Categories
мэдээ цаг-үе

Г.Баасанжав: Олон улсын физикийн олимпиадаас алтан медаль авах зорилго тавиад шавьтайгаа бэлтгэж байгаа

Г.Баасанжав багш шавьдаа “Азийн физикийн олимпиадын футболк нь арай тод аятайхан юм билээ. Солиод өмсчих, медалиа зүүгээрэй” гэж зөвлөж байна. Л.Дөлгөөн хүү багшийнхаа үгийг шууд хэрэгжүүлж, “Олон улсын физикийн олимпиад” гэсэн бичигтэй футболк дээрээ “Азийн физикийн олимпиад”-ынхыг давхарлаж өмсөөд бас Олон улсын физикийн олимпиадын хүрэл медаль дээрээ Монгол Улсын физикийн олимпиадын алтан медалиа зүүчихлээ. Багш, шавь хоёр ийнхүү бэлтгэл хангаад зургаа авахуулсан юм. Л. Дөлгөөн хүүгээс хэдэн медальтайг нь сонирхоход багш нь түрүүлж “30-аад медаль байгаа” хэмээн тоо хэллээ.

Швейцарийн Цюрих хотноо болсон Олон Улсын физикийн олимпиадад 90 орны шилдэг 450 сурагч оюун ухаанаа сорьж, уралдсан юм. Ахлах ангийн сурагчдын дунд болдог уг олимпиадад эх орноо төлөөлж оролцсон хүүхдүүд маань нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Олон Улсын физикийн олимпиадын хүрэл медальт “Шинэ Монгол” сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Л.Дөлгөөн, түүний багш Г.Баасанжав нартай ярилцлаа.

Г.Баасанжав багш 1971 онд МУИС төгссөн цагаасаа физикийн багш хийж байгаа. “Шинэ Монгол” сургуульд багшилж байгаад тэтгэвэрт гарчээ. Өдгөө тэрбээр сургуульдаа зөвлөх багшаар ажиллаж, олимпиадын хүүхдүүд бэлтгэдэг.

Олимпиадад хүүхэд “уях” талаар гаршсан ахмад багш Олон улсын физикийн олимпиад хүртлэх үе шатуудыг ийнхүү тайлбарлав.

-Манайх Байгалийн ухааны олимпиад ялангуяа математик, физик, химээр олон улсын түвшинд хүрэх боломж байна. Боловсролын яамнаас өнгөрсөн жилүүдэд физик, химийн иж бүрэн лабораторийн тоног төхөөрөмжийг хот, хөдөөгийн 200 сургуульд хуваарилсан. Энэ нь физикийн сургалтыг сайжруулах нэг гол нөхцөл боллоо. Физикийн олимпиадад зөвхөн тоо боддог юм биш туршилт явуулдаг. Онолын бодлого, туршилтын бодлого гэсэн хоёр үндсэн чиглэлээр явдаг юм. Манай улсад физикийн олимпиад шаталсан хэлбэрээр явдаг шүү дээ. Дүүргийн, хотын, улсын олимпиадаас гадна нэрэмжит олимпиадууд болно. Үүнээс шалгарсан хүүхдүүд Азийн физикийн олимпиадад оролцдог. Азийн физикийн олимпиадаас шалгарсан хүүхдүүд Олон улсын физикийн олимпиадад оролцдог юм. Олон улсын физикийн олимпиадад оролцох хүүхдийн зардлыг Боловсролын яамнаас даадаг. Азийн физикийн олимпиадад оролцох хүүхдүүдийн зардлыг даах газар байдаггүй. Цаашдаа энэ талаар яам, хотын удирдлага анхаараасай. Физикийн олимпиадад нэг ангид таван хүүхэд бэлтгэхэд цаашаа нэг хүүхэд таван хүүхдийг бэлтгэдэг. Олимпиадад бэлтгэх явцад суурь сургалт сайжирдаг. Анхны физикийн олимпиадын хүрэл медалийг 2004 онд нэгдүгээр сургуулийн сурагч М.Отгонбаатар авсан. Дараа жил нь мөнгөн медаль ч авлаа. Одоо алтан медаль авах зорилт зөвхөн “Шинэ Монгол” сургуулийн төдийгүй Монгол Улсын хэмжээнд багш нарын өмнө дэвшүүлж байгаа том зорилт юм гэлээ.

-1971 онд та физикийн багш байжээ. Нийгэм солигдоход хичээлийн агуулга өөрчлөгдөөгүй учраас нийгмийн ухааны багшаас илүү физикийн багш байхад амар байсан болов уу. Гэхдээ далаад оны хүүхдүүд өнөөгийн хүүхдүүдээс маш их ялгаатай байх?

-Физикийн сургалтын агуулга өөрчлөгдөөгүй. Энэ хичээлийг сурагчдад хүргэх арга нь өөрчлөгдөж байгаа л даа. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Гэхдээ одоогийн хүүхдүүд мэдээллийг олон сувгаар авч байна. Мэдээлэл хүлээж авах чадвар сайн байна. Эдэнд тохируулж хичээл заах арга багш болгонд өөр.

-Хүн болгон физикч болохгүй шүү дээ. Харин физикийн хичээлээр амьдралд хэрэг болгох мэдлэгийг олгох хэрэгтэй санагддаг?

-Ер нь дунд сургуульд орж байгаа ерөнхий боловсролын эрдэмүүд математик, физик, биологи хүнийг хүн болгож төлөвшүүлж байгаа юм. Хүний уураг тархийг хөгжүүлж байна шүү дээ. Математикийн долоон томъёог үзсэнээр хүүхэд сэтгэн бодох чадвар нь төлөвших, оюун дүгнэлт гаргах, физикийн хичээлээр Омын хуулийг үзсэнээр хүүхэд цахилгаан хэлхээний гүйдэл хүчдэлийн хамаарлыг ахуй амьдралдаа яаж хэрэглэх мэдлэг олж авна.

-“Физикийн олимпиадад бэлтгэх бодлогууд” гэсэн ном та гаргасан байна. Тухайлбал энэ номонд орсон бодлогууд Олон улсын физикийн олимпиадад ирдэг үү?

-Ирнэ. Өөрөөр хэлбэл энэ чинь бэлтгэл суурь нь болж өгч байна шүү дээ. Олон улсын физикийн олимпиадад бэлтгэх ном тусдаа байна. Их сургуулийн багш нар ийм ном гаргасан. “Шинэ Монгол” сургуулийн, Монгол Улсын гавьяат багш Р.Бавуудоржийн “Олон улсын физикийн олимпиадад бэлтгэх бодлогын ном” бас гарсан. Ингээд бид иж бүрэн сургалтын системтэй, материаллаг баазтай болсон юм.

-Олон улсад өрсөлдөх хүүхдүүдээ тусгайлан бэлтгэдэг үү?

-Би 2004 оноос хойш Олон улсын физикийн олимпиадад хүүхэд бэлтгэж байна л даа. Анх Англид физикийн олимпиадад хүүхдээ авч явж бэлтгэж байсан үеийн бодлогын түвшин одоо үнэхээр өөр болжээ. Зөвхөн дунд сургуулийн сурах бичиг уншаад, олон улсын олимпиадад оролцож чадахгүй. Өндөр түвшинд бэлтгэж байж амжилт гаргана. Гадаадад бол олон улсын олимпиадад системтэйгээр бэлтгэж байна л даа. Олон газар физикийн лицей сургуулиуд байна. Тусгай сургуулиуд бий. Жишээлбэл Хятад, Сингапурт байгалийн ухааны тусгай сургуулиуд байдаг. Лицей, тусгай сургуулиуддаа бэлтгэдэг. Манайд бол олон улсад өрсөлдөх хүүхдүүдээ масс сургалтаас гаргаж, бэлтгэнэ гэдэг их хүч зарцуулдаг ажил. Зөвхөн дунд сургуулийн багш нар бус шаталсан сургалт хийж, МУИС-ийн физикийн багш М.Отгонбаатар, Д.Улам-Оргих нарын хамтын хөдөлмөрийн үр дүнд л хүүхдүүд маань амжилтанд хүрч байна. “Шинэ Монгол”-ын багш нар төдийгүй, нэгдүгээр сургуулийн багш нар, “Сант” сургуулийн багш нар ч хүүхдүүдээ бэлтгэдэг. Хамгийн гол нь манайд авьяастай сурагчдыг сургадаг гүнзгийрүүлсэн сургалттай сургууль алга. Бүх хүүхдийг нэг хөтөлбөрөөр, нэг сурах бичгээр сургахад их хүндрэлтэй. Жишээлбэл Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн тусгай сургалттай сургуулиудыг байгуулаад, тэндээ сурагчдыг хөнгөлттэй сургадаг байх хэрэгтэй. Хувийн сургуулиуд байгалийн ухааны сургууль гээд өндөр төлбөр аваад сургаж байна шүү дээ. Энд авьяастай хүүхдүүд тэр бүр хамрагдаж чадахгүй. Авьяастай хүүхэд Монголын хаана ч бий. Нэгдүгээр сургуульд ч бий, “Шинэ Монгол”-д ч бий. Баянхошуунд ч байгаа. Тэдэнд заадаг багш, материаллаг баазыг бэлтгэж өгөх хэрэгтэй. Долдугаар ангид орж байгаа оюуны чадавхи өндөртэй хүүхдүүдийг сонгож тусгай сургуулиудаар бэлтгэх учиртай. Тэгэх юм бол олон улсад өндөр түвшинд өрсөлдөж чадна. Цаашдаа эндээс өндөр түвшний инженерүүд гарна.

-Одоо хүүхэд бүрийг хөгжүүлнэ гээд байгаа. Тусгайлж хэдэн хүүхэд бэлтгэх амаргүй юу?

-Хүүхэд бүрийг бэлтгэнэ. Шалгарсан хүүхдүүдийг гүнзгийрүүлсэн сургалтаар сургана шүү дээ. Манай “Шинэ Монгол” сургууль өөрийн улсын сургалтын стандартаас гадна Японы сургалтын стандарт программуудыг мөрддөг. Японд суралцаад наймдугаар ангид орж ирж байгаа хүүхэд Боловсролын яамны шугамаар ирсэн “Электрон жаал” гээд угсардаг тоног төхөөрөмжийг хараад “Багш аа, би эд нарыг чинь тав, зургадугаар ангидаа угсарчихсан шүү дээ” гэсэн. Бид хөгжсөн Азийн орнуудаас ч хоцорч байгаа. Тийм учраас яам төдийгүй сургуулиуд ч материаллаг баазаа хөгжүүлэхэд анхаарч байна.

-Олон улсад хүүхэд өрсөлдүүлэхийн тулд их судалгаа хийдэг үү?

-Манайд янз бүрийн төслүүд хэрэгжиж байна. Кембрижийн хөтөлбөрийн сурах бичгийг судалж байна. Манай сургалт ямар байна гэж харьцуулдаг. Олон багш нар Япон явж туршлага судлаад ирж байна. Манай Л.Дөлгөөн ч Японы их сургуульд долоо хоног танилцах аялал хийгээд ирсэн. Манай сургууль багш, хүүхдүүдээ Япон руу их явуулдаг. Харьцуулж хардаг.

-Одоо та нас сүүдэр хэд хүрч байгаа вэ?

-Дал гарч байна.

-Өдий насан дээр хүүхдээ бэлтгээд шинэлэг байж чадна гэдэг мундаг юм аа?

-2000 онд би Англид болсон Олон улсын физикийн олимпиадад ороод “Тэтгэвэрт гарахаасаа өмнө монгол хүүхдийг олон улсаас медаль авахуулах юмсан” гэсэн зорилт тавьсан юм. 2005 онд М.Отгонбаатар гээд одоо МУИС-д багшилж байгаа шавь маань олон улсаас анхны хүрэл медаль авчирч, дараа жил нь мөнгөн медаль авсан. Одоо миний зорилго Л.Дөлгөөнтэйгээ хамт хичээллээд, алтан медаль авахаар зорьж байна. Л.Дөлгөөнд долоо хоногт нэг удаа дөрвөн цагийн хичээл заахын тулд би арваад цаг юм харж интернэтэд орж өөрийгөө бэлтгэдэг.

Гүнзгийрүүлсэн сургалтаар явж байсан хүүхдүүд ЭЕШ-аар 700-800 оноо авч байх жишээтэй. Эд нар Японы Засгийн газрын шалгалтад тэнцээд коллеж их дээд сургуульд суралцахаар явдаг.

Л.ДӨЛГӨӨН: ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДЫН ҮЕЭР ӨМНӨ НЬ ХАРЖ БАЙГААГҮЙ БАГАЖ ТӨХӨӨРӨМЖ ДЭЭР АЖИЛЛАХ БОЛДОГ

Олон Улсын физикийн олимпиадын хүрэл медальт “Шинэ Монгол” сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Л.Дөлгөөнөөс олон улсын олимпиадын уур амьсгалыг сонирхов.

-Олон улсын физикийн олимпиадын бодлого хэр хүнд байдаг вэ. Олон улс орны хүүхдүүдтэй өрсөлдөхөд юу бодогдох юм?

– Энэ жил 400 гаруй хүүхэд оролцсон. Бодлогын ерөнхий суурь нь ижилхэн. Стиль нь жаахан ондоо. Өмнө нь харж байгаагүй шинэ онолууд орж ирдэг. Тэднийгээ бодлого болгоод хялбарчлаад оруулаад ирдэг. Энгийн

бодлогоос арай жаахан ондоо юм билээ.

-Ерөнхийдөө боломжийн санагдах юм уу. Монгол хүүхдүүдийн хувьд дутагдалтай санагдсан юм юу байв?

-Хүрэл медаль бол боломжийн санагдсан. Бэлтгэл бол яг тэр хэмжээнд байсан. Алтад хүрэхэд бэлтгэл дутуу байлаа. Сандрахгүй хийвэл ер нь бололцоо байдаг.

-Хэр их бэлтгэл хийсэн бэ?

-Долдугаар ангиасаа хойш физик үзэж байгаа. Хичээлийн үеэр бага багаар бэлтгээд явдаг. Олимпиадууд ч бэлтгэл болдог. Зургадугаар сард 20 хоног вакуумжуулсан сургалт хийсэн. Өглөө зургаа, долоон цагаас орой болтол сууж хичээллэнэ. Дундаа амралтын цагтай.

-Хэр олон хүүхэд хамрагдсан бэ?

-Олон улсын физикийн олимпиадад явах таван хүүхэд хамрагдана. Дараа жил явахаар бэлтгэж байгаа таван хүүхэд гээд арвуулаа байсан. Олон улсын физикийн олимпиадад оролцох сургууль сургуулийн хүүхдүүд хамгийн сүүлд хамтарч бэлтгэсэн юм л даа.

-Олон улсын физикийн олимпиадад оролцоход шинээр юу мэдрэв?

-Орон орны хүүхдүүдийг харахад бүгд л нэлээд бэлтгэсэн байлаа. Олимпиадад алт авдаг хүүхдүүд бол биднээс хамаагүй урт хугацаагаар олон жил бэлтгэдэг юм билээ.

-Физикээс өөр дуртай хичээл байдаг уу?

– Ер нь байгалийн ухааны хичээлүүдэд сонирхолтой. Математик хими физик, биологи гээд. Одоо бол физик тал руугаа дагнана. Хэлний хичээлдээ бас сонирхолтой.

-Физикийн хичээл дээр лабораторид ямар туршилт хийдэг вэ?

-Тэнд физикийн томъёо, онолуудаа турших, баталгаажуулах, гараар хэмжилтүүдээ аваад онолуудаа тулгаж харах туршилтууд хийдэг. Олон улсын хэмжээний олимпиад дээр өмнө нь үзэгдэж байгаагүй багаж төхөөрөмжүүд дээр ажиллах болдог.

-Огт хараагүй шинэ багаж төхөөрөмж дээр сандрахгүй ажиллана гэдэг амаргүй байх?

-Ер нь сэтгэлзүйн бэлтгэл нэлээд хийдэг. Өмнө нь Азийн физикийн олимпиадад оролцож байсан болохоор бас жаахан дассан байсан л даа.

-Ямар мэргэжилтэй болно гэж бодож байгаа вэ?

-Яг одоохондоо сонгоогүй байгаа. Ер нь бол инженерийн чиглэлээр л явах байх.

-Төгсөхөөсөө өмнө амжаад олон улсын тэмцээн уралдаанд оролцох уу?

-Олон улсын физикийн олимпиадын алтан медалийн төлөө хичээллэнэ. Гадаадын их дээд сургуульд орох шалгалт гээд бүгдэд зэрэг бэлтгэнэ дээ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Монсор: Энгийн орон сууцны үнэ арав гаруй хувиар унаж, тансаг зэрэглэлийн байрууд үнээ алдаагүй

Үл хөдлөх хөрөнгө оруулалтын “Юу эм си альфа” компанийн гүйцэтгэх захирал Н.Монсортой ярилцлаа.

-Орон сууцны хувьд хэт хөөсөрсөн үнэтэй гэсэн шүүмжлэл бий. Эдийн засаг хямарсан ийм цагт үл хөдлөх хөрөнгийн үнэ унадаг. Орон сууцан дээр үнэ буух хандлага ажиглагдаж байна уу?

-Орон сууцны үнийг ярихын тулд хоёр зүйлийг заавал ярих шаардлагатай. Юуны өмнө орон сууцны үнэ гэдэг бол зах зээлийнхээ жамаар эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагддаг. Орон сууцны зах зээл дээр нийлүүлэгдэж буй байрнууд хэрэглээний хувьд тансаг зэрэглэлийн гэх мэтээр дотроо ялгаатай. Засаг сүүлийн долоо, найман жилд иргэдээ орон сууцжуулахад анхаарсан. Монголчуудын нэг онцлог нь хуримтлалгүй ард түмэн. Хүн хөрөнгөтэй болно гэдэг хуримтлалын нэг хэлбэр гэдэг утгаараа орон сууцжуулах бодлого маш чухал. Зах зээл дэх орон сууцны метр квадратын дундаж үнэ хоёр сая төгрөг байгаа. Гэтэл барилгын компаниудын хамгийн их мөнгө зарцуулдаг газар, дэд бүтцийг нь үнэгүй шийдэж өгч бариулсан, тусгай хөтөлбөрийн хүрээнд боссон орон сууцны үнэтэй харьцуулаад үнэтэй гэж шүүмжлээд байдаг. Эдийн засаг хөгжсөн улсад бол ажилгүйдэл ихсэхэд орон сууцны үнэ бууж байдаг зүй тогтол ажиглагддаг. Манайд ч ялгаагүй, барилгын салбар унаж, 70 мянган ажилтны ихэнх нь ажилгүй зогсоод ирэхээр орон сууцны үнэ бууж байна. Орон сууцны үнэ жилийн өмнөхөөс арав гаруй хувиар унасан.

-Жирийн орон сууцны үнэ буугаад тансаг зэрэглэлийн байрнуудын үнэ буугаагүй гэсэн мэдээлэл бий. Энэ хэр ортой вэ?

-Бид орон сууцны үнийг шинжлэхдээ хоёр эх үүсвэрийг ашигладаг. Нэг нь “Монгол банк” болон “Тэнхлэг зууч” компанийн гаргадаг орон сууцны үнийн индекс. Үүнээс гадна бид өөрсдөө үл хөдлөхийн зах зээл дээр нийлүүлэгдэж буй орон сууцны үнийг улирал тутам судалдаг. Тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ унаагүй нь үнэн. Тодруулж хэлбэл тансаг зэрэглэлийн орон сууцны хувьд үнийн өөрчлөлт ороогүй төслүүд маш их байна. Тансаг зэрэглэлийн сууцны тухайд мэдээж ихээр нийлүүлэгдэхгүй. Ашиглалтад оронгуут эрэлт нь бэлэн гэдгээрээ онцлог байгаа.

-Тансаг зэрэглэлийн байрны метр квадратын үнэ дунджаар хэдтэй байгаа бол?

-Тансаг зэрэглэлийн байрны хувьд үнийг нь дундажлаад харахаар 2 сая 269 мянган төгрөгөөс 3 сая 251 мянган төгрөгийн хооронд байгаа.

-Тэгвэл дундаж, жирийн орон сууцнуудын хувьд ямархуу үнэтэй байна?

-Нэг сая 750 мянгаас 2 сая 70 мянган төгрөгийн хавьцаа байна. Энэ бол дундажилж авсан тоо. Зах зээл дэх орон сууцыг гурав ангилж байгаа. Эхнийх нь хоёрдогч зах зээл дээр борлуулагдаж байгаа хуучин орон сууцнууд. Энгийнээр хэлбэл соц үеийн хуучин байрнууд. Хоёр дахь нь баригдаж дуусаад анхдагч зах зээл дээр шинээр борлогдож байгаа орон сууц. Гурав дахь нь баригдаж дуусаагүй, захиалгын явцдаа яваа орон сууц. Гурвуулангийнх нь үнэ харилцан адилгүй. Хуучин байрнуудын хувьд үнэ нь нэлээд буусан. Баригдаж дуусаад зах зээлд шинээр нийлүүлэгдэж байгаа байрнуудын үнэ гэж яривал зарим нь хөдлөөгүй, зарим нь буурсан. Ерөнхийд нь багцлаад дундажлаад хэлбэл байрны үнэ жилийн өмнөхөөс 11-12 хувь буураад байна.

-Орон сууц барих нэг метр квадратын өөрийн өртөг ихдээ л 800 гаруй мянган төгрөг гэсэн стандарт үнэлгээ гаргасан байдаг юм билээ. Энэ стандарт бодитой бол үнэ хөөсрөөд байгаа юм биш үү?

-Орон сууц барихад гардаг хамгийн том зардал газар, дэд бүтэцдээ зарцуулагддаг. Бас санхүүжилтын зардал гэж том юм бий. Барилгын компаниуд зээлээ төлж чадахгүй байгаа. Зээлийн хүү нь сар бүр бодогдож таарна. Тэгэхээр барилгынх нь зардал нэмэгдээд байна гэсэн үг. Ийм эрсдэл байгаа учраас орон сууцны үнэ өндөр байхаас аргагүй л дээ. Орон сууцны үнэ буулгах асуудал түрүүн ярьсан тодорхой хөтөлбөрүүд дээр хэрэгжих бололцоотой. Дахин хэлэхэд тунг нь тааруулахгүйгээр төр нь хувийнхантайгаа өрсөлдөөд байшин бариад байвал хэцүү.

-Банкуудын зээлийн хүү өндөр байна, гадны банкийг оруулж ирээд барилга, уул уурхай гэх мэтийн том төслүүддээ хямд хүүтэй зээл татъя гэсэн байр суурь хүчтэй сонсогдож эхэллээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Банк гэдэг эх үүсвэрээ хэн нэгнээс тодорхой хувийн хүүгээр татаж аваад мөнгө шаардлагатай байгаа хэн нэгэн рүү тодорхой хувийн хүүтэй эрсдэл болон үйл ажиллагааныхаа зардлыг нэмээд өгдөг байгууллага. Гадны нэг банк ороод ирэнгүүт юу юугүй хүч тэнцвэргүй айхавтар өрсөлдөөн болоод банкны салбар тэр чигтээ алга болно гэж байхгүй. Мэдээж эрсдлийг тооцож байж, хашилтыг нь тавьж, босгыг нь өндөрсгөсний оруулж ирэх учиртай. Том төслүүдэд хямд хүүтэй зээл татах гарцуудыг хайж, ажил болгож байж бид асуудлаа шийднэ.

-Мөнгөгүйгээс болоод гацсан барилгууд олон бий. Гүйцээгээд барьчихвал барилгын салбарт гацсан өчнөөн тэрбум төгрөг эдийн засагт эргэлдэнэ. Хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл гацсан барилгууд амилах бол?

-Одоо хэрэгжиж байгаа төслүүдийг дуусгахад 830 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тоо бий. Хамгийн том толгойны өвчин гэвэл энэ л байна. Барилга бол далан мянга гаруй хүн ажиллуулдаг том салбар. Эдийн засгийг бүрдүүлэгч том секторуудын нэг. Энэ салбар гацсанаар барилгын материал үйлдвэрлэгч, барилга үйлдвэрлэгч, санхүүжүүлэгчид гээд бүгд гацаанд орчихсон. Гэтэл нөгөө талд нь бодит эрэлт байгаа. Бүтээгдэхүүн нь бэлэн болчихвол худалдаж авах хүмүүс нь бий. Харин төслүүдэд барилгаа дуусгах мөнгө алга. Банкнаас авах лимит нь дуучихсан. Хөрөнгө оруулагч нь ч ялгаагүй. Хурааж хумьсан бүх мөнгөө хийгээд огт мөнгөгүй суучихаад байгаа. Энэ хүндрэлээс гарах нэг л гарц бий. Санхүүгийн зах зээлээ олон тулгууртай болговол зовлонгүй шийдэгдэнэ. Санхүүгийн зах зээлээ ингэж хөгжүүлэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү оруулж ирэх хэрэгтэй.

-Гадны хөрөнгө оруулалтыг яаж, ямар хэлбэрээр оруулж ирвэл зүгээр гэж?

-Хөрөнгө оруулалтын сан байгуулах хэлбэрээр. Хөрөнгө оруулалтын сангийн мөнгийг барилгын төслийг хэрэгжүүлж дуусахад зарцуулаад, барилга, байр нь зарагдсан хойно мөнгийг нь хийх замаар явах гарц бий.

-Таны түрүүн хэлсэнчлэн орон сууцны эрэлт өндөр нь үнэн л дээ. Гэхдээ хүмүүст мөнгө алга. Хямд хүүтэй орон сууцны хөтөлбөр үргэлжлэхгүй бол орон сууцны эрэлт бодитоор бий болохгүй гэдэгтэй та санал нийлэх үү?

-Сая миний хэлсэн арга зам бол нийлүүлэлтийг дэмжих механизм. Манайд өнөөдөр бол эрэлтийг дэмжих гарц гэхээр ипотекийн зээл байна. Орон сууцны хямд хүүтэй зээлийн хөтөлбөр миний харж байгаагаар тун боломжийн хэрэгжиж байгаа. Эргэн төлөлт нь ч сайн зээл. Цаашдаа үнэт цаасжуулаад гаднаас мөнгө татна гэхээр эх үүсвэр нь төгрөгөөр яваа тал бий. Мэдээж гадаад зах руу төгрөгөөр гарах боломжгүй. Засгийн газрын хувьд тав, найм, арав эсвэл ес гэдэг ч юм уу тодорхой хэмжээнд бага хүүтэй зорилтот бүлгүүддээ хандсан хөтөлбөрүүдээ гаргах нь буруу биш. Гэхдээ зааг ялгааг нь сайн гаргаж өгөхгүй бол төр нь бизнестэйгээ, барилгын компаниудтайгаа уралдаж өрсөлдөөд байвал хэцүү л дээ.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг барилгын салбарт татах боломжтой гэсэн гарцыг та хэллээ. Гадныхан Монголын барилгын салбарыг сонирхож мөнгөө хийх зайлшгүй ямар шалтгаанууд байна?

-Монгол улс байгалийн асар их нөөцтэй. Хөрөнгө оруулагчдын урт хугацаанд харж байгаа эерэг шалтгаан гэвэл энэ. Тэд нэг л зүйлээс болгоомжилдог. Хууль, татварын тогтворгүй орчин мөнгөтэй хүмүүсийн хувьд хадны мангаа байдаг. Энэ тал дээрээ анхаарчихвал барилгын салбарт гадаадаас хөрөнгө татах асуудал биш.

Categories
мэдээ спорт

Риогийн олимпод оролцож байгаа монголын баг тамирчдын өнөөдрийн хуваарь

Бидний гол найдвар болсон чөлөөт бөхийн тамирчид өчигдрөөс тэмцээнээ эхлүүллээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг жингээ тэргүүлэн барилдана. Тэрээр эхний тойрогт Нигерийн бөх Б.Оборудудутай барилдана.

Таэквондогийн төрөлд анх удаа олимпийн эрхийг авсан П.Тэмүүжин өнөөдөр тэмцээнээ эхлүүлнэ.

Олимпийн таэквондогийн тэмцээн өчигдрөөс эхэлсэн. Манай улсын хувьд энэ төрөлд анх удаа оролцож байна. Эрэгтэйчүүдийн 68 кг-д нийт 16 тамирчин бий. П.Тэмүүжин эхний тойрогт Мексикийн Саул Гутьррестэй өрсөлдөнө. Мексикийн тамирчин 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ.

Түүнийг ялсан тохиолдолд Хорват, Испанийн хожсонтой нь шөвгийн наймд өрсөлдөх юм.

Пүрэвжав ТЭМҮҮЖИН

  • 1994-06-02 Дархан хот, Монгол Улс
  • Олимпийн наадамд анх удаа оролцоно
  • 2013, Зүүн Азийн наадам, Хүрэл медаль
  • 2013, Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн, Алт, Хүрэл медаль
  • 2016, Олимпийн эрх олгох тэмцээн, Мөнгөн медаль

ЧӨЛӨӨТ БӨХ:

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 63, 75 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай гол найдвар Гавьяат тамирчин С.Батцэцэг болон Э.Сумъяа нар барилдана.

53 кг-ын жинд 19 бөх багтсан. Э.Сумъяа эхний тойрогт Польшийн бөх К.Кравцыктай барилдана. Түүнийг явбал Швед, Нигерийн бөхчүүдийн хожсонтой нь шөвгийн наймд өрсөлдөнө. Энэ жингийн тэргүүн бөх олимпийн гурван удаагийн аварга Японы Саори Ёшида эхний тойрогт Азарбайжаны бөхтэй таарчээ.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван зуун техникч буюу Мэргэжлийн засгийн газар

Шинэ засаг хэмнэхээс ажлаа эхэлж байна. Хуучин хотын дарга зургаан орлогчтой байсан бол шинэ нь “хайран сайхан эрх мэдлийг ийм олон хүнтэй хуваахгүй” хэмээн дөрөв болгожээ. Тэдний заримынх нь албан тушаалын нэрийг өөрчилж, “хотын орлогч хэмээх төслийн дарга” гэж авгайлсан учраас хуучнаасаа бүрч цөөхөн орлогчтой хэмээн тайланд тусгах юм байна.

Ингээд зогссонгүй, хотын Батболд дарга маань өөрийнхөө албан тушаалыг “Улаанбаатар төслийн захирагч бөгөөд нийслэл төслийн дарга” хэмээн нэрлэснээр хотын хамгийн том албан тушаалын орон тоог цомхтгон хэмнэжээ.

Хэмнэх, цомнох хорхойтой дарга маань нэрийнхээ эхний хэсэг ба овгийн товчлолыг заагласан цэг зэргийг үрэлгэн тэмдэглээнд тооцон хасч, гарын үсгээ “Суболд” хэмээн татах болсноор захирамж тутмаас 0.0000099 мл принтерийн хор ба монбланы бэх хэмнэж, хэмнэсэн мөнгөө төл хүлээн авах, хонь хяргах ажилд хандивлах болж гэж.

Мөн хотын даргын малын талын мэргэжлийг илүү хотлог харагдуулахын тулд зарим нэр томьёог өөрчлөх захирамж гаргасан гэх. Жишээлэхэд, зоотехникч гэдэг үгийн эхний гурван үсгийг цифрт шилжүүлэн умшиж, 300 техникч (гурван зуун техникч) гэж хэлж заншихаар журамлажээ. Хотшсон, техникшсэн удирдагч ч өөр байдаг юм байна аа.

Түүнчлэн малын эмчийг малын инженерт тооцохоос гадна хонь гаргахыг мал задалж зарах, хонины гэдсийг шалаанк, малын давсгийг амьтны радиотор болгож томьёолохоос эхлээд бод малыг жийп мал, ачлагын тэмээг траак, богийг седан сүрэг гэх болсон гэлцэнэ.

Дэлгүүрт зарж байгаа махыг “Малыг сэлбэг”, “хүнсэнд зориулсан малын эд анги” гэж үзэхээс эхлээд албан хаагчдын гуанзанд байгаа хоолыг “хүний биеийн шатах, тослох материал”, жижиг буфетийг “кофе колоонк” болгохоор захирамжилжээ.

Хөдөөний ах дүүс нь хүндлэн үнхэлцэг зүрх чанаж дайлсан явдлыг “седан малын сальниктай поршень идээд” хэмээн гайхуулсан дуулдав.

Сая, даншгийн наадмаар л гэхэд, “Морины уралдааныг “био ралли” гэж нэрлэнэ. Би инженер хүн мэдэж байна” гэж зүтгээд, цаадуул нь Чой хамбатай хавсран хорьж баймаажин болиулсан юм байх. (Нээрээ, хотын дарга маань хамбыг “бурхны инженер”, харин лам нарыг “бурхны техник ажилтнууд” хэмээн дууддаг болсон юм гэсэн).

Энэ бүхнийг манай хотын удирдлага мэргэжлийн (инженер техникийн) болж байгаа явдал гэж судлаачид хэлж байна. Бас “өнөө” Сундуй маань ч мэргэжлээрээ ажиллаж “Аз жаргалын хотхон” аль нэг газар дээрээ барихаа мэдэгдсэн байна лээ.

За, бас манай шинэ засгийн газрын инфляцтай тэмцэх арга нь ч өвөрмөц харагдана. Хуучин засгийн газар төгрөгийн ханшийг сулруулж байсныг өөрчилж, оронд нь долларын ханшийг чангалах арга хэмжээ авч эхэлсэн байна. Эдийн засагчид нь үүнийгээ “Долларыг нисгэж алах тактик” хэмээн нэрлэж байгаа ба чоныг үргээж авлах ардын аргаас санаа авсан зүйл аж.

Мэргэжлийн засгийн газар байгуулах хүрээнд мэргэжлийн уяач нараар засаг бүрдүүлсэн нь их учиртай юм байна. Ер нь бол хөгжил гэдэг тодорхой утгаараа уралдаан учраас хөгжлийг хурдлуулж чадах хүн нь яах аргагүй уяач нар болж таарч байна.

Манай эдийн засгийн уяач нар морийг хурдлуулахын тулд сойдог шиг, эдийн засгийг ч бас сойх учиртай гэдгийг номлож байна.

Өчигдрийн, засгийн газрын хуралдаан дээр “Инфляци бол эдийн засаг илүү жингээ хасч, сойлго орж байгаа шинж. Улсын статистикийн дүнгүүдийг Морины шинжийн сударт хөрвүүлж үзэхэд Засгийн газрын сойлго гүйцэх яагаа ч үгүй байна. Ер нь эдийн засаг хичнээн хөнгөн байна төдийчинээн хол явдаг. Унаач хүүхэд хөнгөн байхын хэрээр морь хол давхидаг шиг ДНБ бага байхын хэрээр эдийн засаг хол очиж унадаг номтой. Одоогийн нэг хүнд ногдох ДНБ манай наадмын эдийн засагт хүнддэхээр байна” гэхчлэн хуучилсан гэлцэж байна…Үнэхээр л мэргэжлийн засгийн газар ажгуу.

Categories
мэдээ спорт

П.Орхон хүрэл медалийн төлөө барилдаад ялагдлаа

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд П.Орхон Болгарын бөх Христова Мими Николоватай барилдаж, 7:4 онооны харьцаагаар яллаа. Ингэснээр тэрээр шөвгийн 16-д үлдсэн юм. Тэрэээр дараагийн тойрогт ОХУ-ын бөх Коблова Жолобова Валериятай учраа таарч барилдаж, 11:0 онооны харьцаагаар ялагдсан юм. Тэрээр мөн дагах барилдаан хийж хүрэл медалийн эрхийн төлөө Энэтхэгийн Сакши Маликитай барилдсан боловч хоёрдугаар үед оноогоор ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

О.Насанбурмаа дагах тойрогт ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүллээ

Өчигдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд МУГТ О.Насанбурмаа эхний тойрогтоо гоц мөргөж дараагийн тойрогтоо Тайваны бөх Чен Вэн-Линьтэй учраа таарч 6:0 онооны харьцаагаар цэвэр ялсан юм. Ингэснээр тэрээр шөвгийн 4-ийн төлөөх барилдаанаа ОХУ-ын бөх Воробева Натальятай хийхээр болсон юм.

Гэвч тэрээр ОХУ-д 4:2 онооны харьцаагаар цэвэр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлэв. Ингэснээр дагах тойргийн барилдаанаа Казакстаны бөхтэй хийлээ. Манай бөх эхний үед 2:0 харьцаатай хожиж байсан ч хоёрдугаар үед 2 оноо алдаж улмаар цаг дуусах мөчид манай дасгалжуулагч челленж шидсэн ч манай бөхөд оноо өгөөгүй тул өрсөлдөгч Казакстаны бөх 3:2 харьцаатай ялалт байгуулж, хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй боллоо.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоогийн нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Тус сонины тэргүүн нүүрт Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы ярилцлага нийтлэгджээ. Монголбанкны ерөнхийлөгч, доктор, профессор Н.Баяртсайхан шинэ ажлаа аваад удаагүй байгаа бөгөөд түүний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч буй эхний ярилцлага гэдгээрээ онцлогтой. Энэ утгаараа эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед тэрээр “Монгол оронд хөгжлийн сайхан ирээдүй бий” хэмээн эдийн засгийн цаг үеийн байдлаар олон сонирхолтой мэдээлэл өгч, өөрийн байр сууриа илэрхийлжээ. Энэ мэтчилэн түүний ярих нь олны анхаарлын төвд байгаа билээ. Н.Баярсайханы ярилцлагыг “Өдрийн сонин”-ы дугаараас уншаарай.

Сүүлийн үед гадаад паспорт үйлдвэрлэлтээс гарахгүй, удаашралтай байна гэсэн иргэдийн бухимдал их ирэх боллоо. Тэгвэл үнэхээр манай улс гадаад паспортын бэлдэцээ үйлдвэрлэх мөнгөгүй болжээ. Зарим хүмүүсийн таамгаар Засгийн газрын эрх баригчид солигдсонтой холбоотойгоор өөрсдийн шахааны компанийг оруулж ирэх гэсэн бодлого байна гэсэн хар бий. Гэвч аль нь ч бай улсын ажлыг цалгардуулж улмаар иргэдийг хохироох ёсгүй. Энэ дэлгэрэнгүй сурвалжлагыг энэ дугаараас уншаарай. Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт гуравдугаар нүүрт энэ удаа нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн Монголч эдрэмтдийн чуулга уулзалтын үеэр тавигдсан “Талын дүрэм ба ардчилсан монголын “Нууц товчоо”” илтгэлийг бүрэн эхээр нь нийтэлсэн байна. Мөн Улсын ерөнхий прокурорын газар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн нь нэлээд шуугиан тарьлаа. Тухайлбал МАН-ын 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэг эвлүүлэг болох нь батлагджээ. Мөн С.Зоригийн хэрэгт эхнэрээс нь гадна хэд хэдэн хүнийг шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ мэтчилэн сонирхолтой мэдээ, мэдээллийг тус дугаараас унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Мянган хүүхдэд хичээлийн хэрэгсэлтэй цүнх тараана

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын холбооноос санаачлан өөрийн гишүүүн ББСБ-уудтай хамтран “1,000 цүнх challenge” аяныг зарласан аж. Тодруулбал, гишүүн байгууллагуудынхаа хандиваар 1,000 хүүхдэд хичээлийн бүрэн дүүрэн хэрэгсэл бүхий цүнхийг өгөхөөр бэлтгэл ажилдаа орсон байна. Энэхүү аяны зорилго нь ядуу бага орлоготой 1,000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлэх, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших хүслийг төрүүлэх, урам зоригийг нэмэх, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн, эерэг санал санаачлагыг гаргахад чиглэгджээ. Банк бус санхүүгийн байгууллагуудын санаачилгааар “1,000 цүнх challenge” аяныг ядуу, бага орлоготой, олон ам бүлтэй өрхийн 6-12 насны 1,000 хүүхдэд шинэ цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгслийг наймдугаар сарын 25-ны өдөр “Сүхбаатарын” талбай дээр гардуулан өгөх ажээ.

Б.МӨНГӨНСОР

Categories
гадаад мэдээ

Австрали улс төрийн хоргигдлуудад зориулсан Манус арлын хорих лагераа хаав

Австрали улс Папуа Шинэ Гвинейн Манус арал дээр байрладаг улс төрийн хоригдлуудад зориулан байгуулсан хорих лагераа татан буулгахаар болсон тухайгаа мэдээллээ. Хоёр орны засгийн газар Манус арал дээр хоригдож байсан дүрвэгсдийн асуудлаар урт хугацааны турш яриа хэлэлцээр хийсний дүнд ийнхүү шийдвэрт хүрчээ.

Папуа Шинэ Гвинейн ерөнхий сайд Петер Онейл өнгөрсөн лхагва гаригт Порт Моресбид Австралийн цагаачлалыг хариуцсан сайд Петер Даттонтай уулзахдаа өөрийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд хоёр талаас зөвшилцсөний үр дүнд Манус арал дээрх хорих лагерийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ. Одоогоор тэнд 854 хүн хоригдож байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Папуа Шинэ Гвинейн шүүхээс энэхүү хорих лагерьд хоригдож байгаа улс төрийн хоригдлууд болон дүрвэгсдийн дунд хүний эрх зөрчигдөж байгааг тогтоожээ.

Папуа Шинэ Гвинейн ерөнхий сайд Онейл хэлэхдээ “Энэ нь маш чухал үйл явц бөгөөд яаралгүй хоригдлуудыг шилжүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй” гэжээ. Австралийн талаас зөвшөөрөлгүй хил нэвтэрсэн дүрвэгсдийг тийш нь илгээж байжээ.

Энэхүү хорих лагерь нь 2001 онд Австралийн ерөнхий сайд Жон Ховардын санаачилгаар нээгдсэн юм. 2008 онд хаагдсан ч 2012 онд гэмт хэргийн тоо огцом өссөн учир дахин нээжээ. Австралийн засгийн газар 2013 онд Папуа Шинэ Гвинейд 400.000 ам долларын тусламж өгчээ. 2014 оны хоёрдугаар сард бослого гарч нутгийн оршин суугчид энэхүү байгууламжруу нэвтэрчээ. 2015 оны нэгдүгээр сард зарим хоригдлууд өөрсдийгөө тусгаарлаж өлсөглөнд хүртэл зарлаж байсан байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг өглөө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлж батлуулах хүртэл зарим арга хэмжээг авахаар бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг өгч, тогтоол баталлаа. Тухайлбал, бүх шатны төсвийн байгууллагын төсвийн урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэхээр болов. Мөн 2016 оны наймдугаар сарын 17-ноос хойш бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлахгүй, гэрээ байгуулахгүй. Энэ хугацаанаас өмнө гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зогсоох аж. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа болон Хөгжлийн банкны санхүүжилтээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг худалдан авахыг шинээр зохион байгуулахгүй байх шийдвэр гаргалаа. Наймдугаар сарын 17-ны байдлаар гэрээ нь байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэл нь гараагүй, удаашралтай байгаа барилга, байгууламжийн санхүүжилтийг хойшлуулахаар болсон аж.