Categories
мэдээ нийгэм

Бүртгэл эхлэхээс өмнө эцэг, эхчүүд дугаарлаж байна

Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жилийн сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд явуулахаар болсон. Тухайлбал, ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн хүүхдүүдийг бүртгэхээр албан ёсоор тогтсон боловч, эцэг эхчүүд өнгөрөгч амралтын өдрөөс эхлэн цэцэрлэгүүдийн гадна дугаарлаж эхэлжээ. Эцэг эхчүүдийн ярьж буйгаар хүүхдэээ сургууль, цэцэрлэгт хамруулах гэж жил бүр албан ёсны бүртгэл эхлэхээс өмнө дугаарлаж зогсдог байна. Албаны эх сурвалжийн мэдээгээр цэцэрлэгээс албан ёсны номер дугаар тарааж, наймдугаар сарын 22-нд тэдгээр номеруудаас сугалаа маягаар сонгохоор төлөвлөж байгаа ажээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн өнөөдрийн хуваарь

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам 12 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн эхэлж байна.

Манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн бөх Риогийн дэвжээнд зодоглоно. Эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд П.Орхон, 69 кг-д О.Насанбурмаа нар барилдана. Тэдний жинг үзсэний дараа сугалаагаар оноолтыг нь тааруулах аж.

Тэмцээн Улаанбаатарын цагаар 22.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн 58 кг-ийн жинд дэлхийн алдар цуутай бөхчүүд барилдах бөгөөд тэднийг дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичо тэргүүлж байгаа юм байна. Гэхдээ П.Орхон өнгөрсөн нэгдүгээрсард манай улсад болсон тэмцээнд түүнийг хаяж шуугиан тарьж байсан юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Д.Отгондалай олимпийн хүрэл медалиа гардан авлаа

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам ес дэх өдөр боксын медалийн төлөөх тулаанд ОУХМ Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангасан билээ. Энэ өдөр манай боксын тамирчдын хувьд хариуцлагатай тулааныг хийсэн.

Д.Отгондалай эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан. Харин хүрэл медалийн төлөө хариуцлагатай тулаанд Алжирын боксчин Реда Бенбазизийг хожиж, медалийн өнгөө хувиргах тоглолтод Францын тамирчинд ялагдсан билээ.Гурван үеийн турш тун сонирхолтой тулаан хийсний эцэст улаан булангаас гарч тулалдсан манай боксчин Д.Отгондалай шүүгчдийн саналаар ялагдлаа. Ингэснээр манай тамирчин олимпийн наадмын хүрэл медалийг хүртэж байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 17-нд Улаанбаатарын цагаар 08:20цагт боксын эрэгтэйчүүдийн 60кг-ийн жингийн медальтангууд эх орныхоо далбааг мандууллаа. Манай тамирчин Д.Отгондалай хүрэл медаль авч, мөнгөн медалийг Франц улсын тамирчин Софьян Умиа хүртсэн бол. Алтан медалийг Бразил улсын тамирчин авсан аж.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөөх тулаанд ялагдлаа

Монголчуудын итгэл найдвар болж байсан тамирчид маань ар араасаа ялагдсаар хамгийн сүүлд Д.Отгондалай харамсалтайгаар ялагдсанаар бидэнд алтан медаль авч байсан боксын рингийн найдвар бараг тасарсан юм. Гэвч Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын 11 дэх өдөр боксын тэмцээнээр үргэлжлэн манай тамирчин эрэгтэйчүүдийн 56 кг-д Э.Цэндбаатарыг монголчууд чимээ чагнан хүлээж байлаа. Тэрээр АНУ-ын боксчин Шакур Стивенсонтой хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийсэн боловч 3:0 онооны харьцаагаар ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ. Тэрээр өмнө нь Кенийн Нжангури Бэнсон Гичар, Беларусын Д.Асановийг ялснаар шөвгийн наймд үлдээд байсан юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ цаг-үе

А.Цогцэцэг: Ирэх жилдээ багтааж Түлэнхийн төвийг ашиглалтад оруулна

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй ярилцлаа.

-Гурван сая Монголын эрүүл мэндийн асуудлыг хариуцдаг Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргэе. Өмнө нь эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус хүн удирдаж байна гэдэг шүүмжлэл явдаг байлаа. Таныг харин салбарын мэргэжлийн хүн хэмээн олзуурхаж байх шиг байна. Ажлаа юунаас эхэлье гэж бодож байна вэ?

-Эрүүл мэндийн салбар гэдэг бол маш том айл. Эмнэлгээр үйлчлүүлдэггүй нэг ч хүн байдаггүй. Хүн энэ хорвоод дөнгөж төрсөн цагаасаа буцах цагаа хүртэл эрүүл мэндийн салбараар үйлчлүүлдэг тул ард түмний анхаарлын төвд байхаас өөр аргагүй. Миний хувьд эрүүл мэндийн салбарт бусад нөхдийнхөө нэгэн адил галын фронт дээр мөр зэрэгцэн ажиллаж байсан тул салбарынхаа жаргал зовлонг сайн мэднэ. Эмчээс нь эхлээд эмнэлгийн дарга хүртэл албуудыг хашиж явлаа. “Хийе гэвэл арга нь олддог. Хийхгүй гэвэл шалтаг нь олддог” гэдэг үг бий. Энэ үг үнэхээр ач холбогдолтой, ойрхон үнэн үг санагддаг юм.

Эрүүл мэндийн салбарын хууль эрхзүй, санхүүжилтийн тогтолцоо, салбарын ажилтнуудын цалин хангамж, хүний нөөцийн асуудал харьцаа хандлага, ёс зүй гээд цогцоор нь шийдвэрлэх олон асуудал байгаа. Эдийн засаг ийм хүнд байгаа үед санхүүгийн бага зардлаар асуудлуудыг шийдвэрлэх боломж юу байна гэдгийг судалж шийдвэрлэнэ. Бид заавал хөрөнгө мөнгө гэж байхгүй зүйлийн араас санаа зовж суухаар өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан цөөхөн ард түмэндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаж чанартай үзүүлэх вэ, иргэдийн сэтгэл ханамжийг яаж дээшлүүлэх вэ гэдэг асуудлыг салбар дундын бодлогын түвшинд шийдвэрлэж чадна гэж төсөөлж байгаа. Миний зарчим бол аливаа зүйлийг хуулийн хүрээнд хурдан шуурхай хийхийг боддог. Тэр утгаараа эрүүл мэндийн салбарт ч гэсэн хурдыг бий болгоно. Өнгөрсөн долоо хоногт нэлээдгүй ажлыг амжуулсан. Алслагдсан дүүргийн тусламж үйлчилгээ тэр тусмаа хүүхдийн тусламж үйлчилгээ ямар байдаг вэ гэдгийг судлахаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажилласан. Тэнд дөрвөн хүндрэлтэй асуудал байсныг газар дээр нь шийдэж өглөө.

-Нэг дүүргийн эмнэлгийн асуудал биш нийт эмнэлгүүдийн асуудал тийм л байгаа байх. Тулгамдсан ямар асуудал байна вэ?

-Цаг үеийн байдалтай холбоотой агаарын температурын зөрүүнээс болж олон тоног төхөөрөмж ажиллахаа больсон байсан. Хэт халалтаас шалтгаалан нийслэлийн есөн дүүрэг, тусгай мэргэжлийн 13 төвийн хүрээнд аэркондейшн хамгийн чухал байлаа. Гадаа агаарын температур +38 хэм хүрэхэд дотор температур дагаж өсдөг. Хасах нэг градус +10 градуст ажилладаг тоног төхөөрөмжүүд байдаг юм. Хэд хоногийн хэт халалтаас болоод зарим тоног төхөөрөмж түр зогсолт хийсэн бол зарим нь эвдэрсэн. Тиймээс Засгийн газарт энэ асуудлыг танилцуулан АСЕМ-ын уулзалтаас үлдсэн 60 кондейшнийг бүх эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг, лабораторийн тасаг, эмийн сангуудад нь байрлуулж өгсөн. Сэхээн амьдруулах тасгийн агаарын сэлгэлт өнөөдрийн шаардлагад нийцэхгүй байна. Эмнэлгийг эмнэлэг гэдэг утгаар нь зураг, төсвийг нь хийдэг компани өнөөдөр алга. Одоогийн манай эмнэлгүүд 1970-1980 оны барилгатайгаа өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

-Эмнэлгээс эмнэлгийн хооронд өвчтөнүүдийг явуулдаг байдлыг хамгийн түрүүнд засах хэрэгтэй гэдгийг иргэд ярьдаг юм билээ. Зарим нь тэгж хариуцах эмнэлэггүй явж байгаад амь насаа алдах тохиолдол бий гэдэг. Энэ мэтчилэн шийдэгдэж байгаа ямар асуудал байгаа бол?

-Яах аргагүй эмнэлэг хооронд шилжүүлэх асуудал тулгамдсан асуудлуудын нэг мөн. Ялангуяа өвчтөн хоорондыг тээвэрлэх тал дээр сайдын тушаал, албан даалгаврууд шинэчилэгдэн гарна. Мөн өчигдөрхөн Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн захирлын сонсголыг удирдлагын багын хурлаар хэлэлцэн эх хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах үүрэг даалгавруудыг өгсөн. Эмнэлгээс эмнэлгийн хооронд явдаг чирэгдэлийг таслан зогсооно гэсэн үг.

Анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлсэн хүлээн авахын эмч нь өвчтөнийг хүнд, хүндэвтэр, өөрөө явах боломжтой гэж эрэмбэлэн ялгадаг. Одоо бол хүнд өвчтэй хүнд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлсэн газар нь бусад бүх үйлчилгээгээ зөөврийн, дуудлагын байдлаар авч ирж үзүүлдэг болох юм. Яаралттай түргэн тусламжийн сүлжээг иргэдэд аль болохоор ойртуулж шаардлагагүй дуудлагын тоог цөөлнө. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өнөөдрийн байдлаар дуудлага авч байгаа хүн нь эмч хүн биш зүгээр оператор ажилладаг учраас дуудсан дуудлага бүрт эмч очих шаардлага гардаг. Гэтэл утсаар зөвлөгөө өгөх боломж бас байдаг. Тэгвэл нөгөө утгаараа үнэхээр хүнд хүн дээрээ хугацаа алдахгүй очих боломж гарч ирнэ.

Улаанбаатарын “А” цэгээс 22-ын товчоо хүрч түргэн тусламж үзүүлэх, Сонгинохайрхан дүүргээс тэнд очиж тусламж үзүүлэх хоёрт асар их зөрүү бий. Хэдий богино хугацаанд яаралтай тусламж үзүүлж чадна тэр хэмжээнд тухайн хүний амь насыг аврах боломжтой. Тиймээс яаралтай тусламжийн төвүүдийг өөрсдийнх нь дотоод нөөц боломжид тулгуурлан Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт байгуулна. Сонгинохайрхан дүүрэгт харин ийм цэг байдаг. Эмнэлгүүдийн хувьд ачаалал ихтэй байдаг тул зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийхийг зорьж байгаа.

Яаралтай тусламж үзүүлдэг бүх эмч, өрхийн эмч нарыг Яаралтай тусламжийн төв дээр давтан сургалтад хамруулна. Шинэ эмийн талаарх мэдээлэл, тоног төхөөрөмж гээд бүх шинэ зүйлийг сургалтаар нь зохицуулна шүү дээ.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзсан байсан. Дэлхийн эрүүл мэндийн чиг хандлага хаашаа явж байна гэх юм. Манай эрүүл мэндийн салбар хаана нь яваа юм бол?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч ноён Су Юнт У-г хүлээн авч уулзаж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Өнөөдөр ДЭМБ-ын чиг хандлага нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өвчилөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд оршдог. Ер нь бол аливаа өвчтөнийг өвчлөхөөс нь өмнө сэргийлэх нь хамгийн бага зардалтай байдаг. Алсын зайн оношилгоог хөгжүүлэх чиглэл дээр төсөл хөтөлбөрийг боловсруулж хамтарч ажиллахаар болсон өөрөөр хэлбэл хөдөө орон нутагт байгаа үйлчлүүлэгч онош тодруулах шаардлагатай үед төвөөсөө зөвлөгөө авах боломжтой болно.

Мөн Сингапурын Темасек сангийнхантай уулзсан. Тэд нийгмийн эрүүл мэндийн асуудал тийм ч сайн биш байна гэдгийг хэлж байна лээ. Тиймээс Темасек сангийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн 160 сургагч багшийг тэнд бэлдэхээр боллоо.

Эрүүл мэндийн яамны харьяаны 16 төв, нийслэлийн эрүүл мэндийн нэгдэл, эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзаж ажлын хариуцлага, чанар, хүртээмж, эмнэлгийн ажилтны ёс зүй, үйлчлүүлэгчдээ дээдэлсэн тусламж үйлчилгээн дээр зохион байгуулалтын болон менежментийн ямар өөрчлөлт хийх талаар үүрэг даалгавар өгсөн.

-Манай эмч нар өвчтөнүүдийнхээ гарыг хардаг гэдэг шүүмжлэл их байдаг. Энэ бүгдийг цэгцэлнэ гэсэн үг үү?

-Эмч нар гар хардаг гэдэг дээр нэг зүйл хэлье. Манай монголчууд хартай хүмүүс. Тэр хүний нөхцөл байдал, эмнэлгийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг бид бодох л ёстой. Ачааллаа дийлэхгүй байгаа нөхцөл үүсэв үү, харилцааны доголдол гараад байна уу эсвэл эмнэлгийн ажилтны ёс зүйтэй холбоотойгоор энэ асуудал гарав уу гэдгийг судлан шийдвэрлэж болно. Монголчууд бид бие биедээ л хүндэтгэлтэй хандах ёстой. Тэр эмч ч, үйлчлүүлж байгаа хүн ч гэсэн Монголын нэг иргэн шүү дээ. Бид эрт цагаасаа л эмч нарыг хайрлаж, хүндэлж ирсэн. Үүний хариуд иргэд үнэхээр сэтгэл ханамжтай тусламж, үйлчилгээ авч байсан. Миний амийг аварсан хүн гээд бурхан биш эмчийг залаад суудаг байлаа. Гэтэл өнөөдөр эмчдээ алуурчин, авлигач гэдэг нэр өгчихөөд тэр хүнээр үйлчлүүлнэ гэдэг бас хэцүү шүү дээ. Энэ хаа хаанаа ярих асуудал. Эрүүл саруул ухаантай хүн бүр үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэж байна.

-Эрүүгийн хуулийн 15.1-д хариуцлага алдсан эмчийг 20 жил хүртэл хорих ялаар шийтгэхээр тусгасан байсан. Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулахаар болж байна. Энэ заалт дээр нэмэлт өөрчлөлт орох уу?

-Эрүүгийн хуулинд мэдээж хариуцлага байж таарна. Гэхдээ хариуцлагын доторх заалтуудыг санаатай, санамсаргүй гэж ялгалгүйгээр хэтэрхий нэг талыг барьсан заалт оруулсан юм билээ. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өмнөх Засгийн газарт шаардлага хүргүүлж, жагсаал цуглаан хийсэн. Ажлын хэсэг байгуулж ч ажилласан. Үүнийхээ дүнд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь өмнөх парламент тарсан тул бид хуулийн төслөө эргүүлэн татаж байгаад дахин өргөн барина. Бодит амьдралдаа нийцсэн заалтыг оруулах нь зөв. Хаа хаанаа хариуцлага бий гэдгийг ойлгох ёстой. Хуулиндаа ч гэсэн эмч нарын хариуцлага байх ёстой, цаашид ч байна. Гэсэн ч санаатайгаар хүн алчихсан хүнтэй дүйцүүлсэн нь буруу.

-Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн хүрэлцээ хангамж муу байдаг. Нэг халдварт өвчин дэгдэхэд л эмнэлгийн коридорт хүмүүсээ хэвтүүлсэн харагддаг. Төрийн ордны баруун талын бидний хэлж заншсанаар Төрийн албан хаагчдын эмнэлэг ашиглалтад орж байна гэж дуулсан…

-Би Гэмтэл согог судлалын үндэсний төв, Яармагийн дэнж дээр баригдаж байгаад зогссон 300 ортой төрөх эмнэлэг, Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн барилга, Төрийн албан хаагчдын эмнэлгээр (хуучин нэрээр) ороод ирлээ. ТАХЭ-ийг одоо бол Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар эмнэлэг болгон өөрчилсөн. Эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж явахдаа маш олон гарцыг олж харлаа. Энэ бүхнээ Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Бидэнд олдсон маш том боломж гэж харах ёстой. Эдийн засаг ийм хүнд байгаа үед бид эмнэлгийн барилга барьж чадахгүй. Нөхцөл байдал дээрээ тулгуурлан ямар арга хэмжээ авах вэ гэдэг гарцыг нь харсан. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар эмнэлэг нь маш сайн ажиллаж байна. Тусламж үйлчилгээгээ хүртээмжтэй хүргэхийн төлөө төвлөрлийг сааруулах зорилгоор 30 минут тутам үйлчлүүлэгчдээ төв эмнэлгээсээ автобусаар зөөж байна шүү дээ. Ийм сайхан үйлчилгээ явуулж байгааг нь дэмжих хэрэгтэй. Маш том амжилт шүү. Үүн дээрээ бид өөрчлөлт, шинэчлэлтээ зөв хийх ёстой. Манайхан нийтлэг том эрх ашгаа хардаггүй. Жалга довны эрх ашгаа харснаас болоод буруу яваад буй зүйл бий. Ашиглагдахгүй байгаа тоног төхөөрөмжийг ашигладаг газар нь өгөөд танайд хэрэгтэй тоног төхөөрөмжийг аваад ирье гэхээр “үгүй” гээд дайрчихдаг. Үүнийхээ оронд бид нийтлэг эрх ашгаа томоор харж сурах хэрэгтэй. Тэгж чадвал бид нэмж барилга барих, тоног төхөөрөмж авах шаардлагагүй. Олон улсын байгууллагын шугамаар ирсэн эмнэлгийн тоноглолтой микро автобус эрүүл мэндийн хөгжлийн төвд ашиглагдахгүй байсныг Гэмтэл согог судлалын үндэсний төвд өгөхөөр болсон. Нэг нь хэрэглэхгүй байгаа зүйлээ нөгөөдөө өгч яагаад болохгүй гэж. Дотроо зохицоод энэ мэтчилэн зүйлсийг шийдэж болно. Би сайдын ажлаа аваад найм хонож байна. Ямар ч байсан энэ хугацаанд нэлээдгүй зүйлийг амжууллаа. Цаашид богино хугацаанд их зүйлийг хийнэ. Ирэх жилдээ багтааж Түлэнхийн төвийн барилгыг ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Төрөх эмнэлгийн асуудлууд яах бол. Яармагийн төрөх эмнэлэг гэж дуншсан барилга нэг байна?

-Өнөөдөр (өчигдөр) өглөө долоон цагт Яармагийн дэнж дээр баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг яамныхаа бодлого төлөвлөлт, зохицуулалт, хөрөнгө оруулалтын газрынхантайгаа хамт очиж үзлээ. Энэ барилга дээр нэлээд асуудал бий. Наад зах нь зургаан тэрбум төгрөгөөр дэд бүтцийн асуудлыг нь шийдэх юм байна. Барилгын үлдсэн санхүүжилт гэхэд 20 гаруй тэрбум юм билээ. Тийм их мөнгө байхгүй тул концессын гэрээгээр үргэлжлүүлэх үү, яах вэ гэх зэрэг шийдвэрлэх ёстой олон асуулт байна. Олон асуудлуудын цаана салбар дундын бодлогыг цогцоор нь шийдвэрлэх Засгийн газар ажиллаж байгаа тул энэ бүх асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Удахгүй Эмнэлгийн ажилтны өдөр болох гэж байгаа тул салбарынхаа нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууддаа эрүүл энх сайн сайхныг хүсэн, хамтдаа ихийг хийж бүтээхийг уриалж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяагийн аав Н.Доржсүрэн: Эх орныхоо итгэлийг алдалгүй олимпийн мөнгөн медаль авсан охиноороо бахархаж байна

“Өдрийн сонин”-ы 2016.08.10-ны 182 (5447) дугаараас авч нийтлэв

“Рио-2016” олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулсан, олимпийн мөнгөн медальт Монгол Улсын гавъяат тамирчин Д.Сумъяагийн аав Н.Доржсүрэнтэй ярилцлаа.


-Охин тань “Рио-2016” олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, Монголын эмэгтэй жүдочдын анхны медалийг авлаа. Баяр хүргэе. Медаль авна гэж итгэж байв уу?

-Баярлалаа. Маш их баяртай байна. Охин маань 2012 оны Лондонгийн олимпод орсоноосоо хойш жилээс жилд барилдаан нь сайжраад өөрийгөө сайн хөгжүүлсэн. Ер нь медаль авчих байх гэсэн итгэлтэй л сууж байлаа. Жүдогийн спорт сонирхдог хүн бүхэн манай охинд найдвар тавьж байсан байх. Эх орныхоо итгэлийг алдалгүй олимпийн мөнгөн медаль авсан охиноороо бахархаж байна.

-Явахдаа юу гэж байсан бэ. Амлалт өгсөн үү. Бас аав, ээжийн захиас байсан байх?

-Миний охин явахдаа медаль авна гэж том ам гараагүй ч бид дотроо медаль авчих байх л гэж бодож байсан. Охиноо явахад тайван байж өөрийнхөө бодсон бүх барилдааныг үзүүлээрэй, хичээгээрэй гэж захисан даа. Охин маань надад “Ааваа та тайван байгаарай. Сэтгүүлчид яриа авъя гэвэл тайван даруухан бай. Охин нь сайхан барилдчихаад ирнэ” гэж хэлсэн. Тамирчиддаа амжилт хүсээд охиноо үнсээд л явуулсан даа.

-Цагийн зөрүүтэй байгаа шүү дээ. Барилдааныг нь үзсэн үү?

-Үзсэн. Бид охиноо гаргаж өгчихөөд Увс аймгийн Баруунтуруунд нутагтаа ирчихсэн байгаа юм. Төрсөн нутгийнх нь уул усанд залбирч захыг нь мушгиж хамаатан саднаараа дэмжлээ. Баруунтурууныхан шөнө манайд ирээд барилдааныг нь хамт үзсэн. Шөнөжин нутгийн ард түмэн нь баярлаад бужигнаж байгаад 05.00 цагт жаахан амарсан.

-Нэг ёсондоо Увс аймгийн Баруунтуруун сумынхны баяр болж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Баяраа тэмдэглээд эхэлчихсэн л байна. Сэтгэл догдолсон нутгийн ард иргэд маань одоо болтол манайд ирж баяр хүргэсээр байна. Хашаагаар дүүрэн хүн байна. Өглөөнөөс хойш 60-70 дуудлага ирчихсэн байна. Утсаар ярих ч завгүй л байна даа. Нутгийн ард олон, найз нөхөд бүгд л цуглачихсан байна.

-Алтын төлөөх барилдааныг үзсэн үү. Дүрэм зөрчсөн гэх яриа гараад байна?

-Хотоос ярьсан бүх хүн шүүлт нь буруу болчихлоо гэж ярьж байна лээ. Манай нутагт шөнөжингөө бороо ороод яг алтын төлөөх шийдвэрлэх барилдааныг үзэж чадаагүй. Нэгэнт л шүүгчийн шийдвэр бол шийдвэр шүү дээ. Түүнтэй маргалдаад яахав л гэж бодож сууна.

-Д.Сумъяа өөрийгөө бүрэн дайчилж барилдсан гэж бодож байна уу?

-Охин маань өөрийгөө бүрэн дайчилсан. Зурагтаар харж байхад дэвжээн дээр гарахдаа сэтгэл санаа нь их тайван байсан. Их л сайхан барилдаан үзүүлсэн гэж бодож байгаа шүү. Багш нар, жүдогийн холбоо, нутгийн ах дүүс, охиныг маань дэмжсэн Монголын ард түмэндээ бүгдэд нь баярлаад сууж байна.

-Учраа таарсан тамирчдаас хэнийг нь хүндхэн өрсөлдөгч гэж харж байв?

-Олимпод оролцож байгаа тамирчид дунд муу тамирчин гэж байхгүй. Бүгдээрээ л сайн тамирчин. Би Португалийн бөх Телма Монтеро, Японы Каоро Мацүмото хоёрыг л хүнд өрсөлдөгч гэж дотроо бодож байлаа. Хамгийн хүнд барилдаан нь Монтеротой хийсэн барилдаан гэж бодож байна. Каоро Мацүмототой өмнө нь таарч байсан учраас барилдааныг нь мэднэ. Хүссэн мэхээ сайхан хийсэн байх. Бразилын тамирчин Рафаэль Силватай аваргын төлөө барилдаад ялах байх гэж бодож байсан ч санаснаар болсонгүй.

-Медаль авснаас нь хойш охинтойгоо холбогдсон уу?

-Холбогдсон. Хоолой зангираад уйлаад ярьж чадсангүй. Аавыгаа ингэж нэг уйлууллаа даа. Баярлаад нулимс гараад байдаг юм байна. Гайгүй тайвширч байгаад багштай нь ярьсан. Х.Эрдэнэт-Од багш нь эхнэр бид хоёрт баяр хүргэж байна лээ. Аав, ээж нь охиндоо хайртай шүү. Чи бидний болоод Монголын ард түмний бахархал болж чадлаа.

-Нутагтаа хэзээ ирэх вэ?

-Энэ сарын 19-нд ирнэ гэсэн. Тэрнээс өмнө хамаатан садан аав, ээжийгээ аваад Улаанбаатар хот руу явж охиноо тосч авна даа.

-Танайх Улаанбаатар хотод хаана амьдарч байгаа вэ?

-Дэнжийн мянгын IX хороонд амьдарч байгаа.

-Та залуудаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан гэсэн. Тэр нь охинд тань нөлөөлсөн юм болов уу. Хэзээнээс бөхөөр хичээллэж эхэлсэн бэ?

-Манай гэр бүлийнхэн спортод сонирхолтой л доо. Би бас чөлөөт бөхөөр барилдаж байлаа. Охин маань бөхөөр хичээллэх их сонирхолтой байсан. Өөрөө хүссэн болохоор зургадугаар ангиас нь дэмжиж уралдаан тэмцээнд оруулж эхэлсэн. Эхнэр бид хоёр охиныгоо их дэмждэг. Өөрөө дур сонирхолтой болохоор том амжилт үзүүллээ гэж боддог юм.

-Анхны багш нь хэн бэ. Х.Эрдэнэт-Од багштайгаа хэзээнээс хичээллэж эхэлж байв?

-“Монгол охид” клубын н.Бадамсүрэн манай охины анхны багш. Багштайгаа нэг жил хичээллэчихээд тэрнээс хойш арав гаруй жил Х.Эрдэнэт-Од багшийн гар дээр хичээллэж өдий зэрэгтэй амжилтанд хүрч байгаа хүн дээ.

-“Рио 2016” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн хүнд 60 сая төгрөг өгөөд сар бүр гурван сая төгрөг өгнө гэсэн?

-Мэдээгүй л байна.

-Д.Сумъяа найз залуутайгаа хамт Рио де Жанейро хотыг зорьсон гэсэн байх аа?

-Бразилд одоо хамт байгаа. Жүдо бөхийн холбооноос найдвар тавьж байгаа тамирчдынхаа ар гэрийнхнээс нэг хүн авч явж сэтгэл санааг нь дэмжүүлнэ гэсэн юм. Бид ярилцаж байгаад найз залууг нь явуулсан. Найз залуу нь Цогтгэрэл гээд улсын шигшээ багийн тамирчин учраас сэтгэл санааг нь дэмжиж, сайн зөвлөгөө өгөх байх гэж бодсон. Охины маань сэтгэл санааг сайхан дэмжсэн байх.

-Охинд тань сүй тавьж, худууд хадаг тавьсан гэж сонслоо. Удахгүй хуримын тов зарлах байх даа?

-Олимпоос медаль авбал бодсон юм байгаа ааваа гэж хэлж байсан. Ирж байгаад нэг юм бодох байх. Охин маань 25 нас хүрчихсэн шүү дээ. Үеийнх нь найзууд бүгд гэрлээд хүүхэдтэй болчихсон. Спортоор хичээллэдэг хүний амьдрал жаахан оройтдог л доо. Одоо ирж байгаад гэр бүлийн асуудлаа ярилцах байх. Хурим найраа хийгээгүй ч хадаг сүүгээ авчихсан үерхээд, хамт бэлтгэл сургуулилтаа хийгээд явдаг.

Манайх зургаан хүүхэдтэй айл. Сумъяа маань айлын том охин. Доороо дөрвөн эрэгтэй, нэг охин дүүтэй. Эгчийгээ барилдаж улс, дүүргийн аваргын барилдаанд ороход омогшоод би барилдъя гээд хоёр дүү нь дагаж хичээллэж байсан юм. Одоогоор барилдаж байгаа хүн байхгүй. Хүндийн өргөлт, сагс, волейбол гээд өөрсдийнхөө сонирхлоор явчихсан. Манайхан их спортлог гэр бүл л дээ.

-Ээж нь хэр их догдолсон бэ?

-Эхнэрийг маань Ц.Дэлгэрмаа гэдэг. Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуульд багшилдаг юм. Охиныгоо барилдахыг хараад мэдээж их догдолсон. Одоо гэрт хүн ирээд цай, хоол хийгээд завгүй л байна. Энэ олон хүний чин сэтгэлийн талархлын үгийг сонсгож байгаа охиндоо дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Шинэбаяр: “Большой театр”-ын дуучид сайхан дуулах юм, Монголын дуучид дутахгүй юм байна гэж бодогдсон

“Universe Best Songs-2016” наадмын гранпри шагналын эзэн Ц.Шинэбаяртай ярилцлаа. Тэрбээр СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийг энэ жил төгссөн, Ардын жүжигчин А.Долгорын шавь ажээ.

-Ялагч болсныхоо дараа Москва хотын “Большой театр”-т тоглолт үзээд ирсэн гэсэн. Их театрт дуулах юмсан гэж олон дуучин хүсдэг. Юу бодогдож байв?

-Мэдээж дуурийн дуучин хүний хувьд мөрөөддөг л дөө. Большой театр гэдэг бол монголчуудын төдийгүй дэлхийн дуурийн дуучдын хувьд мөрөөдлийн театр. Энэ театрт саяхан “Universe best songs” наадмынхаа ачаар, тэр дундаа БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн урилгаар дуурь үзээд ирлээ. Дээд зэрэглэлийн мэргэжлийн хүмүүсийн дуулалт, жүжиглэлтийг үзсэндээ сэтгэл өндөр байна. Үүнээсээ ч маш их эрч хүч авсан. Дуурь үзэхээр ОХУ-д очиход Монголын Элчин сайдын яамныхан их тусалж дэмжсэн шүү. Намайг яаман дээрээ байрлуулж, хоол унд байраар хангаж өгсөн Элчин сайд Б.Дэлгэрмаад баярласнаа илэрхийлж Б.Шаравын хөгжим “Аав ээж хоёр минь” дууг дуулж өгсөн л дөө. Дуучин ээжийн охин болохоор урлагийн мэдрэмж асар өндөртэй хүн байна лээ, Элчин сайд.

-Манай дуурийн дуучид орос школтой гэдэг. Ер нь хэр ялгарч сонсогдох юм бэ?

-Монголын дуурийн театр дэлхийн хэмжээнд гарч байгаа том театр гэж боддог. Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гээд дэлхийн түвшинд дуулж байгаа сайхан залуу дуучид бий. Их театрын дуучдын дуулалт сайхан юм. Монголын дуучид ч дутахгүй юм байна даа гэсэн бодол төрж байлаа.

-Дуурийн дуулаачийн уралдаан тэмцээнд өөрийгөө сойж байв уу?

-Мэргэжлийн дуулаачдын дунд дөрвөн жилд нэг удаа зохиогддог “Учиртай гурван толгой” шилдэг дүрийн уралдаан болдог. Энэ жил гуравдугаар сард болсон. Энэ уралдаанд Хоролмаагийн дүрээр оролцож, дэд байр эзэлсэн. Олон театр, чуулгын дуучид дундаас дэд байр эзэлсэндээ баяртай байгаа. Энэ жил амжилт ихтэй байна.

-Яагаад Нансалмаа биш Хоролмаа гэж?

– Нансалмааг Монголын сайхан хүүхний төлөөлөл гэж хүн болгон боддог. Тэгэхээр би ерөнхийдөө бие намхантай, жүжиглэлт дуулалтаараа байж болох юм гэсэн бодолтой энэ дүрийг сонгосон л доо. Гэхдээ л Хоролмаа Нансалмаагаас илүү хүмүүсийн сонирхлыг татдаг шүү дээ. Багш маань сайхан бэлтгэж өгсөн. Хоролмаа бол хайр дурлалынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэж байгаа эмэгтэйн дүр. Гоё дүр. Яавал надад ашигтай байх вэ гэж боддог. Эрсдлээс айдаггүй, зоримог эмэгтэй.

-Дуурийн дуучин хүн “Universe Best Songs”-д түрүүлсэн нь сонирхолтой санагдсан. Шоу маягийн цэнгээнт нэвтрүүлэг шүү дээ. Ари, романс дуулахад хүмүүст тэр болгон хүрдэг билүү?

-Монголд олон шоунууд гарч байна. Хүмүүсийг эстрад дуунууд байлдан дагуулж байгаа. Гэхдээ л сонгодог урлаг ойлгодог хүмүүс нэмэгдсэн гэж боддог. Энэ жил би СУИС-ийг таван жил сурч дүүргэсэн. Мэргэжлийн дуучин болсон. Энэ утгаараа энэ уралдаанд зоримог орсон л доо. Ер нь яагаад сонгодог урлагийн хүн, тэр тусмаа эмэгтэй хүн байж болохгүй гэж. Анх энэ уралдаанд оролцох саналыг А.Долгор багш маань тавьсан юм. А.Долгор багш надад итгээд энэ тэмцээнд орооч гэж байхад би өөртөө итгэхгүй байхдаа яадаг юм гэж бодсон л доо. Өмнөх уралдаанд манай Б. Жавхлантөгс амжилттай оролцож түрүүлж байсан. Эрэгтэй хүн сонгодог дуугаар түрүүлж байхад эмэгтэй хүн яагаад ялагч болж болохгүй билээ гэж бодсон. Шат шатанд маш их бодолтой орсон л доо. Нэгдүгээр шатандаа поп опера дуулсан бол финал дээрээ “Одоо л бүх нөөц бололцоогоо шавхдаг хэрэг” гээд ари дуулах жишээтэй. Энд тэнд явахаар хүмүүс “Хүүе, нөгөө түрүүлдэг охин байна. А.Долгор багшийн шавь байна” гэдэг. “Мундаг байсан шүү, дэмжиж байсан шүү” гэхээр нь маш их энерги авдаг. Одоо бас монголчууд сонгодог урлагийг илүү ойлгодог болчихсон юм байна.

-А.Долгор мундаг дуучин, сайхан эмэгтэй харин хэр багш вэ?

-Миний багш амьдрал дээр ч ажил мэргэжил дээрээ ч гэр оронд нь очсон ч тэр яг л байгаагаараа байдаг. Байгаа байдал нь маш эрхэмсэг гоё санагддаг юм. Эмэгтэй хүн яг л ийм баймаар юм байна гэж багшаасаа үлгэр жишээ аваад хааяа намбалаг байх гэж хичээнэ. Маш сайн багш. Зөвхөн хичээлээс гадна амьдралын маш сайхан зөвлөгөө өгдөг.

-Ингэхэд та уртын дуу дуулдаг уу?

-Дуучны удамтай. Аавын маань ээж Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын хүн байсан. Би ч тэр сайхан нутагт төрж өссөн л дөө. Нутгийн маань энерги нөлөөлдөг болов уу. Эмээ маань уртын дуу сайхан дуулдаг. Найран дээр дуулахаар хүмүүс дахиулдаг байсан гэж ярьдаг. Харамсалтай нь эмээ маань намайг дуучин болохыг харж чадалгүй бурхан болсон. Гэхдээ намайг тэнгэрээс хараад баярлаж байгаа байх. Би багадаа дуулдаг байсан гэсэн. Гурван настай байхдаа “Сүүн далай ээж”-ийг дуулж байсан гэж ээж ярьдаг. Гэхдээ тэмцээн уралдаанд амжилт үзүүлж байгаагүй. Анх уралдаанд амжилт үзүүлсэн нь ноднин СУИС-д дуурийн дуулаачаар сурч байгаа оюутнуудын дунд болсон “Лавай” гээд анхдугаар уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Түүнээсээ улам хүч аваад одоо бол ахиад ямар уралдаан тэмцээн болох нь вэ гээд уяан дээрээ дүүхэлздэг морь шиг л байна шүү дээ. Эмээ маань уртын дуу дуулдаг байсан болохоор уртын дуу бага зэрэг дуулна. Эмээ намайг уртын дуучин болгоно гэж ярьдаг байсан. СУИС-д орохдоо хүмүүсийн зөвлөгөөг дагаад дуурийн дуулаачийн ангийг сонгосон доо.

-Дундговийнхон Н.Норовбанзад гуайгаас авахуулаад олон сайхан дуучидтай?

-Н.Норовбанзад гуай манай Дундговь аймгийн Дэрэн сумынх. Би бол Дэлгэрхангай сумынх. Ардын жүжигчин Г.Хайдав багш байна. “Ардын элч”-ийн Ариунаагийн дүрээр нь хүмүүс сайн мэддэг П.Цэвэлсүрэн гуай гээд сонгодог урлагийн төлөөллүүдтэй. Нутгаас маань олон мундаг жүжигчид гавьяатууд төрж байна. Цаашдаа ч нутгийнхаа нэрийг гаргачих юмсан гэж хичээж яваа.

-Италид сурах гэж байгаа гэсэн үү?

-“Movie English” гээд “Univ­ers best songs” наадмын ивээн тэтгэгч хэлний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб бий. Тэр байгууллага ивээн тэтгэж, Италид нэг жил суралцахаар болсон. Энэ бол хэн хүнд тохиолдохгүй аз шүү. Есдүгээр сараас эхлээд долоон сарын хугацаатай хэлний бэлтгэлд тус клубт явах юм. Дараа жил сургуульдаа явна гэсэн төлөвлөгөөтөй байгаа.

-Дуурийн дуулаачдын хувьд итали хэл чухал шүү?

-Итали дуурийн өлгий нутаг гэдэг утгаараа дэлхийн том том дууриуд итали хэл дээр байдаг. Тэр утгаараа зайлшгүй итали хэл сурахгүй бол болохгүй. Тус клубынхандаа маш их баярлаж байгаа шүү.

-Сурч ирээд хаана ажиллах вэ?

-Ажлын санал ирсэн. Одоохондоо сурах шаардлагатай байгаа учраас хараахан хүлээж аваагүй байна. Ямар ч байсан Италид сурч ирээд хаана ажиллахаа шийдэх бодолтой байна.

-СУИС-д суралцахаас өмнө хаана ажиллаж байсан бэ?

-СУИС-д сурахаасаа өмнө Улаанбаатар их сургуульд монгол солонгос хэл судлаач мэргэжлээр суралцсан. Энэ мэргэжлээр ажиллаж чадаагүй. Урлагт татагдаад байсан л даа. 24 насандаа СУИС-д элссэн. Хөгшин оюутны тоонд ороод цохиж явлаа.

-Гэрийнхнийхээ тухай яриач?

-Гэр бүл гэвэл ээж, аав дүү, охинтойгоо амьдардаг. Ээж аав шиг сайхан амьд бурхан байдаггүй юм байна гэдгийг ойлгосон. СУИС-д сурч байхдаа охиноо тээж төрүүлсэн л дээ. Ээж, аав маань чөлөө авч болохгүй гээд хүүхдийг маань харж өгсөн. Хүүхдээ төрүүлээд хоёр сар болоод л хичээлдээ дүн өвлөөр явж байлаа. Хичээлдээ сууж байхад гэрээс залгаж “Хурдан ирээч” гэдэггүй. Ээж, аавдаа баярлаж явдаг. Анх манай аав, ээж хоёр дуурь сонирхдоггүй байсан бол одоо сонгодог урлагийг сайн ойлгодог, дэмждэг болсон. Тэр тусмаа миний улаан фэнүүд. Намайг дуулахаар аав маань уйлаад сонсдог. “Аргалд явсан ээж”-ийг дуулаад өгөөч гэдэг. Гэртээ би чинь хааяа тайлан тоглолтоо хийнэ шүү дээ.

-Охин чинь ээжийгээ зурагтаар хараад их баярладаг байх даа?

-Охиноо тээж байхдаа дуугаа дуулж явсан болохоор ч тэр үү сонгодог дуунд дуртай. Ямар сайндаа А.Долгор багшийнхаа цомгийг тавихаар “Долгор эмээ дуулж байна” гэдэг. Уралдаан тэмцээний бүх шатанд намайг очиж дэмжсэн. Сүүлийн гала тоглолтын үеэр манайхан эхнээсээ гурав дахь эгнээнд суусан юм. Жаахан сандарч байсан чинь охины минь дуу гараад “Ээж ээ гараад ирсэн” гэж байгаа нь сонсогдсон. Тэгэнгүүт охиноо бодоод сандралгүй дуулсан даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид монголоид

Хүмүүс хэдийгээр нэг газраас түүхийн тодорхой нэг үед үүссэн, нэг гаралтай боловч хэдэн арван мянган жилийн турш дэлхий ертөнцөөр нэг тархан суурьшжээ. Байгаль цаг уурын янз бүрийн нөхцөлд тэндээ тохирсон аж ахуй эрхлэсээр гадаад төрх, биеийн пропорц, арьсны болон нүүр царайны төрх өөр өөр болсон байна. Энгийн жишээ хэлэхэд Африкаас нүүн тархсан хар арьст хүмүүсийн нэг хэсэг нь умар зүгт байршжээ. Энд нарны туяа бага тусдаг учир хүмүүс Д витамины дутагдалд орж. Ингэснээр яс хэврэгшинэ. Нарны туяа илүү хүлээж авахын тулд түүхийн явцад хүний арьсны өнгө цайвар болж эхэлжээ. Өөр нэг жишээ: Европоид хүмүүсийн 25 орчим нь хөх болон цэнхэр нүдтэй байдаг. Хамгийн анхны гэршүүлсэн амьтан болох ямааны сүү ууж сурсан ба эндээс аяндаа нүд цэнхэр болж эхэлжээ гэдгийг хэдэн жилийн өмнө Английн генетикчид тогтоосон.

Хүний популяц янз бүрийн төрхтэй нь нүдэнд ил харагдах учир тэднийг нэн эртнээс хооронд нь ангилан нэрлэх болов. Библид тэмдэглэснээр хүмүүсийг шар арьстан, цагаан арьстан, хар арьстан гэж ялгасан байдаг. Эртний египтчүүд хар, шар, цагаанаас гадна өөрсдийгөө “улаан” хэмээн дөрөв ангилдаг байжээ. Эртний аль ч ард түмэн хүний үүлдрийг юун түрүүн арьсны пигментийн өнгөөр нь ялгаж ангилан хэлэлцдэг байлаа.

Хүний үүлдрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр анхлан ангилсан хүн бол алдарт ангилал зүйч Карл Линнэй юм. Тэрээр хүний үүлдрийг дөрөв ангилаад физиологи төдийгүй сэтгэл зүйн тодорхойлолт өгчээ. Тухайлбал, европ хүн гэдгийг шар үстэй, сингвиник темпераменттай, шөрмөслөг, хөдөлгөөнтэй, ухаалаг, шинэлэг санаатай, хууль мөрдөмхий гэсэн бол ази хүнийг шар царайтай, меланхолик темпераменттай, харгис, харамч, эд баялагт дуртай, хэлхгэр хувцастай, бусдыгаа дагамтгай гэж тодорхойлсон байна. Мэдээж энэ тодорхойлолт өнөөгийн өндөрлөгөөс огт хүлээн авах бололцоогүй ч анхны ангилал зүй юм.

Линнэйгээс хойш хүний үүлдрийн ангилал зүйг эрдэмтэд олон янзаар үйлдсэний дотор алдарт биологич Кювье, Бюффон, Блюмэнбах, аугаа философч Кант нар ч багтана. Харин Германы философч Христоф Майнэр хүний үүлдрийн ангилалд европоид, монголоид, нигероид хэмээн латинжсан нэр анх өгсөн. Тэрээр төрх, төс гэсэн утга бүхий “–оид” гэсэн латин үгийг дагавар болгон хэрэглэжээ. Ер нь биологи, анагаах, эм зүй, хими, хууль, геологи, минерлоги гэх мэт шинжлэх ухааны салбаруудын нэршилд латин нэр томъёо өргөн хэрэглэдэг. Майнэр ангилал хийж байх 1740-өөд оны үед европчууд азийнхны тухай хомс ойлголттой байв. Ази хүмүүсээс тэдний хамгийн сайн таньдаг нь Евроазийг тэр чигээр нь эзэлж Монголын их эзэнт гүрнийг байгуулсан монголчууд байлаа. Иймээс л тэрээр “монголоид” хэмээх нэр сонгосноо тайлбарлажээ. Үүнийг японоид, тунгусоид, тибэтоид, вьетнамоид гэж нэрлэж ч болох л байсан байх, ердөө л нэр томъёо болохоор цаад тодорхойлолтод огт нөлөөлөхгүй.

Дунд сургуулийн 8-р ангид үздэг “Хүний биеийн анатом” хэмээх сурах бичигт “–оид” гэсэн латин үгийг “-жуу” гэж орчуулаад монголжуу, европжуу, нигержүү арьстан гэж нэрлэсэн нь тун оновчтой болжээ. Монголоид гэдэг нь монгол үндэстнийг хэлээд байгаа юм биш, Төв болон Зүүн Ази, Зүүн Өмнөт Ази, Хойт туйл, Америк, Номхон далай, Мадгаскар арал, Өмнөт Азийн зарим хэсэгт оршин суух уугуул үндэстнийг хамруулсан хүний үүлдрийн нэршил юм. Монголоид буюу монголжуу хүмүүсийн гадаад төрх, нүдний байрлал, биеийн пропорц зэрэг нэлээд үзүүлэлт нь хоорондоо төстэй ажгуу.

Хүний үүлдрийн хамгийн анхны буурьтай ангилал хийсэн Блюмэнбах “монголоид” гэсэн энэ нэршлийг шууд авч хэрэглэснээс хойш шинжлэх ухааны тогтсон нэр томъёо болон үлджээ. Блюмэнбахаас хойш хүний үүлдрийн ангилалыг маш олон эрдэмтэд дэлгэрүүлэн олон үүлдэр, дэд үүлдэрт хуваан ангилж судалж дэлгэрүүлсэн боловч мөнөөх аль Библийн үед нэрлэж байсан цагаан арьстан буюу европоид, шар арьстан буюу монголоид, хар арьстан буюу нигероид гэсэн үндсэн гурван ангилал суурь болон үлдсэн. Зарим эрдэмтэд хүний үүлдрийг бараг нэг зуу хүргэн ангилсан ба үүнийхээ гаргалгааг популяц, генетик, социологи, соёл, цаг уур, этнологи, физиологи, лингвистик зэрэгт түшиглэсэн байдаг. Шинжлэх ухааны бишээр ардын маягаар хуваасан өөр ангилал ч бий. Тухайлбал монголоидыг ихэнх нь шар арьстан гэдэг байхад жишээ нь монголчууд хоорондоо европ хүнийг шар арьстан гэж нэрлэдэг. Европоид гэсэн нэршлийг англи хэлээр кавказоид эсвэл кавказиан (caucasian) гэдэг. Энэ нь Блюмэнбахын эндүүрэл, учир нь хүн анх Кавказын нуруунд үүссэн гэсэн үзэл тэр үед ноёлож байжээ. Өнөөгийн монгол хүний (бас оросуудын) хувьд кавказ хүн гэхээр гүрж, армян хүн санаанд орно. Зурагтаар гарах америк кинонд “сaucasian” гэсэн нэр гарахаар манайхан “кавказ хүн” гэж орчуулах нь их. Уг нь бидний нэрлэдгээр европ хүн, эсвэл цагаан арьстан гээд буй хэрэг юм л даа.

Сонирхуулахад Японы Хакойда аралд цөөн үлдсэн айну үндэстнийг монголоидод ч, европоидод ч оруулж болдоггүй. Учир нь тэд монголжуу төрхийн царайтай авч биеийн пропорц нь хөл урт, цээж богино, өөрөөр хэлбэл европоид шинжтэй гэнэ. Мөн Африкийн өвөрт суурьшсан этоип, сомали үндэстэн хар арьстай мөртөө царайны болон биеийн пропорцийн хувьд европжуу хүмүүстэй яг адил.

Хүний гарал үүсэл, нүүдэл, хувьслын талаар өдгөө шинжлэх ухаан эцсийн үгээ хэлж чадаагүй л явна. Гээд юутай ч хүн буюу хомо сапенс нэг гарал үүсэлтэй нь нэгэнт батлагдаж олон жил амь бөхтэй явсан арьсны үзэл буюу расизмд үхлийн цохилт өгч чадсан. Ялангуяа нэн эртний өгөршсөн яснаас митохондрын ДНХ гаргаж авч чаддаг болсноос хойш хүний гарал үүсэл, нүүдлийн тухай асар их баримт тодорхой болж байна.

1862 онд Английн эмч Жон Даун нэгэн хамшинж өвчнийг анагаах ухааны үүднээс тодорхойлоод, үүнээ “монголизм өвчин” гэж нэрлэжээ. Ийм өвчтэй хүн намхан нуруутай, онигор нүдтэй, өргөн шанаатай байдгаас ингэж нэрлэсэн гэх. 1959 онд Францын генетикч Жэром Лэжэн үүнийг “өвчин” гэхээсээ “хамшинж” юм байна гэдгийг илрүүлжээ. Учир нь энэ тусдаг өвчин биш, харин 21 дүгээр хромосом гурвалсанаас үүсэлтэй, өөрөөр хэлбэл төрлөхийн гажиг ажээ. Ердийн хүн 23 хос, нийт 46 хромосомтой байдаг атал өндгөн эсийн мейоз хуваагдлын үеэр алдаа гарснаас энэ хамшинж үүдэлтэй аж.

1961 онд 18 томоохон генетикчид анагаах ухааны “The Lаncet” хэмээх томоохон сэтгүүлд ил захидал бичиж, “монголизм” хэмээх нэр нь расист утга агуулсан, шинжлэх ухааны хувьд алдаатай, тохирохгүй нэршил учир үүнийг анх тодорхойлсон Жон Дауны нэрээр “Дауны хамшинж” гэж албан ёсоор нэрлэж байх санал тавьжээ. Монголын төлөөлөгчдийн саналаар 1965 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “монголизм” нэрийг албан ёсоор халж, “Дауны хамшинж” гэж нэрлэж байх шийдвэр гаргасан юм. Мөн алив биологи, генетик, анагаах ухааны сурах бичиг, сэтгүүл, өгүүлэлд “монголизм” гэсэн нэршил үл хэрэглэх санамж гаргажээ. Үүнээс хойш нэр төрөө боддог алив шинжлэх ухааны хэвлэлүүд Дауны хам шинж гэсэн нэр хэрэглэхийн зэрэгцээ үүнийг “монголизм” гэж нэрлэхгүй байхыг анхааруулдаг болсон юм. 1972 онд хамгийн түрүүн АНУ-ын “Монголизм судлах зөвлөл” албан ёсоор нэрээ өөрчилж “Дауны хамшинж судлах үндэсний хороо” болгосон ба энэ жишээг дэлхийн төстэй бүх байгууллага, зөвлөл дагасан билээ.

Дауны хамшинж гэсэн нэрийг бүхий л мэргэжлийн байгууллагад хэрэглэдэг болоод 50 гаруй жил болсон ч гэсэн зарим хүмүүсийн ам ярианд хэрэглэсээр буйг яах ч аргагүй юм. Европт тэмбүү өвчнийг ам ярианд “франц өвчин” гэх нь элбэг. Уг нь шинжлэх ухааны нэршил нь “сифилис” шүү дээ.

Энэ өгүүлэл цэвэр танин мэдэхүйн зорилготой нь бидний дунд ч элдэв төөрөгдөл, буруу ойлголт байдгийг залруулах санаа агуулсан болно.

2016.8.9

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 10-15 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Баабарын “Дилерээс офшор хүртэл” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн,
захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага,
ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Тухайлбал, нэгдүгээр нүүрнээс УИХ-ын гишүүн асан
Б.Гарамгайбаатарын “Засгийн газар юу хийх ухааанаа олохгүй байна” гэсэн гарчигтай
ярилцлага болон “Хилээр гарсан үлэг гүрвэлийн
ясны хэргийг хууль хяналтынхан огт шалгаагүй байна” нийтлэлийг сонирхон
уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт
гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том
талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрт нийтлэлч Баабарын “Дилерээс офшор хүртэл” гэсэн нийтлэл
хэвлэгджээ.

Баримт, үйл явдлын зургаадугаар нүүрээс “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өсчээ” зэрэг мэдээ, мэдээллийг
сонирхон хараарай. Харин долоодугаар нүүрэнд, “Улаан номонд орсон баавгайг агнасан хэргийг аргагүй хамгаалалт хэмээн
хэрэгсэхгүй болгожээ” зэрэг мээдэлэл гарчээ.

Манай сонины 11 дүгээр нүүрт Соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч Г.Акимын “Далай
багшийн айлдварууд их сайхан. Гэхдээ монгол хүн Чингис хааныхаа билиг
сургаалийг л баримталж явах ёстой” гэсэн гарчигтай ярилцлага нийтлэгджээ. Мөн 12 дугаар нүүрт байгаа “Рио-2016”
олимпийн наадмын эргэн тойронд болж буй мэдээ, мэдээллийг сонирхон хараарай. Түүнчлэн залуу жүжигчин О.Амгаланбаатарын ярилцлага, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Г.Чулуунбаатарын ярилцлагаг зэргийг өнөөдрийн дугаараас уншина уу.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн
дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар,
“Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох
ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой
юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх
сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд
байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах
гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд
ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л
мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг
хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь
захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН”
ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ