Categories
мэдээ улс-төр

Хэн нь хэн бэ?

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Чинбат, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүх, ЗГХЭГ-ын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэн, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөрөнг томилов. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу С.Энхтүвшинг Цаг уур, орчны шинжилгээний газрын ажилд буцаан томиллоо.

Дээрх томилогдсон дарга нарын товч намтрыг танилцуулъя

ЗГХЭГ-ын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Бямбасүрэн

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт мэндэлсэн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Улаанбаатар хотын 33 дугаар сургуулийг 1990 онд, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 1994, Итали Улсын Бокконийн их сургуулийг 1998 онд төгссөн. БНСУ, Их Британид менежментийн чиглэлээр, Малайз Улсад даатгал, Тайванд хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Багш мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 1994-1997 онд “Монгол даатгал” ТӨУҮГ мэргэжилтэн, менежер, 1999-2004 онд “Монгол даатгал” ХХК-д ерөнхий менежер, 2004-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2010 онд Монголын ардчилсан социалист Залуучуудын холбоонд ерөнхий нарийн бичгийн дарга, 2010-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2015 онд “Миг даатгал” компанид зөвлөх, ТУЗ-ын даргаар ажиллаж байсан. 2015 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 12 жил ажилласан.

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөрөн

Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 1977 онд нийслэлийн арван жилийн гуравдугаар сургууль, 1980 онд Нийгмийн аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай сургууль, 1988 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1980-1983 онд Төв аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, 1988-1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Эрүүгийн хэргийн эрэн сурвалжлах хэлтэст төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1990-1994 онд Цагдаагийн ерөнхий газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, чиглэлийн ахлах ажилтан, 1994-1997 онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, 1997-1998 онд Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, 1998-1999 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, 2000-2004 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд ахлах референт, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2006-2007 онд Монгол Улсын сайдын зөвлөх, 2007-2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын даргаар ажиллаж байсан.2015 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хууль, эрхзүйн бодлогын газрын даргаар ажиллаж байна. Төрийн албанд 25 жил ажиллаж байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүх

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1996 онд, МУИС-ийн Нийгмийн ухааны факультет 2000 онд, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг 2009 онд төгссөн. Улс төр судлаач, нийгэм судлалын багш мэргэжилтэй. 2000 онд “Зууны мэдээ” сонинд сэтгүүлч, 2003-2004 онд Ховд аймгийн МАХН-ын хороонд улс төрийн ажилтан, 2004-2005 онд Нийслэлийн хүүхэд залуучуудын ерөнхий газарт менежер, 2005-2008 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбоонд нарийн бичгийн дарга, 2008 онд УИХ-ын Тамгын газрын Бодлогын шинжилгээний хүрээлэнд референт, 2008-2009 онд УИХ-ын гишүүний шадар туслах, 2009-2012 онд НАМЗХ-нд ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 онд МАН Хэрэг эрхлэх газар Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2015 онд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Ачаа, шуудан терминалын газрын дарга, Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Төрийн албанд найман жил ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

Японы алдарт бөх Каори Ичо олимпийн 4 дэх алтан медалиа хүртжээ

Зуны олимпийн 31-р наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээний 58 кг-ын жинд П.Орхон, 69 кг-ын жинд О.Насанбурмаа нар барилдсан ч медаль хүртэж чадаагүй билээ.

Тэмцээний эхний өдөр японы бөхчүүд 3 алт, оросын бөхчүүд 2 мөнгөн медаль авсан байна. 58 кг жинд энэ жил 30 настай дэлхийн арав, олимпийн гурван удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичо Риогийн олимпд дахин түрүүлж 4 дэх алтан медалиа хүртжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн орчинд эцэг эхчүүд тогтмол эргүүл хийхээр болжээ

Нийслэлийн Засаг даргын А/605 тоот захирамжаар сургууль орчмын эргүүлд ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилохыг Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн газарт даалгасан байна.

Эргүүлүүд 2016 оны наймдугаар сарын 24-ний өдрөөс есдүгээр сарын 15-ны хооронд Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллах аж.

Мөн эргүүлүүдийг явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж, хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүдэд тавих хяналтыг сайжруулах ажлыг зохион байгуулна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

С.Батболд:Цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн ажлыг оновчтой зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд энэ хичээлийн жил хүүхэд элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа томилогдлоо.

Захирамжаар 2016-2017 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг оновчтой зохион байгуулахад дараах чиглэлийг мөрдлөг болгож ажиллахыг нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга нарт үүрэг болгов. Үүнд:

  • Хөгжлийн бэрхшээлтэй, хагас, бүтэн өнчин хүүхэд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн болон цэцэрлэггүй хороодын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахад чиглэсэн зөвлөмж гаргах
  • Элсэлтийг зохион байгуулахдаа цэцэрлэг, сургууль бүр дээр нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хорооны Засаг дарга, эцэг, эхийн төлөөллийг оролцуулсан Хяналтын зөвлөлийг байгуулж ажиллах
  • Цэцэрлэгийн бүртгэлийг сугалаа сугалуулах, албан бусаар бүртгэл явуулах байдлаар цэцэрлэгийн орчинд иргэдийг хэт их төвлөрүүлэхээс зайлсхийх, хамран сургах тойргийн дагуу хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын судалгаанд тулгуурлан ажиллахаар зохион байгуулах

Харьяа дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хүүхэд элсүүлэх ажилд хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Чинбатыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Чинбатыг томилсон байна. Б.Чинбат нь ШУТИС-ийн Холбоо, мэдээлэл технологийн сургуулийг мэдээллийн технологийн инженер мэргэжлээр төгссөн. 2002-2004 онд Япон улсад AOTS (Association for Overseas Technical Schorlarship)-д мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж, Японы “Yamamoto Mfg” компанид ажиллаж байжээ.

Франц, ХБНГУ, Эстони, БНСУ, Финлянд зэрэг улсуудад мэдээллийн технологи, цахим үнэмлэхийн үйлдвэрлэл, хэрэглээ, цахим засаглал, цахим сонгууль зэрэг чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.

Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагуудад програмист, хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн хүн юм байна. Тэрээр “Иргэний бүртгэлийн улсын нэгдсэн сүлжээ байгуулах төсөл”, “Сонгогчдын бүртгэлийн системийг автоматжуулах төсөл”, “Иргэний цахим үнэмлэх төсөл”, “Иргэний бүртгэлийн цахим архив төсөл” зэрэг томоохон төслүүдийн удирдагчаар ажиллаж, амжилттай нэвтрүүлжээ. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын болон Улсын бүртгэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэгтэй. 2011 онд төр, засгийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртсэн байна.

Categories
мэдээ спорт

Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт олимпоос 16 дахь алтан медалаа авлаа

Дэлхийн хамгийн хурдан хүн “Цахилгаан Болт” хочит Ямайкийн гүйлтийн тамирчин Усайн Болт өчигдөр Риогийн олимпийн 12 дахь өдөр 100 метрийн гүйлтийн уралдаанд 9.86 амжилтаар түрүүлжээ. Тэрбээр ийнхүү 16 дахь алтан медалаа олимпоос авлаа. Усайн Болт барианд орохын өмнө хөгжөөн дэмжигчидрүүгээ харан хөгжилтэйгөөр мишээсэн байна. Энэхүү зургийг нь интернэтээр ихэд тарж олон хүнд таалагджээ.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дютерти хар тамхитай холбогдсон 1000 хүнийг буудан хороожээ

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дютерт өчигдөр Манила хотноо зохион байгуулагдсан Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 115 жилийн ойн баярын үеэр НҮБ-ыг тэнэг хэмээн шүүмжилсэн талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ. Тус улс өнгөрсөн сарын 22-ноос эхлэн хар тамхи хэрэглэдэг хүмүүсийг хүчээр баривчлах, эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг буудан хороож эхэлсэн билээ.

Ерөнхийлөгчийн хар тамхичидтай тэмцэх тэмцлийн үеэр хамгийн багадаа 1000 хүн амиа алдсан болохыг НҮБ-ын Хүний эрхийн байгууллагаас мэдээлж “Филиппинийн Ерөнхийлөгч олон улсын хууль дүрмийг зөрчиж, хүний эрх чөлөөг ноцтой зөрчиж байна” гэж мэдэгдсэн юм.

Харин уг мэдэгдлийн хариуд Ерөнхийлөгч “НҮБ ямар эрхтэй гэж тусгаар улсын асуудалд хөндлөнгөөс оролцож, зааж зөвлөж байгаа юм. Би ард түмэндээ амласан ёсоороо хууль бусаар хар тамхи борлуулж, хэрэглэсэн бүхэнтэй тэмцэх болно. Тэд харамсах хүртэл энэ тэмцэл үргэлжлэх болно. НҮБ бидний асуудал бус илүү чухал асуудалд анхаарлаа хандуул” гэсэн байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Филиппинийн Ерөнхийлөгчтэй хоёр талын харилцааны асуудлаар утсаар холбогдохыг хүссэн ч татгалзсан хариу авчээ.

Categories
гадаад мэдээ

Хятад улс Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо

Хятадын ардын чөлөөлөх армийн удирдлагууд Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо хэмээн Синхуа агентлаг мэдээллээ.

Өнгөрсөн Мягмар гарагт БНХАУ-ын төв армийн комиссын ОУ-ын цэргийн хамгтийн ажиллагааны тэргүүлэгч Гуан Юу Фэй Сирийн Батлан хамгаалах яаманд айлчлал хийх үеэр дээрх хэлэлцээрийг хийжээ. Тэрээр “Хятадын цэргийн арми Сирийн армитэй туршлага солилцох болон хамтын ажиллагагаа эрчимжүүлэх тал дээр анхаарах болно” хэмээв.

Түүнчлэн Сирийн цэргүүдийг хятадын цэрэг, армийн зааварчилгаагаар сургахаар болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар Д.Мөрөнг томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар дараах томилгоонуудийг хийжээ. Өөрийнх нь хүсэлтээр Г.Ганболдыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаас чөлөөлж, тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэнг,

2. Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөрөнг ,

3. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүхийг,

4. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Чинбатыг,

5. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Энхтүвшин нарыг тус тус томилсон байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ цаг-үе

З.Нарантуяа: Зохиомол валютын хомсдолыг бий болгох алхам хийлээ

УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяатай ярилцлаа.

-Сангийн сайд Монгол Улсын эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа тухай мэдээлэл хийсэн. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувиар өөрийнхөө байр суурийг илэрхийлье. Мэдэгдлийг анхааралтай харж, сонсож, судалсан. Үүнээс шинэ байгуулагдсан Засгийн газар болоод түүний Сангийн сайд бол өнөөдрийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийг давж туулах өөрсдийн гэсэн арга зам, гарцаа олж чадаагүй юм байна гэж харлаа. Мэдэгдлийг нь багцлаад дүгнэх юм бол явж явж өнөөдрийн төсвийн алдагдлыг нөхөх, хүндрэлтэй зарим төслүүдээ санхүүжүүлэх, графикийн дагуу төлөх зээлийн төлбөрийг төлөхдөө олон улсын байгууллага эсвэл түншлэгч орнуудаас зээл авахаас өөр аргагүй байдалд хүрээд байна. Зээл л авч үүнийг шийдэх юм байна гэсэн санааг энэ мэдэгдлээрээ хийж байна.

-Нэлээд олон ноцтой тоонууд харагдаж байна лээ?

-Сангийн сайдын дурдсан гадаадын хөрөнгө оруулалт буурсан, эдийн засгийн өсөлт 17 хувиас уруудсан, улсын валютын нөөц багассан болоод өр төлбөрийн тухай тоо бол шинэ тоо биш. Энэ бол 2012-2014 онд одоогийн МАН-ын нэрийн өмнөөс УИХ-д нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон Сангийн сайд Ч.Улааны үед ч, 2014 онд томилогдож 2015 оны есдүгээр сар хүртэл ажилласан одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байх үед ч, АН-аас томилогдсон Б.Болор сайдын үед ч яригдаж л байсан тоонууд. Нөхцөл байдал ийм байна шүү, бид шийдлээ яаж олох вэ гэдэг дээр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдэгдлээ байнга хийж явсан. Гарцаа хайхын тулд УИХ-д олонх болсон хоёр нам хамтарч УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг баталж байлаа. Өнөөдөр гэнэтхэн энэ тоонуудыг шинэ Ерөнхий сайд, Сангийн сайд гарч ирээд мэдсэн юм шиг ард түмнийг цочролд оруулахаар өндөр дуугаар ярих шаардлагагүй.

-Ардчилсан намын гишүүд Сангийн сайдын мэдэгдлийн талаар ярилцсан уу?

-Мэдээж, АН-ын гишүүд бүлэг дээрээ энэ талаар ярьсан. АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Улсын төсвийн орлого, зарлага бүр дээр дүн шинжилгээ хийж дүгнэлтээ гаргана. Миний бие УИХ дахь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд өнөөдөр (өчигдөр) Сангийн сайд руу мэдээлэл ирүүлэх хүсэлт явуулсан байгаа. Сангийн сайдын мэдээлэл дээр өнгөрсөн долдугаар сарын байдлаар улсын төсөв хоёр их наяд төгрөг орчмоор тасалдахаар байна гэж ярьсан байсан. Тэгэхээр орлогын төлөвлөгөө яагаад ийм их хэмжээгээр тасалдах болчихов. Үүнийг зүйл заалт болгоноор нь дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж хүссэн байгаа. Зарлагын төлөвлөгөөг бас нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэж ярьсан. Хамгийн ноцтой мэдээлэл нь бол улсын нэгдсэн тэнцлийн алдагдал -5,1 их наяд төгрөгт хүрэх гээд байна гэсэн мэдэгдэл байсан. Ийм том алдагдлын дүн ярьсан учраас энд ямар том зарлагууд нэмэгдэхээрээ ийм их алдагдал үүсгэх гээд байгаа юм бэ гэдгээ дэлгэрэнгүй зарлагынхаа зүйл заалт болгоноор ирүүлээч гэж хүссэн. Энэ бүх мэдээлэл ирсний дараа Төсвийн зарлагын хяналтын дэд хороо мэдээллүүдийг авч хэлэлцэж дүгнэлт гаргах нь зүйтэй гэж бодож байгаа.

-Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан валютын нөөц -429 сая ам.доллар гэж ярьж байсан. Ер нь өнөөдрийн үүсээд байгаа нөхцлөөс хэрхэн гарах ёстой юм бэ?

-Өр төлбөрийн графикийн талаар тохиролцох арга хэмжээ авсан эсэх, улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр шийдэж болох бусад хувилбаруудаар хэрхэн ажилласан талаар мэдэгдээгүй. Аль ч олон улсын санхүүгийн байгууллагууд санхүүжилт, хөрөнгө босголтон дээр харилцан нөхцлүүдээ тохиролцож болдог. Түүнээс гадна хүндрээд байгаа эдийн засагт хүндрэл болохоор мэдэгдлүүдийг Монголбанк, Сангийн яамны зүгээс хийж байгаа нь нөхцөл байдлыг улам муутгаж болзошгүй байгаа учраас мэргэжлийн хүний хувьд маш их санаа зовж байгаа. Яагаад гэвэл Монголбанкны ерөнхийлөгч бол мэргэжлийн бус улстөрийн мэдэгдэл хийсэн. Хэзээ ч, аль ч улс валютынхаа нөөцийг ил тод зарладаггүй. Холбооны нөөцийн банкны дарга ямар үг хэлэхээс эдийн засгийнх нь нөхцөл байдал хамаарч байдаг. Тэр хүний хэлсэн үгнээс үүсэх үр дагавар их байдаг. Эдийн засаг савлаж, доргиж болно. Монголбанкны ерөнхийлөгч ийм хэмжээний мэдэгдэл хийлээ. Зохиомол валютын хомсдолыг бий болгох алхам хийсэн нь туйлын харамсалтай. Ер нь Сангийн сайд дөрвөн жилээр, Монголбанкны ерөнхийлөгчийг зургаан жилээр томилдог нь бодлогын хувьд нэг нэгнээ хянах, төсвийн тэлэлт, мөнгөний нийлүүлэлтийг хэт их байлгаж эдийн засгийг савлуулахгүй байх зорилготой байдаг. Ийм атал Монголбанкны ерөнхийлөгч хүн улстөрч шиг ийм мэдээлэл хийсэн нь туйлын харамсалтай. Ийм түвшний хүмүүс мэргэжлийн байр сууринаас хандаж байгаасай. Мөн болзошгүй алдагдлыг Ерөнхий сайд -5,1 их наяд гэж хэлж байгаа нь өөрөө маш болчимгүй үйлдэл. Яагаад гэвэл зайлшгүй төсөвт суусан төлбөрийн тухай ярих болохоос 2017, 2018 онд төлөх төлбөрийн бүх дүнг оруулж ирээд том харуулж нийгмийг цочроож байгаа нь маш хариуцлагагүй ажил гэж бодож байгаа. Гарцын хувьд энэ Засгийн газар 100 хоногтоо ямар гарц гаргаж ирэхийг сөрөг хүчин АН ажиглаж байгаа. Цаг нь болохоор санаа оноогоо УИХ, Засгийн газарт тавих болно. Учир нь энэ ард түмний эрх ашиг учраас зөвхөн намын байр сууринаас хандаж болохгүй. Сангийн сайд төсвийн тодотгол яаралтай хийх гэж байгаа энэ үед орлогоо 1,8 их наяд төгрөгөөр бууруулж, зарлагаа 2,4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх гэж оруулж ирж байгаа нь логикийн хувьд их зөрүүтэйг харуулж байна. Хамгийн зөв гарц бол олох орлогоо танах, зарах зарлагаа нэмэх биш, эсрэгээрээ зарлагаа танаж, орлогоо нэмэгдүүлэх шүү дээ. Эрх баригчид зардлаа бууруулахгүй бол бид цаашаа явахгүй нь ээ гэж амаараа ярьж байгаа боловч үйлдэл нь эсрэгээрээ зардлаа өсгөж байна. Тэр нь юугаар илэрч байна гэхээр төсөв хэмнэхийн тулд нийлүүлсэн байгууллагуудыг бүгдийг нь салгалаа. Дэд сайд гэсэн хэрэггүй орон тоог бид зардал хэмнэхээр хассан боловч буцаагаад гаргаад ирлээ.

-Сангийн сайдын мэдээллээс харахад эдийн засгийн энэ хүндрэлтэй байдал нь өмнөх дөрвөн жил эрх барьсан АН-ын шийдвэр, төсөл хөтөлбөрүүдээс болсон мэт байна. “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хашаа” гэх мэт хөтөлбөрүүд дээр гэхэд л УИХ-аар хэлэлцүүлэлгүй өр тавьж хэрэгжүүлсэн гээд байгаа?

-Өнгөрсөн хавар хэрэгжүүлсэн “сайн” хөтөлбөрүүд бол улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй гэж тухайн үеийн Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс мэдэгдсэн. Энэ бол Засгийн газрын баталгаатайгаар Монголбанк, арилжааны банкууд хооронд хийгдсэн зээлийн эх үүсвэрээс санхүүжигдсэн. Төсвөөс мөнгө гараагүй. Улсын төсөвт тусгагдаагүй мөнгөөр санхүүжүүлсэн гэдэг бол ташаа мэдээлэл. Сангийн сайд эхлээд өөрөө нөхцөл байдлыг маш сайн судлах хэрэгтэй. Мэдэгдэл хийхээсээ өмнө Монголбанк арилжааны банкуудтай хийсэн гэрээний нөхцлийг үзэх хэрэгтэй байсан байх. Ер нь арилжааны банкуудын зээл дотроос малчны зээл хамгийн чанартай, эргэн төлөгддөг нь юм. Малчдын авсан зээлийг хэзээ ч Засгийн газар төлөхгүй. Малчид өөрсдөө төлнө. Үе үеийн арилжааны банкууд дээр байгаа малчдын зээл хүндрэлд орж байгаагүй. Үүн дээр Монголбанк, арилжааны банк хооронд хийсэн гэрээний дагуу хэвийн явж байгаа “Сайн малчин” хөтөлбөрийг зогсоох гэсэн цаад санаа явж байна уу гэж би харж байна. Энэ мөнгө төсвөөс гарч байгаа юм шиг, эсвэл төсвийн нэмэгдэх гээд байгаа зардал дотроо оруулж ирэх гээд байна уу даа гэсэн хардлага төрүүлж байна.

Энэ алдагдал бол өнгөрсөн дөрвөн жилийн буруу бодлогын үр дүн гэж хэлэх нь Сангийн сайдын хувьд учир дутагдалтай. Өнгөрсөн дөрвөн жил хамтарч шийдвэр гаргаж, хамтарсан Засгийн газар ч байгуулж байсан. Би хамтарч хийсэн учраас та нар ингэж ярилаа гэж хэлэхийг хүсэхгүй байна. Ер нь ард иргэддээ бид хамгийн таатай, бага хүүтэй зээл олгох замаар малчны өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сайн бодлогуудыг гаргаж явуулсан. Буруу гэж хэзээ ч хэлэхгүй. “Сайн оюутан” хөтөлбөр бол нийт иргэдийн нуруун дээр байгаа оюутны төлбөрийн дарамтыг бууруулсан маш их талархал хүлээж байгаа хөтөлбөр юм. Энэ зөв зүйтэй хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж явуулна гэдгээ аль ч нам засгийн эрхэнд гарсан хүлээн зөвшөөрдөг байх соёлд суралцах хэрэгтэй байна.

-Эдийн засгийн хүндрэл ихтэй байгаа болохоор цалин тэтгэвэр нэмэгдүүлэх нь битгий хэл, одоо байгаа төрийн албан хаагчдын цалинг ч тавьж хүрэхгүй нь гэсэн утга Сангийн сайдын мэдээллээс харагдаж байсан?

-Ер нь бид мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадахгүй нь ээ гэдэгтэйгээ эвлэрээд шууд зарлачихлаа гэж харж байгаа. Маш олон зүйлийг амлаж гарч ирсэн. Цалин нэмнэ гэсэн. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох ёстой. Нийгмийн халамжийн чанартай мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудаа хийж чадахгүй нь гэдгээ илэрхийлж байна гэж харж байгаа. Нөгөө талаар бид өөр эх үүсвэр авахын тулд зээлээс өөр гарцгүй гэдгээ ойлгуулж байгаа шалтаг хэллээ гэж би бодож байна.

-УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөлөө. Чуулганаар Төрийн албаны зөвлөл, Монголбанкны удирдлагуудыг халж, солих асуудлыг хэлэлцсэнийг сөрөг хүчин нэлээд шүүмжилж байсан?

-Анхдугаар чуулганаар УИХ-аас томилогддог хэд хэдэн байгууллагуудын даргыг шууд өргөдөл өгүүлж байгаад ажлыг нь авсан. Энэ бол төрийн албаны хуулийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл. Монголбанкны ерөнхийлөгчийн хугацаа дуусаагүй байлаа. Төрийн албаны зөвлөлийн хоёр гишүүнийг таван жилээр томилсон УИХ-ын тогтоол нь хүчинтэй байсан. Гэтэл тэр тогтоолыг хүчингүй болгохгүйгээр шууд өмнө нь байсан хүний үлдсэн хугацаагаар хийх ёстой гэсэн ерөнхий хуулийн заалтыг бариад шийдсэн нь маргаантай. Эрх барьж байгаа нам олонхоороо хүч түрсэн үйлдэл нэлээд хийж байна. Төрийн албаны зөвлөлийн орон тооны хоёр гишүүнийг хүчээр солилоо. Дээрээс нь Засгийн газрын агентлаг, байгууллагуудыг салгах, нэмэх ажлуудыг хийж төрийн албан хаагчдын ажлын баталгаатай байдлыг алдагдуулсан. Халаа сэлгээ цаашдаа үргэлжлээд явах нь ээ гэж харж байгаа.

-Төрийн албаны зөвлөлийн гишүүд, Монголбанкны удирдлагыг хэл амтай ч гэсэн сольж л орхилоо. Ингэж хурдан хийх ямар хэрэгцээ байсан юм бол?

-Хоёр зүйл дээр хардаж байгаа. Төсөв мөнгөний бодлогыг эрх баригчид нэг гарт зангидах зорилгоор Монголбанкны ерөнхийлөгчийг маш шуурхай солилоо. Аль ч үед Засгийн газар дандаа мөрийн хөтөлбөрт тусгасан арга хэмжээгээ хийхийн тулд төсвийн зарлагыг нэмэгдүүлэх зорилготой байдаг. Төв банк мөнгөний бодлогоороо түүнийг хумих ажиллагаатай. Үндсэн зорилгоороо нэг нэгнээ хянаж байх ёстой хоёр байгууллага гэсэн үг. Харин удирдлагыг нь маш хурдан солиод нэг гарт орно гэдэг чинь мөнгөний бодлого бол төсвийн санхүүжилтийн хэрэгсэл болох нь уу гэсэн хардлага төрүүлж байгаа. Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг яаран сольсон нь миний хардаж байгаагаар 60 тэрбум төгрөгийнхөө албан тушаалуудыг хурдан тавихын тулд хийсэн. Төрийн албаны зөвлөлийг өөрсдийнхөө үйл ажиллагааны дуулгавартай байгууллага болгох гэж үндсэн таван гишүүнийх нь хоёрыг сольчихлоо шүү дээ.

-Мэргэжлийн Засгийн газар байгуулах болов уу гэсэн хүлээлт байсан. Гэтэл тал нь “давхар дээл”-тэй боллоо. Мөн дэд сайдын орон тоог сэргээлээ. Үүнийг юу гэж үзэж байна?

-МАН-ынхан сонгуулиар аль болох зардлаа танана, цомхон мэргэжлийн Засгийн газартай ажиллана гэж ярьсан. Өмнө нь бид зардлаа хасахын тулд байгууллагуудыг үйл ажиллагаагаар нь нэгтгэж байлаа. Энэ бол төсвийн зарлага талд маш зоримог шийдвэр байсан. Дэд сайдуудын орон тоог байхгүй болгож байсан. Одоо эсрэгээрээ бүгд гараад ирсэн. Заавал дэд сайдтай байвал мэргэжлийн Засгийн газар болно гэсэн үг биш. Энэ бол зүгээр эрх баригчид боловсон хүчнээ байршуулахын тулд бий болгож, дахин гаргаж ирж байгаа орон тоо л гэж харж байгаа.

Ж.БАЯРСАЙХАН