Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-аас Улаанбаатар төмөр замыг торгохоор болжээ

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-д шалгалт хийсэн байна. Тодруулбал, УБТЗ-ын даргын өнгөрөгч зургаадугаар сарын 20-ны тушаалаар, УБТЗ-ын байгууллагаар үйлчлүүлэх үнэ тариф нэмэгдэж, долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн аж. Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн дагуу монополь аж ахуйн нэгж тарифтаа өөрчлөлт оруулахдаа ШӨХТГ-аар хянуулж, зөвшилцөх ёстой юм байна. Гэтэл УБТЗ-ын хувьд ийнхүү өөрчлөлт хийхдээ ШӨХТГ-аар хянуулаагүй аж. Тиймээс хуулийн дагуу УБТЗ-ыг 2015 оны нийт орлогын 3 хувиар буюу 1.8 тэрбум төгрөгөөр торгох шийдвэрийг ШӨХТГ-аас гаргаад байна.

Categories
энтертаймент-ертөнц

​Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн кино үзэгчдийн хүртээл болно

Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн жүдоч Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Цагаан хадаг” УСК тун удахгүй нээлтээ хийх юм байна. Энэхүү киног “Хүлэгү пикчерс” кино компани “Монголын жүдо бөхийн холбоо”-той хамтран бүтээж байгаа аж. Киноны ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж байгаа бол гол дүрд жүжигчин Т.Жинжмаа, Б.Базаррагчаа, О.Оюун, Н.Ялалт, Б.Шинэбаяр, Б.Батмэнд, О.Анужин нар тоглож байгаа гэнэ.

Categories
мэдээ спорт

​Аргентиний тамирчин хорт хавдраа ялан дийлж олимпийн аварга болжээ

Аргентиний дарвуулт завины тамирчин Сантиаго Ланж хорт хавдрын улмаас уушгиа тайруулан хүнд эмчилгээнд орж байжээ. Гэсэн тэрбээр олимпод оролцсон байна. Өдгөө 54 настай түүнийг юу ч зогсоож чадсангүй. Тэрээр “Рио-2016” олимпийн алтан медальтан боллоо. Сантиаго Ланж оролцсон төрлийнхөө хамгийн ахмад нь байсан бөгөөд түүний хоёр хүү ч эх орноо төлөөлөн дарвуулт завины төрөлд оролцжээ. Аавыгаа ялалт байгуулсны дараа хоёр хүү нь завин дээр нь ирж баяр хүргэсэн байна. Сантиаго Ланж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би зургаан сарын турш үүнийг л хүлээж байлаа. Маш сэтгэл өндөр байна” гээд “Залуу хүмүүст маш их боломж байна. Бид тэднээс их зүйлийг суралцах хэрэгтэй” гэжээ. Түүний хувьд Рио зургаа дахь олимп нь болж буй юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

​АН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардлаа

Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулахыг шаардсан албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ.

Уг шаардлагад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарын эдийн засгийн нөхцөл байдлын талаар хийсэн мэдэгдэл нь тооцоо судалгаагүй, бодит үнэнд нийцээгүй, нэг талыг барьсан, хууль зөрчсөн, эдийн засагт сөрөг нөлөөтэй, иргэдийг төөрөгдүүлсэн, гадаад дотоод хөрөнгө оруулалтад ноцтой хохирол учруулсан үйлдэл болсон. Иймд УИХ-ын чуулганыг хуралдуулж дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцох болон улсын нэгдсэн төсвийн орлогыг нэмэгдүүлж зарлагыг бууруулах тухай асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж онцолсон байна.

Одоогоор УИХ-ын дарга М.Энхболд ямар нэгэн хариу мэдээлэл өгөөгүй байна.

Э.МӨНХ

Categories
мэдээ соёл-урлаг

​С.Уудам:“Алсад суугаа ээж” хэмээх сайхан дууг дуулж олон түмэнд танигдсандаа баяртай явдаг

Хэдэн жилийн өмнө “Авьяаслаг Хятад” шоунд МУГЖ, дуучин С.Жавхлангийн дуулсан “Алсад суугаа ээж” хэмээх дууг дуулж, олны хайрыг хүртсэн Өмнөд Монголын Хөлөнбуйр аймгийн хүү Сономын Уудам Монголд иржээ.

Тэрээр ӨМӨЗО-ны соёлын өдрүүдэд оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн аж. С.Уудам 12 настайдаа тэрбум гаруй хятад иргэдийг монгол дуугаар уярааж чадсан билээ. Тэрээр одоо 17 настай юм. Анх “Авьяаслаг Хятадууд 2011” шоун дээр дуулсан түүний дуу Хятадын “Dragon tv”-гээр цацагдсанаас хойш drаgоnтү.сn сайт дээрх бичлэгийг нь 360 мянга орчим хүн үзсэн аж.

“Хаан хүүгийн мишээл” шагналаар энгэрээ мялаалгаж байсан С.Уудам хүү “Монгол Улсад найман удаа ирж байна. Монгол түмний зочломтгой зан, элгэмсүү сэтгэл үнэхээр сайхан. Би Монголд ирэх их дуртай. МУГЖ С.Жавхлан ахын дуулсан “Алсад суугаа ээж” хэмээх сайхан дууг дуулж олон түмэнд танигдсандаа маш их баяртай байдаг” хэмээн Монголд ирсэн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

​Улаан номонд орсон хүрэн баавгай агнасан хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Нэн ховордож, улаан номонд орсон хүрэн баавгайг хууль бусаар агнаж, бусдад худалдахыг завдсан хэрэг өнгөрсөн оны сүүлчээр Баян-Өлгий аймгийн Алтай суманд гарсан билээ. Тус хэргийг Алтай сумын байгаль хамгаалагч Б, Ёлтын тусгай хамгаалалттай газрын улсын байцаагч С, мөн тус сумын гуравдугаар багийн засаг дарга Ш болон тус сумын иргэн М, С, Д нар бүлэглэн үйлдсэн болохыг хуулийн байгууллагынхан тогтоосон юм. Тэд өөрсдийн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн учир шүүхээс тэдэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулж, зургаан сар хүртэлх хугацаагаар хорих ял оноогоод байв. Гэвч тэд “Баавгай бидэн рүү дайрсан учир бид аргагүй хамгаалалт хийж буудсан” гэж мэдүүлснээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншина уу.
О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

​Д.Отгондалайг хүлээн авч баяр хүргэжээ

Бразилын Рио-де-Жанейро хотноо болж буй зуны олимпийн 31-р наадмын боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. “Рио-2016” олимпоос хоёр дахь медалийг эх орондоо авчирсан Д.Отгондалайг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МБХ-ны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй багийн төлөөлөгч, тамирчид штабтаа хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүлсэн байна.

Categories
мэдээ спорт

Майкл Конлан “Миний мөрөөдөл нурлаа. Тэд намайг луйвардсан” гэв

Өчигдөр болсон боксын 56 кг-ын жинд тулалдсан Ирландын боксчин Майкл Конлан Оросын Владимир Никитинд ялагдсан билээ. Гэвч тэрээр энэхүү тулалдааны шүүлтийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үзэгчид болон шүүгчид рүү дунд хуруугаа гозойлгоод цамцаа тайлсан чигээрээ дэвжээнээс буусан байна. Мөн твиттер хаягаараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандан бухимдлаа илэрхийлсэн бөгөөд “Та тэдэнд хэдийг төлсөн бэ” хэмээжээ. Конлан үүний дараа ВВС сувагт ярилцлага өгөхдөө “Миний мөрөөдөл нурлаа. Тэд намайг луйвардсан” гээд “Би дахин олимпод оролцохгүй. AIBA-гийн тэмцээнд орохгүй байхыг бүх хүмүүст уриалах болно” гэжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2280 төгрөгтэй тэнцлээ

Зургаадугаар сараас хойш ам.долларын ханш улам өссөөр байна. Өчигдөр буюу наймдугаар сарын 16-нд “Найман шарга” валют арилжааны зах дээр нэг ам.долларыг 2234 төгрөгөөр авч, 2245 төгрөгөөр арилжаалж байсан бол өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2280 төгрөгтэй тэнцээд байна. Долларын ханш ийнхүү өссөнөөр эдийн засагт орж ирэх долларын нийлүүлэлт эрс муудаж буй. Мөн гадаадын хөрөнгө оруулалт хасахтай гарч, валютын нөөц дуусч, экспортын орлого эрс багассан хэмээн эдийн засагчид хэлж байна. Өөр нэг шалтгаан нь Төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдэл ам.долларын ханш өсөхөд нөлөөлсөн гэж УИХ дахь АН-ын бүлэг буруутгаж байгаа билээ.

Categories
мэдээ спорт

Д.Сумъяа маргааш эх орондоо ирнэ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдож буй зуны ХХХI наадмын эмэгтэйчүүдийн жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа маргааш эх орондоо ирнэ. Тэрээр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 14:30 цагт “Чингис хаан” онгоцны буудалд газардах юм байна.

Эмэгтэйчүүдийн жүдо бөхийн төрлөөр Монгол улсаас анхны медалийг хүртсэн бөгөөд “Рио 2016” наадмын тамирчдын медалийн салхийг хагалсан юм.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР