Categories
мэдээ нийгэм

“Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа болно

Сургууль, цэцэрлэгүүд үүд хаалгаа нээж, хүүхэд залуусаа хүлээн авахад 12 хоног үлдлээ. Эцэг эхчүүд, хүүхэд багачууд, оюутнууд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаах томоохон ажлыг, нэг цэгт төвлөрүүлэн цаг завыг нь хэмнэх зорилгоор бичиг хэрэг, цүнх, сурагчийн дүрэмт хувцас, гутал, пүүз, оймс гээд бүхий л хэрэгцээг багтаасан 100 орчим аж ахуй нэгж бөөний худалдаа эрхлэгчдийн “Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд болох гэж байна.

Тус үзэсгэлэнг наймдугаар сарын 20-ноос 5-ны өдрийг дуустал зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Глобал Ивэнт” ХХК хамтран ажиллаж байгаа аж.

Мөн үзэсгэлэн худалдааны үеэр хүүхэд багачууд, залуучуудад зориулсан “3-ын эсрэг 3” сагсан бмбөгийн тэмцээн, оловсролын үзэсгэлэн яармаг, шатар даамны тэмцээн, гар зургийн уралдаануудыг зохион байгуулахаар болжээ.

Б. МӨНГӨНСОР

Categories
гадаад мэдээ

Олимпийн алтан медаль авсан тамирчин өөрийгөө түрүүлэхийг мэдэж байжээ

Олимпийн таэквондогийн -57 кг-ийн жинд Их Британийн тамирчин, олимпийн аварга Жэди Жонс Спанийн Ева Калво Гомезтэй алтын төлөө тоглосон юм. Жэди Жонс одоо 23 настай бөгөөд тэрбээр тоглолтынхоо эхний раунд дууссаны дараа өөрийн твиттер хуудсандаа анх таэквондод орж байсан үеийнхээ зургийг оруулж доод талд нь “Хэрвээ чи мөрөөдөж чадвал энэ бүхэн заавал биелэдэг юм” гэж бичсэн байжээ. Тэрбээр өөрийнхөө ялалтыг харж байсан аж.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Усайн Болт найм дахь алтан медалиа авлаа

Ямайкийн 29 настай тамирчин Усайн Болт Рио Де Жанейро хотноо болж буй олимпийн гүйлтийн 200 метрийн төрөлд түрүүлж алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр Риогийн олимпоос гурван алт авна гэсэн амлалтандаа хүрэхэд ганцхан 4х100 метрийн уралдаан үлджээ. Түүнийг барианд орж ирэхэд стадион дүүрэн суусан хөгжөөн дэмжигчид нь “Болт, Болт, Болт” гэж орилж байсан учир бага зэрэг хяналтаа алдсан байна. Ингэснээр өөрийн амжилт болох 19.19 секундээ эвдэж чадаагүй аж. Тэрбээр 19.78 секундэнд орж ирсэн бол Канадын тамирчин Андре де Грасси хоёрдугаар байрт орж, Францын тамирчин Кристофе Лемайтри гуравдугаар байрт орсон байна. Усайн Болт 4х100 метрийн гүйлтийн финалдаа маргааш гүйх юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Малаас хүнд халдварладаг өвчний эсрэг вакцинжуулалт эхэлнэ

Төв суурийн газарт ойрхон бэлчээрлэж байгаа төл малыг наймдугаар сарын 22-ны өдрөөс ирэх сарын 22-ны өдрийн хооронд “бруцеллёз” өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулах аж. Энэ өвчин нь мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс манай орны нөхцөлд хамгийн олонтоо тохиолддог өвчин бөгөөд өвчтэй мал, амьтнаас хүнд халдварлаж, мэдрэл, цус шингэний тогтолцоо, тулгуур хөдөлгөөний болон дотор эрхтэн, шээс, бэлгийн эрхтэн зэргийг гэмтээдэг, дахих, архагших хандлагатай халдварт өвчин юм. Иймд дүүрэг, хорооны төл малыг “бруцеллёз” өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ажлыг тогтоосон хугацаанд шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх, вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл, шатахуун болон бусад шаардагдах зардлуудыг гарган ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Гонгор, Намсрай бурханы тахилга эхэллээ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд дэх Дашчойнпэл дацанд өнөөдөр буюу наймдугаар сарын 19-нд Гонгор, Намсрайн бумбаны их тахилга эхэлж байна. Бумбаны их тахилга жил бүрийн жил бүрийн намрын эхэн сард Гонгор, Намсрай, Дарь-Эхийн, Замбалын түүнчлэн лусын тэргүүтэн бумбуудыг уламжлал болгон тахидаг ажээ. Энэхүү ёслол нь гурван өдөр болох бөгөөд 09:00-16:00 цаг хүртэл өвөрмөц дэг жаягтай хурал номын үйл ажиллагаа явагдах юм.

Гонгор, Намсрай тэргүүтэн нь ертөнцийн тэнгэр хүмүүний хүслийг хангах, эд эдлэлийг арвитгах, үгээгүй ядуугийн зовлонг гэтэлгэх тангарагтай бурхад ажээ. Ялангуяа Гонгор бурханы зүүн мутартаа барьсан бумбыг хүслийг хангагч чандмань эрдэнэ гэж нэрлэдэг байна. Тиймээс энэ бурханы бумбыг ном ёсоор нь бүтээж шид оруулан хайрлах, дээдлэх, тахих учир утгатай ажээ.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгосын тамирчин алтан медаль авсан ч баярласангүй

Рио-де-Жанейро хотноо болж буй Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Хойд Солонгосын тамирчны зураг нийгмийн сүлжээнд шуугиан тарив. Интернэт хэрэглэгчид тус улсын гимнастикч олимпийн аварга болсон ихэд гунигтай харагдаж байсныг бичжээ. Олимпийн наадмын алтан медаль гардуулах ёслолын үеэр Хойд Солонгосын тамирчин Ри Се Гван үнэхээр огт баярлаагүй бөгөөд ихэд гунигтай байсан аж. Интернэт хэрэглэгчид “Удахгүй нутаг буцах учраас түүнд ихэд гунигтай санагдсан байх” хэмээн таамаглажээ. Энэ талаар тамирчин Ри Се Гван хэлэхдээ “Олимпийн аварга болсондоо баяртай, би аз жаргалтай байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Гандантэгчинлэн хийдэд өчигдөр хулгай оржээ

Гандантэгчинлэн хийдэд өчигдөр орой хулгайч орж бурхан алдагдсан хэрэг гарчээ. Хулгайч тус хийдийн оройн “Жүд” дацанд 22.00-22.30 цагийн хооронд нэвтэрсэн бөгөөд гуулин бурхан хулгайлсан гэдгийг цагдаагийн байгууллагад лам нар мэдэгджээ.

Дуудлагын дагуу шалгаад гэмт этгээдийг шуурхай илрүүлэн саатуулсан тухай мэдээллээ. Хэргийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд орших суух 32 настай Б бусадтай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй юм байна. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Албан тушаалаа ашиглаж улсыг хохироосон бол хамгийн багадаа ёсзүйн хариуцлага хүлээнэ

“Өдрийн сонин”-ы 2016.08.12-ны №184 (5449) дугаараас авч нийтлэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Сангийн сайдын хийсэн мэдэгдэл сүүлийн хэдэн өдөр дуулиан тарьж байна. Мэдэгдлээс өмнөх Засгийн газрын алдаатай шийдвэрүүд эдийн засгийг дампууруулсан гэх өнгө аяс цухалзаж байгаа?

-Хэдийгээр МАХН тухайн үед засаг барихад хамтарч оролцсон гэж ярьж байгаа боловч бодитоор аваад үзэхэд миний хувьд нам, засаг дотроо сөрөг хүчин байсан. Би их шүүмжлэлтэй хандаж байлаа. Үнэнийг хэлэхэд бүх зүйлд тооцоо судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр хандаж нөхцөл байдлыг дордуулсан. Тухайн үед Монгол Улсын нэр хүнд өндөр байсан. Бондыг жилийн дөрвөн хувийн хүүтэй оруулж ирэхийг бүх гишүүд 100 хувь дэмжсэн. Би ч дэмжсэн. Гэхдээ тодорхой төсөл байхгүй, хэзээ төлөгдөх нь ойлгомжгүй, хэрвээ Монгол Улс өрөнд орвол гарах гарц нь тодорхой биш байна. Эхлээд үүнийгээ яриад тодорхой болгочихоод зээлээ аваач гэж хэлж байлаа. Гэтэл ороод ирэнгүүт нь шууд төмөр зам руу хийсэн. Одоо төмөр замын үлдэгдэл мөнгөө хийж чадахгүйгээсээ болоод хэдэн хүмүүсийг шоронд хийх гээд явж байна. Зээлийн хүү бага байсан ч богино хугацаатай зээлийг хурдан эргэлтэд оруулах ёстой. Тэгэхээр 2017 онд Монгол Улс зээл, хүүгээ төлөх гэж байгаа яг энэ мөчид бол хаа хаанаа хомсдол үүсчихсэн байгаа нь бодитой үнэн. Монголбанк дураараа аашилсан. УИХ-ын гишүүдэд мэдэгдэлгүйгээр асар их мөнгө хэвлэгдсэн гэж би ойлгож байгаа. Жишээлбэл, 1072 хувьцааны мөнгө хаанаас гарав. 21 мянган төгрөг ард түмэндээ тараахад 350 сая ам.доллар гарч байсан. Одоо 300 мянган төгрөгийг тараахад хичнээн хэмжээний мөнгө гарсан бол. Тэр мөнгийг Монголбанк хэвлээд гаргачихав уу эсвэл гадны хүмүүс оруулчихав уу. УИХ-ын гишүүд нь бодит мэдээллээр хангагдахгүй байна. Одоогийн Засгийн газрыг дөнгөж байгуулагдахад нь би ихэнх сайдтай нь уулзаж яг бодит мэдээллээ гаргаж өгөөч ээ. Одоо төсөв яах юм гэж асууж байсан. Гэтэл өнөөдөр (өчигдөр) төсвийн төсөөлөл гээд төсөл нь орж ирж байна. Жишээлбэл, Эрдэнэтэд гурван тэрбум төгрөгөөр барих үерийн даланг 23 тэрбум төгрөг гээд оруулаад ирсэн байна. Ийм л болчихоод байна шүү дээ.

-Хямд зардлаар барьчихаж болох зүйлийг илүү үнэлээд байна гэж үү?

-Төрийн аудит гэж байгаа юм бол бүх гүйцэтгэл дээр аудитын дүгнэлт гаргаач ээ. Мөн төсвийн төслөө оруулж ирэхдээ аудитын дүгнэлтээ давхар хавсаргадаг байх хэрэгтэй. 76 гишүүн бүгдээрээ мэргэжлийн хүмүүс биш. Тиймээс тухайн газар даланг гурван тэрбумаар барих юм уу, 23 тэрбумаар барих юм уу гэдгийг шууд мэдэхгүй. Мэргэжлийн байгууллага оруулж ирсэн байх гээд нүдээ аниад үеийн үед төсөв баталж байсны гай гарч байна. Зөндөө жишээ бий. 2008-2012 оны үед Хан-Уулд барьж эхэлсэн төрөхийн барилга одоо царцчихаад байна. Таван тэрбум төгрөгийн өртгөөр барих худгийг таван сая ам.доллар гээд хийчихсэн. Ямар ч аудит гаргаагүй 10 ширхэг худаг ухчихсан газар байна шүү дээ. Энэ бүр дэндүү замбараагаа алдчихсан байхгүй юу. МАН-ын үед ч, АН-ын үед ч ийм байсан. Тэгэхээр одоо үүнийгээ цэгцэлье. Бие бие рүүгээ чихээд яахав. Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа юу гэвэл хүнд байгаа. Хэнээс болов гэдгийг эхний ээлжинд ярихаа больё. Харин төсвөөс мөнгө хийсэн, хийх гэж байгаа гэсэн бүх ажил дээрээ хөндлөнгийн санхүүгийн шалгалт оруулъя. Жишээлбэл, “Сайн” малчин, оюутан, хашаа гэдэг хөтөлбөрүүд сайн зүйл үү гэвэл тийм. Гэхдээ “Сайн” хөтөлбөрийг санхүүжүүлэх мөнгө байсан уу гэвэл би мэдэхгүй байна.

-Өмнөх Засгийн газарт МАХН орж ажиллаж байсан. Тийм учраас алдаатай шийдвэрүүд байвал хариуцлага хүлээх байх?

-МАХН хамтарч засаг бариагүй шүү дээ. МАХН-д байсан хэдэн хүн сайдын суудал нэртэй авсан. Тэдний ихэнх нь ураг төрөл, хамаатан садан, хамгийн сүүлд нууц амрагаа хүртэл агентлагийн даргаар тавьж байгаад тэрэнтэйгээ хамт МАН-д урваад орчихсон. Үлдсэн хэдэн хүмүүсийг нь АТГ барьж авна гэх мэтээр үйл явдал өрнөсөн. Ийм учраас МАХН хариуцлагыг үүрэх бололцоогүй. Ардын нам засагт хамтарч байхдаа зургаан сайд тавиад зургаан мянган хүнийг ажилтай болгосон юм. МАХН дөрвөн сайд тавиад дөрвөн жил дараалан балбуулаад, нүдүүлээд хэдэн ураг төрөл хамаатан саднаа ажилтай болгосноос өөр олигтой бодлого явуулж чадаагүй. Үүнийг би шүүмжилж байсан. Сайд хийж байгаа хүмүүс сайн ажиллах хэрэгтэй. Гэхдээ ний нуугүй хэлэхэд намынхаа багаар, намынхаа боловсон хүчнээр хийх ёстой болохоос сайдын хамаатан, цүнх барьдаг хүн хийх ёсгүй. Одоо МАН тэрийг дуурайгаад л явчихлаа. Монголын төр тэдэнд өртэй юм уу хаашаа юм. Нөгөө хэдийн цүнх барьдаг хүмүүст дэд сайдаас эхлээд есөн шидийн албан тушаал өгөөд л явж байна. Одоо Монголын төрөөр тоглохоо больцгооё. Сангийн сайдын мэдэгдэл бол ажлаа авсан хүн мэдээлэл өгсөн байх. Өмнө нь байсан хүмүүс худлаа мэдээлэл гэж өөрийгөө өмөөрөх эрхтэй.

-УИХ дээр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан валютын нөөц хасах болсон гэдэг мэдээлэл өгч байсан. Сангийн сайдын мэдэгдэл хийсний дараа манай улсын бондын үнэ унасан, долларын үнэ өссөн зэрэг сөрөг үзэгдэл харагдаж эхэллээ. Та үүнийг юу гэж үзэж байна?

-Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн нууцад хамаарахаас бусад эсвэл УИХ-аас тогтоосон тусгай дэгээр явуулаагүй бол ард түмэн мэдээллийг ил тод, нээлттэйгээр авах эрхтэй. Одоо үүн дээр хоёр сонголт байна. Бодит мэдээллийг ард түмэнд өгөөгүй, эдийн засгийг ийм болтол нууж байсан хүмүүс хариуцлага үүрэх ёстой. Эсвэл бодитой биш мэдээллээр ард түмнийг бужигнуулаад, эдийн засагт хохирол учруулсан гэж үзэж байгаа бол тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Нэг үгээр худлаа ярьж байгаа бол хариуцлага хүлээх хэрэгтэй. Харин үнэхээр ийм болчихсон бол бид мэдэх л ёстой шүү дээ. Бид төрийн санхүүгийн талаар мэдээллийг авах эрхтэй бөгөөд үүрэгтэй. Үндсэн хуулиар тэр эрхийг олгочихсон. Тийм учраас би 1072 хувьцааны мөнгө хаанаас гарсан, Эрдэнэтийн 49 хувийн 400 сая ам.доллар ямар эх сурвалжаас гаралтайг гаргаж ирнэ үү гээд УИХ-ын гишүүний хувьд Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Дээрээс нь Сангийн сайдын мэдээлэл бодитой эсэх асуудал байна. Миний хэлээд байгаа бодит санал бол төрийн аудитыг оруулчихъя. Аудитын дүгнэлт гаргуулчихъя. Тэгвэл АН, МАН-ын мэдээлсэн шиг байна уу гэдэг тодорно. Мэдээлэл бол ноцтой. Үүнийг үнэн эсэхийг эхлээд тогтооцгооё.

-Сангийн сайдын мэдэгдлийг аудитаар шалгаад АН, МАН-ын аль нэгнийх нь буруу боллоо гэж бодъё. Тэгвэл ямар хариуцлага хүлээлгэх юм бэ?

-Төрийн онц чухал мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан хариуцлага үүрч магадгүй. Би одоогоор мэдэхгүй байна. Эсвэл нөгөөдүүл нь хэрвээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан бол ядаж улс төрийн буюу ёсзүйн хариуцлага хамгийн багадаа хүлээнэ. Эрүүгийн хариуцлага ч үүрэх хууль эрхзүйн орчин байгаа шүү дээ.

-Эдийн засаг хүндэрсэн нөхцөл байдлаар далайлгаж байгаад гадаадаас зээл авах, гадны банкийг оруулж ирэх гэж байна гэсэн хардлага олон нийтэд байгаа. Таны хувьд ямар нэгэн хардлага байна уу?

-Бидэнд эдийн засгийг аврах дөрвөн боломж байгаа. Нэгдүгээрт, “Стэнд бай” хөтөлбөрт орж болох юм. Гэхдээ тэр нь аюултай. 500 сая ам.долларын төлөө бид эдийн засгийн хараат байдалд орно. Эсвэл бонд босгох юм уу гадаадаас мөнгө зээлнэ. Гэвч Монгол Улсын нэр хүнд ийм байхад бидэнд өмнөх шиг таатай нөхцөлтэй зээл олдохгүй. Мөн дээрх хоёр хувилбар Монгол Улсад ч ашиггүй. Гуравдугаарт, таатай нөхцөлөөр төсөл хөтөлбөрийг Монгол Улсад байлгах. Жишээ нь, Оюу толгойн борлуулалтын орлогыг Монгол Улсын банк санхүүгийн системээр явуулахыг хатуу шаардаж болно. Тэр мөнгө энд байршиж байж бид борлуулалт дээр хяналт тавьж, мөн долларын ханшаа буулгана. Монгол Улсад ажиллаж байгаа бол манай орны санхүүгийн дүрэм, журмыг дагах ёстой. Бид татварын хөнгөлөлттэй нөхцөлөө тохирсон болохоос гадаадын банкинд мөнгөө хийхээр тохироо хийгээгүй. Би хуульч хүний хувьд хариуцлагатай хэлж байна шүү. Популизм хийгээгүй. Иймэрхүү байдлаар хурдны зам ч юм уу ярьж байгаа томоохон төслүүдийн мөнгийг яаралтай Монгол Улсын банкинд байршуулах нөхцөлтэйгөөр хийх ёстой. Ингэвэл зөв системээр эдийн засгаа эрүүлжүүлж чадна. Дөрөвдүгээрт, тодорхой төслүүдээ гадныханд зарах. Жишээлбэл, 34 хувиа эсвэл Таван толгойн ордуудаа зарж болно. Ийм л дөрвөн арга байгаа. Өөр арга алга. Ийм яаралтай арга хэмжээ авч байж эдийн засгаа аварна. Банкны хувьд одоо байгаа зургаан олигархи банкийг дампууруулахгүйн тулд Монголбанк мөнгө хэвлэж зээлүүлчихлээ. Энэ буруу. Зах зээлийн хууль байдаг юм бол зургуулаа дампуурвал дампуураг. Зах зээлийн өрсөлдөхүйц систем оруулж ирэхгүй юм бол өөр яах гээд байгаа юм. Өөр гарц байна уу. Эсвэл зургаан банкаа авар эсвэл шинэ банк оруулж ир. Чайна банк байна уу, Франц банк байна уу айх хэрэггүй. Монгол Улсын иргэд ажилтай орлоготой байх хэрэгтэй. Жилийн нэг хувийн хүүтэй зээл өгдөг банк байвал алга ташаад авах хэрэгтэй. Жилийн 25 хувийн хүүтэй зээл өгдөг банкаар яаж амьдрах гээд байгаа юм бэ. Үүнийг эрүүлээр сэтгээд бүгдээрээ ажиллая л даа. Бүгд ажилтай байвал орлоготой байна. Орлоготой байвал эдийн засаг чинь өөрөө өсөөд л явчихна.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ш.Доржсүрэн: Бид Монголын кино урлагийн салбарт шинэ зам гаргах гэж зорьсон

“Doz” энтертайментийн захирал, жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэнтэй ярилцлаа.

-Тун удахгүй “Нэг өдрийн дайсан” кино нээлтээ хийх гэж байна. Киноны тухай товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-“Doz” энтертайментийнхан эхэндээ тайзны уран бүтээл хийж байсан. Гэхдээ дэлгэцийн уран бүтээлд ороод нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Бид “Арт хаус” чиглэлийн кино хийдэг. Энэ төрлийн кино хийхэд маш их өртөг гардаг учраас залуучуудыг дэмжсэн уран бүтээлд орж байгаа. Монгол залуучуудын орон болж байна. Тиймээс тэдэнд хэрэгтэй, сэтгэлийг нь хөглөх кинонуудыг хийж байгаа. “Plus motion picture” гэж шинэ компани байгуулаад манай хүү Д.Эрдэнэбулган удирдаж, найруулаад киногоо хийж байгаа юм. “Plus motion picture”-ын хоёр дахь бүтээл болох “Нэг өдрийн дайсан” киногоо амжилттай хийж дууслаа. Энэ кино наймдугаар сарын 26-нд нээлтээ хийх гэж байна. Намар үзэгчид маань амралт зугаалгаас кино саначихсан ирдэг. Санасан ирж байгаа үед киногоо нээж, үзвэрийн сонголттой болгож байгаад баяртай байна.

-Киноны гол дүрд ямар жүжигчид тоглосон бэ?

-Намайг тоглооч гэж урьсан л даа. Би өөрөө кинонд тоглоогүй удсан учраас нэлээд бодож байж шийдсэн. Киноны дүр миний хуучин тоглодог байсан гацаа хүүгийн дүрд суурилж, хөдөөгийн хүү хотод ирсэн байдлаар хийвэл яах вэ гэсэн санааг гаргасан байсан. Тэр санаагаараа киногоо хийж дууслаа. Кинонд царайлаг залуу, царайлаг эмэгтэй жүжигчид тоглох их чухал юм билээ. Над шиг царай муутай хүн голлоод байх шаардлага байхгүй. Гадны киноны контентыг харахад ихэвчлэн царайлаг эмэгтэйчүүд, залуучууд тоглодог. Урлаг тодорхой хэмжээний гадна талын хэлбэрийг хардаг учраас царай их хамаатай. Л.Цогзолмаа гуай “Урлагийн хүн царайлаг байх ёстой. Зураг авч байхад хаашаа ч харсан гоё харагдах нь том шалгуурын нэг” гэж ярьдаг байсан. Тэр утгаараа туршлага сууж байгаа, кинонд зүрх сэтгэлээ зориулдаг жүжигчин Т.Билэгжаргалыг киноны гол дүрээр сонгосон. Эмэгтэй гол дүрд дуучин С.Хишигжаргал тоглосон.

-“Doz” энтертайнментийн киног харахад голдуу гадаадад зураг авалтаа хийсэн байдаг. Өртөг мөнгөний хувьд арай илүү зардал гарах байх даа?

-Хэлбэр харж гадаад руу яваад байгаа юм биш. Амайг би гадаадын олон газраар бадарчилж, нүд тайлж, тэдний соёлыг улсдаа авчрахад үүрэг гүйцэтгэсэн хүн гэж боддог. Тэрэнтэй адилхан манай “Doz”-ынхон маш олон газраар явж гадны кинотой танилцсан. Зарим оронд нь киногоо хийсэн. Бид гадныхантай хамтарч ажиллах, тэдний зах зээл дээр киногоо гаргах оролдлогуудыг 10-аад жил хийлээ. Найруулагч болоод тайзнаас гадна нэлээд олон кино хийсэн байна. Наян хувь нь гадны оронд очиж хийсэн кино байгаа. Энд хөрөнгө мөнгөний асуудал мэдээж өндөр гардаг. Зөвшөөрөл, хоол унд, буудалд зардал гээд гарна. Гэхдээ бидний толгойд гаргасан зардлаасаа илүү мэдлэг орсон болов уу. Биднээс гадна биднээр дамжуулаад манай иргэд гадныхны киноны хэв маягийг мэдэж авсан. Хүн мартамхай амьтан учраас өчигдрийн зүйлийг мартаж байдаг. Тиймээс дахин сануулж хэлэхэд бид Монголын кино урлагийн салбарт шинэ зам, шинэ жимийг гаргах гэж зорьсон. Энэ нь мөн манай киноныхонд нөмөр нөөлөг өгсөн. Яагаад гэвэл гадны киноны стандарттай ажиллахад болох юм байна гэдэг сэтгэлийн дэмийг өгсөн байх.

-Монголын кино ямар түвшинд байна гэж харж байгаа вэ?

-Манай монголчууд их авьяастай хурдан сурч, хурдан мартдаг. Кино хийх хүсэлдээ хэт автаад байгаа нь нэг алдаа болдог. Яаж хийхийг нь сайн мэдэхгүй, гаргалгаагаа судлалгүйгээр бүтээлдээ орох тал байдаг. Манайд боловсон хүчин бэлддэг сургуулиуд нь киноны чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна. Хуучны оросын зүйлийг улиг болтол ярихаас татгалзаж одооны зах зээл дээрх киноны хэв маягийг харах хэрэгтэй. Нөгөө талаас кино хийх хүсэлдээ автаад аливаа нэг зүйлийг шууд хуулбарлан ашиглах сэтгэл зүй рүү орж эхэлдэг. Бидний хувьд гадны зах зээлд хүмүүстэй уулзаад бүх юм өөрийн оюуны өмчийн баталгаа, хөгжим, зураг авалтууд албан ёсны байх зарчмаар ажиллаад сурчихлаа. Тиймээс дараагийн кино энэ чиглэлээр бүрэлдээд явна гэсэн үг.

Манай дотоодын зах зээлд хийж байгаа залуусын киног би муу байна гэж хэлэхийг хүсэхгүй байна. Хөгжиж байгаа. Гадаад орны маш их өртгөөр босч байгаа кинотой өрсөлдүүлж байгаа нь эх орны хувьд шоовдорлож үзэж байгаа шинж гэж үзэж болно. Сая киноны хууль батлах гээд чадсангүй сонгууль өнгөрлөө. Гадны киног дэмжих бодлого манайхаас өөр оронд байдаггүй байх. Дийлэнх нь өөрийн орны киног илүү тавьж, бусад киног шүүлтүүрээр оруулж, татвар авдаг. Гэтэл манайхан гадныханд найр тавьдгаараа тавьж байна. Дотоодынхон яахаа өөрсдөө шийдэцгээ гэсэн байдалтай байдаг учраас Монголын кино өөдлөхөд хэцүү байна.

-Киноны зохиолын хувьд хэт хэтрүүлэгтэй хийсэн байгаа харагддаг. Танайх киноны зохиолоо яаж сонгодог вэ?

-Сэдэв бол кино хийгчдийн өөрсдийнх нь торгон мэдрэмжээр сонгосон сонголт байдаг. Бидний хувьд хамгийн анхны киног туршлага суулгахын тулд “Дурласны маргааш” киног ийм хүмүүсийн ийм бүтээлээс сэдэвлэн бүтээлээ гээд бид монгол хувилбарыг оруулж, өөрсдийн санааг оруулсан. Тэр киног бид эзнийг нь нэрлээд ил гаргаж ирж хийсэн. Одоо тэр маань далд хэлбэр рүү шилжээд зохиолч нь тодорхойгүй мөртлөө маш олон кино хийгдэж байна. Тэгэхээр одоо зохиолч нараа шалгахаа ч больчихлоо. Чанарыг ч шалгахаа больчихож. Сэдвийн хувьд монгол хүнд чиглэсэн байх ёстой. Зарим киног харахад Монголд огт байдаггүй, хэзээ ийм юм боллоо гэсэн зүйл үйлдвэрлэгдэж гардаг. Энэ мэдээж хуулбар сэдвүүд байдаг. Жишээлбэл, Монголд ямар мафи байгаа юм. Хар машинтай, хар хослолтой залуус яваад байгааг мэдэхгүй байна. Монголын асуудлыг дэлхийд гаргаж ирдэг байх ёстой. Гэтэл хаанаас ирсэн санаа Монголын кино болж гараад байгаад би жаахан хардаад байдаг юм. Тиймээс эхний удаад туршлага суулгахын тулд ийм зүйл хийхийг үгүйсгэхгүй байя гэхэд энэ нь өөрөө Монголын залууст эерэг зөв санаа өгдөг байгаасай гэж хүсдэг. Яагаад гэвэл киногоо сонирхолтой болгохын тулд пивоны шилээр толгой руу нь хайр найргүй цохиж байгаа хэсэг манайд хэрээс хэтэрч байна. Бие биенийгээ юу ч болоогүй юм шиг алж, бассейн руу живүүлж байгаа тухай кино эрээ цээрээ алдаж байна гэхэд болно. Энэ нь өөрийн нөлөөллөөр үзэгчдэд хэвийн л зүйл гэж харуулж байгаа нь аймшигтай. Гадны зохиолоос сэдэвлэж болох ч хүний төлөө байх ёстой. Бид үзэгчдийг хүндлэх ёстой. Хүмүүс дэлгүүрээс талх авахдаа барьж үзэж байгаад авдаг бол урлагийн бизнес арай өөр. Зар сурталчилгааг үзсэний дараа мөнгөө төлсний дараа бүтээгдэхүүнээ үздэг. Үүнийг дагаад реклам сурталчилгаа нь гоё ч бүтээлээ үзэхэд чааваас гэж хэлүүлэхээр байна гэдэг нь киног унагаад байгаа юм. Тиймээс чанартай, орчин цагтайгаа нийцсэн кино хийхийг хүсдэг.

-Урлагийн гэр бүл учраас хүүхдүүд тань урлагт дурлаж байгаа байх?

-Хуучны гэр бүлүүдийн адилаар дагаж явсаар байгаад эхнээсээ өөрийн үзэл бодолтой болоод заримдаа миний үгийг тийм байдаггүй гэж шийдэхээр хэмжээнд хүрлээ. Тэгэхээр энэ миний хувьд сайхан санагдаж байгаа. Мэдээж хэцүү давааг давах амьдрал руу орчихлоо. Сэтгэж, зөв шийдвэр гарах, ачаалал даах, өлсөж сурах гээд энэ бүгдийг хийж сурдаг л ажил. Бага охин Энх-Энэрэл маань урлаг руу бас их сонирхолтой юм байна. Цаг зав зарцуулж чадахгүй ч гэсэн хадмууд маань өсгөж байгаа. Эмэгтэй хүнд боловсрол чухал учраас илүү ихээр боловсролд нь анхаарч байна.

-Та хоёрыг нөхөр нь найруулаад эхнэр нь гол дүрд тоглодог гэсэн шүүмж яваад байсан. Сүүлийн үед Мөнгөнзул тоглохоо больчихсон юм шиг харагдаж байгаа?

-Нэг хэсэг Дооёо найруулаад Зулаа тоглодог гэдэг байсан. Нэг талаараа ортой байх. Үүнд тайлбарлаж хэлэх тайлбар их байдаг. Утгагүй зүйлийн төлөө араас нь хөөцөлдөх хэрэггүй гээд орхидог. Нэг гэр бүлийн хоёр хүн хамт бизнес хийж байгааг монголоор нэг харж болно. Өглөө босоод л ажилдаа хамт яваад ирж байна. Улаанбаатар хотын ихэнх машинд эхнэр, нөхөр хоёр ажлаа яриад л явж байдаг. Энэ бол тийм хортой зүйл биш болов уу гэж бодож байна. Нөгөө талаас бид бие биенээ юу хийх гээд байгааг ойлгодог. Ойлголцол жүжигчин найруулагч хоёрт нэлээд удаж байж төлөвшдөг зүйл. Ажил дээр бид ажлын хандлагаар л ханддаг. Зулаа маш сайн зохион байгуулагч. Ар талын ажлыг сайн хийдэг. Зулааг жүжигчний карьераа хэн нэгнээс болоод болиосой гэж хүсэхгүй байна. Манай хүн одоо өөр киноны санал авчихсан байгаа. Гадны кинонд тоглохоор хоёр ч санал авсан. Цаг хугацаа баримталдаг учраас ажилдаа бэлтгэлээ хангаад байж байна.

-“Doz” энтертаймент олон ангит кино хийх үү?

-Маш сайн реклам хийдэг студи кино хийж чадахаа больчихсон байдаг. Энэ нь ажлын дадалтай холбоотой. Мөн нэг ангит кино хийдэг хүмүүс реклам хийхэд дандаа уртдуулчихаад байдаг. Бид нэг ангит кинон дээр ажиллаад сурчихсан учраас олон ангит руу орохдоо их судлах хэрэгтэй. Шууд чадна гээд орох буруу л зүйл. Бололцоо боломжоо судлах хэрэгтэй. Олон ангит кино нэг ангиас нөгөө анги руу шилжихдээ үзэгчдээ алдахгүй байх шаардлагатай. Эхний гурван ангийг нислэгийн үе гэдэг. Энэ гурван анги их онцгой байх ёстой. Түүний дараа үзэгчдийнхээ сэтгэл зүйг барьж авна гэдэг чухал. Манайхан олон ангит киног телевизийн гэдэг талаас нь хараад байдаг. Тэрийгээ дагаад зохиомж тал руугаа явчихсан байдаг. Кино гэдгийг мартаж болохгүй.

Дэлхийн үзэгчид олон ангит кинонд орчихлоо. Энэ бол хүний амьдралтай шууд холбоотой. Зарим тохиолдолд үүнийг хүмүүс алсын хараа зорилгоо алдаж эхэлж байна гэж дүгнэдэг. Хүмүүс амьдралынхаа төлөө биш киноны дараагийн анги зорилго нь болж эхэлдэг. Жишээ нь “Халтар царайт” хүмүүс бүгд ирээдүйгээ харж чадахаа больсон байхад гарсан кино. Маргааш яах бол гэж голоо зогоож амьдралаа болгож байгаа юм. Монголд олон ангит кино хөгжиж эхэлж байна. Дэлхийн олон ангит кино маш өөр болсон. Нэг ангит уран сайхны кино шиг хийгдэж байгаа. Тиймээс бид хуучны өнцгөөс хийж байгаа олон ангит киногоо өөрчлөх ёстой гэж бодож байна.

-Кинонд баг бүрдүүлэлт чухал. Та жүжигчнээ яаж сонгодог вэ. Киног чинь харахад нэрд гараагүй жүжигчдийг сонгосон юм шиг санагддаг?

-Нэгд хүнийг нь харах ёстой. Энэ их чухал. Бидний хувьд баг бүрдүүлэхдээ алдаж байсан асуудал бий. Багаа их сайн сонгох хэрэгтэй. Кино хийхэд сэтгэл хамгийн чухал. Зөвхөн кино гэлтгүй бүх зүйл дээр харагддаг. Туршлагатай жүжигчин эсвэл хүсэл тэмүүлэлтэй хүн байвал би хүсэл тэмүүлэлтэйг нь сонгодог. Заавал алдартай байх шаардлагагүй. Бид баг болж ажиллаж чадах, өөртөө итгэлтэй байх, ажилдаа хүсэл мөрөөдөлтэй тэмүүлэлтэй хүн байхад болно гэж боддог.

-Та киноны нээлтэн дээр хэр догдолдог вэ?

-Нээлтэн дээр догдлох амьд байгаагийн шинж. Зураг авалт эхлэхэд ч сандардаг. Хэрэв би өөрийгөө сандрахаа больчихсон байгаагаар мэдрэх юм бол энэ ажлыг зогсоох хэрэгтэй. Яагаад гэвэл юу ч мэдэрч чадахаа больж байгаагийн хэлбэр. Тиймээс киноны нээлтэн дээр их сандарч, догдолдог. Оюун санаанаасаа гарсан зүйлийг хүнд хүргэнэ гэдэг том шалгуур. Хүмүүс баяр хүргэж гар барихад ямар байгаа нь мэдрэгддэг. Ер нь сэтгэл догдлуулсан мөчүүдийн нэг гэж болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сумъяа: Тамирчдаа дэмжиж, дээлний захыг нь мушгиж суусан ард түмэндээ баярлалаа

“Рио-2016” олимпийн наадмаас жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд барилдаж, олимпийн мөнгөн медаль хүртсэн МУГТ Д.Сумъяа эх орондоо ирлээ. Тэрбээр өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний өглөөний зургаан цагт “Чингис хаан” ОУ-ын нисэх буудалд газардлаа.

Нисэх буудлын хүлээлгийн танхимд олимпийн мөнгөн медальтнаа угтан авахаар гэр бүл, найз нөхөд, ах дүү нар нь ирсэн байв. Мөн “Хилчин спорт хороо”, Хил хамгаалах байгууллагын удирдлагууд болоод хэвлэл мэдээллийнхэн цугласан байлаа.

Энэ үеэр зээ охиноо угтан авахаар хүлээж суугаа Д.Сумъяагийн өвөө А.Маанкаа гуайтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

Тэрбээр “Хайртай зээ охин маань олимпийн мөнгөн медаль хүртсэнд “хөгшин аав” нь их баярлаж байна. Бид Увс аймгийн Баруунтуруун сумаас өчигдөр ирсэн. Одоо охиноо хүлээн авах гээд сууж байна. Монгол түмнийхээ энэ сайхан хайр хүндэтгэлийг дааж яваарай гэж хэлье” гэлээ.

Мөн олимпийн мөнгөн медальт Д.Сумьяа, хүрэл медальт Ц.Отгондалай нарын харьяалагддаг “Хилчин” спорт хорооны дарга, Монгол Улсын заан, хурандаа Ц.Мягмарсүрэнгээс баярын сэтгэгдлийг нь сонссон юм.

Тэрбээр “Эх орныхоо торгон хилээс олимпийн наадмыг зургаан тамирчин маань зорьсон. Хоёр тамирчин маань сайхан амжилт үзүүлж ард түмнээ баясгалаа. Тэр дундаа Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа маань олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн нь бахархалтай сайхан байна. Хилчин спорт хороо, Хилийн цэргийн үлгэр жишээ найрал хөгжимчдийн хамтаар Д.Сумъяагаа хүлээн авч байна” гэв.

Ард түмнээ баярлуулж олимпийн мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа нисэх буудлын танхимд багш, дасгалжуулагчийнхаа хамтаар орж ирлээ. Аав, ээж хоёр нь охиноо хадаг, сүүтэй угтан авч баяр хүргэн үнслээ.

Энэ үеэр олимпийн мөнгөн медаль хүртсэн МУГТ Д.Сумъяагаас баярын сэтгэгдлийг нь сонслоо.

Тэрбээр “Юун түрүүнд Монголынхоо ард түмэндээ маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Олимпийн наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гарган, төрийн далбаагаа мандуулсандаа сэтгэл их өндөр байна. Тамирчдынхаа дээлний захыг нь мушгиж сэтгэл зүрхээрээ хамт байсан ард түмэндээ дахин дахин баярлалаа гэж хэлье. Мөн энэхүү өндөр амжилтанд хүргэсэн багш нартаа баярлалаа. Төрүүлж, өсгөсөн хайрт аав, ээж хоёртоо баярлалаа. Мөн “Монголын Жүдо Бөхийн Холбоо”, “Хилчин спорт хороо”, нийт хилчдээ баярын сэтгэгдлээ хуваалцмаар байна. Та бүгдийн дэмжлэг, сэтгэлийн хүчинд, олимпоос медаль хүртсэн шүү гэж хэлье. Барилдааны хувьд эхнээсээ л их хүнд байлаа. Бүх барилдаан хариуцлагатай байсан. Дэлхийн шилдгүүдтэй барилдаж мөнгөн медаль авсандаа баяртай байна. Тэр дундаа Япон улсын тамирчин олимпийн аварга Мацумото Каориг энгэр ханцуйнаас үүрч, цэвэр ялж мөнгөн медалийн болзол хангачихаад маш их баярласан шүү. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Бразил улсын нэрт бөх Рафеала Силватай тэнцүүхэн барилдаан хийсэн. Р.Силватай өмнө нь хэд хэд таарч барилдаж, даваа, унаа тэнцээд байсан. Юутай ч бүх хүчээ шавхан, багштайгаа барилдааны зөв тактек боловсруулан барилдаж, мөнгөн медаль авсандаа баяртай байна” гэлээ.

Энэ дашрамд Монгол Улсын Жүдо бөхийн ахлах дасгалжуулагч О.Балжинням аваргаас сэтгэгдлийг нь сонлоо.

Тэрбээр “Д.Сумъяа маань олимпийн мөнгөн медаль авсанд их баяртай байна. Бэлтгэл сургуулилалтаа сайн хангаж олимпод очсон. Энэ ч утгаараа олимпоос мөнгөн медаль хүртлээ. Мөн Д.Сумъяаг хажуу талаас нь заавар зөвлөгөө өгч, бэлтгэл сургалтыг нь тулж хариуцан авсан Х.Эрдэнэт-од багшид баяр хүргэе” гэлээ.

Э.МӨНХТҮВШИН

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ