Categories
мэдээ улс-төр

Олон улсын Санхүүгийн корпорацитай ус цэвэршүүлэх, нарны эрчим хүчийг ашиглах талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Олон улсын Санхүүгийн корпорацийн Ази, Номхон далайн бүсийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Хён Чан Чог хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хот, Олон улсын Санхүүгийн корпорацитай хотын дэд бүтцийг хөгжүүлэх, иргэдийг орон сууцжуулах, ажлын байр нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.

Харин Олон улсын Санхүүгийн корпорацийн Ази, Номхон далайн бүсийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Хён Чан Чо “Манай талаас нийслэлтэй ус цэвэршүүлэх, нарны эрчим хүчийг ашиглах, нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна. Хувийн хэвшлүүд нарны эрчим хүчийг ашиглах, ус цэвэршүүлэх олон төсөл санал болгодог. Төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахад анхаарч ажиллах болно” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах чиглэлээр Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт төсөлтэй уялдуулан ямар байдлаар хамтран ажиллахаа сайтар судалж, дахин уулзаж ярилцья. Цаашид хоёр талын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Categories
мэдээ спорт

А.Энхтуул шатар сонирхогч нартай тоглоно

Дэлхийн шатрын холбооны олон улсын мастер А.Энхтуул ирэх амралтын өдөр буюу наймдугаар сарын 20–ны өдрийн 12 цагт олныг хамарсан шатрын тоглолт зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээ Зайсангийн “танктай” хөшөөний урд талбай дээр болох юм. А.Энхтуул “Шатар сонирхдог хүн бүр оролцож болох бөгөөд нас, хүйс харгалзахгүйгээр нэгэн зэрэг тоглох боломжтой” гэлээ. Шатар тоглох нээлттэй арга хэмжээ зохиож байгаа нь хүүхдийн эмнэлэгт туслах зорилготой ажээ .

Б.УЯНГА

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн том онгоц анхны нислэгээ хийжээ

Хэдэн жилийн турш санхүүгийн асуудалтай тулгарч, хэдэн сарын турш нислэгийн бэлтгэл хийсний үр дүнд “Airlander” өчигдөр агаарт 20 минут нисэж, Лондонгийн хойд хэсэгт орших Карлингтоны нисэх онгоцны талбайд амжилттай газардлаа.

Агаарын хөлөг, хеликоптер, нисэх онгоц зэрэг онгоцнуудын шинж чанарыг тодорхой хэмжээгээр шингээсэн энэхүү онгоц нь 90 метрийн урттай, дэлхийн хамгийн том зорчигч тээвэрлэгч онгоцноос 15,24 метрээр урт ажээ.

Анхны нислэгийг өнгөрөгч ням гаригт хийх төлөвлөгөөтэй байсан боловч техникийн асуудлаас үүдэн лхагва гариг хүртэл хойшилсон байна.

Онгоцыг Их Британийн компани “Hybrid Air Vehicles” бүтээсэн бөгөөд дөрвөн мотортой байхын сацуу их бие нь нүүрстөрөгчийн мяндсан утсаар хийгдсэн аж. Онгоцны дотор нь 38,000 шоо дөрвөлжин метрийн гелиумын даралт нь тус өвөрмөц хэлбэрээ хадгалахад тусалдаг аж. Airlander нь хамгийн ихдээ 1 цагт 146 км цагийн хурдтайгаар 10 тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай. Тус онгоцыг АНУ-ын батлан хамгаалахын зааврын дагуу зохион бүтээсэн бөгөөд 2013 онд батлан хамгаалахын төсөв дутагдсанаас уг төсөл зогсоод байсан юм.

Airlander нь бусад тээвэрлэгч онгоцнуудыг бодвол нүүрсхүчлийн хий багатай учраас байгальд үзүүлэх хор хөнөөл нь бага байхын сацуу төрөл бүрийн тээвэрлэлт хийх, түүнчлэн батлан хамгаалах, цэргийн шугамаар ашиглах боломжтой аж.

Б. МӨНГӨНСОР

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкнаас бодлогын хүүг өсгөж, 15 хувь болголоо

Монголбанкны Захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 15 хувиар өсгөх шийдвэр гаргажээ. Өмнө нь бодлогын хүү 10.5 хувь байсан. Одоо 4.5 хувиар нэмэгдэж, 15 хувь боллоо. Энэ талаар Монголбанкны мэдэгдлийг хүргэе.

“Монголбанкны Захирлуудын зөвлөлийн өнөөдрийн хурлаас бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа. Хэдийгээр инфляци бага түвшинд хадгалагдаж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш долдугаар сарын эцэстэй харьцуулахад 7.9 хувиар суларсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал 2 дахин буурлаа. Валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгаа ч цаашид макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ төсвийн болон мөнгөний бодлогын засах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах бодлого баримтална” гэжээ.

Монголбанкнаас бодлогын хүүг нэмэх нь бэлэн мөнгөний нийлүүлэлтийг тодорхой хэмжээнд багасгадаг байна. Мөн инфляци буурах нөхцөлийг бүрдүүлдэг ба бодлогын хүү ямар байхаас шалтгаалж, арилжааны банкуудын зээлийн хүү тэр хэмжээнд байдаг хэмээн эдийн засагчид хэлж байна.

Categories
мэдээ улс-төр

Я.Байгалмаа: Элсэлтийн тасалбар тарааж, наймдугаар сарын 26-ны өдөр сугалаа явуулна

2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих ажлын хэсгээс цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

Хуралд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга, ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ц.Жаргалантуул, дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга нар оролцов.

Нийслэлийн Төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 цэцэрлэгт 91687 хүүхэд хамрагджээ. Үүнээс 69428 буюу 75.7 хувь нь төрийн өмчийн, 22259 буюу 24.3 хувь нь хувийн өмчийн цэцэрлэгт хамрагдсан байна. Энэ оны хичээлийн жилд нийслэлд 31 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтад орж, орны тоо 3990-ээр, төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 2225-аар буюу 6115 хүүхдээр нэмэгдэх аж.

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн элсэлтийн бүртгэлийг энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд ажлын цагаар зохион байгуулах юм байна.

Бүртгэхдээ “Элсэлтийн тасалбар” тараах бөгөөд тасалбараараа наймдугаар сарын 26-ны өдөр сугалаа явуулна. Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах аж.

Мөн 2014 онд төрсөн хоёр настай хүүхдийг шинээр элсүүлнэ гэдгийг нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга, ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ц.Жаргалантуул хэллээ.

Төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа хэдий ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй байгаагаас үүдэн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх элсэлтийн зөвлөмжийг холбогдох удирдах байгууллага, албан тушаалтан, эцэг эх, асран хамгаалагчдад хүргүүлж байгаа ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОУВС-гийн төлөөлөгч Коши Матай: Зоригтой алхмаа зөв шийдлээр үргэлжлүүлэх хэрэгтэй

Өнөөдөр буюу наймдугаар сарын 18-нд Олон Улсын Валютын сангийн (ОУВС) Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нил Сакер, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчид Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд, Монгол Улс урт хугацаанд ОУВС-тай хамтран ажиллаж ирсэн, энэ уламжлал цаашид ч үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Харин Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай “Та бүхэн Засгийн газраа богино хугацаанд байгуулж, ажилдаа шуурхайлан орж байгаад баяр хүргэе. Монгол Улсад өнөөдөр нэгэнт бий болсон эдийн засгийн хямралыг давахын тулд төсөв, санхүүгийн бодит байдлаа ил тод ард түмэндээ мэдээлж, олон жилийн турш тусдаа явсан төсвүүдийг нэгтгэж нэг төсөвтэй болгож байгаа нь маш зөв эхлэл. Одоо эдгээр зоригтой алхмаа зөв шийдлээр үргэлжлүүлэх хэрэгтэй” гэлээ.

Мөн тэрбээр “Бидний хувьд энэ удаа Монгол Улсын шинэ Засгийн газар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гарц шийдлээ юу гэж харж байгаатай танилцах зорилготой богино хугацаагаар ирлээ. Хэрвээ цаашид ОУВС-тай хамтарч ажиллахаар бол манайхаас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нэлээд хэдэн хоногийн хугацаатай ирэх юм. ОУВС-гийн хувьд Монгол Улсын төлбөрийн тэнцэл, ам.долларын орж гарах урсгал, ер нь эдийн засгийн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан” хэмээн онцоллоо.

Нөхцөл байдал ийм хүнд байхад арилжааны банкууд доллар худалдахаа хязгаарлаж, иргэдийн гар дээр их хэмжээний бэлэн мөнгө төвлөрч байгаа нь долларын ханшийг улам өсгөх шалтгаан болж байгааг ОУВС-гийнхан анхаарууллаа.

Ерөнхий сайд Ж.Эрэдэнбат: Манай эдийн засгийн нөхцөл байдлын бодит үнэнийг олон улсын санхүүгийн байгууллагууд төдийгүй, гадаадын хөрөнгө оруулагчид ч мэдэж байсан. Харин энэ үнэнийг сайн мэдээгүй явсан ард түмэндээ л сая ил тод мэдээллээ. Жил бүрийн наймдугаар сар бол монголчуудын хувьд ам.долларын эрэлт өндөртэй сар. Хэдий тийм ч энэ удаа ханш бодит эрэлтээсээ давж өсч байгаа нь иргэдийн худалдан авах чадварт төдийгүй, долларын зээлтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст хүндээр тусч байгааг хэллээ.

Мөн Ерөнхий сайд төгрөгийн ханшийн уналтыг зогсоохын тулд Монголбанктай зөвшилцөж тодорхой алхмуудыг хийхээр төлөвлөж буйгаа, эдийн засгаа тогтворжуулахад зөв бодлого хамгийн чухал болох талаар ОУВС-гийн төлөөлөгчидтэй санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Гурван мянган хүүхэд “Хүүхэд харах үйлчилгээ”-нд хамрагдах боломжтой

Сонгинохайрхан дүүргийн X дугаар хорооны нутаг дэвсгэрт Хүүхэд харах үйлчилгээний төв байрладаг. Энэ төв гурван өрөө бүхий 60 м2 хэмжээтэй бөгөөд хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр сард 350 мянган төгрөгөөр түрээсэлдэг ажээ.

Харин энэ талаар өнөөдөр Нийслэлийн боловсролын газраас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хүүхэд харах үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, “2016 оны нэгдүгээр сарын 1-нээс “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хууль хэрэгжиж эхэлсэн. Тав, зургаадугаар сард анхны хүүхэд харах үйлчилгээ амжилттай хэрэгжсэн тухай Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа хэлж байна.

Өнгөрөгч онд нийслэлийн хэмжээнд 765 хүүхэд харагчийг бэлтгэсэн. Үүнээс 389 хүүхэд харагч нь байрны дүгнэлтээ гаргаад үйлчилгээгээ эхлээд явж байгаа аж. Одоогийн байдлаар 1,885 хүүхэд “Хүүхэд харах үйлчилгээ”-нд хамрагдаад явж байгаа гэсэн судалгаа гарчээ. Есдүгээр сарын 1-н гэхэд гурван мянган орчим хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой ажээ.

Нийслэлийн холбогдох албаныхны зүгээс төрийн өмчит цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгааг харгалзан хувийн өмчит цэцэрлэг, байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг дэмжиж ажиллахаа илэрхийлж байгаа юм. Мөн цаашид баригдах томоохон орон сууцны хороолол, оффисын барилгуудад дэргэдээ цэцэрлэг, сургуультай байх шаардлагыг тавьж ажиллах аж.

Б. МӨНГӨНСОР

Categories
мэдээ спорт

Майкл Фелпс зодог тайлахаа мэдэгдлээ

АНУ-ын усанд сэлэлтийн алдарт тамирчин Майкл Фелпс албан ёсоор зодог тайлсан тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр таван олимпод оролцож, 23 алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, усанд сэлэлтийн спортын түүхэнд тодоор бичигдсэн билээ. Эх спортоо орхих болсон шалтгаан нь хувийн амьдралдаа илүү цаг зарцуулахаар шийдсэнээ хөгжөөн дэмжигчдэдээ тайлбарласан бөгөөд олимпийн дараа найз бүсгүй Николь Жонсонтой хуримаа хийхээр төлөвлөсөн гэдгээ мэдэгсэн аж. Майкл Фелпс өчигдөр өөрийн инстаграм хуудастаа эхнэр, хүүтэйгээ авахуулсан зургаа нийтлээд “Гэртээ байх шиг сайхан зүйл хаана ч байхгүй. Тэтгэвэрт гарсан анхны өдөр” гэж бичжээ. Инстаграмд нийтлэгдсэн түүний зураг дор Лули гэх эмэгтэй “Үнэн гэж үү. Дахин ямар нэгэн спортын уралдаанд орохгүй гэж үү” гэж бичсэн байна. Фелпс “Тийм ээ. Би дахин эргэн ирэхгүй. Энэ бол миний эцсийн шийдэр” хэмээн хариулжээ. Мөн “Миний хувьд энэ бол спортоо орхиж буй хамгийн сайхан боломж. АНУ-ын төлөө өрсөлдөнө гэдэг асар их нэр хүнд. Миний жинхэнэ мөрөөдөл” гэж олимпоос 23 дахь медалиа авсны адраа “Twitter” -тээ бичсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн эрхийг хамгаалах хуралдаан боллоо

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг2014-2016 онд даргалж буй Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүх “Иргэдийн Үндсэн хуулийн эрхийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих” сэдэвт 3 дугаар хурлыг наймдугаар сарын 9-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд Индонези Улсын Бали мужид зохион байгуулжээ.

Уг хуралд нийгэмлэгийн 16 гишүүн орон болон бусад орнуудын үндсэн хуулийн шүүхийн дарга нар мөн Венецийн Комиссын төлөөлөгчид оролцсон аж.

Их хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч, Доктор, профессор Н.Жанцан тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэ үеэр Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий шүүгч Ариеф Хидаяат Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан нар уулзаж хоёр улсын шүүх хоорондын хамтын ажиллагаа болон ҮХШАН-ийн цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус их хуралд Док, проф. Н.Жанцан “Иргэдийн үндсэн хуулиар баталгаажсан эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхээс хамгаалах ажиллагааны өнөөгийн байдал ба хэтийн төлөв” гэсэн сэдвээр илтгэл тавьж, уг сэдвээр өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явагдсан байна.

Мөн ҮХШАН-ийн Удирдах зөвлөлийн хурлаар Нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулах, Төлөвлөлт, зохицуулалтын асуудал хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг Бүгд Найрамдах Индонези Улсад, Судалгаа ба хөгжлийн асуудал хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг Бүгд Найрамдах Солонгос Улсад, Сургалтын төвийг Бүгд Найрамдах Турк Улсад тус тус байгуулахаар шийдвэр гаргаж Их хурлын үйл ажиллагааны төгсгөлд Балигийн Тунхаглалд гарын үсэг зурсан байна.

Энэхүү их хурал Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, орон бүр ардчилсан үндсэн хуулиа дээдлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг оролцогч орнууд санал нэгтэй тэмдэглэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн асан С.Оюун, Р.Амаржаргал нар өнөөгийн нийгэм эдийн засгийн талаар илтгэл тавина

Өнөөдөр 13 цагт “Бест Вэстэрн Туушин” зочид буудлын 4 давхарын Сүлд Танхим Австралийн Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Их Сургуультай хамтран өнөөдөр Mongolia Update нээлттэй илтгэлийг зохион байгуулна. Хоёр жил тутамд болдог энэхүү арга хэмжээ нь анх удаагаа Монголд зохион байгуулагдах гэж байна. Тус Илтгэлд Австралийн онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Жон Лангтри, БСШУ сайд Отгонбаяр, УИХ-ын гишүүн асан С.Оюун, Р. Амаржаргал, Монгол улсын нэртэй элчин сайдууд болох Ж. Энхсайхан Р. Болд блон ГХЯ зөвлөх О. Машбат зэрэг нэрт эрдэмтэн судлаач улс төрчид Монгол улсын өнөөгийн нийгэм эдийн засгийн талаар сонирхолтой илтгэлүүдийг олон нийтэд зориулан тавихаар болжээ.

О.ӨНӨР