Categories
мэдээ цаг-үе

А.Ундраа: Томоохон төслүүдээ урагшлуулж байж эдийн засгаа сэргээнэ

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.

-Ээлжит бус чуулганаар олон нийтийн дунд хүлээлттэй байсан хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Дүгнээд хэлэхэд ямархуу дүр төрх харагдаж байна вэ?

-Ээлжит бус чуулган зорилгоо маш сайн биелүүлсэн. Хэлэлцсэн нэг гол асуудал төсвийн тодотгол байлаа. Гэхдээ Засгийн газрын дараагийн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг баталсан нь хамгийн чухал шийдвэр. Улс эх орны нийгэм, эдийн засаг хаашаа чиглэх вэ гэдгийг тодорхойлох ач холбогдолтой. Дараагийн дөрвөн жилд бид эдийн засгийн тулгамдсан асуудлаа яаж даван гарах, ямар байдлаар хөгжих вэ гэдгийг тодорхойлсон нь ээлжит бус чуулганы гол ач холбогдол. Мөн бусад хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал, олон улсын түвшинд Монгол Улсын үүргийг илүү бэхжүүлж өгсөн асуудал Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан явдал байлаа. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дэлхийн зөвшилцлөөс хоцролгүйгээр шуурхай шийдэж чадсан. Дэлхийн томоохон улс болох Бразилаас түрүүлж соёрхон баталсан шүү дээ. Манайх уг хэлэлцээрийг батлахын өмнөхөн Хятад, Америкийн Ерөнхийлөгч нар Бээжинд болсон “Их-20”-ын уулзалтын үеэр соёрхон батлахыг дэлхий нийтэд уриалсан. Үүгээрээ манай улс энэ болон бусад дэлхийн хэмжээний асуудлуудыг манлайлан ажиллаж байгаа гэдгээ харуулсан.

-Эрүү, Зөрчил болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулиуд хэрэгжиж эхэлсэнгүй. МАН-ынхан өмнөх Их хурлынхаа хийж байсан бүхнийг үгүйсгээд байгаа юм биш үү?

-Тодорхой хэмжээнд иргэдийг төөрөгдүүлэх мэдээлэл яваад байх шиг байгаа юм. Дээрх хуулиудыг унагалаа гэж хэлэх нь буруу. Эдгээр хуулиудыг хэлэлцэхийг тодорхой хугацаанд хойшлуулсан. Батлахаасаа өмнө эргэж харах бодит шаардлага байлаа. Жишээлбэл, Эрүүгийн тухай хууль дахь эмч, эмнэлгийн ажилтнуудын хариуцлагын тухай заалтуудыг эргэн харах, хөнгөтгөх шаардлагатай байна. Ард олныхоо эрүүл мэндийн манаанд ажлаа хийгээд явж буй хүмүүсийн хувьд ямар байдлаар хүлээж авах вэ гэдгийг бид тооцоолж санаа зовох ёстой. Энэ утгаараа хойшилж буй шалтгаануудыг ойлгож байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль мөн адил ялгаагүй. Нийгмийн хамгийн их санаа зовох учиртай асуудлын нэг. Засгиийн газраас өргөн барьсан байгаа. УИХ аль болох хурдан шийдэж хууль эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно. Манай намын тухайд зүүний чиглэлийн нам. Зүүн төвийн үзэлтэй социал демократ намын хувьд нийгмийн асуудал маш чухал байдаг. Тэр үүднээсээ халамж, нийгэм, тэр дундаа залуус, хүүхэд рүү чиглэсэн бодлого бол манай намын баримталдаг үндсэн улс төрийн үзэлтэй уялдаатай.

Тэгэхээр нийгэм рүү чиглэсэн бодлого улам сайжирна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Цаг хугацааны хувьд аливаа томоохон асуудлыг өргөс авсан мэт шийднэ гэж байхгүй.

-Энэ удаагийн парламент хамгийн олон эмэгтэй гишүүнтэй. Үүнийгээ дагаад эмэгтэй гишүүд юу хийх бол гэсэн хүлээлт бий. Та болон МАН-ын эмэгтэй гишүүд ямар асуудал дээр төвлөрч ажиллах вэ?

-Өөрийнхөө байр сууринаас ярья л даа. Аливаа асуудлыг эрэгтэй, эмэгтэй гишүүн гэж ялгах хэрэггүй. Бүх гишүүд л нийгмийн өмнө тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй. Нийгэмд тодорхой хэмжээний хүлээлт байгаа гэдэг нь үнэн. Уламжлалаараа эмэгтэй гишүүд илүү түлхүү анхаардаг асуудлууд гэж бий. Гэхдээ тэр нь зөвхөн эмэгтэй гишүүд анхаарах ёстой гэсэн үг биш. Хүйсийн тэгш эрхийн тухай яривал Их хуралд 50, 50 хувийн төлөөлөлтэй байж ярих ёстой байх. Иргэд эрэгтэй гишүүдээс тийм зүйл хүлээж байна гэж ярьдаггүй шүү дээ. Тиймээс аливаад хэт нэг талыг харалгүйгээр шударга хандах чухал байна. Гишүүнийхээ хувьд ярихад мэдээж хэрэг сонгогч олныхоо эрх ашгийн төлөө ажиллана. Боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлийн хуулиуд дээр түлхүү ажиллана.

Мөн эдийн засгийг илүү чадавхижуулах эрх зүйн орчныг сайжруулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллана. Манай улсын эдийн засаг аажим аажмаар өсөж байгаа ч гэлээ зөвхөн уул уурхай, мал аж ахуйгаас хамааралгүйгээр чадавхитай өндөр технологийн салбар, өндөр цалинтай ажлын байрыг олноор бий болгох ёстой. Үүний тулд маш зөв төрийн бодлого хэрэгтэй байгаа юм. Ажил эрхлэлтээс гадна хийж буй ажилдаа тухайн хүн сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Мэдээж хэрэг цалин өндөр байж гэмээнэ ажилдаа сэтгэл хангалуун, амьдралын баталгаа илүү сайн болно. Иймэрхүү чиглэлд тууштай ажиллахыг хүсэж, төлөвлөж байгаа.

-Мажоритар системийн сонгуулийн үр дүнд гишүүд өөрсдийн тойрогтоо хэт их анхаарал хандуулаад байдаг. Тэнд тулгамдаж буй асуудлыг шийдэж иргэдийн дунд оноо авахаар зүтгэдэг. Гэтэл УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь хууль санаачлах ёстой. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Бид тойргийнхоо иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон шүү дээ.

Гэхдээ зөвхөн өөрт санал өгсөн хүмүүсийн төлөө биш нийт сонгогч олны төлөө ажиллах элч гэдэг утгаараа тойрогтоо анхаарал тавих ёстой. Гишүүн бүрийн тойрогтоо анхаарал тавих асуудал өөр, өөр ч гэлээ төстэй зүйл олон. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хомс гээд тулгамдаж буй асуудал нь нэг байдаг. Гишүүд тойрогтоо юу хийснээрээ өрсөлдөх маягаар ажиллаж байгаа нь системийн л онцлог. Нөгөөтэйгүүр улс орны нийтлэг асуудал дээр бүх гишүүд дуу хоолойгоо нэгтгэж ажиллах ёстой.

Ер нь санаа зовоож буй олон асуудлын нэг нь ажил эрхлэлт, ажилтай мөртлөө цалиндаа сэтгэл хангалуун бус байх болчихоод байна. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг бид ямар нэгэн байдлаар бий болгох шаардлага байна.

-Эдийн засаг хүнд байна гэдгийг хүн бүр л ярьж байна. Таны харж буйгаар бидэнд ямар гарц байна вэ?

-Хууль тогтоогчдоос гадна гүйцэтгэх засаглалынхан томоохон төслийг урагшлуулах ёстой гэж харж байгаа. Би үүнтэй санал нэг байна. Зөв стратеги боловсруулаад тууштай хэрэгжүүлэхийн төлөө хийх ажлаа төлөвлөж, ажил хэрэг болгох нь маш чухал. Хэд хэдэн том төслийг хөдөлгөлөө гэхэд эдийн засгийн үржигдэх зарчим буюу тухайн төсөлд зарцуулагдаж буй өртгөөс гадна дагалдах хүчин зүйл болох туслан гүйцэтгэгч, орон нутаг дахь ажлын байр, худалдаа зэрэг нэмэгдэнэ. Энэ бүхэн эдийн засгийг хөдөлгөх нэлээн том хүч болно. Өсөлтийн гол моторыг ингэж харж байгаа. Үүнтэй зэрэгцүүлэн эдийн засгийн чадамжаа нэмэгдүүлэх зоригтой бодлого баримтлах шаардлага тулгарч байна. Өмнө нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг олноор бий болгох, 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгох гэхчилэн ярьж байсан. Гэхдээ хэмнэсэн татвараа хаашаа, юунд зарцуулж байна вэ гэдгийг харж урамшуулах нь зүйтэй. Ажлын байр шинээр бий болгосны, үйлдвэрлэлээ өргөжүүлсний урамшуулал гэх зэргээр дэмжвэл эдийн засгийн эерэг хөшүүрэг болоод явна. Хэдийгээр эдийн засгийг сэргээх гарцыг том төслүүд гэж харж байгаа ч гэлээ хүн амын амьжиргаагаа бодвол жижиг, дунд үйлдвэрлэл маш чухал. Хүн амын нийт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 80 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэлд ажиллаж буй учраас төрөөс бодлогоор дэмжих ёстой.

-Өнгөрсөн амралтын өдөр та тойргийнхоо жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих үзэсгэлэн зохион байгуулсан. Юун тухай, ямар үзэсгэлэн болсон юм бэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Вансэмбэрүү” үзэсгэлэн зохион байгуулсан. Тойрог дээрээ анхлан хийж буй чухал ажлуудын нэг. Эхний зорилго нь дотоодын худалдан авалтыг дэмжих байлаа. Хурим найрын сар болж байна. Бид бэлэг сэлт хайгаад л гүйдэг. Ийм үед дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж тэдний бүтээлийг олон нийтэд хүртээл болгохын тухайд уг үзэсгэлэнг зохион байгуулсан юм. Хоёрдугаарт, жижиг дунд үйлдвэрлэлийг экспортод гаргах цаг болсон. Экспортод гаргая гэхээр ямар асуудал тулгарч байгааг хамтдаа шийдье гэж байгаа юм. Хүн бүр дор бүрнээ жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлснээр, тухайн бүтээгдэхүүнээ экспортод гаргаснаар эдийн засгийн өсөлтийг дэмжих төрийн бодлоготой уялдаатай ажиллана. “Барс” худалдааны төвийн ард болсон энэ үзэсгэлэн худалдаанд оролцсон үйлдвэрлэгчид сэтгэл хангалуун байсан болов уу гэж бодож байгаа. Яагаад энэ газрыг онцлон зохион байгуулсан бэ гэхээр Барсын арын саад уг нь маш гоё ногоон байгууламж. Гэтэл тэрийг иргэд зохистой байдлаар ашиглаж чадахгүй байна. Сааданд амарч байгаа иргэдээс илүүтэй архидан согтуурч буй хүн олон. Тиймээс зохистой газрыг зөв утгаар нь ашиглая гэдэг үүднээс Барсын арын саадыг сонгож авсан. Цаашид ийм үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг газар байгаасай гэж хүсэж байна. Харин үзэсгэлэнгийнхээ үеэр “Шилдэг бүтээл-Шинэ санаа” уралдаан зохион байгуулсан. “Хас гутал” болон арьсан цүнхний “MR” брэндүүд дээрх уралдааны ялагч болж Итали улсын жижиг, дунд үйлдвэртэй танилцах эрхийн бичгийн эзэд болсон. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахын тулд гадаад зах зээлээ судлах, тэдний үйлдвэрлэлтэй танилцах боломж олгох тал дээр дэмжихийг хүсч байна.

-Та УИХ-ын гишүүн болоод хаанаас ажлаа эхэлсэн бэ?

-Гишүүн болоод хамгийн түрүүнд хийнэ гэж бодоод эхлүүлчихсэн нэг ажил бол боловсролын чанарын тухай асуудал. Шат шатны боловсрол, төгссөний дараахь боловсролын асуудал хөдөлмөрийн зах зээлтэйгээ уялдаж байна уу. Уялдахын тулд ямар байдлаар бодлогын чанартай хууль эрхзүйн орчны зохицуулалт хийх хэрэгтэй вэ гэдэгт анхаарал хандуулан ажиллаж байгаа. Энэ ажил судалгааны шатандаа явж байна. Эхний ээлжинд одоо байгаа бүтцээ харах, бүтцээс гадна агуулгыг эргэж харах ёстой. Салбар бүрээ сайн мэдэх эрдэмтдийг зохион байгуулалтад оруулан судалгаа явуулсны үндсэн дээр үнэлэмж гаргаж ирнэ. Дээр нь өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр ямар мэргэжлээр сургууль төгссөн хүн ажилд орж байгаа, ямар мэргэжил дээр илүүдэл гараад ажилд орж чадахгүй байна вэ гэдгийг судалж байна.

-Судалгааны дүн гарч эхэлж байгаа юу?

-Социологийн судалгааны дүн гарч эхэлсэн. Ажил эрхэлж буй хүмүүсийн 60-70 хувь нь ажлын байран дээрээ сэтгэл ханамжгүй байна гэсэн судалгааны дүн гарсан. Хэдийгээр ажилтай боловч ажилдаа сэтгэл хангалуун бус байна. Шалтгаан нь цалин бага. Хоёрдугаарт, буруу мэргэжил сонгосноо ажлын байран дээр гараад мэдэрсэн. Энэ хоёр асуудал судалгааны хамгийн том асуудал байлаа. Ажил эрхэлж буй хүмүүсийн 60-70 хувь нь ажилдаа сэтгэл ханамжгүй байна гэдэг боловсролын салбарын бодлогын уялдаатай шууд холбогдож байгаа. Дээрх тоо бол олон улсын дунджаас хоёр дахин их тоо.

-Өнөөгийн нийгэмд дээд сургууль төгссөн ч гэлээ ажил олдохгүй, ажлын байранд гологдсон хүмүүс их болчихож. Боловсролын тогтолцоо буруу байгаагаас болж байна уу?

-Их, дээд сургуулиуд чанартай байж гэмээнэ дараа, дараагийн хөгжлийн тулгуур суурь тавигдана. Зөвхөн их, дээд сургууль гэлтгүйгээр ерөнхий боловсролын сургууль сайн байвал дээд боловсролын байгууллага сайн байна гэхчлэн бүгд хоорондоо уялдаатай. Өнөөдөр Азийн сургуулиуд дэлхийн шилдэг сургуулиудын тоонд багтаад эхэллээ. Монголын тэргүүлэх сургуулиудад чансаагаа дээшлүүлэх боломж бүрэн байна. Бид оюуны чадавхитай. Гол нь зөв бодлого баримталж ажиллах хэрэгтэй. Бас гэхдээ бодлогоо байнга солих нь сайнгүй. Тэр үүднээс судалгаагаа гүнзгий явуулж дууссаны дараа үнэлэлт, дүгнэлтээ тодорхойлъё.

-Намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлнэ. Тэвчиж болох бүхнийг тэвчье гэж байгаа мөртлөө харин ч хэрэггүй зардал их гаргаад байна. Золбин нохойд таван тэрбумыг зарцуулна гэх мэт?

-Төсвийн тодотголд тэвчиж болох бүх зардлыг хэмнэнэ гэж оруулж ирсэн. Гэхдээ яг тийм байж чадаж байна уу гэхээр үгүй юм шиг санагдаж байгаа. Судалсан, заавал оруулж ирэх зарцуулалт бий. 2011, 2012 онд эхэлсэн барилгуудыг дуусгах хэрэгтэй. Дутуу чигээр нь байлгаад байлтай биш. Бодит өртгийг нь эргэж хянах нь зүйтэй гэж боддог. Ирэх оны төсвийн төсөөлөл яаж орж ирэх нь вэ гэдгийг л харж байя.

-Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Таны бодлоор ямархуу түвшинд ажиллаж байна вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэж хэлэхэд эрт байна. Хугацаа өгөх ёстой. Яахав, зарим асуудал дээр тухайн ажлыг хамгийн сайн хийж чадах хүмүүсийг томилж чадсан уу гэдгийг нэг бүрчлэн мэдэхгүй юм. Нарийн харахад анхаармаар асуудлууд олон байна. Олон нийт гэлтгүй манай намын УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ үүнийг би эрүүл тогтолцоо гэж харж байгаа. УИХ Засгийн газартаа хяналт тавьж ажиллах ёстой. Шүүмжилж байгаа, шүүмжлэнгүй өнгө аясаар хандаж байгаа нь байх ёстой зүй ёсны үзэгдэл.

-Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн мөртлөө танил талаа харж томилгоо хийх шиг болсон. Зөвхөн Засгийн газар гэлтгүй бусад албан тушаал дээр ч гэлээ иймэрхүү дүр зураг харагдаж байгаа шүү дээ?

-Засгийн газрын ерөнхий ноён нуруу гайгүй. Гэхдээ тэдэн дунд эргэж хармаар, илүү чадвартай хүн сонгож болох байсан даа гэж бодогдох зүйл байсан. Албан тушаалын тухайд хоёр зарчим чухал. Эхнийх нь сонирхлын зөрчил гарахгүй байх хэрэгтэй. Тэр үүднээсээ тухайн байгууллагын удирдлагад төрийн албаны шалгуурыг биш нутаг ус, ах дүүгийн харилцаа харж байвал зөрчилтэй. Тухайн хүний чадварыг үндэслэж томилох их чухал. Хамаатан садан байж таарч буй тохиолдлыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ тухайн хүн үнэхээр сайн чадвартай бол хэн нэгэн хүнтэй хамаатан садан гэдгээр гадуурхагдаж болохгүй. Бид цөөхүүлээ ард түмэн. Яаж ийж яваад л хоорондоо хамааралтай болчих гээд байдаг.

-Таныг бас УИХ-ын дарга М.Энхболдын хамаатан гэдэг?

-Тэр үнээн. Тэр хүн үндэсний хэмжээний лидер. Би бахархаж, аливаа асуудалд нуруутай, улс орноо гэсэн алсын хараатайг нь мэдэрч, суралцаж ажилладаг. Хэдий аливаа амжилтад олон хүний дэмжлэг байгаа ч би өөрийнхөө толгойгоор л эрдэмтэн болж, хичээл номоо сайн хийж өдий зэрэгт хүрсэн гэж боддог. Миний эрдмийн зэрэг хамгаалсан физикийн салбар бол хэн нэгэн хүний хамаатан садан байснаар болчихдог ажил биш. Өөрийн олон жилийн хичээл зүтгэлээр ахиж дэвшдэг салбар. Гэвч улс төр бол эрдмийн ажлаас өөр, илүү багийн, намын бодлого, төрийн бодлогын асуудал гэдгийг сайн ойлгож байна.

-Таныг УИХ дахь хамгийн өндөр боловсролтой гишүүдийн нэг гэдэг. Хаана, ямар сургуульд боловсрол эзэмшсэн бэ?

-Өндөр боловсролтой гэдгийг олон хүнээс, тэр дундаа ахмад гишүүдээсээ сонсоод их урам авч байгаа. Олон жил номын мөр хөөсөн маань өөрийн хүчээр зүтгэж олж авсан амьдралын минь баталгаа. Би эх орондоо МУИС-ийг төгссөн. Их сургуульд физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийн анхны төгсөгч. Намайг төгсөхөд анхны магистрын анги нээгдэж байлаа. Монголынхоо анхны магиструудын нэг болох хувь заяа тохиосон. Цолоо хамгаалчихаад Итали дахь Олон улсын онолын физикийн төвд их энергийн физикийн чиглэлээр суралцсан. Энэ төв олон улсад тэргүүлэх онолын физикийн институт л дээ. Дараа нь АНУ-ын Хойд Каролина мужийн Улсын их сургуульд докторын зэргээ хамгаалсан. Төгсөөд Америкийн Эрчим хүчний яамны харьяа судалгааны хүрээлэнд ажиллаж байхдаа онц тэргүүний судалгааны шагналаар шагнуулж байлаа. Би их азтай хүн.

-Стэнфордын их сургуульд аюулгүй байдал, бодлого судлалын чиглэлээр багшилж байсан гэдэг?

-Физикийн суурь шинжлэх ухаанаа орхин бодлогын судлаач болсон минь улс төрд хөл тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн шийдвэр болсон гэж боддог. Стэнфордын их сургуульд бодлого судлал, олон улсын аюулгүй байдал, эрчим хүчний бодлогын чиглэлээр судалгаа хийж багшилж байсан. Эх орондоо ирээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн харьяа Стратегийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан тул аюулгүй байдал, гадаад бодлого надад их ойрхон. Тиймээс энэ байнгын хороонд ажиллаж байгаа. Сүүлийн найман жил энэ чиглэлээр мэргэшин ажиллаж байна.

-Таны “Ухаалаг цахилгаан шугам сүлжээний анализын арга” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийг гадны улс орнууд өргөн ашигладаг юм билээ. Энэ чухам ямар бүтээл юм бэ?

-Цахилгаан барааг цахилгаанд залгахад бид цахилгаан хүлээж авдаг хэрэглэгч. Гэтэл ухаалаг сүлжээ яагаад хэрэг болж байна вэ гэхээр зарим тохиолдолд хэрэглэгч өөрөө цахилгаан үүсгэх бололцоотой. Жишээлбэл, салхин сэнсний үүсгүүр тухайн хэрэглэгчид байлаа гэхэд хэрэглэгч их салхитай үед өөрийн хэрэгцээнээс илүүг үйлдвэрлэх тохиолдол гардаг. Тэр үедээ илүүдэл цахилгаанаа буцаагаад сүлжээнд нийлүүлж болно. Ингэснээр цахилгаан сүлжээ хэрэглэгчийн цахилгааныг авч хаана илүүдэл, хаана дутагдал байна тэр рүү ухаалгаар зохицуулдаг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг урсгалтай цахилгааныг хоёр урсгалтай болгож илүүдлээ буцааж өгнө.

-Энэ системийг одоо хаана хэрэглэж байгаа вэ. Монголд хэрэглэх боломж бий юу?

-Африк тивийн өмнөд хэсгийн улс орнуудын сүлжээг ашиглан судалгаа хийсэн. Хоёр урсгалт олон үүсгүүрт системээс гадна, аль нэг зангилаа нь террорист халдлага буюу санамсаргүй саатлаас болоход системийн бат бэх байдлыг шалгах боловсруулсан арга юм. Аргачлалаа боловсруулж туршихдаа Америкийн зүүн хойд мужууд буюу Нью-Йорк, Массачуссетс муж, Канадын зүүн хэсэг дээр онолоо туршиж үзсэн. Кэмбрижийн Их сургуульд онолын математикаар хамгаалсан эрдэмтэн бид хоёр миний докторын ажлын бүтээл дээр тулгуурлан боловсруулсан юм. Онол маань зөв байна гэдгийг Хойд Америкийн тивийн дата дээр шалгасны дараа Африк тивийн улсууд дээр ажилласан. Тухайн төсөл дээр ажиллаж байхдаа Монголынхоо сүлжээний бат бэх байдлыг шалгая гэж байх үедээ эх орон руугаа буцах болчихсон. Ер нь бол энэ судалгааг цаашид академик түвшинд судлах бололцоотой.

Categories
мэдээ цаг-үе

Р.Отгонтулга: Манай IT инженер 30 удаа“E-barimt” сугалааны азтан болсон гэдэг нь худлаа

Манай улс татварын асуудлыг цэгцэлж “E-ba­rimt” системд шилжсэн. Энэхүү систем хэрэгжсэнээр ихэнх аж ахуйн нэгжийн данс, тооцоо ил болж товчхондоо хуулийн дагуу татвараа төлдөг процесс бий болсон хэмээн олзуурхаж байгаа. Гэвч сүүлийн үед “E-barimt”-тай холбоотой сөрөг мэдээллүүд цацагдах боллоо. Тиймээс Гааль, татварын мэдээлэл технологийн төвийн захирал Р.Отгонтулгаас дараахь тодруулгыг авлаа.

-“E-barimt” системийг иргэд хэр идэвхтэй ашиглаж байгаа вэ. Энэхүү системийн талаар хамгийн сүүлийн үеийн баримт мэдээллийг та хүргэхгүй юу?

-Энэ системийг хэрэглэж байгаа 800 мянган айл өрх бий. Мөн 56 мянган аж ахуйн нэгж “E-barimt” системийг хэрэглэж байна. Хуучин НӨАТ-ын падаан ашигладаг байсан байгууллага хоорондоо одоо энэ системийг ашиглаж байна. Бид дунджаар 18 сая баримт хэвлэдэг, цуглуулдаг томоохон системийг Монгол Улсад бий болгочихоод байна шүү дээ. Улсын төсөвт бүрдүүлэх төлөвлөгөөгөө 96 хувьтай биелүүлээд явж байна. Гол нь НӨАТ. Энэ ачааллыг иргэдийн оролцоотой хийж өгч байна. Та худалдан авалт хийгээд баримтаа гэртээ очоод бүртгүүлээд сууж байна гэдэг чинь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны ажлыг хийж байна гэсэн үг. Бүртгүүлэх тоолонд та тухайн байгууллагын орлогыг бүртгүүлж, мэдээлж байгаа юм. Иргэн маань буцаагаад хоёр хувиа авах эрх хуулийн дагуу үүснэ. Ийм том тогтолцоог хэрэгжүүлж байна.

-Сүүлийн үед НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт орно. Иргэдийн хоёр хувийн буцаан олголт болон “E-barimt” сугалааны тохирол ч зогсоно гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Иргэдийг ингэж үндсээр нь хөдөлгөчихөөд зүгээр л зогсоочих ажил байсан юм гэж үү?

-Анх удаа иргэд НӨАТ-ын хоёр хувийн ойлголтоо авах боломж үүссэн. Өнгөрсөн есөн сарын турш ажилласнаа бид эргэн харвал маш том үр дүн харагдана. Хуулийн талдаа ч иргэдийн идэвх талдаа ч ийм өндөр байхад энэ системийг зогсооно, өөрчилнө гэдэг маш буруу. Энэ бол худал, цуу яриа. НӨАТ-ын хуулийн өөрчлөлтийн талаар огтхон ч яригдахгүй байгаа. Тиймээс иргэд 2017 оны эхний улиралд НӨАТ-ын хоёр хувийн буцаалтаа авах тал дээр бат итгэлтэй байх хэрэгтэй. Яагаад гэвэл хууль маань байна.

-Хууль яагаад өөрчлөгдөхгүй гэж. Таны иргэдэд өгч байгаа баталгаа ямар үндэслэлтэйг сонирхож болох уу?

-Огтхон ч яригдахгүй байгаа. Ташаа мэдээлэл. Иргэд элдэв худал мэдээлэлд битгий итгээсэй гэж хүсч байна. Ерөөсөө л аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх механизм боловсронгуй болсон. Энэ том ололт. Хуучин НӨАТ-ын падаанаас болж хичнээн аж ахуйн нэгж ямар асуудалд орж байсан билээ. Бид бүхэн мэдэж байгаа шүү дээ. Ийм нөхцөл байдал руу, буцааж ухарсан алхам хийхийг оролдсон нөхдүүд л худал яриа гаргаж байгаа нь ойлгомжтой.

-Та татварын системд 56 мянган аж ахуйн нэгж бүртгүүлсэн байгаа гэсэн. Ер нь татвар төлөх ёстой хичнээн мянган аж ахуйн нэгж байдаг юм бэ?

-Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй мянган аж ахуйн нэгж байдаг. Үндсэндээ 70 орчим хувийг нь НӨАТ-ын системд хамруулсан гэж хэлж болно.

-Бараг жил болох гэж байхад бусад нь яагаад энэ системд нэвтрэхгүй байгаа юм бэ?

-Бусад аж ахуйн нэгжүүдийн хувьд ихэнх нь хувь хүний нэр дээр бүртгэлтэй байх жишээтэй. Тухайлбал, Нарантуул олон улсын худалдааны төв баримтын системд ороогүй байна. Зуун айлд байрлах барилгын худалдааны төвүүд байна. Энэ мэтчилэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 22 худалдааны томоохон төв энэ системд хамрагдаагүй байгаа.

-Ямар нэг шаардлага тавьдаг юм уу. Энэ худалдааны төвүүд иргэдийн худалдан авалтын гол хэсэг шүү дээ?

-Манай байгууллагын хувьд мэдээлэл, технологийн иннавоцийг хөгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Энэ чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж, мөрдүүлэх үүрэгтэй агентлаг нь Татварын ерөнхий газар. Тэгэхээр дээрх газрууд энэ чиглэлдээ төлөвлөсөн тодорхой ажил хийж байгаа байх. Мэдээж дээрх асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой. Хамгийн гол нь бүгд хуулиа тэгш мөрдөх ёстой. Нэг хэсэг нь хуулиа идэвхтэй хэрэгжүүлж, нөгөө хэсэг нь ард хоцроод улсын ажлыг хойш татаад байж болохгүй.

-Саяхан танай IT инженер 30 удаа “E-barimt” сугалааны азтан болсон гэх мэдээлэл байна. Үнэхээр тийм зүйл болсон уу?

-Манай IT инженер 30 удаа “E-barimt” сугалааны азтан болсон гэдэг нь ор үндэсгүй худал мэдээлэл.

-Дэлгүүрийн касс, шатахуун түгээх газрын ажилтнууд хэдэн мянган сугалаа бүртгүүлж, олон удаа азтан болж байгаа. Үүнийг мөн л зохицуулах хэрэгтэй юм шиг?

-Татварын ерөнхий газар хариуцна л даа. Манайхаас мэдээж ямар сугалаа азтан болсон зэрэг холбогдох бүх мэдээллийг явуулдаг.

-“E-barimt”-ын сугалааг хэрхэн явуулдаг юм бэ. Инженерүүд программ дээр ажиллаж байгаа юм чинь өөрийн сугалааны дугаарыг унагаах боломжтой юм биш үү?

-Иргэд сугалааны тохирлыг их амархан схемээр явагддаг юм шиг ойлгодог. Би яг ямар журмаар сугалааны тохирол явагддаг болохыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгье.Бөмбөг үлээх замаар бид сугалааг зохион байгуулдаг. Тухайн үед хяналтын хэд хэдэн байгууллага ажилладаг.Татварын ерөнхий газар, Гаалын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Сангийн яам, иргэдийн төлөөлөл гэсэн хяналттай сугалааны тохирол явагддаг. Эдгээр төлөөллийн гарын үсэгтэйгээр тухайн үлээгдсэн тоог баталгаажуулаад азтан болсон иргэдийн систем дээр та азтан боллоо гэсэн мэдээллийг нэгдсэн журмаар илгээдэг. Мөн системд бүртгэлтэй гар утасны дугаар руу нь та азтан боллоо гэсэн мессэжийг нэгдсэн журмаар явуулдаг болсон байгаа. Дараа нь орж ирсэн тоонуудыг ялгаад Татварын ерөнхий газрын Орлого хяналтын газар очно. Ингээд Сангийн яамны Төрийн сангаар хянагддаг. Энэ бүхний эцэст Төрийн сангаас азтан болсон иргэдийн мөнгийг гуйвуулах ажлыг гүйцэтгэдэг. Үндсэндээ таваас зургаан хяналтын механизмын шатлал дор сугалааны тохирол явагддаг. Иргэдийн яриад байгаа шиг шүүрэн шанага шиг, хаа хамаагүй хүссэн хүнийг азтан болгодоггүй. Бүх зүйл хууль, журмын дагуу л маш хатуу хяналттай явагддаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Энэ нэг компанийн ажил биш. Төрөөс зохион байгуулж буй том ажил. Ташаа мэдээллээс болж иргэдийн оролцоо буурах вий гэдэгт санаа зовж байна.

-Анх худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлээгүй байсан ч сугалааны тохиролд оролцдог байсан. Гэтэл журамд өөрчлөлт оруулж баримтаа системд бүртгүүлсэн тохиолдолд сугалаанд оролцдог болсон. Яагаад журамд ийм өөрчлөлт оруулах болов оо?

-Иргэд баримтаа бүртгүүлж байж сугалаанд оролцох эрх үүсэх журмын өөрчлөлтөөр зохицуулагдах болсон. Яагаад гэвэл баримтаа сугалааны тохирлоос өмнө системд бүртгүүлээгүй нөхөж бүртгүүлдэг байсан нь хуурамч баримт гарч ирэх гол шалтгаан болсон шүү дээ. Тэгэхээр нөхцөл байдалд тааруулж журамд өөрчлөлт оруулсан.Харин хоёр хувийн буцаан олголт бол та худалдан авалт хийсэн баримтаа тухайн жилдээ л амжаад бүртгүүлчихвэл таны НӨАТ-ын буцаан олголт хуулийн дагуу орох боломжтой.

-Журамд өөрчлөлт оруулсан нь нэг талаараа иргэдийн эрхийг хязгаарлаж байгаа мэт. Худалдан авалт хийсэн л бол сугалааг хонжворт тохиролд оруулж болдоггүй юм уу?

-Өмнө нь иргэдээс их гомдол ирдэг байсан. Зөвхөн баримтаа бүртгүүлсэн иргэдийн дунд сугалааны тохирлыг явуулж болдоггүй юм уу, сугалаагаа бүртгүүлэхгүй хаячихаад байгаа тэр хүмүүсийн баримтыг заавал сугалаанд оруулах хэрэг байна уу гэхчилэн. Харин журамд өөрчлөлт оруулснаас хойш ямар нэг гомдол иргэдийн зүгээс ирэхээ больсон. Тэгэхээр шинэ журам иргэдийн эрхийг ямар нэг байдлаар хязгаарлаж байгаа гэж бодохгүй байна. Харин ч сугалаа шударга явагдаж байгаа гэж ойлгодог. Иргэд итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Энэ хэсэг бүлэг хүмүүс, нэг компанийн ажил биш. Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй том ажил. Татварыг цэгцэлж буй том схем. Бид үр дүнг бодитоор харж байна. Энэ л том амжилт.

-Одоогоор иргэдэд хичнээн төгрөгийг сугалааны хонжвороор олгоод байна вэ?

-Наймдугаар сарын сугалааны тохирлын дараагаар 53 мянган айл өрх азтан болсон байна. 14 удаагийн сугалаа явагдаж иргэдийн дансанд нийт 2.2 тэрбум төгрөг орсон байна. Цаашдаа томоохон худалдааны зах, төвүүдийг энэ системд шилжүүлэх хэрэгтэй. Ингэснээр иргэдийн татварын буцаан олголтын хувь хэмжээ өснө. Олон улсад системийг их үнэлж байгаа. Манайхан дотроо элдэв цуу яриа гаргаж шүүмжлээд байгаа боловч хийчихсэн технологийг аваад үзэх юм бол их том амжилт. Олон улсад үнэлэгдэж байна. Уганда, Славок, ОХУ зэрэг улсууд ийм татварын системд шилжихийг хүсч, судалж байна. Тиймээс бид ийм том ажлыг эхлүүлчихсэн учраас технологио илүү боловсронгуй болгохын төлөө ажиллаж байна. Иргэд заавал баримт авч явахгүйгээр бүртгүүлэх хувилбарыг бид бий болгохоор ажиллаж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Хамгийн олон хил зөрчигч барьсан домогт хурандаа

“Ёлтын ам, Сонгинотын бэлчир гэж уул, ус, ургамал тэгширсэн сайхан нутаг байдаг юм. Зэрлэг ан амьтны диваажин болсон газар. Хаашаа л харна халиун буга сүргээрээ бэлчиж, хэрэм, туулай, зэрлэг гахай тэргүүтэн хаа сайгүй гүйлдэнэ. Жалга судаг болгоноор булаг шанд оргилон ундарч, голын ус шаагин урсдаг тийм л жаргалын орон баруун хязгаар нутагт байдаг юм аа. Бүр тодруулж хэлэх юм бол, Алтай Таван Богдын мөнх цаст оргилуудыг давж арай гэж хүрдэг буйд холын газар. Тэнд л хил манах хэцүүхэн бөгөөд хүндтэй үүрэг хариуцлагыг үүрч явсан хилчин хүн дээ, ах нь” гэж Монгол Улсын гавьяат барилгачин, хилийн цэргийн хурандаа С.Самдандовжид ярив. Туулж өнгөрүүлсэн амьдралынхаа ихэнх хугацааг Монгол Улсын торгон хилийн шугам дээр өнгөрүүлсэн нэгэн. Тэрбээр хамгийн олон хил зөрчигч барьсан гэдгээрээ хилийн цэргийн түүхэнд тод мөрөө үлдээсэн онц хилчин.

Хурандаагийнд өнжихөөр хотын захад байх гэрт нь очлоо. Тэр хавьдаа л хамгийн хөдөлмөрч айл гэдэг нь барьсан хашаа, хорооноос нь бэлхнээ мэдэгдэнэ. Цэлийсэн том хашаатай юм байна. Хашаагаараа дүүрэн мод тарьжээ

Зүүн урд захад нь хэдэн жилийн өмнө чацарганы мод тарьсан юм байна. Чацарганы жимс багсайтал ургачихсан байх аж. Харин хашааныхаа урдуур үхрийн нүдний мод суулгажээ. Өнгөрсөн долоо хоногт жимсийг нь түүчихсэн гэнэ. Харин хашааныхаа баруун урд захад улаан лооль, өргөст хэмх, байцай зэрэг нарийн ногоо тарьсан байна. Мөн хүлэмжиндээ энэ өвөл хаврынхаа хэрэгцээг бүрэн хангах хүнсний ногоо тариалжээ. Сүүдрэвч барьж, амрах сандал ширээ, явган хүний зам, нарны толиор цэнэглэж асдаг гэрэл гээд л тэр хашаанд байхгүй юм алга. Гоёл чимэглэлийн зорилгоор ногоон, цагаан судалтай хаш чулуу ч тавьжээ. Гурван машины гарааш, хоёр давхар байшин, цэцгийн мандал гээд л хурандаагийн хашаанд юм бүхэн байна. Чөлөөндөө гарсан цагаасаа хойш өөрийнхөө гараар энэ бүгдийг хийсэн гэнэ. Хүүхдээрээ байхаасаа эхлээд хилийн отряд, застав дамжиж тогтсон гэр оронгүй явсан цаг хугацаагаа нөхөх гэж зүтгэсэн нь биеллээ олсон уу гэлтэй болжээ.

ТУУЛЖ ӨНГӨРҮҮЛСЭН АМЬДРАЛ БУЮУ ХИЛЧИН БОЛСОН ТҮҮХ

Ингээд С.Самдандовжид хурандаагийн гэрт орлоо. Гэрийн эзэгтэй “Дээшээ суу. Цай уу” гээд л сандарч байгаа бололтой. Сэтгүүлчид ирэх гэж байна гэж сонсоод хоол, цай бэлдсэн гэнэ. Хоёр давхар байшиндаа хоёр хөгшин хоёулхнаа амьдардаг юм байна. Хүүхдүүд нь амралтын өдрүүдээр аав, ээж дээрээ ирдэг аж. Ингээд бид хаана төрж өссөн, хилийн цэрэгт анх хэрхэн орж байсан талаар хөөрөлдөж эхэлсэн юм. Гэрийн эзэн Завхан аймгийн Сонгино сумын Баян-Айраг бригад Хангайн нуруу, Ханхөхийн нурууны дунд төрж өссөн нэгэн. Хэдэн үеэрээ малчин байсан айлын үр удам гэнэ. Тэрбээр эцэг, эхээс арвуулаа аж. Аав Самбуу нь өөрөө оролдож байгаад бичиг үсгийн боловсролтой болж бригадын агент, сургуулийн нярав зэрэг ажил хийдэг байсан аж. Харин С.Самдандовжид гуай Завхан аймгийн Нөмрөг сумын дунд сургуульд долдугаар анги төгсөөд хот руу Барилгын техникумд суралцжээ. 1971 оны ардын хувьсгалын 50 жилийн ойгоор сантехникийн техникч гэсэн мэргэжлээр төгсөөд Завхан аймагтаа очсон байна. Ардын хувьсгалын 50 жилийн ой болж байгаатай холбоотойгоор ЗХУ-аас найман иж бүрэн ерөнхий боловсролын сургуулийн барилга барьж өгсөн гэнэ. Завхан аймагт ангийнхаа гурван хүүхэдтэй очиж, уурын зуух хариуцсан механикчаар ажиллаж эхэлжээ. Сургуулийн уурын зууханд ажиллаж байхдаа долдугаар ангийн охинд сэтгэл алдарсан юм байна. Тэр охин нь эхнэр Ч.Шура нь гэнэ. Тэдний хайрын түүх ингэж л эхэлсэн байдаг ажээ. Дунд сургуулийн охинд сэтгэл алдарсан С.Самдандовжидыг хоёр жил ажиллаж байтал цэрэгт явуулчихсан байна. Шууд Өмнөговь аймгийн хилийн хамгийн урд цэг рүү алба хаалгахаар явуулчихжээ. Дархан хилээ манахын сайхныг тэнд л анх мэдэрсэн хэмээн бахархангуй ярьж суув. Эндээс л түүний амьдрал хилийн цэрэгтэй холбогдсон байна. Хилийн цэрэгт алба хааж байх хугацаа нь хүйтэн дайны он жилүүд байжээ. Монгол, Хятад гэх хоёр улс хэзээ мөдгүй дайтах гэж байна гэх яриа гарчихсан. Монголын арми урд хилээрээ цэргүүдээ байршуулчихсан байв. Хятадууд дайрах гэж байна гээд л байнга сургуулилт хийлгэж байжээ. Тухайн үед манай улс социалист нийгэмтэй улсын хамгийн эхнийх нь байсан. Хилийн цэргийг татан буулгаж олон жил болсны дараа буюу 1967 онд эргүүлэн сэргээсэн байдаг. Хилийн цэрэгт боловсон хүчин дутагталтай болчихсон үе байв. Ингээд 100 шижигнэсэн залууг 1973-1976 онд ЗХУ-д Хилийн цэргийн дунд сургуульд явуулсан байна. Тэднийг нэг нь С.Самдандовжид гэнэ. 1976 онд сургуулиа төгсөж ирээд Сулинхээрийн отрядад хуваарилагдсан байна.

Тэрбээр цэрэгт байхдаа, хилийн цэрэгт татагдсанаасаа хойш ч Ч.Шуратайгаа захиагаар байнга харилцдаг байжээ. Ингээд ууган хүү С.Золбоо нь Сулинхээрийн отрядад төрсөн байна. Сулинхээрийн отрядад томилогдож очсоноос хоёр жил өнгөрч байтал нийслэл хот руу 05 дугаар ангид ротын захирагч болгон томилжээ. Тухайн үедээ хилийн цэргийн зодоон цохион хийдэг, архи уудаг гээд ер нь л болж бүтэхгүй залуус цугласан ротын захирагч болсон байна. Сахилгагүй залуусыг зөв чиглэлд оруулан хүмүүжүүлж байтал 182 дугаар ангийн ротын дарга болгочихжээ. Тус ангид тухайн үед хүн амины хэрэг гарчихсан. Цэрэг нь дарга нарынхаа үгийг тоохоо байчихсан үе байсан гэнэ. Тэрбээр хүнтэй хэрхэн харилцаж, яавал арга эвийг нь олох вэ, ямар хүнд зөөлөн хандвал чих нь улам зөөлөрч, ямарт нь ширүүлхвэл номхон дөлгөөн болдог вэ гэдгийг тэр ангид байхдаа хамгийн сайн мэдэрсэн аж. Ингээд 182 дугаар ангийнхаа ажлыг сайжруулж, эмх цэгцэнд нь оруулаад ЗХУ руу дээд курст сурахаар явжээ. Дээд курсээсээ ирээд тавдугаар отряд буюу Ховдын Булганд Боловсон хүчний офицероор томилогдон очиж Булган суманд очсон жил буюу 1983 онд охин С.Солонго нь мэндэлсэн байна.

Хилийн цэргийн боловсон хүчний офицеруудын дунд болсон тэмцээнд гурван жил дараалан түрүүлжээ. ЗХУ-ын Цэргийн академи руу шалгалт өгөх эрх нь ингэж нээгдсэн байна. Ингээд цэргийн академи руу явах шалгалт өгчээ. Тэгсэн арын хаалга ороод явж чадаагүй байна. Шалгалт өгсөн нэг офицер Б.Дэжид генаралын ойрын хамаатан байсан гэнэ. Түүнийг Цэргийн академи руу явуулахаар болжээ. Ингээд Б.Дэжид генералд өргөдөл бичсэн байна. Тэрбээр “С.Самдандовжид намайг МАХН-аас хөөгөөд хилийн цэргээс халаад, нутаг усанд нь буцааж өгнө үү. Шударга зүйл энэ намд алга” гээд бичээд явуулчихжээ. Уулзсан хүн болгон “Чи ч ингээд дууслаа даа. Нам засгийн удирдлага руу ийм өргөдөл бичдэг бөх зүрхтэй хүн чамаас өөр байхгүй” гэж л байж гэнэ. Тэгсэн төд удалгүй Б.Дэжид генаралаас өргөдөлийн хариу иржээ. Хариуд “Таны өргөдлийг намын төв хороо шалгаж үзлээ. Таны зөв байжээ. Ирэх жил шалгалтгүйгээр Цэргийн академид явах эрх олгож байна” гэжээ. Ирэх жил нь ЗХУ-ын Москва хотод М.В.Фрунзийн нэрэмжит Цэргийн академи руу явах гэтэл П.Даш генаралыг явуулахаар болсон байв. Тэрбээр дарга нарын хаалганд хүчин мөхөстөж ар талын академи руу явжээ.

Гэр бүлийн хамт

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 62 МЯНГАН ИРГЭН НҮҮХ ҮЕИЙН ОТРЯДЫН ДАРГА

Сургуулиа төгсөөд эргэж ирээд нэг жил болж байтал 1990 оны Ардчилсан хувьсгал болж нийгэм даяараа эмх замбараагүй байдал бий болжээ. Ардчилсан хувьсгалтай зэрэгцээд Баян-Өлгий аймагт үндэстний хувьсгал гарч, их үймээн болсон үед отрядын даргаар түүнийг томилон явуулжээ. Баян-Өлгийчүүд төв талбай дээрээ өлсгөлөн зарлаад “Баян-Өлгий аймгийг бүх салбарт казах хүн дарга болох ёстой. Үүний төлөө тэмцэнэ” гээд цагдаагийн даргаасаа эхлээд бүх албан тушаалтныг казах хүн болгочихсон байж. Мөн “Баян-Өлгий аймгийн өөртөө засах орон болгоно. Энд байгаа монголчуудыг бүгдийг хөөж явуулаад Казахстаны нэг аймаг болгоно” гэсэн яриаг хэт их үндсэрхэг үзэлтнүүд гаргаж, түүнийг нь жирийн иргэд дэмжиж байсан үе гэнэ. Мөн тус аймгийнхан Казахстан руу хэдэн мянгаараа нүүдэллэж байжээ. Тэр үед төрийн албанд ганц монгол дарга байсан нь отрядын дарга С.Самдандовжид байжээ. Баян-Өлгий аймагт “Мориндоо мордоцгооё”, “Атаныхан”, “Хаж мөргөлийнхөн” гээд хэд хэдэн бүлэглэл бий болсон гэнэ. Монгол Улсаас Казахстан руу нүүх эрхийг нь чөлөөтэй олгочихсон. Казахстанаас өдөрт 12 онгоц ирээд буцдаг. Айлууд гэр орон байшингаа нураагаад явж байсан гэнэ. Тэрбээр 62 мянган казах иргэнийг нүүлгэх ажлыг Монгол Улс талаас хийсэн хүн юм байна. Баян-Өлгий аймгийн зарим иргэн дээш нь янз бүрийн байдлаар матаас бичиж, цэргийн шүүх рүү явуулах гэж оролдоно. Гэрийнх нь хаалга, цонхыг эвдэж сэтгэл зүйн дайралт хийх гэж оролддог үе ч цөөнгүй байжээ. Төрж өссөн нутаг руугаа явах гэж сэтгэл нь цаашаа болчихсон хүмүүсийн гаргаж буй ааш авир, үйлдэл маш хэцүү байсан тухай онцлон ярьсан юм. Үндэстний хувьсгал хийгдэх дээрээ тулж, иргэд нь Казахстан руу нүүж, Монголын төр засгийн хүч суларсан ийм хүнд цаг үед С.Самдандовжид хурандаа Баян-Өлгий аймагт ажиллаж байжээ. Баян-Өлгий аймгийн урианхай айлууд түүнийг цагаан эсгий дэвсэж гэртээ оруулж, Баян-Өлгий аймагт ирж болохгүй дөрвөн хүний нэг хэмээн яригдаж байсан ажээ. “Хилийн цэрэгт ажиллаж байсан он жилүүдийн хамгийн хүнд хэцүү нь Баян-Өлгий аймгийн нүүдэл хийгдэж байсан цаг” гэж С.Самдандовжид хурандаа тодотгож байна лээ.

Гэрийн эзэгтэй Ч.Шура бидний яриан дундуур орж ирэн ийн ярив. “Эгч нь хар бага наснаасаа л энэ хүнийг дагаж хилийн застав, отрядаар явсан хүн. Хэцүү бэрх болгоныг хамтдаа туулж өнгөрүүллээ. Манай хүн хүнд өндөр шаардлага тавьж хатуу үг хэлнэ. Үүнээсээ болоод зарим хүний дургүйг хүргэдэг муу зантай хүн дээ” гээд инээв. Биднийг ийн ярилцаж байтал хурандаагийн утас дуугарав. Хилийн цэргийн найз хурандаа нар нь ярьж, хилийн цэрэгт сүүлийн үед хийгдэж байгаа томилгооны асуудлаар санал солилцох ажээ. “Тэр уг нь хилийн цэргээ сайн мэдэх залуу байгаа юм. Тэр бүтэхгүй ээ. Тэрний оронд өөр хүн тавих ёстой юм” гээд л ярих. Мөн амралтын өдрүүдэд дүүгийнхээ хэдэн хүүхдийг олж ирэх талаар ч ярилцав. Гэрийн эзэгтэй “Манай хоёр хүүхэд хүнтэй суухгүй юм. Бид хоёр ач, зээ мөрөөдөөд байдаг. Гадаадад их олон жил сургуульд сураад тэндээ амьдарч байгаад ирсэн. Манай хүү С.Золбоо буудлагын олон улсын хэмжээний мастер цолтой. Охин нэг компанид ажиллаж байна даа. Бид хоёр хүүхдийн мөрөөсөл болсон хүмүүс ах, дүү нараасаа хүүхдүүдийг нь гуйгаад л сууж байдаг юм” гэв.

Хил зөрчин орж ирж байгаа БНХАУ-ын иргэдийн барьж байгаа нь

ДӨРВӨН МЯНГАН МЕТРИЙН ӨНДӨР УУЛЫГ ДАВЖ ХИЛ ЗӨРЧИГЧ БАРЬДАГ БАЙЖЭЭ

Бидний яриа Хилийн цэрэгт ажиллаж байсан үе рүү эргээд оров. С.Самдандовжид хурандаа хилийн цэргийн түүхэнд хамгийн олон хил зөрчигч барьсан гавьяатай нэгэн. “Ёлтын ам, Сонгинотын бэлчир газар манай улсын баруун хойд захын нутаг. Цэнгэл хайрхан уулын цаад дор дөрвөн мянган метр өндөр мөнх цаст уулын цаана байдаг нэн ховор амьтад, байгалийн баялаг бүрдсэн газар. Хил хамгаалах албаныхан гурван сар л тэнд хамгаалалт хийх боломжтой. Бусад үед нь дөрвөн мянган метр өндөртэй цаст даваа хаагдаад явах боломжгүй. Хамгаалах эзэнгүй болоод есөн сарын хугацаанд хятадууд орж ирэн амьтныг нь агнаж, алтыг нь ухаж, бугын эвэр түүж дураараа аашилдаг байжээ. Хятадын талаас ямар ч саадгүй Ёлтын аманд хүрээд очдог байна. С.Самдандовжид хурандаа хилчин залуусаа дүн өвлийн хүйтэнд цаст уулсыг давуулах эхлэлийг тавьжээ. Отрядын дарга хүн дөрвөн мянган метрийн өндөрт мацаж зам гаргаад цэргүүдээ оруулж, хил зөрчсөн хятадуудыг бариулдаг байжээ. Жилд нэг, хоёрхон хил зөрчигч барьдаг байсан Баян-Өлгий аймгийн хилийн отряд жилд 70 гаруй жил зөрчигч барьж байж. Хилийн цэргийн түүхэнд С.Самдандовжид гуай 168 хил зөрчигч барьснаараа тэргүүлж, уулчин Жуков 90 гаруй зөрчигч барьснаар удаалдаг байна. Хил зөрчигчдийг бариад байхаар Хил хамгаалах ерөнхий газраас сурвалжлагч, зурагчин хамт явуулж хил зөрчигчийг хэрхэн барьж байгааг сурвалжлуулах үүрэг өгдөг болсон байна. Сурвалжлагч, гэрэл зургийн сурвалжлагч очсон үед нь хил зөрчигчид таарч, хэн хэн нь олзтой буцдаг байсан талаар ч ярьсан юм. С.Самдандовжид хурандаагийн чиглэлээр Даянгийн заставынхан бүгд онц хилчин болж байсан түүхтэй аж. Түүний хил зөрчигч барьдаг арга их сонин гэнэ. Хил зөрчигчийг балмагдуулж байгаад барьж авдаг байж. Хэдэн талаас нь бүсэлж байгаад толгой дээгүүр нь буудахаар ямар ч хүн толгойгоо дараад хэвтээд өгдөг байна. Тэгээд гараа өргөөд зогсох үед нь барьж авдаг гэнэ. Хоёр, гуравхан минутад амжиж барихгүй бол алдчихдаг ажээ.

Гэрийн эзэгтэй Ч.Шура 1974 оноос хойш нөхөртэйгөө үзсэн кино, тоглолтын бүх тасалбараа хадгалжээ. Цуглуулга нь мянга гарсан байна лээ. Завхан аймгийн соёлын төвд болсон урлагийн наадам гээд л сүүлийн үеийн тоглолтуудын билет хүртэл хадгалаатай байна лээ. Гэрийн эзэгтэй сайхан дуулдаг гэнэ. Бүх ард түмний наадмаас мөнгөн медаль хүртэж байсан аж. Мөн сүүлийн жилүүдэд өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж, гэртээ төрөл бүрийн цэцэг тарьсан байна лээ. Мөн хоёр давхрынхаа шилэн хаалт бүхий тагтан дээр хамтдаа сууж өөрдийнхөө тарьж ургуулсан ногоон байгууламжийг харах дуртай гэж бидэнд ярьсан юм. С.Самдандовжид хурандаа жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Монгол Улсын Гавьяат барилгачин цол тэмдгээ гардан авсан. Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа “Монгол Улсын дархан хилийг хамгаалах, бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд ухамсарт амьдралаа бүрэн зориулж, хилийн найман отряд, 25 застав, 40 гаруй харуулын байр барих ажлыг гардан удирдсан хурандаа” гэж цохон тэмдэглэсэн байдаг. Тэрбээр баруун хилийн ихэнх отряд, заставыг барьсан гэсэн. Түүнийг хамт ажиллаж байсан хилийнхэн нь “Зүгээр сууж чаддаггүй хүн” гэж тодотгон хэлдэг юм билээ.

Мөн буурал хурандаа төр нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын ойрын найз явсан талаараа ярив. Уламжлалын нэгдсэн намд элсэж, хэсэг улс төржөөд авсан гэнэ. Завхан аймагт хоёр ч удаа УИХ-д нэр дэвшиж явсан аж. Тэрбээр “О.Дашбалбар найз маань “Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ” гэх алдарт шүлгээ чамд энэ шүлгээ зориулж бичсэн юм шүү гээд гарын үсгээ зураад өгч байсан юм. Одоо ч бичгийн машинаар шивсэн гарын үсэгтэй шүлэг нь манайд байгаа. Сүүлийн үед их л олон хүн надад зориулж бичсэн гээд ярьж байгаа харагддаг юм. Би ч тэдэн дунд орохгүй гээд чимээгүй л байдаг даа. Олон ч аавын хүүхдүүдтэй найзалж явна даа. О.Дашбалбар шиг гэнэн томоогүй мөртлөө цог хийморьтой хүн ховор шүү” гэв. Намрын усархаг бороо шаагин орох ажээ. Цонхоор харахад бүрий болж нар хэдийнэ жаргасан байв. Бид ч өнжиж буй айлаасаа явсан юм. Хилчин хурандаагийн “Монголынхоо торгон хил дээрээс нар мандахыг харж зогсоод “Миний ард эх орон минь байгаа шүү” гэж бодох даанч сайхан байдаг даа” хэмээн хэлсэн үг сэтгэлд тодхон үлдэв.

Categories
мэдээ улс-төр

Далай вангууд маань цөмөөрөө бичиг эрдэмд тааруухан

Хуучин хүрээнийхний нэг яриаг уншиж байсан санагдана. Богдын Засгийн газрыг шүүмжилсэн яриа л даа. Хүрээнийхэн “Далай ван Гомбосүрэн бичиг эрдэмд тааруухан. Гэхдээ Богдод их дотно. Богдын морийг уядаг” гэж шоолцгоодог байж. Яагаад ч юм, одоогийн энэ Засгийн газрыг харахаар өнөөх уншиж байсан хууч яриа өөрийн эрхгүй санаанд орж, инээмээр ч юм шиг, уурламаар ч юм шиг болох юм. Одоо цагийн Далай вангууд маань бичиг эрдэмд тааруухан байна уу, үгүй юу. Мэргэжлийн Засгийн газар хэмээн сүртэй гэгч нь зарлаж байснаа Морь уяачдын Засгийн газар боллоо гэж олон түмэн хэлэлцэх боллоо.

Манай уяачид төрийн бус байгууллагатай. Тэр нь зохион байгуулалтад орж ажилладаг байсан нь тэр чигтээ энэ Засгийн газарт яваад орсон бололтой харагдаад байх юм. Хийж байгаа ажлыг нь харахаар ингэж ч хориглоно, тэгж ч үнэ нэмнэ, татвар нэмнэ, тэгэж ч болохгүй, ингэж болохгүй байна гэж л ярьцгаасан улс. Сүүлдээ эцэг өвгөд, эмгэд хөгшдөөрөө тохуу хийж, доромжлоод ч байх шиг. Хамтын тэтгэврийн хуулийг байхгүй болгоно “Хоёр хөгшин бие биенээ хараад муухай юм бодоод сууна” гэж тайлбарласнаа “Насны хишиг” нэртэй болгож 70, 80, 90, зуун насаар нь ялгаж мөнгө олгоно гээд эхлэв. Нас, хүйсээр ялгаварлахгүй Үндсэн хуулийн заалт ч өнгөрлөө. Ер нь бол Ерөнхий сайд хоёр хөгшин тэтгэвэр авахын төлөө хоёр биенээ нухах юм боддог гээд хэлчихсэн л дээ. Ингэхийн сацуу хүүхдийн мөнгийг хасна болоод явчихлаа. Сүүлдээ бас л ялгаварлаж, баян ядуугаар нь ангилж өгөх юм болсон. Өмнөх эрх баригчдыг ингэж ялгах шийдвэр гаргах гэж байхад юу юу гэж шүүмжилж байлаа даа. АН-ынхан шүүмжлэлийг хүлээж авсан. Харин МАН-ынхан ярьж байснаасаа яг эсрэгээр шийдэлд хүрлээ. Сонгуулийн үеэр эрх барьж байсан намаа шүүмжилж, бүгдийг диваажинд амьдруулахын дайны амлалт өгсөн тэд үнэмлэхүй олонхи болж ялсныхаа маргаашнаас л “Үнэхээр хүнд хэцүү байсан юм байна. Эдийн засаг туйлдлаа, татвараа нэмье, төрийн албан хаагчдаа цөөлье, цалинг нь хасъя гэлцээд эхэлсэн. Эдийн засгийн хямралаас татвар нэмж, үнэ нэмж гардаггүй юм гэж олон түмэн шаагиад эхлэхээр дахиад ярьсан хэлснээсээ буцаад эхлэв. Үнэхээр л морь уях эрдэмтэй болохоос улс удирдах эрдэм тааруухан юм. АН-ыг эрх барьж байхад хийсэн аль гялайж гялтайх, иргэдэд хэрэгтэй байсан бүх шийдвэр, төсөл, хөтөлбөр, хуулиудыг үндсээр нь буруу болгож, өөрчилж, үгүйсгэж эхэллээ. Сайн малчин хөтөлбөрийг зогсоов. Ипотекийн зээлийг зогсоолоо гэснээ одоо үргэлжлүүлэхээр боллоо гэлээ. Орон нутагт зээлийн хүүг таван хувь байхыг хэвээр үлдээснээ нийслэлд хэдэн хувь байх нь тодорхойгүй л байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт ч олон иргэнийг орон байртай болгож, хотын утааг багасгахад хувь нэмрээ оруулж байв. Үүнийг үргэлжлэх боломжгүй гэснээ одоо болохоор судалж байна гэх юм. Харин утааг багасгахад юу ч зориулахгүй шинжтэй болоод явчихлаа. Ер нь тодорхой юм нэг ч алга. Бүгдийг болиулна гэснээ судалж байна л гэлцэх боллоо. Орон нутгийн сонгууль хүртэл судалгааны ажил нь үргэлжилж, сонгуулийн маргаашаас судалгааны дүн нь иргэдэд халтай гарах биз.

Төрийн албан хаагчдыг цөөлнө гэснээ ах дүү, хамаатан саднаараа дүүргэлээ. Төрийн албаны шалгалтыг МАН-ынх л биш бол ямар ч хүн сайн өгөөд ажилд очихгүй, шалгалтанд тэнцэхгүй. “Тийм хэлтсийн дарга, ийм газрын даргын албан тушаал байна. Тэдийг өгөөд энэ албанд очиж болно” гэлцдэг болсон гэнэ. Нөгөө 60 тэрбумаа л босгох нь тэр биз. Аз болж дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өслөө. Өслөө гээд ч эд олигтой юм хийхгүй нь. Төсөв мөнгөгүй гэчихээд нохойн сав бооход хэдэн тэрбумаар нь байлгаж болдог юм байна. Баар, рестораны хаах цаг хойшилсноор гэмт хэрэг харин ч буурсан үзүүлэлттэй байгааг цагдаагийнхан судалгааны үндсэн дээр хэлээд нэмэр болсонгүй. Иргэдийн саналаа хэлдэг 1111 дугаарыг ажиллуулахаа больж, энд тэнд ном хуруулж, шашин төрийг хослуулаад эхлэв.

Мэргэжлийн Засгийн газар гэж гарч ирээд сонирхогчдыг тэр дундаа уяач голдуу нөхдөөр танхимаа бүрдүүллээ. Улсынхаа сан хөмрөгийг телемеханикчаар бариулчихсан улс яаж ч өөдлөх билээ. Одоо гол хийж байгаа ажил нь АН-ын гэх угшилтай хүн бүрийг барьж, хорьж, шалгаж эхэлсэн явдал. Иймэрхүү л орж гарсан, больж сольсон байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байна. Засгийн газрын зуун хоног ч дөхөж байна. Бүхнийг нурааснаас өөр хийж гавьсан юм юу байгаасан билээ.

Харин Богдын морийг уядаг нь бол үнэн юм шиг байгаан, энэ улсууд. Уяач гэснээс наадмын тухай эргэн саная. Жинхэнэ наадам гоё болдог. Морь уралдах нь, бөх барилдах нь хүртэл суудлаас өндөлзүүлж, шаагиулдаг. Бүх юм гял цал, дуу хуур, наргиан хөгжөөн гэж жигтэйхэн. Сэтгэл догдлол тэнгэрт тулна. Хүсэн хүлээж, тэр жилийн түрүү бөх, түрүү морьдын тухай ярилцаж, уртын дуу тэнгэрт хадаж, аз жаргал бялхдаг. Маргааш нь уяачдын наадам гэж болдог. Жинхэнэ наадмын хаана нь ч хүрэхгүй хуурамч юм болно. Хэдэн уяачдыг баярлуулж байгаа л хэрэг юм уу даа. Бөх барилдлаа гэхэд цол нь буураад л. Шөвгийн дөрвөөс доогуурхан бөхчүүд болоод явчихна шүү дээ. Тэгээд ч улсын цол ч өгөхгүй. Морьд нь гэхэд жороо морьд уралдах дайны юм болно. Одоогийн энэ Засгийн газар уяачдын наадам шиг Засаг.

Гурван сар болоход хийсэн гэхээр юм алга. Үзээд өгье гэсэн ч гялайх гялтайх юмгүй. Өвөл хаяанд ирлээ. Барилдахаасаа таахалзах нь гэгчээр том том юм ярьсаар гурван сар бүтэлтэй юм нэг ч алга. Салбар хариуцсан сайд хэмээх хэдэн нөхөд юу ч хийгээгүй болохоор ярих ч юм байхгүй. Ярих гэхээр буруу зөрүү ярьчихна. Эцэстээ сэтгүүлчдээс зугтаж, загнадаг ч боллоо.

Байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл зүгээр л улс төр хийж, жүжиг тавьсаар өнөөдөр хүрлээ. Яг сонгууль болж байгаа мэт улстөржиж байна. Дараа жилийн наадам мөн ч хол байна даа гэдэг шиг Орон нутгийн сонгууль өнгөрөөд УИХ-ын сонгууль болоход мөн ч зай байна даа. Тэр хүртэл иргэд бид юу эсийг үзэж туулах бол. Юу эсийг сонсох бол. Уяачдаар удирдуулсан улс орон минь тэсдэг л байгаа. Далай вангуудаа бичиг эрдэмд суралцахыг хүлээвэл ирэх дөрвөн жилийг яажшуухан барна даа.

Categories
мэдээ нийгэм

“Нүдээ харахаасаа өмнө шүдээ харуулсан засаг, 100 хонож зулай нь битүүрэхээс өрсөн юу юуг хориглосон бэ?” гэсэн нийтлэл хэвдлэгджээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ингээд Өдрийн сонины даваа гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.

Тухайлбал, нэгдүгээр нүүрнээс Шунал тачаалаасаа болж долоон настай хүүгийн амийг захиалгаар хөнөөлгөжээ гэсэн гарчигтай сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Н.Гантулгын “Нүдээ харахаасаа өмнө шүдээ харуулсан засаг, 100 хонож зулай нь битүүрэхээс өрсөн юу юуг хориглосон бэ?” гэсэн нийтлэл хэвдлэгджээ.

Баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс “Эрдэнэт”-ийн 49 хувийн “хуйвалдаан”-д сайд Д.Ганбат оролцсон уу?” гарчигтай сурвалжлагыг сонирхон уншаарай.

Өдрийн сонины наймдугаар нүүрний “Энэ тухай” буланд гарсан “Ухаалаг утсыг хэт их хэрэглэвээс “хүзүүний диск”-тэй болно” гэсэн гарчигтай сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

Манай сонины 14 дүгээр нүүрний “Энэ тухай” буланд Б.Жаргалсайхан “БСБ Сервис” ХХК бизнесийн урт хугацааны төлөвлөлт хийж ажилласан учраас зах зээлдээ тэргүүлэгч болж чадсан” гэсэн гарчигтай ярилцлагыг сонирхон хараарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын ээлжит чуулган зурган илэрцүүдУИХ-ын намрын ээлжит чуулган ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. Чуулганы нээлтийн дараа үргэлжлүүлэн намын бүлгүүд хуралдаж байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаар саналаа нэгтгэх юм. Мөн энэ өдөр ажлын хэсэг хуралдах товтой байна. УИХ-ын үйл ажиллагааны ирэх долоо хоногийн хуваарийн дэлгэрэнгүйг хүргэе.

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; – Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 03-ны даваа гарагт болно. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.30 цагаас 334 тоот өрөөнд. 10 дугаар сарын 05-ны лхагва гарагт: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас 334 тоот өрөөнд.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 10 дугаар сарын 4-ний мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал:

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт; – Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлт; – Бусад /Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлах/. 3.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

Тогтвортой хөгжлийн зорилго /НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлэл хийнэ/; – Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар мэдээлэл хийнэ/.

10 дугаар сарын 5-ны лхагва гарагт:

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөнө.

Олон Улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/; – НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/; – Бусад /Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлах/.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 10 дугаар сарын 6-ны пүрэв гарагт 10.00 цагаас: – Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт; – Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлт; – Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Цэрэг татлага энэ сарын 21-нд эхэлнэ

Цэрэг татлага зурган илэрцүүдНийслэлийн Засаг даргийн захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна.

Мөн гэрээт цэргийн албанд “Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, “Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн иргэнээс авах шалгалтын заавар”-ын дагуу цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудыг элсүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Зургаан сартай хүүхдэд улаанбурханы вакцин хийнэ

Вакцин хийнэ зурган илэрцүүд

Энэ сараас улаанбурхан өвчний эсрэг вакциныг зургаан сартай хүүхдүүдэд 0 тунгаар хийж эхлэх талаар албаныхан мэдээлсэн юм. Энэхүү вакцины аян нийслэл болон баруун дөрвөн аймгийн зургаан сартай хүүхдүүдээс эхлэх юм байна. Жил бүрийн есдүгээр сарын дунд үеэс ханиад, томуу идэвхждэг. Энэ жилийн хувьд риновирусын халдвар зонхилж байгаа бөгөөд шуухитнаа их байгаа аж. Ханиад томуутай зэрэгцэн улаанбурхан дэгдэх магадлал өндөр байдаг билээ. Мөн энэ жил Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд албан бичиг хүргүүлэн, өнгөрсөн зун улаанбурханы дархлаажуулалтаас хоцорсон оюутнуудыг нөхөж хамруулахаар болсон.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд Лю Юньшан нар уулзалт хэлэлцээ хийлээ

УИХ-ын дарга, МАН-ын дарга М. Энхболд манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшанийг их жанжин Сүхбаатарын талбайд хүндэтгэн угтлаа.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүндэт зочныг угтан мэндчилсний дараа хамтдаа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Хүндэт зочин Лю Юньшан дараа нь “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд, БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшан нар Төрийн ордны хуралдааны “Их жанжин Д.Сүхбаатар” танхимд хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хүндэт зочин Лю Юньшантай Улаанбаатар хотод дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хүндэт зочин болон дагалдан яваа төлөөлөгчид, олон жилийн найрсаг харилцаатай хятадын ард түмэнд БНХАУ байгуулагдсаны 67 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн хүндэт зочны энэ удаагийн айлчлал нь сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэхэд үр дүнтэй чухал алхам болно хэмээн найдаж буйгаа илэрхийллээ. Энэ зун болсон УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол ардын нам УИХ-д үнэмлэхүй олонхийн суудал авч Засгийн газраа байгуулан Засгийн газрын 2016-2020 он хүртэлх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг батлаад байгааг УИХ-ын дарга хэллээ.

Хүндэт зочин Лю Юньшан хятадын үндэсний баярын өдрүүдэд Монгол Улсад айлчилж, хуучин танилтайгаа дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд БНХАУ-ын Дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нарын мэндчилгээг УИХ-ын даргад уламжлав.

Уулзалт хэлэлцээний үеэр талууд хоёр орны өндөр дээд түвшний уулзалтууд тогтмолжиж байгаад талууд баяртай байгаагаа онцлоод энэхүү уулзалтын давтамжийг хадгалах, хоёр орны хамтын ажиллагааг харилцан үр ашигтай байх зарчмын үндсэн дээр улам баяжуулан бүх шатанд өргөжүүлэхийн төлөө санал нэгттэй байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжин хууль тогтоох байгууллагын гишүүд, найрамдлын бүлгүүдийн харилцан айлчлал, уулзалтууд тогтмолжиж байгааг тэмдэглээд Монгол Улсын Их Хурал, БХАТИХ-ын хоорондын хамтын ажиллагааны анхны томоохон уулзалт өнгөрсөн онд Улаанбаатар хотод болж байнгын механимз бий болгосон, мөн Монголд болсон Ази, Европын парламентын түншлэлийн чуулга уулзалтад БХАТИХ-аас Байнгын хорооны дэд даргаар ахлуулсан төлөөлөгчдөө оролцуулсанд баяртай байгаагаа дурдлаа.

Тэрбээр Монгол Улс эдийн засгийн амаргүй нөхцөл байдалтай байгаа энэ үед уламжлалт харилцаатай БНХАУ-тай хамтран ажиллах шаардлага тулгарч буйг онцлоод Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгааг УИХ дэмжих болно гэлээ. Мөн эдийн засгийн үр өгөөжтэй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтарч хэрэгжүүлэхэд тааламжтай нөхцөл бүрдүүлж харилцан ашигтай хамтран ажиллах, өмнө нь яригдаж байсан төсөл, хөтөлбөрүүдийг шинэ нөхцөл байдалд зохицуулан боловсронгуй болгож хөдөлгөх арга замыг эрэлхийлэхийн төлөө байгаагаа дурдав. Түүнчлэн улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед урт хугацаатай хөнгөлөлттэй зээл тусламж авах, свот гэрээний хугацааг сунгах, орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг хятадын талд тавилаа.

Хүндэт зочин Лю Юньшан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаархи УИХ-ын даргын санал, байр суурьтай санал нэгтэй байгаагаа илэрхийлээд дэлхийн эдийн засгийн сэргэлт аажим алгуур байгаа өнөө үед хоёр тал хөгжлийн стратегиэ уялдуулан давуу талуудаа ашиглах замаар үр ашигтай хамтран ажиллах шаардлагатай байгаа, тийм боломж нөхцөл ч хоёр талд байгааг онцлов. Энэ үүднээс хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах талаар Засгийн газрын түвшинд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах нь чухал хэмээн үзэж байгаагаа хэллээ. Монгол Улсад тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад шаардлагатай туслалцаа үзүүлэх, тодорхой зохицуулалт хийх боломжтойг дуулгав. Мөн тэрбээр Монгол Улсын Их Хурал, БХАТИХ хоорондын хамтын ажиллагааны механизмын хоёр дахь уулзалтыг энэ жил Бээжин хотноо зохион байгууулахаар төлөвлөж байгааг УИХ-ын даргад дуулгаад энэ уулзалтад төлөөлөгчдөө оролцуулахыг хүслээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Б.Батзориг, Д.Сумъяабазар, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Энх-Амгалан, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, хүндэт зочныг дагалдан яваа албан ёсны төлөөлөгчид, албаны бусад хүмүүс байлцлаа.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд 250 төгрөгөөр зорчино

U money зурган илэрцүүдӨнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ “U money” картыг ашиглах болсон. Тус карт нь сард 42 удаа үнэгүй үйлчлүүлэх хөнгөлөлттэй байсан. Харин энэ жилээс тус хөнгөлөлтийг 22 удаа үйлчлүүлэх эрхтэй байхаар хязгаарлажээ. Улмаар энэхүү эрх нь дууссан тохиолдолд оюутнууд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ 250 төгрөгөөр зорчих боломжтойгоор зохицуулсан байна. Тус хөнгөлөлт есдүгээр сарын 27-ноос эхлэн хэрэгжиж эхэлжээ.