Categories
мэдээ нийгэм

Л.Отгонбаатар шөрмөс залгах хагалгаанд орно

“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн –90-кг жинд Монгол улсын тамирчин ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө барилдааны эхэн үед хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн. Тэрээр зүүн мөрний шөрмөс тасарсан, мөрний аяганы хүүдий урагдсан гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Өнөөдөр шөрмөс залгах хагалгаанд орохоор болжээ. Шөрмөс залгах хагалгаанд орсоны дараа хамгийн багадаа гурван сар бэлтгэл сургуулилт хийж болохгүй гам барих ёстойг мэдэгдсэн байна.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн өндөр албан тушаалтаны цалинг 30 хувиар танана

Сангийн яамнаас Төрийн албан хаагчдын цалингийн талаар өнөөдөр буюу наймдугаар сарын 16-нд мэдээлэл хийлээ.

Сангийн яамны Төсвийн бодлого хариуцсан газрын дарга Ж.Ганбат “Агентлагийн дарга болон түүнээс дээш Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хүртлээ Төрийн өндөр албан тушаалтан, аймгийн Засаг дарга, ИХТ-ын дарга нарын цалинг 30 хүртэл хувиар танана” гэв.

Төрийн өндөр албан тушаалтны гар утас, автомашины зардлыг тодорхой хэмжээнд бууруулж, МИАТ, Эрдэнэт үйлдвэр зэрэг Төрийн өмчит компаниудын дарга нарын цалинг давхар танах аж. Харин эмч, багш, цагдаа зэрэг төрийн албан хаагчдын цалин бууруулахгүй тогтсон байна.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнэ: Дэд сайдуудын зардал, том жийп машин, Ерөнхий сайдын өрөөний засвар зэрэг зардлуудаас эхэлж танах нь зөв

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр Төрийн ордоны “B” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс өгсөн мэдээллийг товчлон хүргэе.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т заасан “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчихөөр байна.

Мөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд олонх болсон “МАН мөрийн хөтөлбөрийн 1.4.7-т заасан “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн дундаж орлогыг өсгөх бодлого баримтална” гэсэнзаалтыг зөрчиж байгаа тул ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх ёстой гэж үзэж байна”хэмээн онцлон хэллээ.

Ерөнхий сайд тэвчиж болохгүй төрийн албан хаагчдын цалинг бууруулахын оронд тэвчиж болох дэд сайдуудын зардал, том жийп машин, Ерөнхий сайдын өрөөний засвар зэрэг зардлуудаас эхэлж танах нь зөв юм гэв.

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын суурь шалтгаан түүнээс гарах талаар АН-ын ЗГ-ын үед баримталсан гол бодлогуудын тухайд:

Дан ганц уул уурхайгаас хамаарсан бүтцээ солонгоруулж, орлого олдог олон салбартай болохын тулд дэлхийн олон улсуудын жишгээр уул уурхайн уналтын энэ үед нам инфляцийн орчинг бүрдүүлэх, ингэж чадсан тохиолдолд түүн дээрээ суурилаад уул уурхайн бус салбараа дэмжих нь АН-ын хувьд монгол улсын эдийн засгийн урт хугацаанд эрүүлжүүлэх гол арга гэж үзэж, хийж эхлүүлсэн.

Хувийн салбарт банкны зээл олгох замаар уул уурхайн бус салбараа дэмжье, ажлын байраа хадгалъя, эдийн засгийн бүтцээ засъя гэсэн бодлого хэрэгжүүлж байснаа АН одоо ч зөв гэж үзэж байна гэв.

Сайн хөтөлбөруудийн тухайд:

САЙН гэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн зорилго нь уул уурхайн бус салбарыг дэмжихэд оршиж байсан. Өнөөдөр шинэ Засгийн газар Хууль бусаар санхүүжүулсэн, төсөвт тусгагдаагүй мөнгө гэж үзэн эдгээр 4 хөтөлбөрүүдийг зогсоохоор шийдвэрлэсэн төдийгүй Төсвийн тухай хуулийн 6.4.2-ыг зөрчин Төв банкнаас арилжааны банкуудын авсан 553.8 тэрбум төгрөгийн зээлийг 2016 оны төсөвт тусгаж. тодотгол хийхээр төлөвлөж байгаа мэдээлэл байна.

Арилжааны банкууд зээлдэгчээ өөрсдөө сонгож, хариуцлагаа өөрсдөө хүлээдэг. Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар Банк төрийн хулээх үүргийг хариуцахгүй. Өөртөө тухайлан хүлээгээгүйгээс бусад тохиолдолд банкны хулээх үүргийг төр хариуцахгүй хуулийн заалттай. Улсын төсөвт ямар ч дарамт учруулахгүй банк, иргэдийн хооронд бизнесийн зарчимд тулгуурлаж хэрэгжиж байгаа иргэдийн хамгийн ихээр хүсч байгаа эдгээр хөтөлбөрийг зогсоож байгааг бодлогын хувьд том алдаа гэж үзэж байна гэв.

Монголбанкны ерөнхийлөгч болон Сангийн сайдын мэдэгдэл ямар сөрөг нөлөө учруулсан талаар:

Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараах 24 цагийн дотор Чингис бондын өгөөж 5.42-оос 5.71 болж 5.4% -иар муудаж үнэ нь 98.26-гаас 97.87 болж буурсан бол Сангийн сайдын мэдэгдлийн дараах 24 цагийн дотор бондын өгөөж 5.93-аас 8.41 болж 42%-иар муудаж бондын үнэ 97.62-оос 94.50 болтлоо буурсан.

Эдгээр мэдэгдэл гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2,050-иас 2,230 болж 180 гаруй төгрөгөөр огцом сулраад байгаа нь бодит үнэн гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний хязгаарлалтын хийх талаар иргэдээс санал авч байна

Хичээл, сургууль эхлэж орон нутгаас ирэх иргэдийн тоо нэмэгдэж замын хөдөлгөөнд оролцох ачаалал эрс нэмэгддэг билээ. Өнгөрсөн жилүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнийг хязгаарлаж байсан нь үр дүнд хүрсэн шийдвэр болсон тухай холбогдох хүмүүс ярьж байна.

Энэ жилийн тухайд Замын Цагдаагийн Газраас 2016-2017 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөний зохицуулалт хийж наймдугаар сарын 20, 21, 27, 28-ны амралтын өдрүүдэд улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар иргэдээсээ санал авч байна. Санал хураалтыг цахим сүлжээ сайтуудаар явуулж байгаа аж.

Санал хураалт өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны 17:00 цаг хүртэл үргэлжилж, иргэдийн олонхын саналыг үндэслэн тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэхийг шийдэх ажээ.

Б.УЯНГА

Categories
мэдээ спорт

Олимпийн хүрэл медальт Д.Отгондалай дүү Э.Цэндбаатарын бэлтгэлийг хангаж байна

“Рио-2016” олимпийн наадмын боксын тэмцээн амжилттай үргэлжилсээр байна. Өнгөрсөн ням гаригт олимпийн хүрэл медаль хүртсэн ОУХМ Д.Отгондалай өнөөдөр буюу наймдугаар сарын 16-нд мeдалийн төлөө тоглох Э.Цэндбаатарын бэлтгэлд нь тусалж байгаа аж. Манай улсын боксын зургаан тамирчин “Рио-2016” олимпийн наадмын рингэнд өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 56 кг жинд Э.Цэндбаатар хагс шигшээд шалгарч, хүрэл медалийн төлөө тулалдах эрхтэй болоод байгаа юм.

Э.Цэндбаатарын тулаан өнөөдөр Улаанбаатарын цагаар 23:00 цагаас АНУ-ын Стевенсон Шакуртай тулалдах юм. Эрдэнэбатын Цэндбаатар нь 1996 оны 10 сарын 16-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төржээ. Тэрээр Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин юм. Олон улсын спортын мастер цолтой. 2016 онд “Химийн” цомын алт, Чехийн ОУ-ын Гранпри алтан медаль хүртсэнээр “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авсан. Э.Цэндбаатарын хувьд 2008 оны Бээжингийн олимпоос МУГТ Э.Бадар-Ууганыг алтан медаль хүртэхэд боксын спортоор хичээллэхээр шийдэж, өдгөө найман жилийн тасралтгүй бэлтгэл сургуулилтын үр дүнд олимпийн их наадамд өрсөлдөж байгаа билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Олон улсын моно жүжгийн фестиваль үргэлжилж байна

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Монголын Моножүжгийн Төвөөс УДЭТ, Улсын хүүхэлдэйн Театр, СУИС-тай хамтран жил бүр зохион байгуулдаг “Ялагчдын цуваа-Улаанбаатар 2016” моно жүжгийн олон улсын фестиваль наймдугаар сарын 15-19-ний өдрүүдэд Улсын драмын эрдмийн театрт болно.

Өчигдөр эхэлсэн энэхүү фестивальд Польш, Армен, Орос, Англи, Монголын жүжигчид оролцож уран бүтээлээ толилуулж байгаа юм.

Тус наадамд УДЭТ-ын жүжигчин, СТА Ц.Баясгалан “Би Эдит Пиаф” жүжгээрээ өчигдөр оролцсон бол Польшийн жүжигчин Виолета Комар “Дива” /16-ны 19:00 цагт/ буюу өнөөдөр, Армяны жүжигчин Арам Ованнисян “Үзэсгэлэнт Ара” /17-ны 19:00 цагт/, Оросын жүжигчин Наталья Носова “Би нохой” /18-ны 19:00 цагт/, Английн жүжигчин Кэрил Свифт “Дэнгийн эрвээхэй” жүжгээ /19-ний 19:00 цагт/ толилуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 9 товчоонд хяналт тавин ажиллаж байна

Хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 9 товчоонд 840 улсын ахлах байцаагч хяналт тавин ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдалыг ханган захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс Налайх, БЗД, Тэрэлж, Яармаг, Эмээлт, Баруун туруун, Нисэх, Био, Налайхын 4-р зөрлөг зэрэг 9 товчоонд 840 улсын ахлах байцаагч хяналт тавьж ажиллаж байна.

Энэ хугацаанд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор хөдөө орон нутгаас зорчин ирсэн нийт 5992 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт, 2380 хүнд хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, 23158 автомашинд ариутгал халдваргүйтгэл хийн ажиллажээ.

Categories
гадаад мэдээ

Хятад улс квантын тооцоололд суурилсан дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөлөө

Өнгөрсөн шөнө Хятадд улс дэлхийн анхны квантын тооцоололд суурилсан харилцаа холбооны хиймэл дагуулыг хөөргөлөө. Эртний Хятадын философич Мозигийн (Micius) нэрээр нэрлэгдсэн уг хиймэл дагуул нь 631 кг жинтэй. Хиймэл дагуулыг шөнийн 1:40 цагт баруун хойд Хятадын Жючуань сансрын төвөөс Long March 2D пуужинд тээвэрлэн хөөргөсөн байна. “Мози” дэлхийн гадаргаас 500 км орчим өндөрт хоёр жилийн хугацаанд ажиллах ба сансар ба дэлхийн хооронд дундаас нь задруулах ямар ч боломжгүй квантын харилцаа холбоог турших юм. Уг холбоо харилцаанд гаднаас хандах оролдлого гарвал түүнийг бүртгэн авч холбогдогч талуудад мэдээллэх, агуулгаа өөрчлөх, дамжуулалтаа зогсоох зэрэг үйлдэл хийдэг аж. Өөрөөр хэлбэл ийм түвшний холболтыг хакдах ямар ч боломжгүй буюу одоог хүртэл задлах арга технологи гараагүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Шүлхийгээр өвчилсөн 17 үхрийг устгажээ

Он гарсаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 12 аймгийн 8 суманд цэцэг, шүлхий, галзуу, цусан халдварт, салст гэсэн таван төрлийн халдварт өвчин гарсан тухай МХЕГ-аас өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байсан. Харин өчигдөр буюу наймдугаар сарын 15-нд Мал эмнэлгийн үржлийн газраас цэцэг болон шүлхий өвчний тархалт улсын хэмжээнд ямар түвшинд буйг мэдээллээ. Тус хэвлэлийн хуралд МЭҮГ-ын дарга Б.Цолмон, Д.Батцэнгэл нарын хүмүүс оролцов.

Өнгөрөгч долдугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Улмаар нэг голомтод зургаан малчин өрхийн 151 толгой үхэр шүлхийгээр өвчилжээ. Үүнээс 17 үхрийг устгасан байна. Өвчний голомт Дорноговь, Төв, Говьсүмбэр гэсэн гурван аймгийн заагт байгаа учраас ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, вакциныг Говьсүмбэр, Төв, Дорноговь аймгуудад хүргүүлжээ. Нийт 145 мянган малд хоёр удаагийн вакцин тарьж, 8.7 мянган метр кв талбайг халдваргүйжүүлсэн байна.

Энэ талаар МЭҮГ-ын дарга Д.Батцэнгэл хэлэхдээ ““Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамжийн дагуу бүх баяр наадам нийтийг хамарсан арга хэмжээг хориглосон. Заавар журмын дагуу ариутгал хийгээд явж байна. Ер нь хяналт сайн тавиад вакцинжуулалтаа хийж, шилжилт хөдөлгөөнийг хориглож чадвал тэр бүр халдварлаад дамжаад явчих өвчин биш” хэмээв.

Харин өнгөрсөн оны нэгдүгээр сараас гарч эхэлсэн хонины цэцэг өвчний тархалт одоог хүртэл үргэлжилсэн хэвээр байгаа тухай МЭҮГ-аас мэдээллээ. Өвчний голомт хорио цээр Дундговь, Хэнтий, Төв, Дорноговь, Сүхбаатар, Дорнод гэсэн зургаан аймгийн найман суманд үргэлжилж, , ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байгаа аж.

Халдварт шүлхий болон хонины цэцэг өвчний вакцины нөөц хангалттай байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хонины цэцэг өвчний тархалт үргэлжилсээр байна

Өнгөрсөн оны нэгдүгээр сараас гарч эхэлсэн хонины цэцэг өвчний тархалт одоог хүртэл үргэлжилсээр байна. Цэцэг өвчний голомт хорио цээрийг Дундговь, Хэнтий, Төв, Дорноговь, Сүхбаатар, Дорнод гэсэн зургаан аймгийн найман суманд үргэлжилж, өвчний голомтуудыг холбогдох байгууллагууд хяналтандаа авч, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж эхэлжээ. Түүнчлэн халдварт шүлхий, хонины цэцэг өвчний вакцины нөөц хангалттай байгаа хэмээн Мал эмнэлэг үржлийн газраас мэдээллээ. Өнгөрсөн долдугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, улмаар нэг голомтод зургаан малчин өрхийн 151 толгой үхэр шүлхийгээр өвчилжээ. Гурван үхэр нь халдварт өвчнөөр үхэж, 16 үхрийг устгаж, нэг үхрийг зориудаар нядалжээ. Өвчний голомт Дорноговь, Төв, Говьсүмбэр гэсэн гурван аймгийн заагт байгаа учраас ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, вакциныг Говьсүмбэр, Төв, Дорноговь аймгуудад хүргүүлж, нийт 145 мянган малд хоёр удаагийн вакцин тариад байгаа аж.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР