Categories
мэдээ спорт

Их мастер А.Энхтуул 95 хүнтэй зэрэг тогложээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 20-нд Олон улсын шатрын их мастер А.Энхтуултай шатар зэрэг тоглох өдөрлөг болжээ. Өдөрлөгт шатар сонирхогчиргэд болоод, зарим уран бүтээлчид очсон аж. Тодруулбал Зайсангийн “танктай” хөшөөний урд талбай дээр шатар сонирхдогтой тоглосон юм. Их мастер А.Энхтуул нийт 95 хүнтэй нэгэн зэрэг тасралтгүй 6 цаг тоглохдоо 73 хүнийг хожиж, 10 хүнтэй тэнцэж, 12 хүнд хожигдсон ажээ.

Дэлхийн шатрын холбооны олон улсын мастер Алтан-Өлзийгийн Энхтуул нь 16 настайдаа Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон авч байжээ. Энэхүү өдөрлөгийн зохион байгуулсан “Оюуны Ундраа” группээс Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасагт гурван сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивласан байна. Мөн өдөрлөгийг “Зууны шатар” клуб хамтран зохион байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны 14 дэх тохирол явагдана

НӨАТУС-ийн зүгээс 14 дэх сугалааны тохирлоо өнөөдөр буюу наймдугаар сарын 21-ний өдөр явуулах гэж байна.

Наймдугаар сарын сугалааны хонжворын сан нь 675.9 сая төгрөг бөгөөд зөвхөн наймдугаар сарын 20-оос өмнө бүртгэгдсэн сугалаанууд хамрагдах боломжтой юм.

НӨАТ-ын сугалааны 14 дэх тохирлыг МҮОНТВ-ээр орой шууд дамжуудах ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бидний амьдралд юу ч хийх боломжгүй хоёр өдөр байдаг

Японд Хориэ Такафүмиг мэддэггүй хүн ховор. Тэрбээр интернэт үйлчилгээний асар хурдтай өссөн “Лаивдоор” компанийг байгуулсан, олны анхаарлын төвд байдаг медиа од. Түүний Кинки их сургуулийн төгсөлтийн баяр дээр хэлсэн үг японы интернэтээр трэнд болжээ. Тэрбээр хэлэхдээ “Та бүхэн 10 жилийн өмнө ухаалаг утас бариад, алхангаа утсаа ухаж яваа өөрийгөө төсөөлж байсан уу. Би ч төсөөлөөгүй, та нар ч төсөөлөөгүй. Ирээдүйд зугаатай сайхан зүйлс зөндөө. Тэрийг яаж бүрэн амсаж, сайхан амьдрах вэ, тэгэхийн тулд одоод л бүрэн дүүрэн амьдрах хэрэгтэй. Яагаад би ийм олон алдаж, ийм хэцүү зүйлс туулж, ийм олон хүнд хууртагдаж…тэгсэн хэрнээ яагаад ийм сайхан сэтгэл дүүрэн амьдарч байна вэ гэвэл “Би одоо цагт амьдардаг болохоор тэр юм. Ирээдүйгээс айлгүй, өнгөрсөнтэй зууралдалгүй, өнөөдрөөрөө амьдраарай гэжээ. Энэ бол амьдралд хайртай, хүсэл тэмүүлэлтэй байхын нэг жишээ.

Хориэ Такафүмигийн хэлсэнтэй утга дүйх Далай ламын нэг сайхан сургааль бий. Тэр бол “Бидний амьдралд юу ч хийх боломжгүй хоёр өдөр байдаг. Нэг нь өчигдөр нөгөө нь маргааш. Тиймээс хайрлах, итгэх… амьдрахаа өнөөдөр л хий гэсэн байдаг.

Өнөөдөр гэдэг өдөр байгаа ч маргааш юу болохыг бид мэдэхгүй. Тэгэхээр өчигдөр ямар нэгэн зүйлийг хийгээгүй, хийж чадаагүй бол өнөөдөр л хий гэсэн үг. Иймд өнөөдөртөө, одоо цагт амьдарч, амьдралаа хэрхэн утга төгс, бүтээмжтэй байлгах нь биднээс хамаарах аж. Тийм болохоор уншигч та өнөөдрийг битгий алдаарай. Далай ламын хэлсэнчлэн тэр тусмаа хайрлах, итгэх, тэмүүлэхээ нэг өдрөөр ч алгасаж болохгүй. Учир нь хэн нэгний амьдралд хэдэн өнөөдөр байгааг мэдэх аргагүй юм.

Categories
мэдээ цаг-үе

Г.Ганболд: Олон чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, аж ахуйн нэгж, иргэдийн харилцааг өргөжүүлэхээр чармайж байна

БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдтой онлайнаар ярилцлаа.

-Монгол, Энэтхэгийн эртний уламжлалт харилцааг шинэ зуунд, тухайлбал, Элчин сайдаар ажиллах хугацаандаа хэрхэн хөгжүүлж, юунд хүргэх ёстой гэж Та зорьдог вэ?

-Монгол, Энэтхэг хоёр улс бол эртний түүх, арвин соёлтой Азийн улсууд. Түүх, соёл, оюун санааны бат хэлхээ, элэгсэг дотно харилцаа биднийг холбож байдаг. Монголчууд бид Энэтхэг оронд Бурхан Будда хутгийг олсон, нирваан дүрд оршсон нутаг хэмээн хүндэтгэдэг. Манай хоёр улс ардчилал, чөлөөт эдийн засгийн харилцааг сонгосон төдийгүй, улс төрийн тусгаар тогтнолоо эдийн засгийн биеэ даасан байдлаар бататган бэхжүүлэхийг зорьдог. Уламжлалт дотно хэлхээ холбоонд суурилсан энэхүү уламжлалт найрсаг харилцааг чинагш хөгжүүлэх, хоёр талын хүрээнд төдийгүй олон улсын болон бүс нутгийн зангилаа асуудлуудаар өөрсдийн хувь нэмрийг оруулахын тулд бүхий л түвшинд байнга уулзах, санал бодлоо солилцож байх ёстой. Элчин сайдаар ажиллах хугацаандаа улс төрийн итгэмжилсэн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хүрээг өргөтгөх, эдийн засаг, худалдаа, бусад олон чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, аж ахуйн нэгж, иргэдийн харилцааг хөхиүлэн дэмжихэд чармайж байна.

-Манай улсын хувьд Энэтхэг бол олон улсын тавцанд тэнцвэртэй гадаад бодлого баримтлахад дэм болох гуравдагч хөрш, оюун санааны хөрш орон. Харин Энэтхэгийн хувьд бидэнд онцгойлон хандах ямар ашиг сонирхол байдаг бол?

-Энэтхэг улс Ази, Номхон далайн бүс нутагт явуулдаг гадаад бодлогоо “Дорнод зүгт чиглэж ажиллах” хэмээн тодорхойлж сүүлийн жилүүдэд идэвхтэй ажилладаг болсон. Бурханы шашин, Буддын гүн ухаан, уламжлалт соёлыг дээдэлдэг Азийн улсуудын хоёр жигүүрт, хоорондоо зайдуу оршдог боловч ардчилал, хүний эрх, олон ургальч үзлийг эрхэмлэдэг, байгалийн баялаг, хөгжлийн боломж бололцоо ихтэй Монгол улстай хамтарч ажиллах боломжтой төдийгүй, шаардлагатай гэж Энэтхэг улс үздэг. Тийм ч учраас хоёр талын харилцаандаа өндөр ач холбогдол өгч, манай талаас тавьсан санал санаачилгад ихэд анхааралтай ханддаг. Энэтхэгийн нийгэм, олон нийт ч Монгол улсад элэгсэг дотно хандаж, харилцах, хамтарч ажиллах эрмэлзлийг байнга илэрхийлдэг. Дашрамд дурдахад Энэтхэгт болон тус улсын нийслэл Шинэ Делид “Монголпури”, “Монголбад”, “Монголор” нэртэй газрууд, “Улаанбаатар” нэртэй гудамж ч байдаг. Энгийн жишээг дурдахад хонины ноос, ямааны ноолуур их хэмжээгээр, байнга худалдан авах, нөхөн сэргээгдэх нар, салхины эрчим хүчийг ашиглах, нүүрс, хайлуур жонш, зэрэг эрдэс баялаг, сансрын салбарт ч хамтран ажиллах ажил хэрэгч санал дэвшүүлдэг.Монголын оюутан залуусыг их дээд сургуулиуддаа хүлээн авч суралцуулах, манай улсын мэргэжилтэй боловсон хүчнийг урт богино хугацаагаар хүлээн авч давтан сургах, дадлага туршлагыг нь дээшлүүлэхэд зориулж тэтгэлэг ч олгодог.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох Ази, Еропын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад тус улс Дэд ерөнхийлөгч Х.Ансари тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчдөө оролцуулсан нь Монгол улстай тогтоосон харилцаандаа чулхалчлан анхаардагийг илтгэн харуулж байна.

-БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модийн өнгөрөгч оны тавдугаар сард Монгол улсад хийсэн айлчлал манай хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн чухал үйл явдал болсон. Ерөнхий сайд Н.Моди Монгол улсыг эдийн засгийн хүнд үед андын гараа сунгаж нэг тэрбум ам.долларын зээл амласан. Зээлийг авч ашиглах үйл явц аль шатандаа явна вэ?

-Монгол, Энэтхэг улсын төр, засгийн газрууд бие биенээ хүлээн зөвшөөрч, дотоод хэрэгт үл оролцох, нутаг дэвсгэр хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх гэхчлэн орчин үеийн улс хоорондын харилцааны түгээмэл зарчмуудын үндсэн дээр албан ёсоор харилцаж эхэлсэнээс хойш нэгэн жарны нүүр үзэж байна. Энэ хугацаанд Энэтхэг улсын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нар Монгол оронд маань айлчлан ирж, харилцааны зарчмуудаа үнэлж дүгнэсэн Тунхаглал, гэрээ хэлэлцээр олныг байгуулж амжилттай хэрэгжүүлж ирсэн. Гүйцэтгэх засаглалын тэргүүний түвшинд ерөнхий сайд Н.Моди 2015 оны тавдугаар сард манай улсад анх удаа айлчилсан. Хоёр тал энэхүү айлчлалын явцад стратегийн түншүүд болсоноо зарлаж, Энэтхэгийн Засгийн газар Монгол улсын эдийн засгийн хөгжил, үндэсний чадавхийг дээшлүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор нэг тэрбум ам. долларын зээл олгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн. Соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрх зүйн салбарт гэрээ хэлэлцээрүүд байгуулагдсан. Айлчлалын үеэр яригдсан асуудлууд, байгуулагдсан гэрээ хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхээр хоёр талын холбогдох байгууллагууд шаргуу ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газар нэг жилийн хугацаанд судалж, УИХ-д танилцуулсны үндсэн дээр нэг тэрбум ам.долларын зээлийн нөхцлүүдийг нягт нямбай хэлэлцээд Зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан.

-Та Элчин сайдын хувьд Энэтхэгийн зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Манай улсын өр зээл хэрээс хэтэрлээ гэсэн ойлголт бий. Энэтхэгийн зээл бидэнд хэр хэрэгтэй вэ. Шууд хиллэдэггүй, хол газраас зээлийн 75 хувьд бараа бүтээгдэхүүн үйлчилгээ авна гэдэг үр ашиг багатай дүр зураг харагдах юм. Та юу гэж бодож байна?

-Энэ бол эхний таван жилд төлбөрөөс чөлөөлөгдөх, дараагийн 20 жилийн хугацаанд жилдээ 1.75 хувийн хүүтэйгээр төлөгдөх зээл. Зээлийг дэд бүтэц гэх мэт стратегийн ач холбогдолтой салбарт, 200 сая ам. доллараас дээш өртөгтэй төсөл хэрэгжүүлэхэд ашиглах тохиолдолд төлбөрөөс чөлөөлөгдөх болон эргэн төлөгдөх хугацаа нь 2-5 жил нэмэгдэх юм. Өнөөдрийн нэг тэрбум төгрөг 25 жилийн дараах хэчнээн төгрөгтэй тэнцэхийг төсөөлсөн ч, арилжааны банкуудын өнөөгийн жишгээр тооцсон ч нэн хөнгөлөлттэй зээл гэдгийг ойлгож болно. Тодруулж хэлэхэд долоон жилийн дараагаас эхлээд 25 жилийн хугацаанд 1.75 хувийн хүүтэй хийгдэх төлбөрийн зөрүүг Энэтхэг улсын Засгийн газар төсвөөсөө төлж барагдуулах утгаараа нэн хөнгөлөлттэй зээл юм.

Энэхүү хөнгөлөлттэй зээлийг төмөр зам, холбогдох дэд бүтцийн салбарт авч ашиглахаар Монгол улсын УИХ, Засгийн газар шийдвэр гаргасан. Зээлийг төмөр замын салбарт ашиглах нөхцөлд өрийн тааз үйлчлэхгүй юм. Нөгөө талаар манай улсын экспортын үйлдвэрлэлийг дэмжих, олон улсын зах зээл дээрх байр суурийг бэхжүүлэхэд энэ зээл үр өгөөжөө өгнө үзэж байна.

Зээлийн нөхцлүүдийг хэлэлцэн тохирох, гэрээ хэлэлцээрийг эцэслэн байгуулах, ёсчлон батламжлах ажлууд УИХ, Засгийн газар, холбогдох яамд ажил хэрэгч оролцсны үр дүнд харьцангуй богино хугацаанд шуурхай хийгдлээ. Чухам ямар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэхүү хөнгөлөлттэй зээлийг ашиглах талаар Засгийн газар шийдвэрээ гаргаж, Зам, Тээврийн яам, холбогдох байгууллагууд төслийн танилцуулга, техник эдийн засгийн үндэслэл, урьдчилсан тооцоог боловсруулах, зөвлөх болон гэрээлэн гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах журам зэрэг баримт бичгүүдийг бэлтгэн нөгөө талдаа танилцуулсанаар санхүүжилтийг эхлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах хариуцлагатай цаг үе тулж ирээд ирээд байна.

Зам тээврийн яам, Монголын төмөр зам компанийн төмөр замын мэргэжилтнүүд Энэтхэгийн төмөр замын байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагаа, хүчин чадал, нийлүүлдэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй нэлээд сайн танилцаад харьцангуй өндөр сэтгэгдэлтэй ирсэн. Зээлийн 75 хүртэл хувийг Энэтхэгийн бараа, үйлчилгээнд зарцуулах нөхцөлтэй боловч энэ хэмжээг буулгах боломж бий. Аль болохоор үр дүнтэй ашиглахын тулд дотоодын чанар сайтай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг өргөнөөр авч ашиглах, иргэний агаарын тээврийн компаниудын хооронд “соdе sharing, uni­fied cargo tariff” нэвтрүүлэх, арилжааны банкнууд харилцаа тогтоож төлбөр тооцоог хямд зардлаар шуурхай гүйцэтгэдэг болох, Энэтхэгийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар хамтарсан үйлдвэр байгуулж бүтээгдэхүүнийг нь ашиглах, Энэтхэгээс нийлүүлэхэд эдийн засгийн үр ашиг багатай техник хэрэгслийг бусад зах зээлээс хямд үнээр нийлүүлэх гэхчлэн олон арга зам байгаа. Хийх хүн аргаа олдог, хийхгүй нь шалтагаа хайдаг гэлцдэг .

-Хоёр орны харилцааны бусад ахиц дэвшлээс хуваалцана уу. Монголчууд Энэтхэг орны талаарх эерэг сэтгэгдэлтэй байдаг. Харин энэтхэгүүд монголчуудын талаар хэр мэддэг юм бол. Тэрбум гаруй хүн амтай Энэтхэг улсын дундаж иргэд аялал жуулчлалд цаг хугацаа, мөнгө зарцуулдаг уу. Тэдний зорьж аялах орны тоонд Монголыг хэрхэн багтаах вэ?

-Монгол, Энэтхэгийн харилцаа улс төрийн салбарт идэвхтэй өрнөж ирсэн. БНЭУ-ын Парламентын Лок Сабха-Доод танхимын спикер хатагтай Сумитра Махажан, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин болон, өндөр түвшинд хийгдсэн бусад айлчлал, яриа хэлэлцээ, байгуулсан баримт бичгүүд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүллээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан комисс өнгөрөгч дөрөвдүгээр сард Шинэ Дели хотноо хуралдаж олон чухал асуудлыг хэлэлцлээ. Энэ оны хоёрдугаар хагаст багтаж Гадаад хэргийн яамдын зөвлөлдөх уулзалт, Хил хамгаалах албадын хамтарсан ажлын хэсгийн хурал, Улаанбаатар хот дахь Монгол, Энэтхэгийн хамтарсан дунд сургуулийн газрын асуудлаар зөвлөлдөх уулзалт, Цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний асуудлаар ажлын хэсгүүдийн хурлыг зохион байгуулахыг зориод ажиллаж байна.

Тэрчлэн дээд, өндөр хэмжээний айлчлал, уулзалтуудын мөрөөр хэрэгжүүлэх, шинээр хийж эхлүүлэх ажил цөөнгүй байна. Энэтхэгт суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар тус улсыг зорьдог иргэддээ дэмжлэг үзүүлэх, хямд үнэтэй, чанартай эм, эмнэлгийн хэрэгслүүдийг өөрийн оронд оруулах чиглэлээр анхаарч байна. Үр дүн нь эхнээсээ харагдаж байна. Энэтхэг улсын Засгийн газар манай оюутан залуусыг их дээд сургуулиуддаа хүлээн авч суралцуулахад 50, мэргэжилтэй боловсон хүчнийг давтан сургахад 200 тэтгэлэг олгодог. Тэдгээрийн ашиглалтыг сайжруулах, тоо хэмжээг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна. Хавдар судлалын үндэсний төвд 2.5 тэрбум орчим төгрөгийн өртөгтэй туяа эмчилгээний Бабатрон II төхөөрөмжийг бэлэглэсэн нь хорт хавдарын оношлогоо, эмчилгээнд үр дүнгээ өгч байна. Манай улсын Монгол төмөр зам компанийн мэргэжилтнүүд Энэтхэгийн төмөр замын байгууллагуудтай танилцаж ажил хэргийн харилцаа тогтлоо. Монгол судлалаар олон жил уйгагүй ажиллаж олон бүтээл туурвисан Энэтхэгийн Монголч эрдэмтэн Локеш Чандра, Мансура Хайдар нарт Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг ёслол хүндэтгэлтэй гардууллаа. Манай хоёр орны эрдэмтэд Хэл иргэншлийн дээд сургуультай хамтран “Чингис хаан, түүний өвүүд, Энэтхэгийн соёл” сэдэвт бага хурлыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 19-20-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ бага хуралд Энэтхэгийн эрдэмтэд, нийгэм, соёл, улс төрийн зүтгэлтнүүд өндөр ач холбогдол өгч байна.

Өнгөрсөн түүх, уламжлалаа судлахын сацуу энэ мэт бага хурал, уулзалт ярилцлагад сонирхсон хэн боловч ажил хэрэгчээр оролцох нь ирээдүйд хамтраад юу хийх, хэрхэн ажиллах талаар шинэлэг оновчтой санааг гаргахад тустай гэж итгэж байна.

-“Н.Модийн нөлөө” хэмээх ном таны орчуулгаар уншигчдын гарт хүрч байна. Энэ номыг орчуулах болсны учир юу вэ?

-Энэтхэг улсыг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилт тавиад, бүх нийтийн сонгуульд ялалт байгуулж Засгийн газраа тэргүүлэн ажиллаж байгаа улс төрийн намын энэ удирдагчийн тухай Британийн зохиолч Ланс Прайс нэлээд бодитой өгүүлсэн эл ном манай уншигчдад сонирхолтой байх болов уу гэж үзээд монгол хэлнээ хөрвүүлсэн.

Бичиж нийтлэх, хүн ардынхаа мэдлэгт нэмэр болох ном зохиолуудыг орчуулах нь ажлын зав чөлөөгөөр байнга л хийгддэг зүйл. Дашрамд дурдахад Энэтхэгт Монгол орныхоо тухай, аялж жуулчлах боломж нэмэгдсэн талаар, гадаад бодлогын үйл ажиллагааны талаар, олон улсын харилцааны зарим гол асуудлаар баримталдаг байр суурийг сонирхож байдаг учир Шинэ Дели хотод байрладаг Сэтгүүлчдийн байгууллагад гишүүнээр элсч “Индиа Эмпайр”,“Туризм фөст”, ”Индепендент” “Дипломатист” зэрэг суугаа, хавсран суугаа орны сонин хэвлэлд цуврал өгүүлэл нийтлүүлэхээс гадна сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг өөрийн оронд айлчлуулахаар ажиллаж байна.

Ж.Баяр

Categories
мэдээ цаг-үе

Энэ намар тэсрэлт мэт тод өнгийн хувцас моодонд орно

Энэ намрын загварын чиг хандлагыг “Урлах эрдэм” дээд сургуулийн “Жи Ти” загварын товчооны Тэргүүн дизайнер Э.Энхчимэгээс тодрууллаа.

-Энэ жилийн намрын загварын зонхилох дүр төрх ямар байх вэ?

-Нэгдүгээрт эмэгтэйлэг дүр төрх. Эмэгтэйлэг дүр төрх гэдэг нь 1930-аад оны үеийн дэрвэгэр хормойтой юбка, дээгүүрээ бариу цамц. Ийм загвар голлох юм. Хоёрдугаарт модерн, романтик-уян налархай дүр төрх зонхилж байна. Хурц өнгө, эмэгтэйлэг загвар зонхилно гэсэн үг. Материалын хувьд хээ хуартай, хурц тод өнгө энэхүү загварын гол чиг хандлага болж байна. Гуравдугаарт спорт-сонгодог. Энэ нь сонгодог даруухан хэрнээ кант буюу биеийн тамирын хувцасны өнгө аяс оруулсан байдаг. Дөрөвдүгээрт 1920-иод оны үеийн хувцас давамгайлж байна. Бүсэлхийн шугам жаахан доошилсон буюу таазан дээр ирсэн юбка, сарафан юм. Завсрын өнгө, чимэглэлтэй юбка, эрээн цамц зонхилно.

-Өнгө хийц, материалын хувьд ямар байх бол?

-Энэ жилийн намрын хувцасны загварт маш тод өнгө моодонд орно. Тэсрэлт хийсэн юм шиг л. Мөн тод өнгөний хослол давамгайлна. Эрээн, дөрвөлжин, цэцгэн хээтэй тод өнгийг хооронд нь хослуулна. Ягаан өнгө тод өнгөнөөс эхлээд бүдгэрч байдаг. Тэдгээр өнгөнүүд моод болно. Завсрын бохир өнгө буюу бор шаргал, саарал өнгөнүүдийг хүмүүс эрхэмлэнэ. Харин эртний хэв маягийг шингээсэн хээ хуартай, хатгамалтай, гялгар, алтлаг, мөнгөлөг, гялалздаг материал моодонд орох юм. Мөн том цэцэг, навчин хээ хуар болон хүүхэлдэйн баатруудын дүрслэл, тоог хувцсан дээр урлана.

Тухайн хувцасны аль нэг хэсэгт энгэр, ханцуй, хормой зэрэгт чимэглэл, хээ хуар, цацаг нэмэгдэнэ. Тэгэхээр илүү үдшийн гоёл шиг болно гэсэн үг. Гэрэлтсэн, унасан, торон, хамба хилэн материалууд зонхилно. Дотуур хувцасны хувьд корсет, дотуур юбка, сарафан моод болно. Корсет, сарафаныг гадуур өмсч, илүү шинэлэг хэв маягийг гаргаж ирнэ. Тухайлбал, корсетийг цамцан дээр зүүх моод дэлгэрнэ. Сүүлийн үед сарафаныг гадуур өмсөж болохоор хийж байгаа юм.

-Ойрын өдрүүдэд сэрүүсэх төлөвтэй болжээ. Тиймээс гадуур хувцас пальто, цувны загвар ямар болж өөрчлөгдөж байна вэ?

-Намрын сэрүү ороход хүн бүхэн л гадуур хувцас өмсдөг шүү дээ. Тиймээс энэ жил сул загвартай пальто, цув моод болно. Эсгүүрийн хувьд өвөрмөц шийдэл, хуваалттай хийгдэнэ.

-Сүүлийн үед залуучууд чөлөөт загварыг илүүд үзэх болсон. Чөлөөт загварын хувьд янз бүрийн гоёл чимэглэлтэй байх болжээ?

-Тод өнгийн куртка, спорт загвартай болсон. Мөн арьсан жакетыг залуучууд их өмсөх болсон. Эдгээр загварууд гоёл чимэглэлтэй болж шинэчлэгдэж байна.

-Бүсгүйчүүдийн гоёл, чимэглэл, цүнх, гутал ямар байх бол?

-Хүзүүний нүсэр зүүлт чимэглэл моод болно. Гутал цүнхний хувьд дөрвөлжин хуваалттай хэлбэр давамгайлна. Чимэглэл тоног ихтэй.

-Ингэхэд манай улсын үндэсний хувцасны чиг хандлага ямар болж байна вэ?

-Ерөнхийдөө манай дээлний загварын чиг хандлага өдөр тутмын амьдралын хэв маягаас болж өөрчлөгдөж байна л даа. Нүүдлийн амьдралаас шилжиж байна шүү дээ.

-Манайхан загварын шоу их зохион байгуулдаг болсон. Дэлхийн хэмжээнд хэрхэн хөгжиж явна вэ?

-Дэлхийн дизайнеруудын холбоо загварын чиг хандлагыг тодорхойлдог. Дэлхийн нийгэмлэгт багтсан, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагууд ерөнхий чигийг гаргаж өгнө. Нью Йорк, Парис, Токио зэрэг өндөр хөгжилтэй газрууд долоо хоног бүр загварын чиг хандлагыг гаргадаг. Үүн дээр үндэслэж гаргадаг юм.

Дэлхийн улс орнууд нийгэмлэг, байгууллагууд нийлж хуралдаад дараа жил ийм хувцас зонхилж гаргана гэдэг. Ийн ярилцаж, хэлэлцсэний дагуу дизайнерууд тохироод хувцасныхаа хэв маягийг гаргаж, шоу зохион байгуулдаг. Манай улсад энэ жишиг хараахан тогтоогүй байгаа. Гэхдээ манайд загварын чиг хандлага хурдацтай хөгжиж байна. Залуу дизайнерууд их гарч ирсэн.

-Цаг хугацааны эрхээр аливаа зүйл хувьсан өөрчлөгдөж байдаг. Орчин цагт хувцсыг хувь хүнийг тодорхойлох түлхүүр гэх болжээ. Загварын чиг хандлага ямар давтамжтай өөрчлөгдөж, шинэчлэгддэг вэ?

-Дээр үед хүй нэгдлийн үед гадны нөлөөллөөс хамгаалж л хувцас хийсэн байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хувцас хөгжил дагаж хувьсан өөрчлөгдсөөр байна. Сүүлийн үед бизнес эрхэлж байгаа хүмүүсийн амжилтын гол түлхүүр нь хувцсаар хэмжигдэх болсон. Дээр үед ч гэсэн хүнийг хувцсаар угтаж, ухаанаар нь үднэ гэдэг байсан шүү дээ. Энэ үг одоо ч биеллээ олж л явна. Хувцас амьдралын нэгээхэн хэсэг. Хувцас хийнэ гэдэг бол урлаг. Жилд хоёр удаа загварын чиг хандлагыг гаргадаг. Тухайлбал, энэ намрын зуны загвар оны өмнө гарчихсан байдаг. Өвлийн загварын чиг хандлагаар зуны чиг хандлагыг гаргадаг. Ирж буй улирлаар буюу зөгнөсөн байдлаар гаргадаг. Өвлийн улиралд намар зуны загварууд гарч байх жишээтэй. Тиймээс нэг улиралдаа 1920 оны загвар ч гэх юм уу. Моод загвар дандаа эргэж явдаг юм.

Б.УРАНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас “E-barimt” сугалааны талаар туршлага судлах хүсэлт ирүүлжээ

Монгол Улсад хэрэгжиж буй “e-barimt” системээс туршлага судлах хүсэлт БНСУ-аас иржээ.

Монгол Улс НӨАТ-н урамшууллын системийг нэвтрүүлсэн цөөн улс орнуудын нэг болсон. Энэ төрлийн систем нь эдийн засгийг эрүүлжүүлэх, татварын орлогыг нэмэгдүүлэх бүртгэл тооцоо сайжрах иргэд худалдан авалтын төлбөрийн баримтаараа сугалаанд оролцон урамшуулал авах зэрэг эерэг үр дүнтэй байдаг нь хэрэгжүүлсэн орнуудын хувьд батлагдсан.

Тайван, Словак, Португаль зэрэг амжилттай сайн хэрэгжсэн гаднын орнуудын туршлагаас манай улс судлан “ebarimt” системийг хийсэн байна. Системийг илүү боловсронгуй болгон технологийн инновацид суурилсан, бусад орнуудаас давуу талтай нь иргэд НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан авах урамшуулалд хамрагдах болсон нь хурдан хугацаанд үр дүнтэй болжээ.

“Ebarimt” системийг хэдийн гадны улс орнууд сонирхож эхэлсэн бөгөөд туршлага судлах, заавар зөвлөмж авах, хамтран ажиллах сонирхолоо илэрхийлсээр байна. Энэ удаад БНСУ-д зохион байгуулагдах энэ төрлийн сургалт семинарт “e-barimt” системийн талаар танилцуулга хичээл орох хүсэлтийг Гааль, Татварын мэдээллийн технологийн төвд тавьсан байна.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Гватемалд хэт жижигхэн толгойтой хүүхэд төрсөн анхны тохиолдол бүртгэгджээ

Гватемал улсад шумуулаар дамждаг “зика” вирусийн улмаас тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрлөө гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Тэдний хэлснээр, энэ нь Төв Америкийн тус улсад “зика”-гийн улмаас хэт жижигхэн толгойтой хүүхэд төрсөн анхны тохиолдол ажээ.

“Зика” вирус нь 2015 оны хавар Бразилд тархаж эхэлсэн билээ. Энэ вирус нь өдрийн цагаар идэвхтэй байдаг шумуулаар дамждаг.

Насанд хүрсэн хүн “зика” вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл учрахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг юм.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

“Форд” 2021 оноос автомат жолоодлоготой автомашин худалдаанд гаргана

Америкийн автомашин үйлдвэрлэгч “Форд Мотор” компани 2021 оноос бүрэн автомат жолоодлоготой автомашиныг худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Жолооны хүрд болон дөрөөгүй тээврийн хэрэгслүүдэд камер болон мэдрэгч технологиуд хийж мэргэшиж байгаа дөрвөн компанид “Форд Мотор” хөрөнгө оруулалт хийн автомат жолоодлоготой автомашин үйлдвэрлэхээр хамтран ажиллаж байгаа ажээ.

Энэ ажлын хүрээнд Калифорни муж улс дахь судалгааны төвийн ажилтнуудынхаа тоог тус компани нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Мөн автомат жолоодлоготой автомашины анхны 90 загвараа тус компани ирэх оноос зам дээр туршихаар төлөвлөж байгаа гэнэ.

Дэлхийн автомашин үйлдвэрлэгч компаниуд автомат жолоодлоготой автомашин үйдвэрлэхээр өрсөлдөж байна. Ийм машин нь автын осол болон замын түгжрэлийг багасгахад тус болох боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Тейлор Свифт үер болсон Луизана мужид 1 сая доллар хандивлажээ

Ширүүн бороо орж, үер болсон Америкийн Луизиана муж улсад дуучин Тейлор Свифт 1 сая доллар хандивлалаа.

26 настай дуучин бүсгүй мэдэгдэл хийхдээ “өнгөрсөн онд би ‘1989 World Tour’ аялан тоглолтоо Луизианагаас эхэлж байсан. Тус муж улсын оршин суугчид намайг гайхалтай халуун дотноор хүлээн авч байсан” гэв.

Тэрбээр цааш ярихдаа “энэ долоо хоногт Луизианагийн олон оршин суугч үер усны улмаас орон гэргүй болсонд маш их харамсч байна” гэлээ.

Тус муж улсад үерийн улмаас 11 хүн амиа алдаж, 40 мянган байшин барилга эвдэрч сүйдэн, 30 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Владимир Путин, Шинзо Абэ нар ирэх сарын 2-нд уулзана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар ирэх сарын 2-нд Владивосток хотноо хэлэлцээ хийнэ гэж Оросын сайд мэдэгдлээ.

ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн сайд Александр Галушка пүрэв гарагт Москва хотноо сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ энэ төлөвлөгөөг дэлгэжээ.

Есдүгээр сарын 2-3-нд Оросын Алс Дорнодын тус хотод болох олон улсын эдийн засгийн форумд Абэ оролцох аж. Ази-Номхон далайн улсуудаас Орос руу хөрөнгө оруулалт татах зорилготойгоор уг арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг юм.

Дээд хэмжээний уулзалт зохион байгуулах асуудлыг тус хоёр улсын албаны хүмүүс уг форумын үеэр авч хэлэлцсээр ирсэн билээ.

Абэтэй тавдугаар сард уулзахдаа Путин “эдийн засаг бол хамгийн чухал асуудал” гэж байсан юм. Үүний хариуд Япон улс Оросын эдийн засгийг хөхиүлэн дэмжих найман заалт бүхий хамтын ажиллагааны төлөвлөгөөг санал болгосон.

Ажиглагчдын үзэж буйгаар, Оросын Алс Дорнодын аж үйлдвэрийг хөгжүүлэх арга хэмжээ зэрэг багтсан уг төлөвлөгөөг аль болох хурдан хэрэгжүүлэхийг Москва хүсч байгаа нь илэрхий байна.

Владивостокийн форумд Өмнөд Солонгосны Ерөнхийлөгч Пак Гын Хэ мөн оролцох аж. Тэрбээр есдүгээр сарын 3-нд Ерөнхийлөгч Путинтай уулзахаар төлөвлөжээ.

О.ӨНӨР