Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болж улсад 15.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохиролд 2013-2015 онд нийт 164 гүйцэтгэх баримт бичгийн 15,319,861,889 төгрөг олгохоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна.

Үүнээс хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчид төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд нийт 23 аж ахуйн нэгжид 25 гүйцэтгэх баримт бичгийн 11,843,753,084 төгрөг олгохоор болжээ.

Нөхөн төлбөр төлөх болсон шалтгааныг судлаж үзвэл:

  • Худалдан авагчаас шилжүүлсэн мөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан Төрийн өмчийн хорооны ажилтнуудтай холбоотой,
  • Татварын өрөнд хуулийн этгээдээс хураасан орон сууцыг завшсан сумын Засаг даргатай холбоотой,
  • Шан харамж өгөөгүйгээс онцгой албан татвар төлүүлэх тухай хууль бус шийдвэр гаргасан гаалийн байцаагчтай холбоотой төрийн албан хаагчдад холбогдох нэхэмжлэлд хохирол нөхөн төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан байна.

Тиймээс цаашид төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн өр төлбөрийг төр хариуцаад өнгөрөх биш тухайн гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг байх хууль, журам боловсруулахаар тогтлоо.

Засгийн газрын хуралдаанаар Ажлын хэсгийн санал дүгнэлтэд тусгагдсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгаж, хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон холбогдох сайд нарт даалгалаа.

Мөн Засгийн газар, яам, агентлагийн түвшинд хэрэгжүүлэхээр санал болгосон арга хэмжээг яам, агентлагийн төлөвлөгөөнд тусгах, хэрэгжилтэд нь хяналт тавьж 2017 оны II дугаар улиралд Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх гарын дарга Ж.Мөнхбат, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

“Эрт эхэлж- илҮҮ мэргэших”-Сонголт

Амьдрал тэр чигээрээ сонголт юм. Ямар хүн болохыг хүсэх, хэн байх гэж зорихоос эхлээд ямар замаар явах, хэнтэй нөхөрлөх, юу сурч мэдэх, яаж хийж бүтээх, хэрхэн аж төрөх гээд нэг сонголтоос үүдэн үргэлжлэх олон олон сонголтын үр дүнгээр “амьдралын чанар” тодорхойлогдоно. Бид өдөр бүр цаг мөч бүхэнд сонголт хийж байдаг. Өглөө эрт босох уу? үгүй юу?, ямар хувцас өмсөх вэ? ямар ном унших вэ? гэх мэт нэг өдрийн сонголтоос ямар сургуульд элсэх вэ? юу сурч мэдэх вэ? юунд зорьж тэмүүлэх вэ? юуг хэрхэн яаж хийж бүтээх вэ? гэсэн нэгэн насны амьдралаа сонгох сонголтын хооронд амьдардаг. Жижгээс томрох эдгээр сонголтуудын зөв буруугаас бидний амьдрал шалтгаална. Харин хувь хүний сонголтоос улс орны хөгжил, ирээдүй шууд хамаарна. Тиймээс сонгохынхоо өмнө танин мэдэх хэрэгтэй юм. Хамгийн түрүүнд өөрийнхөө хүсэл зорилго, авьяас чадварыг танин мэдэх хэрэгтэй. Дараа нь амьдарч буй нийгмээ, цаг үеээ ойлгон мэдрэх гэж хичээ. Цаашлаад өөрийн улс орныхоо хөгжлийн бодлого чиг баримжааг дэлхийн улс орнуудтай харьцуулан дүгнэж, ойлгон ухаарах мэдлэг мэдээллээс хоцрохгүй бай. Жишээ нь, та бидний амьдарч буй XXI зуун бол техник технологийн хөгжил дэвшлийн зуун. Хүн төрөлхтөн технологийн шинэ шинэ эрэл хайгуул хийсээр байна. Үүнийг дагаад бүтээгчид, сэтгэгчид, инженерүүд, үйлдвэрлэлийн нарийн мэргэшлүүдийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж, онолын тодорхой мэдлэгтэй, практик дээр дадлагажсан, ур чадвартай, өндөр мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх асуудал чухлаар тавигдах болов. Энэ орон зайг нөхөж буй инженерийн боловсролын хамгийн том систем бол дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн “Коосэн” хэмээх “онолын мэдлэг-дадлага, аргачлал” хоёрыг хослуулсан дээд боловсрол олгох тогтолцоо юм. Өндөр түвшний, мэргэжлийн сургууль гэсэн үгсийн товчлол бүхий Коосэн сургууль нь Япон улсын техник технологи, аж үйлдвэрийн салбарын хурдацтай хөгжлийн гол хөдөлгөгч хүч байсаар иржээ. 1960-аад оны эхэн үеийн Япон улсын хөгжлийн бодлогыг харвал, үйлдвэрлэгч орон болох том зорилгын хүрээнд үйлдвэрлэлийг хөгжүүлж чадах, өндөр мэргэжлийн мэргэшсэн инженерүүдийг бэлтгэхэд ихэд анхаарчээ. Энэхүү түүхэн хэрэгцээ шаардлага өнөөгийн Монгол орны өмнө тавигдаж байгаа нь анхаарал татна. Бүтээгч бус хэрэглэгч эдийн засагтай, үйлдвэрлэгч бус наймаалагч улс орон болоод буйн үр дүн нь өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн хямрал, өрийн дарамт, ажилгүйдэл, ядуурал юм. Энэхүү бодит бэрхшээлийг даван туулах арга зам аж үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, өндөр мэргэжлийн инженерүүдийг бэлтгэх, өөрсдөө хийж бүтээх гэсэн үндэсний ухамсарыг сэргээх явдал. Тэгэхээр аж үйлдвэрлэл, техник технологийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэгч улс орны нэг болж чадсан Япон орны туршлагаас суралцах, хамтран ажиллах цаг үеийн захиалга байна гэсэн үг. Япон улсад 1962 онд анхны Коосэн сургууль байгуулагдаж байсан бол өдгөө ам бүл 57 болж, Коосэн Үндэсний Технологийн Хүрээлэн гэх нэгдсэн удирдлагын тогтолцоо бий болсоор даруй 12 жилийн туршлага хуримтлуулжээ. Сонголтын тухай өгүүлж эхэлсэн энэхүү нийтлэл уншигч таньд үнэн зөв мэдлэг мэдээлэл өгөх гэсэн ганцхан зорилготой. Үнэн зөв мэдээлэл нь зөв сонголт хийхэд нөлөөлдөг учраас тэр. Бидний танд хүргэх дараагийн баталгаат мэдээлэл бол Япон улсын Коосэн сургуулиудыг нэгтгэн удирдах дээд байгууллага болох Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газар байгуулагдаж буй тухай мэдээлэл юм. Хөгжихийг, хийж бүтээхийг хүсэж буй хүүхэд залууст “сонголт хийх” бас нэгэн шинэ боломж нээгдэж байна. Коосэн боловсролын систем гэдэг нь “хүсэл мөрөөдлөө эрт танин мэдэж, мэргэжлээ эрт сонгож, хийж бүтээхийн амтанд эрт орж, аливааг хийх аргачлалд эрт суралцаж, илүү дадлагажиж, илүү мэргэшиж, илүү ихийг бүтээх” боломжийг бүрдүүлсэн систем юм. Коосэн сургалтын давуу тал нь “эрт эхэлж-илүү мэргэших” гэж ойлгож болно. Дунд сургуулиа төгсөөд 15 настайдаа Коосэн сургуульд элсэн орж таван жил суралцаад дээд боловсролтой өндөр мэргэжлийн инженер болох, хүсвэл дахин хоёр жил гүнзгийрүүлэн сурч мастер, цаашлаад доктор хамгаалж ч болох энэхүү сургуулийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй андуурах хандлага элбэг тохиолддог. Коосэн сургуулийн элсэлт есдүгээр анги төгсөгчдөөс эхэлдэг учраас тийнхүү анхдуурахад хүргэдэг. Гэтэл Коосэн сургууль нь бусад дээд сургуулиас дадлага давамгайлсан сургалтаараа ялгарах онцлогтой дээд боловсрол олгох тогтолцоо юм. Манай улсын боловсролын системд цоо шинэ зүйл учраас буруу зөрүү ойлгогдож, үнэлэгдэх явдал их. Коосэн дээд боловсролын системийн онцлогийг дараах зургаас харж болно. (Зураг №1)

Коосэн сургууль нь “эрт эхэлж-илүү мэргэших” боломж, давуу талыг бүрдүүлж чадсан өндөр мэргэжлийн инженер бэлтгэх тогтолцоо. Тиймдээ ч Японы Коосэн сургууль төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдаж чаддаг, дэлхийн жишигт нийцсэн өндөр мэдлэг мэргэжилтэй инженерүүд байдаг, улс орныхоо аж үйлдвэр техник технологийн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн түүхтэй. Дэлхийн техник технологийн хөгжлийн түүчээ болсон Коосэн сургуулийн үнэ цэнэ: Бүтээгчдийг бага наснаас нь эхлэн бэлтгэж, хүүхэд залуусын тархи оюунд инженер техникийн мэдлэг ухааны суурь шавыг бат бөх тавьж, сэтгэл ухамсарт нь аливааг санаж сэдэж, сайжруулж, зорьж, эхэлж чаддаг, эхэлсэн ажлаа төгс дуусгаж чаддаг “Япон чанар”-ыг суулгаж өгдөгт оршино. 1970-аад оноос эхлэн аж үйлдвэрлэл, техник технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлж эхэлсэн “Япон чанар”-ын үр үндэсийг тарилцсан, өнөөдөр ч “Япон чанар”-ыг хадгалж, үргэлжлүүлж яваа шилдэг инженерүүдийн ихэнх нь Коосэний төгсөгчид байдаг. Тиймээс дэлхийд гайхагдах “Япон чанар” Коосэн гэгч боловсролын брэндээс үүсэлтэй. Энэхүү системийг Монголд нутагшуулахаар хичээн зүтгэж яваа оюунлаг залуус цөөнгүй бий. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Коосэн сургууль гурав байгаа бөгөөд цаашид энэ тоо нэмэгдэх биз ээ. Дэлхий тэр чигээрээ хийж бүтээх хүсэл тэмүүлэл тийш явж байна. Саяхан цоо шинэ сонсогдож байсан био, нано технологийн тухай ойлголт шинжлэх ухааны эрдэмтдийн хувьд энгийн мэдлэгийн түвшинд хүрч, энэ талбарт хүчээ соригчдын дунд манай улсын эрдэмтэн судлаачид цөөнгүй хувийг эзлэх болов. Дэлхийн ямар улс орон шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд өндөр ач холбогдол өгч, ямар хүмүүс шинэ нээлт хийж байна тэр улс орон хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж, хаанахын ямар сургууль батлагдсан мэдлэгийг түгээж байна тэндхийн оюутан залуус дэлхийн шилдэгүүд болж, ямар компаниуд дэлхийн шилдэг залуусыг урьж ажиллуулж байна тэд бүтээж, үйлдвэрлэж, хөгжиж, хүрээгээ тэлсээр байна. Товчхондоо, хэн хаана хийж бүтээж байна, тэд хөгжиж урагшилж, тэргүүлж байна. Бидэнд ч тийм боломж бий. Коосэн боловсролын систем нь “эрт эхэлж-илүү мэргэших” боломж. Коосэн боловсролын систем нь “хийж бүтээх сэтгэл, сэтгэлгээ, мэдлэг туршлагад суралцах” боломж.

“Эрт эхэлж-илүү мэргэших” сонголт таны гарт.

“КООСЭН” Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгч Ц.БАЙГАЛМАА

Categories
мэдээ нийгэм

ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.26/ хуралдаан 09 цаг 47 минутад 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулснаар жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ, алслагдсан аймаг, сумдын иргэдийн цөөнгүй хэсэг монгол гэрийн мод боловсруулах хөдөлмөр эрхлэлж байгаа. Иймээс татварын хөнгөлтөд хамрагдах салбарын ангилалд “мод, модон эдлэлийн үйлдвэрлэл” эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг нэмж хамруулах санал гаргасан бол УИХ-ын гишүүн Х.Баделхан 1.5 тэрбум төгрөг гэсэн босгыг бууруулж 500 сая төгрөг болгох санал хэлж байв.

Ингээд УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрт санал хураалт явууллаа. Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Тухайлахад “19.17.-д Албан татвар төлөгчид энэ хуулийн 19.1, 19.14-т заасан хөнгөлөлтийг давхардуулан эдлүүлэхгүй ба албан татвар төлөгч аль нэгийг сонгон эдэлнэ.” гэж өөрчлөх. Үүний дараа УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрт санал хураалт явуулахад саналуудын дийлэнх нь гишүүдийн дэмжлэгийг аваагаагүй болно. Тухайлахад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Сарангэрэл, М.Билэгт, Д.Ганболд, Ц.Цогзолмаа, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Л.Оюун-Эрдэнэ нараас гаргасан татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарын ангилалд “бөөний болон жижиглэнгийн худалдаа” эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг нэмж хамруулах гэсэн зарчмын зөрүүтэй санал дэмжигдээгүй, харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс гаргасан “эсгий, эсгий эдлэл, мод, модон эдлэлийн үйлдвэрлэл” эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг нэмж хамруулах зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн юм.

Ийнхүү зарчмын зөрүүтэй санал хураалт явуулсны дараа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулахаар боллоо.

Categories
мэдээ соёл-урлаг

“Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн үзэсгэлэн гарна

Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт 2016 оны 10 дугаар сарын 28-ны баасан гарагийн 12:00 цагт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн өнөө жил олон улсын үзэсгэлэн болон өргөжиж, 5 улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцож байна. Үзэсгэлэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үнэ төлбөргүйгээр гарна.

Үзэсгэлэнгийн хүрээнд ЕБС-ийн багш нарын бүтээлийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн, Монгол бахархлын өдөрт зориулсан үзэсгэлэнг Цонжин болдогт байрлах Чингис хааны морьт хөшөө цогцолборт 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тус тус 10 хоног зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Гадаад паспортын захиалгыг “Мишээл”, “Драгон”, ”Дүнжингарав”-т авч эхэллээ

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хуралд тус газрын дарга Р.Одхүү, дэд дарга Д.Дэлгэрсайхан, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.

Ирэх долоо хоногийн лхагва гарагаас эхлэн гадаад паспорт захиалахад дараалал үүсэхгүй болно гэдгийг тус газрын мэргэжилтнүүд онцоллоо. Учир нь гадаад паспортын захиалгыг ОӨУБЕГ-ын үйлчилгээний хэлтэст авахаас гадна “Мишээл”, “Драгон”, “Дүнжингарав” гэсэн гурван үйлчилгээний төвд байрлах нэг цонхны үйлчилгээгээр авахаар болжээ. Тус төвүүдэд дүүрэг хамаарахгүй гадаад паспортын захиалгыг авах юм байна. Мөн гадаад паспортын сунгалтыг ОӨУБЕГ-ын үйлчилгээний хэлтэст хийхээс гадна тухайн иргэн өөрийн оршин суугаа дүүрэгтээ хандан сунгалтаа хийлгэх боломжтой болох аж.

Гадаад паспортыг шинээр захиалахад 7-14 хоног хүлээдэг. Гэсэн ч иргэдийн дунд эрэлт үүссэн учраас долоо хоногийн хугацаанд олгож байгаа аж. Өнөөдрийн байдлаар захиалсан эзэн нь ирж аваагүй 5 мянга гаруй гадаад паспорт ОӨУБЕГ-ын үйлчилгээний гуравдугаар хэлтэст байгаа юм байна.

Өнгөрсөн саруудад гадаад паспортын бэлдэц хомсдсоны улмаас хэвлэлт доголдоод байсан. Харин өнгөрсөн наймдугаар сараас төсөв санхүүг шийдэж, бэлдэцийг ХБНГУ-д үргэлжлүүлэн захиалснаар ажил хэвийн явагдаж эхэлсэн.

Засгийн газрын 100 хоногийн хугацаанд 94 мянган хүн гадаад паспорт шинээр захиалан авчээ. Гадаад паспортын бэлдэц хомсдсоны шалтгааныг ОӨУБЕГ-ын дарга Р.Одхүү “Ажилчдын хариуцлаггүй байдлаас болж гадаад паспортын бэлдэцийг хэвлэдэг Герман улстай хийсэн гэрээгээ зогсоож, төлбөрөө төлөөгүй байсан. Үүний улмаас бэлдэц хомсодсон. Бид ажлаа аваад тус улс руу төлөөлөгч явуулж шинэчилсэн гэрээ байгуулсан. Улмаар гадаад паспортын захиалга, хэвлэлт жигдрээд байна” хэмээв.

Хурлын үеэр Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас шинэчлэн зохион байгуулагдсан 75 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Засгийн газрын 100 хоногийн хугацаанд улсын бүртгэлд 23548 хүн шинээр бүртгэгдэж Монгол улсын хүн ам өнөөдрийн байдлаар 3 сая 104 мянгад хүрчээ. Мөн 28938 хүүхэд мэндэлж, 5304 өрх айл шинээр гэрлэлтээ батлуулсан болохыг албаныхан мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа

Нийслэлийн Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд эрх баригчдын хууль бус үйлдлүүдийг тэвчихгүй бөгөөд ялангуяа, хувь хүний үндсэн эрхийн төлөө иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэмцэхээ илэрхийлжээ.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ардчилсан нам иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ямагт хүндэтгэж ардчилсан сонгуулийн зарчимд үнэнч байж ирсэн. Бид сонгуулийн үр дүнг МАН шиг “хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэж байгаагүй. Ардчилсан нам Улсын их хурал болон аймаг, Нийслэл Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн дараа эрх баригч МАН-ын зүгээс сонгуулийн амлалтаасаа буцаж, /Ахмадын хамтын тэтгэвэр, хүүхдийн мөнгө, 36 сарын тэтгэмж, оюутны тэтгэлэг 70.000, хүүхэд харах үйлчилгээ, гэр хорооллын дахин төлөвлөлт, сайн хашаа, төрийн албан хаагчдыг хоморголон халсан гэх мэт/ урьдах бүхнээ үгүйсгэхэд хүлээцтэй хандаж ирсэн. Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үеэр эрх баригчдын зүгээс гаргасан хууль бус үйлдлүүд нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг боомилсон цаашид буруу жишиг тогтоох ноцтой үр дагаварыг бий болголоо гэж Нийслэлийн Ардчилсан нам дүгнэж байна.

Сонгуулийн хороо, санал авах байрны ажилтнуудыг томилохдоо эрх баригчид урьд нь сургалтанд сууж сертификат аван Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн албан хаагчдаас бус хууль зөрчин өөрийн хүмүүсийг томилсон нь сонгуулийг будлиантуулахаар эртнээс төлөвлөсөн ажиллагаа байжээ гэж бид үзэж байна.

Ихэнхи сум, дүүрэгт ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгэхгүй хасч, зарим газар өрсөлдөгчгүй сонгууль болсон нь иргэний сонгогдох эрх, сонгогчдын сонгох эрхийг бүдүүлгээр хаасан хууль бус үйлдэл гэж Нийслэлийн ардчилсан нам үзэж байна.

Сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам ялалт байгуулсан Баянзүрх дүүрэгт ард түмнээс сонгогдсон 6 нэр дэвшигчийг хууль бусаар хассан үйлдэл нь Монгол улсын сонгуулийн 26 жилийн түүхэнд гарч байгаагүй бусармаг явдал болж, сонгуулийн ардчиллыг үгүй хийн, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн үйл ажиллагаагаа даруйхан зогсоохыг МАН-аас Нийслэлийн Ардчилсан нам шаардаж байна.

Ард түмний сонголтыг үгүйсгэсэн хууль бус энэ үйлдлийн хажуугаар дуугүй өнгөрвөл маргааш таны эрх, эрх чөлөө ч байхгүй болно гэдгийг нийт иргэддээ анхааруулж байна. Учир иймд Нийслэлийн Ардчилсан нам цаашид эрх баригчдын хууль бус үйлдлүүдийг тэвчихгүй бөгөөд ялангуяа, хувь хүний үндсэн эрхийн төлөө иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэмцэхээ мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Тариалангийн бүс нутагт тархсан, хортон шавьжийн тандалт хийх арга хэмжээнд 500 сая төгрөг шаардлагатай

Тариалангийн бүс нутагт тархсан, хортон шавьжийн зурган илэрцүүд

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09.56 цагт гишүүдийн 57.9 ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол горимын санал гаргаж, Хог хаягдлын тухай хууль болон бусад холбогдох хуулийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хойшлуулахыг хүсэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжсэнээр уг тогтоолын төсөл хэлэлцэхийг хойшлууллаа.

Үүний дараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны төсвийн танилцуулгыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ХХААХҮ-ийн сайд Д.Сэргэлэн салбарынхаа ирэх оны төсвийн танилцуулгыг хийлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулгадаа салбарын сайдын 2017 оны төсвийн төслийг есөн хөтөлбөр, урсгал зардлыг 43,440.1, хөрөнгийн зардлыг 6,771.9, гадаадын зээл тусламжаас санхүүжих зардлыг 20,715.2 сая төгрөгөөр буюу нийт 70.927,2 сая төгрөгөөр төлөвлөсөн. Үүнийг 2016 оны төсөвтэй харьцуулахад 16,813.2 сая төгрөгөөр өссөн нь гадаадын зээл, тусламжаас хэрэгжих төсөл нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарлав.

Харин Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн салбарын 2017 оны төсвийн төсөл 130,9 тэрбум, нийт зарлага 182,7 тэрбум, төгрөгөөс улсын төсөвт буцаан төвлөрүүлэх зээл 76.0 төгрөгийг хасч 106.7 тэрбум төгрөгөөр тооцсон гэж танилцуулж байлаа.

Тэрбээр танилцуулгадаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2017 оны төсөвт газар тариалангийн салбарт анхдагч үрийн аж ахуйн хүчин чалыг нэмэгдүүлэх арга хэмжээнд таван тэрбум, бэлчээрийн доройтол болон тариалангийн газрын хөрсний үржил шим, тариалангийн бүс нутагт тархсан, хортон шавьжийн тандалт хийх арга хэмжээнд 500 сая төгрөг тусгах зайлшгүй шаардлагатай байгааг онцлов.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн М.Билэгт, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, А.Сүхбат, Б.Батзориг, Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва, Г.Мөнхцэцэг нарын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн олонхи нь монгол орны ой сибирийн хүр хорхойд идэгдэн сүйтгэгдэж, ойн талбайн хэмжээ жилээс жилд буурсаар байхад ойг нөхөх сэргээх, түймэр, хөнөөлт шавьжаас хамгаалахад таван тэрбум төгрөг төсөвлөсний учрыг ажлын хэсгийнхнээс илүүтэй сонирхож байлаа. Нийслэлийн ногоон бүс, 10 аймаг, Горхи -тэрэлжийн байгалийн цогцолбор газрын ой бүхий бүс нутаг дэвсгэр буюу улсын хэмжээнд 591.9 га талбайд тархсан хөнөөлт шавьжтай тэмцэхэд 12 тэрбум шаардлагатай. Гэсэн хэдий ч эдийн засгийн хүндрэлтэй үед эхний ээлжинд хортон шавьж ихээр голомтолсон хэсгийг устгахад гурван тэрбум, 1100 га талбайд ойжуулалт нөхөн сэргээлт хийх, 500 км тууш ойд түймрээс хамгаалах зурвас байгуулах, ойн менежментийг сайжруулах, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхэд хоёр тэрбум буюу нийт таван тэрбум төсөвлөсөн хэмээн ажлын хэсгийнхэн хариулж байлаа.

Түүнчлэн гишүүдийн хувьд малын гоц халдварт өвчин ихээр гарч, вакцин хийсэн бүсээс халдварт өвчин гараад байгаа шалтгаан, энэ тал дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдаа салбарын яамнаас барих бодлого, төлөвлөлтийн талаар сонирхож байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд салбарын яамнаас онцгой ямар арга хэмжээ авч байгааг УИХ-ын гишүүн А.Сүхбат дотооддоо үйлдвэрлэсэн вакцины чанар муу байгааг, УИХ-ын гишүүн Б.Батзориг махны экспортын асуудал хэр байгаа талаар асууж байв.

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн малын голц халдварт өвчинтэй тэмцэхийн тулд дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажлуулж, малын халдварт өвчин гарсан бүсээс мал мах худалдаж авсан, вакцинаа тарилгүй хөлдөөсөн зэрэг шат шатандаа ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлагыг нь тооцож байгаа. Хоёр сарын дотор эрчимтэй ажилласны хүчинд баруун бүсэд хорио цээрийн дэглэм тогтоож, вакцинжуулалт 98 хувьтай байгаа. Малыг эрүүжлжүүлэх чиглэлээр салбарын хэмжээнд бодлого гарган ажиллаж, мал эмнэлгийн тухай хууль, малын генетикийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хөрш орнуудтайгаа хамтран ажиллах зэргээр асуудлыг цогцоор шийдэхээр ажиллаж байна. Саяхан л гэхэд БНХАУ-ын Чанар хорио цээрийн хяналт, шалгалтын ерөнхий газартай ярилцаад төвийн бүсээс мах экспортлох талаар тохиролцсон. Махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын Хөх хотод монгол үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сурталтчилах арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа хэмээн хариулав.

Үүний дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн нарын гаргасан ойн хортон шавьж, тархалтын голомтыг устгахад есөн тэрбум нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын гаргасан газар тарилангийн мэдээллийн сан байгуулахад 350 сая, ургамал, хөрсний хортон шавьжийн тандалт судлагаа хийхэд 150 сая төгрөг нэмэгдүүлэх санал дэмжигдлээ.

Хуралдааны төгсгөлд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэхүү хуулийн төслүүдийн талаар үг хэлж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

“Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээн эхэллээ

Улаанбаатар хотын 377 жилийн ойг угтан хийж буй ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” уламжлалт тэмцээн өнөөдөр эхэллээ. Уг тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар, “Монгени” цогцолбор сургууль, Монголын шатарчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болох юм. “Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээний нээлтийн ёслолд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Тэрбээр “Нийслэлийн 377 жилийн ойг угтсан олон ажил зохион байгуулж байна. Үүний нэг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдынхаа дунд өсвөрийн шатрын тэмцээнийг явуулж байна. Энэ тэмцээн нь маш өргөн хүрээг хамарснаар барахгүй өсвөр насныхны оюуныг тэлсэн үр өгөөжтэй ажил болж байгаад баяртай байна. Мөн бид оюутан залуусынхаа дунд “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдаан зарласан. Өнөөдрийн тэмцээнд оролцож байгаа нийт шатарчид болон тэдний багш дасгалжуулагчдад өндөр амжил хүсье” гэлээ.
Уг тэмцээнийг нийт гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр есөн дүүргээс шалгарсан нийт 17 багийн 408 хүүхэд оюун ухаан, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм.

Categories
мэдээ нийгэм

АШУ-ны хоёр оюутан Азийн шилдэг 20 оюутны тоонд багтлаа

Манай улсаас Японы Олон улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн их сургуулийн Анагаах ухааны факультетад 100 хувийн тэтгэлэгтэйгээр хоёр оюутан суралцахаар болжээ.

Тэтгэлэгт оюутнаар Монгол улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас хоёрдугаар дамжааны оюутан Талгатын Тилеубек, Ганбаатарын Төмөржин нар сонгогдсон байна. Т.Тилеубек, Г.Төмөржин нарт тус сургуулийг төгсөх хүртэлх зургаан жилийн сургалтын төлбөр, хичээлийн хэрэглэлийн зардал, амьжиргааны зардал зэрэг тус бүр хамгийн ихдээ 30 сая иений тэтгэлэг олгох аж.

Ирэх оны дөрөвдүгээр сараас Анагаах ухааны факультетийг шинээр нээн ажиллуулах гэж буй Олон улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн их сургууль нь олон улсад ажиллах анагаах ухааны мэргэжилтэнг бэлтгэх болон Ази дахь эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Азийн улс орнуудаас 20 оюутныг суралцуулахаар шийдвэрлэсний дотор Монгол улсаас хоёр оюутан сонгогдсон нь энэ юм.

Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Шимизү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хоёр оюутанд хандаж

– 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Японы Анагаах ухааны салбарт суралцана гэдэг бол туйлын ховор боломж. Энэ хөтөлбөрт Монгол улсаас хоёр ч оюутан сонгогдсон нь нэн баярлууштай явдал юм.

– Япон улсын засгийн газар Монгол улсын эрүүл мэндийн салбар дахь боловсон хүчнийг бэлтгэх ажлыг идэвхийлэн дэмждэг бөгөөд сүүлийн жилүүдэд буцалтгүй тусламжийн хүрээнд Монголын залуу эмч нарт мэргэжлийн дадлага туршлага суулгах зорилготой Япон Монголын сургалтын эмнэлгийг байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

– Энэ удаад Олон улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн их сургуульд суралцах хоёр оюутны тухайд Япон улсад сурч мэдсэн зүйлээ энэхүү сургалтын эмнэлэгт авч ирж хэрэгжүүлвэл туйлын их баяртай байх болно. Энэ алтан боломжийг бүрэн дүүрэн ашиглаж ирээдүйн Монголын анагаах ухааны хөгжилд үр шимийг нь гаргаасай гэж хүсч байна” хэмээн урмын үгийг хэлэв.

– Япон улс нь засгийн газрын хөгжлийн тусламжийн зэрэгцээ хувийн хэвшлийн байгууллага хоорондын тусламжаар дамжуулан Монгол орны эрүүл мэндийн салбарыг сайжруулах ажилд хувь нэмрээ оруулахыг зорьж ажиллаж байгаа юм.

Монголын хоёр залуу боловсон хүчнийг Япон улсын анагаах ухааны их сургуульд суралцуулж байгаа нь Япон улсаас хэрэгжүүлж байгаа Монголын эрүүл мэндийн салбарт чиглэсэн боловсон хүчин болон техник технологийн харилцааны томоохон алхам болж байна.

Categories
мэдээ нийгэм

Гиннест бүртгүүлэхээр 18 метр өргөнтэй дээл бүтээжээ

Зургаан давхар барилгатай дүйцэхүйц 14 метр өндөртэй, 18 метрийн өргөнтэй, дэлхийд байхгүй том, хаан хээтэй Хүннү загварын дээлийг “Бат Зүү” ХХК-ийн хамт олон бүтээсэн байна.

Гиннесийн номонд бүртгүүлэх зорилготой өдгөө Монголын үндэсний түүхийн музейд хадгалж байгаа аж. Энэхүү дээлийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Бухан хошуу хэмээх газраас олдсон дээлний эх загвараар бүтээжээ.

Дээлийг бүтээхэд хоёр сарын хугацаанд 50 гаруй оёдолчид хамтран урласан бөгөөд 0,5 сая метр даавуу орсон байна.

О.ӨНӨР