Categories
мэдээ нийгэм

Нүүдлийн соёл судлалын төв байгууллаа

Нүүдлийн соёл зурган илэрцүүдХААИС-ийн ХААШУЗ-ийн харьяанд Нүүдлийн соёл судлалын төв байгуулагдлаа. Энэхүү төв нь үндэсний болон бүс нутаг, олон улсын хэмжээнд нүүдлийн соёл иргэншил, уламжлалыг судлан сурталчлах зорилготой аж. Мөн дэлхийн Монгол судлалыг дэмжиж, гадаад болон дотоодын хэл, соёлын байгууллагуудтай хамтран ажиллаж, Монголын нүүдлийн соёлыг хүртээмжтэй, үр өгөөжтэй, ашигтай бүтээл болгоход чиглэгдэж буй юм.

Нүүдлийн Соёл Судлалын төв нь мал аж ахуй, газар тариалангийн соёл, байгаль хамгаалах, газар орноо танин мэдэх уламжлалт мэдлэг, ардын сурган хүмүүжүүлэх зүй, ардын билиг судлал, шилжилтийн үеийн Монголын нийгэм, эдийн засаг зэрэг уламжлалт болон орчин үеийн шинэ чиг хандлага бүхий сэдвээр олон улсын хамтарсан болон үндэсний хэмжээний онол практикийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, олон улсын, бүс нутгийн, үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, англи, монгол хэлээр сэтгүүл эрхлэн гаргах, судалгааны ажлын үр дүнгээр ном, бүтээл хэвлүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Цэрэг татлага зурган илэрцүүдНийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргасан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүн өнөөдөр хуралдаж, цэрэг татлагын бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажил бүрэн хангагдсан, цэрэг татлагын товчоодод 2 579 албан тушаалтан томилогдон ажиллана. Цэргийн жинхэнэ албаны “Зарлан дуудах хуудас” 95 хувьтай тараагдаж, эзэндээ хүрсэн гэж нийслэлийн Цэргийн штабын орлогч Ш.Анхбаяр танилцуулаа. Гэрээт цэргийн албанд нийслэлийн хэмжээнд 79 иргэн элсүүлэхээс 119 иргэн гэрээт цэргийн албанд элсжээ. Сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн ирц хангалтгүй байснаас зарим дүүрэг, хороодод дахин санал хураалт явуулахаар болсон. Тиймээс сонгуулийн санал авах байртай давхцаж байгаа цэрэг татлагын байруудыг өөрчлөх хэрэгтэй болсон байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “2015 оны 2 ээлжийн цэрэг татлагаар орсон залуусын 33,7 хувь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдөж байсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанд тэнцэхгүй байгаа залуусын дунд мэс засал, дотор, чих, хамар хоолой, сэтгэцийн өвчин голлож байна” гэлээ. Түүнчлэн жил бүр эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанаас чөлөөлөгдөх залуучуудын тоо буурахгүй байгааг онцлов. Нийслэлийн цэрэг татлагын товчооны хурлаас цэргээс халах, цэрэг татлагын үед нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлж, цэрэгт татагдагсдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг, шалгалт хийж, жолооч нарын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгалаа. Мөн цэрэг татлагын зарим байрууд солигдож байгаа учир өнөөдрийн 15:00 цагаас өмнө байруудыг бэлэн болгохыг үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна

Нийслэлийн хэмжээнд он гарсаар гал түймрийн улмаас 7 хүүхэд түлэгдэж, 4 хүүхэд нас барсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид гал түймрийн дуудлагад цаг алдалгүй шуурхай ажилласнаар нийт 27 хүүхдийг гал түймэрт өртөж, эрүүл мэнд, амь насаа алдахаас авран хамгаалсан байна. Эцэг эх, томчуудын хайхрамжгүй байдлаас бага насны хүүхдүүд гал түймэрт өртөж түлэгдэж, гэмтэж, эрүүл мэнд амь насаа алдсан тохиолдол гарч байгаа тул нийт эцэг эхчүүд, томчуудыг гэр, орон байрныхаа галын аюулгүй байдлыг хангаж, ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байж, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг НОБГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг 4 төрлөөр шалгаруулна

Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслолыг 4 дэх жилдээ зохион байгуулна. Энэ удаагийн оны шилдэг бүтээн байгуулалтыг дараах 4 төрөлд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулахаар боллоо.

Үүнд:

Барилга байгууламж //2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор ашиглалтад орсон байх/

Дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэр

Франчайзинг /сүүлийн 3 жилд нэвтрүүлсэн байх/

Брэндинг гэсэн дөрвөн төрөлд нэр дэвшүүлэх саналыг Нийслэлийн Засаг

даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтэст хүлээн авч байгаа юм.

Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, дэлхийн стандартад хүрсэн, орчин үеийн техник, технологид суурилсан, хүрээлэн буй орчинд ээлтэй, өрсөлдөх чадвартай, чанар сайтай оновчтой шийдэлтэй, барилга байгууламж, дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалтыг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шалгаруулна.

Categories
гадаад мэдээ

Мэтгэлцээний үзэгчдийн 10 хүн тутмын зургаа нь Д.Трампийг сайн байлаа хэмээн дүгнэжээ

Доналд Трамп, Хилари Клинтон хоёрын мэтгэлцээн болж өндөрлөлөө. Урьдчилсан санал асуулгын дүнгээс харахад Хиллари Клинтон есөн хувийн саналаар тэргүүлж байсан. Хоёр дахь удаагийн мэтгэлцээний дүнгээр Хиллари Клинтон 47 хувийн санал авч өрсөлдөгчөө тэргүүлсэн юм. Энэ удаад Доналд Трампийг нэлээд хүчин чармайлт гаргана гэж ардчилсан намаас үзэж байв. Гэвч энэ удаагийн мэтгэлцээнээр Доналд Трамп олигтой үр дүн гаргаж чадалгүй 52:39 харьцаагаар ялагдлаа. Хиллари Клинтон ялагч болох нь тодорхой боллоо гэж олон улс дүгнэж байна. Мексикийн дагуу хана барихыг та дэмжиж байсан шүү дээ гэж Трамп Клинтоноос асуужээ. Харин Клинтон “Одоо цаг үе нь өөр болсон байна. Би тэр үед дэмжиж байсан ч цагаачдыг заавал хана барьж тусгаарлалгүйгээр техник технологийн хөгжлөөр асуудлыг шийдэж болно шүү дээ” хэмээжээ. Трамп мөн асууж байгаа асуултууд Хиллариг дэмжсэн өнгө аястай байна хэмээн шүүмжилсэн байна. Мөн үр хөндөлт, эдийн засгийн асуудлаар ярьжээ. Дундаж давхарынханд хөрөнгө оруулах нь зөв. Тэгснээр нийгмийг эрүүлжүүлж байдаг хэмээн Хиллари хэлсэн бол Доналд Ерөнхийлөгч болвол 10 сая ажлын байр бий болгоно хэмээжээ. Мэтгэлцээний үзэгчдийн 36 хувь нь Ардчилсан намын үзэгчид байсан бол 29 хувь нь Бүгд найрамдах намын үзэгчид байжээ. Гэхдээ үзэгчдийн 10 хүн тутмын 6 нь Доналд Трампийг өнөөдөр сайн байлаа гэж үзсэн байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Санаатайгаар гал тавьсан монгол эмэгтэйг БНСУ-д саатуулжээ

БНСУ-ын Сөүл хотын цагдаагийн газраас манай улсын иргэнийг энэ оны аравдугаар сарын 11-ний өдөр санаатайгаар гал тавьж, хохирол учруулсан хэрэгт сэжиглэн саатуулжээ. Албаны эх сурвалжын мэдээлснээр уг эмэгтэй Сөүл хотод суралцдаг, оюутан аж.

Энэ талаар мөн Өмнөд Солонгосын хэвлэлийнхэн ч мэдээлжээ. “Синданг” нэртэй бэлэн хувцасны лангууг тусгай бодис цацаж шатаасан байж болзошгүй аж. Улмаар 30 гаруй сая воны бараа шатаасан хэмээн урьдчилсан байдлаар мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт 9 бие даагч ялалт байгуулжээ

Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль 10 дугаар сарын 19-ний өдрийн 07.00-22.00 цагийн хооронд орон даяар нэгэн зэрэг болж өндөрлөлөө. Сэлэнгэ аймгийн хувьд санал өгөх нэрсийн жагсаалтанд 68409 иргэн бичигдсэнээс 41373 иргэн саналаа өгч сонгуулийн ирц 60,48 хувьтай байв. Хамгийн ирц өндөртэй сумдад Түшиг сум 74,9 хувь, Сант сум 73,8 хувь, Баянгол сум 72,3 хувийн ирцтэй байсан бол хамгийн бага ирцтэй сумд нь Сүхбаатар сум 54,8 хувь,Мандал 55,9 хувь, Алтанбулаг сум 60,5 хувийн ирцтэй оржээ.

Сонгуулийн дүнг сум тус бүрээр танилцуулбал:

Алтанбулаг суманд МАН-9, АН-8, Бие даагч-4,
Баруунбүрэн суманд МАН-10, АН-11,
Баянгол суманд МАН-4, АН-23,
#Ерөө_сумандМАН-11, АН-16,
Жавхлант суманд МАН-6, АН-15,
Зүүнбүрэн суманд МАН-10, АН-9, Бие даагч-1,
Мандал суманд МАН-25, АН-2, Бие даагч-4,
Орхон суманд МАН-12, АН-9,
Орхонтуул суманд МАН-12, АН-9,
Сайхан суманд МАН-19, АН-11, бие даагч-1,
Сант суманд МАН-9, АН-12,
Сүхбаатар суманд МАН19, АН-12,
Түшиг суманд МАН-7, АН-7,
Хушаат суманд МАН-13, АН-2,
Хүдэр суманд МАН-19, АН-2,
Цагааннуур суманд МАН-10, АН-11,
Шаамар суманд МАН-10, АН-10 суудал авчээ.
Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур сумдад нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул дахин санал хураалт явагдана. Саналын тоо тэнцсэн хэсгүүдэд дахин санал хураалтыг хэрхэн явуулах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос зөвлөмж ирүүлэх бөгөөд уг зөвлөмжийн дагуу санал хураалт явагдах юм.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО

Categories
мэдээ нийгэм

Олон улсын усны салбарынхан чуулна

Нийслэл хотод олон улсын усны салбарынхан энэ сарын 23-27-ны өдрүүдэд чуулах гэж байна. Тухайлбал, Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны 24 дүгээр хурлыг БОАЖЯ,ЮНЕСКО-гийн Жакарта дахь төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны нарийн бичгийн дарга нарын газар хамтран ажиллахаар болжээ.

ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хороо нь эрдэм шинжилгээний судалгаа хийх, энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, сургалт семинар зохион байгуулах үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны дээрх үйл ажиллагааг ЮНЕСКО болон Япон улсын Засгийн газар, тус улсын Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухааны яам, Японы итгэлцлийн сан дэмжин санхүүжүүлдэг.

Ус зүйн хөтөлбөрийн Удирдах хорооны энэ удаагийн хурлын зорилго нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн орнуудын эрдэм шинжилгээ, боловсролын хамтын ажиллагааг сайжруулах, уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн судалгааны төсөл, хөтөлбөрийн үр танилцуулан туршлага санал бодлоо солилцоход оршино.

Удирдах хорооны 24 дүгээр хуралд Монгол, Япон, Тайланд, Малайз, БНФУ, БНХАУ, Австрали, Индонез, БНСУ, Бутан, Шинэ Зеланд, Папуа-Шинэ Гвинеи болон Вьетнам зэрэг Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн нийт 14 орны 40 гаруй төлөөлөгчид оролцох юм. Оролцогч орнууд Монгол Улс болон Ази, Номхон далайн орнуудад тогтвортой хөгжлийн “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах” тухай зургадугаар зорилтыг хэрэгжүүлэхэд улс орнуудын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны судалгаа, эрдэм шинжилгээний ажлын ач холбогдлыг онцлон хэлэлцэж, цаашид практикт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгааны шинэ чиглэл, төсөл хөтөлбөрийг тодорхойлох зорилгоор санал солилцох юм байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн санаачилсан төслөөр “Google”, “Microsoft” монголд орж ирлээ

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ази, Европыг холбосон өндөр хурдны дата төв байгуулах төслийг өргөн барьжээ. Энэ нь олон улсын технологийн мэргэжилтнүүд манай улсыг мэдээлэл дамжуулах, тээвэрлэхэд хоёр тивийг холбосон хамгийн тохиромжтой бүс хэмээн үзсэнтэй холбоотой юм.

Энэхүү төслийн хүрээнд Microsoft компани албан өрөөгөө манайд нээжээ. Удахгүй Google, Intel компаниуд монголд эхлүүлэхээр зэхэж байгаа юм байна. Эхний ээлжинд эдгээр дата компаниуд мэдээллийн агууламж хадгалах, дамжуулах тоног төхөөрөмжөө байрлуулах юм байна. Манай улсын мэдээлэл харилцаа, холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад хамтран ажиллах бүрэн боломж нээгдэж байгаа юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

452 мянган тонн үр тариа хураан авчээ

Энэ онд улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна. Харин одоогийн байдлаар 75.5 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 324.0 мянган га-гаас 452.8 мянган тонн үр тариа /441.4 мянган тонн улаан буудай, 14.2 мянган га-гаас 150.3 мянган тонн төмс, 7.7 мянган га-гаас 86.8 мянган тонн хүнсний ногоо, 18.6 мянган га-гаас 45.2 мянган тонн тэжээлийн ургамал/, 35.8 мянган га-гаас 15.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.