Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 15 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 6-8 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

2016 оны 08 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд төвийн аймгуудын хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Хугацааны эхээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан , өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарнагэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нийтлэлч Баабарын “Шулмын ангуучлал” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн долдугаар форум хэнтий аймагт зохион байгуулагджээ. Энэ талаар болон Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн талаао ИСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галааридтай ярилчсан ярилцлагыг нэг болон 11 дүгээр нүүрнээс унших боломжтой.

Улс төрийн хоёрдугаар нүүрэнд УИХ-ын гишүүн Д.Мураттай хийсэн ярилцлагыг нийтэлсэн бол тавдугаар нүүрэнд ээлжит бус чуулганаар хэлэлцэх зарим асуудлыг танилцуулж байна. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгоно, хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгуулах, оюутны тэтгэлэг 70200 төгрөгийг болиулах, автобусны хөнгөлөлтийг болиулах зэрэг заалтууд олны анхаарлыг нэлээн татажбайна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Баабарын “Шулмын ангуучлалнийтлэл хэвлэгдэн уншигчдадаа хүрч байна.

“Драгон” авто вокзалын урд талын авто зогсоол дээр шугам сүлжээний засварын ажил явагдаж байгаатай холбоотой замын түгжрэл, эмх замбараагүй байдал үүсээд байгаа аж. Энэ талаар сурвалжилсан “Шөнийн сурвалжлага”-ыг зургадугаар нүүрнээс уншаарай.

Ардчиллын удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг нөхрийнх нь үхэлд буруутган цагдан хориод байгаа билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийн төрдөн байцаах ажиллагаа дуусч байгаа талаар эх сурвалж өгүүлсэн байна. Энэ талаар Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 26.5 сая ам.долларыг валютын захад нийлүүллээ

Өнөөдөр буюу наймдугаар сарын 23-нд арилжааны банкууд 2239 – 2245 төгрөгийн ханшаар 4.6 сая ам.доллар худалдан авах, 2264 төгрөгийн ханшаар 0.5 сая ам.доллар худалдах, 333 -337 төгрөгийн ханшаар 16.3 сая юань худалдан авах, 339 -339 төгрөгийн ханшаар 1.8 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 337 төгрөгийн хаалтын ханштайгаар 5.8 сая юанийг нийлүүллээ.

Мөн своп, форвард арилжаа хийгдлээ. Банкууд 26.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 8.4 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк төгрөгийн “своп” хэлцлээр 26.5 сая ам.долларыг валютын захад нийлүүлж, ам.долларын “своп” хэлцлээр 1.4 сая ам.долларыг худалдан авсан талаар Монголбанкны валют арилжааны албаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахгүй

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, данс улайсан зэрэг нөхцөл байдлаас хамаараад Засгийн газар төсөвт тодотгол хийж дараах зардлуудыг хэмнэхээр болжээ. Үүнд:

  • Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд өгнө

Хүүхдийн мөнгийг 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн хүүхдүүдэд олгохоор болжээ. Энэ нийт хүүхдүүдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэх олгоно гэсэн үг юм.

2. Хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулна

2016 онд хүүхэд харах үйлчилгээнд зориулж нийт 10.6 тэрбум төгрөгийн зардал батлагдсан билээ. 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт 1,263 хүүхэд харагч бүртгэгдэж, 6.175 хүүхэд уг үйлчилгээнд хамрагдсан ба нийт 746.1 сая 25 төгрөг зарцуулжээ.

3. Оюутны 70 мянгыг зогсооно

Их дээд сургуульд суралцагч оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог үндэсний тэтгэлэг 70,200 төгрөг олгохыг зогсоох асуудлыг төсвийн тодотголд оруулжээ.

Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох асуудлыг ч тусгасан байна.

4. Оюутнууд автобусны мөнгөнийхөө талыг өөрсдөө төлнө

Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болох.

5. 2016-2019 онд гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй

Төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар төсөвлөжээ.

6. Малчны тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулна

Малчдыг тэтгэврийн орлогын баталгаагаар хангах үүднээс тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулах асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байна. Хэрэв энэ заалт батлагдвал 2018 оноос хэрэгжиж эхлэх юм.

7. Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахгүй

Төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог. Энэхүү журамд өөрчлөлт оруулан 1-12 сарын цалингын дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг олгох тухай хуулийн төсөлд тусгасан байна.

8. Шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулна

Шүүгчдийн цалин өндөр байна гэсэн шүүмжлэл их гардаг. Тиймээс өдгөө ажиллаж байгаа 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулахаар төсөлд тусгажээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Энэ амралтын өдрүүдэд “Ганга нуурын чуулган” болно

Сүхбаатар аймгийн захиргаа 2014 оноос эхлэн Ганга нуурын чуулган хэмээх арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн Ганга нуурын чуулган наймдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд болох гэж байна.

Энэхүү түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын төсөл нь байгаль экологи, түүх соёл нүүдэлчний зан үйлийн өвөрмөц онцлог бүхий Дарьганга нутгийн ай савыг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Дарьганга ёс заншлыг сэргээхэд чухал алхам болох аж. Мөн Монгол нутгийн нэгэн гайхамшигт баян бүрд болох Ганга нуурыг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулахад уг хөтөлбөрийн нэгэн чухал зорилт ажээ.

“Ганга нуурын чуулган 2016” үйл ажиллагааны хөтөлбөрийг хүргэж байна.

08.27 Бямба гарагт:

09:00-11:00 Дарьганга нүүдэлчний өв

Дарьганга гэр бүхий нүүдэлчдийн эд өлгийн соёлын үзэсгэлэн

(Дарьганга, Онгон, Асгат, Халзан, Наран,Баяндэлгэр)

11:00-13:00

Нээлтийн ажиллагаа: Дарьганга, Онгон, Асгат, Халзан, Наран, Баяндэлгэр сумдын ардын авьяастнуудын тоглолт

• Морин хуурын татлага

• Цагаан идээний үзэсгэлэн худалдаа

• Угсаатны зүйн музейн Дарьганга мөнгөн урлалын ховор үзмэрүүд тус тус дэлгэж үзүүлнэ.

13:00-15:00 Завсарлага

15:00-18:00 Дарьганга адууны соёл

• Дарьганга мөнгөн эмээл хазаар бүхий хос морьтны үзүүлбэр

• Дарьганга мөнгөн эмээл хазаар бүхий жороо морины үзүүлбэр

• Дарьганга марзай дуудах уралдаан

• Адууны дэл засах уралдаан

18:00-19:00 Урлаг соёлын хөтөлбөр

• “Жаахан Шарга” ХЖТ-ын тоглолт

• Үдшийн цэнгүүн

2016.08.28 Ням гараг

08:00 – 16:00 Дарьганга нүүдлийн соёл

/Өргөний голд/

Дарьганга нүүдэллэх зан үйл, ёс уламжлалын өдөрлөг

• Шинэ нутаг сонгох

• Нүүдэллэх ёс

• Гэр барих

• Дарьганга шавар зуух барих

• Шинэ нутгийн цай чанах, идээ тахил өргөх

• Шимийн архи нэрэх ёс

• Уламжлалт зан үйлийг сэргээх хөтөлбөр

• Дарьгангын уламжлалт аман билиг, зан үйлийг харуулсан зохиомжит жүжигчилсэн тоглолт

• “Жаахан шарга” дууны найр

16:00 – 20:00 Хаалтын ажиллагаа

/Ганга нуурын хөвөөнд/

• Ганга нуурын хамгаалалтын талаар

• Шагнал гардуулах ёслол

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Хашчулуун: “Стэндбай” хөтөлбөрт битгий ханд гээд байгаа хүмүүсийг ойлгохгүй байна

Өнөөдрийн эдийн засгийн хэлэлцүүлэгт доктор Ч.Хашчулуун “Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах тухай” илтгэл тавьсан юм. Тэрбээр “Байгалийн баялагтай орнуудад эдийн засгийн уналт явагдаж байна. Жишээ нь Индонез, Туркмен, Грек зэрэг улсууд байна. Зарим улсад харьцангуй гайгүй байхад ОХУ-ын хувьд манайхтай адил маш хурдан унаж байна. Улс төрчид, Засгийн газар судлаач эрдэмтдийнхээ санаа бодлыг сонсдоггүйгээс ийм юм болж байна. Уг нь бол хоёр гурван жилийн өмнөөс л бид энэ тухай хэлж сануулж байсан. Судлаач эрдэмтдийнхээ үгийг сонсдог сувгийг улс төрд бий болгох цаг нь болжээ. Энэхүү нөхцөл байдлаас гарах гарц мэдээж байгаа. Одоогийн байдлаар төсвийн зардал 30-40 хувь хасагдах нь тодорхой болоод байна. Тэгэхээр төрийн албан хаагчдынхаа цалинг өгвөл их юм болно гэсэн үг. Тиймээс би “IMF-Стэндбай” хөтөлбөрийг дэмжиж байна” гэв. Ингээд түүнээс өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахын тулд ямар арга хэмжээнүүдийг цаашид хэрэгжүүлж болох талаар тодрууллаа.

  • Монголбанк бодлогынхоо хүүг 15 хувьд хүргэлээ. Энэ нь төгрөгийн ханшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр авч байгаа арга хэмжээ болов уу, тэгвэл дараагийн авах арга хэмжээ нь юу байх бол оо?
  • 15 хувийн хүүд хүргэсэн явдал бол эхний алхам байсан. Энүүгээр бол зогсож болохгүй. Цаана нь багц арга хэмжээ байх хэрэгтэй. Суурь шалтгаан нь юу вэ гэхээр Монголын эдийн засагт доллар ховор, төгрөг нь элбэг байгаатай л холбоотой. Тэгэхээр үүнийг төгрөгийн ханшийг хүчээр нэмэгдүүлэх бодлого баримталж шийдэж болно. Гэхдээ энэ бол түр зуурын байх ёстой. Урт хугацаанд болбол бүх төрлийн юманд нөлөөлнө. Төв банкны өөрийнх нь үнэт цаасны үнэ нэмэгдэнэ. Засгийн газрын бонд зарагдахын тулд хүү бас нэмэгдэнэ. Эргээд хадгаламжийн хүү нэмэгдэнэ, тэгэхээр зээлийн хүү эргээд нэмэгдэнэ. Үүнийг манай эдийн засагчид мэдэж байгаа, нийт аж үйлдвэр эрхлэгчдийн 95 хувийг банк санхүүгийн салбар тэтгэдэг. Тэгэхээр түүний хүү нь өндөр байвал мэдээж бизнес эрхлэгчдийн нөхцөл муудна. Ингэж төгрөгийн ханшийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байхаар өөр арга хэмжээ авах хэрэгтэй. Жишээлбэл салбар салбараар байж болно. Хөдөө аж ахуй эхний ээлжинд байна. Тариалан байна. Тариалангийн зориулалттай шатахуун байна. Санхүүжилтийг нь энэ өндөр хүүгээр биш өөр хүүтэй зээлээр шийдэж болно.
  • Долларын ханш 2265 хүрчихлээ. Цаашид хэр нэмэгдэх төлөвтэй байгаа вэ?
  • Монголын эдийн засаг өөрөө уналтанд орчихоод байна. Яагаад гэвэл аж үйлдвэр баригдаагүй, том орлого олчихоор эх үүсвэр шинээр нэмэгдээгүй. Тэр байтугай “Таван толгой”-н нэлээд хэсгийг Хятадын компанид хямдхан үнэтэй гэрээгээр бараг өгчихсөн. Ийм байгаа тохиолдолд төгрөгийн ханш хүчтэй байна гэсэн ямар ч ойлголт байхгүй. Мэдээж Засгийн газар, Төвбанк янз бүрийн бодлого аваад хэрэгжүүлээд эдийн засгаа сэргээх арга хэмжээнүүд авбал сэргэж болно. Төгрөгийн ханш огцом унаж байгаа учир Монголд ямар нэг хөрөнгө оруулалт хийгээд тэрийгээ төгрөгөөр үнэлчихсэн байдаг. Тэгээд дараа нь ашгаа авахдаа доллар руу хөрвүүлэх болно. Тэгэхээр төгрөгийн ханш уначихаар авч байгаа ашиг нь ашиг биш алдагдал болж дуусна.
  • Таны хувьд эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах ямар гарцууд байна вэ?
  • Гарцууд бол мэдээж байгаа. Гэхдээ өмнөх Засгийн газрын хариуцлагагүй алхмуудыг ярих хэрэгтэй. Жишээлбэл маш их хэмжээний зээл аваад юунд тэрийгээ зарцуулах гэж байсан бэ гэдэг нь одоо болтол ойлгомжгүй. Янз бүрийн юманд зарцуулчихсан байдаг. Зээлийн хүү нь гэхэд өчнөөн тэрбумаар төлөгдөж байна. Бараг их наяд төгрөгийг төлөх хэрэгтэй болж байна. Яг юунд яах гэж авсан юм бэ, юу бодож байсан юм бэ гэдэг нь гарч ирэхгүй байгаа. Гэхдээ тэрийг авч болохгүй гэсэн үг биш л дээ. Тодорхой зүйлд санхүүжилт аваад тэр нь ийм үр дүнд хүрчихлээ гэсэн тайлбар байвал зүгээр. Сонгууль болоод л хаячихдаг. Гэтэл үүнийг чинь татвар төлөгчид л төлж байгаа шүү дээ. Үүнээс болж төсвийн тодотгол хийж олон төрийн албан хаагчдыг халж байна. Тиймээс анхнаасаа л үүнийг хийх хэрэггүй байсан юм. “Эрдэнэс таван толгой” компани бол төрийн компани. Төр менежментээ сайжруулахын тулд 70 тэрбумын зээл авчихсан байдаг. Тэгэхээр үүнийг хэн төлөх вэ гэхээр тэр менежмент нь л төлөх ёстой. Тэгэхээр татвар төлөгчид л төлнө. Яагаад гэвэл “Эрдэнэс MGL” бол улсын л компани шүү дээ. Ийм л байдалтай байна.
  • Манай улс “Стэндбай” хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагатай юу?
  • Стэндбай гэдэг нь төсвөө бодит байдалд нийцүүлэх, ингэхдээ Олон улсын байгууллагаас дэмжлэг авах арга хэмжээ байгаа юм. Стэндбай маш муу гэсэн ойлголт байдаг. Энэ бол 1990-ээд оны явдал. 2009 оноос хойш Олон улсын валютын сан дүрэм журамдаа бүх өөрчлөлтийг нь хийгээд тогтвортой хөгжлийн бодлогыг баримталж байгаа улс орнуудад, эсвэл хөгжиж байгаа орнуудад тусгай хөнгөлөлттэй тусламж үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнийг улс орнууд аваад хямралаас гардаг. Олон улсын ийм хөтөлбөрт битгий хандаасай гэж ярьж байгаа зарим хүмүүсийг би ойлгохгүй байна. Яагаад гэвэл хандахгүй бол манай эдийн засгийн байдал ийм хүнд байгаа үед өөр хэнээс тусламж авах билээ. Аль нэг улсаас авбал тэр улсынхаа хараат байдалд орчих аюул байдаг. Тийм учраас бүх талыг сайн харах хэрэгтэй. Төсвийн зарлагыг бууруулдаг засваруудыг хийж болно. Зарим зардлаа тэвчиж болно. Засмал замаа одоо биш хоёр жилийн дараа барихад улс орон нурчихгүй. Гэх мэтчилэн нөөцөө зөв хуваарилах хэрэгтэй болов уу гэж бодож байна.
  • Өнөөдрийн хэлэлцүүлгээс ямар гарц шийдэл гарч байна вэ?
  • Энэ хэлэлцүүлгийн сайн тал нь мэргэжлийн хүмүүсээр ямар нэг гарц гаргалгааг хайлгаж байна. Энд зарим нь хэрэгжүүлэхэд хэцүү зүйлс ч яригдана. Жишээлбэл: Зарчмын хувьд ийм байх ёстой, онолын хувьд ийм байх ёстой гэх мэт. Үүнийг бол практик дээр хэрэгжүүлэхэд хэцүү. Гэхдээ нөгөө талаас бодлого хэрэгжүүлж байгаа хүмүүст маш чухал санааг өгч байгаа. Үүгээрээ ач холбогдолтой юм. Эндээс гарч байгаа санал зөвлөмжийг аваад хэрэгжүүлэх нь төрийн хэрэг.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Францын дуучин Хөвсгөл аймагт клипээ хийжээ

Гадаадын хамтлаг дуучид, манай улсад уран бүтээлээ хийх нь их билээ. Тэр дундаа байгалийн өвөрмөц тогтоцтой газарт, өөрийн уран бүтээлээ хийхээс гадна газар үзэж, тухайн улсын нийгэм, соёл урлагийн тухай мэдэж авах зорилгоор ирдэг аж. Тухайлбал өнгөрөгч долоодугаар сард Франц улсын дуучин Петит Меллер шинэ дууныхаа клипний зураг авалтыг Хөвсгөл аймагт хийжээ. Тэрээр “The Flute” буюу “Лимбэ’ нэртэй дууныхаа клипийг манай улсад хийж, энэ сарын 19-нд олон нийтийн хүртээл болгосон байна. Этгээд сонин хувцаслаж, “хацар өнгөлөгчөө хэтрүүлдэг” франц бүсгүйд Хөвсгөл нутгийн охидын төрөлхийн улаа бутарсан хацарны талаар өөрийн хуудаснаа дурджээ. Уг клипийг “youtube” хуудаснаас гурван өдрийн турш 64 мянган хүн орж үзжээ. Дуучин Петит Меллер “шинэ поп” урсгалаар уран бүтээлээ туурвидаг ажээ.


Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг дарга өнөөдөр иргэдтэй уулзлаа

Хоёр долоо хоног тутмын мягмар гарагт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд иргэдтэй уулзалт хийдэг уламжлал тогтоож байна.

Анхны уулзалтаа Нийслэлийн засаг даргын тамгын газарт хийсэн бол хоёр дахь уулзалтыг төрийн үйлчилгээний нэгдсэн төв болох” Дүнжингарав”-т хийлээ. Хотын даргатай уулзах хүсэлт, өргөдөлөө ирүүлсэн иргэдийн төлөөлөл болон Нийслэлийн засаг даргын тамгын газрын харьяа агентлаг, хэлтэс, төрийн өмчит үйлдвэрийн захиралууд энэ уулзалтад оролцов.

Нийслэлийн Засаг дарга С. Батболдтой эхэнд уулзсан иргэн Монголын язгуур бий биелгээний багш Г. Баярт байлаа.

Тэрээр Увс аймгийн театрт 30 жил ажилласан. Урлагийн байгууллагад тасралтгүй 45 жил ажиллахдаа “Монгол улсын язгуур бий биелэгээний урлаг”ийг өсвөр үед зааж сургах үйлсэд зүтгэж ирсэнээ хэллээ. Цаашид нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад дээрх чиглэлээр анхан шатны сургалт явуулах хүсэлтэй байгаа гэдгээ тодотгож, хотын удирдлагаас дэмжлэг хүслээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “ Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, тэр тусмаа бий биелэгээг түгээх, зааж сургах эрмэлзэлтэй байгаа С.Баярт багшийн санал санаачилгыг хотын удирдлага дэмжинэ. Гэхдээ бүх Ерөнхий боловсролын сургуулиудад заалгана гэвэл хүндрэлтэй. Эхний ээлжинд судалгаа хийж, төсөл боловсруулж, зарим дүүргийн сургуулиудад хэрэгжүүлэх боломж бий” гэдгийг хэллээ.

“Хог хаягдалыг бууруулах“ талаар судалгаа хийсэн иргэн Д. Дарамренчин мөн хотын даргатай уулзаж, хогийг баялаг болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нөөц бололцоо, судалгаа бий гэдгийг дуулгасан. 2000 оноос хойш ахуйн хог хаягдлын асуудлаар судалгаа хийж, төрийн албаныхантай уулзаж, мөн дахин боловсруулах талаар хөндөж байна. Хотын дарга энэ асуудлыг анхааралдаа авч, Улаанбаатар хотоо “Хоггүй хот” болгох иргэдийн саналыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэв. Иргэн Д.Дарамренчингийн хөндөж байгаа асуудлыг хотын дарга дэмжиж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах нь зөв гэдгийг хэллээ.

Өнөөдрийн уулзалтанд ирсэн иргэдийн дийлэнхи нь газрын маргаантай асуудал болон “ТҮЦ“-ний тухай, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны халамжийн асуудлаар өргөдөл гомдлоо шийдүүлэх хүсэлтээ танилцуулсан. Баянгол дүүргийн 15 -р хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай байхгүй болж, газрын зөвшөөрөлгүй барилга баригдаж байгаа болон төрийн байгууллагын уялдаа холбоо муугаас хоёр өөр тайлбар өгдөгийг ч дурьдлаа. Дүүргийн Засаг даргадаа хандсан ч үл тоон , иргэдийг чирэгдүүлж, өргөдөл гомдлоо барьсан иргэд хаашаа хандахаа мэдэхгүй явах болсон. Аргаа бараад хотын даргын уулзалтад орох хүсэлтээ өгсөн гэдгээ ч учирлалаа.

Нийслэлийн төр захиргааны байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон харьяа агентлаг, газар хэлтсүүд иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдэх ёстой гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд онцлон хэллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Эрдэнэбат: “IMF Стэндбай” хөтөлбөрт хамрагдвал тухайн улс дотооддоо хуулиа баримтлах дэг журам алдагддаг

Өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ний өдөр Монголын тэргүүлэх эдийн засагч, багш, судлаач эрдэмтэд цугларан Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн Монголын эдийн засгийн уналтын талаарх мэдэгдлийг тойрсон асуудлын хүрээнд хэлэлцүүлэг хийлээ.

“Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хүндрэл, гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгт МУИС-ийн багш, доктор Ч.Хашчулуун, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Эрдэнэбат, МУИС-ийн багш доктор, профессор Ч.Энхбаяр, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, СЭЗДС-н Санхүү удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Мөнхзаяа, доктор Ж.Дэлгэрсайхан, Б.Алтанцэцэг нарын тэргүүтэй хүмүүс оролцож санал бодлоо солилцлоо. Эдийн засгийн ухааны доктор Б.Алтанцэцэг “Төлбөрийн тэнцэл, ханшид учирч буй дарамт” сэдвээр илтгэл тавьсны дараа хэлэлцүүлэг эхэллээ.

Доктор Б.Алтанцэцэг: Төгрөгийн ханш бидэнд ил харагдаж байгаа учир оролдохоо байчихъя. Системтэй том хэмжээний шок орж ирвэл эдийн засгийн хувьд эсрэг зогсох арга бол бидэнд байхгүй боллоо шүү дээ. Мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой их хэрэгтэй байна. Гэхдээ хэлэлцүүлэг хийгддэг ч ямар ч үр дүн гардаггүй, эргээд тайлагнадаг систем байвал зүгээр байна.

Г.Бумчимэг:

Монгол банкинд 10 гаруй жил ажиллаа. Ипотекийн зээлээ нэмэгдүүлээд байгаа нь сонин байна. Монгол банк урсгал тэнцлийг ашигтай болгохоор явж байгаа. Гэтэл урсгал тэнцэл, цэвэр нөөцөө хасах болчихоод байна. Тиймээс Монголбанк байр суурин дээрээ байна уу гэдэг нь эргэлзээтэй байна.

Ч.Энхбаяр:

Сүүлийн хоёр гурван жилийн судалгааг хараад ярилцсан бол илүү ашигтай байх байсан болов уу. Монголбанк бодлогын хүүгээ яагаад өсгөв, мэдээж үндэслэлүүд байгаа байх. Гэхдээ яаж санхүүжилтээ авах вэ гээд өөрсдийн зүгээс хэлэлцүүлэг хийгээд явсан бол илүү үр дүнтэй байх байсан болов уу. Хөрөнг оруулалт буурчихлаа. Нийт эрэлт буурчихлаа. Дээрээс хоёр талаас хумих бодлого явуулаад тал талаас нь балбаад байвал ямар эрсдэл учрах вэ, энэ тал дээр судлаачидтай ярилцсан бол дээр байсан юм. Сангийн яамнаас ирэх онд дахин ийм хэлэлцүүлэг хийнэ. Ханш тогтворгүй байвал намаас л боллоо гэж үздэгээ болих хэрэгтэй.

Ж.Дэлгэрсайхан:

2011 оноос хойш орох урсгал татарсан, гарах урсгал ч татарсан. Чингис, Самурай бонд гэх мэтээр гаргасан. Гадаад худалдаа бага байх нь илүү ашигтай нөхцөл үүсгээд байх шиг харагдаж байна.

Ч.Хашчулуун: Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгцээ, шаардлага” сэдвээр илтгэл тавилаа.

“IMF-Стэндбай” хөтөлбөрт Монгол Улс зайлшгүй хамрагдах ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ хөтөлбөр ядуу буурай орнуудад зориулсан зээлээ50 хувиар нэмсэн. 12 сараас хойш өнөөгийн нөхцөл байдал тодорхой байсан. Зарласан нь л саяхан болохоос биш. Машинаар яривал хэчнээн тооромсолсон ч хад мөргөх нь тодорхой эдийн засгийн нөхцөл байдалд бид байна.

Б.Эрдэнэбат:

“IMF Стэндбай” хөтөлбөрт хамрагдвал тухайн улс дотооддоо хуулиа баримтлах дэг журам алдагддаг. Жишээ нь “IMF”-с хүн ирэхгүй бол УИХ-ын чуулган ч хойшилж байсан туршлага манайд байгаа. Хэтэрхий нэг газраас хамааралтай болчих гээд байдаг. Монгол Улс энэ хөтөлбөрт хамрагдсаар хэтэрхий хар тамхи шиг донтчихвий. Дотооддоо хариуцлагаа тооцоод явдаг механизм байхгүй болж монголын эдийн засагчид ямар ч хэрэггүй болчих тал бий шүү.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Булган аймгийн нутагт цас оржээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас цааш Хөвсгөл явах замд өнөөдөр буюу наймдугаар сарын 23-нд огцом сэрүүсэн, цас орж байгалийн содон үзэгдэл боллоо. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэх төлөвтэй байгаа талаар цаг уур, орчин шинжилгээний газраас мэдээлсэн билээ. Мөн Алтайн уулархаг нутгаар энэ сарын 23-аас 27-нд зарим газраар огцом сэрүүсэх, цас орох чигтэй байгаа аж. Иймд байгалийн гэнтийн үзэгдлээс урьдчилан сэргийлж, өдөр тутмын цаг агаарын мэдээг хүлээн авч байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.