгээ бол давхар бодоод яваад байгаа өгүүлэмжтэй юм. “Нэг муу мэдрэлгүй амьтан хамаг хүмүүсийг маань алчихлаа” гэхэд дотроо бас “Миний дүү ч бас мэдрэлгүй амьтан даа” гэж бодно. “Нягтлан бодогч ингээд түйвээгээд байгаа хэрэг үү” гэхэд аанай л “Дүү бас тоондоо сайн даа” гэх бодол байгаа. Гэхдээ яг хараад танихдаа бол мэдээж гайхаж, шооконд орсон л доо.

-Таны киноны өгүүлэмж, арын түүх нь их гоё байх юм. Онгод чинь хэзээ орж, ямар сэдвийг сонгохоо хэрхэн шийддэг вэ?

-Гадуур зүгээр явж байхад л сайхан түүх, сэтгэлд хүрэм явдал олон тохионо шүү дээ. Сонссон, уншсан бүхэн маань цаанаа өвөрмөц сонин түүхтэй. Эхнэр маань надад дэндүү сайхан өгүүлэмж, үүх түүх мөн ч олон байна даа гэж дандаа хэлдэг. Миний хувьд тэр олон түүхээс намайг орхихгүй байгаа, эргээд намайг ээрсээр байгааг нь сонгоод, бариад авдаг юм.

-Бэн Аффлек Бэтмэний дүрд тоглосон. “Нягтлан бодогч” дээр тэгтэл нүүхдээ комик ном авч байгаа харагдах юм. Албаар тэгж хийв үү?

-Манай Урлагийн хэлтсийнхэн бүр Бэтмэний комик авч байгаагаар хийх гээд. Би тэр ч арай хэтэрнэ ээ гээд. Супермэний комик бариад явахад бол гэмгүй.

-Ийм том хэмжээний кино найруулахад, олон хүнийг удирдаж ажиллахад маш хэцүү байдаг уу. Уурлаж бухимддаг уу?

М.Саруул-Эрдэнэ холливүүдийн нэрт
найруулагч Гэйвин О’Коннорын хамт

-Хэцүү байгаагүй. Бид өдөр бүр хөгжилдөн инээлддэг байлаа. Би найруулагчийн үүргийг арай өөрөөр хардаг юм. Бүх хүнд нийцтэй, эевэргүү сайхан орчин үүсгэх нь найруулагчийн хамгийн чухал үүрэг. Сайхан кино хийх, сайхан түүх бүтээхээд тэнд ажиллаж байгаа хүн нэг бүрийн хөдөлмөр шингэсэн байгаа шүү дээ. Энэ бол багийн ажил. Тийм учраас би хүн бүрийг айж эмээх аюулгүй, сэтгэл тайван, энгийн сайхан ажиллаасай гэж хүсдэг. Алдаж болно, алдааг бол байх л ёстой юм гэж харах хэрэгтэй. Зөвхөн жүжигчин ч биш, бусад бүх ажилтны хувьд ч алдаанаас айж болохгүй. Ийм найрсаг, айдасгүй орчин бүрдэхэд сайн бүтээл төрнө.

Гэх мэтээр бидний хэдэн сэтгүүлч найруулагч Гэйвин О’Коннортой хууч хөөрөөд, зураг хөргөө авахуулан уулзалтаа өндөрлөв. Би түүнд Монголын түүх, Монголын амьдралаас олон сайхан кино төрөх, сонин сайхан өгүүлэмж бий шүү хэмээн нэмж хэлэхэлд тэрээр өөр улс үндэстний сонин сайхан түүх бас сонирхон хайж яваа, Монголыг заавал сонирхоно хэмээн амласан билээ. Эцэст нь найруулагч бидэнд киноны нэр үг бүхий цамц бэлэглэв. Киног нээгдэхээс нь өмнө үзэж, найруулагчтай нь уулзан ярилцах завшаан олохын нэг гол зорилго нь киноны тухай үг, сэтгэлээ бусдад түгээхэд оршино хэмээн өмнө өгүүлсэн билээ. Тэр үүргээ одоо харин биелүүлье. Аравдугаар сарын 14-ний өдөр нээлтээ хийх “Нягтлан бодогч” киног үзээрэй. Адал явдал, тулаан зодоон, инээд хошигнол, уянга драм, гэнэтийн шийдэл бүхнийг та нэг дор үзэж мэдрэх болно.

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч

М.Саруул-Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж эхэллээ

Image result for Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж эхэллээ

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нийтийг хамарсан соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ болохгүй. Мөн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй болно. Харин өнөөдрөөс эхлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон, зах худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Содномпилжээд “Жордан” брэндийн пүүз бэлэглэжээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Риогийн паралимпт амжилттай оролцон паурлифтингийн төрөлд хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээд “Жордан” брэндийн алтан шаргал пүүз бэлэглэжээ. Монголын тамирчид халуун сэтгэлээр бие биенээ дэмжин урам хайрлаж байгаа нь хүүхэд залууст үлгэр жишээ болж буй үйл явдал юм. Мөн түүнийг сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг үзэх хүндэт зочноор урьсан байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Монгол хүн НҮБ-аас үлгэр жишээ тариаланчаар шагнуулжээ

oyunchimegНҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төв Дэлхийн хүнсний өдрийг Бангкок хотноо энэ сарын 17-нд тэмдэглэн өнгөрүүлэв. Тус арга хэмжээнд уламжлалт ёсоор Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн оролцсон бөгөөд Эрхэмсэг Гүнжийг ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжих төслүүдийг Тайланд болон бүс нутгийн бусад улс оронд хэрэгжүүлж, өлсгөлөнг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг болохыг нь өндрөөр үнэлж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага өлсгөлөнгийн эсрэг “Zero Hunger” Тусгай Элчин сайдаар зарлав.

Арга хэмжээний үеэр НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүр тодруулдаг Ази, Номхон далайн бүс нутгийн 42 улс орноос оновчтой, үр ашигтай, шинэ технологи ашиглан байгалийн хүнд хэцүү нөхцөлд үр тариа, жимс, хүнсний ногоо ургуулж буй үлгэр жишээ тариаланчдад шагнал гардуулах ёслол болов. 2016 оны үлгэр жишээ тариаланчаар Монгол, Вьетнам, Пакистан, Тайланд, Фижи зэрэг таван улсын иргэн шалгарч, шагналыг Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн гардуулав. Манай улсаас шагнал хүртсэн агрономч Ядамын Оюунчимэг нь хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 27 жилийн хугацаанд ажиллаж, байгалийн эрс тэс уур амьсгалд хүлэмжийн аж ахуйн нөхцлийг сайжруулах, үрийн шинэчлэл, хөрс цаг уурын байдал, экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргах, ургамалын агро-техник үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулсныг нь үнэлж тус шагналыг олгожээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Айшолпаны тухай баримтат кино Оскарт нэр дэвшинэ

Баян-Өлгий аймгийн бүргэдчин охин Н.Айшолпан охины тухай “The Eagle Huntress” кино өнгөрсөн хоёрдугаар сард нээлтээ хийсэн билээ. Баримтат киноны нээлтэд Н.Айшолпан охин аав, ээжийн хамт очиж оролцсон юм. Тус киног олон улсад гаргах эрхийг “Sony Pictures” худалдан авсан бөгөөд ингэснээр “The Eagle Huntress” кино Австрали, Шинэ Зеланд, Латин Америк, Герман, түүнчлэн Ази, Скандинавын орны үзэгчдийн хүртээл болж буй.

Тэгвэл 13 настай бүргэдчин охин Айшолпаны амьдралаас сэдэвлэсэн тус кино Олон улсын Хэмптонсын кино наадамд түрүүлсэн тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Тус наадамд түрүүлснээр “Бүргэдчин охин” кино Оскарын шилдэг гадаад киноны төрөлд нэр дэвших боломжтой болсон аж.

Үүний сацуу АНУ-ын “Harper’s Bazaar” сэтгүүлээс гаргасан 2016 оны эрэлхэг эмэгтэйчүүдийн нэгээр Н.Айшолпан охин тодорчээ. Уг жагсаалтад анх удаа монгол хүн багтаж байгаа нь энэ юм.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар салхи шуургатай байна

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх тул халтиргаа гулгаа үүсч зам даваа хаагдаж болзошгүйг анхааруулж байна.

21, 22-нд зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 21, 22-нд Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 24-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сүүлчийн халз мэтгэлцээн болж байна

АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа амеркийн тэрбумтан, бизнесмен Доналд Трамп болон олон жил улс төрчөөр ажилласан туршлагатай нэр дэвшигч Хилари Клинтон нар яг одоо гурав дахь халз мэтгэлцээнээ хийж байна. Тэдний ярианы гол сэдэв нь мэдээж Хилари Клинтоны мэйл хаяг хахердуулснаас үүдсэн хэрэг болон Трампийн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс дэмжлэг авч байгаа зэрэг болж байна. Тэдний маргаан мэтгэлцээн ширүүхэн үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар Хилари Клинтон саналыг илт тэргүүлсэн хэвээр байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Пусан хоттой тодорхой төслүүд дээр хамтран ажиллана

Нийслэлийн Засаг
даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
Ж.Батбаясгалан БНСУ-ын Пусан хотоос ирсэн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. Энэ оны наймдугаар сард
Пусан хотын дарга Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж,
хоёр хотын хооронд найрамдалт харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурсан.
Гэрээний хүрээнд Пусан хотоос тодорхой
төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллах санал боловсруулахаар Пусан хотын Байгаль
орчны корпорацийн ерөнхийлөгч Ли Жонвон, Пусан хотын Эдийн засгийн хөгжлийн
агентлагийн ерөнхийлөгч Ким Бёнчү тэргүүтэй
ажлын хэсэг Улаанбаатар хотод 10 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд ажиллах
юм. Уулзалтын эхэнд Засаг даргын орлогч хэлсэн үгэндээ “Бидэнд хамтран шийдэх
олон асуудал байна. Агаар, хөрсний бохирдол, тээвэр ложистик, дэд бүтэц, хог
хаягдал гээд Улаанбаатар хотод
тулгамдсан олон асуудалд хамтран ажиллах боломжтой. Улаанбаатар хотын хөгжлийн
корпораци дээр бэлэн болсон төсөл хөтөлбөрүүд бий. Бид Солонгос Улс, Пусан
хотын туршлага, техник, технологийг нэвтрүүлэх, хамтран ажиллахдаа баяртай байх
болно” гэсэн юм. Пусан хотын төлөөлөл “Хоёр
хотын найрамдалт харилцааны хүрээнд Таны хэлсэн төслүүд дээр хамтран
ажиллахдаа таатай байх болно. Хог хаягдлын хувьд бид 30 жилийн өмнө бас хогоо
булдаг байсан. Дараа нь ангилан ялгадаг болсноор булах хогийн хэмжээ багассан.
Одоо хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргадаг, хийгээр нь гагнуур хийдэг
технологид шилжсэн. Энэ асуудлыг манай Байгаль орчны корпорацийн төлөөлөгчид
хариуцан ажиллана. Бид урт хугацааны томоохон төслүүдээс гадна ойрын хугацаанд
шууд хэрэгжих боломжтой төсөл хөтөлбөрийг бас сонирхож байна. Жишээлбэл,
Улаанбаатар- Пусаны чиглэлд шууд нислэгтэй болсон. Үүнийг ашиглаад Аялал жуулчлал, Эрүүл мэнд, Эдийн засгийн
салбарт хамтран ажиллах боломж, дэмжлэг хүсч байна” гэлээ. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил,
агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Бид ирэх 4 жилд хэрэгжүүлэх мөрийн
хөтөлбөртөө Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй,
зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв болох зорилт
дэвшүүлсэн. Тиймээс Аялал жуулчлалын болон бусад салбарт хамтран ажиллах боломжтой.
Бид Та бүхнийг холбогдох газар, агентлагуудтай тусгайлан уулзах боломжоор
хангаж өгнө. Улаанбаатар хотод байх хугацаандаа ирсэн зорилгоо биелүүлж, олон
ажил бүтээгээрэй. Бид бүх талаар
тусална” гэв.