Categories
мэдээ нийгэм

АТГ : Засгийн газраас томилогдох 22 агентлагийн дарга хувийн ашиг сонирхлын зөрчилтэй

Авлигатай тэмцэх газраас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1498 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг урьдчилан хянаж, шалгажээ. Энэ хүрээнд 1247 мэдүүлгийн хариуг холбогдох байгууллагад хүргүүлсэн бол үлдсэн 251 мэдүүлэг хянагдах шатандаа яваа аж.

Эдгээрээс 914 иргэний мэдүүлэг хувийн ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн албанд тэнцжээ. Харин 74 иргэний ажлын байрны тодорхойлолт хуульд заасан шаардлага хангаагүй байна.

Түүнчлэн тэд эрхлэх ажлын хүрээнд хамааралгүй, ашгийн төлөө байгууллагатай нэгдмэл сонирхолтой зэрэг зөрчил үүсч болохуйц нөхцөл илэрчээ. Тиймээс АТГ-аас эл зөрчлийг 30 хоногийн дотор арилгах үүргийг холбогдох байгууллагын удирдлагуудад өгсөн байна.

Мөн шинээр ажилд орсон 237 иргэн урьдчилсан мэдүүлгээ хянуулалгүйгээр томилогдсон, зарим албан тушаалтны мэдүүлгийг томилох эрхгүй этгээд ирүүлсэн зэрэг зөрчил илэрчээ.

Тэрчлэн Засгийн газраас томилогдох 22 агентлагийн удирдах албан тушаалтан хувийн ашиг сонирхлын зөрчилтэй байжээ.

Тухайлбал, Засгийн газрын гишүүн, дэд сайд, УУХҮЯ-ны газрын дарга, ХХААХҮЯ-ны газрын дарга, ГЕГ-ын дэд дарга, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн дэд захирал, АМГТГ-ын Нүүрсний судалгааны хэлтэс, Мэдээлэл технологийн төв, Хүнд үйлдвэр, техник технологийн хэлтсийн дарга зэрэг албан тушаалд нэр дэвшсэн иргэдийн мэдүүлэг нь хууль зөрчиж болзошгүй нөхцөлтэй байсан аж.

Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах албанаас “Дээрх 22 иргэний мэдүүлэг нь нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг бий болгосонбайна. Мөн “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй” заалтыг зөрчсөн байсан” гэх мэдээллийг өглөө.

Тиймээс тус газраас тэднийг томилох эрх бүхий албан тушаалтнуудад “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд татгалзах үүрэгтэй гэж заасныг хэрэгжүүлж ажиллахыг сануулж, мэдэгдэл хүргүүлсэн байна.

Categories
мэдээ спорт

Манай баг тамирчид Дэлхийн шатрын олимпиадад оролцож байна

42 дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиад Азербайжан улсын Баку хотнооалбан ёсоор нээлтээ хийлээ. Уг нээлтийн ажиллагаанд тус улсын төрийн тэргүүн Илхам Алиев хүрэлцэн ирж оролцсон байна.

Манай эрэгтэй баг тамирчид чансаагаараа 180 орны багаас 57 дугаарт, эмэгтэй баг тамирчид 140 багаас 15 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Хаянхярваа: Ардын эрх сонинг Тагнуулын байгууллагаар шалгуулна

Өнөөдөр буюу есдүгээр сарын 2-нд УИХ дахь МАН-ын бүлгийн хурал хаалттай болж өнгөрлөө. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр “МАН-ын бүлгийн өчигдрийн хаалттай хуралдааны явцыг “Ардын эрх” сонин гаргасан тул үүнийг тагнуулын байгууллагад хандаж шалгуулахаар болсон.Өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тодотголын асуудлаар хэлэлцлээ. Мөн Төрийн албан хаагчийн цалинг бууруулахгүй байх шийдвэр гарсан. Архи, тамхи, дарсанд ноогдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлэх санал гарсан байгаа. Харин хос хөдөлгүүртэй автомашины татварыг нэмэгдүүлэхгүй шийдвэр гарсан” гэлээ.

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй байх,улсын төсвөөс болон төсөвт өртөг нь нэмэгдсэн обьектуудын нэмэгдсэн хөрөнгийг шинээр олгохгүй байх,хүн амын орлогын албан татварын талаарх Засгийн газрын оруулж ирсэн төслийг хэвээр нь үлдээх,оюутны тэтгэлэгт зориулж 90 тэрбумын сан байгуулахыг дэмжих,хүүхдийн мөнгийг 60:40 харьцаатайгаар буюу 60 хувьд нь бэлнээр олгох, 40 хувьд нь хуримтлал үүсгэж 3 жилийн дараагаас олгох зэргийг шийджээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Хаянхярваа: Архи, тамхи, дарсанд ногдуулах онцгой татварыг нэмэгдүүлнэ

УИХ дахь МАН-ын бүлэг зарим төрлийн татвар нэмэх, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Тэрээр

Архи, тамхи, дарсанд ногдуулах онцгой татварыг нэмэгдүүлнэ,

Хос хөдөлгүүрт автомашинд ногдуулах татварыг нэмэгдүүлэхгүй байх,

Нийгмийн даатгалын тухай хуульд өнөөдөр өөрчлөлт оруулахгүй байх,

Улсын төсвөөс болон төсөвт өртөг нь нэмэгдсэн обьектуудын нэмэгдсэн хөрөнгийг шинээр олгохгүй байх,

Хүн амын орлогын албан татварын талаарх Засгийн газрын оруулж ирсэн төслийг хэвээр нь үлдээх,

Оюутны тэтгэлэгт зориулж 90 тэрбумын сан байгуулахыг дэмжих,

Хүүхдийн мөнгийг 60:40 харьцаатайгаар буюу 60 хувьд нь бэлнээр олгох, 40 хувьд нь хуримтлал үүсгэж гурван жилийн дараагаас олгох зэргийг шийджээ.

Categories
гадаад мэдээ

Австрали эмч нар түлэнхийн гэмтэлтэй 12 хүүхдэд мэс засал үнэгүй хийж өгчээ

“Интерпласт” олон улсын байгууллагыг төлөөлөн ирсэн Австралийн эмч нарын баг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран түлэнхийн дараахь сорви, гэмтэлтэй 12 хүүхдэд мэс засал үнэгүй хийж, 5 хүүхдийн сорвинд тариа хийж, 65 хүнд үзлэг оношлогоо хийж зөвлөгөө өгсөн байна.

Мөн мэдээгүйжүүлэг, түлэнхийн дараахь мэс заслын сүүлийн үеийн арга техникээсээ орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд зааж сургажээ. Үүний үр дүнд эмч нар шаардлагатай үед орон нутагт анхан шатны эмчилгээ, мэс засал хийх онол дадлагад суралцсан байна.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн сайд С.Бямбацогт ХСИС-ийн хичээлийн нээлтэд оролцлоо

УИХ, ЗГ-ын гишүүн, Хууль зүй,
Дотоод хэргийн сайд С.Бямбацогт Хууль сахиулахын их сургуулийн 2016-2017 оны
хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

1934 онд анхлан тулгын
чулуугаа тавьсан Хууль сахиулахын их сургууль өнөөдөр Хууль зүйн удирдлагын
академи, Ахисан шатны боловсролын сургууль, Цагдаагийн сургууль, Хилийн
сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Онцгой байдлын сургууль ,Эрх
зүй нийгмийн ухааны сургууль зэрэг бүрэлдэхүүн сургуулиудтай, нийт 3000 гаруй
сонсогч суралцагч, 412 багштай Монгол улсын тэргүүлэх их сургуулиудын нэг
болоод байна.

Хууль зүй, Дотоод хэргийн
сайд С.Бямбацогт тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд зориулж
хэлсэн үгэндээ “Хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж чадах оюун санааны
болон бие бялдар, ёс суртахууны хувьд бүрэн төлөвшсөн мэргэжлийн, мэргэшсэн
боловсон хүчнийг бэлтгэж нийгмийн эрэлт хэрэгцээг хангах нь Хууль сахиулахын их
сургуулийн тэргүүлэх чиглэл байсаар ирсэн, цаашид ч байх болно” гэдгийг
тодотгоод хууль дээдлэх зарчмын ариун голомт, хуулийн засаглал ганхашгүй бат
бөх оршихуйн алтан багана байх учиртайг онцолж, Хууль сахиулахын их сургуулийн
нийт бие бүрэлдэхүүнд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын дараа УИХ, ЗГ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд
С.Бямбацогт тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх
ажлын талаар тодорхой чиглэл өгсөн юм.

Өнгөрсөн хугацаанд ХСИС 37
тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хичээл сургалтын томоохон шинэ цогцолбор
байртай болсон. Тэгвэл сургалтын материаллаг бааз, сурах орчны энэхүү давуу
талаа ашиглан сургалт, эрдэм судлалын ажлаа өнөөдрийн төвшингөөс ахиулах ёстойг
ХЗДХ-ийн сайд хэллээ. Мөн сайд С.Бямбацогт ЗГ-ын Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
ялангуяа хууль зүйн салбартай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд нягт уялдаа
холбоотой хамтран ажиллахыг чиглэл болгов. Тэрээр “Хууль хэзээд хэрэгждэг
байх ёстой, иргэдэд алагчлалгүй ялгаваргүй, тэгш үйлчилж, олон нийт хуулийн
байгууллагаас эмээж цэрвэдэг биш ойртон нөхөрлөдөг, тулгамдсан асуудлаараа
ханддаг байх ёстой” гэлээ. Түүнчлэн эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа
энэ үед дан ганц улсын төсвийн гар харж суулгүй дотоод болон гадаад нөөц боломж
бололцоогоо бүрэн дайчлан ажиллах тал дээр анхаарахыг чиглэл болгосон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Алтангэрэл: IT-ийн чиглэлд амжилт гаргахын тулд хүүхдүүдийг багаас нь бэлдэх шаардлагатай байна

Мэдээллийн технологийн үндэсний парк нь Япон улсын мэдээллийн технологийг дэмжих агентлагтай хамтран Азийн бүс нутагт мэдээллийн технологийн монгол мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх, мэдээллийн технологийн инженерийн шалгалтын цар хүрээг тэлэх, шалгалтын ач холбогдол, мэдээ мэдээллийг төрийн болон бизнесийн байгууллага, их дээд сургуулийн оюутнуудад таниулан сурталчлах зорилгоор “Мэдээллийн технологийн хүний нөөцийн чадвар-10 жил” семинарыг өнөөдөр зохион байгууллаа. МТҮП шалгалт нь Азийн 7 оронд зэрэг авдаг, 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт юм байна. Энэхүү шалгалтыг Монгол Улсад нутагшуулаад 10 дахь жилтэйгээ золгож байгаа аж. Дөрвөн түвшний 12 шалгалт байдгаас Монгол Улс одоогийн байдлаар 3 түвшний нийт 21 удаагийн шалгалтыг зохион байгуулсан байна. 21 удаагийн энэ шалгалтад 1500 шалгуулагч хамрагдсанаас 130 шалгуулагч амжилттай дүн үзүүлж сертификатаа гардан авчээ.
Энэхүү семинарт “Монголын МТ-ийн инженерүүдийн ур чадвар, онцлог” сэдвээр илтгэл тавьсан ШУТИС-ийн МХТС-ийн профессор багш А.Алтангэрэлтэй ярилцлаа.
-МТҮП шалгалт бидэнд ямар боломжийг нээж өгч байна вэ?
-Өнөөдөр инженерийн суурь шалгалт авч эхэлсний 10 жилийн алдаа оноогоо дүгнэж байна. Эндээс харахад шалгалт өгч байгаа орнуудынхаа хувьд Монгол Улс өндөр түвшинд явдаг. Шалгалт өгч байгаа хүний тоо цөөн байдаг. Эндээс олон улсын боловсон хүчин хэр их байна вэ гэдэг нь харагддаг. Хүн амаа дагаад боловсон хүчний тоо бага байна. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс сертификатынхаа түвшнээр зөвшөөрөгдсөн улсуудад ажиллах боломжтой байдаг. Энэ боломжийг л нээж өгч байгаа шалгалт юм.
-Олон улсын түвшинд өрсөлдөх инновацийг монгол хүн бүтээж байгаа юу?
-Олон улсад өрсөлдөх инновац бүтээх гэж л явж байна. Тэрнээс өмнө чадалтай боловсон хүчнээ л бэлдэх хэрэгтэй байна. Технологиудыг нэлээн гүнзгий нэвтрүүлэх тал руу л анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. Бидний хувьд их дээд сургуулиудын хувьд чадлынхаа хэрээр бэлдээд явж байна. Өндөр чадвартай боловсон хүчин бэлдэхэд хүүхдүүдийн суурь мэдлэг ерөнхийдөө дутагдалтай байдаг. Цөөн тооны шаардлага хангахуйц хүүхдүүд байна. Ихэнхийнх нь мэдлэгийн түвшин хүрч чадахгүй байна. Тэгэхээр бид ирээдүйд IT хэмээх гол гарцаа харж байгаа бол хүүхдүүдийг багаас нь өндөр түвшинд хөгжүүлчихбэл тэд их дээд сургуулиудад маш амжилттай сурч маш сайн инженер болох боломж байна.
Үүнд бас нөлөөлөх зүйлүүд бий. Сургуулиудын зааж байгаа хөтөлбөр дээр сүүлийн үед анхаарч ажиллаж байна. Багш нарын чанар чансаа дээшилж гадаад дотоодод цол хамгаалсан багш нар нэлээд боллоо.
-Монголд уул уурхай их хөгжиж байна. Тэгвэл мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлбэл илүү баялаг бүтээх ирээдүй бий юу?
-Энэтхэгт энэ салбар их сайн хөгжсөн байдаг. Тэд дэлхийн стандартад нийцсэн сургуулиудыг байгуулж боловсон хүчиндээ анхаарсны хүчинд Энэтхэг өнөөдөр тэргүүлж байна. Энэ хүмүүс аутсорсинг хийж байна. Аль ч улс оронд очсон Энэтхэгийг боловсон хүчин өндөр чанартайд тооцогдож ажлын байраар хамгийн түрүүнд хангагддаг. Монгол хүмүүс ч бас ингэж үнэлэгдэх боломж байгаа. Түрүүчээсээ “Фэйсбүүк”, “Гүүгл” ч гэдэг юм уу олон нэр хүндтэй газар ажиллаж байгаа монгол инженерүүд байна. Гэхдээ харьцангуй цөөхөн байгаа. Тиймээс энэ тоог л нэмэгдүүлэх юм бол уул уурхайгаасаа илүү мөнгө олох боломж бүрдэж байгаа.
-Монголд ямар компани мэдээллийн технологийн бизнесээр амжилттай ажиллаж, мөнгө олж чадаж байна вэ?
-Яг ямар компани хэр их мөнгө олж байгааг би баримттай хэлж чадахгүй. Дэлхийн компаниудад ажиллаж байгаа хүмүүс бол тэр компаниудын техник, технологийг эзэмшинэ. Буцаад Монголдоо ирээд үүнийгээ ашиглана. Өндөр хөгжилтэй бүх орон ингэж явсан. Жишээ нь Солонгос, Хятад, Энэтхэг гэх мэт улсууд бүгд л боловсон хүчнээ гадаадад гаргаж ажиллуулж байсан. Тэгээд хүмүүс нь буцаад улс орондоо технологи, инновацийг авчирсан. Монгол ч гэсэн яг л энэ замаар явах ёстой.
-Багш нарын хувьд хэр их бэлтгэгдэж байна. Та түрүүн илтгэлдээ багш нарыгаа хүүхдүүд нь гүйцэж түрүүлээд явчих тал бий гэсэн?
-Дунд сургуулийн мэдээллийн технологийн хичээл заадаг багш нарыг чадавхжуулах хэрэгтэй байна. Их дээд сургуулийн хувьд бол ер нь боломжийн байгаа. Дунд сургуульд байхад нь хүүхдүүдийн суурийг нь сайн тавьж өгөх хэрэгтэй. Тэгээд суурийг нь тавьчихсан хүүхэд бол их дээд сургуульд орж ирээд сурахад илүү боломж нээгдэнэ. Үүнийг сайжруулахын тулд их дээд сургуулиудад хөтөлбөрийн шинэчлэлт хийж, гадны стандартуудыг нэвтрүүлж байна. Дунд сургуулийн хүүхдүүдийн мэдээлэл зүйн боловсролыг дээшлүүлэхийн тулд багш нар нь дугуйлан маягаар хичээллүүлэх хэрэгтэй. Ер нь бол математик сэтгэлгээ хөгжсөн хүүхдэд л IT буюу алгоритм гэдэг сэтгэлгээг л хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй манай арван жилүүдэд хэдэн хэрэглээний программууд дээр л ажилладаг. Тиймээс алгоритмын мэдлэгийг л сайн заах хэрэгтэй байна.

-Гадаадын уралдаан тэмцээнд монгол хүүхдүүд хэр амжилттай оролцдог вэ?
-Олон улсын мэдээлэл зүйн олимпиад гэж жил бүр болдог. Эндээс Батнамжин, Батбаатар гээд хоёр хүүхэд 10 жилийн өмнө буюу 2005, 2006 онд медаль авч байсан. Түүнээс хойш нэг ч медаль аваагүй байна.
-Жил бүр оролцдог уу, яагаад медаль авахгүй байна вэ?
Жил болгон оролцдог. Гэхдээ хүүхдүүдийн түвшин хүрэхгүй байна. Энэ бол бид хэтэрхий хожуу бэлтгэснийх юм. Ерөнхийдөө хүүхдүүдийг 10, 11 дүгээр ангиас нь бэлтгээд л ордог. Тийм учраас гадныхан хэлж байна. 10 наснаас бэлд. Тэгж байж амжилт гаргана гэж.
-Оюутнуудын олимпиад гэж байдаг уу?
Оюутнуудын SCM олимпиад гэж бий. Энэ олимпиадад оюутнууд жил болгон багаараа амжилттай оролцож хүрэл, мөнгөн медалиудыг авч байгаа. Үүнд МУИС, ШУТИС-ийн багууд их сайн оролцдог.
-IT-р ажилд ороход арын хаалга байхгүй болно гэж та түрүүн илтгэлдээ хэлж байсан. Энэ талаар?
-Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ажил олгогчид тодорхой шалгалтуудад тэнцсэн сертификатуудыг шаарддаг байх ёстой гэсэн үг юм. Тэгвэл сертификат авсан хүн л тухайн ажилд орно шүү дээ. Ер нь гадаадад бол тийм л зарчмаар явдаг. Манайд бол дөнгөж эхлэлийн шатан дээр л байна.
-Монголд IT-ын мэргэжилтэй хүмүүсийг ямар компаниуд түлхүү ажилд авч байна вэ?
“Интерактив” компани байна. Мөн “Ай би ай”гэсэн гол компаниуд байна. Мөн гадны компаниудад ч ажиллаж байна. Жишээ нь “Юни медиа” байна. IT-н чиглэлэр ямар компаниуд амжилттай ажиллаж байна вэ гэдэг мэдээллийг “МОСА” байгууллагаас дэлгэрэнгүй авч болно. нэ нь программ хангамж үйлдвэрлэгчдийн нэгтгэсэн холбоо юм.

О.ӨНӨРЦЭЦЭГ


Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн карт авах, сунгах оюутнууд өөрийн сургуульдаа хандана

Их, дээд сургууль, коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт хэрхэн олгох талаар өнөөдөр нийслэлийн Боловсролын газар, эийслэлийн Хөдөлмөрийн газар болон “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төлөөлөл мэдээлэл хийлээ. НИТХ-аар баталсан “Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”-ын дагуу хөнгөлөлттэй зорчих эрх бүхий оюутанд карт олгох ажлыг 2016-2017 оны хичээлийн жилд дараах байдлаар зохион байгуулахаар болжээ.

Шинээр цахим карт олгох:

Шинээр хөнгөлөлттэй зорчих карт авах эрх бүхий оюутан өөрийн сургуульдаа хандан захиална. Сургуулиуд төрийн сангаас тогтоосон хяналтын тоонд багтаан шинээр карт авах оюутнуудын мэдээллийг хянаж баталгаажуулан ирүүлснийг үндэслээд их, дээд сургуулиудад Нийсэлийн Боловсролын газар, МСҮТ, коллежуудад Нийслэлийн Хөдөлмөрийн газар шинээр олголт хийх юм.

Цахим төлбөрийн карт сунгах:

Өнгөрсөн хичээлийн жилд нийтийн тээврээр зорчих карт авсан, 2016-2017 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн ашиглах нөхцөлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана. Карт сунгуулах оюутнууд мөн өөрийн сургуульдаа хандаж, хураалгана. Цуглуулсан картуудыг жагсаалтаар баталгаажуулаад их, дээд сургуулиуд Нийсэлийн Боловсролын газар, МСҮТ, коллежууд Нийслэлийн Хөдөлмөрийн газарт хандан сунгалт хийлгэнэ.

Карт шинээр авахдаа өмнөх жилийн адил 3600 төгрөгийн хураамж төлөөд бүтэн жил ашиглах бөгөөд нийт 44 удаагийн эрхийг суулгаж өгсөн байна. Харин сунгалт хийлгэхэд 1000 төгрөг төлөх юм.

Цахим карт олгох ажлын талаар Нийслэлийн Боловсролын газрын Хуулийн зөвлөх Ц.Ууганбаяр “Нийслэлийн Боловсролын газар 2016-2017 оны хичээлийн жилд шинээр элссэн болон анги дэвшин суралцах оюутнуудад зорчих эрхийн карт олгох, сунгах ажлыг “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангаж дууслаа. Өнгөрсөн хичээлийн жилд нийт 57 мянга 681 оюутанд шинээр карт олгосон. Энэ жил 2 дахь жилдээ олгох гэж байна. Хичээлийн шинэ жил эхэлсний дараа цахим карт олгох үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь бүх оюутанд тэгш боломж олгох зорилготой гэдгийг хэлье. Өнөөдрөөс карт олгох, сунгах ажил хэвийн үргэлжилнэ” гэлээ.

Нийслэлийн хөдөлмөрийн газрын Оюутны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Л.Амаржаргал “Өнгөрсөн хичээлийн жилд НХГ Улаанбаатар бүсэд оршдог 32 МСҮТ, коллежийн захиалга авсан. Нийтдээ 13 мянга 200 гаруй оюутан суралцсанаас 12 мянга 400 орчим картыг оюутнуудад олгосон. Энэ жил мөн 32 МСҮТ, коллежийн 12 мянга орчим оюутны картыг сунгах, шинээр олгох болон алга болсон картыг дахин олгоно гэсэн төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.

“Улаанбаатар смарт карт” ХХК-иас мөн мэдээлэл өглөө. Тус компанийн Тээврийн хэлтсийн ахлах менежер Ц.Түвшинжаргал “Сунгалт болон карт шинээр олгох ажил тухайн сургуулиудаар дамжуулан хийгдэнэ. Тэгэхээр оюутнууд сургуулийн захиргаандаа хүсэлтээ гаргах хэрэгтэй юм. Өнгөрсөн жил төгссөн оюутнуудын хувьд картаа энгийн картаар үргэлжлүүлэн ашиглах боломжтой. Энэ хичээлийн жилд оюутнууд нийтийн тээврээр зорчих төлбөрийнхөө талыг нь өөрсдөө төлөх эсэх талаар оюутан, эцэг эхчүүд биднээс асууж байнагаа. Одоогоор ийм шийдвэр бидэнд ирээгүй учраас журмынхаа дагуу оюутан 3600 төгрөгөө төлөөд бүтэн жил зорчих эрхтэй хэвээр байгаа” гэж тайлбарлалаа.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн осолд найман хүүхэд өртжээ

хүүхэд зам зурган илэрцүүдӨчигдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр найман хүүхэд зам тээврийн осолд өртөж, бэртсэн байна. Осолд өртсөн гурван хүүхэд зам гарах үедээ осолд оржээ. Тухайлбал, 13 дугаар сургуулийн хойд талын замд найман настай хүү машинд мөргүүлсэн хэрэг гарсан бол Баянзүрх дүүргийн Мэнгэт хүнсний дэлгүүрийн баруун талын замд 11 настай хүү зам гарж яваад автомашинд мөргүүлсэн байна. Бага насны хүүхдүүд харгалзах хүнгүй, явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан аж.

Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ анхаарал хандуулж, гарцаар хөтөлж гарах, автомашиндаа зориулалтын суудал тавин тээвэрлэхийг Замын цагдаагийн газраас сануулж байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-р зүйлд заасны дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцуулахаар шалгалтын ажлыг эхэлжээ.

Бага насны хүүхдийг эцэг эх асран хамгаалагч нь хичээл сургуульд нь хүргэж өгч, авч байх нь тэдний үүрэг бөгөөд дээрх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн хүүхдийн амь нас эрүүл мэндэд эрсдэл учирвал хариуцлага хүлээх хуулийн заалттай байдаг ажээ.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаан 15.00 цагаас эхэлнэ

Чуулган хоосон зурган илэрцүүд

УИХ-ын чуулганыг 15.00 цагаас хуралдуудахаар зарлалаа. Өглөө зарлагдсан хурал ийнхүү хойшлогдсон шалтгаан нь МАН-ын бүлэг 12.00 цагт хуралдах болсонтой холбоотой юм.

Өнөөдрийн чуулганаар хоёр асуудал хэлэлцэнэ. Тухайлбал 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл бөгөөд уг хуулийн төслийг дагалдаж орж ирсэн Төсвийн төсөөллийн тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль гэх мэт хамт өргөн мэдүүлсэн 12 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Мөн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэх мэт хуулийн төслүүд багтаж байгаа ажээ.