Categories
мэдээ цаг-үе

Зэсийн ханш өгсөх эсэх нь эргэлзээтэй ч алтны үнэ өндрөө авах нь

“Өдрийн сонин”-ы 2016.08.12-ны №184 (5449) дугаараас авч нийтлэв

Австралийн Засгийн газар саявтар зарим эрдсийн үнэ эргээд унах нь гэсэн гутранги таамаг гаргасныг “Блүүмбэрг” онцоллоо. Нөөц өсч, бодит эрэлт буурсан, Австралийн олборлогчид зардлаа бууруулж хүчин чадлаа нэмэгдүүлсээр байгаа гэх үндэслэлийг тэд хэлж. Товчхондоо эцсийн хэрэглэгчдийн эрэлт сул байгаа нь ингэж таамаглах шалтгаан болжээ. Австралийн хувьд гол зах зээл нь БНХАУ. Хятадын эдийн засаг сайнгүй хэвээр байгаа нь ийм таамаг гаргахад хүргэсэн хэрэг. Урд хөршийн эдийн засгийн сүүлийн үеийн статистикийг сонирхъё. Хятадын экспорт түрүү жилийнхээсээ 4.4 хувиар, импорт нь 12.5 хувиар агшжээ. Энэ бол өнгөрсөн сарын статистик, долларт шилжүүлснээр тооцсон хувь. Сүүлийн 25 жилийн түүхэнд нь байгаагүй энэ уналт Австрали, манай хоёр шиг эдийн засгийг нь эрдсийн экспорт чирч явдаг улсуудад таагүй нөлөө үзүүлсээр байгаа юм. Импорт, экспортын агшилтаас гадна улсын үйлдвэрүүдийнх нь өрсөлдөх чадвар, улсын, өөрийн гэлтгүй хавтгайрсан өрийн өсөлт зэрэг “хадны мангаа” урд хөршид бий. Энэ оны хавар гарсан “The global growth conundrum” тайланд 2008 оны санхүүгийн хямралаас хойш дэлхий даяар өрийн хэмжээ өссөнийг онцолсон. Энэ тайлангаас харахад Хятадад хувийн болон Засгийн газрын өрийн хэмжээ аль аль нь 2008 оноос хойш өссөн зурагтай гарч. Гэхдээ хувийн секторын өсөлтийн хувь Засгийн газрынхаасаа хоёр дахин өндөр. Хувийн секторын өрийн энэ өсөлт Хятадын эдийн засаг төдийгүй дэлхийн эдийн засагт нөлөөлөх аюултай түвшинд хүрсэн гэж шинжээчид болгоомжилж байна. Жорж Соросын дүгнэснээр бол Хятадын асар их өрийн тэсрэх бөмбөг дэлбэрэх дөхөж байгаа. Энэ нь 2008 оны санхүүгийн хямралаас илүү сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэсэн болгоомжлол бий. Хятадын хотын бүс нутгийн хүрээнд таван өрхийн орон сууц тутмын нэгээс илүү нь хоосон байгаа гэсэн тоог зарим судлаач хэлдэг. Зарагдаагүй орон сууцны талбайн нийт хэмжээ 657 км.кв болсон гэх тоо ч дуулддаг. Энгийнээр хэлбэл Сингапурын газар нутагтай тэнцэхээр хэмжээ. Хөрөнгө оруулагчид болон зуучлагчдын худалдаж авсан талбайг оруулаагүй гэхээр хүн амьдраагүй эзгүй орон сууцнуудын талбайн хэмжээ Сингапураас ч том болчихсон гэсэн үг.

“Capital Economics” компанийн эдийн засагч Жулиан Эванс-Притчард БНХАУ-ын экспортын өсөлт доогуур хэмжээнд хэсэг зуур байна гэж таамаглажээ. Мэдээж дорнын луугийн таагүй байдал хэр хугацаанд үргэлжилнэ, тэр хэрээр дэлхийн эдийн засаг удааширна гэдэг хэнд ч ойлгомжтой гаргалгаа. Гэхдээ Хятадын эдийн засагт эерэг гэж хэлж болохоор зүйлс ажиглагдсаныг орхигдуулж болохгүй. Найман жилийн турш хүндхэн байсан гангийн зах зээлд энэ он гарсаар өсөлт ажиглагдаж эхэлсэн таатай мэдээ бий. Сүүлийн үед АНУ-д орон сууцны зээл хүсэгчдийн тоо өссөн гэх мэдээ дуулдаад эхэллээ. Энэ нь зэсийн хэрэглээний 30 хувийг бүрдүүлдэг барилгын салбарт эрэлт нэмэгдэх дохио боллоо гэж шинжээчид ярьж бичиж байна. Хятадын гангийн үйлдвэрт ажиглагдаж буй сэргэлт энэ хэвээр удаан үргэлжилбэл, орон сууцны зээл дагаад Америкийн барилгын үйлдвэрлэл сэргэвэл зэсийн үнэ нааштайгаар эргэж мэдэх юм.

Судалгааны “Эгүлэ капитал” компанийнхан “Үндсэн металлуудын үнэ Хятадын эдийн засгийн нөхцөл байдал болон барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын идэвхээс өндөр хамааралтай. Хятадын эдийн засгийн идэвхижилт суларч байгаа нь уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог Австрали, Канад, Орос, Бразил, Монгол зэрэг улсуудын эдийн засагт шууд, хүчтэй нөлөө үзүүлж байна. Цаашилбал, Хятадын эдийн засаг металл үйлдвэрлэгч Glencore , BHP, Rio Tinto, Vale болон бусад компаниудын зах зээлийн үнэлгээ, хувьцааных нь ханшид шууд нөлөөлж байна” хэмээн онцлоод буй. Тэдний гаргасан тайланд зэсийн үнийн талаар “Манай улс валютын орох урсгалынхаа 30 орчим хувийг зэсийн баяжмалын экспортоос бүрдүүлдэг. Төсвийн 2016 оны тооцоололд нэг тонн зэсийн үнийг 5.137.7 ам.доллар байхаар төсөөлж, 1.361.6 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор тооцсон. Иймд дэлхийн зах зээл дээрх зэсийн ханшийн хэлбэлзэл болон эрэлт нийлүүлэлтийн нөхцөл байдал манай улсын эдийн засагт шууд нөлөөлдөг хүчин зүйл. Нэг паунд зэсийн ханш 2015 оны 11 дүгээр сард 2.2002 ам.долларт хүрч, 2009 оны тавдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн. Өмнө нь 2008 оны хямралын үед нэг паунд зэс 1.25 ам.доллараар арилжаалагдаж байсан бол 2000 онд нэг паунд зэсийн ханш 85 центээр арилжаалагдаж байлаа. Энэ нь зэсийн үнэ цаашид үргэлжлэн унах орон зай хэвээр үргэлжлэх боломж бийг харуулж байна. Иймд 2016 онд зэсийн ханш сүүлийн 15 жил дэх хамгийн бага үнэдээ хүрэх үү гэдэг асуулт олон шинжээчдийн толгойд эргэлдсээр байна” хэмээн тодотгожээ.

“Эгүлэ капитал”-ын шинжээчдийн үзэж байгаагаар зэсийн ханш буурахад гурван хүчин зүйл гол нөлөө үзүүлж байгаа аж. Эхний шалтгаан нь өмнө цухас дурдсан урд хөршийн эдийн засгийн идэвхижил буурсан явдал. Зэсийн хамгийн том хэрэглэгчийн эрэлт буурсан нь дахин тэнцвэржүүлэлт буюу хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг хумьж хэрэглээ болон үйлчилгээ рүү чиглэсэн урт хугацааны шилжилт хийх тухай бодлого хэрэгжүүлж эхэлсэнтэй нь холбоотой гэж тайланд дурджээ.

Тэд хоёр дахь шалтгааныг ам.долларын чангаралт хэмээн үзэж. АНУ бодлогын хүүгээ энэ дагуу нэмэгдүүлэх бодлого барьсаар байвал зэсийн үнэ эргэж сэргэхэд хүнд сорилт болно хэмээн тайлбарлажээ. Гурав дахь шалтгаан нь нефть, эрчим хүчний үнийн бууралт аж. Долларын ханш чангарах хандлагатай байгаагийн хажуугаар Хятад, Европ эдийн засгийн өсөлт удаашралтай үргэлжилж буй нь металлын салбарыг 2016 он сэргэхэд хүнд бэрхшээл байх болно гэсэн таамгийг “Эгүлэ капитал”-ынхан хэлж байгаа юм.

Гэхдээ сүүлийн үед зэсийн ханш бага зэргийн өсөлт үзүүлж буй нь АНУ-ын холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ яаран өсгөхгүй гэх хүлээлт зах зээлд хүчээ авсантай холбоотой. Энэ хүлээлт ам.долларыг сулруулж, таваарын эрэлтийг дэмжээд байгаа. Зэсийн ханш голлох биржүүд дээр нэг орчим хувийн өсөлт харуулсан нь сүүлийн хоёр долоо хоногт ажиглагдаагүй өндөр өсөлтөд тооцогдож буй нь үүний нэг нотолгоо юм.

Тэгэхээр зэсийн үнэ өсөх үү, уруудах уу гэдэг нь одоогоор эргэлзээтэй байна. Харин алтны зах зээл өнгөлөг үргэлжилнэ гэж шинжээчид дуу нэгтэй хэлж байгаа. Өмнө хэлсэнчлэн Хятадын дотоод дахь “бөмбөг” дэлбэрвэл, дэлхийн улс орнуудын эдийн засгийн таагүй байдал энэ хэвээр үргэлжилбэл, цэнхэр гаригийн зарим өнцөг булан дахь үймээн намжихгүй хэвээр байвал хөрөнгө оруулагчид ам.долларт биш алтанд илүүтэй итгэх нь ойлгомжтой. Тэр хэрээр алтны үнэ өсөх нь гарцаагүй зүйл. Он гараад 20 хувь өсөөд буй алтны ханш 1300 ам.доллараас уруудахгүй гэсэн ойрын таамаг бий. Оны эцэс гэхэд 1500 ногоон хүрнэ гэх багцаа тоог шинжээчид хэлээд эхэлчихсэн. Ойрын ирээдүйд шаргал металлын ханш огцом өсөлт үзүүлнэ гэх өөдрөг таамаг ч дуулдаж байна. “Эгүлэ капитал”-ынхан алт, мөнгөний үнийг голчлон судалдаг Hubert Moolman-ний судалгааг хөрвүүлжээ. Тэдний нийтлэлээс товчлон хүргэе. Өнгөрсөн зууны далаад онд алтны ханшийн хүчтэй өсөлт ажиглагджээ. Тухайн үед тодорхойлсон Эллиотын давалгааны эхний хэсэгт нэг унци алтны ханш 35 ам.доллараас 195 ам.долларт хүртэл цойлж, 458 хувийн өсөлт үзүүлсэн байна. Hubert Moolman-ийнхан нийтлэлдээ “Харин одоогийн үнийн өсөлтийн давлагаанд 252 ам.доллараас 1920 ам.доллар болж өссөн нь 661 хувийн өсөлт юм. Шууд харьцуулаад харахад одоогийн үнийн өсөлт 70-аад оныхоос өндөр мэт харагдаж болно. Гэвч 458 хувийн өсөлтийг үзүүлэхийн тулд таван жил (1970-1975) шаардагдсан бол одоо 661 хувийн өсөлтийг үзүүлэхийн тулд 10 жил таван сар шаардагдсан байна. Хэрэв 70 оны өсөлтийг одоогийнх руу тэнцүү жингээр шилжүүлбэл 1000 гаруй хувийн өсөлт үзүүлэхээр байжээ” хэмээн онцолжээ. Өмнөх өсөлтүүдтэй нь уяад харахаар алтны үнэ ойрын ирээдүйд 2100 ам.доллараас ч хол давна гэсэн дүгнэлтийг тэд хийжээ.

Нүүрсний зах зээлийн хувьд байдал таагүй хэвээр байна. Хятадын 17 мужийн нүүрсний компаниуд нүүрс олборлолтын жилийн хүчин чадлаа 72.27 сая тн-оор бууруулжээ.

Энэ жил Хятад улс Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооных нь төлөвлөсний дагуу нүүрс олборлох жилийн хүчин чадлаа 250 сая тн-оор бууруулах төлөвлөгөө гаргаад байгаа юм. Нүүрсний үнийн уналтаас болж Хятадын нүүрсний үйлдвэрлэл өмнөх жилийн түвшнээс буураад байна. Энэ оны эхний хагас жилд 1.63 тэрбум тн нүүрс үйлдвэрлэсэн нь өмнөх жилийн дүнгээс 9.7 хувиар буурсан үзүүлэлт аж. Нүүрс үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг бууруулж байгаа нь нүүрсний үнэ сүүлийн саруудад өсөхөд нөлөөлж байгаа ч дэд бүтэц сул, өрсөлдөх чадвар тааруу манай улсын хувьд эерэг сайн гэхээр нөлөө үзүүлэхгүй.

Гэхдээ урд хөршийн нүүрсний дотоод үйлдвэрлэл буурсан, гангийн үйлдвэрлэл бага ч атугай сэргэсэн, Хойд Солонгосоос нүүрс авахаа зогсоосон Хятадын удирдлагуудын шийдвэр гэсэн шалтгаанууд манай улсаас экспортлох нүүрсний хэмжээнд эерэгээр нөлөөлөөд буй. Гэвч үнэ нь эрс буурсан учраас төсөвт ямар ч эерэг нөлөө үзүүлж чадахгүй юм.

Бэлтгэсэн Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадны хөрөнгө оруулагчдыг Монгол руу чиглэсэн бодлогоо эргэж харахад хүргэлээ

Англи хэл гадарладаг хүн бол өнөөдөр Америкийн мэдээллийн хэрэгслүүд, эдийн засгийн том сэтгүүлүүд, сошиал ертөнц нь тэр чигээрээ улс орныхоо эдийн засгийг шүүрэн шанага болтол шүүмжилж байгааг харж болно. Тус улсын нэртэй эдийн засагчид, судлаачдын нүдээр АНУ-д болж бүтэж байгаа юм байхгүй юм билээ. Өр зээл нь ДНБ-нийхээ 70 хувиас хэдүйн давчихсан. Трампын хэлж байгаагаар Америк мөхлийн ирмэгт тулсан. Энэ бүгдийг америкчууд бүгдээрээ харж, уншиж, анхаарч байгаа. Гэтэл эдийн засгийн энэ хүнд байдлын талаар тус улсын Төв банкны удирдлагууд, Сангийн сайд нь юу ч дуугараагүй. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр ганц Америк ч биш Европ, Ази… бүх тивийн улс орнуудад ард түмэн зөвхөн Төв банкны ерөнхийлөгч, Сангийн сайд гэхчлэн албаны хүний үгэнд итгэдэг. Эцсийн бодит үнэн гэж ойлгодог. Тэрнээс ямар ч том эдийн засагч, судлаач, шинжээч, улс төрч байсан тэдний үгийг ердөө шүүмжлэгч, анхааруулж сэрэмжлүүлэгчид, зөвлөгчид, хардагсад, бүр цаашилбал улс төр хийгсэд гэж үздэг.

Монголд сонгууль болж шинэ засаг томилогдоод удаагүй байна. Дэлхийн хөрөнгө оруулагчид “Монголын шинэ удирдагчид одоо юу хэлэх бол” хэмээн анхааралтай харж байна. Тэд ямар бодлого гаргах бол, бидэнд ямар ашигтай байх бол гэж. Дэлхийн хөрөнгө оруулагчид гэдэг бол аль улсад, ямар хэмжээний хөрөнгө оруулах вэ гээд ажиглаж анхаарч суудаг 5 их наяд ам.долларын эзэд юм. Ийм их мөнгө эргэлдэх боломжоо хүлээгээд энэ ертөнц дээр хэвтэж байдаг юм шүү дээ. Тэд хааш нь оруулах сонирхолтой вэ гэхээр Монгол шиг дайн мөргөлдөөнгүй, байгалийн их баялагтай баян, амар тайван оронд. Өнөөдрийн шинэ Засгийн газрын нэгдүгээр бодлого энэ их мөнгөнөөс хэрхэн халбагадах, шанагадах вэ гэсэн л бодлого байх ёстой. Гэтэл яаж байна! Монгол улсад нөхцөл байдал хоёр өдрийн өмнөөс эхлэн маш хүнд боллоо. Сангийн сайд нь, Төв банкны ерөнхийлөгч нь өөрсдөө нийгэмд, олон улсад хандан мэдэгдэл хийж тусгаар тогтносон Монгол Улсын сан хөмрөг хоосорсон, Монголын Засгийн газар үйл ажиллагаагаа цааш явуулах боломжгүй боллоо хэмээн мэдэгдэв. Ерөнхий сайд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах санал гаргав. Үндэсний аюулгүй байдал гэдэг бол энэ улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдалд ноцтой аюул учирсан, ард түмний хэвийн амьдралд аюул занал учруулах нөхцөл байдал үүссэн… гэхчлэн нийгмийг цочроосон ноцтой асуудлуудаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралддаг юм. Тийм нөхцөл байдлын түвшинд очлоо хэмээн дэлхийгээр нэг цацлаа даа.

Энэхүү тэнэг мэдэгдлээс хойш ард түмний сэтгэл санаа тогтворгүйтэж, гадаад ертөнцөд Монголын эсрэг эдийн засгийн сөрөг “цунами” үүслээ. Гадны хөрөнгө оруулагчид Монгол руу чиглэсэн бүх бодлогоо эргэж харахад хүрч, Засгийн газрын гадаад бонд урьд байгаагүйгээр доод түвшинд уналаа. Юун гадны хөрөнгө оруулалт татах вэ. Шулуухан хэлэхэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар өөрсдөө дефольт үүсгэв. Энэ бүгдийн цаана МАН сонгуулийн амлалтаа биелүүлж чадахгүй нь тодорхой болсон учраас дампуурсан улс орныг хүлээн авсан гэж хэлэх гэсэн урьдчилсан оршил, жижигхэн улс төрийн пиар байгаа нь эмгэнэлтэй. Улс орны эдийн засгийг, ард түмнээ самраад хаячих ноцтой үр дагавартай мэдэгдэл болно гэдгийг МАН-ын засаглагчдын хэн нь ч тооцсонгүй, олж харсангүй, боловсрол мэдлэг нь дутлаа.

Нөхцөл байдал ийнхүү хүндэрч байгаа үед гадаад нөхцөл байдалдаа бодит үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Энэхүү айхавтар мэдэгдлийн эхэнд олон улсад манай эрдэс баялгийн үнэ унаснаас болж эдийн засаг хүндэрсэн гэж байгаа. Үнэндээ олон улсад гэх юм байхгүй. Хятадын эдийн засагт л манайх эдийн засгаа тохируулах гэсэн ойлголт байгаа. Үүнийг өнөөдрийн Засгийн газар, улстөрчид сайн ойлгох хэрэгтэй. Хятадын эдийн засгийн тохиргоо нь Америк. Америкийн эдийн засгийн эерэг нөлөө Хятадын эдийн засгийг сүүлийн 10 гаруй жилд сэргээж ирсэн. Тэгэхээр Америк-Хятад-Монгол гэсэн эдийн засгийн хөгжлийн логик цаашид ч үргэлжилнэ. Энэ үйл явцыг өнөөдөр хянах, мэдрэх, өөртөө ашигтайгаар эргүүлэх потенциал өнөөдрийн эрх баригчдад байна уу, үгүй юу.

Монгол Улсын ашигт малтмалын түүхий эдээ борлуулдаг ганц зах зээл нь өмнөд хөрш БНХАУ мөн. Гэхдээ ганц ашигт малтмал биш. Ерээд оны хүндрэлийн үед малын түүхий эдийн ганц зах зээл Хятад байж бидний аминд орсон. Тэд Монголоос малын түүхий эд, арьс шир, ноос ноолуурыг 1000 төгрөгөөр аваад өөртөө боловсруулаад 40 дахин илүү үнээр цааш нь зарж ирсэн. Өнөөдөр бид бүх баялгаа өөртөө боловсруулаад урагш гаргах нь аль ч Засгийн газрын эхний зорилго. Эдийн засаг сүйрлээ гэж өнгөрсөнтэйгөө ингэж зууралдаж улс төр хийж байхаар үндэсний үйлдвэрлэлээ хэрхэн хөгжүүлэх, дотоод нөөцөө хэрхэн зөв ашиглах бодлого, зорилт, хөгжлийн төлөвлөгөөгөө нийгэмд танилцуулмаар байна. Наад зах нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн яриад байгаа өр зээл дотор чинь Монголын хэрэгцээг 100 хувь хангаад гадагш нь экспортлох хэмжээнд оччихсон байгаа сая тоннын хүчин чадалтай “Монполимент”, “МАК”-ийн цементийн үйлдвэрүүд байна шүү дээ. Энэ хоёр үйлдвэр гэхэд гадагш урсах 400-500 сая ам.долларыг эх орондоо шингээнэ. Энэ том эдийн засаг биш үү. Цементээ хэрхэн экспортлох, цааш өргөжүүлэх гэрээ хэлцлийн тухай оюун бодлоо ширгээх нь өнөөдрийн Засгийн газрын наад захын гол ажлуудын нэг баймаар юм. Хэдэн мянгаар тоологдох малын арьсыг өнөөдөр Эмээлтээс хогийн цэг рүү зөөн шатааж байна. Үүнийг зах зээлд борлуулах ямар ажил төрөөс хийж байгаа юм. Хятадын зэсийн, нүүрсний, төмрийн хүдрийн агуулахууд өнөөдөртөө дүүрчихсэн, эрэлтгүй байж болно. Гэтэл нөгөө талын мэдээлэл нь агуулах дүүрсэндээ бус Хятадад өнөөдөр аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүчний салбар бүгд өртэй, төрийн зүгээс хэмжээ, нэр төрлийг нь байнга нэмэгдүүлж ирсэн татварт үйлдвэрлэгчид ашгийнхаа 70 хувийг хураалгаж байгаа учраас ган, төмөрлөг, хүнд үйлдвэрлэл уналтад орсон. Тийм учраас Монголын эдийн засагт голлох нөлөөтэй ашигт малтмалын түүхий эд зах зээлгүй болсон гэсэн шинжээчдийн дүгнэлт гараад байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол Хятадын коммунист намын их хурлаар энэ бүгдэдээ бодитой дүгнэлт хийсэн, таван жилийн төлөвлөгөөндөө татварын уян хатан бодлого оруулсан, залруулсан хэмээн бас мэдээлж байна. Үнэхээр урд хөрш маань хүнд үйлдвэрийнхээ татварт аядуу бодлого хэрэгжүүлж эхэлсэн бол түүнийг нь дагаад манай эрдэс баялгийн зах зээл дороо л сэргэнэ. Монголын экспортын 94.1 хувийг БНХАУ эзэлж байгаа. Экспортод гаргаж буй нийт бүтээгдэхүүний 89.3 хувийг уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүн эзэлж байна. Үүний 46.1 хувь нь нүүрс. Энэ хэмжээний нүүрс Хятадын ган, төмөрлөгийн үйлдвэрүүдийн түүхий эд болдог. Гэхдээ Хятадын гангийн үйлдвэрүүд Монголын нүүрсээс хамаардаг гэвэл худал. Харин Монголын нүүрсний зах зээл тэдгээр үйлдвэрээс хамааралтай. Тийм учраас л Хятадын эдийн засгийг нэвт шувт мэдэж, ажиглаж баймаар байна. Тэдний эдийн засаг дахь хөдөлгөөн манай эдийн засаг дахь хөдөлгөөн болчихоод байна. Тэдний эдийн засгийн сэргэлт, уналт Монголынх болчихоод байна. Монголын эдийн засгийн уналтын гол шалтгаан ерөөсөө л энэ.

Өнөөдөр төрийн эрх авсан МАН-ын удирдлагууд 2011 онд нүүрсээ 130 ам.доллараар зарж байснаар бүгдийг төсөөлөөд байх шиг байна. Тэр нь харагдахгүй байгаа учраас энэ улсын эдийн засаг сүйрсэн мэт харагдаад байна. Эдийн засгийн таагүй байдал нь мөнхөд байдаг юм биш. Далайд оволзсон аймшигтай давалгаа аяндаа гадагшлан давалгаалж, намжсаар саардаг шиг Америкийн эдийн засгийн таагүй байдал далайн огцом давалгаа мэт долгилсоор аажимдаа Хятад, Монгол мэтийн олон орныг хамран үелзсээр намжиж байгаа үйл явц гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг уг нь сайн засаглалтай орны улстөрчид илүүтэй мэдэрч, анзаарч байдаг юм билээ. Өнөөдөр Америкийн эдийн засаг сэргэлтийн байдалд орсон. Энэ сэргэлт Хятадад хүчтэй нөлөөлнө. Хоёр биенээ нөхөж буй дэлхийн нэг, хоёрдугаар эдийн засаг. Энэ хоёрын сайн нөлөө манайхыг сэргээнэ. Ер нь бол тав, зургаахан жилийн өмнө Монгол Улс 9 сая тонн нүүрс гаргачихаад баярладаг байлаа. Өнөөдөр тэгвэл 12 сая тонныг гаргаж л байгаа шүү дээ. Тэгэхээр Монголын төр засгийн удирдагчид өнөөдөр хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, хэмнэлтийн онцгой горимд шилжиж, байгаа юмандаа тааруулаад явахад цаана чинь дэлхийн эдийн засагт дулаан уур амьсгал орж ирж байна. Хоорондоо хэмлэлдэлгүй жаахан л тэвччих. Тэгэхэд бидний баялаг үнэд орно. Яасан адгуу юм бэ.

Б.ДОРЖСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 11-16 градус, өдөртөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Албан тушаалд шунан дурлах нь муу юм огтхон ч биш” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ингээд Өдрийн сонины баасан гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.

Тухайлбал, нэгдүгээр нүүрнээс Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай эдийн засгийн тухай ярилцлагыг хүлээн авч уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай цагийн үеийн асуудлаар хийсэн ярилцлагыг сонирхон уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч П.Хашчулууны “Албан тушаалд шунан дурлах нь муу юм огтхон ч биш” гэсэн нийтлэл хэвлэгджээ.

Баримт, үйл явдлын зургаадугаар нүүрэнд “Хоёр эмэгтэйгээр толгойлуулсан таван тэрбум төгрөгийн хохиролтой залилангийн хэрэг”-ийн тухай мэдээллийг сонирхон хараарай. Харин долоодугаар нүүрэнд, “Барилгын компанийнхан нэгнийгээ рекетлэж үйл ажиллагааг нь зогсоосон гэв” хэмээх гарчигтай тодруулгыг хүлээн авч уншаарай.

13 дугаар нүүрний “Танин мэдэхүй” буланд Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхмийн эрхлэгч Д.Эрдэнэбаатартай “Монголын хаад язгууртны оршуулга, тахилгын зан үйл” сэдвээр илтгэл тавьсан талаар сонирхон уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Интерном” номын дэлгүүрийн зургаа дахь салбар нээлтээ хийлээ

Өнөөдөр 16.00 цагаас “Шангрилла” моллын гурван давхарт “Интерном” номын дэлгүүрийн шинэ салбар нээлтээ хийлээ . Шинэ салбартаа номоос гадна бэлэг дурсгалын зүйлс тэр дундаа байгаль орчинд ээлтэй бичгийн хэрэгслүүд болон “Хөсөг брэнд”-н монгол эсгий эдлэлүүдийг худалдаалж байсан нь олны нүдийг хужирлаж байв.

Нээлтийн үйл ажилгааны үеэр “Монголчууд” цувралын IV боть болох XII-XVII зууны түүхийг өгүүлэх “Монголчууд: Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн” хэмээх номын нээлт болж эхний хоёр өдөр 20%-ийн хямдралтай худалдаална гэж байв.


Б.МӨНГӨНСОР

Б.УЯНГА

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид жанжин туганд хүндэтгэл үзүүллээ

Монголын энхийг сахиулагчидын хоёр баг өнөөдөр Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа болон Суданд улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр Монгол цэргийн оройн дээд сүлд болох Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо.

Цэргийн багуудын Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, энхийг сахиулах дайчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг “Шинэ Кабул” баазын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажиллана. Багийн захирагчаар дэд хурандаа Н.Ууганбаяр ажиллах бөгөөд энхийг дэмжих ажиллагаанд өмнө нь гурван удаа үүрэг гүйцэтгэсэн, Зэвсэгт хүчинд 17 дахь жилдээ ажиллаж байгаа манай шилдэг залуу офицеруудын нэг юм. Түүний удирдан ажиллах цэргийн алба хаагчдын 80 орчим хувь нь өмнө нь ажиллагаанд оролцож байсан туршлагатай бөгөөд Зэвсэгт хүчний 30 гаруй анги байгууллагын залуус шигшигдэн бүрджээ.

Энэ өдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн өөр нэг цэргийн баг бол Судан Улсад үүрэг гүйцэтгэх монголын эмнэлгийн цэргийн баг юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн цэргийн баг нь 2010 оны 12 дугаар сарын 19-нөөс эхлэн Судан Улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах “UNAMID” ажиллагаанд оролцож эхэлсэн.

Одоогийн байдлаар эмнэлгийн цэргийн багийн нийт 6 ээлж үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2015 оны есдүгээр сараас долдугаар ээлжийн цэргийн баг ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтаа амжилттай гүйцэтгэсэн энэхүү цэргийн багийг Зэвсэгт хүчинд олон жил ажиллаж байгаа туршлагатай дэд хурандаа Г.Наранхүү удирдан ажиллана.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Жон Лангтри:Монголчуудын хувьд Австрали улс англи хэл сурахаар явж байгаа хоёрдогч улс

Австралийн онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Жон Лангтри өнөөдөр болсон хоёр орны нийгэм, эдийн засгийн “Mongolian update” нээлттэй өдөрлөгт оролцож үг хэллээ. Түүнээс Монгол, Австралий хоёр улс боловсролын салбарт хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар тодрууллаа. Тэрбээр “Манай хоёр улсын хооронд маш их боломж харагдаж байгаа. Өнөөдөр бид зөвхөн улс төр, эдийн засгийн асуудлаар ярихаас гадна улс төр, байгаль орчинд нөлөөлж байгаа зүйлсийн талаар ярилаа. Эдгээр асуудлууд нь Монгол, Австрали хоёрын хооронд зайлшгүй байх ёстой хэлэлцээр юм. Яагаад гэвэл бид сайн гурав дахь хөршийн харилцаатай явдаг. Яагаад гэвэл Монголчуудын гадаад хэл сурахаар, дээд боловсрол эзэмшихээр явж байгаа хоёрдогч улс нь Австрали болж байна. Австралийг зорин явж байгаа монголчуудын тоо нэмэгдэж байгаа энэ үед энэхүү уулзалт нь маш чухал арга хэмжээ болж байна. Монголчууд чанартай боловсролыг эзэмшиж болдог юм гэдгийг ойлгосон учир их хэмжээгээр явж байна. Ер нь үүнийг нэлээд сайн ойлгохын тулд дараа сарын 15-17-ны хооронд Шангрила зочид буудалд хийх өдөрлөгийн үзэсгэлэнд оролцох хэрэгтэй юм. Тэнд Австралийн 25 их дээд сургуулиуд оролцоно. Оюутнууд ч ихээр ирэх болно” гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж Ерөнхий сайдад албан бичиг хүргүүллээ

Өнөөдөр буюу найм дугаар сарын 18-нд УИХ гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Тусгай хамгаалалттай газар нутагт баригдаж байгаа обьектын талаарх албан бичгийг хүргүүлсэн байна. Тэрбээр албан бичигдээ “Их Тэнгэр цогцолборын зүүн талд төрийн тусгай хамгаалалт бүхий газарт “АСЕМ”-ын хуралд зориулсан гэх нэрийдлээр нэгэн барилга баригдаж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. “АСЕМ”-ын хурал зохион байгуулагдаж дууссан боловч одоо болтол уг барилгын ажил үргэлжилж байна. Эндээс үзвэл “АСЕМ”-ын хурал зохион байгуулах бэлтгэл хангах нэрийдлээр тусгай хамгаалалттай газарт хувийн барилга байгууламж барьж, хэрэг дээрээ тэндээс газар залилсан байж болзошгүй байна.

Иймд уг асуудлыг шалган хууль бус, албан тушаалаа урвуулсан болон залилангийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож дүнг танилцуулахыг хүсье” гэж бичжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Оюун: Монгол улс хүрэнээс ногоон руу шилжих хэрэгтэй

Өнөөдөр Туушин зочид буудалд Үндэсний Их Сургууль, МУИС-тай хамтран “Мongolia Update” нээлттэй илтгэлийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь хоёр жил тутамд болдог бөгөөд Монголд анх удаагаа зохион байгуулагдсан юм. Энэхүү арга хэмжээнд эдийн засгийн чиглэлээр Р.Амаржаргал, байгаль орчин ногоон хөгжлийн чиглэлээр С.Оюун нар илтгэлээ англи хэлээр тависан юм. Ингээд УИХ-ын гишүүн асан С.Оюунаас илтгэлийнх нь дараа цөөн хэдэн асуултанд хариулт авлаа.

  • Та сая байгаль орчин ногоон хөгжлийн талаар илтгэл тавилаа. Гадныхан хэр сонирхож байна вэ?
  • Гадныхан Монголын байгаль орчинд тулгамдаж байгаа асуудлуудын талаар маш их сонирхож байна. Австрали өөрөө уул уурхайн орон. Мэдээж улс болгон хөгжих ёстой, урагшлах ёстой. Гэхдээ байгальдаа ээлтэй хөгжих ёстой. Жишээ нь манай говьд гол гол уурхайнууд байгаа. Гэтэл тэнд усны хомсдолтой байгаа. Тэгэхээр байгалиа ч хамгаалаад эдийн засгаа ч хөгжүүлэх арга замыг хайж байна. Монгол Улс Ногоон хөгжлийн бодлогоо хоёр жилийн өмнө баталсан. Сая Тогтвортой хөгжлийн бодлогоо баталлаа. Зүгээр л бодлого батлаад цаасан дээр үлдээх биш хүрэн биш ногоон замаар явмаар байна. Энэ талаар оролдлогуудыг хийж байна.
  • Монголын байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд гадныхан хэр оролцож байна вэ?
  • Сэргээгдэх эрчим хүчийг Монгол Улс дэмжиж ажилладаг. Улаанбаатрын агаарын бохирдолтой холбоотойгоор барилгын дулаан алдагдлыг бууруулах янз бүрийн урамшууллуудыг монголын талаар гаргаж ажиллах ёстой. Манай улс сэргээгдэх эрчим хүчээр 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувь хангахаар бодлогодоо тусгасан. Өнгөрсөн жил Эрчим хүчний яам Дэлхийн Уур амьсгалын сангаас 30 сая долларын буцалтгүй тусламж авсан. Монголын эдийн засаг хэцүү байгаа энэ үед ногоон чиглэлээр хөгжлөө тодорхойлох юм бол бидэнд гаднаас илүү их зээл тусламж орж ирнэ. Хүү багатай зээл ч гэдэг юмуу хувийн хэвшилдээ ч улсдаа ч зээл олдох боломжтой. Гол нь хүрэнгээр биш ногооноор явах юм бол гадны санхүүгийн механизм манайд үйлчлэх таатай хөрс бүрдэх юм. Бид ямар нэг байшин барьчихаад уурын зуухаар халаагаад хүрэн нүүрс хэрэглээд байх биш ногооноор буюу сэргээгдэх эрчим хүчээр амьдаръя гэж л яриад байгаа юм. Ногоон барилга барихад бидэнд хүү багатай зээл ч юмуу техник эдийн засгийнх нь хувьд буцалтгүй тусламж орж ирэх боломжууд их орж ирэх юм.
  • Ногоон хөгжлийг мэдээж чухалчлах нь зөв. Гэхдээ илүү өртөг өндөртэй биш үү?
  • Хуучин бол ногооноор явбал илүү өртөг өндөртэй гэж боддог байсан бол одоо үед илүү ашигтай болж байна. Хүрэнгээс ногоонруу үсрэнгүй хөгжих чинь дэлхийдээ ч улс орондоо ч хэрэгтэй болж бизнесийн хувьд илүү ашигтай зам болж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Мэдээж бид эхлээд гэрийн даалгавар хийж техник технологийн юмнуудыг судлах хэрэгтэй.
  • Австралийн хувьд эдийн засаг нь уул уурхайн салбар дээрээ тогтож явдаг. Тэгэхээр Монголд тэднээс суралцах зүйл их байгаа гэж та бодож байна уу?
  • Австралийн хувьд уул уурхайн дараа орох салбар нь боловсролын салбар байдаг. Боловсролын салбараасаа маш их мөнгө босгодог гэсэн үг. Гадаад оюутнуудыг Австралид маш ихээр авч суралцуулаад түүгээрээ валют олж байна. Бид ч гэсэн уул уурхайгаас орж ирэх жаахан ч гэсэн энэ орлогоо боловсрол, хөдөө аж ахуй зэрэгт эдийн засгаа солонгоруулах замаар оруулбал хөгжинө. Уул уурхай бол хамгийн том салбаруудын нэг нь уул уурхай байсан бол түүнээс ч том салбар нь боловсрол болчихоод байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсооно

УИХ-ын чуулганы хуралдаанаар сум,дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох сонгуулийн тов тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж тогтоолд заасны дагуу сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох сонгууль энэ аравдугаар сарын 19-ны өдөр явагдахаар болсон.

Хуулийн дагуу шилжилт хөдөлгөөнийг сонгууль болохоос 60 хоногийн өмнө зогсоох заалттай. Энэхүү сонгуулийн хуулийн хүрээнд наймдугаар сарын 19-нд буюу маргаашнаас эхлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг сонгууль өнгөртөл зогсоох юм.

Иймд иргэд шилжилт хөдөлгөөний бүртгэлээ цаг алдалгүй бүртгүүлэх шаардлагатай холбогдох мэргэжлийн байгууллага анхааруулж байна. Мөн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийлгэхдээ харъяа сумдын улсын бүртгэгч нарт бүртгүүлэх ажээ.

Б.УЯНГА