Categories
мэдээ цаг-үе

Н.Батсуурь: Би гурван үе дамжсан бөхийн удамтай азтай хүн

Монгол Улсын арслан, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, “Увс нуур” дэвжээний бөх Н.Батсуурьтай ярилцлаа.

-Өвөө тань Ж.Гэлэг гэж улсын начин хүн байсан. Ингэхээр та гурван үе дамжсан бөх байх нь ээ?

-Тийм шүү. Би гурван үе дамжсан бөхийн удамтай азтай хүн. Миний өвөө Ж.Гэлэг гэж улсын начин хүн байсан. 1921 онд төрсөн Ардын хувьсгалтай чацуу хүн байлаа. Өвөө маань 1950 онд Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор Ш.Батсуурь аваргаар тав давж Монгол Улсын начин цолны болзол хангасан юм билээ. Гэхдээ тэр үед Бүгд Найрамдах Монгол Ард Улсын начин гэсэн цол өгч байсан юм билээ. Ш.Батсуурь аварга наадамд хоёр дараалан түрүүлчихсэн ид үедээ л байсан гэдэг. Ш.Батсуурь аварга, манай өвөө хоёр нэг оны цэргүүд байсан. Найзыгаа төрийн наадамд түрүүлээд байна гэхээр нь барилддаг хүн чинь зориг орсон хэрэг л дээ. Тэр үед зам харгуй хэцүү, баруун аймгийн нутгаас хүмүүс их л удаан явж ирдэг байж. Шууданд суугаад явсаар байтал наадмын өглөө амжиж орсон гэдэг юм. Харин миний аав Монгол Улсын харцага Гэлэгийн Намсрайжав гэж хүн бий. 1988 онд 29 настайдаа улсын арслан Б.Ганбаатарыг давж улсын цол авч байсан.

-Өвөө тань Ш.Батсуурь аваргаар начин цолны болзол хангасан учраас энэ нэрийг тань хайрласан гэл үү?

-Манай эгч уул нь миний нэрийг өгсөн юм билээ. Би хоёр эгчтэй айлын отгон хүү.

-Аавын тань ах дүү нарт долоон бөх байдаг гэсэн үү?

-Аав минь эхээс арван нэгүүлээ. Найман хүү, гурван охинтой. Эрэгтэйчүүд нь бүгд барилддаг. Хамгийн бага цолтой нь сумын заан. Сумандаа арван нэгэн удаа ч түрүүлсэн хүн бий. Аавын ах, 1982 онд улсын начин болсон Г.Даваасамбуу гэж хүн бий. Даваасамбуу ах маань үндэсний бөхийн начин цолтойгоос гадна химийн ухааны доктор, мундаг хүн байдаг. Ээжийн минь талд ч Олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалай, улсын начин Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр гээд бөхчүүд бий. Ийм сайхан бөхийн гэр бүлд төрсөн азтай хүн дээ. Миний аав Увс аймгийн Ховд сумын харьяат. Харин ээж маань Ховд аймгийн хүн шүү дээ. Ер нь бөхчүүд нутаг усныхаа нэрийн хуудас нь байдаг. Таньж мэдэхгүй сумдаар явахад энэ чинь тэр бөхийн нутаг гэхээр л мэддэг. Бөх хүн нутаг усныхаа бахархал нь байдаг болохоор хичээж явах л ёстой гэж бодогддог юм.

-Танайхаар аавын чинь найз, нутаг усны гээд бөхчүүд их ирнэ биз?

-Аавын минь найзууд гэж сайхан бөхчүүд ирдэг байлаа. Бөхчүүд ч их наргианч шүү дээ. Бие биенийгээ их иддэг ч гэдэг юм уу, жижиг алдааг нь анзаарч шоглох үе зөндөө л байна. Ер нь тэгээд анзаараад байхад хүүхэд аавынхаа хийж байгаа үйлдлийг үлгэрлэдэг, дуурайдаг юм шиг байгаа юм. Тийм болоод ч тэр үү, аавынхаа барилдахыг харна, ойр тойронд дандаа бөхчүүд, гэрт далбаа шуудаг л байх жишээтэй. Энэ бүхэн л намайг бөхийн спорт руу татсан. Мөн аавыгаа заалны барилдаан болоод улсын баяр наадамд оролцоход нь байнга үзнэ. Бөх хүн гэхээр л сайхан бие хаатай, нэг л түшигтэй харагддаг байлаа. Энэ бүхнээс л аав, ах нар шигээ бөх хүн болохыг хүссэн. Аав минь мэддэг, чаддаг бүхий л зүйлээ зааж зөвлөдөг юм. Ааваараа үргэлж бахархаж, хүндэлдэг дээ.

-Та таван настайдаа үндэсний бөхийн тэмцээнд түрүүлж 3000 төгрөгөөр шагнуулж байсан гэл үү?

-1993 онд юм байна. Бүх цэцэрлэгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа үндэсний бөхөөр барилдаад түрүүлсэн. Одоогоор бол “Хуйрнан шуугигч” гээд тэмцээн шиг л юм уу даа. Их л олон хүүхэд байсан санагддаг юм. Ерөнхий сайд байсан Ж.Наранцацралт агсны хүү бид хоёр багын найзууд л даа. Тэр тэмцээнд бид хоёр үзүүр, түрүүнд үлдсэн нь тод үлджээ. Харин анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай шагналыг нь гардуулж гурван мянган төгрөг өгч байлаа. Би “Монгени” цогцолбор дунд сургуулийг төгссөн юм. Манай сургууль биеийн тамирын заалгүй байсан. Гэсэн хэдий ч биеийн тамирын хичээлийг маш сайн ордог. Төмөр замын далан тойрч гүйнэ. Энэ бүхэн бөх болох хүсэл сонирхлыг минь нэмэхээс гадна бэлтгэл болдог байж. Сургууль маань одоо заалтай болсон л доо. Намайг улсын баяр наадамд түрүүлсний дараа миний нэрэмжит бөхийн дэвжээтэй болсон.

-Таны хувьд жүдо бөхийн спортоор хичээллэдэг байсан. Одоо үндэсний бөхөөрөө л дагнаж байгаа юу?

-Би жүдо бөхийн +100 кг-д барилддаг байсан. Энэ жиндээ барилддаг жүдочдын дунд намдаад байдаг юм. Тийм болохоор амжилт гаргах боломж нь бага гэсэн үг. 2011, 2012 оны Улсын аваргын тэмцээнээс алтан медальтай. Мөн Азийн аварга, дэлхийн цомын хоёр хүрэл медаль бий.

-Та аялал жуулчлалын мэргэжилтэй. Мөн Японд сурсан байх аа?

-Би “Соёл-Эрдэм” сургуулийг Аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн. Дараа нь Японд хоёр жил сурсан. Миний хувьд мэргэжлээрээ ажиллаж болох л байх. Гэхдээ өдрийн хоёр бэлтгэлтэй учраас ажил хийж амждаггүй юм. Одоо бол бөхдөө л бүх амьдралаа зориулчихсан байна. Япон яваад хэсэг завсардсан ч эргээд барилдмаар л санагдаад, санагалзаж эхэлдэг юм билээ. Тэнд бол тогтмол бэлтгэл хийдэггүй. Сардаа ганц, хоёр удаа л хийнэ. Хакухо М.Даваажаргал ахыг таних учраас сумогийн дэвжээн дээр хэд хэдэн удаа бэлтгэл хийж байсан. Харин бэлтгэл сургуулилт бага байсан болохоор ч тэр үү, Японд байхдаа нэлээд жин нэмсэн. Монголдоо ирээд жингээ хасч эхэлсэн дээ. Тамирчин хүнд жин хасах гэдэг хамгийн хэцүү зүйл байдаг. Н.Түвшинбаяр аварга маань Бээжингийн олимпийн дараа жин нь 125 кг-тай байсан. Харин Лондонгийн олимпоор 100 кг болоод л амжилт үзүүлж байгаа юм. Энэ нь тухайн хүнээс маш их тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр шаарддаг.

-Наадам дөхөөд ирэхээр догдолдог уу. Түрүүлчих юм шиг мэдрэмж төрж байв уу?

-Төрдөг юм билээ шүү. Их л зоригтой болоод, санаанд багтаад байдаг юм билээ. Тэр олон бөх байхад чинь унахааргүй юм шиг санагдаад л. Сэтгэл зүйн байдал бэлтгэл сургуулилттай шууд холбоотой л доо. Бэлтгэл сайн байж л хүн өөртөө итгэлтэй, зоригтой болно. Анх улсын цол авах мөч их сайхан байсан л даа. Цол автлаа олон шалгуурыг давах хэрэг гарна. 2009 оноос 2013 он хүртэл дээш гарч чадахгүй л шороодчихдог байв. Заримдаа шантрах ч үе байсан. Би цол авч чадахгүй ч юм болов уу. Ингээд орхидог ч юм бил үү гэж бодогддог байлаа. Гэхдээ бэлтгэл сургуулилтаа сайн хийвэл болох ёстой зүйл болдог л юм билээ. 2014 онд үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж, улсын арслан цолны болзол хангаж их баярласан даа. Их ч урам орсон.

-Таны барилдааныг шуурхай, уран хийцтэй гэдэг. Харин та барилдааныхаа талаар юу хэлэх вэ?

-Миний хувьд дэвжээн дээр гарахдаа их тайван байдаг. Тайван байгаа болохоор аль болох шийдсэн мэхээ л хийхийг бодно шүү дээ. Тэр таарчихлаа гэж айж, бэргэж сандрах зүйл байдаггүй.

-Гэр бүлээ танилцуулаач?

– Манайх ам бүл дөрвүүлээ. Хоёр хүүтэй. Эхнэрийг маань Саранжаргал гэдэг. Монгол Улсын Их Сургуулийн гадаад хэлний сургуулийг төгссөн. Орос, англи хэлний багш мэргэжилтэй.

-Та хувиараа бизнес эрхэлдэг үү. Зөвхөн үндэсний бөхөөр барилдаад амьдралаа аваад явах боломж хэр байдаг юм бэ?

-Ерээд оны үед зургаан залуу заан мандаж байх үед магадгүй боломж байсан байх л даа. Тэр зургаа ч сайн байсан учир хүмүүс ч маш их хүндэлж, сэтгэлийн дэм болдог байсан. Одоо бол ер нь хэцүү шүү дээ. Бөхчүүд их хэмжээний бай шагнал авдаг, хэмээлшгүй их баян гээд л. Мэдээж тэр олон бөхөөс илүү гарч, амжилт үзүүлж хөлс хөдөлмөрөө үнэлүүлж байгаа нь буруу юм биш. Мөн бөхчүүд идэж, унтахаас өөр ид шидгүй гэсэн нийтлэг хандлагатай байдаг юм шиг ээ. Яг үнэндээ бөхийн спортоор хичээллэж байгаа нь бидний хувьд ажил байдаг. Зарим хүмүүс оюуны хөдөлмөр хийж байгаа бол бид биеийн хөдөлмөр хийдэг. Цаг хугацаатай уралдаж амжилтын төлөө зүтгэж байна шүү дээ. Спорт бол залуу насны л ажил. Бид одоо л цагтай уралдаж амжилт бүтээл гаргах хэрэгтэй.

-Таны Ч.Санжаадамба арслантай хийсэн нэгэн барилдааны зураг олон нийтийн дургүйцлийг маш их хүргэсэн. Яагаад аманд нь гараа хийх болов?

-Хүмүүс яг амнаас нь татаад давчихсан юм шиг л яриад байдаг юм. Хэн ч гэсэн барилдахдаа унахгүйг л хичээнэ. Амь тэмцэж байгаа л хэрэг шүү дээ. Олон давхраас унахгүйн тулд хүн ямар нэгэн барьц авахыг л бодно биз дээ. Тэр гэхдээ санаандгүй л юм болсон. Харин тэр агшинг зурагчин онож авсан байна лээ. Манай монголчууд хүн муулах дуртай хүмүүс шиг санагддаг. Ямар нэгэн өө гарвал л тэрэн шиг муу хүн байхгүй болчихдог. Гэхдээ дөчин хувьд нь муу хэлэгдээд, үлдсэнд нь сайнаар яриулаад явж байвал болох нь тэр л гэж боддог доо. Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Тиймээс цаашид л алдахгүй байхыг хичээж явна даа.

-Үндэсний бөхийн дүрэм, журамд өөрчлөлт оруулчихмаар зүйл байдаг уу?

-Шийдчихмээр зүйлүүд байх л юм. Тэр болгонд хэл, ам гаргаад явахыг ч бодохгүй л байна. Гэхдээ наанадаж шөвгийн 16 бөхийн сэргээшийн хариуг хурдан гаргаж байх хэрэгтэй, мөн баяр наадам болоод томоохон тэмцээнүүдийг сайтар камержуулах шаардлагатай байна. Бөхчүүд амжилт гаргахын тулд л өдөр болгон бэлтгэл хийж, хөлсөө дуслуулдаг. Тэр дундаа амжилтаа ахиулахын тулд баяр наадмаа маш их хүлээдэг. Тиймээс гадны нөлөөлөл, булхай оруулахгүй байх ёстой юм. Хүний амжилт жил, жилээр л хэмжигдэнэ шүү дээ. Үүнийг шийдээгүйгээс болж энэ жилийн баяр наадам бас л түмэн олныг талцууллаа. Энэ жилийн баяр наадмаар улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нарын барилдаан маргаантай болсныг хүн бүхэн мэдэж байгаа. Би энэ хоёр бөхийн аль нэгнийх нь талд орж байгаа юм биш л дээ. Хоёулаа л миний хүндэлж явдаг сайхан бөхчүүд. Ийм асуудал гарч байгаа нь Үндэсний бөхийн холбооны л буруу. Би тухайн барилдааны бичлэгийг сайтар үзсэн. П.Бүрэнтөгс тахимаа авах гэж элэг бүсээ тайлаад зогсож байхад нь дахин хуралдаж барилдуулахаар болчихсон. Эхний гаргасан шийдвэрээрээ л байх ёстой юм шүү дээ. Би тэр хоёрын давсантай нь барилдах гээд хүлээж байлаа. Үндэсний бөхийн холбоо шийдвэрээ гаргаж чадаагүйгээс болж наадам ч гэсэн сунжирсан. Энэ мэт асуудал гарсаар л байна. Шударга байдлыг тогтоох нь Үндэсний бөхийн холбооны хийх ажил л баймаар юм гэж бодогдож байна.

-Увс аймгийнхан дуулдаггүй бол барилддаг, барилддаггүй бол дуулдаг байж таарна гэсэн хошин яриа байдаг?

-Д.Насандэлгэр начин 2005 онд улсын начин цолоо авсан. Түүнээс хойш 2009 он хүртэл Увс аймгаас шинэ цолтон төрөөгүй юм. Тэр үед хүмүүс “Дуучид их төрж байна аа, одоо дуулуулахаа болиод барилдуулъя” гэж хошигнож байсан.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлаар Т.Бадамжунай томилогдоно

Өнгөрөгч долоо хоногт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрийн эзэмшлийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томилсон. Томилгоогоор Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэ, Уул уурхайн яамны ТНБД Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-д төр төлөөлөн ажиллах болсон.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн ээлжит хурал тун удахгүй хуралдаж, гүйцэтгэх захирлын нэрийг зарлана. Харин хэн гүйцэтгэх захирлаар томилогдох вэ гэдэг нь аль хэдийнэ тодорчихсон болох нь өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэдэгдлээс илэрхий болсон.

Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчидтэй уулзалт хийх үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлыг ойрын хугацаанд томилно. Засгийн газрын зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг төлөөлөх хүмүүсийг томилсон. Харрин ажлын туршлага, мэргэжил зэрэг шалгуурыг харгалзан гүйцэтгэх захирлын томилгоог явуулна. Хэн томилогдохыг сонгогдсон хойно нь хараарай” гэсэн мэдээлэл өгсөн билээ.

Үеийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эрх баригч намын “Бодлогын хүн” очдог байсан. Тухайлбал, Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ өөрийн дотнын хүн Ч.Ганзоригийг мэдлэг боловсрол, үйлдвэр, худалдааны салбарт ажилласан туршлагаар нь онцлон “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар томилж байсан.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар эрх баригч намаас УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг томилох шийдэлд хүрчээ. Түүний хувьд хотын ерөнхий менежерээс УИХ-ын гишүүн болж, улмаар сайдаар сонгогдож байсан нэгэн билээ. Тэрбээр МАН-ын дарга М.Энхболдын фракцийн хүн бөгөөд түүний охин Б.Гаваа өдгөө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт газрын даргаар ажиллаж буй. Энэ утгаараа томоохон томилгоо, чухал шийдвэрүүдэд Т.Бадамжунайгийн нөлөө өнөө хэр хүчтэй байгаа гэх яриа ч байгаа юм. Мөн түүнийг ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгтэй худ ураг гэх яриа ч дуулддаг.

Т.Бадамжунай зурган илэрцүүдЯмартай ч энэ удаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшигч талтай Засгийн газраас тодорхой тохиролцоонд хүрэлгүйгээр, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын сануулсанчлан, төр гүйцэтгэх удирдлагыг нь томилох шийдвэрт хүрсэн бололтой.

Categories
мэдээ цаг-үе

Захуй Зармангийн говьд айлчилж, Захын усны хулан, хавтгайгаар нүд хужирлав

Түрүүч нь өдрийн сониний№241 (5506) дугаарт

Бөөн цагаан нуурын дээд эхээр тойрч, гадагшаа урсалгүй элгэн нутагтаа шингэдэг “эх оронч” гол хэмээгддэг алдарт Байдрагийн голыг гатлан говийн Алтай нутгийг зорилоо. Намрын сэр сэр салхи унаанаас буух үед энгэр заамаар шурган, цаанаа л нэг жихүүхэн. Улаанбаатараас гарахад цас ороод хүйт уначихсан болохоор аян замд даарах байх гэж болгоомжилсон минь оносон мэт. Чандмань сумын нутагт орох үес улсын заан Давааням агсны тухай яриа өрнөж, энэ сайхан бөхөд зориулсан овоо байдгийг мэдэж авав. Энэ нутгийн хөх их уулсын дунд төрсөн Улаан загалмайгаар овоглодог Р.Самдандовж ах юуны түрүүнд санаанд

орж ирж байна. Гичгэнийн нурууг давахаар шөнөжин сайр даган явсаар Цогт сумын Баянтоорой тосгонд үүрийн цолмонтой уралдан очив. Баянтоорой албан ёсоор баг гэгддэг ч үнэндээ Монгол Улсын ямар ч сумаас дутахгүй. Арван хоёр жилийн сургууль, цахилгаантай, утасны сүлжээтэй, хамгийн гол нь энд Говийн их дархан цаазат газрын захиргаа контоорлоно. Дархан цаазат газрын сургалт, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Э.Цэцэгмаа гэж монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, сүрхий аманцар бүсгүй байна. Ардын багш Ш.Чоймаагийн гарын шавь эл бүсгүй Үндэсний номын сангийн түвд номын фондод эрдэм шинжилгээний ажилтнаар уригдаад байснаа нэг л мэдэхэд хувь заяаны эрхээр говийн их дархан газрыг зорьжээ.

Говийн их дархан газар АИХ-ын зарлигаар Халиун суманд 1975 онд байгуулагдаж, Баянтоорой сууринд төвлөрсөөр дөчин жилийн ойтойгоо золгожээ. Говийн их дархан цаазат газарт Говь-Алтай аймгийн Алтай, Цогт, Эрдэнэ сумд, Баянхонгорын Баян-Өндөр, Шинэжинст сумдын нутаг багтдаг бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд эхний 15-д ордог гэхээр овоо их зай талбай эзэлдэг аж. Хавтгай хамгаалах Английн сан, Олон улсын баавгай судлалын хүрээлэн гээд олон байгууллагатай шууд харилцаатай. Монголын говьд ямар ан амьтан хэдэн тоо толгой байгааг эднийхэн л ганцхан мэднэ. Хавтгай хэмээх хоёр бөхт зэрлэг тэмээ Монголд л 623 толгой байгааг хоёр жилийн өмнө түүврийн аргаар тоолж тогтоожээ. Өмнө нь хавтгай 450-500 толгой байгаа гэж багцаалдаж байж. Халуун зэвсэг агссан хулгайн анчдын гэмт үйлдэл багассан ч зарим нөхөд ховор амьтан унагасан тохиолдол гарсаар байгаа аж. Шинэжинст суманд гэхэд өвөлжөөн дээрээ хавтгайн буур төхөөрснийг Англиас мэдэгдэж, байгаль хамгаалагчид дохиолол дуугарсан газар нь халуун мөрөөр нь давхиж очиж барьж байсан тохиол гарчээ. Өнгөрсөн жил хоёр хар сүүлт зээр унагасан нөхдийг дөрвөн сая төгрөгөөр торгож, хэргийг хуулийн дагуу шийдүүлсэн байна. Эндхийн байгаль хамгаалагчид ноогдох газар нутгийн хэмжээ нь хоёр, гурав дахин их. Богд уулын амуудад гэхэд гуч гаруй байгаль хамгаалагч байдагтай харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай гэнэ.

Цэцэгмаа бүсгүйгээс энэ мэт албан мэдээлэл авсан бид Баянтооройгоос арваад км-т орших торон хашаа бүхий хамгаалалтын газарт очив. Энд хулангийн дөрвөн унага тэжээжээ. Хул хонгор зүсмийн илжигний төрлийн эл амьтны үрс урт цулбууртай ногттой хэдий ч хүний бараа харуут тожир тожир зугтах нь онгон зэрлэг янзаараа. Хааш хаашаа холхон саахалтын зайтай хашаанд буландуулан шахаж барьж авахад нүд нь гялалзан, бөөрөө түхэлзүүлж, чихээ дэлдгэнүүлнэ. Хүний гараар угжуулж “мал болсон” атал их Явуу найрагчийн шүлэгт гардагчлан “тэнгэрийн салхинаас бусдыг нуруун дээрээ гаргахгүй” санаатай. Хулангийн дөрвөн унаганы хамгийн сэргэлэн нэгэнд Баянхонгор аймгийн төвийн урд дүнхийх Номгон хайрхны нэрийг хайрлажээ. Цэнхэр зэрэглээт говийн уудам цээлд тоостойгоо уралдаж явдаг эл зэрлэг илжгийн үр садыг “хурууныхаа өндгөөр имрэх” шахуу ойроос барьж патиараа татуулах аяллынхан маань тэнгэрийн салхи хөлөглөж тив дэлхийг тойрсны дайтай хөөрцгөөнө. Энэ үед яагаад ч юм бэ сэтгэлд жаахан гуниг төрж

“Шөрмөстийн алдрыг өргөсөн

Хурмастын тэнгэр салхин

Хулан хэмээх амьтан

Булан тохойд шахагдахнь хөөрхий” гэсэн шүлгийн санаа сэтгэлд харваж, нутгийнхаа хайрхны алдрыг өвлөсөн Номгон хулын ногтыг мултлан тавилаа. Ногтноосоо мултарсан Номгон нар руу татсан зам байдаг сан бол салхи одъюу гэлтэй тоодгор сүүлээ моодойлгон моддын мөчир шүжигнүүлэн толгой гэдийлгэн давхиж одов. Тэр давхилаа давхилаа гээд торон хашаан дотроосоо хаа холдох билээ. Говийн гайхамшигт зургаагийн нэгээр тодорсон хулан бидний нүдийг ийн хужирлав.

Баянтооройн төгөл, говийн ховор модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн, Уртын булгийн мод үржүүлгийн газартай танилцаж, жигд модны самар цөмсөн шигээ үд өнгөрүүлээд Баянтооройгоос тавин км-т орших Ээж хайрхныг зүглэлээ. Алсын газраас дүнхийн харагдах говийн цулдан уулыг харсан Батхуяг найрагч

“Уулс уулсын Ээж уул аа

Уудам Алтайн дээд уул аа

Холын холоос сэтгэл аргамжсан

Баян тооройн тэжээмэл хулангийн унаганууд

Захын усны үржүүлгийн хавтгайн тором

Хонгор зүрхний хайр уул аа” гэж уулга алдав. Ээж хайрханд айлчилж ирсэн хүн гурвантаа золгодог учиртай гэдэг. “Хүслийн цагаан шувууг амилуулж нисгэх” Ээж ууланд өмнө нь хоёр ч удаа иржээ, би. Найман жилийн тэртээ “Эх орны хилээр” уран бүтээлчдийн аяллаар явахдаа яруу найрагч Д.Урианхай, Арлааны Эрдэнэ-Очир, Мөнхөөгийн Билэгсайхан, “Болор цом”-ын эзэн Норовын Гантулга нарын хамт ирж, нүд сэтгэлээ баясгаж байсан, Батлан хамгаалах яамны сайд Л.Болдтой нисдэг тэргээр тэргүүн дээгүүр нь нар зөв гурвантаа тойроод явж байсан санагдахад “Ертөнцийн бүхий л эжийд үнсэхийн хувь дутааж ерөөлт Ээж хайрхандаа гурвантаа ирлээ, би” гэж театр хадан дээр нь зогсоод чанга дуудмаар бодогдоно. Тагтаа хадны сүүл тасран унасныг харахад ертөнцийн салхи, цаг хугацаа хоёр юуг ч элээх чадалтайг илтгэх мэт. Мөнөөх л ембүү хэлбэрт хаданд мөргөж эд баялаг гуйгсад их хааны дүрт мөнгөн дэвсгэртийг уран цацсаныг харлаа. Энэ цагийн ёс этгээд болоод хачин аж. Ламын агуй, есөн тогоо, хаан сэнтий, янзага хадыг үзэж сонирхсоор хээрийн отогтоо ирвэл Алтай нутгийн аялагч зочид маань холын зам эвхэн тухалжээ. Ламын агуйд торгууд гаралтай Равдан хэмээх лам цаг төрийн үймээнээс дайжин амьдарч байсныг түүхийн ухааны доктор Д.Очирбат баримтаар баталжээ. Ээж уулын савдаг эм хүйстэй учирэр хүн эндчих гээд байдаг гэж нутгийнхан үнэмшилтэй хүүрнэх. Хэдэн жилийн өмнө ирэхэд “Зугаалгаар ирсэн багш, сурагч хоёр есөн тогоонд эндсэн” талаар ярьж халаглаж байсан бол уржнанхан зургаан настай хүүгээ аврахаар аав нь хаданд тогтсон тогооны усанд орж хоёулаа нас барсан талаар хөтөч маань ярьж элэг эмтлэв. Тиймээс ч есөн тогооны тэр хавьд татлага олс унжуулжээ.

Говь-Алтай аймгаас Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Э.Цэцэгмаа, байгаль хамгаалагч Б.Доржсүрэн, “Миний нутаг” телевизийн найруулагч Р.Хишигжаргал, зураглаач Н.Алтанхуяг, “Алтай” телевизийн захирал Э.Болормаа, сэтгүүлч Д.Мөнх-Эрдэнэ, Насан туршийн боловсролын төвийн багш, зураач Н.Энхжаргал, яруу найрагч Н.Бямбасүрэн, жолооч Э.Энхболд, сум дундын ойн ангийн жолооч Ч.Отгонбаяр нар хоёр машин хөлөглөн иржээ. Болзсон газартаа урьтаж очсон бидэнд бол зочин ч гэмээр аяллыг зохион байгуулагч Алтайнхан дотроос хавтгай маллагч Г.Цог-Эрдэнэтэй баахан хөөрөлдөв. Цог-Эрдэнэ хавтгайг Эхийн голд тэжээж эхэлсэн цагаас өнөө хүртэл маллаж байгаа туршлагатай, нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн хамаатан аж. Наяад оны сүүлээр Алтайн өвөр говиос хавтгайн 22 ботго барьж хашин тэжээж эхэлснээс тэжээвэр хавтгайн тоо 29 болтлоо өсөж. Өнгөрөгч онд гэхэд зургаан ботгоор сүргээ сэлбэж. Хавтгайн буурыг нас бие гүйцээд ирэхээр хээрийн сүрэгт нь нийлүүлэхгүй бол хүн барьчих гээд ёстой нэг үйлийн лайгаа дэлгэдэг гэнэ. Ямар сайндаа дархан цаазат газрын дарга буурын ороо орох цагаар хамгаалалтын хашаан дотор машинтайгаа явж байтал хавтгайн буур шуугин ирж жийпнийх нь хамар дээр тэгнэж хэвтээд, урд салхивч шилийг нь хөөсөөрөө будан зэгнийчихээд золтой л үнхэлцгийг нь хагалчихаагүй аж.

Цог-Эрдэнэ хавтгай, монгол тэмээ хоёрын ялгааг “Хавтгай бол дэлхийн миссийн тэмцээнд оролцож буй сайхан бүсгүй, монгол тэмээ бол нас намба суусан жирийн авгай” гэж хошигноод авав. Захуйн баянбүрдийн Захын ус хэмээх задгай устай газарт хашаалан үржүүлж буй хавтгайнууд монгол тэмээтэй хамт байхыг харахад эл үгийн үнэн батлагдах шиг санагдсан. Хавтгай гэрийн тэмээг бодвол өндөр зэгзгэрээс гадна ноос ноолуур тачир сийрэг учир цаанаа л нэг гоолиг чилгэр харагдах юм. Хээрийн зэрлэг нь бол бүр ч зэгзгэр цэмцгэрийг ойроос харах хувь аялагч бидэнд тохиосон билээ.

Үргэлжлэл бий

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм

Жилд 350 гаруй иргэн хятад мотоциклээс унаж амиа алдаад байна

хятад мотоцикл зурган илэрцүүдБНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийн ослоор амиа алдагсдын тоо жилд дунджаар 100 хол давж сонсогддог байсан. Тэгвэл энэ тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.
Хятад мотоциклээс явж байгаад осолдсоны улмаас эрдэнэт хүний амь нас эрсдээд байна гэдгийг Замын цагдаагийн газраас анхааруулж сэрэмжлүүлдэг ч “Орон нутагт мотоциклтой явж байгаад осолдож амиа алдсан” гэх мэдээлэл тасардаггүй гэж хэлж болно. Урд зүгээс оруулж байгаа аюултай бүтээгдэхүүн нь нэг нь хямд үнэтэй хятад мотоцикл юм. Жилд 350 гаруй хүн мотоциклээс болж амиа алдсан гэсэн албан бус судалгаа байна. Хэдийгээр олон эрсдлийг дагуулж буй ч малчид мотоциклийн хэрэглээнээс татгалзах янзгүйг худалдаачид хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх даваа гаригт бүх нийтээр амарна

Монгол бахархлын өдөр зурган илэрцүүдЖил бүрийн өвлийн тэргүүн сарын 1-нийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан. Их эзэн Чингис хааны мэндэлсний 854, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 31-нд буюу ирэх даваа гаригт тохиож байна.

Бөхийн барилдаан зурган илэрцүүдЭнэ өдөр бүх нийтээр амрахаас гадна улс, аймгийн алдар цолтой шигшмэл 128 бөхийн барилдаан болно. Тухайн өдөр төр, засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Чингис хаан” одон гардуулах ёслол Төрийн ордонд болдог уламжлалтай юм. Мөн энэ өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Зах худалдааны төв зурган илэрцүүд

Дугаарын зурган илэрцүүд

Categories
мэдээ улс-төр

Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Ерөнхийдлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан уг хуулийн төсөлд шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, Худалдан авах ажиллагаа болон төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны хяналт, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, Хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, Иргэний нийгмийн байгууллагын идэвх, оролцоог дэмжих, улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, мэргэшлийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах, Авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагаа гэсэн үндсэн чиглэлтэй байхаар үзэл баримтлалд тусгасан ажээ.

Categories
мэдээ улс-төр

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы өчигдрйин үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар танилцуулсан юм.

Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна.

Монгол Улсад арбитртай холбоотой харилцааг 1995 оноос Гадаад худалдааны арбитрын тухай хууль, 2003 оноос Арбитрын тухай хуулиар тус тус зохицуулж иржээ. Арбитрын тухай хуульд 2007 оны 08 дугаар сарын 03-нд, 2011 оны 02 дугаар сарын 10-нд, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус тус нэмэлт, өөрчлөлт орсон боловч зарчмын шинжтэй өөрчлөлт тусгагдаагүй болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа дурдав.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Арбитрын тухай хуулийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комиссоос боловсруулсан “Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хууль”-д нийцүүлэх чиглэлийг баримтлан боловсруулсан боловч Монгол Улс одоог хүртэл Загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгэгдээгүй байна. Тус жагсаалтад бүртгэгдсэн улс орнууд эрх зүйн маргааныг арбитрын журмаар шударгаар, үр нөлөөтэй шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн, олон улсын стандартад нийцүүлэн арбитрын ажиллагааг явуулдаг, бизнес эрхлэхэд таатай улс хэмээн хүлээн зөвшөөрөгддөг ач холбогдолтой юм байна.

2016 оны эхний найман сарын байдлаар Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитр 110 маргаан хүлээн авснаас 58 хэрэг маргааныг нийтдээ хянан шийдвэрлэсэн бол 2016 оны эхний хагас жилийн дүн мэдээгээр иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 33254 нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авснаас 21242 хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн журмаар хянан хэлэлцсэн хэргийн тоо 350 дахин их байгаа төдийгүй арбитраар шийдвэрлүүлэх боломжтой олон тооны маргаан шүүхээр шийдвэрлэгдэж, арбитрын хүртээмж хангалтгүй байгааг тэрбээр мөн танилцуулгынхаа үеэр мэдээлсэн юм.

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өөрийн орны онцлог, Загвар хуульд нийцүүлэн, бусад улсын туршлагыг судлан боловсруулжээ. Үүнд, арбитрын ажиллагааны харьяаллыг арбитрын хуралдаан болох газар гэсэн утгаар 2003 оны хуульд тусгагдсаныг өөрчилж арбитрын ажиллагаанд үйлчлэх эрх зүйн хүрээг тодорхойлдог гэсэн утгаар томьёолсон аж. Арбитрын шийдвэрээр үүрэг хүлээх магадлалтай тал нь арбитрын үндсэн шийдвэр гарахаас өмнө өмч хөрөнгөө захиран зарцуулах зэргээр шийдвэрийг хэрэгжих боломжгүй болгох тохиолдол байдаг. Иймд арбитрын бүрэлдэхүүнээс аль нэг талд үүрэг болгосон түр арга хэмжээ нь арбитрын шийдвэр бодит байдалд хэрэгжих нөхцөлийг хангах ач холбогдолтой гэж үзэн “Арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ, урьдчилсан тогтоол” гэсэн бүлгийг шинээр боловсруулсан байна. Мөн Арбитрын бүрэлдэхүүн нь түр арга хэмжээ авах тухай хүсэлт гаргасан талд уг арга хэмжээтэй холбогдуулан зохих санхүүгийн баталгаа гаргахыг шаардаж болохоор тусгажээ. Түүнчлэн түр арга хэмжээ авах шаардлагагүй байсныг хожим тогтоосон бол түүний улмаас аль нэг талд учирсан зардал, хохирлыг нөхөн төлүүлэх тухай шийдвэрийг арбитрын бүрэлдэхүүн гаргаж болох зохицуулалт шинээр тусгасан аж. Загвар хуульд тусгасан шинэлэг зохицуулалтыг судлан, цахим харилцаа холбоогоор арбитрын гэрээг байгуулахад мэдээллийн өгөгдөл солилцох хэлбэрийг ашиглах боломж, нөхцөлийг төсөлд тусгахын сацуу Арбитрын хэлэлцээр бүхий гэрээний аль нэг талтай холбоотой дампуурлын хэрэг үүссэн тохиолдолд арбитрын хэлэлцээр хүчин төгөлдөр үргэлжлэх эсэхийг хэрэг гүйцэтгэгч, эрх хүлээн авагч шийдвэрлэх бөгөөд талуудын маргаан үүсгэж байгаа гэрээнээс хэрэг гүйцэтгэгч, эрх хүлээн авагч татгалзвал маргааныг шүүх дампуурлын хэрэгтэй хамтад нь шийдвэрлэх зохицуулалт тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, Х.Баделхан нар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, З.Нарантуяа нар саналаа хэллээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, иргэд шүүхээр дамжуулан төрөөс үйлчилгээ авдаг ч шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байх нь олонтаа. Шүүхээс гадуур асуудлыг шийдвэрлэх гарц бол арбитрын шүүх юм, энэ хуулийн төслийн хүрээнд эрх зүйн орчныг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж байгааг дэмжиж буйгаа илэрхийлээд хэлэлцүүлгийн явцад найруулгын шинжтэй засварууд хийх шаардлагатайг онцолж байв. Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир Монголын арбитрын байгууллагуудын шийдвэр бусад улс оронд хүчин төгөлдөр хэрэгждэггүй, дахин арбитраар орох шаардлагатай байдаг талаар хэлээд цаашид Монгол Улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг олон улсын хэмжээнд хүчинтэй болгох талаар судалгаа хийж, анхаарал хандуулах нь зүйтэй гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа энэ хуулийн төслийн талаар олон жилийн турш ярилцан, боловсруулсан бөгөөд манай улсад арбитрын байгууллагын үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлэх шаардлага байгааг хэлж байв. Аж ахуйн шинжтэй хэрэг маргаан, гэрээ хэлцэлээс үүдэлтэй маргааныг арбитрын шүүхээр шийдвэрлүүлж байвал цаг хугацаа, хөрөнгө хэмнэхийн зэрэгцээ шүүхийн ачааллыг бууруулах ач холбогдолтойг тэрбээр онцлоод Монгол Улсын арбитрын шүүгчдэд тавих шаардлагыг олон улсын жишиг нийцүүлэх, бусад улс орны арбитрын шүүгчид Монголын арбитрын үйл ажиллагаанд оролцох боломжийг бүрдүүлэх шаардлага байгааг хэлсэн юм.

Ингээд байнгын хорооны саналаар Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөсөн билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Уран зураачдын их наадамд Б.Одсүрэн түрүүлжээ

DASHTМэргэжлийн уран зургийн их наадам энэ сард Канад улсад болж өнгөрлөө. Тус наадамд дэлхийн 200 гаруй орны мэргэжлийн уран зураачид өрсөлдсөнөөс манай улсын залуу зураач Б.Одсүрэн оролцож тэргүүн байр эзэлсэн байна. Тэрбээр өнгөрсөн жил Хятадын Бээжин хотноо болсон залуу зураачдын сонирхогчдын ДАШТ-д оролцож, алтан медаль хүртэж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн засаг дарга японы “фронтиер” компанийн захирал маса игатаг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Япон Улсын “Фронтиер” компанийн захирал Маса Игатаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Маса Игата “Инвест Монголиа конференц”-ийг Монгол улсад 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа талаараа Засаг даргад танилцуулав. Ноён Маса Игата “Есдүгээр сарын 5,6-ны өдрүүдэд олон улсын хөрөнгө оруулагчдын уулзалтыг 10 дахь жилдээ Улаанбаатар хотод зохион байгуулсан. Мөн энэ оны арванхоёрдугаар сарын 7,8-ны өдрүүдэд Токио хотод зохион байгуулах гэж байна. Уулзалтаас гарсан олон сайхан санал санаачилгыг бид эмхтгэл болгон гаргадаг. Үүнийг та бүхэн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажилдаа тусган ажиллах боломжтой юм. Шинээр сонгогдон ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдын анхны гадаад айчлал Япон Улс байсан. Энэ айлчлалын үр дүнд Япон Монголын харилцаа шинэ шатанд гарах боломж бүрдээд байгаа юм. Дан ганц Засгийн газар хоорондын харилцаанаас гадна хоёр улсын нийслэлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх нь чухал юм. Арванхоёрдугаар сард Япон улсад зохион байгуулагдах Инвест Монголиа чуулга уулзалтад таныг өөрийн биер оролцохыг урьж байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Урилгыг талархан хүлээн авч байна. Өөрийн биеэр оролцох болно. Манай хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын тулд энэ төрлийн яриа хэлэлцээр маш чухал гэж бодож байна. Энэ эмхтгэлд Улаанбаатар хотод хэрэгтэй зүйлс ихээр багтсан байна. Бидэнд хийж, хэрэгжүүлэхээр бэлдсэн олон төслүүд бий. Энэ төслүүдээ уулзалтын үеэр танилцуулна” гэдгээ хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль зөрчиж олгосон газруудыг чөлөөлнө

газрын маргаан зурган илэрцүүдНийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт газрын харилцааны шинэ төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын “Газрын сан” байгуулах тухай тусгасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор эхний ээлжид нийтийн эдэлбэрийн газар дээрх зөрчлийг арилгаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах чиглэлээр хэд хэдэн ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ тухай нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэв.

Нийслэлийн Газрын албанаас эхний ээлжинд газрын тухай хууль зөрчин зориулалтын дагуу 2 ба түүнээс жил газраа ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн газрыг судлан хүчингүй болгох, нийтийн эзэмшлийн газар, зам талбай дээр үйл ажиллагаа явуулж буй зөвшөөрөлгүй баригдсан, байрлуулсан түц, контейнер зэрэг объектыг буулган төрийн өмчийн газрыг чөлөөлөх, замаар нийтийн эдэлбэрийн газар, орон сууцны хороолол болон гэр хорооллын зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбайг нэмэгдүүлэхээр судалж байна. Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууны танилцуулснаар нийслэлийн хэмжээнд 2 жил ба түүнээс дээш хугацаанд эзэмшиж, ашиглаж буй газраа ашиглаагүй 219иргэн, хуулийн этгээдийн 50.1 га талбай байгаа юм байна. Мөн зөвшөөрөлгүй барьсан, газрыг нь чөлөөлөх шаардлагатай нийт 430 объект байгаа юм. Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй түц 168, контейнер 54 байна гэж тэрээр хэллээ.

Эдгээрийг чөлөөлж нийслэлийн Газрын санд бүртгэж, хотын ногоон байгууламж, тохижилтыг нэмэгдүүлэх боломжтой гэж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд үзлээ. Зөрчлийг арилгаж, төрийн өмчийн газрыг чөлөөлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээс гадна, нийтийн эзэмшлийн зам талбайг хадгалан үлдээж ногоон байгууламж, тоглоомын талбай байгуулна. Бизнесийн зориулалтаар ашиглах боломжтой газруудыг “Газрын тухай хууль”-ийн дагуу нээлттэй дуудлага худалдаагаар худалдаалж, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх зэрэг томоохон ажлыг хугацаа алдалгүй эхлүүлнэ гэдгээ хотын дарга хэллээ.