Categories
энтертаймент-ертөнц

Дэлхийн хамгийн олон кинонд тоглосон бар үхжээ

Энэтхэгт дэлхийн барнуудын хагас нь буюу 2.226 бар амьдардаг байна. Бидний зургийг нь олонтоо харж байсан Энэтхэгийн “Рантамбор” үндэсний хүрээлэнгийн “Хатан” гэгддэг Малчи бар 19 нас наслаад үхжээ. Малчи бол маш олон баримтат кинонд тоглож дэлхийд хамгийн их зургаа авахуулсан бар юм. Түүний 14 метрийн урттай матартай тулалдаж байгаа бичлэг нь хамгийн алдартай нь аж. “Рантамбор” үндэсний хүрээлэнд өдөрт мянга мянган жуулчид ирдэг бөгөөд тэдний хамгийн их анхаарлыг нь татдаг байсан нь Малчи гэнэ. Малчи нь маш зоригтой, ухаантай амьтан байжээ.

Тэрээр үхэхийнхээ өмнө хэдэн өдөр юу ч идээгүй бөгөөд хүрээлэнгийнхээ хойд булангийн хэсэгт хэвтсээр байжээ. Хүрээлэнгийн ажилчид ярихдаа “Малчийг хооллож эмчлэхийг оролдсон боловч сэргээгүй бөгөөд энэ нь түүний жам ёсны үхэл байсан. Сүүлийн жилүүдэд түүний бүх шүд нь унаж хөдөлгөөн нь удааширсан” гэжээ.

Түүний нэр нь хинди хэлэнд загас гэсэн утгатай бөгөөд тэрхүү тэмдэг нь ч зүүн хацар дээр нь байдаг байжээ. Өнгөрснийх нь дараа шүтэн бишрэгчид нь түүнд хүндэтгэл үзүүлж цахим орчинд эмгэнэлээ олноороо илэрхийлсэн байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд зорчино

Захирамж гаргаж,
автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган, хөдөлгөөнд оролцуулахаар
болсон билээ. Өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон нь 0,
2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.

Categories
мэдээ цаг-үе

А.Бакей: Фракцын явцуу эрх ашгаас ангид хүн Ардчилсан намын дарга болох учиртай

УИХ-ын гишүүн асан А.Бакейтай ярилцлаа.

-Ардчилсан намын ҮЗХ-ны хурал энэ сарын 25-нд хуралдахаар товлогдоод байна. Энэ удаагийн хурлаар намын даргынхаа асуудлыг шийдэх ёстой гэж байгаа юм билээ. Та ҮЗХ-ны хурлаас ямар шийдвэр хүлээж байна вэ?

-Ямартай ч сонгуулийн үр дүн гарсны дараа ҮЗХ-ны хурал болох гэж байгаагаараа онцлогтой. Тэр утгаараа Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, иргэдийн хувьд хүлээлт үүссэн гэхэд болно. Ямар ч байсан энэ их хүлээлтийг үүсгэсэн гэдэг утгаараа үр дүнтэй болох учиртай юм. Хурлаа сайн хийхээс олон зүйл шалтгаалдаг. Тэр утгаараа энэ удаагийн хурал санасан зорьсондоо хүрсэн тийм хурал болоосой гэж хүсч байгаа.

ҮЗХ-ны хурлаар зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөгөөнд оруулсан. Үүнээс нэг асуудлыг нь шийдсэн.

-Ардчилсан намын Их хурлын товоо тогтож чадсаныг хэлж байна уу?

-Тийм. Арванхоёрдугаар сарын зургааны өдөр гэж хугацааг товлосон. Мөн хурлаар хэлэлцэх асуудлаа шийдвэрлэсэн. Их хурлаар улс орны нийгэм эдийн засагтай уялдуулж улс төрийн илтгэл сонсоно. Түүнчлэн 2016 оны Их хурлын болон аймаг, нийслэлийн сонгуулийн үр дүнгийн талаарх санал дүгнэлтийг сонсохоор болсон. Энэ асуудал дээр ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Ардчилсан намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах ёстой. Ардчилсан намын даргыг Их хурлаараа баталгаажуулна. Энэ хурлаар хэлэлцэх хамгийн чухал асуудал нь мэдээж намын дарга хэн болох вэ гэдэг асуудал байх нь гарцаагүй. Өмнөх намын дарга нь өргөдлөө өгчихсөн байгаа тул шинэ даргыг сонгох асуудал анхаарлын төвд байна. Ганц Ардчилсан нам гэлтгүй улс төрийн аль ч хүчин АН-ын дараагийн дарга хэн болох вэ гэдэг дээр анхаарал хандуулж байгаа.

-Ардчилсан намын дараагийн дарга хэн бэ?

-Тодорхой нэг хүний нэрийг хэлэхэд арай эрт байна. Сөрөг хүчний байр сууринд шилжсэн энэ үед намын даргад тавигдах шаардлага хамгийн түрүүнд тодорхой болох ёстой. Шинээр сонгогдох намын даргын эхний шалгуур нь нэр цэвэр, нэр хүндтэй, бусдад болон нийгэмд нөлөөтэй, ажил хэрэгч, намынхаа хүмүүсийг эвдэн бусниулагч биш эвлүүлэн нэгдүүлдэг сайн менежер байх учиртай. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал ийм хүнд байгаа нөхцөлд сөрөг хүчний дуу хоолой болж тэр тусмаа Ардчилсан нам гэдэг том улс төрийн хүчний үзэл баримтлал, ур ухааныг нийгэмд гаргаж чадах хүн байх шаардлагагүй. Хэрэв тийм хүн гарч ирж чадахгүй бол Ардчилсан нам цаашаа алхана гэдэг хүндрэлтэй. Ардчилсан намын ҮЗХ-ны энэ удаагийн хурал хийгээд намын Их хурал дээр үзэл баримтлалаа яалт ч үгүй шинэчлэх ёстой. Үүнийгээ бид хамгаалж, хөгжүүлж явах зайлшгүй шаардлага бий. Ардчилсан нам бусад намаас илүү ачаа үүрэх ёстой. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд зарим тал дээр энэ зүйлс бүдгэрсэн. Тиймээс тал бүрээс нь дүгнэлт хийгээд айж эмээлгүй, намаа шинэчлэхийн тулд шүүмжлэх зүйл дээрээ шүүмжлэх хэрэгтэй. Өөрсдийн дутагдлыг нуух биш ил ярих цаг болсон. Бодлогоо бид шинэ түвшинд гаргаж ирэх цаг бол энэ мөч юм шүү.

-Өмнө нь юу саад болж байсан юм бэ?

-Ардчилсан нам эрх барьж байхдаа үндсэндээ албан тушаалын зорилго тавьсан мэт явцуу эрх ашиг нь хэтэрсэн. Ардын нам дээр ч гэсэн одоо тэр байдал ажиглагдаж байна. Манай нам доторх фракциудын өөр хоорондын толхилцоон, утга учиргүй тэмцэл нь өнөөдрийн ялагдал хүлээх болсон гол хүчин зүйлсийн нэг мөн. Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж, ардчиллын үнэ цэнийг хамгаалж хөгжүүлэхээс илүү дотоодын тэмцэл нь их байсан. Одоо энэ байдалд цэг тавих цаг болсон. Шинээр намын дарга болох хүн нэн тэргүүнд хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох, ардчиллын үнэт зүйлсийг тууштай хамгаалж, түүний төлөө тэмцдэг байх ёстой. Фракцын явцуу эрх ашгаас ангид хүн Ардчилсан намын дарга болох учиртай.

-Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нүдэнд харагдаж, гарт баригдахуйц олон бүтээн байгуулалтыг хийсэн ч Их хурлын сонгуульд ялагдал хүлээлээ. Ард түмэнд ажил хийх нь чухал биш байсан юм биш үү. Нэг үгээр хэлбэл улсын хөгжил хамаагүй байсан мэт санагдлаа гэж танай намын зарим гишүүд хэлэх юм билээ?

-Өнгөрсөн дөрвөн жил тийм амар байгаагүй. Маш хүндрэлтэй цаг хугацааг бид туулсан. Гадаад талдаа улс төр, эдийн засгийн таагүй орчинтой, дотооддоо эдийн засгийн хүндрэл бэрхшээл нь гүнзгийрсэн байв. Мөн хүчтэй сөрөг хүчний эсэргүүцлийн өөдөөс Ардчилсан нам сөрж ажилласан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай нам дангаараа засаг барьсан гэхэд хэцүү шүү дээ. Найман сарыг нь одоогийн эрх баригчид болох МАН-тай хамтран барьсан. Түүнчлэн МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвслийг гуйх, аргалах гэх мэтээр янз бүрийн байдлаар арай гэж тогтоож ирлээ. Улс төрийн маш хүнд нөхцөлд ажилласан гэж ойлгоорой. Гэсэн хэдий ч Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд хоёр том зарчим баримталсан. Нэгдүгээрт, улс орны эдийн засаг хүнд байгаа ч Монгол Улсынхаа хөгжлийн бүтээн байгуулалтыг урагшлуулъя гэсэн юм. Үйлдвэржүүлэх, орон сууцжуулах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих гэх мэтээр олон зүйлд сэтгэл гарган ажилласан. Энэ бүхэнд ахиц дэвшил гарсан юм шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд наад зах нь Улаанбаатар хотын нүүр царай хэрхэн өөрчлөгдсөн билээ. Хоёрдугаарт, эдийн засаг хүндрэлтэй байсан ч ард түмний амжиргааг дордуулахгүй байх тал дээр хэрэндээ л хичээсэн юм шүү. Шатахууны үнийг тогтвортой байлгах хүрээнд алслагдсан аймгуудын шатахууны үнийг Улаанбаатар хотын түвшинд ижил үнэтэй байлгах, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох тал дээр хичээл зүтгэл гаргасан ч сонгуулийн үр дүн санаанд оромгүй байдлаар эргэсэн.

Бүтээн байгуулалт хэдийгээр нүдний өмнө харагдаж байгаа ч ард түмэн ходоод хэр зэрэг цатгалан байна, мөр бүтэн байна уу гэх мэтчилэн өрхийн амьжиргаандаа тулгуурлан саналаа өгдөг нь харагдлаа. Ардчилсан намын зүгээс санаачилсан сайн хөтөлбөрүүд байсан ч ард түмэн үр дүнг нь сайтар хүртэж амжаагүй байхад сонгууль явагдлаа. Тухайлбал, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хашаа, “Сайн хувьцаа” гэх мэтчилэн хөтөлбөрүүдээ цаг алдалгүй эрт эхлүүлсэн бол үр дүн өөр гарах байсан болов уу.

-Гэхдээ л Ардчилсан намын алдаа сонгуулийн дүнд нөлөөлсөн юм биш үү?

-Мэдээж манай намд алдаа бий. Алдаагаа бид хүлээн зөвшөөрөх ёстой. Фракц хоорондын сөргөлдөөн утга учиргүй тэмцэл сонгуулийн дүнд нөлөөлсөн гэдэгтэй ч санал нэгдэх учиртай. Мөн орон нутгийн сонгуулийг Их хурлын сонгуультай хамт явуулсан нь зарим талаараа учир дутагдалтай гэдэг нь анзаарагдсан.

-Та хоёр Их хуралд суусан туршлагатай улстөрч. Ялангуяа сүүлийн дөрвөн жил хамгийн чухал байнгын хороодын нэг болох Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилласан. Шинэ байгуулагдсан Засгийн газар дэд сайдтай, үндсэн чиг үүргийн яамны тоо нэмэгдлээ гэх мэтчилэн сөрөг хүчин байхдаа хэлж байсан бүхнээсээ МАН буцлаа. Та юу бодож байна?

-МАН өнгөрсөн дөрвөн жилд тодорхой хугацаанд засаг хамтран барилцаж, дийлэнх хугацаанд сөрөг хүчин байсан. Тэр үедээ хийж хэрэгжүүлбэл зохистой олон зүйлийг шахаж, шаардаж, ярьж байлаа. Тухайлбал, давхар дээлийг тайлъя, дэд сайдгүй ажиллая, цомхон бүтцээр явъя, үр ашиггүй зардлыг таная, зээлийн хүүг бууруулъя гэх мэтээр маш их сайхан зүйлийг ярьсан. Гэсэн хэдий ч тэр бүгдийг нь өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлэхэд улс төрийн хувьд хэрэгжүүлэх боломж хомс байсан. Давхар дээл тайлъя гэхэд л улс төр нь эмзэг байсан тул Засгийн газар нь уначих гээд байлаа шүү дээ. Үндсэндээ боломж олдолгүй, аргалсаар байгаад дөрвөн жилийг өнгөрүүлсэн. Харин одоо бол МАН-д хэн ч саад болохооргүй байна. Тэд үнэмлэхүй ялалт байгуулсан. Тухайн үед ярьж байсан тэр сайхан бүхнээ хэрэгжүүлээд явах боломж нь тэдний гарт байгаа. Одоо эхнээс нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч зарим зүйлсийг нь харж байхад арай ч дээ гэмээр хөдөлж байх юм.

Миний хувьд 2016 оны төсвийг өмнөх жилүүдтэй харьцуулахад бүсээ чангалах зарчмыг баримталсан төсөв болсон гэж үздэг. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийхээр болж байгаа юм билээ. Энэ завшааныг ашиглаад тэр үед ярьж байсан бүсээ чангалах зарчмыг л барих хэрэгтэй. Бүсээ чангал гэсний зоргоор ард түмний гар дээр очих таван төгрөгийг тана, өрхийн орлогыг бууруул гэсэн үг биш. Хамгийн чухал нь нүсэр бүтцээ цөөлж зардлаа хэмнэх ёстой.

Нэгэнт л Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орж дэд сайдгүй ажиллах бүтэц батлагдчихаад байхад хуульд өөрчлөлт оруулан бялуу хуваах зарчмаар явж болохгүй. Аливаа зүйл эхнээсээ хатуу зарчмаа бариад явах юм бол зөв замаар явдаг. Эхнээсээ буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо л тээнэ шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Гучин жилийн дараа уулзаж буй нэг ангийнхан

Чингисийн талбай хөл ихтэй байв. Д.Сүхбаатарын хөшөөний дэргэд хэд гурваараа бөөгнөрч нэг нэгнээ нудран хөхрөлдөцгөөх хэсэг хүмүүс анхаарал татна. Харваас олон жил уулзалдаагүй нэг ангийнхан гэдэг нь илт. Тэд, номин ногоон дээлтэй ахимагдуу насны эмэгтэйг бүчин элдвийг хуучлах агаад заримынх нь духан дээр үнсэх аж. Эмэгтэйчүүд нь халуун дотноор тэврэлдэн хацар шүргэлцэнэ. Ажиглаад байх нь ээ номин ногоон дээлтэй ахимагдуу насны эмэгтэй ангийн багш гэдэг нь төвөггүй мэдэгдэнэ. Ингээд тэднийг сониныхоо уламжлалт “Нэг ангийнхан” буланд урилаа.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдүгээр найман жилийн дунд сургуулийг 1986 онд төгссөн 8б ангийнхан 30 жилийн дараа уулзалдаж буй нь энэ аж. Ангийн багш З.Лхамноржим нь дөнгөж сургуулиа төгсөн ирээд анхны шавь нараа дааж авсан нь өдгөөгийн энэ хамт олон гэнэ. Ангийн дарга Б.Эрдэнэболд, бүлгийн дарга Б.Болорчимэг, бүлгийн зөвлөлийн дарга P.Цэрмаа гээд нийт 29 хүүхэд төгссөнөөс хөвгүүд 18, охид 11 байжээ. Хөвгүүд олонтой болохоор охидоо их шоглодог байсан бололтой. Цасаар нүүрээ угаалгасан охид нь дурсамжтай, хөгтэй явдлуудаа З.Лхамноржим багшдаа хэлж, оройтсон гэлтгүй ам уралдан ярьцгааж инээлдэх аж.

Наймдугаар анги төгссөнөөсөө хойш нэг ч удаа албан ёсны уулзалт зохиож, анги хамт олноороо цуглаж байгаагүй болохоор нэг нэгнийхээ өөрчлөгдсөн, овор суусан, хэвээрээ байгааг гайхацгааж, басхүү гэгээн гэрэлт дурсамжуудаа хөглөн цөм л хүүхэд насандаа оччихсон шиг жаргалтай харагдацгааж байлаа. Энэ уулзалтыг Р.Цэрмаа анх санаачилж, ангийнхандаа захидал бичжээ. Тэрбээр захидалдаа “Сайн байна уу? Ангийн анд найз чинийхээ амар амгаланг айлтган захидал очих өдрийн халуун мэндийг хүргэн мэдчилье! Найз чиний минь ажил амьдрал өдрөөс өдөрт гялалзан өнөр өтгөн, аз жаргалаар дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Намхан боловч эрдмийн сувд гялалзсан төрлөх сургуулийнхаа хаалгаар анх ижий аавтайгаа хөтлөлцөн орж найман хаврын яргуйг угтан арван зургаан насны алтан босгыг үдсэнээс хойш даруй 30 жил өнгөрчөө анд минь. Ажил амьдралын захгүй далайд явахдаа ангийн анд чамайгаа мартахын учиргүй билээ. Нутгийн зөөлөн салхи шиг санаанд минь мөнхөрсөн, нугын цэцэг шиг андаа дурсан суух минь их болжээ. Сурагч насны гэнэн томоогүй үе, наадаж наргиж явсан хүүхэд насныхаа ариун гэгээлэг дүрээрээ ангийн андууд биднийхээ сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн анд чамтайгаа учиран золгохыг хүсч, учирлын хонхыг оройтуулан жингэнүүлсэн ч, уулзахын ерөөлийг өргөн баръя!

Гуч дахь хаврын яргуй энэ жил уярам байна. Гучин жилийн дараа уулзах бидний сэтгэл дэврүүн байна. Ингээд гучин жилийн дараа тохиож буй “Насаараа бид нэг ангийнхан” дурсамж цэнгүүн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж энэхүү захидлыг илгээж байна” хэмээн уриалжээ. Энэ захидал ангийнхных нь уулзалтын эхлэлийг тавьсан байна. Ингээд Р.Цэрмаа, Г.Нямцэцэг, А.Төгсболд, Б.Ганхуяг, P.Амаржаргал, Н.Ууганбаяр нар “Насаараа бид нэг ангийнхан” уулзалт цэнгүүнийг зохион байгуулжээ.

Цаг хугацаа нэгэнт нисэн одож хүүхэд насны гэгээн цайлган төрхөөрөө хэн нэгнийхээ сэтгэлд мөнхөрсөн эрхэм хүмүүс өдгөө эцэг эх, зарим нь бүр эмээ өвөө болчихсон явна. Гэсэн ч тэд

“Хүүхэд гэхэд сонин байдаг ч

Хүний чихэнд содон дуулдана

Наадаж өссөн багын нөхөд минь

Насаараа нэгэндээ нэг ангийнхан” хэмээн дуулж хүүхэд адил баярлаж нэг нэгнийгээ налан суух аж. Буурь суусан байртай, спорт маягийн дөрвөлжин үсний засалттай, махлагдуу ахыг Т.Оргилсайхан гэдэг аж.

Тэрээр цэнхэр торгон уужтай нэгэн эмэгтэйг хүзүүдэн тэвэрч зогсоод дурсгалын зураг татуулав. Хөндлөнгөөс харж зогссон ангийхан нь “Аая, ангийн дурлалт хоёр байна, гоё харагдаж байна шүү. Зургийг нь сайн дараарай” гэхчилэн цаашлуулахад Т.Өлзийхүү эгч их л ичингүйрэн нөгөө хэд рүүгээ “Дэмий шүү” гэсэн янзаар гараараа зангана. Ийм л хөгжил хөөртэй, уярам догдлом уулзалт 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр Чингисийн талбайд дурсгалын зураг татуулав.

Харамсалтай нь 8б ангийн төгсөгчдөөс дөрөв нь тэнгэрийн орноо оджээ.

Ангийнхан нь тэднийхээ дурсгалыг хүндэтгэн Зайсан дахь бурхан багшийн хөшөөнд мөргөж, зул өргөн түр саатаад цааш хөдөлсөн юм.

Энэ үеэр ангийн багш З.Лхамноржимтой цөөн хором хөөрөлдлөө.

Энэ ангийнхан миний алтан шавь нар

-Сайн байна уу, таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Ангийн багшийн хувиар ангийнхантайгаа уулзсан сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Би багш болох анхны гараагаа эхлэхдээ энэ ангийг дааж авч байсан. Хүүхдүүд маань их өөрчлөгджээ. Цөм л өөрийн гэсэн ажил амьдралтай, нийгэмд эзлэх байр суурьтай, салбар салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа юм байна. Гадны улс оронд ажиллаж амьдарч байгаа нь ч бий гэнэ. Тиймээс миний сэтгэл их өег байна. Ер нь багш хүний гол гавъяа бол шавь нар маань сайн сайхан явж, ажил амьдрал нь тогтворжин төлөвших явдал шүү дээ. Эд маань намайг МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг хэл уран зохиолын багшаар төгсөөд очиход жинхэнэ багш болгосон алтан шавь нар минь юм. Тиймээс би хүүхдүүддээ хайргүй байхын аргагүй.

-Та шавь нараа хэддүгээр ангиас нь дааж авсан бэ?

-Тавдугаар ангиас нь дааж авсан. Тэгээд таваас наймдугаар анги төгсгөсөн. Манай Тосонцэнгэл хотод “Улсын тэргүүний нэгдүгээр сургууль” гэж сайхан дунд сургууль байсан. Тэр сургуулийн тэргүүний хамт олон байсан даа.

-Таныг анх багш болж ирж байхад, хүүхдүүд тань тоохгүй ч юм уу, уур уцаарыг тань хүргэх зүйл их гарч байв уу, өөрт тохиолдсон хөгжилтэй дурсамжаа хуваалцаач?

-Анх багшлахад амаргүй нөхцөл байдалтай учирна л даа. Нэг удаа би нэг хүүгээ үгэнд орохгүй байна гээд толгой дундуур нь саваа модоо хугартал нь цохичихсон юм даг. Тэгээд саваа модоо хугарчихаар нь айгаад айлын хүүхдийг арай ч дэндүүлчихэв үү дээ, яана аа толгой тархи нь зүгээр байгаа даа гээд л айлаа. Хичээл завсарлахаар л эмчид үзүүлье дээ гэж бодоод санаа зовоод байлаа. Тэгтэл нөгөөх чинь миний савааны хугархайг ширээн дороосоо гаргаж ирээд “Багш аа, маргааш би танд саваа хийж авч ирж өгнөө, надаас болж саваагаа хугалсан юм чинь…” гээд юу ч болоогүй юм шиг сууж байдаг юм. Тэгэхэд л би хүүхэд гэдэг чинь ямар цайлган цагаахан, хайрламаар юм дээ гэж их баярлаж байсан. Одоо саваагаар хүүхэд цохих юм бол шоронд орох биз. Тэр хүүхэд маань одоо энэ Төгсболд шүү дээ. гэв

Тэгтэл А.Төгсболд хажуугаас “Харин би нэг удаа энэ P.Цэрмааг цохиж уйлуулчихаад ааваас нь айгаад, аргадаж гэрт нь хүргэж өгөхөд аав ээж нь намайг зодсон гэж тоож байгаа ч юм алга. P.Цэрмаа аав ээждээ ховлоход “Өөрөө болоогүй л юм байгаа биз дээ” гээд боорцог өгсөн. Тэр үеийн эцэг эхчүүд тийм л сонин хүүхдээ хэр барагтай өмөөрдөггүй байсан юм гэнэ. Тэгтэл нэг нь тосч аваад

“Адал явдал зөндөө байлгүй яах вэ..Хичээлээ тараад сургуулийн хойд талынхаа гуанз руу орно. Т.Өлзийхүү их талон авч ирдэг байж. Бид хэд бөөрөнхий хуушуур авдаг байсан. Баавгайтай чихэр орос дэлгүүрээс картаар авдаг байсан юм. Заримдаа хөвгүүддээ булаалгана. Тэгээд л бөөн уйлаан майлаан болно шүү дээ гэнэ. Ийм л хөгжил хөөртэй нэгэн ангийнхан 30 жилийн дараа уулзалдлаа. Гудиггүй, хөгжил хөөртэй явсан тэдний хүүхэд нас, мөнгөн хонхны жингэнээ нь он оныг өртөөлөн одоо ч сэтгэл зүрхэнд нь цангинасаар байх авай.

Г.Дорж

Ө.Өлзийсайхан

Categories
мэдээ цаг-үе

Уран бүтээл хийхийн тулд сэтгэл зүрхээ хөглөх хэрэгтэй

“Маск продакшн”-ий жүжигчин П.Эрдэнэзаантай ярилцлаа.

-Танай үеийнхэн ажил амьдралынхаа гарааг 90-ээд онд нийгэм солигдож байсан хэцүү үед эхэлжээ, залуу хүн уран бүтээлийн гараагаа том мөрөөдөлтэй эхэлсэн байх?

-1994 онд СУИС-ийг төгсөөд “Орчин үе” гэж театрт орж байлаа. Хуучин Армийн драмийн театр гэж байгаад 90 оны үед зах зээлд шилжихэд татан буугдсан юм. Түүний суурин дээр “Орчин үе” театр маань байгуулагдахад жүжигчнээр орж байлаа. Тэнд дөрөв таван жил ажиллаад Драмийн театрт жүжигчнээр орсон. Драмд мөн дөрөв таван жил ажиллаад “Өнгөт инээд” хамтлагт орсон. Тэндээсээ “Маск” продакшнаа байгуулаад өдий болж байна даа.

-Яг одоо тоглолтынхоо бэлтгэлийг хийж байгаа юм байна. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Наймдугаар сарын 7-нд “Маск” продакшны 10 жилийн ой болно. 10 жилийн ойгоо угтаад наймдугаар сарын 19-нээс нэг шинэ уран бүтээл шоу тоглолт хийх гээд бэлтгэл ажил ид дундаа явж байна. Жанраа дагаад инээдмийн тоглолт хийнэ. Сар гаруй тоглох байх.

-Уран бүтээл хийхэд хөдөлмөрлөж байнгын бэлтгэл хийгээд маш их энерги зурцуулдаг нь харагдаж байсан. Эрч хүч, онгод хийморио юунаас авдаг вэ?

-Уран бүтээл хийхийн тулд эхлээд сэтгэл зүрхээ бэлдэх хэрэгтэй. Хөглөх ёстой. Тэгж байж уран бүтээл төрдөг. Тэрнээс биш зүгээр цаасан дээр биччихсэн юмнуудыг уншаад гаргачихдаг юм биш л дээ. Тийм учраас уран бүтээлч хүн уран бүтээлдээ эхлээд дурлах хэрэгтэй. Тэгж байж юм гардаг. Зүгээр л бодож суугаад гараад тоглочихдог юм биш. Уран бүтээлдээ хөглөгддөг байх хэрэгтэй. Багаасаа зураг зурдаг байсан. Зураг зурж байгаа маань жүжигчний мэргэжилд маш их хэрэг болдог. Зураг сэтгэлгээг өсгөдөг давуу талтай.

-Маш өвөрмөц санаа олсон үедээ бушуухан шиг тоглолт болгочих юмсан гээд л яарна биз?

-Энэ зунжингаа л эрэл хайгуул хийлээ. Ер нь бол байнга л эрэл хайгуул хийж байдаг даа. Бүгдээрээ уншиж судална, уулзах хүмүүстэйгээ уулзана. Бас ийш тийшээ хөдөө гадаа явна. Хүмүүстэй уулзана. Ерөнхийдөө байнгын судалгаа, эрэл хайгуул хийж байгаад намар бүгдээрээ цуглаад зохиол дээрээ ярилцана даа. Ер нь би уран бүтээл хийж байх үедээ алхах дуртай. Алхахаар янз бүрийн санаа орж ирдэг юм. Жишээ нь “Нинжа” гээд манай нэг номер байдаг. Золбин нохой хүний аяганд байсан алтыг залгиад зугтчихсан явдлаас сэдэвлэсэн юм. Хүмүүс тэр нохойг хайж эхэлснээр өнөө нохой хамгийн үнэтэй нохой болсон байдаг. Гол санаа нь бол нохой байтугай алт залгичих юм бол хүн ч юу ч биш болдгийг харуулах гэж зорьсон. Алт гэдэг бол тийм хүчтэй зүйл. Ядарсан нэг тэнэмэл хүний гэдсэнд алт орчихвол хүмүүс яаж хандах бол. Үүгээрээ хүний үнэ цэнийн асуудлыг хөндөж байгаа юм. Инээдмийн төрөл боловч цаанаа маш том зүйлийг дуугарч байгаа юм даа.

-Нэг хүний жүжгийн уралдаан СУИС дээр болоход та шүүгчээр ажилласан шүү дээ. Энэхүү жүжгийн талаар юу гэж боддог вэ?

-Моно жүжгийн хувьд уран бүтээлч хүн заавал орж өөрийгөө сорих нэг төрөл гэж боддог. Яагаад гэвэл ганц хүн, ганц уран бүтээлч тайзыг эзэгнэж, үзэгчдийг байлдан дагуулна гэдэг бол тухайн жүжигчнээс чадвар, авьяас зэрэг маш олон зүйл шаарддаг. Тийм учраас маш их дэмждэг. Би өөрөө “Маск”-д ажиллаж байгаа залуучуудыг ч гэсэн моно жүжигт орж өөрийгөө сорих хэрэгтэй гэж хэлдэг. Ингэснээрээ туршлага сууна, чадварын хувьд өснө. Хувь хүний бие даасан уран чадварын хувьд бол хэрэгтэй.

-Монголд моно жүжгийн төрөл хөгжих боломж харагдсан уу?

-Монголд моно жүжгийн төрөл дөнгөж эхэлж байна. Драмын театрын жүжигчин Баясгалан олон улсын тэмцээнд орж том амжилт гаргасан. Моно жүжгийг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж явдагт нь талархдаг даа.

-Ингэхэд танд энэ төрөл тохирох юм шиг санагддаг. Энэ төрөлд хүчээ үзье гэсэн бодол бий юу?

-Одоохондоо яг санасан бодсон юм алга. Гэхдээ тоглож үзэх юмсан гэж бодож л байна. Тогловол ямар ч дүрд тоглож болно. Жүжигчнээс ямар ур чадвар гарч болохыг харуулсан тийм зохиол байх юм бол тоглоно.

– “Хайр харуусал” кино үзэгчдийн үзэх дуртай кино болсон. Дахиад кино хийх талаар төлөвлөсөн юм байгаа юу?

-Манай “Маск” продакшн киноны төрөлд нэг юм хийх гээд үзээд л байна. Одоохондоо боломж нь болж өгөхгүй байна. Тийм учраас хойшлуулаад байгаа.

-Мэдээж танд киноны санал тасардаггүй байх?

-Киноны санал бол их ирдэг. Гэхдээ бид энэ ажилдаа дарагдчихаад боломж, цаг зав гарч өгөхгүй л байна. Кино бол ямар л сэдэв байна бараг бүх чиглэлээр хийгдэж байна.

-Сүүлийн үед кино, жүжгийн зохиол ховордлоо, сайн зохиол төрөхгүй байна гэх юм. Үнэхээр тийм байна уу, танд ямар бодол байна вэ?

-Зохиолчид янз бүрийн санал тавьдаг. Бид эндээ ирээд, уншаад үзээд судалдаг. Гэхдээ инээдмийн төрлөөр чанарын шаардлага хангахуйц бичдэг зохиолч алга.

-Цаашдаа олон улсад уран бүтээлээ таниулах тал дээр бодсон юм байгаа юу?

-Мэдээж бодсон мөрөөдсөн юм байгаа. Хошин урлаг гэдэг энэ төрөлд олон жил үнэнчээр зүтгэсэн байна. Тийм учраас өөрийнхөө тоглож байгаа энэ төрлийг тодорхой хэмжээнд гадаадын зах зээлд яаж гаргах вэ гэж бодож санаж явдаг. Олон орны уран бүтээлчидтэй уулзаж, гадаад дотоод явж судалгаа хийж л байна. Энэ гэхдээ тийм амар ажил биш. Ямар ч байсан олон жил зүтгэснийх эхлэлийг нь тавьчих юмсан. Цаашаа хөгжөөд явах байлгүй л гэж бодож байна. “Маск” продакшны уран бүтээлчдийн хийх гэж бодож төлөвлөсөн зүйлс зөндөө бий. Мөн хувь уран бүтээлчийн хувьд ч хийх юмсан гэж бодож мөрөөдөж яваа зүйлүүд ч байна. Ямар ч байсан тэр санаанууд маань хэрэгжих байхаа. Мэдээж хэлний асуудал бэрхшээлтэй байгаа. Гадаадад тоглоно гэдэг чинь гадаад хэлээр л тоглоно гэсэн үг. Тэгэхээр тийм амар зүйл биш. Гэхдээ энийг давж туулж болохоор болсон гэж бодож байгаа. Одоо манай уран бүтээлчид бүгд хэлтэй болж байна.

-Уран бүтээлч хүн уран бүтээлээ дэлхийд гаргахад мэдээж монгол ахуй, ёс заншлаа түлхүү судлах шаардлагатай. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Хүн юу сонирхох вэ гэдгийг л их бодох хэрэгтэй. Цаашлаад монголчуудын онцлог юу билээ, ахуй соёл нь юу билээ, болбол тэрийг л тусгаж үзүүлбэл мэдээж сонирхоно. Тэрнээс биш Английн зохиолоор уран бүтээл хийгээд Англид тоглох бол хэн ч үзэхгүй шүү дээ. Тэгэхээр монгол хүний сэтгэлгээ, өв соёл зэргийг тусгаж өгвөл илүү сонирхох болов уу, ялангуяа нүүдэлчид гэж хэн байсан юм бэ, тэдний зан заншил, өв соёлыг сурталчилбал зүгээр болов уу гэж боддог. Одоо дэлхийн хөгжил өөрөө зогсонги байдалд орчихоод байна. Хүмүүсийн сэтгэлгээ ч өөр болчихож. Хүний мөн чанар гэдэг зүйл газарт уначихсан байна. Монголчуудын нүүдлийн соёлыг гадныхан сонирхоод эхэлчихлээ. Үүн дээр л ажиллаж өгөх хэрэгтэй. Нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь зүгээр нэг хэдэн хүн хөдөө тэнээд явж байсан юм биш байхгүй юу. Монголчуудын амьдрал байгаль дэлхийтэйгээ хамааралтай байж ёс заншил нь уламжлагдаж явдгийг гадныхан мэдээд сонирхоод эхэлчихлээ. Тэгэхээр тэр талынхаа юмнуудыг илүү сурталчилж, ойлгуулах хэрэгтэй юм болов уу. Мөн аль ч урлагийн хувьд энэ талаас нь чухалчлан уран бүтээлээ хийгээсэй гэж уран бүтээлч хүнийхээ хувьд боддог.

-Мюзикл хийнэ гэж та өмнө нь ярьж байсан. Ямархуу шатандаа явж байгаа бол?

-Мюзикл хийнэ гэхээр нэлээн өргөн хэмжээний юм болчих гээд байна. Өнөө маргаашдаа яриад хурдан хийчихдэг асуудал биш л дээ. Гэхдээ явагдаж л байна. Зохиол, хөгжим гээд. Болвол үндэсний хэмжээний монгол сэтгэлгээ орсон гоё юм хийчих юмсан гэж бодоод л байна. Уран бүтээлчидтэйгээ санал бодлоо солилцоод явж байна. Болох байхаа.

-Гадуур хошин шогийн зарим хамтлагууд салж нийлээд байгаа сурагтай. Танай хамтлагийн хувьд бүрэлдэхүүн нь хэвээрээ байгаа юу?

-Манай хамтлагийн гишүүд хэвээрээ байгаа. Мөн шинэ залуу жүжигчид нэмэгдэж орсон. Болбол залуу уран бүтээлчдийг дэмжих юмсан гэж боддог. Өнөөдөр олон уран бүтээлч төгсч гараад ажлын байргүй яваа.

Бидний хувьд төрөөс дэмжлэг хүсээд юм шаардаад байдаггүй. Боломжоороо ажиллаад залуусаа амьдралтай, ажилтай болгочих юмсан гээд зүтгэж байна.

-Та ямар шашин шүтдэг вэ, танай хамтлагт бөө нэлээд байдаг гэж сонссон…

-Шүтээд сүйд болоод байхгүй ээ. Буддын шашныг хүндэтгэж явдаг. Зүг чигээ гаргах ч юм уу, ээждээ зориулж зул өргөх ч юм уу тиймэрхүү хэмжээнд л шүтдэг. Манай хамтлагт бөө байгаа. Ганзориг, Дэлгэрсайхан нар бөө шүү дээ. Тиймээс энэ хүмүүстэй их ойр байгаа учраас бөөгийн шашныг бол хүндэтгэж үзнэ. Байгаль дэлхийтэй холбоотой онгод бөө гэдэг чинь байх л ёстой зүйл. Анхнаасаа л байсан юм чинь. Яахав сүүлийн үед олшроод үндсэн мөн чанарыг нь алдагдуулаад байгаа юм болов уу гэж боддог. Энэ бол хаана ч байх ёстой зүйл. Ганцхан Монголд биш дэлхийн олон оронд байдаг зүйл шүү дээ.

О.ӨНӨРЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мичин жил сүүлээрээ шарвадаг гэдэг

Мичин жилийн сүүл гэдэг нь одоо ирэх гэж буй өвөл, хавар. Усархаг жил гарвал өвөлдөө цас их унадаг. Зундаа хэт халсан бол өвөл нь хүйтэрдэг тухай хууччуул ярьдаг. Энэ зуны тэнгэрийн ёроор бол ирэх өвөл цас ихтэй, тэсгим хүйтэн байх нь ээ. Ер нь тэгээд монголчуудын зүрхэнд хүйт хуруулсан олон зуд мичин жил тохиосон байдаг юм. Тухайлбал, 1944 оны мичин жилийн зуд 150 хоног үргэлжилж 9.2 сая мал хорогдож байжээ. 1956 оны зудад 2.2 сая, 1968 оны зуд 165 хоног үргэлжилж 4.4 сая мал хорогдож байсан гээд үргэлжилнэ. Дээр дурдсан цаг үед малын тоо толгой бага байлаа. Түүнээс гадна улс орон даяар өвөлжилтийн бэлтгэлд анхаарал тавьдаг байж. Ийм атал хэдэн саяар нь малаа алдсан гэхээр аргагүй хахир улирал тохиож дээ. Энэ дундаа монголчуудын сэтгэлд арилшгүй аймшиг үлдээсэн нь 1944-1945 оны зуд юм.

“44 оны мичин жилийн зуднаар хамаг малаа барсан ганц бие чавганц хүний мах идсэн юм гэнэ билээ. Тэгээд хүн харахаараа зээрнээс хурдан гүйгээд хөөдөг байсан” гэх домог шиг яриагаар хүүхэд айлгадаг байсансан. Аливаа ард түмэн дан ганц хүсэл, мөрөөдлөө бус туулсан зовлон, шархаа ч үлгэр домогтоо үлдээдэг. Ингэж үзвэл бас л “модыг нь бариулсан” зуд болсон гэсэн үг. Ер нь зуд 12 жилийн давтамжтай байдаг нь сонин. Хууччуул 60 жилд нэг удаа айхтар аюул болдог гэдэг л юм. Байгаль эхээ шүтэж ирсэн малчин монголчууд эртнээс цаг тооллоо 12 жил, жарнаар хэмжиж байсан нь жирийн ч явдал биш. Өнөө зуд чинь энэ өвөл болох магадлал хамгийн өндөр байна гэж хэлэх гээд байна л даа.

Энэ зун бид яав. Эхлээд сонгуулиа хийлээ. Сайн, муугаараа сар гаруй дуудалцсан. Залгаад улсын наадам, АСЕМ боллоо. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болох үеэр хотоос гарцгаагаарай гээд л жижиг, томгүй уриаллаа. Энэ дагуу орон даяар ард нийтийн өргөн зугаалга хавтгайрлаа. Хотоос гарсан үй түмэн хүмүүс очсон газар бүртээ ангийн уулзалт, ургийн баяр, төгсөлтийн ой, сургуулийн ой, насны баяр хийгээд хөөрцөглөөд байна. Одоо олигтой цуглаж, ажил нь жигдэрсэн газар алга. Харин ч бүр байгууллага хамт олноороо өргөн зугаалга хийх нь ихэслээ. Эхнээсээ 20, 30-уулаа нэг дор хордлогонд орж байна. Олимпийн халуурал ч ид эхэллээ. Нойргүй хоносон бүлцгэр нүд, бүрзгэр царайнууд өдөр нь гудамжаар мөргөлдөн барин зөрцгөөж явна. Наадам, найрууд ч үргэлжилсээр л байгаа. Наадам олшрох хэрээрээ жудгаа ч алдсан даа. Хурдан морьд нь галтай тариа хийлгэж амнаасаа хөөс сахруулсан зэрлэг адгууснууд болсон. Үндэсний бөхийн барилдаанаас цол, мөнгөний найраа нь л сонирхолтой байдаг боллоо. Монгол төрийн зүлэг ногоон дэвжээ өс хонзон, өглөг авлагын газар болоод удав. Аймгийн наадамд 30 гаруй улсын цолтон зодоглоход сумын заан, аймгийн харцага хоёр үзүүр түрүүнд гарч байна. Ийм түмний цэнгэл гэж юу байхав дээ. Нөгөө талд бэлчээрийн даацыг аль хэдийнэ давсан гэх 75 сая малтай Монгол Улсад ирэх өвлийг ярьж байгаа хэн ч алга. Төр засгийн эрхэнд гарсан улсууд нь албан тушаал наана уу, цаана уу болгож байгаадаа л анхаарч байх шиг. Мөн нэг нэгнээ идсэн, уусан, хомхойрсон, албан тушаал зарсан үрсэн тухай хэрүүл л олны анхааралд явж байна. Тэнд нэг нь албан тушаал авсан гэж хөөрцөглөж, энд нөгөө нь тэр дарга боллоо гэж бахардаж байх. Саяхан бас улсын данс улайсан талаар мэдэгдэл хийлээ. Дараахан нь малчдын зээлийн хөнгөлөлт, оюутны сургалтын төлбөрийн зээл гэх мэт зүйлсийг зогсоолоо. Ирэх жилүүдэд өр төлбөрөө л яажшуухан шийдэх талаар санаа тавина уу гэхээс цалин тэтгэвэр нэмэх битгий хэл өгөхөд ч бэрхшээлтэй гэх билэггүй үгс төр засгаас гарч байна. Ирэх өвөл зуд турхан болбол төр засгаас харж үзэх юу ч байхгүй гэдэг нь ойлгомжтой боллоо. Харин цаана нь мичин жил сүүлээ мушгих янзтай.

Хамгийн ойлгомжтой зүйл бол өнөө жил малчид зуднаар хамгаа барсан ч та нар луу лав төр засаг юм хялайлгахгүй нь ээ. Ийм үед өрх бүр амь амиа бодох хэрэгтэй. Ноднин өвөлжилтийн бэлтгэл хийхийг уриалах үеэрээ Ерөнхийлөгч “Эзэн нь зохицуулахгүй бол байгаль нь зохицуулалтаа хийдэг хатуу хуультай” гэж билээ. Одоо найр наадмаа хаяад ажиллах цаг. Монголын өвөл хэзээнээс өршөөлгүй, хахир хатуу ирдэг. Үүнийг монгол хүн бүр мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Гэвч нөгөө “Тарвага өглөө савраа хараад өдөр нь анчинд харвуулахаа мэддэг мэргэн амьтан. Тэгсэн хэрнээ газар ганц гишгээд мартчихдаг юм гэнэ лээ” гэдэг домог шиг явцгааж байна шүү дээ. Одоо дээрээ албан тушаалын хэрүүл тунирхал, өс хонзонгоо хаяж, доороо найр наадам, амралт, зугаалгаа дуусгаж эрвийх дэрвийхээрээ өвөлдөө бэлдэж эхлэх хэрэгтэй байна.

Монгол шиг цаг агаартай оронд ажил хийх тохиромжтой найм, есдүгээр сар л үлдлээ. Тэрнээс цааш зам, барилга, гүүр гээд улирлын шинжтэй бүх ажил зогсоно. Оюутнууд нэгэнт төлбөрийн зээл авахгүйгээс хойш одоо л ажил хийж төлбөрийнхөө хагас, хугасыг төлөх хэрэгтэй. Хар, бор гэж голохгүй бол хийчих ажил өчнөөн байгаа. Зуун мянгаар тоологдох оюутны сая саяар хэмжигдэх төлбөр манай улсын нийт өрхийн 60-70 хувийг нь энэ намар сандаргана. Одоо л ажиллахгүй бол хэзээ нь ажиллах вэ. Малчид одооноос эхлэн өвс, тэжээлээ базаах хэрэгтэй. Жимс түүгээд ч гэсэн ганц боодол өвсний мөнгө хураа. Өвөл өмсөх ганц дулаан ноосон оймсны мөнгө ч цааш нь хийхэд цагаа тулахад хэрэг болно.

Өвөл нэг л ирвэл гаслах гангинах, халаглах харамсах хожимдоно. Мөнгө төгрөг олох, ажиллах хөдөлмөрлөх боломжгүй болно. Энэ жил бүр ч онцгой өвөл болох төлөвтэй байгаа. Өнгөрсөн жилийн өвлийн хэдэн хүйтэн өдөр яасан билээ. Өнөө байр савны дулаалга юу болж байна. Ядаж нүүрсний амбаар чинь бүтэн байна уу. Өрх бүр амиа авч явах хүнд нөхцөл үүснэ шүү. Хямрал, тэмцэл, уналтаас үеийн үед монголчууд малынхаа буянаар гарч байсан. Гэхдээ “баян хүн ганц зуданд” гэдэг юм аа. Баярлаж, цэнгэж, улстөржиж, олимпдож нойргүй явсаар өвөлтэй золгочихоод 75 сая малаа хиаруулчих юм бол хэнд гомдож, хаашаа харах вэ.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 23 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангайн уулсаар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

2016 оны 08 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

21-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын өмнөд хэсгээр бороо, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 22-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 23-нд ихэнх нутгаар, 24-нд говь тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Аялагчдад олигтойхон үйлчилгээ үзүүлчих газар Монголын хөдөөд алга” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн
сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн
дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж,
тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы нэгдүгээр нүүрнээс өчигдөр эх орондоо ирсэн Риогийн
олимпийн мөнгөн медальт тамирчин Д.Сумъяагийн “Амжилт гэдэг нэг хүнийх
байдаггүй, баг хамт олны зүтгэл, багш нарын минь нөр их хөдөлмөр” ярилцлагыг
уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрээс УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хөрөнгө
оруулагчид манай улсын эдийн засгийн цаашдын хандлагад эерэг хүлээлттэй байна”
ярилцлагыг уншаарай.

“Өдрийн
сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж,
нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн
дугаарын гуравдугаар нүүрэнд сэтгүүлч Э.Хүрэлбаатарын “Аялагчдад олигтойхон
үйлчилгээ үзүүлчих газар Монголын хөдөөд алга” нийтлэл хэвлэгдлээ.

“Хэлэх эрхийн индэр”-ээс
нийгэмд тулгамдаад буй асуудлуудын талаарх иргэдийн үгийг сонордож болно. Нийгмийн тавдугаар
нүүрний “Өдрийн зочин” буланд Монголд элэгтэй Орос эрдэмтэн Елена Бойкова
уригджээ. Харин зургаадугаар
нүүрээс “Мишээл экспо”-д өнөөдрөөс эхлэн гарч байгаа барилга, орон сууцны
үзэсгэлэнгийн талаарх сурвалжлагыг уншаарай.

Сонины долдугаар
нүүрний уламжлалт “Нэг ангийнхан” буланд “Бээжинд олуулаа сурдаг нэг ангийнхан”
оржээ. Мөн манай сонины
уламжлал болсон “Өд, бэх” буланд яруу найрагч О.Элбэгтөгсийн “Дотно байшин”
өгүүллэг нийтлэгдлээ. Та бүхэн сонирхон уншаарай.

Эрхэм уншигч та, манай
сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж
авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах
боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын
үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх
сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн
сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той
холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба
захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим
хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй
мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН
СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

​Ц.Сандуй: “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд давхар зам, гүүр барих асуудлыг шийднэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Тэргүүлэгчид “Хичээлийн шинэ жил” эхлэх гэж байгаатай холбогдуулан “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн ажлын явц”, “Сургууль, цэцэрлэгийн хүртээмж”-ийн талаар танилцуулга сонслоо. Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Улаанбаатар хотын автозамын нөхцөл байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, засвар, арчлалт, нийтийн тээврийн талаар хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав.

Зуны амралт, зугаалгын цаг дуусч, хичээл эхлэх үеэр орон нутгаас нийслэл рүү чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тиймээс хотын төв хэсгийн автозамын ачааллыг бууруулах түр зохицуулалт хийж, ирэх амралтын өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулах аж.
Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Аз жаргалтай хот хөтөлбөр”-ийн хүрээнд замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, давхар зам, гүүр барих асуудлыг шийднэ. Нэн түрүүнд зам засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэ, сургууль орчны аюулгүй байдлыг онцгойлон анхаар. Сургуулийн эргүүл буюу “School police”-ийг үргэлжлүүлэн ажиллуул. Шаардлагатай бол нэмэгдүүл” гэсэн үүргийг ажлын хэсэгт өглөө.
Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Энэ хичээлийн жилд 2014 онд төрсөн хоёр настай хүүхдийг цэцэрлэгт шинээр элсүүлнэ. Төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа ч 43 000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн сул орон дээр он дуустал 3057 хүүхдийг нэмж явуулах ажилд 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн энэ сарын 22-26-ны өдрүүдэд элсэлтийн бүртгэл хийж, “Элсэлтийн тасалбар” тарааж, 26-ны өдөр сонгон шалгаруулалт явуулна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​С.Батболд: Энэ онд 30 гаруй сургуулийг ашиглалтад оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр зарим дүүргийн цэцэрлэг, сургуулийн барилга угсралтын үйл явцтай танилцлаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XVI хороо буюу Хайлаастын эцэст байрлах цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барилга, Баянзүрх дүүргийн XIII хороонд байрлах 14 дүгээр сургуулийн барилга, Сүхбаатар дүүргийн IV хороонд байрлах нэгдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, Баянгол дүүргийн XVIII хороонд байрлах 11 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцсан аж.

Чингэлтэй дүүргийн XVI хороонд байрлах 204 дүгээр цэцэрлэг , 139 дүгээр сургуулийн цогцолбор барилгыг “Нью констракшн” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьсан бөгөөд ажлын явц 90 хувьтай байгаа аж. Тус цогцолборын цэцэрлэг нь 120, сургууль нь 160 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Одоогийн байдлаар сантехникийн ажлын тендерт маргаан гарч, хоёр удаа цуцлагдсан учраас барилгын ажил удааширч байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэлжээ. Үндсэн барилгын ажил, барилгын хаяавч, үүдний шат, спорт заалны шалнаас бусад ажил бүрэн дууссан бөгөөд гадна тохижилтын ажил түр хүлээгдэж байгаа юм байна.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тендерийн маргаантай асуудлыг яаралтай шийдэж, уг цогцолборын барилгыг есдүгээр сарын 10-ны дотор бүрэн ашиглалтад оруулахыг үүрэг болгов.

Мөн тэрбээр “Засаг даргын орлогч нараар ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотод шинээр барьж, өргөтгөл хийж байгаа сургууль, цэцэрлэгүүдээр явж дүгнэлт гаргаж байгаа юм. Энэ онд 30 гаруй сургуулийг багтаан ашиглалтад оруулж, сургуулийн хүчин чадал 3040 суудлаар нэмэгдэнэ. Түүнчлэн есдүгээр сарын 1-нээс 10-ны хооронд хүүхдүүдээ хүлээн авах долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор бэлэн болсон. Гэсэн хэдий ч шилжилт хөдөлгөөнийг зохицуулахгүйгээр хүртээмжийг бүрэн хангана гэдэг боломжгүй. Цэцэрлэгт шинээр бий болж байгаа суудлын тооны 20 хувийг зорилтот бүлэгт, 80 хувьд нь тусгай талон тарааж, сугалаа явуулахаас өөр аргагүй болоод байгаа юм. Мөн хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд эцэг, эхчүүд мөнгө тараадаг гэх гомдол их гардаг учраас Авлигатай тэмцэх газартай хамтран хяналт тавьж ажиллана” гэлээ.