Categories
мэдээ нийгэм

Д.Ганбат: Монголын төмөр зам “Самсунг Си энд Ти” компанитай хийсэн гэрээгээ хоёр талын хүсэлтээр цуцаллаа

Зам, Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат төмөр зам, автозам, автотээвэр, агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа, тулгамдаж байгаа шийдвэрлэх шаардлагатай асуудал, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Ухаа худаг- Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих концессын гэрээг Монголын Төмөр Зам компани “Самсунг Си энд Ти” компанитай байгуулсан байсан.

Энэ гэрээг хоёр тал тохиролцсоны үндсэн дээр өнөөдөр хүчингүй болгосон байна. Гэрээ дүгнэх үйл ажиллагаа гурван сарын турш үргэлжилж өнөөдөр ийнхүү дуусгавар болсныг Зам Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат мэдээллээ.

Тэрбээр “Гашуун сухайт хүрэх энэ төмөр зам нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдолтой. Энэ зам жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Нүүрсээ тогтмол тээвэрлэхэд 11 жилийн дотор зардлаа 100 хувь нөхнө.

Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг “Энержи Ресурс” компани өөрөө ашиглалтад оруулаад 30 жилийн дараа улсад тодорхой хувийг нь өгөх нөхцөлтэй байсан. Уг компанийн боловсруулсан ТЭЗҮ-гээр энэ зам 1.1 тэрбум ам.доллараар босно. Өмнөх Засгийн газрын үед Н.Алтанхуяг Ерөнхий сайд энэ гэрээг хүчингүй болгож, Монголын Төмөр Зам компанид эрхийг нь шилжүүлсэн.

Энэ төмөр замыг ганцхан Таван толгойн нүүрсийг тээвэрлэнэ гэж бодож болохгүй. Оюу толгойн зэсийн баяжмалыг ч гэсэн энэ замаар экспортод гаргана. Төмөр замын тавдугаар зөрлөгийг Оюу толгой уурхайтай холбож баяжмалаа тээвэрлэнэ. Мөн ойр хавийн төр болон хувийн хэвшлийн ордуудын нүүрсийг тээвэрлэж, тээврийн эрчмийг ихээр нэмэгдүүлэх боломжтой.

“Энержи Ресурс”-ын боловсруулсан ТЭЗҮ-д зөвхөн Ухаа худаг-Гашуун сухайтын төмөр зам гэж байсан. Одоо Таван толгой-Гашуун сухайтын төмөр зам болох юм байгаа юм. Энэ утгаараа төр, улсын төсөвт төвлөрөх орлого нь нэмэгдэх ач холбогдолтой төмөр зам.

“Самсунг Cи энд Tи” компани санхүүгийн хувьд асуудал үүссэн гэж үзээд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Тэгэхээр энэ талаар мэдээлэл өгөх боломж одоохондоо байхгүй.

Харин уг компани МТЗ компанитай санхүүжилтын асуудлаас болоод зогссон гэрээгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн байгаа.

МТЗ компаниас санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, замыг үргэлжлүүлэн барих хүсэлтийг тавьсан боловч Самсунг Cи энд Tи компанийн зүгээс хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн ч үргэлжлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн. Тийм учраас бид дараагийн хөрөнгө оруулагчийг олж хамтран ажиллахын тулд уг гэрээг цуцлахаас өөр аргагүй боллоо гэж үзсэн юм. Гэрээгээ дүгнээд хоёр тал гэрээгээ өнөөдөр хүчингүй болголоо. Ямар нэгэн гомдол санал гараагүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хасбанк “Уур амьсгалын ногоон сан”-гийн үндэсний хэрэгжүүлэгч байгууллага боллоо

НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund)-ийн Удирдах зөвлөлийн 14 дэх удаагийн өртгөтгөсөн хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр БНСУ-ын Инчеон хотноо боллоо. Уг хуралдаанаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд 745 сая ам.долларын санхүүжилт хийхээр шийдвэрлэсний зэрэгцээ тус сангаас магадлан итгэмжлэгдсэн Хэрэгжүүлэгч Байгууллага (Accredited Entities)-уудын тоог наймаар нэмж, 41 болгосны дотор ХасБанкийг Монгол Улс дахь Үндэсний Хэрэгжүүлэгч Байгууллага хэмээн магадлан итгэмжиллээ.

Тус сан нь өөрийн магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудаар дамжуулан дэлхий даяар хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг санхүүжүүлдэг бөгөөд ХасБанк ийнхүү магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын төдийгүй дэлхийн анхны хувийн арилжааны банк болж байна.

Ингэснээр ХасБанк Монгол Улсын Засгийн Газар, олон нийт болон хувийн хэвшлээс хэрэгжүүлэх байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдэд урт хугацаа, бага хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох, батлан даалт гаргах, компанийн өөрийн хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх зэргээр санхүүжүүлэхээс гадна шаардлагатай төслүүдэд “Уур амьсгалын ногоон сан”-аас буцалтгүй тусламж авах таатай боломж нээгдэж байгаа юм.

ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болдоо энэ талаар хэлэхдээ, “Бид Эрдэнэт хүмүүн, Эх дэлхий, Эрүүл ашиг хэмээх 3 тулгуурт зарчмыг баримтлаж, байгаль орчинд ээлтэй, ногоон бизнесийг дэмжин ажилладаг. 2009 онд банкны салбартаа анхны Эко банкны хэлтсийг байгуулж, хүлэмжийг хийг бууруулах, эрчим хүчний хэрэглээг багасгах чиглэлээр Micro Energy Credit, Нидерландын хөгжлийн банк, Дойче банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Global Climate Partnership Fund зэрэг олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажилласаар ирсэн. Уур амьсгалын ногоон сангаас ХасБанкийг магадлан итгэмжлэгдсэн Үндэсний Хэрэгжүүлэгч Байгууллагаар батламжилсан нь эх дэлхий, байгаль орчныг хамгаалахад оруулж буй бидний хувь нэмэр, компанийн засаглал, нийгмийн хариуцлага болон үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд олон улсын стандартыг нэвтрүүлсэн байдал зэргийг үнэлж баталгаажуулсан төдийгүй цаашид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бүс нутагтаа бодитой хувь нэмэр оруулна хэмээн итгэл хүлээлгэсэн хэрэг.” хэмээн дурдсан юм.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөдөлгөөн дэлхийн улс орнуудын төр засаг, хувийн хэвшил, ТББ, ард иргэд гээд бүх шатанд өрнөж байна. Монгол Улсын хувьд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид 1993 онд, Киотогийн протоколд 1999 онд тус тус нэгдсэн бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ. Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд манай орны жилийн дундаж агаарын температур 2.1 градусаар дулаарсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 10 жилд гамшигт үзэгдлийн давтамж 1.5 дахин нэмэгдэж, 424 хүний амь нас эрсдэн, 24.5 сая мал хорогдон олон тэрбум төгрөгийг хохирол учирсан байна.

Дэлхий нийтэд тулгамдаад буй энэхүү асуудалд ХасБанк өөрийн хувь нэмрийг оруулж, үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээхийн төлөө санаачилга гарган, манлайлан ажилласаар байх болно.

Categories
мэдээ нийгэм

Анхны нарны цахилгаан станцыг байгуулна

Монгол улс нарны анхны цахилгаан станцаа Дархан-Уул аймагт барих гэрээг өнгөрсөн долдугаар сард байгуулсан. Тус гэрээний хүрээнд Дарханд төвтэй дотоодын “Solar power international”, Японы “Sharp” корпорац, “Shigemitsu shoji” компани хамтран 10 мвт-ын хүчин чадалтай станц барьж байгаа юм.

Энэхүү станц жилд 14.1 сая квт цаг эрчим хүч үйлдвэрлэн, Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх зорилготой аж. Улмаар жилд 14,746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлнэ. Мөн энэ онд багтаан ашиглалтанд орсноор Дархан-Уул аймгийн 20,000 мянган өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм.

Цахилгаан станц барих ажилд арлын орны “Sharp” корпорацийн өндөр үзүүлэлттэй нарны зай, хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан, ноу-хау, туршлагыг нэвтрүүлэх юм. Мөн өндөр хүчдэлийн цахилгаан тоноглолын чиглэлээр дэлхийд тэргүүлдэг ХБНГУ-ын СМА, Шведийн ABB компаниас авч байна. Түүнчлэн хасах 30-40 хэмд найдвартай, үр ашигтай ажиллана гэж тооцоолжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Итгэл” уран сайхны кино “Азийн шилдэг кино наадам”-д өрсөлдөнө

“Oscar”-ын шагналт, нэрт продюсер Андре Морган, “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын амбан захирагч Антонио Вилларайгоса зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд хүндэт гишүүнээр тус, тус сонгогдон ажилладаг “Азийн дэлхийн шилдэг кино наадам” 10-р сарын 24-өөс 11-р сарын 1 хүртэл болох гэж байна.

“Азийн дэлхийн шилдэг кино наадам” нь Азийн улс орнуудын ахуй соёл, ёс заншил, өвөрмөц онцлогийг кино урлагаар дамжуулан дэлхий дахинаа таниулан сурталчлах зорилготой юм. Тус наадамд Ази тивийн 50 гаруй орны кино уран бүтээлчид оролцож 7 номинацид хоорондоо өрсөлддөг бөгөөд тухайн бүтээлүүд дунд тухайн оны Оскар болон Алтан бөмбөрцөг кино наадамд өрсөлдөх кинонууд оролцдогоороо онцлогтой.

Кино бүтээгчдийг хооронд нь танилцуулах цаашдаа хамтран ажиллах боломжийг нээх төдийгүй Азийн кино уран бүтээлчийг Холливудад танигдах боломжийг нээдэг уг наадамд өнгөрсөн жил “Бодлын хулгайч” кино “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналыг хүртсэн бол энэ жил Монгол улсаас “Итгэл”, “Ээж” уран сайхны кинонууд оролцохоор болжээ.

Categories
мэдээ улс-төр

Олон улсын симпозиум болов

МУИС-ийн Хууль зүйн сургуулиас санаачлан Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо, Ханнс Зайделийн сантай хамтран “Монгол Улсын хувийн эрх зүйн тулгамдсан асуудал: Иргэний болон худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг” сэдэвт олон улсын симпозиумыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Уг симпозиумын хүрээнд Монгол Улсын Иргэний хуультай холбогдсон эдийн засаг, бизнесийн хүрээний эрх зүйн зохицуулалтын тулгамдаж буй асуудлыг хувийн эрх зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хөндөж, худалдааны төрөлжсөн хуулийн талаар хэлэлцэв.

.Тус олон улсын симпозиум нь “Эдийн засгийн эрх зүйн зохицуулалт: Хувийн эрх зүйн онол ба кодификаци” сэдвээр үндсэн хуралдаан, “Иргэний эрх зүйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Худалдааны эрх зүй, цаашдын чиг хандлага”, “Гадаад орнуудын иргэний болон хувийн эрх зүйн зохицуулалт” сэдвүүдээр салбар хуралдаан хийсэн бөгөөд Япон, ХБНГУ, БНСУ-ын төлөөлөгчид урилгаар оролцож өөрийн улсын иргэний болон худалдааны хууль тогтоомжийн онцлог, хувийн эрх зүйн хууль тогтоомжийн уялдаа холбоо, тулгарч буй бэрхшээлийн талаар санал бодлоо солилцлоо.

Мөн симпозиумаар хэлэлцсэн асуудлаар хууль тогтоогчид, бодлого боловсруулагч ба хэрэгжүүлэгчид, судлаачдад хандан бодлогын зөвлөмж гаргав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Чөлөөтийнхөн их хурлаа ирэх сард товложээ

Монголын спорт холбоодууд “РИО-2016” олимпийн наадмаас хойш өнгөрсөн 90 хоногт багтаж, дөрвөн жилийн тайлангаа хэлэлцэн, дараагийн олимпийн наадамд бэлтгэх үндсэн зорилгоо тодорхойлох хурлаа зохион байгуулдаг уламжлалтай. Олон улсын спортын холбоод ч энэ жишгийг барьж ажилладаг.

Монголын спортын холбоодоос “Рио-2016” олимпийн наадмын дараа одоогоор Жүдо бөхийн холбоо есдүгээр сарын 14-нд Их хурлаа хийж, холбооны удирдлагуудаа сонгож, дотоод асуудлаа ярилцаад байгаа.

Харин өнгөрсөн дөрвөн жил үл ойлголцож, холбоо дотроо маргаан дагуулж ирсэн Монголын чөлөөт бөхийн холбоо арваннэгдүгээр сарын 19-нд хурлаа хийхээр товлоод байгаа аж. МЧБХ- ны Их хурлаар холбооны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явуулж, ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадоржид итгэл хүлээлгэх эсэхээ шийдэх юм.

Categories
гадаад мэдээ

Гурав дахь халз мэтгэлцээнд Х.Клинтон дахин ялалт байгуулав

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Алеппо хотод түр гал зогсоох хугацааг боломжийн хүрээнд сунгахад бэлэн байна” гэж мэдэгдлээ. Тэрээр цааш нь “Бид агаарын цохилтыг түр зогсоох хугацааг нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр тогтоохоор төлөвлөж байна. АНУ нь Сирийн сөрөг хүчнийхнийг “Жебхат аль-Нусра” зэрэг террорист бүлэглэлээс ялгаж салгана гэсэн амлалтаа биелүүлнэ гэж бид найдаж байна. Ингэснээр бид цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн явуулах талаар ойлголцох юм” гэв.

-Берлин хотноо Нормандын дөрвөлийн уулзалт болж өндөрлөжээ. Украины Ерөнхийлөгч П.Порошенко, ХБНГУ-ын Канцлер А.Меркель, Францын Ерөнхийлөгч Ф.Олланд, ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин нарын уулзалт дөрвөн цаг орчим үргэлжилсэн бөгөөд хаалттай болсон байна. Тэд Сири, Украины асуудлаар хэлэлцэж, санал бодлоо солилцжээ.

-Аргентинд өсвөр насны охиныг хүчирхийлэн хөнөөснийг эсэргүүцэн олныг хамарсан жагсаал болсон байна. Тус улсын Мар-дель-Плата хотод 16 настай Люсия Перес охиныг мансууруулж, хүчирхийлсний дараа амийг нь хөнөөсөн хэрэг саяхан гарчээ. Хүний эрхийг хамгаалагчид иргэдийг хар хувцас өмсч, эсэргүүцлийн жагсаалд нэгдэхийг уриалсан аж. Аргентиний нийслэл Буэнос-Айрес болон бусад хотын иргэд ч жагсаалд нэгджээ. Жагсагчид “Хэрэв хэн нэгэн бидэнд гар хүрвэл бид хамтдаа хариуг нь өгөх болно” гэсэн бичээс бүхий лоозон гартаа барьцгаасан байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход хорь ч хүрэхгүй хоног үлдээд байна. Тус сонгуульд өрсөлдөх Х.Клинтон, Д.Трамп нарын хэн нь дараагийн Ерөнхийлөгч болох нь дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Клинтон сонгуулийн өмнөх сунгааны нийт дүн болон гурван удаа болсон халз мэтгэлцээний дүнгээр ч ялалт байгуулаад буй.

“СNN” телевиз өчигдөр болж өндөрлөсөн хамгийн сүүлчийн халз мэтгэлцээний талаар үзэгчдийн дунд санал асуулга явуулсан байна. Санал асуулгын дүнгээр Ардчилсан намаас өрсөлдөх Х.Клинтон 52 хувийн саналаар өрсөлдөгчөө ялаад буй юм.

Бүгд найрамдах нам ба Ардчилсан намын хоёр нэр дэвшигч энэ удаагийн мэтгэлцээнээр улс орны өр ба эдийн засгийн байдал, нийгмийн эрүүл мэнд, нийгэмд тулгамдсан асуудал, дүрвэгсдийн асуудал, Дээд шүүхийн хараат бус байдал, олон улсад тулгамдаж буй асуудлууд гэсэн зургаан сэдвээр мэтгэлцжээ.

Халз мэтгэлцээн Дээд шүүх, АНУ-ын Үндсэн хууль гэсэн сэдвээр эхэлсэн байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Клинтон Дээд шүүх томоохон корпораци, бизнесмэнүүдийн талд биш харин энгийн иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой гэв. Мөн тэрбээр эмэгтэйчүүд ба бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ ч мэдэгдсэн юм. Үр хөндөлтийн тухайд, Х.Клинтон үр хөндүүлэх эрхийг хамгаална гэдгээ амлав. Харин Д.Трамп “Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол үр хөндүүлэхийг зөвшөөрсөн хуулийг хүчингүй болгоно” гэжээ.

Улсын өрийн асуудлаар Х.Клинтон өрийг нэмэгдүүлэхгүйгээр шинээр 10 сая ажлын байрыг бий болгоно гээд хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч болбол жижиг, дунд бизнесийг дэмжин хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулна” гэсэн байна. Харин Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп 3.5 сая ажлын байр бий болгоно гэж онцлов. Тэрбээр “Бид өрийг хэрхэн хянахыг мэднэ” гэж байлаа.

Саналд оролцогчид энэ удаагийн мэтгэлцээнд Х.Клинтоныг тухайн сэдвээр хариулахдаа илүү гаргалгаатай байсан гэв. Мөн зөв няцаалт хийж байсан хэмээн үзсэн байна. Тухайлбал, өрийн тухай асуудлаар мэтгэлцэх үед Х.Клинтон “АНУ-ын худалдааны эргэлт энэ оны хувьд бага зэрэг буурсан. Гэвч ирэх дөрвөн жилд тогтвортой байх боломжтой. Учир нь банкуудын зөв бодлого явуулсныг үйлдвэрлэл, экспортын орлого хэр нэмэгдсэнээс харж болно” гэжээ. Харин Д.Трамп “Обамаг засаг барих үед өрийн хэмжээ жил бүр нэмэгдсээр байгаа. Үүний дагуу эргэн төлөлтийн эрсдэл дагаж өссөөр буй” гэж шүүмжилсэн байна.

Халз мэтгэлцээний нэг гол сэдэв бол ОХУ, АНУ-ын харилцааны тухай асуудал байжээ. Тэрбумтан Д.Трамп мэдэгдэхдээ ОХУ-ын төрийн тэргүүн Х.Клинтоныг хүндэлдэггүй гэжээ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хариулахдаа В.Путин АНУ-ын Ерөнхийлөгчөөр өөрийнхөө утсан хүүхэлдэйг сонгогдоосой гэж хүсч байгаа” гэв. Мөн тэрбээр цөмийн зэвсгийг хянах эрхийн тухайд Д.Трампад итгэл хүлээлгэж болохгүй гэсэн байна. Үүний хариуд Д.Трамп өөрийг нь 200 гаруй цэргийн өндөр албан тушаалтан дэмждэг хэмээн онцолж байв. Тэрбээр “Бид татвар төлөгчдийн мөнгийг өөр улс орнуудыг хамгаалахад зарцуулж байна. Саудын Араб, Япон, Өмнөд Солонгос, Герман зэрэг улсуудыг хамгаалахад дахин төсвийн мөнгө хуваарилахыг би зөвшөөрч чадахгүй. Бид уг асуудлаар бусад улстай байгуулсан гэрээ хэлэлцээрээ дахин нягтлах хэрэгтэй” гэв.

Ширүүхэн уур амьсгал дунд болж өндөрлөсөн энэхүү мэтгэлцээний эхлэл болон төгсгөлд хоёр нэр дэвшигч гар барилгүй салсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцолж байлаа. Мэтгэлцээн 90 минут үргэлжилсэн бөгөөд чиглүүлэгчээр нь “Fox News” телевизийн хөтлөгч Крис Уоллес ажиллажээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн онцолсноор үзэгчдийн 36 хувь нь Ардчилсан намын дэмжигчид байсан, харин 29 хувь нь Бүгд найрамдах намын дэмжигчид гэсэн байна. Мөн арван үзэгч тутмын зургаа нь Д.Трампыг таамаглаж байснаас илүү сайн оролцсон гэсэн аж. Түүнчлэн үзэгчдийн 44 хувь нь Д.Трамп, Х.Клинтон нар адил үзүүлэлттэй байсан гэж үзжээ.

Зарим ажиглагчдын онцолж буйгаар гурван мэтгэлцээнд Х.Клинтон ялсан нь түүнийг хүлээн зөвшөөрсөн хэрэг бус гэв. Учир нь сонгох нэр дэвшигч байхгүй, мөн Ардчилсан намын дэмжигчид дийлэнх хувийг эзэлж байсан зэрэг нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Клинтон ялах нөхцөл болсон юм гэв.

Бэлтгэсэн Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын мэдээлэл цуцлагдав

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийх хуваарьтай байлаа. Тэрбээр төрийн өмчийн болон төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулах байсан юм. Гэвч Засгийн газрын тэргүүн орон нутагт ажиллаж байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын мэдээллийн цагийг цуцлав.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн дэргэд нисдэг тэрэгний зогсоол байгуулна

ТХ-ийн сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсгийнхэн “Яаралтай түргэн тусламж”-ийн зориулалтаар ашиглах нисдэг тэрэгний зогсоол байгуулах боломжтой байршлуудад газар дээр нь ажиллаж, судалгаа гаргаад байна.

Ажлын хэсгийнхэн I эмнэлэгийн хашаанд шинээр барихаар төлөвлөж буй зургаан давхар авто машины гараж, Түргэн тусламжийн төвийн ар талд болон Сэлбэ голын эрэг дагуу, ГССҮТ-ийн баруун урд авто зогсоол, зүүн талын сагсны талбай, III эмнэлэгийн хойд талын авто зогсоол, Түлэнхийн төвийн барилга дээр, БЗД-ийн АУИС-ийн харьяа бага эмнэлгийн барилгын дээвэр зэрэг газруудыг сонгон судалжээ.

Энэ байршлуудаас Сэлбэ голын эрэг дагуу болон ГССҮТ-ийн сагсны талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахаар урьдчилсан байдлаар шийдвэрлэж, цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох газруудад танилцуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарыг дуустал шилжилт хөдөлгөөн хийхгүй

Шилжилт хөдөлгөөн зурган илэрцүүдСум, дүүргийн ИТХ 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр улс орон даяар явагдсан ч зарим хэсгүүдэд ирц хүрээгүй, санал тэнцсэн асуудал гарсан байгаа. Иймээс энэ сарын 23-нд буюу ням гаригт ирц хүрээгүй хэсэгт нэмэлт санал хураалт, энэ сарын 29-ны өдөр санал тэнцсэн хэсгүүдэд дахин санал хураалт явуулахаар болсон талаар СЕХ-ноос мэдэгдэж мэдээлэл хийсэн. Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг. Тэгвэл дахин санал хураалт явуулахтай холбогдуулан энэ сарын 30-н хүртэл шилжилт хөдөлгөөн хийгүй гэдгийг ч мэдэгдэв.