Categories
мэдээ нийгэм

Транзит тээврийн хаалт Улаан-Үдэд болно

Монгол, БНХАУ, ОХУ гурван улсын туршилтын ачаа тээврийн цуваа Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-ын Улаан-Үд хотыг зорьжээ. Тодруулбал гурван улсын туршилтын ачаа тээврийн цуваа нь наймдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо буюу Монгол Улсад нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулсан бол хаалтын арга хэмжээ нь энэ сарын 24-ны өдөр Улаан-Үд хотод болох аж.

Энэ үеэр гурван талын хамтарсан логистикийн компани байгуулах, ашиглах замын асуудал болон хурдны зам барих эдийн засгийн үндэслэлийг судлах асуудлыг талууд ярилцаж, шийдэлд хүрэх гэнэ.

Тус цуваанд жолооч нар болон албаны төлөөлөл болсон 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр гурван улсаас ачаа тээврийн есөн машин оролцсон ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сар бүр өгдөг өндөр цалин тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлж эхэлжээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Тус сонины тэргүүн нүүрт энэ удаа орон сууцны эрэлт буурч, нийлүүлэгчид хэрхэн байраа борлуулах арга замыг хайж байгаа талаар дэлгэрэнгүй сурвалжлага нийтлэгдлээ. Учир нь зарим орон сууцны компаниуд байрны урьдчилгаандаа мал болон хашаа байшин, машин оролцуулж авахаар болжээ. Мөн энэ дугаарт УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн ярилцлага нийтлэгдэв. Тэрээр цаг үеийн асуудлаар сонирхолтой ярилцлага дэлгэсэн байна. Д.Сарангэрэл “Одоо бизнесийнхэндээ уужуу амьсгаа авах боломжийг итгэлтэй хамт өгөх хэрэгтэй” хэмээн хэлсэн байна. Түүний ярилцлагыг нэг болон, хоёр, тавдугаар нүүрнээс уншаарай.

Сүүлийн үед АТГ нэлээдгүй хэл ам дагуулах болсон. Тэгвэл Л.Сүх-Очир “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө “Томоохон албан тушаалууд дээр хэн нэгнийг томилохыг хориглодог, зөвшөөрдөг байгууллага нь АТГ биш” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Түүний ярилцлагыг долдугаар нүүрнээс уншаарай. Цэцэрлэгийн бүртгэл албан ёсоор эхлээд буй. Зарим цэцэрлэгүүд сугалааны журмаар хүүхдээ бүртгэж байгаа аж. Тэгвэл энэ байдалд эцэг, эхчүүд бухимдалтай байгаа бололтой. Энэ талаар бэлтгэсэн эцэг, эхчүүд болон цэцэрлэгийн удирдлагуудын байр суурийг долдугаар нүүр дэх сурвалжлагаас уншаарай.

Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт гуравдугаар нүүрт энэ удаа нийтлэлч Д.Оюунтуяагийн “Сар бүр өгдөг өндөр цалин тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлж эхэлжээ” нийтлэл орсон байна. Энэхүү нийтлэлээр чухам тамирчдад, төр засагт юу хэлэхийг зорьсон талаар та бүхэн энэ дугаараас унших боломжтой. Мөн энэ дугаарт ажилгүйдлийн ихэнх хувийг залуучууд эзэлж байгаа тухай, мөн Киви хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Э.Уламбаярын сонирхолтой ярилцлага оржээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн ардын урлагийн наадамд “Язгуур аялгуу” хамтлаг шилдэгээр шалгарчээ

Өнгөрөгч сард АНУ-д зохион байгууллагдсан 30 дахь удаагийн Springville World Folkfest дэлхийн ардын урлагийн наадамд Монгол улсаас оролцсон “Язгуур аялгуу” хамтлаг “Шилдэгийн Шилдэг” шагналыг хүртсэн бөгөөд тус хамтлагийнхан энэ тухайгаа нийт Монгол түмэнтэйгээ хуваалцахаар эх орондоо эргэн ирээд байна.

Монгол улсын нэрт өв тээгчдийн нэг туульч, хөөмийч, цуурч Э.Баатаржаваар ахлуулсан гурван хүний бүрэлдэхүүнтэй “Язгуур аялгуу” хамтлаг нь анх “Дэлхийг тойрох Монгол өв соёл” аялан тоглолтоо ОХУ-ын зүүн Сибирээс эхлүүлж, улмаар Европ, Америк тивүүдээр үргэлжлүүлснээр нийт 50 гаруй хотод Монголын дуу хөгжмийн өв соёлыг түгээжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Оюутолгой” компани оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө 9-р сард зарлана

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” компани нь оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө ирэх 9-р сард зарлахаа мэдэгдлээ. Тус тэтгэлэгт өдрийн ангийн 2-оос дээш курсын, голч дүн нь 3.2-оос дээш оноотой оюутнууд хамрагдах боломжтой юм. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад жилийн сургалтын төлбөр, сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг, хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр, “Оюу толгой” компаниас зохион байгуулах хөгжлийн сургалтуудад хамрагдах, сонгогдсон оюутнууд тус компанид дадлага хийх зэрэг боломжтой аж. Энэхүү тэтгэлэгт уул уурхай, металлурги, баяжуулалт, механик, цахилгаан болон барилгын инженер, геологи, геодези, хими, орчин ба хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр суралцаж байгаа оюутнууд хамрагдах боломжтой юм байна.

Categories
мэдээ улс-төр

Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэж сэргээхэд анхаарахыг зөвлөлөө

Өнөөдөр буюу наймдугаар сарын 22-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Олон улсын санхүүгийн корпорацын суурин төлөөлөгч Туен Нгеуен тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улс, Дэлхийн банкны хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ онд тохиож байна . Ойн хүрээнд ажлаа дүгнэж, ирэх 25 жилийн хамтын ажиллагааны стратегийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын саналыг сонсч тусгахаа ноён Жеймс Андерсон онцлон хэллээ.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын эдийн засаг олон тулгууртай байх ёстой. Энэ хүрээнд бид хамгийн түрүүнд бүх салбарт боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлнэ. Ингэж байж эдийн засгаа солонгоруулна. Мөн уул уурхайн салбарын хэт хамаарлыг багасгана. Гэвч өнөөдрийн байдлаар боловсруулах үйлдвэрлэлээр байгаль орчинд болон нийгмийн чиглэлийн үнэлгээ нь эерэг гарсан, эдийн засгийн хувьд үр ашигтай нь ТЭЗҮ-гээр батлагдсан томоохон бэлэн төслүүд алга. Иймд боловсруулах үйлдвэрлэлийн томоохон төслүүдийн үнэлгээ хийх, эдийн засгийн үр өгөөжийг тооцсон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад Дэлхийн банктай хамтарч ажиллах сонирхолтой байна” гэлээ.

Суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар юуны өмнө гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэж сэргээхэд анхаарах хэрэгтэйг зөвлөлөө. Харин Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Туен Нгеуен, бид Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлийг давахад танай улсын хувийн салбарыг дэмжих замаар туслахад бэлэн байна” гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил гурилын үйлдвэрлэлд нийтдээ 375 мянган тонн буудай нийлүүлэгдэнэ

ХХААХҮЯ-ны ургацын комисс өнөөдөр хуралджээ. 2016 онд улсын хэмжээнд 377.2 мянган га-д үр тариа тарисан байна. Үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, зэргээр нийтдээ 495.9 мянга га-д тариалалт хийсэн билээ. Одоогийн байдлаар энэ намрын ургацын урьдчилсан балансаар 501 мянган тонн үр тариа хураан авахаар тогтоосноо ХХААХҮ яам өнөөдөр мэдээллээ. Нийт үр тарианаас 482.1 мянган тонн буудай, 174,7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32,5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал байх юм.

Тариалангийн үндсэн бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон зэрэг долоон аймагт зуншлага сайн байсан нь ургацад эерэгээр нөлөөлсөн гэж ургацын комиссынхон дүгнэжээ. Ингэснээр тариалангийн бүс нутгуудаас нэгж тус бүрээс 13-17 цн хураан авах боломжтой болж байгаа юм.

Харин байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл, гангийн улмаас 20 мянган га талбай ургац алдсан. Болц дутуу байснаас 1.2 мянган га талбай тэжээлд шилжсэн ингээд нийтдээ 21 мянган га талбайн ургац балансад ороогүй аж.

УРГАЦ ХУРААЛТЫН ТЕХНИКИЙН БАЙДАЛ 85 ХУВЬТАЙ БАЙНА

Намрын ургац хураалтанд үр тариа хураах 1153 комбайн, 533-н ангилан хадагч, төмс хүнсний ногоо хураагч 507, үтрэмийн техник, тоног төхөөрөмж 744 ажиллах юм. Үүнээс одоогоор техникийн бэлэн байдлыг улсын хэмжээнд 85 хувьтай хангажээ. Ургац хураалтын ажилд зургаан мянган тонн шатахуун шаардагдах тооцоо гараад байна. Энэ шатахууныг тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор шийдвэрлэсэн.

Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, масс ихтэй байна. Мөн 8, 9-р сард хур тунадас ахиу орж, эрт сэрүүсэх төлөвтэй байгаа тул ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг тариаланчдад хүргэж эхэлжээ. Зөвлөмжийг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн оролцоотойгоор боловсруулсан байна.

ГУРИЛЫН ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ БУУДАЙН НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЖЭЭ

Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 482.1 мянган тонн буудай үтрэм дээр бууж, цэвэр жингээр 462.1 мянган тонн буудай зарцуулагдах төлөвтэй байна. Үүнээс 2017 оны тариалалтанд зориулан 45.6 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 7.5 мянган тонн, тэжээлд 22.8 мянган тонн, спиртийн үйлдвэрт 10.3 мянган тонныг тус тус зарцуулахаар төлөвлөжээ. Ингээд гурилын үйлдвэрлэлд нийтдээ 375. 7 мянган тонн буудай нийлүүлэгдэх юм.

Монгол Улс жилд 320 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудайгаар гурилны хэрэгцээгээ хангадаг. Харин балансаас харахад энэ хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангах нөөц бүрдэнэ.

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯ

Categories
мэдээ улс-төр

Ж.Мөнхбат: Эдийн засгийн хүндрэлтэй үед 200 хүүхдийн цэцэрлэгийг 200 тэрбум төгрөгөөр барьж байна

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын сургалт семинар өнөөдөр буюу наймдугаар сарын 22-нд Төрийн ордонд боллоо.

Семинарт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Засгийн газрын гишүүд орон нутгийн удирдлагуутай уулзаж Засгийн газраас бүрэн эрхийн хугацаанд баримтлах бодлого, чиглэл болон бусад асуудлаар ярилцлаа.

Тухайлбал, нийслэл хот болон аймгийн төвүүдэд хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний талаар, 2017 оноос оффисын зориулалтаар баригдах барилгуудад хүүхдийн цэцэрлэгтэй байх шинэ стандарт мөрдүүлэх талаар, Эдийн засгийн хүндрэлтэй үед 200 хүүхдийн цэцэрлэгийг 200 тэрбум төгрөгөөр барьж байгаа талаар мэдээлсэн юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах гол албан тушаалтан нь аймаг, орон нутгийн удирдлагууд билээ. Иймд төв орон нутгийн удирдлагын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог хангаж ажиллах, орон нутгийн түвшинд ИТХ-ын дарга, Засаг даргын гар сэтгэл нийлсэн хамтын ажиллагаа чухал” гэлээ.

Мөн тэрбээр “Жил бүрийн ИТХ болон Засаг даргын үйл ажиллагааны тайланг үнэлж дүгнэнэ. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ажлын амжилт, үр дүн гаргасан аймаг, нийслэлийн удирдлагуудыг урамшуулж, ажилдаа хариуцлагагүй хандсан хүмүүст хариуцлага тооцож ажиллана. Аймгийн удирдлагуудтай сар бүр тодорхой сэдвээр болон цаг үеийн ажлаар цахим хурал хийж, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж ажиллана” гэв.

Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох талаар Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч ажиллана. Төрийн үйлчилгээнд иргэдийн үнэлгээний систем нэвтрүүлж, үүнийг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн захиргааны албан тушаалтны иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацааг хоёр дахин багасгаж, шуурхай болгох арга хэмжээ авна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.

Categories
мэдээ нийгэм

“Скайтел” компани Д.Сумъяагийн дөрвөн жилийн гар утасных нь хэрэгцээг хангахаар болов

“Скайтел” компани Олимпийн мөнгөн медальт жүдоч Доржсүрэнгийн Сумъяад хүндэтгэл үзүүлэн компанийнхаа гарын бэлгээр шагналаа.

“Скайтел” компани Д.Сумъяагийн хүч хөдөлмөр, гавьяаг үнэлэн, Риогоос Токио 2020 олимп хүртэл буюу 4 жилийн хугацаанд үүрэн холбоо, дата интернетийнх хэрэгцээг хангахаар дараа төлбөрт Монголдоо 70000 үйлчилгээг ашиглах эрхтэй Алтан дугаар, сүүлийн үеийн, өндөр үзүүлэлт бүхий Samsung S7 загварын ухаалаг утсаар мялаалаа.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Баруун аймгуудын нутгаар 22-23-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Төвийн аймгуудын нутгаар 22-нд зарим газраар, 23-24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай.

Зүүн аймгуудын нутгаар:

22, 25-нд нутгийн хойд хэсгээр, 23-24-нд зарим газраар, 29-нд нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд зарим газраар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.

24-25-нд сэрүүсэж шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 22,23,29-нд зарим газраар, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-24-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус өдөртөө 21-26 градус бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 27-32 градус дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

90 ширхэг тарваганы түүхий тулам тээвэрлэж яваад баригджээ

СХД-ийн Мэргэжлийн Хяналтын хэлтсээс Нийслэлийн Засаг даргын “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 21-нд шалгалт хийх явцад хууль бусаар тээвэрлэж явсан 90 ширхэг тарваганы түүхий тулмыг илрүүлсэн байна.

Уг тарваганы туламнуудыг Говь-Алтай аймгийн иргэн 47 настай М гэх эмэгтэй “Istana” маркийн автомашинд хууль бусаар тээвэрлэж яваад баригджээ.

О.ӨНӨР