Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.08.23/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүллээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2015 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн хуралдаанаар батлагдсан. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус хуульд өөрчлөлт оруулсан талаар Сангийн сайд Улсын Их Хурлын даргад танилцуулав. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 940.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -3.4 хувьтай байхаар тусгагдсан байна.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор төсвийн орлого ихээхэн нэмэгдсэн. Гэвч дэлхийн зах зээл дээрх уул уурхайн экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, түүнийг дагаад экспортын биет хэмжээ, уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хүндрэлийг үүсгээд байгааг Сангийн сайд онцлов. Түүхий эдийн үнэ өндөр байсан жилүүдэд нэмэгдүүлсэн зарлага санхүүжилтийг богино хугацаанд бууруулж, зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлага бий болоод байгаа юм байна.

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого ихээхэн хэмжээгээр буурч, төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнд хүрэхээргүй байна. Улмаар дунд хугацаанд өсөх хандлага ажиглагдахгүй, ирэх жилүүдийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтүүд одоогийн төсвийн хүрээний мэдэгдэлд тооцсон хэмжээнээс буурахаар байгаа нь “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай” хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг бий болгожээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,344.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.1 хувь, төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 9,741.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээ 4,397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 18.2 хувьтай тэнцэхээр байгаа талаар Улсын Их Хурлын даргад Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Харин төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах чиглэлээр боловсруулсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2017 онд 5,666.4 тэрбум төгрөг, 2018 онд 6,177.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2017 онд 10,021.6 тэрбум төгрөг, 2018 онд 10,299.4 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2017 онд 4,355.2 тэрбум төгрөг, 2018 онд 4,121.5 тэрбум төгрөг болох юм байна.

Түүнчлэн дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлага санхүүжилтийг бууруулах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар тооцож, холбогдох өөрчлөлтийг төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Саркози сонгуульд өрсөлдөнө

Франц улсад ирэх онд Ерөнхийлөгчийн
сонгууль зохион байгуулагдах билээ. Тэгвэл экс Ерөнхийлөгч Николя
Саркози ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсноо албан ёсоор
мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Николя Саркози өчигдөр 20.00 цагт өөрийн
твиттер хуудастаа “Эргэж буцалтгүйгээр шийдлээ. Би ирэх онд зохион
байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо. Энэ тулаанд
заавал ялалт байгуулах болно. Намайг дэмжээрэй. Францын хамгаалалтыг
нэмэгдүүлэх цаг ирлээ” гэж жиргэжээ.

Саркози 2007-2012 онд Ерөнхийлөгчөөр
ажилласан билээ. Гэхдээ тэрбээр сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн ч Бүгд
найрамдахчууд түүнийг дэмжих нь тодорхойгүй байна. Учир нь тус намаас
Ерөнхий сайд асан Ален Жюппе болон Франсуа Фийон нар сонгуульд нэр
дэвшихээ саяхан мэдэгдсэн юм.

Францад гарч буй цуврал халдлагаас болж өнөөгийн Ерөнхийлөгч Франсуа Олландын нэр хүнд огцом унажээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэдийн түүх соёлын мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарна

“Найрсаг
Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын
иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор
Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд,
дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж
байгаа билээ.

Энэ удаад Улаанбаатар хотод зорьж үзэх таван сүм хийдээс Чойжин ламын сүм музейн цогцолборын түүхийг хүргэж байна.

Товч түүх:

VIII Богд Жавзундамба хутагт өөрийн төрсөн дүү Чойжин лам Лувсанхайдавын
хурал номын ажилд зориулан 1904-1908 онд хааны ордны уран барилгач
Омбогын зураг төсөл, удирдлагаар, монголын 300 гаруй шилдэг урчуудаар
Чойжин ламын сүмийн цогцолборыг бариулжээ. Энэхүү сүмийн барилгын ажилд
нийт 88779 лан буюу 1821,2 кг цэвэр мөнгө зарцуулжээ.
Лувсанхайдав нь 1872 онд Төвөдэд төрж, 1876 онд монголд иржээ. Тэрээр
1905онд Манж дайчин улсын Бадаргуулт хаанд өөрийн сүмд нэр хайрлан
шагнахыг гуйж айлтгасанд “Өршөөлийг хөгжүүлсэн сүм” хэмээн нэр олгосон
байна.
Сүмийн нэг онцлог нь түүний адар туурганд шашны дайсны толгой, уушиг,
зүрхийг дүрсэлж зурсан. Энэ нь шашны дайсан тэрсүүдийг дарагч чойжин
сахиусын сүм хэмээсэн санааг илэрхийлсэн хэрэг ажээ.
Чойжин ламын сүмийн хурал номын үйл ажиллагааг 1938 онд хааж, 1942 оноос
шашны музей болгон, тусгай зочид, гадаадын төлөөлөгчдөд үзүүлж байгаад
1962 оноос олон нийтэд нээлттэй үзүүлэх болжээ.
Өдгөө Чойжин ламын сүм музей нь Ямпай хаалга, Махранзын сүм,
Хүндэтгэлийн асарт хаалга, Гол сүм, Занхан сүм, Зуугийн сүм, Ядамын сүм,
Мөргөлийн буюу Өндөр гэгээний сүм гэсэн цогцолбороос бүрдэж байна.

Хамгаалалтын зэрэглэл:

Анх БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад
авсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор
мөн улсын хамгаалалтад бүртгэн авсан.

Байршил:

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, О.Жамъян гүний гудамжны урд хэсэгт,
Гэндэнгийн гудамжны хойд хэсэгт байрладаг. Улаанбаатар хотын төв цэгээс
урагш 350 метр зайтай.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Үнэндээ фракц жижиг, том бүх намд байдаг зүй тогтол л доо

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан удахгүй болох товтой байгаа. Хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэх бол. Намын даргын асуудлыг хэлэлцэх болов уу?

-ҮЗХ-ны хуралдаанаар гол нь намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн болон намын их хуралд бэлтгэх ажлын хэсгийг байгуулах юм. Мөн намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилно. Намын үндсэн дүрмийн дагуу намын даргыг Их хурлаараа сонгодог. Тэгэхээр ирэх арванхоёрдугаар сарын 6-ны намын их хурлаар албан ёсны намын дарга сонгогдох ёстой. Одоо ҮЗХ-ны хуралдаанаар томилогдох намын даргын үүрэг гүйцэтгэгч намын их хурлыг амжилттай хуралдуулах бүх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Улмаар намын их хурлаар шинэ дарга сонгогдсоноор ажил үүргийн хуваарь нь дуусна.

-ҮЗХ-ны хуралдаан угтаад намаа шинэчлэх тухай яриа хөөрөө их гарч байна. Таныхаар шинэчлэлийг яг яаж хийх нь зүйтэй вэ?

-Би хувь хүнийхээ зүгээс л санаа бодлоо илэрхийлье. Даргаа солих юм уу одоо намын удирдлагад байгаа хэдэн хүн өөрчлөгдсөнөөр шинэчлэгдэхгүй шүү дээ. Миний харж байгаагаар энэ нам нэгдүгээрт, үзэл баримтлал, онолоо тодорхой болгох ёстой. 2000 оноос хойш үндсэндээ АН үзэл баримтлал, онолоо тодорхойлж чадаагүй л байна. Намын үндсэн дүрмийн урд талд АН-ын үзэл баримтлал гээд ганц хуудас юм байдаг. Тэр нь яг ямар онол, үзэл баримтлалтай нам юм бэ гэдгийг тодорхойлсон тодорхойлолт болж хараахан чаддаггүй. Ер нь 2000 онд баруун, зүүний баахан нам нийлээд АН-ыг байгуулсан шүү дээ. Би тэр үед нийлсэн таван намын нэгнийх нь дарга байлаа. Миний толгойлж байсан Монголын ардчилсан нам барууны чиглэлтэй байсан бол Монголын социал демократ нам зүүний чиглэлийнх байдаг ч юм уу. Эдгээр намууд маань АН-ын үзэл баримтлал, онолыг мэргэжлийн түвшинд тодорхойлж гаргаж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Энэ нь манай нам бодлогоо тодорхойлох, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг гаргахад нөлөөлнө л дөө. Нөгөө талаас намын үндсэн дүрмийг өөрчлөх шаардлагатай. Анх 2000 онд гаргасан үндсэн дүрэм нээлттэй боломжийн дүрэм байсан. Харамсалтай нь хөгжлийнхөө явцад дүрмээ янз бүрээр засварласаар байгаад өнөөдөр үндсэн дүрмээрээ хамгийн хаалттай нам болж хувирлаа. Зөвхөн ҮЗХ-ны 200 гаруй хүний хүрээнд л намын хувь заяа шийдэгддэг болчихлоо. Намын анхан болон дунд шатны оролцоо байхгүй болсон. Дүрмийн өөрчлөлтөөс болоод ротаци байхгүй боллоо. Үүнээс болоод мөнхийн ҮЗХ бий болсон доо. ҮЗХ-ны гишүүн хуулиар хориглосон албан тушаалд очих, нас барах, ямар нэгэн гэмт хэрэгт шийтгэгдэх тохиолдолд орон гарсан суудал дээр нь нөхөн сонгууль явагдаж байгаа. Хуучин бол ҮЗХ-ны гишүүд сайн ч бай, муу ч бай анхан, дунд шат руугаа ажилладаг амьд холбоотой, зөвлөмж чиглэл авдаг байсан бол одоо тэгэх шаардлагагүй. Аль илүү хүчтэй дарга, фракц руу хошуурдаг ийм л гаж тогтолцоо бий болсон шүү дээ. АН-ын сонгуульд ялагдахад нөлөөлсөн олон арван алдааны гол эх үүсвэр энэ л байсан.

-Фракцийг устгах хэрэгтэй гэж сүүлийн үед их ярих боллоо. Фракцийг базаад байгаа дөрөв, тавхан хүн байна. Үүнийг тэр хэдэн хүн болиулах хэрэгтэй гэсэн яриа их гардаг?

-Нэг хэсгийг нь устгаад өөрийг гаргаж ирлээ гэхэд тэр нь дахиад л фракц үүсгээд явах юм бол хэрэг алга байна шүү дээ. Тэгвэл фракц устгах шалтгаан юу байгаа юм. Манай намд угшил гарал дээрээ тулгуурласан МоАХ, Алтангадас, МҮДН гээд фракцууд байсан. Нэмэгдээд Шонхор, МоАН нэгдэл гээд фракцууд гарч ирсэн шүү дээ. Угшил гарвал, тодорхой эрх ашгаараа нэгдсэн фракцуудаас АН тогтоод байна шүү дээ. Тэгээд дотроо эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн, янз бүрийн зөрчил гарахад нийгэмд АН тогтворгүй, зөрчилтэй мэт харагддаг. Үнэндээ фракц жижиг, том бүх намд байдаг. Зүй тогтлоороо байдаг зүйл л дээ. Жишээ нь, МАН бол хамгийн их фракцтай нам.

-Гэхдээ фракцгүй мэт л харагддаг шүү дээ?

-Увсын, хотын гээд хувь хүний фракцууд хүртэл байгаа. Залуучуудын фракц гээд дотроо байдаг арай нэр хүндтэй хүнээрээ нэрлэчихсэн фракцууд зөндөө бий. Тэрийг нийгэм мэдэж л байгаа. Гэхдээ тэдэнд нэг давуу тал байдаг. Социализмийн үеийн ямар ч үед багцлагдаж чаддаг чадвар нь фракцгүй мэт харагдуулдаг. Энэ бол удаан явахгүй. Нэг л өдөр фракцууд тэсэрнэ шүү дээ. Тэгээд ямар нэгэн байдлаар зөрчилдөөн үүсч л таарна. Манай намынхан ч сүүлийн үед фракцийг устгая, фракцгүй болъё гэж байгаа боловч нөгөө амаараа одоо залуучууд гарч ирэх цаг болсон, 70, 80-аад оныхныг гаргаж ирье гэж байна. Залуучуудаа дэмжих нь зөв. Гэхдээ угшил гарлаараа фракцладаг байсан бол одоо төрсөн, гарсан он жилээрээ фракцладаг болох нь. Гэтэл 20, 30 жил улстөрд явчихсан асар их туршлага гэж байна. Халуун, хүйтэнд нь халж хөрж, алдаж, онож явсан асар их туршлага хуримтлуулсан тэр дунд, ахмад үеэ яах гэж байгаа юм. Монголын улстөрийн нас тийм өндөр биш шүү дээ. Ер нь дэлхий нийтээрээ улс төрийн нас өндөр байдаг. Улстөрд 40-60 насныхныг яг ид насныхан гэж үздэг. Ер нь бол Ази, Америкт 60-аас дээш насныхан гол гол суудлууд дээр очиж суудаг шүү дээ. Монголчууд өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээс бол чандмань эрдэнэ гэж ярьдаг. Улс төрд ч гэсэн өнгөрсөн, одоо, ирээдүй цаг байгаа. Энэ гурвын хэлхээ холбоо тасрах юм бол аль нь ч юу ч биш болдог. Нэг үгээр хэлбэл нэг нэгийгээ нөхөж явдаг залгамж чанар шүү дээ. Тэгэхээр бид ямар нэгэн угшил гарал юм уу насны фракц дээр тулгуурладаг нам биш үзэл баримтлал онол дээр тулгуурласан бодлогын нам байх ёстой. Өнөөдөр намын гол шинэчлэл юу руу явах вэ гэвэл нэгдүгээрт үзэл баримтлал онолтой болох хэрэгтэй. Үзэл баримтлал онол дээрээ тулгуурласан бодлогын нам байх ёстой. Намын үндсэн хууль бол үндсэн дүрэм шүү дээ. Тэгвэл тэр үндсэн дүрэм нь өөрөө жирийн гишүүдэд анхан, дунд шатны намын байгууллагад нээлттэй дүрэм байх ёстой.

-МАН-д ч фракц байгаа ч тэр талаар төдийлөн дурсагддаггүй. Харин АН-ын фракцуудыг дарга нарынхаа халаасанд орсон. Тэднийхээ хувийн эрх ашигт үйлчилдэг гэсэн яриа явсаар ойлголт болчихсон юм биш үү?

-Ардын намыг яаж ойлгож байгаа юм бол. 60 тэрбумтэй албан тушаалын наймаа хийх гэж байгаа яриа гарсан шүү дээ. Угаасаа тэрүүгээрээ алдартай. Ардын намыг дарга нарынхаа халаасанд ороогүй гэдгийг юугаар батлах юм. Яг үнэндээ Ардын нам бол дарга нар дээр л тулгуурлаж явдаг нам шүү дээ. Ардчилсан нам харин харьцангуй нээлттэй. Сүүлийн үед шилэн гэж ярих их дуртай боллоо. Тэр утгаар ярих юм бол АН шилэн нам. Хэт нээлттэй, дотор нь байгаа жижиг маргаан мэтгэлцээн хүртэл нийгэмд гарахаараа зөрчил мэт харагддаг. Тэрийгээ ч хамаагүй гаргадаг. Ер нь зарим юм хэмжээтэй байх хэрэгтэй. Бодлогын нам байхын тулд намд тактик, бодлого гэж юм байх ёстой. Тэрийгээ нууцлах үедээ нууцалж чаддаг л байх хэрэгтэй юм даа.

-Та орон нутгаараа явж гишүүд дэмжигчтэйгээ уулзсан гэсэн. Юу захиж, хэлж байна вэ?

-Ерөнхийдөө алдаа оноон дээрээ сайн дүгнэлт хий гэж байгаа. Мөн миний үзэл, баримтлал, онол дээр тулгуурласан бодлогын нам байх ёстой гэдэг саналыг бүгд дэмжиж байсан. Тэгээд үндсэн дүрэм нь дээр эрх барьж байгаа 200 хүнд үйлчилдэг биш намд жигд үйлчилж чаддаг, дүрмээ ягштал барьдаг тийм л нам болох хэрэгтэй. Ингэж чадвал нам шинэчлэгдэнэ. Тэрнээс нэг фракц нь нөгөөгөө шахаж гарч ирээд шинэ хүн даргаар тавиад нам шинэчлэгдсэн гэж харвал эндүүрэл. Дахиад л тэмцэл өрнөнө шүү дээ.

-АН-ын дарга хэн болох бол?

-Би урьдчилж хэлж чадахгүй. Миний хувьд тодорхой нэг хүн дэмжиж байгаа. Тэрийгээ ч би ҮЗХ-ны түрүүчийн хуралдаанд албан ёсоор илэрхийлсэн. Өнөөдөр намын даргын үүрэг гүйцэтгэгч бол ямар ч байсан УИХ дотроосоо байвал зүгээр юм уу гэж бодож байгаа. Намын бүлгийг толгойлж, намын хатуу хөтүүг нуруундаа үүрч, анхан, дунд шатанд ажиллаж үзсэн хүнийх нь хувьд би Д.Эрдэнэбатыг л дэмжиж байгаа. Тэгээд мэдээж арванхоёрдугаар сарын 6-нд жинхэнэ утгаараа намын дарга сонгогдоно. Тэр хурал дээр намын дүрмийн дагуу мөрийн хөтөлбөр, нэрээ дэвшүүлээд хэн ч гарсан нээлттэй шүү дээ. Мэдээж нам дотроос тодорхой дэмжлэг авч чадах дэмжлэгтэй байж л гарч ирнэ. Гэхдээ би аль нэг фракцийн дэмжлэг гэдэг утгаар биш намын үзэл баримтлал, онолын түвшинд өөрчлөлт хийж чадах, шинэ дүрмийн төслийг санал болгож гарч ирж байгаа тийм намын дарга байгаасай л гэж хүсч байна.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Жанцангийн Азжаргал: Одоо ч аавынхаа ажил дээр очих дуртай

Үндсэн хуулийн цэцийн дарга, Монгол Улсын гавъяат хуульч H.Жанцангийн хүү Азжаргалтай ярилцлаа. Ж.Азжаргал өдгөө “Тайванийн үндэсний их сургууль”-д хууль эрх зүйн ангид сурч байгаа. Удахгүй төгсөх энэ залуу аавынхаа мэргэжлийг өвлөж авсан отгон хүү.

-Азжаргал гэдэг нэрийг аав тань өгсөн үү?

-Миний нэрийг аав өгсөн.

-Яагаад хуулийн ангийг тэр тусмаа Тайванийг сонгосон бэ?

-Хэд хэдэн шалтгаан байсан л даа. Гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд Тайваний хууль Монголынхтой ч төстэй юм байна гэж үзсэн. Тайваний хуулийг Монголтой адил Германаас хуулж авчирсан байдаг. Японы бага зэрэг нөлөө байдаг л даа. Манай гэрийнхэн тэр үед Тайваньд томилогдож очсон нь ч нөлөөлсөн. Аавынхаа мэргэжлийг өвлөе гэж бодсон юм. Аав мэдээж мэргэжил сонгоход миний санаа бодлыг асуусан л даа. Багаасаа л аавыг харж өссөн учраас надад ч сонирхол байсан. Аав, ээжийнхээ ажил дээр очих дуртай хүүхэд байлаа. Аавынхаа хажууд суугаад ажиллахыг нь харах гоё санагддаг. Одоо ч аавынхаа ажил дээр очих дуртай. Тайвань өртөг өндөртэй газар. Маш их мэрийж хичээхгүй бол болохгүй.

-Сурахын хажуугаар ажил хийж байв уу?

-Орчуулагч хийж үзсэн. Бас “Дэлхийн зөн”-д сайн дурын ажил хийж байлаа.

-Мэргэжил нэгтэй аав, хүү хоёрт санаа нийлдэг сэдэв, ижил хобби байгаа юу?

-Аав бид хоёр олон юман дээр санаа нийлдэг. Мэргэжил нэгтэй болохоор надад үргэлж зөвлөгөө өгч, санал бодлоо хуваалцдаг. Мөн аавын бичсэн хуулийн номнуудыг үзэж судалдаг. Аав маань зоос болон маркны цуглуулгатай. Өөрийн цуглуулгаар 2015 онд “Монгол Улсын ховор марк, мөнгөн тэмдэгт” гэдэг судалгааны шинжтэй ном гаргасан. Энэ ном Сингапур 2015 дэлхийн маркны үзэсгэлэнгээс алтадсан мөнгөн медаль хүртсэн юм. Олон улсын хошой мөнгөн медальтай бүтээл л дээ. Монгол маркийг дэлхийд сурталчилах аавын маань зорилго биелэлээ олсон. Хобби бол бие даасан шинжлэх ухаан гэж би боддог. Хоббинд маш их цаг зав шаардлагатай болохоор одоохондоо өөрийгөө хязгаарлаж байгаа. Би ч бас аав, ээж хоёр шигээ янз бүрийн зоос, марк цуглуулах дуртай. Тайваньд Монголын гоё маркууд байдаг л даа. Тайваньд Монгол хаадын хөрөг зураг байдаг. Тэднээрээ гоё марк гаргадаг. Монголын нууц товчооны эх хувь ч тэнд хадгалагдаж байдаг юм билээ.

-Ээжийнхээ тухай танилцуулаач. Ээж тань бас цуглуулагч гэсэн үү?

-Миний ээжийг Б.Насанжаргал гэдэг. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн. Ня-бо, эдийн засагч мэргэжилтэй. Октябрийн районы Гүйцэтгэх захиргаа болон Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт байцаагч, мэргэжилтнээр ажиллаж байсан. Нийгмийн даатгалын тэргүүний ажилтан, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг болон “Алтан гадас” одонгоор шагнагдсан юм. Ээж маань сүүлийн долоон жил монгол шаазан цуглуулж байгаа. Өнгөрсөн жил “Монгол шаазангийн цуглуулга” номоо гаргасан. Монгол шаазангийн цуглуулга нь 1955 оноос 1995 он хүртэлх 40 жилийн хугацааг хамардаг. Өөрөөр хэлбэл Шаазангийн үйлдвэрийн үүслээс авахуулаад хувьчлах нэрээр устгах хүртэл хугацааг хамарсан гэсэн үг.

-Аавынхаа төрсөн нутагт очиж үзсэн үү?

-Манай аав Сүхбаатар аймгийн Асгат сумын Бөөрийн сүм буюу хожим нь Асгат сумын төв байрлаж байсан Бөөр гэдэг газар төрсөн. Аавынхаа төрсөн газар хэд хэдэн удаа очиж үзсэн л дээ. Хязгааргүй уудам тэгш тал, халиуран найгасан өвс ургамал, агь таана, өвгөд, дээдсийн шүтэж ирсэн онгон шүтээн Алтан-Овоо, Өлзий давхар уул, Ганга нуур, Дагшин дуут гээд маш үзэсгэлэнтэй газруудтай. Аав маань хүүхэд байхдаа теннис, шатар тоглодог даамчин хүүхэд байсан гэдэг. Шатар даамаар ангийн аварга бол энүүхэнд. Аймгийн хэмжээнд өрсөлддөг байжээ.

-Таны хувьд ямар спортоор хичээллэдэг вэ. Жүдогийн цагаан өмсгөлтэй зургийг чинь харж байсан. Бие хамгаалах урлагаар бас хичээллэдэг үү?

-Миний хувьд ширээний теннис, шатар сагсан бөмбөгт дуртай. Бас бие хамгаалах урлагаар хичээллэдэг. Жүдогоор хичээллээд гурван жил болж байна. 2016 оны зургадугаар сард сургуулийнхаа жүдогийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан медаль авсан.

-Аавдаа зэмлүүлэх үе байсан уу?

-Аав, ээждээ зэмлүүлэх үе байлгүй яах вэ. Би багадаа нэлээд сахилгагүй хүүхэд байсан. Нэг удаа аавыг телевиз үзэж байхад нь ширээн дор нь нуугдаж ороод, аавын хөлийг ширээний хөлтэй уячихсан юм. Аав тэрийг мэдэлгүй ширээний хөлийг угз татаад босоод явчихаж билээ.

-Тэгж зүггүйтсэн хүн ямар шийтгэл хүлээв?

-Аав ээж хоёрт нэлээд их загнуулж байсан санагдана. Ширээн дээрх юмнууд нурж унаад намайг гэмтээх аюултай байсан болохоор тэр хоёр бас нэлээд сандарсан л даа.

-“Америкт суралцсан тэмдэглэл” гээд бестселлер ном байдаг. Та Тайваньд суралцах жор хэлж өгч болох уу?

-Тайваньд хүүхдүүдийг ном унших номын сан, орчинг сайхан бүрдүүлдэг. 24 цагийн номын сан ч байна л даа. Тэр нь бүр кофе шоп шиг. Номоо ч уншчихна. Компьютерээ гаргаад сайхан тухлана. Өдөржингөө тэнд сууж болдог. Би Тайваний үндэсний их сургуульд орохын тулд тухайн сургуульд бүрдүүлж өгч байгаа материалаа маш цэгцтэй бэлтгэсэн. Маш их судалгаа хийж судалгаан дээрээ үндэслэж баримтуудаа цуглуулж байсан л даа. Хуулийн чиглэлээр суралцахад Хятад хэлний түвшин тогтоох шалтгалтын дүн, дунд сургуулийн шалгалтын оноо, зэрэг материал бүрдүүлдэг. Бүрдүүлсэн материалдаа өөрийн дөрвөн жилийн зорилтоо бичих юм бол нэмэх нэгээс таван оноо өгдөг гэх мэт шалгуур байдаг. Оноогоор дүгнэдэг учраас бүх юмандаа чамбай хандах хэрэгтэй.

-Хятад сургалтын өвөрмөц арга барил байдаг уу?

-Би “Үй цай” бүрэн дунд сургууль төгссөн болохоор хятад хэлэн дээр бэрхшээл гараагүй. “Үй цай” сургууль хүүхэд бүрийг сонирхлынх нь дагуу дэмждэг. Өглөө наймд хичээл ороод, 15 цаг өнгөрөөж тардаг байлаа. Хичээлийн дараа хоёр цаг давтлага хийж, даалгавраа хийж дуусгаад харьцгаадаг. Энэ нь биднийг сууж сурахад нөлөөлсөн гэж боддог.

Тайваний боловсрол арай өөр. Багш нар нь хүүхдүүдтэйгээ яг л найз нөхөд шиг байдаг. Хажууд нь инээлдээд, хичээл зааж байхад нэг нь гараад явсан ч тоохгүй. Маш чөлөөтэй. Оюутан багшийн харилцаа гайхалтай нээлттэй байж чаддаг.

Тайвань латин америкчууд, европууд, азиуд олноороо ирж, аялдаг жижигхэн гайхалтай үзэсгэлэнтэй арал. Тэр арал дээр есөн шидийн хүмүүс ирдэг. Космополит гээд энэ дэлхий бол миний эх орон гэж үздэг залуустай найзууд болсон. Тэд бас Монголд аялсан л даа. Тэд маш бага өртгөөр хэрхэн яаж аялахыг судлаад мэдчихсэн байдаг. Тийм хүүхдүүдээс авууштай нь юу гэхээр олон газар үзэж сонирхож тухайн орны соёлоос авахуулаад маш их юм сонирхдог. Миний нэг таньдаг хүүхэд дөрвөн жил гэртээ харилгүй төгссөнийхөө дараа л нутаг буцсан. Тэр эцэг эхтэйгээ скейп, фейсбүүкээр харилцчихдаг юм. Манай багш нар бас хэлдэг л дээ. “Залуудаа улс орнуудаар аялж үз. Хил давахад та нарыг өөр уур амьсгал угтаж авна. Өөрөө хүсээд, хичээх юм бол хэрэгтэй зүйлээ мэдэж авна” гэдэг.

-Багшийнхаа зөвлөснөөр аялж амжсан уу?

-Тайваньд байгаа болохоор тэндээ нэлээд аялсан л даа. Хонгконг, Сөүл, Бээжингээр дамждаг болохоор энэ улс орноор бас явсан.

-Н.Жанцан гуайг УИХ-ын гишүүдэд тайлбар хийж байгааг харж байсан. УИХ-дээр тайлбар хийхдээ ч хатуу зарчимтай, өөрийнхөөрөө байж чаддаг хуульч?

-Манай аавын ажил хариуцлагатай, зарчимч байхыг шаарддаг. Аав, ээж маш сайхан зөөлөн хүмүүс. Хатуурхаж тэг ингэ гэдэггүй. “Юу хүсч байна. Түүнийхээ төлөө яв. Гэхдээ эцсийг нь үзэх ёстой” гэж бидэнд хэлдэг. Хамгийн гол нь эхэлсэн юмаа дуусгах ёстой. Маргааш нөгөөдөр гэж хойшлуулж болохгүй гэж захидаг.

-Эхээс хэдүүлээ вэ?

-Гурвуулаа. Манай том эгчийг Ж.Туул гэдэг. Одоо Тайваньд мэргэжил дээшлүүлж байгаа. Ахыг маань Ж.Онон гэдэг. Хувиараа ажил хийдэг.

-Хятад хэл сурах сонирхолтой хүмүүст арга барилаа сонирхуулаач?

-Хүн бүр өөрийн аргатай. Би бол цээжилж сурах нь үр дүнтэй гэж үздэг. Дасгал хөдөлгөөн хийхтэй адил шүү дээ. Хүн байнга төмөр өргөж, булчингаа хөгжүүлдэг бол байнга юм уншиж, цээжилж байж тархинд дасгал болдог. Ханзыг хүмүүс харчихаад зураг шиг гэж хэлдэг л дээ. Яаж цээжилдэг юм бэ гэдэг. Байнга цээжлэхэд нүдэнд дасал болдог юм. Тайваньд хятад хэлний нэгдүгээр курст байхад гадаад оюутнуудад хятад хэлний хичээл ордог. Шалгалт авах гээд 20 ханз цээжлэх даалгавар өгсөн. Завгүй байгаад цээжилж амжаагүй. Багш шалгалт авч эхлэхэд завсарлагааны 10 минутад 20 ханзыг гялс цээжилчихсэн. Тэгээд бодоход хүнд маш их нөөц бий. Биднийг бага байхад суулгаж юм цээжлүүлж, сургасны үр дүн.

-Ном унших дуртай гэсэн. Хамгийн сүүлд ямар ном уншив?

-Саяхан амралтаараа С.Сосорын “Хүнчин” романыг уншлаа.

-Гадаадад сурдаг ч Монголынхоо хуулийг судалж байдаг уу?

-Судлалгүй яахав төгсөөд Монголдоо ирж ажиллана гэж боддог. Монголынхоо хуулийг судлахгүй бол явахгүй шүү дээ.

-Ер нь жирийн тайваньчууд Монголын талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ?

-Хүмүүс ихэвчлэн мэддэггүй. Тайваньчууд өвөрмонголчуудтай андуураад байдаг. Гадаад Монгол, дотоод Монгол гээд нэрлэчихсэн. Бид оршин суух үнэмлэх авдаг юм. Жил бүр сунгадаг тэр картан дээр бүр “Гадаад монгол” гээд тэмдэглэчихсэн байсан. Тэгээд бид холбогдох албанд нь хандаж, “Гадаад Монгол гэж нэр томъёо байхгүй. Та нар энийгээ засах хэрэгтэй” гэж байж Монгол гэсэн нэрээрээ явах болсон. Одоо бол хаа сайгүй Монголыг таньж эхэлж байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Алтантүлхүүр: Би Соёлын тэргүүнээ ч, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнаа ч хамгаалж чадна

“Малчин түмэн”-ий тодотголт МУСТА, дуучин Ч.Алтантүлхүүртэй ярилцлаа.

-“Малчин түмний дууч” хэмээх тодотголын эзэн болсон. Анх яагаад энэ сэдвээр дуулах болсон бэ?

-Манай улс хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн орон. Энэ сэдвээр олон сайхан дуу өнгөрсөн зуунд туурвигдаж байснаас зориглон авч сэргээн дуулж эхэлсэн. Миний хувьд үр хүүхэд, ирээдүй хойч үе маань монгол улс таван хошуу малтай салшгүй холбоотой гэдгийг мэдэхгүй өнгөрчих вий гэсэн үүднээс дуугаар дамжуулж энэ бүхнийг сурталчлан таниулахыг зорьдог. Энэ хүнд хүчир хөдөлмөрийг эрхэлж байгаа, Монголын энгүй уудам нутгийн жинхэнэ эзэд нь болж амьдарч яваа хүмүүс бол малчид. Монголчуудыг дэлхий дахинаа дуурсгаж байгаа нүүдэлчин соёл ахуйг ч тэр чигээр нь хадгалж, авч яваа хүмүүс мөн л малчид. Тийм учраас энэ хүмүүсийг хэн нэг нь магтан дуулах зайлшгүй шаардлагатай гэж бодсон. Энэ хүмүүст урам зориг өгч, малчин мэргэжлээрээ, өөрөөрөө бахархаж, Монголын эдийн засгийг авч яваа том салбарын нэг хэсэг гэдгийг нь мэдрүүлэх нь зүйтэй гэж бодсон.Энэ сэдвээ ингэж өргөн хэмжээнд яригдаж, ийм том хэмжээнд намайг үнэлүүлнэ гэж тухайн үедээ бодоогүй, бас л зориг муутай эхэлж байсан.

– Ямар уран бүтээлээр эхлүүлж байв?

-Хамгийн анх Д.Лувсаншаравын хөгжим, Д.Тарва зохиолчийн шүлэг “Талын бэлчээрт” дууг сэргээн дуулж эхэлж байлаа.

-Нийтийн дуучдаас ялгарах таны онцлог юу вэ?

– Миний хувьд гурван хүүгээ төрүүлэх гэж багагүй цаг хугацаа алдсан. Үеийнхнээсээ нилээн сүүлдэж бие даан уран бүтээл хийж эхэлсэн. Тухайн үед өөр өөрийн гэсэн онцлог, өнгө аястай олон сайхан эмэгтэй дуучин аль хэдийн олонд танигдчихсан байлаа. Дуучин хүн дуулж л хоолоо олж иддэг нь нуух юмгүй зах зээлийн дүрэм. Тийм учраас шинэлэг зүйл хийж бусдаас ялгарах ёстой гэж бодсон. Мөн зохиолын дууг ардын маневраар дуулж олны хүртээл болгож явна. Ээж хүний хувьд ирээдүйн монгол орныг хамгаалж зогсох гурван эр хүнийг бэлдэж байгаагийн хувьд Монголын үнэртэй уран бүтээл туурвихыг зорьсон. Даяаршиж буй өнөөгийн нийгэмд үр хүүхдүүдээ монгол ахуй соёлтой ойрхон байлгаж, эх орноороо бахархаж, Монголдоо хайртай байгаасай гэж хүсдэг.

-Таны урын санд малчин түмний сэдэвт маш олон уран бүтээл байдаг. Гэхдээ ихэнх нь сэргээн дуулсан хувилбар. Таны дуулснаар анх олны хүртээл болсон шинэ уран бүтээл бий юу?

-Байлгүй яахав. Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байхдаа 2012 онд 15 дуунаас бүрдсэн “Хайр” анхны цомгоо гаргаж байлаа. Энэ цомогт багтсан “Хатад дамжсан бүүвэй” дууны аяыг СГЗ Б.Бямбабаяр, шүлгийг Д.Лүндээжанцан нар зохиож бас л нэг чухал сэдвийг хөндсөн уран бүтээл туурвисан Өнөө цагт бүүвэйн дуугаар хүүхдээ бүүвэйлдэг ээж хэд болсон билээ. Манай хүүхдүүд бол яг энэ бүүвэйн дуунд бүүвэйлэгдэж өссөн. Хоёр бага хүү маань нэг жилийн зайтай төрсөн болохоор хоёуланг нь бүүвэйлээд унтуулчихдаг байсан. Надад энэ сайхан дууг дуулах аз тохиож, 2011 оны “Морин хуур” наадамд энэ дуугаараа оролцож дэд байрт шалгарсан. Энэ дуундаа маш их хайртай. Мөн малчин ахуйн сэдэвтэй “Мянгат малчин”, “Алтан төлийн эзэн”, “Талын Монгол” гэх мэт шинэ уран бүтээлүүдийг амилуулсан. Ардын уран зохиолч П.Бадарчийн шүлэг, УГЗ Б.Бадарчийн ая “Дархан бэрийн дуу” уран бүтээлийг надад болон монголын бүх дархан бэрүүдэд зориулан зохиосон. Тэр дууг дуулж олны хүртээл болгосон. Ер нь олдсон дуу болгоныг дуулаад байдаггүй, аль болох хүмүүст нэгийг бодуулсан, сэрээсэн уран бүтээл хийхийг зорьдог.

-Та дууны шүлэг зохиодог уу. “Ямар их хайр вэ?” дууны шүлгийг Ч.Алтантүлхүүр гэж харагдсан?

– Энэ бас нэг эндүүрэл болсон. “Ямар их хайр вэ” уран бүтээлийн үгийг Чулуунбатын Алтантүлхүүр, аяыг Ш.Өлзийбаяр бичсэн. Гэр бүлдээ зориулж, гурван хүү нөхрөөрөө бахархах дуртай учраас гэр бүлдээ зориулсан сайхан уран бүтээл хийж өгөөч гэж хүссэний дагуу Ч.Алтантүлхүүр ах шүлгийг нь зохиож өгсөн юм. Бид хоёрыг хүмүүс их андуурдаг. “Ямар их хайр вэ” дууныхаа шүлгийг Ч.Алтантүлхүүр өөрөө бичсэн гэнэ. “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна” дууны шүлгийг бас намайг зохиочихлоо гээд миний ойр дотны хүмүүс хүртэл над руу залгаад “хаана, хэний сэрлийг хөдөлгөж байхдаа зохиочих воо” гэсэн удаа ч бий. Уг нь дуучин, яруу найрагч гэдгээрээ ялгагдахаар байтал хүмүүс ялгадаггүй. Бид хоёр овгоо Ча, Чу болгох уу ч гэж ярьж байсан удаатай. Ахтайгаа хамтарч бүтээсэн олон ч уран бүтээл бий. Тун удахгүй ээжийн тухай сайхан дуу маань олны хүртээл болох гэж байна.

-Гэр бүлийн хүнтэйгээ хэрхэн танилцаж байсан бэ?

– Бид хоёр анх урлагийн үйл ажиллагааны үеэр танилцаж байсан. Анхны харцаар бие биендээ дурладаг гэдэгт би итгэдэг. Яагаад гэхээр бид хоёр хоёулаа анх бие биенийгээ хараад дурласан. Тэр үед би цоглог, жаахан охин байлаа. Миний хань надаас хэд ах. Нөхрийгөө хараад даруухан, дөлгөөхөн, буурьтай суурьтай тэр байдалд нь татагдсан. Бүх л хосууд тэгээс эхэлдгийн адилаар бид хоёр ч тэгж эхэлсэн. Арав гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд маш олон зүйлийг үзсэн. Гэр бүл болгонд байдаг маргаантай асуудал, таарч тохирохгүй, ойлголцохгүй үе биднийг тойроогүй. Тэр бүгдийг даваад өдийг хүртэл явж байна. Бидний хувьд одоо анхны харцаар бие биендээ дурлаж байсан хүмүүс биш, гурван хүүхдийн аав ээж, айл гэрийн түшиг тулгуур, хоёр багана болсон тул тэр бүр жижиг сажиг зүйл дээр нурж унаад байхааргүй бат бөх гэр бүл болсон гэж боддог.

-Тэр үед нөхөр тань дууны найруулагч байсан уу. Ямар ажил эрхэлдэг байсан бэ?

– Намайг хүмүүс их айхтар хүүхэн юм гэж боддог, ярьдаг байх л даа. Дуучин хүүхэн, дууны найруулагч, студитэй залуутай суучихдаг, энэ их бодолтой хүүхэн гэж. Үгүй ш дээ. Тэр үед миний хань Эрдэнэт хотын 14 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш байсан. Хотод ирээд миний нөхөр Их засаг их сургуульд багшилж эхэлсэн. Манай хүн “Перфект” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг. “Asian shop” хамтлагийн гишүүн байсан. Поп, эстрад талдаа дуулах сонирхолтой. МУИС-ийг Урлаг судлаач мэргэжлээр төгссөн. Авьяас сонирхол, хичээл зүтгэлийнхээ ачаар дууны найруулагч гэх энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн. Тэр үеийн багшийн цалин хэцүү байлаа. Би ажилгүй, оюутан. Хоёулаа байр хөлслөх болдог. Хүүхэд маань төрж эхлээд бүх зүйл нуруун дээр ирсэн учраас яах уу гэж ярилцаж байгаад “Color music” дуу бичлэгийн студиэ ажиллуулж эхэлсэн. “Анир” дуу бичлэгийн студийн Алтанхуягийн анхны гарын шавь. Миний хань урлагийн салбарт өөрийн хүчээр өөрийнхөө орон зайг бий болгож чадсан арын албаны чадварлаг хүмүүсийн нэг.

-“Академи авардс 2016”-гаас П.Сүхдамба найруулагч “Атганд үлдсэн эрдэнэ” киноны дууны найруулгаар шагнал авсан. Энэ талаар?

-“Атганд үлдсэн эрдэнэ” киноны синхрон авалт, бүх натур дээр манай хүн дууны найруулагчаар ажилласан. Эцсийн вариантад MIX мастеринг дээр нь хамтарч ажилласан Михиа Рикардо гэдэг уран бүтээлчийг хүндэтгэж, тэр хүнд шагнал нь хадгалагдаж байгаа. Бидний хувьд ааваараа, ханиараа бахархаж, “Академи авардс”-аас шагнал авсан гэж гэр бүлийнхээ хэмжээнд тэмдэглэсэн. Манай хүн үүнээс өмнө “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөх толбот хүмүүс”, “Тооцоогүй тоглоом”, “Үл таних эмэгтэй”, “Ээж” зэрэг нилээн олон даацтай уран бүтээл дээр дууны найруулагчаар ажилласан. Урлагийн хоёр хүний хүүхдүүд болоод ч тэр үү хүүхдүүд маань их авьяастай. Зүүдэнд ч оромгүй явдал кинон дээр хоёр бага маань ихэр хүүхдүүдийн дүрд тоглосон. Том хүү маань “Хөх толбот хүмүүс” киноны хүүхдийн дүрд дуу оруулагч хийсэн. Дараа нь “Тооцоогүй тоглоом” кинонд Дэмбэрэлсамбуу гэдэг хүүхдийн дүрд тоглосон. Том хүү маань энэ жил хөгжим бүжигт элсэн орсон.

-Дуучин Ч.Алтантүлхүүр алдарт эхийн болзол хангалаа гэх мэдээлэл байна?

-(инээв) Мэдээж охинтой болох төлөвлөгөө бидэнд байгаа. Гэхдээ энэ удаад эндүүрэл болсон. “Хүү төрлөө” Монголын үндэсний өлгий дээл хувцасны брэндийн сурталчилгаанд тоглож өгнө үү гэсэн хүсэлт ирсэн юм. Гурван хүүтэйгээ ямархуу байдлаар авахуулмаар байна гэхэд бид ярилцаж байгаад бэлгэдлээ бодоод охин дүүтэй болж байгаа гэсэн утгатай рекламанд тоглосон. Намайг охинтой боллоо гээд маш олон хүмүүс баяр хүргэсэн. Тэр болгонд би “баярлалаа, тэр ерөөл бат оршиг ээ” гэж хүлээж авсан. Тэр зураг авалт дээр манай хүүхдүүдийн нүд харц нь их үнэмшилтэй харагддаг учраас хүмүүсийн өхөөрдлийг их төрүүлдэг. Зураг авалтын өмнө би хүүхдүүддээ “Миний хүүхдүүдийн дүү гэж бодоод дүүгээ хайрлах юм бол ээж нь охин дүү гаргаж өгнө шүү” гэж хэлж авахуулсан зураг байгаа юм.

-Гурван хүү нь Монголын үндэсний телевизээс зарласан “Алтанзул” дууны уралдаанд оролцсон. Хэрхэн оролцсон бэ?

-Хүүхдийн дууны “Алтанзул” уралдаанд манай хоёр бага хүү Б.Бямбабаярын үг, ая “Зурагтаар хурдан үзэх юмсан” гэдэг дууг, Б.Бямбабаяр ахын хоёр охинтой дуулсан. Энэ дууны утга санаа нь бид монгол хүүхдүүд шүү гэдгийг үеийнхээ хүүхдүүдэд, бусад хүмүүст ойлгуулах сэдвийг хөндсөн дуу байсан. Энэ дууг олон хүүхэд сурч, шийдвэр гаргах түвшний хүмүүст сонсгоосой гэж боддог. Хүүхдүүдээ уралдаан тэмцээнд сойход их гоё мэдрэмж төрж, хуучны сайхан дурсамж эрхгүй санагдсан. Том хүү С.Чингүн “Гэгээн зүгт” гэдэг дуугаар оролцсон. Гурван хүү минь гурвуулаа хоёрдугаар шатанд шалгарсан. Манай хүүхдүүдийн хувьд улсын хэмжээний уралдааны хоёрдугаар шатанд өөрсдийн хүчээр шалгарсан нь том зүйл. Бас л гэр бүлээрээ тэмдэглэсэн.

-Таны удам сударт дуулдаг хүн бий юу. Эцэг эхээс хэдүүл вэ?

-Би Дорноговь аймгийн уугуул. Монгол хүн бүр дуучин гэж боддог. Энэ талаар нэг яриа байдаг. Гадаадын нэг хүн “Манайхан гурван цаг дуулахад хоолой нь цуцдаггүй” гэж ярьсан чинь манай монгол хүн “Манай монголчууд гурван өдөр, гурван шөнө найрлаад, дуулаад суухад хоолой нь цуцдаггүй” гэж хариулсан гэдэг. Миний аавын талд “Баянмонгол” чуулгын Рэнцэнханд гэж түрүү үеийн эстрадын дуучин бий. Аав ээжийн маань талынхан цангисан сайхан хоолойтой хүмүүс байдаг.

-ДБЭТ-т зургаан жил ажилласан. Яагаад бие даасан уран бүтээл хийх болсон бэ?

-Би 2007 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Энэ мэргэжлээр суралцаж төгссөнийхөө шимийг гаргах гэж 2008 оноос ДБЭТ-ийн найрал дууны ангид зургаан жил ажилласан. Энэ хугацаанд гол болон туслах дүрүүдийг бүтээж, эндээс тайзны соёл, хувцаслалт, нүүр будалт, биеэ авч явах байдал, хамт олонтой харьцаж сурах гэх мэт олон зүйл сурсан.Тийм учраас ДБЭТ-таа элэгтэй байдаг. Тодорхой хэмжээнд уран бүтээл хийхийг хүссэн боловч албан ажил, гэрийн эзэгтэйн их ажлын хажуугаар уран бүтээл хийж амжихгүй байсан. Гэр бүлийн хүнтэйгээ ярилцаж байгаад 2014 оноос уран бүтээлийн ажилдаа орж, 2015 онд “Таван эрдэнийн эх орон” анхны бие даасан тоглолтоо хийсэн.

-Дуучин Ч.Алтантүлхүүр Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан болчихлоо гэж нэг хэсэг шүүмжилж, шуугисан. Энэ талаар тайлбар өгвөл?

-Яг тэр үедээ надад жаахан эмзэг туссан. Хүн болгоны аливаа зүйлийг хүлээж авах өнцөг өөр. Тийм учраас зарим хүмүүс шүүмжилж, зарим нь магтан сайшааж байсан. Заавал үнээний дэлэн шувтарсан, мал малласан хүмүүс тэр шагналыг авах ёстой гэсэн ойлголттой хүмүүс байна. Би бол тэр хүмүүст урам зориг өгч, тэр хүмүүсийг магтан дуулж, тэр хүмүүсийн амьдрал дунд орж, хотонд нь очиж дуулж өгсөн. Тэдэнд цаг зав, сэтгэл зүрхээ зориулсан. Өөрийн чадах зүйлээрээ энэ хоёр салбарт зүтгэж байгаа хүний хувьд Хөдөө аж ахуйн тэргүүн гэдэг шагналаараа бахархдаг. Хийж бүтээсэн ажлынхаа үр шимээр энэ шагналыг хүртсэн учраас би шагналаасаа хэзээ ч ичдэггүй. Хөдөө аж ахуйн тэргүүнээ ч, Соёлын тэргүүний ажилтан цолоо ч аль алиныг нь би хамгаалж чадна.

– Итгэлийн Алтантүлхүүр сан, “Таван эрдэнийн эх орон” төслийнхөө талаар яриач. Сүүлийн үеийн ямар шинэ мэдээлэл байна вэ?

-Би анх энэ сэдвээр дуулж эхлэхдээ үүнийгээ төсөл болно гэж бодоогүй. “Таван эрдэнийн эх орон” төсөл маань хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Маш олон уран бүтээлч, энгийн ард, тэр дундаа энэ сэдвийн эзэд болсон малчид ам сайтай сайхан төсөл болсон. Эхний жил төсөлд маань алдаа, дутагдалтай зүйл байсныг үгүйсгэхгүй. Энэ жил энэхүү төслийг маань дэмжиж хамтран ажиллахыг хүссэн олон байгууллага хувь хүмүүстэй хамтран төслөө илүү сайжруулж, өргөн хүрээтэй үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Засгийн газар холбогдох салбарынхан ч мөн оролцох байх. “Таван эрдэнийн эх орон” төслийг хэрэгжүүлж, энэ төрлийн уран бүтээл хийж байгаагийн бас нэгэн том шагнал болж хэдхэн хоногийн өмнө надад нэг том бэлэг ирсэн. Юу гэвэл, Лувсандоржийн шүлэг, Батсүхийн аялгуу “Таван эрдэнэ” уран бүтээлийг бүрэн эзэмших эрхийг Лувсандорж гуайн хүү Дуурсах гуай надад шилжүүлсэн. “Чи ирээдүй хойч үедээ энэ дууг хүргэж өгөх гүүр нь болж өгөөч” гэсэн. Үүнээс гадна Монголын үндэсний радио телевизийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн эхлэл 37 жилийн турш Тунгалаг гавьяатын дуулсанаар эгшиглэдэг байсан бол 38 дахь жилээсээ МУСТА Ч.Алтантүлхүүр миний дуулснаар эхэлдэг болсон. Үүнийг маш их хувьтай, ерөөлтэй зүйл гэж бэлгэшээж байгаа. Энэ хүмүүсийн итгэлийг дааж төслөө илүү сайн хэрэгжүүлж, Хөдөө аж ахуйн тэргүүн гэсэн шагналд маань эргэлзэж байгаа хүмүүст энэ эргэлзээг нь гартал ажиллана гэж бодож байна. Энэ төслөө илүү өргөн хүрээтэй, олон хүнд хүргэхийн тулд итгэлийн Алтантүлхүүр санг ажиллуулдаг. Сангийнхаа үйл ажиллагааны шугамаар түрүү жил зүүн гурван аймагт гарсан түймэрт өртсөн иргэд, малчин айлуудад тодорхой хэмжээний мөнгө, эд зүйлийг цуглуулж тусласан.Төслийнхөө хүрээнд малчдад зориулсан уран бүтээлийг сэргээж дуулах, ахуй соёлыг клип дүрсэнд шингээж өгөх зэрэг бодитой ажлуудыг хийдэг. “Таван эрдэнийн эх орон” цомгоо 1000 ширхэг хэвлүүлж, малчны хотонд очиж тоглохдоо бэлэглэсэн. Энэ цомгийн хамт “Малчин заяат бүсгүй” хоёр дахь цомгоо хэвлэлтэнд явуулаад байна.

Б.Наранчимэг

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд бид өөрсдийгөө хайрлахгүй бол хэн ч биднийг тоохгүй

“Азийн цээжинд амьдардаг Чингисийн үр сад” гэж бид өөрсдийгөө дөвийлгөдөг. Энэ хэрээрээ жигтэйхэн сагсуу бардам зантай улс юм бид. Өөрөө өөрсдийгөө хөөрөгдөж, дэлхийд хосгүй ховор улс хэмээдэг. Дэлхийн талыг байлдан дагуулж явсан эзэнт гүрний үр сад монголчууд өдгөө гурван саяулаа туурга тусгаар, амар амгалан оршин байгаа нь үнэн ч хөгжил дэвшлийн оргилдоо хүрч яваа дэлхий ертөнц биднийг хэр мэдэх билээ. Монголын нүүдэлчдийн амьдрал, атар онгон байгалийг нь үзэхээр ирсэн гадны жуулчдын зарим нь өдгөө ч “Монголд ийм том хот байдаг юм уу. Интернэт, гар утас, сүүлийн үеийн машин тэрэг бүгд байна” хэмээн гайхан дуу алдсан байдаг. Нэг үеэ бодвол Монгол Улс дэлхийд танигдаж, үүд хаалга нь нээгдэж байгаа ч “Монголчууд хичээлдээ мориор явдаг уу” гэж асуудаг хүмүүс байсаар л байгаа.

Монгол Улс, монгол хүн дэлхийд алдар нэрээ цуурайтуулах, үнэ цэнэтэй байх ганцхан зам бий. Тэр нь бид л өөрөө өөрсдийгөө үнэ цэнэтэй байлгах. Бид л өөрсдийгөө өрөвдөж хайрлаж, хөгжүүлэхгүй бол эх газрын гүнд цөлөгдсөн биднийг дэлхийн хүмүүс тоож харахгүй. Дэлхийн улс үндэстэн хүчирхэг бардам байхын хэрээр иргэд нь үнэ цэнэтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хүнийхээ төлөө улс орнууд боломжтой бүхнийг хийж чаддаг учраас хүчирхэг байдаг гэсэн үг. Америкчууд Японы хотуудаас яагаад Нагасакийг сонгож атомын бөмбөг хаясан гэхээр тэнд нэг ч америк байдаггүй болохоор тэгсэн гэдэг. Хүчирхэг америк хэтэрхий давраад байгаа Исламын улсыг яагаад үнсэн товрог болгодоггүй гэхээр мөн л тодорхой иргэдийнх нь амь насанд аюул учрах эрсдэл бий учраас болгоомжилдог гэх.

Хятадын цэргийн эмнэлэгт томхон мэс засал хийлгээд ирсэн танил маань эмчилгээ үйлчилгээнийх нь талаар сонирхуулан ярьж билээ. Эмчдээ үзүүлэн эмчилгээ хийлгэхээр очтол тэнд хүлээн суугаа арваад хятад хүн “Та ор, та ор” гээд өмнүүрээ оруулжээ. Үүнд нь баярлан эмчид үзүүлэн, хагалгаа хийлгэхээр болж мөнгө төгрөгөө төлтөл өнөө хүлээж суусан хүмүүс шивэр авир хийж, бие биенээ нудран хөдөлгөөнд ороод явчиж. Удалгүй өнөө хүмүүс эхнээсээ эмчилгээндээ ороод эхлэв гэнэ шүү. Учир нь төсөвт суулгаагүй томхон хагалгааны зардлыг ийм маягаар гаргадаг аж. Дэлхийн улсууд хүнээ ингэж хайрлаж дээдэлдэг.

Харин бид биенээ хэр хайрладаг вэ. Монгол хүн өнөөдөр хэр үнэ цэнэтэй вэ. Яаж амьдарч, аж төрж байна вэ. Сайн сайхан амьдралын хамгийн чухал суурь нь эрүүл байх. “Эрүүл байвал улсын наадам үзнэ” гэсэн гэгээн сайхан үг бий. Гэтэл гуч дөчин сая биш гурван сая монголд эмнэлэг хүрэлцдэггүй нь гашуун үнэн. Хавдар, элдэв халдварт өвчинд нэг хэсэг нь зовж, хүний хорвоогоос буцаж байхад үер ус, автын ослоор нөгөө хэсэг нь бурханы оронд явцгааж байна. Монгол хүний амь нас, эрүүл мэнд ийм хамгаалалтгүй, найдваргүй, эрсдэлтэй орчинтой. Өвдлөө гэхэд хичнээн олон шат дамжлага дамжиж байж эмчийн бараа харна. Хороо, дүүрэг, нэгдсэн, төрөлжсөн эмнэлгүүд “Манайх авахгүй, манайх авахгүй. Тэнд оч” гээд нааш цааш нь явуулдаг хүнд суртлыг бид бишгүй нэг амссан даа.

Сонгуульд ялахын тулд хэдэн тэрбумаар нь мөнгө тарааж байгаа хүмүүс тэр мөнгөөрөө ард олныхоо төлөө ганц сайхан эмнэлэг бариад өгчихвөл бүхий л амьдралынхаа туршид хүндлэгдэнэ. Гэхдээ нэгнийнхээ төлөө гэсэн сэтгэл бидэнд дутдаг учраас ганцаараа сайд, дарга болсон нь хавьгүй дээр. Бидний нийтлэг сэтгэлгээ ийм.

Өдгөө шинэ Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаад удаагүй байна. Улс орон мөнгөгүй болчихлоо, цалин танана хасна гэсэн мэдэгдлүүд хөвөрч байна. Ийм хасалт таналтад Эрүүл мэндийн салбар бага өртөөсэй. Хэдийнээсээ Монголын төр энэ салбараа гаргуунд нь хаясаар ирсэний балгийг өнөөдөр иргэд нь үүрч байгаа. Хавдрын эмнэлэгт өвчтөнүүд нь багтахгүй өдөржин дугаарлаж, хичнээнээрээ нас барж байхад эмнэлгийн өргөтгөл барих хоёр тэрбум төгрөгийг төсөвт суулгахгүй хичнээн жил гүрийсэн. Төсөв батладаг хүмүүс Монголд эмчлүүлдэггүй болохоор ингэж хүнд суртал гаргасан хэрэг.

Эрүүл мэндийн яамны хийдэггүй нэг ажил бас бий. Тэр нь урьдчилан сэргийлэлт. Хэдийгээр хувь хүн эрүүл мэндээ өөрөө хариуцаж хамгаалах ёстой ч монгол хүний эрүүл мэндэд төр анхаарах учиртай. Өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамруулах, энэ талын мэдээлэл сурталчилгаа таг чиг. Хэнэггүй хэрнээ цагаа тулахаар хүн аминдаа хайртай байдаг. Бас нэгнийгээ даган дуурайдаг. Тэр зан чанарыг нь ашиглан урьдчилан сэргийлэх шинжилгээнд хүн бүрийг жилд нэг удаа үзүүлж хэвшвэл хичнээн хүнийг аюултай өвчнөөс сэргийлж чадна. Жил бүр заавал үзүүлэх шинжилгээний үнийг даатгалаар төлдөг болбол үүнийг хэвшүүлэх амархан. Ингэж л бид монгол хүнээ эрүүл саруул байлгаж болно. Энэ бол дэлхийн жишиг. Дэлхийн улсууд хүнээ өвдөхөөс нь өмнө шинжлээд эрсдэлээс хамгаалдаг болохоор урт насладаг. Бид энэ жишгийг дагаж хүнээ өвдөхөөс сэргийлэх ёстой. Эрүүл мэндийн яам ийм ажлыг хийх ёстой. Хэдэн эмнэлгийн дарга солих, халаа сэлгээнээс илүү гарч, хүн ардынхаа сайн сайхны төлөө ажиллах цаг нь болсон. Ядаж л хожим намтар түүхэнд чинь сайнаар дурсагдан бичигдэх болно.

Монгол хүн эрүүл бол урт насална. Ажлын бүтээмж нэмэгдэнэ. Тэр хэрээр Монгол хөгжинө. Бид л өөрсдийгөө хүн гэж хайрлаж хүндэлж байж бусдаар хүндлүүлнэ. Өөрсдийгөө хайрладаггүй улс орныг дэлхийн улсууд нэг нүдээрээ ч харахгүй.

О.Туяа

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана

Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг УИХ-ын даргаас хүссэн.

Харин өчигдөр буюу наймдугаар сарын 22-нд УИХ-ын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзах үеэр энэ долоо хоногийн сүүлээр УИХ- ын ээлжит бус чуулганыг зарлан, тодорхой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа хэмээн мэдэгдсэн билээ.

УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 25-нд буюу ирэх пүрэв гарагт хуралдах тов гарсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Ээлжит бус чуулганаар 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн үеэр ашиглах техник хэрэгсэл, сонгуулийн зардал дээр 5.8 тэрбум төгрөгийг нэмж тусгах талаар хэлэлцэх ажээ.

Categories
гадаад мэдээ

Зукерберг амлалтаа биелүүлэв

Зукерберг амлалтаа биелүүлэвФэйсбүүк нийгмийн сүлжээний сайтын үүсгэн байгуулагч Марк Зукерберг
өнгөрсөн жил анхны хүүхдээ өлгийдөн авч, аав болсон. Тэрбумтнууд дундаа
хамгийн өгөөмөр гэдгээрээ алдартай тэрбээр энэ баярт үйл явдлыг
тохиолдуулан, мөн дэлхийн бүх хүүхдийг илүү сайн сайхан дэлхий ертөнцөд
амьдруулахын тулд нийт орлогынхоо 99 хувийг буяны үйлст зориулна гэдгээ
албан ёсоор мэдэгдэж байсан билээ.

Тэгвэл Зукерберг амлалтаа биелүүлж, их хэмжээний мөнгийг буяны үйлст
зориулж эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хувьцаагаа бэлэн мөнгө
болгож эхэлсэн байх юм. Лхагва болон пүрэв гарагт гэхэд нийтдээ 767905
хувьцааг худалдаж, 95 сая ам.долларыг босгожээ. Тэрбумтан эр анх удаагаа
буяны үйл ажиллагаанд зориулан хувьцаагаа худалдсан нь энэ.

Ирэх гурван жилд жил бүр нэг тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцааг
худалдан буяны үйлст зарцуулахад хөрөнгө нь хангалттай хүрнэ хэмээн
Зукерберг төлөвлөж буй аж.

Categories
гадаад мэдээ

Сингапурын Ерөнхийлөгч асан С.Р.Натан таалал төгсчээ

Сингапурын Ерөнхийлөгч асан С.Р.Натан 92 насандаа таалал төгслөө гэж тус улсын ерөнхий сайд Ли Хсиен Лүүнг даваа гаригт мэдээлжээ. Түүний үхлийн шалтгаан нь тархинд цус харвалт байсан байна. Тэрбээр 1999-2001 оны хооронд Сингапурын Ерөнхийлөгчийн албыг хашиж байжээ.

О.ӨНӨР