Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны Н.Мөнхбатыг хорих хугацааг сунгажээ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг Авлигатай тэмцэх газраас сэжигтнээр тооцон Цагдан хорих 461 дүгээр ангид 14 хоног саатуулсан. Харин түүний хорих хугацааг сунгаж, дахин хоёр сар хорихоор болжээ.

Н.Мөнхбат болон тус банкны зарим ажилчдыг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгө үрэгдүүлсэн, “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг зүй зохисгүй зарцуулсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм. АТГ-аас түүнд холбогдох эрүүгийн хэргийг нэгтгэж, зарим албан хаагчдынх нь хамт сэжигтнээр татаж, шалгаж байгаа.

Дээрх хэрэгт үндэслэн Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 5-аас дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 265 дугаар зүйлийн 265.2-т зааснаар “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн заалтыг үндэслэн цагдан хорьсон байдаг.

Н.Мөнхбатын ээж Ц.Ганбат “Өдрийн сонин”-ы №245 (5510) дугаарт “Хүү маань надад хийсэн буруу зүйл байхгүй. Битгий санаа зов гэсэн” хэмээх ярилцлагыг өгсөн ббилээ.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн онцгой хөтөлбөрийг өргөн барина

Өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчидтэй уулзалт хийнэ. Уг уулзалтаар Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. Мөн энэ үеэрээ Засгийн газраас боловсруулсан эдийн засгийн онцгой хөтөлбөрийн талаар мэдээлэх гэнэ.

Эдийн засгийн онцгой хөтөлбөрт тухайлсан ямар асуудлуудыг хэрхэн төлөвлөсөн талаархи мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа юм. Өмнө нь Засгийн газраас эдийн засгийн онцгой хөтөлбөр боловсруулж, хоёр удаа хуралдаанаараа хэлэлцсэн гэх мэдээлэл гарч байсан. Уг хөтөлбөрийг өчигдрийн хуралдаанаараа эцсийн байдлаар хэлэлцэж нягталсан бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар ч оруулж хэлэлцжээ. Харин өнөөдөр УИХ-д албан ёсоор өргөн барихаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн АН-ынхан эсэргүүцлээ үргэлжлүүлнэ

Дүүрэг, иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүнгээр Баянзүрх дүүрэгт АН-ынхан 22 суудал авч ялсан боловч, зургаан хүний нэрийг үндэслэлгүйгээр хаслаа хэмээн өчигдөр жагсаал хийсэн билээ. Тэгвэл тэд өнөөдөр жагсаалаа үргэлжлүүлэхээр болсон байна.

Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий зургаан хүнийг жагсаалтаас хасах хууль бус шийдвэр гаргасан хэмээн үзэж АН-ын болоод иргэд нийлсэн 40 гаруй хүн эсэргүүцлээ илэрхийлэн жагссан юм.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаас илгээлт ирүүлжээ

МОНГОЛ УЛС НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГАД ЭЛССЭНИЙ 55 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэний 55 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж буйдаа туйлын баяртай байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын системийн байгууллагууд 1960-аад оны эхээр Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр бидний түншлэл эхэлсэн түүхтэй билээ. Эдүгээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын системийн болон төрөлжсөн байгууллагууд, сан, хөтөлбөрүүдийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсын тогтвортой хөгжил, ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

НҮБ-ын үйл ажиллагааны гурван тулгуур болсон хүний эрх, энх тайван, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд Монгол Улс идэвхтэй оролцож байна.

Ядуурлыг бууруулах, шударга ёс, энх тайван, хөгжил дэвшлийн төлөө улс орноо ардчиллын замаар тууштай хөгжүүлж буй Монгол Улсын төр, засгийн тэргүүн болон ард иргэдийн хүчин чармайлтыг сайшааж байна.

Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 900 гаруй цэргийн албан хаагчдаа илгээж байгаа нь дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмрээ оруулж буй тод жишээ мөн. Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс гэж тунхагласан, хөрш, залгаа орнуудтайгаа яриа хэлэлцээ өрнүүлж, бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Түүнчлэн Монгол Улс Тогтвортой Хөгжлийн 17 зорилтыг үндэсний хөгжлийн бодлогодоо нийцүүлэн “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрөө баталж, ажлаа эрчимтэй эхлүүлээд байна. Мөн Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисийн хэлэлцээрийг даруй соёрхон баталсанд талархал илэрхийлж байна.

Монгол Улсад 2009 онд хийсэн миний айлчлал надад мартагдашгүй дурсамж үлдээсэн. Монгол Улсын үзэсгэлэнт байгаль, уламжлалт соёл нь энх тайван, хөгжил цэцэглэлтэйгээр зэрэгцэн ирээдүйд урт удаан хугацаагаар хадгалагдана гэдэгт миний бие итгэлтэй байна.

Амжилтаар батажсан 55 жилийн түншлэлд баяр хүргье!

Ирээдүйд бидний хамтын ажиллагаа улам бүр бэхжих болтугай!

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2358 төгрөгтэй тэнцлээ

Image result for ВАЛЮТЫН ХАНШ

Ам.долларын ханш өдрөөс өдөрт өссөөр байна. Долоо хоногийн дотор 50 төгрөгөөр, сонгуулиас хойш нийтдээ 400 төгрөгөөр ам. долларын ханш өсчээ.

Өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 2347 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 2357-2358 төгрөгөөр зарж байна. Монголбанкны зүгээс эдийн засагт хүлээгдэж байгаа 2-4 тэрбум долларын нийлүүлэлт хийгдсэнээр төгрөгийн ханш чангарна гэсэн “мессеж”-ийг өгч байгаа юм.

USD АНУ-ындоллар

Авах

Зарах

“НоминКарт” ББСБ

2,340.00 4.00

2,344.00 4.00

East Eagle

2,342.00 5.00

2,347.00 6.00

Капиталбанк

2,335.00 2.00

2,350.00 5.00

Голомт

2,336.00 4.00

2,351.00 5.00

ХХБанк

2,337.00 5.00

2,351.00 6.00

ХААН

2,336.00

2,351.00

Капитрон

2,336.00 5.00

2,352.00 6.00

Төрийнбанк

2,336.00 4.00

2,352.00 6.00

КРЕДИТ банк

2,338.00 6.00

2,353.00 6.00

ЕвроАзи

2,351.00 7.00

2,354.00 7.00

Урануургач

2,355.00

2,358.00

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хууль эрхзүйн зөвлөгөө үнэгүй өгөх өдөрлөг болно

Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр иргэн, хуулийн этгээдэд хуулийн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь туслах, хуульзүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм Өдөрлөг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон дахь салбаруудад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10:00-19:00 цагт болно.

Categories
мэдээ цаг-үе

Д.Цэрэнсамбуу: Зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазартай хамтраад “Жаргаагүй нар” жүжиг хийж байна

Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуутай ярилцлаа.

-УДЭТ-ын Түүхэн жүжгийн өдрүүдийн хүрээнд МЭӨ 209 оноос XX зуун хүртэлх
түүхэн он цагийн хэлхээгээр аялах юм байна. Театрын хувьд ч 85 жилийн ойгоо хийж
байна гэдэг бас л том түүх?

-Монголчууд үндэсний соёл урлагийн эртний түүхтэй ард түмэн. Хубилай
хааны ордонд 500 хүнтэй их найрал хөгжим байсан гэдэг. 1800-гаад оны үед Равжаагийн
Саран хөхөө театр байсан гээд бодит баримтууд бий л дээ. Шинэ цагийн мэргэжлийн
урлагийн гал голомт болсон манай театр 85 жилийнхээ ойг тэмдэглэж байна. 1921 оны
ардын хувьсгалын дараа шинэ цагийн анхны байгууллага болох улаан гэр, Жанжны клуб,
Хятад ажилчны клуб, Ардын цэнгэлдэх хүрээлэн байгуулагдсан. Эд бол мэргэжлийн соёл,
урлагийн байгууллагын үүсэл гэж судлаачид үздэг. Ардын авьяастнууд, сайн дурын уран
сайханчдын хөдөлгөөн соёл, урлагийн байгууллагууд үүсэхэд түрлэг өргөсөн. 1931 оны
арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны
50 дугаар тогтоол гарч “Улсын төв театр” байгуулагдсан түүхтэй. Орчин үеийн мэргэжлийн
театр байгуулахын тулд тухайн үеийн Зөвлөлт улсаас театрын найруулагч, багш, зураач,
хөгжмийн зохиолчдыг урьж, жилийн хугацаатай курс нээн ажиллуулсан гэдэг. Үр дүнд
нь С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр орчин үеийн мэргэжлийн театр Монголд үүд хаалгаа
нээсэн юм.

Өрнийн театрын онол арга зүй дэг сургууль, монголчуудын авьяас нэгдээд
театрын урлагийн хөгжлийн түүх эхэлсэн. Удалгүй хот хөдөөд төрийн харьяалалтай соёл,
урлагийн байгууллагууд бий болсон юм. Аймгуудад Соёлын ордон, нийслэлд Улсын цирк,
Хүүхэлдэйн театр, өнөөдрийн ҮДБЭЧ-ын анхны байгууллага Эстрад концертын товчоо бий
болсон. 1963 онд Дуурь, бүжгийн театр байгуулагдаж, одоогийн байрандаа байрлаж,
манайх драмын урлагийн чиглэлээр дагнаж үйл ажиллагаа явуулахаар энэ байрандаа нүүж
ирсэн дээ.

-Манай театрын зорилго болбол… гээд дуу байдаг. Социализмын үед
театр олон түмнийг гэгээрүүлэх, ухуулан сэнхрүүлэх үүрэгтэй үзэл суртлын зэвсэг
байсан. Харин нийгэм солигдоход театр яаж өөрчлөгдсөн бэ?

-Театр байгуулагдаад дайны үе, социализмын бүтээн байгуулалтын үеийг
туулж, үзэл суртлыг голлодог байсан. 1990-ээд оноос хойш театрын урын сангийн бодлого
нээлттэй, чөлөөтэй болсон гэж болно. Ард түмнийг соён гэгээрүүлэх нь урлагийн үндсэн
үүрэг шүү дээ. Ард түмний оюуны хөтөч байх эрхэм үүргээ хэрэгжүүлэх үүднээс урын
сангийн бодлого төлөвлөгддөг.

-Орчин үед кино, телевиз, интернэтээс хүмүүс маш их юм үзэж хардаг
болсон. Ийм нөхцөлд театр хэрхэн оршин тогтнож, үзэгчдээ яаж барьж тогтоох бол?

-Театрын амин сүнс, үнэт зүйл нь үзэгчдэд амьд тоглолт үзүүлдэгтээ
байдаг. Гэртээ зурагтаар уран бүтээл үзэх, театрт ирээд тоглолт үзэхийн хооронд
асар том ялгаа бий шүү.

-Үзэгчидтэй илүү амьд харилцаатай байлгах үүднээс тоглолтын үед үзэгчтэй
харилцах гэх мэтээр олон хэлбэр туршиж байдаг бололтой юм?

-Тэр байтугай бид тоглолтоо хийчихээд зохиолч, найруулагч, хөгжмийн
зохиолч, жүжигчид, тайзыг бүтээсэн арын албаныхантай “Тоглолтын дараа” гэсэн үзэгчид,
уран бүтээлчдийн уулзалт хийж байгаа. Гэртээ телевизээр кино үзчихээд дараа нь уран
бүтээлчидтэй уулзаж чадахгүй шүү дээ. Яагаад тэр уран бүтээлийг сонгосон юм гэдэг
чухал. Аливаа шинэ уран бүтээл уран бүтээлчийн эмзэглэлээс эхтэй. Уран бүтээлч,
үзэгч саналаа солилцдогоороо ач холбогдолтой. Энэ нь урын сангаа төлөвлөхөд нөлөөтэй,
хэрэглэгчтэйгээ эргэх холбоотой болж байгаа гэсэн үг. Америкт Бродвейн театрт тоглож
байгаа “Парисын дарь эхийн сүм”-ийг яагаад монгол үзэгч эх орондоо, эх хэлээрээ
үзэж болохгүй гэж. Бид дэлхийн театрын урлагийн хөгжлөөс суралцах хэрэгтэй шүү дээ.
Үндэсний түүхэн бүтээлүүд, орчин үеийн сэдэвтэй зохиол бүтээлүүд манай театрын урын
санг бүрдүүлдэг. Манай үзэгчдийн 70-80 хувь нь 18-35 насныхан байдаг гэсэн судалгаа
бий. Бидний дөрөв дэх чиглэл гэвэл хүүхдэд чиглэсэн уран бүтээл. Дэлхийн театрын
хөгжил хаана явна. Тэндээс бид хоцормооргүй байна. Театр цаг үргэлж, үзэгч олон
түмэндээ оюуны талх өгч байх учиртай байгууллага.

-Сүүлийн үед багцын сонголт санал болгодог болжээ. Хүмүүс долоо хоногийн
турш театрт цагаа зориулах сонголт хийж байгаа гэсэн үг үү?

-Та анзаарч байгаа бол сүүлийн жилүүдэд бид сонгодог жүжиг, орчин
үе, хүүхдийн жүжиг, түүхэн жүжгийн өдрүүд гэх мэтээр бүтээгдэхүүнээ төрөлжүүлж байна.
Шинэ жүжиг хийж байгаа үедээ тав, арав хоногоор үргэлжлүүлээд тоглодог. Тэр үед
үзэж амжаагүй хүмүүст зориулаад манай авдарт ийм бараа байна гээд гаргаж тавьж байгаа
хэлбэр. Театрын тоглолтын тасалбар өндөр үнэтэй биш л дээ. Бид үзэгчид ямар цалинтай
билээ гэдгийг ч бодолцох учиртай. Багцын борлуулалт хийхээр хүмүүст сонирхолтой
байгаа юм. Нэг жүжгийн үнээр гурван жүжиг үз гэж байна шүү дээ. Тэгэхээр тухайн
хүнд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.

-Шинэ жүжиг тавигдаад ямар хугацааны дараа архивт шилждэг вэ?

-Тухайн жүжгийн жанраас шалтгаалдаг юм. Орчин үеийн сэдэвтэй, хөнгөн
маягийн уран бүтээлүүд харьцангуй удаан тоглогдоно. 20-иод хоног, сар тоглоход бараг
тайзнаас буухгүй шүү. Сонгодог жүжиг, түүхэн том бүтээлүүд бол тийм биш. Гэхдээ
зардал өндөртэй бүтдэг.

-Маш их зардал гаргаж том бүтээл тавьсны дараа архивт шилжинэ гэхээр
харамсалтай юм. Тэр бүр театрыг зорьж ирж амждаггүй үзэгчдэд зориулаад CD, цомог
хэлбэрээр хүргэх боломжтой болов уу?

-Сонгодог жүжиг, түүхэн бүтээлын үнэ цэнэ гаргаж байгаа зардалдаа
оршдоггүй. Бүтээл нь үнэ цэнэтэй юм шүү дээ. Тавь, жараад оны алтан үеийн бүтээлүүдээ
бид бичиж авч үлдэж чадаагүй. “Цогт тайж” киног бол бид дэлгэцнээс үзчихдэг. Театрын
хувьд жүжгээ бичиж авах технологийн боломжгүй үе байсан. Сүүлийн жилүүдэд хийгдсэн
бүтээлүүдээ бүгдийг нь бичиж авч, хадгалж байгаа. Тодорхой хугацааны дараа телевизийн
алтан фондод бичүүлдэг юм. Мөн өөрийн архивт хадгалдаг. Театрын 80 жилийн ойгоор
бид хэд хэдэн бүтээлүүдээ DVD бичлэг болгож, борлуулсан. Оюуны бүтээлийн хулгай
гэдэг аймшигтай. Бид “Тамгагүй төр” жүжгээ бичээд, борлуулах гэхээр баахан хувилаад,
илүү хямд зарчихдаг аюул байна. Уран бүтээлээ үнэ цэнтэй хадгалах нь зөв гэж боддог.

-Тэр бүр хот орж ирээд театр үзэж чаддаггүй орон нутгийнханд театр
өөрөө хүрч очдог юм билээ. Аялан тоглолт хэр их хийж байгаа вэ?

-Мэргэжлийн театр үүсэн бий болсон цагаасаа л хөдөөгийн уул талаар
соёлын үрийг тарьж ирсэн. Ялангуяа 1967 оноос өмнө бол телевиз байсангүй. Хөдөө
орон нутагт урлагийн бригад аялдаг байсан. Энэ бол театрын онцгой үйл ажиллагаа
мөн. 1990 оноос хойш бригадаар явах байтугай театр оршин тогтноход хүнд байсан үе
бий. 2002 оноос хойш аялан тоглолтоо сэргээгээд УДЭТ-ийн өдрүүд аялан тоглолтыг
зохион байгуулж, 18 аймгийг бүтэн нэг тойрсон. Одоо бол хоёр дахиа тойрч байгаа.
Хөдөө, орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн сайхан ажил болдог. Социализмын
үед бол сум бүрт хүрдэг байсан. Одоо аймгийн төвүүд, зам дагуу сумдад тоглож байна.
Яваандаа нэгжид хүрч үйлчилдэг болно доо. Жил бүр аялан тоглолтоор явж байгаа. Хавар,
намрын бригад гэж явдаг. Хавар бид Эрдэнэт, Дарханаар аялан тоглоод ирсэн. Намар
Улаан-Үдэд Монгол туургатны театрын наадамд оролцсон учраас намрын бригад маань
явж амжаагүй. Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, театрынхаа 85 жилийн ойд бэлтгэж
завгүй ажиллаж байна. Ирэх жил Хөвсгөл, Завханы чиглэлд аялан тоглолт хийнэ дээ.

-Танай театр хүмүүст юу үзүүлэх вэ гэдгээ их урт хугацаагаар төлөвлөдөг
юм билээ. 2017 он хүртэл ажлаа төлөвлөсөн гэсэн. Түүнээс цааш монголчууд юу үзэх
бол?

-Театр урлаг соёлынхон ард түмнээсээ нэг алхмын өмнө явж байх учиртай.
Хүний оюуны эрэлт хэрэгцээ гэдэг хоол, хувцаснаас дутахгүй. Бид 2001 оноос хойш
дөрөв, таван жилээр төлөвлөлт хийж ирсэн. 2008 онд найман жилийн хөтөлбөр боловсруулсан
юм. Найман жилийнхээ хөтөлбөрийн хэрэгжилтийн гүйцэтгэл, үр дүнг тооцож байна. Мэргэжлийн
байгууллага тухайлбал СЭЗИС, Удирдлагын академи гээд мэргэжлийн байгууллагуудтай
хамтарч хийдэг л дээ. 2017 оноос хойш дахиад таван жилийн хөтөлбөр боловсуулахаар
ажиллаж байна. Ой угтсан ажлын хүрээнд бид СУИС, Соёл урлаг судлалын хүрээлэнтэй
хамтраад театрын хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээний том хурал хийх юм. Энэ хурлаар
өчигдөр театрт юу болов, өнөөдөр юу болж байна, маргааш юу болох вэ гэдэгт гурван
цагийн хэлхээсээр хариу өгнө. Монголын үндэсний театр уламжлалдаа суурилна. Шинжлэх
ухаанчаар хандана. Дэлхийн театр урлагийн хөгжилтэй уялдуулна. Урлаг судлаачид,
түүхчид, уран бүтээлчид үнэлэлт дүгнэлт өгч, шүүж тунгааж байж дараагийн таван жилийн
хөгжлийн хөтөлбөрөө боловсруулна. Ер нь театрын урын сангийн үндсэн төлөвлөлт үндэсний
түүхэн бүтээлүүд, дэлхийн сонгодог уран бүтээл, орчин үе, залуус хүүхдэд хандсан
бодлого хэвээрээ үргэлжилнэ.

-Театрт байсан өнгөт зурагтаа зараад, уран бүтээлчдийнхээ цалинг
тавих үе байсан гэсэн. Театр хүмүүсийн сонирхлыг татсан уран бүтээл хийгээд, орлогоороо
санхүүжээд амьдрах ёстой юм уу, эсвэл хүн ардыг соён гэгээрүүлэх үүрэгтэй гэж үзээд
төрөөс дэмжих учиртай юу?

-Театрын урлаг 300-400 жил хөгжсөн, хүн ам ихтэй улс орнуудтай харьцуулахад
манай театр залуугаараа байна. Ер нь хөгжсөн аль ч улс оронд соёл, урлаг, музей,
номын сан, үндэсний театраа төр нь ивээлдээ байлгадаг. Орос гэхэд л Их театраа Ерөнхийлөгчийнхөө
ивээлд байлгадаг шүү дээ. Өнөөдөр ч манай театр төр, олон түмнийхээ ивээлээр явж
байгаа. Бизнесийн зарчмаар хөгждөг урлагийн төрөл бас бий. Социализмын үед төрийн
харьяалалтай урлагийн байгууллагууд хүн амынхаа тооноос хамаарахгүйгээр хөгжлийн
түвшиндээ хүрчихсэн. Дуурь, манай театр урын сангийн хувьд томд тооцогддог театрууд
шүү дээ. Төр ивээлдээ авч, дэмжиж туслах хэрэгтэй. Харин үйл ажиллагаанд нь саад
болж болохгүй. Төсвийн санхүүжилт байр, халаалт, цахилгаан дулаан, халуун хүйтэн
усны зардалд яваад өгдөг. Үндсэн үйлдвэрлэл, уран бүтээлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх
учиртай. Салбарынхныг Ерөнхий сайд, салбарын сайд хүлээж авахад бид зовлон жаргалаа
ярьсан. “Урлаг хөгжүүлэх сан” гэж хуучин байсан бол одоо яам ч үгүй, сан ч үгүй
болсон. Эргээд “Урлаг хөгжүүлэх сан”-г бий болгохоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт
оруулсанд бид баяртай байгаа.

-Театрын төрсөн өдөр хүртэл үлдсэн хугацаанд хүмүүст юу үзүүлж харуулах
вэ?

-Д.Нацагдоржийн нэрэмжит театрын хувьд түүний амьдрал уран бүтээлээс
сэдэвлэсэн жүжгийн зохиолын уралдаан зарласан юм. Тайзны шалгуур даах уран бүтээл
ирээгүй. Зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазартай хамтраад “Жаргаагүй нар” жүжгийг хийж байна.
Арваннэгдүгээр сарын эхээр энэ жүжгээ нээнэ дээ. “Монгол ардын суут” гэрэл зургийн
үзэсгэлэн гаргах гэж байгаа. Сонирхолтой хөтөлбөрүүдээр үзэгчдэдээ бэлэг барина.


Categories
мэдээ нийгэм

Баруун эргэдэг уулзварын тоог нэмнэ

Уулзвар зурган илэрцүүдУлаанбаатар хотын Замын цагдаагийн газраас дөрвөн уулзвараар жолооч нар гэрлэн дохио харгалзахгүй, баруун гар тийш чөлөөтэй эргэх журмыг боловсруулсан. Улмаар энэ сарын 10-наас туршилтыг эхлүүлээд байгаа юм. Цаашид 48 уулзварт дохио харгалзахгүй баруун гар тийш эргэх журмыг хэрэгжүүлэхээр Цагдаагийн ерөнхий газраас төлөвлөж байгаа аж. Улаанбаатар хотын Баруун болон Зүүн дөрвөн зам, Саппоро болон Гэсэр сүмийн уулзварт энэ хувилбарыг туршсан. Ингэснээр замын түгжрэл 20 хувиар буурна гэж мэргэжилтнүүд үзэж буй юм. Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш тогтмол эргэх боломжтой аж. Үүнд,

-Нэг талаас баруун эргэх боломжтой 12,

-Хоёр талаас баруун эргэх боломжтой 24,

-Гурван талаас баруун эргэх боломжтой 8,

-Дөрвөн талаас баруун эргэх боломжтой 4 уулзвар байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчидтэй уулзана

Image result for Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маргааш сэтгүүлчидтэй уулзана

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маргааш буюу энэ сарын 27-нд сэтгүүлчидтэй уулзахаар болжээ. Уулзалт Төрийн ордны Б танхимд 13:00 цагт эхэлнэ. Уулзалтаар өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллэж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах юм байна. Уулзалтад Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцох ажээ.

Categories
мэдээ цаг-үе

С.Батханд: Үнэн худал нь хамаагүй хүүхдийн тайлбарыг сонсох хэрэгтэй

Нийслэлийн Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш, Боловсролын тэргүүний ажилтан С.Батхандтай ярилцлаа. Тэрээр цэнхэр торгон дээл, ромбоороо гоён Октябрийн районы 46-р бага сургууль буюу одоогийн “Сэтгэмж” цогцолбор сургуульд томилогдож байжээ. 24 дэх жилдээ багшилж буй тэрээр одоо сургуулийнхаа ахмад багш нарын тоонд ордог гэсэн.

-Та багш гэх хариуцлагатай мэргэжлийг яагаад сонгох болов?

-Бидний үед нийгэмд ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй байна гэдгийг харахаас илүү сонирхлоороо болон бусдаас үлгэрлэн, дуурайж л мэргэжлээ сонгодог байж. Би Нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг төгссөн. Бага ангийн багш маань Баяраа гэж маш мундаг хүн байлаа. Хэдий дунд сургуулиа төгсөөд 30 жил болсон ч ангиараа уулзах болгондоо л Баяраа багшаа дурсдаг юм. Эргээд харахад багш маань бидэнд маш сайн суурь тавьж өгчээ гэж боддог. Мөн дунд ангид ороход математикийн Тогоо гэж багш маань дааж авсан. Би математикдаа уул нь гайгүй л хүүхэд байсан юм. Гэтэл монгол хэлний багш болчихсон. Энэ хоёр хүн намайг багш болгох сонирхолтой болгосон доо. Тогоо багш маань “С.Батханд аа, улаан шугамны урдуур орчихсон байна шүү. Мэргэжлээ сонгоороо” гэсэн. “Хөдөлмөр”, “Үнэн” сонин дээр сургуулиудын жагсаалт гарчихсан байлаа. Тэгээд л багш болох хүсэлтэй байсан болохоор Улсын багшийн их сургуулийн монгол хэл, уран зохиолын ангид орсон юм.

-Та одоогийн “Сэтгэмж” цогцолбор сургуульд томилогдож байсан тухайгаа яриач?

-Би Улсын багшийн их сургуульд 1988 онд элсэн орж таван жил суралцаж байлаа. Манай үеийнхэн хамгийн сүүлд тэтгэлэг авсан мөн таван жилээр төгссөн анги. Биднийг төгссөний дараа дөрвөн жил суралцаж, сургалтын төлбөр төлдөг болсон юм. Манай ангийнхныг өөрсдийнх нь орон нутагт хуваарилсан л даа. Би Октябрийн районы 46 дугаар бага сургууль буюу одоогийн “Сэтгэмж” цогцолбор сургуульд хуваарилагдаж өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Ажил, хөдөлмөрийн гараагаа эхлүүлэхэд минь ахмад багш нар зааж зөвлөдөг байлаа. Залуу багш нар ч ховор байж дээ. Шувууны бага нь жиргэдэг гэдэг шиг юм болгонд л гүйнэ. Хэлсэн болгоныг нь биелүүлж, заавар зөвлөгөөг нь дагаж явсаар л багш болсон доо. Ганцхан монгол хэл, уран зохиолынх ч биш бүх л ахмад багш нарын үг, үйлдэл намайг багш болгосон. Ямар ч үүрэг даалгавар байсан өөрөөр минь хийлгэсэн нь маш үр дүнтэй байсан гэж боддог. Хэрвээ ахмад багш нартайгаа барьцаад л байсан бол юу ч сураагүй үлдэх байж. Ингэж явсаар нэг мэдэхэд л сургуулийнхаа ахмад багш нарын нэг болсон байна шүү. Цаг хугацаа их хурдан юм аа.

-Анхны юм бүхэн санаанд тодхон байдаг. Самбарын өмнө гарч байсан тэр мөч мартагддаггүй биз?

-Залуу багш нарын туулах ёстой нэг зүйл бол самбарын өмнө анх гарах үе байдаг. Анхны юм бүхэн л туршлага болдог юм билээ. Заах хичээлээ бэлдчихсэн. Ер нь бүх зүйл бэлэн байхад л сандарч, чичрээд байснаа санадаг юм. Тэр мөч мартагддаггүйтэй адил 1996 онд дааж авч байсан анхны ангийнхан минь санаанд тодхон үлджээ. Миний анхны шавь нар 30 хэдийнэ гарчихсан ажил, амьдрал эхлүүлээд явцгааж байна. Тэдэнтэйгээ үргэлж л холбоотой байдаг. Монгол бичгийн цагаан толгой зааж байснаа санадаг юм. Манай сургууль “Монгол бичгийн цагаан толгойн баяр” гээд сайхан арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Захирлын нэрэмжит тус арга хэмжээг миний дааж авч байсан анхны ангийнхан ивээн тэтгэж, дүү нартаа тусалдагт үргэлж баярладаг даа.

-Сурагчдыг үзсэн хичээлээ өөрийн болгож, мартуулахгүй байхын тулд яах хэрэгтэй байдаг юм бол?

-Өөрсдөөр нь л хийлгэх нь чухал. Шаардлагаа тавина. Мэдээж онолын ойлголтоо өгөөд, сайтар чиглүүлж, тайлбарлаж өгдөг. Ямар ч хүн нэг удаа сонсоод, хараад мэдлэг болгож чадахгүй. Сүүлийн үеийн багш нар мэдээллийн технологийг их ашигладаг болсон. Хичээлүүдээ үзүүлэн байдлаар бэлддэг. Энэ нь багш нарыг илүү бүтээлч болгох давуу талтай санагддаг. Харин үзүүлэн хичээлээ эхлээд сурагчдаараа дуурайлгаж хийлгэдэг.

Үр дүнгийн хувьд ярихад багш яриад, самбар дээр бичээд хүүхэд шууд хуулаад л байвал долоо хоногийн дараа гэхэд санана гэдэг юу л бол. Үзүүлэн маягаар хийж харуулаад, дуурайлгаж хийлгэвэл тал хувийг нь санадаг юм билээ. Харин баг болгон хуваагаад даалгавраа хуваарилж өгвөл сайн тогтооно. Хамтарч ажилласан нь ч мэдэгддэг юм. Тестээр шалгалт авлаа гэхэд өөрөөр нь л шалгуулчих нь зүйтэй. Зөв үгүйг нь шалгаж байх үедээ нүдэлчихдэг юм шүү дээ. Ер нь шавь төвтэй байхыг л голчилдог доо. Хүүхэд өөртөө багш, бусдадаа зөвлөгч байх хэрэгтэй юм шүү дээ. Үйлчилгээний байгууллагуудад хэрэглэгч хаан бол бидний хувьд сурагч л хаан байх ёстой юм.

Бас хүүхдийг маш сайн сонсох нь чухал. Сурагч маань гэрийн даалгавар хийгээгүй, их цэвэрлэгээтэй өдрөө ирээгүй тохиолдолд шалтгааныг нь сонсохыг боддог. Үнэн худал нь хамаагүй хүүхдийн тайлбарыг сонсох хэрэгтэй. Тэр нь ангийнхан болоод багшийнхаа өмнө өөрийгөө илэрхийлж сурах дадал болж байдаг. Эхний удаа шалтаг хэлсэн бол дараагийн удаа заавал ирдэг, ирэхгүй тохиолдол гарвал утасдаж мэдэгддэг. Нэг удаа тасалж шалтаг хэлсэн бол дараа нь хариуцлагаа ч ухамсарладаг болно. Харин загнаад байх тусам хүүхэд өөртөө итгэлгүй, аймхай болчихдог. Зөв хариултыг мэддэг байсан ч дуугарахгүй байж магадгүй юм шүү.

-“Сэтгэмж” цогцолбор сургуулийн манлайлагч анги таны шавь нар байдаг гэсэн. Манлайлагч шавь нартай байхын нууц нь юу вэ?

-Миний дааж авсан анги “Сэтгэмж” цогцолбор сургуулийн урлаг спорт, хичээлдээ хамгийн манлайлагч нь байдаг. Багш хүн тал бүрийн авьяастай байдаг гэдэг. Гэхдээ би тийм биш л дээ. Зохион байгуулах авьяас л байдаг байх. Харин сурагчид маань урлагийн үзлэг, спортын тэмцээнд маш сайн оролцдог. Миний хувьд сурагчдадаа “Багш нь хөгжим, анги, хувцсыг нь олчихно. Миний хүүхдүүд юу чаддагаа харуул, та нар чадахгүй бол өөр хэн чадах юм” гэдэг. Нөхцөл боломжийг нь эцэг эхтэй нь хамтарч бүрдүүлээд л ёстой дураар нь тавина даа. Магадгүй би бүжиг зааж өгч чадахгүй ч итгэл төрүүлж чаддаг байх.

Мөн миний нэг онцлог байдаг. Дунд болон дээд сургуулийн багш нар маань эрэгтэй хүмүүс байсан болоод ч тэр үү, ямар ч зүйлд шулуун шударга, товч тодорхой олон зүйл нуршдаггүй, шаардлага өндөртэй байсан. Энэ арга барил нь надад суучихсан юм байна гэдгийг багш болоод мэдэж билээ. Багш ямар байна, хүүхэд яг л тийм болдог. Мөн би бусад багш нарыг бодвол хурдан ярьдаг. Ахлах ангид бол хурдтай байх нь зүгээр л дээ. Дунд ангид орж эхэлснээс нь хойш хичээл орчихоор сургуулиа төгсөхдөө миний арга барилд бүр дасчихсан байдаг юм. Багш хурдтай байх тусмаа хүүхэд хурдан сэтгэдэг, хийдэг болно. Эсрэгээрээ багш удаан байвал хүүхдүүд назгайрна.

-Шавь нараа амжилттай явахыг харах нь багш хүнд хамгийн бахархам байдаг байх?

-Би “Мөнгөн үзэг” гээд уран уншлагын дугуйлан хичээллүүлдэг байлаа. Энэ дугуйланд маань хүүхдүүд зохиосон шүлгээ уншина. Хоорондоо өрсөлдөж, түрүүлсэн нь “Хүрэл тулга” яруу найргийн наадамд оролцдог. Амжилттай оролцсон хүүхдүүд маань Монгол Улсын боловсролын их сургууль, Их Монгол, Гурван-эрдэм гээд их, дээд сургуулиудад урилгаар сурч байлаа. Миний шавь нараас бас багш болсон хүүхдүүд ч олон шүү. Тэгэхээр бас үлгэрлэж, багш болох сэдэл төрүүлж чадсан юм болов уу гэж бахархдаг юм. Гэхдээ заавал амжилт үзүүлснээр нь гэхээс илүү хүүхэдтэй харьцаж, тэдэнтэй ойр байна гэдэг л бахархам байдаг. Хүүхэд хамгийн гоё ертөнц юм шүү дээ. Үргэлж хүүхэдтэй харьцдаг болохоор өөрсдөө ч хүүхэд шиг болчихдог юм билээ.

Би нийгмийн ороо бусгаа үед мөнгө олох гээд бизнес эрхэлж болох л байсан. Гэхдээ хэзээ ч багш мэргэжлээ орхиод мөнгө олж, бизнес хийе гэж бодож байгаагүй. Залуухан байхдаа мэргэжлийнхээ сайхныг ойлгож мэддэггүй л байж. Одоо багш мэргэжил сонгосондоо баярлаж, бахархаж явдаг. Миний хань Хөдөө аж ахуйн их сургуулийн биеийн тамирын багш л даа. Хоёулаа багш гэхээр их сайхан санагддаг шүү. Өөсрдийнхөө боломж бололцоогоор ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, мэдлэг чадвартай сурагчдыг бий болгохын тулд хичээж л явна.

-Хүүхдийг айл гэрийн толь гэдэг. Тэр толинд харагдаж байгаа бүхнийг багш хүн хамгийн их анзаардаг болов уу?

-Анзаарагдалгүй яахав. Мэндэлж байгаа байдал, нүдний харцнаас л мэдрэгдэнэ. Мөн өнчин өрөөсөн, баян ядуу, эрх танхи байгаа нь шууд харагддаг. Түүнээс гадна сурагчид бага ангиа төгсөөд дунд анги руу орж ирэхдээ л тодорхой байр суурьтай болчихсон байдаг. Манлайлагч эсвэл идэвхгүй, мөн хэсэг хэсгээрээ найзалдаг гэх мэт. Энэ бүхнийг өөрийн хэмжээндээ шийдвэрлэхийг л боддог доо. Баг болгож нийтэд нь үүрэг даалгаврыг нь тэнцүү болгоно. Хэсэг, хэсгээр нь найзлуулахгүй нийтэч байлгахыг хичээнэ гээд л. Түүнчлэн эцэг, эхтэй нь ойр дотно байдаг. Би дүн гарсны дараа эцэг, эхийн хурал хийдэг юм. Жилдээ нийт дөрвөн удаа гэсэн үг л дээ. Тогтмол хугацаандаа хийдэг болохоор эцэг, эхчүүд ч ирц сайтай ирдэг.

-Жил бүрийн хонхны баяр болоход шавь нараа үддэг. Төгсөөд явсан шавь нараа санагалздаг уу?

-2002 онд хамгийн анхны дааж авсан ангиа төгсгөсөн. Тэднийгээ төгсөхөд, шавь нар минь явах нь гэж бодохоор яалт ч үгүй уйлчихсан. Дасчихдаг юм билээ. Надад дурсгалын дэвтэр үлдээсэн юм. Анхандаа нэг их юм бодохгүй л уншдаг байлаа. Одоо хааяа ажлын заваараа харахаар уйлчихдаг юм. Харин 2014 онд төгсгөсөн ангийнхан минь надад зориулж “Ардын багш” гэсэн сүлд дуу зохиолгож өгсөн. Хонхны баяраар ангиараа дуулж өгсөн нь надад маш том гэнэтийн бэлэг болж байлаа. Энэ мэтчилэн багш болгон л сайхан дурсамжуудтай байдаг. Энэ бүхнийг бодохоор л өөрийгөө азтай хүн шүү гэж боддог юм.

Бид олон хүүхдэд хичээл заадаг болохоор хүүхдүүдэд хэлсэн, сургаснаа төдийлөн санадаггүй. Харин хүүхдүүдэд их тод үлддэг юм билээ. Сургуулиа төгссөн хойноо ч тэр “Багш аа, таны хэлсэн тэр үг надад ингэж тусалсан, хэрэг болсон” гээд ярьдаг. Үүнтэй холбоотой нэг дурсамж ярихад, сургуулийн коридорт нэг хүү уйлчихсан явж л дээ. Би тэр хүүгийн толгойг нь илээд “Миний хүү яагаад уйлаа вэ. Одоо тайвшир” гэж. Би тэр явдлыг ер санадаггүй юм. Гэтэл сургуулийн маань 40 жилийн ой 2011 онд тохиож, үе үеийн төгсөгчид ирлээ. Өнөөх хүү надад ирж тэр түүхээ яриад “Яагаад уйлснаа санахгүй байгаа ч таныг аргадсаныг сайн санаж байна. Таныг толгойг минь илсэн чинь тайвшраад уйлахаа больчихож билээ” гээд ярьсан. Жижигхэн ч бай бидний үйлдэл хүүхдийн сэтгэл зүрхэнд том дурсамж үлдээдгийн нэг жишээ энэ байх гэж боддог юм.

О.АРИУНЦЭЦЭГ