Categories
мэдээ нийгэм

Хүүхэд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн осол, хэргийн улмаас 45 хүүхдийн амь нас хохирч, 959 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 3 хүүхдийн амь нас хохирч, 785 хүүхэд гэмтжээ. Насны байдлаар нь үзвэл 0-14 насны хүүхдүүд хамгийн их буюу 85,7%-ийг эзлэж байна.

Хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоон мэдээллээс үзэхэд нийслэлд явган зорчигч хэлбэрээр, орон нутгийн замд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй, хэнэггүй байдал, буруу дадал зуршил /бага насны хүүхэддээ тавих хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдаг, тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэдэг гэх мэт/-ууд дийлэнх хувийг эзэлж байна.

ХҮҮХДҮҮДЭД СУРГААЛИАС ГАДНА ҮЛГЭР ЖИШЭЭ БАЙДАЛ ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛДӨГ. Иймд эцэг эх, жолооч та бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тэдэнд тавих хараа хяналтаа сайжрууулж, замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг, дадлыг тогтмол хэвшүүлж байхыг Замы цагдаагийн албанаас зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар улсын төсвийн төслүүдийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Энэ удаагийн чуулганаар улсын төсөв болон холбогдох төслүүдийг хэлэлцэж байна. Засгийн газар есдүгээр сарын 30-д 2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн барисан. Энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг шийднэ. Мөн төсвийн төслүүдтэй хамт өргөн барисан Нийгмийн даатгалын сангийн тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийднэ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч нийгмийн халамж, тэтгэмжийн талаар дөрвөн саналыг хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцэн батлахтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр санал хүргүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч илгээсэн саналдаа “УИХ-аар 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан дараах саналыг УИХ-д хэлэлцэн шийдвэрлүүлэхээр хүргүүлж байна” гээд, үүнд:

  • Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтийг ирэх оноос эхлүүлэх, үүнтэй холбогдуулан эхний ээлжид 5 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах
  • Аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох улсын төсөв, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлгийг өмнөх хүрсэн түвшингээс бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан зохих эх үүсвэрийг Сангийн сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах
  • Өндөр насны тэтгэвэрт гарч буй багш, эмч, цэргийн албан хаагчдын нэг удаагийн тэтгэмж 36 сар байх, энэхүү тэтгэмжийг тооцох аргачлалыг хэвээр хадгалах, олгох тэтгэмжийг өмнөх жилүүдийн түвшингээс бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан зохих эх үүсвэрийг 2017 оны төсөвт бүрэн хэмжээгээр нь тусгах
  • МСҮТ-үүдийн хувьсах болон хичээл, практикийн зардлын төсвийг нэг суралцагчид ногдох нормативаар тооцон өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр олгоход 1,9 тэрбум төгрөг, МСҮТ-ийн суралцагчдад сар бүр олгодог тэтгэлгийг үргэжлүүлэхэд зориулан 30 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны төсвийн багцад тус тус нэмж тусгах
  • Гадаадын их, дээд сургуулиуд, үүний дотор олон улсын тэргүүлэх 20 сургуульд суралцагчдын зардал, тэтгэлгийг цаашид үргэлжлүүлэн олгох, үүнтэй холбогдуулан 12 тэрбум төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах зэрэг болно.

Эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдол бүхий Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжих хугацааг 5 жилээр хойшлуулсан, мөн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бусад хуулиудын төслийг хууль санаачлагчид нь буцаасан, эсвэл хэлэлцэх хугацааг нь хойшлуулсан байх тул эдгээр шийдвэрүүдээ эргэн харж шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Мөн эдгээр саналуудыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.12 дахь хэсгийг баримтлан нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалгаж шийдвэрлүүлж өгнө үү гэсэн байна.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцэн батлахтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр санал хүргүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч илгээсэн саналдаа “УИХ-аар 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан дараах саналыг УИХ-д хэлэлцэн шийдвэрлүүлэхээр хүргүүлж байна” гээд, үүнд:

  • Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтийг ирэх оноос эхлүүлэх, үүнтэй холбогдуулан эхний ээлжид 5 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах
  • Аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох улсын төсөв, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлгийг өмнөх хүрсэн түвшингээс бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан зохих эх үүсвэрийг Сангийн сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах
  • Өндөр насны тэтгэвэрт гарч буй багш, эмч, цэргийн албан хаагчдын нэг удаагийн тэтгэмж 36 сар байх, энэхүү тэтгэмжийг тооцох аргачлалыг хэвээр хадгалах, олгох тэтгэмжийг өмнөх жилүүдийн түвшингээс бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан зохих эх үүсвэрийг 2017 оны төсөвт бүрэн хэмжээгээр нь тусгах
  • МСҮТ-үүдийн хувьсах болон хичээл, практикийн зардлын төсвийг нэг суралцагчид ногдох нормативаар тооцон өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр олгоход 1,9 тэрбум төгрөг, МСҮТ-ийн суралцагчдад сар бүр олгодог тэтгэлгийг үргэжлүүлэхэд зориулан 30 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны төсвийн багцад тус тус нэмж тусгах
  • Гадаадын их, дээд сургуулиуд, үүний дотор олон улсын тэргүүлэх 20 сургуульд суралцагчдын зардал, тэтгэлгийг цаашид үргэлжлүүлэн олгох, үүнтэй холбогдуулан 12 тэрбум төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах зэрэг болно.

Эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдол бүхий Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжих хугацааг 5 жилээр хойшлуулсан, мөн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бусад хуулиудын төслийг хууль санаачлагчид нь буцаасан, эсвэл хэлэлцэх хугацааг нь хойшлуулсан байх тул эдгээр шийдвэрүүдээ эргэн харж шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Мөн эдгээр саналуудыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.12 дахь хэсгийг баримтлан нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалгаж шийдвэрлүүлж өгнө үү гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Батлан хамгаалах яаманд Герман улсаас 60 ширхэг бенз машин бэлэглэлээ

Монгол Улсын Батлан хамгаалах яаманд 60 ширхэг “Вольф” бенз загварын автомашиныг Герман улсаас бэлэглэлээ. Цэргийн зориулалт бүхий эдгээр автомашинуудыг Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад хуваарилан хүргүүлэх юм байна. Өчигдөр хүлээн авах ёслолын ажиллагаа тус яамны урд талбайд болжээ. Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Герман улсаас монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ш.Дюпель болон холбогдох албаны хүүмүүс оролцлоо. Ноён Ш.Дюпель: “Афганистан улсад манай хоёр орны цэргийн алба хаагчид галын шугаманд хамтдаа зогсч, дэлхийн энх тайвны төлөө тэмцэж байгааг энд дурдах нь зүйтэй. Цаашид ч хамтын ажиллагааг нэмэгдүүлэх болно” гэлээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ цаг-үе

Төрийн соёрхолт Н.Наранбаатар: Наадмын нээлт, хаалтыг найруулахдаа бодож байсныхаа 30 хувьд л хүрсэн

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа.

-Та энэ жилийн Үндэсний их баяр наадмыг найруулсан. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Монгол төрийн наадам найруулна гэдэг бол асар том хариуцлага. Дээр үед хүмүүс “Голын цэнгэлдэх” гэж ярьдаг байсан төв цэнгэлдэхдээ баяр наадмынхаа нээлтийг үзэхээр ирдэг. Наадмын нээлтийг үзэх гээд л ард түмэн минь хамгийн гоё хувцсаа өмсөөд ирдэг шүү дээ. Тиймээс баярласан сэтгэлээр дүүрэн байгаа тэр олны итгэлийг хугалахгүй байх нь миний үүрэг байлаа.

Энэ жилийн баяр наадмын онцлог нь дөрвөн том ой давхацсан. Түүнд тулгуурлаж нээлт, хаалтынхаа утга санааг гаргасан гэж болно. Түүхэн цаг үеийг хүний сэтгэл, оюунд нийцүүлэх, уялдуулахыг хичээсэн. Миний хувьд наадмын нээлт, хаалтыг найруулахдаа бодож байсныхаа 30 хувьд л хүрсэн дээ. Яг санаандаа тултал хийж чадаагүй. Эдийн засгийн байдал үүнд нөлөөлсөн. Ард түмнийг мэл гайхаж, цэл хөхрүүлэх юм хийхэд санхүү маш чухал юм билээ. Төсөв маш бага байлаа. Нөгөө талаар манай наадам өдөр болдог онцлогтой. Олимп яагаад орой болдог гэхээр гэрлээр ч гэсэн тэр хүний сэтгэлд хүрэх зураглалууд бий болгож болдогтоо юм. Өдөр болохоор ядаж л салют буудуулж болохгүй шүү дээ.

-УДЭТ-аас аравдугаар сард түүхэн жүжгүүд үзэгчдэдээ хүргэдэг уламжлалтай. Энэ жил ямар жүжгүүд тавигдах бол?

-Манай театрын зүгээс аравдугаар сарыг түүхэн жүжгийн сар болгодог. Энэ уламжлал тогтоод таван жил болж байна. Энэ удаад “Тэнгэрийн хүү”, “Ану хатан”, “Оролмаа эх”, “Саран хөхөө”, “Харц хатан”, “Тамгагүй төр” гэх зэрэг үндэсний сонгодог жүжгүүдээ үзэгч түмэндээ хүргэнэ. Түүнчлэн энэ жил манай театрын 85 жилийн ой ирэх арваннэгдүгээр сард тохиож байна. Энэ ойн хүрээнд олон ажил хийгдэх болно. Саяхан “Ромео Жульетта” жүжиг ОХУ-ын Буриадын Улаан-Үдэ хотноо тоглогдсон. Нийт дөрвөн улсын есөн театрын уран бүтээлчид оролцсон. Энэхүү наадмын дөрвөн номинацид шилдгээр шалгарлаа. Энэ нь манай театрын залуусын өнгө төрхийг тодорхойллоо гэж үзэж байгаа. Тус наадамд ОХУ-аас судлаач, шүүмжлэгчид ирж шүүсэн. Тэд “Ромео Жульетта”-г олон үзэж байсан ч монголчууд шиг ингэж харж тавьсан нь ховор байлаа. Үзүүштэй байна” гэсэн үнэлгээ өгсөн. Мөн Монголын жүжигчид биеийн хөдөлгөөн сайтай, ур чадвартай байна гэж дүгнэсэн нь залууст маань урам өгсөн хэрэг боллоо. Энэ жилд манай их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа. Тиймээс их зохиолчоороо овоглодог театрын хувьд соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол “Нар шингэсэн ч хөхөө донгоддог” гэсэн уран бүтээлийн ажилд орчихоод байна. Ч.Түвшин найруулагчийн ажиллаж байгаа тус жүжиг нь их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг харуулснаараа онцлог юм. Шинэхэн уран бүтээлээ аравдугаар сарын 4-нөөс тавих болно. Мөн бүх л соёл урлагийн байгууллагуудын мэндчилгээ орсон, хамтарсан гала тоглолт хийнэ. Залуустаа зориулсан “Театр шоу” гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөлөө.

-Таны бодлоор орчин үеийн театрын чиг хандлага ямар байна вэ?

-Театрын урлаг манайд ХХ зууны дунд үеэс хүчтэй хөгжиж ирсэн. Ер нь театрын урлаг амьдралаас нэг алхмаар түрүүлж сурган хүмүүжүүлэгч, төлөвшүүлэгч, ертөнцийг таниулагч нь байх ёстой юм шүү дээ. Монголын театрын чиг хандлага дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад чиглэж байна. Дэлхийн хөгжлийн чиг хандлага хаашаа байна, тийшээ л зүглэнэ. Мэдээж манай театр номер нэг биш. Тухайлбал, ОХУ, Польш, Английн театр гайхамшигтай гэж үзвэл бид тийшээ л зүглэх ёстой юм. Долоон тэрбум хүний ухамсарт нөлөөлж, сэтгэл зүрхийг догдлуулам, гайхамшигтай, сонгодог утга зохиол гэж хүлээн зөвшөөрчихсөн зүйлээс бид шүүрдэх хэрэгтэй.

Мэдээж үндэснийхээ сонгодог бүтээлүүдийг хөхиүлэн дэмжиж, үзэгчдэдээ хүргэх нь зүйн хэрэг. Бид ямар түүхтэй гэдгийг мөн түүний онцлогийг толилуулах хэрэгтэй юм. Биет болон биет бус өв соёлыг харуулсан бахархам сайхан зан заншил, ахуйн соёл, бусдаас гарах ялгамжит амьдрал, зан харьцаа зэргийг шингээсэн бүтээлүүдэд анхаарлаа хандуулж ажиллахыг хичээж байна. Энэ жилээс хүүхдүүддээ зориулж монгол ардын үлгэрүүдээр уран бүтээл хийхээр төлөвлөж байна. Удахгүй Андерсоны үлгэрүүдийг орчуулна. Мэдээж орчин үеийн хүүхэд, залуучуудын бүтээлүүд багтах юм. Түүнчлэн мюзикл бүтээлүүд орж ирнэ. Бид “Парисийн дарь эхийн сүм” гээд мюзикл жүжгийг тавьж байсан. Цаашид энэ чиглэлийг улам хөгжүүлэхийг зорьж байна. Манай театр олон залуучуудтай болсон. Тиймээс залуусын сэтгэл оюунд нийцэх бүтээл рүү ханцуй шамлан орно. Сүүлийн үед мюзикл дэлхий нийтийг маш ихээр татаж байна. Учир нь бүх юм цогцлоод байгаа юм. Мюзиклд хөгжим бүжиг, дуу, жүжиглэлт гээд бүгд байна. Бас уран зураглал ч бий.

-Тэгэхээр жүжигчдээс маш олон чадварыг зэрэг шаардах нь ээ?

-Тийм. Ерөнхийдөө XХI зууны жүжигчин гэж дуулдаг, бүжиглэдэг, аялгуу хөгжим мэдэрдэг, хөдөлгөөний эвсэлтэй гээд олон чадваруудыг эзэмшсэн хүнийг хэлнэ. Тиймээс залуусаасаа ийм зүйлийг шаардаж, бид ч үүний төлөө ажиллана. Академик театрын бүрэлдэхүүнд энэ чанар байх ёстой гэж би үзсэн. Тиймээс өнгөрсөн жилээс бид хөдөлгөөний найруулагчтай боллоо. Г.Ган-Очир найруулагч залуучуудтай ажиллаад үр дүнгээ өгч эхэлж байна. Мөн тайзны хэл ярианы багш авч байгаа. Ингэхээр олон талын авьяастай жүжигчидтэй болохын тулд алхам алхмаар дөхөж байна. Мөн манай театр ойгоо угтаж цахилгаан хөгжим авъя гэсэн саналыг захиргаа дэмжлээ. Ингэхээр залуучууд маань амьд хөгжмийг тоглож сурах, мэдрэх, ритм сонсголоо сайжруулах тал дээр түлхэц болно. Эдгээрээс гадна жүжигчид маань мэргэжлийнхээ сайхан талыг нь харж чаддаг байх шаардлагатай. Алтан үеийн жүжигчдийн өнөөгийн залууст хэрэгтэй, хамгийн чухал, санаж явах ёстой зүйл нь мэргэжилдээ үнэнч, нөхөрсөг, хүндэтгэлтэй, хүн байх чанар юм. Энэ бол хамгийн чухал. Мэдээж цаг үе бүхэнд авьяастан төрдөг. Харин авьяасыг хөдөлмөр, хүн чанар өнгөлж байдаг шүү дээ.

-Та “Атга нөж” жүжгийн Жамухын дүрийг бүтээсэн. Түүхэн дүрийг бүтээхэд хамгийн чухал нь юу вэ?

-Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Баатар найруулагч “Атга нөж” жүжгийг 2005 онд найруулж байлаа. Намайг Жамухын дүрд хуваарилсан юм. Тэр дундаа Жамухын дүрийг түүхэнд олон талаас нь үзсэн байдаг. Жамуха Чингисийг хаан болгожээ, уул нь Жамуха хаан болох байсан юм ч гэх юм. Зарим нь Жамуха бол зохиомол дүр ч гэх нь бий. Гэхдээ мэдээж бодитой дүр л дээ. Түүхэн дүрийг бүтээхийн тулд судалгаа хамгийн чухал. Ямар зан ааштай, хүмүүс тэр дүрд хандах хандлага гэх мэт. Тиймээс Монголын нууц товчоонд зохиолч юу гэж дүгнэсэн байна, бусад харьцаж байгаа Хөхөчү бөө, Чингис, Алтан, Хучир зэргийн дүгнэлтийг хардаг. Эдгээрээс шүүж тухайн дүрийн зан төлөвийг тодорхойлдог юм. Нөгөө талаас энэ хүн юу хүсэж байсан бэ гэдгийг олох нь чухал. Хамгийн гол нь хүлээн зөвшөөрүүлэх гэдгийг сайн бодох ёстой. Нээрээ Жамуха ийм хүн байсан байна шүү гэх. Үзэгчид эргэлзвэл итгэл үнэмшил төрөхгүй шүү дээ. Миний хувьд Жамухыг 32, 33 настай хутганы ир шиг басхүү цог зальтай, цэцэн цэлмэг ухаантай, хор шартай, шалмаг, тийм нэгэн манлайлагч байсан болов уу гэж бодсон. Жамухын “Би Тэмүүжиний дайсан болохоос Монголын дайсан биш” гэж хэлсэн үг Соргодогийн Жаргалсайханы зохиол дээр гардаг. Энэ нь тэр хүнийг илэрхийлж чадсан агуу үг. Энэхүү дүрийг бүтээсэндээ баярлаж явдаг даа.

-Та “Бооцоо”, “Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи минийх”, “Шөнө дундын бүжиг”, “Нууц амраг чинь болъё”, “Шөнө амталсан нулимс” гээд л ихэвчлэн хайр сэтгэлийн сэдэвтэй жүжгүүд найруулсан байдаг. Энэ талаараа яриач?

-Уран бүтээлийн минь 98 хувь нь хайр дурлалынх байдаг. Ертөнцийг дүгнэвэл хайр. Гэхдээ долоон тэрбум хүний хайр сэтгэл янз бүрээр илэрнэ. Бүгд өөр, өөрийн онцлогтой гэсэн үг. Мэдээж эцэг эх, эх орон, нөхөрлөл, ажил мэргэжлийн ч хайр байна. Би хүн бүхэн хайраар дүүрэн, хайр нь энэрэл, уучлалаар дүүрэн байгаасай гэж боддог. Миний бодлоор дэлхий дээр байгаа тэр олон зохиол эцсийн бүлэгт хүнд хайрын тухай ойлгуулахад байдаг болов уу. Миний найруулсан гуч гаруй жүжиг бүгд үүнд чиглэж байна. Цаашид ч үргэлжлэх байх. “Гамлет” ч бас маш сонирхолтой хайрыг өгүүлдэг. Гэр бүл, ард түмэн, улс орноо хайрлах хайр байдаг. Үүнийг л үзэгчдэдээ хүргэх гэсэн сэтгэлээр хичээсэн. Гэхдээ “Гамлет” жүжгийг найруулахад хамгийн хэцүү байсан. Тархи оюунаа маш их гашилгаж байж бүтсэн дээ. Энэхүү жүжгийг төгс тавьсан хүн дэлхий дээр байдаггүй л юм гэсэн. “Гамлет”-ыг цаг үеэ олж тавигддаг гэж мэргэд хэлдэг юм билээ. Цаг нь болоогүй бол тавигддаггүй юм гэсэн. Ямар ч байсан цаг хугацаандаа хийгдсэн гэж боддог. Маш их түүхтэй, филисофи өндөртэй жүжиг шүү дээ.

-Цаашид үзэгчдэдээ ямар уран бүтээл толилуулахаар ажиллаж байна вэ?

-Одоогоор Бурхан багшийн тухай бүтээл хийж байна. Бурхан багшийн намтар, филисофийг энэ бүтээлээрээ хүргэхийг хүсч байгаа. Энэ бүтээлдээ зориулж өнгөрсөн хоёрдугаар сард Энэтхэгт судалгаа хийсэн. Мөн Гётегийн “Фауст” жүжгийг тавихыг маш их хүсэж байгаа. 2018 он гэхэд болчих болов уу гэж бодож байна. Манайд театрын түүхэнд тавигдаж байгаагүй юм. Мөн Чингис хааны тухай жүжиг цаг нь болохоор хийнэ. Тэр дундаа С.Жаргалсайхан ахын зохиолоор хийх болно.

-Драмын дөрөв шинэ уран бүтээл хийх үү?

-Бидний дуунууд дандаа орцны дуунууд байдаг. Дуу бол хүнд тухайн үеийн дурсамжийг авчирдаг ид шидтэй. Пионерын зусланд, орцонд, найз нөхдөөрөө, сангийн аж ахуйд дуулдаг өнөөх дуунууд чинь тэр үеэ хадгалж үлдсэн байдаг юм. Тиймээс хүний сэтгэлд хоногшин үлдсэн байдаг орцны дуунуудыг сонгож анхны цомгоо “Хайрын дурсамж” нэртэй гаргасан. Бид үзэгчдээс тийм сайхан үнэлгээ авна гэж үнэндээ бодоогүй. Хүн болгон сонсох дуртай байлаа. Тиймээс улам урамшиж “Бүсгүй чамд” гээд хоёр дахь цомгоо гаргасан даа. Энэ жил “Драмын дөрөв”-ийн арван жилийн ой тохиож байна. Бид арваннэгдүгээр сарын эхээр сонсогчдодоо зориулж амьд тоглолт хийхээр төлөвлөж байна. Мөн шинэ цомгоо гаргана.

-Та найруулагч болсон тухайгаа яриач?

-Би анх жүжигчин болъё гэсэн бодолтой байсан юм. Миний мэргэжлийн багш урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг. Манай багш “Чамд найруулах жаахан юм байна. Чи ер нь давхар сурахгүй юу” гэсэн. Тэгээд багшийнхаа хэлснээр яваад жүжигчин, найруулагч гэсэн хоёр мэргэжилтэй төгссөн. Шууд найруулагч болсноос жүжигчин байж байгаад найруулагч болох нь илүү давуу талтай. Гол нь урлагийн ертөнц өөрөө гоё юм. Урлагийн хүний ертөнцөөр амьдарна гэдэг их сонирхолтой шүү дээ. Хэзээ ч уйдамгүй. Тэр дундаа жүжигчин хүнийх. Энэ хорвоо дэлхий дээр хамгийн сонин, содон зүйлсийг утга зохиол илэрхийлдэг. Тэр бүхний дүрд хувирна гэдэг маш сонирхолтой. Хүн болгон өөрийнхөө бичигдсэн зохиолоор явдаг бол жүжигчин хүн маш олон хүний хувь зохиолоор амьдрах боломжтой. Тиймээс судалгаа хийж түүндээ орох нь хамгаас чухал. Харин найруулагч хүний хамгийн сайхан нь миний ертөнцөөр хүмүүс аялдагт л байдаг. Энэ бол бахархам сайхан.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Сошиал сүлжээ хэн нэгнээ “байхгүй болгодог” талбар биш ээ

Image result for Сошиал сүлжээ

Хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр гуя нь хөх няц болсон нэгэн эмэгтэйн зураг шуугиан тарилаа. Түргэний эмч машинд төрүүлэхгүй гэсэндээ гуяыг нь хөх няц болтол базаж чимхлээ гэсэн тайлбартайгаар. Уг зураг сошиалд тавигдсан даруйдаа бөөн шуугиан дэгдээв.

Мэдээж нөгөө эмчийг газар доогуур ортол, аль байдаг мэддэг бүх л хараалын үгсээр “шүршиж” өгчээ. Өвдөж зовох цагтаа “эмч ээ, эмч ээ” гэж гүйдэг хэрнээ үнэн худал нь эс мэдэгдэх зүгээр нэгэн зурагнаас болж эмч нарыг тэгтлээ их хараах нь ямар муухай бөгөөд гунигтай байв аа. Олон нийтийн сүлжээгээр тарж байгаа мэдээлэл бүхнийг “Энэ бол яг үнэн” гэж шууд хүлээж авдгаас болж нийгэмд хэн нэгнийг харлуулах нь тун амархан болж. Бизнесийн өрсөлдөгч, улстөрч, эмч, багш гээд хэнийг л бол хэнийг ёстой л юу ч үгүй “алж” болох газар сошиал сүлжээ болж хувираад байна. Мэдээж бүх зүйл нь хий хоосон худлаа гэж байгаа юм биш. Харамсалтай нь лав тал хувь нь худлаа хоосон мэдээлэл. Монголчууд эртнээсээ ам дамжсан, цуу маягийн ярианд итгэдэг хандлага нь одоо болтол хэвээр шахуу. Тэр маягаараа үнэн худал нь батлагдаагүй зүйлд ач холбогдол өгч бусдыгаа аль болох доош нь хийчих санаатай.

Анзаараад байхад болж л өгвөл бусдынхаа мууд дурлаад, маруухан явж байвал баярлачих гээд байдаг өөдгүй сэтгэлгээтэй. Энэ хөгийн сэтгэлгээнээсээ болж монголчууд хөгждөггүй шүү дээ гэж учир мэдэх хүмүүс ярих л юм билээ. Дээр дурдсан жирэмсэн эмэгтэйг үнэхээр тэгтэл базсан бол тухайн эмч хариуцлагаа хүлээх л биз. Монголчууд минь ээ. Хэн нэгнийг харааж гутааж, дорожлохоосоо өмнө эхлээд бага ч болов тунгааж бодож баймаар л байна даа. Аль ч асуудалд, ямар ч зүйлд хэдий болтол сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаад байх вэ. Жаахан ч гэлээ ул суурьтай байцгаах хэрэгтэй байна. Бас олон нийтийн сүлжээ хэн нэгнийг “байхгүй болгодог” талбар биш шүү дээ.

Б.Баатар

Categories
мэдээ цаг-үе

Хүүхнүүд турна гэж худлаа ярьдгаа боль

Монголоор дүүрэн турж эцэх тухай ярьсан хүүхнүүд. Туранхай хэрнээ л турна гэж ярих. “Яана аа би хэцүүдлээ” гэж ирээд л хоорондоо хэрхэн жингээ хасах, багасгах, хоолоо хасах тухай ярьцгаана. Энэ нь чухам өнөө цагийн аяс бололтой. Тэрнээс урьдын хүүхнүүдийн дунд ийм яриа байгаагүй байх. Анзаарч байгаагаар бол энэхүү турах тухай яриа хүүхнүүдийн дунд зүгээр л моод бололтой юм. Ингэж ярихгүй бол хоцрогдсон бүдүүлэг, орчин үелэг биш… өөр юу байдаг юм, тийм л нэг цаг үеэсээ хоцорсон мэт харагдахгүй байх хэлбэрдэлт бус уу.

Үүнийг юугаар батлах вэ гэхээр турах тухай ярьж байгаа бүсгүйчүүдийн лавтай 99 хувь нь хэв хэвээрээ тарга тэвээрэгтэй байсаар байдагт юм. Үүн дээр бас нэг нэмэгддэг зүйл нь турж байгаа нь энэ гээд элдэв цай цүү, эм бэлдмэл зүйлсийг биестэйгээ уралдан, хөөрөлдөн ууцгаах нь инээд хүрмээр.

За энэ хүүхэн ч одоо нэвт турах байх даа гээд хэд хоногийн дараа харах нь ээ “Байхгүй, сая баяраар идээд форм алдчихлаа” гэх шиг юм яриад бүр ч бүдүүрчихсэн сууж байх. Тэгэхээрээ тэр идлэг уулга бас нэгнийгээ дуурайдаг моод төдийхөн бололтой. Үүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр монголчуудын дунд амны бэлгэ гэж нэг юм бий.

Энэ цаг дор Монголын бүх хүүхэн турна гэж худлаа ярьцгаасаар нээрэн Ленинградын бүслэлтийн үеийн хүүхнүүд шиг цаг үе ирчих вий дээ гэж. Зүгээр сайхан мах мяраатайгаа байцгаа л даа. Чаддаг нэг хувь нь гүрийж байгаад яс арьс болдог юм байгаа биз. Бусад нь худлаа ярихаа, мөнгөө үрэхээ болих хэрэгтэй. Ямар эр хүн яс арьс болсон хүүхэн тэврээд хэвтэхийг бодох юм бэ.

П.Хашчулуун

Categories
мэдээ нийгэм

Ард иргэдэд хуулийн үнэгүй зөвлөгөө өгнө

Монголын Өмгөөлөгчдийн холбоо Нийслэлийн 377 жилийн ойд зориулан иргэдэд хуулийн үнэгүй зөвлөгөө өгөхөөр болжээ. Энэхүү үйл ажиллагаа Дүнжингарав, Мишээл, Драгон зэрэг томоохон захуудад энэ сарын 28-д 10:00-19:00 цагийн хооронд болох юм байна.

Иргэд та бүхэн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй энэхүү үйл ажиллагаанд өргөнөөр оролцож, өөрсдийн амьдралдаа тулгараад буй шийдэж чадахгүй байгаа аливаа нэг маргаантай асуудлуудаараа мэргэжлийн өмгөөлөгчдөөс зөвлөгөө аваарай. Таны асуудлыг амаар болон бичгээр хүлээн авах юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Унтарсаар унтарсаар уугих утаа ч үгүй болсон орон нутгийн сонгууль” нийтлэл хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн явц болон дүнгийн талаар болон УИХ-ын гишүүн Н.Цэрэнбаттай хийсэн ярилцлагыг манай сонины нэгдүгээр нүүрнээс унших боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцэн батлахтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболдод санал өчигдөр санал хүргүүлжээ. Энэ талаар болон бусад мэдээ мэдээллийг улс төрийн нүүрнүүдээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж нийгмийн бүхий л салбарт шуугиан тарьж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Унтарсаар унтарсаар уугих утаа ч үгүй болсон орон нутгийн сонгууль” нийтлэл хэвлэгдлээ.

Эдийн засгийн зургадугаар нүүрнээс “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэигэх захирал Х.Хэрлэнтэй хийсэн ярилцлагыг сонирхон уншаарай.

Харин баримт, үйл явдлын 11 дүгээр нүүрнээс фэйсбүүк ашиглан бусдыг хохироосон гэмт этгээдүүдийг барьсан тухай болон БНСУ-д нэгэн хувцасны дэлгүүрт захиалгаар гал тавьсан гэх хэргийн талаар уншаарай.

Мөн “Дэвжээ”, “Дэлхийн спорт”, “Аяны дөрөө мултлахуй” зэрэг булангуудаа амтархан уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Н.Баяртсайхан: ОУВС-тай гэрээ хийхэд Төв банк, Сангийн яамны яриа нэг байх хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүд хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Энэ жилийн төсвийн алдагдал 2.6 их наяд, гадаад өр 2.5 тэрбум ам.доллар байна. Удахгүй Хөгжлийн банкны 580 сая долларын өрийг монгол улс төлнө. Иймэрхүү хэцүү нөхцөл байдалд, өмнөх засгийн өрийг барагдуулах журмаар явж байгааг гишүүд тодотгож байлаа. Төсөлтэй холбогдуулж гишүүд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэгээс асуулт тодруулга авсныг хүргэж байна.

Содбаатар гишүүн: Чанаргүй зээл байнга нэмэгдэж байна. 24 хувийг нь уул уурхай, 14 хувийг нь барилгын салбар, 60 хувь нь том аж ахуй нэгж дээр оногдож байна гэж байна. Монгол банк чанаргүй зээлэн дээр ямар бодлого явуулж байна вэ? Ер нь жаахан хатуу бодлого баримтлах юм байна. Ханшийн захыг нээлттэй болгох талаар нэлээд санал оржээ. Үүнийг дэлгэрүүлж өгөөч. Монгол банкны алдагдал хэр байна вэ?

Тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг: Бодлогын хүүгээ өсгөх нэг шалтгаан нь санхүүгийн тогтворгүй байдал байсан. Төсөв 18 хувийн алдагдалтай байсан. Өнөөдөр эдийн засгийн байдал өөрчлөгдсөн. Тиймээс бодлогын хүүг эргэн харж болно. Ажлын хэсэг гаран ажиллаж байна. Хугацаа хэтэрсэн 7.1 хувийн зээлээ яаж шийдэх вэ гэх мэтчилэн асуудлуудыг боловсруулаад явж байна. УИХ-д орж ирэх байх. Ашигт ажиллагааны хувьд системийнхээ хүрээнд арилжааны банкуудад буурч байгаа.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: ОУВС-с зээл олдох болов уу, олдвол ямар нөхцөлөөр олдох вэ, авсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байгаа учир цааш нь сунгаж болох болов уу, төсвийн алдагдал 2.5 их наяд төгрөг байгаа. ДНБ-ий 9.9 хувьтай батлагдсан тохиолдолд мөнгөний бодлогыг яаж явуулах вэ? Бодлогын хүү буух уу, буухгүй шүү дээ. Мөнгөний эргэцийн хурд түүхэндээ 2-с доош орж байсныг би санахгүй байна. Мөнгө эргэхгүй байна. Тэгэхээр эдийн засгийн идэвхжил муу байна гэсэн үг. Хямрал болж байна гэсэн үг. Та бүхэнд мөнгө байхгүй учир ханшийг барьж чадахгүй шүү дээ. ОУВС-аас зээл авъя гэвэл мөнгөний бодлого, төсвөө өөрөөр баталъя. Үүн дээр тодорхой хариу авмаар байна. Засгийн газар мөнгөний хүүг 3, монгол банк 2.8 гээд оруулаад ирлээ. Инфляцийг Засгийн газар 6.5, Монгол банк 4.4 гэж байна. Аль нь зөв юм бэ? Энэ хоёр тоо өөр байхад бид бодлогын талаар юу ярих юм бэ?

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Өмнөх засгийн үед тавьсан өрийг дарахын тулд Монгол банк, Засгийн газар бүгд ажиллаж байна. Валютын нөөцийг гаднаас татах, томоохон төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг хүлээж байна. ОУВС-г Дэлхийн банк зэрэг томоохон байгууллагуудад төлөөлдөг захирлуудтай сая уулзаад ирсэн. Санал бодлоо солилцсон. Тодорхой гэрээ хэлцэл бол яваагүй. Харин энэ долоо хоногийн сүүлээр ОУВС-ын ажлын хэсэг монголд ирж хоёр долоо хоног ажиллана. Энэ явцад олон зүйл тодорхой болох байх. Гол нь ОУВС-тай гэрээ хийхэд Засгийн газар, Төв банк, Сангийн яам бусад яамдын сайд дарга нарын яриа нэг байх хэрэгтэй байна. Энэ маш чухал байна. Үүн дээр Сангийн яам анхаараачээ гээд Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хэлээд албан тоот явуулаад байгаа. Энэ хэлэлцээрээс цаашид маш олон зүйл хамаарна. Төв банк бие даасан байдлаа хангахын үүднээс бондыг гаргахаа орчин үед больсон. Сангийн яам, Засгийн газартаа шилжүүлдэг болсон.

О.ӨНӨР