Categories
мэдээ улс-төр

Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэдэг явдлыг таслан зогсооно

Ахмад настан, алдар цолтнуудад нэмэгдэл, хөнгөлөлөлт олгоно

Ахмад настны тухай болон алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, мэдлэг, ур чадвараа өвлүүлэн үлдээх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг нь нэмэгдүүлэх үүднээс хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт Ач санах хууль баталж, азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан. Энэ дагуу 65 ба түүнээс дээш насны ахмадууддаа жилд хоёр удаа 100-300 мянган төгрөг олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгаад байгаа юм.

Ахмад настны тухай хуулийн төсөл нь ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой бөгөөд 4 бүлэг, 17 зүйлтэй. Ахмадуудад лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх явуулын үйлчилгээ үзүүлэх, хэрэгцээтэй дэмжлэг, туслалцаа, үйлчилгээний талаарх мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр хүргэх зэрэг шинэлэг хэлбэрийн ажлыг хэрэгжүүлэхэд 750 сая төгрөг зарцуулахаар төлөвлөв.

319 иргэний хилийн хоригийг цуцалжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг шалгаж судлах Ажлын хэсэг Засгийн газрын ээлжит хуралдаанд санал дүгнэлтээ танилцууллаа. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын ахалсан тус Ажлын хэсэг дэргэдээ дэд ажлын хэсэг байгуулан ажиллав. Ажлын хэсэг хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдийг Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэн талаарх судалгааг хийж санал дүгнэлт гаргажээ. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн Монгол Улсын 5391, гадаадын 191, нийт 5582 иргэн бүртгэлтэй байсан бол ялын хугацаа дууссан, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн зэрэг хуульд заасан үндэслэлээр Монгол Улсын 298 иргэн, гадаадын улсын 21 иргэн, нийт 319 иргэнийг Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцлажээ. Үүнд:

Прокурорын байгууллагын шийдвэрээр Монгол Улсын 164 иргэн, гадаад улсын 13 иргэн,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр Монгол Улсын 128 иргэн, гадаад улсын 2 иргэн,

Шүүхийн шийдвэрээр Монгол Улсын 6 иргэн, гадаад улсын 6 иргэн тус тус хамрагдсан байна.

Мөн тухайн хүнд өөрт нь мэдэгдэлгүйгээр төрийн албан хаагч дур зоргоороо авирлаж хилийн хориг тавьдаг, хориг тавьчихаад түүнийгээ таг мартдаг асуудлыг нэг мөр цэгцлэхээр шийдвэрлэлээ. Тухайлбал, Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлэх шийдвэр гаргах, түүнийг цуцлах үйл ажиллагааг нэг цонхоор явуулах, хилээр гарахыг түдгэлзүүлсэн иргэдийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн сантай болох нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн хилээр гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг ямар албан тушаалтан хэзээ гаргасан, хэзээ цуцлахыг тодорхой заах, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудад холбогдох өөрчлөлт оруулах санал гаргав.

Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэдэг явдлыг таслан зогсооно

Ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн талаар судалгаа хийж үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 35 зүйл хэсэгт заасан 374 хэрэгт 403 иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан болох нь тогтоогджээ. Мөн эрүүгийн 93 хэрэгт сэжигтэн, яллагдагчийн гэм буруутайг нотлох баримтаар тогтоож, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн бол эрүүгийн 139 хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж прокурорт шилжүүлсэн байна. Үүнээс харахад хэрэгсэхгүй болгосон хэрэг нь шүүхэд шилжүүлсэн хэргээс 33 хувиар их байна. Энэ нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг сайн шалгаж үзэлгүй үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэсэн үг юм. Тиймээс хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, эрүүгийн хэрэг үүсгээд дарамталдаг, нэг талыг барьж шалгадаг, танил талдаа үйлчилдэг, хууль зөрчдөг, олон арван сар шалгадаг явдлыг таслан зогсоож, хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хуулиас давсан заалттай 86 шийдвэрийг хүчингүй болгож, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТООГ 2-3 дахин ЦӨӨЛНӨ

Өнөөдөр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 971 захиргааны хэм хэмжээний актаас хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой Сайдын тушаал 168, Агентлагийн даргын тушаал 25, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж 44 нийт 237 шийдвэр байна. Уг 237 захиргааны хэм хэмжээний актыг Ажлын хэсгийн хүрээнд хянан үзээд холбогдох хуулиудад нийцээгүй 100 шийдвэр байсныг тогтоож, хууль зөрчсөн зөрчлийг арилгах үүднээс Хууль зүй, дотоод хэргийн яам 86 шийдвэрийг хүчингүй болгох, 14 шийдвэрийг шинэчлэн баталж бүртгүүлэх тухай дүгнэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлжээ. Ажлын хэсэг мөн өнөөдөр байгаа 1400 гаруй нэр төрлийн тусгай зөвшөөрлийн тоог 2-оос 3 дахин бууруулж, зөвшөөрснөөс бусдыг хориглох бус хориглосноос бусдыг зөвшөөрч,эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааг дэмжих санал гаргасныг Засгийн газар дэмжлээ.

Төрийн албан хаагчийн хууль зөрчсөн буруутай үйлдлээс болж 15 тэрбум 319 сая төгрөгийн хохирол учирчээ

Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохиролд 2013-2015 онд нийт 164 гүйцэтгэх баримт бичгийн 15,319,861,889 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчид төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд нийт 23 аж ахуйн нэгжид 25 гүйцэтгэх баримт бичгийн 11,843,753,084 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Нөхөн төлбөр төлөх болсон шалтгааныг судлаж үзвэл: Худалдан авагчаас шилжүүлсэн мөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан Төрийн өмчийн хорооны ажилтнуудтай холбоотой, татварын өрөнд хуулийн этгээдээс хураасан орон сууцыг завшсан сумын Засаг даргатай холбоотой, шан харамж өгөөгүйгээс онцгой албан татвар төлүүлэх тухай хууль бус шийдвэр гаргасан гаалийн байцаагчтай холбоотой төрийн албан хаагчдад холбогдох нэхэмжлэлд хохирол нөхөн төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан байна. Тиймээс цаашид төрийналбанхаагчийнбуруутайүйлажиллагааныулмаасүүссэнөртөлбөрийг төр хариуцаад өнгөрөх биш тухайн гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг байх хууль журам боловсруулахаар тогтлоо. Засгийн газрын хуралдаанаар Ажлын хэсгийн санал дүгнэлтэд тусгагдсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгаж, хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон холбогдох сайд нарт даалгалаа. Мөн Засгийн газар, яам, агентлагийн түвшинд хэрэгжүүлэхээр санал болгосон арга хэмжээг яам, агентлагийн төлөвлөгөөнд тусгах, хэрэгжилтэд нь хяналт тавьж 2017 оны II дугаар улиралд Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх гарын дарга Ж.Мөнхбат, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд үүрэг болгов.

Шилэн дансны хуулийн хэрэгжилт, хөтлөлтийг сайжруулахыг үүрэг болголоо

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн сайдын мэдээллийг сонсч холбогдох сайд нарт үүрэг өглөө. Тухайлбал, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудит хийх, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Мөн төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг сайжруулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт үүрэг болгов. Шилэн дансны хөтлөлт, мэдээллийг нэгдсэн цахим хуудсанд хуульд заасан хугацаанд тогтмол нээлттэй байршуулж хэвшүүлэхийг Шилэн дансны хуулийн хүрээнд багтах бүх шатны байгууллагын удирдлагуудад даалгав.

Товч мэдээ

– Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлав. Төлөвлөгөөнд нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын үндсэн 4 салбар, чиглэлийн 383 зорилт тусгав.

– Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн төслийг хэлэлцээд ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

– Монгол Улсын гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

– Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО хооронд 2016-2021 онд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн төслийг дэмжив.

– 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээрт дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад эрх тэгш нөхцөл олгох, хөрөнгийг нь нөхөн төлбөргүйгээр албадан хураахаас хамгаалах, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.

– Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ХХЕГ, Гадаадын иргэн, харьяатын газар онцлох ажлуудаа нэрлэлээ

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын төлөөлөл өнгөрсөн хугацаанд хийсэн онцлох ажлуудаа танилцуулж байгаа билээ. Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн орлогч дарга, хурандаа Ж.Бямбасүрэн нар өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд мэдээлэл хийлээ.Засгийн газрын үйл ажиллагааны эхний 100 хоногт Гадаадын иргэн, харьяатын газраас онцлох гурван ажил хийжээ. Тодруулбал,

Гурван аймгийн боомтыг шилэн кабелиар холбов

Ховд, Өлгий, Чойбайлсан аймагт агаарын замын боомтод “VSAT” буюу сансарын хиймэл дагуулыг ашиглан хил нэвтэрч буй зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, гадаадын иргэдийн бүртгэлийг хийж байв. “VSAT”-ын сүлжээ нь хоцрогдол ихтэй, өртөг өндөр /1 цэгт 1.7 сая төгрөг/, ашиглаж буй тоног төхөөрөмжүүд нь өндөр үнэтэй, албаны дотоод сүлжээг хязгаарлагдмал цагаар ашигладаг учраас шинэчлэх шаардлагатай болсон. Тиймээс дээрх гурван боомтыг шилэн кабелийн сүлжээнд холбохоор тооцоо, судалгааны ажлыг хийж, “ACCESS POINT” төхөөрөмж ашиглан агаараар холбож, 2016 оны 09 дүгээр сард ашиглалтанд оруулаад байна. Гурван аймгийн боомтыг шилэн кабельд холбосноор сүлжээний хоцрогдол арилж, цагийн хязгаарлалтгүйгээр албаны дотоод сүлжээг ашиглах, “E-immigration” төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “ISM” системд холбогдох боломжтой болсон юм.

Хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Орох гарахыг удирдах газрын дарга Чу Юунхай нар 2016 оны 09 сарын 22-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийг байгуулснаар хоёр улсын иргэдийн хил нэвтрэлтийн бодлогын талаар хамтарсан судалгаа хийх, удирдлагууд бодлогын арга хэмжээ, ажлын туршлага болон иргэдийн хил нэвтрэлтийн талаар харилцан мэдээлэл солилцох, хууль бус шилжилт хөдөлгөөн түүнтэй холбогдох мэдээллийг харилцан солилцох, хилээр нэвтрэх хүрээнд шинэ техник технологийг ашиглан хуурамч бичиг баримт бичгийг танин илрүүлэх туршлага солилцох, өөрийн улсын шинэ гарсан паспорт, паспортыг орлох баримт бичгийн эх загварын мэдээллийг солилцох, байгууллагын албан хаагчдыг сургалтад хамруулан чадавхижуулах зэрэг үр дүнд хүрэх юм.

“И-иммигрэйшн” төслийг нээлт боллоо

Монгол Улсын хилээр нэвтрэгсдийн бүртгэл хяналтыг орчин үеийн өндөр хурдтай техник, технологийг нэвтрүүлэн, хувь хүний биометрик мэдээлэл агуулсан мэдээллийн санг ашиглан хилийн шалган нэвтрүүлэх хяналтыг шуурхай болгон сайжрууллаа. Ингэснээр Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх боомтын бүртгэлийн үйл ажиллагаа олон улсын жишигт хүрч байгаа юм. 2014 оноос хэрэгжиж эхэлсэн уг төсөл нь нийтдээ 36 сарын хугацаанд буюу 2014-2016 онуудад үргэлжлэн энэ жил амжилттай хэрэгжлээ. Энэ төсөл хэрэгжсэнээр гадаадын иргэдийн болон хилийн шалган нэвтрүүлэх бүртгэлийн үйл ажиллагаанд шинээр “ISM” системийг бий болгон ашиглах, хилийн шалган нэвтрүүлэх болон гадаадын иргэний бүртгэлийн системийг нэгтгэснээр гадаадын иргэд болон хилээр нэвтэрсэн иргэдийг хоёр өөр газарт давхар бүртгэдэг байсныг болиуллаа. Үүний үр дүнд

мэдээ тайлангийн зөрүүтэй байдал арилсан байна. Хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа болон гадаадын иргэдийн бүртгэлийн үйл ажиллагаанд хувь хүний биометрик дата ашиглах болсноор бичиг баримт хуурамчаар ашиглах байдлыг таслан зогсоож хяналт шалгалтын үйл ажиллагаа сайжирсан Хилийн шалган нэвтрүүлэхийн үйл ажиллагаанд цахим гарц /auto gate/ -ын шинэ технологи ашиглаж эхэлснээр зорчигчийг бүртгэх цаг хугацаа хэмнэх, таних чадавхи нэмэгдэж, хилийн шалган нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлсэн.

Харин Засгийн газрын үйл ажиллагааны эхний 100 хоногт Хил хамгаалах байгууллагаас Хилийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж дараах онцлох ажлуудыг хийжээ.

Иргэдэд учирч болох 381.786.000 төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ

Монгол Улсын хилд 19 удаагийн 33 хүн хилийн дэглэмийн, 45 удаагийн 452 хүн хил орчмын дэглэмийн зөрчил гаргасныг илрүүлэн хуулийн дагуу шийдвэрлэсэн байна. Гадаадаас бэлчээрээр хил давж ирсэн 16 удаагийн 504 тооны малаас 11 удаагийн 492 тооны малыг орж ирсэн чиглэлээр нь буцаан гаргаж, 1 удаагийн 6 тооны малыг ХБЭТ-ийн туслагчийн уулзалтаар хүлээлгэн өгч, 4 удаагийн 6 толгой малыг хадгалалтанд авч ХБЭТ-ийн шугамаар хил залгаа улсын талд мэдэгдсэн. Бэлчээрээр улсын хилд тулсан 22 удаагийн 969 тооны малын эздийг тогтоон хүлээлгэн өгч 381.786.000 төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлэв. Монгол улсын талаас Увс, Завхан аймаг, Сагил, Тэс сумуудын хэсгээр 2 удаагийн 25 толгой мал хил дамнан хулгайлагдснаас 3 толгой малыг олж эзэнд нь хүлээлгэн өгч 22 тооны малыг ОХУ-ын талаас нэхэмжилж байна. Гарсан зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хилийн дэглэмийн зөрчил 44.1 хувиар буурч, хил орчмын дэглэмийн зөрчил 2.2 хувиар өсч, хил дамнасан малын хулгай 77.7, бэлчээрээр хил давсан мал 32.0, хилд тулсан мал 35.2 хувиар тус тус буурсан байна. Хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийн илрүүлэлт 97.0, шийдвэрлэлт 94.1 хувьтай хэрэгжиж, хилчид хуулиар хүлээсэн гүйцэтгэж байна. Түүнчлэн Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагаж гарах хуулиудын төслийг боловсруулж Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

“Сүлдэт багана” цогцолбор байгууллаа

Орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний түүхт 83 жилийн ойгоо угтаж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2,2 га талбайд “Хилчин цогцолбор”-ыг бүтээн байгууллаа. Мянга, мянган хилчдийн сэтгэлийн хандиваар боссон энэхүү цогцолбор нь Эх орны тусгаар тогтнол, дархан хилийг баталгаажуулсан баатарлаг хилчдийн дурсгалыг мөнхлөх, ирээдүй хойч үеийг эх оронч үзлээр төлөвшүүлэх, их хотын ногоон байгууламж, өнгө үзэмжид гэрэл гэгээ нэмэх зорилгоор эх орны дөрвөн захын цэг, хилчин баатруудын хөшөөт цогцолбор, хүүхдийн тоглоомын талбайг байгуулж, төв талбайдаа хилчдийн сүр жавхаа болсон сүлдэт баганыг сүндэрлүүлж үе үеийн хилчид, залуу үедээ хилийн баганадаа ёсолж, хүндэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн юм.

“Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа

Хил хамгаалах байгууллага жил бүр нийслэл хотын иргэддээ зориулж уламжлал болгон “Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдааг 2 дахь удаагаа зохион байгууллаа. Энэхүү “Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа нь та бүхэнд эх орны дөрвөн зүг, найман зовхисын аж амьдрал, гар урлалын бүтээл, идээ ундааны онцлого, хилчдийн өдөр тутмын ажил хөдөлмөрийн үр шимийг илтгэн харуулахын зэрэгцээ эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед Монгол хүн бүр өөрсдийн нөөц боломж, байгалийн баялагаас амьдрал, аж ахуйн хэрэгцээгээ хангах өргөн бололцоо байгааг бас сурталчилан, харуулах зорилго агуулж байдаг юм.

Гэрээт цэргийн албыг зохион байгуулах журмыг шинэчиллээ

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 194 дүгээр тогтоол /Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам/-ыг үндэслэн ХХЕГ-ын даргын тушаалаар “Хил хамгаалах байгууллагад гэрээт цэргийн албыг зохион байгуулах журам”-ийг шинэчлэн боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байна. Гэрээт хилчний алба хаах сонирхолоо илэрхийлсэн цэргийн жинхэнэ албыг 8 сараас доошгүй хугацаагаар хааж байгаа байлдагч, түрүүч, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн 29 хүртэлх насны иргэнийг гэрээт цэргийн албан хаагчаар сайн дурын үндсэн дээр сонгон шалгаруулж авч, журмын дагуу бие бялдрын хөгжилт, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшин, мэргэжил, ёс зүй, сахилга, хариуцлагын байдал гэсэн үзүүлэлтээр сонгон шалгаруулалтыг явуулж, 156 ХЦАХ, иргэдийг гэрээт цэргийн анхан шатны сургалтанд хамруулан төгсгөж, хилийн анги /отряд/-д томилсон. Хил хамгаалах байгууллага цаашид гэрээт цэргийн албыг улам төгөлдөржүүлж гэрээт хилчдээр албыг зохион байгуулах бодлого баримтлан ажиллаж байна.

Сулинхээрийн отряд шинэ байрлалд шилжлээ

Аймаг, сумын төвөөс алслагдсан хэсэгт хил хамгаалалтыг зохион байгуулж байсан Хилийн 0168 дугаар анги буюу Сулинхээрийн отрядыг Дорноговь аймгийн Хатанбулаг сум руу нүүлгэн байршуулах шийдвэрийг анх Монгол Улсын Засгийн газар 2010 онд гаргаж байсан. Үүний дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2 тэр бум 100 сая төгрөгөөр их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж өнөөдөр ашиглалтад оруулсан. Тус отрядыг Хатан булаг сумын төвд шилжин байршуулсанаар хилчид, тэдгээрийн ар гэрийн ажиллаж, амьдрах нөхцөл сайжирч байгаа бөгөөд төр, нийгмийн үйлчилгээ авахад амар хялбар болж, харилцан ажиллагаатай байгууллагуудын уялдаа, зам харгуй, шуудан, харилцаа, сургууль, цэцэрлэг зэрэг бүх зүйл цогцоороо шийдэгдэж байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнх-Оргил: ХОМ-д намайг байргүй гэсэн нь АТГ-ын бичилтийн алдаа

Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар /АТГ/ олон нийтэд дэлгэсэнтэй холбоотойгоор “Мөнх-Оргил асар их хэмжээний өртэй” гэх мэдээлэл тарсан. Энэ асуудлаар би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Надад тийм их хэмжээний өр байхгүй. Би УИХ-д нэр дэвшихэд ч байгаагүй. Дараа нь УИХ, Засгийн газрын гишүүнээр сонгогдоход ч байгаагүй. Өмнө нь байсан уу гэвэл байсан. Хэзээ байсан бэ гэхээр 2013-2016 оны тавдугаар сар хүртэл энэ өр байсан. Энэ өр хаанаас гарч ирсэн бэ гэхээр манай гэр бүлийн хүн 2013 оны дөрөвдүгээр сард “Гоёо” компанийг “MCS” компаниас худалдаж авсан. Худалдаж авахдаа 25 хувийн төлбөрийгн бэлнээр төлөөд 75 хувийг зээлээр авсан. Тэгэхээр Мөнх-Оргил бэлнээр болон бэлэн бусаар мөнгө зээлээгүй. Нэгэнт манай гэр бүлийн хүний нэр дээр өр байгаа учраас хөрөнгө орлогын мэдүүлэгт тайлагнана. Тайлагнахдаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан учраас зургаан сарын хоцрогдолтой гарсан байна. Үүнээс хойш 2016 оны тавдугаар сарын 2-нд хувьцаа буцаах тухай гэрээ байгуулаад хувьцааг нь буцааж өгсөн өр тэглэгдсэн. Өртэй холбоотой зээлийн хүү төлөгдсөн. Манай гэр бүлийн хүн өнөөдөр ямар ч өргүй “Гоёо” компанийн 25 хувийг эзэмшиж байгаа” гэлээ.

Мөн хөрөнгө орлогын мэдүүлэг дээр Мөнх-Оргил байргүй гэж мэдүүлэг гаргасан байна. Энэ нь АТГ-ын бичилтийн алдаа гэж тайлбарлалаа. Энэхүү бичилтийн алдаагаа хүлээж уучлалт гуйсан бичиг хүргүүлсэн байна. Тодруулбал, орон сууц гэдэг хэсэгт тоо байхгүй, бусад барилга гэдэг дээр нэг гэсэн тоо тавьсан байгаа нь бичилтийн алдаа болсон гэж тайлбар хийлээ.

Categories
мэдээ улс-төр

Туркийн Үндэсний Их Хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Туркийн Үндэсний Их Хурлын Турк-Монголын найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдоан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд удахгүй болох Турк Улсын үндэсний баярыг тохиолдуулан Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманд чин сэтгэлийн мэндчилгээ уламжилж, Мехмет Эрдоан тэргүүтэй төлөөлөгчдөд Монголд тавтай зочлохыг хүсэн ерөөв.

Тэрбээр Монгол Улсын гуравдагч хөрш Турк улстай хөгжүүлж буй иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж байгааг тэмдэглээд энэ үйл ажиллагаанд хоёр талын хооронд хийгдэж буй айлчлалууд, түүний дотор хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хооронд хэрэгжүүлсэн айлчлалууд ач холбогдолтой болсныг дурдлаа. Цаашид хоёр талын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлж, нөөц боломжийг ашиглахын чухлыг тэмдэглээд, Үндэсний Их Хурал дахь Турк, Монголын Парламентын найрамдлын бүлгээс дэмжиж ажиллахыг хүсэв.

Ноён Мехмет Эрдоан хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын даргад талархаад, өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан болон М.Энхболдыг УИХ-ын даргаар томилогдсонд нь баяр хүргэв.

Тэрбээр “Туркийн төр засаг, ард түмэн Монгол Улсыг Евразийн уудам дэлгэр нутагт харилцаа хамтын ажиллагаа хамгийн амжилттай хөгжиж буй түнш орон, ах дүү ард түмэн хэмээн үздэг” гэж онцлоод Монгол Улстай бүхий л салбарын хамтын ажиллагаа өрнүүлэх эрмэлзэл бидэнд бий хэмээв.

Ноён Мехмет Эрдоан Туркт төрийн эргэлт хийх оролдлогын үеэр Монголын төр засаг, ард түмэн Туркийн хууль ёсны засаг төр, иргэдийн нийтлэг эрх ашгийг дэмжиж байсанд талархал илэрхийлээд төрийн эргэлт хийхийг оролдогчид, хууль бус бүлэглэлүүдтэй хийж буй тэмцлийн талаар УИХ-ын даргад танилцууллаа.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бэрхшээл саадыг арилгахад парламентуудын үүрэг чухал бөгөөд эрх зүйн орчныг сайжруулах нь бидний үүрэг юм хэмээн онцлоод Туркийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага ТИКА Монгол Улсад 450 гаруй төсөл хөтөлбөрийг 30 орчим сая ам.доллараар санхүүжүүлээд байгаа бөгөөд энэ үйл ажиллагаа цаашид өргөжөөсэй гэж хүсэж байна гэв. Түүнчлэн Туркийн Засгийн газрын тэтгэлгээр олон монгол залуус Туркт боловсрол эзэмшсэнийг тэмдэглээд, энэхүү оюуны томоохон хөрөнгө оруулалт цаашид үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

М.Энхболд нэлээд хэдэн жилийн өмнө Туркийн талаас амласан 300 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэрэгжилт удааширч байгааг анхааралдаа авахыг ноён Мехмет Эрдоанаас хүсэв. Ноён Мехмет Эрдоан буцаж очоод энэ асуудлыг Засгийн газартаа хандаж тавина. Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс энэ чиглэлээр идэвхтэй ажиллана гэдэгт итгэж байна гэв.

Ноён Мехмет Эрдоаныг дагалдан Туркийн ҮИХ-ын гишүүн, ҮИХ дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга Нурэддин Нэбати, ҮИХ-ын гишүүн, ҮИХ дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн гишүүн Хамза Даг, Бүлэнт Енэр Бэкташоглу, Эркан Хабэрал, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз нарын зэрэг хүмүүс байлцав.

Categories
мэдээ соёл-урлаг

Алдарт зохиолч Гарсия Маркесийн тухай баримтат киног үнэ төлбөргүй үзүүлнэ

Колумбын кино өдрүүдийн хүрээнд маргааш Тэнгис кино театрт 18.00 цагт Габриель Гарсия Маркесийн тухай “La magia de lo real” хэмээх баримтат кино гарах гэж байна. Энэхүү киноноос алдарт зохиолчийн амьдрал, уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна. Гарсия Маркес нь 1927 оны 3-р сарын 6-д төржээ. “100 жилийн ганцаардал” хэмээх алдарт роман бичсэн бөгөөд Го.Аким монгол хэлнээ хөрвүүлэн уншигчиддаа барисан билээ.

Categories
мэдээ улс-төр

БНТУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан өнөөдөр /2016.10.26/ Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын гишүүн, ТҮИХ дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Мехмед Эрдоган тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан ТҮИХ дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол оронд тавтай зочлохыг хүсэв. Тэрбээр УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, захидал ирүүлсэнд ноён Мехмет Эрдоганд талархал илэрхийлээд хоёр улсын парламентын гишүүд хоорондын ойр дотно, ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ноён Мехмет Эрдогантай хамтран ажиллахдаа баяртай байхаа илэрхийлэв. Мөн Монгол, Турк хоёр улс төр, нийгмийн ардчилсан тогтолцоо, парламентын засаглалтай улсууд. Иймд хоёр улсын харилцаанд парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэгийг тэмдэглээд Монгол Улсын хувьд Турк Улсыг гуравдагч хөршөө хэмээн үздэг. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд бүхий л салбарын харилцаа эрчимтэй хөгжиж байгааг цохон тэмдэглэсэн.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын гишүүн, ТҮИХ дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Мехмед Эрдоган найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд ах, дүүгийн найрамдалт харилцаатай Монгол Улсад гурав дахь удаагаа айлчлан ирсэндээ баяртай байна гэв. Тэрбээр “Манай хоёр улс газар нутгийн хувьд хол байдаг учраас харилцаа холбоогоо сайжруулах нь чухал. Энэ ч үүднээс Истанбул-Улаанбаатарын чиглэлд долоо хоногт тогтмол гурван удаагийн нислэг үйлдэх болсон нь хоёр талын харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлж байна. Хоёр орны харилцаа сүүлийн 26 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, 100 гаруй гэрээ, хэлэлцээрийг хийсэн байна. Хоёр орны иргэд харилцан 30 хоног визгүй зорчиж байгаа нь дээрх гэрээ, хэлэлцээрийн нэг үр дүн юм. Өнөөг хүртэл бататган бэхжүүлсэн энэ харилцаагаа хамгаалах, сайжруулах, хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхийн төлөө аль аль тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна” хэмээн онцоллоо.

Түүнчлэн Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ТИКА/ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж ирсэн 20 жилийн хугацаанд 450 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хоёр орны хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж байгааг дурдав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох, Монгол оюутнуудыг техник, технологи, инженерийн чиглэлээр Турк Улсад суралцуулах талаар болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, харилцан санал солилсон юм.

Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүн Н.Энхболд, Д.Ганболд, Г.Солтан, Б.Ундармаа, Туркийн ҮИХ-ын гишүүн, ҮИХ дахь Турк-Монголын парламентын найрамдлын бүлгийн дэд дарга Нурэддин Нэбати, Туркийн ҮИХ-ын гишүүн, ҮИХ дахь Турк-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн Хамза Даг, Бүлэнт Енэр Бэкташоглу, Эркан Хабэрал, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз нар болон албаны бусад хүмүүс байлцав.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 377 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр

Image result for Нийслэлийн 377 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр

10 дугаар сарын 26-27 Лхагва-Пүрэв гараг

12:00 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит ЕБС-ийн сурагчдын дунд зохиогдсон “Их нүүдэл” шатрын тэмцээний нээлт

Хаана: БГД-ийн “Монгени” цогцолбор сургуулийн спорт зааланд


10 дугаар сарын 28 Баасан гараг

9:00 Нийслэлд Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 1 дүгээр дамжааны оюутнуудын хотын аялалын нээлт

Хаана: Монголын Үндэсний музейд

9:30 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт

Хаана: Соёлын төв өргөөнд

10:00 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа

Хаана: НЗДТГ-ын А зааланд

11:00 “Их хотын хямдрал-377” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны нээлт

11:10 ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” сэдэвт гар зургийн уралдааныг шалгаруулах ёслолын ажиллагаа

Хаана: Д.Сүхбаатарын талбайд

12:00 Нийслэлийн “Тэргүүний өрх, гэр”-ийг шалгаруулах ёслолын ажиллагаа

Хаана: НЗДТГ-ын Б танхимд

14:00 Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Монгол Улсын Ардын жүжигчин, Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт

Хаана: Соёлын төв өргөөнд

19:00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслолын ажиллагаа

Хаана: Шангри-Ла олон улсын зочид буудал


10 дугаар сарын 29 Бямба гараг

10:00 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол

Хаана: Монгол Ардын намын байрны урд талын цэцэрлэгт хүрээлэнд

11:00 Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа

Хаана: Д.Сүхбаатарын талбайд

13:00 Нийслэл, дүүргийн төрийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулагдах спортын арга хэмжээний нээлт

Хаана: “Эрэл” дунд сургуулийн зааланд

15:00 Нийслэлийн 377 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт

15:10 “Хүндэт донор” иргэдэд шагнал гардуулах

15:15 Их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдааныг шалгаруулах ажиллагаа

Хаана: Соёлын төв өргөөнд

Categories
мэдээ нийгэм

Дарханы нарны ЦС-ын гүйцэтгэл 90 хувьтай явж байна

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дарханы 10мвт нарны цахилгаан станц”-ын байгууламжийн гүйцэтгэл 90 гаруй хувьтай явагдаж байна. Тус станц нь ОХУ-аас импортоор авч байгаа эрчим хүчний хэмжээг багасах, бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчний системд холбоход ихээхэн ач холбогдолтой.

Дээрх байгууламжийн үйл ажиллагаатай аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга тэргүүтэй холбогдох мэргэжилтнүүд энэ сарын 25-ны өдөр танилцлаа. Энэхүү нарны цахилгаан станцыг дотоодын “Solar power international”, Япон улсын “Sharp” корпорац, “Shigemitsu shoji” компани хамтран 17.5 сая ам долларын хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа юм.

Станц нь 12 дугаар сарын 25-ны өдөр Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдсоноор “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-д эрчим хүч нийлүүлж эхэлнэ. Тус нарны цахилгаан станц нь нийт 32274 ширхэг нарны модуны тусламжтайгаар жилд 14.1 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх юм. Энэ нь 20,000 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ хэмээн “Solar power international” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр ярилаа.

Нарны цахилгаан станц нь жилд 14,746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх бөгөөд цахилгааны холболтын кабель нь манай орны -30 хэмээс -40 хэмийн хүйтэн эрс тэс нөхцөлд найдвартай, өндөр үр ашигтай ажиллах шаардлагыг хангана гэж тооцоолжээ. Энэ нь эргээд байгаль орчинд хор хөнөөлгүйн дээр бусад аймаг орон нутгууд эрчим хүчний эх үүсвэрээ шинэчлэх үүд хаалгыг нээж байгаа хэрэг гэдгийг уг станцын үйл ажиллагаатай танилцах үеэр аймгийн удирдлагууд онцолж байлаа.

Categories
мэдээ улс-төр

Сангийн сайд асан Б.Болор “Эрдэнэт”-ийн асуудлаар тайлбар өгнө

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудлыг хэлэлцсэн. Ингээд байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж тус үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлыг шалгах дүгнэлтэд хүрсэн юм.

Уг хуралдаанд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах шийдвэрийг гаргасан өмнөх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болон “Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал О.Орхон нар оролцож УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой Засгийн газрын ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр мөн хэлэлцэх аж.Түүнчлэн Хууль зүйн байнгын хороо үргэлжлүүлэн тус асуудлаар хуралдах юм. Энэ хуралдаанд Сангийн сайд асан Б.Болор оролцох аж.

Categories
мэдээ спорт

Б.Баатарцол, Б.Ганзориг нараас сэргээш илэрчээ

Допингийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр албан ёсны мэдэгдэл гаргалаа.

Тодруулбал, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадамд барилдсан шөвгийн 32 бөх, харваачдаас Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээ авч БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид шинжлүүлсэн билээ.

Тус лабораториос 2016 оны 8-р сарын 23-ны өдөр ирүүлсэн шинжилгээний хариуд 3940625 дугаартай Баян-Өлгий аймгийн харъяат Батчулуун овогтой Баатарцол, 3939453 дугаартай Увс аймгийн харъяат Бадрах овогтой Ганзориг нарын “А” сорьцны дээжинд хориотой эмийн жагсаалтанд багтах бодис илэрч допингийн эсрэг дүрмийг зөрчсөн болох тухай манайд мэдэгдсэн.

Лабораторийн албан ёсны хариуг холбогдох газруудад дүрмэнд заасан хугацаанд нь бид хүргүүлсэн.

Үндэсний бөхийн холбоо болон дээрхи 2 бөхөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу “В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид 2016 оны 8-р сарын 29 ны өдөр уламжилсны дагуу тус байгууллагаас 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдөр ирсэн “В” сорьцын шинжилгээний хариу нь “А” сорьцын шинжилгээний хариутай ижил гарсан болохыг мэдэгдлээ.

Энэ тухай Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон Монголын Допингийн эсрэг үндэсний төвийн дүрэм, Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авах эрх бүхий байгуулага болох Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс болон Үндэсний бөхийн холбоонд хугацаанд нь албан ёсоор мэдэгдсэн болно.