Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө тоглоно

“Рио-2016” олимпийннаамдмын11 дэх өдөр өнөөдөр үргэлжилнэ. Монгол улсаас боксын эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд өрсөлдөж байгаа Э.Цэндбаатар өнөөдөр хүрэл медалийн төлөө тоглох билээ. Энэхүү тулаан Улаанбаатарын цагаар 23:45 цагаас АНУ-ын тамирчин Шакур Стивенсонтой хүч сорих ажээ. Хоёр тамирчны ялсан нь хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөөх тулалдаанд оролцох эрхээ авах юм.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ спорт

Маргааш чөлөөт бөхийн тамирчид барилдаанаа эхэлнэ

“Рио-2016” олимпийн чөлөөт бөх болон таеквондогийн төрөлд өрсөлдөх өнөөдөр тамирчид олимпийн хотхонд ирсэн аж. Монголын баг тамирчдын хувьд “Рио”-д 43 тамирчдын бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд жүдо, буудлага, хөнгөн атлетикийн тамирчид тэмцээнээ амжилттай өндөрлүүлээд байна. Харин чөлөөт бөх, бокс, таэквондогийн тамирчдын тэмцээн үлдээд байгаа билээ. Чөлөөт бөхийн тэмцээн маргааш буюу наймдугаар сарын 17-ны өдрөөс эхлэх ба эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин оролцоно.

Наймдугаар сарын 17-нд чөлөөт бөхийн хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 22.00 цагаас эхэлж, медалийн төлөөх барилдаан шөнийн 03.00 цагаас явагдах болно. Энэ өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -58 кг-ын жинд П.Орхон, -69 кг-ын жинд О.Насанбурмаа нар барилдах ажээ. Наймдугаар сарын 18-нд эмэгтэйчүүдийн -53 кг-ын жинд Э.Сумъяа, -63 кг-ын жинд С.Батцэцэг нар тус тус барилдах хуваарьтай байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг хэвлэлийн хурал зарлалаа

Монгол
Улс ирэх сард цалингаа тавихад маш хүнд, сайн хөт өлбөрүүдийг зогсооно,
валютын нөөц ч дууссан гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн
өнгөрсөн долоо хоногийн эхээр олон нийтэд зарласан.

Энэ нь хүнд байсан эдийн засгийг бүр дордууллаа гэж шүүмжлэх хүн олон байна. Түүний мэдэгдлийн дараа манай улсын бонд олон улсын зах зээл дээр өмнөхөөсөө улам бүр унаж, ам.долларын ханш өссөн.

Энэхүү
мэдээллийн дараа АН-ын барьж байсан Засгийн газар одоогийн гүйцэтгэх
засаглалд валютын 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй дансыг хүлээлгэж өгчээ
.
Харин үүнийг харлуулж, бүр хасах 400 гаруй сая доллар байна хэмээн олон
нийтэд мэдэгдэл хийдэг Сангийн сайдыг анх удаа харлаа хэмээн хотын мэр
асан АН-ын гишүүн Э.Бат-Үүл, АН-ын дарга асан З.Энхболд сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ онцолсон.

Тэгвэл наймдугаар сарын 15-нд буюу өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,
Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар Төрийн ордны “Иргэний танхим”-д Монгол
Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болоод цаг үеийн зарим асуудлаар
сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээллийнхээ эхэнд “Өнгөрсөн долоо хоногт
Сангийн сайд эдийн засаг, төсөв санхүүгийн асуудлаар мэдээлэл хийсэн. Үүний дараа улстөрч, эдийн засагч, судлаачдын хүрээнд нэлээдгүй маргаан өрнөлөө.
Бид тодорхой ойлголтыг хүргэх үүднээс мэдээлэл өгч байна. Анх ажил
авсныхаа дараа бид эдийн засгийн нөхцөл байдлаа тодорхойлох хэрэгтэй
гэдгээ хэлж байсан. Улс орон бүр нэг л төсөвтэй байх ёстой гэсэн дэлхий
нийтийн зарчмаас хазайх эрх байхгүй. Тийм учраас бүх төсвүүдээ нэгтгэх
үйл ажиллагаанд цаг хугацаа их орлоо” гэж хэлсэн. Улмаар эдийн засгийн нөхцөл байдлын талаар цаашид авах 12-18 сарын арга хэмжээнийхээ тухай мэдээлсэн.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Ардчилсан намын зүгээс өнөөдөр Төрийн ордны “В” танхимд УИХ дахь АН-ын бүлэг хэвлэлийн хурал зарлалаа.

Categories
мэдээ нийгэм

Австралийн эмч нар хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийнэ

Австрали улсын эмч нар энэ сарын 17-25-ны өдрүүдэд монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийхээр болжээ. Тодруулбал, тэд Хөвсгөлийн нэгдсэн эмнэлэг, ГССҮТ-ийн эмч нартай хамтран түлэнхийн гэмтэл, сорвитой, төрөлхийн нүүр амны гажигтай хүүхдүүдэд мэс засал хийж, мөн манай эмч нарт сургалт явуулах юм байна.

Уг сургалт, мэс
засал энэ сарын 17-20-ны хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, 22-25-ны
өдрүүдэд ГССҮТ-ийн Түлэнхийн, нөхөн сэргээх тасагт болох
аж.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: АН шүншиггүй бурхан шиг, сүнсгүй хүн шиг болсон, одоо өөрчлөх ёстой

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөөд байна. Анхдугаар чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох, байнгын хороодоо байгуулах гэх мэт асуудлыг хэлэлцдэг. Гэтэл энэ чуулганаар Төрийн албаны зөвлөлийн хүмүүсийг халж, томилох зэрэг асуудлыг оруулж шийдвэрлэлээ гэж сөрөг хүчний гишүүд эсэргүүцэж үг хэлж байсан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын тухай хуульд анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудлыг маш тодорхой заасан байдаг. Нэгдүгээрт, УИХ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг шинээр бий болгох, хоёрдугаарт, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэх, гуравдугаарт бусад асуудал гэж байдаг. Эрх баригч нам бусад асуудлын хүрээнд Монголбанк, Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудыг чөлөөлөх, томилох асуудлыг яаралтай хэлэлцсэн гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ энэ нь төрийн албаны тогтвортой байдал, төрийн бодлогын залгамж халаа алдагдахад хүргэх вий гэсэн эмзэглэл олон хүнд байна.

-Мэргэжлийн Засгийн газар байгуулах хүлээлт байсан. Гэвч ялгаагүй “давхар дээл”-тэй гишүүдтэй боллоо гэсэн шүүмжлэл байна. Мөн өмнө нь МАН дэд сайдын албан тушаалыг эсэргүүцэж байхгүй болгосон мөртлөө өөрсдөө оруулаад ирлээ гэж байгаа?

-Эрх баригчид амласныхаа яг эсрэгийг хийж эхэлсэн байна. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Гэвч мэргэжлийн бус олон сайдуудыг томиллоо. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг давхар хашдаг байдлыг хална гэж амласан. Харамсалтай нь давхар дээлтэй сайд нарын тоо найм, ес боллоо. Дэд сайдгүй байна гэж амласан. Бүх яамд дэд сайдтай боллоо. Олон зүйл дээр эрх баригчид яг хэлснийхээ эсрэгээр хийж байна. Татварыг нэмэхгүй гэж амласан. Удахгүй нэмэх тухай ярих байх. Өр зээл нэмж тавихгүй гэсэн. Гэтэл өр зээл нэмж тавих тухай яриа ордонд явж байна. Энэ маягаар улс орныг хямралаас гаргах боломжгүй л дээ. Эрх баригчид худал амлалт өгснийхөө төлөө ард иргэдээсээ уучлал гуйх хэрэгтэй. “Бид буруу бодсон байна. Бид худлаа амласан байна” гэдгээ хүлээх хэрэгтэй.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дуулиан одоо ч арилаагүй байна. МАН үнэмлэхүй олонх болж 65 суудал авлаа. Ардчилсан намын ялагдлын шалтгааныг хүмүүс янз бүрээр л ярьж, тайлж байна л даа. Таны хувьд юу гэж үзэж байгаа вэ?

-Энэ удаагийн сонгууль жижиг мажоритар системээр явсан. Жижиг мажоритар системийн үед сонгогчдын санал нэг тийшээ хэт савдаг. Тухайлбал, 1996 онд АН 50 суудал, 2000 онд МАН 70 гаруй суудал авч байлаа. Энэ удаагийн сонгуульд МАН 65 суудал авсан. Энэ бол сонгогчдын үнэлгээ гэхээсээ илүү системийн алдаа юм. Энэ нь хүний төлөө биш, намын төлөө санал өгдөг систем юм. Хэрэв энэ системээр цаашид сонгууль явах юм бол сонгогчдын санал хаашаа ч савж мэднэ. Яг одоо нийт саналын 40 орчим хувь нь гудамжинд ямар ч төлөөлөлгүй үлдлээ. 50 гаруйхан хувийн санал авсан МАН парламентад 65 суудалтай л боллоо. Энэ бол МАН-ын гавьяа гэхээсээ илүү системийн гажиг юм даа.

-Ардчилсан намын хувьд эрх барьж байхдаа маш их бүтээн байгуулалтын ажил хийсэн. Харин иргэд сонголтоо хийхэд тэр нь төдий л нөлөөтэй биш байсан юм биш үү?

-Ардчилсан намын засаглаж байсан он жилүүдэд олон бүтээн байгуулалт хийгдсэнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Гэхдээ Засгийн газар бодлогын асар олон алдаа завхрал гаргасныг бас мартаж болохгүй. Алдаагаа бусдаас хайх хэрэггүй. Тодорхой хэлбэл сонгогчдоос хайх бүр ч хэрэггүй. Ардын нам зарим тойрогт луйвардсан, царцаа нүүлгэсэн байж магадгүй. Гэхдээ энэ нь сонгуулийн дүнд нийтэд нь нөлөөлөх боломжгүй л дээ. Иймд Ардчилсан нам ялагдлын шалтгаанаа өөрөөсөө хайх хэрэгтэй. АН таван фракцтай. Эрх мэдэл авахаараа фракц хоорондын зодоон өрнөдөг түүхтэй.1996 онд ч ийм байсан. 2012-2016 онд ч ийм байлаа. Ер нь АН-ынхан бид ихэнхдээ өрсөлдөгчтэйгөө бус өөрийнхөнтэйгөө өрсөлддөг. Дотооддоо зодолддог. Нэг фракц нь нөгөө фракцаа ялахын тулд, нэг бүлэглэл нь нөгөөгөө дийлэхийн тулд АН хамаг хүчээ дотооддоо шавхаж дуусгадаг. Энэ бол бидний араншин, бас бидний өвчин. Энэ өвчнөө эмчлэхгүйгээр АН цаашид эрх барих боломжгүй. Төр босоо байдаг бол АН хэвтээ тогтолцоотой. Хэвтээ тогтолцоотой нам, босоо тогтолцоотой төрийг удирдах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Гучин тусдаа нам, таван өөр фракцыг дураар нь тавибал юунд хүргэдгийг хангалттай харлаа. Одоо өөрчлөх хэрэгтэй. Хагас босоо тогтолцоо руу АН шилжих ёстой.

Мөн нөгөө талаас АН-ын үед явуулсан эдийн засгийн бодлого зарим талаараа буруу байсан. Ялангуяа Фортуна гэдэг хүн 2012 оноос хойш хямралтай тэмцэх бус, хямралыг дэмжих бодлого явуулж эхэлсэн. Дөрвөн жилийн өмнө миний бие энэ талаар тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягт захидал бичиж байлаа. Эдийн засгийн бодлогоо өөрчлөхгүй бол таныг тун удахгүй иргэд, Монголын Улсын Ерөнхий сайд бус, хямралын загалмайлсан эцэг гэж дуудах болно гэж сануулж байлаа. Харамсалтай нь Н.Алтанхуягийн Засгийн газар ирж буй хямралаас урьдчилан сэргийлэх ямар ч дорвитой бодлого явуулаагүй. Дэнзэнтэйгээ зууралдсаар байгаад л дууссан, Н.Алтанхуягийн үед Монгол Улс бондтой, Төрийн банкиндаа 500 сая доллартай, төсөв нэмэхтэй гарч байлаа. Туйлдаж сөхрөхгүйгээр, дотоодын эдийн засгаа эрчимжүүлэх замаар хямралын эсрэг тэмцэх бүрэн боломжтой байсан. Дөрвөн жилийн өмнө дэлхийн эдийн засаг унаж, уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ доод цэгтээ очих нь,төсөвт цоорхой үүсэх нь маш тодорхой харагдаж байсан. Гэвч манай тухайн үеийн эрх баригчид, Засгийн газрын их мэдэгчид өсөлтийн үеийн эдийн засагтайгаа л зууралдаж, тоон үзүүлэлтийн хойноос л хөөцөлдсөн. Хямралаас урьдчилан сэргийлэх ямар ч бодлого гаргаагүй. Мөнгө санхүү, төсөв хөрөнгө оруулалтын бодлогоо ч эхнээс нь зангидаж чадаагүй. Татвар төлөгчдийн мөнгийг олон салаа замаар олон хэрэггүй зүйлд зарцуулсан.

-АН-ын хувьд энэ сарын 25-нд Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлыг хийж намын даргаа сонгох асуудлыг ярина. Зарим нь их хурлаараа намын даргыг сонгох ёстой гээд хоёр янзын зүйл яриад байна л даа?

-Одоо АН үндсээрээ өөрчлөгдөх хэрэгтэй. Найман жил их хурлаа хийгээгүй. Сүүлийн тав, зургаан жил намын шат шатны байгууллагадаа салхи оруулаагүй АН ялзралынхаа дээд цэгт хүрсэн. Үндэсний зөвлөлдөх хорооны 200 хүн, тодруулж хэлэх юм бол хэдэн бизнес бүлэглэлийн төлөөлөл АН-ыг сүүлийн найман жил удирдлаа. З.Энхболд дарга энэ намыг өөрчлөх болов уу гэж бид их хүлээсэн. Санаа нь байсан ч сачий нь хүрээгүй. Үндэсний зөвлөлдөх хороогоо ч хуралдуулж чадаагүй, намын дүрэм журмаа ч өөрчилж чадсангүй. Энэ бол АН-ын ялагдлын нэг том шалтгаан. Үүнээс болж АН нийгмийг шинэчлэгч, урагшаа чирэгч улс төрийн хүчин байж чадахаа больсон. Өөрсдийгөө шинэчилж, өөрчилж чадахгүй байгаа намд иргэд итгэхгүй байх нь аргагүй. Энэ удаагийн ялагдал бол АН-ын хувьд маш том ухаарал өгсөн ялагдал. АН өөрчлөгдөж чадвал урагшаа явна. Хуучнаараа үлдвэл сүйрэлд хүрнэ. Энэ бол маш ойлгомжтой харагдаж байгаа. АН-ын шинэчлэлийн төлөө миний бие хувь нэмрээ оруулна, нөхөдтэйгөө хамт зүтгэнэ. АН нам шиг, нам болвол Монгол төр, төр шиг төр болно гэдэгт би итгэдэг.

-Үүний тулд юу хийх шаардлагатай вэ?

-Юун түрүүнд АН хуучирсан, хоцрогдсон дүрэм журмаа хүчингүй болгох хэрэгтэй. Орчин үеийн сонгодог улс төрийн намын дүрэм, журамыг боловсруулах, батлах шаардлагатай. Нам дотор чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, шинэчлэлийн салхи оруулж ирэх хэрэгтэй. Хуучин торхонд шинэ дарс исгэдэггүй гэж үг бий. Ер нь намын хамгийн чухал зүйл бол үзэл санаа, үнэт зүйл юм. Мөн дотоод хариуцлагын систем. Харамсалтай нь Ардчилсан нам үзэл санаа, үнэт зүйлээ гээгээд найман жил болж байна. АН-ыг үзэл санааны лидерүүд бус технократууд найман жил удирдлаа. Сүнсгүй хүн шиг, шүншиггүй бурхан шиг найман жил явлаа даа.

-Дараагийн намын дарга хэн байх бол. Олон хүний нэр л яригдаад байх юм байна шүү дээ?

-АН-ын дарга хэн ч болсон бай хоёр жил тутам намын дээд байгууллагынхаа өмнө ажлаа тайлагнадаг, өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэх асуудлаар санал хураалгадаг байх ёстой. Найман жил хуралддаггүй, гишүүдээсээ зугтдаг намын дарга байж болохгүй. Тодорхой хэлбэл АН-ыг амьд организм болгож хувиргах ёстой. Түүнээс биш хэн нэгэн сайн хүн АН-ын дарга болчихоор АН сайн нам болно гэдэгт би итгэдэггүй. АН сайн дүрэмтэй болбол, АН сайн нам болно. Энэ олон фракциудын зөрчилдөөнийг тас цохисон шинэ дүрмийг бид гаргаж ирэх ёстой. Үндэсний хэмжээний лидер тодруулдаг шинэ журамтай болох ёстой. Сүүлийн жилүүдэд АН-ыг үндэсний лидерүүд бус, фракцийн дарга нар л удирдсан.

АН фракцийн даргыг намынхаа лидер болгодог буруу системээсээ салах хэрэгтэй. АН-ын дарга үндэсний лидер байх ёстой. Үндэсний лидерийг тодруулж чаддаг болсон цагт АН үндэсний хөгжлийг тодорхойлох хүчин болно.Намын лидер гэдэг бол үзэл санааны удирдагч юм. Түүнээс бус өдөр тутмын ажил хийдэг жижиг дарга биш. Манай өмнөх дарга нар 20 хүнтэй сайхан харьцдаг, 200 хүний дэмжлэг авдаг л хүмүүс байсан. Хоёр, гурван сая хүний өмнө очихоороо жулддаг, жижгэрдэг байлаа. Яагаад гэвэл тэдэнд тодорхой үзэл санаа, үнэт зүйл байгаагүй.

Манай намын дарга асан Н.Алтанхуяг “гишүүдээ үзэл санаа бүү ярь, баруун зүүний нам гэж бүү маргалд” гэж загнадаг байлаа. Энэ бол АН-ын ялагдлын эхлэл байсан гэж би боддог. Одоо бид үзэл санааны дасгалаа өдөр болгон хийж, үзэл санааны лидерийг туг болгон залах ёстой.

-Фракцийн хуваагдалтай удаан явсан өнөөгийн ийм нөхцөлд таны ярьж буй шинэчлэлийг хийхэд ярвигтай л юм байна?

-Бүрэн боломжтой. Тийм хүнд ажил биш. Англи, Америк, Герман зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын лидер тодруулдаг системийг бид шууд нутагшуулах хэрэгтэй. Английн улс төрийн намууд лидерээ тодруулдаг өвөрмөц системтэй. Намын гишүүд дээр нэмэх нь дэмжигч гишүүд, үйлдвэрчний эвлэлийнхэн, ажил олгогчдын төлөөлөл оролцож байж намын лидер нь тодордог. Өөрөөр хэлбэл намын лидер гэдэг нь фракцийн биш үндэсний лидер байдаг.

Энэ системийг бид Англи, Америк, Европоос авах хэрэгтэй. Одоо АН-ыг фракцуудаас, фракцийн лидерүүдээс нь салгах цаг болсон. Салгах ганц арга нь орчин үеийн дүрэм журмыг АН батлах хэрэгтэй гэж хэлмээр байна. Одоогийн Үндэсний зөвлөлдөх хороо татан буугдах ёстой. Өдгөө ажиллаж байгаа хяналтын хороо, дүрмийн хороо, АН-ын бүх шатны байгууллагууд шинээр зохион байгуулагдах хэрэгтэй. АН шинэ зохион байгуулалтад орж, шинэ дүрмээ яаралтай батлаж байж шинэчлэгдэнэ. Ийм эрс шинэчлэл хийх эр зориг АН-ын гишүүдэд байгаа гэдэгт итгэж байна. Түүнээс бус өнөөдрийг аргацаасан, хэлбэрдсэн шинэчлэл хэрэггүй.

-Татан буугдаад шинээр байгуулагдлаа гэхэд нөгөө л хүмүүс эргэж орох магадлал маш их байгаа шүү дээ. Фракц, фракцаараа хайрцаглачихсан байгаа?

-Ний нуугүй хэлэхэд АН-ын хуучин лидерүүд залуу үедээ байр сууриа тавьж өгөх хэрэгтэй. XХI зууны Монголыг бид 90 оны сэтгэлгээгээр, ганзагын наймаачны ченжийн аргаар удирдах боломжгүй. Авлигад идэгдсэн, оффшорт данстай хулгайч нөхдүүд АН-аас холдох хэрэгтэй. Шуудхан хэлэхээд АН-ын бүх гишүүд фракцаасаа татгалзаж нэг АН-ын төлөө нэгдмэл хүчээр зүтгэх цаг нь болсон. Фракцын эсрэг фракц байгуулах,хуучин фракцад толгой хоргодох замаар хол явахгүй гэдгээ одоо ойлгох хэрэгтэй. Хүн тойрч бус, бодлого тойрч нэгдэх цаг болсон.

Ийм эр зориг АН-ын залуу үед, бүх гишүүдэд байгаа гэдэгт итгэж байна. Би намынхаа гишүүдтэй өдөр болгон уулзаж байгаа. Залуучууд, 20, 30, 40-төнгүүд намаа аврахын төлөө нэгдэж байна. Энэ нэгдлийг УИХ-ын гишүүн, АН-ын ҮЗХ-ны гишүүний хувьд бүх талаар нь дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлье. АН шинэчлэгдвэл Монгол шинэчлэгдэнэ ээ.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ам.доллар ховордсон энэ цагт найдах ганц юм алт л байна

Доллар хомсдож, ханш нь чангарсан энэ өдрүүдэд гэгээтэй ганц мэдээ гэвэл алт тушаалтын дүн байна. Монгол банкны цахим хуудаснаас харахад алтны нийлүүлэлт 1.7 дахин өсчээ. Гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, зэс, нүүрсээ зарж олдог ногоон валют багассан энэ цагт онцлохоос аргагүй мэдээ. Шуудхан хэлэхэд бидэнд найдах ганц юм гэвэл алт л байна. Найдлага болсон шаргал металл дэлхийн зах зээл дээр ч үнээрээ цойлж байгаа. Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль, Францад болсон террорист халдлага гээд алтны үнийг өсгөх шалтгаан цэнхэр гаригийн хаа сайгүй өрнөж байна. Дэлхийг хэрсэн эдийн засаг, санхүүгийн хямралын эрч өнөө хэр сулраагүй гэсэн шалтгаан бас бий. Байдал эрсдэлтэй болох тусам хөрөнгө оруулагчдын мөнгөө алт болгож хувиргах сонирхол ихэсдэг. Алтын ханш өсөөд байгаа нь ийм учиртай.

Алтанд өөр нэг том онцлог бий. Гоёл чимэглэл, үйлдвэрлэлд ашигладаг гэдэг утгаараа бараа таваар, төв банкууд нөөцөлдөг, хөрөнгө оруулалтын сангууд худалдаж авдаг гэдэг талаасаа валют болдог. Менделеевийн хүснэгт дэх 118 элементээс алт л ганцаараа валютын хэмжээнд үнэлэгдэн хэрэглэгддэг. Тийм ч учраас алтны ханш бусад металл шигээ огцом доошилдоггүй. Өнгөрсөн жилүүдэд алтны ханшид ямар өөрчлөлт орсныг эргэж харъя. 2006 он буюу сүүлийн арван жилд алтны ханш хоёр дахин өссөн гэж шинжээчид онцолдог. Харин бусад таваарын ханш 50 орчим хувиар унасан гэсэн тоо дуулддаг. Сүүлийн жилүүдэд гэж яривал таваарын үнийн уналт хавтгайрсан. “Голомт” банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг “Бизнесмэнд зориулсан блог”-тоо “Газрын тосны ханш 67 хувь, зэсийнх 48, мөнгөнийх 59 хувиар унаад байхад алтны ханш ердөө 1.4 хувийн л уналттай байна” хэмээн онцолсон харагдсан.Энэ оны тухайд алтны ханш өндөр байх таамаг голлож буй.

Ө.Ганзориг алтны үнэ ханш ямар байх талаар “Геополитикийн нөхцөл байдал болон дэлхийн эдийн засгийн байдал, мөн томоохон дилерүүдийн таамаглалыг нэгтгэж дүгнэвэл 2016 оны эцэс гэхэд нэг унц алтны ханш 1150 – 1400 долларын хооронд хэлбэлзэх төлөвтэй байна” гэж харжээ.

АНУ-ын төв банк хүүгээ өсгөх эсэх нь алтны үнэд нөлөөлнө хэмээж буй. Хүүгээ өсгөх магадлал 50 хувь байгаа аж. Хэрвээ өсгөвөл эдийн засаг сайжрахын дохио учраас алтны ханш уруудна гэх таамаг бий. Алтны ханшид биет эрэлт нийлүүлэлт, санхүүгийн зах зээл дээрх биет бус эрэлт нийлүүлэлт нөлөөлдөг. Лондонгийн Алтны захын холбооны стандартын дагуу 99.9 хувь хүртэл цэвэршүүлсэн алтан гулдмайг биет алт гэдэг. Гулдмайг төв банкууд, хөрөнгө оруулагчид худалдаж авдаг. Өдгөө Төв банкуудад 31.400 тонн алтыг валютын нөөцдөө хадгалж байгаа. Энэ хэмжээг дэлхийн эрэлтээр тооцвол цэнхэр гаригийн бүхэл бүтэн найман жилийн эрэлт. Цаашлаад яривал биет алтыг гоёл чимэглэл, дурсгал, хадгалалт технологид ашигладаг. Алтыг орчин үед шүдний эмнэлэг, электроникийн салбарт өргөн хэрэглэдэг. Нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учраас эмнэлэгт ашиглах нь их.

Сонирхуулж хэлэхэд манайд олборлож буй алтны шороон ордуудаас гарч байгаа гулдмайн дундаж сорьц нь 87 орчим хувьтай байдаг аж. Олон улсын зах зээл дээр эргэлддэг алтны ихэнх хэсэг нь биет бус хэлбэрээр дансанд байршдаг. Тодруулж хэлбэл дансны алт. Дансны алтыг авч зарах дилерүүд, хөрөнгө оруулагчдын арилжаа алтны захын том хэсгийг бүрдүүлдэг. Ө.Ганзориг “Алтны фундаментал анализ 2016”-даа “2000 оноос хойш биет бус алтны сангууд үүссэнээр хүн бүр алтанд хөрөнгө оруулах боломжтой болсон. Нэг талд нь иргэд алтны сангийн эрхийг худалдан авна. Харин алтны сан цаад талд нь биет алт авч нөөцөлж байдаг. Ингэснээр иргэд биет алт авах, зарах төвөгтэй харилцаанаас бүр мөсөн ангижирсан. Алтны сангууд зөвхөн алтыг худалдан авч хөрөнгө оруулалт хийдэг бол дилерүүд өдөр тутам алтны ханшны өөрчлөлтөөс ашиг олох зорилгоор их хэмжээгээр авч зарж байдаг. COMEX бирж дээрх алтны цэвэр позиц одоогийн байдлаар 500 тонн хүртэл өссөн нь дилерүүд алтны ханшийн талаар эерэг хүлээлттэй суугааг харуулж байна” гэсэн нь бий.

Дэлхийн бүх алтны 25 хувь болох 540 мянган гулдмай алтыг Нью-Йорк дахь АНУ-ын Холбооны нөөцийн банкинд хадгалдаг, эдний ихэнх нь гадны Засгийн газрын хөрөнгө, сүүлийн 100 жилд олборлосон алтны 70 хувь нь өнөөдөр гүйлгээнд явж байгаа гэх мэт алт тойрсон сонирхолтой статистикууд өчнөөн.

-П.СҮХБААТАР: ЕСӨН ТОНН ШАХУУ АЛТЫГ ЦЭВЭРШҮҮЛЭЭД ВАЛЮТЫН НӨӨЦӨӨ БҮРДҮҮЛСЭН

Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатараас алт тушаалтын талаар тодруулсан юм.

-Өнгөрсөн жилүүдэд алт олборлогчдыг дэмжсэн ямар бодлого хэрэгжүүлж ирэв?

-2013 онд Ашигт малтмалын газар, Сангийн яам, Уул уурхайн яам, Монголбанк хамтарч Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан. Хуульд өөрчлөлт орсноор алтны татвар эрс багассан. Өмнө нь алтнаас нөөц ашигласны татвар рояалти гэж арван хувийн татвар авдаг байсан юм. 2013 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр татварыг хувь хэмжээг 2.5 болгож бууруулсан. Алт олборлогчдыг бодитоор дэмжсэн алхам болж чадсан. Үүнээс хойш алтны хэмжээ өссөн л дөө. Тодруулж хэлбэл Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс өссөн. Монголбанк 2013 онд 12 тонн алт хүлээж авсан бол өнгөрсөн жил 15.1 тонн алт авсан. Өнгөрсөн сарын сүүлийн байдлаар 8.5 тонн алт хүлээж аваад байна. Алтны олборлолт их хэмжээгээр өссөнийг энэ тоонуудаас харж болно. Бид бараг есөн тонн шахуу алтыг цэвэршүүлээд валютын нөөцөө бүрдүүлж байна. Дундажлаад үзвэл, 1295 ам.доллар гэсэн ханшаар бодож үзэхэд 250 гаруй сая ам. долларын валютын нөөц бүрдүүлчихсэн гэсэн үг.

-Энэ жил хорин тонн алт авна гэсэн төсөөлөл бий. Төлөвлөсөн хэмжээндээ хүрэх болов уу?

-Оны эцэс гэхэд ямар ч байсан өнгөрсөн оныхоос 15 тонноос илүү гарна гэсэн таамаг байна. Таны хэлсэн 20 тонн гэдэг бол таамаг. Алтны зарим лицензүүдийг сэргээсэн, үйл ажиллагаагаа түр зогсоосон аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулалт орж ирснээр ажиллаж эхэлнэ гэсэн тооцоогоор 20 тонн гэсэн тоо тавьсан юм. Ер нь бол алтны олборлолт нэлээд өсөх хандлага ажиглагдаж байна. Хорин тонндоо хүрэх магадлал өндөр гэж бодож байгаа. Алтны оргил үе дуусах болоогүй. Найм, ес, аравдугаар сар байна. Өнгөрсөн сарын хувьд ихэнх нь баяр наадам амралтын өдөр байсан. Гэхдээ л хоёр тонныг авч байна гэхээр алт тушаалт цаашид илүү эрчимжих байх.

-Алт олборлогчдын тухайд төрөөс үзүүлнэ гэсэн санхүүгийн дэмжлэгээ өгчихвөл алт тушаалт 20 тоннд хүрэхэд асуудалгүй, ирэх жил илүү ихийг тушаах боломж ч бий гэж байгаа. Төв банкнаас энэ тал дээр хэр анхаарч байна?

-Нэгдүгээрт манайх санхүүжилт өгдөг газар биш. Гэхдээ бид өнөөдөр (өчигдөр) алт олборлогчидтой, алтны холбооныхонтой уулзаж, санаа оноо, тулгамдаад байгаа асуудлыг нь сонслоо. Алт олборлогч байгууллагууддаа 250 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно гэсэн гурван яамны хамтарсан гэрээ зурагдсан байгаа л даа. Үүний дагуу ямар нэгэн шийдвэр гараагүйг, санхүүжилт шаардлагатай байна гэж алт олборлогчид ярьж байна. Ялангуяа яг өдийд, ид сезоны үед түлшээр хангаад өгчихвөл алт олборлох ажлаа улам эрчимжүүлнэ гэж байна. Арилжааны банкуудтай уулзаж байгаа ч зээл өндөр гэсэн бэрхшээл байна, өндөр хүүтэй зээл авч ажиллаж байгаа, өмнөх өрөө дарж дуусаагүй учраас дахин зээл авах боломж алга, мөнгөгүй учраас шатахуунгүй, шатахуунгүй болохоор зарим техникээ зогсоохоос аргагүйд хүрлээ гэцгээж байна. Бидний хувьд алт олборлогчдод тулгамдаад байгаа энэ асуудлыг холбогдох яам тамгын газруудад нь уламжилж ажиллана. Ямартай ч байдал ямар байгаа талаар газар дээр нь танилцлаа. Ажилласан тайлангаа энэ пүрэв гаригт удирдлагууддаа танилцуулна. Баасан гариг гэхэд холбогдох газруудад нь саналаа хүргүүлнэ гэсэн төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. Ер нь алтны компаниудын хувьд санхүүжилт шаардлагатай байхаас аргагүй. Асар үнэтэй техник хэрэглэдэг. Нэг том дугуй гэхэд л 50 сая төгрөгөөс эхэлдэг. Шинэ техник технологи худалдаж авахаас аргагүй салбар. Саявтар гэхэд л нэг компани 34 тонн шороо хутгадаг шанага авсан байна. Ямар үнэтэй техник хэрэглэдэг вэ гэдгийг сая худалдаж авсан шанаганы хэмжээнээс харчихаж болно.

-Алтны үнэ өндөр байгаа. Цаашид ямаршуу байх төлөв ажиглагдаж байна вэ?

-Одоо бол алтны үнэ харьцангуй өндөр болж байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, Туркийн төрийн эргэлт гэх мэт үйл явдал алтны ханш өсөхөд нөлөөлж байгаа. Сүүлийн үед алтны ханш 1300 ам.доллараас буухгүй байна. 1367, 1380 байна. Цаашдаа нилээн өсөх болов уу гэж харж байгаа. Алтны ханш өсөөд ирэхээр алт олборлогчдод ч түлш шатахууныхаа мөнгийг төлөх боломж гарч ирэх байх.

Бэлтгэсэн

П.МӨНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Ч.Сосормаа: Бразилийн махны технологийг Монголд нэвтрүүлэхийг бид зорин ажиллаж байна

Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаатай онлайнаар ярилцлаа.

-Таныг Бразилд суух Элчин сайдаар томилогдох үед хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан. Одоо бол олимп болж байна. Монголчуудад Бразил магадгүй спорттой холбоотойгоор хоногшсон байх. Таны хувьд ч илүү спортлог Элчин сайд болж хувирсан болов уу?

-Үнэхээр тийм үйл явдлууд давхацсан нь миний хувьд их хувь тохиож байна. Олимпийн наадамд баг тамирчдаа хүлээн авна гэдэг Элчин сайдын хувьд өндөр нэр төр, үүрэг хариуцлага бас аз завшаантай хэрэг. ЭСЯ маань байгуулагдсан цагаасаа эхлэн олимпийн бэлтгэл ажлыг хангахад анхаарч ажилласан юм. Эхний үр дүн гарч байна. Олимпийн баг тамирчид, албаны хүмүүс “Бразилд ЭСЯ-тай байгаа нь ямар сайн хэрэг вэ” гэж хэлэхийг ойрын өдрүүдэд олон сонслоо. Бразил манай орноос алслагдмал, 12 цагийн зөрүүтэй, монголчуудын хувьд төдийлөн танил биш учраас бэлтгэл ажлыг хангах ЭСЯ-ны үүрэг хариуцлага их байлаа.

-Хамгийн олон монгол тамирчин олимпод оролцож байгаа. Олимпод оролцох тамирчдаа угтаж бэлтгэл хэр их хийв?

-Рио 2016 олимпод оролцох эрхийг өмнөх жилүүдээс хамгийн олон буюу 43 тамирчин авсан нь манай улсын хувьд олон медаль авах магадлалыг нэмэгдүүлж байна. Тамирчид шинэ орчиндоо хурдан дасан зохицож, бэлтгэлээ хангах нь хамгийн чухал. Бидний сонгосон бэлтгэл хангах баазын үйлчилгээ манай тамирчдад таалагдсан гэж найдаж байна. Бэлтгэл хангах “Функционар” клубийнхан манай тамирчдыг халуун дотноор хүлээн авч, бүх талаар туслалцаа үзүүлж байна. Хэн хэндээ сэтгэл хангалуун байгааг хараад бид ч баяртай байгаа. Манай тамирчид их хичээж байгаа, тэдний дусал хөлс ямар их үнэтэйг энд мэдэрч сууна.

-Манай тамирчид монгол хоолоо идэж байгаа гэсэн үү?

-Шигшээ багийнхан эмч, бариач, эрдэм шинжилгээний ажилтан, монгол тогоочтойгоо ирсэн. Бразилийн хоол амт, чанартай ч борцтой шөлөө уухаараа тамирчид маань улам хүч ороод байдаг юм уу гэж бодсон шүү.

– ЭСЯ-наас олимп үзэхээр зорьж байгаа монголчуудад зориулж зөвлөмж гаргасан гэсэн үү?

-ЭСЯ-ны нэн тэргүүний үүрэг бол монгол иргэд, баг тамирчдынхаа аюулгүй байдлыг хангах юм. Бразилийн Засгийн газраас аюулгүй байдлыг хангах талаар бүхий л арга хэмжээг авч байна. Гэсэн хэдий ч тайвширч болохгүй тул аливаа эрсдэл, зика вирусээс сэргийлэх талаар бүх талын зөвлөмжийг бэлтгэж, энд ирсэн иргэддээ анхааруулж байна. Онгоцны буудал ба жуулчдын аялдаг газруудын мэдээллийн цэгүүд, онлайнаар санамжаа байршуулсан. Хүн бүхэнд сонор сэрэмж хэрэгтэй цаг үе. Терроризмын аюулыг ч мартаж болохгүй. Энд сэрүүний улирал эхэлсэн тул шумуул цөөрч, зика вирусын халдвар дарагдаад байна. Бразилийн Засгийн газраас ч шаргуу тэмцэл явуулж зика вирусын халдварыг хяналтандаа авсан гэдгээ зарласан.

-Бразил кофегоороо алдартай шүү дээ. Та хэр кофечин бэ?

-Усыг нь уувал ёсыг нь дагана гэж монголчууд хэлдэг. Энэ нь хүний нутагт сэтгэлээ өгч, хурдан дасан зохицвол амжилт гаргах тухай сургамжилсан монгол ухаан гэж би ойлгодог. Анхны Элчин сайдын хувьд суугаа болон хавсран суугаа улсынхаа түүх, соёл, амжилт бүтээлийг шунан судалж байна. Кофе ууж сурахаас илүү кофены чанарыг ялгаж сурч байна. Хөл бөмбөгийг хөгжүүлсэн хүчин зүйлсийг уншиж байна. Уул уурхайн орлогыг нийгмийн шударга хуваарилалтад оруулсан Чилийн туршлагыг судалж байна. Перугийн уул уурхайн сургамж, нутгийн иргэдтэй зөвшилцлийн аргаар асуудлаа шийдвэрлэж байгаа аргачлалыг сурч байна. Порта Алегра хотын иргэдийн оролцоотой төсвийн туршлагыг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Элчин сайд хүн байнгын судлаач байж улс оронд маань хэрэгтэй сайн туршлагыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, холбогдох байгууллагатай холбож өгөх үүрэгтэй.

-Дэлхийн томоохон хүнс үйлдвэрлэгч оронд та ажиллаж амьдарч байна. Ялангуяа бразилчууд махны экспортод жин дардаг. Манайхан мал аж ахуйн орон гэдэг ч мах экспортлох талаар төдийлөн амжилт олоогүй байна. Мах үйлдвэрлэлээр амжилтанд хүрэхийн тулд бид яах ёстой бол?

-Бразилийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах стандарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Бразилийн үхрийн мах аль ч улс орны өндөр үнэтэй рестораны тансаг зоогт тооцогддог. Дэлхийн 150 гаруй улсад мах махан бүтээгдэхүүн нийлүүлдэг энэ орон манай хоёр хөршийн махны хэрэглээг хангагч гол улс. Бразилийн махны технологийг Монголд нэвтрүүлэхийг бид зорин ажиллаж байна. Махныхаа чанарыг сайжруулж эрүүл ахуйг хангах ажил бэлчээртээ хяналт тавихаас эхэлдэг. Өөрөөр хэлбэл хагас эрчимжсэн фермер хөгжүүлэх хэрэгцээ шаардлага бидний өмнө тулгарч байна. Улмаар үүлдэр угсаа, махны гарцыг сайжруулах эрдэм шинжилгээний ажилд хөрөнгө оруулалт хийх нь зайлшгүй. Урагвай улсад ХАА-н эрдэм шинжилгээний байгууллагаа хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч нар санхүүжүүлдэг юм билээ. Төр ба хувийн хэвшил хамтын санхүүжилт хийж, ачааллаа хуваалцах аргаар эрдэм шинжилгээний байгууллагаа хөл дээр нь босгон хөгжүүлсэн. Эрдмийн ажлын үр шимийг хамгийн эхэнд хүртэгчид бол малчид, тариаланчид. Хөдөө аж ахуйн хөгжилд төр хувийн хэвшлийн түншлэл маш чухал. Мөн хоршоолон хөгжих загвар энд нийтлэг. Асуудал мөнгөндөө биш харин менежментдээ л байдаг юм байна.

Дараа сард Бразил-Монголын худалдааны танхимын төлөөлөгчид манай орныг зорин очиж Монгол-Бразилийн бизнес эрхлэгчдийн анхдугаар уулзалтыг зохион байгуулах юм.

-Манайхан Бразилаас юу авах боломжтой вэ, тэдний хувьд манай юу сонин байх бол?

-Бразилаас хүнсний бүхий л төрлийн бүтээгдэхүүн авах боломжтой. Нэг жишээ хэлэхэд Бразилийн кофег манайх Солонгосоос импортлодог юм байна. Одоо бол тахианы мах, кофе, чихэр, жимсний шүүс, эрдэнэ шиш, шар буурцаг болон бусад бүтээгдэхүүнийг шууд импортлох боломжтой. Бразилийн урд мужуудад сэрүүхэн тул манай ноолууран бүтээгдэхүүнийг худалдаж авах сонирхол бий. Бэлэн бүтээгдэхүүнээс гадна технологийг нь суралцан нутагшуулах боломжийг эрэлхийлж байна. Өмнөд Америкийн сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй улс орнууд бүгд Ази тэр дундаа Хятадын хязгааргүй зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн төлөө өрсөлдөж байна. Дараагийн гучин жил Азийн хэрэглээний эрин эхэлнэ. Нэг жишээ хэлэхэд Хятад Улс зэс, хөнгөн цагаан, гангийн дэлхийн экспортын 40 хувийг хэрэглэдэг бол 2025 онд 50 хувь болно гэсэн таамаглал байна. Мөн нүүрсний том зах зээл гэдгийг бид мэднэ. Ийм цаг үед бид далайд гарцгүй гэж гомдоллоод суух уу эсвэл хоёр том зах зээлийн дунд орших давуу талаа хөгжил болгон хувиргах уу гэдгийг сайн бодох хэрэгтэй байна.

Бразил Улс хамгийн том хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орнуудын нэг. Дэлхийн зах зээлд үхрийн махны 30, тахианы махны 40, чихрийн нишингэний 45, жүржийн шүүсны 86, кофены 32, шар буурцагны 40, эрдэнэшишийн 10 хувийг тус тус нийлүүлж АНУ ба Европын холбооны дараа гуравдагч нийлүүлэгч орон болоод байна. Энэ бол шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт хийсний үр дүн. Бразил хөдөө аж ахуйн хөгжилдөө тулгуурлан эдийн засгийн хямралаас гарах бодлогоо шинэчлэн тодорхойллоо.

-Мах гэснээс төмсний тухай бас яримаар санагдаад. Та фэйсбүүк хуудастаа Перуг төмсний вант улс гэж нэрлэжээ. Тэр олон төмсөн дунд Монголын нөхцөлд тохирох нь хэр олон байсан бол. Үнэндээ бид хоолондоо төмс хэрэглэж заншсан ч бидний мэддэг шар төмснөөс огт өөр олон төрлийн төмс харагдсан шүү?

-Перу улсын Лима хотод Олон Улсын төмсний төв ажилладаг. ЭСЯ-ны зүгээс ХХААЯ-тай холбох эхний алхмуудыг хийлээ. Перу бол төмсний эх орон. XIX зуунаас эхэлж эндээс л төмсийг Европын орнуудад тариалж эхэлсэн түүхтэй. Одоо танигдаад байгаа 4000 гаруй төрлийн төмсний 2000 гаруй нь Андын нуруунд ургадаг. Бидний сонирхлыг татаж байгаа нь хүйтэн, сэрүүнд тэсвэртэй төмс. Хойд Солонгост амжилттай тариалсан хүйтэнд тэсвэртэй төмсийг Монголд нутагшуулах боломж байгаа гэж найдаж байна. Би Лимад очиж, төмсний төвтэй танилцан, олон төрлийн өнгө, хэлбэр дүрстэй төмсийг хүүхэд шиг л шохоорхлоо. Монголд тариалах төмсний амт, чанарыг сайжруулж, нэр төрлийг нэмэгдүүлж эрдэмтэн судлаачдаа бэлтгэх чиглэлээр энэ төвтэй хамтран ажиллах шаардлага бий.

-Бразил бол хөл бөмбөгийн эх орон. Алдарт Зико Бразилийн хөл бөмбөгийн технологийг Монголд нэвтрүүлэхэд тусална гэсэн үү?

-Бразилийн домогт хөл бөмбөгч Зико манай улсад ирэхээр төлөвлөж байгаа. Монголын хөл бөмбөгийн холбооны урилгаар зочлох юм. Зико өөрийн нэрэмжит клубээ байгуулах өөрөөр хэлбэл Бразилийн хөл бөмбөгийн арга технологийг Монголд нэвтрүүлэх зорилготой. Монгол хүүхдүүд тал нутагт морь унаж давхиж өсдөг тул эрүүл чийрэг, хөл чангатай байдаг, байгалийн унаган өгөгдөл бий. Хөл бөмбөг хүүхдийг багаар тоглож сургадаг, эв нэгдэл, эх оронч үзлийг төлөвшүүлдэг сайн талтай. Бразилд хүү төрөхөд аав нь хөл бөмбөг, футболк бэлэглэж дэмждэг багийнхаа фэн болгодог уламжлалтай. Манай бөхчүүд хүүдээ зодог шуудгаа өвлүүлдэгтэй адил. Хөл бөмбөгийн клубуудыг дэмжиж санхүүжилсэн компаниуд татвараас тодорхой хэмжээнд чөлөөлөгдөх хуулийн зохицуулалт бий. Хөл бөмбөгийн клуб хүүхдийг сургахдаа хичээлээ таслахгүй байх, дундаас дээш дүнтэй суралцах болзол тавьдаг. Өөрөөр хэлбэл хөл бөмбөгчин хүн юуны өмнө боловсролтой, хариуцлагатай иргэн байх ёстой гэж үздэг юм билээ.

-Эмэгтэй Элчин сайдын хувьд анхаардаг сэдэв бий болов уу?

-Эмэгтэй Элчин сайдын хувьд би Бразилийн Конгрессийн хоёр танхимын эмэгтэй бүлгүүдтэй ойр ажилладаг. Бид хамтраад ирэх аравдугаар сард “Гэр бүлийн хүчирхийллийн эрх зүйн шинэчлэл”-ийн асуудлаар арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн юм. Монгол Улс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар сүүлийн хорь гаруй жилд ихээхэн туршлага хуримтлуулсан. УИХ-аас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг саяхан шинэчлэн баталлаа. Манайд хуулийн орчин цогц бүрдсэн болохоор туршлагаа бусадтай хуваалцах цаг иржээ. УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс ирж оролцохыг урьж байгаа. Харин дараа жил Бразилийн Конгрессийн гишүүдийг Монголд урьж, тэдний туршлагыг сонсоно доо.

-Элчин сайд аа, өнгөрсөн хугацаанд хийсэн ямар ажилдаа сэтгэл хангалуун байдаг вэ?

-Хийсэн ажилдаа сэтгэл дүүрэн эсэх тухай хэлэхэд эрт байна. Юутай ч олимпийн наадмаа хамтдаа амжилттай давцгаая. Бразилийн хөх тэнгэрт Монголын маань төрийн далбаа олон удаа мандаж, төрийн дуулал эгшиглэх болтугай гэж л хүсч байна даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таны бие ямар үнэтэй вэ?

Та ингэхэд ямар үнэтэй вэ. Өөрийнхөө үнэ цэнийн талаар, өөрийгөө үнэлэх үнэлэмжийн талаар хэзээ нэгэн цагт бодож байсан уу. Мэдээж, ээж аавдаа, танд хайртай бүхий л хүмүүст та үнэтэй байж таарна. Гэхдээ өөртөө байгаа бүхнээ үнэлж байсан удаа танд бий юу. Тэр үнэлэмжид тань байр сууц, машин тэрэг орохгүйгээр үл барам таны бүтээж чадсан нэр хүнд, авьяас чадвар ч орохгүй. Зүгээр л энэ ертөнцөд ирсэн нүцгэн биеэрээ та ямар үнэтэй вэ. Зарим хүний хувьд хос эрхтнээ зарж, амь зуух мөнгө олох гэж байдаг бол зарим нь амьд үлдэхийн төлөө хэдийг ч зарлагадахад бэлэн, таарах донороо хайж байдаг.

Зарим бүсгүйчүүдийн өгзөг рүү дуртай нь өшгичиж байдаг бол зарим нь хэдэн сая ам.доллараар даатгуулж үнэлдэг. Хувь хүний бий болгож, үнэлж үнэлүүлж чадсанаар бүх зүйл харьцангуй мэт боловч энэ хорвоод хүн ирэхдээ өөрийн өмчтэйгөө ирдэг. Нүцгэн ирээд нүцгэн буцдаг гэх боловч нүцгэн тэр бие чинь өөрийн үнэ цэн, үнэлэмж дагуулдаг юм.

Бид байгаа бүхэндээ сэтгэл дундуур байдаг ердийн тэр сэтгэлээрээ хоосон гуйрамчаа эхэнд хэлээд байдаг боловч хүний биеийг олж төрөхдөө бид өмчтэй, үнэлэмжтэй ирдэг ажээ.

Колумбын их сургуулийн багш нар хүний биеийн үнэлэмжийг тогтоон гаргахдаа 27 триллион ам.доллар гэж үнэлжээ. Тэгэхээр бид энэ дэлхийд ирэхдээ тэр хэмжээний өмчтэй ирдэг юм байна. Харин тэрийгээ хэрхэн анхаарч, хэр гамтай явснаас бүх зүйл шалтгаалдаг. Энэ хорвоод төрөхдөө 10 мянган их наяд эстэй төрж, олон төрлийн эд эрхтэн, яс арьс, мах уураг, ус цус, хар мянган төрлийн химийн нэгдлүүдээс бүтсэн хүний биеийг үнэлбэл нээрээ ч хязгааргүй үнэ цэнд хүргэж болохоор юм шиг, үнэгүйгээ хүрвэл нохойн арьсны ч үнэд хүрэхгүй мэт санагдана. Олон улсын нэгэн сэтгүүлд хүний биеийн бүхий л эд эрхтэн, биеийг бүрдүүлж байгаа бодисуудыг граммаар нь тооцоод бодож гаргахад 45 сая ам.доллар болох талаар тооцсон байсан. Хүний биеийн 65-90 хувийг ус бүрдүүлдэг. Нийт биеийн 99 хувийг бүрдүүлж байгаа зургаан элемент бол хүчилтөрөгч, нүүрстөрөгч, устөрөгч, азот, фосфор үлдэх нэг хувьд нь бидний мэдэх, мэдэхгүй өчнөөн олон бодис бий. Зөвхөн эдгээр элементүүдийг грамм бүрээр нь бодоход хүний бие 45 сая ам.доллар буюу манайхаар 95 сая төгрөг.

Тэгэхээр бид ээж, ааваас төрсөн энэ сайхан биеэ үнэ цэнийг нь алдуулахгүй авч явж, эрүүл саруул амьдарч, өтөлж наслахдаа ч өвчин зовлон багатай, өөрсдөдөө ч үр хүүхдэдээ ч гай болохгүйн ухааныг эртнээс сурах цаг болжээ.

Монголчууд бид хэнэггүй гэхэд гоёдмоор, тэнэг гэхэд гомдмоор үндэстэн л дээ. Энэ биеэ эрүүл саруул авч явж, өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай ямар ч ойлголт байхгүй улс. Урьдчилан сэргийлэлгүй гамгүй явсаар эцэст нь хавдрын сүүлийн үедээ орсон хойноо мэдэж амьдралын төлөө үхэн хатан тэмцдэг. Урьдчилан сэргийлэх тухай ямар ч ойлголтгүй, гал унтраах аргаар өдийг хүрчээ. Үнэндээ эрүүл мэндийн тогтолцоо нь ч тийм, эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр юу ч хийгээгүй явж ирсэн. Хэрэв амьдралын эрүүл зөв хэв маягийн талаар, эрүүл амьдрах ухааны талаар хүүхдэдээ багаас нь зааж сургаж ирсэн бол бид ийм л үндэстэн гэж хэлэгдээд сууж байхгүй байлаа. Уг үндэстнийхээ хувьд харин ч бид эрүүл зөв амьдрах талаар эртнээс ярьж сургаж ирсэн уламжлалтай ард түмэн. Харин түүнийгээ нэг хэсэг алдаж, монголчуудын амьдралын хар ухаан, уламжлалаа гээснээр өнөөгийн бидэнд илүүтэй олон асуудал тулгараад байна.

Монголчууд эртнээс хоёр нарны хооронд амьдарч ирсэн улс. Наран жаргахад хонь малаа хотлуулаад, тэр өдрийн ажил өндөрлөж амралт эхэлдэг, нар дөнгөж цухуйх үед орноосоо босчихоод ажилдаа шамддаг. Тэгвэл өнөө цагт шөнө 1 цагаас өмнө орондоо орж, унтдаг айл гэж ховор болжээ. Залуусын хувьд өдөр, шөнө нь хэдийнэ солигдож, шөнөөр унтаж өгдөггүй өдөр босч өгдөггүй нэгэн үеийнхэн бий боллоо. Гэтэл нойр бүтэн зөв цагтаа унтах хэчнээн чухал гээч. Зуны сарууддаа нойтон махны бараа хардаггүй монгол уламжлал мартагдаж, өдрийн хоёр гурваар нь махан хоол идсээр жин ихтэй, биеийн хор хордлого ихтэй хүмүүс болчихоод байна. Уг нь хүний бие гэдэг маш ухаалаг машин гэгддэг. Юу болохгүй, юу таарахгүй байгаагаа хэлж, болохгүй бүтэхгүйгээ дотоодын хүчин чадлаараа засаад явчихдаг гэж байгаа. Гэвч бид даанч гамгүй хэрэглээд тэр машинаа эвдэлчихдэг. Амьдралын буруу хэв маяг, буруу зуршил таны хөрөнгө болсон үнэт эд эрхтэн, бие махбодийг жилээс жилд хороон хумсалж, эцсийн үр дүндээ машинаар бол төмрийн сэгтэй үлдчих эрсдэл бий. Тиймээс бид өөрсдийнхөө тэр ухаалаг машиныг гамнах талаар бодож эхлэх хэрэгтэй байна. 50 мянган ам.доллараар машин авчихсан бол түүндээ А92 биш А95 бензин хийнэ гээд, үнэтэй моторын тос хийнэ гээд зүтгэчихдэг биз дээ. Түүнтэйгээ адил энэ биеийнхээ дотор оруулж байгаа хоол хүнсэндээ бид анхаарах хэрэгтэй. Манайхан хоносон лавшаа илүү гоё амттай болдог гээд хонуулж байгаад идэх нь холгүй байдаг. Гэтэл бактер үржээд тийм амттай болсноос ер сайн зүйл тэнд байхгүй. Архи, тамхи гэсэн хорт зуршлууд нөгөө хэдэн сая долларын биенээс чинь өм цөм аваад л явна. Биеийг юу ч үгүй болтол нь өвчлүүлж, аврах аргагүй үедээ мэдэхээсээ наана урьдчилан сэргийлээд биеийнхээ байдлыг ямар байдгийг хянаад явж байхад гэмгүй. Биедээ байгаа кальцийн хэмжээ багассаныг мэдэх хамгийн амархан. Захын шинжилгээний төвүүд гаргаад өгнө. Сайн муу өөх, тосныхоо хэмжээг мэдэж, жилдээ нэг удаа нарийн мэргэжлийн шинжилгээ өгөөд яваад байхад биднээс юу уначих вэ дээ. Тэгвэл цус харвалтын зовлонг бид мартахаа байна.

Дасгал, алхалтыг амьдралынхаа хэвшил болгож, өдөрт 10 мянган алхмыг яаж ийгээд хийчихийг хичээж байгаарай. Ус хангалттай ууж, цагаан гурил, давс, будаа, сахарын хэрэглээгээ өөрчлөх гээд үз. Бас хангалттай унтаж амрах хэрэгтэй. Хамт ажилладаг залуус маань өглөө эрт ажилтай ч гэсэн эртдээ гэхэд л 00:00 цагт цаашлаад, 1:00, 2:00 цагаас нааш унтдаггүй гэж байна лээ. Уг нь орой 22:00 цагт унтаад өглөө 6:00 цагт сэрж байх хамгийн зөв унталт гэдэг. Өсвөр насныхны хувьд 23:00 цагийн үед өсөлтийн даавар хамгийн ихээр ялгардаг, тэр нь унтаж байхад ялгардаг учраас өндөр болно гэж яриад явахын оронд унтдаг цагтаа унтаж байх нь зөв ажээ. Даавар гэснээс хүний биеийн хамгийн чухал зүйл даавар. Стрессгүй, аливаа асуудлыг сэтгэлдээ зөөлөн, эерэгээр хүлээн авч байвал өөрийн биедээ л амар. Нөгөө үнэлэгдсэн эд эрхтэн, бодисоосоо хороохгүй л гэсэн үг. Унтаж амарч, инээж баясахад ялгардаг даавар, дасгал хөдөлгөөн хийхэд гарах даавар өөр юу байдаг юм бид машинаа жигд зөв ажиллуулж бүгдийг гарган авч байх хэрэгтэй. Тэгж байж л бид өндөр насалсан ч өвчин зовлонгүй, хүний гарт орчихолгүй сайхан насална. Өндөр насална, урт насална гэдэг зөвхөн нас биш ээ. Бидэнд хуанли дээрх насаараа залуу байхаас биологийн буюу энэ биеийнхээ насаар залуу байх нь хамгийн чухал байна. Хүн эхээс төрөхдөө хоосон ирдэггүй. Өчнөөн саяар нь үнэлэгдэх эрүүл сайхан энэ биетэйгээ ирдэг. Харин хүний хорвоод саатан үдлэхдээ тэр бүхнээ бага эвдэж, эрүүл сайхан амьдраад буцах нь чухал юм. Амьдралын зөв хэв маяг энх тунх, эрүүл сайхан амьдралыг авчирна. Энэ талаар мэддэг, ярьдаг олон мундаг хүмүүст талархаж, бас яагаад ч юм үүний талаар эргэцүүлж амжаагүй байсан заримдаа амжилт хүсье.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монголчууд бид өөрсдийгөө хайрлахгүй бол хэн ч биднийг тоохгүй” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн
дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл,
сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ингээд
Өдрийн сонины мягмар гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг
дэлгэрүүлэн уншаарай.

Тухайлбал,
нэгдүгээр нүүрнээс Ерөнхий сайд
Ж.Эрдэнэбат
Эдийн засгийн хүндрэлээс гарах тусгай
хөтөлбөр боловсруулж ажиллана

гэсэн гарчигтай өчигдөрийн Ерөнхий сайд, Сангийн сайд нарын хийсэн мэдээллийн
дэлгэрэнгүйг хүлээн авч уншаарай.

Улс
төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэтэй АН-ын
дотоод бодлого, цаг үеийн зарим асуудлын талаарх ярилцлагыг сонирхон уншаарай.

“Өдрийн
сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж,
нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн
дугаарын гуравдугаар нүүрт “Монголчууд бид өөрсдийгөө хайрлахгүй бол
хэн ч биднийг тоохгүй” гэсэн нийтлэл хэвлэгджээ.

Баримт, үйл явдлын
зургаадугаар нүүрэнд “Рио-2016” олимпийн наадмын эргэн
тойронд болж буй мэдээ, мэдээллийг сонирхон хараарай. Харин долоодугаар нүүрэнд,
хорь шахам жилийн өмнө худалдаж авсан өмчөө хамгаалж гурван жил шүүхээр явсан
иргэн манай сонинд хандсан байна. Энэ талаар “Сонголт Трейд”
компанийн захирал Д. Батжаргалын ярьсныг хүлээн авч уншаарай.

Утга зохиолын
наймдугаар нүүрэнд “Монгол, Солонгос хамтарсан утга зохиолын
семинар боллоо” хэмээх гарчигтай сурвалжлага нийтлэгджээ.

Манай сонины 11 дүгээр
нүүрний “Миний аав” буланд Үндсэн хуулийн цэцийн дарга, Монгол Улсын гавьяат хуульч
Н.Жанцангийн хүү Азжаргалтай аавынхаа тухай дурсан ярьсаныг сонирхон хараарай.

Цаг үе, үйл явдлын 13 дугаар
нүүрний “Спорт” буланд “Рио-2016”
олимпоос хүрэл медаль хүртсэн ОУХМ Д.Отгондалайн эхнэр
Г.Хулантай “Нөхөр маань мөнгөн медаль авч чадаагүй ч их сэтгэл хангалуун байна гэсэн”
хэмээх гарчигтай ярилцлагыг хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн
нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай”
шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд,
Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин
борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул
дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг,
Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч
болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас
19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375
дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920
дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Монголын чөлөөт бөхийн тамирчдын барилдаан энэ сарын 17-д эхэлнэ

Чөлөөт бөхийн тэмцээний сонгомол барилдаанууд хэдийнээ эхэлсэн бөгөөд манай бөхчүүдийн барилдаан 17-нд П.Орхон, О.Насанбурмаа нарын барилдаанаар эхлэхээр болжээ.

Риогийн олимпод манай улсаас эх орноо төлөөлж эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Э.Бэхбаяр, 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран, 86 кг-д Армийн дэлхийн аварга О.Үйтүмэн, 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга, 125 кг-д ДАШТ-ий V байрын шагналт Ж.Чулуунбат болон эмэгтэйчүүдийн 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 58 кг-д домогт К.Ичо аваргыг ялж, И.Ярыгинд түрүүлсэн П.Орхон, 63 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт О.Насанбурмаа нар оролцож байна.

Тэмцээний хуваарь

Наймдугаар сарын 17, Лхагва гариг

Эмэгтэй чөлөөт бөхийн 58 кг-д П.Орхон, 69 кг-д О.Насанбурмаа нар Улаанбаатарын цагаар 22:00 цагт барилдана.

Наймдугаар сарын 18, Пүрэв гариг

Эмэгтэй чөлөөт бөхийн 53 кг-д Э.Сумьяа, 63 кг-д С.Батцэцэг нар Улаанбаатарын цагаар 22:00 цагт барилдана.

Наймдугаар сарын 19, Баасан гариг

Чөлөөт бөхийн 57 кг-д Э.Бэхбаяр, 74 кг-д П.Өнөрбат нар Улаанбаатарын цагаар 22:00 цагт барилдана.

Наймдугаар сарын 20, Бямба гариг

Чөлөөт бөхийн 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Ж.Чулуунбат нар Улаанбаатарын цагаар 22:00 цагт барилдана.

Наймдугаар сарын 21, Ням гариг

Чөлөөт бөхийн 65 кг-д Г.Мандахнаран, 97 кг-д Д.Хүдэрбулга нар Улаанбаатарын цагаар 20:30 цагт барилдана. 00:45 – 03:15 цагийн хооронд дагах болон медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

О.ӨНӨР