Categories
мэдээ цаг-үе

“Монголыг монголчууд хөгжүүлнэ” уриатай Дарханы төмөрлөгийнхөн

Дархан аж үйлдвэрийн бүс нутаг болон хөгжих бүрэн боломжтой, дэд бүтэцтэй нутаг хэмээн мэргэжилтнүүд хэлдэг. Ер нь хэзээнээсээ аж үйлдвэрийн бус нутаг хэмээн нэрийдэж ирсэн байдаг. Бүтээн байгуулалтын дээд “Төрийн гэрэгэ”шагналыг мичин жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хүртсэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг “Танайд өнжье” буландаа онцоллоо. Сурвалжлагаа бэлтгэхээр Дархан хотноо очиход намрын хонгор салхи сэрчигнэн байснаа төд удалгүй намирсан зөөлөн бороо болон үргэлжилэв.

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ДАРХАНЧУУДЫН ИТГЭЛИЙН ГАЛ ХЭВЭЭРЭЭ БАЙНА

1990 оны цагаан морин жил Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзсэн тэр жил Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Бурхантын хөндийд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” өрхөө татсан түүхтэй. Харин тус үйлдвэр ашиглалтад орсон цаг хугацаа нь 1994 он. Монгол Улсын хүнд үйлдвэрлэлийн салбарын томоохон төлөөлөл болох Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн“Дэлхийн жишигт хүрсэн “Уул уурхай-Металлургийн цогцолбор” үйлдвэр болохын тулд цаг нартай уралдан, дэлхийн шилдэг тоног төхөөрөмжийн хүчээр “зүтгэж” байгаа юм байна. Бурхантын хөндийгөөс зүүн урагшаа 10 орчим км яваад бидний сайн мэдэх Дарханы төмөр хүнийг өнгөрөөд үйлдвэр рүү яваад орчихдог юм билээ. Үйлдвэрийн оффисын хаалгаар оронгуут “Эх орны төмрийн хүдрээс нэмүү өртөг шингэсэн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол Улсын үндэсний тэргүүлэгч компани болох” хэмээх эрхэм зорилго нь харааны түвшинд байрлуулсан тул хамгийн түрүүнд нүднээ тусна. Хаалганы баруун талд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хамт олны ажил үйлсээрээ манлайлан хөдөлмөрөө үнэлүүлсэн цомуудыг хоргонд ярайтал өрсөн харагдана. Орох айл үүднээсээ гэж монголчууд хэзээнээс хэлэлцэж ирсэн улс. Ямартай ч тус үйлдвэрийнхэн маш хөдөлмөрч хүмүүс гэдэг нь авсан шагналуудаас нь харж болохын дээр том үйлдвэр гэлтгүй тунчиг цэвэрхэн байгууллага гэсэн анхны үнэлэмжээ хэнбугай нь ч шууд өгчихмөөр.

Тус хамт олны уриа “Монголыг монголчууд хөгжүүлнэ” гэсэн ердөө гуравхан үг. Үгийн цаадах утгыг ухаж чадаж гэмээнэ тэдний өмнө ямар том зорилт байгааг түвэггүй ойлгочихно. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн нууц ердөө л аж үйлдвэрлэлийг өндөр зэрэглэлд хөгжүүлсэн байдаг. Дэлхийн жишигт нийцэх гэж, даяарчлагдсан бөмбөрцөгийнхнөөс хоцрохгүйн тулд Монголоо өөрсдөө хөгжүүлэх алтан зарчимдаа энэ үйлдвэрийнхэн үнэнч явна. Уул уурхайгаас хараат эдийн засагтай манай орны хувьд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж дэлхийд өрсөлдөнө гэдгээ мэддэг болсон. Монгол Улсын металлургийн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн ажиллаж байна. Улсдаа л металлургийн салбарын анхдагч тус үйлдвэрийнхэн хүнтэй зүйрлүүлбэл эр бие жагссан эх орны “хүү” болжээ.

Тус үйлдвэр рүү ирэхийн өмнө Дархан-Уул аймагт амьдардаг Л.Отгонбаатартай ярилцаж байхад “Манай төмөрлөг чинь одоо ч гэсэн Дарханы гол үйлдвэр хэвээрээ. Найзууд маань тэнд л ажиллаж ар гэрээ авч явж байна. Нэг үгээр хэлбэл итгэлийн гал одоо ч асаалттай байна” хэмээн ярьж байсан нь санаанд илхэн.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн хаягдал төмөр хайлуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн. Тэгвэл удахгүй төмрийн хүдрээ түүхий эд болгон ашиглаж ган үйлдвэрлэдэг болох том зорилтын төлөө бүгд л нэгэн дуугаар хичээн ажиллаж байгаа юм билээ. Төмрийн хүдрээ өөрсдөө боловсруулан эцсийн бүтээгдэхүүн хийж чадах Монголын хамгийн том үйлдвэр мэдээж Дарханы төмөрлөгийн үйлдвэр. Тус үйлдвэрийн хамт олон Хонгор сумын нутагт жилд 700 мянган тн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай нойтон соронзон баяжуулах үйлдвэрийг хаягдлын байгууламжийн хамт 2014 онд ашиглалтанд оруулаад авчээ.

Үйлдвэрийн хашааны баруун хэсэгт “Нойтон баяжуулах үйлдвэр” гэсэн том байшин харагдана. Төмөрлөгийн үйлдвэрийнхэн төмрийн хүдрийнхээ уурхай тус бүр дээр “Хуурай соронзон баяжуулах үйлдвэр” барьжээ. Хуурай соронзон баяжуулах үйлдвэр нь төмрийн хүдрийг хуурай орчинд буталж тээрэмдээд соронзон ангилагчаар төмөртэй хэсгийг ялгаж аваад нойтон баяжуулах үйлдвэр рүүгээ тээвэрлэдэг аж. Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж явахад Нойтон баяжуулах үйлдвэр нь сул зогсолттой байлаа. Олон улсын зах зээлд төмрийн хүдрийн үнэ унасантай холбоотой юм байна. Нэг үгээр хэлбэл талх үйлдвэрлэгчид 1000 төгрөгийн өртөгөөр бүтсэн талхаа хэзээ ч 900 төгрөгөөр зардаггүй. Үүнтэй л агаар нэгэн зүйл болжээ. Өмнөх жилүүдэд хүдэр экспортолж байх үед нэг тонн төмрийн хүдрийн үнэ 137 ам.доллар байсан бол одоо дэлхийн зах зээл дээр 36 ам.доллар болтлоо огцом буурсан нь сул зогсох шалтгаан болсон юм. Төмрийн хүдрийн зах зээл яг ийм нөхцөл байдалтай байгаа. Бүтээгдэхүүний өөрийнх нь өртөгт ч хүрэхгүй байгаа тул зах зээл сэргэхийг хүлээж байгаа аж. Нойтон баяжуулах үйлдвэр нь жилдээ нэг сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Монгол Улсын хэмжээнд хүчин чадлаараа нэг номер гэсэн үг. Нойтон баяжуулах үйлдвэрээс гараад ирснийх нь дараа барихаар төлөвлөсөн шууд ангижруулсан төмрийн үйлдвэр рүүгээ оруулаад 90-ээс дээш хувийн төмрийн агууламжтай төмөр гаргаж авдаг байна. Ангижруулсан төмрөө гаргаж аваад дангаар нь эвсэл хаягдал төмөртэйгээ хамт хайлуулаад эцсийн бүтээгдэхүүн гаргаж авдаг процессийг төслийн хоёр шатанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн хэллээ. Нойтон баяжуулах үйлдвэр дэргэдээ хаягдлын байгууламжтай баригджээ. Хаягдлын байгууламж нь орчин үеийн геомембран доторлогоотой тул төмрийн хүдрээс гарах шороотой зутан газрын хөрсөнд шингэх боломжгүй ажээ. Хаягдлын далан нь 465 мянган метр куб-ын багтаамжтай. Нүдээр үзсэн хүнд уулга алдмаар том юм билээ. Нойтон баяжуулах үйлдвэрийн усны талаар сонирхоход хаягдлын далан руу зутантай орсон усаа эргүүлэн ашиглах гэнэ. Түүнийхээ шугам хоолойг ч тавьчихаж. Нэг хэрэглэсэн усаа дахин хэрэглэнэ гэсэн үг.

Дарханы төмөрлөгийн баяжуулах үйлдвэрүүд нь АНУ-ын “TRIO”, Герман-Хятадын хамтарсан “SANME”, БНХАУ-ын “ZENITH”, АНУ-БНХАУ-ын хамтарсан “ERIEZ MAGNETICS” зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудын тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон талаар үйлдвэрийн мэргэжилтнүүд ярьж байлаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг тул ажилчдын эрүүл ахуй улам баталгаатай болжээ. Дарханы иргэдийн эрүүл мэндэд хортой болон бүс нутгийн байгаль орчинд сөрөг нөлөөтэй ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй нь тус үйлдвэрийн хариуцлагыг илтгээд өгнө. Шууд ангижруулсан төмрийн үйлдвэрээ барихаар газраа хэдийнэ бэлтгэжээ. Шууд ангижруулсан төмрийн үйлдвэр гэдэг нь бидний хэлж заншсанаар өнөө гангийн үйлдвэр юм. Гангийн үйлдвэр барих гэрээ хэлцэлдээ гарын үсэг зурж, төсөл хэрэгжиж эхлэх эхний алхмуудаа хийгээд байгаа юм билээ. Тус үйлдвэрийг барих төсөл дээр хамтран ажиллах гадны компанийн мэргэжилтнүүд ирээд явсан байна. Одоо зураг төслөө хийх ажилдаа ороход бэлэн болжээ. 400 мянган тонны хүчин чадалтай гангийн үйлдвэр барина гэдэг бол хашаанд байшин барихаас ангид учраас зураг төслөө гаргахад багагүй хугацааг зарцуулах нь. Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилдээ хоёр сая тонн бүтээгдэхүүн ачих хүчин чадалтай, 54 вагон нэг удаадаа орох хоёр салаа замтай терминалийг хаягдлын далангийнхаа баруун талд барьжээ.

Тус үйлдвэртэй холбоотой өөр нэг чухал ажил нь Ган бөмбөлгийн үйлдвэр барих. Тоног төхөөрөмжөө Монгол Улс руу тээвэрлэхэд бэлэн болсон тул үйлдвэрийн сууриа цутгах ажлаа эхлүүлэх гэж байлаа. Монгол Улсдаа ган бөмбөлөг үйлдвэрлээд эхэлбэл Эрдэнэт, Оюу толгойгоос эхлээд дотоодын баяжуулах үйлдвэр, станцууд гаднаас өндөр үнээр ган бөмбөлөг авах шаардлагагүй болно. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ган бэлдэц, арматур, булан төмөр гэсэн үндсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол дахин нэг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэр төрлөө олшруулах юм. Ингэснээр мэдээж өрсөлдөх чадвар нь улам л нэмэгдэнэ. Манай орны хувьд төмрийн үйлдвэрүүд хаягдал төмрөөс хараат байдаг. Үйлдвэрийн төсөл бүрэн хэрэгжсэнээр энэ хараат байдлаас гарчих боломж нээгдэнэ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт уурхай, үйлдвэр нийлээд 1400 орчим хүн ажиллаж байгаагаас 90 гаруй хувь нь Дарханы харьяалалтай иргэд гэнэ. Ямар ч байгууллага ажилтнуудаа сэтгэл хангалуун ажиллах нөхцөл бололцоог хангаж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж чадвал хөдөлмөрийн бүтээмж нь өндөр байдаг билээ. Тэд энэ бүгдийг хийсэн байна.

“ТӨРИЙН ГЭРЭГЭ” ХҮРТСЭН ХАНДГАЙТ-ТӨМӨРТЭЙ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ ХИЙГЭЭД ЕРӨӨ, ХҮДЭР СУМДЫГ ХОЛБОСОН АВТО ЗАМ

Сэлэнгийн Дулаанхааны дөрвөн замын уулзвараас Ерөө, Хүдэр сум чиглэлийн 104.5 км хатуу хучилттай авто замын ажил ахицтай байна. Төмөртэй орд руу явах гол авто зам нь энэ л дээ. Дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнийн уналтаас шалтгаалж түр зогсолт хийгээд буй уурхайн ажилчдаа ажлаар хангахын тулд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн тус замын үндсэн гүйцэтгэгч “Пик Девелопмент” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр авто замын газар шороо, далангийн ажлыг хийж байгаа юм. Эл зам ашиглалтад орсноор Ерөө, Жавхлант, Хүдэр сумдын иргэдийн амьдралд томоохон дэмжлэг болох учиртай. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн 104.5 км авто замыг бараг л нийгмийн хариуцлагын хүрээнд барьж байгаа гэхэд болно. Нэгэнт нийгмийн хариуцлага гэж дуугарсных өөр хэдэн зүйл дурсахыг хүслээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай компани гэдэг утгаараа олны ам сайтай байх юм билээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд мөн Дархан-Уул аймгийн Хонгор суманд сайжруулсан шороон зам тавих, ахмадын хорооны байрных нь шугам сүлжээг сайжруулжээ. Налайхад байгуулагдсан Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуульд Дарханы 10 оюутны сургалтын төлбөрийг даан суралцуулж, ахмадууд, хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн хариуцлагын чиглэлийн олон ажлыг нь дурдаж болохоор.

104.5 км хатуу хучилттай энэ авто замаар төмрийн хүдэр тээвэрлэхгүй тул замын эвдрэл гарахгүй гэсэн үг. Ямар ч байсан нутгийн иргэд авто замтай болж буйдаа тунчиг сэтгэл хангалуун байгаа юм билээ. Жил жилийн сонгуулийн амлалт болж, хэдэн парламент солигдсон ч ганц хүрз шороо ч асгаагүй байсан зүйлийг ажил хэрэг болгосон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэнд талархсан нутгийн зон олны үг амнаас ам дамжин яригдсаар байна. Дарханы “Бирж” гэж хөлийн газар бий. Тэндээс Ерөө, Хүдэр, Бугантын чиглэлд микро автобусууд явдаг юм билээ. Тус чиглэлийн зорчигч, жолооч нараас “Зам хэр байна гэхэд” “Ерөө өнгөртөл сайхан замтай болсон. Хүдэр хүртэл явах юм гэсэн. Бушуухан дуусчихвал иргэд бидний амьдралд тун хэрэгтэй байна. Өмнө нь машинаа тачигнатал давхидаг байсан бол одоо ч огт өөр болсон” хэмээн ам уралдан ярих. Тус авто замаар явж байхад “Монголчууд зам тавиад сурчихжээ” гэж бодогдохоор. Зарим зам шинээр баригдсан ч энхэр донхол, донсолгоотой байдаг бол энэ замын хувьд ярих юмгүй “шил толь”. Өмнө нь ямартай ч цаг гаруй “санжигнуулдаг” байсан замыг жижиг суудлын авто машинаар 20 минутын дотор л туулж байсан нь цаг хугацаа, авто машины эвдрэл гэмтэл, бензин, шатахуунаас эхлээд олон зүйлд эерэг алхам болсон байлаа. Харин Хүдэр сумын иргэд “Өвлөөс өмнө манай сум холбогдчихвол их хэрэг байна” гэсэн юм. Тус замаар ногоо ачсан портер машинууд салхи татуулан давхицгааж байгаа нь иргэдийн амьдралд ямар нэмэртэй байгааг хэлээд өгнө.

Өнгөрөгч хавар Хандгайт-Төмөртэй чиглэлийн төмөр замын нээлт Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд болж байлаа. Төмөрлөгийн үйлдвэрийнхэн төмрийн хүдрээ авто замаар тээвэрлэхэд зардал ихээр шаардагдаж байсан тул өөрсдийн хүчээр, онцолбол монголчууд Хандгайт-Төмөртэй чиглэлийн 33.4 км төмөр замыг бүтээн байгуулж чадсан нь тэр байв. Тус төмөр зам нь “Болд төмөр Ерөө гол” компанийн Хандгайт өртөөнөөс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэй уурхайн чиглэлд хамаарна. Төмөрлөгийн үйлдвэрийнхэн“Уул уурхай-Металлургийн цогцолбор” барих төслийн үе шаттай хийгдэж буй ажлын нэг нь төмөр зам барих, өртөө байгуулах ажил байсан талаар тус үйлдвэрийн Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн Энхбаяр хэллээ. Энэ дагнасан хэрэглээний төмөр зам нь Төмөртэйн орд газраас олборлосон төмрийн хүдрийн баяжмалыг экспортонд болон бусад хэрэглэгчдэд зориулан ачих буулгах, тээвэрлэх зориулалттай байгуулагдсан байна. Төмөртэйн төмөр замын ажлыг “MRC” ХХК хяналт тавин “Пик Девелопмент” ХХК 2014 эхлүүлэн жил гаруйн хугацаанд барьж ашиглалтад оруулснаар улсын комисс хүлээн авчээ. Төмөртэй уурхайн дэргэдэх 13.8 км дэлгэмэл урттай зам бүхий өртөө байгуулсан байлаа. Өртөөнд нийт 3.7 км зам бүхий ачилт буулгалтын терминалтай болжээ. 720 м2 талбай бүхий өртөөний хоёр давхар барилга сүндэрлэжээ. Түүнчлэн төмөр замтай болсноор Монгол Улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, ган үйлдвэрлэгч улс болоход шаардлагатай гол түүхий эд болох төмрийн хүдрийн баяжмалыг хамгийн бага зардлаар тээвэрлэн үндсэн гангийн үйлдвэрт нийлүүлэх нөхцөл бүрдээд байгаа нь энэ.

Төмөртэйн уурхайгаас “Болд төмөр-Ерөө гол” компанийн Хандгайт өртөө хоорондох 33.4 км төмөр зам ашиглалтад орсноор Хандгайт хүртэл 20 километр газарт автомашинаар тээвэрлэн вагонд ачдаг байдалд цэг тавьж чаджээ. Үүнээс харахад манай улсад мэргэжилтэй хүмүүс дутмаг, ажил хийж чаддаггүй гэдэг үг ул болсон мэт. Хүнээр чанартай ажил хийлгэж чаддаг сайн менежер дутмаг байгаа юм байна гэсэн бодол төмөр замтай танилцаж байхад төрсөн юм. Ямартай ч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал Д.Батжавхлан өөрийнхөө удирдах чадварыг энэ хоёр зам дээр тод томруун харуулаад өгөв шүү.

ТӨМӨРТЭЙ, ТӨМӨРТОЛГОЙ, ХУСТ-УУЛЫНОРД, ДЭДСТАНЦ ХИЙГЭЭД АЯ ТУХТАЙ АЖИЛЛАХ ОРЧИН

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Төмөртэй, Төмөртолгой, Хуст-Уул гэсэн төмрийн хүдрийн үндсэн гурван ордыг эзэмшиж байна. Эдгээр ордуудыг нэгдсэн бодлоготойгоор зөв ашиглаж чадвал Таван толгой, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороос ч түрүүлээд эдийн засгийн үр шимээ өгөх боломжтой гэдгийг уул уурхайн салбарынхан онцолдог. Төмөртэйн орд руу Дархан хотоос зүүн хойш 130 км давхиад хүрчихэв. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий энэхүү ордыг ашиглаж эхэлснээр ган үйлдвэрлэгч улс болоход шаардлагатай гол түүхий эдийг эндээс хангаж эхэлжээ. Мэдээж уурхайд ажиллаж буй хүмүүсийн ая тух хамгийн чухал. Уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулсныхаа дараа нөхөн сэргээлт хийдэг бол Дарханы төмөрлөгийнхөн хөрс хуулалтынхаа ажилтай зэрэгцүүлэн байгалийн нөхөн сэргээлтээ хийгээд явдаг нь байгаль орчинд анхаарал хандуулдгийн тод жишээ гэдгийг илтгээд өгчихнө. Сайхан байгальтай газар юмаа гэтэл “Наадах чинь нөхөн сэргээлт хийсэн газар шүү дээ” гэлээ. Нөхөн сэргээлтийг жинхэнэ утгаар нь хийж чадвал унаган байгаль шиг харагддаг юм билээ шүү. Ил уурхайг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалт, уурхайн ажилчдын амьдрал орчин үеийн жишигт нийцсэн кэмп, машин механизмын засварын газар, уурхайн оффис гээд ёстой л уулын мухарт бүтээн байгуулалт босгожээ.Үнэхээр юм хийж бүтээе гэсэн хүнд бол уулын мухар байна уу, Улаанбаатарын төвд байна уу газрын байршил огт хамаагүй юм билээ. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчлэн уурхай ашиглана гэж хөөрцөглөхөөсөө өмнө боловсон хүчиндээ анхаарч ажилладаг юм болов уу гэж бодогдсон. Урам зоригтой ажиллана гэдэг сайхаан. Хүмүүс нь зөвхөн цалин авах гэж биш компаниа улсын тэргүүлэгч гангийн үйлдвэрлэгч болгохын тулд чин сэтгэлээсээ ажилладаг юм билээ. Мэдээж сэтгэл хангалуун ажилтнуудаас сэтгэл хангалуун ажлын бүтээмж, үр дүн гарна. Үүнийгээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн харин ч сайн хийжээ.

Төмөртэй уурхайг ашиглахын тулд 2014 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 110/10 кВт-ын Ерөө дэд станцын өргөтгөл, Төмөртэйн ордыг цахилгаан эрчим хүчээр хангах 110 кВт-ын 50 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/6 кВт-ын 16МВт чадалтай Төмөртэй дэд станцыг ашиглалтанд оруулсан нь орон нутгийн иргэдийн амьдралд маш хэрэгтэй зүйлийн нэг болоод байгаа талаар Ерөө сумын иргэн Т.Тэмүүжин хэлж байв. Төмөртэй уурхайг эрчим хүчээр хангахаас гадна орон нутгийн иргэд найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болжээ. Энэхүү бүтээн байгуулалтыг хийснээр Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сум, Бугант тосгон болон Сүхбаатар хотод үйлдвэрлэл, газар тариалан хөгжихөд шаардлагатай цахилгаан эрчим хүчний найдвартай нөөц эх үүсвэрийг бий болгож чаджээ. Харин Төмөртолгойн орд нь 25 сая тоннын нөөцтэй бол Хуст-Уулын орд нь 12 сая тоннын нөөцтэй хэмээн тодорхойлоод байгаа аж. Уурхайн хувьд багадаа 50-60 жил ажиллах боломжтой байна. Мэдээж нөөцөөс хамаараад цаашид ашиглах хугацаа нь нэмэгдэх бүрэн боломж бий.

Тус үйлдвэрийн хамт олон 2012 онд үйлдвэрийн өргөтгөлтэй холбоотой лабораторын тоног төхөөрөмж худалдан авч лабораторыг өргөтгөн Судалгаа шинжилгээний төв байгуулсан нь мөн л уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд дотроо томд тооцогдоно.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, Дархан-Сэлэнгийн бүс нутагт “Уул уурхай металлургийн цогцолбор” үйлдвэр байгуулах ажлууд хийгдсээр байна. Ган бөмбөлөгний шугам шинээр суурилуулах ажил эхэлсэн бөгөөд шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн техник технологийн судалгаа ч давхар явагдаж байгаа юм. “Уул уурхай, металлургийн цогцолбор” төсөл 2018 онд хэрэгжиж дуусах ба 2020 оноос цогцолбор үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх талаар компанийн удирдлагууд хэллээ. Цогцолбор үйлдвэр ажиллаж эхэлснээр одоогийн үйлдвэрлэлтэй харьцуулахад өртөг зардал багасах, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх, дэлхийн жишигт хүрсэн өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр Монголын гангийн бүтээгдэхүүн экспортын бүтээгдэхүүнтэй бүх талаар өрсөлдөх том боломжтой болох билээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хийж бүтээсэн ажлуудтай танилцах явцаас нэгээхэн хэсгийг нь хүргэхэд ийм байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гангийн үйлдвэр ашиглалтад орлоо гэсэн ганган мэдээг удахгүй бид дуулцгаах цаг ойрхон байна.

МОНГОЛЫГ МОНГОЛЧУУД ХӨГЖҮҮЛНЭ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бонд

Сангийн сайдын төсөв улайсан гэх урваганал, төв банкны ерөнхийлөгчийн валютын нөөцгүй боллоо гэх гэнэн мэдэгдлийн цаад санааг хөнгөхөөн уншчих боломжтой. Улс төрийн элдэв санааг нь алгасаад харвал доллар олж ирэхгүй бол горьгүй нь гэдгээ тайлбарлах гэж ядаж байгаа хэрэг л дээ. Долларыг өөрсдөдөө дарамтгүй татах хоёр арга бий. Нэг нь гадаадын хөрөнгө оруулалт, нөгөө нь баялгаа Хятадад овоохон мөнгөөр зарах. Гадаадын хөрөнгө оруулалт лав ойрын хоёр жилдээ сэргэхгүй. Валют олж ирдэг нүүрс, зэсийн үнэ ч эдийн засагт нэмрээ өгөх хэмжээнд цойлтлоо өдий. Тэгэхээр бидэнд өнөөдөр доллар олж ирэх гуравхан гарц байна. Нэг нь “Стэнд бай”, нөгөө нь гадны улсуудын хөнгөлөлттэй зээл, гурав дахь хувилбар нь бонд. Аль нь бидэнд хэрэгтэй вэ гэдэг асуулт аль хэдийнэ хаалга тогшоод эхэлчихсэн. МАН-ын хувьд бондод ам муутай. ОУВС-гаас “Стэнд бай” авах гэж л улстөржсөн агуулгатай өчнөөн аймаар зохиомол тоог дэлхий даяар цацаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж байгаа.

Олон улсын валютын сангаас “Стэнд бай” авах тийм ч хүсэхээр гарц биш. Ерээд онд яадаг байлаа даа. Хандивлагчид цуглаж суугаад “Зах зээлийн замыг сонгоод удаагүй хөөрхий энэ улсад бүгдээрээ тусалъя” гэж ярилцаад мөнгө цуглуулж өгдөг байсан. Тэр үед хөрөнгө оруулагчид биднийг тоодоггүй байсан нь ч нуугаад байх юм биш. Бизнесмэн хүн бизнес хийдэг нөхөртэй л ярихаас хандив гуйдаг ядруухан улстай харилцахгүй нь зах зээлийн бичигдээгүй хууль. Ямар сайндаа л анхны ерөнхийлөгч маань гадаадад айлчлах бүрдээ Таван толгойдоо хөрөнгө оруулалт гуйгаад явахав дээ. “Стэнд бай” бол тэр цагийн явдал. Харин одоо биднийг дэлхий өөрөөр харах болсон. Цагтаа эдийн засгийн 17 хувийн өсөлт маань BBC, CNN-ий мэдээний сэдэв болж, Financial times дараагийн БРИКС бол М-3 гээд нэгээр нь Монголыг нэрлэж байсан. Оюу толгой гэдэг ганцхан төсөл нь дэлхийн уул уурхайн төслийн хамгийн том санхүүжилтыг татаж, Засгийн газар нь 1.5 тэрбумын “Чингис бонд”-ыг хямдхан хүүгээр босгосон Монголд “Стэнд бай” жижигдэнэ. Гадаадын хөрөнгө оруулагчид биднийг хандивлагчдаас хараат, өнөө л тарчиг цаг руугаа ухарч гэж харна, доллар өгсөн ОУВС-гийнхан мөнгөө яаж зарцуулахыг маань нэг бүрчлэн заана гэж ирээд яривал “Стэнд бай” аваад алдах нь их харагдаж байна. Ядруухан улсууд аргагүйдэхээрээ хамрагддаг иймэрхүү хөтөлбөрөөс болж өгвөл бултаж байгаад гэр хорооллын барилгажилт ч юм уу, ямар нэг эмзэг сэдэв асуудал дээр өөрсдөө санал тавибал авч болох юм.

Олон улсын хөнгөлөлттэй зээл гэсэн хоёр дахь хувилбар ч тийм өгөөжтэй эд биш. Хүү багатай, хугацаа урт, хүсвэл хугацааг нь сунгаж болно энэ тэр гээд яривал давуу тал ихтэй ч гаднын улсууд мөнгөө зүв зүгээр өгчихдөггүй. “Наад мөнгөөрөө хэрэгжүүлэх төсөлдөө манай улсын компанийг ажиллуул, эсвэл манайхаас бүтээгдэхүүнээ худалдаж ав” гэж шаарддаг. Энгийнээр жишээлбэл гурван төгрөгийн өртгөөр бүтсэн бөглөөгөө найман төгрөгөөр ав гээд шахчихдаг. Хүү төлөхөөс гадна ийм өртөг нэмэгддэг учраас хүсэхээр хувилбар биш. Хуучин цагт гэхэд л ЗХУ-аас авсан рубль бүрийг яаж зарцуулахыг зөвлөлтийн засаг шийддэг байсан. Зөвлөлтийн инженерүүдийн төлөвлөсөн зохион бүтээсэн төслүүдийг л санхүүжүүлдэг байв. Энэ цагт ч ялгаагүй, зээл өгсөн улс бүр өөртөө ашигтай ийм шаардлага тавьдаг.

Гурав дахь хувилбар буюу бидний сонгох учиртай хамгийн зөв гарц бол бонд, бонд, бас дахин бонд. Дэлхийн улсуудын ихэнх нь бонд гаргаж мөнгө босгодог. Дэлхий бондоор амьдардаг. Японы өр зээл гэхэд л ДНБ-ээс нь гурав дахин их байдаг. Бондыг нь тооцоод үзвэл өнөөгийн хүчирхэг АНУ лав өрнөөс хэзээ ч гарахгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид мөнгөө оруулах улс орныхоо юуг эхлээд хардаг гээч, бидний айж эмээж шүүмжлээд байгаа бондыг. Гаргалгаа нь ч энгийн. Хар үгээр зүйрлэвэл дэлхийн улсуудын даралтын аппарат нь бонд. Монгол банк, Сангийн яам, Хөгжлийн банк гурав мөнгийг нь авсан хөрөнгө оруулагчдадаа эдийн засгийнхаа тайланг сар, улирал, хагас, бүтэн жилээр нь явуулдаг юм. Даралтын аппараттай зүйрлэсэн нь ийм учиртай. Эдийн засаг нь ямаршуу байгааг сар сараар нь анализ хийгээд харчих боломжтой учраас хөрөнгө оруулагчид бонд авсан улсад нааштай ханддаг юм. Зүй нь зах зээл нь жамаараа өсч өндийж яваа улс сонгуулиас сонгуулийн хооронд биш, бондоос бондын хооронд амьдардаг. Аль засгийн газар нь илүү хямд таатай нөхцөлтэй бонд босгосон бэ гэдгээрээ өрсөлдвөл сая зөв замдаа орно гэж учир мэдэх улс өөр зуураа ярьцгаадаг. Өмнөх засгийнхаа ажлыг үгүйсгэж тэс хөндлөн юм ярьж зүтгэвэл бонд босгох боломж нь хумигддаг, ийм алдаа гаргасан засаг дахин сонгогдох боломжгүй болдог орчин бүрдвэл гуравхан сая хүнтэй энэ улсыг өндийлгөж ядах юмгүй. Газар дороо баялагтай улс тэр дороо л сэвхийгээд ирнэ.

Бидэнд бас нэг том эндүүрэл бий. Монгол сонирхолтой учраас хөрөнгө оруулагчид мөнгөө өгдөггүй, Хятад гэж том зах зээлийн хажууханд гэдэг онцлог маань биднийг моодонд оруулдаг.

Бонд босгоход амин чухал нэг зүйл бий. Тэр нь дэлхийд танигдсан нүүр царайнууд. “Чингис бонд”-ыг тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар биш төв банкийг цөөнгүй жил удирдсан, Монголын эдийн засагт жижиг байхаас нь томортол нь хутгалдсан О.Чулуунбат агсан, Хөрөнгийн биржийг байгуулахаас нь ажилласан, Монгол банкинд арав гаруй жил зүтгэсэн Н.Золжаргал нар шиг санхүүгийн нүүр царайнууд босгосон юм. Бонд сонирхогчид, олон улсын банк, хөрөнгө оруулалтын сангийнхан, тэдний хөлсөлж авсан хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээний акул компаниудын өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдтэй ярилцаж, амжилттай хэлэлцээ хийж, мөнгө олж ирнэ гэдэг хүнд ажил. МАН-д сайн эдийн засагчид бий. Нам энэ тэр гэж жижиг хүрээнд сэтгэлгүйгээр дэлхийд Монголын санхүүгийн нүүр царай болсон эрхмүүдээр хүч сэлбэчихвэл ногоон валют босгоход хэцүү биш. С.Баярын Засгийн газар хямралтай нүүр тулсан ч Хятадын эдийн засаг давгүй байсан учраас нүүрс, зэсээ зарж суугаад давгүй амьдарцгаасан. Харин Н.Алтанхуягийг ажлаа авахад байдал эсрэгээрээ, баялгаа зарж доллар олдог Хятадын эдийн засаг муудчихсан цаг таарсан. Бонд гаргаж мөнгө босгосон тулдаа л тэсч даваад гарсан. Барилга, хөдөө аж ахуй гэх мэт ажлын байр ихээр шингээдэг салбаруудаа бондын мөнгөөр тэтгэсэн учраас л иргэн Дорж, Дулмаагийнх хоёр идэхгүй хоосон хонохгүй өдий хүрсэн юм. Яг нарийндаа эдийн засаг гэдэг ердөө л ажлын байр. Эдийн засаг хэцүүхэн үед Н.Алтанхуягийн засаг зам гэх мэт суурь дэд бүтцүүдээ бондын мөнгөөр шийдсэн нь багагүй шүүмжлэлд өртсөн. Эдийн засаг өсөх ирэх жилүүдэд ядах юмгүй өөдлөх том суурь мөнөөсөө мөн. Үнэн хэрэгтээ бондын мөнгийг ирээдүйд өгөөжөө өгөх зүйлд зарах гэж л авдаг. Тэрнээс биш өнөөдөр аваад маргааш нь цэвэр ус савлаад зарах үйлдвэрт хөрөнгө оруулагчид мөнгөө өгдөггүй. Тэд суурь дэд бүтэцдээ зарцуулаарай гэж л мөнгөө өгдөг. Товчхондоо ирээдүйд томрох нь тодорхой улсад итгэж хөрөнгө оруулдаг гээд ойлгочихож болно. О.Чулуунбат агсан 1996 онд төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Манай эдийн засаг аравхан сая ам.доллар шингээж чадахгүй шүү дээ” гэж ярьж байсан бол өдгөө Монгол Улс бонд гаргаж босгосон 1.5 тэрбумыг өлхөн шингээчихдэг том зах зээл болсон. Товчхондоо өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн маань тогоо улам томорсон. Одоо 3.5 тэрбум ам.долларын бонд босгож тогоогоо улам томруулах хэрэгтэй. Дэлхий тэр чигтээ хямарсан энэ үед бонд босгож өдий дайны мөнгө татаад дахиад суурь дэд бүтэц, мега төслүүддээ зарж ажлын байраа хадгалаад үлдчихвэл ирэх жилүүдийн хямрал тэгтлээ айхаар даваа биш. Эдийн засаг хямарсан үед бидэнд нэг том боломж бий. Эдийн засаг сайн үед 20 сая ам.доллараар худалдаж авч байсан технологи, техникээ арав, магадгүй долоо, наймхан саяар худалдаж авах боломж нь яг одоо бүрдчихээд байна. Хямарсан үед бүтээн байгуул гээд байгаагийн энгийн логик энэ л дээ.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар ч муу ажиллаагүй, бонд гаргасан, Оюу толгойг бизнесийн зарчмаар нь явуулсан, Таван толгойн станцыг Марубенигийн хүчээр хөдөлгөхөөр болсон, Эрдэнэтийн 49 хувийг Монголд аваад ирсэн. Яаж авсан нь дөч тавьдугаар асуудал, лав л Иванаас аваад Ванд өгөөгүй. Танил бизнесмэнтэйгээ уулзахад “Олон улсын нэг банкнаас зээл авсан юм. Тэд танай хамгийн том татвар төлөгч Эрдэнэтийн 49 хувь Оросынх байх аа, бас төмөр замын чинь тодорхой хувь Оросынх, аль 45 оны гэрээгээ шинэчлээгүй өнөө хүрсэн байх аа гэж асуусан шүү” хэмээн ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Гэтэл өнөөдөр зээл авах гэж буй олон улсын банкуудынхаа өмнө Эрдэнэт 100 хувь биднийх гэж бардам хэлээд суух боломж бизнесийнхэнд бүрдчихлээ. Цаашид яах нь дараагийн асуудал, ямартай ч Эрдэнэт Монголд ирсэн нь эдийн засагт сүүлийн хорин жилээр хэмжигдэх эерэг мэдээ.

Ж.Эрдэнэбат ямар байх нь хамаагүй, эцсийн дүндээ тэр Монгол Улсын Ерөнхий сайд. Нас залуу, санхүүч мэргэжилтэй, УИХ-д олонх болсон намаас томилсон гүйцэтгэх засаглалын тэргүүн. Тогтвортой гэдэг утгаар нь энэ засагт хөрөнгө оруулагчид итгэж байгаа. Бонд босгох суурь бэлхнээ байгаа гэсэн үг.

Мэдээж Чингис бондыг босгож байсан үеийнх шиг хямд хүүтэй ногоон олох боломж бидэнд байхгүй. Гэхдээ эдийн засаг хямарсан үед бонд босгож, өрөө төлөөд, үлдсэнээр нь бүтээн байгуулчихвал өөр гарц бий. Эдийн засаг сайжирсан үед олсон мөнгөөрөө өрөө хугацаанаас нь өмнө дарчихаад, хямд хүүтэй дажгүй бонд босгох боломж байгаа. Ойрхоны жишээ гэвэл Казахстан баялгаа зарж айхтар мөнгөжингүүтээ өрөө хугацаанаас нь өмнө торгууль төлөн байж барагдуулж онгирч л байсан. Ер нь дэлхийн улс орнууд ийм замаар урагшилдаг.

Тэгэхээр эдийн засгаа тэлж, ажлын байраа хадгалах ганц зөв гарц нь бонд л байна. Дахиад хэлэхэд ямар ч орны хөгжлийн гол үзүүлэлт, цаг агаар нь хөдөлмөрлөх чадвартай насныхан нь эр, эм ялгалгүй ажилтай байх. 45 мянган хүн ажил идэвхтэй хайж байгаа гэсэн статистик бий. Ээж аавдаа ад үзэгдэн, эмээ өвөөгийнхөө тэтгэврээр амьдарч байгаа нөхдийг нэмбэл энэ тоо лав л 100 мянга дөхнө. Тэднийг ажлаар хангах хэцүү биш, бонд гаргаж, хөгжлийн том төслүүд хэрэгжүүлэхэд л шийдэгдэх асуудал.

Categories
мэдээ цаг-үе

С.Дэмбэрэл: Төсвийг алдагдалгүй батлах, төсвийн орой зай бий болгох зорилго Монголын эдийн засгийг аварна

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлтэй эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-УИХ-ын гишүүнийхээ албанаас бууж бидний хэлдгээр “Ноосоо тушаачихлаа”. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Энэ тал дээр анхаарал хандуулж л байгаа байлгүй дээ. Яг одоо юу хийж байна вэ?

-Ноосоо тушаачихаад “Лааз өшиглөе” гэсэн чинь Улаанбаатарт лааз олдохгүй шахам болчихож. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийг ингэж хөгжүүлсэн байна. Хот хөгжинө гэдэг нь хүмүүсийн амьдрал дээшлэхийг хэлдэг. Гэсэн ч хүний амьдралыг хөгжүүлэх дэд бүтцийг нь өнгөрсөн дөрвөн жилд хийчихээд амьжиргааг нь дээшлүүлэх тал дээр анхаарал суларсан нь Ардчилсан намын гол алдаа байлаа.

Монголын улс төр, эдийн засгийг сүүлийн 26 жилд нь дүгнэсэн политэконом талын суурь бүтээл үгүйлэгдэж байсан. Монгол Улсын эдийн засгийг дөрвөн жилийн циклээр боддог биш 26 жилийн эдийн засгийн бодлогын түүхийг судлаад цаашдын хандлагаа тодорхойлон явдаг болох шаардлагатай. Тэр утгаараа судалгааны ном бэлтгээд сууж байна. Манайд дажгүй эдийн засагчид бий. Тэдгээр хүмүүстэйгээ эдийн засгийн “think thank” клуб байгуулдаг юм уу гээд ярилцаж байна. Өөр ч юмгүй шив дээ.

-Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар ямар бодолтой байна вэ?

-Гэнэтхэн нэг өдөр тэнгэр дуугарч, аянга бууж, аадар орчихсон юм биш. Ерөнхийдөө эдийн засгийн цаг агаар тааруу байсан нь гадаад болон дотоод хүчин зүйлээс хамаарч байсан. Монголын эдийн засгийг 2005-2015 он гээд 10 жилээр нь аваад үзэхээр дотоод нийт эрэлт, гадаад эрэлт хоёр ээлжлэн муудсан.

Ялангуяа 2008-2009 оны эдийн засгийн хямралтай жилийн дүр зургийг том утгаар нь харахаар дотоод эрэлтийг нэмж байж бизнесийн амьдралд нөлөөлөн тэр хямралыг даван туулсан. Бид хямралтай байна гээд байгаа. Хямрал гэдэг чинь ДНБ хасах тэмдэгтэй гараад гурваас дээш улирал болсон байх ёстой. Тийм зүйл болоогүй. Гэхдээ төсвийн алдагдал, төлбөрийн балансын ихэр дфицит гурван жилийн өмнөөс төлбөрийн баланс дээр суучихсан байсан. Бид 20 гаруй жил төсөв, мөнгөний бодлогоо уялдуулж чадахгүй байна гэж яриа биз дээ. Уялдуулах гол зүйл нь төсвийг алдагдалгүй батлах байлаа. 2005-2015 оны хоорондох 10 жилийн долоод нь төсвийг алдагдалтай баталж ирсэн. Төсөв алдагдалтай баталж байсан жилүүдийг нь аваад үзэхээр дандаа сонгуулийн өмнөх жил болон сонгуулийн жилүүд таарч байна. Сонгуулийн бизнесийн циклд ингэж ордог. Үүнийг цааш нь гүнзгийрүүлээд үзэхээр мажоритар байсан уу, жижиг мажоритар байсан уу, холимог байсан уу гээд үзэхээр жижиг мажоритарын үед төсвийн алдагдал улам нэмэгддэг. Учир нь өнөө 76 чинь хөеөгөө зөөдөг хулгана шиг бүгд өөрсдийн тойрог руугаа хөрөнгө оруулалт чирдэг. Төсвийн ажлын хэсгийнхэн Б.Чойжилсүрэн эсвэл Д.Ганхуягийн өрөөнд ч юм уу сууж байгаад лоббигоо хийдэг л байсан шүү дээ. Энэ бол нуугаад байх зүйл биш. Ингээд л төсвийг алдагдалтай баталдаг байхгүй юу. Ноднин төсвөө ядаж хасах нэгтэй, “0” хувийн алдагдалтай баталчихаач гэж их ч хашгирсан даа. Даанч чадаагүй. Үнэнийг хэлэхэд Ардын намаас хашгирсан ганц хүн нь Ч.Хүрэлбаатар. Би тэгэхэд ИЗНН-ын гишүүн байсан. Би эсрэг талд нь сууж байгаад хашгирдаг байлаа. АН-аас хашгирдаг нь А.Бакей. Олонх цөөнхөөс үл хамаараад энэ 76 хулгана чинь хөеөгөө зөөх гэж лоббидсон байхгүй юу. Энэ нь улс төр, эдийн засагт хортой нөлөөлдөг. Тэр дундаа жижиг мажоритараар явуулсан сонгуулийн жилүүдийн төсөв үргэлж муудсан байдаг.

-Сангийн сайдын хэлж байгаагаар маш муу эдийн засаг өвлүүлсэн гээд байгаа юм биш үү?

-Б.Чойжилсүрэн аймаар эдийн засаг өвлүүлчихлээ гээд яриад байна. Эдийн засаг муудаад байхад бүгдээрээ л хамт байсан. 2012 оны супер цикл буураад эхлэхэд бондономикс граффик ид хүчээ авч дээшээ явж байхад өрхийн бодит орлого найман улирал дараалан унасан. АН-ынхан 2014 онд үүнийг хараагүй байж болох ч 2015 онд үүнийг харж, анзаарч болох байлаа. Өрхийн орлого багасч байсан үед хүртээмжтэй санхүүжилтын орчныг бий болгохын тулд 2015 оны эхнээс “Сайн” хөтөлбөрүүдийг явуулсан бол өнөөдөр ард түмэн үр дүнг нь мэдэрчихсэн АН ялагчийн байр сууринд суух байв. Эдийн засгийн гол шалтгаан нь энэ.

Төсвийн алдагдал руугаа эргээд оръё. 2012-2016 оны төсвүүд яаж батлагдаж ирсэн юм. Сангийн яам эхлээд төсвөө оруулж ирдэг. Орж ирсэн төсвийг нь УИХ-ын гишүүд эвдэж, манай суманд тийм ч цэцэрлэг, сургууль алга гээд эхэлдэг. Өнгөрсөн дөрвөн жилийг харж байхад сургууль, цэцэрлэг, батлан хамгаалахын төсвийг хөнддөггүй байсан. Эдийн засаг өөрөө өрхийн, бизнесийн эдийн засаг гэсэн хоёр баганатай. 2014 оны эхний улирлаас хоёр баганын бодит орлого муудаж, компаниуд зомби хэлбэрт орсон. Аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж буй талаарх тоон мэдээлэл статистикаар гарч байсан ч тоолгүй явж ирсэн. Өрхийн орлогыг нэрлэсэн орлогоор нь бүлэглэхэд 2016 онд Их хурал дээр анх удаа сонсож байгаа юм шиг сүржигнэж, “Монгол Улс нэлэнхүйдээ ядуурсан байна” гэж эдийн засгийн маш муу ойлголттой хүмүүс ярьж эхэлсэн. Сөрөг хүчин үүнийг маш сайн ашигласан. 2012-2016 оны хооронд бид Өрийн удирдлагын тухай хуулиа баталсан. Уг хуулийнхаа дагуу улсын өрийг улиралдаа нэг нийтэд мэдээлж байх ёстой байсан ч тэгээгүй. Монгол Улс гурван жил мөнгөний бодлогоо дэлхийн жишгийн дагуу явуулсан. “Одоо ямар алдаа гарсан юм бэ” гэхээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр явуулсан” гэдэг. Үнэ тогтворжуулчихаар алдаа гардаг юм уу. Нийт бизнест боломж олгоогүй тодорхой компаниудыг сонгож авсан, тэр нь ил тод биш байсан ч гэдэг юм уу алдаа бий. Улс төр талаас нь тоглох зүйл байсан ч нийлүүлэлтийн гаралтай инфляцийг нэг хувь болгож өгсөн. Монгол Улсын инфляци нийлүүлэлтийн шокоос хамаардаг. Одоо нийлүүлэлтийн шок болохгүй байгаа биз дээ. Манайд одоо дизинфляци гэдэг процесс явж байна. Энэ нь эдийн засаг өсөлт, инфляцийн өсөлт хоёр зэрэг уруудахыг хэлж байгаа юм. Үүнийг зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол дифляци руу орох аюултай.

Улс орны Төв банк болгон нөөцийг удирддаг. Валютын нөөц багатай Монгол Улс болон нэлээд олон орнууд “гросс” нөөцөө зарладаг ч “нет” нөөцөө зарладаггүй. Гросс, нет хоёрын болон нийт болон цэвэр нөөц хоёрын хоорондох зөрүү нь үндсэндээ своп юм. Своп гэдэг нь хоёр Төв банкны хооронд хийгдэж буй хэлцэл. Монгол Улс валютын нөөц багатай орон. Тиймээс валютын нөөцөө нэмэгдүүлэх, нөөцтэй байхын зорилго нь валютын ханшийн хэт их хэлбэлзэл гарахаас болгоомжлох болон өрийн төлбөр хийх юм. Эдийн засгийн энгийн зүйлсийг манайхан ярихгүй хамаагүй зүйл ярьцгаадаг. Жижиг эдийн засагтай, зах зээл дээрх оролцогчдод нь сөрөг хүлээлт давамгайлж байдаг оронд валютын ханш, төсвийн алдагдал зэргээ хамаагүй зарлаад байвал хүлээлтийг өдөөчихдөг. Үүнээс улбаалан дамаар буюу чихнээс чихэнд сургаар өдөөгдсөн эрэлт огцом нэмэгддэг. Манайд ийм зүйл болж л байсан. Ерөнхий сайд байсан нэгэн нөхөр ам.доллар 1400 төгрөгт хүрнэ гээд хэлчихсэн чинь л хүлээлт үүсээд ханш нэмэгдээд явсан. Ханш хөөргөдөх ийм зүйлийг хийж болдоггүй юм. УИХ-ын гишүүдийн амнаас гарсан хий бүхэн нийтэд хүрэхдээ хүчтэй хийгээд эмзэг тусдаг. Тухайлбал, би гэхэд чуулганд хожигдож очоод “Угаасаа хожигддог” гээд хэлчихсэн чинь хүмүүст хүчтэй туссан. Жирийн иргэн “Би угаасаа хожигддог” гээд хэлчихсэн бол өөр хэрэг. “Дэмбэрэл стайл” гэж хүртэл бий болоо биз дээ.

-Монгол төгрөг улам хүчгүй болж байна. Яах ёстой юм бэ?

-Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг унагалаа гэж байна. Монголбанкны тухай хуулинд “Монголбанкны үндсэн зорилго нь үндсэн мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангана” гээд заагаад өгчихсөн. Төгрөгийн тогтвортой байдал гэдэг нь төгрөгийн гадаад, дотоод үнэ цэнээр илэрхийлэгддэг. Инфляцийг нам дор түвшинд байлгаж байж дотоод үнэ цэнэ бий болдог. Төгрөгийнхөө худалдан авах чадварыг хадгалж, иргэдэд инфляцийн дарамт бий болгохгүй байх ёстой. Нөгөө талдаа гадаад мөнгөн тэмдэгт дотоодын мөнгөн тэмдэгттэй солигдох харьцаа буюу валютын ханш маш чухал. 1990 оны үед валютын дэглэмтэй улс орнууд зөндөө байсан. Монгол Улс валютын чөлөөтэй хөвөх дэглэмтэй гээд олон улсын валютын сан, манай хуулинд бий. Хүмүүс валютын ханш ямар түвшинд байвал зохилтой вэ гээд асуугаад байна. Заавал нэг тоо хэлэх шаардлагагүй. Харин ганцхан түвшинд л хар. Валютын ханш инфляцийг хөөрөгдөхгүй байх түвшинд байх ёстой. Онолын хувьд боломжгүй гурвалжин гээд нэг зүйл байдаг юм. Ялангуяа валютын ханш, мөнгөний бодлого ярьдаг хүмүүс ганц удаа уншчихад гэмгүй. Ардын намын мөрийн хөтөлбөрт өрхийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн байсан. Үүнийгээ хийх ёстой.

-Мөрийн хөтөлбөр биелэхэд хүнд боллоо шүү гэдгээ л цочир мэдэгдэл хийхдээ хавчуулаад хэлчихсэн юм биш үү?

-Би тэгж бодохгүй байна. Мөрийн хөтөлбөр бол мөрийн хөтөлбөр. Ялангуяа өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн дарамтыг хөнгөвчилөх тал дээрээ анхаарах ёстой. Өмнөх Их хурлаар Зөвшөөрлийн хууль гэж орж ирээд хэд хэд буцсан даа. Одоо тэр хуулиа бушуухан батлах хэрэгтэй. Мөнгийг нь өгч чаддаггүй юмаа гэхэд хүнд сурталаа багасгачих. Жижиг гуанз нээх гэж байгаа хүмүүс зөвшөөрөл авах гэж маш их явж байна. Явж явж нээчихээр нь бөөн хяналт шалгалтаар дарамталдаг. Уг нь Хяналтын тухай хуулийг батлах гэж байсан ч улс төржсөөр байгаад буцаагаа биз дээ. Одоо энэ мэтчилэн бэлэн хуулиуд байхад батлаад явах хэрэгтэй. Өмнөх парламентын хамгийн сүүлийн чуулган дээр би “Бид татварын орчноо сайжруулж чадсангүй шүү” гэж хэлсэн. УИХ-ын гишүүн хуулийн төслөө Их хурлын даргад өгдөг бол би Ч.Сайханбилэгт Татварын ерөнхий хуулийг бүгдийг нь бэлэн болгочихоод өргөн барьсан. Тэр хууль бэлэн бий. Хуулиа баталчихвал татварын орчин сайжрах боломжтой. Эдийн засгийн өсөлт уруудаж, төсвийн орлого муудаж байгаа үед сууриа нэмэгдүүлье гэвэл бүх татваруудаа жигд буулгах хэрэгтэй. Ардчилсан нам дөрөв арвын бодлого хэрэгжүүлж байсан бол Ардын нам дөрөв наймын бодлого хэрэгжүүл л дээ.

-Одоо 76 гишүүн байгаа юм чинь төсөв бас л эргэлзээтэй, тасрах нь тодорхой болох нь ээ?

-Бид 10 гаруй жил төсвийн тогтвортой байдлаа хадгалж чадсангүй. Одоо дахиад л үргэлжилнэ. Их хуралд 76 гишүүн байна. Нутаг нутаг руугаа юм зөөхийг бодно. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиндаа өөрчлөлт оруул. Бид Чилийн туршлагаас нэг зүйлийг орхисон юм билээ. Чилийн төсөв орж ирэхдээ хөндлөнгийн экспертүүдийн гараар ордог. Тэдний гараар орсон зүйлийг гишүүд нь хөнддөггүй. Энэ бүхнийг хуульчилж өгөөд шинээр батал. Үүний дараа харин төсөв томоотой болж болно. Төсвийг алдагдалгүй батлах, төсвийн орой зай бий болгох зорилго чинь дараагийн дөрвөн жилд Монголын эдийн засгийг аварна шүү.

Нөгөө талаас төсвийн хөрөнгө оруулалтын эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа үзүүлэлт нь юу байгаа юм. Ингээд тооцоод үзэхээр маш бага байдаг байхгүй юу. Муу сайн ч гэсэн өндөр хүүтэй зээлээрээ л эдийн засгийн өсөлт чинь явж байна. Дараагийн дөрвөн жилд хүртээмжтэй санхүүжилтыг үргэлжлүүлэх шаардлагатай шүү. Ардын намынхан АН-ынхны ажлыг үргэлжлүүлэхгүй гэж байгаа бол нэрийг нь өөрчлөөд явуул. “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хашаа” гээд явуулж болохгүй байгаа бол “МАНай малчин”, “МАНай оюутан”, “МАНай хашаа” гээд МАН гэдэг үгээ оруулаад яв л даа. Иргэдэд дэм болж байсан юм шүү. Энэ нь төсөвтэй хамааралгүй явж байсан зүйл. АН-ын хэрэгжүүлж байсан сайн зүйлийг нь аваад муу зүйлийг нь зас л даа. Ардын намын мөрийн хөтөлбөр дээр тэтгэврийн зээлийн хүүг багасгана гэсэн байгаа. Өнөөдөр 210 мянган хүн тэтгэврийн, 265 мянган хүн цалингийн зээлтэй гэдгийг сонгуульд өрсөлдсөн бүх хүн мэдэж байгаа. Иргэд чинь тэтгэврийн, цалингийн, бизнесийн, хадгаламж барьцаалсан, хэрэглээний зээлийн өрөнд баригдчихсан. Өрийн дарамт 40-60 хувь.

Бид 2030 он гэхэд ядуурлыг “0” болгоно гээд Тогтвортой хөгжлийн зорилтдоо суулгаад, баталчихсан. 2016-2020 оны хооронд эхний шавыг нь тавих хэрэгтэй. Энэ дөрвөн жилд хэрэлдэлгүй, давуу талаа ашиглах боломж МАН-д бий. Мөнгөний бодлого, төсвийн бодлого, макро хийгээд өрхийн эдийн засаг, бизнесийн эдийн засаг дээр С.Дэмбэрэл гэдэг хүнийг ашиглана гэвэл надаас ирж зөвлөгөө аваарай. Би тоог нь гаргаж ирээд цаашид хийх зүйлийг нь хэлээд өгнө. Засгийн газрын мөрийн хөтөлбөр гараад ирэнгүүт нь би шүүмжлэхгүй, санаанууд хэлж өгнө.

-Улсын гадаад өрийн хувьд хязгаартаа тулсан гэж нэг хэсэг ярьсан. Шинэ Засгийн газар зээл авах ч юм уу, бонд босгох ямар нэгэн арга хайгаад байх шиг санагдах юм?

-Улсын гадаад өрийн хувьд өрийг өрөөр дарна. Өөр арга байхгүй. Бонд босгож болно. Гэхдээ өмнөх шигээ таатай нөхцөл олдохгүй. Манайхан Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголоор дамжуулсангүй гэж загнадаг. Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчтэйгээ хамт сууж байгаад Оюу толгойн удирдлагуудтай уулзаад “Танай борлуулалтын тодорхой хэмжээний орлогыг манай Төв банкинд тусдаа данс нээж байршуулъя. Эхний шаардлагаар чинь гаргаж өгнө” гээд ярих шаардлагатай. Валютын нөөц бага байгаа үед түүнийг нь хэрэглээд явах нь зөв. Таван толгой, Оюу толгой гээд өнгөрсөн дөрвөн жилд гацсан томоохон төслүүд одоо явах байлгүй дээ. Темасек энэ тэр гээд янз бүрийн юм яриад байх шаардлага ч байхгүй. Таван толгойгоо Алунгоо эхийн таван сум гэдэг шиг багцалж байгаад таван консерциумд өгч төр бизнес хийхээ боль. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого дотор төр бизнес хийхгүй гэдэг заалтыг нь би гараараа бичиж оруулсан.

Өмнө нь би танай сонинд ярилцлага өгөхдөө алтан хувьцаа гэдэг зүйл ярьж байсан даа. 1980-аад оны үед Теттчер Ерөнхий сайд байхдаа Англид хувьчлалыг амжилттай зохион байгуулсан нь үүнтэй холбоотой. Алтан хувьцаа гэдэг бол хориг тавих хэрэгтэй нэг ширхэг хувьцаа юм. Манайх шиг 34 хувь энэ тэр гэх шаардлагагүй. МАН ирэх дөрвөн жилдээ бидний хийж чадаагүй зүйлсийг хийх хэрэгтэй.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах цаг өнөөдөр мөн үү. Сангийн сайдын мэдээлэл үүнээс өөр зам байхгүй байгааг хэлээд өгсөн л дөө?

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гэдэг чинь мөнгөний бодлогоо эрс хумьж, хатуу мөнгөний бодлоготой болно. Манай орны хувьд төсвийн сахилга баттай болох нь зөв. Харин хатуу мөнгөний бодлого гэдэг дээр нь би эргэлзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл сүүлийн нэг жил дараалан мөнгөний нийлүүлэлт хасах гарлаа. 2009 оны хямралаас мөнгөний нийлүүлэлтийг нэмж гарсан. Эдийн засгийг хэтэрхий их хумьж болохгүй, мөнгө хэрэгтэй байна, цусны эргэлт буурсан байна гэж ярьдаг байсан даа. Тэр хэвээрээ байгаа. Одоо бизнес рүүгээ хандсан зээлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудыг ашиглах шаардлагатай. Бизнесийн, цалингийн, тэтгэврийн зээлийн хүүгээ бууруул. Мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруул. Гэхдээ хатуу биш. “Стэнд бай” хөтөлбөрөөс гадна хөгжиж байгаа орон болон өндөр зээлтэй орнуудад зориулсан олон хөтөлбөрүүд байдаг. Гэхдээ бүх хөтөлбөрүүдийн нийтлэг үндэслэл нь “Танай орны мөнгөний бодлогыг чангална” л гэсэн байдаг юм. Бид уламжлалт бус мөнгөний бодлогыг Их хурлаар баталсан. Нэг гараараа кноп дарж баталчихаад нөгөө гараараа үнэ тогтворжуулах хөтөлбөр, моргейжийг нухчих гээд байдаг. Манайхан ярьж байгаа зүйлээ зөв ярих нь чухал.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдчихаар моргейжээс эхлээд ард түмэнд хэрэгтэй олон төсөл хөтөлбөр зогсох нь гэсэн айдас нийгэмд бий болчихсон байна. Үнэхээр тийм зүйл болох уу?

-Чи байранд амьдардаг уу. Танай найзууд дотор ипотекийн зээлтэй хэчнээн хүн байна.

-Гэрт амьдарч байгаа. Би урьдчилгаагаа бүрдүүлэх гээд л явж байна. Харин 20 гаруй найз маань ипотект хамрагдсан…

-Та яаж ийж байгаад урьдчилгаагаа бүрдүүлнэ дээ. Залуу хүн тийм байх ёстой. LTV буюу зээлийг байрныхаа үнэ цэнд харьцуулсан харьцаа манайд 30 хувь байгаа. Монгол хүний дундаж наслалт 65. Ипотекийн зээлийг хэн авч байна гээд нас, орлого талаас нь авч үзэхээр 25-44 насны идэр үеийнхэн олонх нь байна. Орлогын хувьд нэг сая төгрөгөөс дээш байх шаардлагатай. Намайг залуу байхад ипотек гэж байсангүй. Аав, ээжээрээ яаж ийж байгаад байр авахуулдаг байсан. Орон сууц гэдэг бол залуучуудын амьдралын хэрэгцээ байхгүй юу. Ийм байхад ипотек яахаараа буруу байдаг юм. Тиймээс ипотекийг үргэлжлүүлэх нь зөв. 5-8 хувь гэхээсээ илүү залуучуудын орлоготой нь уялдуулан янз бүрийн хөшүүргүүдийг нэвтрүүлж болно. Үүнийг МАН-ын Засгийн газар үргэлжлүүлэх ёстой. Зөвхөн хоёр тоон дээр эргэлддэгээ боль. Сонгуулиар явж байхдаа цэргийнхэнтэй уулзсан. Офицеруудын дийлэнх нь байргүй байна. Тэдний орлого бол тогтвортой байдаг. Цол дагаад цалин нэмэгддэг. Тэнд байнгын орлоготой хүмүүс байгаа юм чинь “Армийн ипотек” гэдэг зүйлийг бий болго гэж хэлмээр байна. Үүнийг цэргийнхэн маш сайхан хүлээж авсан. Б.Бат-Эрдэнэ сайд гуай нь өөрөө байртай, бага тушаалын офицерууд нь байргүй байж болохгүй л дээ. Цэргүүдээр хямд үнэтэй барилга бариулж тэндээ ипотек хэрэгжүүлээд яв. Армийн офицеруудын орлого бол хамгийн найдвартай. Ингэж чадвал тэдэнд ямар том дэм болох бол. Үүнийгээ салбарын сайд нь Монголбанк, МИК-тай ярь. Энэ мэтчилэн янз бүрийн ипотек хэрэгжүүл. Моргейж цаашаа үргэлжилэх ёстой. Ард түмэн орон сууцаар цангаж байна.

-Зээлийн хүү буурах ганц боломж нь гадны банк орж ирэх гэж ярих болж. Ялангуяа Bank of China орж ирэх сураг байна?

-Хоёр жилийн өмнө Эдийн засгийн хүндрэлээс гарах УИХ-ын тогтоолын төсөл гаргахад ажлын хэсэгт нь би, Д.Зоригт гэх мэт гишүүд байсан. Яг энэ асуудлыг яриад Монголбанкнаас лавлагаа аваад явсан. Шаардлага дээр нь дэлхийн топ 100 банкны нэг байх ёстой гээд байж л байлаа. Япон, Хятадын гэхчилэн хэд хэдэн банк орж ирэх хүсэлтэй байсны нэг нь Bank of China. Хэрэгтэй зүйл байна гээд ажил хэрэг болгох гэтэл гэнэтхэн л “Bank of China-ийн лоббид орсон байна. Эх орноо худалдах гэж байна” гээд хэвлэлээр эсэргүүцээд унаа биз дээ. Арилжааны банкныхан чинь Их хурлын гишүүдийн өрөө бүхнээр яваа биз дээ. Гэтэл сүүлийн хэд хоног сонин уншаад байсан чинь банкууд өөрсдөө “Bank of China”-тай гэрээ хэлэлцээ хийгээд эхэлсэн байна. Хоёр жилийн өмнө гадаадын ямар ч банк жижиглэнгийн зээл олгохгүй. Зөвхөн бөөний хэлбэрийн зээлийг хязгаарлагдмал хүрээнд банкны зах зээлд оролцоно. Монголын банкуудад бага хүүтэй зээл өгөөд явна гээд хямд эх үүсвэртэй зээл л гэж бид харж байсан. Одоо л үүнийг ярьж байгаа юм байна. Сингапурт маш олон банк байдаг. Манай орны банкуудын өмчлөлийн бүтцийг аваад үзэхээр ХААН банкийг нэг япон хүн эрхийг нь эзэмшлээ гээд ямар муу юм болсон юм. Манай банкуудын зээлийн хүү буурахгүй байна гэхээр эх үүсвэрийн зээлийн хүү буурахгүй байна гэдэг. Монголын нийт хадгаламж эзэмшигчдийн нэг хүрэхгүй хувь нь 58 хувийг эзэлдэг. Энэ бол манай хуримтлалгүй эдийн засгийн л бүтэц. Төвбанк нь хадгаламжийн хүүг бууруулах замыг захиргааны бус эдийн засгийн аргаар хийх санаачилгыг гаргах хэрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Улс төрийн хийрхүү зангаа больцгооё” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Нэгдүгээр нүүрт Монголын гар бөмбөгийн шигшээ багийн тамирчин А.Мөнхбаярынд зочилж, түүний спортын амжилт, ололтын тухай ярилцсан “Танайд өнжье” буланг онцлон хүргэж байна. Мөн өнгөрөгч сонгуулийн үеэр шуугиан болоод байсан УИХ-ын гишүүн асан Г.Уянгатай хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай. Г.Уянга гишүүний шинэ Засгийн талаар болон сонгуулийн үеэр шуугиан тарьсан 200 саяын бичлэг гэхчилэн олон асуултанд хариулт өглөө.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Г.Дэлгэрцэцэгийн “Улс төрийн хийрхүү зангаа больцгооё” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Дөрөвдүгээр нүүрийн “Энэ тухай” буланд гарсан “Бэлчээр бол Монгол орны алтан сан хөмрөг мөн” гэсэн гарчигтай МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөх, доктор, професор С.Жигжидсүрэнтэй хийсэн ярилцлагыг сонирхон уншаарай. Харин Баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс сүүлийн үед гарсан гэмт хэргийн мэдээ, мэдээллийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

“Цаг үе, залуус” буланд 2011 оны “Univers best songs” гадаад дууны уралдааны шилдэг дуучин С.Хишигжаргалтай уран бүтээлийнх нь талаар болоод эмэгтэйчүүдийн үзэл бодлын тухай сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. 11 дүгээр нүүрний “Өөрөөс нь…” буланд гарсан Монгол орны байгаль, ан амьтны тухай сонирхолтой дүрс бичлэг, гэрэл зургийг сонирхуулдаг “Хүрээлэн” цуврал нэвтрүүлгийн гэрэл зурагчин У.Ганбаяртай хийсэн ярилцлага хүрч байна. Бразил улсын Рио-де-Жанейро хотноо зохиогдсон зуны олимпийн XXXI наадам Улаанбаатарын цагаар өнөө өглөө өндөрлөсөн билээ. Олимпийн сүүлийн өдөр болсон сонирхолтой мэдээ, мэдээллийг манай сонины 15 нүүртээ хэвлэлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029, 80881800 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Мандахнаран харамсалтайгаар ялагдаж, дасгалжуулагчид нь эсэргүүцлээ илэрхийллээ

“Рио 2016” олимпийн наадамд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан МУГТ Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтой барилдлаа. Барилдаанд 7:6 онооны харьцаагаар манай бөх ялсан ч сүүлийн секундэд шүүгчдийн шийдвэрээр Узбекстаны бөхөд оноо өгч, Ихтиёр Нобрузов хүрэл медаль хүртлээ. Сүүлийн секундэд манай бөхийг дэвжээ тойрч гүйсэн хэмээн үзэж Ихтиёр Нобрузов нэг оноо өгсөн юм.

Энэхүү барилдааныг спортын олон үзэгч луйвар хэмээн үзэж байгаагаа илэрхийлэн, ордон даяар Монголын бөх Г.Мандахнаранг дэмжиж байлаа. Манай дасгалжуулагч Баяраа, Цогтбаяр нар дэвжээн дээр хувцсаа тайлж шидэн эсэргүүцэл үзүүлсэн ч хүлээн авсангүй.

АНУ-ын чөлөөт бөхийн холбоо Г.Мандахнаранг баяраа тэмдэглэж байх мөчид ямар нэгэн шалтгаанаар Наврузовт оноо өглөө хэмээн өмөөрч, өөрийн твиттер хуудаснаа ч жиргэжээ.

Categories
мэдээ спорт

“Рио-2016” Паралимпын төсвийг танана

Рио-де- Жанейро хотноо удахгүй болох гэж буй зуны Паралимпын наадмыг санхүүжүүлэх хангалттай мөнгө босгож чадаагүй учир уг арга хэмжээний төсөв танагдахаас өөр аргагүй болж байна гэж зохион байгуулагчид нь мэдэгдлээ. Тодруулбал, Олон улсын Паралимпын хорооны Ерөнхийлөгч Филип Крэйвен сэтгүүлчдэд өчигдөр буюу наймдугаар сарын 20-нд мэдэгдэл хийхдээ “бидний тооцоолж байснаас хамаагүй бага мөнгө ивээн тэтгэгчдээс цугласан. Паралимп ирэх сард болно. Гэтэл тасалбарын ердөө 12-хон хувь нь борлуулагдаад байна” гэв.

Мөн тэрбээр “Паралипын холбоо Рио-де-Жанейро хотоос 47 сая долларын нэмэлт санхүүжилт авсан боловч Бразилын төв Засгийн газраас хангалттай дэмжлэг аваагүй” хэмээн онцоллоо.

Харин ОУПХ мэдэгдэхдээ “бид сайн дурынхан болон автобусны жолоочдын тоог цөөлнө” гэв. Гэсэн хэдий ч спортын 22 төрлийн тэмцээн төлөвлөгөөний дагуу болно гэж Олон Улсын Олимпийн хороо мэдэгдлээ.

Categories
мэдээ спорт

Бразилын хөл бөмбөгийн баг олимпийн аварга боллоо

“Рио-2016” олимпийн наадмын эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн аваргаар тэмцээнийг зохион байгуулагч Бразилын шигшээ баг тодорлоо. Тодруулбал, шувтаргын тоглолтод Бразилын шигшээ Германтай 1:1-ээр тэнцээд “пенальти” буюу торгуулийн 11 метрийн зайнаас цохиход 5:4-өөр хожсон аж. Германиас Нильс Петерсен “пенальти” цохихдоо хаалгачид бариулсан бол Бразилаас Неймар шийдвэрлэх тав дахь цохилтыг амжилттай гүйцэтгэснээр эх орондоо олимпийн алтан медаль авчирлаа. Энэ нь Бразил улсын хөл бөмбөгийн спортын түүхэнд анхны олимпийн алтан медаль хүртсэн амжилт ажээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ сургууль, цэцэрлэгийн бүртгэлд хяналт тавьж ажиллана

2016-2017 оны хичээлийн жил эхлэхэд 10 хоног үлдээд байна. Энэ онд нийслэлд шинээр 30 гаруй сургуулийг багтаан ашиглалтад оруулж, сургуулийн хүчин чадал 3040 суудлаар нэмэгдэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар Ниислэлийн Засаг дарга С.Батболд мэдээлсэн.

Энэ хүрээнд ирэх сарын 1-10-ны хооронд хүүхдүүдээ хүлээн авах долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусч, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Гэсэн хэдий ч шилжилт хөдөлгөөнөөс хамаарч, цэцэрлэгүүдэд ачааллаа даахгүй, нэг ангид хичээллэх хүүхдийн тоо стандартаасаа давсаар байна.

Иймээс ирэх хичээлийн жилд нийслэл цэцэрлэгүүдийн суудлын тооны 20 хувийг зорилтот бүлэгт, 80 хувьд нь тусгай талон тарааж, сугалаа явуулахаас өөр аргагүй болоод байгаа аж. Мөн энэ үеэр авлига өгч, авдаг гэсэн гомдол их гардаг учраас Авлигатай тэмцэх газартай хамтран хяналт тавьж ажиллахаар болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Олимпийн сүүлчийн өдөр манай тамирчдын оролцох хуваарь

Өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нд Бразилийн Рио де Жанейро хотод 16 хоногийн турш үргэлжилж байгаа Зуны олимпийн XXXI их наадмын сүүлчийн өдөр билээ. Энэ өдөр ОУХМ Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, ОУХМ Ц.Бямбажав нар Улаанбаатарын цагаар 23.20 цагаас хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд өрсөлдөх юм. Мөн чөлөөт бөхийн төрөлд ОУХМ Г.Мандахнаран 65кг-д, ОУХМ Д.Хүдэрбулга 97кг-д манай цагаар 20.50 цагаас барилдах ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэгш тоогоор төгссөн бол замын хөдөлгөөнд оролцохгүй

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ.

Журмын дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нд 2, 4, 6, 8, 0 дугаарын тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Харин 1,3,5,7,9 дугаарын тоогоор төгссөн буюу сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд саадгүй оролцох ажээ.

Зуны хязгаарлалтын бүсэд өглөөний 08:00 цагаас 20:00 цагийн хооронд дугаарын хязгаарлалт үйлчилнэ.