Categories
мэдээ цаг-үе

Д.Сарангэрэл: Одоо бизнесийнхэндээ уужуу амьсгаа авах боломжийг итгэлтэй хамт өгөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Монгол Улс эдийн засгийн хувьд үнэхээр хямралд орсон гэдгээ Засгийн газрын зүгээс олон улсад албан ёсоор зарласан нь эргээд улсын нэр хүндэд нөлөөлж байна?

-Манай улс эдийн засаг хямралд орсон нь дотоод, гадаад орчинд ил болсон зүйл. Эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд, ард түмний аж байдал ч үүнийг бэлхнээ харуулж байна. Ард түмэндээ бодит байдлыг хэлэх нь энэ засгийн үүрэг гэж бодож байна. Нөхцөл байдлаа үнэн зөв тодорхойлж байж, өөрөөр хэлбэл оношоо зөв тавьж байж эмчилгээгээ хийнэ биз дээ. Тиймээс бусдын мэдэхгүй нууцыг дэлгээд, үүний улмаас улс орны нэр хүнд олон улсад унаж байна гэж дүгнэх нь хэр оновчтой юм бол доо.

-Эдийн засгийг хэвийн байдалд оруулахын тулд эхлээд эрүүлжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэж буй. Таны харж байгаагаар бид эдийн засгаа сэргээхийн тулд ямар алхам хийх нь зүйтэй вэ?

-Засгийн газар байгаа нөхцөл бололцоогоо ашиглахаар чармайн ажиллаж байгаагийн нэг илрэл нь төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулах шийдвэрээс харагдана. Агентлаг, газрын даргаас дээр албан тушаалтнуудад цалингийн бууралт хамаарна гэж ойлгож байгаа. Жирийн төрийн албан хаагчдын цалин угаасаа амьдралд нь хүрдэггүй, цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдардаг улс. Аман дээрээ өндөр албаны хүмүүсийн цалинг танана гэдэг ч ачир дээрээ дунд шатны албан хаагчдын цалин, ур чадвар, зэрэг цол, удаан жилийн нэмэгдэл рүү нь ордог байдал өнгөрсөн хугацаанд ажиглагдаж байсан. Үүнийг давтахгүй байх хэрэгтэй. Төрийн албаны хуулийн төслийг хэлэлцэх үед энэ саналаа хэлснийг Ажлын хэсэг хүлээж авсан. Эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжих үед хөдөлгөөнд орохооргүй хуульчилж байж төрийн албан хаагчдын амьдралын баталгааг хангах нөхцөл бүрдэх юм билээ. Цалин бууруулах бол түр зуурын л арга хэмжээ. Хамгийн гол нь бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого хэрэгжүүлэх нь л чухал. Үйлдвэрлэл, үйлчилгээгээ дэмжиж ажлын байр, орлого нэмэгдүүлэх боломжтой болно. Я.Содбаатар бидний хэдэн гишүүн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөл санаачилж нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх нь шийдэгдээд зогссон байгаа. 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдэд жилд нэг удаа нэг хувийн татвар авдаг болох тухай төсөл юм. Ингэснээр байн байн тайлан гаргах гэж цаг алдахгүй, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлэх, ажилчдынхаа цалин мөнгийг нэмэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх улмаар том аж ахуйн нэгж болох боломжийг бүрдүүлэх юм. Энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэж баталбал бизнес эрхлэгчдээ бодитой дэмжсэн ажил болно. 120 гаруй мянган аж ахуйн нэгжийн 60 гаруй мянга нь янз бүрийн шалтгаанаар хаалга үүдээ барьчихаад байж байгаа. Одоо бизнесийнхэндээ уужуу амьсгаа авах боломжийг итгэлтэй хамт өгөх хэрэгтэй.Тэд маань л эдийн засгаа аварна. Элдэв дарамт шахалт, хяналт шалгалтаа зогсоож, зарим нэг зөрчлийн асуудал байвал шийдэж өгөөд цаашаа явах бололцоог нь нээж өгөх хэрэгтэй гэж бодож байна.

-Та Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгогдсон. Уг байнгын хороог төр, ард түмний гүүр гэж тодотгох нь бий. Иргэдийн зүгээс сүүлийн үед ямар өргөдөл голдуу ирж байна. Мэдээж эдийн засгаа яаралтай сэргээх хэрэгтэй байна гэсэн захидал хүсэлт, санал олон ирж байгаа болов уу?

-Өргөдлийн байнгын хороо бол УИХ-д 2012 оны сонгуулийн үр дүнд бий болсон шинэ бүтэц. Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлд заасан хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагаанд иргэд,олон нийтийн харилцааг хангах зорилготой,олон улсын жишгийн дагуу байгуулагдан өнгөрсөн дөрвөн жил амжилттай ажилласан байнгын хороо. Өргөдлийн байнгын хороо бүрэн эрхийнхээ хугацаанд 94040 иргэний 11575 өргөдлийг хүлээн авч асуудлыг багцлан хэлэлцэж, холбогдох хуулийн төсөлд тусгах саналыг нэгтгэн боловсруулах, хуулийн зөрчлийг арилгах, хэрэгжилтийг хангах, хууль, тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газарт хугацаатай үүрэг, чиглэл өгөх, Байнгын хорооны гишүүдийн саналыг хуралдааны тэмдэглэлээр хүргүүлэх,тогтоолын биелэлтийн талаарх мэдээллийг эргэн сонсох зэргээр хяналт, шалгалтын чиг үүргээ амжилттай биелүүлж ажилласан.

Өрөөнөөс гадагшаа гарч ажиллах, өргөдлийн дагуу газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцах, өргөдөл гаргагч, холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг хийх, нээлттэй сонсгол хуулийн хүрээнд байнгын хорооноос зохион байгууллаа. Гэр хороолол болон ашиглалтын шаардлага хангахгүй нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон орон сууцны барилгуудын дахин төлөвлөлт, Цэргийн албан хаагчдын нийгмийн асуудал, цолны нэмэгдэл, Туул голын бохирдол, Биокомбинатын иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулсан карьерын зэрэг олон асуудал байнгын хороон дээр хэлэлцүүлэг, шийдлээ хүлээгээд байж байна.

Өргөдлийн байнгын хороо төр, ард түмнийг холбосон гүүр юм. Төр, ард түмний амьд харилцааг хадгалан, улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л асуудлаар ирүүлсэн иргэдийнхээ үнэт саналыг хууль тогтоох үйл ажиллагаанд тусган,хуулийн хэрэгжилтэд иргэдтэйгээ хамтарч хяналт тавьж ажиллана. Зарим хүн Өргөдлийн байнгын хороонд хийхгүй ажил, хөндөхгүй сэдэв гэж алга гэж шүүмжилдэг. Байнгын хороо иргэдийн өргөдөлд үндэслэн хууль дутуу дулимаг хэрэгжиж байгаагаас үүдэн нийгэмд тулгарч байгаа асуудлыг дэлгэн тавьж шийдвэрлэх үүрэгтэй. УИХ хууль гаргадаг, харин хэрэгжилтэд нь хяналт тавих ажил хангалтгүй явсаар ирсэн. Тэр нь ч өргөдлийн байнгын хороог УИХ-д нэмж байгуулах үндэслэл болсон. Өнгөрсөн хугацаанд ирүүлсэн өргөдлийг үзэхэд 10 гаруй хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 90 гаруй хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Ард түмний амьдрал, аж байдал хүнд байгаа нь хувийн чанартай өргөдөл дийлэнх байхад хүргэж байна гэж бид дүгнэдэг. Цаашдаа нийтийн эрх ашгийг төлөөлсөн нь нэмэгдэх байх. Тэгвэл амьдралд нийцсэн хэрэгждэг хуультай болох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих иргэдийн оролцоо нэмэгдэхэд илүү түлхэц болох юм.

-Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн ч мэргэжлийн бус хүмүүсээс гадна давхар дээлтэй нэлээд гишүүд байна. Өмнөх засгийн үед МАН “давхар дээл”-тэй байхыг эсэргүүцэж байсан шүү дээ?

-УИХ-ын гишүүд зохистой харьцаагаар Засгийн газарт ажиллахыг би хувь гишүүнийхээ хувьд дэмждэг. Гишүүн-сайд илүү хүчтэй ажиллах боломж гэж хардаг учраас тэр шүү дээ. Түүнээс гадна шилдэг гэсэн хүмүүсээ тухайн улс төрийн намууд парламентын сонгуульд нэр дэвшүүлдэг.

Өнгөрсөн хугацаанд “гишүүн-сайд”-ыг манайхан шүүмжилсээн, үнэн. Тэр миний хэлээд байгаа зохистой харьцаа дэндүү алдагдсан байсан. Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүд байсан. Энэ нь чуулганы ирцэд нөлөөлж, улмаар зарим үед парламент нь гүйцэтгэх засаглалаа хянаж чадахгүйд хүрч байлаа. Ямар сайндаа л гишүүн-сайд нарт урд эгнээнд нэг дор тусад нь суудал гаргаж өгч байхав. Ирцийг нь олон нийтэд ил болгох гэсэн санаа л даа. Одоо давхар дээлтэй сайд нарын тоо 50 хүртэл хувиар буурлаа. Энэ бол дэвшил. За, мэргэжлийн бус Засгийн газар боллоо гэж шүүмжлээд байгаатай төдийлөн санал нийлэхгүй байна. Хөдөө аж ахуй, барилга, эрүүл мэнд гээд бүх яаманд мэргэжлийн хүмүүс томилогдсон. Олон нийтийн хүсэл, сонгуулийн мөрийн хөтөлбөр аль аль нь мэргэжлийн Засгийн газар хэмээх нэг цэгт огтлолцож байсан учраас хүндэтгэлтэй ханддаг. Ер нь бол мэргэжлийн хүн гэхээсээ илүүтэй бодлого тодорхойлдог, сайн менежер хүн яам толгойлох нь илүү оновчтой гэсэн бодлоо би орхидоггүй.

-МАН-ынхан их өр зээлтэй, хэцүү байдалтай улс орныг хүлээж авч байгаагаа ард түмэнд зарлаад байх юм. АН өнгөрсөн дөрвөн жилд бүтээн байгуулалтыг зоригтой эхлүүлж эх орноо чирсээр та бүхэнд авчирсан. Төрийн залгамж чанараар өмнөхөө муулах биш алдааг нь засаад явах ёстой биш бил үү?

-Дахин хэлэхэд нөхцөл байдлаа зөв үнэлж байж дараа дараачийн ажил, арга хэмжээгээ авна. Энэ Засгийн газар МАН-ынх биш, хэдэн сайд нарынх ч биш, Монголын ард түмний Засгийн газар. Тийм учраас эзэд нь нөхцөл байдлынхаа талаар үнэн бодит мэдээлэл авах эрхтэй. Хүнд нөхцөл байдлаас, эдийн засгийн хямралаас Засгийн газар ард түмэнтэйгээ хамт л гарна. Ялангуяа халуун тогоонд нь ороод Засагт ажиллаад ирэхээр янз бүрийн өр шир, гэрээ хэлцлүүд далд байсан бололтой юм дуулдаад л байна. Энэ бүхнийгээ хэлж ярьж, ойлголцож шийдээд явахаас өөр аргагүй. Бодит байдлаа ард түмэндээ нэг сайн ойлгуулж аваад цаашид хойшоо биш урагшаа хараад ажиллаад явах нь зүйтэй гэдэгтэй санал нэг байна.

-Өмнөх УИХ-д байсан эмэгтэй гишүүд нам харгалзахгүй хамтарч ажиллаж олон ажил амжуулснаа тайлагнаж байсан. Энэ удаад эмэгтэй гишүүд маань бараг бүгд шахуу нэг намынх байгаа нь илүү давуу тал болох болов уу гэж ажиглагдаж байна?

-Өнгөрсөн дөрвөн жил таван намын төлөөлөл бүхий 11 эмэгтэй үзэл бодол өөртэйг үл харгалзан хамтарч ажиллаж чадсан нь миний хувьд мартагдашгүй сайхан дурсамж. Энэ удаа парламентын түүхэнд хамгийн олон буюу 13 эмэгтэйд ард түмэн сонгогчид маань итгэл үзүүлсэнд талархаад барахгүй. Энэ итгэлийг бид зүтгэлээр хариулах учиртай. Эмэгтэйчүүд нийгмийн тулгамдсан асуудалд, хүн рүү чиглэсэн асуудлаар илүү байж чадна гэж үзэж итгэл үзүүлсэн гэж бодож явна. Тиймээс энэ чиглэлийн хууль, тогтоомж санаачлах ажлыг бид хэдийнэ эхлүүлсэн. Гурван нас хүртэл нь хүүхдээ харж буй ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг тасрахгүй байх бололцоог бүрдүүлэх, хүүхдийн тоогоор ажилласан нэг жилийг нь 1.5 жилээр тооцдог байх зэрэг хуулийн төслүүд бэлэн болж Засгийн газарт очсон байгаа. Одоо тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг байх хуулийн төсөл боловсруулж байна.

-Өнгөрсөн дөрвөн жилд эмэгтэй гишүүд Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтийг төсөвт суулгах гэж ихэд хичээсэн. Гэтэл хэдхэн хоногийн өмнө энэ асуудлыг шийдчих шиг боллоо?

-Хуучин барилгыг нь нурааж 2013 онд шавыг нь тавьсан Түлэнхийн төвийн шинэ барилгын төсөв шийдэгдэхгүй жил дамнаад л яваад байгаа юм. Эмэгтэй гишүүдтэйгээ Түлэнхийн төвд ажиллахад байдал газар дээрээ бодсоноос хүнд байсан. Хувийн эмнэлэгт түрээсээр ажиллаж байгаад төлбөрөө дийлэхээ болиод Гэмтлийн эмнэлгийн нэг мухарт байрлан ажиллаж байгаа юм билээ. Орчин нөхцөл, өрөө талбайн хэмжээ шаардлага хангахгүй, дийлэнх нь буюу өвчтөнүүдийн 90 шахам хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байдаг учраас бүгд сахиуртай, агааргүй, хүнд орчинд эмчилгээ үйлчилгээ явагдаж байна. Тангараг өргөсөн эмч, ажилтнууд тулдаа л тэсдэг байх гэж бодогдохоор. Нийт төсөв нь 26 тэрбум төгрөг. Үүнээс 2015 онд зургаан тэрбум, 2016 онд хоёр тэрбум төгрөг төсөвт суусан ийм байдалтай байгаа. Ерөнхий сайд Кувейтын Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ Кувейтын сангийн санхүүжилтээр Монгол Улсад парламентын ордон барихад зориулах 12 сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт, тэр дундаа Түлэнхийн төвийн барилгыг барихад зарцуулах саналтай байгаагаа хэлсэн байна лээ. Парламентын ордон яахав, хүлээж болно. Харин хүлээж болохгүй юм чинь эмнэлэг болчихоод байгаа энэ үед үнэхээр зөв сайхан яриа хийжээ гэж Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдад талархаж байгаа.

-Нэр бүхий гишүүд 18 хүртэлх насны олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдэд Нийгмийн халамж үзүүлэх тухай хуулийн төслийг өргөн бариад буй. Уг хуулийн төслийн авууштай талууд нь юу юу байна?

-Д.Оюунхорол гишүүн маань ахлаад бидний хэдэн гишүүн олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүддээ төр халамж тавьдаг байх тухай хуулийн төсөл санаачлаад Засгийн газраас санал авахаар өгсөн байгаа. Улсын хэмжээнд 1990-ээд онд өрх толгойлсон 13 мянган эмэгтэй байсан бол Статистикийн газрын судалгаагаар өрх толгойлсон 80828 эх, 22354 эцэг бүртгэгдсэн байна. Үүнээс 18 хүртэлх насны хүүхэдтэй эх 40433, эцэг 7971 байна. Энэ нь нийт өрхийн 14.7 хувийг эзэлж байна. Бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүд хөдөлмөр эрхлэх боломж бага, орлогын эх үүсвэр хангалтгүй байгаагаас хүүхдээ эрүүл өсгөж бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулж чадахгүй байгаа юм. Дээр нь өнчрөл хагацал, салалтаас үүдсэн хямрал, сэтгэл санааны дарамтыг даван туулах сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ ч үгүйлэгдсээр байна. Дээрх нөхцөл байдлыг хөнгөвчлөхөд хуулийн төсөл чиглэж байна гэж ойлгож болно.

-Хүүхдээ гурван нас хүртэл нь харах хугацаанд эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл тасардаггүй байх боломжийг бүрдүүлэх хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Энэ төслийг эмэгтэйчүүд ихэд сонирхож байна?

-УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүдтэй хамтран санаачилсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай хуулийн төслийн гол зорилго нь эхчүүдийг хүүхдээ гурван нас хүртэл нь асрах, чөлөө авахыг Хөдөлмөрийн хуулиар зөвшөөрсөн байдаг. Гэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх хууль байдаггүй учраас хүүхдээ асарсан энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй, ажилласан жил тасрахад хүрдэг. Тиймээс хүүхэд төрүүлсэн болон гурав хүртэлх настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно. Эхчүүд маань даатгуулсан хэлбэрээсээ үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж авдаг болно. Тухайлбал, хамтын гэрээ хэлэлцээр, бусад эрх зүйн актаар шимтгэлийг ажил олгогч нь төлөхөөр тохиролцсон бол уг тохиролцооны дагуу ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө. Сайн дураар нийгмийн даатгалд хамрагдсан эхийн даатгалын шимтгэлийг даатгалын сангаас олгодог байхаар тус тус зохицуулж өгсөн. Мөн малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр уг хуулийн төслийг боловсрууллаа.


Categories
мэдээ цаг-үе

Орон сууцны урьдчилгаанд мал болон хашаа байшин, машин өгөх боломжтой болжээ

Орон сууцны найман хувийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд олон байдаг ч урьдчилгаа төлбөрт өгөх бэлэн мөнгө байхгүйгээс болоод хамрагдаж чаддаггүй. Тэгвэл сүүлийн үед зарим барилгын компаниуд шинээр ашиглалтад орсон орон сууцаа борлуулахдаа, урьдчилгаа төлбөрт нь хашаа байшин, мал болон бусад хөрөнгийг авч эхэлж байгаа юм байна. Энэ талаар сурвалжлахаар эхлээд үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудтай холбогдож мэдээлэл авлаа. Тодруулбал, “Актив зууч” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн менежертэй холбогдож энэ талаар тодруулахад “Манайхаар зуучлуулдаг барилгын компаниуд нэлээд бий. Гэхдээ ихэнх нь урьдчилгаа төлбөртөө бэлэн мөнгө авдаг. Зарим нэг нь зээлээр биш, шууд зарах тохиолдолд машин, хуучин орон сууц, газар зэргийг оролцуулж бартер маягаар борлуулах тохиолдол байдаг. Яг урьдчилгаанд нь хашаа байшин, мал авна гэсэн орон сууц одоохондоо алга. Тийм нөхцөл ер нь бол гарч эхэлж байгаа юм билээ. “Содон хороолол” шинэ орон сууцаа найман хувийн зээлд хамруулахдаа урьдчилгаанд нь мал, хашаа байшин авч байгаа гэж байсан. Гэхдээ тэднийх манайхаар зуучлуулдаггүй болохоор нарийн зүйлийг мэдэхгүй байна” гэв.

Харин “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компанийн маркетенгийн менежертэй холбогдоход “Орон сууцны урьдчилгаа төлбөрт мал, машин, хашаа байшин авч байгаа компани одоохондоо мэдэгдээгүй байна гэв. Мөн “Марко Агенси” үл хөдлөх зуучлалын компанитай холбогдоход “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, “Шинэ Монгол” ахлах сургуулийн ойролцоо байдаг “Хийморь-13” орон сууцны хороололд нэг, хоёр, гурван өрөө байруудыг мал, машин, үл хөдлөх хөрөнгө, бага метр квадраттай байраар солих, зээлээр авах тохиолдолд ярилцаж байгаад урьдчилгаанд нь бусад үл хөдлөх хөрөнгө болон машин, мал оролцуулж болно гэж байгаа. Дээрх орон сууцны нэг метр квадрат нь нэг сая 950 мянга гэж байна. 37.5 метр квадрат хоёр өрөө байрнаас эхлээд 65 метр квадраттай гурван өрөө зэрэг сонголтууд байгаа.

Мөн өөр компанийн бэлэн мөнгөөр биш, бартер солилцоогоор зарж болно гэсэн ганц нэг байр бий. Уулзаж ярилцаад, байраа үзээд авахаар болбол дээрх байрнуудаас боломжийн нөхцөлөөр сонгож авч болно. Харин бэлэн мөнгөөр авна, эсвэл урьдчилгаагаа бэлнээр төлнө гэвэл нийслэлийн бүх дүүрэгт бүх төрлийн сонголттой маш олон байр бий” гэж ярилаа. Ингээд “Хийморь-13” орон сууцны хорооллын борлуулалтын албаны менежертэй холбогдоход “Шинэ орон сууцны урьдчилгаа төлбөрт мал машин, хашаа байшин оролцуулах боломж одоохондоо байхгүй. Хувь хүмүүс тийм нөхцөлөөр орон сууцаа зарж байгаа байх. Мөн “Содон хороолол” орон сууцаа борлуулахдаа урьдчилгаанд нь хашаа байшин, мал оролцуулж байна гэх мэдээлэл байсан” гэлээ.

Иймээс “Содон хороолол”-ын борлуулалт хариуцсан менежер Г.Батбаяраас дараахь тодруулгыг авлаа.

-“Содон хороолол” орон сууцны урьдчилгаа төлбөрт таван хошуу мал болон хашаа байшин авдаг болсон юм байна. Ямар малыг хэдэн төгрөгөөр үнэлж авах вэ?

-Орон сууцны 20 хувийн урьдчилгаа төлбөрт мал болон хашаа байшин оролцуулж болно. Үлдсэн 10 хувийн урьдчилгааг бэлэн мөнгөөр төлнө гэсэн үг. Ингэхдээ үхэр, хонь, ямаа голдуу авна. Малыг яг тухайн өдрийн ханшаар нь авна. Жишээлбэл, махны зах дээр хонины мах хэдэн төгрөгийн үнэтэй байна, яг тэр үнээр нь бодож авна гэсэн үг. Мах авч болно. Амьд хонийг ч мөн тухайн өдрийн ханшаар авна. Манайх 22-ын товчооны ойролцоо мал, мах хүлээн авах цэг байгуулах гэж байгаа, тэндээ төвлөрүүлээд авна гэсэн үг.

-Байр ямар үнэтэй байна. “Содон хороолол”-ын аль ч байрнаас сонгох боломжтой юу?

-Тийм ээ, сонголттой. Манай орон сууц нэг метр квадрат нь сая 700 мянга гэж байна. Доод тал нь 47 сая 498 мянган төгрөгийн үнэтэй нэг өрөө байр байна. Иргэд хөнгөлөлттэй нөхцөл болон мал, байшин, машин зэргийг оролцуулж байр авах санал тавиад байгаа учраас ийм ажлыг эхлүүлээд байна. Мөн урьдчилгаа төлбөртөө машин тооцуулж өгч болно. Хүмүүс барьцаанд тавина гэж ойлгоод байгаа. Тийм биш. Урьдчилгаа мөнгөндөө өгнө гэсэн үг. Гэхдээ орон сууцны найман хувийн зээлд хамрагдах нөхцөлийг хангасан хүмүүст ийм боломж байгаа гэсэн үг. Харин хөдөөний малчид болон бусад аж ахуйн нэгж, байгууллагын нэр дээр байр авахаар бол 50 хувиа бэлэн төлөөд дараа жилд нь ямар ч хүүгүйгээр үлдэгдэл 50 хувиа хувааж төлөх боломж бий.

-Хашаа байшинтай айлууд хашаа байшингаа урьдчилгаа төлбөрийнхөө 20 хувьд өгнө гэсэн үг юм байна. Хашаа байшинг нь хэдэн төгрөгөөр яаж үнэлэх вэ. Ийм нөхцөлөөр байр авах сонирхолтой олон хүн байна уу?

-Энэ сард манайх “Содон хороолол”-ын орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд хашаа байшин, мал мах авна гэж албан ёсоор реклам явуулаад, ийм нөхцөлийг олон нийтэд танилцуулсан. Мөн нэмээд хэлэхэд, машин ч оролцуулах боломж бий. Иргэд маш их сонирхож байна. Орон сууцтай болох хүсэлтэй ч урьдчилгаа мөнгөгүйгээсээ болоод найман хувийн зээлд хамрагдаж чаддаггүй юм байна. Орон сууц худалдан авахаар байр сонирхож байгаа иргэд болон энэ нөхцөлийн талаар тодруулах хүмүүс олон байна. Тиймээс манай борлуулалтын байр ачаалал ихтэй байгаагаас болоод бид хүн бүхэнд хүрч нарийн тайлбарлаж чадахгүйд хүрч байна. Мөн зарим иргэд хашаа, байшин, малаа барьцаанд тавьчихаад, орон сууц авч болох юм байна гээд буруу ойлгож ирээд байна.

-Содон хороололд хэдээс хэдэн өрөө байрны сонголт байгаа вэ?

-Нэг, хоёр, гурван өрөө байрнууд бий.

-Найман хувьд хамрагдах боломжгүй ч орон сууц зээлээр аваад төлөөд байх чадвартай, малчдад зориулсан зээлийн нөхцөл бий юу?

-Энэ удаагийн хашаа байшин, мал, машин оролцуулж, урьдчилгаа төлбөр авах нөхцөл нь найман хувийн зээлд хамрагдахад бэлэн болчихсон. Зээлийн бүх нөхцөлийг хангасан. Банкнаас зээл олгох боломжтой гэсэн хүмүүст зориулсан байгаа. Яагаад гэхээр, иргэд энэ хямралын үед тэр бүр гар дээрээ бэлэн мөнгөгүй байгаа учраас манай компани ийм ажил хэрэгжүүлж байгаа юм. Угаас иргэд байр авах өөр ямар хөнгөлөлттэй нөхцөл, боломж байна гэж их асуудаг. Малчдад хүртэл зориулсан зээлийн нөхцөл шаардлагатай байгаа нь харагдаж байгаа. Малчид улсад татвар төлдөг ямар нэгэн компанийн нэр дээр байр аваад, байрныхаа 50 хувийг бэлнээр юм уу, мал оролцуулж төлөөд, үлдсэн 50 хувийг нь нэг жилийн дотор төлөх боломж бий. Мөн малчид болон найман хувьд хамрагдах боломжгүй байгаа иргэдэд зориулсан зээлийн нөхцөлийг судалж, эрэлхийлж байна. Иргэдээ боломжтой нөхцөлөөр байртай болгохын тулд болон борлуулалтаа өсгөх зорилгоор манайх байж болох хөнгөлөлттэй нөхцөлийг цаашид хийж хэрэгжүүлнэ гэж байгаа.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Г.Батмөнх энэ талаар ямар сэтгэгдэлтэй байгааг сонслоо.

-Орон сууц худалдан авахдаа урьдчилгаанд нь мал, хашаа байшин өгөх боломжтой болж байгаа юм байна. Энэ танд ямар санагдаж байна.

– Орон сууц худалдаж авах хүсэлтэй байдаг ч иргэд бид урьдчилгаа төлбөргүйгээс болоод худалдан авч чадахгүй байна. Манайх гэхэд хашаа байшинтай. Тухайн компани нь бидний мал, хашаа байшинг хэдэн төгрөгөөр үнэлэх нь чухал. Хашаа байшингаа зөвхөн урьдчилгаанд нь өгөөд, зээлээр байр авчихлаар сар бүр төлөх мөнгө нь өндөр бол бас хэцүү. Банкны өр гэдэг чинь бас их хариуцлага шүү дээ.

-Танай хамаатнууд дунд хөдөө орон нутагт байдаг хүмүүс бий юу. Хөдөөнийхөн мал оролцуулж байр авах сонирхолтой байдаг юм болов уу?

-Байлгүй яахав. Мал ч байсан хамаагүй, ямар нэгэн боломжийн нөхцөлөөр байр авах юмсан гэдэг. Гэхдээ орон сууц арай л үнэтэй санагдаад байдаг юм. Нэг, хоёр өрөө байр худалдаж авна гэдэг чинь жирийн малчдад бас амар зүйл биш шүү дээ. Зээлээр авлаа гэхэд сар бүр мөнгө төлөх нь тогтсон цалингүй хүмүүст хэцүү. Тэгэхээр барилгын компаниуд малчдад зориулсан нөхцөлөөр орон сууцаа борлуулах арга хэмжээ авбал зүгээр байх. Эхнээсээ мал оролцуулж болно гэж байгаа нь сайн хэрэг.

Мөн Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Д.Оюунаас дараахь зүйлийг тодрууллаа.

-“Содон хороолол” орон сууцны 20 хувийн урьдчилгаа төлбөртөө таван хошуу мал, хашаа байшин авдаг болжээ. Үүнийг та сонирхож үзсэн үү?

-Мал болон хашаа байшинг хэдээр үнэлж авч байгаа юм. Зах зээлийн ханшаар авах хэрэгтэй байх. Тэгэхгүй бол зах зээлийн ханшаас хамаагүй бага, тал үнээр нь авбал малчид дургүй байна. Сүүлийн үеийн орон сууцнууд зах зээлийн үнээс давсан үнэтэй байгаа. Түүн шигээ малчдыг хохироох арга биш байгаа гэж бодож байна. Яг нарийн нөхцөлийг нь сонсоогүй болохоор хэлж мэдэхгүй байна. Эсвэл зах зээлийн ханшаар мал авна гэвэл заавал “Содон хороолол”-д төлөх хэрэг байна уу. Мал авдаг газар нь тушаагаад бэлэн мөнгөө төлж болно шүү дээ гэв.

Н.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Д.Уламбаяр: Би амьдралаас өнгөлөг, өөдтэй, сайн сайхан зүйлийг мэдрэхийг хүсдэг

“Киви” хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяртай ярилцлаа

-Сүүлд гарсан “Маргаашийн нар луу хамт явах уу” дуунд монгол хэв маягийг шингээсэн байсан. Энэ дуу өвөрмөц, стиль жанртай болжээ?

-Үндэсний их баяр наадмаар хүмүүс маш гоё дээлнүүд өмссөн байсан. “Маргаашийн нар луу хамт явах уу” дууны клипэн дээр монголчуудынхаа үндэсний гоёл болох дээл өмссөн. Энэ нь монголчуудын дээлээ зөвхөн үндэсний баяр ч биш, есдүгээр сарын нэгэн болон ямар нэг тоглолтыг үзэх үедээ ч гэсэн өмсөж байгаасай гэсэн санаа. Үндэсний хувцас гэхээр үндэсний баяраар л ганцхан өмсөх ёсгүй шүү дээ. Монгол дээлийг өдөр тутмын хэв маяг руу оруулах гэсэн санааг тусгасан юм. Дээлийг яагаад дэлгүүр хэсэхдээ өмсөж болохгүй гэж. Зуны улиралд нимгэн тэрлэг үнэхээр гайхалтай. Өвөл үстэй дээл хамгийн дулаахан, сонгодог хувцас юм шүү дээ. Үндэсний дээлийг өдөр тутмын гангараа болгоё. Бодоод байхад хамгийн амархан өмсөж, тайлдаг төвөггүй, хүний биеийн өө сэвийг хаачихна, эсвэл сайхан зүйлийг нь ч тодотгож өгдөг шүү дээ. Монгол бүсгүйчүүд эрт дээр үеэс тэрлэгийг саалиа саахдаа өмсөж ирсэн уламжлалтай. Үүнийг эргэж үндэсний хэв маягт оруулахыг илтгэж өгсөн юм.

-Монгол хүн болж төрсөн учраас монгол ёс заншлаа их дээдэлдэг бололтой?

-Манай найруулагчид уран бүтээлд маань монгол ёс заншлыг их тусгаж өгдөг. Ерөнхийдөө манай үндэсний ёс заншлыг тодорхойлдог гол хүчин зүйл юу вэ. Мэдээж хэрэг морь, монгол гэр, нүүдэлчин соёл маань шүү дээ. Их энгийн хэрнээ хүний сэтгэлд тод тусдаг юм. Энэ бүгдийг тусгахыг хичээсэн.

-Та шинэ уран бүтээлээ юун дээр тулгуурлаж хийж байна вэ?

-Ерөнхийдөө Монголын анхны классик хөгжмийн оргил зохиолчид болох Мөрдорж, Лувсаншарав зэрэг чадварлаг хөгжмийн зохиолчдын зохиолоос санаа авч ажилласан байгаа. 60, 70-аад оны утга санааг илтгэсэн. “Киви” хамтлагийнхан маань надад маш их тусалж, дэмжиж байгаа. Хамтлагаараа шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Миний эргэн тойрон дахь бүх л хүмүүс чадлаараа тусалж, дэмжиж байгаа. Маш их баяртай байна.

-Ирэх есдүгээр сарын 2-нд хоёр дахь бие даасан тоглолтоо хийнэ гэсэн. Тоглолтынхоо үеэр гурав дахь цомгоо танилцуулна гэсэн үү?

-Ирэх есдүгээр сарын 2-нд “Маргаашийн нар луу хамт явах уу” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо хийнэ. Үндэсний соёл амралтын хүрээлэнд байдаг “Хар сувд” усан онгоцон дээр 20:00 цагаас болно. Цаг гучин минутын тоглолт болно. Тоглолтдоо “I am in love”, “11.06” цомгийн дуунуудыг үзэгчдэдээ дуулж, сонордуулна. Мөн гурав дахь цомгоо танилцуулна. Бие даасан гурав дахь цомгийг маань залуучууд болон бүх насныхан сонсох боломжтой нөхцөлөөр бүтээлээ хийж байгаа. Гурав дахь цомог маань миний хамгийн оргил хэсэг гэж бодож, ажиллаж байна. Тус цомогтоо маш олон өнгө төрхийг хамаатуулж байгаа. Өнгөрсөн үеэ санан дурсахуй гэсэн хэв маягийг шингээнэ. Монгол Улсынхаа соёл урлагт хийж буй томоохон ажил, уран бүтээлийн маань нэг юм. Үзэгч, сонсогчдод таалагдана гэдэгт итгэлтэй байна. Би “Гоёо” брэндтэй хамтарч ажиллаж байгаа. “Гоёо” брэнд маань монгол үндэсний уламжлалт, өргөн цар хүрээтэй компани. Ийм амжилттай үйл ажиллагаа явуулж буй Монголынхоо брэнд компанитай хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Ирэх есдүгээр сард шинэ цомог, шинэ хэв маягийг гаргаж ирнэ.

-Анхны гэсэн юм бүхэн хүний сэтгэлээс гардаггүй шүү дээ. Та “I am in love” анхны бие даасан цомгоо 2011 оны аравдугаар сарын 27-нд гаргасан. Цомгоо гаргачихаад биеэ барьж чадахгүй маш их баярлаж, “Киви” хамтлагийн продюсер Ангирмааг таван минут орчим тэврэн уйлсан гэсэн. Та их сэтгэл хөдлөлтэй бололтой?

-Би хамгийн анхны цомгоосоо маш их зүйлийг сурч, туршлагажиж авсан. “Ука” гэсэн тодотгол явж байгаа учраас анхны цомгоо мэргэжлийн өндөр түвшинд хийх юмсан гэж маш их зорьж, тэмүүлж ажилласан. Тэгээд “I am in love” цомгоосоо маш олон зүйлийг сурч, ойлгож авсан юм. Харин хоёр дахь цомгоо яг өөрийн хүсэлдээ тааруулж, дуулахыг хүсч буй уран бүтээлээ сонгож дуулсан. “11.06” цомогтоо хүссэн мэдрэмжээ гаргасан. Гурав дахь цомогтоо юу тусгаж, гаргаж ирэхийг хүссэн бэ гэхээр, би үзэгч, сонсогчдынхоо хүрээг тэлэхийг хүссэн. Энэ нь аав ээж, ах эгч нар миний цомгийг сонсоосой гэсэн зорилго юм. Өмнөх цомгууд маань аав ээж, ах эгч нар нэг удаа үзээ л ёстой сайхан бүтээл болж гээд орхисон (инээв).

-Уран бүтээлч хүн их эрч хүчтэй байх ёстой. Та юунаас эрч хүчийг илүү их мэдэрдэг вэ?

-Эргэн тойрон дахь бүхий л сайн сайхан гэсэн зүйлсээс урам, эрч хүч авдаг. Маш мундаг, алдартай уран бүээлчдийн уран бүтээлийг сонсч урам авна. Өөрт таалагдсан хувцас өмсөөд эрч хүч авдаг. Их гоё цай, кофе ууж сэтгэл маань сайхан болдог. Миний мэдэрч буй бүхий л зүйл сонин содон байдаг. Миний хийж, бүтээж буй уран бүтээл болгон өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, шинэ тэсрэлттэй. Тиймээс би шинэ тэсрэлт, хэв маягаас эрч хүч авдаг. Хүн төрөлхтөн бие биенээсээ шинэ мэдрэмж, шинэ хэв маягийг олж авдаг шүү дээ.

Би гэр бүлтэй болсноос хойш уран бүтээлээ илүү их хийж байна. Гэр бүлийн хүн маань намайг маш их дэмжиж, урамшуулдаг. Эргэн тойрны хүмүүс маань намайг гэр бүлтэй болоод улам жавхаалаг болсон байна гэж хэлсэн л дээ. Илүү их урам зориг, амжилтыг хүсч байгаа. Тиймээс асар их эрч хүч авч байна. Одоо л өөрт байгаа хүчээ гаргаж, уран бүтээлээ хийх хэрэгтэй. Ажлаа сайн амжуул гэж нөхөр маань хэлдэг. Харин хөгширсөн хойноо хамт зугаалж аялаад, сайн сайхан зүйл үзнэ гэдэг. Гэр бүлийн дэмжлэгээс миний гэсэн бүх зүйл ундарч гарч байна. Долоо хоногийн таван өдөр хөдөлмөрлөж, ажил хийдэг. Хагас сайн өдөр нөхөртэйгөө болздог. Бүтэн сайнд гэр бүлээрээ хүүдээ цаг заваа зориулдаг даа.

-Та дуу дуулж байхдаа бүжиг бүжиглэдэг. Дуу, бүжгийг хослуулна гэдэг амаргүй байх?

-Бүжиг бол хүн төрөлхтөн өөрийгөө илэрхийлэх нэг хэв маяг. Соёл урлаг, спорт өөрөө хүний дотоод ертөнцөд дутагдаж буй зүйлүүдийг нөхөж өгдөг. Бүжиг бол хүн төрөлхтний соёлын хэмжүүр. Бүжгийн хамтлаг хүнийг их хөглөж, эрч хүч сэлбэж, стресс тайлна. Ач холбогдол өндөртэй. Юу хүсч тэмүүлж байна, тэрхүү тэмүүллийг бүжиг үйл хөдлөлөөр гаргаж, хэмнэлээр илэрхийлдэг. Дуу дуулж байгаад бүжиглэхэд дотроо хүсч буй бүх зүйлээ давхар гаргаж байгаа юм шиг санагддаг. Сэтгэл дотор маань хуралдаж буй тэрхүү мэдрэмжийг биеийн хөдөлгөөний цацалтаар гаргадаг. Иймээс маш их эрч хүч, сэтгэл хөдлөлтэй хүмүүс дуулж, бүжиглэдэг байх. Хүний оюун санаа дотроо маш олон төрөл шүү дээ. Сэтгэл дотроо нуугдаж буй тэрхүү зүйлийг бичгээр илэрхийлж, оюун санааны бядаар сэтгэлийн хэмнэлийг гаргадаг хүн байхад дуу хөгжмөөр илэрхийлдэг хүн ч байна шүү дээ.

-Та бага байхдаа ээждээ би цасан охин болно, дуу дуулна гэдэг байсан гэсэн. Багаасаа урлагийн хүн болно гэдгээ мэдэрч байсан уу?

-Ер нь хүүхэд бүхэн өнгө үзэмж сайтай, өөрийнхөө анхаарлыг татаж буй бүх зүйлд өөрийгөө сорьж, дайчилж, би энэ хүн шиг болно ч гэдэг юм уу. Хүн бүхэн хорвоо ертөнц дээр төрөөд барилга байшин, радио телевиз өөр бусад хамгийн сайхан санагдсан, тэрхүү зүйл рүү тэмүүлж, сонголт хийдэг шүү дээ. Би ийм хүүхдүүдийн адил байж болох хамгийн сайхан, үзэсгэлэнтэй зүйл рүү тэмүүлж, аав ээж болон гэр бүл, найз нөхдийнхөө хайрыг татаж, хайр хүндлэлийг хүлээх юмсан гэсэн хүсэл тэмүүлэлтэй байсан. Багаасаа хүнийг дандаа баярлуулж явах юмсан л гэж боддог байлаа. Бага байхад миний анхаарлыг татдаг байсан зүйл бол урлаг. Урлагтай холбогдсон хүн сэтгэл хөдлөл маш их гаргадаг. Урлаг, спортынхныг харахаар л сэтгэл минь сэргэж, миний явах ёстой зам мөр мөн байна гэж бодогддог байлаа. Тэгээд л би урлагтай зүрх сэтгэлээ холбосон юм.

-Эх хүн хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрх нь мөнхөрдөг гэдэг. Ээж тань миний охин өөрийнхөө бор зүрхээр өдий зэрэгтэй явж байгаа, их хөдөлмөрч гэсэн байсан. Таны хөдөлмөрч зан уран бүтээлээр нь илэрхийлэгддэг?

-Ямар сайхан үг вэ. Хөдөлмөрч, хичээнгүй төрлийн хүмүүсийн нэг байхыг хичээдэг. Хүн өөрийнхөө хийсэн зүйлийг бусдад үнэлүүлнэ гэдэг хамгийн гайхалтай мэдрэмж. Би аав ээж, гэр бүл, найз нөхдөөрөө бахархаж явдаг даа.

-Таны сонирхол юу вэ?

-Хоёр хоцрогдсон шивээстэй. Шивээс хийлгэх дуртай. Магадгүй нэг өдөр бүх биеэрээ шивээстэй болчихож магадгүй юм. Гэхдээ яг шивээс хийлгэх үү гэдгээ сайн мэдэхгүй байна. Амьдрал баян ш дээ. Хэзээ нэг өдөр маш их хүсэж, тэмүүлж магадгүй ш дээ. Манай нөхөр ч гэсэн шивээс сонирхдог, дуртай.

-“Мөрөөдөл бид хоёр” дууныхаа тухай ярихгүй юу?

-Хүн бүхэн мөрөөдөлтэй байдаг. Тэрхүү мөрөөдлөө биелүүлсний дараа бүгд аз жаргалтай болж, бүжиглэж, залуучууд шоуддаг. Тэгээд хамгийн гоё гэж бодсон үдэшлэг дээр дуу дуулдаг. Ийм утга санааг гаргасан. Хүн хайрлаж, дурласаар байгаад насыг бардаг шүү дээ. Хайрласаар, дурласаар би өдөр бүр тэмүүлсээр гэсэн үгтэй. Тиймээс хүмүүс миний энэ дууг сонсоод сайн сайхан зүйлийг хүсэж, мөрөөдөөсэй гэж бодож байна.

Миний хийж байгаа зүйлд миний хүсэл мөрөөдлийн өнгө аяс илэрхийлэгдэж байгаасай гэж зорьдог. Тэгээд продюсерууддаа өөрийнхөө бодсон утга санаа, өнгө төрхийг ойлгуулж, найруулагч нартайгаа ярилцдаг. Би амьдралаас өнгөлөг, өөдтэй, сайн сайхан зүйлсийг мэдрэхийг хүсдэг. Энэхүү гэгээлэг бүхнийг үзэгч, сонсогчдодоо түгээдэг юм.

Б.УРАНЧИМЭГ

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Сар бүр өгдөг өндөр цалин тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлж эхэлжээ

Муугаа мэдэхгүй хэтэрхий их юманд найдаа юу даа, бид. “Риогийн олимпод бүтэн багаараа явлаа, хамгийн багадаа найман медальтай ирнэ. Монголын тамирчдыг алт, мөнгөн медаль авна гэж дэлхий даяар шуугиж байна. Монгол-бөхийн орон. Монгол бөхчүүдээс өрсөлдөгчид нь жийрхэж байна. Боксынхон бол нүдэж байгаад хэд хэдэн медаль авна”. Ийм сүржин мэдээлэл, тархи угаалтад үнэн голоосоо итгэчихээд тамирчдаа олимпоос медаль авсангүй хэмээн нийтээрээ зүхэж сууцгаана. Яг үнэндээ манай тамирчдын байгаа байдал, үнэн төрх нь энэ юм. Харин ч хоёр медаль авсан нь их юм болж. Риогийн олимп манай тамирчдын бодит байдлыг нь илчилж орхилоо.

Монгол Улс маань ядруухан эдийн засагтай. Одоо байдал бүр ч дор байна. Эсгий таавчиг, гутал, хувцаснаас илүү гарахаар томхон үйлдвэрлэл бидэнд байхгүй. Эрдэнэт, Оюу толгой зэрэг том төслүүдийн хувьд зэсийн хүдэр гаргадаг. Зэсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Цементийн хоёр, гурван том үйлдвэр баригдсан ч гадаад зах зээлд гарцаа олоогүй байгаа. Махаа экспортолж хэдэн төгрөг олох боломжтой ч хичнээн жил яриа төдий л байна. Хятад, Орос гээд хоёр том хөрш элдэв шалтаг хэлж голоод мах авахгүй гэх. Муу, муухай дээрээ улцан гэдэг шиг өдгөө малын түүхий эд үнэгүйдэж, жалга гуугаар нэг өмхийрсөн арьс, нэхий дүүрэн байна. Ийм эдийн засагтай орон харин тамирчдаа дэлхийд байхгүйгээр эрхлүүлдэг. Тухайлбал, олимпоос алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, насан туршид нь сар бүр дөрвөн сая төгрөг өгдөг. Мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр гурван сая төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгийн урамшууллыг тус тус олгодог. Дэлхийн аваргаас медаль авбал мөн л дээрхээс нэг их дутахааргүй нэг удаагийн урамшуулал, сар бүр өндөр цалин олгоно. Монгол Улсын нэрийг дэлхийд ганц гялайлгах нь энэ хэдэн тамирчин гэж үнэлээд төр ийм шийдвэр гаргажээ. 2012 оноос хойш сар бүр дээрх урамшуулалт цалинг олгож байгаа юм.

Тамирдчынхаа алдар гавьяаг бодитоор үнэлэх, эдийн засгийн байдлыг нь шийдэх, тив, дэлхийд улсынхаа нэрийг дуурсгах алдартай тамирчдыг олноор төрүүлэх гээд олон хөшүүрэг, тайлбар энэ мөнгийг дагалддаг. Тэгвэл энэ их мөнгө, өндөр цалин үр дүнгээ өгсөн үү. Үнэхээр манай тамирчид дэлхийд өнгөлж байна уу? Үгүй юм гэдгийг өнгөрсөн хэдэн өдрийн бөхийн барилдаан, буудлага, боксын тэмцээнээс бид нойроо хугаслан байж, урамгүйхэн харлаа. “Одоо л арчаад өгөх байх даа” гээд горьдонгуй харж суутал хаа байсан Африкийн тамирчинд хүртэл ялагдчих юм. Өрсөлдөгчөө тулж зогсчихоод олигтой мэх хийхгүй. Харин нөгөөдүүл нь хурд, хүч, мэхний гайхамшгийг үзүүлж өгөх юм. Зарим нь барилдааны эхэнд овоо хэдэн оноо авч, ялах магадлалтай болж яваад эцсийн хэдхэн секундэд алдаа гаргаж цэвэр тавиулчихаж байна. Нэг муухан мэх хийгээд өнөөхөөсөө болж хожигдох юм. Сүүлдээ бүр тамирчдынхаа барилдааныг харахаас халширдаг болсон. Чөлөөтийн барилдааныг харж байхад өрсөлдөгч нь хөлд нь сууж ард гараад түвэггүй хоёр оноо авчих юм. Яг энэ мэхээ дахин давтан гурав, дөрвөн удаа амжилттай хийчих жишээтэй. Хөлөө хамгаалж чаддаггүй тамирчин, хамгаалах аргыг нь хэлж мэддэггүй дасгалжуулагч хоёртоо дэмий бухимдаж суулаа. Мэхний олон хувилбар, нэгээс нөгөөд шилжих хурд, үргэлжлэл, тэсрэлт, тэмцэл манай тамирчдаас сая л лав гарсангүй. Бүгд харлаа.

Тамирчдад сар бүр төрөөс өгдөг их цалин пүнлүү эерэг гэхээсээ илүү олон сөрөг үр дагаврыг дагуулжээ. Ийм өндөр цалин мөнгөний хангамжтай болсон тулааны болон хүчний спортын элит давхарга өдгөө бий болсон байна. Элит давхаргад гаднаас хүн орж чаддаггүй. Тэд өөрсдөө, ах дүү, үр хүүхэд, нутаг усны танил тал, эсвэл өөрсдөдөө мөнгө өгдөг хүмүүсээ энэ давхаргадаа оруулдаг. Багаас нь бэлтгэж байгаад сургуулийн аваргаас нь эхэлж түрүүлүүлнэ. Дараа нь олон улсын нэг тэмцээнд явуулна. Бэлтгэж, бэлтгэж явуулж байгаа хойно нэг медаль аваад ирэх нь ойлгомжтой. Үүний дараа жинхэнэ од болгох ажил эхэлнэ. “Хосгүй авьяастай хүүхэд тодорлоо. Энэ л олимпоос юм дуулгана. Монголын нэрийг дэлхийд гаргах шинэ залуу” гээд өдөр шөнөгүй пиар хийнэ. Тухайн хүүхэд үнэхээр авьяастай байна уу, үгүй юу падлий байхгүй. Өөрсдийнхөө давхаргад тэд ингэж бүл нэмдэг. Үүний ард цэвэр өрсөлдөөн алга болж, жинхэнэ авьяастнууд, уйгагүй зүтгэлтнүүд хаалганы гадна үлддэг. Ийм байдал үргэлжилсээр өнөөдөр үр дүн нь гарч байна.

Монголын тамирчид сэтгэлзүйн бэлтгэлгүй байна гэж олон хүн шүүмжилж байна лээ. Аргагүй шүү дээ, сар бүр авах мөнгө, баахан амлалт толгойд нь эргэлдээд хөдөлж чадахаа байчихаж байгаа. Оноо алдах юм бол хожигдоно гэж айгаад хөдөлж чадахгүй зогсож байгаад л эцсийн мөчид ялагдлаа хүлээх юм даа. Сар бүрийн өндөр цалинд хүрсэн тамирчин бол ялах хүсэл тэмүүлэл бүр алга. Сарын долоон сая төгрөгийн цалин авдаг хүн юу гэж биеэ зовоож хүчийг үзэх вэ. Аягүй бол бэртэж гэмтэж мэднэ. Ийм сэтгэхүйтэй тамирчид яаж амжилт гаргах вэ.

“Бэртэлтэй байсан юм, хөөрхий”, “шүүгчид булхайтай шүүлээ” гэдэг тайлбараар хэдий болтол аргацаах вэ. Тамирчин хүн сүүлийн минут байтугай секундыг яаж ашигладгийг дэлхийн өндөр зэрэглэлийн бөхчүүд энэ олимпод харууллаа. Манайхан илүү оноотой мөртлөө сүүлийн хэдэн секундэд хамгаалж үлдэхийн оронд баярлан зугтааж, эсвэл сүрхий мэх хийх гээд хариу мэхэнд орж ялагдахыг нь харлаа. Өөрийгөө медаль авчихлаа хэмээн хэтэрхий эрт баярлан, тэмцээн дуусаагүй байхад гараа даллан гүйж байгаад торгуулчихаж байна. Нүдэнд нь их мөнгө харагдаад сэтгэлээ барьж дийлээгүй байх. Сэтгэл хөдлөлөө хэрхэн барьж сурсныг дэлхийд хосгүй өндөр амжилт үзүүлж буй япон тамирчид үлгэрлэж байна. Олимпийн алтан медальт, дэлхийн хошой аварга Японы шилдэг жүдоч Шоохэй Оно сэтгүүлчийн “Та ялсныхаа дараа яагаад баярладаггүй юм бэ” гэсэн асуултад “Надад хэчнээн баярламаар байсан ч өрсөлдөгчид маань ямар хэцүү байгааг хүндлэх хэрэгтэй. Надад ялагдсан хүн сэтгэл дундуур, харамсан зогсож байхад би яаж баярлаж чадах билээ” хэмээн хариулсан байдаг.

Амжилт гаргасан тамирчдад төрөөс сар бүр өндөр цалин өгдгөө одоо больё. Амжилт гаргавал тухай тухайн цагт нь ахиухан нэг удаагийн урамшуулал өгсөн шиг өгдөг болбол хавьгүй эрүүл, зөв шийдвэр болно. Байнгын урамшуулал, зүгээр өгдөг мөнгө хүнийг мал болгодог. Зүв зүгээр сууж байгаад цалин авдаг хүн ажил хийдэггүйтэй адилхан юм шүү.

Орчин цагт спортын амжилт гаргана гэдэг нэгдмэл сайн менежмэнт, шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл сургуулилт, судалгаа шинжилгээний үр дүн байдаг. Үүн дээр шударга өрсөлдөөн, тухайн тамирчны уйгагүй хичээл зүтгэл, авьяас чадвар, хурд хүч нэмэгддэг гэдэг. Энэ бүхэн алдагдаж, налгар задгай, дүр эсгэж олон жил амьдарсныхаа үр дүнг бид амслаа. Дүр эсгэнэ гэдэг зөвхөн тамирчдад хамаатай бус монголчууд бүгдээрээ хэлбэр хөөж амьдардгийн тод жишээ энэ юм.

Одоо спортын холбоодын удирдлагууд, багш дасгалжуулагч нар нь өөрчлөгдөж солигдох биз ээ. Дүрэм журмандаа өөрчлөлт оруулж сонгон шалгаруулалтаар шилдэг менежер, дасгалжуулагчийг гаргаж ирдэг болъё. Үндэсний шигшээ багийн тамирчдын цусыг сэлбэж, шинэ бодлого, шинэ боловсон хүчнээр салхи оруулахгүй бол Японы олимпод ч бид хэн нэгэн шүүгчид гомдож, бэртэлтэй тамирчнаа өрөвдсөөр медальгүй сууж байх нь байна шүү.

Олимп, дэлхийн аварга зэрэг томоохон тэмцээнд гаргасан амжилтыг нь харгалзан тамирчид сард хэдэн төгрөгийн урамшуулал авдгийг сонирхуулъя.

Зодог тайлсан тамирчид:

1.Олимпийн мөнгө, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальт

З.Ойдов-7.5 сая

2.Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Х.Баянмөнх-7.0 сая

3.Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт П.Сэрдбамба-5.5 сая

4.Олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Бадар-Ууган-5.0 сая

5.Олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар-4.5 сая

6.Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Ж.Мөнхбат-3.5 сая

7.Олимпийн мөнгөн медальт Ц.Дамдин-3.0 сая

8.Олимп, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сэрээтэр-2.5 сая

9.Олимпийн хүрэл медальт Ч.Дамдиншарав, Р.Даваадалай, Н.Энхбат,

Н.Баярсайхан, Д.Нармандах нар тус бүр 2.0 сая

Зодоглож буй тамирчид:

1.Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр-7.0 сая

2.Олимпийн хүрэл, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальт С.Батцэцэг-6.0 сая

3.Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт-4.5 сая

4.Олимп, ДАШТ-ий хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ-4.0 сая

5.Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа-3.0 сая

6.Олимп, ДАШТ-ий хүрэл медальт С.Ням-Очир-2.5 сая

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 19 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч 8-10 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “МАН төрийн бодлого тээгчдийг дахиад л хоморголон халаад эхэллээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар
хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл,
сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өмнөх
дугаартаа бид “Нэхий боодол бохины үнэгүй болсны учир” цуврал сурвалжлагыг
нийтэлсэн билээ. Тэгвэл энэ дугаараас уншигч та тус сурвалжлагын үргэлжлэлийг
нэг болон зургадугаар нүүрнээс унших боломжтой.

Улс
төрийн хоёрдугаар нүүрнээс Эрүү, Зөрчлийн хуулийн талаар АН-ын бүлгийн
хуралдаан хэрхэн өрнөсөн талаар унших боломжтой бол дөрөвдүгээр нүүрэнд хуульч,
судлаач Р.Очирбалтай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Мөн УИХ-ын гишүүн
О.Баасанхүүгийн ярилцлага тавдугаар нүүрэнд хэвлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы III нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан болж, хамгийн их уншигдаж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарт сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “МАН төрийн бодлого тээгчдийг дахиад л хоморголон халаад эхэллээ” нийтлэл хэвлэгдлээ.

Замын
хөдөлгөөнд оролцож буй бүх автомашиныг шалгаж нэг ч машин үлдээлгүй торгох үйл
ажиллагаа энэ сарын 29-нөөс есдүгээр сарын 30 хүртэл явагдахаар болжээ. Эх
сурвалжийн мэдээлэлтэй энэхүү нийтлэлийг Баримт, үйл явдлын долдугаар
нүүрнээс уншиж сонирхоорой.

Зохиолч,
яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” роман англи хэл дээр хэвлэгдэх
эхний алхмаа амжилттай давжээ. Тодруулбал, түүний романы эхний бүлэг “Amazon”
сайтаас явуулсан шалгаруулалтад амжилттай оролцож шилдэг 20 зохиолд шалгараад
байгаа юм байна. Энэ тухай зохиолчтой өөртэй нь ярилцсан ярилцлагыг 13 дугаар
нүүрнээс уншина уу.

Түүнчлэн
“Эх орон сум”, “Эмч” булангууд өнөөдрийн дугаарт хэвлэгдэн гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан”
компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”,
“Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л
цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь
сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул
дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг,
Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч
болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн
утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375
дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920,
88085029, 90191890 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ
БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

ОХУ цэргийн нисэх хүчнээ Крымд байршууллаа

ОХУ-ын Батлан хамгаалах яам байлдааны бэлэн байдлын шуурхай хяналт шалгалтын хүрээнд нисэх хүчнээ энэ сарын 26- нд улсынхаа өмнөд цэргийн тойрогт шилжүүлжээ. Тус улсын төв нутгийн цэргийн тойргийн хэвлэлийн албаны мэдээлснээр, “Микоян-31” байлдааны нисэх онгоц, “Су-24” бөмбөгдөгч нисэх онгоцыг өмнөд тойргийн армид шилжүүлэн өгчээ. Түүнчлэн Оренбург мужид байрлах явган цэргийн мото механикжуулсан анги, их бууны цэргийн ангийг өмнөд нутгийн цэргийн тойрогт шилжүүлсэн байна. Ингэснээр Оросын өмнөд нутгийн цэргийн хүчнийг идэвхжүүлсэн аж. ОХУ-ын баруун цэргийн тойргийн хэвлэлийн албаны мэдээлснээр, “Микоян-29 SMT” байлдааны нисэх онгоц, “Су-34” байлдааны нисэх онгоц, “Микоян-31” байлдааны нисэх онгоцыг мөн өдөр өмнөд тойрогт шилжүүлсэн аж. Эдгээр нисэх хүчний техникээс “Су-34” байлдааны нисэх онгоцыг Крымд байршуулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Баянхошуу, Долоон буудал орчмыг 200 мянган хүн амьдрах боломжтой төв болгон хөгжүүлнэ

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийн 2 дугаар шатны ажлыг эхлүүлэхээр өнөөдөр төслийн бүрэлдэхүүн танилцуулах хурал хийлээ. Хуралд нийслэлийн Засаг дарга С.Батболд, нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Азийн хөгжлийн банкны Хот төлөвлөлтийн мэргэжилтэн болон төслийн нэгжийн бүрэлдэхүүн, төслийн зөвлөх багийнхан оролцож хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойллоо.

Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын Банктай хамтран Баянхошуу, Долоон буудал орчмыг дахин төлөвлөн хөгжүүлж инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бүрэн шийдсэн 200 мянган хүн амьдрах боломжтой төв болгон хөгжүүлэх юм. Төспийг 2015 онд эхлүүлж 2018 онд эхний шатны ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Цаашид Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд тус бүр 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 300 суралцагч сурах боломжтой МСҮТөв, Бизнес төв барина. Дэд төвүүдэд шинээр зам тавьж өргөтгөх, үерийн далан суваг барьж, тохижилтын ажлуудыг ч хийнэ. Төслийг нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү хариуцан удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах юм.

Гэр хорооллыг хөгжүүлэн дэд төв болгох энэхүү төсөл нь Улаанбаатар хотын хөгжилд маш том өөрчлөлт авчирна. Гэхдээ газар чөлөөлөлтөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажил удааширч байгаа учраас аль болох ажлыг эрчимжүүлэн хэрэгжих хугацааг богиносгох хэрэгтэй байгааг хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга онцлов.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл нь нийт 27,5 сая ам долларын санхүүжилтээр хэрэгжинэ. Төслийн 2 дугаар шатанд Дамбадаржаа, Дэнжийн 1000 орчмыг хотын дэд төв болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ватикан Улсын элчин сайд ноён Освальдо Падиллаг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Ватикан Улсаас Монгол Улсыг хариуцсан Элчин сайд ноён Освальдо Падиллаг хүлээн авч уулзлаа. Ноён Освальдо Падилла Засаг даргад цаг гарган уулзаж байгаад талархаад, нийслэлийн Засаг даргаар томилогдсонд нь баяр хүргэлээ. Тэрээр “Танд гэгээн ширээт пап ламын мэндчилгээг дамжуулах үүрэгтэй ирсэн. Монгол Ватизан улсууд эртний түүхэн харилцаатай. Монголын хаадтай харилцаж байсан түүхэн баримтууд манайд бий. 12 дугаар зуунд Гүег хааны Ромын папад бичсэн захианы хуулбарыг би авчирсан. Ватикан хэдийгээр жижигхэн улс ч гэсэн том хүсэл зорилготой. Бид хүмүүст хүрч, хүмүүсийн төлөө ажиллахдаа баяртай байдаг. Монгол хүмүүсийн сайн сайхан, хөгжлийн төлөө хамтран ажиллах боломж гаргаж өгдөг нийслэлийн удирдлагуудад талархаж байна. Манай пап “Хүүхдийг багаас нь сургаж хүмүүжүүлэх ёстой” гэж хэлдэг. Бид Монгол хүүхдүүдийн төлөө, нийгмийн эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай хоёр улсын харилцаанд үнэхээр түүхэн улбаа бий. Ватиканы төлөөлөгчийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын иргэдийн төлөө, хүүхдүүдийн төлөө олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тус газрын харъяа 22 байгууллага нийслэл болон орон нутагт ажиллаж иргэдийн нийгмийн асуудалд тусалдаг. Цаашид бид илүү үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Би удахгүй нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Асрамжийн газруудаар орж танилцах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, намайг ажиллаж байгаа хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, шинэ төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Та бүхний өмнө бид үргэлж нээлттэй байх болно” гэлээ. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Ватиканы төлөөлөгчийн газрын тэргүүн Венчислао Падилла, тус газрын гүйцэтгэх захирал О.Оюунгэрэл нар байлцлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Соёл, урлагийн ажилтны баярыг “Чингисийн хүрээ” цогцолборт зохион байгуулна

Соёл, урлагийн ажилтны баярын өдрийг энэ жил “Чингисийн Хүрээ” цогцолборт ирэх сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Манай улсад эл өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүгээ 23 дахь жилтэйгээ золгож байна. Засгийн газрын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.

Энэ оны Соёл урлагийн ажилтны өдрийг угтан спортын бага наадам, нийгэм, хүмүүнлэгийн ажил, “Эрүүл агаар, эрч хүч” гэсэн чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах юм.

Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Үндэсний музей, Улаанбаатар хот дахь музейнүүд хариуцан ажиллах аж.