Categories
мэдээ спорт

Хакухо М.Даваажаргал есдүгээр сарын башёг өнжинө

Хакухо М.Даваажаргал есдүгээр сарын башёг өнжинө зурган илэрцүүдЯпоны мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал энэ сарын башёг өнжиж магадгүй гэлээ. Тодруулбал, ёкозүна Хакухо тойргийн барилдааны үеэр зүүн өвдгөө гэмтээсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд бэлтгэл хийгээгүй байна. Тэрээр өнгөрсөн башёгийн үеэр мөн хөлөө гэмтээсэн байсан ч башёг дуусгасан. Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд 38 дахь түрүү, 1000 дахь ялалтаа авах зорилт тавьсан Хакүхо аварга бэртлээ эдгээж амжихгүй бол есдүгээр сарын башёг өнжиж магадгүй хэмээн Японы сумо бөхийн холбооны Ерөнхийлөгч Миягано Ояката хэвлэлийнхэнд мэдэгдсэн ажээ.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ эдийн-засаг

Коксжих нүүрсний үнэ 140 ам.долларт хүрчээ

Өнгөрсөн өвлөөс хойш ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр 80%-иар өсч 140 ам.долларт хүрээд байгаа юм. Харин долоодугаар сараас наймдугаар сарын хооронд Австралийн коксжих нүүрсний үнэ 40%-иар өссөнийг “Metal Bulletin” зах зээл судалгааны байгууллага мэдээлжээ. Коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн саруудад ихээхэн өсөлттэй байгаа нь шинжээчдийн дэвшүүлж байсан төлөвөөс хавьгүй эерэг үзүүлэлттэй болоод байгаа юм.

Дэлхийн зах зээлд уг түүхий эдийн эрэлтийн өсөлт саарч нийлүүлэлт нэмэгдэх тул үнэ ханш цаашид доогуур түвшинд хадгалагдана гэж шинжээчид тооцоолж ирсэн. Монголын нүүрсний хувьд зах зээлийн үнийн өсөлтөөс үүдэн экспортын ханш өсөх байдал төдийлөн харагдаагүй хэвээр. Энэ нь Монголын нүүрс ихэвчлэн Хятадын хойд хэсэг буюу Өвөрмонголын харьцангуй хямд үнэ ноёлсон зах зээлд нийлүүлэгддэгээс гадна нүүрсний худалдааны гэрээг улирлаар эсвэл түүнээс дээш хугацаагаар хийдэгтэй холбоотой аж. Түүнчлэн нүүрсний худалдааны нэг сувагтай болохгүй бол дотоодын уурхайнуудын “үнэ ханшаа буулгадаг” өрсөлдөөнөөс үүдэн нүүрсний үнэлгээгээ өсгөх нөхцөлийг хязгаарлаж буй нь үнэн юм.

“Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г. Батцэнгэл өөрийн твиттер хуудаснаа “Олон улсын зах зээлийг дагаад нүүрсний үнээ 15 ам.доллараар өсгөх гэж үзлээ. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” улирлаар нь үнээ 25 доллар дээр фикс хийцэн гээд “янаглаж” байна даа.” “Хятадын нүүрсний ченжүүд Монголд орох орлогоос “хусаад” байна гэж олон жил жиргэсэн.

Үнэхээр ч нүүрсний худалдааны салбарт дагнаж ажилладаг Winsway компани өчигдөр мэдээлсэн оны эхний хагасын тайландаа Монголоос нүүрсийг тонн тутмыг дунджаар 296 юаниар аваад Хятад руу борлуулахдаа дээр нь 199 юань нэмж 495 юаниар худалдсанаар ашгийн хэмжээ ихээхэн нэмэгдсэн тухайгаа тэмдэглэжээ. Өмнөх оны эхний хагаст Winsway компани Монголоос авсан нүүрсээ цааш борлуулахдаа тонн тутамд 65 юань нэмж байжээ. Winsway (нэрээ саяхан E-Commodities Holdings болгож өөрчилсөн) нь тайлант хугацаанд Монголоос нийтдээ 2.17 сая тонн нүүрс тээвэрлэн авч (үүний 90% нь Тавантолгойн нүүрс), үүний 1.78 сая тонныг эцсийн хэрэглэгчдэд борлуулсан байна. Өнгөрсөн оны мөн үед тус компани Монголоос ердөө 0.33 сая тонн нүүрс авч байжээ. Ийнхүү өмнөх оны эхний хагаст 1.78 тэрбум хонконг долларын алдагдал хүлээсэн Winsway энэ оны эхний хагас 4.7 тэрбум хонконг долларын орлоготой, 2 тэрбум хонконг долларын ашигтай ажилласнаа дуулгажээ.

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар эмнэлгийн өмнөх талбайг автомашины зогсоол болгоно

Олон жилийн турш цас борооны улмаас эвдэрсэн, хонхорхой газарт нь ус ихээр тогтдог байсан Гуравдугаар эмнэлэгийн өмнөх замыг ус зайлуулах шугамтай, явган хүний замтай зогсоол болгон шинэчлэхээр боллоо. Энэхүү ажлыг Замын сангийн хөрөнгөөр хийх бөгөөд хотын Ерөнхий менежерийн өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн 10 хоногийн дотор эскиз болон ажлын зургийг гүйцэтгэж өнөөдөр тохижилтын ажлыг нь эхлүүлэхээр болсон ажээ.

Categories
мэдээ улс-төр

Хотуудын түншлэлийн семинар болно

Азийн Хөгжлийн Банк, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Төслийн хүрээнд “Тогтвортой хөгжил бүхий дэлхийн хотууд” хотуудын түншлэлийн семинарыг энэ сарын 2, 3-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах аж. Энэхүү семинарт оролцохоор Калгари, Парис, Ёокохама, Ханой, Эдмонтон хотуудаас 20 гаруй зочин Улаанбаатар хотноо ирсэн бөгөөд тэднийг нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал харицуцсан орлогч П.Баярхүү хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Үнэ цэнэтэй цаг хугацаагаа зориулан өөрсдийн туршлагаасаа хуваалцаж манай улсын нийслэлийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулахаар ирсэнд миний зүгээс болон Улаанбаатар хотын иргэдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлье. Олон жилийн хамтын ажиллагаагаа алдалгүй үргэлжлүүлж байгаад баяртай байна. Та бүхэн нарлаг Монгол оронд минь тавтай морил” гэлээ. Энэхүү Форумаар зочин хотуудын төлөөллүүд өөрсдийн хотын туршлагаас танилцуулах ба Улаанбаатар хоттой хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах, түншлэлийн харилцаа тогтоох боломж нөхцөлийн талаар танилцуулах юм. Азийн хөгжлийн банк, нийслэлтэй хамтран хэрэгжүүлж буй тус төслийн үндсэн зорилго нь хотын ерөнхий төлөвпөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах хот төлөвлөлтийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, Олон нийтийн оролцоо болон байгууллагын үр дүнтэй бүтэц зохион байгуулалт бүхий хот төлөвлөлтийн үйл ажиллагааг бэхжүүлэх, Хот байгуулалтын дундын мэдээллийн сан бүрдүүлэх, Хот төлөвлөлтийн програм хангамжийг сайжруулахад оршиж байгаа ажээ.

Categories
гадаад мэдээ

Шинэ Зеландад хүчтэй газар хөдлөлт болжээ

Шинэ Зеландад хүчтэй газар хөдлөлт болжээ зурган илэрцүүдШинэ Зеландын хойд арлуудад өчигдөр буюу есдүгээр сарын 1-нд 04.37 цагт 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас цунами үүссэн байна. Гисборн мужид уг газар хөдлөлт болсон хэмээн эрх баригчид мэдэгдлээ. Тус мужийн ихэнх иргэн орон гэрээ орхин нүүжээ. Одоогийн байдлаар Гисборн мужийн Онцгой байдлын аврагчид гамшгийн бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж байгаа аж. Гамшгаас хамгаалах албаны дарга радиогоор иргэдийг өндөрлөг газарт очиж, амь нас, гэр бүлээ хамгаалахыг уриалсан байна. Газар хөдлөлтөөр хэдэн хүн амиа алдсан нь тодорхойгүй байгаа юм. 2011 онд тус улсад 6.3 баллын газар хөлдлөлт болж, 185 хүн амиа алджээ.

Categories
гадаад мэдээ

Зика вирусийн халдвар Энэтхэг, Хятад хүмүүст халджээ

Өчигдрийн байдлаар Сингапур хот улс дахь Зика вирусын халдвар 115-д хүрснийг мэдээлсний дотор анхны хөл хүнд эмэгтэй багтжээ.

Наймдугаар сарын 27-нд Сингапур анхны дотооддоо дамжсан халдварыг илрүүлж байсан бол 29-ний өдөр халдвар авсан хүний тоо 82 хүрч огцом нэмэгдсэн юм.

Тэгвэл өөр нэг аюултай мэдээ нь эдгээр халдвар тээгчдийн дотор Хятад болон Энэтхэгийн олон тооны иргэд багтсан байна. Энэтхэгийн гадаад хэргийн яам өчигдөр 13 Энэтхэг хүн халдвар авсныг мэдээлсэн бол Хятадын 21 иргэн мөн багтжээ.

Хүн амаараа дэлхийд тэргүүлдэг хоёр гүрэнд Зика дамжвал ямар аюул болох нь ойлгомжтой.

Эдгээр хүмүүс нь Сингапурт барилгын ажил гүйцэтгэж байгаа ажилчид юм байна.

Халуун орны шумуулаар дамждаг Зика вирус нь бас хүнээс хүнд бэлгийн замаар дамждаг нь батлагдсан юм.

Энэтхэг болон Хятадын жуулчид Сингапурт ирдэг нийт жуулчдын голлох хэсгийг бүрдүүлдэг аж. Тухайлбал өнгөрсөн онд Энэтхэгээс нэг сая жуулчин хот улсад ирсэн байдаг.

Categories
мэдээ нийгэм

Монгол эмч нар дэлхийд ховор тохиох эмгэгийг эх орондоо эмчилж эдгээлээ

Монгол эмч нар дэлхийд маш ховор тохиох эмгэгийг эх орондоо эмчилж эдгээжээ. Энэ талаар АШУҮИС-ийн Нэгдсэн эмнэлгийн Чих, хамар, хоолой судлалын тэнхимийн багш П.Мөнхбаатартай ярилцлаа.

-ЦААШИД ХҮЗҮҮ, ТОЛГОЙН МЭС ЗАСЛЫГ ЧИХ, ХАМАР, ХООЛОЙТОЙ НЭГТГЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА-

-Та бүхний дэлхийд ховор тохиолддог эмгэгийг Монголдоо эмчилсэн гэж дууллаа. Энэ ямар өвчин байсан юм бэ?

-Өвчтөн маань Баянхонгор аймгийн иргэн, 37 настай хүн байгаа. Бидэн дээр ирэхээс гурван сар орчмын өмнөөс хамраас нь шингэн зүйл гарч эхэлсэн байсан. Улсынхаа олон эмнэлгээр явж үзүүлсэн ч онош нь тогтоогдоогүй. Зарим эмнэлгүүд харшил гэж оношилсон байсан. Өвчтөн сууж байхад, тонгойх үед хамрынх нь нүхээр өнгө, үнэргүй шингэн зүйл гоожиж байсан. Хамрыг дурандахад хаанаас гарч байгаа нь тодорхойгүй, яг л ус шиг дусалж байсан юм. Тэгэхээр нь уг шингэнээс нь дээж авч, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн лабораторид шинжлүүлэхэд тархи, нугасны шингэн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлвэл тархины шингэн алдах өвчин гэж оношилсон. Энэ өвчин даамжирвал өвчтөн менингит болох, цаашлаад амь насанд нь эрсдэл учирч болзошгүй юм.

-Өмнө нь манай улсад ийм өвчтэй хүн оношлогдож байсан уу? Юунаас болж үүсдэг өвчин бэ?

-Өмнө нь оношдлогдож, бас эмчлэгдэж байгаагүй. Өвчтөн Д яагаад ийм эмгэгтэй болсон нь одоохондоо тодорхойгүй байна. Өмнө нь ямар нэг бэртэл гэмтэл авч байгаагүй, гэхдээ нэг таамаг бий. Энэ юу гэхээр өвчтөн 170 см өндөр, 120 кг жинтэй, тархины дотоод даралт нь ихэсдэг байсантай ч холбоотой байж мэднэ. Уг өвчний талаар судалж үзэхэд дэлхийд маш ховорт тооцогддог өвчин байсан. Тухайлбал, 40 сая хүн амтай Польш улсад л гэхэд энэ өвчний хоёр л тохиолдол бүртгэгдсэн байсан юм. Тэгэхээр гурван сая хүн амтай манай улсад нэг тохиолдож байгаа нь энэ. Мөн оношлогдоогүй хэдэн хүн байгааг бид хэлж мэдэхгүй юм.

-Өвчнийг хэрхэн эмчилсэн талаараа ярихгүй юу?

-Шинжилгээгээр өвчний онош тодормогц бид өвчтөнийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч О.Алтай-Очир луу явуулсан. Өвчнийг эмчлэхийн тулд өвчтөний тархийг нээж, шингэн гоожиж буй хэсгийг бөглөх ёстой. Гэвч ийм хагалгааны дараа хэд хэдэн эрсдэл учирч болзошгүй. Хагалгааны дараахь эрсдэлийг өвчтөнөөс нууж болдоггүй. Нээлттэй хагалгааны дараа өвчтөн үнэрлэх мэдрэмжээ алдаж болзошгүй байсан. Мөн тархины үйл ажиллагаа өөрчлөгдөж, унаж татдаг өвчтэй ч болж мэднэ. Тиймээс өвчтөн болон түүний ар гэрийнхэнд дурангийн хагалгааг санал болгосон. Учир нь дурангийн хагалгаа хийвэл гавал тархийг нээсэн шиг хүндрэл гарахгүй, өвчтөний амьдралын чанарт нь ч эерэг нөлөөтэйг хэлсэн. Мөн бид энэ хагалгааг анх удаа хийж байгаа гэдгээ хэлсэн. Ингээд өвчтөн өөрөө аль эмнэлэгт хагалгаа хийлгэхээ шийдэж, бид хагалгаанд бэлдэж эхэлсэн.

-Та бүхэн хагалгааг анх удаа хийсэн гэлээ. Зөвлөх эмч юм уу, өмнө нь ийм төрлийн хагалгаа хийж байсан эмч нартай хамтарсан уу?

-Гуравдугаар эмнэлгийн О.Алтай-Очир эмч бидэнд маш их тусалсан. Мөн тархи, нугасны шингэний цоорхойг хэрхэн бөглөх, ямар цавуу хэрэглэдэг гээд бүгдийг нь зааж зөвлөсөн. Бидний хийх хагалгааны гол зорилго нь тархины шингэн гоожиж буй сувгийг хаах ёстой. Манай өвчтөний хувьд тархины хатуу бүрхүүл нь даралтаа даалгүй, суурь хөндий рүүгээ цүлхийгээд ороод ирсэн. Тийм учраас хальс нь хагарчихаад, шингэн нь гоожиж гадагшилж байсан юм. Анхандаа шингэн гоожиж байгаа газар нь лабораторийн болон CT, MRI-гаар харагдаагүй. Ийм тохиолдолд хагалгаа хийхэд түвэгтэй. Тиймээс гадаадын эрдэмтдийн судалгааны ажлуудыг үзэж, төстэй шинж тэмдэгтэй хүнийг хайж эхэлсэн. Судалгааны явцад эмчилгээний аргачлал олж мэдсэн юм. Тэр нь юу вэ гэхээр хагалгаанаас цаг орчмын өмнө флуоресцен гэдэг тодосгогч бодисыг нугасны шингэн рүү шахаж, аль хэсэгтээ цоорсныг мэдэх юм. Ингээд манай тэнхимийн Бурмаа ахлагчтай унтуулгын багийнхан нугасанд хийснээр хагалгаа эхэлсэн. Хагалгааг АШУҮИС-ийн нэгдсэн эмнэлгийн эмч нар гардаж хийсэн.

-Одоо өвчтөний биеийн байдал ямар байна вэ?

-Хагалгаа маш амжилттай болсон. Одоо өвчтөний биеийн байдал сайн байгаа. Өвчний зовиур шинж тэмдэг бүрэн арилсан байна. Өвчтөн эмч нарын хяналтад байж тогтмол үзүүлж байх хэрэгтэй.

-Дурангийн хагалгаагаар хамрын хөндийн бүх төрлийн эмгэгийг эмчилж болох уу?

-Манай улсад дурангийн хагалгаа хөгжөөд нэг их удаагүй байгаа. Хэдий тийм боловч зөвхөн хамар хоолой гэлтгүй бүх төрлийн мэс засал дурангаар хийгдэж байна. Хамрын хөндийн тухайд дурангаар суурь хөндийг нээгээд тархи, нугасны шингэний алдагдлыг эмчилж байна гэдэг маш том амжилт юм. Цаашид бид хүзүү, толгойн мэс заслыг чих, хамар, хоолойтой нэгтгэхээр ажиллаж байна. Тэгэхээр бамбай, шүлсний булчирхай, төвөнх, эрүү, нүүрний хортой, хоргүй хавдар, толгой, хүзүүний гэмтэл зэргийг эмчилдэг болох юм.

Categories
мэдээ нийгэм

“Звери” хамтлаг Монголд ирлээ

Оросын Холбооны улсын амьд хөгжмийн “Звери” хамтлаг өнөө өглөө буюу есдүгээр сарын 2-нд “Чингис хаан” нисэх буудалд газардлаа. Тэднийг тоглолт зохион байгуулагчид, хэвлэлийнхэн угтан авсан байна. Тэд “Звери-Will sing for Mazaalai” тоглолтоо хийхээр ийнхүү Монголд ирээд байгаа аж. Анх 2001 онд хамтлагийн ахлагч Билык Роман интернэтэд зар тавин тус хамтлагийн гишүүдээ цуглуулж “Для тебя” дуугаа хийж байсан түүхтэй юм. ОХУ-н хамгийн шилдэг амьд хөгжмийн хамтлаг гэгдэг “Звери” 18:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх ажээ.

Categories
мэдээ цаг-үе

П.Сэргэлэн: Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг зохицуулдаг тусгай байгууллагатай болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.

-Өнөө жил хэдий хэрийн ургац авахаар байна. Төлөвлөсөн хэмжээндээ хүрэх үү. Есдүгээр сард нэлээд хэд хоног цочир хүйтрэх төлөв дуулдаж байна. Хөрсөн дээр цочир хүйтэрснээс ургац алдаж байсан жишээ ойрмогхон бий шүү?

-Улсын ургацын комиссын анхдугаар хуралдаанаа хийсэн. Хуралдааны үеэр ургацын урьдчилсан балансыг танилцуулсан байгаа. Өнөө жил манай тариаланчид сайн ажиллаж, байгаль хангай ч сайхан ивээсэн болохоор арвин ургац авах урьдчилсан баланс гарсан. Энэ жил улсын хэмжээнд 377 мянган га-д үр тариа, үүнээс 355 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 501 мянган үр тариа, үүнээс 482 мянган тонн буудай, 174 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.

Өнөө жилийн хувьд тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай аймгуудад зуншлага харьцангуй сайн байсан. Энэ нь ургацад нэлээд эерэг нөлөөлсөн. Га-гаас 13-17.6 центнер авахаар байна. Харин Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад гантай байсан учир ургац алдаж байна. Дунджаар нэгжээс 5.2-6.5 центнер буюу улсын дунджаар нэгжээс үр тариа 14.1 центнер, төмс 120 центнер, хүнсний ногоо 143 центнер ургац тус тус хураан авах урьдчилсан дүн гараад байна.

Байгаль цаг уурын давагдашгүй хүчил зүйл болох гангийн улмаас 20.1 мянган га талбай ургац алдаж, болц дутуу байснаас 1.2 мянган га талбай тэжээлд шилжсэн. Ингээд нийтдээ 21.3 мянган га талбайн ургац алдсанаас улсын балансад ороогүй.

Сайдын ажил авснаас хойш газар тариалангийн бүс нутгуудаар явж ажилласан. Тариаланчидтайгаа газар дээр нь уулзсан. Санал бодлыг нь сонсоход дөрвөн төрлийн хүсэлт тавьж байсан. Ямар хүсэлт вэ гэхээр нэгдүгээрт, тариаланчдад Хөгжлийн банкнаас олгох ёстой байсан 11.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн асуудал шийдвэрлэгдээгүй байсан. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдээд одоо олголт нь эхлээд явж байгаа. Мөн тариаланчид маань намрын ургац хураалт, хадлан, тэжээл бэлтгэхэд зориулж шатахуун олгож өгөөч гэсэн.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаараа дамжуулж тариаланчдаас 50 хувийн урьдчилгаа аваад үлдсэнийг нь ургац хураалтын дараа авахаар зээлээр шатахуун олгохоор тендерийг нь зарласан. Өнөө, маргаашдаа дүнгээ гаргаад энэ ажил явна. Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Зүүн бүрэн, Цагаан нуур сумын чиглэлийн 100 км замын засварын ажил бий. Энэ засварын ажлыг Засгийн газрын хуралдаанаар оруулаад Зам, тээврийн хөгжлийн яаманд шийдэх чиглэл өгсөн. Засварынх нь ажил эхлээд явж байгаа. Өнгөрсөн жил ган болсон учир манай тариаланчид ургац алдаж, эдийн засаг, санхүү, сэтгэл санаа, эд материалын хувьд маш хүнд байдалтай байна. Тийм учраас тариаланчид буудайг ноднингийн мөн үеийнхээс багагүй үнээр аваач ээ. Будааг худалдах, худалдан авахад дэмжлэг үзүүлээч ээ гэж санал тавьсан. Уг саналыг Засгийн газрын хуралдаанд оруулаад арилжааны банкуудад 60 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг шийдвэрлэ гэсэн ийм үүрэг өгсөн. Үүнийг бид буудай худалдаж авахад зориулж арилжааны банкуудтай хамтарч ажиллана. Тариаланчдынхаа тавьсан энэ мэт саналуудыг бид биелүүлсэн гэж хэлж болно.

-Намрын намарт гурил үйлдвэрлэгчид, тариаланчдын хооронд хэрүүл гардаг. Гурил үйлдвэрлэгчид тариаланчдын буудайг голдог. Нөгөөдүүл нь эх орны хөрсөнд ургасан буудайг заавал ав гэдэг. Үүн дээр нь төр оролцоод улаанбуудайг улстөржүүлчихдэг?

-Энэ бол уг нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар явах ёстой юм шүү дээ. Тариаланчид мэдээж тарьсан буудай, хөдөлмөр шингэсэн ургацаа үнэтэй зарахыг хичээнэ. Гурил үйлдвэрлэгчид чанартай мөртлөө хямд буудай авч ашигтай ажиллахыг бодно. Тэгэхээр нэг нь үнэтэй өгөх гэсэн, нөгөө нь хямдхан авах гэсэн хоёр хүний дунд төр энэ зохион байгуулалтыг хийж өгч байгаа байхгүй юу. Ер нь бол зах зээлийнхээ зарчмаар явах ёстой. Тэгэхдээ гурил, мах Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүн гэдэг утгаараа төрөөс зохицуулалт хийх гэж энэ бизнесийг эрхлэгчдийг бүх талаас нь дэмжиж байгаа. Ийм чиглэлээр явж байсан. Манай яамны хувьд энэ асуудал дээр бодлогын өөрчлөлт хийх ёстой. Холбогдох хууль, эрх зүйн бичиг баримтад нь өөрчлөлт оруулах маягаар бодлогын нэлээд өөрчлөлт хийнэ гэж төлөвлөж байгаа. Үүнийг Засгийн газар, УИХ дээрээ ярьж шийдэх ёстой. Яам бол бодлогыг нь л ярина. Бодлого боловсруулаад хөгжлийн чиг хандлагыг нь тодорхойлж байх ёстой. Түүнээс биш яам нь аж ахуйн үйл ажиллагаа, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хүмүүсийн хоорондын зөрчилтэй харилцаанд оролцоод байвал яамны нэр хүнд, ажил төрөлд сөргөөр нөлөөлдөг учраас ерөөсөө энэ хөдөө аж ахуйн үнэ тарифыг зохицуулдаг хууль эрхзүйн боломжийг хайж байгаа. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг зохицуулдаг зохицуулах байгууллагатай байх ёстой гэсэн ийм шийдлийг олоод бодлого боловсруулаад ажиллаж байна.

-Өнгөрсөн жил яамны зүгээс малчдад хандан “Зуд болно. Малаа эртхэн шиг зах зээлд оруулж борлуулаарай” гэж зөвлөж байсан. Өнөө жилийн хувьд ч өвөл сайнгүй байх бололтой. Юм мэддэг улсууд “Бичин жил сүүлээ айхавтар шарвадаг” гэх юм?

-Урьдчилсан байдлаар харахад энэ өвөл их хүнд байна. Цаг агаарын төлөв байдал ч тэр эрт хүйтэрч байна. Есдүгээр сарын дундаас хойш хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэсэн мэдээг холбогдох байгууллагаас нь өгсөн. Их тогтворгүй, хүйтэн өвөл болох шинжтэй. Өвлийн бэлтгэл ажилтай холбоотойгоор албан даалгавраа өгсөн. Өвлийн бэлтгэлдээ анхаарал хандуулж, хадлан тэжээлээ сайн хангах шаардлагатай. Ер нь бол манай малын тоо нэлээд өссөн. Тэгэхээр малчид мах бэлтгэл талдаа онцгой анхаарч, малаа бэлтгэж авахад буруудах юм байхгүй. Хуучцуул ярьж байгаа, энэ бичин жил сүүл рүүгээ хэцүү. Энэ өвөлжилт, хаваржилт нэлээд хэцүүднэ. Зуншлага сайн байдаг зүүн тал, зүүн өмнөд, зүүн хойд нутгуудад гангийн байдалтай байгаа учир хадлан тэжээлийн асуудал хүндрэлтэй байна. Бүс нутаг, аймгуудаас хадлан тэжээлийн газар олж өгөөч. Хадлан тэжээлээ хаанаас авах вэ гэж санал хүсэлтүүдээ тавьж байна. Энэ асуудалд яам нэлээд бодлоготой ажиллаж байна. Малчид маань мал, махаа бэлдэж өвөлдөө чамбай орохын тулд сэтгэл санаа, эд материалын хувьд бэлтгэлтэй, хадлан тэжээл сайтай байх хэрэгтэй.

-Өнгөрсөн жил хаана хаанаа бэлтгэл сайн байсан учир зудыг харьцангуй хохирол багатай давсан гэдгийг НҮБ зэрэг олон улсын байгууллагаас дүгнэсэн. Энэ жил өнгөрсөн жилийнхээс ч илүү хахир байна гэсэн үг үү?

-Өнгөрсөн жилийн хувьд өнөтэй өвөл болсон шүү дээ. Байгаль хангай ивээсэн. Эхэндээ нэлээд хүйтэн байснаа 11, 12 дугаар сард гайгүй өнгөрсөн. Хүйтэн нь ч гайгүй, цасан шуурга нь ч гайгүй, байгалийн давагдашгүй нөхцөл, үзэгдэл нь гайгүй байсан. Сайхан өвөл болсон. Монголчууд чинь амны хишигтэй ард түмэн. Бид чинь уламжлалт нүүдлийн соёлтой ард түмэн. Нүүдлийн аж ахуйгаа бид, ялангуяа малчид маань их сайхан зөв аваад явчихдаг. Хувь хувийнхаа бэлтгэлийг эрвийх дэрвийхээр хангачихдаг хөдөлмөрч улсууд болохоор ямар ч өвлийг сайхан даваад гарчихдаг. Тэрүүгээр л явах байх. Гэхдээ байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйл, их хүйтэн, малын идэш, тэжээлийн асуудал гэвэл байдал хүнд шүү. Тийм учраас бид бүх зүйлд бэлтгэлтэй, төлөвлөгөөтэй байх ёстой гэж үзэж байгаа.

-Эдийн засгийн байдал хүндэрч хасалт, таналт хийж, халамжуудыг эхнээс нь зогсоогоод эхэллээ. Хэмнэлт, таналтыг салбар бүрт л хийж байна. Танай салбарын хувьд энэ үед хэрхэн ажиллаж байна вэ?

-Эдийн засгийн байдал улс орны хэмжээнд улсын төсөв, санхүү хүнд байгаа. Муу нуухаар сайн илчил гэдэг. Бүх хүн мэдсэн байх. Эдийн засаг үнэхээр хүнд байгаа. Тал талдаа л хичээж ажиллах, үнэн зөв байх шаардлага гарч ирж байна. Засгийн газрын зүгээс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нэг их огцом таналт хийгээгүй. Аль болох бид стратегийн гол зүйл болох гурил, мах, хоолтойгоо байх ёстой. Мал эрүүлжүүлэх, мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагаанууд, өвөл хаврын бэлтгэл, ургац хураалт, намрын хадлан тэжээлийн асуудлууд байгаа учир онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой гэсэн чиглэлтэй учир манай яамны үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэсэн учир яамны хэмжээнд гайгүй байна.

-Гадагшаа мах гаргах ажил нэг хэсэг их өрнөсөн. Энэ ажил одоо ямархуу үргэлжилж байна?

-Махны экспортын асуудал хүнд байгаа. Мах боловсруулах өндөр хүчин чадалтай, олон тооны үйлдвэрүүд байгуулагдсан. Махаа экспортод гаргах чиглэлийг бүх талаас нь бодож шийдвэрлэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр ээлжит бус чуулганаар батлагдана. Энэ мөрийн хөтөлбөрт манай яамнаас махны аян, гадаад экспортын асуудлаар бодлогын олон асуудлыг оруулсан. Олон ажлыг шат дараатай хийж хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Үүнд хамгийн чухал асуудал бол мал, махаа эрүүл байлгах чиглэлд онцгой томоохон төсөл хөтөлбөр боловсруулж ажиллах ёстой. Манай яамны хамгийн гол бодлого бол “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” гэдэг үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа. Мал, мах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ эрүүл, чанартай, олон улсын стандартад нийцсэн болгож байж дараа нь экспортын асуудал, малаа үнэтэй болгох тухай асуудал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ үнэтэй болгох асуудлаа ярих ёстой. Олон улсын чанар, стандартад нийцсэн хүнс, махтай болох чиглэл рүү ажлаа чиглүүлнэ.

-Зээл авахад хэцүү болж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн дарамтад орж, аж ахуйн нэгжүүд олноор үүдээ бариад байна. Хөнгөн үйлдвэрийн чиглэлд ямар томоохон ажил эхлүүлэх вэ?

-Бодлогын гажуудал байгаа юм. Бодлогын дорвитой өөрчлөлтийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хийнэ. Яаманд гурав, дөрвөн чиглэлээр ажлын хэсгүүд гарчихсан ажиллаж байна, судалгаа хийж байна. Бодлогын боловсруулалт хийж байна. Ер нь бол нэг их олон үйлдвэр байгуулаад байхдаа биш. Жигтэйхэн том үйлдвэрүүдийг энд тэнд барихдаа биш. Хамгийн гол нь эрсдэл хүлээж, хөрвөх чадвартай, өөрөө өөрийгөө аваад явах, ашигтай ажиллах жижиг, дунд оврын ийм үйлдвэрүүдийг зах зээл, түүхий эд, хэрэглэгчдийг нь түшиглүүлээд эрэлт нийлүүлэлтийг нь зохицуулаад байгуулах нь зүйтэй. Дээр нь жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр хил орчмын худалдааг өргөнөөр зохион байгуулъя гэж төлөвлөж байгаа. Хөрш орнуудтайгаа худалдаа хийе. Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлд олон ажил хийнэ гэж гадна, дотнын олон байгууллага, компанитай ярьж байгаа. Жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр гадны өндөр технологийг оруулж ирж тэдний туршлагыг судалж, үндэсний уламжлал, шинэчлэл хоёроо нийлүүлж ашигтай, ард түмэн маань өөрсдөө яваад явж чадах, хүндрэл бэрхшээл багатай жижиг, дунд үйлдвэртэй болох зорилго тавина. Энэ чиглэлээр салбар салбар дээр загвар аж ахуй, үйлдвэрүүдийг байгуулж ажиллахаар болж байна. Гаднаас туршлага судална.

-Загвар аж ахуй, үйлдвэр байгуулах энэ ажил эхэлж байгаа юу?

-Эхэлж байгаа. Мөрийн хөтөлбөр батлагдангуут л шуурхай явчихна.

-Улсын хэмжээнд хэд хэдэн аймагт малын халдварт өвчин гарчихаад байна. Манай мах борлогддоггүй нэг том шалтгаан нь энэ л дээ?

-Шүлхий, цэцэг өвчин гарсан. Голомтдоо байгаа, ер нь бол хяналтад байгаа. Энэ чиглэлээр Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын байгууллага, Онцгой байдлын газар цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Манай яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өвчний голомттой хэсгүүдэд ажиллаж байна. “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” хөтөлбөр маань малыг эрүүлжүүлэх чиглэл рүү чиглэгдэнэ. Үүнээс гадна малаа эрүүлжүүлэх тухай хөтөлбөрийг явуулна. Мал эмнэлгийн үйл ажиллагааг цогцоор нь авч үзнэ. Боловсон хүчин, санхүүжилт, вакцинжуулалт, малын эмч нарын асуудал гээд цогцоор нь авч үзэж байж энд дорвитой өөрчлөлт хийх ёстой. Малын халдварт өвчнийг эмчилдэг стратеги тактикийг хүртэл хүмүүс өөрсдийнхөө дур зоргоор өөрчилсөн тохиолдлууд ч гардаг гэж байгаа юм. Үүнийг олон улсын стандарт дүрэм журмынх нь дагуу яаж тэмцэх ёстой юм тэр дагуу нь явуулах ёстой гэж бид үзэж байгаа.

-Монгол Улсыг эдийн засгийн хямралын энэ үед мал аж ахуйн салбар нь л тэжээнэ. 56 сая малаа зөв менежментэд оруулж чадвал хямралаас гарах нэг томоохон хөшүүрэг болно гэдгийг зарим эдийн засагчид онцолж байна?

-Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл гэдэг бол эргэн төлөгддөг баялаг л даа. Эргэн төлжиж байдаг баялаг. Уул уурхайн баялгийг нэг л аваад явбал эргэж ургадаггүй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл бол ургаж, төлжиж байдаг сайхан салбар. Монголчуудын хувьд ямар ч хүнд үед өлсч үзээгүй ард түмэн. Дайны жилүүдэд ч өлсч үзээгүй. Ямар ч хямралын буянд хэдэн малынхаа буянд сайхан ажиллаж, амьдарч ирсэн улсууд. Энэ уламжлал, амны бэлгэ, ерөөл эдийн засгийн энэ хүнд үед биднийг аварна аа гэж бодож байгаа. Манай малчид амьдралаа мэднэ, аж ахуйгаа сайхан аваад явж ирсэн. Уламжлал технологи, арга барил, соёлтой. Одоо харин бид нүүдэлчдийн уламжлалт амьдралын энэ хэв маягаа орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт, шинэ дэвшилтэй холбоод малаа олон болгоно гэхээсээ илүүтэй ашиг шимийг нь илүү үр дүнтэй болгохын тулд тооноос чанар руу шилжих ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Т.Билэгжаргал: Худлаа яриад яахав, манай кино урлаг сүйрч байна

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Билэгжаргалтай ярилцлаа.

-Хамгийн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна?

-“Нэг өдрийн дайсан” гэж кинонд тоглосон маань энэ жилийн хамгийн гол уран бүтээл байлаа. Энэ кинонд баян залуугийн дүрд тоглолоо. Сайхан чадварлаг хамт олонтой ажилласан. Гэхдээ нэг жилд дөрвөн кинонд тоглочихлоо. Уг нь би жилд ганцхан кинонд чанартай тоглох ёстой гэж боддог ч олон кинонд тоглосондоо жаахан санаа зовж байгаа. Уран бүтээлч хүн уг нь ингэж ажиллах онцгүй.

-Таныг үзэгчид баян, романтик дурлалт залуугийн дүрээр тань илүү мэддэг. Ихэвчлэн ийм дүрд тоглоод байгаа шалтгаан нь юу байна. Эсвэл өөрөө амьдрал дээр яг тийм залуу юм уу?

-Тухайн дүрдээ тохирсон хүмүүсийг сонгох нь тухайн найруулагчийн ажлын 50 хувь байдаг гэж үг бий. Хүмүүс намайг яг өөр шиг чинь бодоод байдаг юм. Найруулагчдын харж байгаагаар дурлалт залуугийн дүр надад илүү ойрхон санагддаг юм шиг байгаа юм. Анзаарвал эсрэг тэсрэг дүрд ч мөн тоглосон. Уран бүтээлч хүн үргэлж ургуулан боддог, асар их эрэл хайгуулчид байдаг. “Боолын гэрээ” киног найруулсан Болдоо ах маань намайг “Архичин, ээжийгээ зовоодог, тэнэг залуугийн дүрээр” харж байсан. Ингэж намайг өөрөөр харж, чадна гэж итгэж байгаад нь би түүнд баярладаг. Найруулагч тухайн жүжигчнээ яаж харна. Тэр дүрийг тэгж амилуулах нь чухал. Анх “Ийм нэгэн дурлал” төслийн шалгаруулалтад тэнцээд, жүжигчин Тэмүүжин, Алтаншагай бид гурав гол дүрд тоглож байсан. Энэ жил энэ жүжгийн маань 10 жилийн ой болж байна. Тиймээс бид ойдоо зориулаад “Ийм нэгэн дурлал 3” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

-Мэргэжлээ хэрхэн сонгож байв?

-Манайх Өвөрхангайн гаралтай. Хужиртын айл. Манайхан дээр үеэс нэг хүнээ хар, нэгийг нь шар болгодог заншилтай. Мөн есөн үеэрээ цэрэг армид ажиллаж, амьдралаа зориулсан хүмүүс. Тиймээс би аравдугаар анги төгсөх хүртлээ армийн хүн болно гэж боддог байлаа. Гэтэл 2004 онд Үндсэн хуулиар армийн хүн болох эрх минь хасагдсан. Өөрөөр хэлбэл, хуульд орсон өөрчлөлтөөр метр 72-оос өндөр хүнийг цэрэг, цагдаагийн байгууллагад авна гээд заачихсан. Ингээд аравдугаар анги төгсөх жилээ нэг жүжиг үзэхдээ, театрын үнэрийн өвөрмөц сайхныг мэдрээд, жүжигчин болох санаа төрсөн. Мөн би жүжигчин болох юм бол бүх мэргэжлийн хүн болж үзэх боломжтой юм байна гэж бодсон. Жишээлбэл, багш, эмч, цэрэг армийн хүн гээд аль ч дүрд тоглох боломжтой шүү дээ. СУИС-д шалгаруулалтад орж байхдаа Н.Сувд багшид ингэж тайлбарлаж байсан нь шалгалтын оноонд маань эерэгээр нөлөөлсөн.

-Өөрийн зүтгэж буй урлагийн салбарыг хөгжүүлэхийн тулд залуус ямар байх шаардлагатай гэж бодож байна?

-Хүн аливаа зүйлийн мөн чанар руу хандаж, чиглэж байх нь чухал юм болов уу. Би сүүлийн үед нэлээд судалгаа, эрэл хайгуул хийж байна. Өөрийн орны урлагийн хөгжил болон гадны томоохон улс орнуудын урлагт хандах зарчим, практик зэргийг судалж байгаа. Мөн кино урлагийн түүхэнд их чухал байр суурь эзлэх томоохон төслийг олон жил бодож явлаа. Одоо хийхэд бэлэн болж байгаа. Гэхдээ баярлах болоогүй байна. Урлагийн хүн болоод 10 жил өнгөрчихлөө. Тиймээс олон тийшээ үсчиж, урваж шарвалгүй дэлгэцийн урлагаар тууштай дагнана гэж боддог. Мөн дараагийн түвшинд би хэрхэн яаж ажиллах вэ зэрэг бодож буй зүйл их байна.

-Урлагийн хүн байх хэцүү байдаг уу?

-Үнэндээ Монголын нөхцөлд урлагийн хүн байх хамгийн хэцүү. Манай иргэдийн сайхны тухай ойлголт, гоо зүйн хэм, хэмжээ улс төрчдийн засаглалын түүнд хэрэгжүүлж байгаа бодлого, түүнийг нь гардаж ажиллаж байгаа хүмүүсийн онцгүй үйлдлээс хамаараад урлаг хэцүү болж байна. Уг нь манай уран бүтээлчид авьяастай, цаанаасаа төрсөн өгөгдөлтэй, нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл кино урлагт бөмбөрцгийн хаана ч гологдохгүй шүү. Гэхдээ кино урлаг хөгжиж байна уу гэж асуухаар манайхан хөгжиж байна гэдэг. Энэ салбарт сайн төлөөлөгчид байдаг ч цөөхөн. Худлаа яриад яахав, миний ажиглаж байгаагаар манай кино урлаг сүүлийн үед сүйрч байна. Хэллэг, нийгэмд өгч байгаа мессэж, сэтгэлгээ авах юм алга. Хүний тархинд үр тарих биш, хүмүүсийн халаасыг сэгсрэх хүслээр ажиллаж байгаа киночид өөртөө дүгнэлт хийгээд бодох хэрэгтэй. Өөрсдийгөө юу хийж байгаагаа харах, дахин дахин бодох ёстой байна.

-Ширээн дээрээ янз бүрийн чулуу тавьж, арц уугиулаад, мөн зэс аяганд сүү уудаг юм байна. Мөн гартаа эрх зүүдэг зэргээс тань харахад орчин цагийн залуусаас арай өөр харагдлаа. Энэ таны үзэл бодлын илэрхийлэл үү?

-Би боксын спортын мастер, хошууч генерал хүний бага хүү. Аливаа хүний ертөнцийг үзэх үзэл тухайн гэр бүлийн орчин, хүмүүжлээс эхлэлтэй байдаг. Энэ бол миний ертөнцийн нэгээхэн хэсэг. Олон янзын цуглуулга байдаг ч ил гаргаагүй байна. Мөн очиж үзээгүй газар орноор явахдаа тэндхийн чулууг авдаг. Гартаа эрх зүүдгийг манай ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Би янз бүрийн сонирхолтой, олон сайхан сэдвээр хүмүүстэй нээлттэй ярилцах дуртай. Залуучууд мэддэг, чаддаг сонирхдог зүйлээ бусадтайгаа хуваалцаж байвал гоё. Өөрөөр хэлбэл, би суу ухааны, шашин,соёлын болон улсын бодлого тодорхойлогч, улстөрчид зэрэг хүмүүстэй ярилцах дуртай. Миний үгийг сонсдог, надтай ярилцдаг олон найз нөхөдтэй болж байгаа. Ном унших, олон зүйлийн тухай эргэцүүлэн бодох дуртай. Гэхдээ одооны залуус мэдлэг, мэдээлэл хоёрыг ялгахгүй байх шиг санагддаг.

-Та нээлттэй, өөдрөг хүн шиг санагдлаа. Сэтгэлээр унах, гуних үе тохиолдоход хэрхэн даван туулдаг вэ?

-Хүмүүст муугаар хэлүүлж, муухай харагдаж, буруугаар ойлгогдож бас хайр сэтгэл, амьдрал бүтэлгүйтсэн хүнд хэцүү сэтгэл хямрах өдрүүд одоогоос хэдхэн жилийн өмнө байсан. Гэхдээ би ийм зүйл тохиолдоход, тийм хэцүү байх ёстой гэдгийг ойлгож байсан болохоор даван туулж чадсан. Гайхалтай хайр байдаг ч бас хайрын гурвалжин байна. Гэхдээ би барагтай бол гуньж, гутардаггүй, тийм зүйл болоогүй юм шиг байж чадна.

-Гурван охин хамтлагийн дуучин Г.Анхмаа та хоёр олон жил үерхээд, хөөрхөн охины ээж, аав болцгоосон. Гэхдээ та хоёрыг хоёр тийш болоход гайхаж, бас харамсах хүмүүс олон байгаа нь ажиглагдсан. Охинтойгоо хэр ойр уулзаж байна?

-Миний охин одоо таван настай. Охиноо тав дахь өдөр болгон аваад, хагас бүтнээр охинтойгоо хамт байдаг. Хааяа ажлын шаардлагаар, хөдөө гадаа явах тохиолдолд 14 хоногоор ч уулзахгүй үе бий. Охинтойгоо уулзахгүй 14 хонох хэцүү. Хүний үр гэдэг хамгийн сайхан үгээр хэлшгүй нандин байдаг юм. Хайр гэдэг бол сайхан бүхний охь, гайхамшиг бүхний ундарга юм. Сайхан хайраас ургасан ганц охинтой.

-Ойрын хугацаанд гэр бүл зохиох бодол бий юу?

-Ойрын хэдэн жилдээ ээж, охин хоёр минь надад байхад хангалттай. Одоохондоо гэр бүл зохиох бодол, төлөвлөгөө байхгүй. Намайг мэдэхгүй хүмүүс намайг хараад, дүгнэж байгаагаас би их өөр хүн. Эмэгтэй хүн эргүүлж гадуур дотуур явдаггүй, ганцаараа бол ганцаараа хичнээн хугацаагаар ч хамаагүй үнэнч байж чаддаг.