Categories
мэдээ нийгэм

Иргэд зөвшөөрвөл газрыг байраар солино

Газрыг байраар солих асуудлыг судалж байна гэсэн. Тодорхой шийдвэр гарсан уу. Уг нь энэ санал ажил хэрэг болбол гэр хорооллыг барилгажуулах бодлого тууштай хэрэгжих боломж байна уу гэж харагдсан?

Г.Мөнхбаяр:Энэ бол тодорхой обьект дээр яригдсан юм. Төрийн орон сууцны корпорацын мэдэлд борлогдоогүй 79m2 гурван өрөөтэй 200 орчим айлын орон сууц байгаа. Түрээслэхгүй, худалдагдахгүй байгаа учраас Нисэхийн орчмын айлд санал болгооч ээ гэдэг саналыг нийслэлийн Засаг даргад санал болгосон. Иргэд зөвшөөрвөл хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа.

Categories
мэдээ нийгэм

“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг өнөөдөр нээнэ

Image result for “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнг өнөөдөр нээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг нээдэг уламжлалтай. Тус үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 12.00 цагт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлнэ.

2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн өнөө жил олон улсын үзэсгэлэн болон өргөжиж, таван улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцож байна. Үзэсгэлэн энэ сарын сарын 28-ны өдрөөс ирэх сарын 1-ний өдрийг хүртэл үнэ төлбөргүйгээр гарна.

Үзэсгэлэнгийн хүрээнд ЕБС-ийн багш нарын бүтээлийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд энэ сарын 27-ны өдрөөс эхлэн байршуулсан. Мөн Монгол бахархлын өдөрт зориулсан үзэсгэлэнг Цонжин болдогт байрлах Чингис хааны морьт хөшөө цогцолборт энэ сарын 30-наас эхлэн тус тус 10 хоног зохион байгуулна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Унтарсаар унтарсаар уугих утаа ч үгүй болсон орон нутгийн сонгууль

Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Сонгогчдын ирц өмнөх жилүүдээс байнга буурсан үзүүлэлттэй явсаар ирсэн. Энэ жил ч ирц тааруу, хувь хэмжээндээ хүрээгүй тойрог, хэсэг олон байв. Аймгуудад ирц 62.7, нийслэлд 45.2 хувьтай байсан бөгөөд улсын хэмжээнд 54.8 хувийн ирцтэй байлаа. 2012 онд болсон орон нутгийн сонгууль улсын хэмжээнд 52.9 хувийн ирцтэй байжээ. Сүүлийн гурван удаагийн орон нутгийн сонгуулийн ирц хүрээгүйгээс зарим тойрогт дахин сонгууль болсон. Энэ сарын 23-нд нэмэлт санал хураалт болно. Үүгээр ирц хүрээгүй тойрогт санал өгөөгүй хүмүүсээс саналыг нь авах юм. Харин 29-нд дахин санал хураалт болно. 19 аймгийн 57 тойрог, 58 хэсэгт дахин санал хураалт явагдах юм. Нийт 117 нэр дэвшигчийн авсан саналын тоо тэнцсэн учраас ийнхүү дахин санал хураалт болох аж. Ер нь бол сүүлийн хэдэн удаагийн орон нутгийн сонгуулийн дүнгээс харахад дахин сонгууль, нэмэлт санал хураалт гэх мэтээр хүчээр л үр дүн гаргаж байна. Мөн орон нутгийн сонгуульд залуусын оролцоо тун тааруу байдаг. Энэ удаа гэхэд 18-25 насны 100 мянган залуус саналаа өгөөгүй гэсэн урьдчилсан мэдээлэл явж байна. Сонгуулийн өдрийг ажлын бус өдөр болгож, саналаа өгөх чинь гол ажил шүү гэж боломж олгоод ч нэмэр болсонгүй. Жил ирэх тусам ингэж орон нутгийн сонгуульд оролцох оролцоо буураад байвал энэ сонгууль эцэстээ сонгууль биш болох нь. Эмээ, өвөө нарын л оролцдог сонгууль болоод дуусах биз. Сонгуульд оролцох идэвх буураад байгааг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Улстөрчдөд, улс төрийн намуудад итгэл алдарсан, үүнээсээ болоод аль нь ч сонгогдсон хамаагүй гэж боддог болсонтой холбоотой л гэнэ. Залуусын оролцоо муу байсан нь тэдний тэнэг, залхуугаас боллоо гэлцэв. Зарим нэг нь сонгуулийн систем рүү ч бурууг чихэж үзэв. Ойр ойрхон сонгууль болоод байхаар тэгж байгаа юм гэж нэг хэсэг нь хэлж байна. Хэрэв улстөрчдөд, улс төрийн намд итгэхээ байгаад сонгуульд оролцох дургүй болсон юм бол, хэн ч гэдэг улстөрч гарсан хамаагүй гэж үзсэн юм бол өнгөрсөн зуны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулиар тийм их идэвхтэй оролцох байсан уу. Иргэдийн хэлж байгаа шалтгаануудаас зарим нь үнэний ортой ч байж болох. Гэхдээ шууд нөлөөлсөн гэх үндэслэл биш юм. Найман настнаасаа наян настан нь улстөрждөг Монгол шиг улс дэлхийд ховор шүү дээ. Тиймээс залхсан, итгэл алдарсан гэж шууд ойлгож боломгүй. Улс төрөөс залхах байтугай алс холын Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль юу болж байна гэж ирээд Хиллари, Трамп хоёрын талаар асууж шалгаагаад, мэтгэлцээнийг нь хоног тоолж хүлээгээд байгаа улсыг улс төрөөс залхсан, сонгуульд дургүй гэхээргүй.

Ингэж том улс төр, өөр улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийг ч анзааралгүй өнгөрөөхгүй, чих тавьж, ярьцгаадаг улсууд орон нутгийн сонгуулийг арай жижиг гэж голоо юу даа. Учир нь Орон нутгийн сонгуулийн сүр сүлд сүнсийг нь хуул,даа өөрчлөлт оруулж байгаад сугалаад хаячихсан.

Өмнө нь орон нутгийн сонгууль аймаг, нийслэлтэйгээ хамт явж байсан. Гэтэл аймаг, нийслэлийн сонгуулийг нь салгаад УИХ-ын сонгуультай хамт явуулдаг болчихсон шүү дээ. Тэгэхээр сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульд хүмүүс тоож очихгүй байна. Ингэж Орон нутгийн сонгуулийн хамаг сүнс сүлдийг нь чухам яагаад салгаж аваад УИХ-ын сонгуультай хамт явуулах болсон бэ. УИХ-ын сонгуулийн үед аймаг, нийслэлд хэн дэвшиж байгааг ч анхаарах сөхөөгүй УИХ-д нэр дэвшигчид рүү бүгд хошуураад, өрсөлдөгч намуудыг анхаарцгаадаг. Тэр сиймхийгээр нь буцаад дарга болчих санаатай, аймаг нийслэлийн Засаг дарга болчих гэсэн харалган улстөрчдийн бодлогоос үүдэлтэй УИХ-ын сонгуультай, аймаг нийслэлийнхийг хамтатгах болсон. Уг нь Их хурлын сонгуультайгаа аймаг нийслэл, дүүрэг сумдынхаа сонгуулийг бүгдийг хамтатгаад явуулах нэг арга байна. Хэрэв тэр олон хүний учир начрыг олохгүй гээд байгаа бол буцаагаад сум дүүргийнхээ сонгуулийг аймаг, нийслэлтэйгээ хамтатгаж, УИХ-ын сонгуулиас салгаад явах хэрэгтэй. Бас иргэдийг Орон нутгийн сонгуульд оролцуулах нэг арга бол бүх шатны Засаг даргаа шууд сонгодог болох юм. Одоо бид Засаг даргыг шууд сонгодоггүй. Төлөөллийн байгууллагаар дамжуулж сонгодог. Сумын Засаг дарга аймгийн Засаг даргад өрсөлдөх хүмүүс нь дэвшээд бид шууд сонговол харин сонгуульдаа идэвхтэй оролцоно. Тэгэхгүй бол хороо, сумын төлөөлөгч сонгох сонгуульд гучин хувьтай оролцож, саналаа өгч байгаа нь их юм болоод байна. Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд түүний өмнөх сонгуулиудад ч иргэдийн оролцоо буурч энэ сонгуулийг тоох хүнгүй болох нь. Хуулиа дахин өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа нь тодорхой боллоо. Тэр ч бүү хэл сонгуульд идэвхтэй оролцуулах ямар нэг хөшүүрэг, зарим орны жишгээр хүндэтгэх шалтгаангүй бол торгууль ноогдуулах, төрд ажиллуулахаас татгалзсан ч яахав. Хэрэв дараагийн удаа орон нутгийн сонгууль энэ байдлаараа явж, иргэдийн оролцоо буурсаар байвал, хэдэн сонгуулийн дараа санал өгөх ч хүн олдохгүй. Унтарсаар унтарсаар уугих утаа ч үгүй Орон нутгийн нэртэй сонгууль болох нь.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
мэдээ нийгэм

461.1 мянган тонн үр тариа хураажээ

Image result for үр тариа хураажээХүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ургац хураалтын мэдээг аравдугаар сарын 25-ны байдлаар гаргажээ.

Тодруулбал, 75.5 мянган га талбайг ангилан хадаж, 330.3 мянган га-гаас 461.1 мянган тонн үр тариа, үүнээс 449.4 мянган тонн улаан буудай, 14.4 мянган га-гаас 152.5 мянган тонн төмс, 7.8 мянган га-гаас 88.5 мянган тонн хүнсний ногоо, 19.6 мянган га-гаас 49 мянган тонн тэжээлийн ургамал, 41.8 мянган га-гаас 17 мянган тонн тосны ургамал тус, тус хураан авсан байна.

Хүйтний эрч чангарахаас урьтаж ургацаа хураан авахын тулд ургац хураалтад шаардагдах шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгох шийдвэр гаргаснаар 475 аж ахуйн нэгж, иргэнд 2.1 мянган тонн шатахуун олгожээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хонь өдөр

Image result for Өнөөдөр хонь өдөр

Аргын тооллын 28, Сугар гараг. Билгийн тооллын 28, Тугчин одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Мөрөөрөө ажлаа хийж явсан малчин, тогооч нарт С.Зоригийг хөнөөх ямар хэрэгцээ байх вэ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн уншигчдадаа хүрлээ. Шинэ дугаарынхаа сонирхолтой ярилцлага, даацтай нийтлэл, сурвалжлагаас тоймлон танилцуулж байна.


Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхи дэмжсэн юм. Мөн Арбитрын тухай хуулийг хэлэлцсэн. Чуулганы танхимаас хийсэн сурвалжлагыг өнөөдрийн дугаарын нэг, хоёр, 11 дүгээр нүүрээс унших боломжтой.

Улс төрийн хүрээнд өчигдөр өрнөсөн нэгэн үйл явдал бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар ажиллаад 100 дахь хоногтойгоо золгохдоо юу хийж амжуулав, цаашдаа ямар бодлого баримтлах талаар сэтгүүлчидтэй хийсэн уулзалт байлаа. Уг хэвлэлийн хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас гадна кабинетын бүх гишүүн оролцсон юм. Төмөр зам болон Таван толгойн асуудлыг цогцоор нь шийднэ гэдгээ Ерөнхий сайд энэ үеэр онцолсон. Энэхүү уулзалтаас хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг хоёрдугаар нүүрээс уншаарай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын ярилцлагыг өнөөдрийн дугаарын нэг, дөрөв, тавдугаар нүүрт хэвлэн гаргалаа. Улаанбаатар хотын шинэ мэр “Би шүүмжлэл, хэл амнаас айхгүй ажиллана” хэмээн ярилцлагадаа хэлжээ. Ирэх дөрвөн жилд хотын дарга ямар ажлууд хийхээр төлөвлөж буй тухай мэдээллүүдийг энэхүү ярилцлагаас сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүр нийгмийн үзэл санааны хамгийн том талбар болж байдаг. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрт “Мөрөөрөө ажлаа хийж явсан малчин, тогооч нарт С.Зоригийг хөнөөх ямар хэрэгцээ байх вэ” нийтлэл хэвлэгдэн гарлаа.

С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн, хохирогчид өчигдөр мэдээлэл хийсэн. Тус хэвлэлийн хуралд Л.Жавзмаа, Г.Энхбаяр (үр хүүхдүүд), Т.Хүрэлбат нар оролцов. Тэд С.Зоригийн хэргийг ядарсан ард иргэдэд үүрүүлэх ажиллагаа л явагдаад байна хэмээн хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм. Мэдээллийг долдугаар нүүрт нийтэллээ.

Эдгээрээс гадна “Дэлхийн мэдээ”, “Дэлхийн спорт”, “Энэ өдөр” булангууд хуваарийн дагуу өнөөдрийн дугаарт гарсан байгаа. Мөн сүүлийн үед үзэгчдийн сонирхлыг татаж байгаа “Гэрлэн дохио” олон ангит киноны Тамираагийн дүрд тоглосон, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэгийн ярилцлагыг 13 дугаар нүүрээс унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Алтан намар” хөгжмийн наадам 35 дахь жилдээ болох гэж байна

ALTAN NAMARМонголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг шалгаруулах 35 дахь удаагийн “Алтан намар 2016” хөгжмийн наадам энэ сарын 29-ний өдрийн 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болох гэж байна. Тоглолтонд, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/, Б.Батбаатар нарын удирдлагаар “Алтан намар 2016” хөгжмийн наадмын шилдэг бүтээлийн дээжээс үзэгч, сонсогчдодоо сонордуулах юм. Тоглолтын тасалбарыг онлайн худалдааны www.ticket.mn сайтаар болон Филармонийн кассаар худалдаалж эхэлжээ. Сонирхуулахад, Ардын жүжигчин Б.Зангадын дуулсан “Алтан намар” дуугаар нэрлэгдсэн энэхүү хөгжмийн наадам нь өдгөөгөөс 35 жилийн өмнө буюу 1981 онд анх зохион байгуулагдаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

ТҮЦ машинаас орон нутаг руу зорчих тасалбараа авдаг болно

ТҮЦ машинаас орон нутаг руу зорчих тасалбараа авдаг болноТөмөр зам, орон нутгийн автобус, орон нутгийн онгоц зэрэг тээврийн үйлчилгээнд тасалбар түгээх нэгдсэн системд ТҮЦ машин нэвтрүүлэхээр болжээ.

Энэхүү тасалбар түгээх автомат нэгдсэн системийг нэвтрүүлснээр хэрэглэгчид суудлын хуваарь, зорчих өдөр, цаг гэх мэт бүхий л мэдээллийг оруулан тасалбараа худалдан авах боломжтой болох аж.

Тус төхөөрөмжийг хэрэглэж эхэлснээр хэрэглэгчдэд ачаалалгүй, түргэн шуурхай, орчин үеийн, шинэлэг техник технологи болон боловсронгуй үйлчилгээг хүргэхээс гадна билетийн кассын ачааллыг бууруулах, хүний нөөцийн зардлыг хэмнэх давуу талтай юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа танилцууллаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаж 15:00 цагаас хуралдахаар болсон. Учир нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон ЗГХЭГ-ын дарга, Засгийн газрын гишүүд Төрийн ордонд сэтгүүлчидтэй уулзсан юм. Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байгаа учраас 100 хоногийн хугацаанд ямар ажлууд хийсэн талаараа мэдээлэл өглөө. Мөн яамдууд 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тус, тусдаа тайлагнасан.

Энэ үеэр сэтгүүлчид Ерөнхий сайдаас сонирхсон асуултаа асууж хариулт авлаа. Тухайлбал:

-Тавантолгой төсөлд өмнөх түншлэлтэй хийж байсан хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болсон тухай мэдээлсэн. Засгийн газар өмнө нь нэлээд олон хэлэлцээр хийсэн байдаг. Тиймээс аль түншлэлтэй хийсэн хэлэлцээгээ үргэлжлүүлэх вэ?

-Өмнө нь гэрээ хийх түншлэлээ сонгоод, Засгийн газрын Ажлын хэсэг хэлэлцээ хийж байсан “Mongolia mining corporation”-ий түншлэлийг хэлж буй бололтой. Манай Засгийн газар хурдтай ажиллах шаардлагатай байна. Тиймээс өмнөх хэлэлцээрийг судалж үзэж байгаа. Гэхдээ алдааг нь залруулах хэрэгтэй.

-Төмөр замын төсөлд хаанаас санүүжилт татах вэ?

-Төмөр замын төслийг урагшлуулахын тулд хөнгөлөлттэй зээл авах бололцоо бий. Улс орнууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагууд манай төмөр замын төсөлд хөнгөлөлттэй зээл олгох хүсэлт ч тавьсан. Тавантолгойн төмөр зам болон уурхайн ашиглалтын цогцолбороор нь явуулах ёстой.

-Ам.долларын ханш “Найман шарга” зах дээр 2360 төгрөгтэй тэнцлээ. Яах хэрэгтэй вэ?

-Өмнөх Засгийн газар “Сайн” гэх тодотголтой хөтөлбөрүүдийн хүрээнд асар их хэмжээний төгрөг эдийн засагт нийлүүлсэн. Санхүүгийн зах зээл рүү оруулсан мөнгө ам.долларыг чангалж байна. Энэ байдлыг манай Засгийн газар зогсоож, валютын ханшийг тогтворжуулсан. Одоо буулгах арга зам хайж байна. Валютын дотогшлох урсгалаа нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн цөөн урсгалаар валют орж ирдэг. Экспортоо нэмэх хэрэгтэй байна. Сангийн яамнаас Хямралыг даван туулах хөтөлбөрийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлвэл ам.долларын ханш буцаад 2250 төгрөгтэй тэнцэх болно гэж харж байгаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Засгийн газрын 100 хоногт нэг бэлэгшээлтэй зүйл тохиолоо. Тодруулбал, Засгийн газрын 100 хоног Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөртэй давхцаж таарсан. Тиймээс энэ Засгийн газрын ажил Чингис хааны үеийн хөгжил, цэцэглэлтийн хэмжээнд очихуйц байна гэж бэлэгшээж байна. Монгол улсын нийт иргэдийн тоо гурван сая нэг зуун дөрвөн мянга хоёр зуун нэгд хүрсэн байна. Монголын үрс цаашид маш олон болох болтугай. Энэ хүрээнд Монгол улсын Засгийн газраас тодорхой бодлогын ажлуудыг хийж байгаа. Түүний нэг нь цалинтай ээж хөтөлбөр юм.

Манай Засгийн газар түүхэн дэх хамгийн хүнд эдийн засгийг хүлээж авсан. Бид статистик, тоо мэдээ судалгааг ч та бүхэнд танилцуулсан. Бид эдийн засгийг маш богино хугацаанд хүндхэн нөхцөл байдлаас гаргах ёстой. Ингэхийн тулд бидний гаргасан шийдвэр, бодлогын хөтөлбөрүүд маань маш богино хугацаанд боловсруулагдаж, батлагдах ёстой гэсэн зорилтыг тавьж байгаа. Тиймээс 2016 оны Төсвийн тодотголыг өргөн барьж ээлжит бус чуулганаар хэлэлцүүлсэн. Мөн 2017 оны төсвийг өргөн бариад хэлэлцүүлж байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах бодлогын баримт бичгийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөрөө хэлэлцүүлж УИХ-д өргөн барилаа. Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг ч мөн маш богино хугацаанд өргөн барьж хэлэлцүүлсэн.

Хурдтай ажиллах нь энэ Засгийн газрын зорилго юм. Бид өмнө нь үүссэн алдаануудыг засахаар ажиллаж байна. Мөн Хөгжлийн банкийг шалгаж зөрчил дутагдлыг нь арилгаж, буруутай хүмүүст нь хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна. Цаашлаад олон улсын зах зээлд унасан нэр хүндээ сэргээхээр ажиллаж байгаа. Тодруулбал, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж, хууль эрх зүйн орчноо сайжруулж байна. Мөн хүүхдийн мөнгийг бүх хүүхэддээ өгөх шийдвэр гаргасан. Ингэхдээ эхний ээлжинд зайлшгүй 20 мянган төгрөгөө авах шаардлагатай айлуудынхаа хүүхдүүдэд мөнгө өгөхөөр шийдвэрлэсэн. Харин харьцангуй гайгүй амьдралтай айлуудынхаа хүүхдүүдэд 2019 онд нөхөж мөнгийг нь өгөх шийдвэр гаргасан. Яг үнэнийг хэлэхэд биднийг ажлаа хүлээж авахад хүүхдэд өгөх мөнгө байгаагүй. Гэсэн хэдий ч бид хүүхдийн мөнгийг өгөх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан.

Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дараахь байдлаар тоймлон сэтгүүлчдэд мэдээллээ. Үүнд:

1. 3993 татварын өртэй аж, ахуй нэгжийн дансыг нээсэн. Мөн 373 нийгмийн даатгалын өртэй аж, ахуй нэгжийн дансыг нээсэн

2. “Эрдэнэт”-ийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлж эхэллээ

3. “Тавантолгой” чиглэлд 13 хатуу хучилттай зам тавихаар болсон

4. Төрийн өмчит аж, ахуйн нэгжүүдийн өндөр цалинтай захирлуудын цалинг 30-60 хувь бууруулсан

5 .Монголдоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг дэмжсэн

6. Оюутнууд төлбөрийн дарамтгүй болсон

7. 12609 хүүхэд цэцэрлэгтэй болсон

8. Орхон голоо хамгаалж үлдэх шийдвэр гаргасан

9. Монгол улсын Парисын хэлэлцээрт нэгдэн орсон

10 .Мянганы сорилтын сангийн тусламж дахин ирлээ

11. Монгол, Японы Стратегийн түншлэлийг дараагийн шатанд гаргахаар тохирсон

12. Аж, ахуйн нэгжийн орлогын татварыг 1 хувь болгоно

13. Оффшорыг хуульчлан хориглохоор болов

14. “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

15. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулахаар болсон

16. 65-аас дээш насны ахмадуудад “Насны хишиг” олгохоор болсон

17. Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулахаар тогтлоо

18. Ипотекийн зээлийн байрны талбайг 100 ам.метр болгож нэмэгдүүллээ

19. Хөшигийн хөндийн хурдны замын барилгын ажлыг эхлүүллээ

20. Хонины нэхий, арьс ширний үнэ нэмэгдлээ

21. Автобензин, дизелийн түлшний онцгой алан татварыг буурууллаа

22. Эрүүл мэндийн салбарын зарим үйлчилгээг цахимжуулав

23. Гемодиализын эмчилгээ төлбөргүй, хүртээмжтэй боллоо

24. Түлэнхийн төвийн барилгыг барих санхүүжилтийг шийдэв

25. Нийслэлийн зургаан дүүргийн 1562 өрх айл цахилгаантай болов

26. Хонгор суманд нарны цахилгаан станцын ажлыг эхлүүллээ

27. Хятадын буцалтгүй тусламжаар 1000 орчим айлын орон сууцыг барихаар болсон.

Categories
мэдээ улс-төр

ХБНГУ-ын ХАББА-ийн ерөнхийлөгч Карл-Хайнц Камп тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооын дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар өнөөдөр ХБНГУ-ын Холбооны Аюулгүй байдлын бодлогын академийн ерөнхийлөгч Карл-Хайнц Камп тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооын дарга Ж.Энхбаяр хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт эрчимжиж байгааг онцлоод тэр дундаа зэвсэгт хүчний салбарт нягт хамтын ажиллагаатай байдагт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Ноён Карл-Хайнц Камп Улсын Их Хурлын гишүүдийг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд олон улсын цэргийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх асуудлаар санал солилцохоор ирснээ уламжлав.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын зэвсэгт хүчний салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцов.