Categories
мэдээ нийгэм

Архитекторууд 60 жилийн ойгоо тэмдэглэж байна

Монголын Архитекторуудын Эвлэлийн 60 жилийн ой тохиож байна. Түүхт ойн хүрээнд
“Монголын архитектур-60” үзэсгэлэнг МАЭ-ын ордонд дэлгэн,
“Монголын архитектур”, “Монгол хээ угалзаар орд өргөөг
чимэглэхүй” ном болон “Монголын архитектур” баримтат киноны
нээлт болно.

Ойн баярын
үеэр архитектурын шилдэг бүтээлд олгодог “МАЭ-ийн нэрэмжит шагнал”-ыг
гардуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Тул загас худалдаалж байсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгана

Image result for Тул загасМонголын улаан ном, Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансанд орж, агнахыг бүр мөсөн хориглосон тул загасыг Орхон аймгийн нэгэн худалдааны төвд олноор нь худалаалж байсан талаар цахим сүлжээнд тавигдсан. Уг мэдээллийг үзсэн иргэд холбогдох албаныхныг муу ажиллаж байгааг шүүмжилсэн.

Тэгвэл Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасаг болон Байгаль орчин, аялал жуулчлалын газраас тул загас худалдаалж байсан “Энх” худалдааны төвийг шалгасан байна. Ингээд тул загас барьж, худалдаж байсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгахаар болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Тамгагүй төр” жүжгийг тоглоно

Image result for “Тамгагүй төр” жүжгийг тоглоно

Улсын Драмын Эрдмийн Театрын түүхэн жүжгийн өдрүүд үргэлжилж байна. Энэ удаад Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” түүхэн жүжгий энэ сарын 27,28-нд тоглоно.

Энэхүү жүжиг Арчугт хаанд их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нь нэг өдөр хэдхэн хормын зайтай хоёр нуган үр төрүүлэн өгч буйгаар эхэлдэг. Гэвч энэ нь хаанд хурмас тэнгэрийн даажигнал мэт санагдаж, их хатныхаа хүүг өөрийнхөө үр биш хэмээн боддог. Энэ бүтээлд Монголын төрт ёс, түүхэн уламжлалын тухай өгүүлнэ.

Жүжгийн зохиолыг АУЗ Б.Лхагвасүрэн бичиж, УГЗ Ч.Найдандорж найруулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Ганга нуурын хамгаалалтын ажилд 400 сая төгрөг зарцуулжээ

Image result for Ганга нуурын хамгаалалтын ажилд 400 сая төгрөг зарцуулжээДарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, “Эко түлхүүр” ХХК хамтран Ганга нуурыг хашаалжээ. Тэд нуурыг тойруулан 6.7 км хашаа хатгасан байна. Ингэснээр Ганга нуурын орчим машин, хүний хөлд талхлагддаг байсан явдал багасжээ. Энэ ажилд Сүхбаатар аймгийн Байгаль орчны газраас 400 сая төгрөг зарцуулсан байна.

Ганга нуурын усны 99 хувь нь ширгэсэн харамсалтай мэдээ олныг цочирдуулж байсан. Үүний улмаас намрын намарт Монголчууд бидний зорин очиж, үздэг хунгийн чуулган энэ жил болоогүй юм. Улмаар албаныхан Ганга нуурын усыг сэргээхээр олон ажлуудыг хийж эхэлсэн. Тэгвэл нуурын ус эргэн сэргэж эхэлсэн бөгөөд түүгээр ч үл барам Ганга нууранд 16 төрлийн шувуу төдийгүй тус нуурын чимэг 690 хун чуулж байгаа мэдээллийг холбогдох хүмүүс өгөөд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Автобуснуудын утааны хэмжээ хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ

Image result for Автобуснуудын утааныАвто тээврийн тухай хуулийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгүүрээс ялгарч байгаа утааны тортогжилт, хорт бодисын хэмжээ стандартын шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхэд Нийслэлийн тээврийн газраас хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад их багтаамжийн 62 автобус, ачааны 2 тээврийн хэрэгсэл хамрагдаж 33 зөрчил дутагдал илэрсэн байна. Тухайлбал “Гбус” ХХК-ийн гурав, ЗТНэгтгэл ОНӨААТҮГ-н нэг, “Автотерминал” ХХК-ийн ес, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн найм, “Тэнүүндэлгэр” ХХК-ийн тав, “Эрдэмтранс” ХХК-ийн долоо гээд нийт 62 автобуснаас 31 буюу 50 хувь нь утааны тортогжилтын хэмжээ хэтэрсэн үзүүлэлттэй гарсан байна.

Зөрчлийг арилгуулах зорилгоор “Автотерминал” ХХК, “Тэнүүндэлгэр” ХХК, “Эрдэмтранс” ХХК, “Тэнүүн-Огоо” ХХК тус бүрт Автотээврийн хяналтын улсын байцаагч албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн “Гбус” ХХК, “Тэнүүн-Огоо” ХХК, ачааны 2 автомашины жолооч нарт 110.0 мянган төгрөгийн захиргааны арга хэмжээ тооцсон байна.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хашчулуун: Эрдэнэтийн 49 хувь дээр маргах шаардлагагүй, жам ёсоороо л явж байна

Image result for Ч.ХашчулуунМУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Таван толгой төсөл хөдөлбөл эдийн засагт том нэмэр болно гэж байгаа. Ойрын хугацаанд хөдлөх янз ажиглагдаж байна уу?

-Ямар ч нам засгийн эрх барьсан стратегийн хоёр дахь том төсөл болох Таван толгойг хөдөлгөх зайлшгүй шаардлага бий. Эдийн засгийн эргэлтэд орох ёстой. Энэ Засгийн газрын хувьд эхний 100 хоногтоо багтааж БНХАУ, Япон Улсуудтай Таван толгойн хамаарах гол сэдвүүдээр ярьчих шиг боллоо. Төсөл амжилтад хүрэх нэг алхмыг хийчихсэн гэсэн үг. Зах зээлд яаж оролцох, хөрөнгө оруулалтыг нь хэрхэн хийх вэ гэдгээ тохирох учиртай. Таван толгой төслийг цаашид яаж хөдөлгөх вэ гэдэг дээр нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Хятадтай хэлэлцээр хийж байгаагийн сайн тал нь энэ чиг рүү явах эхний алхмаа хийсэн болов уу гэж харж байна. Нарийн ширийн деталь асуудал нь хожим гарч ирэх байх. Гэхдээ зарчмын хувьд шийдэлд хүрнэ гэдэг бол том алхам. Таван толгойн хоёр дахь том сонирхогч бол Япон. Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтойгоо удаа дараа илэрхийлж байсан улс. Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ сэдвээр яриа хөөрнөө өрнөж, Японы зах зээлд Монголын нүүрсийг туршилтаар хүргүүлэх ажлын эхлэл тавигдлаа. Гуравдагч зах зээлд хүрэх замаа зайлшгүй нээх ёстой л доо. Хэдийгээр Хятадын зах зээл том, манай нүүрсийг шингээх бололцоотой ч Монголын хувьд нэг биш хэд хэдэн худалдан авагчтай байх нь илүү ашигтай.

-Таван толгойн гол асуудал бол төмөр зам. Төр төмөр замаа өөрөө барих ёстой, худалдан авагч талын хөрөнгө оруулалтаар барихаар нөгөө талд илүү ашиг ирнэ гэх юм. Энэ тал дээр байр сууриа хэлээч?

-Монгол Улсын тогтвортой хөгжлийн хөтөлбөрт томоохон уурхайнуудын дэд бүтцийг аль болох хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ёстой гэсэн заалт бий. Төмөр замын хөрөнгө оруулагч нь хэн ч байж болно. Гуравдагч орон, худалдан авагч улс, дотоодын гээд аль нь ч болох хувилбар. Учир нь төмөр замгүй бол аль ч талд хохиролтой, байвал хоёуланд нь ашигтай. Нэг нь илүү ашиг олох гээд байна гэж хардах шаардлагагүй. Хятадын компани төмөр замд хөрөнгө оруулж барилаа гэхэд саад бэрхшээл үүснэ гэж бодохгүй байна.

-Таван толгойд төрийн оролцоо өндөр байх ёстой юу, эсвэл хувьд даатгасан нь дээр үү?

-Дэлхийн жишгийг харахад төр уул уурхай, гутал, хоол хүнсний үйлдвэрлэлд оролцох нь зохимжгүй нь нэгэнт батлагдчихсан зүйл. Учир нь төр бол зохицуулагч. Төр бүхнийг үйлдвэрлэх ёстой гэдэг үзэл бол аль социализмын үеийн баримтлал. Зах зээлийн эдийн засагтай улсуудад төрийн өмчтэй компаниуд тодорхой тоогоор байдаг ч сүүлийн үед аль болох хувьчлах тал руугаа хандах болсон. Жишээ нь Япон төмөр замаа тэр чигт нь хувьчилсан. Бидний сайн мэдэх BBC компани гэхэд л хувьчлалд орж байна. Баруун Европын улсууд төрийн мэдлийн компаниудаа хувьчилж байгаа. Солонгосын Хөгжлийн банк хувьчлагдсан. Ерөнхий хандлагыг нь анзаарахаар улс орнууд томоохон компаниудаа хувьчилж байна. Төрийн мэдлийн компаниудаа хувьчилсаны эерэг нөлөө гэж яривал маш их. Учир нь тухайн компанид хөрөнгө оруулагчид орж ирснээр зардалд нь тавих хяналт, менежмент сайжирдаг. Хөрөнгө оруулагчид аль болох үр ашигтай ажиллуулахыг хичээдэг. Энэ нь эцсийн эцэст улсад л хэрэгтэй. Төрийн өмчтэй компаниуд ашигтай ажиллаж эхэлнэ, төсөвт өгөх татвар нь өснө. Алдагдалтай, татаастай, өрөнд баригдсан олон компани төрд хэрэггүй л дээ. Төсвийн алдагдал ихсэхээс өөр шидгүй шүү дээ. Мэдээж төр зохицуулалт, хяналтын үүргээ бол гүйцэтгэнэ.

-Төрийн оролцоо гэснээс сүүлийн үед Эрдэнэт дээр энэ асуудал халуун сэдэв болж байна. Зарим улстөрч Эрдэнэтийг 100 хувь төрд байх ёстой гэсэн байр суурь ч илэрхийлсэн. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрдэнэт бол улсын том үйлдвэр. 51 хувь нь Монгол Улсын мэдэлд байгаа. 49 хувийг нь ОХУ-ын компани эзэмшиж байгаад зарчихлаа. Оросын талын хувь хувийн компанид очсоноор энэ компанийн хяналт илүү сайжирна. Зардал нь танагдана. ТУЗ-дөө холбогдох өөрчлөлтийг хийнэ биз. Төр нэгэнт илүү хувь эзэмшиж байгаа бол эзэмшигчийн хувьд эрхээ эдлэх нь ойлгомжтой. Эрдэнэт дээр айхтар маргаад байх зүйл байхгүй шүү дээ. Жам ёсоороо л явж байна.

-ОУВС-гийн төлөөлөл энэ сарын 20-нд ирнэ, “Стэнд бай”-д хамрагдах нь тодорхой болчихлоо. ОУВС-тай хэлэлцээ хийхдээ юуг анхаарах ёстой вэ. Энэ хөтөлбөрт орохоос аргагүй зайлшгүй шалтгаанаар яриагаа үргэлжлүүлье?

-Талцсан маргаан байр суурь бий ч “Стэнд бай” зайлшгүй хэрэгтэйг бүгд ойлгож байх шиг байна. “Стэнд бай” авахаас аргагүй хамгийн гол асуудал гэвэл ерөөсөө л өнөөгийн тогтолцоо. Санхүүгийн тодорхой хүндрэлтэй тулгарангуут хаа нэг газраас зээл авч түүгээрээ төсвийн алдагдлаа нөхөж ирсэн туршлага бидэнд бий.Өнгөрсөн жилүүдэд ийм арга хэрэглэсээр ирсэн. Ингэснээрээ санхүүгийн систем сайжраагүй, улам муудсан. Эдийн засгийн санхүүгийн төлөвлөлт маань болохгүй байгаа хэрэг. Тогтолцоо нь үрэлгэн, зардлаа зөв тооцож, танаж чадахгүй байна. Эцсийн эцэст зардал дээр нэг л гол асуудал бий. Их танахдаа биш юуг танах вэ гэдэгт гол учир байгаа юм. Улстөрчид таналт дээр сул улс. Яагаад гэвэл манайх ардчилсан тогтолцоотой. Улстөрчид дөрөв дөрвөн жилээр сонгогддог.

Тэр утгаараа улстөрчдийн зүгээс зардлаа таная гэж ярих нь маш хэцүү. Харин эсрэгээрээ зардлаа нэмэгдүүлье, ийм тийм юм хийж өгье гэж ярих нь илүү амар байдаг. Эцсийн дүндээ зардлаа танах биш, зардлаа нэмэгдүүлэх байдал руу хүссэн хүсээгүй орчихдог. Бүгд сонгогчдын гарт орсон учраас тэр л дээ. Тэгэхээр энэ асуудлыг монголчууд өөрсдөө шийдэж чадахгүй болчихсон. Ямар ч нам таналт хийж чадахгүй учраас гаднаас тусламж гуйхаас аргагүй. Өөрсдөө нөхөж чадахгүй болсон, их мөнгө урсдаг болоод удаж байгаа том нүхээ гадны байгууллагаас тусламж авч таглах шаардлага бий. Ингэж байж тогтолцоо сайжирна. “Стэнд бай” авч асуудлыг шийдэхээс аргагүй гэдгээ улстөрчид өөрсдөө мэдэж байгаа. Өөрсдөө шийдэхэд хэцүү учраас олон улсын байгууллагын хүрээнд шийдэх гэж оролдож байх шиг байна. Мөнгө авах бол дараагийн асуудал. Хамгийн гол асуудал нь тогтолцоогоо сайжруулах. Тогтолцоогоо сайжруулах чиглэлд ОУВС хэрэгтэй зөвлөгөөнүүд өгөх байх.

-Төсвийн зардлаа өөрсдөө танаж чадахгүй гэж та сая ярилаа. Жишээ нь төсвийн бодлого дээр онцолж хэлэхээр яг ямар алдаа байна вэ?

-Засгийн газар төсвийн төслөө боловсруулаад УИХ-аар батлуулахаар оруулдаг. УИХ зардлаа багасгах биш нэмэгдүүлэх шахалтад орчихсон байдаг учраас нэмэгдүүлчихдэг. Зардлаа нэмэгдүүлэнгүүт төсвийн алдагдлыг тэг болгох гэж байсан сайхан санаа алга болдог. Сонгуулийн амлалттай холбоотой, ямар нэг тооцоо судалгаагүй хэрэгтэй хэрэггүй төслүүд орж ирдэг. Энэ бол намаас үл хамаарсан тогтолцооны гажуудал. Гэтэл Германд огт өөр жишиг үйлчилдэг. Засгийн газрын оруулсан төсвийг нэг бол тэр хэвээр нь баталдаг, эсвэл тэр чигт нь буцаадаг. Ийм хоёрхон хувилбар үйлчилдэг. Гэтэл манайд Засгийн газрын оруулсан Төсвийн төсөл дээр баахан зүйл нэмж, танигдахааргүй болгоод баталчихдаг. Танигдахааргүй болтол нь төсвийг зардлыг нэмдэг энэ сувгийг хаах ёстой.

-“Стэнд бай”-д орсон улсуудын үр дүн адилгүй байдаг. Амжилттай нь ч бий, амжилтгүй болж улам дордсон жишээ ч байгаа. Муу жишээ болохгүйн тулд ОУВС-тай хэлэлцээрт орохдоо бидний зүгээс юунд анхаарах ёстой гэж та бодож байна?

-ОУВС-гийн хувьд эдийн засгийн түргэн тусламж үзүүлдэг байгууллага. Хүүхдээр зүйрлэвэл Дэлхийн банк удаан хугацаанд өсгөн бойжуулж хөл дээр нь тэнцүүлдэг байгууллага. Харин ОУВС бол халуурангуут нь өвчнийг нь оношилж эм өгч халууныг нь буулгадаг газар. Халууныг нь буулгахаар улс орны эдийн засаг босч ирэх ёстой. Босч ирэхгүй тохиолдол бий. Тухайн үеийн зах зээлийн байдал сайжраагүй байж болно. Эмээ дуустал уугаагүй байж болно. Жишээ нь Грек ОУВС-тай гэрээ хийсэн, мөнгө авсан, гэхдээ хийнэ гэж амласан зүйлийнхээ 75 хувийг биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл эмээ уугаагүй гэсэн үг.

-Манай улс Грек шиг амласнаа биелүүлэхгүй бол…?

-Олон улсын байгууллагад хандаад хамтран ажиллая гэж байгаа нь тоглоом биш. Нэгэнт л ОУВС-гийн зөвлөмжийг авч, эдийн засаг, санхүүгийн тогтолцоогоо сайжруулъя гэж байгаа бол амлаж, амласнаа биелүүлэх хэрэгтэй. Мэдээж тухайн үедээ төдийлөн таатай байхгүй гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ урт хугацаанд тогтолцоо эрүүлжинэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Өнөөдрийнх шиг байнгын мөнгө урсдаг тогтолцоогоо хэвээр байлгавал ямар ч мөнгө орж ирээд нэмэргүй л дээ. Тэгэхээр ОУВС-тай гэрээ хийхдээ тогтолцоон дээрээ яаж анхаарах, Төсвийн хууль болон холбогдох бусад хуульд ямар заалт тусгах, төсвийг нэмэгдүүлдэг зарлагыг хуулиар яаж зогсоох гэх мэт зүйл дээр зөвлөгөө авах нь зөв болов уу. Түүнээс биш ОУВС-гаас түр хугацаанд мөнгө авч гал унтраах бол гол асуудал биш. Тогтолцоогоо засахад л анхаарах хэрэгтэй. Монголын хувьд ОУВС-тай хоёр, гурван удаа хамтарсан.

Ямартай ч хөл дээрээ тогтож өндөр хурдтай хөгжих зам руугаа орсон. Азийн хямралын үеэр Монголын санхүүг хөл дээр нь босгож эрүүлжүүлсэн газар нь ОУВС. Энэ удаагийн тухайд Азийн хямрал ч юм уу, дэлхийн эдийн засгийн таагүй байдлаас биш дотоодын асуудал хурцдаж улсаа хүнд байдалд оруулсан. Нийгмийн халамжийг зайлшгүй хүртэх ёстой хэсэгт нь хэрхэн чиглүүлэх талаар мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Зайсанд амьдардаг, гэр хороололд аж төрдөг айлын хүүхдүүдийг ялгалгүйгээр хүүхдийн мөнгө өгөх нь зохимжтой биш. Оюутны автобусны хөнгөлөлтөд сургууль руугаа машинаар ирдэг оюутнууд хамрагдах шаардлагагүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

С.Наранцэцэг: Гадаадад эмчлүүлэх 39 төрлийн өвчнөөс аблаци эмчилгээг хасуулах боломж бүрдсэн

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, анагаах ухааны доктор С.Наранцэцэгтэй ярилцлаа.

-Зүрх, судасны өвчлөл, нас баралт сүүлийн жилүүдэд тэргүүлэх эгнээнд орох болсон. Танай эмнэлэг энэ төрлийн өвчнийг оношилж, эмчлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байна. Тухайлбал ямар шинэ технологи байгаа вэ?

-Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр 2016 онд зүрхний мэс засал, мэдрэлийн мэс засал, судас хатуурах оношлогоо эмчилгээний нийт 12 шинэ технологи нэвтрүүлээд байна. Орчин үеийн анагаах ухааны хамгийн дэвшилтэт технологиуд юм. Тухайлбал, зүрхийг компьютероор оношилдог оношилгооны шинэ аргыг нэвтрүүлж, чихрийн шижин өвчин болон захын судасны эмгэгтэй хүмүүс судасны өвчнөөс болоод хөлөө тайруулдаг байсан. Тэгвэл хөлийг нь тайрахгүйгээр хиймэл судас орлуулж судасны урсгалыг авардаг шинэ технологийг нэвтрүүллээ. Мөн окулапластик буюу нүдний гэмтэлийн гаралтай эмгэгүүдийг пластик эмчилгээгээр эмчилдэг шинэ хагалгааг энэ онд нэвтрүүлж, одоогийн байдлаар хоёр хүнд амжилттай хийгээд байна. Үүнээс гадна зүрхний хэм алдагдлыг оношилж эмчлэх аблаци эмчилгээг нэвтрүүлж, 28 хүнд амжилттай хийсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамны сайдын зайлшгүй шалтгаанаар гадагшаа явах 39 төрлийн өвчнөөс аблаци эмчилгээг хасуулах боломж бүрдээд байгаа юм.

-Зүрхний хэм алдагдах өвчтэй хүн гадаадад аблаци эмчилгээ хийлгэхэд хичнээн төгрөгийн өртөг зарцуулдаг байв. Манай улсад энэ төрлийн шинэ технологиудыг нэвтрүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Аблаци эмчилгээг гадаадад явж эмчлүүлэхэд ойролцоогоор 40, 50 саяын зардал гардаг байсан. Харин эх орондоо энэ эмчилгээг хийдэг болсноор эрүүл мэндийн даатгалаар өндөр өртөгтэй эмчилгээнд орж, дөрвөөс таван сая төгрөг хувь хүнээс гарах боломж бүрдээд байна. Ингэснээр иргэдээ эдийн засгийн хямралд орохоос хамгаалж, монгол улсын технологи эрүүл мэндийн салбарын эмчилгээ үйлчилгээний технологи сайжраад гадагшаа явах урсгалыг багасгасан юм.

-Танай байгууллага “Шинэ технологи нэвтрүүлэгч эрүүл мэндийн байгууллага”-р тодорчээ. Үүнийхээ хүрээнд энэ сарын 13-ны өдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан талаараа?

-ЭМЯ-ны 2015 оны төсвөөс тэрбум 50 сая төгрөгийн хөрөнгө гаргаж энэ технологийн аппарат, багаж хэрэгслийг оруулж ирсэн. Бид дээрх шинэ технологиудыг нэвтрүүлж чадсанаар хэдэнзуун хүн аврагдаж, аюулт өвчний улмаас хорвоог орхих юмуу хөдөлмөрийн чадвараа алдах, амьдралын чанар буурах нөхцөлийг багасгаж чадлаа. “Шинэ технологи нэвтрүүлэгч эрүүл мэндийн байгууллага” нээлттэй өдөрлөгийн үеэр 350 гаруй иргэнд шинээр нэвтрүүлсэн эмчилгээ, үйлчилгээнийхээ талаар танилцуулж, зөвлөгөө өгч, үзлэг оношилгоо хийсэн.

-Тархины харвалт өвчний эмчилгээнд ямар шинэ технологи нэвтрүүлсэн бэ?

-Бид урьд нь тархины судасны цүлхэнг тархийг нь нээж байгаад хавчиж эмчилдэг байсан. Энэ нь тухайн өвчтөндөө тодорхой хэмжээний зовиуртай, хүндрэл гарах эрсдэл дагуулдаг байлаа. Тэгвэл дэлхийн аль ч өндөр хөгжилтэй оронд, Америк, Япон, Солонгост хийгддэг тархины судсан дотуурх эмчилгээг нэвтрүүлж, нутагшуулаад байна. Энэхүү эмчилгээ нь тархины судсан дотуур ялтсан утас явуулж, артерийн судасны цүлхэнгүүдийг хагарахаас урьдчилан сэргийлдэг юм. Эмчилгээний явцад хүндрэл байхгүй, нас баралт тохиолдоогүй байна.

-Зүрхний шигдээс, тархины цус харвасан өвчтөнийг хөдөлгөхгүй байлгаж байгаад эмчилгээнд оруулах хэрэгтэй гэдэг. Хөдөө орон нутагт энэ төрлийн өвчнөөр өвдсөн иргэдэд танай эмнэлэг хэрхэн тусламж үзүүлдэг вэ?

-Эрүүл мэндийн яамнаас 2014 оны аравдугаар сараас алсын түргэн тусламжийн үйлчилгээг гурван эмнэлэгт шилжүүлсэн. Манай эмнэлэг 2016 эхний арван сарын байдлаар 200 гаруй алсын түргэн тусламж үзүүлсний 30 гаруй хувьд нь газар дээр нь очиж тархины мэс засал хийсэн. Манай эмнэлэгт зүрх судас, тархины хавдарын мэс заслаар мэргэшсэн 50 гаруй жилийн түүхтэй том баг ажилладаг.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Их говийн дархан цаазат алтайн өвөр говиор

Улаанбаатараас аравдугаар сарын 7-ны баасан гарагийн үдээс хойш Баянхонгор аймгийг зорин гарав. Хэд хоногийн өмнө Содномсамдан хэмээх содон нэртэй залуу өөрийгөө аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн гэж танилцуулж, уран бүтээлчдийн нэгдсэн аялалд аяны жолоо хамтатгаач гэсний дагуу ардын уран зохиолч Тангадын Галсан багш, Аюурзана зохиолч хоёрт утас цохьсон ч тус тусын ажилтай гэсэн сэн. Ямартай ч яруу найрагч шавь Зоригтын Батхуягтайгаа ийн нутгийн зүг одож, зам зуур унаанаас бууж шөнийн тэнгэрийн од ширтэн зогсохдоо

“Дуун сүүн замтай

Бөөнцагаан нуураа зорьсуу

Энх мэндийн учиртай

Ээж хайрхандаа сүсэлмүү

Сэтгэл зүрхний гунигаа

Сэрүүн салхинд нь гээюү

Итгэл зоригийн гэгээгээр

Ирэх цагийг угтмуу” гэсэн мөрүүд цээжин цаана бичигдэн, алс одох сэтгэлийн дарцгийг хийсгэн байв. Үүрээр аймгийн төвд очвол “Хүрэн морь” яруу найргийн наадмын тэргүүн найрагч Адьяагийн Батжаргал, гэргийнхээ хамт угтан авав. Баянхонгорын багш нарын баяр очсон өдөр тохиожээ. Нэрт эрдэмтэн Сономын Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт жүжгийн театр хавиар гоёлын хувцсаараа гангарсан хүмүүс хөлхөлдөнө. Хэвтэж буй номхон барын дүртэй Номгон хайрхны бэл дэх Оготнотой булаг дээр очвол нэг нөхөр баахан мод буулгачихсан ганцаараа нүх ухаж зогсоно. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу мод тарьж байгаа нь тэр юм гэнэ. Бор шороотой ширэгний хөрсийг дөрвөлжлөн хуулж байхыг нь харахад мод таригч буянтан гэхээсээ илүү хайран сайхан эрүүл газрыг сүйтгэж байгаа солиотой хүний дүр нүдэнд өөрийн эрхгүй тодорно. Галзуу хүн л ингэж харзны тархин дээрх онгон хөрсийг хөндөж мод тарина гэж дүвчигнэх байх даа. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг нэгэн үе Баянхонгорт аж төрөхдөө энэ сайхан булгийн хөвөөнд ирж авьяас онгодоо хөглөж явсан гэхээр цаанаа л сэтгэлд дотно. Ямар сайндаа л нутгийнхан “Чинжигийн ганцаардлын булаг” гэж нэрлэх билээ. Эндээс

“Намираа цэнхэр бороо шивэрсэн

Намрын хонгор үдшээ дурс даа” гэсэн “Намрын дурсамж” зэрэг олон уран бүтээл нь мэндэлж, их туурвилчаа мөнхөлсөн түүхтэй.

Үдээс хойхно аймгийн Аялал жуулчлалын газрын гаднаас Алтайн өвөр говийг зорих баг бүрдлээ. Харин Алтайн их говийг туулах унаа минь хэдийгээр орос ах нарын үйлдвэрлэсэн фургон ч гэсэн “Үүгээр хаа ч хүрэх билээ” гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Хуучнаас хуучин төдийгүй хаалга нь дотроосоо онгойдоггүй, цонх нь нээгддэггүй машинаар хол явна гэдэг ямархан хэцүү болохыг явж үзсэн хүн л зовлонг нь дэндүү сайн мэдрэх биз. Наран хэвийх үед Баацагаан сумыг зорьж буй бидний аялагчид анхандаа хэн нэгнээсээ гэрэвшсэн маягтай, үг солих ч үгүй хэсэг явцгаав. Удалгүй “Говийн гайхамшигт-6” гэсэн аялалд нэгдсэнээ мэдэж “Тахийг ч Хустайн нуруунд үзсэн”, “Хавтгай бидэнд харагдах болов уу”, “Хар сүүлт гэж ямар амьтан байдаг юм бэ”, “Хулан тоосоо манаруулаад давхихаараа ч ёстой гүйцэгдэхгүй шүү”, “Мазаалай баавгайг Монголын таних тэмдэг болгох зөв, буруу”, “Бөхөн ч голдуу Ховдын чигт л таардаг даа” гэсэн яриагаар хачирлан танилцаж эхэлцгээв. Аяллын бүрэлдэхүүнд Монголын үндэсний олон нийтийн радиогийн найруулагч Дааганбатын Сарантуяа, Шинэжинст сумын харьяат орон нутаг судлаач Г.Дашчирэв, “News­com.mn” сайтын сэтгүүлч, яруу найрагч З.Батхуяг, яруу найрагч П.Баярсайхан, зураач Т.Батжаргал, “Хонгор нутаг” гэрэл зураг сонирхогчдын клубийн гишүүн П.Отгонбаатар, Э.Батзаяа, “Соогоо сейко” сургуулийн багш, яруу найрагч С.Мөнхтогтох, “Хонгорын сор” хоршооны гишүүн П.Сандагсүрэн, гэрэл зурагчин Л.Батбаяр, “ТВ-10” телевизийн зураглаач Б.Алтансүх, “Дельфин” бичиг хэргийн газрын эрхлэгч Э.Цэрэндулам, БОАЖГ-ын жолооч Г.Батнасан нар багтжээ.

Оройхон гарсан бид ширүүхэн дарсаар, Баацагаан сумын төв орохдоо зам зуур төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн гуайнхаа алдарт “Хүрэн морь” найраглалаас

“Оройн улаан нар

Онц туяа татуулаад

Сунаж хөвсөн үүлсийн

Сугыг нэвт шагайж

Урваж хөрвөж байгаа

Хурын бараан үүлийг

Улбар шар өнгөөр

Хувиргаж сайхан чимлээ.

Сүрэг тарган адуу

Суурь бэлчээрээ солиход

Сүүлд нь явсан хүрэн

Сугарч хойно нь хоцроод

Сургаж өгсөн эзнийхээ

Сургийг сонсох гэсэн шиг

Сухай улаан өнгөөр

Суниаж байгаа нарыг

Эгцэлж нэг хараад

Эргэж нэг унгалдав” гэж сөөнгө хоолойгоор унших Мөнхтогтох багшийн уянгад уярсхийж, авьяасын гэрэлт их зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн “Алган дээрээ бөмбөрүүлсэн

Айлын хооронд үүрсэн

Азай буурал ээжийнхээ

Ачийг яаж хариулна даа” гэсэн дууг аялан дуутай шуутай явав. Түрүүнээс хойш чимээгүй явсан онгоо бор залуутай танилцвал дуучин Төрмандахын гэргий Гансувдын дуулсан

“Бүүвэйн дуугаа аялан аялан

Бүлтгэр үрээ өхөөрдөх нь хөөрхөн

Бүлээн сүүгээр нь ундаалснаа бодохоор

Бүхнээс илүү та минь сайхан

Мэлмий дүүрэн мандсан нар шиг

Миний ээжий наддаа ганцхан

Мишээл дүүрэн дэлгэрсэн цэцэг шиг

Миний ээжий хамгийн хөөрхөн” дууны шүлгийг зохиосон яруу найрагч Мягмарын Цэрэнтогтох аж. Сумын соёлын төвд хоносон бид ургахын улаан нарнаар найрагч Лхамсүрэнгийн гэр музейгээр зочилж, үр хүүхдүүдийнх нь босгосон цагаан суваргад хүндэтгэл үзүүлээд, Монгол бөхийн овоог зорив. Талд шовойх таван ханатай гэрийн дайны эл овоо алсын газраас торойн харагдах сүр бараагүй ч эртнээс нааш улсын цолтой том бөхчүүдийн зорин ирдэг шүншигт газар болсон гэх. Дархан аварга Бат-Эрдэнэ ид барилдаж байхдаа энд жил бүрийн зуны шөнийн үүрээр ирж мөргөөд наран ургахад оддог байсан бол сүүлийн жилүүдэд аварга Эрхэмбаяр нарын бөхчүүд төдийгүй УИХ-д нэр дэвшигчид хүртэл зорин ирж, хүслээ шивнээд буцдаг болжээ. Ардын их найрагч Лхамсүрэнгийн мэндэлсний зуун насны ой ирэх арван долоон онд болох учраас Баацагаан сумынхан эртнээс ойд бэлдэж буйгаа ярьж байсан.

Сумын байгаль хамгаалагчийг “Бүсгүй хүн гарч болдоггүй овоо байгаа юм” гэж эрчүүдэд учирлаж зогсох зуур аяллын гурван бүсгүй маань мөнөөх овоог хэдийнэ нар зөв тойроод гороолж явахыг үзсэн бид “Манай гурваас ч мундаг бөх төрөх нь гарцаагүй боллоо” гэцгээн цувраа гурван Аргалантын наана цайвалзан мэлтэлзэх Бөөн цагаан нуурыг зорилоо. Бөөн цагаан нуур шувууд ч үгүй амгалан амирлана. Төдөлгүй намрын сэвэлзүүр салхин тунгалаг мандлыг нь гүвэлзтэл долгисуулахад эрчилсэн цагаан давалгаа ар араасаа уралдан хөвөөгөө алгадан сүртэй чимээ гаргана. Есөн жилийн өмнө ирэхэд саваа багагүй дундарсан байсан Бөөн цагаан нуур энэ зун цатгалан сайхан байсныг хөвөөнд нь очих зуур ус нэвчсэн гутал минь гэрчлэх нь тодорхой. Нутгийнхны “Цагаан далай ээж” хэмээн нэрийдсэн Монголын говийн давст Бөөн цагаан нуурт миний төрж өссөн Заг-Байдрагийн голууд цутгадаг сан билээ. Нуурын уснаас магнайдаа хүргэхэд ээжийн минь гар илээд авах шиг цаанаа л нэг дотнохон. Бөөн цагаан нуурын шувууд үүрлэдэг арал жилээс жилд эзгүйрэх болсон талаар нутгийнхан шүүрс алдан ярьцгаах аж. Усны шувууд хүний хөл үймээнээс дайжин ийнхүү төрөлх нууртаа ч ойртохоо больсон бололтой. Далай ээжийг хөвөөлөн явсаар цутгал голыг гэтлэх үед манай машины жолооч Батжаргал ах маань барьц алдан голд унаагаа унтраахдаа “Говийн хүү болохоос би голын жараахай биш” гэж тунирхсан үг унагаж хамгийн анхны онигооны эзэн болов.

Үргэлжлэл бий

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар 1 хэм хүйтэн байна

Image result for Улаанбаатар 1 хэм хүйтэн байна

2016 оны 10 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, баруун болон говийн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 1-3 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ нийгэм

Баабарын “ХОМ гэж ямар баньдийн юм бэ?” гэсэн нийтлэл хэвлэгджээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ингээд Өдрийн сонины лхагва гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.

Тухайлбал, нэгдүгээр нүүрний “Гурилын үйлдвэрүүд тариаланчдаас 380-500 мянган төгрөгөөр улаанбуудайг худалдан авч байна” гэсэн гарчигтай өдрийн сурвалжлагыг онцолж байна.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээ УИХ-ын гишүүн Б.Жавхлантай “Стэнд бай”-д хөтөлбөрийн ач холбогдлын талаарх ярилцлагыг сонирхон уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Баабарын “ХОМ гэж ямар баньдийн юм бэ?” гэсэн нийтлэл хэвлэгджээ.

Улс төрийн зургаадугаар нүүрнээс ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан У.Загдцэсэмтэй шинжлэх ухаан, технологийн талаарх сонирхолтой ярилцлагыг хүлээн авч уншаарай.

Баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс сүүлийн жилүүдэд эх орон хэмээх сүржин уриатай залуус монгол иргэдээ чдээрэмдэх болсон талаарх “Эх орноо хамгаалах лоозонтой бүлгэм, хөдөлгөөний дээрэмчид” гэсэн гарчигтай нийтлэлийг сонирхон уншаарай.

Өдрийн сонины 12 дугаар нүүрний “Дэвжээ” буланд гарсан “Монгол бахархлын өдөр”-ийн шигшмэл бөхийн барилдаанд Ч.Санжаадамба аварга түрүүлнэ” гэсэн гарчигтай нийтлэлийг сонирхон хараарай.

Манай сонины 18 дугаар нүүрний “Дуулгах сонин” буланд гарсан автомат шүхэр, осол мэдрэгчтэй нисдэг таксины шинэ загварыг танилцуулж байна. Хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ