Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хүчингүй болголоо

УИХ-ын гишүүд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг буцаах эсэх талаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Оюундарь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хойшлуулах нь зөв гэсэн Хууль зүйн байнгын хорооны шийдвэрийг уншиж танилцууллаа.

УИХ-ын гишүүн С.Болд эмэгтэй гишүүн ийм шийдвэр танилцуулсанд маш их харамсан, эмгэнэж байна. Энэ удаагийн парламентад хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн бий. Уг нь та нар уриалаад, бусад гишүүдээ манлайлаад, энэ хуулийн төслийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой байсан. Д.Оюунхорол, Д.Сарангэрэл гишүүд өмнөх парламентад байхдаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцсэн шүү дээ” гэв.

Гэр бүлийн хүчирхийлийн тухай хуулийг өмнөх парламентаар баталсан ч албан ёсоор ёслоогүй. Гэхдээ энэ хуулийг Засгийн газраас ойрын хугацаанд дахин өргөн барьж батлуулна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт амлав.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “С.Болд гишүүн буруу ойлгожээ. Бид гэр бүлийн хүчирхийллийн эсрэг байна. Манай улсын 810 мянган гэр бүлийн дотор гэр бүлийн нууц хүчирхийлэл бий. Амьдралд илүү хэрэгтэй, зөв хууль гараасай, Эрүүгийн, Зөрчлийн хуультай хамт энэ хууль хэрэгжих нь зөв гэсэндээ хуулийн хэрэгжилтийг хойшлуулж байна” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат энэ хуулийг анх батлахад л МАН дэмжээгүйг сануулав.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд энэ хуулийн процесс дутуу, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээгүй, нийт таван гарын үсэг зуруулах ёстой байтал тэр нь хэрэгжээгүй, “Төрийн мэдээлэл”-д хэвлээгүй гэв. Иймд хууль гэж үзэхгүй, хуулийн төсөлд тооцогдоно гээд гол шалтгаан нь АН-ын бүлгүүдийн хямрал байсан гэв.

Өнгөрсөн хавар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулсан явдлыг УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр дахин дахин онцолж байлаа. Түүнийг “Төрийн эмхэтгэл”-д хэвлээгүй хуулийг хэрэглэн шийдвэр гаргасан гэж үзээд ажлаас нь халсан юм. Яг үүнтэй адил шалтгаанаар Эрүү, Зөрчил, Гэр бүлийн хүчирхийллийн тухай гэх мэт хуулиудыг хууль гэж үзэхгүй гэж Ш.Раднаасэд тайлбарлав.

Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Би хуульч хүн. 29 жил хуульчаар ажилласан. УИХ баталсан л бол тэр нь хуулийн төсөл хууль мөн. Харин үйлчлэх огноо нь өөр асуудал” гэсэн юм.

Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчдад нь буцаая гэж УИХ-ын гишүүд шийдвэрлэлээ. Ингэснээр эдгээр хуулиуд хэрэгжих үндэслэлгүй болж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банк 12 сая ам.доллар худалдан авлаа

Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 2212.00-2234.00 төгрөгийн ханшаар 2.7 сая ам.доллар худалдан авах, 2230.00-2237.00 төгрөгийн ханшаар 12.8 сая ам.доллар худалдах, 330.00 төгрөгийн ханшаар 1.7 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2230.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 12.0 сая ам.доллар худалдаж авлаа.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард арилжаанд банкууд 68.4 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100% биелүүлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2233 төгрөгтэй тэнцлээ

Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2233 төгрөг 56 мөнгөтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2220 төгрөгөөр худалдан авч, 2230 төгрөгөөр арилжиж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2230 төгрөгөөр худалдан авч 2263 төгрөгөөр зарж байна. Мөн манай улсын голлох валют болох БНХАУ-ын юань 330 төгрөгтэй тэнцэж 0,3 хувийн бууралт үзүүлсэн байгаа бол ОХУ-ын рубль 36 төгрөг 40 мөнгөтэй тэнцэж 0.1 хувийн өсөлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Х.Тамир, Б.Амарбаясгалан нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Баянгол дүүргийн прокурорын газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван иргэн хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан, яллагдагчаар татагдаад байгаа билээ.

Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч долдугаар сарын 15-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан ба хавтаст хэргийг шүүхээс хянаад, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Х.Тамир нарын прокуроруудыг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2 гэх мэт зургаан зүйл ангиар буруутгасан бөгөөд сэжигтнүүдийг хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Хэргийг эргэн сануулбал, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлж байсан Б.Сүхбаатар гэгчийг БНХАУ-ын Эрээн хот руу мөс гэх мансууруулах бодис авчруулахаар явуулж, түүнийг Чойр өртөөнд ирэхэд нь тосч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Автомашин болгоныг шалгах ажил буюу торгууль нэртэй төрийн “дээрэм”

Замын цагдаа нарын
шалгалтад тэнцэх жолооч монголд байхгүй гэв- Замын хөдөлгөөнд оролцож буй бүх
автомашиныг нэг бүрчлэн шалгаж, ард иргэдийг төрийн цагдаа, алба хаагчдаар
сүрдүүлэн мөнгө дээрэмдэх ажиллагаа өчигдрөөс эхлэн улс даяар эхэллээ.
Тодруулбал, Замын цагдаагийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төвтэй
хамтран улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн шалгалт явуулж эхэлсэн юм.

Замын
хөдөлгөөнд оролцож байгаа автомашин бүрийг шалгаж бүгдийг нь торгох аж.
Хамтарсан шалгалтаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, гадаад өнгө үзэмж,
гэрэл дохио ажиллаж байгаа эсэх, ачааны машинуудын цацруулагч, эмийн сан, ослын
гурвалжин, гал унтраагч, ачааны машины бүтээлгийн бүрэн бүтэн байдал, зуурагч
машины тосгуур эвдэрсэн зэргийг шалгах юм байна. Эдгээр зүйлсийн аль нэг нь
зөрчилтэй тохиолдолд 19200-48000 төгрөгөөр торгож улсын төсөвт төвлөрүүлэх
гэнэ. Дээрх зүйлс байлаа гэхэд машины яндан руу нь утаа хэмжигч багаж
шургуулаад хорх хий шаардлагатай хэмжээнээс их байна гээд л торгочих юм байна.

Гэхдээ Замын цагдаа дээр дээрх шалгалттай холбоотой үл ойлголцол үүсчээ. Замын
цагдаагийн зарим дарга нар “Бид яах вэ, үүрэг даалгавар өгөөд торго гээд л
хэдэн бор цагдаагаа явуулчихна. Яг хөрсөн дээрээ ажиллаж байгаа энэ хэдэн
цагдаа чинь ард иргэдээс мөнгө хурааж авах багаж хэрэгсэл болоод байна. Ард
иргэдийн амьдрал туйлдаа хүрчихсэн байхад замын цагдаа нараар мөнгө
“дээрэмдүүлэх” ажлыг хийлгэж байна. Замын цагдаагийн нэр хүнд гэж зүйл байгаа
шүү гэсэн байна. Монгол Улс 300 мянган тээврийн хэрэгсэлтэй. Нэг сарын
хугацаанд 100 мянга гаруйд нь шалгалт хийнэ. Тэгэхээр нэгийг нь 19200 төгрөгөөр
торгоод явуулах юм бол 1.9 тэрбум төгрөг иргэдийн халааснаас гарч төрийн санд
төвлөрнө гэсэн үг юм.

Categories
мэдээ улс-төр

​Л.БОЛД: МАН-ын Засгийн газар эрх зүйн шинэчлэлээс ухралт хийж хэлмэгдүүлэлтийн түүхэнд бичигдлээ

-Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ-

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэхийг 71,4 хувийн саналаар дэмжлээ. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Эрүүгийн хуулийг хойшлуулах шалтгааныг эрүүгийн хуулийг дагаж гарч буй таван хуулийг УИХ-аар ёсчлоогүй, олон нийтэд хууль сурталчлах ажил хийгдээгүй, хууль хэрэгжүүлэх байгууллагын ажилтан, алба хаагчдад хуулийн талаар сургалт зохион байгуулаагүй гэсэн гурван нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа.

Хуралдааны үеэр зарим гишүүдийн хэлсэн үг, асуултыг дор онцолж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд энэхүү хуулийн хэрэгжилтийг бүрэн хангасан гэсэн тоот бичиг Сарантуяа даргаас иржээ. Үүнийг би албан бичиг гэж үзэж байгаа. Гэтэл энэ хуулийн хэрэгжилтийг хангаагүй гээд байх юм. Энэ хуулиа хүчингүйд тооцож байгаа юм бол ЗГ дахин хийж УИХ-д оруулж ирэх ёстой шүү. Дэгийн тухай хуулиар гишүүдийн олонх дэмжсэн бол энэ хуулийг батлагдсанд тооцно гэж байгаа. Процессийн хуулийг батлаагүй түүхий хууль гэж яриад байгааг ойлгохгүй байна. Тийм учраас УИХ-ын даргаас би асуумаар байна. Энэ хууль батлагдсан хууль мөн үү биш үү гэж. Энэ бол их чухал юм шүү. Ер нь бол гарах зардал элдэв янзын юмаар холбоод хүний эрхийн асуудал руу бүдүүлгээр ордгоо болих хэрэгтэй. Ингээд хоёр асуултдаа хариулт авъя.
Хууль зүйн сайд С.Бямбацогт:
Хууль хэрэгжих боломжгүй болоод хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах асуудлыг ЗГ дангаараа оруулж ирж байгаа юм биш. Хуулийн хэрэгжих бололцоо бүрдсэн үү гэж асууж байна. Дээд шүүх, Хуульчдын холбоо, Цагдаагийн газар, ШШГЕГ гээд олон газруудаас ирсэн саналууд над дээр байна. Эдгээрт бүгд хууль хэрэгжих боломж бүрдээгүй байна гэжээ. Таван хууль ёсчлогдож байж зохион байгуулалт, сургалтын ажлууд хийгдэх ёстой гэж байна. Тиймээс хэрэгжих хугацааг хойшлуулахаас өөр аргагүй болоод байгаа юм. Анхдугаар чуулганаар яагаад ёсчлоогүй юм бэ гэж. Анхдугаар чуулганд хуулийн хугацаатай долоон асуудлыг хэлэлцдэг. Өөр асуудлыг хэлэлцдэггүй. Одоо ёсчлох асуудлыг УИХ-аар хэлэлцэгдэнэ. Үүн дээр та бүхэн нэмж тодруулж асуугаарай.
Энэ хууль ямар нөхцөлд хэрэгжих ёстойг Л.Болд гишүүн хамгийн сайн мэдэж байх хүн. Гэтэл та нар хүний эрхийн хууль зөрчлөө л гээд байх юм. Бид нурж байгаа гэр шиг юмыг засаад сайжруулаад явъя гээд байхад зүгээр л яйжгий чигээр нь барьчихъя гээд дайраад байх юм. Уул бүхэн сайн гэдгээ болих хэрэгтэй шүү.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:
Долдугаар сарын 27-нд УДШ-с энэ хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн. Гэтэл хуулийн ерөнхий зөвлөлөөс ирсэн салаа утгатай юм оруулж ирээд толгой эргүүлээд байх юм гэв.
Эдийн засаг нөхцөл байдал хангагдаагүй байна гэлээ. Төр ажлаа муу хийснээс иргэд хохирох гээд байна. Монгол төр ингэж ард иргэддээ хүйтэн хөндий хандаж болохгүй. Бид ардчилсан хүний эрхийг дээдэлсэн нийгмийг сонгосон учир энэ хуулиа хүмүүнлэг талаас нь авч үзээсэй гэж хүсч байна. Сөрөг хүчин байхдаа манайхан хүний эрх, шударга ёсны тухай их ярьдаг байсан. Гэтэл одоо нэг л их зуулттай хүнийрхүү болжээ. Гурван сарын өмнөх шигээ байгаач ээ. Монгол төр гэдэг нэг хүнээс айж хуулийг өөрчилж болохгүй шүү. Хойшлуулж байгаа хугацаагаа долдугаар сарын 1 биш нэгдүгээр сарын 1 болгочихоочээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:

-МАН-ын Засгийн газар эрх зүйн шинэчлэлээс ухралт хийж хэлмэгдүүлэлтийн түүхэнд бичигдлээ. Бямбацогт та энэ хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулснаар хэдэн хүн хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж, хэлмэгдүүлэлтэд өртөж байна вэ, хариуг нь өг. Та өчигдөр мэдээлэл авмаар байна гэхэд өгөөгүй, хурал орхиод гараад явчихсан. Одоо олны нүдэн дээр хариуг нь өг. Сэтгүүлч хүнийг гүтгэснийхээ төлөө шоронд явах уу эсвэл торгууль төлөөд хэвлэлийн байгууллагаа хаалгах уу гэдэгтэй ч хамаатай хууль шүү. Нөгөөдрөөс эхлээд маш олон хүний амьдрал зөрчлийн хуулиар шийтгэгдээд явна. Энийг заавал Хууль зүйн сайдын хэлж байгаа шиг далд хэлэлцэх асуудал биш шүү.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Аливаа батлагдсан хуулинд хэрэгжүүлэх бололцоогүй заалт ч байж болдог. Тэр заалтуудыг чинь засч янзалж, өөрчлөх гэж хууль санаачлагч бид сууж байгаа юм. Тэрийг ард түмнээсээ асуугаад шийдэх ёстой. Жишиш дээр нэг ноцтой юм байгаад байна. Энэ хуулийн заалтууд нь ерөөсөө амьдралд хэрэгжихгүй байна гээгүй энэ хуулийг бүхэлд нь хэрэгжүүлэхгүй байя гэж байна. Энэ чинь аймшигтай жишиг тогтох гэж байна. Монгол Улсад хэрэгжиж байгаа бүх хуулиуд надад таалагдахгүй байна үүнийгээ хойшлуулчихья гэсэн жишиг парламентад тогтох гээд байна. Болохгүй байгаа заалтуудыг нь хүчингүй болгоод болохыг нь засаад явдаг болохоос биш ингэж хойшлуулж байгаагүй юм шүү. Дээд шүүхээс хариуцлаггүй мэдээлэл хийлээ. Бид хуучин, шинэ хоёр эрүүгийн хуультай болчихлоо. Алийг нь баримталж энэ асуудалд хандаад байна вэ. Шүүгчид дараа нь энэ хуулийг яаж хэрэглэхээ мэдэхгүй шүү. Үүнийг Ц.Нямдорж гишүүн ч сайн мэдэж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
Л.Болд гишүүн өргөсөнд хатгуулсан юм шиг ярьдгаа болчихооч. Уг нь хамгийн сайн мэдэж байгаа хүн шүү дээ. Гурав, дөрвөн хүний кнопыг нэг хүн дарж гүйгээд л энэ хуулийг баталсан шүү дээ. Ажлын хэсэг дээр сайн ажилласан гэдэг чинь худлаа шүү. Нэг л хүн бариад гүйгээд байсан. Нийтээрээ ажиллаагүй шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Төв аймагт хорио цээрийн дэглэм тогтоожээ

Төв аймгийн Баян, Баянжаргалан суманд 20 гаруй үхэрт малын шүлхий өвчин туссаныг тогтоогоод байна. Үүнтэй холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоож, хяналтын 21 цэгт 30-аад албан хаагч ажиллаж байна. Ням гарагийн байдлаар 40 гаруй үхрийг устгаж, 31 өрхийн 7500 орчим малыг вакцинжуулалтад хамруулсан талаар ОБЕГ мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн мэдээлснээр одоогоор шүлхий өвчин гарсан голомтод 14 хот айлын 5000 гаруй толгой мал байгаа аж. Харин даваа гарагт Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, цаашид тархалтаас сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Categories
мэдээ нийгэм

Цэнгээний газрууд 00:00 цаг хүртэл ажиллахаар боллоо

Нийслэлийн Засаг дарга Су.Батболд шөнийн цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарийг буцааж 00:00 цаг болгох захирамж гаргах тухайгаа мэдэгдлээ. Хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байх үедээ шөнийн цэнгээний газруудыг 04:00 цаг хүртэл ажиллах захирамж гаргасан. Харин шинэ засаг дарга Су.Батболд тэрхүү захирамжийг цуцлах юм байна.

Хотын дарга Су.Батболд “Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа А/609 захирамжаар шөнийн цэнгээний газрууд 04:00 хүртэл ажиллаж байгааг хүчингүй болгоно” гэжээ.

Хэрэв цэнгээний газрууд 00:00 цагт хаалгаа барьдаг болговол зочид буудал, орон байрны архидалт ихсэх юм. Үүнийг дагаад гэмт хэргийн гаралт ч нэмэгдэнэ. Учир нь цэнгээний газруудын ажиллах цагийн хувийг 04:00 цаг болгон сунгаж байсан нь дээр дурьдсан гэмт хэргийг зогсоохын тулд гаргаж байсан юм.

Мөн хотын дарга асан Э.Бат-Үүл нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйчилдэг аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг сунгаж шөнийн 04:00 цаг хүртэл ажиллах боломжийг олгохдоо орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг цэнгээний газруудад хамаарахгүй гэдгийг захирамждаа дурдаж өгсөн байсан. Энэ нь иргэдийн сэтгэлд нийцсэн, захирамж байв.

Мөн нийслэлийн иргэд цагт баригдалгүй орчин үеийн хотын жишгээр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдэж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

56 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл гардуулан өгчээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, “Их-Энэрэл” ТББ-тай хамтран Дарь эхийн 2,21,27 хорооны зургаан настай 56 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгслийг гардуулж өглөө. Тус арга хэмжээний үеэр “Universe Best Song” уралдааны шилдэг оролцогч дуучин Э.Мишээл бяцхан дүү нартаа зориулж ая дуугаа өргөн барьсан юм.

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Хүүхэд бүр аав ээжийнхээ авч өгсөн шинэ дэвтэр ном, үзэг харандаа, хувцсаа байн байн үзэж, 9-р сарын нэгнээ хүлээдэг. Эрдмийн баяраа угтан ийн хүүхэд бүр баяр хөөртэй догдолж байх энэ үед хичээл эхэллээ, яах вэ гэсэн эмзэгхэн бодлоор түгшиж яваа цөөнгүй хүүхэд бий.

Тэгвэл олон хүүхэдтэй гэр бүлийн зургаан настангууд хичээлийн хэрэгслээ аваад шинэ жилийн хичээлийн эхний өдөр сэтгэл хангалуун хичээлдээ явах боломжийг олгосон ахдаа чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 1-нээс жолооч таны анхаарах ёстой 24 дүрэм

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

1. Явган хүний гарц дээр зогсвол 19.200 төгрөгөөр торгоно.

2. Хурд хэтрүүлбэл 48.000 төгрөгөөр торгуулж, зургаан сараар эрх хасна.

3. Согтуугаар машин баривал 384.000 төгрөгөөр торгож, 6-24 сараар эрх хасна.

4. Давтан согтуугаар машин жолоодвол 30 хоног баривчилна.

5. Замын гэрэлтүүлэг осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн бол 960.000 төгрөгөөр торгоно.

6. Давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол 9600 төгрөгөөр торгоно.

7. Холын гэрлээ шилжүүлээгүй бол 19.200 төгрөгөөр торгоно.

8. Гэрэлтүүлэг бүрэн бус хөдөлгөөнд оролцвол 48.000 төгрөгөөр торгоно.

9. Шалтгаангүйгээр хэт удаан явбал 19.200 төгрөгөөр торгоно.

10. Зөвшөөрөлгүй хурд сааруулагч хийсэн бол 960.000 төгрөгөөр торгоно.

11. Хүнд өвчтэй үедээ жолоо баривал 48.000 төгрөгөөр торгоно.

12. Бичиг баримтгүйгээр машин жолоодвол 48.000 төгрөгөөр торгоно.

13. Замаа стандартын дагуу арчлаагүй бол 960.000 төгрөгөөр торгоно.

14. Эсрэг урсгал сөрвөл 96.000 төгрөгөөр торгоно.

15. Зөвшөөрөлгүйгээр замын тэмдэг шинээр тавьсан иргэнийг 96.000 төгрөгөөр торгоно.

16. Явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл 48.000 төгрөгөөр торгоно.

17. Хэт ядарсан үедээ жолоо баривал 48.000 төгрөгөөр торгоно.

18. Хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчвөл 19.200 төгрөгөөр торгоно.

19. Буруу талаар нь гүйцэж түрүүлбэл 19.200 төгрөгөөр торгоно.

20. Явган зорчигчийн замаар явбал 19.200 төгрөгөөр торгоно.

21. Бүртгэлгүй машинаар хөдөлгөөнд оролцсон жолоочийг 96.000 төгрөгөөр торгоно.

22. Улаан гэрлээр орвол 19.200 төгрөгөөр торгоно.

23. Жолоодох эрхгүй этгээд машин баривал 192.000 төгрөгөөр торгоно.

24. Түргэний машинд зам тавьж өгөөгүй бол 19200 төгрөгөөр торгоно.