Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд олимпийн медальтнуудыг хүлээн авч уулзана

Бразил улсын Рио Де Жанейро хотноо болж өнгөрсөн зуны Олимпийн 31 дүгээр наадмаас манай улсын хоёр тамирчин мөнгө, хүрэл медальтай ирсэн билээ. Тодруулбал, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн Азийн аварга МУГТ Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль, 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн. Тэднийг өчигдөр Хил, хамгаалах ерөнхий газрынхан хүлээн авч хүндэтгэл үзүүлэн байраар мялаасан билээ. Тэгвэл өнөөдөр 14.00 цагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэднийг хүлээн авч Засгийн газрын шагналыг гардуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

9-р сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу 9-р сарын 1-ний өдөр автомашины дугаарын хязгаарлалт үргэлжилнэ. Тодруулбал, 9-р сарын нэгэн энэ жил пүрэв гаригт таарч байгаа ба энэ өдөр 4, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Дугаарын хязгаарлалт өглөөнийн 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтын зуны цагийн бүсчлэлд үйлчилнэ гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Жолооч ослын газрыг орхин явах байдал ихэсчээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 430 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 338 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй мэдээлэл ес бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.

Тухайлбал, Чингэлтэй дүүрэг зуслангийн зам Салхитын буудалд Verna маркийн автомашины жолооч нь Landcruiser маркийн П жолоочтой автомашинтай мөргөлдөж, ослын улмаас гурван хүн гэмтжээ. Улмаар аваар гаргасан жолооч ослын газрыг орхин явсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн хөдөө орон нутагт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ухаа худаг уурхайгаас Цагаан хад чиглэлийн асфальтан замд UAZ маркийн ачааны автомашин, явган зорчигч 45 настай Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарч, тус аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ. Сүүлийн үед гэмт хэргийн шинжтэй осол аваарын дараа, жолооч ослын газрыг орхин явах тохиолдол олноор бүртгэгдэх болсон. Иймд жолооч та ослын газрыг орхин явах нь өөрийгөө давхар хохироож байгаагаа ухамсарлаж иргэний үүргээ биелүүлэхийг Замын цагдаагийн газраас санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэг бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2016 оны 8-р сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Тус ажлын хүрээнд айл өрх болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг уртасгасан цагаар 21 рейс буюу 30.6 тонн хог хаягдлыг ачиж, тээвэрлэсэн байна. Тус дүүргийн хэмжээнд 215890 м2 талбайг хамруулан цэвэрлэн, нийт 964 ААНБ-с 7635 иргэн хог цэвэрлэгээний ажилд хамрагдан ажиллаж, 680м/урт замын хайс, 45ш хогийн сав, 35ш сандал, 75ш тэмдэг тэмдэглэгээг угааж цэвэрлэлээ гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс баруун хойд зүгт 41 км-т 2016.08.29-ний өдрийн 05:04:47 цагт /У-96001/00/, Ө-46001/00// 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай ООГФСХ-с цахим шуудангаар мэдээлэл ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраас иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт нойтон цас орно

2016 оны наймдугаар сарын 31-нээс ирэх сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвт 31-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо, 2, 3-нд ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи 31-нд Алтайн уулс болон говь талын нутгаар, 1,2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр, хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр нутгийн баруун хагаст өдөртөө дулаарна гэж Ус цаг уур орчин шинжилгээний төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар тарвага агнахгүй байхыг анхааруулав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас барж байна. Ази, Африк, Өмнөд Америкийн зарим оронд хүмүүс тарваган тахлаар өвчилж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа юм. Манай улсын хувьд Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг бөгөөд 17 аймгийн 137 сум байгалийн голомттой гэж үздэг. Түүнчлэн сүүлийн саруудад иргэд хууль бусаар тарвага агнах, нийслэл хот руу нэвтрүүлэхийг завдах зэрэг хариуцлагагүй үйлдэл тасралтгүй гаргасаар байгаа юм. Иймд иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хорио цээрийн хэлэлцээр байгуулжээ

МХЕГ-ын урилгаар БНХАУ-ын Чанарын хяналт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Мэй Кө Бао энэ сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд ноён Мэй Кө Бао МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүүтэй өнөөдөр уулзаж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хоёр улсын хяналтын байгууллагуудын цаашдын хамтын ажиллагаа, хорио цээрийн хяналтын талаар ярилцлаа. МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү “Манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд өнгөрсөн долдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын уулзалтын үеэр хоёр орны Ерөнхий сайд нар уулзан ярилцсан зүйлсийн нэг хэсгийг ажил хэрэг болгохоор өнөөдөр бид уулзаж байгааг тэмдэглэхэд таатай байна” гэсэн байна.

Уулзалтын үеэр хоёр тал “Монгол Улсаас БНХАУ-д силимарины үрийг экспортлох үеийн ургамлын хорио цээрийн шаардлагын тухай”, “Хонь, ямааны махны хяналт шалгалт хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай”, “Үхрийн махны хяналт шалгалт хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай” хорио цээрийн гурван протокол, “Монгол-Хятадын хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

Дээрх гэрээ хэлэлцээрийн үр дүнд мах махан, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, экспортолдог аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэх нэг эх үүсвэр болно. Бизнесийн орчинг дэмжихийн зэрэгцээ стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж, нийлүүлэгдэх боломж бүрдэнэ гэж талууд үзэж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын ерөнхий газар шинэ автомашинуудаа хүлээн авлаа

Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх газраас Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл боловсруулан 2015 онд БНХАУ-ын Засгийн газарт өргөн барьсан.

Төслийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ой хээрийн түймэр унтраах 6 автомашин болон 2430 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөөд байна.

Эдгээр автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ой хээрийн гал түймрийн өндөр эрсдэл бүхий орон нутгийн Онцгой байдлын газруудад хувиарлан олгох юм.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

НАЙМДУГААР САРЫН 30-НЫ МЯГМАР ГАРАГТ 10.00 ЦАГААС:

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;

“Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

“Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт;

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт;

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлт;

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлт.

НАЙМДУГААР САРЫН 30-НЫ МЯГМАР ГАРАГТ 15.00 ЦАГААС:

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/;

“Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим хэсгийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.