Categories
мэдээ улс-төр

С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ардчилсан хувьсгалын лидерүүдийн нэг агсан С.Зоригийн дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөв.

Өдгөөгөөс 18 жилийн өмнө, 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг бусдын гарт амь үрэгдсэн билээ. Түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолд төрөл төрөгсөд, журмын нөхдийнх нь төлөөлөл оролцов.

Categories
мэдээ нийгэм

Элэгний эмийн нээлттэй өдөрлөг болж байна

Элэгний эмийн нээлттэй өдөрлөг болж байна зурган илэрцүүд

Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төвд есдүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж байна. Ингэснээр иргэд тус төвд хандан элэгний эмчилгээ, үйлчилгээ, эм, шинжилгээ гээд бүх талын мэдээлэл авч болох юм. Тэгвэл уг төвөөр нэг өдөрт л гэхэд 60-70 хүн үйлчлүүлдэг болжээ. Тус төв нь иргэдэд элэгний эмчилгээг хаана хийлгэх, шинжилгээг хэрхэн өгөх, хаана хандах, ямар эм уух зэрэг бүх талын мэдээллийг үнэ төлбөргүй өгдөг аж. Мөн элэгний эмийг худалдаалж байгаа юм. Тус төвд ирсэн хүмүүсийн 50 хувь нь эм авахаар, үлдсэн хэсэг нь элэгний эмчилгээний зөвлөгөө хүсч ханддаг болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Зориг: Улс үндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой

С.Зориг агсны хөшөө зурган илэрцүүдАрдчилсан хөдөлгөөний анхдагчийн нэг улс төрч С.Зориг цаг бусаар амиа алдсанаас хойш 18 жил өнгөрчээ. УИХ-ын гишүүн асан С.Зоригийг 18 жилийн өмнө буюу 1998 онд хөнөөсөн хэрэг гарч, нийгмийг цочроож байсан. Энэ хэргийн эзэн холбогдогч олдохгүй байсаар өнөөдөртэй золгож байна. Хэдий тийм ч гэр бүл, найз нөхөд, намынхан нь жил бүрийн 10 дугаар сарын 2-ны өдөр түүний хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай билээ.

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө зурган илэрцүүд1998 оны наймдугаар сарын дундуур энэхүү ярилцлагыг Монголын радиогийн сурвалжлагч Даваанямын Байгалмаа авсан бөгөөд 10 дугаар сарын 4-ний Ням гаригт анх удаа радиогоор нэвтрэгджээ. Энэ ярилцлага С.Зориг агсны хэвлэл мэдээлэлд өгсөн сүүлчийн ярилцлага байлаа.

-Ер нь Та улс төрийн шинжлэх ухааны талаар ойрдоо юм бичиж байна уу?

-Өмнө нь бичиж байсан тэмдэглэлүүд бий. Зай завсраараа уншиж байсан номнууд байгаа. Ойрын үед Монголын улс төрийн тогтолцооны цаашдын төлөв ямар байх бол тэр талаар бодож санаж байгаа зүйлээ бичье гэж бодож байгаа.

Цаг заваа харж байгаад ганцаараа амжихгүй гэхэд бусадтай хамтраад тэр талаар ямар ч гэсэн нэг цэвэр шинжлэх ухааны үүднээс, тэр нь манай орны бодит амьдралд яаж бууж байна гэдэг үүднээс томоохон юм бичих, харах бодол байна.

-1990-ээд оныг нэг эргэн дурсая л даа тэр үед Монголын ардчиллын билэг тэмдэг Та байсан. Тэмцэл нилээд ширүүсээд ирэх үед Таныг хүмүүс гар дээрээ өргөн, Та л олон түмнийг сэтгэлийн хөөрөлд хэт оруулахгүй талаас нь зохицуулдаг байлаа. Тэр мөчид Танд юу бодогдож байв?

-Тэр үед хамгийн гол зүйл бол “бид аливаа өөрчлөлтийг тайван замаар хийх нь чухал” гэсэн бодол салдаггүй байлаа. Зөвхөн 1990 онд ч биш, түүнээс хойш өнөөдрийг хүртэл тэр л бодол эрмэлзлэлээ оюун санаандаа өвөрлөж явна. Янз бүрийн зөрчил гарч байсныг манай сонсогчид мэдэж байгаа байх.

Зөвхөн 1990 онд ч биш 1996 оны сонгуулийн үед бид байдлыг аль болох хурцдуулахгүй, тайван замаар асуудлыг шиийдэхийг эрмэлзэж улс төрийн шаардлагатай арга хэрэгслүүдийг ашиглаж байсан.

Дахин хэлэхэд улс орны ашиг сонирхолоос хэт давсан, түүнд хор хохирол учруулах юм хийхгүй байхыг л бодож явлаа. Бидний 90 онд барьж байсан тэр чиг шугам маань өнөөдөр ч тууштай үргэлжилж байна. Тэр үед эрмэлзлэл нь зөв ч туршлага дутмаг байсан залуус маань туршлага суугаад ирлээ.

С.Зориг зурган илэрцүүдХарин тухайн үед нэлээд туршлагатай болсон хүмүүс маань нийгмийн сэтгэлгээнээс хоцроод нийтлэг эрх ашгаас ухраад намын ч, юм уу, бүлгийн ч юм уу, явцуу сонирхолдоо хөтлөгдөөд байна уу даа гэж бодогдох боллоо. Цаг үеийн өөрчлөлт хүмүүст их нөлөө үзүүлээд байх шиг байна.

-Тухайн үеийн тэмцэгчид засгийн эрхэнд гараад ирлээ. Ингэснийхээ дараа өөрсдөө ямар нэгэн хэмжээгээр ялзарч эхэлдэг юм биш биз дээ. Та өөрөө улс төр судлалын, чиглэлийн хүний хувьд манай орны улс төрийн амьдралд болж буй үйл явдлуудтай холбогдуулан юу хэлэх вэ?

-Хүн бүхэн өөр өөрийн сул талтай байдаг. Хувь хүн амьдралаа дээшлүүлэхийг бодно. Нам бэхжихээ бодно. Тодорхой эдийн засгийн бүлэглэл ч юм уу, эсвэл компаниуд бэхжиж хөгжихөө бодно. Үүний хажуугаар улс үндэстний хамгийн дээд сонирхол гэж байна. Бүгдийг нь тооцох ёстой. Гэхдээ дарааллыг нь хэзээ ч алдуулж болохгүй.

Улс үндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Түүний дараа манай нийгэмд нийтлэг болсон бүлгүүдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бүлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Түүнийхээ төлөө хөөцөлдөнө. Дөрөвт нь мэдээж хувь хүнд амьдралаа дээшлүүлэх, сайхан амьдрах сонирхол төрнө. Тийм сонирхол бүх цаг үед байж л байсан. Үүнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгүй. Дараалал алдах юм бол ялзрах төвшинд орно.

Энэ нь бусад орны жишээн дээр харагддаг. Улсын сонирхлоо хойш нь тавиад бусад сонирхол нь дээшээ гарч ирнэ.

С.Зориг зурган илэрцүүд

-Өөрт чинь ер нь “Бид хаашаа явж байна вэ” гэдэг ч юм уу эсвэл “нэг л болохгүй байна даа” гэсэн дундуур бодол төрдөг үү? Төрдөг бол ямар үед?

-Зарим үед тийм бодол төрөлгүй яахав. Тохиолдлын шинжээр шийдэгдэх олон асуудал бий. Тэр үед мэдээж сэтгэл дундуур байлгүй яахав. Яагаад гэвэл сайн бэлтгэгдэж мэдээлэл сайтай, үндэслэлтэй шийдэгдэх ёстой. Тохиолдлын, гэнэтийн ухамсарлаагүй асуудлыг шийднэ гэвэл утгагүй. Энэ үед сэтгэл дундуур үлдэнэ.

Манай нийгмийн хамгийн тэргүүлэх хэсэг болох улс төрчид, урлагийнхан, сэхээтнүүд, бусад хүмүүсийн сонсдог тэр нийтлэг сонирхлыг эхлээд заавал хардаг байх ёстой. Ядахдаа ойрын тав, арван жилийн хэтийн хандлагыг төсөөлж чаддаг байх ёстой. Тэгээд өөрийнхөө улсын хөгжлийг тухайн бүс нутгийн болон дэлхийн хөгжлийн хандлагатай уялдуулах, үүнтэй холбогдсон мэдээллийг хуримтлуулах, солилцох энэ үндсэн дээр шийдвэрээ гаргаж байх нь чухал.

Ийм л зүйл манайханд дутагдаад байх шиг. Өнөөдөр жижиг сонирхлууд давамгайлах хандлага гаргачихаад байна. Үүнийг шийдвэртэй даван туулах цаг боллоо шүү дээ. Энэ бол ардчиллыг шалгах хоёр дахь шат юм. Үүнийг хэр давахаас хөгжлийн ойрын ба хэтийн төлөв тодорхойлогдоно.

С.Зориг зурган илэрцүүд-90-ээд оны МУИС-ийн багш Зориг одоогийн УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд Зориг хоёрын ялгаатай талуудыг Та өөрөө юу гэж үзэх вэ?

-Туршлагаар жаахан илүү болсон байх. Амьдралын туршлага гэх юм уу. Бодож хүсч байсан зүйлүүдийн зарим нь биелсэн, зарим нь биелээгүй.

Дутагдалтай тал гэвэл ном унших, найз нөхөдтэйгөө уулзах бололцоо бага болсон. Энэ байдалд удаан уягдчихвал зөвхөн ойр зүүрын юм хардаг болох аюул гарч магадгүй. Гэхдээ илүү мэдээллийн хүрээ рүү орсон.

-Таныг өнөө хүртэл ШУКО –ын багш гэж нэрлэсээр байх юм. ШУКО-г судалсан Таны буруу болоод байна уу? Та юу гэж боддог вэ?

-ШУКО бол хүн төрөлхтний оюуны хөгжлийн түүх. Тэгэхдээ нийгмийн шалгуураар амьдрах чадваргүй гэдгээ харуулсан. ШУКО бол нийгмийн ухааны тодорхой логикоор зохион байгуулагдсан систем, цогцолбор байсан. Систем дотроо зарим хана нь буруу баригдсан, шал нь ч буруу тавигдсан байсан. Явж явж систем нь ажиллахаа больсон.

Тийм учраас миний мэргэжил бол туршлага талаасаа бараг үгүй болж байгаа ийм тогтолцоо.

Миний дипломын тал нь хүчингүй болсон ч өнөөгийн Монголын улс төрийн тогтолцоог судлахад өмнөх нийгмүүдэд үйлчилж байсан. Түүнийг нь дүгнэсэн ШУКО-ын талаарх тодорхой суурь мэдлэгүүд маань хэрэг болж байгаа.

С.Зориг зурган илэрцүүд

-90-ээд оноос хойш Таны хувийн амьдралд их эвгүйгээр нөлөөлсөн янз бүрийн дарамт шахалт гарч байсан уу? Таны ойр дотны хүмүүст ч юм уу?

Амьдралд сайн муу бүх юм таардаг. Тиймээс өнгөрсөн юм бол өнгөрсөн юм. Түүнийг бодож санаад байх юм гардаггүй. Хамгийн их санаа зовоож байгаа зүйл бол цаашид манай орны хувь заяа. Түрүүчийн хэлдэг улс төрийн тогтолцоо. Түүнтэй холбоотой эдийн засгийн хөгжлийн маань цаашдын хандлага ямар байх гэдэгт байна.

Тухайлбал хоёр нам болоод бие биеэ ойлгохоо больдог ийм зүйл бол хамгийн их аюултай. Тэр нь ялангуяа манай улсын хөгжлийг хөтлөх, нөлөө үзүүлэх, дэлхийн бие биеэндээ нягтран орж байгаа эдийн засаг, улс төр, олон улсын харилцаа энэ бүхнийг аваад үзэх юм бол урд урдаасаа хараад суучихдаг хүн шиг ярьж чадахаа болиод юм л бол хоёр улсын дипломатууд хэлэлцээр хийж суудаг, бие биенээ ойлголцох чадвараа алдсан. Энэ аюул хамгийн том аюул.

Энэ нь нийгмийг хоёр хэсэг болгоод нэг нь болохоор нөгөөгөө эсэргүүцэж байдаг байнга талцсан тийм хэлбэрт орчих вий гэдэг аюул байгаа юм.

Тиймээс түрүүчийн миний хэлдгээр маргах үедээ маргаж болно тэгэхдээ хүн шиг харилцаад энэ чинь ийм гэж нягтлангүй яриад асуудлыг шийддэг гаднаа ч дотроо ч манай нийгэм тогтвортой нэг маягийн тодорхой уламжлалаар бодлого нь явагддаг гэдгийг харуулах гол үндэс суурь болох юм.

-Та мэдээж аавыгаа дурсаж явдаг байх. Аавынхаа тухай юу хэлж чадах вэ?

-Их тайван хүн байсан юмыг олон талаас нь бодож хийхийг оролддог, туйлшрах дургүй, хүний асуудлыг ойлгох гэж оролддог. Тэр утгаараа хэт нэг талыг барьдаггүй. Хүн болгон амьдралтай гэдгийг ойлгодог ийм л хүн байсан.

С.Зориг агсны хөшөө зурган илэрцүүд

Эх сурвалж: “С.Зориг сан”-гийн архиваас авав

Categories
мэдээ спорт

Залуу уяачдын чуулган болно

хурдан морь зурган илэрцүүдЭнэ сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын морин спорт, залуу уяачдын холбооны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган болох юм байна. Анхдугаар чуулганы зохион байгуулагчаар Монголын морин спорт, залуу уяачдын холбооны үүсгэн байгуулагчид ажиллаж буй бол хамтран зохион байгуулагчаар “Монголын морин спорт, уяачдын холбоо” болон Нийслэлийн морин спорт, уяачдын холбоо ажиллаж байгаа аж. Монголын морин спорт, залуу уяачдын холбоо нь Монгол морины соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, мөн монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй залуу уяачдыг дэмжих зорилготойгоор үүсэн байгуулагджээ.

Залуу уяачдын анхдугаар чуулган болно зурган илэрцүүд

Categories
мэдээ соёл-урлаг

“48 цаг-Монгол 2016” кино наадмын ялагч АНУ-д өрсөлдөнө

“48 цаг” кино наадам эхэллээ зурган илэрцүүдЭнэ жил долоо дахь жилдээ зохион байгуулж буй “48 цаг-Монгол 2016” кино наадам өчигдрөөс эхэллээ. Тус наадамд кино уран бүтээлч, сонирхогчид 48 цагийн дотор авьяас чадвар, ур ухаанаараа богино хэмжээний шилдэг кино хийж өрсөлддөг билээ.

Наадмаас шалгарсан бүтээлүүд ирэх гуравдугаар сард АНУ-ын Сиэтл хотноо болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцох юм. Энэ уралдаанд 150 орны киночид уран бүтээлээрээ өрсөлдөх аж

Categories
мэдээ спорт

Паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүүд хоёр өрөө байр бэлэглэжээ

“Рио 2016” паралимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн жүдоч Болормаагийн Ууганхүүг Дорноговь нутгийн ард түмэн өчигдөр нутагтаа хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Түүнд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан Улаанбаатар хотод хоёр өрөө байр бэлэглэж байгааг энэ үеэр дуулгасан байна.


Categories
мэдээ нийгэм

Ангараг гариг дээр ус бий гэнэ

Ангараг гариг дээр ус байдгийг энэ зургаар баталжээ

Вашингтон дахь Смитсоновын хүрээлэнгийн эрдэмтэн Шэрон Уилсон “Бид Ангараг гариг дээр ус, нууртай байсан газруудыг илрүүлсэн. Заримдаа усны хэмжээ нь нэмэгдсэнээс эргээсээ хальдаг байсан. Өөрөөр хэлбэл, усаар баялаг гариг байсан гэсэн үг” хэмээн саяхан мэдэгдсэн. Одоогоос 3-3,5 тэрбум жилийн өмнө Улаан гариг нь гол мөрөнтэй, дулаахан гариг байсан гэдэг дээр эрдэмтэн судлаачид бүгд санал нийлдэг болжээ.

Америкийн сансар судлалын агентлагаас (NASA) Ангараг гаригийн тухай олны анхаарлыг татсан мэдээллүүдийг байнга хийдэг. Тэнд ус бий гэдгийг одоогоос хэдэн сарын өмнө NASA-гийн судлаачид тогтоосон нь нэлээд шуугианд тарьсан. Зүгээр ч нэг ус бус нуур, гол байсан тухай мэдэгдэж, нягтлан судлаад ус байдаг болохыг тогтоосон юм. NASA-гийн харь гаригийн шинжлэх ухааны асуудлыг хариуцсан захирал Жим Грин энэ талаар ярихдаа “Ангараг бол бидний бодож байсан шиг хуурай газар биш. Бид тэндээс усны ул мөр олсон” гэжээ. “Curios­ity” төхөөрөмжийн авсан өнгөт зураг дээрх хар зураасууд нь хатсан усны ул мөр хэмээн эрдэмтэд тайлбарласан. Түүгээр ч зогсохгүй Улаан гариг нь дөрвөн улиралтай. Одоогоос гурван тэрбум жилийн тэртээд Ангарагийн цаг агаар нь манай дэлхийнхтэй тун ижилхэн байсан гэдгийг ч судлаачид онцолсон байдаг.

Улаан гаригаас метан илэрчээ

Ангарагаас бичил биетүүдээс гадна метан илэрсэн юм. Энэ нь амьд биет байгаагийн баталгаа. Метан чухам хаанаас, хэрхэн бий болсныг судлаачид хараахан тогтоож чадаагүй байна. Энэ үүнийг батлах судалгааны материалуудыг “Nature Geocsience”-д нийтэлжээ.

Ангараг гариг дээр илрүүлсэн давсархаг ус нь халууны улиралд гарч ирдэг, хүйтрэхэд алга болдог онцлогтой. Палеонтологичид гариг дээр байрлуулсан “HiRISE” хэмээх өндөр мэдрэмжтэй төхөөрөмжийн авсан зургийг судалгааныхаа ажилд ашигласан байна.

Жорж мужийн Технологийн дээд сургуулийн эрдэмтэн Лухендр Ойха нь энэ чиглэлээр дагнан ажилладаг. Түүний ярьснаар Ангарагийн гүвээтэй газраар гол урсдаг, ус нь перхлорат (давсархаг бодис) агуулсан тул хүйтрэхэд ширгэн алга болдог аж. Эрдэмтдийн ярьснаар голын өргөн нь ойролцоогоор таван метр. Хамгийн гол нь голын ус давс агуулсан нь Ангараг дээр хүн амьдрах боломжтойн баталгаа гэнэ.

Өнөөдрийн байдлаар энэ гаригийн тойрог зам дээр таван станц байрлуусан байгаа. “Mars Odyssey”, “MRO”, “MA­VEN” гурав нь Америкийнх. Түүнээс гадна “Opportuni­ty”, “Curiosity” хэмээх хоёр өөрөө явагч төхөөрөмж өдөр шөнөгүй ажилладаг. “Curios­ity” өөрөө явагчийн авсан зургийг палеонтологичид бүхэн нь хэдэн тэрбум жилийн өмнө бол Ангараг дээр хүн амьдрах боломжтой байсны баталгаа аж.

Өнгөрсөн оны есдүгээр сард Ангараг дээгүүр явагч “Curiosity” төхөөрөмж нь чулуужсан, бөөрөнхий зүйлийн зургийг авсан байдаг. Энэ зүйл тоосонд нэлээд дарагдсан байжээ. Ойр хавийнх нь чулуутай харьцуулахад бараан өнгөтэй байсныг эрдэмтэд дурдсан. Нэг сантиметр диаметртэй чулуу нь Улаан гаригийн тухай олон нууцыг агуулж байгаа гэдэг. Тэдгээр нууцыг олж нээхээр эрдэмтэд ажилласаар байна.

Ангарагийг судлахад “Spir­it”, “Opportunity” өөрөө явагч төхөөрөмжүүд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэднийг 2004 онд Улаан гариг дээр буулгасан юм. NASA тэднийг илгээхдээ тэнд амьд биет байгаа эсэхийг тогтоох зорилго тавьжээ. Хоёр дахь үеийн гэгддэг эдгээр төхөөрөмжөөс “Opportunity” нь одоо болтол үүргээ сайн гүйцэтгэж байгаа.

Дашрамд дурдахад, Ангараг гаригийг телескоп бий болсон цагаас эхлэн судалсан юм. Тус гариг дээр ус байгаа талаар эрдэмтэд янз бүрээр ярьж, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг ч туурвиж тэнд ямар ч амьдрал байхгүй хэмээн дийлэнх нь бичсэн байдаг. Техник технологи хөгжиж, шинэ төхөөрөмжүүд бүтээж, түүнийгээ Ангараг руу илгээснээр судалгаа улам нарийссан. Ингээд ямар ч мод ургамал байхгүй гэдэг нь батлагдсан юм. Гол мөрөн байсан ул мөрийг илрүүлсэн нь түүний талаарх төсөөллийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.

1970-аад оноос эхлэн эрдэмтэд Ангарагийн газар, шороог судлах ажлыг эхлүүлсэн. Тэр үед NASA агентлаг “VIKING” хэмээх төхөөрөмжийг илгээсэн түүхтэй. Ингээд тэндээс авчруулсан шорооны дээжийг шинжлэхэд ердөө нэг хувийн чийгшилтэй байсан. Өөрөөр хэлбэл, ус байх магадлал тун бага гэсэн дүгнэлтэд хүрсэн. 1990-ээд онд Улаан гаригийг судлах ажлын шинэ үе эхэлсэн гэж болно. “Mars Global Surveyor” хиймэл дагуул нь Ангарагаас авсан зураг нь ус байсан гэдгийг гэрчилсэн. Ийнхүү Улаан гаригийн тухай олон шинэ нээлт хүн төрөлхтнийг хүлээж байна. Харин Америкийн эрдэмтэд 2020 он гэхэд тийш нь хүн илгээхээр бэлтгэлээ базааж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Цэвэр орчин цэнгэг ус” нэг сарын аяныг эхлүүллээ

Улаанбаатар хотын төвд урсдаг туул, сэлбэ, /дунд гол/-ын цэвэрлэгээ байгаль хамгаалах “Цэвэр орчин цэнгэг ус” намрын нэг сарын аяныг өнөөдөр эхлүүллээ. Уг аяныг БОАЖЯ, НЗДТГ, Туул голын сав газрын захиргаа, УСУГ, Мобиком корпораци, Гандантэгчинлэн хийд, Жүр үр, Сэрүүлэг дээд сургууль, АПУ компани, Хүүхдийн ордон зэрэг төр болон хувийн хэвшлийн хамтарсан 10 гаруй байгууллага оролцсон томоохон бүтэцтэйгээр зохион байгуулж байгаа юм. Аяны нээлтэд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан оролцлоо. Тэрээр “Өнөөдөр бид агаар, ус, хөрс нь цэвэр байгаль дэлхийд амьдрах учиртай. Гэтэл өнөөдрийн манай нийслэлд энэ гурван зүйл тулгамдаад байгаа томоохон асуудлуудын нэгд орсоор байна. Хүйтэн сэрүүний улирал хаяанд ирсэн энэ мөчид Улаанбаатар хотынхоо ундны эх үүсвэр болсон туул голоо хогноос нь салгах том үйлсд оролцож байгаа бүх төр болон хувийн хэвшлийн удирдлага, албан хаагч, ажилчиддаа баярлалаа гэдгийг хэлмээр байна. Бид энэ нэг сарын аяныг нэг удаа зохион байгуулаад зогсохгүй улам эрчимжүүлж цаашид уламжлал болгон хийнэ гэж бодож байна. Нийслэлийнхээ иргэдэд нэг зүйлийг уриалж хэлэхэд Бид өөрсдөө хогоо хаяхгүй бусдаар хогоо цэвэрлүүлэхгүй байх сайхан орчин бүрдүүлэхийн тулд хамтран ажиллах хэрэгтэй байна гэдгийг хэлэх байна.” гэлээ. Цэвэрлэгээ хийх нийт 50 км газрыг дөрвөн хэсэгт хувааж, оролцох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилчин, албан хаагчдыг хуваарилан ажиллуулахаар болжээ. Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл нийт 19 км, Сэлбэ гол (100 айлын гүүрнээс Туул голд цутгах хүртэл) 13км, Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл (Туул голын хойд эргийн дагуу) 11км, Улиастайн уулзвараас Гачуурт хүртэл (Голын хойд хэсэг буюу Төвийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс) 7 км газрууд багтсан байна.



Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас ихэнх нутгаар сэрүүснэ

Маргаашнаас хүйтэрнэ зурган илэрцүүдӨнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, 3-5-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэх, ил задгай хүнсний ногоо хайрагдаж хөлдөж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХ ТУЛ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА

Энэ сарын 3-нд буюу маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар, энэ сарын 4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд зарим газраар хур тунадас, цас орж, салхи 3-4-нд ихэнх нутгаар, 5-6-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Маргаашнаас хүйтэрнэ зурган илэрцүүд

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-аас айлчилж буй Лю Юньшань тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшань тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.

Уулзалтын эхэнд БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны УТТ-ны Байнгын хорооны гишүүн Лю Юньшань хэлэхдээ “Миний Монголд хийж байгаа айлчлалын зорилго нь сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд болсон өндөр дээд хэмжээний айлчлал, Төрийн тэргүүнүүдийн тохиролцсон яриа, хэлэлцээ болон гэрээ, хэлэлцээрийн үр дүнг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “БНХАУ-тай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын нэг чиглэл юм. Энэ дотор улс төрийн дээд хэмжээний харилцан айлчлалыг тогтмол хийж байх нь чухал зүйл юм. Таны энэ удаагийн айлчлал мөн чухал үүрэгтэй айлчлал болж байна. Энэ 2016 оны 6 дугаар сард Ташкентад болсон ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын 3 талт уулзалтын үеэр Си Зиньпин даргатай уулзсан. Мөн Улаанбаатарт болсон АСЕМ-ийн уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян хүрэлцэн ирсэн. Хоёр талын айлчлалууд чухал ач холбогдолтой болсон.

Таны айлчлалтай холбогдуулан ажил хэргийн шинжтэй, хоёр орны харилцаанд чухал гурван зүйлийг хэлье.

Нэгд, Монголд УИХ-ын сонгууль болж УИХ-ын бүрэлдэхүүн нэлээд өөрчлөгдсөн. Засгийн газар шинээр зохион байгуулагдлаа. Үүний дараа БНХАУ-аас айлчлан ирж байгаа өндөр дээд хэмжээний зочид нь та бүхэн болж байна. Шинэ УИХ, Засгийн газар өмнө нь БНХАУ-тай явуулж байсан бодлого, үйл ажиллагааг хэвээр хадгалан явуулах болно гэдгийг хэлье. Мөн ирэх дөрвөн жилд БНХАУ-тай хэрхэн хамтран ажиллах талаарх зураглалаа УИХ, Засгийн газар гаргах байх. Үүн дотор улс төрийн намуудын харилцаа чухал юм.

Хоёрт, ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын 3 талт дээд хэмжээний дараагийн уулзалтыг 2017 онд Монголд хийе гэж сая Ташкентад уулзахдаа ярилцсан. Улаанбаатарын уулзалтыг амжилттай болгоход бид хамтарч ажиллана. Тусалж дэмжинэ гэж Си Зиньпин дарга хэлсэнд бид баяртай байгаа. Энэ уулзалтыг ирэх жилийн 5 дугаар сарын орчимд хийх саналтай байгаа. Нарийвчилсан хугацааг ярилцаж тохиролцох болно. Түүний өмнө Гадаад хэргийн дэд сайд нар уулзаж бэлтгэлийг хангах байх.

Гуравдугаарт, сая 3 талт уулзалтын үеэр эдийн засгийн коридор байгуулах талаар чухал хэлэлцээрт гарын үсэг зурсан. Монгол Улсаас дэвшүүлсэн санал ОХУ, БНХАУ-аас дэвшүүлсэн бодлогуудтай нягт уялдаж байгаа гэж бид харж байна. Одоо практик ажлууд хэрэгжих ёстой” гээд эрхэм зочдын ажилд амжилт хүслээ.

Мөн хоёр орны харилцааг бэхжүүлэх, цаашид өргөжүүлэх, амжилт ололтыг бий болгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны УТТ-ны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшань хариу хэлэхдээ “БНХАУ, Монгол Улсын харилцааг өндрөөр үнэлж байгаад баярлалаа. ХКН, Засгийн газраас БНХАУ, Монгол Улсын харилцааг чухалчилж үздэг. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын хүчин зүтгэлээр хоёр орны харилцаа түүхэн дэх хамгийн сайн үедээ хөгжиж байна. Цаашдаа энэ сайн харилцааг нандигнаж, улам хөгжүүлэхийн төлөө байх болно.

Хоёр талын харилцааны хамгийн чухал зүйл бол бидний язгуур эрх ашиг юм. Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ямагт хүндэтгэн үздэг.

Мөн Монголын ард түмний өөрийн сонгосон хөгжлийн замыг ямагт хүндэтгэдэг.

Монголын тал ч урт удаан хугацаанд Хятадын язгуур эрх ашигтай холбоотой асуудлууд дээр Хятадын байр суурийг дэмжиж ирсэнд талархаж байна. ХКН цаашдаа Монголын бүх улс төрийн намуудтай харилцаагаа хөгжүүлэхийн төлөө байна.

ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын 3 талт дээд хэмжээний уулзалт 3 удаа болж эхний үр дүн гарч, эдийн засгийн коридор байгуулах ажлыг урагштай эхлүүлж байна. Бусад ажлыг бодитоор хийхэд хамтран хүчин зүтгэнэ” гэв.