Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын бүлэг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар хуралдаж байна

Өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нд УИХ дахь МАН-ын бүлэг, тус намын Удирдах зөвлөлийн хамтарсан хуралдаан Төрийн ордны Сүхбаатарын танхимд үргэлжилж байна.

Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаа аж.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнө нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг төсвийн тодотголтой хамт УИХ –ын даргад өргөн мэдүүлж ээлжит бус чуулганаар батлуулна гэж мэдэгдсэн билээ. Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллаганы мөрийн хөтөлбрийг УИХ-ын даргад өргөн барихаасаа өмнө намын бүлэг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж гишүүдийн санал сэтгэгдлийг тусгахаар хуралдаж байгаа аж.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 25-нд хуралдаж магадгүй бололтой.

Categories
гадаад мэдээ

Бан Ги Мүн БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн БНСУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшихээр болсныг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Тэрээр Японд болсон “Их-7”-гийн чуулга уулзалтад оролцсоныхоо дараа очиж, хэд хэдэн газраар айлчилсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ хангаж байна гэх таамаглалыг олны дунд төрүүлээд байна. Тэрээр энэ үеэрээ Чосон гүрний үеийн байшин барилгуудаас бүрдэх Өмнөд Солонгосын Гёнсан тосгонд зочилжээ. Уламжлалт соёлыг хамгаалах ажил хариуцсан албаны хүмүүстэй тэрээр тус тосгонд уулзаж, санаа бодлоо солилцсон байна. XVI зууны үеийн соёлын өвийг хадгалсан тус тосгоныг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлнэ гэдгээ тэрээр энэ үеэр хэлсэн байна. Ийнхүү гэнэт БНСУ-д зочилж, соёлыг хамгаалах талаар дуугарч эхэлсэн нь түүний ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох төлөвлөгөөний эхлэл болсон.

Түүнчлэн БНСУ-ын эрх баригч Сэйнүри нам ирэх оны арванхоёрдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Бан Ги Мүнийг нэр дэвшүүлэхээр бэлтгэж байгаа тухай мэдээлэл ч тархаад байгаа юм. Үүнд нам болон Бан Ги Мүний зүгээс ямар нэг тайлбар өгөөгүй байгаа юм. Учир нь, түүний НҮБ-ын тэргүүний албан тушаалыг хаших хугацаа энэ оны арванхоёрдугаар сард дуусах юм. Тэрээр “Ямартай ч би эхлээд НҮБ-ын тэргүүний үүргээ ёс төртэйгөөр гүйцээнэ. Үүний дараа БНСУ-ын жирийн нэг иргэн болж, эх орондоо очиж амьдарна” хэмээн өмнөх ярилцлагадаа дурджээ.

Бан Ги Мүн үүний өмнө буюу 2007 онд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болохоосоо өмнө БНСУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан билээ.

О.ӨНӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Олон хоног дугаарлаж зогссоны эцэст хүүхдүүдээ цэцэрлэгт оруулчихмаар байна шүү дээ”

Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа билээ. Бүртгэл энэ сарын 28-ныг дуустал явагдана. Энэ жил улсын хэмжээнд 2-5 насны 116 мянга 500 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байгаа аж. Мөн цэцэрлэгийн насны хүүхдийн 78 хувь буюу 90 мянга орчмыг нь улсын болон хувийн цэцэрлэгт хамруулах боломжтойг Нийслэлийн боловсролын газраас өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэгвэл эцэг эхчүүд бүртгэл эхлэхээс хэд хоногийн өмнө хонон өнжин дугаарладаг, тэгвэл бодит байдал дээр цэцэрлэгүүдийн бүртгэл хэрхэн явагдаж байгаа талаар сурвалжиллаа.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэгийн хувьд өглөөний есөн цагаас эхэлсэн бөгөөд шинээр элсэн орж буй хүүхдүүдээ эцэг, эхчүүд нь эмх замбараатай дараалан зогсч бүртгүүлж байлаа.

Нийслэлийн тэргүүний гэгддэг БЗД-ийн 22 дугаар цэцэрлэг бүртгэлийн асуудлаас болж эцэг эхчүүдийн шүүмжлэлд өртөөд байгаа аж. Тодруулбал, 22 дугаар цэцэрлэг хүүхдүүдээ нас насны ангиллаар буюу өнөөдөр хоёр настай хүүхдүүд маргааш гурав, нөгөөдөр дөрвөн настай хүүхдүүдийг бүртгэнэ гэсэн хуваарь гаргасан байна. Мөн хүн ам, өрх айлын тоогоороо нийслэлдээ дээгүүрт бичигддэг энэ дүүрэгт, сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага байгаа талаар эцэг, эхчүүд онцлон ярьж байлаа. Энэ асуудлаас болоод эцэг эхчүүд ихээхэн бухимдалтай байгаа аж. Эцэг эхчүүдийн хэлж буйгаар “Биднийг эхлээд юу ч гэсэн бүртгүүл, дараа нь хүлээж бай, хариу өгөх болно гэж хэлсэн. Хонон өнжин оочерлон байж бүртгүүлж байхад насны ангиллаар нь өдөр өдрөөр бүртгэх юм гэнэ. Бид хийх ажилгүй хүн байгаа биш дээ. Өдөр болгон цэцэрлэгийн үүд манасаар байгаад ар гэрийн ажил хэцүүдлээ. Олон хоног ингэж зогссоны эцэст хүүхдүүдээ цэцэрлэгт оруулчихмаар байна шүү дээ” хэмээн бухимдуухан ярилаа.

Бүртгэлийн дараа сугалаа явуулна гэсэн яриа эцэг эхчүүдийн дунд цөөнгүй гарч байлаа.

Харин Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэг хоёр цонхоор 2-5 настай хүүхдүүдийг бүртгэж, эцэг эхчүүдэд хүндрэлтэй байгаа зарим асуудлуудыг шийдэж өгчээ. Энэ цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлж буй эцэг, эхчүүд бүртгүүлэхэд ямар ч асуудал тулгарсангүй хэмээн ярьсан юм.

Б.УЯНГА

Б.МӨНГӨНСОР

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ нийгэм

Солонгосын сэтгүүлчид монголын телевизүүдийн санхүүжилтийн талаар сонирхжээ

БНСУ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөл болсон 11 хүн Монгол Улсад айлчилж байна. Солонгос, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн хамтын ажиллагааны дөрвөн жилийн ой энэ жил тохиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол, Солонгосын сэтгүүлчид харилцан айлчлал хийж, тус тусын орны түүх, соёл, ёс заншил, хэвлэл мэдээллийн салбартай танилцдаг болоод дөрвөн жил болж байгаа юм. Өнгөрөгч тавдугаар сард Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөллийн хамтаар Монголын хэвлэл мэдээллийн 10 сэтгүүлч Солонгост айлчилсан. Үүний хариуд Солонгосын талын 11 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын захирлууд энэ удаад айлчилж байгаа аж.

Айлчлалын бүрэлдэхүүнд Солонгосын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Jung Kyu Sung, болон дөрвөн дэд тэргүүн, “The Joong Bu Maeil”, “MBC”, “Gyeongi-gi ILbo”, “The Kyunghyang Daily News F” зэрэг сонин, сайт, телевизийн төлөөлөл иржээ.

Энэ хүрээнд өнөөдөр 11.30 цагт Солонгос, Монголын сэтгүүлчдийн дугуй ширээний уулзалтыг Улаанбаатар зочид буудалд зохион байгуулсан юм. Уулзалтад Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг, Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. Солонгосын төлөөлөгчид уулзалтын үеэр Монголын телевизүүдийн өнөөгийн нөхцөл, санхүүжилтын талаар сонирхон асууж байв. Мөн цаашид хоёр орны сэтгүүлчдэд түүх соёл, уламжлал, хэвлэл мэдээллийн нөхцөлийг судлах замаар цаашид контент хамтран бэлтгэх боломж бийг ч энэ үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид онцолж байлаа.

Categories
мэдээ спорт

Д.Дагвадорж чөлөөт бөхийн холбооны ажлаа өгөхөөр шийдэв үү

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж өөрийн твиттер хуудаснаа “2020 Токио олимпод бахдам амжилт хүсье”, “Туслах зүйл байвал хэлээрэй. Харамгүй тусална. “Goodbye my all wrestling family, Good luck” хэмээн жиргэжээ. Тэрбээр МЧБХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдоод гурав дахь жилээ ажиллаж байгаа юм. Албан бус эх сурвалжийн ярьж буйгаар Асашёорюү Д.Дагвадорж Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн ажлаас өөрийн хүсэлтээр өгөхөөр шийдсэн бололтой.

Өчигдрийн барилдааны дараа өөрийн твиттер хуудаснаа юу гэж жиргэснийг дор хүргэж байна.

Д.Дагвадорж аваргын жиргээ юу өгүүлж байна вэ

Д.Дагвадорж аваргын жиргээ юу өгүүлж байна вэ

Categories
мэдээ спорт

Х.Цагаанбаатар:Эрдэм шинжилгээний баг яг юу хийгээд байдгийг би ойлгодоггүй

Рио де Жанейро хотноо зуны 31 дүгээр олимпийн хаалтын үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэ олимпоос Монгол Улс хүсэн хүлээж байсан медалиудаа авч чадсангүй. Жүдо бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Д.Сумъяа мөнгө, боксын төрөлд 64 кг-ын жинд Д.Отгонбаатар хүрэл медаль хүртсэн амжилттайгаар наадмыг өндөрлүүллээ. Өчигдөр л гэхэд чөлөөт бөхийн 65 кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдсан Г.Мандахнарангийн шүүлт шударга бус явагдсан гэж олон хүн үзэж байна. Монголын тамирчид яагаад амжилт үзүүлэхгүй байгаа талаар нийгэмд хүмүүс янз бүрээр санал бодлоо илэрхийлсээр байна. Тэгвэл МУГТ Х.Цагаанбаатар өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан үзэл бодлоо ийнхүү илэрхийлжээ.

Бодит байдал:
Тамирчдаа муулсан бас голсон хүмүүс маш их байна. Аргагүй биз дээ. Маш их итгэж найдаж байсан хүмүүс нь ялагдаад байхаар бухимдах нь зүйн хэрэг. Гэхдээ та бүхэн минь нэг зүйлийг ойлгох ёстой тамирчид ялагдах гэж тэмцээнд явдаггүй юм. Манай тамирчид ихэнх нь цаг дуусах мөчид оноо алдаад хожигдож байна.

Учир нь:

Монгол улсад өнөөдрийг хүртэл спортын сэтгэл судлалаар доктор хамгаалсан хүн байхгүй. Тамирчны сэтгэл зүйн тал дээр ажилладаг баг байтугай хүн ч байхгүй.Байгаа хэд нь ерөнхий сэтгэл судлалаар доктор хамгаалсан хүмүүс байдаг.Тийм болохоор тамирчид нь яаж сэтгэл зүй өндөр байх билээ дээ.Тамирчдад сэтгэл зүйч хэрэгтэй.

Шинжлэх ухаан:
Аливаа спорт ялангуяа одоо цагт шинжлэх ухааны үндэсгүй бол явахгүй. Эрдэм шинжилгээний баг гэж өндөр түвшинд судалдаг судалгааны баг байх ёстой.Гэтэл манайд байгаа, Эрдэм шинжилгээний баг яг юу хийгээд байдгийг би ойлгодоггүй юм.Миний мэдэхийн Афин Бээжин Лондон Бразил гэх мэт дөрвөн олимпийн циклд лав юу ч хийсэнгүй.Олимпод явахаас арав хоногийн өмнө ирээд 10 секундээр хурд авахуулж зүрхний цохилт тоолчихоод л явдаг, энэ эрдэм шинжилгээ судалгаа юу?Эрдэм шинжилгээ судалгаа гэж арай өөр зүйл баймаар юм.

Анагаах ухааны алба:
Тамирчдаа төсөв шийдэгдэхгүй байна гээд байж байж тэмцээн дөхөхөөр хэдэн дусал тариа эм витамин тарааж өгнө. Нөгөөдүүлийг нь хийлгэх цаг хугацаа ч байхгүй болчихдог.За тэгээд тэмцээнд явлаа, зардал байхгүй нь улмаас эмчгүй явна.Бүх тамирчид дусал тариагаа өөрөө өөртөө хийнэ.Анагаах ухааны алба нь орон тоо байхгүй нь улмаас эмч нар нь цөөхөн 3-4 төрлийг нэг эмч хариуцна.Буудлага шигшээ баг бүр эмч ч байхгүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд лбуудлагын тамирчид Олимпийн бэлтгэлд ямар ч эмч массажист байхгүй л гарсан.Олон цаг буу өргөөд зогсохоор бас хүн л юм чинь ядарна биз дээ.

Үндэсний шигшээ баг:
Улсын аваргаас медаль хүртсэн тамирчид л орох эрхтэй ихэнх медаль хүртсэн тамирчид орж чаддаггүй.
Учир нь орон тоо багатай.Манай жудо гэхэд л 14 жинтэй 4 хүн медаль хүртэнэ.Гэтэл шигшээ багт ердөө 28-н тамирчин байдаг.Шигшээд багтахгүй болохоор ямар ч бэлтгэл цугларалтанд хамрагдах боломжгүй мөн тэмцээн уралдаанд явах бүр боломжгүй.Ийм болохоор яаж залуу тамирчид төрөн гарч ирэх билээ.
Холбооноос залуу тамирчдын цугларалт тэмцээн уралдааны зардалыг гаргаж явуулдаг юм.
Шигшээ багийн цалин 350 мянган төгрөг.Энэ цалингаар тамирчид ар гэрийнхээ асуудлыг зохицуулдаг.
Амжилт гаргавал Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдана. Тэр амьдралын баталгаа нь
Жилийн 365 хоногийн 65 хоногт л гэртээ хонодог.Хэдэн тамирчид дасгалжуулагч нар Амжилтын төлөө хамтдаа зүтгэж л яваа хүмүүс.

Categories
гадаад мэдээ

Марк Цукерберг 95 сая ам.долларын үнэлгээтэй хувьцаагаа сайн үйлсэд зориулан худалдана

“Facebook” компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Марк Цукерберг буяны үйлсэд зарцуулахаар компанийхаа 95 сая ам долларын үнэлгээтэй хувьцааг арилжааллаа. Тэд охиноо төрсний дараа “Гэр бүлийнхээ хөрөнгийн 99 хувийг сайн үйлсэд хандивлана” гэж мэдэгдэж байсан юм. 95 сая ам долларын үнэ бүхий 760 мянган ширхэг хувьцааг “Chan Zuckerberg initiative Holdings” болон “Chan Zuckerberg Foundation”-ийн нэрийн өмнөөс худалдсан байна. Хувьцааны нэг бүрийн ханш нь 122.85-124.31 ам долларын хооронд тогтжээ. Энэ нь тэдний байгуулсан сангийн буяны эхний алхам болж буй юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Японы ерөнхий сайд Шинзо Абэ супер Мариогийн малгайтай гарч иржээ

Рио Де Жанейро
хотноо болсон олимпийн хаалтын үйл ажиллагаан дээр дараагийн олимпийн эрх авсан
улсын төлөөлөл гарч ирж тугаа хүлээж авдаг билээ. Энэ удаад Японы ерөнхий сайд
Шинзо Абэ болон Токио хотын дарга нар гарч ирж хүлээн авлаа. Шинзо Абэ энэ
үеэрээ том ногоон тавцан дээр видео тоглоомын алдарт баатар болох улаан өнгийн
супер Мариогийн малгай өмссөн улаан бөмбөлөг гартаа барин гарч иржээ. Үүнээс
харахад 2020 оны Токиогийн олимп туульсийн шинжтэй болох нь тодорхой байна.
Токиогийн Олимп бүхий л хүн төрөлхтний хүсэн хүлээж байсан түвшинд болох нь
тэдний зочломтгой байдлаас харагдаж байна хэмээн Telegraph.com онцлов.

Categories
мэдээ эдийн-засаг

Манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулжээ

Олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл “B” байсныг “B-” болгож бууруулжээ. Тодруулбал, Монголын арилжааны банкуудын эрсдэлийн түвшинг өсгөөд байсан тус байгууллага урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулсан үндэслэлээ “Төсвийн зарцуулалт танагдсан, гадаадын хөрөнгө оруулалт дорвитой сэргэж чадахгүй байгаагаас гадна экспортоос олох орлого буурч” байгаатай холбон тайлбарласан аж.

Урт хугацааны зээлжих зэрэглэлийг ийнхүү бууруулсан бол богино хугацааны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн байна. Харин ирэх 12 сарын хугацаанд “Оюу Толгой”, “Тавантолгой” төслүүд урагшилбал зээлжих зэрэглэлийг өсгөх боломжтой талаар холбогдох байгууллагаас дурджээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ цэцэрлэгийн багш нарыг шалгахгүй гэв

Өнгөрөгч амралтын өдөр нийслэлийн засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотод шинээр баригдаж байгаа болон өргөтгөл хийж буй сургууль, цэцэрлэгүүдээр өөрийн биеэр явж танилцжээ. Энэ үеэрээ тэрээр, цэцэрлэгийн бүртгэлийн явцад хүүхдээ амар хялбар аргаар цэцэрлэгт өгөх гэсэн эцэг эхчүүд эрхлэгч багш нарт авлига өгч, авдаг гэх гомдол их гардаг. Тиймээс Авлигатай тэмцэх газартай хамтран цэцэрлэг сургуулийн бүртгэлд хяналт тавьж ажиллана” хэмээсэн юм. Засаг даргын уг мэдээллийн дараа цахим орчинд, Авлигатай тэмцэх газар хийх ажилгүй болж, цэцэрлэгийн багш нарыг шалгах дээрээ тулжээ гэх сэтгэгдлүүд олноор харагдах болов.

Тиймээс, Авлигатай тэмцэх газраас цэцэрлэгийн бүртгэлийг хянан шалгаж байгаа эсэх талаар АТГ-ын олон нийттэй харилцах албанаас тодруулбал “Авлигатай тэмцэх газраас цэцэрлэг сургуулийн бүртгэлийг хянаж шалгана гэсэн албан ёсны мэдэгдэл гаргаагүй. Өмнө жилүүдэд боловсрол болон эрүүл мэндийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ирсэн. Энэ жил мөн энэ жишгээр ажиллаж байгаа. Тэрнээс цэцэрлэгийн багш ажилчдыг хянаж шалгана гэдэг ташаа мэдээлэл. Авлигатай тэмцэх газраас боловсролын салбарт авлигаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээг хэзээд авч ирсэн” гэлээ.

Авлигатай тэмцэх газрын өмнөөс ярьсан засаг даргын сүржин үгс тус газрыг олон нийтийн шүүмжлэлд өртүүлээд зогссонгүй цэцэрлэг сургуулийн бүртгэлийг зохион байгуулах, хяналт тавин ажилладаг гэх Нийслэлийн боловсролын газрыг чадамжгүй байгууллага хэмээн нийтэд зарласантай ижил хэрэг боллоо хэмээн иргэд шүүмжилж байна.