Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж төсөл хэрэгжүүлнэ

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь Дархан-Уул аймгийн долоодугаар цэцэрлэгийн дэргэд 2-6 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан анги болон сэргээн заслын төв байгуулах төслийг хэрэгжүүлэхээр болсон аж.

Төслийн хамтын ажиллагааны хэлэлцээрт ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи болон Дархан-Уул аймгийн Засаг дарга М.Насанбат нар гарын үсэг зурлаа.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 56 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг гэсэн тоон судалгаа бий. Эдгээр хүүхдүүд тусгай арчилгаа, сувилгаа шаарддаг ба сургуулийн өмнөх тусгай боловсрол олгоход шаардлагатай ямар нэгэн анги танхимын хүрэлцээ муутай байдаг тул ТИКА-гаас боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Тус сэргээн заслын төв нь ашиглалтанд орсоноор 2-6 насны 30 хүүхэд хамрагдах боломжтой юм.

ТИКА-гийн зүгээс барилга угсралтын ажилд 35.318 ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө барилга угсралтын ажлыг дуусгаж, Монголын талд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн анги болон сэргээн заслын төвийг хүний нөөцөөр хангаж, урсгал зардалыг хариуцах ба аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдүүд сэргээн заслын төвөөр үйлчлүүлэх боломжтой болох ажээ.

Б.УЯНГА

Categories
мэдээ нийгэм

Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум болно

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ сарын 19-21-ний амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хаан хотноо “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум”-ыг зохион байгуулахаар болсноо мэдээллээ.

Монгол Улс,БНХАУ-ын хооронд байгуулагдсан стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форумыг хоёр улс жил бүр ээлжлэн зохион байгуулахаар болсон аж. Жил бүр талууд өөр өөр сэдвийг онцлон хэлэлцэж, тулгамдсан асуудлаа ажил хэрэг болгохоор хамтран ажилладаг байна.

Энэхүү долоо дахь удаагийн форумаар Монгол, Хятадын харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлыг хөндөх юм. Мөн “Хятад улсыг танин мэдэх Монгол Улс дахь аян” нэртэй Өвөрмонголын IV соёлын өдрүүдийг Улаанбаатар хотноо энэ сарын 18-30-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлжээ. Соёлын өдрүүдэд Монгол, Хятад, Өвөрмонголын урлаг соёлын тоглолт болох ажээ.

Б.УЯНГА

Categories
мэдээ улс-төр

“Ардчиллын төлөө” хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр “Ардчиллын төлөө- Үндэсний хэлэлцүүлэг 3”-ыг Баянзүрх дүүргийн иргэд, АН-ын гишүүд дэмжигчидтэйгээ хийлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ардчилсан нам өөрийн үнэт зүйлээсээ хазайсан, шударга ёсыг дээдэлж чадаагүй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гэсэн ч хэлсэндээ хүрээгүй, халамжийн бодлогыг биш хөдөлмөрийг шүтсэн нам байна гэсэн ч чадаагүй. Тийм учраас ялагдал хүлээсэн гэдгийг орон нутгийн мянга, мянган сонгогчид маань хэлж байна.

Мөн Ардчилсан намд удирдлагын болоод бүтцийн өөрчлөлтийг хийх ёстой гэсэн саналыг иргэд хэллээ. Мөн намын даргыг Ардчилсан намын 100 мянган гишүүний саналаар сонгогдох ёстой” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Түлэнхийн төв барих санал гаргажээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Кувейт Улсын Ерөнхий сайдын мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Засгийн газрын тэргүүний албанд томилогдсонд нь баяр хүргэн мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Монгол Улсын хөгжилд чухал нөлөө үзүүлэх салбаруудад хөрөнгө оруулалтаа нэмэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2006 онд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн санхүүжилтээр Монгол Улсад Парламентын ордон барихад зориулж 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэр гаргасан. Энэ буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт буюу Түлэнхийн төвийн барилга барихад зарцуулах саналтай байгаагаа хэллээ.

Кувейтийн тал Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг өргөтгөн шинэчлэхэд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа дахин илэрхийлсэн. Иймээс ТЭЗҮ-ийг бэлтгэн, Кувейтийн сангаар дамжуулан тус улсын Засгийн газарт уламжлах ажлыг түргэвчлүүлэхээр болов

Б.УЯНГА

Categories
мэдээ нийгэм

Төв талбайн нэршлийг хуучнаар нь үлдээх шийдвэр гарчээ

НИТХ-ын тогтоолоор 2013 онд “Жанжин” Д.Сүхбаатарын талбайг “Чингисийн” талбай хэмээн нэрлэсэн билээ.Харин тухайн үед Д.Сүхбаатар жанжины “гучинцар” З.Хайдар эсэргүүцэж шүүхэд хандсан байдаг. Тэрээр“Сүхбаатарын” талбайг “Чингисийн” талбай хэмээн нэрлэсэн НИТХ-ын тогтоолыг хууль зөрчсөн” гэж үзэж байсан билээ.

Харин өнөөдөр захиргааны хэргийн шүүхийн эцсийн шүүх хурлаас Улаанбаатарын төв талбайн нэрийг Д.Сүхбаатарын нэрээр буюу хуучнаар нь нэрлэх шийдвэр гаргажээ. Давж заалдах боломжгүйгээр эцсийн шийдвэр гарсан бөгөөд хэзээнээс нэршлийг буцаах талаар тогтоолд тусгаж өгөх аж. Тогтоол гарсан даруйд дахин мэдээлэл хийх болно гэлээ.

Б.УЯНГА

Categories
мэдээ спорт

Г.Хулан: Тоглолтыг нь шууд үзэх хамгийн хүнд санагддаг

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI наадмын долоо дахь өдөр тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болсон билээ. Энэ өдөр Монгол түмнээ баярлуулан олимпийн хүрэл медаль хүртсэн ОУХМ Д.Отгондалайн гэргийтэй манай сонин холбогдож ярилцсан юм.

Д.Отгондалайн гэргий Г.Хулан: Нөхрийнхөө нэг ч тоглолтыг алгасалгүй үзсэн. Тоглолтыг нь шууд үзэх хамгийн хүнд хэцүү санагдсан. Ялагдчих болов уу, ялах болов уу. Одоо ялагдвал медаль ч авахгүй гэхчилэн ойрын өдрүүдэд догдолж хөөрөхийн хажуугаар, байнга сэтгэл санаа түгшсэн байдалтай өнжлөө.

Ялангуяа сүүлийн хоёр тоглолт эхлэхээс өмнө өглөө эрт ууланд дээр гарч залбирч, даатгачихаад ирсэн. Ирэхэд тоглолт хэдийн эхэлчихсэн байсан. Зурагтаар харахад манай хүн арай л илүү ялчихаар л санагдсан. Гэхдээ Францын боксчин сайн тамирчин байна лээ. Зурагтаар үзэх нэг өөр, рингэн дээр тулалдах өөр шүү дээ. Амархан юм шиг харагдаж байгаа боловч тамирчин хүн нөр их хөдөлмөр зарцуулдаг. Тиймээс миний хань илүү амжилтанд хүрнэ гэдгээ харуулж чадлаа.

Нөхөр маань миний явуулсан мэндчилгээг хүлээн авч хариу илгээсэн. Хань маань “Би чадсан. Хань нь олимпийн медаль хүртэж чадлаа.Та гуравтаа хайртай шүү. Сайхан мэдээтэй очноо” гэсэн. Францын боксчинд хожигдож хүрэл авсандаа жаахан тиймэрхүү байх шиг байна лээ. “Надад боломж байсан” л гээд байсан. Бид хоёр гэр бүл болоод найман жил болж байна. Манайх хоёр охинтой. Том охиныг Цэлмүүн, бага охиныг Гэгээн гэдэг.

Хань маань энэ сарын 23-нд Улаанбаатарт ирнэ гэсэн. Биднээс илүү Монголын ард түмэн олимпийн медальтай хүүгээ тэсч ядан хүлээж байх шиг байна. Найз нөхөд, багш гээд зөндөө хүн над руу залгаж баяр хүргэж байгаа. Нөхрийг маань дэмждэг бүх хүнд маш их баярлалаа.

Уншигч та бүхэн дэлгэрэнгүй ярилцлагыг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

Categories
мэдээ спорт

Өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн жүдочийг нутаг руу нь буцаажээ

“Рио 2016” наадмын олимпийн жүдо бөхийн тэмцээнд Египетийн жүдоч Ислам Эл Шехаби эхний тойрогт Израилийн О.Сассонд ялагдал хүлээн. Тэрээр шүүгийн шийдвэрийг үл хүндэтгэж өрсөлдөгчтэйгээ гар бариагүй билээ. Мөн удирдах хүмүүсийн шаардлагаар ёсолгоо хийгээд дэвжээнээс буусан юм. Түүнийг Олон Улсын Олимпийн хороо Египет жүдочийг өрсөлдөгчтэйгээ гар бариагүй, их спортыг үл хүндэтгэсэн хэмээн хатуу сануулга өгч, олимпийн наадмын нэр хүнд, эв найрамдлыг мөрдсөнгүй хэмээн буруутгаж, нутаг руу нь буцаажээ. Мэргэжилтнүүд Египет, Израйлийн улс төрийн харилцаа тааруу байдаг нь түүнийг ийм үйлдэл хийхэд нөлөөлсөн хэмээн үзэж байгаа ажээ.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй мод тээвэрлэжээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Зүүн салааны орчимд их хэмжээний мод ачсан машин байна гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлагын дагуу харъяа дүүргийн цагдаагийн албан хаагчид шалгахад Хан-уул дүүргийн VIII хороонд оршин суух эрэгтэй Б-ийн “Портер” автомашинд, Баянгол дүүргийн IV хороонд оршин суух эрэгтэй Т нь зөвшөөрөлгүйгээр нарс мод 59 ширхэгийг тээвэрлэн явсныг илрүүлсэн байна.

Хэрэв зохих эрхийн бичиггүйгээр ойгоос мод, түлээ бэлтгэсэн тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.

Мөн ийм хэрэг Хан-уул дүүргийн Өлзийтийн орчимд хоёр “Hyundai”Porter” автомашиныг саатуулан шалгахад, иргэн Ц болон Д нар нь гарал үүслийн бичиггүй хуш модны самар тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж эхэлжээ. Одоогоор цагдаагийн хэлтсээс хэргийг шалгах ажил явагдаж байна.

Б.УЯНГА

Categories
гадаад мэдээ

Автобус осолдож 33 хүн амь насаа алджээ

Балба улсын нийслэл Катманду хотоос 70 км-ийн цаана байрлах Каврепаланчок хотод зорчигч тээврийн автобус осолдсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ослын улмаас 33 хүн амиа алдсан болохыг эрх баригчид мэдээлсэн байна.

Осол болсон шалтгаан нь автобус замын хашлага мөргөж, жалга руу унасан аж. Уг автобусанд 38 хүн зорчиж явжээ. “Таван хүн эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэж байна” хэмээн дүүргийн ажилтан Бал Кришна Балба дахь “CNN” агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Их хэмжээний аадар бороо орсны улмаас Балбын ихэнх бүс нутагт хөрсний гулгалт үүсчээ. Хөрсний гулгалт үүссэнтэй холбогдуулан уулын бартаатай замаар тээврийн хэрэгсэл явахыг эрх баригчид хориглосон байна.

Categories
мэдээ спорт

“Бүдэрч” унаад олимпийн аварга боллоо

“Рио-2016” олимпийн эмэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн уралдаан тун сонирхолтой болж өнгөрлөө. Энэхүү уралдааны шигшээ наймд АНУ-ын алдарт гүйгч Алисон Феликс, Наташа Хастингс, Филис Фрэнцис, Ямайкийн Шерика Жексон, Стифени МкПерсон, Багамын арлуудын Шауне Миллер, Украины Ола Земльк, Италийн Либаниа Гренот нар шалгарч үлдсэн. Уралдааны эхнээс л Шауне Миллер үл ялиг давамгайлж эхэлсэн ч олимпийн аварга Феликс түүнийг гүйцэх дөхсөн юм.

Гэхдээ эцсийн мөчид Шауне Миллер барианд орохоос хэдхэн алхамын өмнө бүдэрч, улмаар түүний гар нь Феликсийн хөлнөөс түрүүлж барианд орсноор олимпийн аварга боллоо.

Энэ төрөлд хүрэл медалийг Ямайкийн гүйгч Шерика Жексон хүртсэн.

АНУ-ын гүйгч Феликс өнгөрсөн онд энэ төрөлд дэлхийн аварга болж байв. Тэрбээр тус улсын түүхэнд хамгийн олон медальтай гүйгч болсон бөгөөд олимпоос долоо дахь медалиа хүртэж байна. Америк бүсгүй Афины олимпоос мөнгө, Бээжингийн олимпоос алт, мөнгөн медаль хүртсэн бол Лондонд гурван алтан медаль зүүсэн. Харин энэ удаа 400 метрт үзүүлсэн амжилт нь энэ төрлөөс авсан анхны олимпийн медаль байжээ.

Б. МӨНГӨНСОР