Categories
мэдээ спорт

Б.Тэгшбаярыг сая төгрөгөөр шагнажээ

Щвейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын ДАШТ-ий бөөн гараат 10 км-ийн уралдаанд Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр оролцож, алтан медаль хүртсэн билээ. Ийнхүү Монгол улс түүхэндээ анх удаа дугуйн спортын дэлхийн аваргатай болсон юм.

Б.Тэгшбаяр тэмцээнээ өндөрлүүлээд эх орондоо ирж, өөрийн төрж өссөн Сүхбаатар аймагтаа очсон байна. Түүнийг нутгийн удирдлагууд хүлээн авч уулзан баяр хүргэжээ. Улмаар аймгийн ЗДТГ-аас дэлхийн дугуйн аварга Б.Тэгшбаярыг нэг сая төгрөгөөр шагнан, урамшуулсан байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Риогийн олимпод оролцсон Л.Отгонбаатар маргааш хагалгаанд орно

Олимпийн наадмын бөхийн жүдо барилдааны -90 кг-д өрсөлдсөн ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө барилдахдаа нэлээд хүнд гэмтэл авчээ. Тэрээр барилдахаар гарч ирэнгүүтээ эхлээд зүүн сууж үүрэхдээ нэлээд хүнд гэмтэл авсан байна. Эмнэлгийэ дүгнэлтээр түүний зүүн мөрний шөрмөс тасарч, мах нь ханзарч, мөрний аяганы хүүдий урагдсан гэсэн хариу гарчээ. Гэмтлийн улмаас эмнэлэгт гурван хоног хэвтэж шөрмөс залгах хагалгаанд орох бөгөөд хагалгааны дараа гурван сар орчим бэлтгэл хийхгүй гам барихаар болсон гэнэ.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

ОХУ олимпоос алт авсан жүдочдоо тансаг зэрэглэлийн байр, машин бэлэглэжээ

ОХУ-ын тамирчин Хасан Халмурзаевд Ингуш улсын төрийн тэргүүн Юнус-Бек Евкуровын гаргасан шийдвэрээр “Рио-2016” олимпоос алтан медаль хүртсэн тул тансаг зэрэглэлийн гурван өрөө байр бэлэглэхээр болжээ. Мөн түүний дасгалжуулагчийг ч байраар шагнажээ.

22 настай Халмурзаев -81 кг-ийн жингийн шувтаргын барилдаанд АНУ-ын жүдоч Трэвис Стивенсийг ялснаар Олимпын аварга цол хүртсэн юм. Тэрбээр Ингушетэд ирснийхээ дараа гурван өрөө байрнаас Мерседес-Бенз жийп машины түлхүүр гардан авах бол түүний дасгалжуулагч “Тоёота Седан” маркийн автомашин авах аж.

Өнөөдөр буюу 15-ны өдөр Ингушетийн нийслэл Магас хотын төв талбайд Олимпын баатруудад хүндэтгэл үзүүлэх ёслол болох юм байна. Уг ёслолд Ингушетийн төрийн тэргүүн Юнус-Бек Евкуров болон олон нийтийн болон залуучуудын байгууллагын төлөөлөгчид, нэр цуутай ахмад тамирчид оролцоно.

Хасан Халмурзаев 1993 оны 10 дугаар сарын 9-нд Назрань хотод төржээ. Тэрбээр Олимпод аваргалахаасаа өмнө 2016 оны Европын аварга, 2010 оны Европын залуучуудын аварга болж байснаас гадна 2015 оны оюутны Универсиадад түрүүлж байжээ. Түүний ихрийн өрөөсөн Хусейн мөн Оросын жүдогийн шигшээ багийн гишүүн. 90 кг жинд барилддаг юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас байнга сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2016 оны наймдугаар сарын 15-ны байдлаар Сэлэнгэ мөрөн, Хөвсгөлийн уулсаас эх авах Үүр гол, Бэлтэс гол, Алтайн нуруунаас усжих Ховд гол, Хангай нуруунаас эх авах Орхон гол, Завхан гол, Байдраг гол орчмоор үерийн түвшин 10-70 см давж үерлэж байна.

Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэж Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН маргааш хэвлэлийн хурал хийнэ

Өнөөдөр буюу наймдугаар сарын 15-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар Төрийн ордны “Иргэний танхим”-д Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болоод цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээллийнхээ эхэнд “Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд эдийн засаг, төсөв санхүүгийн асуудлаар мэдээлэл хийсэн. Үүний дараа улстөрч, эдийн засагч, судлаачдын хүрээнд нэлээдгүй маргаан өрнөлөө. Бид тодорхой ойлголтыг хүргэх үүднээс мэдээлэл өгч байна. Анх ажил авсныхаа дараа бид эдийн засгийн нөхцөл байдлаа тодорхойлох хэрэгтэй гэдгээ хэлж байсан. Улс орон бүр нэг л төсөвтэй байх ёстой гэсэн дэлхий нийтийн зарчмаас хазайх эрх байхгүй. Тийм учраас бүх төсвүүдээ нэгтгэх үйл ажиллагаанд цаг хугацаа их орлоо” гэж хэлсэн. Улмаар эдийн засгийн нөхцөл байдлын талаар цаашид авах арга хэмжээнийхээ тухай мэдээлсэн

Тэгвэл үүнтэй холбогдуулан Ардчилсан намын зүгээс хариу мэдээлэл өгч магадгүй аж. Эх сурвалжуудын хэлж буйгаар АН-аас маргааш 11 цагт төв байрандаа хэвлэлийн хурал хийх бололтой.

Categories
мэдээ спорт

Улс орнуудын медаль авсан байдал

Рио де Жанейро хотноо болж буй хүн төрөлхтний эв нэгдлийн 31дүгээр наадам 10 дахь өдрөө үргэлжилж байна. Медалийн чансаагаар АНУ 69 медаль авснаар тэргүүлж байгаа бол Монгол Улс нэг мөнгө, нэг хүрэл медал авснаар 54 дүгээр байрт бичигдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрдэмтдийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гадаад, дотоодын зарим эрдэмтэн, судлаачдыг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр гардуулан өгөв.

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хагас зууны туршид ажил амьдралаа зориулан хөдөлмөрлөж ирсэн хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Их сургуулийн зөвлөх багш, доктор, профессор Гэлэгжамцын Цэрэнханд, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Жавзангийн Цолоо нарыг,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ШУА-ын хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ринчинсамбуугийн Отгонбаатарыг,

Алтангадас одонгоор ОХУ-ын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Бойкова Елена, СУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Чулууны Алтанцэцэг, Япон улсын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Хироки Ока, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Магсаржавын Баярсайхан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Жалсангийн Ринчиндорж, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш Доржсүрэнгийн Бүрнээ, ОХУ-ын иргэн, Иркутскийн Улсын их сургуулийн багш Лиштованный Евгений Иванович, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Хаапангаагийн Чойжинжав, МУИС-ийн түүхийн тэнхимийн багш Дашдондогийн Баярсайхан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Өвөр Монголын багшийн их сургуулийн захирал Балданжамцын Бүрэнжаргал, ШУА-ын түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Жамсранжавын Гэрэлбадрах, Бүгд Найрамдах Франц улсын иргэн, Францын Ле Харве их сургуулийн доктор, профессор Пиэр Шабал, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн дэд захирал Пүрэвсүрэнгийн Дэлгэржаргал, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн эрхлэгч Галиндэвийн Мягмарсамбуу нарыг,

Найрамдал медалиар ХБНГУ-ын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Ута Шёне, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Родика Поп, ХБНГУ-ын иргэн, Олон улсын Монгол судлалын холбооны гишүүн, монголч эрдэмтэн Инес Штольпе, ОХУ-ын иргэн, Эрмитаж улсын музейн Дорно дахины салбарын ажилтан Крамаровский Марк Григорьевич, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, Өвөр Монголын их сургуулийн багш Сэйнгойровын Насан-Урт нарыг тус тус шагналаа.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр их хурал нээлтээ хийж буй энэ өдөр монгол судлалын салбарт амжилт бүтээлээрээ тэргүүлж байгаа дотоод гадаадын шилдэг эрдэмтдэд Есөн хөлт цагаан тугийн цэнгэн орших хүндэтгэлийн өргөөнд Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Монгол үндэстний хэл соёл, түүх, сэтгэлгээний онцлог, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны салбарыг шинжлэх ухаанд үндэстэй судлан тайлбарлах үйлсэд нөр хичээнгүй зүтгэл гарган ажиллаж байгаа судлаач та бүхэнд баярлалаа.

Энэ шагнал бол Монголыг судалж, шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг тань үнэлж буй Монгол төрийн хүндэтгэл юм. Мөн таны багш, шавь, хамтран зүтгэгчдэд тань олгож байгаа урам юм. Монголын төр, судлаачид хамтран монгол судлалыг хөгжүүлэхийн төлөө улам бүр хичээнгүйлэн ажиллана. Өнөөдөр хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлсэн та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Эрдэнэбат: Шаардлагатай зардлыг бууруулах, зарим нэг үйл ажиллагааг хойшлуулахаар төлөвлөж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар Төрийн ордны “Иргэний танхим”-д өнөөдөр цаг үеийн болоод эдийн засгийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хийсэн мэдээллээс дор товчлон хүргэе.

Ж.Эрдэнэбат: Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд эдийн засаг, төсөв санхүүгийн асуудлаар мэдээлэл хийсэн. Үүний дараа улстөрч, эдийн засагч, судлаачдын хүрээнд нэлээдгүй маргаан өрнөлөө. Бид тодорхой ойлголтыг хүргэх үүднээс мэдээлэл өгч байна. Анх ажил авсныхаа дараа бид эдийн засгийн нөхцөл байдлаа тодорхойлох хэрэгтэй гэдгээ хэлж байсан. Улс орон бүр нэг л төсөвтэй байх ёстой гэсэн дэлхий нийтийн зарчмаас хазайх эрх байхгүй. Тийм учраас бүх төсвүүдээ нэгтгэх үйл ажиллагаанд цаг хугацаа их орлоо. Манай Засгийн газрын хувьд явуулах үйл ажиллагаагаа хоёр үе шатанд хувааж үзэж байна. Эхний үе 12-18 сар буюу “Макро” эдийн засгаа тогтворжуулах, төсвөө эрүүлжүүлэх, хоёрдугаар үе эдийн засгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлэх гэж үзэж байна. Өнөөдрийн жишээгээр гэхэд Улаанбаатар хотыг тойрсон 5-6 эрчим хүчний төсөл байна. Тэднээс нэгийг нь хэрэгжүүлэхэд л Улаанбаатар хотыг бүхэлд нь хангах эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой. Төсвийн бодлогыг сайжруулах хүрээнд бүх төсвийг нэгтгэх ажлыг хийж байна. Цаашид төсвийн тодотгол хийхгүй бол оны төгсгөлд алдагдал нь ДНБ-ний 21.6 хувь дээр ирэх нөхцөл ажиглагдаж байна. Тиймээс бид УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлт тавьсан байгаа. Ээлжит бус чуулганаар төсвийнхөө асуудлыг зөв голдрилд оруулах боломж бүрдэнэ. Манайд улсын хувьд бэлэн болсон ТЭЗҮ-тэй бүтээн байгуулалтын ажил алга байна. Тэгэхээр цаашид ТЭЗҮ боловсруулах, эх үүсвэр олох ажлыг Засгийн газар хийнэ. Эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах нь хэнд ашигтай вэ. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй. Аливаа тоон мэдээллийг засаж залруулснаар эдийн засагт учрах хохирол нь маш их. Тийм учраас бид эхний ээлжинд тоогоо үнэн зөв, бодитой болгоё гэсэн. Бид цаашид эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ” гэлээ.

Ингээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээллээ хийж дуусаад, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариуллаа.

-“Стэндбай” хөтөлбөрт хамрагдах уу?

-Олон улсын валютын сан жил бүр улс орнуудын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгдөг. ОУВС-ийн ажлын хэсэг маргааш Монголд ирнэ. Тэд манай улсын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөх байх.

-Өмнө нь хийсэн ТЭЗҮ хаачсан юм бол оо?

-Зарим нэг ТЭЗҮ байна. Жишээ нь V цахилгаан станц. Газар байхгүй, нэг мкв-ийг хэдээр үнэлэх нь тодорхойгүй. Хоёрдугаарт Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам байгаа ч Хятадын талын төмөр замтай зөрсөн байгаа. Хийгдсэн ТЭЗҮ нь ийм байна.

-Төсвийн тодотголын талаар мэдээлэл өгнө үү?

-Төсвийн тодотголыг боловсруулж байгаа. Удахгүй бид өргөн барина. Шаардлагатай зардлыг бууруулах, зарим нэг үйл ажиллагааг хойшлуулахаар төлөвлөж байна.

-Хүүхдийн мөнгө, оюутны 70 мянган төгрөгийг өгөх үү?

-Бид аль болох хүнээ ажилтай байлгах бодлогыг баримтална. Халамжийн бодлогын хувьд зорилтот бүлэгтээ л очих ёстой.

Сэтгүүлчдийн асуултад хариулж дуусаад мэдээллээ өндөрлүүлсэн юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы дугаараас хүлээн авч уншаарай.

Э.МӨНХ

Categories
гадаад мэдээ

Италийн буудлагын тамирчин Никола Камприни Риогоос хоёр дахь алтан медалиа хүртлээ

Италийн буудлагын тамирчин Никола Камприни Рио де Жанейро хотод болж буй олимпоос хоёр дахь алтан медалиа хүртжээ. Ингэснээр тэрбээр буудлагын төрөлд хоёр алтан медаль авсан цорын ганц тамирчин болж байна. Тэрбээр финалд Оросын Сергей Каменскийг ялж энэхүү амжилтанд хүрчээ. Харин Францын тамирчин Алекс Райнауд хүрэл медалийн эзэн болжээ. Аварга болсон Камприни “Өнгөрсөн долоо хоног маш удаан өнгөрч, би маш их ядарлаа, гэхдээ миний зүрх сэтгэл зүгээр л бууж өгөхийг хүссэнгүй” гэжээ. 2016 оны Риогийн олимп хийн бууны төрлөөр эхэлж тэрбээр анхны алтан медалиа авч байсан бол өнгөрсөн долоо хоногийн эцэст тэрбээр мөн алт авснаар энэхүү төрлийн тэмцээн дууссан байна.

Буудлагын төрөл есөн өдөр үргэлжилсэн бөгөөд Италийн баг тамирчид Риогийн олимпоос нийтдээ дөрвөн алтан медаль, гурван мөнгөн медаль хүртжээ. Одоогийн байдлаар Итали улс Риогийн олимпоос 19 медаль авсан бөгөөд долоог нь буудлагын төрлөөс авчээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2225 төгрөгт хүрлээ

“Найман шарга” валют арилжааны төв дээр амерк долларын авах ханш 2210 төгрөг, зарах ханш нь 2225 төгрөгтэй тэнцэж байна. Евро 2440/2470 байгаа бол Хятадын юань 336/341 төгрөг байна.

Ингэснээр зургаан сарын эхээр 1900 төгрөг байсан долларын ханш огцом өсч 2225 төгрөг болсон нь манай улсад өмнө нь тохиож байгаагүй зүйл болоод байна.