Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.ЦОГТБАЯР: Баяраа багш бид хоёр булхайтай шүүлт гараагүй бол хувцсаа тайлахгүй шүү дээ

Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн холбооныхон хэвлэлийн хурал зарлаж дууссаны дараа тэднээс сэтгүүлчид асуулт асуух гэсэн боловч нэг ч хүнд хариулт өгөлгүй Д.Дагвадорж тэргүүтэй хүмүүс гарч явсан юм. Харин дараа нь залгуулаад бид ч гэсэн хэвлэлийн хурал хийчихье гэснээр дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр, Г.Мандахнаран нар үргэлжлүүлэн сэтгүүлчдэд өөрсдийн байр сууриа илэрхийлэв.


Г.Мандахнаран:

Хүн бүхэн хувцсаа өмсөж төрсөн биеэ нуудаг байхад хоёр багш маань хувцсаа тайлж шидэн миний төлөө зүтгэснийх нь төлөө Чөлөөт бөхийн холбооны эрхмүүд маань бүгд хариуцлага тооцож байна гэсэн мэдэгдэл хийж байгааг ойлгохгүй байна. Сая энд сууж байсан хүмүүсийг би олимпод явахдаа ч явсныхаа дараа ч хараагүй. Одоо л харж байна. Намайг олимпоос ирсний дараа Чөлөөт бөхийн холбооноос нэг ч хүн ирж уулзаагүй. Сая намайг тэнд сууж байхад ч мэндлэхгүй байна. Олимпоос өмнө бэлтгэлээ хийж байхад яаж байна, ийж байна гэж нэг ч удаа Д.Дагвадорж тэргүүн ирж байгаагүй. Мандахнаран байтугай эрэгтэй чөлөөтийнхөн олимпоос битгий медаль аваасай гэж хүссэн хүмүүс байна. Ерөөсөө л тийм бодол хүсэлтэй хүмүүс байна гэж би ойлгож байгаа.

Энэ нь юугаар нотлогдож байна гэвэл Д.Дагвадорж гэх энэ ерөнхийлөгч эрхэм маань эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан дуусгаад эрэгтэйгээс хоёр залуу барилдаад дуусангуут намайг хараад дэмжээд байж байх ёстой хүн чинь хаячихаад л явчихсан. “Одоо олимп дууссан. Нойлоос эхэлье” гээд твиттер дээрээ жиргээд явчихаж байгаа юм. Хэрвээ Д.Дагвадорж гэдэг хүн, Төмөрбаатар шүүгч нар булхайтай шүүлтийн эсрэг “болохгүй ш дээ” гээд нүүр царайгаа харуулсан бол магадгүй тэр шүүгчид хувирах ч байсан юм бил үү. Цаг дууссан байхад та нар оноо өгөх эрх зүйн үндэс байхгүй шүү дээ гэж болох л байсан. Гэтэл тийм сэтгэл ч гаргаагүй. Зүгээр л эднийг нураая гэсэн бодолтой байсан гэж би бодож байгаа. Би маш их бухимдалтай байна.

Дасгалжуулагч Б.Баяраа:

Пуэрто-Рикогийн багш дасгалжуулагчид манай барилдааны дараа энэ их шударга бус шүүлт боллоо гэхэд зааланд сууж байсан бүх хүн орилолдон биднийг дэмжиж байсан. Чөлөөт бөхийн холбооны нарийн бичиг Баянмөнх албан ёсоор “Тамирчныг нь ялахаас гадна шүүгчдийг нь ялах барилдаан болно” гэж мэдэгдэл хийсэн. Тэгэхээр энэ бол эртнээс бэлдсэн булхайтай, бузар зүйл боллоо. Дээрээс нь дэлхий нийтээрээ эсэргүүцээд та нарын зөв байсан шүү гээд энэ гаргасан шийдвэрийн эсрэг байна. Бид хэрвээ уучлалт гуйх юм бол ийм булхайтай, бузар шүүлтийн өмнө бууж өгч байна гэсэн үг. Би бөхөд 26 жил зүтгэсэн. Элгээрээ хэвтсэн энэ чөлөөт бөхийг 22 жилд дэлхийгээс зургаан медаль авдаг байсныг дөрвөн жилд дэлхийн зургаан медаль авдаг болгосон. Бидний энэ олон жил зүтгэсэн зүтгэлийг хормын төдийд үгүйсгэж байхгүй болгож хүний эрхийг хасч байгаад маш гомдолтой байна.

Дасгалжуулагч Ц.Цогтбаяр:

2015 оны дэлхийн аварга шалгаруулах найман жингийн тавд нь медалийн төлөө барилдаж медаль авч байсан. Юунаас болоод энэ атаа жөтөө үргэлжлээд яваад байгааг би ойлгохгүй байна. Ялангуяа олимпийн эрх авахад Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч гээд байгаа Д.Дагвадорж гэдэг хүн шигшээ багийн дөрвөн багшийг шүүхэд өгсөн. Бид олимпийн бэлтгэлтэй байхдаа найман сар шүүх дээр өнжиж байсан. Зарим үед өөр багш нарт “хүүхдүүдийг минь харж байгаарай, бид хурдхан шиг шүүх рүү яваад ирье” гээд явж байсан. Чөлөөт бөхийн холбоо бол бидний олимпод явах эрх авсантай ямар ч хамаагүй. Чөлөөт бөхийн холбооноос олимп бааз дээр бүхэл бүтэн баг нь гарчихаад байхад ямар ч сураг байхгүй. Олимпийн тосгонд очоод Д.Дагвадоржтой таараад мэндлэхэд сумогийнхоо ёсолгоогоор нэг муухай харчихаад л яваад өгсөн. Яах ёстой юм бэ. Бид айдастай байна шүү дээ. Г.Мандахнарангийн барилдаан луйвартай болно. Медаль авахгүй юм байна гэдгийг Д.Дагвадорж, Баянмөнх, шүүгч Төмөрбаатар нар эрт мэдсэн. Яагаад гэвэл Монголын чөлөөт бөхийн хоёр эрэгтэй тамирчин барилдаад дууссаны дараанаас л “бүх юм дууслаа, нойлоос эхэлнэ” гэсэн мессэжийг нийгэмд өгсөн. Цаана нь дөрвийн дөрвөн сайхан залуу барилдах гээд үлдсэн шүү дээ. Дээрээс нь баг тамирчдаа хаяад явчихсан. Бид олимпийн тосгонд зочид буудалд зэрэгцээ хоёр өрөөнд байрлаж байж лифтэнд таарахад буруу хараад явчихдаг юм шүү дээ энэ холбооны хүмүүс чинь. Тэгээд Баянмөнхийн тэр хэлсэн “Узбекийг шүүгчтэй нь ялна аа” гэсэн үг их ноцтой гэж бодож байгаа. Ийм луйвар болно гэдгийг мэдсэн байж бидэнд ядаж дуулгаад “та нар луйвардуулж магадгүй шүү” гээд монгол хүмүүс байна даа сэтгэлээрээ ирээд хэлчихэж болоогүй юм уу. Хоёрдугаарт, Монголын чөлөөт бөхийг төлөөлж байгаа энэ хүмүүс энэ шүүлт чинь будлиантай болох юм байна. Манай бөх дээр луйвар гарах юм байна гээд хэлчихэж яагаад болоогүй юм бэ. Баяраа багш бид хоёр тэнд яахаа мэдэхгүй байсан. Хоёулаа хувцсаа тайлж тэмцсэн. Гэтэл тэр мундаг гээд байгаа Төмөрбаатар шүүгч өөдөөс зураг дараад зогсож байсан. Миний нүцгэн зураг түүнд тийм сонин байсан юм уу. Дараа нь УИХ-ын гишүүн А.Сүхбат өчигдөр хурал дээр “Чи чадал чинь хүрвэл миний өмнө ирээд шалдлаадах” гэж байна. Яаж намайг доромжлоод байгаа юм бэ. Ийм хариуцлагагүй юмны дунд л бид явж байна. Бид уучлалт гуйж болохгүй ээ. Баяраа багш бид хоёр булхайтай шүүлт гараагүй бол хувцсаа тайлахгүй шүү дээ. Таван минут 59 секундэд барилдааныг зогсоогоод торгосон бол бид юм хэлэхгүй. Дэлхийн бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо хоёрын хооронд тохироо явагдаад байна. Хэл амгүй гаръя. Хоёр багшаар нь уучлалт гуйлгаад туг тахьчихъя гэж байна. Ингэснээрээ Чөлөөт бөхийн холбоогоо бодож байна. Бид уучлалт гуйчихвал Мандахнарангийн медалийн төлөө заргалдаж чадах уу. Надад ийм л бодол төрөөд байна даа.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Зургаадугаар сард захиалсан жолооны үнэмлэх хэвлэгдэж дуусчээ

Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв жолооны сургууль төгсөгчид, ангилал ахиулсан жолооч нарт үнэмлэх шинээр олгох, жолоочийн үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн иргэдэд нөхөн олгох, хуучин загварын болон гадаад орнуудын жолоочийн үнэмлэхийг сольж олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдээс шалгалт авч, эрхийг нь сэргээж, үнэмлэх олгох ажлын хүрээнд өдөр тутам 600-800 гаруй хүнд үйлчилж, 300-500 жолоочийн үнэмлэхийг хэвлэж байна.

Энэ оны жолоочийн үнэмлэхний бэлдэц, хор, дагалдах хэрэгслийг худалдан авах нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан бөгөөд энэ үйл ажиллагаа удааширснаас үүдэж, өнгөрөгч 4-р сарын 10-ны өдрөөс эхлэн үнэмлэх хэвлэлт бүрэн зогссон юм. Улмаар 7-р сарын 18-ны өдрийг хүртэл 40 гаруй мянган иргэдийн жолооны үнэмлэхний захиалга хүлээгдэх болсон бөгөөд одоогоор 4, 5, 6-р сард захиалга өгсөн иргэдийн үнэмлэхийг хэвлэж дууссан. Цаашдаа захиалга өгсөн хугацааны дарааллаар иргэдийн жолооны үнэмлэхийг хэвлэж олгохоор болжээ.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт ширүүн аадар бороо орно

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны наймдугаар сарын 30-ны өдөр буюу өнөөдөр Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орох тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Өнөөдөр 16-22 цаг хүртэл Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 18 градус, 20 цагт 16 градус дулаан байна гэж ЦУОШГ-ын мэдээлсэн байна.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн болзошгүй эрсдлээс сэрэмжилнэ үү.

Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэндийн сайд БНСУ-ын элчин сайдтай уулзлаа

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун-ийг хүлээн авч уулзаж, хоёр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргээд өмнө нь таныг чадварлаг сайн эмч гэдгийг олон хүнээс сонсож байснаа хэлэхэд таатай байна. Хоёр улсын хоорондын хамтын ажиллагаанд эрүүл мэндийн салбар томоохон байр суурь эзэлдэг.Манай улсын талаас алсын зайн оношилгоо үйлчилгээний чиглэлд түлхүү хамтарч ажиллах хүсэлтэй байгаа. БНСУ-ын Засгийн газраас олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Үндэсний оношлогоо эмчигээний төв” барих төсөл хэрэгжиж өнгөрсөн тавдугаар сард шаь тавьж барилгын ажил эхэлсэн. Барилгын ажил хоёр жилийн хугацаанд баригдаж дуусна гүйцэтгэгчээр Самсунг консорциум шалгарсан. Алсын зайн оношлогоо эмчилгээ сайн хөгжвөл Монголчууд заавал Солонгос улс руу зорчиж зардал мөнгө, цаг хугацаа үрэх шаардлагагүй дэлгэцээр хараад ажиллах боломжтой гэдгийг онцлов.

Сайд хэлэхдээ өмнө ажиллаж байсан эмнэлэгтээ гадаад харилцаагаа Самсунг, Сөүлийн их сургуультай хамтран ажиллахаар эхлүүлж байсан бөгөөд маш дотно харилцаатай болсон. Эрүүл мэндийн салбарт манай төрийн болон хувийн хэвшлийн олон эмнэлгүүд амжилттай хамтран ажиллаж байгаа цаашид ч өргөжинө гэдэгт итгэж байна. Өнгөрсөн хугацаанд БНСУ-д монголын олон эмч мэргэжилтнүүд сургалтад хамрагдсан, Солонгосын эмч нарын багийг манай улсын эмнэлгүүдэд ажиллуулж харилцан туршлага судлах хэрэгтэй байна гэв.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөт бөхийн дасгалжуулагчдын эрхийг хасахаар болжээ

Монголын чөлөөт бөхийн холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хурлыг нээж МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж үг хэлэхдээ “Олимпоос хойш Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөл хоёр удаа хуралдаж цааш яах тухайгаа хэлэлцлээ” хэмээв.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн А.Сүхбат “Төр засаг ард түмнээрээ спортын хорооны мөнгийг шийдэж өгсөнд баярлалаа. 2016 оны олимпод төр засаг найман тэрбум төгрөг шийдэж өгсөн. Манай хоёр дасгалжуулагч дэвжээн дээр бүдүүлэг үйлдэл гаргасан. Бид бүхэн ард түмнээсээ уучлал гуйж байна” гэлээ. Мөн Д.Сумъяабазар “Мандахнарангийн хувьд маш сайн барилдсан. Хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Г.Мандахнарангийн асуудал бол тусдаа. Дэлхийн чөлөөт бөхийн холбооноос албан тоот ирэхдээ монгол дасгалжуулагчдын үйлдэл Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны нэр хүндийг гутаасан. Тиймээс танай бүх тамирчдыг энэ асуудлыг шийдэгдтэл ямар ч тэмцээнд оруулахыг түдгэлзүүлж байна гэсэн байна. Есдүгээр сарын 1 гэхэд ЧБХ байр сууриа илэрхийлж явуулах эрхтэй. Дараа нь олон улсын спортын арбитрын шүүхэд хандах эрхтэй гэсэн бичиг ирсэн” гэсэн юм.

МЧБХ-ноос хоёр дасгалжуулагчид холбооны дүрмийн 8.6-д заасан заалтыг зөрчсөн тул хариуцлага тооцохоор болжээ. Тодруулбал, хоёр дасгалжуулагчийн чөлөөт бөхийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гаргасан тухайгаа хурлын үеэр мэдээллээ. Түүнчлэн Ажлын хэсэг байгуулж Мандахнарангийн барилдааныг судлахаар болсон. Хэрэв медалиа эргүүлж авах боломжтой бол олон улсын арбитрын шүүхэд хандана гэв.

А.ЗУЛ

Categories
мэдээ спорт

Д.Сумъяад оёдлын машин бэлгэлжээ

Риогийн тэнгэрт эх орныхоо Төрийн далбааг мандуулсан олимпийн мөнгөн медальт Д.Сумъяад баярласан талархсан сэтгэлээ илэрхийлэх хүмүүс олон байна. Монголын үндэсний дизайнеруудын холбооны ерөнхийлөгч Ц.Одонгэрэл мөнгөн медаль хүртсэнийх нь маргааш “Д.Сумъяадаа 9960 машин бэлэглэе” хэмээн жиргэж байсан билээ. Түүнийг хүмүүс автомашин хэмээн андуурч нэлээд шуугисан. Тэрээр тухайн үед “Машин л бол машин шд тээ, хүмүүс 570 амлах биз, би ч бүр баярлаад хамгийн түрүүнд л өөрийнхөө хамгийн мундаг машинаа амлалаа.Сумъяа маань насаараа тамирчин байхгүй ч насаараа гэрийн эзэгтэй байх учир миний бэлгийг чамлахгүй биз ээ” хэмээж байсан. Тэгвэл өчигдөр /08.29/ тэрээр хэлсэндээ хүрч олимпийн медальтанд singer 9960 оёдлын машин бэлэглэлээ. Энэхүү машин нь 600 гоёлын болон 12 янзын товчны нүхний оёдолтой, тоо, англи монгол үг оёдог, нэмэгдэл тавцантай, автомат утас сүвлэгчтэй, электрон машин юм байна.

Categories
мэдээ нийгэм

Залуус хамтран тоглож өссөн байрныхаа өмнө усан оргилуур барьж өгчээ

Багын найзууд хамтран 100 хувь өөрсдийн хөрөнгөөрөө тоглож өссөн байрныхаа өмнө талбайд усан оргилуур барьжээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн 8,9 дүгээр байрны өмнө уг бүтээн байгуулалтыг босгосон байна. Залуус анх “Цаг хугацааны машин №89” гэсэн фэйсбүүк хуудсанд нэгдэж олон янзын бүтээн байгуулалтын санаа солилцжээ. Ингээд усан оргилуур барих санаан дээр нэгдэцгээн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Нийт 123 хүн одоогоор энэ группт байдаг аж. Энэхүү ажлыг санаачлагчдын нэг болох Д.Баярхүүгээс энэ тухай тодруулсан юм.


-Анх энэ санааг гаргах болсон шалтгаан тань юу вэ?

-Бид Дархан-Уул аймгийн 8, 9 дүгээр байранд төрж өссөн залуучууд. Хар багаасаа тоглож өссөн газраа өөрсдийн ирээдүй болсон хүүхэд багачууддаа зориулж тохижуулъя гэж ярилцаад гурван үеийн буюу 1970, 80, 90 оны залуучууд хамтарч энэ ажлыг хийлээ.

жлаа хийх явцад хүндрэл бэрхшээл тулгарсан уу?

-Бид нэгдээд сэтгэлийн хөдөлгөөнөөр юугаа ч мэдэхгүй барилгын ажилдаа орсон. Мэргэжлийн хүний туслалцаа их хэрэгтэй байсан. Урьдчилж газрын бичиг, зөвшөөрөл авах ёстой байдгийг мэдэлгүй шууд ажлаа эхлүүлчихсэн юм. Харин нутгийн удирдлагууд болон иргэд биднийг дэмжиж энэхүү ажлаа дуусгахад хүндрэл тулгараагүй.

-Хөрөнгө мөнгөний асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

-Дундаасаа таван сая төгрөг цуглуулсан.

-Дархан-Уул аймгийнхан та бүхний энэхүү сайн үйлсэд мэдээж дуртай байгаа байх?

-Бидэнд Дарханд амьдардаг хүн бүр тусалсан. Тэр ч бүү хэл Дархан-Уул аймгийн Засаг дарга өөрийн биеэр ирж бидэнтэй уулзаж хийж буй ажлыг маань дэмжсэн. Мэргэжлийн хүмүүс ч бидний бүтээн байгуулалтад тусалсан. Энэ үйл хэрэг маань бүтэж өнөөдөр нутагтаа хүлээлгэж өгөх гэж байгаадаа их баяртай байгаа гэв.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ нийгэм

Кувейтийн ханхүү “Өндөрхаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөхөд буцалтгүй тусламж үзүүлнэ

Кувейтийн ханхүү Хэнтий аймагт, амарч ажиллаж байгаа аж. Тэрээр өчигдөр Хэнтий аймгийг засаг дарга Н.Ганбямбатай уулзаж, Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг өртгөтгөн шинэчлэхэд буцалтгүй тусламж үзүүлэхээ илэрхийлжээ. Нисэх буудлын шинэчлэх ТЭЗҮ-ийг бэлтгэн, Кувейтийн сангаар дамжуулан Засгийн газраар уламжлах ажлыг түргэвчлүүлэхээр болсон байна. Өндөрхаан нисэх онгоцны буудлын хөөрөх, буурах зурвасыг өргөтгөж, тус чиглэлийн замыг асфальтаар хучихаас гадна хоёр давхар терминал барих санхүүжилтийг буцалтгүй тусламжаар шийдвэрлэхээр болжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Нийслэл Азийн сантай хотын ногоон хөгжил дээр хамтран ажиллах санал солилцов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Мелон Линдбергийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Монгол дахь Азийн сан нь Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ил тод хариуцлагатай, иргэдийн оролцоо бүхий засаглалыг дэмжин бэхжүүлэх, авилгыг бууруулах, таслан зогсоох, олон улсын болон бүс нугтийн харилцааг хөгжүүлэх, гэр хорооллын иргэдэд хүргэх нийтийн үйлчилгээг сайжруулах, нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих зэрэг чиглэлээр хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

Уулзалтын эхэнд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Сайн засаглалыг бэхжүүлэхэд хамтран ажиллаж дэмжлэг үзүүлж байдагт талархал илэрхийлээд, “Би төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байх үедээ Азийн сангийн Монгол дахь хамгийн анхны суурин төлөөлөгчтэй их ойр ажиллаж, Монголд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцож байсан. Азийн сан бол Монгол оронд иргэдийн оролцоонд тулгуурласан ардчилал, шударга ёсыг бэхжүүлэхэд маш чухал нөлөө үзүүлсэн” гэдгийг онцлон тэмдэглэв.

Азийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Мелон Линдберг, Нийслэлийн Засаг даргын Тамгын Газартай хамтран төрийн үйлчилгээг сайжруулах, төрийн албан хаагчдыг чадавхжуулахад чиглэсэн “Хотын засаглалыг сайжруулах” төсөл, “Иргэдийн оролцоотой төрийн албаны ил тод байдлыг бэхжүүлэх төсөл, Иргэдийн оролцоотой газар зохион байгуулах нь зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн Улаанбаатар хотын бизнес эрхлэдэг эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор “Эмэгтэйчүүдийн бизнес хөгжлийн төв”-ийг нээн ажиллуулж эхэлсэн. Хотын засаглалыг сайжруулах төсөл нь нэг жил гаруй хугацаанд нийслэлийн 9 дүүргийн 33 хороонд хэрэгжиж байна” гэсэн юм. Мөн хотын ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Азийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг цаашид үргэлжлүүлнэ. Иргэдийн оролцоонд тулгуурлан сайн засаглалыг бэхжүүлэх төслүүд ажилттай хэрэгжснээр иргэд өөрсдийнхөө орчин нөхцөлийг сайжруулахаар нэгдэж чаддаг, санаачилга гаргадаг байх хэвшил тогтооно гэж итгэж байна. Мөн ногоон хотыг хөгжүүлэх чиглэлээр “Сэлбэ голын эхийг хамгаалж, урсацыг сайжруулах зорилгоор голын эх дагуу суурьшсан айл өрхүүдтэй хамтран төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тариаланчид ургацаа хурааж эхэллээ

Дархан-Уул аймгийн тариаланчид ургацаа хураахаар энэ сарын 27-ноос талбайдаа гарлаа. Тус аймагт өнгөрсөн хавар 107 иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нийт 11.7 мянган га талбайд үр тариа суулгасны 9.7 мянган га-г улаан буудай, 1.7 мянган га-г арвай, 205 га-г бусад үр тариа эзэлж байна. Үүнээс 18.8 мянган тн улаан буудай хурааж авах урьдчилсан төлөв гарсан нь га-гаас дунджаар 16.2 цн ургац авна гэсэн үг юм.

Ургацын урьдчилсан балансаас үзвэл 605 га талбайгаас 7.5 мянган тн төмс (га-гаас 125.3 цн), 1.9 мянган га талбайгаас 17.7 мянган тн ногоо (га-гаас 138.6 цн), тосны 1.8 мянган тн ургамал, малын 105 тн тэжээл хураах аж. Түүнчлэн есдүгээр сард нойтон цас орж, хүйтрэхийг албаныхан анхааруулж байна. Тиймээс нийт тариаланчдыг ургацаа хураахыг сануулжээ.