Categories
мэдээ улс-төр

Хотын дарга цэрэг татлагын явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2016 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд явагдаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр цэрэг татлагын явцтай танилцлаа. Чингэлтэй дүүргийн хувьд цэрэг татлагын үйл явц хэвийн үргэлжилж байгаагаас гадна цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо ч нэмэгдсэнийг хэлсэн юм. Хотын дарга энэ үеэр “Эмч нартай уулзаж байхад залуус эрүүл мэндийн шалтгаанаар хасагдах тохиолдол багассан байна. Цэргийн насны залуусын эрүүл мэндийн байдал дээшилсэн нь ажиглагдлаа. Чингэлтэй дүүргийн хувьд татагдан ирж байгаа бүх хүүхдээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамруулдаг юм байна. Өнгөрсөн онд эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан хүүхдүүдээ бүтэн жилийн турш дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болон өрхийн эмнэлгүүд анхаарч ажилладаг. Хоёрдугаарт, залуучуудын бие бялдар сайжирч, цэрэгт явах хүсэлтэй залуус ч олширсон байна.” гэлээ.

Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Энэ удаагийн цэрэг татлага шинэ хуулиар явагдаж байгаагаараа онцлог. Батлан хамгаалах болон бусад хуульд 26 нас хүрээд цэргийн алба хаагаагүй иргэн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаадаг. Энэ үйл ажиллагааг шинэ хуулиар зохицуулж өгсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн дүйцүүлэх алба хаасан 1124 иргэн 591,3 сая төгрөгийн төлбөр төлж, төрийн санд төвлөрүүлээд байна.” гэсэн юм. Чингэлтэй дүүргийн цэргийн штабынхан цэрэгт татагдаж байгаа залуусыг хүссэн ангидаа хувиарлагдах боломж олгоход анхаарч ажиллаж байгаагаа хотын даргад танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм

Галт тэргийг амжиж зогсоосон хоёр машинистыг шагнаж урамшуулжээ

Энэ сарын 17-ны өдөр 3105 дугаартай ачааны галт тэрэг Бага-нуураас нүүрс ачаад ирж явахдаа 406-гийн гарам буюу Замын цагдаагийн урд талын призертэй авто гарам хүрэх гэж явахад зам түгжирч төмөр замын хаалт автоматаар бууж машинууд гацжээ. Хэдийгээр гармын жижүүр Н.Уянга замын хөдөлгөөн зохицуулж байсан цагдаа руу хашгирч машинуудыг явуулахыг хүссэн боловч тэрээр дуу чимээ ихтэйгээс болоод сонсоогүй байна. Ингээд тэрээр машинист руу цаг алдалгүй утасдаж “Зогс” гэдэг дохио өгчээ. Ингээд 70 км хурдтай явж байсан галт тэргийг машинист Т.Золбоо тооромсолж автомашинуудад метр хүрэхгүй зайнд ирэхэд нь галт тэргийг бүрэн зогсоож чадсан байна. Тэрээр “Ийм зүйл өмнө нь хэд хэд гарч байсан гэж ахмад машинистууд ярьж байсан, гэхдээ хүсэх юм биш байна лээ” хэмээн манай сонинд ярилцлага өгчээ.

Тухайн үед галт тэрэг 4533 тонн ачаатай, 208 голтой, 52 вагонтой байсан байна. Уг нь бол гарам руу машин орох ёсгүй, хаалт автоматаар буух ёстой юм байна. Энэ хэргийн талаар мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж.

Өнөөдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үр дүнгийн хурал болж машинист Т.Золбоог “Төмөр замчны алдар”, туслах машинист Э.Батсуурийг “Тэргүүний төмөр замчин” цол тэмдгээр шагнажээ.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Дөрвөн удаагийн олимпийн аварга Каори Ичо ард түмний баатар боллоо

Дөрвөн удаагийн олимпийн аварга өдгөө 32 настай Каори Ичо ард түмний баатар боллоо. Тэрээр Риогийн олимпод чөлөөт бөхийн 58 кг-ийн жинд Оросын тамирчин Коблова Золобоваг ялан дөрөв дэхь алтан медалиа авсан юм. Түүний олимпоос авсан дөрвөн алтан медаль нь эмэгтэйчүүдийн төрөл дэх түүхэн амжилт юм байна. Түүнийг Ерөнхий сайд Шинзо Абэ өрөөндөө хүлээн авч алтан бүс, кимоно бэлэглэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Сауле: 11 мянган толгой мал хорогдсон нь цэвэр хариуцлагын асуудал

Бог мал зурган илэрцүүдБаруун аймгуудад бог малын мялзан төст өвчин илэрсэнтэй холбогдуулж Улсын онцгой комисс Ховд, Баян-Өлгий, Увс аймагт энэ сарын 9-нөөс 16-нд ажиллалаа. Малын мялзан төст өвчин өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Ховд аймгийн Булган суманд гарсан. Өвчин анх гарах үед холбогдох албаны хүмүүс тодорхой арга хэмжээ авч ажлаагүйн улмаас 11 мянган толгой мал хорогдсон ажээ.

Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор 11,5 тун вакцин оруулж ирлээ.

Манай улсад бог малын мялзан төст өвчин гарч байгаагүй бөгөөд малаас малд вирусын замаар дамждаг өвчин ажээ.Энэ сарын 10-нд Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор 11,5 сая тун вакциныг БНХАУ-аас нэвтрүүлж, аймгийн онцгой комисс хүлээж авсан билээ. Улмаар сум орон нутаг руу тээвэрлэх ажлыг зохион байгуулсан. Харин вакцинжуулалтыг 10 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор эхлүүлээд байна. Энэхүү вакциныг мялзан төст өвчин гарсан. Ховд аймгийн 11 сум, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймгийн Булган сум, Увс аймгийн Өмнөговь , Өлгий сумдад хийжээ. Энэхүү ажлыг Улсын онцгой комиссын гишүүд болоод ОБЕГ, МХЕГ байгууллагууд хяналт тавьж ажилласан юм.

Мялзан өвчний эсрэг вакциныг хүлээн авлаа.

Олон улсын стандартад нийцсэн биологийн амьд вакциныг малд хийснээр мялзан өвчний эсрэг гурваас дөрвөн жилийн дархлаа тогтоно гэдгийг малын эмч нар онцолж байсан юм. Мөн вакцин хийсэн малын махыг 21 хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэдэггүй байна. Иймээс баруун аймгууд, вакцинжуулалтын хугацаанд өвчлөл гараагүй эрүүл бүсээс малын махыг гарал үүслийн гэрчилгээ, ариун цэврийн бичигтэйгээр аймгийн төв рүү оруулж, худалдаалан, хүнсний хэрэгцээгээ хангаж байна. Монгол Улсын шадар сайдын тушаалаар баруун аймагт гарсан бог малын мялзан төст өвчний голомттой бүсэд ажиллах улсын онцгой комиссын гишүүд Ховд аймагт аравдугаар сарын 9-нд ирлээ. Энэ оны аравдугаар сарын 8-ны байдлаар аймгийн хэмжээнд 74.166 толгой мал өвчилж, 11.869 толгой мал хорогдож, 59.775 мал эдгэрч, 2482 толгой мал өвчний шинж тэмдэг илэрч байгаа аж. Ховд аймгийн 11 суманд бог малын мялзан төст өвчиний голомт илрээд буй аж. Тухайлбал Булган суманд 37847 мал, Үенч суманд 22145 мал өвчтэй байна. Мялзан төст өвчин өмнө манай улсад гарч байгаагүй бөгөөд анхны тохиолдол нь Ховд аймгийн Булган суманд өнгөрсөн оны сүүлээр илэрсэн хэмээн мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Ховд аймгийн Булган сумын тамгын газрын дарга Ч.Батаа: Манай сумын хэмжээнд 40 мянган мал өвчилснөөс долоон мянган мал хорогдсон. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын сүүлээр энэхүү өвчний шинж тэмдэг илэрсэн. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Булган сум хорио цээрийн бүс нутагт орсон. Одоогийн байдлаар вакцинжуулалтын арга хэмжээ бүрэн авч дууссан. Цаашдаа хорио цээрийн дэглэмээ бууруулах болно.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Засгийн газраас бог малын мялзан төст өвчний эсрэг вакцин худалдан авах санхүүгийн асуудлыг бүрэн шийдсэн. Өмнө нь бог малын мялзан төст өвчин манай улсад гарч байгаагүй. Одоогийн байдлаар Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгуудад энэхүү өвчний шинж тэмдэг илрээд байна. Энэ өвчинтэй холбоотойгоор гадаадын мэргэжлийн малын эмч нар ирж зөвлөгөө өгсөн. Бид нарын хамгийн гол зорилго бол ажлаа хурдан шуурхай, чанартай дуусгах явдал юм. Харин дараа нь хариуцлагын асуудал яригдах болно. Малын мялзан өвчин 2015 оны сүүлээр гарсан. Тэр үеэс одоог хүртэл өвчин даамжирсаар нэг аймгийн хэмжээнд 11 мянган толгой мал хорогдоод байна. Үүнийг бид цэвэр хариуцлагын асуудал гэж үзэж байна. Мөн энэ асуудлаар ямар нэгэн улстөржилт хэрэггүй. Зөвхөн үнэн бодит байдлыг л гаргаж ирэх шаардлагатай. Манай улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Засгийн газраас малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааны хүрээнд 13,2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн малчдын хариуцлагын асуудал яригдах ёстой. Мал нь өвчлөхөөр төрийнх болдог, малынхаа ашиг шимийг авах болохоор өөрийнх нь болдог. Энэ үзэл санаагаа өөрчлөх хэрэгтэй гэж малчдадаа хэлмээр байна. Тийм учраас малчдын хувийн хариуцлага, сахилга батын тухай мөрдөгдөх эрх зүйн бодлого явуулах шаардлагатай.

Ариутгал, хяналтын пост.

Ховд аймгийн арван нэгэн сумын хэмжээнд 65 голомт тогтоож, 41 пост, хөдөлгөөнт эргүүл 12-ыг ажиллуулж буй аж. Ингэснээр малын шилжих хөдөлгөөнд хяналт тавьж гол замууд дахь халдваржуулалтыг тогтворжуулах арга хэмжээ авч ажиллаж байна гэж аймгийн ХХААГ-ын дарга Т.Баатарзориг танилцууллаа. Цаашид Ховд аймагт гарсан бог малын мялзан төст өвчний талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө.

Ховд аймгийн малчин зурган илэрцүүдХовд аймгийн Манхан сумын малчин Б.Сэндмаа: Манайх дөрвөн зуу гаруй малтай. Сумын зарим багаас бог малаас мялзан өвчин илэрсэн. Энэ өвчин гарсантай холбоотойгоор аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм мөрдөгдөж ирсэн. Ингэснээр бид намаржаандаа гарч чадахгүй байна. Удахгүй вакцинжуулалт дуусах байх. Өвлийн бэлтгэл ажил тааруухан байна. Учир нь малчид малаа борлуулж, ашиг шимийг нь хүртэх боломж багассантай холбоотой.

Улсын онцгой комисс.

Улсын онцгой комисс Ховд аймагт гурав хоног ажлаад мялзан төст өвчин илэрсэн Баян-Өлгий аймгийн Булган сумыг зорилоо. Баян-Өлгий аймгийн хэмжээнд таван суманд вакцынжуулалтын аян явагдсан. Энэхүү ажлын хүрээнд нэг сая 160 мянган толгой мал вакцинжуулалтад хамрагджээ. Булган сумын хэмжээнд 8778-н толгой мал өвчилсөн. Үүнээс 904 толгой мал хорогджээ.Булган сум баруун талаас Хятад улс, хойт талаасаа Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, зүүн өмнөд талаас Ховд аймгийн Мөнххайрхан, Булган сумтай хиллэдэг. Бог малын мялзан төст өвчин илэрсэнтэй холбоотойгоор Цүнхэл, Улаан хус багт хяналт шалгалтын пост гарчээ. ХХААХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан Улсын онцгой комисс дээрх хоёр постын үйл ажиллагаатай танилцлаа. Хяналт шалгалт, ариутгалын постод нэг төрийн албан хаагчаар ахлуулсан гурван хүн ажиллаж байв. Шүршигч буу, ариутгалын бодис, байр, хоол хүнсний нөөц бололцоо хангалтай хэмжээнд байгааг дайчлагдсан нутгийн иргэд хэлж байлаа.

Баян-Өлгий аймгийн Булгам сумын онцгой комиссын шуурхай хуралдаан.


Баян-Өлгий аймгийн Булган сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн эрхлэгч С.Халебек:

Бог малын мялзан төст өвчин гарсантай холбогдуулж Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд бид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Вакцинжуулалтын арга хэмжээ удахгүй дуусна. Үүний дараа бидний толгойны өвчин болсон отрын асуудал яригдах болно. Жил бүр манай сумын бог малын 60 орчим хувь нь хил залгаа сумын нутгаар оторт гардаг. Тухайлбал, аймгийн Засаг даргын захирамжаар Ховд аймгийн Мөнххайрхан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын тусгай хамгаалалтай газарт жил бүр малчид маань оторт гардаг. Харин энэхүү малын мялзан төст өвчин гарсантай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоож хөл хөдөлгөөн хорисон. Үүнээс шалтгаалж малчид маань тодорхой цаг хугацаандаа малаа отрын бүсэд оруулж чадахгүйд хүрээд байна.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нь Улсын онцгой комиссын шийдвэрээр Баян-Өлгий аймагт хил дамнасан малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг ахалж, холбогдох хүмүүсийн хамт тус аймагт 3 өдөр ажиллалаа. Ажиллах үеэр аймгийн Онцгой комиссыг хуралдуулж хил дамнасан малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцож, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэв.

Баян-Өлгий аймгий Засаг даргын орлогч Ш.Хавыл:

Манай аймгийн онцгой комиссын хуралдаанаар бүх малыг вакцинжуулалтад бүрэн хамруулсан эсэгт хяналт тавьж ажиллаж байна. Манай малчид энэхүү өвчний талаарх мэдээлэл муутайгаас шалтгаалж халварыг дахин сэдрээх аюултай тул хоблогдох сум, багийн засаг дарга нарт иргэддээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүрэг чиглэл өглөө.

Увс аймгийн Өмнөговь сум. Бог малын мялзан төст өвчний эсрэг вакцин хийлээ

Увс аймгийн Өмнөговь сумын засаг дарга Р.Төмөрчөдөр:

Манай сум хөдөө аж ахуйн дөрвөн багтай. 2015 оны эцсээр нэг зуун ерөн хоёр мянга долоон зуун толгой мал тоологдсон. Бог малын гоц халдварт мялзан өвчний шинж тэмдэг наймдугаар сарын сүүлээр Баянгол багт илэрсэн. Тус багийн малчин Отгонбаяр, Баярсайхан нарын хотноос шинжилгээний дээж авч, холбогдох газарт нь хүргүүлсэн. Шинжилгээгээр малын мялзан өвчин болох нь илэрсэн. Энэ үеэс хойш сумын Засаг даргын захирамж гарч, долоон цэг дээр хорио цээр тогтоосон. Байнгын ажиллагаатай постуудад 150 орчим төрийн албан хаагч болоод малчдыг дайчлан ажлуулж байна. Сумын хэмжээнд 236 мал энэ өвчнөөр өвчилсөн. Үүнээс 27 бог малыг устгаж, ариутгасан. Одоогийн байдлаар 192 мянга дөрвөн зуун толгой малыг вакцинжуулахаар ажиллаж байна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ спорт

Хөл бөмбөгийн шинэчлэгдсэн чансаагаар монголын баг Ази тивдээ сүүл мушгижээ

Өчигдөр буюу Пүрэв гарагт Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ийн чансаа шинэчлэгдэн гарлаа.

Энэ удаа Монгол улсын хөлбөмбөгчдийн чансаа хуучин байрнаасаа хөдөлсөнгүй, 202 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Уг үзүүлэлт нь дэлхийд сүүлээсээ 10 дугаарт, Ази тивдээ хамгийн сүүлийн байранд байгааг харуулж байгаа юм. Анх 1998 оноос эхлэн тооцож ирсэн жагсаалтад Монголчууд 2011 он хүртэл өсөлттэй явж ирсэн бол түүнээс хойш тасралтгүй унасаар өнөөдөр түүхэн доод хэмжээндээ хүрээд байна.

2011 онд 168 дугаарт эрэмбэлэгдсэн нь манай хөлбөмбөгчдийн дээд амжилт юм.

Ази тивд бидний урд 197-д эрэмбэлэгдсэн Пакистан улсын баг явж байна. Пакистанчууд өмнөх сараасаа 3 байраар ухарсан үзүүлэлттэй байгаа ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Чойжилсүрэн: Эрдэнэтийн хувьд Засгийн газар дүгнэлтээ гаргасан, удахгүй хэлэлцэнэ

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл хоёрын тоонууд хэр бодитой төсөөлөл вэ. Төсвийн алдагдалыг бууруулах боломж байна уу. Төсвийн зарлагын реформын хувьд засгийн газар ямар зүйлүүдийг төлөвлөж байна. Хийж байгаа таамаглал нь төсвийн төсөөлөл дээрээ хэр буусан бэ. Концессыг гэрээний үр дүнг бас хэлж өгөөч, тооцсон тооцоолол байна уу

Сангийн сайд Б.Чойжилсүрэн

-Төсвийн алдагдал 2 их наядад хүрлээ. Ийм нөхцөл байдалд Засгийн газар орсон.2016 онд төсвийн тодотголын алдагдлыг 18 хувтай баталсан. 2017 онд 9.9 хувтай оруулж ирж байна энэ тал дээр та бүхэн тооцоогоо хийх байх. Одоо бид бондыг бондоор санхүүжүүлэхээс өөр эх үүсвэр алга. Засгийн газар хэд, хэдэн төрлийн хэлэцээр хийж байна.

Орлого буугаад эхлэхээр зарлага буудаггүй. Зарлага буухгүй болохоор зээл авдаг. Сүүлийн жилүүдэд төсвийн орлогыг хэт өндөрөөр төлөвлөдөг байсан. Үүнээс болж нэг их наяд төгрөгөөр буурдаг байсан. Ийм учраас орлогыг илүү бодитой болгохыг оролдсон .

Төсвийн зарлагын реформыг жирийн ард түмэнд нөлөөлөхөөргүй байдлаар оруулж ирсэн ч УИХ-аар дэмжигдээгүй. Концессын хувьд өмнөх засгийн газрын үед 1.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний концесс байгуулагдсан. 2017 оны төсөвт тодорхой хэмжээний зардлыг төсөвт суулган оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

-Төсвийн алдагдал 5.6 их наяд ийм үед хаанаас мөнгө олох вэ Хэдэн асуудлыг тодорхой болгох хэрэгтэй байна: Үүний ард маш их орлого байгаад байна. Жишээ нь:Тавантолой асуудал, Эрдэнэтийн 49 хувь, Оюу толгой, Концессын гэрээ, Нийгмийн даатгалын сан, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, зэрэг эдгээрийн ард мөнгө маш их орлого явж байна

Сангийн сайд Б.Чойжилсүрэн

-Урьдчилсан байдлаар маш олон асуудлын хариу тодорхойгүй байгаа учир хоёр гурван жилийн дотор системтэй явуулах хэрэгтэй байгаа юм. Нэг жилийн дотор эдгээр асуудлыг шийдэж боломжгүй . Эрдэнэс таван толгойгоос 350 сая гаруй төгрөгийн зээл авсан. Эрдэнэтийн хувьд Засгийн газар дүгнэлтээ гаргасан удахгүй хэлэлцэх байх.

Чуулганы хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай асуудлуудыг хэлэлцээд түр завсарлалаа.

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар Одончимэдийн Одбаярыг томиллоо

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр УИХ-ын гишүүн асан Л.Одончимэдийн хүү Одбаярыг тус компанийн Дэд захирлаар томиллоо. О.Одбаяр нь “Эрдэнэс Монгол” компанийн Бизнес хөгжлийн асуудлыг хариуцан ажиллах юм. Тэрээр “Алтай Холдинг” компанийн Дэд ерөнхийлөгч, UB Cinema ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Ард даатгал” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан туршлагатай аж.

О.Одбаяр 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2005-2010 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд 3-р нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. О.Одбаяр нь 1988 онд Оросын Холбооны Улсын Киев хотын Багшийн их сургууль, 1997 онд Америкийн Нэгдсэн Улсын Флоридагийн Техникийн Их Сургуулийн ЭЗ-ийн сургууль, 2000 онд Отгонтэнгэр их сургуулийг тус тус төгссөн. Багш, Олон улсын эдийн засагч болон Эрхзүйч мэргэжилтэй.

Categories
мэдээ нийгэм

Шинэ гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харах боломжтой

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт заасны дагуу төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөх ёстой билээ. Дээрх хуулийн дагуу 243 албан тушаалтан байршуулжээ. Үүнд шинэээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэрс ч оржээ. Энэ талаар мэдээллийг авахыг хүсвэл та http://www.xacxom.iaac.mn сайтаас сонирхож болох юм байна. Овог нэрээр нь хайхыг хүсвэл http://www.xacxom.iaac.mn/lenya/iaac/live/searchAi… линкээр орж үзээрэй.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Г.Отгонцэцэгийн багш Казакстаны эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар томилогджээ

Риогийн олимпод хүрэл медаль хүртсэн манай улсын тамирчин Г.Отгонцэцэгийн багш Д.Энхбаатар Казакстаны эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанд томилогджээ. Тэрээр 11 дүгээр сард Кызылордод болох УАШТ-ий дараа албан ёсоор ажилдаа орох юм байна. Манай мэргэжилтэн Д.Энхбаатар 2020 он хүртэл ажиллах гэрээ байгуулжээ. Г.Отгонцэцэгийн хувьд жингийнхээ гуравдугаарт жагсаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт Абу Дабид болох Их дуулгад оролцохоор бэлтгэлээ базааж байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

19 настай залууг 26 удаа хутгалж хөнөөсөн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 19 настай залууг 26 удаа хутгалж, амийг нь хохироосон аймшигт хэрэг гарсан билээ. Энэ хэрэгт 33 настай Б гэгчийг сэжиглэн шалгаж эхэлсэн юм. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б-д холбогдох хэргийг “Аргагүй хамгаалалт” хэмээн хэрэгсэхгүй болгосныг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх мөн хэвээр үлдээсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Улсын дээд шүүх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны долдугаар сарын 27-ны өдрийн 67 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 560 дугаар магадлалтай, Д.Буяннэмэхэд холбогдох 201526022112 дугаартай, 3 хавтас хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Д.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцлээ. Шүүх хуралдааныг Д.Ганзориг даргалж, таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцээд, Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг “Аргагүй хамгаалалт биш” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.