Categories
мэдээ цаг-үе

Акош Мадари: Унгарын бизнес эрхлэгчид Монголыг их сонирхож байгаа

Энэ өдрүүдэд “Улаанбаатар хот дахь Унгарын долоо хоног” тохиож байна. Уг арга хэмжээ даваа гаригт 1956 оны Унгарын хувьсгал, эрх чөлөөний тэмцлийн 60 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ. Энэ үеэр Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Акош Мадаритай уулзаж, манай хоёр улсын харилцаа сүүлийн үед хэрхэн хөгжиж байгаа талаар ярилцсан юм. Дашрамд дурдахад тэрээр Москвагийн их сургуулийн оюутан байхдаа монгол хэл сурсан бөгөөд өмнө нь манайд ажиллаж байсан туршлагатай дипломатч юм байна.

-Нэг хэсэг үйл ажиллагаагаа зогсоосны дараа 2015 онд Унгар улс дахин Улаанбаатарт ЭСЯ-аа нээсэн. Өнгөрсөн хугацаанд танай яамнаас хийсэн ажлынхаа талаар манай уншигчдад сонирхуулаач?

-Өнгөрсөн оны тавдугаар сард манайх Монгол Улс дахь ЭСЯ-аа дахин нээсэн. Үүнээс өмнө Унгарын Ерөнхийлөгч, дараа нь манай Гадаад хэргийн сайд танайд айлчилсан. Өнгөрсөн оны есдүгээр сард хоёр улсын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтарсан комиссын ээлжит хуралдаан болсон юм. 2016 оны нэгдүгээр сард Унгарын Ерөнхий сайд Монголд айлчилсан бөгөөд түүнийг дагалдан 100 төлөөлөгч ирсэн. Энэ бол маш өндөр ач холбогдолтой үйл явдал гэдгийг хэлмээр байна. Учир нь манай хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжихөд нөлөөлсөн. Унгарын ЭСЯ дахин нээгдсэнээс хойш манай хоёр талын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа. Ялангуяа эдийн засаг, соёл, боловсролын салбарыг онцлон хэлэх нь зүйтэй болов уу. Түүнээс гадна бид янз бүрийн салбарт төслүүд хэрэгжүүлэх талаар ярилцаж байгаа. Саяхан танай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Унгарт айлчилсан бөгөөд энэ үеэр Биокомбинатын шинэчлэлийн ажлын талаар ярилцсан. Удахгүй энэ ажлыг ямар арга, технологиор хийхийг нарийвчлан тохирно. Хамгийн гол нь Унгарын технологийг хэрэглэх юм. Ирэх арванхоёрдугаар сард Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан Будапешт хотноо болох бөгөөд Монголын бизнесийн төлөөлөгчид энэ үеэр Унгарт очно. Ер нь Унгарын бизнес эрхлэгчид Монголыг их сонирхдог, бараг долоо хоног бүр манайхаас төлөөлөгчид ирж байна. Тэд янз бүрийн төслийн талаар санал тавьдаг. Сүүлийн жил манай хоёр улсын гадаад худалдааны гүйлгээ нэмэгдсэн. Унгарын үнэт цаас хэвлэдэг компани танай шинэ иргэний үнэмлэхийг хэвлэж байгаа. Электрон иргэний үнэмлэх нь чиптэй, орчин үеийн технологийг ашиглан хийгдсэн. Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг Унгарын компаниуд сонирхож байна. Энэ чиглэлээрх төслийн санхүүжилтийг шийдэх бөгөөд манай EXIN банк энэ ажлыг дэмжиж байгаа. Өөр нэгэн Унгарын компани Монголд газрын тос олборлох, цэвэрлэх инженерийн технологийг нэвтрүүлэхээр судалгаа хийж байна. Ер нь бол хамтран ажиллах боломж нэлээд байна. Жишээ нь Будапешт, Улаанбаатар хоёр идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Энэ жил Унгарын нийслэлийн орлогч дарга танайд айлчилсан. Ирэх арваннэгдүгээр сард Улаанбаатар хотын захирагч Будапештад айлчилна. Энэ үеэр нийслэл хотууд эдийн засгийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцох юм. Мөн “Смарт сити” төслийн технологийн талаар ярилцахаар төлөвлөсөн. Манай техник технологи нь чанарын хувьд сайн, Франц, Герман зэрэг орнуудынхтай харьцуулахад хамаагүй хямд. Эдийн засгаас гадна боловсролын салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа. 2015, 2016 онуудад хэдэн зуун монгол залуус Унгарт суралцахаар явсан.

-Эдгээр залуус нь Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа юу?

-Тийм ээ. Манай Засгийн газраас сургалтын төлбөрийн асуудлыг шийдсэнээр ийм боломж бүрдсэн. Унгарын Ерөнхий сайд Монголд айлчлахдаа суралцагсдын тоог ирэх жилээс 200 болгон нэмэх шийдвэр гаргасан юм. Энэ бол миний бодлоор хамгийн сайн тусламж. Учир нь сайн боловсон хүчин Монголыг хөгжүүлэх хүч нь болж өгнө. Танайд хөдөө аж ахуйн салбар хөгжиж байгаа. Тиймээс энэ чиглэлээр суралцах Монголын залууст тэтгэлэг олгож байгаа. Техник, технологийн мэргэжлээр суралцагсад эх орондоо ирээд сурч мэдсэнээ нэвтрүүлнэ.

-Монгол-Унгарын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд учирч байгаа гол бэрхшээл нь юу вэ?

-Хамгийн гол бэрхшээл нь хоорондын зай. Хоёр улс 4000 орчим км зайтай оршдог. Сүүлийн үед Монголд Унгарын барааг нэлээд оруулж ирсэн. Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хамтарсан төслүүд бий гэхдээ тэднийг ямар аргаар санхүүжүүлэхийг хараахан шийдээгүй байна. Төслүүдийг зээлээр хэрэгжүүлэх боломжтой гэж үздэг боловч банкны баталгаа хэрэгтэй.

-“Улаанбаатар дахь Унгарын долоо хоног”-ийн хүрээнд ямар ямар арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Энэ жил 1956 оны Унгарын хувьсгал, эрх чөлөөний тэмцлийн 60 жилийн ой тохиож байгааг дурдсан. Үүнтэй холбогдуулан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг даваа гаригт хийлээ. Үүнд манай нэрт хөгжмийн зохиолч Бела Бартокийн талаар өгүүлсэн зургууд тавигдсан. Үүнээс гадна Унгарын хамгийн сайн чанар бүхий, дэлхийд нэртэй бүтээгдэхүүнүүдийг монгол анд нөхдөдөө толилууллаа. Энэ үеэр Унгарын дарс импортлогчдыг дэмжиж тэдний бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан. Мөн Унгарт төгсөгчдийн холбоо, Монгол-Унгарын найрамдлын нийгэмлэг гэж бий. Танайд Унгарт их, дээд сургууль төгссөн 600-гаад хүн байдаг. Тэднийг бид дэмжин ажиллахыг хичээдэг. Энэ долоо хоногийн арга хэмжээний хүрээнд Унгарт төгсөгчдийн холбоотой хамтран найрсаг уулзалт зохион байгуулна. Энэ үеэр оролцогсод хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар саналаа хэлэх байх. Даваа гаригт болсон үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монголын хоёр компани оролцсон. Эдгээр компаниудын дарга нь Унгарт төгссөн бөгөөд маш чанартай арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Түүнийг нь би өөрөө хүртэл худалдан авч унгар найзууддаа бэлэглэхэд маш чанартай юм байна гэж их магтаж байсан. Манайд сургууль төгссөн хүмүүс ийнхүү амжилттай ажиллаж байгаад миний сэтгэл маш хангалуун байдаг. Тиймээс ч бид ийм хүмүүсийг заавал дэмжих ёстой гэж боддог.

-Ингэхэд та монголоор их сайн ярьж байна. Хаана сурсан бэ?

-Би 1992-1997 онд Монгол дахь Унгар улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Би Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд монгол хэл сурсан.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэнээсээ ухаантай үнэмлэх

-фельетон-

Сая тэр ухаалаг иргэний үнэмлэх гэж хэсэг айлгаад ашгүй намжлаа. Улстөрчид сонгууль будлиулахад садаа болно гээд ухаалаг үнэмлэхний замд хөндөлдсөн биш би гэдэг амьтан хөндлөнгөөс завшлаа.

Иргэдээ хоёр хуваагаад, ухаалаг хэсэгт нь “үүнийг үзүүлэгч тэр бол ухаалаг иргэн мөн” гэсэн үнэмлэх өгөх юм байна гэж ойлгоод, хэд хоног зангиа зүүх нь зүүсэн юм. Олон хүнтэй газар тувт шанаагаа тулж бодлогошроод л.

Боловсролтойхон хүн бол “Родений баримал энд юугаа хийж яваа бол” гэж гайхмаар. Автобусанд шанаагаа тулаад суух юм уу, зогсох бол болоод байгаа юм. Харин шанаагаа тулаад алхах, гүйх л хэцүү юм билээ. Ойр тойрныхон маань “шүд нь л өвдөөгүй юм бол мань хүн юм бодох нь бодоод байна” гэж итгээд эхэлтэл байдал өөрчлөгдлөө.

Тэгсэн нь иргэний үнэмлэх нь өөрөө ухаалаг болоод явчихыг мэдүүтээ дотор палхийсэн шүү. Над мэтийн ухаан муутай амьтан бол дорхноо ухаантай үнэмлэхнийхээ гарт орно гэсэн үг. Хүнтэй наймаа хийчихээд, маргааш нь “За өвгөөн ёстой уучлаарай. Иргэний үнэмлэх маань уурлаад, тэнэг мангараар минь дуудаад цурам хийлгэсэнгүй хонолоо. Хөгшнийхөө мөнгийг эргүүлээд өгчих” гээд унжийж суух хэрэг гарна.

Ганц би ч биш, олон эрчүүл хэцүүднэ. Авгайчуул нөхөртөө уурлахаараа “чамд болоогүй, иргэний үнэмлэхийг чинь л харин овоо юм уу гэж бодсон” гэж ирээд доош чихнэ.

Бэр гуйсан улс “Зээ, наанаа нандин чиптэй, цаанаа чамин софттой….500 гега-ийн санах ойтой иргэний цахим үнэмлэх танайд байна. хоёр гега-ийн РАМ-тай ухаалаг иргэний үнэмлэх манайд байна. Энэ хоёрыг нийлүүлбэл Ай7 үйлдлийн системтэй гэр бүлийн үнэмлэх болж, олон олон төрсний гэрчилгээ дагуулах ерөөл..” гэхчилэн уянгалуулах бололтой.

Хүн амын тооллогын маягтын “ам бүл” гэсэн хэсэгт “Хоёр ухаалаг иргэний үнэмлэх, дөрвөн төрсний гэрчилгээ” гэхчилэн бичигдэх болж байна.

Сонгуульд саналаа өгөхдөө ухаалаг иргэний үнэмлэхээ аваад очиж таарна. Уг нь би таньдаг ч юм уу, таван цаас алган дээр тавьсан хэн нэгнийг дэмжих саналтай байна. Гэтэл иргэний үнэмлэх маань “Чи ухаангүй гэдгээ мэдэх үү. Сонгууль бол ухаантны ажил. Чи нүүрээ толинд хар даа. Наад тэнэг царайн дээр чинь ухаантай гэсэн бичиг байтугай, ухаантайн шинж гэмээр ганц үрчлээ ч алга. Харин минийх дээр “Ухаалаг иргэний үнэмлэх” гээд биччихсэн байгаа. Үсэглээд ч болов унших гээд үз дээ. Ийм учраас, сонгууль бол миний ажил. Алив намайг тэр хоног руу хийгээдэх, саналаа өгөх минь” гээд загнаад эхэлнэ.

Ингэхээр нэр дэвшигчид надтай биш миний “ухаалаг иргэний үнэмлэхтэй” ажиллаж эхэлнэ. Сонгуулийн үеэр “Маргааш хорооны хурлын танхимд иргэний үнэмлэхүүдээ цуглуулна уу” гэсэн зар тарна. Мэдээж тэнд нэр дэвшигч өөрөө биш ухаалаг иргэний үнэмлэх нь ирсэн байж таарна. Ингээд зогсохгүй сар бүр өгдөг “21.000”-ыг маань иргэний үнэмлэх авах нь байна. Авах нь яахав авдаг байж. Авчихаад өгөхгүй бол хэцүү еэ.

Иргэний үнэмлэх ухаантай болоход сайн тал бол бас байгаа юм. Жишээлэхэд, жолооны шалгалт өглөө гэхэд тестийг нь ухаалаг үнэмлэхээрээ бөглүүлнэ. Төрийн албаны шалгалтыг ч бас мань хүнээр даалгана. Эхнэр, нөхөр хоёр муудалцлаа гэхэд “За, хоёр иргэний үнэмлэх маань учир зүйгээ олоод болоод байхад чи бид хоёр ч бас юучив дээ” гээд аргалж болж байна. Ингэхэд, иргэний ухаалаг үнэмлэхнүүд маань эзгүй хойгуур хоёр тийшээ болчихвол бас яадаг билээ?

Хуучин балрын ёсоор бол гэр бүл бологсод жил мэнгэ таарах эсэхээ асууж зурхайч дээр очдог байж. Одоо бол иргэний үнэмлэхнээсээ асуух болж байна. Хоёр иргэний үнэмлэх л хоорондоо таарахгүй бол бие биедээ сэтгэлтэй байгаад нэмэргүй болох нь. Иргэний үнэмлэх нь хориод суулгаагүй хосуудын тухай “хорийн үнэгүй даунлоод хараад хормойгоо тосдог иргэний үнэмлэх үү дээ хө” гэсэн шүү үгтэй “Сентерра охин” гэдэг ардын гунигт дуу төрөх нь зайлгүй.

Хэрвээ Шекспир байсансан болж гэм, нэг нь Мак-ийн софтвейртэй, нөгөө нь Майкрософтийн үйлдлийн системтэй иргэний үнэмлэхнээсээ болоод гэрлэж чадалгүй амиа алдсан залуусын уярам түүхээс сэдэвлэсэн “Мкнтошёо, Интелетта хоёр” хэмээх элэг эмтрэм трагеди бичих нь гарцаагүй.

Энэ бүхэн багадсан аятай, санал өгдөг машин хийсэн юм ярилаа. Сонгогчдыг яваад очихоор “Чи хэнийг дэмжих вэ” гэж асуугаад саналыг нь дамжуулах юм уу, ерөөсөө бидний өмнөөс санал өгөх юм уу, сайн ойлгосонгүй. Тэрийгээ дагуулаад хүссэн хэмжээний санал тоолоод гаргаад өгдөг бас нэг юм тавих бололтой. Ухаандаа, манай нэр дэвшигчийг дэмжсэн 1500 санал хэрэгтэй байна гэхэд хэвлээд өгөх болтой юм аа.

Эргэн тойрон ухаалаг юмс… Ухаалаг гар утас аль хэдийнэ гарчихсан. Ухаалаг барилга, ухаалаг машин…Ингэхэд бидэнд ухаан ер нь хэрэг байна уу.

Б.ЦЭНДДОО

Categories
мэдээ нийгэм

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр “Залуучуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх
ухааны байнгын хороо “Залуучуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион
байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга
Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр,
Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Ө.Энхтүвшин, Н.Учрал болон НҮБ-ын Хүн
амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцов.

Хэлэлцүүлэгт оролцож буй төрийн байгууллагууд болон
төрийн бус байгууллагууд тулгамдаад буй асуудлууд, ойрын өдрүүдэд хийхээр
төлөвлөөд буй ажлынхаа талаар санал бодлоо солилцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ “Нийгмийн хамгийн идэвхтэй
хэсэг нь залуучууд байх ёстой. Гэвч залхуурал гэдэг том өвчин залуусыг нөмрөөд
байна. Заавал их, дээд сургуульд суралцах албагүй, мэргэжлийн сургалт,
үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж, ажлын байранд зуучлагдах боломж бий.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудал дээр
боловсролын салбартай нягт уялдаа холбоотой ажиллана. Мөн Засгийн газрын 100
хоногийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Залуучуудын
хөгжлийн тухай хууль”-ийг боловсруулсан. Ирэх долоо хоногт Засгийн газрын
хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэнэ.

Өнөөдрийн энэ хэлэлцүүлэг нь “Залуучуудын
хөгжлийн тухай хууль”-д чухал хувь нэмэр оруулна” гэлээ. Ингээд
хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг УИХ, Засгийн газарт хүргүүлж холбогдох
хуулиудад тусган ажиллах болно гэдгийг Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан
хэлэлцүүлгийн төгсгөлд илэрхийлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Гэрээт цэрэгт орох иргэдийн насыг 29 болгон урагшлуулжээ

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 194 дүгээр тогтоолыг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар“Хил хамгаалах байгууллагад гэрээт цэргийн албыг зохион байгуулах журам”-ыг шинэчлэн боловсруулжээ.

Гэрээт цэргийн алба хаах хүсэлтээ илэрхийлсэн, цэргийн жинхэнэ албыг найман сараас доошгүй хугацаагаар хааж байгаа байлдагч, түрүүч, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн, 29 хүртэлх насны иргэнийг гэрээт цэргийн албан хаагчаар сайн дурын үндсэн дээр сонгон шалгаруулсан байна.

Ингэхдээ журмын дагуу бие бялдрын хөгжилт, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшин, мэргэжил, ёс зүй, сахилга, хариуцлагын байдал гэсэн үзүүлэлтээр сонгон шалгаруулалтыг явуулж, гэрээт цэргийн анхан шатны сургалтанд хамруулан хилийн цэргийн ангид томилжээ.

Дашрамд, Өмнө 31 хүртэлх насны иргэнийг гэрээт цэргийн албанд сонгон шалгаруулж авдаг байжээ.

Categories
мэдээ спорт

Олимпийн хүрэл медальт Д.Отгондалай залууст зориулсан лекц уншина

Монголын залуучуудын холбооны “Залуу хүн” цуврал лекцийн энэ долоо хоногийн зочноор “Рио-2016” наадмын олимпийн хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай уригдсан байна. Азийн наадмын аварга, Азийн аварга Д.Отгондалай тив, тивийн шилдгүүдтэй хүч үзэн “Рио 2016” олимпийн наадамд боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль хүртэн Монгол түмнээ баярлуулсан бөгөөд Монгол Улсын тамирчдаас олимпийн медаль хүртсэн 26 дахь тамирчин, Монгол боксчдоос олимпийн медаль хүртсэн долоо дахь тамирчин юм.

Тэрээр энэ удаад бага нас, спорттой холбогдсон замнал, Олимпийн хүнд тулаануудынхаа тухай болоод залуу хүнийнхээ үзэл бодлоос хуваалцаж тун сонирхолтой чөлөөт ярилцлага өрнүүлэх гэнэ. Уг лекц залууст нээлттэй бөгөөд залуус өөрийн хүссэн асуултаа асууж, азтай үзэгч болох боломж ч байгаа аж.

Лекц энэ баасан гарагт буюу 2016. 10. 28-нд МЗХ-ны Залуус танхимд 17 цагаас эхлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Фэйсбүүкээр сансраас шууд ”LIVE” хийжээ

Технологи хөгжихийн хэрээр шинжлэх ухааны сонирхолтой үйл амьдрал бидний өдөр тутамд илүү ойртсоор байна. Үүний нэг жишээ бол “НАСА” анх удаа хиймэл дагуулаас Фэйсбүүкийн “Live” өгөгдлийг ашиглан шууд дамжуулалт хийв.

“Хэрэв та яг одоо сансар эрхэст байгаа бол эх дэлхий ингэж харагдана” хэмээн тайлбарласан “НАСА”-гийн Испани дахь албан ёсны Фэйсбүүк хуудас шууд дамжуулалтаа эхлүүлсэн бөгөөд 1.2 сая хүн уг үйл явдлыг шууд хүлээн авч үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчиллаа

Өчигдөр буюу 10-р сарын 23-ны өдрийн оройн 18:00 цагийн орчимд, залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын 4-р хэлтэс болон Тусгай ажиллагааны газрын алба хаагчид баривчилсан байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.3 заасан гэмт хэрэгт сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байсан 50 настай эрэгтэй “Гандан бороо” хочтой Б-г Баянгол дүүрэгт байрлах гэрээс нь баривчилжээ. Баривчлах үед сэжигтэн Б нь мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд гэрт нь хийсэн үзлэгээр Метафитамин төрлийн мансууруулах бодис илэрсэн байна. Тиймээс сэжигтэнд холбогдох эрүүгийн хуулийн 148.3-т заасан хэрэг дээр нэмж Монгол улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэн, хоёр хэргийг нэгтгэн шалгаж эхэлжээ.

“Гандан бороо” хочтой Б нь иргэн Г-с 150 орчим сая төгрөгийн эд зүйлийг зээлээр авч улмаар зээлийн хугацаа дууссан боловч мөнгийг нь өгөлгүй айлган сүрдүүлсэн, заналхийлжээ. Улмаар хохирогч Г цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн 148.3 зааснаар хэрэг үүсгэн шалгаж байсан ажээ. Иймд дээрх этгээдэд залилуулсан болон хохирсон иргэд байвал Эрүүгийн цагдаагийн газарт хандахыг цагдаагийн байгууллагаас дамжууллаа.

Categories
мэдээ нийгэм

С.Лувсангомбыг “Хангарьд” одонгоор шагналаа

Монголын архитекторуудын эвлэл үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1956 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх байгуулагдсан тус эвлэл өнөөдөр 600 гаруй гишүүнтэй, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Увс, Баян-Өлгий аймагт салбар зөвлөлтэй болжээ. Өнөөдөр ахмад, дунд, залуу үеийн архитекторууд цуглаж, баярын хурлаа хийлээ.

Баярын хурлын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй үе үеийн архитекторуудад 60 жилийн ойн баярын мэнд хүргээд “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг бид энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Хотын хөгжлийг хот байгуулалтын өнцгөөс нь харвал өөрийн өвөрмөц шинжээрээ бусдаас гойд ялгаатай. Нүүдлээс суурьшилд шилжсэн хотын өнөөгийн дизайн, өнгө төрх нь эрхэм архитектор та бүхний гавьяа, ур ухаан, хичээл зүтгэл, эрдэм мэдлэгийн илэрхийлэл юм. Архитектурын төлөвлөлт бол инженерчлэлийн цогц шийдэл байдаг. Тиймээс дэлхий дахин энэ салбарт онцгой анхаарч, ялангуяа хот төлөвлөлтийн бодлогодоо ирээдүйг харсан төлөвлөлтийг тусгаж байна. Өнгөрсөн жарныхаа алдаа оноог дүгнэж, ирэх жарныхаа ажлыг төлөвлөж байгаа энэ цаг мөчид нийт архитектор та бүхэнд ажлын амжилт хүсч, Улаанбаатар хотын удирдлагын шинэ баг байгальд ээлтэй архитектурын шийдлийг нэн тэргүүнд тавьж байгаагаа хэлэхэд таатай байна. 600 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн Монголын архитекторуудын эвлэл нийслэл хотын хөгжил цэцэглэлтийн тархи нь болж, бүтээн байгуулалтын зүтгэх хүч нь байсаар ирсэн. Тиймээс цаашдаа ч Та бүхний хөдөлмөр, бүтээл, ур ухаанаар хотын өнгө төрх улам бүр шинэчлэгдэн, хөгжин дэвшинэ гэдэт итгэж байна. Та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Мөн энэ үеэр нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан Сономын Лувсангомбыг шагнасныг НИТХ-ын дарга Ц.Сандуй гардуулан өглөө. Мөн НИТХ-ын хүндэт тэмдэгээр Д.Өлзийхишиг, О.Саранцацрал, Т.Баяраа, Д.Цэвэлмаа, Ш.Сумъяа, Ц.Бат-Эрдэнэ нарыг, НИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр М.Мөнхбаяр, М.Наранчимэг нарыг тус тус шагналаа.

Categories
мэдээ нийгэм

Монголчуудын улс төрийн хүлээлт ямар байгаа талаар судалгаа хийжээ

Иргэд, олон нийтийн зүгээс нийгэм, эдийн засгийн болон бусад ямар асуудлуудыг шинэ Засгийн Газраар шийдвэрлүүлэхийг хүсч буй талаарх олон нийтийн тандалт судалгааны үр дүнг тус судалгааны багийнхан танилцууллаа.

Энэхүү судалгааны мэдээлэл цуглуулалтыг Чисапик Бийч Консалтингкомпани болон Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн удирдлага дор Нийгмийн Бодлого Хөгжил Судалгааны Хүрээлэн2016 оны наймдугаар сарын 16-наас 26-ны өдрүүдэд гүйцэтгэж, 2016 оны гуравдугаар сарын 1-нээс 15-нд хийсэн судалгааны мэдээллийг харьцуулан дүгнэлт гаргажээ.

Энэ талаар Монгол Улс дахь суурин Төлөөлөгч Ашлэй Вэйлэн “Манай байгууллага Монголчуудын үзэл бодол ямар байгааг улс төрийн намууд болоод сонирхол бүхий бүх талуудад нээлттэйгээр мэдүүлэх зорилготой.

Ингэснээр тухайн улс төрийн намууд болон сонирхол бүхий талууд үнэн зөв мэдээллийг ашиглан цаашдын дүн шинжилгээгээ хийж, үйл ажиллагаандаа тусгаж явах боломжтой юм.

Судалгааны эцсийн дүгнэлтээс үзэхэд ард иргэдийн сэтгэлийг зовоож байгаа маш олон асуудал байгаа боловч эцсийн дүндээ иргэд сонгуулийн үйл явцад итгэлтэй, ардчилалыг дэмждэг, тэгш оролцоог дэмждэг байгаа нь Монгол Улсын хөгжил зөв чиглэлд явж байгаа гэдгийг илэрхийлж байна” хэмээн тайлбарлалаа.

Судалгаанд хамрагдсан иргэдтэй гэрт нь ганцаарчилсан ярилцлага авах замаар мэдээллийг цуглуулсан бөгөөд Улаанбаатар хот болон 13 аймгийн 18-аас дээш насны сонгууль өгөх чадамжтай нийт 5,000 иргэнийг хамруулжээ.

13 аймгийг судалгаанд хамруулахдаа аймаг тус бүрээс гурван сумыг санамсаргүйгээр сонгон 2,800 иргэнээс судалгаа авсан бол Улаанбаатар хотын бүх дүүргийн 2,200 иргэнээс судалгаа авчээ.

Тус судалгааны үр дүнг олон улсын стандарт, зах зээлийн болон нийгмийн судалгааны аргачлалын дагуу боловсруулсан байна.

Тухайлбал ирэх дөрвөн жил УИХ-аас анхаарал хандуулан ажиллах хамгийн чухал асуудлыг авч үзэхэд:

Асуудал

Наймдугаар сар

Гуравдугаар сар

1

Ажилгүйдэл

43%

48%

2

Ядуурал

16%

16%

3

Авлига

9%

8%

4

Үнийн өсөлт

6%

6%

5

Эдийн засаг

5%

5%

6

Улс төрийн зөрчил

3%

4%

7

Архидалт

3%

3%

8

Бусад

13%

11%

Categories
мэдээ нийгэм

Монгол улс Хүйсийн тэгш эрхийн байдлаар дэлхийд 58-д жагслаа

Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас өнөөдөр дэлхийн хүйсийн тэгш эрхийн тайланг (global gender gap report) танилцууллаа.

Уг тайланд Монгол улс нийт 144 орноос 58-д жагссан байна. Улс бүрийн үзүүлэлтийг 0-ээс 1.0 хүртэл оноогоор үнэлэхэд Монгол улс 0.705 гэсэн оноо авчээ.

Ингэхдээ дараах дөрвөн дэд үзүүлэлтийг нь үнэлсэн байна.

  • Эдийн засгийн эрх чөлөө
  • Боловсрол олж авах боломж
  • Эрүүл мэнд, амьдрах чадвар
  • Улс төрийн оролцоо

Дэд үзүүлэлтүүдээс харвал Эрүүл мэнд, амьдрах чадвараар Монгол улс бусад 38 улсын хамт 1 дүгээр байранд жагссан байна. Үүнд гол хоёр хүчин зүйлийг үнэлсэн нь нэгд, эмэгтэй хүүхэд төрөхөд ялгаварлахгүй байх, хоёрт, хүчирхийлэл, өвчин тахал зэргээс болж зүй бусаар нас барахгүй байх ажээ.

Харин хамгийн муу дэд үзүүлэлт нь Улс төрийн оролцоо байж, энэ үзүүлэлтээр Монгол улс 119 дүгээрт жагссан байна. Үүнд эрх мэдэлтэн, удирдах түвшний ажилд эзлэх байр суурийг үнэлсэн гэжээ.

Бүс нутгийн хэмжээнд Монгол улс нь Филиппин, Шинэ Зеланд, Лаос, Австрали, Сингапурын дараа 6 дугаарт орсон бол Япон, Өмнөд Солонгос, Хятад улсууд манай хойно жагссан байна.